211-р сар2019

Хүрээг хятадуудаас чөлөөлсөн монгол улсын баатар Барон Унгерн

Түүхийн шинжлэх ухааны доктор О.Батсайхан, ШУА-ийн Олон улс судлалын хүрээлэн

Товч танилцуулга
1911 оны 12 дугаар сарын 29-ны өдөр Монголчууд Манж гүрнээс салж, бие даан тусгаар тогтнож, төр улсаа сэргээн тунхаглаж буйгаа дэлхий дахинд албан ёсоор зарлаж, VIII Богд Жавзандамба хутагтыг Монгол Улсын эзэн хаанаар өргөмжилсөн билээ.

Дөнгөж тусгаар тогтнол, төр улсаа сэргээн байгуулсан Монголын хувьд бие даасан бүрэн эрхт байдлаа хадгалж, хамгаалж үлдэхийн тулд ёстой л бүхий л арга чаргаа хэргэлсэн юм. Ингээд 1915 оны Хиагтын гэрээгээр өвөр Монголоо алдаж, Монголын гал голомт зөвхөн Ар Монголын нутаг дэвсгэрээр хязгаарлагдах болсон билээ. Монгол Улсын эзэн хаан Богд Жавзандамба хутагт Олноо өргөгдсөний дөрөвдүгээр он 12 сарын 12 буюу 1914 оны 12 дугаар сард буулгасан зарлигтаа: “тулгур төрийг бүтээн байгуулах нь нэн ч хялбар бус” хэмээгээд “одоо хэрэв монгол язгууртаны нэгэн хэсэг нь үүсгэл болон чадваас нэгэн үндэс нэгэн шашинт олон монгол овогтон хэзээ ч болов хамтдаж үл болох ёсон үгүйн дээр миний бие олон монгол овогтон юугаа эгнэгт алагчлан үзэх явдал үгүй тул энэ удаагийн сайн цагийг хэдий алдагдахад хүргүүлсэн боловч олон монгол овогтон хэрэв жаргалан зовлонг хамтатгах чин зориг буй болхул мөн эрх үгүй цаг тохиолыг олж болмой”  зарлиг буулгаж, эл зарлигаа дотоод гадаад олон монгол овогтон дор нийтээр зарлан ухуулж туйлын таалалд нийлүүлэгтүн хэмээжээ.

Тухайн үеийн дэлхий дахин болон Ази тивийн нөхцөл байдал, Хятад, Оросын байр суурийг сайтар мэдэрч байсаны улмаас Богд хаантан Япон, АНУ, Англи, Герман зэрэг орнуудын анхааралыг татаж, харилцаа тогтоохыг илүүтэй үзэж байв. Иймээс эл үед Монголын зах зээлд Япон, АНУ, Герман зэрэг улс орнуудын худалдааныхан ихэд нэвтэрч, Нийслэл Хүрээнд үйл ажиллагаа явуулж байлаа.

Хятадын цэргийн эрхтнүүд монголд түрэмгийлэв
Орос оронд хувьсгал дэгдэж, дотооддоо самуунтай болсоныг далимдуулан хятадууд монголын бие даасан, бүрэн эрхт байдалд халдахаар түрэмгий бодлогоо хүчтэй болгож эхлэв.

Хятадын цэргийн харгис хүчнийхэн Монголын бие даасан байдалд халдав. Үүний илрэл нь Хүрээнд сууж байсан хятад сайд Чин И “Дундад засгийн газраас Гадаад Монголыг хүндэтгэн үзэх ба жич хойчийг сайжруулан хууль зүйл” –ийг эхлээд 50 хэдэн зүйлтэй боловсруулж, улмаар нэмэлт оруулснаар Чин И-гийн 64 зүйл хэмээх Монголын бүрэн эрх байдлыг үгүй хийх баримт бэлэн болж, хятадаас монгол хэл рүү хөрүүлэгдсэн байна.  Эл саналыг Ерөнхий сайд Бадамдорж хаантаны “таалал ямар болохыг туршсугай”  хэмээн Богд хаантанд сонсгосонд тэрбээр: сонсуут ихэд уурлаж, “хэрэв автономит засгийн эрхийг устгаваас урьдахь Чин улсын үеэс илүү ямар эрх олгохыг тодорхойлон асууж хариуг айлтгагтун”  хэмээжээ. Богд хаантан Чин И нар монголын зарим хүмүүстэй үгсэн элдэв санаа өдөөж буй тухай ямар ч гэсэн мэдээлэл авчээ. Тэрбээр цагийг хожиж, эл санаа нь чухам юу гэсэн үг болох, улмаар ямар хариу авбал зохилтой талаар шадар болон холбогдох хүмүүстэй зөвлөхийг эрхэмд үзэн ийнхүү лавласан хариу өгчээ. Гэтэл Чин И “нэгэн этгээдээр маргаж зохилдохгүй” “автономит засгийн газраа устгах явдлыг танай Богд хаанаас эхлэн засгийн эрх баригчид нэгэнт зөвшөөрсөн болох учраа ийнхүү хойчийг сайжруулах дүрэм төлөвлөгөөг үйлдэж бүхий хэрэг” болох тул гуйн өргөх бичгээ шууд шийтгэн өгтүгэй хэмээн худал хэлж дарамт үзүүлэн шаардах болжээ.

Богд хаантан эл асуудлыг ямар ч гэсэн Улсын Дээд, Доод хурлаар хэлэлцүүлэх нь зүйтэй хэмээн үзэв. Богд хаанты зарлигаар Улсын Дээд, Доод хоёр хурлын гишүүд нийлж хуралдан Чин И-гийн 64 зүйлийг “нэлээд эсэргүүцэж” дараа байдлыг сайтар тунгаан үзэхгүй бол “энэ удаа ашиг хорыг шүүмжилж гүйцэх үгүй”  хэмээн таржээ.

Өөрөөр хэлбэл Улсын Дээд, Доод хурал ямар нэгэн шийдэл гаргаж, Богд хаантнаа айлтгах боломжгүй хэмээн үзсэн хэрэг.
1919 оны зун цаг Богд хаанаас “хятад элчин Чин И-г Монголын засгийн эрх баригчид лугаа нам нийлж автономит засгийг устгахаар хуйвалдав” хэмээн зэмлэн буруушаажээ.

