177-р сар2018

Газрын тосны цочрол ба Монгол-I

Др. Б. Эрдэнэбат. 2011 оны 11-р сар

Товч хураангуй
Газрын тос өнөөдөр магадгүй хамгийн чухал түүхий эд бизээ. Энэхүү цуврал судалгааны ажилд а) дэлхийн газрын тосны зах зээлийн өнөөгийн байдлыг авч үзэж; б) Монгол улсын газрын тосны бүтээгдэхүүний зах зээл хэрхэн ажиллаж байгааг тоймлож; в) эрэлт, нийлүүлэлт, дамын наймаанаас үүдэлтэй үнийн өөрчлөлтүүд нь Монгол улсын эдийн засагт хэрхэн нөлөөлж байгааг тооцоолон гаргах зорилготой. Цуврал судалгааны эхнийх болох энэхүү ажилд эхний хоёр асуудлыг авч үзэж байна.

Түлхүүр үг: Газрын тосны цочрол, хугарал, шалтгаан
JEL ангилал: E32, Q43

1. Удиртгал
Эрчим хүч нь капитал болон хөдөлмөрийн адил үйлдвэрлэлийн нэгэн чухал хүчин зүйл билээ. Энэ дотроо түлш шатахуун нь тээвэр, газар тариалан, уул уурхайн салбарын гол эрчим хүчний эх үүсвэр бөгөөд бусад эдийн засгийн салбаруудыг ч түлш шатахуунгүйгээр  төсөөлөхөд бэрх. 2008 оны байдлаар Монгол Улсад зарагдаж байсан бензин болон дизелийн түлшний үнэ дэлхийд хамгийн өндөрт тооцогдох хэмжээнд хүрч байв. Германы GTZ (oдоо GIZ) байгууллагын 174 улсыг хамруулсан түүвэр судалгаагаар уг оны 11 сард Монголд улсад зарагдаж буй литр дизелийн түлш дунджаар 142 Америк цент байсан нь Ази, Австрали, Номхон Далайн бүс нутагтаа хамгийн үнэтэй дизель (ОХУ-д энэ нь 86 цент, БНХАУ-д 101 цент) байв (Зураг 1).

Зураг 1. Дизелийн үнэ дэлхийн улсуудаар, америк цент/литр. Эх үүсвэр: International Fuel Prices 2009, GTZ.
 
Харин автобензин литр нь 138 цент байсан нь (ОХУ-д энэ нь 89 цент, БНХАУ-д 99 цент) Хонгконг, Тахити, Шри-Ланк, Өмнөд Солонгос болон Япон гэсэн арлын бөгөөд эрчим хүч хэмнэхийг эдийн засагтаа тулгаж байсан улсуудынхаас л дөнгөж доогуур байв (Зураг 2).

Зураг 2. Бензиний үнэ дэлхийн улсуудаар, америк цент/литр. Эх үүсвэр: International Fuel Prices 2009, GTZ.

Үйлдвэрлэлийн хүчин зүйлсийн үнэ нэмэгдэхээр үйлдвэрлэлийн хэмжээ багасах, ялангуяа даяаршсан дэлхийн эдийн засгийн нөхцөлд үнэ нь хямд бусад улс руу шилжих нь тодорхой. Энэ нь өргөн уудам нутагтай Монгол улсын хувьд эдийн засгийн төрөлжилтөд сөргөөр нөлөөлөх, төвлөрлийг нэмэгдүүлэх, нийт эдийн засаг маань зөвхөн рент өндөртэй уул уурхайн салбар дээрээ төвлөрөх нэг түлхэц хүчин зүйл болох юм. Энэ нь Монгол улсын олборлодог түүхий эдүүдийн үнэ унасан нөхцөлд эдийн засгийг бүрэн хямруулах аюултай.
Ийм болохоор Монголын шатахууны зах зээл бусад улсуудынхтай харьцуулахад яагаад ийм үр ашиг муутай байдаг, үнэ яг хэрхэн тогтож байна гэдгийг судлах зайлшгүй шаардлагатай юм.
Энэхүү цуврал судалгааны ажил дараах хэсгүүдтэй. Нэгдүгээр хэсэгт Дэлхийн газрын тосны зах зээлийн өнөөгийн байдлын талаар товч дурдаж, Монгол Улсын түлш шатахууны зах зээл хэрхэн ажиллаж байгаа талаар авч үзнэ. Цувралын хоёрдугаар хэсэгт Монголд зарагдаж буй шатахууны үнэ инфляци, ДНБ-ий өсөлтөд хэрхэн нөлөөлж буйг үнэлнэ. Мөн хэсэгт шатахууны үнэ ямар хүчин зүйлсээс хамаарч буйг судална. Цуврал судалгааны хэсэг бүр тус бүр түлш, шатахууны зах зээлийн үр ашгийг яаж сайжруулах талаар бодлогын зөвлөмж, дүгнэлтүүдийг агуулна.  

2. Олон Улсын Газрын Тосны Зах Зээл
Газрын тос өнөөдөр магадгүй хамгийн чухал түүхий эд бизээ. Тийм ч болохоор түүнийг эзэмших, захиран зарцуулах эрхийн төлөөх тэмцэлдээн улс гүрнүүд, бизнесийн бүлэглэлүүдийн дунд 200 гаруй жил үргэлжилсээр байна. 2011 оны байдлаар Дэлхийн хэмжээгээр 1383,2 тэрбум баррел газрын тосны нөөц байгаа бөгөөд түүний газар зүйн тархалтыг нь зураг 3-т үзүүлэв. Зарим судлаачид дэлхийд газрын тосны нээгдээгүй нөөц үлдээгүй гэдэгч геологичид 1991 оноос хойш 380 гаруй тэрбум баррел тосны нөөц нээн илрүүлчихээд байгаагаас харахад газрын тосны нөөц цаашид хэдий хэмжээгээр нэмэгдэх нь асар тодорхойгүй зүйл гэдэг нь ойлгомжтой биз ээ . 2010 онд Дэлхийн хэмжээнд 6989 сая тонн олборлолт хийсэн бөгөөд хэрэв нөөцийн хэмжээ дахин нэмэгдэхгүй гэвэл өнөөгийн олборлолтын хурдаар байгаа нөөцөө Дэлхийн хэмжээнд 46,2 жилийн дараа, Эдийн Засгийн Хамтын Ажиллагаа, Хөгжлийн Байгууллагын (ЭЗХАХБ-OECD) гишүүн өндөр хөгжилтэй 34 улс 13,5 жилийн дараа, харин Хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүнд багтаж байсан улсууд 25,6 жилийн дараа өөрсдийн бүс нутагт байгаа газрын тосоо олборлож дуусахаар байна. Гэвч эдгээр тоо нь 1991 онд Дэлхийн хэмжээнд 43,3 жил, ЭЗХАХБ-ын хувьд 17,1 жил, хуучин ЗХУ-ын хувьд 16,7 жил гэж яригдаж байсныг дурдах ёстой. Түүнчлэн энэхүү тооцоонд боловсруулахад илүү өртөгтэй, ердийн газрын тос боловсруулахаас гурав дахин их хүлэмжийн хий ялгаруулдаг газрын тосон элсийг оруулаагүй бөгөөд 2010 оны байдлаар ийм элсний 143,1 тэрбум баррелын нөөц Канадад байна.

