194-р сар2019

Бүлэг: Ярилцлага

“Универсаль” Батжаа

-Төрсөн нутаг, торниж өссөн газар, бага нас, спорттой “танилцсан түүх” гээд уламжлалт асуултаар ярилцлагаа эхлэх үү?

-Унасан газар бол Улаанбаатар л даа. Гэхдээ хүүхэд ахуй насаа Дархан хотод өнгөрүүлж, тэндхийн 1 дүгээр 10 жилийн сургуулийг төгссөн. Найрамдлын Дархан бол залуусын хот байлаа. Дээр нь Зөвлөлтийн мэргэжилтнүүд их. Тэдний барьж байгуулж өгсөн спортын заал танхим, барилга байгууламж олон. Тиймээс ч спортын уралдаан тэмцээн их зохиогдоно. Миний төрсөн ах Шүрэнчулуун спортоор хичээллэдэг, шаггүй тамирчин байсан юм. Ахыгаа дагасаар спортод хорхойссон хэрэг. Сагс, хөлбөмбөг, волейбол, хөнгөн атлетик, цана, ширээний теннис юм юманд сургуулиа төлөөлөн тэмцээнд оролцдог хүүхэд байсан. Манай сургуулийн Ваанжил, волейболын Сорогжоо багш нар бол спортод дөртэй болгосон ачтанууд маань.

-Анхны тэмцээн, анхны медаль сэтгэлд тод үлддэг дээ?

-Анхны томоохон тэмцээн гэвэл Монголын пионер сурагчдын спартакиадын цанын бүсийн тэмцээн. Одоо Эрдэнэтийн “Хангарьд” клубын захирал, гавьяат дасгалжуулагч Баясгаланг гүйцэлгүй хоёрт орж байлаа. Дараа нь сагсанбөмбөгөөр МПС-ын спартакиадаас мөнгө, хойтон жил нь волейболын өсвөрийн УАШТ-ээс бас мөнгөн медаль авсан.

-Цана,сагс,волейбол гээд гурван ч төрөл хөөж байж. Аль нэгээр нь дагнан хичээллэх бодол т?рж байв уу?

-Үгүй ээ. Бүүр дээр нь хөнгөн атлетикаар тэмцээнд ордог болсон. Хөнгөнд бидний дээд үеийнхнээс одоо БТСУХ-ны дарга Наранбаатар үнэхээр тасархай, дийлддэггүй хүүхэд байсан. Би урт, өндөрт харайна, ойрын зайд гүйнээ. Тэр үед Социалист орнуудын хүүхдийн “Найрамдал” дөрвөн төрөлт гээд хөнгөн атлетикийн олон улсын том тэмцээн жил бүр зохиогддог байсан. Манайхан багаараа медалиас мултрана гэж байдаггүй, ялангуяа 60 метрт голцуу алт авдаг байсан. 1974 онд “Найрамдал” 4 төрөлт БНАГУ-ын Берлин хотноо болоход манайхан багаараа медаль авч чадаагүй. Аз түшсэн юм уу, од нь гийсэн юм уу би бөмбөг шидэлтэд болон нийлбэр дүнгээр гуравдугаар байрт орж хошой хүрэл медаль зүүж байлаа. Бас нэг хүүхэд хувийн дүнгээр хүрэл авсан санагдана.

-За тэгээд дараа нь хөлбөмбөг, хоккей хүртэл тоглосон биз дээ?

-1975 онд УБДС-ийн Биеийн тамирын факультетэд урилгаар орж суралцсан. Тэр жилээ УБДС-ийн волейболын багт тоглон улсын аварга болсон. Мөн хөлбөмбөгийн багийн ахлагчаар тоглох болсон. Тэрнээс хойш ихэвчлэн хөлбөмбөгөөр дагнасан даа.

-Ингэхэд спортын мастер цолыг аль төрлөөр хүртсэн юм бэ?

-Хөлбөмбөгөөр спортын мастер анх болсон юм.Дараа нь хоккей, бүүр сүүлд талбайн теннисээр спортын мастер болсон. Сагс, волейбол, цана, хөнгөнатлетик, ширээний теннисээр улсын 1 дүгээр зэргээс ахиагүй ээ.

-Тоглохын хажуугаар сагс, хөлбөмбөгийн талбайд шүүгч хийж байхыг чинь олон харсан?

-Сагс,хөлбөмбөг, хоккей, талбайн теннисний улсын шүүгч цолтой. Тэмцээн уралдаан болохоор шүүгч их ховор байдаг байлаа. Оюутан байхад “Та нар ном дүрмийг үзэж буй улс шүүгч хий, ядаж маргаан будлиан гарахгүй” гээд шүүгч хийлгэдэг байлаа. Оюутан, дараа нь зааварлагч хийж байхдаа олон спорт тоглоомын дүрмийг орчуулж байсан. Тэгэхээр шүүгч хийхэд амар л даа. Сүүлдээ ч шүүгчийн амтанд ороод ирдэг юм билээ.

-Сургуулиа төгсөөд хаана очиж спортын “үр” тарив?

-Монголын Үйлдвэрчний Эвлэлийн Соёлын Төв Ордонд зааварлагч, дасгажуулагчаар томилогдон очсон. Их том байгууллага байсан юм,тухайн үедээ. Бас харьяалалын дагуу Октябрийн район, “Замчин” нийгэмлэгийн х?лбөмбөг, хоккейн багт тоглоно оо. Хөлбөмбөгөөр УАШТ-ээс хүрэл медаль авч байсан. МҮЭСТО-д байхдаа хүүхдийн хоккейн баг байгуулж, өөрөө ч дунд нь ороод хүүхдүүдтэйгээ томчуудын тэмцээнд ордог байлаа. Мөн хөлбөмбөгийн холбооны тэргүүлэгч гишүүний сонгуультай, тэр үед хоккейн холбоо гэж тусдаа байгаагүй хөлбөмбөгтэй хамт байсан болохоор “Залуу үе” сэтгүүлийн нэрэмжит хоккейн тэмцээнийг зохион байгуулах үүрэг хүлээнэ. Манай хоккейн баг өсвөр үеийн улсын АШТ гэж зохиогддог байсан “Алтан шайб” тэмцээнээс нийтдээ 18 алтан медаль авч байлаа.

-Тэгээд яаж яваад теннистэй холбогдсон юм бэ?