Гэтэл нэр төрд дуртай цэргийн жанжин Сюй Шү Жан цэрэг авч Хүрээнд ирээд Монголын засгийг устгах талаар Чин И-гийн сэдэж байсан зүйлүүдийг олж мэдэн үүнийг Чин И-гээс өрсөн цэргийн хүчээр хийж нэр төр олохоо эрхэмлэв.

Жижиг Сюй жанжин “Богд хаан, ерөнхий сайд Бадамдорж та хоёрыг Бээжинд хүргэж учрыг хэлэлцмүй” хэмээн аашилж дарамтлан улмаар “мөнхүү сарын хорин дөрөвний шөнө Богд хаан заларч бүхий эрдэм итгэмжит сүмийг тойруулан зэвсэг бүхий цэрэг жагсааж, түүнээс төв Их Хүрээ Чин Вангай аймгийн зүүн гудамжны эхэнд бүхий ерөнхий сайд Чин ван лам Бадамдоржийн хашааны үүд хүртэл үргэлжилсэн олон цэргийг жагсаан” сүрийг үзүүлж айлган сүрдүүлжээ.

Маргааш нь буюу 25-ны үүрийн хяраанаар айн бачимдсан ерөнхий сайд Бадамдорж Богд хаантнаа бараалхаж: автономит засгийг устгах бичгийг шийтгэж өгөхгүйгээр нэгэн өдрийг ч түлхэх аргыг олох үгүй бөгөөд яахин хэрхэх зовлонгоос хэлтэрч чадах үгүй чухал түгшүүртэй цагт нэгэнт хүрсэн тул өөрөө гуйн өргөж тохинуулан шийтгэхийг эрэхээс өөр үгүй болов хэмээн цухалдан айлтгасанд Богд хаанаас “энэ нэгэн удаа хятадын эрх мэдэлд оровч хоёр гурван жилээс өнгөрөх үгүй дахиж эрхээ олж авах цаг хүрч ирэх тул барцас ёсоор болгогтун”  хэмээн айлтгажээ.
Чингиснээр Богдын буй сүмийг тойрон жагсаасан цэргүүдээ Сюй татсан байна. Эл өдөр Сюй Шу Жан өөрөө хятадаар зохиосон “Гадаад Монгол өөрөө гуйн өргөж автономит засгийн газрыг устгах” тухай бичгийн эхийг Монгол засгийн газарт өгч, мөн өдөр Улсын дээд, доод хоёр хурлыг зарлаж хэргийн байдал ийм болсон явдлыг тус, тус илтгэсэнд дээд, доод хурлаас эсэргүүцэлтэй тулгарсан ч үл тоов.

Ийнхүү 1919 оны 11 сард “Монголын засгийн газраас өөрөө гуйн хятадад орох явдыг өргөсөн” гэх бичиг бий болж, түүнд Ерөнхий сайд, сайд, дэд сайд нар бүгд гарын үсэг зуржээ.  Харин тэрхүү бичгийг Богд хаан тамгаа дарж, батламжлаагүй юм.

Монголчууд хятадуудын гараас гарах арга сэдэж эхлэв
Энэ явдлаас хойш ердөө гуравхан сарын дараа Монголд нөхцөл байдал хэрээс хэтэрч, хаа сайгүй хятад монголыг алж гэнэ, хятадыг монгол алж гэнэ гэсэн яриа гарч, энд тэндгүй үндэсний тэмцэл өрнөж эхлэв. Богд хаантан Япон улсаас тусламж эрэн өөрийн төлөөний түшмэл гүн Гүррагчааг нууцаар томилон илгээв. Гүррагчаа гүн Хар мөрөн хүрээд японы төлөөлөгч зам тавьж явуулсангүй буцаж ирсэн гэдэг.

Богд хаан улс орныхоо нөхцөл байдлыг мэдэрч, “хятадын эрхэнд орж гурван жилийн нүүр үзэх болбу хэмээн санасан нь одоо гурван сар хүрэхгүй дахин эрхээ олох шинж мэдэгдэж буй тул хэрхэн олох аргыг одооноос сүвэгчлэн хэлэлцтүгэй” хэмээн Хүрээнд бүхий ван, гүн, лам нарт зарлиг буулгажээ.

1920 оны зун Богд хаантнаа даншиг өргөх нэрийдлээр халхын олон хан, ван, гүн ноёдуудыг цуглуулан Богд гэгээнтний лүндэнгээр Монгол засгийн эрхээ дахин олж авах аргыг 1911 оны мөн адил нууцхан хэлэлцэж, Монгол зөвлөлийг байгуулан тэргүүлэгчээр нь Манлай ван Дамдинсүрэнг томилов. Богд гэгээнтэн болон ноёдууд ойрын аймаг хошуудад сэмхэн мэдээ өгөх, Богд хааны дэргэд хадгалсан буу зэвсэг үлэмжхэн бүхийг чухал хэрэглэх цаг тохиолдвоос авч болох зэргийг тохиролцжээ. Гэтэл энэ удаагийн ноёдын зөвөлгөөний үеэр үг хэлсэн хүмүүсийн нэр Хятад жанжны чихэнд хүрчээ.

1920 оны зун 7 сарын хорины үед Богд хаанаас Шашин төрийн тухай эрдэм итгэмжит сүмийн газар сор залах их гүрмийг олон лам нараар долоо хоног бүтээн уншуулж, соруудыг мөн сарын хорин есний шөнө баруун өмнө зүг залуулахад хуучин зэвсгийн сумгүй үхэр бууг цаасан сумаар цэнэглэн буудаж, их буугийн дуу гаргажээ.

Үүнийг хятад цэргүүд “Монголд хувьсгал дэгдэж, цэрэг хөдлөв” хэмээн айн сандарч, Монгол зөвлөлийн тэргүүлэгч Манлай ван Дамдинсүрэнг төр шөнө нь, Хатанбаатар ван Магсаржавыг маргааш өглөө нь баривчилсан байна.