 

 

 

 

 

Зураг 3. Нөөцийн хэмжээ. Тэрбум баррелаар. Эх үүсвэр: BP Statistical Review of World Energy 2011.

Дэлхийн зах зээл дээрх газрын тосны эрэлт, нийлүүлэлтэд асар олон төрлийн хүчин зүйлс нөлөөлж байж үнэ тогтдог. Тэдгээр хүчин зүйлсийг тодруулж, оролцоог нь тооцоолох нь маш чухал. Нөгөө талаар газрын тосны үнийн эдийн засагт үзүүлэх нөлөө ч дэлхий нийтийн анхаарлын төвд байсаар байна.
 

 

 

 

 

 


Зураг 4. Олборлолтын хэмжээ. Сая Тонноор. Эх үүсвэр: Өмнөх зурагтай адил.

Иймдээ ч Hamilton (1988)-ы нөлөө бүхий судалгаанаас хойш газрын тосны үнийн цочрол болон макроэдийн засгийн нөхцөл байдал хоёрын хоорондын холбоос улс дамнасан академик судалгаа болон бодлогын хэлэлцүүлгийн гол сэдвийн нэг болжээ.
Газрын тос эдийн засагт ямар хүчтэй нөлөөтэйг сануулах зорилгоор зарим түүх сөхье. Дэлхийн хамгийн том эдийн засаг болох АНУ-д Дэлхийн II дайнаас хойш болсон эдийн засгийн 11 хямралын 10 нь газрын тосны үнэ огцом өссөний дараахан болж байв. Эдгээр хямралын багагүй нь зөвхөн АНУ-аар зогсохгүй Дэлхий нийтийг хамарсан шинжтэй байв. Зураг 5-д эдгээр хямралуудын үргэлжилсэн хугацааг саарал баганаар дүрслэв. Зураг 5-д мөн WTI-ийн үнийг 2011 оны 9 сарын долларт хөрвүүлэн харуулж байна.
 
Зураг 5. 2011 оны 9 сарын Америк доллараарх баррел (~159 литр) газрын тосны үнэ (WTI). Саарал баганууд нь АНУ-ын эдийн засгийн хямралууд. Үнэ огцом өөрчлөгдсөн үеүүдийн хувьд боломжит шалтгаануудыг нь тэмдэглэв. Эх үүсвэр: Холбооны Нөөцийн Системийн Эдийн засгийн тоо баримт research.stlouisfed.org/fred2. Хямралуудын эхэлсэн болон дууссан саруудыг АНУ-ын Эдийн Засгийн Судалгааны Үндэсний Товчооноос авав: www.NBER.org.

Зурагт дүрслэгдээгүй 1947.1-ээс өмнөх үед нийлүүлэгчид бүгдээрээ Баруун Европ болон Хойд Америкийн колони эсвэл хараат улсууд байсантай холбоотойгоор үнэ харьцангуй тогтмол байв. Зурагт мөн үнийн огцом өсөлтүүдийн цаад шалтгаануудыг мөн тэмдэглэв. Гэвч сүүлийн үеийн шалтгаанууд, тухайлбал Венесуэлийн нийгмийн үймээн самуун, Иракийн дайн гэх мэт үзэгдлүүдийг газрын тосны үнэийг огцом өсгөсөн шалтгаан гэж нийтээр хүлээн зөвшөөрдгүйг тэмдэглэх нь зүйтэй.
Газрын тосны үнэ өнгөрсөн 10 жилд эрчимтэй бөгөөд тогтвортойгоор өсөж ирэв. 2001 оны Дэлхийн эдийн засгийн хямралын дараа газрын тосны үнэ баррел нь $20 байснаа 2008 оны хагас гэхэд $140 болж өсөж байв. Энэхүү долоо дахины өсөлт нь 74, 80 оны газрын тосны үнийн цочролын үеийнхийг ч гүйцэж түрүүлсэн байв. Гэсэн хэдий ч энэхүү өсөлт өмнөхөөс ондоо макроэдийн засгийн орчинд явагдаж түүний эдийн засагт үзлэх нөлөө нь ч өмнөхөөс өөр байлаа (Blanchard & Gali, 2009).
Цаашид үнэ хэрхэн өөрчлөгдөхийг таамаглагч хамгийн найдвартай эх үүсвэрт ирээдүйн хэлцлийн зах зээл (futures market) тооцогдож байна. Нийлүүлэгчид бүтээгдэхүүнийхээ ирээдүйн үнийн тодорхой бус байдлаас ангижрах, боловсруулах үйлдвэрүүд түүхий эдийн ирээдүйн үнийн тодорхой бус байдлаас өөрсдийгөө хамгаалах зорилгоор энэхүү зах зээлд оролцдог. Мэдээж талууд алдагдалтай үнээр асар их хэмжээний газрын тосны хэлцэл өнөөдөр хийх сонирхолгүй байх учир тэд ашиглаж болох бүхий л мэдээллийг ашиглан ирээдүйн хэлцлийнхээ үнийг тогтоодог. Дэлхийн тэргүүлэх Төв банкууд ч инфляцийн урт хугацааны таамаглалаа уг зах зээлд тулгуурлан хийж байна (Harris, et.all  2009). Энэхүү зах зээлд сүүлийн үед гарч байгаа нэг онцлог өөрчлөлт бол түүхий газрын тос хэрэглэдэггүй, олборлодоггүй гуравдагч этгээдүүдийн оролцоо нэмэгдсэн явдал юм. Үүнд мэдээж үнийн зөрүүнээс ашиг олох гэсэн дамын наймаачид багтана. Түүнчлэн газрын тосон бүтээгдэхүүний үнээс ашиг алдагдал нь өндөр хамааралтай бизнесийн байгууллагууд ч мөн арилжаанд идэвхитэй оролцох боллоо.    
Зураг 6-д газрын тосны тухайн үеийн (spot) үнийг 1983 оны 4 сараас 2011 оны 9 сар хүртэл харин ирээдүйн хэлцлийн (futures) үнийг 2020 оны 1 сар хүртэл харуулав. Хэвтээ тэнхлэгийн дурын нэг цэгт харгалзах ногоон (үргэлжилсэн) зураас нь тухайн үеийн зах зээлийн үнэ харин хэд хэдэн ягаан цэг нь тухайн хугацаанд биелэгдэх ирээдүйн хэлцлүүдийн үнүүдийг (өөр өөр цаг хугацаанд хийгдсэн) харуулж байна. Жишээ нь, 2005 оны 12 сард баррель тосны тухайн үеийн зах зээлийн ханш $58,47 байв. Харин 2005 оны 12 сард биелэгдэх ирээдүйн хэлцэл 1999 оны 1 сараас хийгдэж эхэлсэн бөгөөд энэ үед хэлцлийн үнэ нь $18,55 байв. Түүнээс хойш 2005 оны 12 сард биелэгдэх хэлцэл тасралтгүй хийгдсээр хамгийн сүүлийн ирээдүйн хэлцэл нь 2005 оны 11 сард $59,85 гэсэн үнэтэйгээр хийгдэж байв.
     