-Энэ их сонин, бас хөгтэй түүхтэй. 1987 онд Москва хотноо БТС-ын удирдах ажилтны курсэд явж нилээд хэдэн сар номын дуу сонссон.Хуучин ЗХУ-ын шигшээгийн том том дасгалжуулагч, нэртэй профессорууд, шилдэг тамирчидтай нэг буудалд байрлана. Тэр үед өөрчлөн байгуулалт ид өрнөж байсан юм. Нөгөө томчууд чинь өглөө нь хичээл дээр “Баруун руу тамирчдаа гаргаж болохгүй, мэргэжлийн спорт бол мөнгөний төлөө байдаг, тамирчдыг ёс суртхуунгүй болгодог” гээд л лекц уншдаг мөртлөө орой нь буудалдаа хэн нэгнийхээ өрөөнд цуглаад буу халахаараа “Яаж баруун руу гарах вэ?” гээд л ярина. Бид нар ч бүүр учрыг нь ойлгохгүй. Нөгөө Зөвлөлтийн томчууд намайг ямар спортынх вэ гээд л асууна. Хөлбөмбөг , хоккей гэхээр татаад уначихдаг байсан. Би ЗХУ-ын зүлгэн дээрх хоккейн шигшээ багийн тамирчин байсан Мураттай илүү дотно найзалдаг байсан. Мурат надад “ Чи Монголдоо теннис хөгжүүл. Чам шиг жижиг биетэй хүн яаж хоккей, хөлбөмбөг тоглох вэ” гэнэ. Тэр үгийг нь ч нэг их тоосонгүй мартчихсан. Нэг өдөр Улаан талбайн хажууд байдаг ГУМ, ЦУМ гээд дэлгүүрээр хэсээд явж байтал нэг тасаг дээр бөөн хүн оочерлоод эхэллээ. Би ч нэг их ховор чухал бараа гарах нь гээд л дунд нь ороод зогсчихлоо. Оочерлож явсаар лангуун дээр хүртэл талбайн теннисний модон цохиур зарж байна. Нэгэнт баахан оочерлосных 16 рублиэр хоёр цохиур авлаа. Тэр үед гадаадад курст сурсан, туршлага судалсан хүмүүс эх орондоо буцаж ирээд заавал нэг шинэ юм нэвтрүүлэх үүрэгтэй байсан болохоор Монголдоо очоод теннис дэлгэрүүлье гэж бас бодсон хэрэг. Тэгээд гарч явтал нэг орос нэг цохиураа зарчих гээд шалаад дагаад болдоггүй ээ. Бүүр 16 рубль өгье гэхээр нь надад нэг байхад болно гэж бодоод зарчихлаа. Теннис тоглоход хоёр цохиур хэрэгтэй болно гэж мэдэхгүй байсан байгаа юм.

-Ганц цохиуртай хүн Монголд ирээд яаж теннисийг хөгжүүлэв?

-Намайг ирэхэд МҮЭСТО дээр волейболын Түвдэнжигмэд багш, ПТДС дээр зөвлөх доцент Гарке нар хэдийнээ теннисний секц нээчихсэн хичээллүүлж байв. Би ч удалгүй энэ хоёр секцний хооронд анхны тэмцээнийг зохион байгуулж,өөрөө хувийн цохиуртай том амьтан орлоо. 60 гаруй хүн орсон чинь би өөрөө хамгийн сүүлийн байрт ордог юм.Шар ч их хөдөллөө. Бэлтгэл ч их хийв. Хоёр дахь тэмцээн болоход шууд хоёрдугаар байрт орлоо. Ингээд л эргэж буцалтгүй теннист орж эргээд тамирчин болсон доо.

-Тэр үед теннисийг баячуудын, дээдсийн, хөрөнгөтөн орны спорт гээд бараг хавчдаг байсан биз?

-Бараг тийм шүү. Гэхдээ манайд байсан ЗХУ, Чех, Унгар, Англи, Японы ЭСЯ-ны ажилтнууд их тоглодог байсан болохоор арай гайгүй ханддаг байсан. Дан монголчууд тоглож байсан бол бараг хаах байсан биз. ЗХУ-ын Элчингийн зөвлөх Павлов маш сайн тоглодог байлаа. Бид хоёр хос тоглолтод цөөнгүй тэмцээнд хамт тоглосон,түрүүлж ч байлаа.Сүүлдээ сүрхий найзууд болсон. Мань эр багадаа Москвагийн аварга хүртэл болж явсан юм билээ. Павлов надад Орос дэлгүүрийн пропуск, бүүр хоёр өрөө байр хүртэл бэлэглэж байсан шүү.

-Теннис тоглохын хажуугаар спортын зүтгэлтний гараагаа эхэлсэн үү?

-Би өөрөө нилээд хожуу 30 хүрч байж теннисээр хичээллэсэн. Гэхдээ улсын аварга цолыг 16 удаа (ганцаарчилсан, холимог хос, хос тоглолтоор) хүртсэн юм. Тэгэхээр өөрөө тоглохоос илүү хүүхэд багачууд, залуусыг энэ спортод дуртай болгоё, энэ сайхан спортыг хөгжүүлье гэж боддог байлаа. Нөгөө талаар угаасаа зааварлагч, дасгалжуулагчаар ажиллаж байсан болохоор 1987 онд Улаанбаатар хотын Талбайн теннисний төв клуб гэж байгуулагдахад нарийн бичгийн даргаар сонгогдсон. Дараа нь 1990 онд Монголын талбайн теннисний холбоог үүсгэн байгуулалцаж ерөнхий нарийн бичгийн даргаар сонгогдон, наашаа Америкт иртлээ 13 жил ажилласан даа. Бас 1992-1995 онд Талбайн теннисний гүнзгийрүүлсэн анхны хувийн дунд сургууль байгуулан захирлаар нь, 1995-2003 он хүртэл Теннисний Академийн захирлаар тус тус ажилласан юм байна.

-Ж.Батжаргал...Ж.Батжаргал...Ж.Батжаргал гэсэн нэг онигоо яагаад гарсан юм?

-Би чинь өөрөө тоглоно, шавь нараа дасгалжуулна, тэмцээнээ зохион байгуулна, МТТХ-ны е.н.б.д болон Теннисний Академийн захирал болохоор тамирчдынхаа шагналыг гардуулна, теннисээ сурталчлах гээд сонин хэвлэлд мэдээ бичээд өгнө, бүх юманд л өөрөө гүйдэг байж. Үүнийг Олимпийн хорооны Отгонцагаан олж мэдээд “ Талбайн теннисний УАШТ болж эрэгтэй ганцаарчилсан төрөлд Ж. Батжаргал, хос тоглолтод Ж.Батжаргал, .... нар, холимог хос тоглолтод Ж. Батжаргал ,... нар, түрүүлэв. Байгууллагын дүнгээр Ж.Батжаргал дасгалжуулагчтай, Ж.Батжаргал ахлагчтай баг тэргүүллээ. Медальт байрт шалгарсан тамирчдын шагналыг МТТХ-ны е.н.б.д , теннисний Академийн захирал Ж.Батжаргал гардуулав. Мэдээг бичсэн Ж.Батжаргал” гэсэн онигоо”Таван цагариг”-т гаргасан. Бараг болсон явдлаас төрсөн онигоо л доо.

-Талбайн теннисий холбоонд энэ урт хугацаанд ажиллахдаа хийж бүтээсэн зүйл их л байгаа байх даа?