Богд хаан Хятадын эрх баригчдаас “баригдсан хоёр ванг суллан тавьж өгмүү” хэмээн Эрдэнэ жонон ван Ширнэндамдинг явуулж гуйлгаад тусыг эс олсноор барахгүй нууц зөвөлдсөн бусад хүмүүсийг ч барихаар зэхэж буйг мэдэв. Нэг өдрийн дараа ван Жигмиддорж баригдаж, арван гурав хоногийн дараа гүн Жамьян, Гомбоидшин, бэйс Лувсанжанцан зэрэг хүмүүсийг хятадын эрх баригчид баривчилсан байна. Хоёр сарын дараа буюу 1920 оны 10 сарын 13-ны өдөр бэйс Магсаржав, Дара эх лам Чойжинцанцан нарыг бас баривчилжээ.  Хятад цэргүүд монгол хүний гарах орохыг цагдан байцаах болов.

Барон Унгерн Монголын хилээр орж ирэв
Оросын дайнтай байдал хийгээд Семеновтойгоо эс тохирсон зэргийг нь үл өгүүлэн Барон Унгерны тухайд өгүүлэх нь,
Энэ үед буюу 1920 оны намар Монголын зүүн хилээр Барон Унгерн орос, буриад, япон, монгол цэргүүдээ дагуулан орж иржээ. Тэрээр хил алхан учирсан болгондоо “Монголын Богд хааны төрийг хамгаалан Хүрээг эзэлсэн хятад цэргийг байлдан хөөж арилгахаар яваа” хэмээн хэлж байлаа. 1920 оны намрын дунд сард Сэцэн хан аймгийн Дайчин жонон вангийн хошууны нутаг их хөвч модтой уулсаар дамжиж Бэрээвин хийдийг зэргэцэн ирэхийн хэрд Түшээт хан аймгийн Дархан чин вангийн хошууны тэргүүн зэрэг тайж Лувсанцэвээн нар Барон Унгерныг угтаж авчээ.

Хүрээнд орохын өмнө Богд хаантнаас зөвшөөрөл эрсэн “Оросын хаан угсааны ураг барон Унгерн би Орос, Монголын язгуурын найртай сайны ёсоор Богд хаанд тус хийж, Монголыг харгис Хятадын дарлагдлаас ангижруулан хамгаалж тохинуулахын тухай цэрэг авч Хүрээнд орох зорилго бүхий тул олдвоос Богд хаантнаа зөвшөөрөл олгож хариу ирүүлэх ажааму”  хэмээсэн Богд хаанд өргөх орос, монголын үсгийн захиа барон Унгерны нэрээр бичиж, тусгай хүнд авахуулан Зүүн Хүрээний цорж Дэндэвдорж ламыг биеэр явж уламжлан айлтгаж хариу авч иртүгэй хэмээн тушаасан байна.

Монгол дахь хятадуудын монголчуудыг дарлан зовоох хэрээс хэтэрч, хаа сайгүй хараа хяналт, дарамтанд байсан эл цаг мөчид Богд хаантнаас Унгерны саналыг ихэд сайшаан зөвшөөрч “хурдан түргэнээ орохоор ирэгтүн”  хэмээн лүндэн буулгав. Богд гэгээнтэнээс зөвшөөрөл авсан Барон Унгерн зам зуур цэрэг элсүүлэн хүч нэмсээр Туул голын өмнө этгээд Уу булан хэмээх газар ирж буудаллажээ.

Богдыг хятадууд барьж хорив
Удалгүй Барон Унгерны цэрэг Хүрээнд буй хятад цэргүүд рүү гал нээж, тулаан эхэлсэн тул хятадууд эл хэргийг “Богд гэгээнтэн чин ванг залж, Барон Унгерныг урьж авчрав” хэмээн буруутган, Богдыг мөн сарын арван гуравны өдөр баривчлан хорьжээ. Удалгүй шадар сайд Дүйнхорын Да лам Пунцагдорж, Сэцэн ван Гүрсоронзонгомбосүрэн, Эрдэнэ ван Намсрай, бэйс Иш-Очир нарыг дараа дараагаар барьж урьдын баригдсан ван, гүнгүүдийн хамтаар хорьжээ.

Хүрээнийн зүүн тал Улиастай, Цагаан даваа, Дамбадаржаа хийдийн зүүн өмнөх Өндөр улаан хэмээх уулын зүгээс Унгерны цэргүүд Хүрээн дэх хятад цэргүүд рүү гал нээж, харилцан хоёр өдрийн турш байлдаад дийлээгүй тул Унгерн цэргүүдээ авч Туул голын хойд хөвөө Горхины нурууг давж, Тэрэлж голд хүрч буудаллан амарч, хүчээ сэлбэн тактик боловсруулан байжээ.

Хүрээнд байсан хятад цэргүүд эл бүхэн “Хүрээний талаас гарсан” хэмээн үзэж, Хүрээ рүү ирж байсан мөргөлчид, аялагчид хэн бүхнийг нэгжиж, авч яваа эд зүйлсийг дээрэмдэх, тонох зэргээр авирлахаас гадна албаны монгол ноёд, лам нарыг дайчлан хэдэн зуун гэр орон бэлдүүлэх зэргээр ихэд чирэгдүүлж байжээ.

Хүрээнээс хэнийг ч болов гадагш гаргахгүй чандлан хорьж,  Хүрээний зах зээлээр явсан лам нарын өврийг нэгжиж, эд мөнгө, бараа таваарыг нь булаан авч дээрэмдэх төдийгүй гадуур эвгүй харагдсан лам нарыг шууд буудан алсан нь нэг бус төдийгүй бурхан шашны хурал ном хийж, бүрээ бишгүүр хангинуулан дуу чимээ гаргахыг хатуу хориглож байсан  тухай эх сурвалжид тэмдэглэсэн буй.

Адгийн зах нь хятадын цэргийн хүмүүс хот хөдөө хаа явсан газар бүрдээ монгол идэр залуу эмэгтэйчүүдийг үзмэгц өдөр шөнийг бодох үгүй хүчирхэн бузарлах зэргээр ард олныг дарлан зовоосон элдэв гашууныг тооловч барахгүй болжээ. Бүр монголчуудын шүтээн болсон Богдын биеийг хятадууд барьж хорьсон нь монголчуудын дүргүйцлийг хамгийн ихээр төрүүлж байсан хэмээн Магсар хурц тэмдэглэсэн буй.