Зураг 6. Баррел тосны тухайн үеийн (spot-ногоон зураас) болон ирээдүйн хэлцлийн (futures-ягаан цэгүүд) Америк доллараарх үнэ. 2010 оны 6 сараас өмнөх тоон мэдээлэл нь Nью Йоркийн Барааны Бирж (NYM) -ийн, үлдсэн нь Интерконтинентал Биржийн (ICE) үнэ болно. Мэдээллийг DataStream-ээс авав.

Зураг 7-д баррель тосны тухайн үеийн зах зээлийн үнэ болон тухайн үед биелэгдэхээр хийгдсэн хэлцлүүдийн дундаж үнийг харуулж байна (ягаан цэгүүд). Зургаас сүүлийн үед газрын тосыг урьдчилж авбал илүү хямд байгаа мэт харагдаж байна. Энэ нь хэд хэдэн шалтгаантай байж болно. Тухайлбал нийлүүлэгчдийн хувьд үйлдвэрлэлийн хэмжээгээ урьдаас төлөвлөх, шаардлагатай хөрөнгө оруулалт хийхэд бүтээгдэхүүнээ хямдралтай ч гэсэн урьдчилан борлуулах нь илүү дээр байх нөхцөл бүрдсэн байж болно. Нөгөө талаас энэ нь түр зуурын шинжтэй, зөвхөн 2008 оны хямралын өмнөх 9 гаруй жилтэй холбоотой байж болох юм.

 
Зураг 7. Баррел тосны тухайн үеийн болон дундаж ирээдүйн хэлцлийн үнэ. Эх үүсвэр дээрх зурагтай адил.  

Газрын тосны үнийн өсөлт болон эдийн засгийн зогсонги байдал, өндөр ажилгүйдэл болон инфляцийн хоорондын холбоог баримтжуулсан хамгийн эхний судалгааны ажлуудад АНУ-ын хувьд Pierce ба Entzler (1974), Mork ба Hall (1980) болон Gisser ба Goodwin-ыг (1986) оруулдаг. Эдгээр судалгаануудын хамарсан хугацаанд газрын тосны үнэ цөөн тооны огцом өсөлтийг үл тооцвол харьцангуй тогтвортой байсан. Darby (1982), Bruno & Sachs (1982, 1985) болон Burbidge & Harrison (1984) нар энэхүү холбоос дэлхийн бусад улсуудын хувьд ч мөн байгааг олж тогтоосон юм. Энэхүү цөөн тооны үнийн огцом өсөлт нь газрын тос экспортлогч улсууд дахь цэргийн эргэлт, улс төрийн тогтворгүй байдалтай холбоотой буюу импортлогч улсуудын макроэдийн засгийн байдлаас үл хамаарсан буюу “эгзоген” чанартай учир энэхүү холбоосыг шалтгаан-үр дүн гэж тайлбарлах нь зүйтэй хэмээн Hamilton (1983) дүгнэжээ.
Газрын тос эдийн засагт хэрхэн нөлөөлж болдгийг маш олон талаас нь судалсан ажлууд өнөөдөр хийгдээд байна. Онолын хувьд газрын тосны үнэ хэрхэн нийт эдийн засагт нөлөөлж болохыг харуулсан ажлуудыг дараах төрлүүдэд хамааруулж байна. Үүнд нийлүүлэлтийн цочрол, бодит тэнцлийн нөлөө, орлого шилжүүлэг, мөнгөний бодлого, дахин тохиргооны зардал ба тодорхой бус байдлын нөлөө. Эдгээр онолын загварууд дахь үйлчлэл нь заавал нэг чигт байх албагүй. Тухайлбал сүүлийн хоёр сувгаар үнийн өсөлт, бууралт хоёул эдийн засагт сөрөг нөлөө үзүүлэх ёстой.  Эдгээрийг энд товч тайлбарлая.

Нийлүүлэлтийн цочрол
Газрын тосны үнэ гэнэт өсөхийг ихэвчлэн нийлүүлэлтийн цочрол хэмээн тайлбарладаг. Сурах бичгүүд дэх нийлүүлэлтийн цочролын хамгийн сайн жишээ нь ч энэ байж магадгүй. Хэрэв газрын тосон бүтээгдэхүүн (нарийндаа бол импортлосон энерги) болон капитал үйлдвэрлэлийн процесст хамтран хэрэглэгддэг бол газрын тосны үнэ нэмэгдсэнээр үйлдвэрлэгчид газрын тосон бүтээгдэхүүнээр зогсохгүй капиталынхаа хэрэглээг багасгаж энэ нь эдийн засгийн үйлдэрлэх чадавхийг бууруулна. Энэ үед эдийн засаг шинэ тогтворт-төлөвийн тэнцвэр дэх өсөлтдөө хүрэхийн тулд сөрөг завсрын үеийн өсөлтийг дамжих ёстой болно (Bruno & Sachs, 1982). 

Бодит тэнцлийн нөлөө
Газрын тосны үнэ нэмэгдсэнээр тээврийн болон халаалтын зардал, түүнчлэн газрын тосон бүтээгдэхүүн хэрэглэдэг бараа үйлчилгээний үнэ өснө. Үүний үр дүнд эдгээрийг худалдан авахад шаардлагатай бэлэн мөнгөний хэрэгцээ нэмэгдэх учир нийт мөнгөний эрэлт өснө. Энэхүү өсөн нэмэгдсэн эрэлтийг Төв банкнаас мөнгөний нийлүүлэлтээ нэмэгдүүлэн хангаж өгөхгүй бол зээлийн хүү өсөж энэ нь цаашилбал эдийн засаг сулрах шалтгаан болдог (Pierce & Entzler, 1974).