-Бүтэн 13 жил ажилласан юм чинь амжилт ололт , алдаа дутагдал аль аль нь гарсан биз дээ. Гэхдээ хэд хэдэн зүйлд сэтгэл хангалуун явдаг. Юуны өмнө Монголын талбайн теннис Азийн болон Олон улсын холбоонд данстай болсон. Зүгээр ч нэг идэвхгүй гишүүн болоогүй. Анх 1993 онд Азид манайх чансаагаараа хамгийн сүүлд буюу 44-т бичигдэж байсан. 2003 онд 17-д бичигддэг болсон. Энэ хугацаанд ОУТТХ-ны эксперт багш нар манай оронд 5 удаа ирж дасгалжуулагчдыг бэлтгэсэн, ОУОХ,МҮОХ-той хамтран Үндэсний семинарыг хоёр удаа зохион байгуулсан, улсын АШТ-ийг насанд хүрэгчид, залуучууд, өсвөр үе, ахмадын гэсэн насны ангиллаар зохиодог болсон, өсвөр үеийнхний дунд “Шидэт цохиур” лигийн тэмцээнийг зохиож ирсэн. Теннисээр хичээллэгсдийн тоо жил бүр өсч, тамирчдын амжилт тогтмол ахин олон улсын тэмцээнээс олон зуун медаль авсан. Бас нэг том зүйл бол боловсон хүчнийг бэлтгэх асуудлыг шийдвэрлэж, бүх Биеийн тамирын дээд сургууль дээр теннисний багш,дасгалжуулагчийн анги нээсэн. ОТТХ-ны мини теннисний хөтөлбөрийг эх орондоо хэрэгжүүлсэн. Тоймтой сэтгэлд хүрсэн ажлууд гэвэл иймэрхүү. Мөн холбоогоо байр савтай болгох, харилцаа холбоог нь өргөжүүлэх, материаллаг баазтай болгох гээд аж ахуйн чанартай ажил ч их хийж. Ер нь МТТХ-г айлын дайтай айл болгосон гэж боддог.

-Тэгээд яагаад энэ айлаа “эзэнгүй” орхиод Америкт хүрээд ирсэн юм бэ?

-Орхисон хэрэг биш ээ. Теннис өндөр хөгжсөн энэ оронд ирж бодит байдлыг харж мэдье, өөрөө ч суралцая, мэргэжлийн теннис гэж юу байдгийг нь үзье, тэгээд мэдсэн сурсанаа нөгөө хэддээ хэлье, зөвлөе гэж бодоод ирсэн. Нэгэнт хөл дээр нь баттай зогсоогоод, зөв гольдрилд нь оруулсан болохоор хэн ч тэр “айлыг” аваад явчих байх гээд санаа зоволгүй наашаа гарсан. Бас үр хүүхдээ гайгүй боловсрол мэдлэгтэй болгоё, амьдралаа дээшлүүлье гэж бодолгүй яахав дээ.

Энд ирээд Америкийн мэргэжлийн теннисний холбооны гишүүн боллоо. Мэргэжлийн тамирчин бэлтгэх багш дасгалжуулагчдаас онол, практик, техник гээд олон янзын айхтар тесттэй шалгалт аваад зэрэглэлтэй зөвшөөрөл олгодог юм байна. Дээд тал нь Master PRO,тэгээд PRO 1-ээс 4 гэсэн гэж зэрэглэл байдаг бөгөөд би PRO-2 зэргийн шалгалтыг өгч тэнцээд батламжаа авсан. Одоогоор нилээд олон америк, ганц нэг монгол хүүхдэд хичээл зааж байгаа.

-Оролцож явсан уралдаан тэмцээн, уулзаж явсан томчууд олон биз дээ?

-Олон улсын тэмцээнд хүүхдүүд шавь нараа авч их явсаан. Томоохон тэмцээн гэвэл 1990 оны Бээжингийн Азийн наадамд тамирчнаар, 1998 оны Бангкокын, 2002 оны Бусаны Азийн наадамд дасгалжуулагчаар оролцсон. Мөн 1998 онд Москвад болсон хүүхдийн олимпод шавь нартайгаа хамт оролцсон. Тэр хүүхдийн олимпод Оросын охидууд их сайн тоглож байсан юм. Тэгээд тэдэнтэй шавь нарынхаа хамт зургаа татуулсан. Одоо тэр А. Мыскина, Е. Дементьева нар дэлхийн шилдэг мэргэжлийн теннисчид болсон байна. Бас Уимблдоны 1987 оны аварга, Австралийн нээлттэй тэмцээний 1987,1988 оны дэд аварга, Австралийн нэрт теннисчин Пэт Кэшээр хичээл заалгаж, кортон дээр тоглож үзэх завшаан олдож байсан. За тэгээд 1987,1997 онд Москвад мэргэжил дээшлүүлэх курст суралцаж байхдаа ЗХУ,ОХУ-ын шигшээгийн томчуудаар хичээл заалгаж, найзалж нөхөрлөж явсан.

-Хэдхэн хоногийн дараа таны нэрэмжит Америкийн монголчуудын теннисний аварга шалгаруулах анхдугаар тэмцээн болох гэж байна?

-Америкт ажиллаж, суралцаж, амьдардаг монголчууд сагс, хөлбөмбөгөөр аваргаа шалгаруулдаг сайхан уламжлал тогтсон. Энэ жилээс теннис нэмэгдэж байгаад тун баяртай байна. Миний шавь Ууганбаяр энэ тэмцээнийг санаачлан, зохион явуулах гэж байгаа. Эндээс ирээдүйд Монголынхоо нэрийг гаргах теннисчид төрж гарахыг үгүй гэх газаргүй. Ер нь Америкт байгаа манай хүүхэд залууст их бололцоо байна. Байр талбай, хувцас хэрэглэл гээд. Теннисээр гэхэд л хаа л бол хаа стандартын корт байна. Мэргэжлийн багш, дасгалжуулагч, секц дугуйлан бэлэн. Оролцох уралдаан тэмцээн тоо томшгүй олон байна. Алдарт А. Агасси, Ж.Курье, М.Риос, М.Селеш, М.Хингис, М. Шарапова , эгч дүү Уильямс гээд дэлхийн томчуудыг, оддыг бэлтгэн гаргасан Ник Боллетьерийн Теннисний Академи Флорида мужийн Брэдентон хотноо байна. Тэнд очоод суралцсан ч үүд хаалга нь нээлттэй шүү дээ. Эцэг, эхчүүдэд хүүхдээ мэргэжлийн сайн теннисчин болгочихвол шууд л саятан болно шүү гэдгийг бодолцоорой гэж хэлэх байна.

-Ярилцлага өгсөнд баярлалаа!

 

Ярилцсан “ТАВАН ЦАГАРИГ”-ийн АНУ дахь тусгай сурвалжлагч Ц.Энхтүвшин

  • Бичсэн sport
  • Үзсэн: 2873

Бүлэг: Ярилцлага

Бид Африкийн араас орох гэж үү?

-Сайн явж байна уу? За явсан газраар сонин сайхан их үү?
Наадмын хоёр дахь өдрийн өглөө эх нутгаасаа явах жаахан тиймэрхүү л байлаа, гэвч яахав ажлын шаардлага хойно. Африкийн баруун эрэгт орших Гана улсад зохиогдсон “Байгаль орчны бодлого судлал, технологийн асуудлаархи” олон улсын анхдугаар их хуралд оролцоод ирлээ. Таван тивийн тавь гаруй орны 300 гаруй эрдэмтэн судлаачид, төрийн болоод төрийн бус байгууллагын хүмүүс оролцсон нижгэр том хурал болж өнгөрлөө. 5 өдөр хуралдаж дараа нь тэндхийн алтны уурхайгаар явж үзлээ.