Унгерн Тэрэлжид бууж, түүний хүчийг нэмэгдүүлэхэд монголчууд багагүй тус дэмжлэг үзүүлж байсаны дотор Сэцэн хан аймгийн Хүүхэн хутагт Жамьяндамбийжанцангийн нэрээр түүний шавь Сэцэн хан Навааннэрэн, мөн аймгийн жинхэнэ жанжин бишрэлт ван Доржцэрэн, хамаарсан жанжин Эрдэнэ далай ван Наваанцэрэнгийн зэрэг ноёдууд харьяат аймаг хошууны цэргийг элсүүлэхэд уриалга гаргаж, морьт цэргийн дээд тэргүүн Лувсанцэвээн, Дугаржав мэйрэн нар заримд биеэр, заримд тушаал гаргаж элч довтолгон аль нэгэн идэр залуу эрсийг цэрэгт татан авах ажлыг зохион байгуулж байжээ.

Ингэснээр Унгерны цэргийн тоо үлэмж нэмэгдэж, улмаар цэргийн хороо ангийг тэгшлэн зохиож, Барон Унгерныг их жанжин хэмээх ба тэргүүн Лувсанцэвээнийг Монгол жанжин, буриад Жигмиджав Жамбалоныг дэд жанжин хэмээн өргөмжилж, мөн жанжны дэргэдийн яамыг нээн байгуулж, тус яамны бичгийн ба цэргийн тусгай хэргийг туслалцан шийтгүүлэхэд Сэцэн хан аймгийн баатар бэйл Жамьян, зоригт бэйс Мишигдорж, мөн хошууны гүнгийн зэрэг туслагч тайж Цэрэндорж, сэргэлэн гүн Дугарсүрэн, мэргэн гүн Цэрэнвандуйбавуудоржийн зэрэг ноёд түшмэдийг нэр заан томилон авч албан хаалгаж байсан байна.
Богд гэгээнтэнийг хятадууд шоронд 50 хоног бариад, аргагүй эрхэнд түр шоронгоос гаргасан боловч Богдын суух Эрдэм итгэмжит сүмийг өдөр шөнөгүй цагдан харуулж, түүний дэргэд монгол хэлтэй хятад хэлмэрчийг суулган, монгол хүнтэй уулзуулахгүй гэрийн хорионд 300 цэргээр мануулан байлгах болов.

Энэ үеийн баримт, эх сурвалжуудад бичснийг үзвэл Унгерн монголчуудыг ам султай хэмээн үзэж, тэдэнд цэргийн тактик, шийдвэрийг хэлж болохгүй хэмээн хатуу тушаажээ. Харин монголчуудын хов зөөдөг, ам султай байдлыг ашиглан Унгерн цэргийн хүчээ хэд дахин сэлбэж, 13 мянган орос цэрэгтэй болсон, Унгерны араас нэмэлт хүч ирсэн, дааж давагдашгүй их хүчтэй гэнэ, Дайны сум дийлдэггүй дайны бурхан гэнэ, нөгөөх Унгерн чинь гэх зэргээр хий цуурхал дэгдээж, тэр нь Хүрээнд амнаас ам дамжин түймэр шиг тархаж байсан гэдэг.  Чухам үнэндээ бол Унгерны цэргийн тоо 2000 орчим байсан гэдэг.

Унгерн Хүрээг цагаан сарын өмнө чөлөөлсөн нь
Хүрээг чухам яагаад 1921 оны 2 дугаар сарын 3-ны өдөр чөлөөлөхөөр товлосон бэ?
Монголын цагаан сар гарахад хэдхэн хоног үлдээд байлаа.
Эл асуудал бол Барон Унгерн бурханы шашинд гүн итгэж байсантай холбоотой юм. Тэрбээр хэзээ Хүрээ рүү цэргийн хүчээр дайрвал ялалт байгуулахыг хүүхэн хутагт Жамьяндамбийжанцангаас асуусан байна. Хүүхэн хутагт Барон Унгернд хэлэхдээ: “Монголын 10 дугаар оны өвлийн сүүл сарын дотор багтаж орвоос дийлнэ. Эсэргэн жил гарваас дийлэгдэнэ”  хэмээжээ. Тиймээс Унгерн Хүрээг чөлөөлөх өдрийг энэ жилийн өвлийн сүүл сард (1921 оны 1 сарын 9-нөөс 2 сарын 7-ын өдөр бол тухайн жилийн өвлийн сар бөгөөд 1921 оны 2 сарын 8-нд шинийн нэгэн болжээ) багтаан эхлүүлэхээр товлосон хэрэг. Тэрбээр өөрийн амьдралынхаа олон үйл явдалд бурханы хутагт хувилгаадын мэргэ төлгийг мөрдлөг болгосон байдаг билээ.

Барон Унгерн Амьд будда Богд гэгээнийг суллахын өмнө 1921 оны 1 дүгаар сарын 29-ны өдөр түүнтэй нууцаар холбоо тогтоон, Монголоос хятадуудыг хөөн гаргахын тулд Богдоос шар торгон дээр бичиж, тамгалсан адистит авсан  хэмээн Оросын эрдэмтэн Кузьмин төсөрхөн нийтлүүлсэн Барон Унгерны тухай номондоо өгүүлжээ.

Мэдээж Барон Унгерн Хүрээг чөлөөлөх төлөвлөгөөг өөрөө боловсруулж, чухам тодорхой хугацааг яс нууж байлаа. Тэр ч бүү хэл Богд гэгээнийг хятадуудын гараас эхэлж чөлөөлөх хэрэгтэй гэдгийг ч Унгерн санаачилсан байна. Учир нь Богд гэгээнтэний нэр хүнд нөлөө асар их байсанаас гадна түүнийг хятадууд барьцаанд авбал монголчууд түүний төлөө юугаа ч өгч болзошгүй хэмээн тэрбээр тооцоолж байв.

Ингээд Богдыг чөлөөлөх төлөвлөгөөг өөрийн биеэр боловсруулж, итгэл даах хүнээр буриад Тубановыг сонгож , түүнд үүрэг өгсөн хэмээн Д.Першин бичсэн бол Магсар хурц барга Лувсан жанжин  эл үүргийг гүйцэтгэсэн хэмээн бичжээ. Гэхдээ эл үйл ажиллагаандаа найдвартай хэмээн үзэж, Хүрээнд байсан түвдүүдээс 60 гаруйг нь сонгожээ. Зарим сурвалжид монгол, түвд нийлсэн 70 гаруй цэргүүд хэмээн бичсэн буй.
Харин оросын эрдэмтэн С.Кузьмин бичихдээ: Богдын чөлөөлөх монгол, түвд, буриадуудын тусгай отряд Барон байгуулсан бөгөөд уг отрядад Саж лам тэргүүтэй 10 түвд, Барга Лувсан тэргүүтэй 70 монгол, Ц.Тубанов тэргүүтэй хэдэн буриад байсан  хэмээжээ.

