196-р сар2018

Гадаад харилцааны сайд С.Батболдын гадаад орнуудад аж төрөн суугаа Монголчуудад илгээсэн шинэ жилийн мэндчилгээ

Эх орноосоо харь хол газар суугаа Монгол ахан дүүсээ!

Манай гаригийн өнцөг булан бүрд аж төрөн суугаа элэг нэгт, эрхэм олон Монгол ахан дүүс Та нартаа шинэ жилийн халуун мэнд хүргэж, ирж байгаа 2009 ондоо ажил, сурлагын өндөр амжилт гаргаж, аз жаргал, баяр хөөрөөр дүүрэн амьдрахын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлж байна.    

Монгол Улсын төр засаг, Монголын ард түмнийг төлөөлж Монгол Улсын Ерөнхий сайд С.Баяр Та бүхэнд хандан захидал илгээснээс хойш гурван сар гаруйн хугацаа өнгөрч байна. Түүхийн энэ ахархан мөчлөгт эх оронд чинь олон чухал үйл явдал болж өнгөрснийг Та бүхэн холбоо мэдээллийн шинэ технологи ашиглан цаг цагт нь олж мэдэж буй гэдэгт итгэлтэй байна. Монголчууд бид эе эвээ хичээх цаг үе ирснийг мэдэрч УИХ-ын сонгуульд олонхи болон олон суудал авсан намууд зөвшилцөн хамтарсан Засгийн газар байгуулж ирэх дөрвөн жилд хийх ажлынхаа мөрийн хөтөлбөрийг батлуулаад ажиллаж байна. Хамтарсан засгийн газар 2009 оныг үйлдвэрлэлийг сэргээн хөгжүүлэх жил болгон зарлалаа.

 Өнөөдөр та нар хүний газар, гүний нутагт суугаа ч эрт орой хэзээ нэгэн цагт эх болсон газар шороо, төрөлх Монголдоо эргэн ирэх ахан дүүс минь билээ. Та бүхэн улс орон, өрх бүлээ тэтгэн тэжээх гэж яваа болохоор Төр засаг эх эцэг, үр хүүхэд, ахан дүүсийн тань нэгэн адил анхаарал тавьж түших, туслах боломж бүхнийг эрэлхийлж байдагаа амаар биш ажлаар харуулахын тулд тодорхой арга хэмжээ авч байна. Энэ зорилгоор хилийн чинадад аж төрж байгаа иргэддээ шаардлагатай тохиолдолд туслах санг байгуулав. Уг сангийн үйл ажиллагаа явуулахад  шаардлагатай хөрөнгө мөнгийг ч улсын төсөвт тусган баталлаа. Цаашид гадаадад байгаа иргэддээ туслах сангийн мөнгийг нэмэх бодлого баримтлах болно. Тус сангийн үйл ажиллагааг удахгүй эхлүүлэхээр төлөвлөж буй бөгөөд Гадаад харилцааны яамнаас тодорхой мэдээллийг хэвлэл, мэдээллийн бүхий л хэрэгслийг ашиглан та бүхэндээ өгөх болно.
Улмаар гадаадад удаан хугацаагаар оршин сууж байгаа Монгол Улсын иргэдийн эрхийг хамгаалах, нийгмийн асуудлыг нь шийдвэрлэхэд тус дөхөм үзүүлэх үүднээс тусгайлсан хөтөлбөр боловсруулахаар төлөвлөж байна. Энэхүү хөтөлбөрт гадаадад байгаа иргэдийг сонгуульд оролцуулах, зарим оронд суугаа иргэдийн хоёрдмол харъяаллын асуудлыг зохицуулах, улс орны тухай мэдээллээр хангах, үр хүүхдээ эх хэл, үндэсний соёлоо мэддэг болгон хүмүүжүүлэхэд нь туслах,  “Хөгжлийн сан”-гаас хувь хүртээх зэрэг асуудлуудыг тусгана. Үүнтэй холбогдуулан гадаадад байгаа иргэдийнхээ бүртгэлийг улам боловсронгуй болгох юм.

Энд нэг зүйлийг онцлон тэмдэглэхэд, төр, засгийн анхаарлын төвд байх чухал асуудал бол гадаадад амьдарч, сурч, ажиллаж байгаа иргэдээ эх орондоо ирж амьдарч, ажиллах нөхцөл бололцоогоор хангахад чиглэсэн цогц бодлого хэрэгжүүлэхэд оршино. Тиймээс манай яам Монгол орны хөгжил, гадаад бодлого, ялангуяа худалдаа, эдийн засгийн гадаад харилцаанд таатай орчин бүрдүүлэхийн төлөө чармайн ажиллаж байна. Бид өнөөгийн зээл тусламж эрэлхийлдэг бүтцээс үйлдвэрлэл, үйлчилгээг тэтгэгч хөрөнгө оруулалтыг дэмжсэн тогтолцоо руу шилжих бодлого баримтлах болно.
Үүний эхлэл нь Монголд үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүний гадаад зах зээлийг өргөтгөх явдал юм. Миний бие энэ зорилгоор Үйлдвэр, худалдааны сайд байхдаа Монголд үйлдвэрлэсэн 7200 нэр төрлийн бараа бүтээгдэхүүнийг Европын холбооны 25 оронд ямар ч татваргүйгээр гаргах асуудлыг санаачилан хөөцөлдөж ажил хэрэг болгосон. Европын холбоонд Болгар, Румын нэгдэн орсноор Монгол улсад үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүн 27 орны зах зээлд татваргүй гарч байна. Өнгөрсөн гурван жилийн хугацаанд манай аж ахуй эрхлэгчид энэхүү хөнгөлөлтийн үр дүнд шууд бус утгаараа 11 орчим тэрбум төгрөгийн ашиг олсон гэсэн тооцоо гарчээ. Хэдхэн хоногийн өмнө Европын комисс энэхүү хөнгөлөлтөө дахин гурван жилийн хугацаатай сунгалаа.