Монголчууд өнөөдөр явахгүй газар очихгүй орон гэж үгүй болжээ. Та ч бас нилээдгүй олон орноор явсан тухайгаа “Миний орчлон ХХ зуун” номондоо бичсэн байсан.
Би бүр хар багаасаа тэнэх дон шүглэсэн хүн л дээ. Туруун сумын хэдэн өвгөн жолооч нар намайг андахгүй дээ. Хүүхэд байхдаа буцаад ирнэ л гэвэл хаашаа ч хамаагүй явах машины тэвшинд нуугдаж суучихаад заримдаа баригдаж бөөн юм болдог байсансан. Хурааж цуглуулсан нэг их мөнгө хөрөнгөгүй атлаа таван тивийн тавь гаруй улс орноор явжээ. Үүнийгээ би их ховор аз завшаан гэж бодож, залбирч явдаг юм шүү. Сая Лондонд хараар ажиллаж амьдардаг нутгийн хэсэг хүүхдүүдтэй уулзаад ярьж байсан чинь нэг залуу Исландад гарчихаад цаашаагаа явж нөгөө мөсөн Гренландад ажиллаж амьдарч байгаа тухайгаа ярилаа. Нас жаахан залуухан байсан бол тэр нөхрийг дагаад туучихмаар л санагдаж байлаа.

Амьдрал Африкт ямар байх юм?
Чи миний бичдэг зүйлсээс мэдэх байх аа, би явсан очсон газраа муулах, харлуулах тун дургүй хүн. Аль болохоор гэгээлэг тэр тусмаа бидэнд сургамж болохоор мөн амь амьдралдаа хэвшүүлээд авчихмаар юу байнав гэдэг талаас нь очсон орноо харж, түүнийгээ уншигчиддаа хүргэхийг хичээдэг. Гэхдээ л худлаа ярилтай нь биш тэнд амьдрал үнэхээр барзгар юм аа.

Миний очсон Гана улс алт олборлолтоороо дэлхийд тэргүүлдэг арван орны нэг. Жилд манайхаас гурав дахин их буюу 65 тн алт олборлож байна. Алмазны том баялаг орд ч тэнд байна. Манайд бужигналдаж байгаа шиг нинжанууд ч тэнд 100 гаруй мянга байгаа гэнэ. Явж үзлээ. Өдөржин шороо ухаж байгаа хүмүүсийн нүүр царай ямар байдаг билээ, угаасаа хар болоод ч тэр үү тэд нарын царай зүс гэж авах юм алга. Бөөн шумуулан дотор хөл гар нь цуурч хагараад яр шарх болчихсон нүцгэн харчууд л энд тэндгүй бужигналдаж байна. Хэдийгээр хатуу хуультай гэх боловч мөнөөх мөнгөн усыг хэрэглэх явдлыг зогсоож чадахгүй  байгаа талаар ярьцгааж байна лээ. Алт ухаад амьдрал нь дээшилчихсэн хүн тэнд бас огт алга, өдрийнхөө өлийг л залгуулдаг юм байна. Бүх насаараа бүр хэдэн үеэрээ шороон дотор амьдарч яваа энэ хүмүүсийн дундаж наслалт бусад бүс нутгийнхнаас бараг хоёр дахин доогуур байдаг гэнэ. Хэдэн зуун жилээр ийнхүү уул уурхайн замбараагүй үйл ажиллагаа явуулснаас сүйрчихсэн газар нутагаа нөхөн сэргээх ажиллагаа явуулсаар байгаа гэх боловч мөнгө хөрөнгөгүйгээс зогсмол байдалд орсон тухайгаа тэд ярьцгааж байна.

Гар аргаар алт олборлогчдын эрх ашгийг хөндсөн хууль гаргахыг танай намынхан эсэргүүцээд байгаагийн учир үүнд байгаа гэж ойлгож болох уу.
Тэгэлгүй яахав. Гар аргаар алт олборлогчид өнөөдөр газрын, байгаль орчны, усны, ашигт малтмалын гээд маш олон хуулийг зөрчиж, газар хөрс, гол усыг бохирдуулж, дээр нь бүр хууль бусаар химийн хорт бодис хэрэглэж голын сав дагуу амьдрах олон хүн малын ундны усыг бузарлаж байгаатай эвлэрч болно гэж үү?  Тэдний дунд эмэгтэйчүүд, бага насны маш олон хүүхэд хортой хүнд нөхцөлд бие махбодийн болоод   сэтгэл санааны дарамтанд ажиллаж байна. Бид чинь хүүхдийн эрхийг хамгаалах хэд хэдэн олон улсын конвенцид гарын үсэг зураад нэгдчихсэн орон шүү дээ. Өдөржин шороо тоос, шавар усан дотор ажиллаж байгаа хүмүүс  алсдаа өөрсдөө л эрүүл мэндээрээ хохирно шүү дээ. Үүнийг ойлгуулж энэ бурангуй үйл ажиллагааг зогсоох ёстой байтал төр засаг улам өөгшүүлэн дэмжинэ гэж байж болох уу?

Ер нь Африк чинь ашигт малтмалаа аль хэдий нь шавхчихсан газар гээ биз дээ.
Үгүй юм аа. Африк маш баян тив. Тэнд байхгүй ашигт малтмал гэж бараг үгүй юм. 1970-аад оныг Өмнөт Африк хүртэл дэлхийн алтны гуравны хоёрыг дангаараа гаргаж байсан. Гурван нийслэл хоттойгоороо дэлхийд алдартай энэ орон одоо ч хүртэл жилдээ 300 шахам тонн алт угааж, алт болоод алмаз олборлолтоороо дэлхийд тэргүүлсээр явна. Дэлхийд олзворлож буй алмазны ихэнхийг Африк тивээс гаргаж байна. Нефть ч ихтэй юм. Гэвч энэ их баялагтай нутгийн иргэд ядуурлаас гарсангүй ээ. Аливаа улс орны иргэд авхаалж самбаагаа уралдуулан ажиллаж хөдөлмөрлөж байж л амьдрал нь дээшилдэгээс биш зүгээр сууцгааж байгаад ашигт малтмалаараа баяждаггүйн тод жишээ энэ.

Өнөөдөр дэлхийн 6.5 тэрбум иргэдийн 40 хувь нь өдөрт хоёр ам доллараас  доош орлоготойгоор өлөн зөмөг амь зууцгаадаг. Тэдний ихэнх нь Африкийн хар арьстнууд. Манай улс ч гэсэн тэднээс дээрдэж нэг их гайхуулаад байх юм байхгүй, өнөөдөр Монголд өлсөж турж үхээд байгаа юм үгүй ч гэсэн статистик судалгаанаас харахад нийт хүн амын 70 хувь нь өдөрт хоёр доллараас доош орлоготой,  хагас өлсгөлөнгийн байдалтай л амиа тээцгээж байна.  Ерөнхийлөгчийн амлаад байгаа шиг Оюу толгой болоод Таван толгойн хишгийг зүгээр сууж байгаад хүртэнэ, баяжина гэж горьдоод байвал түүн шиг худлаа юм байхгүй шүү.