Унгерн 15 дугаар жарны цагаан бичин жилийн өвлийн сүүл сарын 15-ны орчим Унгерн Хүрээ рүү дайрах бэлтгэлээ базааж эхэллээ. Юуны өмнө урд зүгтэй холбоо барьж байсан цахилгаан утсыг замд нь тасалж хаян, энэ хавийн өртөөний адууг сууриар нь олзлон авчээ.
Барон Унгерн Хүрээнд байсан хятад цэргийн хүчийг Хүрээнээс гаргаж, ар хударгаар нь довтлох арга сэдэж, өөрийн биеэр хэдэн зуун орос цэргийг авч, Хүрээний хойд зүг Сөгнөгөр, Баянголд байсан тариалангийн иргэдийг дээрэмдэж, тэднийг хамгаалан суусан хятад цөөхөн цэргийг бүгдийг алж, хятадын цэргийн эрхтнүүдийн анхааралыг тэр зүг татаж чадав.

Унгернчүүд өвлийн сүүл сарын 23-ны өдөр Манзуширын хийдэд очиж, Богдыг Хүрээнээс авчраад залах тусгай гэрийг бэлдүүлсэн байна.
Унгерны төлөвлөгөө ёсоор Богдыг хятадуудын гараас суллах ажиллагаа 15 дугаар жарны цагаан бичин жилийн өвлийн сүүл сарын 24 буюу 1921 оны 2 дугаар сарын 1-ний үүр цайж наран ургахын үесээр эхэлж, Богд уулын энгэр ба орой дээр тохиолдсон хятад цэргүүдийг хядсаар Их Тэнгэрийн амаар орж ирсэн хэмээн Магсар хурц бичсэн буй. Харин орос сурвалжид, тухайлбал Унгерний Цэргийн штабын офицер Торновский бичихдээ Богдыг 2 дугаар сарын 2-ны өдөр чөлөөлсөн хэмээн бичсэн байна.

Унгерны монгол, түвд цэргүүд өглөөний 8, 9 цагийн хирд Туул голын хойд хөвөөнд бүхий Хайстай лабиран ордны газар довтлон ирж, Богдын хаана буй газрыг асуун баруун этгээд нэгэн зэргэлдээ эрдэм итгэмжит сүмийн газар заларч бүхийг сонсож мэдэв. Энэн нь Богдын өвлийн ордоны тэнд байсан сүм юм. Улмаар эл хоёр хоорондоо ойр тул Богдын буй сүмийн гадуур байсан харуул цагдаагийн 200-гаас дутуугүй хятад цэргүүдтэй буудалцан, сэрүүн лабиран, бугын хашааны орчим тэсэрдэг бөмбөг хаяж, нилээд хятад цэргүүдийг алж, бусад нь хойд зүг зугтах зуур Богд гэгээн, хатан хоёрын сууж буй сүмд орж, Богд хаантнаа бараалхан, учир байдлыг хэлж, Манзуширын хийд рүү залахаар ирснээ айлтган авч явсан байна. Энэ тулаанд Унгерны монгол цэргээс 8 хүний бие, хэд хэдэн морь шархдсан аж.

Богд, эх дагина хоёр яаран сүмээс гарч анханд хоёулаа нэгэн сүүх тэрэгнээ сууж морьт цэрэг дамнан гарсан боловч Туул голын мөсөн дээгүүр явж өнгөрсөн даруй хятад цэргүүд хойноос нэхэж буудан ирэх болвуузай хэмээн айж тэргэнээс буулган цэргийн хүн нарын эмээлтэй моринд унуулан сундалж довтлон Богд уулын ар модонд орсон хэмээн монгол, орос сурвалж нэгэн дуугаар тэмдэглэжээ.

Цааш Богд уулыг давуулан Манзушир ламын хийд дээр хүрч харьяат баламын урьдаас бэлтгэсэн монгол гэр тугдамд Богд, Эх дагина хоёрыг залж амруулан сувилж байсан ажээ.

Ийнхүү Богд гэгээнтэнийг хятадуудын гараас 1921 оны 2 дугаар сарын 1-ны өдөр (Орос сурвалжаар бол 2 сарын 2-ны өдөр) сулласан байна.
Харин Хүрээнд байсан Першин бичихдээ: “1921 оны 2 дугаар сарын 2-ны өдрийг сайн санаж байна. Энэ үед голдуу монгол, хятадгүй цагаан сард бэлтгэж байдаг бол энэ удаа хачин нам гүм байдалтай байлаа. Гудамжинд хэн ч үзэгдэхгүй. Гамингууд айлуудаар хэрэн тэнэж, морь, тэргүүдийг хайж байна гэдгийг танилаасаа сонслоо. Хүрээнээс тэд гарах гэнэ чухам хэзээ гэдгийг бүү мэдлээ”  хэмээснээс үзвэл Богд гэгээнтэнийг 2 дугаар сарын 1-ны өдөр суллаад дараагийн өдөр нь Унгерны цэргүүд Хүрээ рүү дайраагүй өнжсөн бололтой байна. Харин Унгерны Цэргийн штабын офицер Князев “2 сарын 3-ны өдөр бид амарч түр сэргэлт авсан” хэмээн бичсэн буй.

Унгерны төлөвлөгөө тун гайхалтай бүтэж эхлэв. Богд гэгээнтэнийг хятадуудын гараас  аврах төлөвлөгөө амжилттай хэрэгжиж, Унгерн Богд ууланд олон цэргүүдээр гал асаалган хятадуудад цэргийн тоогоо хэд дахин олон буйг нотлон харуулж дөнгөв.

 Хүрээний эргэн тойрон Богд ууланд хүртэл олон хятад цэргүүд харуул хийж байсаныг тухай бүр Унгерны цэргүүд буудан хөнөөжээ.
15 дугаар жарны цагаан бичин жилийн өвлийн сүүл сарын 25 (Магсар хурцынхаар) буюу 1921 оны 2 дугаар сарын 2 (Оросуудын бичснээр бол 2 дугаар сарын 3)- ны өглөөний 7, 8 цагаас Маймаа хотын өмнөх талаар Богд уулсын Хүрхрээгийн орчмоос хэд хэдэн удаа хятад цэргүүд рүү довтолж, улмаар монгол, орос цэргүүд хүчээ нэгтгэн Хүрээ рүү мөн өдрийн шөнийн харанхуйгаар дайрч орж, хятад цэргийнхэнийг байрыг эзлэсэн хэмээн Магсар хурц бичсэн буй.