Мөнгөнийн бодлогын хариу үйлдэл
 Газрын тосны үнийн өсөлт үйлдвэрлэгчдийн зардлыг нэмэгдүүлснээр өрсөлдөөнт зах зээл дээрх ашиг болон ажиллах хүчний түвшин хэвээр үлдэхийн тулд  бодит цалин унах ёстой. Гэвч хэрэв ажилчид бодит цалингийн бууралтыг хүлээн зөвшөөрөлгүй бодит орлогынхоо бууралттай тэнцэхүйцээр нэрлэсэн цалингаа нэмэгдүүлэхийг шаардвал газрын тосны хоёрдугаар үеийн нөлөө бий болно. Төв банкнаас инфляцийн эсрэг тэмцэхэд илүү анхаарч байгаа үед энэхүү нөлөөтэй тэмцэх зорилгоор мөнгөний хумих бодлого хэрэгжүүлснээр хүүгийн түвшинг нэмэгдүүлж мөн л эдийн засгийн өсөлтийг боомилох аюултай (Bernanke, Gertler & Watson, 1997).

Орлого шилжүүлэг
Газрын тосны үнийн өсөлт нь түүнийг цэвэр импортологч Монгол мэтийн улсаас ОХУ мэт экспортлогч улс руу орлого шилжих нөхцөл бий болгодог. Хэрэв үнэ тогтвортой өндөр түвшинд үлдэж импортлогч улс газрын тосон бүтээгдэхүүнийхээ хэрэглээг хэвээр байлгана гэвэл бусад импортын хэрэглээгээ бууруулах ёстой болно. Энэ нь нийт эрэлтийг хумина. Энэ утгаараа газрын тосны үнийн өсөлтийг газрын тос экспортлогч улсаас имортлогч улсад ногдуулж байгаа татвар мэт үзэж болно. Нөгөө талаар мэдээж газрын тос экспортлогч улсуудын худалдан авах чадвар нэмэгдэнэ. Гэсэн хэдий ч тэд орлогын өсөлтөө бүгдийг дэлхийн эдийн засаг руу буцаан оруулдаггүй. Зөвхөн газрын тос экспортлогч улсуудтай асар их худалдаа хийдэг улсууд л хожно (IMF, 2006).

Тохиргооны зардал
Нарийн мэргэшсэн ажилчид болон капиталын орцыг нэг зориулалтаас нөгөө рүү шилжүүлэхэд өндөр зардалтай байдаг эдийн засгийн салбаруудын хувьд газрын тосны үнэ огцом өөрчлөгдөх нь ажил эрхлэлтийг бууруулах талтай. Энэ нь энэхүү өөрчлөлтөд нэрвэгдсэн салбаруудын ажиллагсад болон капитал нөхцөл байдлыг сайжрахыг хүлээн ажиллахгүй, ашиглагдахгүй байдагтай холбоотой (Lillien, 1982, Hamilton, 1988).

Тодорхой бус байдлын нөлөө
Аж ахуйн нэгжүүд болон өрхүүд ирээдүйн газрын тосны үнэ хэрхэх нь тодорхой бус болох тусам хөрөнгө оруулалтын шийдвэрээ хойшлуулах нь улам бүр оновчтой болж хувирдаг. Нэгэнт худалдаад авсан капитал тоног төхөөрөмж болон удаан эдэлгээтэй ахуйн хэрэглээний зүйлс тухайн үеийнхээ энергийн хэрэглээний түвшинг агуулсан технологитой байх болно. Ийм учраас газрын тосны үнийн өөрчлөлтийн талаарх тодорхой бус байдал нэмэгдэх тусам хөрөнгө оруулалтын шийдвэрээ хойшлуулах нь илүү дээр болно. Мөн түүнчлэн, шатахууны үнэ өндөр байх үед ямар нэгэн аж ахуйн нэгж хэр амжилттай ажиллах талаарх тодорхой бус байдал хөрөнгө оруулагчдийн итгэлд сөргөөр нөлөөлж тухайн аж ахуйн нэгжийн хөрөнгө босгох өртгийг нэмэгдүүлнэ. Хамтдаа энэхүү хоёр нөлөө нь хөрөнгө оруулалтын зардлыг өсгөж  эдийн засгийн үйл ажиллагааг сулруулна (Bernanke, 1983, Pindyck, 1991).

3. Монгол Улсын Газрын Тос, Түүнд Суурилсан Бүтээгдэхүүний Зах Зээл
Монгол Улсын газрын тосны олборлолт болон түүнээс гаралтай бүтээгдэхүүний хэрэглээг 1985 оноос хойш Зураг 8-д үзүүлэв  . Нийт Газрын тосон бүтээгдэхүүний хэрэглээ өнөөдөр 1988 оны түвшинг дөнгөж даван гарч байгаа ч бүтцийн хувьд дизелийн хувь хэмжээ нэлээн нэмэгдэж, цаашид ч хурдацтайгаар өсөх төлөвтэй байна. Учир нь 2010 оны байдлаар нийт шатахууны хэрэглээний хамгийн өндөр хувь буюу 29,5%-ийг уул уурхайн салбар хэрэглэж байгаа бөгөөд бусад томоохон хэрэглэгчид нь төмөр зам (7.7%), хөдөө аж ахуй, газар тариалан (7%), нийтийн тээвэр (4.2%), болон иргэний агаарын тээвэр (3.4%) байдаг (Д. Амарсайхан, 2011). Газрын Тосны Газрын тооцоолж байгаагаар “Оюу Толгой”, “Тавантолгой”, ”Шивээ-Овоо” зэрэг уул уурхайн ордуудыг бүрэн хүчин чадлаар ашиглаж эхэлбэл жилийн хэрэглээ 60-90 мянган тонноор нэмэгдэнэ. Энэ нь дизелийн эрэлтийг бараг 20 хувь нэмэгдүүлнэ гэсэн үг юм.

Зураг 8. Монгол Улсын газрын тосны экспорт болон түүнээс гаралтай бүтээгдэхүүний хэрэглээ, килотонн/өдөр. Эх үүсвэр Олон Улсын Энергийн Агентлаг (IEA).

Бүх автобензин, дизель түлш, шатах тослох материалыг өнөөдөр 100 хувь импортлон оруулж ирж байгаа бөгөөд НИК ХК (14%), Магнай Трейд ХХК (14%), Петростар ХХК (11%) Шунхлай ХХК (9%), Монпетекс ХХК (8%), СодМонгол ХХК (8%), Улаанбаатар Төмөр Зам (8%), Жаст-Ойл ХХК (5%), Ажетлимитэд ХХК (2%), Ойн Бирж ХХК (2%),  Эрдэнэт Үйлдвэр (2%), Петрожамп ХХК (2%), Петрочайна-Дачин Тамсаг Монгол ХХК (1%) гэсэн 13 компани 10 мянган тонноос дээш бүтээгдэхүүний импорт хийж нийт зах зээлийн 93%-ийг хангаж байна. Бүтээгдэхүүний 98,2%-ийг ОХУ-аас, 1%-ийг БНХАУ-аас, 0,6%-ийг БНСУ-аас импортлож байна.
Монгол улс Дэлхийн зах зээл дээрх газрын тосны үнийн өөрчлөлтөөс ангид бусыг Зураг 9-т харуулж байна. Уг зурагт А76/80-ийн Төгрөгөөрх литрийн үнийг (тасархай ягаан зураас) баруун тэнхлэгт харин, WTI, Брент, Дубай гэсэн 3 төрлийн газрын тосны дунджаар авсан дэлхийн газрын тосны үнийн төлөөлөл (ногоон цэг), Монгол Улсад импортоор орж ирэх газрын тосон бүтээгдэхүүний үнэ уяатай байдаг Уралын газрын тосны үнэ (хар цэг), болон Монгол Улсын хилээр орж ирж буй бензин (улаан ойр тасалдал) дизелийн (хөх зураас) Ам. Доллар/тонноорх үнийг тус бүр зүүн тэнхлэгт 1998 оны 1 сараас 2011 оны 9 сар хүртэл дүрсэлсэн байна.  
 