           АНУ-тай Чөлөөт худалдааны хэлэлцээрийн эхний шат “Ил тод байдлын тухай” хэлэлцээр, Канад улстай “Хөрөнгө оруулалтыг хөхиүлэн дэмжих харилцан хамгаалах тухай хэлэлцээр”-ийг эхлүүлсэн зэрэг нааштай алхамууд хийгдсэн. Энэ оноос эхлэн АНУ-ын зах зээлд 14 нэрийн гар урлалын бүтээгдэхүүн экспортлоход тарифын хөнгөлөлт эдлэх боломжтой боллоо. 
Цаашид ч хөрш орнууд, БНСУ, Япон, Азийн орнуудын зах зээлд бүтээгдэхүүнээ гаргах замыг шулуун, дардан болгохын төлөө ажиллана.

Гадаадад байгаа манай иргэдийн дийлэнх нь миний дээр дурдсан орнуудад оршин сууж, эрдэм мэдлэг, ажлын туршлага, аж төрөхүйн арга ухааныг хуримтлуулан суугаа газрынхаа онцлог, бизнесийн орчин зэргийг хэнээс ч дутахгүй мэддэг болж буй гэдэгт итгэлтэй байна. Энэ туршлага дээрээ үндэслэн тухайн орнуудаас Монголд олгож буй худалдааны таатай нөхцөлүүдийг ашиглаад бизнес хийх боломж буйг ашиглаарай.      

Хэдхэн хоногийн өмнө Улаанбаатар хотод Монгол Улсаас гадаад орнуудад суугаа Дипломат төлөөлөгчийн газруудын Тэргүүн нарыг урьж оролцуулан гадаад харилцааны асуудлаар зөвлөлгөөн хийсэн бөгөөд энэ үеэр хилийн чанадад аж төрж байгаа иргэдийнхээ эрх ашгийг хамгаалах тухай асуудлыг нухацтай хэлэлцэн санал солилцож үүрэг даалгавар өглөө.

    Та нарын суралцаж, ажиллаж, амьдарч байгаа оронд суугаа ЭСЯ, ЕКГ-уудтай байнгын холбоотой байж эрх зүйн туслалцаа авч эрх ашгаа хамгаалуулж, санал бодлоо илэрхийлж харилцан бие биендээ туслаж, хамтран ажиллахыг би Та бүхнээсээ хүсч байна.

    Энэхүү завшааныг ашиглан Та бүхнийг өөрсдийн болон бидний үйл ажиллагаатай холбоотой санал хүсэлтээ Гадаад харилцааны яаманд шууд болон  Энэ и-мэйл хаягийг спамботоос хамгаалсан. Та үзэхийн тулд JavaScript идэвхжүүлэх хэрэгтэй. хаягаар ирүүлж байхыг хүсье.    

    Монгол ахан дүүсээ!

    Та нарын минь сурсан эрдэм, олсон туршлага, юм үзэж, нүд тайлсан ухаан чинь Монгол орны хувьд юутай ч зүйрлэмгүй үнэт баялаг билээ. Энэ нь улс орны минь хөгжлийн түлхүүр, үр хойчдоо үлдээх өв их сан гэдгийг ямагт санаж, эргэх цаг мөч бүрийг мэдлэг, дадлагаа арвижуулахад бүрэн дүүрэн ашиглаж, “хүний газар нэрээ, өөрийн нутагт ясаа” гэсэн ардынхаа мэргэн сургаалийг алхам тутамдаа мөрдөж яваа гэдэгт би өчүүхэн ч эргэлзэхгүй байна. Та бүхнийгээ эргээд ирэхийг аав ээж, амраг хань, ахан дүүстэй чинь хамт төр, засаг тань хүлээж байгаа шүү! Та нарын ард “Монгол” хэмээх ариун дагшин эх орон тань байгаа гэдгийг санаж яваарай.

Шинэ ондоо эрүүл саруул байж, ажил, амжилтаар дүүрэн байхыг хүсэн ерөөе.

Гүнээ хүндэтгэсэн


МОНГОЛ УЛСЫН ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД

СҮХБААТАРЫН БАТБОЛД

2008 оны 12 дугаар сарын 30-ны өдөр

Цахим Өртөө Сүлжээнд элсэх

  • Өртөөний сүлжээнд элсэх

tsahim_urtuuХэрэв та Монгол Туургатны Цахим Өртөө Сүлжээнд элсэхийг хүсвэл: http://groups.google.com/group/tsahim-urtuu-suljee хаягаар зочилж маш хялбархан бүртгүүлж болно. Та Гүүгл суурьт энэхүү сүлжээнд имэйлээ бүртгүүлснээр манай сүлжээний гишүүн болно.

 

Image Temp

Энэ хуудас нь Цахим Өртөө сүлжээний нийт гишүүдийн хамтын бүтээл байх бөгөөд ажил хэргийн санал болгоныг вэбийн хамтлаг тухай бүр нь тусган энэ хуудсанд оруулж байх болно. Хамтран ажиллаж буй, ажиллахаар зэхэж буй таньд баярлалаа.

Newsletter