Харин орос сурвалжид эл өдрийн үүр шөнийн заагаар буюу өглөөний 5 цаг 30 минутаас Хүрээ рүү довтлон хятад цэргүүдтэй ширүүн тулаан хийсний дүнд үдийн хойно 16 цагийн орчим Хүрээний ихэнх хэсгийг чөлөөлж, хятад цэргүүдийг баруун болон хойд зүг рүү хөөж гаргаж дөнгөв хэмээсэн буй.

Хятад сайд Чин И, цэргийн эрх баригчид нь дагалдагчдын хамтаар 26-ны үүр гэгээрэхийн үесээр бүгд 12 уурын тэрэгнээ сууж Хүрээний баруун хойд Толгойтын давааны замаар зугтаан одохыг олон хүн үзсэн хэмээн Магсар хурц тэмдэглэсэн буй.

Ийнхүү Монголын нийслэл Хүрээг 1921 оны 2 дугаар сарын 3-ны өдөр Барон Унгерн хятадуудаас чөлөөлжээ. Орос эх сурвалжид 2 дугаар сарын 4-ны өдөр чөлөөлсөн хэмээн бичсэн буй.  Хэрэв Богдыг 2 дугаар сарын 2-ны өдөр чөлөөлсөн бол нэг өдөр өнжөөд 2 сарын 4-ны өдөр Хүрээг чөлөөлсөн байж болох юм. Ямартаа ч цагаагчин тахиа жилийн шинийн нэгэн буюу 1921 оны 2 дугаар сарын 8-ны өдрөөс 4-5 хоногийн өмнө Хүүхэн хутагтын хэлсэн ёсоор Унгерн Хүрээг амжилттай чөлөөлөв. Хүрээнд байсан хүмүүсийн ихэнх нь энэ чөлөөлөлтийг баяртайгаар угтаж авлаа.

 Унгерн Хүрээг хятадуудаас чөлөөлөөд, эхний ээлжинд хятадын шоронд хоригдсон Дара эх лам Чойжинжанцан, Дүйнхорын да лам Пунцагдорж, хатанбаатар ван Магсаржав, бэйс Магсаржав хурц, бэйс Лувсанжанцан, бэйс Иш-Очир, гүн Жамьян, гүн Гомбоидшин, гүн Жигмиддорж нарын 11 хүнийг, улмаар Шүүх яамны их гянданд хоригдсон орос, буриад, монгол олон хүнийг суллахад тэд цөм “ура” гэж хашгаралдан гарсан нь “олон хүн халуун амийг дахиж олсон мэт гайхамшиг учрал тохиолдсон” үнэхээрийн хувь зохиолтой хэрэг болсон хэмээн Магсар хурц тэмдэглэсэн буй. Харин тэдний хамт хоригдсон манлай баатар ван Дамдинсүрэн тэр газраа бие барсан байв.

Хүрээг чөлөөлсөний дараа Монголын засгийн газар дахин байгуулагдав
Хүрээний эрдэнэ шанзав Дашжав нараас мөнхүү Хүрээнд бүхий Засагт хан аймгийн Жалханз хутагт Дамдинбазар, Монгол сайд агсан Түшээт хан аймгийн чуулганы дарга дархан чин ван Пунцагцэрэн, мөн аймаг эрдэнэ жонон ван Ширнэндамдин, Сэцэнхан аймгийн чуулганы дарга дайчин жонон ван Цогдбадрах, мөн аймгийн Сүжигт ван Доржпалам, Сайн ноён хан аймаг хатанбаатар ван Магсаржавын зэрэг лам ноёдыг урьж цуглуулан Барон Унгерн лугаа мөнхүү сарын 27-ны өдөр уулзжээ.

Маймаа хотын хойд талд бүхий цэргийн хорооны газар түр сууж байсан Унгерн хэлэхдээ: “би орос, монгол, манж гурван хааны төрийг дахиж мандуулах зорилготой хүн. Одоо Хүрээг ёсгүй эзэрхсэн хятадыг нэгэнт үлдэн гаргалаа” хэмээгээд “Богд хааныг ширээнд залах сайн өдрийг сонгож, Богд хаан, хатан нарыг Хүрээнд ирүүлэн Засгийн Газрын таван яамыг дахиж байгуулах ба сайд түшмэдийг сонгон хэрэглэх зэргийн явдлыг Монгол ван, гүн Богдын шавийн эрх баригчид зөвлөлдөн төлөвлөж Богд хаанаа сонсхон айлтган тогтоолговоос зохимуй” хэмээсэн байна.

Өөрөөр хэлбэл, Богд хааныг тань хятадуудаас суллаж, Хүрээг чөлөөлж өглөө та бүхэн Богд эзэн хаанаа ширээнд залж, төр засгаа төвхнүүл хэмээн хэлсэн хэрэг юм. Түүнээс бус Барон Унгерн монголын дотоод бүхий л хэрэгт оролцоогүй болохыг ч бас эндээс харж болох юм.
 Барон Унгерн Хүрээг чөлөөлсөний дараа хийсэн ажлууд гэвэл,
-    Хүрээг олон жилийн хур хог, дайнд үрэгдэгсдээс цэвэрлэжээ
-    Хүрээнд дэг журам тогтоов
-    Хүрээд хэвийн амьдрал тогтоов
-    Хүрээнээс зугатаж гарсан хятадын Сюй жанжины цэргүүдийг араас очиж бут цохин монголын хилээс бүр мөсөн хөөж гаргав.
-    Хүрээнд бүгж байсан социалист болон еврей нартай тооцоо бодов.
-    Барон Унгерн өөрөө бурханы шашинд орж, Богд хааны шавь болов. Тэрбээр цаазаар авхуулахдаа хүртэл урагдаж муудсан монгол шар дээл, монгол гуталтай байсан юм. Богд хаан ч Унгерныг цаазаар авхуулсан тухай мэдээ аваад Хүрээнд буй хийдүүдэд хурал ном хуруулсан гэдэг.
1921 оны 2 дугаар сарын 8-ны өдөр цагаагчин тахиа жилийн цагаан сарын шинийн нэгэн болж, шинэлэх, цагаалах ёслолыг хуучин ёсоор явуулжээ.