ДОХ-ын өвчлөлтөөрөө Африк дэлхийд  толгой цохидог. Ямаршуухан юм анзараагдав
Тийм ээ. 2001 онд Америкийн хоёр өндрийг онгоц мөргөж, 3000 гаруй хүний амь үрэгдэхэд дэлхий нийтээрээ гашуудацгааж байсан. Гэтэл энэ тивд өнөөдөр өдөр бүр өвчин болоод  өлсгөлөнгөөр 10 мянган хүн үхэж байна. Дэлхийн хүн амын 12 хувь оршин суудаг энэ нутагт нийт ДОХ-ын халдвар авсан хүмүүсийн 60 хувь амьдарч байна. 2005 онд дэлхийд энэ өвчнөөр 2.8 сая хүн нас барсны  2 сая нь Африк тивийн иргэд байж. Свайзеланд хэмээх эндхийн нэгэн ядуу орны хүн амын 40 хувь нь ДОХ-ын вирус тээж, жирэмсэн эхчүүдийн 30 гаруй хувь нь ийм халдвартай гэх судалгаа байна.

Ер нь Сэтгүүлч хүний хувьд Африк тивийн талаар таны олж харсан төсөөлөл?
Африкийг хүмүүс ихэнхдээ хар гэж ярьдаг ч миний хувьд ногоон тив гэж хэлмээр санагддаг. Яагаад гэвэл энэ тивийн хойд хэсэгт орших Сахарын их элсэн цөлийг эс тооцвол сансрын зурагаас харахад цэл ногоон бүр зарим хэсэгтээ хар ногоон өнгөтэй харагддаг юм билээ. Ийм том ногоон өнгөтэй уудам нутгийг дэлхийн аль ч өнцөг булангаас хэн ч олж харахгүй дээ. Эндээс л өнөөдөр энэ дэлхийд оршин сууж буй  зургаан тэрбум гаруй хүний амьсгалж буй хүчилтөрөгчийн дийлэнх нь  ялгарч байгаа учраас энэ тивийг хараар будах ямар ч үндэслэл бидэнд байхгүй л болов уу. Харамсалтай нь энэ тивийн ядуучууд жил бүр таван сая гаруй ой модоо устгаж байна.

Африкийн тухай нэг тэмдэглэл бичсэн. Удахгүй илгээж Цахим Өртөөний анд нартайгаа сонин хуваалцана аа


Хуралд та өөрийн орны байгаль орчны өнөөгийн байдлаар илтгэл тавьсан. Оролцогсод хэр хүлээж авч байна?

-“Монголын уул уурхай ба байгаль экологи” гэсэн сэдвээр илтгэл хэлэлцүүлсэн. Манайд сүүлийн үед эмх замбараагүй үйл ажиллагаагаа явуулж байгаа дүр зургийг “Алт бидний ирээдүй мөн үү” гэдэг баримтат киногоороо төлөөлөгчдөд үзүүлсэн. Монголд эмх  замбараагүй ямар ч хяналтгүйгээр ашигт малтмалын ялангуяа алтны олборлолт явуулдаг мөн үр дагаварт нь юу болоод байгаа талаар нилээд нухацтай ярилцлаа. 45 минутын илтгэлийн хэлэлцүүлэг дахиад бүр бүтэн цаг үргэлжилсэн шүү.


Уул уурхай чинь хааяагүй л байгаль орчныг сүйдэлдэг  биз дээ, юу нь тийм их сонирхолтой санагдсан юм бол оо?
Манай дарга нар ашигт малтмалынхаа хуулийн дагуу лиценз гэдэг гоё нэртэй хувилбараар нийт нутаг дэвсгэрийнхээ 40 гаруй хувийг дотоод болоод гадаадынханд 30 жилийн хугацаатайгаар эзэмшүүлэхээр тараагаад өгчихсөн. Ашигт малтмал бүхий 1 га газрын  хамгийн дээд талын төлбөр нь жилд 10 доллар байдаг тухай ярьчихсан чинь танхим тэр аяараа шуугилдаад явчихсан. Надад зарим нь бүр итгэхгүй, үнэн үү гэж дахин дахин асуугаад  байсныг яана. Арай ч дээ гэх хүн олонхи нь.  Одоо очвол газар олдох болов уу гэж сурагласан уурхайн эзэд ч зөндөө таарлаа. Манай ашигт малтмалын хууль  П.Очирбат гуайн ярьдагаар  ёстой “хорвоод хосгүй мундаг” хууль болсон юм байна лээ шүү.

Одоо тэгээд яахав?  Энэ байдлыг засаж залруулах ямар арга зам байна?
Эхний ээлжинд ашигт малтмалынхаа хуулинд засвар оруулдаг юм уу яадаг юм ямар ч байсан гол горхины эх болоод ай сав газар олборлолт явуулж байгаа бүх уурхайн үйл ажиллагааг яаралтай хаах шаардлагатай. Дараагийн ээлжинд энэ эмх замбараагүй лицензийн асуудлыг нэн даруй цэгцлэх ёстой. Ашигт малтмалын салбарт дэлхийд танигдсан цөөхөн том компаниудыг орж ирэхийг нь дэмжсэн бодлого явуулахгүй бол энд тэндхийн энэ олон жижиг гарууд онгон байгаль уул усыг маань сүйдлээд дууслаа шүү дээ.

Хатуухан хэлэхэд Ерөнхий сайд Энхбаяр, Ерөнхий мэр Энхболд нар л хот хөдөө гэлтгүй газар нутагаа хамгийн ихээр зарж хувааж, Ерөнхийлөгч Багабанди аль алийг нь толгой дохин хүлээн зөвшөөрсөн он жилүүд шувтарлаа. Энэ нь Монголын түүхэнд хамгийн том хар толбо болон үлдэж, хүүхдүүдийн хэлдгээр ЕЭ ЕЭ БА БА болж орхив уу гэлтэй. Зарагдсан газар нутагтаа өөрсдөө шахагдан амьдарч буй шинэ мянганы гутамшигтай энэ он жилүүдийг хойч үеийнхэн маань эмгэнэлтэйгээр дурсах л болж үлдэх шив дээ.

За аяны богцны мялаалга хүртээсэн танд Баярлалаа. Удахгүй ирүүлэх аяны тэмдэглэлийг тань хүлээж сууя.