Зураг 9. Дэлхийн зах зээл дээрх газрын тосны үнэ, Уралын тос болон Монгол Улсад орж ирж буй (импортын) бензин, дизелийн Ам.доллар/тоннын үнэ зүүн тэнхлэгт дүрслэгдэв. А76/80-ийн Төгрөгөөрх жижиглэнгийн үнийг баруун тэнхлэгт дүрслэв. Бүгд тухайн оны үнээр.

Уралын газрын тосны үнэ дэлхийн газрын тосны зах зээлийнхтэй ерөнхийдөө тун ойролцоо байдаг ч 2011 оны эхнээс байнга илүү үнэтэй байгаа нь ОХУ-ын газрын тосны салбарт хийгдэж байгаа хөрөнгө оруулалт, технологийн шинэчлэл бусад олборлогч улсуудынхтай дүүцэхгүй байгаа холбоотой байж магадгүй юм.

Зураг 10. Баруун гар талын тэнхлэгт тонн Уралын тос болон Монгол Улсын хилээр орж ирж буй Тонн бензин, дизелийн түлшийн үнийн зөрүүг зурав. Зүүн гар талын баганад баррель Уралын тос нэрсний нэмүү өртөг (refining margin)-ийг дүрслэв (Эх үүсвэр: Олон Улсын Энергийн Агентлаг), Бүгд 2011 оны 9 сарын Америк доллараар. Бодит Америк доллар руу АНУ-ын Нийт бараа үйлчилгээний үнийн индексийг ашиглав (CPIAUCSL, U.S. Bureau of Labor Statistics).

Зураг 10-т тонн Уралын тос болон Монгол улсын хилээр орж ирж буй тонн бензин, дизелийн үнийн зөрүүг бодит Америк доллараар илэрхийлжээ (Америк долларын худалдан авах чадвар нь 2011 оны 9 сарынх). Зургаас 2004 оноос хойш Импортын үнэ болон түүхий эдийн үнийн зөрүү эрс өссөнийг харж болно. Уралын тос нэрэх үйлдвэрийн нэмэгдэл (refinery margin) импортын үнийг тодорхой хугацааны хоцрогдолтойгоор магадгүй 2008 он хүртэл дагуулж байсныг харж болно. Энэхүү нэрэх үйлдвэрийн нэмэгдэл нь олон улсын зах зээл дээр тогтоогдох бөгөөд энэхүү өсөлттэй уялдсан импортын үнийн өсөлтийг аливаа импортлогч улс шингээж авахаас өөр аргагүй байдаг.  Гэвч энэхүү хамаарал сүүлийн үед харьцангуй суларч буй мэт дүр зураг харагдаж байна. Тухайлбал 2008 оны 8 сараас эхэлсэн импортын үнийн өсөлт нь нэрэх үйлдвэрийн нэмэгдлийн бууралттай давхцах болсон нь сонирхолтой юм. Учир нь ОХУ-аас Монгол Улсад суугаа элчин сайд В.В. Самойленкогийн хэлснээр (Өдрийн Сонин, 2011.11.14) Монгол улс өөрийн санаачилгаар урт хугацааны бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээнээс татгалзсан. Богино хугацаат захиалгын давуу талуудын нэг нь зах зээлийн үнэ унасан тэр даруйд нь хямд үнээр бүтээгдэхүүн авах боломж. Харин дэлхийн эдийн засгийн хямралтай холбоотойгоор зах зээл дээрх түүхий эдийн, түүний дотор Уралын тосны, үнэ унаж, боловсруулах үйлдвэрүүд бүтээгдэхүүнээ зарахын тулд үйлдвэрийн нэмэгдлээ өрсөлдөн бууруулж байсан үед Монгол Улсын хилээр орж ирэх бүтээгдэхүүний үнэ дорвитой буугаагүй. Өнөөдөр ч гэсэн нэрэх үйлдвэрийн нэмэгдэл 1998-1999 оны түвшнөөсөө буусан ч импортын үнэ буурах хандлагагүй байна. Энэ нь ОХУ- ын импортын татварын өсөлт, болон тэдний нэрэх үйлдвэрийн технологийн шинэчлэл хийгдэхгүй байгаа болон бүсчилсэн маркетингийн бодлого баримталж байгаатай холбоотой байж магадгүй юм.
Хилээр орж ирсэн автобензин болон дизелийг импортчлогчид өөрсдөө болон цөөн тооны худалдан авагчид жижиглэнгээр зарж байна. Зураг 11-д Монгол улсад зарагдаж буй дизель болон А95 бензиний үнийг дүрслэн харуулж байна . Мөн Төгрөгөөрх Америк, Хятад болон Орост зарагдаж буй түлшний үнийг зурав. Америкийн зах зээл дээр зарагдаж буй үнийг олон улсын түвшинд түүхий эдийн өртгийг зохистойгоор агуулсан, шударга өрсөлдөөнт зах зээлийн жишиг үнэ хэмээн хүлээн зөвшөөрдөг. Холбооны болон Муж улсын түвшинд автобензин, дизелийн түлшний татварыг хоёр томоохон замын санд хуримтлуулан хэрэглэдэг.



      
Зураг 11. Эхний мөрөнд литр дизель болон тугалгагүй бензиний жижиглэнгийн үнийг улсуудаар, төгрөгөөр харуулав. Удаах мөрөнд Монгол дох жижиглэнгийн үнэ бусад улсынхаас хэдээр илүү байгааг харуулав. Мэдээллийн эх үүсвэр: Монголын үнэ нь Статистиийн Бюлетинийх, бусад улсынх нь Олон Улсын Энергийн Агентлагынх (IEA). Валютын ханшийг Монгол Банкны бюллетинээс авав. Тугалгагүй бензин нь Монголын хувьд А93.