1921 оны 2 дугаар сарын 10-ны өдөр буюу шинийн гуравны өдөр Богд гэгээнтэн, хатан нар Манзуширын хийдээс Хүрээний ордондоо сүйх тэргээр эгж заларсан байна.

2 дугаар сарын 10-ны өдөр буюу Богд хаантаны Хүрээнээ заларсан өдөр монгол ноёд хуралдаж, монгол засгийн газрыг дахин босгож, Богд хаанаа хэвээр ширээнд залах ба Дотоодын зэрэг таван яамны байгуулалтыг сэргээж, сайд түшмэдэд хэн хэнийг сонгох талаар зөвлөн хэлэлцжээ. Эл өдөр Монгол Улсын ерөнхийлөн шийтгэгч сайд бөгөөд Дотоод яамны тэргүүн сайдад Засагт хан аймгийн Жалханз хутагт Дамдинбазар, Гадаад яамны тэргүүн сайдад Шавийн Шанзудба Дашжав, Цэргийн яамны тэргүүн сайдад Сэцэн хан аймгийн бишрэлт гүн Доржцэрэн, Сангийн яамны тэргүүн сайдад Түшээтхан аймгийн тэргүүн зэргийн тайж Лувсанцэвээн, Шүүх яамны тэргүүн сайдад Сайн ноён хан аймгийн бэйс Чимэддорж нарыг тохоох болон таван яамны дэд сайд хошоодыг бас нэр агчдыг тохоох, Монгол цэргийн бүх жанжинд Хатанбаатар ван Магсаржавыг томилуулах тухай саналыг Богд хаантнаа сонсгон айлтгаж зөвшөөрөлыг олжээ.

Мөн эл хурлаас Богд хааныг эрдэнийн сууринд дахиж залах өдрийг олнаа өргөгдсөний 11 дүгээр он цагаан сарын 15 буюу 1921 оны 2 дугаар сарын 22-ны өдөр хэмээн товложээ.
Ийнхүү товлосон сайн өдөр болж, төрийн ордонд Богд хааныг Монгол Улсын эзэн хааны эрдэнийн сууринд дахин залж, төрийн ёслолыг явуулсан байна.  Богд гэгээн Монгол Улсын эзэн хааны ширээнд залраад зарлиг буулган, Дотоодын зэрэг таван яамыг байгуулан, сайд, жанжин нарыг дээр дурьдсан ёсоор тохоон томилжээ.

Богд эзэн хаан мөн өдөр хишиг тараах зарлиг буулгав.
Богд эзэн хааны ширээндээ залраад буулгасан зарлигтаа: Барон Унгерны Монголын бие даасан байдлыг сэргээн тогтооход оруулсан хувь нэмрийг өндөр үнэлж, “харгис дайсаныг сөнөөн арилгаж хүрээ хотыг бүрэн бүтнээр хамгаалан авч газар орныг амар болгон тохинуулж засгийн эрхийг уг хэвээр явуулсан нь үнэхээрийн бишрэлтэй, сайшаалтай” хэмээн тэмдэглээд эл хэрэгт “эн тэргүүн гавьяа байгуулсан орос жанжин генерал Барон  дор үе улиран хан зэргэ дархан хошой чин вангийн хэргэм ногоон жууз, улбар шар хүрэм, шар жолоо гурван нүдэт тогосын отго, улсыг мандуулагч их баатар жанжин цол”  олгон шагнасан байдаг. Ийхүү Барон Унгерн Монгол Улсын баатар болжээ.

Сэргээн байгуулсан Монгол Улсын Богд эзэн хааны Засгийн газар төр улсаа эмхлэн байгуулах, дотоод, гадаадын талаар олон асуудалд анхаарлаа хандуулж байв. Энэ үеийн Засгийн газрын үйл ажиллагааны талаарх судалгаа үнэхээр хомс билээ.

Тухайн үед эл засгийн газраас хэрэгжүүлсэн нэг томоохон ажил бол Монголын төрийн анхны цаасан мөнгөн тэмтэгт болох Бага болзоотыг гаргасан явдал юм. Богд хаант Монгол улсын Засгийн газар 1921 оны 4-р сарын 20-ноос 10-р сарын 20-н хүртэл зургаан сарын хугацаатай цаасан мөнгийг гүйлгээнд гаргажээ. Монгол Улсын сангийн яамны сайд Лувсанцэвээн Богд эзэн хаантанаа Олноо өргөгдсөний 11 оны 4 дүгээр сарын 17-нд айлтган: засгийн газрын баталгаат тэмдэгт гаргах тухай мэдэгдэж зөвшөөрөл эрсэнд Богд хаанаас дөрөв хоногийн дараа “уг хүссэн ёсоор болгогтун” хэмээн цохолт хийж зарлиг буулгаснаар Монгол Улсын “бага болзоот баталгааны тэмдэг” буй болжээ.

Энэхүү мөнгөн тэмдэгтийг малаар баталгаажуулж гаргасан ба “бага болзоот” хэмээн нэрлэж, 10, 25, 50, 100-тын долларын дэвсгэртээр модон бараар хэвлэсэн байна.  10-т нь хонины, 25-т нь үхрийн, 50-т нь морины, 100-т нь тэмээний зурагтай ба хэвлэгдсэн газар, он, сар, өдөр, тамга тэмдэг, гарын үсэгтэй юм. Мөнгөн тэмдэгтийн модон барыг Монгол улсын эрдэнийн хаш тамгыг сийлсэн уран сийлбэрч Лувсангомбо урласан байна. 

Энэ бол Богд Хааны зарлигаар, Монгол Улсын Засгийн Газраас эрхлэн гаргасан, Сангийн Яамны тамга, сайдын гарын үсэг бүхий, Монгол Улсын Засгийн Газрын хөрөнгөөр баталсан, Монголын дотоодын гүйлгээнд гаргаж хэрэглэсэн, монгол хүн ур ухаанаа шингээж бүтээсэн Монгол Улсын цаасан мөнгө юм. Барон Унгерн Хүрээг хятадуудаас чөлөөлсний дараа гарсан мөнгө учраас ард олон “Бароны мөнгө” гэж нэрлэж байв.  