  • Бичсэн tamga
  • Үзсэн: 2546

Бүлэг: Ярилцлага

Рюүо- Олон сайхан найзуудыхаа ачаар амжилттай барилдаж явна

М.Сугар-Эрдэнэ В.Даваа нар Токиогоос 

Монголчууд бид сумогийн амтанд орсоор арван хэдэн жилийг үджээ. Анх Монголыхоо гурвыг хэмээн дэмжиж явсан бол одоо гучин хэдэн бөхчүүдээ нутаг нутгаараа талцан хувааж аваад дэмжин сууж байдаг гэхэд болно. Мэргэжлийн сумогийн оргилд монгол аварга эзэгнэн сууж, хажууд нь бас нэгэн монгол аварга гарж ирж байна. Гэхдээ энэ удаа бид та бүхэнд аварга арслан заануудаас танилцуулах гэсэнгүй. Өнөөдрийн манай баатар бол Рюүо хэмээх Санчирболд. Хөл гар, хүзүү гээд л бараг бүх биедээ гэмтэл аван, өвчин хуучин тусаж, сумо барилдахаа боль гэж эмч нарт хэлэгдэж явсан залуу. Гэвч тэр мөрөөдлөө ,хүслээ орхиогүй. Бусад бөхчүүд шиг сонин хэвлэлийн нэгдүгээр нүүрээр гарж магтуулж сайшаалгасангүй, өөрөө өөртөө болж байна гээд л өөрийн замаар зүтгэсээр хичээсээр өдийг хүрсэн. Тавьсан зорилго, хүрэх оргилдоо гарахаар хичээж зүтгэсэн жирийн гэхэд хэт жирийн даруухан залуу. 5 сарын тэмцээнд дээд зиндаанд анх удаагаа барилдан, 50 хувийн амжилтаа үзүүлсэн Рюүо Санчирболдтой уулзаж ярилцлаа.

- За юуны өмнө 50 хувийн амжилтаа үзүүлсэнд баяр хүргэе. Макүүчид барилдах ямар байна?
- Баярлалаа. Энэ сарын барилдаандаа сэтгэл хангалуун байгаа. Дээд зиндааныхныг хараад аймаар тасархай хүчтэй гэж боддог байсан. Яг өөрөө барилдаад үзэхээр бол боломжийн л юм байна лээ. Монголд зурагтаар гардгийг ч хэлэх үү, ордонд ч үзэгчид ихтэй, жүрогоос огт өөр. Барилдахад их урамтай сайхан байлаа. Макүүчигийн дэвжээнд гарах ёслол хийн дохёг тойроод явж байхад сэтгэл хөдлөөд л , гоё болоод ирдэг. 

- Та жүрод 5 башё барилдаад макүүчид дэвшсэн. Хурдан дэвшлээ гэж бодож байна уу? Аль эсвэл арай эрт гарчих байсан гэж бодож байна уу?
- Бодож байснаасаа хурдан гарсан.

- Анхны тэмцээн гэхэд маш сайн барилдлаа. Биеэ барих сандрах юм байв уу? Бэлтгэл ханасан байсан уу?
- Биеэ бариагүй. Амжилттай барилдсаны гол нөхцөл бол эхлэл зөв болсон. Эхний өдөр ялаад барилдаан орсон. Би сэтгэл санаагаараа их барилддаг хүн. Нэг болохоо больчихоор засахад хэцүү, дараалаад унаад эхэлдэг. Энэ башё эхнээсээ урамтай сайхан барилдлаа.

- Оросын Рохог ялж ,50 хувиа хийсэн.
- Рохотой барилдахын өмнөх шөнө нойр хүрдэггүй. Олон юм толгойд орж ирээд болдоггүй. Тэгээд өөртөө ядаж байж ийм олон давчаад, маргааш унавал үнэхээр харамсалтай юм болно шүү, маргааш заавал ялна шүү гэж хэлсээр байгаад унтсан. 50 хувиа хийгээд үнэхээр их баярласан.

- Монголоос найз нөхөд гэрийхэн чинь ярьж, баяр хүргэсэн биз дээ?
- Би гэрийхэндээ тэмцээний үед битгий ярьж байгаарай гэж хэлдэг юм. Гэрийхэн дотны хүмүүстэйгээ ярьчихаар сэтгэл тайвшраад барилдаандаа анхаарж чадахаа болиод байдаг. Тийм болохоор яриагүй.

- Та макүшитад барилдаж байхдаа жүрод дэвших боломж нилээд олон байсан. Ашигласан бол арай эрт цол авах байж гэж боддог уу?
- Японд ирээд 2 жил болоод би макүшитагийн 13-д гарсан байлаа. Ийм амархан жүрод орох нь гэж үү гэж бодоод л. Тэгсэн чинь бэлтгэл дээр мөргөлдөж байгаад хүзүүгээ гэмтээж орхисон. Эмнэлэг яваад үзүүлтэл эмч чи яаж энэ хүртэл алхаж ирж чадав аа гэж гайхаж байсан. Хүнд гэмтэл байлаа, бараг суугаа болох байсан гэсэн. Эмч надад сумо барилдахаа боль, эрүүл энх явахаа бод гэж хэлээд. Сэтгэлээр их унасан. Сумо бөх болоод хамгийн хэцүү үе энэ байсан. Хүмүүс анх ирээд хэл ус мэдэхгүй байх үед их хэцүү байсан гэж ярьдаг. Миний хувьд бол зорьж зүтгэж ирсэн ганц дуртай юм болох сумогоо барилдаж чадахгүй болох гэж үү гээд уйлж байсан тэр үе хамгийн хэцүү байлаа. Хэл ус мэдэхгүй үед бол яахав, мэдээж хэцүү. Ахмад бөхчүүд нэг юм хэлээд л загнаад цохиод авдаг. Юу ч ойлгохгүй буцаагаад л цохьчдог байлаа. Одоо санахад инээдтэй санагддаг.

- Яагаад тэгээд сумогоо орхиогүй хэрэг вэ? Сумо хатуу ширүүн спорт. Эрүүл мэндээ бодсон ч гэсэн.
- Болье гэж бодсон л доо. Гэрлүүгээ утасдаж хэлье гэж бодож байтал гэнэт нэг юм санаанд ороод. Сумод орохоо дөнгөж шийдээд байж байхад нэг халамцуу хүн надад – чи сумод явах гэж байгаа гэл үү? Чи хэзээ ч сайн барилдаж чадахгүй гэж хэлж байсан юм. Тэр санаанд ороод би ингээд харьвал тэр хүний хэлсэн ёсоор болно гэсэн үг. Хүнд тэгэж муугаа үзүүлэхгүй, би заавал сумогоо дахин барилдана гэж шийдсэн юм. Тэр халамцуу ах намайг хурцалж өгсөн гэхэд болно. Азаар би сайн эмчтэй таарсан. Гэмтэл маань ч эдгэсэн. Бас нэг юм бол тэр үед Хакүхо жүрод дэвшсэн болохоор би ч гэсэн цолтой болно, ингээд дуусахгүй гэж бодож байлаа. Одоо ингээд Хакүхо маань ёкозүна болно. Би маэгашира байна. Үнэхээр ийм баяртай зүйл байхгүй. Хэрвээ би дэвжээндээ ганцаараа байсан бол ийм амжилтанд хүрсэн байх ч юм уу, үгүй ч юм уу мэдэхгүй шүү дээ. Алтны хажуудахь гууль шарлана гэж Хакүхогийн хажууд их юм сурж байна. Би хүзүүнээс гадна гараа хугалж, цусны өвчин хүртэл тусаж байлаа. Энэ үед Хакүхо маань надад сэтгэлийн дэм өгөж, тусалж явсан. Бэлтгэл дээр ядраад сууж байхад Хакүхо ирээд л хоёулаа жоохон ноцолдьё гээд босгоод, тэгээд л дахиад барилдаж гарна даа. Их юм сурсан. Бид хоёр төрсөн өдөр маань ч адилхан, 3 сарын 11 болохоор ихэнхдээ хаврын тэмцээний эхний өдөр таардаг юм. Хакүхог озэки болж байхад би жүрод орж байсан. Одоо ёкозүна болоход нь би дээд зиндаанд анх дэвшиж барилдаж байна. Үнэхээр бэлэг дэмбэрэлтэй.  Найзалж, зодолдож өссөн хоёр гэхэд болно. 15 настай хүүхдүүд анх сумод ороод, бэлтгэл хийх гээд бид хоёр зодолчихдог байлаа. Би түлхэж барилддаг, Хакүхо золгож барилддаг, барилдаан таарахгүй. Хакүхо барьц авахаараа ард гараад л аваад шидчихдэг. Тэгээд уурлаад л зодоон болно. Багш та хоёр зодолдох юм бол больцгоо гэж загнаад л. Бэлтгэл дуусаад хоёулаа нэг оронд ороод л кино үзээд суучихдаг байлаа.