Оросын зах зээл дээр зарагдаж буй нь татаастай үнэ гэгддэг бөгөөд Хятад улс татаастайд тооцогдож байснаа сүүлийн үеэс больж байна (GTZ. International Fuel Prices, он оны дугаарууд). Зургийн 2-р мөрөнд Монгол дахь литр шатахууны үнэ бусад улсууныхаас хэдэн төгрөгөөр илүү байгааг харуулж байна.
Зураг 1 болон 2-т Монгол Улс 2008 онд хамгийн өндөр үнэтэй бензин болон дизелийн түлштэй байсны шалтгаан нь тухайн онд Монголд ямар нэгэн шалтгааны улмаас түлш асар их өндөр үнэтэй зарагдаж байсантай холбоотой болохыг харж болно. Гэвч түүнээс хойш энэхүү зөрүү өмнөх түвшиндөө хүрч буурах хандлага огт харагдахгүй байна. Тэгэхээр яагаад 2008 онд бензиний үнэ тийм өндөр байв, үнэ ер нь яаж тогтож байна гэдэг асуудал зүй ёсоор гарна.

Зураг 12. Хилээр орж ирсэн тонн дизелийн Америк Доллараарх үнэ мэдээллийн хоёр эх үүсвэрээр.

Энэхүү асуудал руу орохоос өмнө энд ашиглагдаж буй тоон мэдээллийн тодорхой бус байдлыг онцлох хэрэгтэй. Тухайлбал Зураг 12-т Монгол Улсын Үндэсний Статистикийн Хорооны (ҮСХ) Сарын Бюллетень болон Газрын Тосны Газраас өгсөн хилээр орж ирж буй тонн дизелийн Америк доллараарх үнийн мэдээллүүдийг харуулж байна. Мэдээж эдгээр тоо нь сарын дундаж утга эсвэл сарын эцсийн өдрийн үнэ гэдгээрээ ялгагдаж байж болно (энэ талаар аль ч эх үүсвэр дурдаагүй). Уул нь Засгийн Газрын хоёр байгууллагад байгаа энэхүү тоон мэдээллүүлд нийцтэй байх ёстой (ялангуяа олон нийтэд зарлагдаж байгаа бол). Учир нь энэхүү мэдээлэл дээр тулгуурлан Монгол улсаас ногдуулах Автобензин, дизелийн түлшний татвар, Онцгой албан татвар, Гаалийн албан татвар болон Нэмэгдсэн Өртгийн Албан Татваруудын хэмжээ тогтоогдоно. Хачирхалтай нь 2008 оны 12 сард жишээ нь Газрын Тосны Газарын мэдээ ҮСХ-оос тонн тутамд 160 америк доллараар дутуу бүртгэжээ.     

Зураг 13. Монгол Улсад зарагдаж буй А80 бензиний үнийн задаргаа. Мэдээллийн эх үүсвэр: Газрын Тосны Газар.  Ашгийн тооцоолол зохиогчийнх.

Хэдийгээр албан ёсны тоон мэдээллүүд ийм зөрүүтэй байгаа ч би Газрын Тосны Газрын тоон мэдээлэл дээр үндэслэн жижиглэнгийн үнэ хэрхэн өөрчлөгдөж ирснийг зураг 13-15-т үзүүлж байна.

Зураг 14. Монгол Улсад зарагдаж буй А80 бензиний үнийн задаргаа. Мэдээллийн эх үүсвэр: Газрын Тосны Газар.  Ашгийн тооцоолол зохиогчийнх.

2008 оны 6 сараас Монгол Улсад зарагдаж буй автобензин, дизелийн түлшний үнийн түвшинг тогтвортой байлгах зорилгоор тэдгээрт ногдох Онцгой албан татвар, Гаалийн татвар болон НӨАТ-ын хувь хэмжээг өөрчилж ирсэн. Тухайлбал НӨАТ-ын 10%-ийг 2008 оны 6 сард 5%, 7-9 сард 0% болгож байв. Уг оны 7-9 сард Гаалийн татварыг мөн тэглэсэн. Гаалийн татварыг мөн 2009 оны 8 сараас 2010 оны 1 сар хүртэл, 2011 оны 6 сараас энэхүү судалгааны хамрах эцсийн хугацааг дуустал тэглэсэн байлаа. Зохицуулалтын гол хэрэгсэл болох онцгой албан татварын хэмжээг 2008 оны 6-9 сард тэглэснээс хойш хамгийн олон удаа өөрчилж ирсэн.

Зураг 15. Монгол Улсад зарагдаж буй дизелийн үнийн задаргаа. Мэдээллийн эх үүсвэр: Газрын Тосны Газар.  Ашгийн тооцоолол зохиогчийнх.

Энэхүү зохицуулалтын үр ашиг хэр өндөр байгаа нь харин маргаантай. ОХУ-ын элчин сайд В.В. Самойленкогийнхоор (Өдрийн Сонин, 2011.11.14) Монголчуудын өөрсдөө урт хугацааны гэрээнээс татгалзаж сонгож авсан богино хугацаат үнийн гэрээ ёсоор сар бүрийн эхэнд ОХУ-ын экспортлогч тал үнээ танилцуулж Монгол улсын Засгийн газар, импортлогч болон жижиглэнгийн компаниуд, Шударга Өрсөлдөөн, Хэрэглэгчийн Төлөө Газар, Монголын Үйлдвэрчний Эвлэлийн төлөөлөл хуралдаж жижиглэнгийн үнэ, татварын хэмжээг тохирдог . Мэдээж ОХУ-ын тал урт хугацааны гэрээтэй улсуудаа эхэлж бүтээгдэхүүнээр хангах үүрэгтэй учир аливаа хомсдлын үед Монгол улсад санал болгох үнэ нь харьцангуй өндөр байх магадлал өндөртэй.
Ийм хомсдолд орсон, эсвэл ОХУ-аас санал болгосон үнэ тухайн сард хэт өндөр тогтоогдсон гэж үзвэл дээрх уулзалтаас захиргааны үнийн тааз тогтооно. Олигополь компанийн бүтээгдэхүүний үнэд захиргааны тааз тогтоох нь хэдийгээр богино хугацаанд үр өгөөжтэй байж болох ч хэт доогуур тогтоосон тааз нь бизнесийн байгууллагын үйл ажиллагаанд хэт хөндлөнгөөс оролцож энэ нь дампууруулалд ч хүртэл хүргэж болно. Мөн аль хэдийн гадны хүчин зүйлсээс хамааралтайгаар бизнесийн орчин нь тодорхой бус байдлаар дүүрэн байхад ямар нэгэн дүрэмд тулгуурлаагүй зохицуулалт нь бизнесийн эрсдэлийг улам нэмэгдүүлж үр дүнд нь эцсийн бүтээгдэхүүний үнэ өндөр байх нөхцөл бүрдэнэ.
Нөгөө талаас ийм арга хэмжээ нь компаниуд хоорондоо хуувилдах гол түлхэц болдог (Train, 1986). Зураг 15-т дүрслэгдсэнээр жижиглэнгийн компаниуд дизелийн түлшээ 2007 оны 12 сараас 2008 оны 7 сар хүртэл алдагдалтай  худалдаалж байв.  Энэхүү алдагдлын тооцоонд тэдгээр компаний үйл ажиллагааны зардлыг (компаниудаар нэлээн ялгаатай бөгөөд биенесийн нууц) огтхон ч оруулаагүй байгаа бөгөөд хэрэв тэднийг нь оруулбал цэвэр алдагдлын хэмжээ улам их байсан бизээ .
Үнийн тааз тогтоож, татваруудыг тэглэснээр үнийг 2008 оны 7 сар хүртэл харьцангуй тогтвортой барьж чадсан ч 8 сард үнэ А80-ийн хувьд 405 төгрөгөөр, А92 455 төгрөгөөр, дизель 620 төгрөгөөр нэмэгдсэн.
Компаниуд алдагдлаа үндсэндээ хоёр эх үүсвэрээс нөхөж ирсэн. Нэг нь Засгийн газраас авах татаас. Жишээ нь 2008 онд импортлогч болон жижиглэнгийн компаниудад зээлийн хүүгийн татаас, жижиглэн худалдааны үний зөрүүний алдагдалд нь зориулж 15,8 тэрбум төгрөгийн нөхөн олговор олгожээ (Ашигт Малтмал, Газрын Тосны Хэрэг Эрхлэх Газар, 2008). Удаах эх үүсвэр нь харьцангуй үнийн тааз өндөртэй А80 болон А92 бензиний үнийг өндөр тогтоох. Жишээ нь Зураг 16-т гурван шатахууны литр бүрээс олох бодит бохир ашгийн түвшинг харьцуулж байна.