Санал,  дүгнэлт
1921 оны 2 дугаар сард сэргээн тунхагласан Монгол Улсын Засгийн газрын Ерөнхий сайдаар Жалханз хутагт Дамдинбазар Богд хааны зарлигаар томилогдон ажилласан билээ. Тэрбээр мөн оны 4 дүгээр сараас Баруун хязгаарын илбэн тохинуулахаар явахдаа Богд хааны зарлигаар Ерөнхий сайдын албаа Манзушир хутагтад хамааруулсан билээ. Өөрөөр хэлбэл 1921 оны 2 дугаар сарын 22-ноос 4 дүгээр сарын сүүл хүртэл хугацаанд Монгол Улсын Ерөнхий сайдаар Жалханз хутагт ажиллаж байсан бөгөөд хожуу 1922 оноос 1923 оны 6 дугаар сард Монгол Улсын Ерөнхий сайдын албыг тэрбээр хоёр  дахь удаагаа хашсан юм. Монголын түүхэнд хоёр удаа Ерөнхий сайдын албыг хашсан А.Амар, Ц.Элбэгдорж нар лугаа Жалханз хутагт Дамдинбазарын нэр зэрэгцэн орших учиртай.

Түүнээс гадна Жалханз Хутагт Дамдинбазараас Монгол Улсын Ерөнхий сайдын тамгыг авч, хамаарсан Ерөнхий сайд хэмээн дуудуулж, уг албыг хашиж байгаад 1921 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн 15 цагт засгийн тамгаа Ардын засгийнханд хүчээр өгсөн хүн бол Манзушир хутагт Цэрэндорж билээ. Тэрбээр хожим 1937 онд хилс хэрэгт цаазлуулсан юм.
Орчин цагийн Монгол Улсын төрийн ордоны зүүн жигүүрийн хоёр давхарын урд талд Монгол Улсын Ерөнхий сайд нарын хөрөг өлгөөстэй байдаг билээ. Энд Монгол Улсын Ерөнхий сайд Сайн ноён хан Намнансүрэнгээс эдүгээгийн ерөнхий сайд нарын зураг хүртэл буй. Харин эл хөрөг дотор Жалханз хутагт Дамдинбазарын зураг буй боловч чухамдаа анхны удаа хашсан Ерөнхий сайдын хугацааг бичээгүй байдаг бол Манзушир хутагт Цэрэндоржын зураг ороогүй байдаг.
Саяхан болтол эл үеийн түүхийг “Бароны үе” хэмээн муучлан элдэв өнгөөр будаж байв даа. Эдүгээ цагийн салхи эргэж буй ч энэ талаар дорвитой судалгаа үгүй л байна.

Бас нэгэн хэлэх учиртай зүйл байна. Монгол Улсын төрийн ордонд Монгол Улсын Ерөнхий сайд нарын хөрөг байх нь зүйн хэрэг.
Харин 1911 оноос 1924 онд Монгол Улсын эзэн хаан, шашин төрийг хослон барьж байсан VIII Богд Жавзандамба хутагтын түүхэн үүрэг ХХ зууны Монголын түүхэнд онцгой билээ. Гэтэл эгэл бус эл хүмүний хөрөг зураг, цээж баримал Төрийн ордоны хаа нэгтэй байрлахад буруудахгүй хэмээн санана.

Иймээс 1911 оны үндэсний хувьсгалын 100 жилийн ойг тохиолдуулан Монгол улсын сүүлчийн эзэн хаан Богд Жавзандамба хутагтын хөргийг төрийн ордоноо залах эсвэл түүний цээж барималыг төрийн ордоны хаа нэгтээ бүтээн байрлуулбал нэгэн зууны тэртээ олон монголчуудын магнайг тэнийлгэн сэтгэл, итгэлийг нь баясгаж сэрээсэн үндэсний түүхэн үйл явдлын санаачлагдын нэг, удирдагчийн үйл хэргийг түүхэнд зохих байрийг нь эзлүүлэхэд бага боловч тус нэмэр болохсон хэмээн санамой.

Энэ жил Монголын үндэсний хувьсгалын 100 жил тохиож буйтай холбогдуулан ядаж Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын хаа нэгтээ Монгол Улсын сүүлчийн эзэн хаан Богд Жавзандамба хутагтын хөшөөг сүндэрлүүлэх нь түүний талаар дэндүү их дайрч гутаан доромжилсан түүхийн өмнө цагаатгал болохсон гэж бодох юм даа. Мэдээжийн хэрэг үндэсний хувьсгалын эцэг нь болох Богдын тухайд түүхэн үнэний дагуу засаж залруулах кино, урлаг, уран сайханы зохиол гээд зөндөө л ажил ундрах хэрэгтэй дээ. Гэтэл бид одоохондоо тархи угаагчдын дүрд гайгүй шиг тоглодог болоод байна даа. Өнгөц харвал үндэсний түүхийн энхэл доголыг засаж буй шиг мэт боловч үнэндээ өнгөлөн далдалдаас цааш гарч чадаж байгаа болов уу хэмээн бодном. Юутай ч монголчууд өөрийн үндэсний түүхээ мэдэж, түүнээсээ сурч эхэлбэл хамгийн зөв эхлэл байх бөгөөд эх түүхэнд эл үндэстний мандан бадрахын үндэс оршиж буй хэмээн санамой.

Цахим Өртөө Сүлжээнд элсэх

  • Өртөөний сүлжээнд элсэх

tsahim_urtuuХэрэв та Монгол Туургатны Цахим Өртөө Сүлжээнд элсэхийг хүсвэл: http://groups.google.com/group/tsahim-urtuu-suljee хаягаар зочилж маш хялбархан бүртгүүлж болно. Та Гүүгл суурьт энэхүү сүлжээнд имэйлээ бүртгүүлснээр манай сүлжээний гишүүн болно.

 

Image Temp

Энэ хуудас нь Цахим Өртөө сүлжээний нийт гишүүдийн хамтын бүтээл байх бөгөөд ажил хэргийн санал болгоныг вэбийн хамтлаг тухай бүр нь тусган энэ хуудсанд оруулж байх болно. Хамтран ажиллаж буй, ажиллахаар зэхэж буй таньд баярлалаа.

Newsletter