- Хакүхогоос гадна өөр найз нөхөд гэвэл?
- Би өдий хүртэл дэвшиж чадсанаа сайн найзуудын ач тус гэж бодож явдаг. Хакүхо, Ама, Мооконами бид хэд сайн найзууд. Тэд нар маань надад их урам өгөж, тусалж байдаг. Доор байхдаа бид хэд хурдан цол авах юмсан гээд цэцэрлэгт яриад сууж байдаг байлаа. Залуу бөх болохоор угаалга, цэвэрлэгээ, хоол унд гээд ажил ихтэй. Бүгд ажлаа дуусгаад өдөр бүр орой цэцэрлэгт уулздаг байсан. Нэг нь буруу юм хийхээр бусад нь хэлдэг, загнадаг. Ама надад чиний цүппари хүчтэй, чи өөрийхөөрөө барилд гээд л их урам өгдөг. Найзууддаа баярлалаа гэж хэлмээр байдаг. Даанч баярлалаа гээд хэлэхээр баяртай гэж байгаа юм шиг, дуусах гээд байгаа юм шиг санагдаад хэлж чаддаггүй. Дотроо бодоод л явдаг юм. Би их түргэн ууртай байсан. Нэг юм болоход л дүрс гээд л явчдаг байсан чинь Хакүхо намайг тайван тогтуун болгосон. Босоод ирэхээр суу суу гээд л, заримдаа бол юу ч хэлэхгүй зүгээр сэтгэлд юм буухаар хардаг юм. Сүүлийн хэдэн жил би ер уурлаагүй байгаа. Макүүчид монгол бөхчүүдээс би хамгийн түрүүнд барилддаг. Намайг ялбал бусад маань за би ч гэсэн ялна шүү гэцгээгээд л. Хакүхо ч гэсэн Рюүог ялахаар сэтгэл гоё болоод барилдахад урамтай байдаг гэж ярьдаг. Би ийм л сайн найзуудтай хүн дээ.

- Бусад монгол бөхчүүдээс таны ялгаатай зүйл барилдаан. Хав золгож барилддаггүй. Яагаад ошизүмо түлхэж барилдах болсон юм бэ?
- Анх сумод орж байхад ах бөхчүүд ошизүмо чамд таарна гээд болсон хэрэг. Би Монголд байхдаа Дамдин багш, Эрдэнэбилэг багшийн гар дээр 2 жил жүдогоор хичээллэсэн. Дараа нь хүндийн өргөлтөөр хичээллэсэн. Ах маань хүндийн өргөлтөөр хичээллэдэг байсан.Тэгээд намайг штанг өргөх ямар ч спортод хэрэгтэй гээд СТО-ы хүндийн өргөлтийн Хөхөө багшийн сэкцэнд оруулж байсан. Тийм болохоор ошизүмо тохирж байж магад. Би 300 кг суултаар өргөдөг. Сумочдын дунд бол рекорд юм байна лээ. Гэхдээ сумо гэдэг хэн бяр чадалтай нь ялдаг тийм амархан эд биш. Бас уур омог, ааг ч биш юм. Сэтгэл чадал нийлж байж, сая ялна. Хүмүүс монгол үндэсний бөх сайн барилддаг байсан хүн сумод сайн барилдана гэж ярьдаг. Бас үгүй юм. Сумо бол ер нь сумо юм даа. Харин удам гэж өөр юм гэдгийг мэдэрсэн. Доор байхад бэлтгэл дээр ах бөхчүүд намайг аваад шидэхэд би үсрээд л унадаг байсан. Хакүхог шидэхэд хөл дээрээ тогтоод байж байдаг байсан.

- Сумод ороод хамгийн их баярласан үе?
- Жүрод ороод цолтой бөх болохдоо хамгийн их баярласан. Гурван удаа дэвших боломжоо ашиглаж чадаагүй байсан. Макүшитагийн баруун жигүүрийн нэг дээр 4 ялж, 50 хувиа хийсэн. Тэгсэн чинь жүрогоос унах хүн гараагүй. Хүмүүс чамайг макүшитагийн зүүний нэгд шилжүүлэх байх гээд л. Хэдэн өдөр нойр хүрдэггүй. Башё дуусаад хоёр өдрийн дараа шинэ цолтой бөхийг зарладаг. Өглөө 9 цагт сэтгүүлчид манай дэвжээн дээр цуглалаа. Хүлээгээд л байлаа, сумогийн холбооноос ямар ч мэдэгдэл байдаггүй. За за би цолтой болж чадсангүй гээд л орондоо ороод уйлаад хэвтэж байсан. Тэгсэн оякатагийн эхнэр холбооноос утасдаж байна. Жүрод орлоо , хурдан сахлаа хус, хувцсаа соль гээд л гүйгээд орж ирсэн. Үнэхээр их баярласан. Яагаад холбоо удсан гэхээр жүрогоос доош унах хүн байхгүй тохиолдолд макүшитагийн нэгд байгаа бөх 50 хувиа хийхэд яах вэ гэдэг тогтсон дүрэм байхгүй шийдэх гэж удсан юм билээ. Тэгээд 50 хувиа хийсэн бол нэгд байгаа бөх заавал дэвшинэ гэсэн шинэ дүрэм гаргаж баталсан гэсэн. Хакүхо Ама цол аваад ээж ааваа Монголоос урьдаг, юм үзүүлдэг байлаа. Би хурдан цол авах сан, ээж ааваа Японд урихсан гээд л боддог. Ээж аавдаа их баярлаж явдаг. Тэмцээний эхний өдөр ээж сумо үзсэн. Намайг ялсан чинь ээж уйлаад л байсан гэсэн. Ээжийгээ баярлууллаа гэж бодохоор миний ч сэтгэл хөдлөөд. Ээж ааваа дахиад зөндөө баярлуулах юмсан.