Зураг 16. Гурван шатахууны литр тутмаас олох бодит ашиг. Монгол Банкны статистикийн бюллетений Хэрэглээний Үнийн Индекс ашиглан бүх ашгийг 2011 оны 9 сарын төгрөг рүү хөрвүүлэв.

2005 оны 1 сараас  2011 оны 9 сар хүртэл бодит бохир ашгийн хэмжээ А80-ийн хувьд литр тутмаас 320 Төгрөг, А92-ийн хувьд 365 Төгрөг, Дизелийн хувьд 140 Төгрөг байжээ. Дизелийн түлшийг газар тариалан, уул уурхайн хүнд машин механизм түлхүү хэрэглэдэг учир Атарын III аян болон Засгийн газраас Уул уурхайг тэргүүлэх салбар гэж зарласантай холбоотойгоор ийнхүү дэмжиж байж болох юм. 
Гэхдээ энэхүү дэмжлэг нь бусад салбарын нуруун дээр тусаж буйг анхаарах хэрэгтэй юм. Юуны өмнө яагаад хамгийн өндөр ренттэй уул уурхайн салбар төрийн дэмжлэгтэй түлш хэрэглэх ёстой нь тодорхойгүй байна. Мөн дизелийн түлшийг хүнд машин механизмаас гадна ихэнх тансаг ангиллын жийп машинууд хэрэглэдгийг мөн анхаарах шаардлагатай. Энэ тохиолдолд одоогийн зохицуулалт нь тансаг зэрэглэлийн, шатахуун их зарцуулдаг автомашины хэрэглээг ердийн бөгөөд шатахуунд хэмнэлттэй автомашин хэрэглэгчдээс авах татвараар санхүүжүүлж байна гэсэн үг болно. Олборлох салбарт тулгуурласан эдийн засгуудад орлогын тэгш бус байдал даамжирдгийг нотолсон судалгааны олон ажлууд бий (Leamer, Maul, Rodriguez, Schott, 1999, Goderis & Malone, 2011 г.м.). Үүн дээр нэмээд том оврын, тансаг хэрэглээний, түлш их хэрэглэдэг жийпнүүдийн дизелийн үнийг татаастай байлгах нь орлогын тэгш бус хуваарилалтыг даамжруулах, удаан үргэлжилбэл нийгмийн тогтворгүй байдалд хүргэж болзошгүй юм. Түүнчлэн хотын агаарын бохирдол болон замын түгжрэлд ч энэхүү зохицуулалт нөлөөтэй байж болохыг анхаарууштай.
Нөгөө талаас шатахуун импортлогчид дизелийн түлшнээс олох ашгийн түвшин нь хангалттай өндөр бус тохиолдолд уг түлшийг оруулж ирэх сонирхолгүй байх нь тодорхой. 2011 оны зуны Монгол Улс даяарх дизелийн түлшний тасалдал нь үүнтэй холбоотойг ч бас бодолцох хэрэгтэй байна.

4. Дүгнэлт болон бодлогын зөвлөмж   
Монгол улсын түлш шатахууны зах зээлийн анхдагч судалгаанаас дараах хэдэн зөвлөмжийг гаргаж болохоор байна.
    Монгол улс шатахууны хувьд зөвхөн нэг улс, нэг компаниас шууд хамаарч байгаа нь Монгол Улсын эдийн засгийн тогтвортой байдалд тулгараад байгаа томоохон эрсдэл юм. Цаашилбал Монгол улсын гол нийлүүлэгч болох Роснефть компани 100% ОХУ-ын төрийн мэдлийнх учир нийлүүлэлтийн талаарх шийдвэр зөвхөн эдийн засгийн үүднээс бус бас улс төрийн сэдэлтэй байх боломжтой. Иймд түлш шатахууны хоёрдогч эх үүсвэрийг эрэлхийлэх, эдийн засаг дахь энергийн хэрэглээг төрөлжүүлэх, хэмнэлтийг урамшуулах шаардлагатай байна.
    Монгол Улсын шатахууны зах зээлийн зохицуулалтын үр дүн хангалтгүй байна гэдэг нь 2008 онд Монгол улс Ази, Австрали, Номхон Далайн бүс нутагт хамгийн өндөр үнэтэй дизельтэй улсаар тодорсноос харагдаж байна. Хэдийгээр үнийн гэнэтийн өсөлтийг захиргааны болон татаасын аргаар хязгаарлах механизм байгаа ч дэлхийн зах зээлийн үнийн бууралтыг дотоод зах зээл дээрх бүтээгдэхүүний үнийн бууралттай уях механизм алга байна.  Гэхдээ иймэрхүү зохицуулалт ердөөсөө байх ёстой юу үгүй юу гэдгийг эргэн хармаар байна. Газрын тосны бүтээгдэхүүний импортын зах зээлд оролцогчдийг нэмэгдүүлж, өрсөлдөөнийг дэмжсэнээр Засгийн Газрын хүрэхийг зорьж байгаа эдийн засгийг хямд, найдвартай түлш шатахуунаар хангах зорилтыг тодорхой хэмжээнд шийдвэрлэх мэт. 
    Эдийн засгийн тодорхой салбаруудыг дэмжих зорилгоор дизелийн үнийн таазыг доогуур тогтоож байгаа нь эдийн засгийн бусад салбарууд дарамтыг нь үүрэх муу талтай байна. Нөгөө талаар татаастай үнээр шатахуунаа авч оршин тогтнох нь урт хугацааны өрсөлдөх чадварт нь ч муугаар нөлөөлнө. Миний бодлоор өнөөдөр нийт шатахууны 29.5% буюу дийлэнх хэсгийг хэрэглэж буй уул уурхайн салбарын рентийн түвшин бусад засгийн салбаруудынхаас харьцангуй өндөр байгаа тул заавал татаастай шатахуун хэрэглэх ямар үндэслэл байгааг ойлгохгүй байна . Хэрэвээ үнэхээр дэмжлэг байх хэрэгтэй гэж байгаа бол энэхүү зорилтоо тухайн салбаруудаа илүү онилсон хэлбэрээр хэрэгжүүлэх хэрэгтэй байна. Учир нь ихэнх тансаг хэрэглээний, том оврын, шатахуун их хэрэглэдэг жийп автомашинууд мөн дизель хэрэглэдэг учир өнөөгийн нөхцөлд эдгээр нь мөн татаасд хамрагдаад байна.
    Импортчлогч компаниудын ирээдүйн хэлцлийн зах зээлд оролцох оролцоог хөхүүлэн дэмжих механизм бий болгохыг нухацтай судалж эхлэх хэрэгтэй байна. Энэ нь үнийн эрсдлээс хамгаалах, хэлбэлзлийг нь тогтворжуулах чухал механизмын нэг хэмээн дэлхий нийтээр хүлээн зөвшөөрөөд байна.
 


Төсөл: ТА-6428(REG): Төлөвлөлтийн Чадавхийг Бэхжүүлэх нь
Судалгааны сэдэв: Газрын тосны цочрол ба Монгол
Судалгааны нэр: Газрын тосны цочрол ба Монгол-I
Судлаач: Др. Б. Эрдэнэбат
Хаяг: Улаанбаатар-15160, Нэгдсэн Үндэстний гудамж 5/1, Засгийн Газрын II байр, Үндэсний Хөгжил Шинэтгэлийн Хороо 206
Жич: Энэхүү хэлэлцүүлгийн ажилд бичигдсэн үзэл бодол, эргэцүүлэл бол зөвхөн судлаачийнх бөгөөд Монгол Улсын Үндэсний Хөгжил, Шинэтгэлийн Хороо болон Азийн Хөгжлийн Банкны алиных нь ч биш юм. Аливаа шүүмжлэл, саналуудыг зохиогч хэлэлцүүлгийн хугацаанд дуртайяа хүлээн авч ажилд тусгах болно.


Ашигласан материал
Амарсайхан, Д. 2011. Газрын тосны салбарын өнөөгийн байдал, цаашдын зорилт. Газрын Тос-2011 Олон улсын эрдэм шинжилгээ, онол, практикийн бага хурлын илтгэлүүдийн эмхэтгэл, 7-14,
Ашигт Малтмал, Газрын Тосны Хэрэг Эрхлэх Газар. 2008 оны жилийн эцсийн үйл ажиллагааны тайлан, Улаанбаатар хот.
Bernanke, B.S., Gertler, M. and Watson, M. 1997. Systematic monetary policy and the effects of oil price shocks. Brookings Papers on Economic Activity 1, 91-157, (with comments),
Blanchard, O.J. and Gali, J. 2009. The macroeconomic effects of oil shocks: why are the 2000s so different from 1970s? In International Dimensions of Monetary Policy, Gali, J. and Gertler, M. eds. University of Chicago Press,
Blanchard, O.J. and Simon, J. 2001. The long and large decline in U.S. output volatility. Brookings Papers on Economic Activity, 135-164.
British Petrolium. 2011. Statistical review of World Energy.
Bruno, M. and Sachs, J. 1982. Input price shocks and the slowdown in economic growth: the case of U.K. manufacturing. Review of Economic Studies 49, 679-705.
Burbidge, J. and Harrison, A. 1984. Testing for the effects of oil-price rises using vector autoregressions. International Economic Review 25(2), 459-484,
Darby, M.R. 1982. The price of oil and World inflation and recession. American Economic Review 72(4), 738-751.
Gisser, M. and Goodwin, T.H. 1986, Crude oil and the macroeconomy: Tests of some popular notions. Journal of Money Credit Banking 18(1), 95-103,
Goderis, B. and Malone, S.W. 2011. Natural resource booms and inequality: Theory and evidence. Scandinavian Journal of Economics 113(2), 388-417,
GIZ 2011. International Fuel Prices 2010/2011. Data Preview. www.gtz.de/fuelprices
GTZ, 2009. International Fuel Prices 2009. 6th edition. http://www.gtz.de/fuelprices
Hamilton, J.D. 1985. Historical causes of postwar oil shocks and recessions. Energy Journal 6, 97-116,
Hamilton, J.D. 1983. Oil and the macroeconomy since World War II. Journal of Political Economy 91(2), 228-248,
Harris, E.S., Kasman, B.C., Shapiro, M.D. and West, K.D. 2009. Oil and the macroeconomy: Lessons for monetary policy. Mimeo. University of Wisconsin.
International Monetary Fund. 2006. World economic outlook. Chapter 2: Oil price and global imbalances.
Leamer, E.E., Maul, H., Rodriguez, S. and Schott, P.K. 1999. Does natural resource abundance increase Latin American income inequality? Journal of Development Economics 59, 3-42,
Mork, K.A. and Hall, R.E. 1980. Energy prices, inflation and recession, 1974-1975. Energy Journal 1(3), 31-64.
Pierce, J.L. and Enzler, J.J. 1974. The effects of external inflationary shocks. Brookings Papers on Economic Activity 1, 13-61.
Train, K. E. 1991. Optimal regulation: Economic theory of natural monopoly. MIT Press.

Цахим Өртөө Сүлжээнд элсэх

  • Өртөөний сүлжээнд элсэх

tsahim_urtuuХэрэв та Монгол Туургатны Цахим Өртөө Сүлжээнд элсэхийг хүсвэл: http://groups.google.com/group/tsahim-urtuu-suljee хаягаар зочилж маш хялбархан бүртгүүлж болно. Та Гүүгл суурьт энэхүү сүлжээнд имэйлээ бүртгүүлснээр манай сүлжээний гишүүн болно.

 

Image Temp

Энэ хуудас нь Цахим Өртөө сүлжээний нийт гишүүдийн хамтын бүтээл байх бөгөөд ажил хэргийн санал болгоныг вэбийн хамтлаг тухай бүр нь тусган энэ хуудсанд оруулж байх болно. Хамтран ажиллаж буй, ажиллахаар зэхэж буй таньд баярлалаа.

Newsletter