- Ээж тань Японд эмчилгээ хийлгэсэн гэж сонссон юм байна.
- Тийм. Их аварга Асашёрю ахдаа маш их баярласан. Ээжийн бие муудаад сэтгэл санаа их хэцүү байлаа. Дэмий л яах вэ яах вэ гэж бодоод л. Яагаад ч юм Японд үзүүлье гэсэн бодол ер орж ирээгүй. Гэтэл Дагваа ах хүнээс сонссон юм байна лээ, намайг дуудаад ээжий чинь бие яаж байна гэж асуусан. Тэгээд байдлаа хэлтэл маргааш ээжийгээ Японд авчирж үзүүл, би урилга виза бүгдийг хийе гэж хэлсэн. Нар гарах шиг болсон. Хэрэв Дагваа ах туслаагүй бол ээж маань Монголд хагалгаанд орох байсан. Их хүнд хагалгаа гэж байсан. Японд ирж үзүүлээд онош нь тогтож, эм уугаад л ээж маань эдгэрсэн. Хүнд хүн хэрэгтэй, олон түмэн, ах эгч нар, найз нөхөдтэй байж хүн сайхан явдаг юм байна гэдгийг ёстой өөрийн бие дээр мэдэрсэн.

- Анх ер нь яагаад сумо болохоор шийдсэн юм бэ?
- Манай эгч Кёкүшюзан ахтай сайн танил. Тэгээд намайг сумод оруулах гэж ярьсан юм билээ. Батбаяр ахын аав Даваа ах надаас чи үнэхээр сумо болох гэж бодож байна уу гэж асуугаад би тэр үед тоглоомоор тийм гээд хариулж байсан. Жилийн дараа гэнэт Даваа ах нөгөөдөр Япон явна шүү гээд. Японд анх ирэхдээ 70 кг жинтэй байсан. Батбаяр ах сумод 73 кг тай байж ордог юм, миний дүү сайн ид гээд л хоолоор дайлаад, 3 кг нэмээд Миягино дэвжээнд орсон. Таван Цагариг сонин, Цахим Өртөө сүлжээгээр  дамжуулаад Батбаяр ах, Даваа ахдаа их баярлаж явдагаа хэлье. Батбаяр ах надад чамайг дээд зиндаанд орохоор хоёулаа сайхан барилданаа гэж үргэлж хэлж, урам өгдөг байсан. Даанч Батбаяр ахыг зодог тайлахаас өмнө дээд зиндаанд орж чадаагүйдээ, барилдаж чадаагүйдээ сэтгэл дундуур байдаг.

- Цаашид тавих зорилго?
- Мэдээж хэрэг ялахын төлөө ,комүсүби болохын төлөө барилдана. Би жүрод ороод за боллоо гэж хэлж байсан удаатай. Хакүхо Ама хоёр намайг дээр чинь зөндөө олон юм байна, ханаж болохгүй, өөрийгөө үнэлсэнгүй гэж загнаад. Сайн найзуудын ачаар сайн барилдаж явна даа. Эзэн хичээвэл заяа хичээнэ гэдэг. Эр хүн тугал ч хариулна, туг ч барьна гэдэг. Хүн гэдэг унаж, сэхэж, уйлж инээж байж хүн болдог юм байна гэдгийг сайн ойлгосон. Та төрийн сайд ч бай, таксиний жолооч ч бай хийж байгаа ажлаа хайрлаж, ажлаараа бахархаж, ажилдаа эзэн болж явбал амжилт таны гарт ороод ирнэ. Миний хувьд ажил маань сумо бөх юм. Ажлаа сайн хийнээ гэж бодож явдаг.

- Японд ирээд нилээд удлаа. Монгол орныхоо талаар?
- Сумочид бид гэдэг 15-18 настайдаа Японд ирсэн улсууд. Яг үнэндээ Эх орноо монгол зан заншилаа ч мэдэхгүй ирсэн . 15 тай хүүхэд ардын урлаг энэ тэр сонирхохгүй шүү дээ. Тэгсэн мөртлөө одоо морин хуурын сайхан аялгуу сонсохоор өөрийн эрхгүй нулимс гардаг юм. Заримдаа сайхан уртын дуу сонсох юмсан гэж бодогдоод л. Монголдоо амьдарж байсан бол тэгэж бодохгүй байж ч мэдэх юм , сонин шүү. Монголд байхдаа Мөнхбат аварга, Сүхбат аварга, Өсөхөө аварга, Мягмарсүрэн заан нарыг хараад ямар сайхан ах нар вэ, ийм сайхан хүн болох юмсан гээд боддог байж билээ. Өнгөрсөн жил Монголд цолны найр хийсэн. Мөнхбат аваргаас эхлээд Сүхбат аварга, Дагваа ах ирээд бүгд урам хайрласан үг хэлсэн. Багаасаа харж , шүтэж бишрэж байсан хүмүүсээсээ урмын үг сонсоно гэдэг сайхан юм билээ. Нэрийг нь дурсахаа мартаж болохгүй нэг хүн бол Кёкүтэнзан Энхбат ах. Монгол сумочдын ихэнх нь Энхбат ахаар А үсгээ заалгасан байх. Дэвжээн дээр ямар нэг юм болохгүй байхад Энхбат ах зав зай гаргаад л манай хал цэргүүдтэй утсаар яриад ах нь зохицуулчлаа, дүү хичээнэ шүү гэдэг сэн. Залуу бөхчүүдийн хувьд манай Энхбат ах нар сар гэсэн үг.

- Сонирхолтой ярилцлага өгсөнд баярлалаа. Амжилт хүсье.
- Баярлалаа.

Ийнхүү Өвөрхангай аймгийн уугуул, Миягино дэвжээний суугуул Рюүо хэмээх Э.Санчирболдтой хийсэн ярилцлага өндөрлөлөө. 24 хэн настай энэ залуугийн амьдралаар кино ч хийсэн болох нь гэсэн бодол төрж байлаа.

  • Бичсэн tamga
  • Үзсэн: 2137

Бүлэг: Ярилцлага

Касүгао - Ээжийгээ баярлуулж явахсан

 
 

Өмнөд Солонгосын сумо бөх Касүгао цагтаа алдартай сырым бөх байсан хүн. Мэргэжлийн сумод ороод нүдэнд өртдөггүй жирийн нэгэн бөх байсан боловч энэ жилээс эхлэн тун сайн барилдаж байна. 3 сарын тэмцээнд анх удаагаа их аваргатай гар зөрүүлж үзэн, томчуудтай барилдах хүсэл нь ассан гэх. Гэмтэл бэртэл нь ч эдгэн энэ жилийхээ зорилгыг комүсүби болох хэмээн тодорхойлж байна. Түүнтэй Сумо сэтгүүлийн сурвалжлагч уулзаж ярилцжээ.

-          3 сарын тэмцээнд банцүкэ ахин маэгаширагийн 3-т бичигдсэн ч 50 хувиа хийж чадаагүй.

-          Тэмцээний өмнө томчуудтай барилдах нь гээд сэтгэл догдлоод, хурдан тэмцээн эхлээсэй гэж бодож байлаа. Гэтэл яг барилдаад үзсэн чинь ялж чадахгүй байсан болохоор аа би ч бас болоогүй байгаа юм байна. Улам илүү бэлтгэл хийхгүй бол болохгүй нь гэж бодсон.

-          Гэхдээ эхний өдөр Котошёгэкиг, хоёр дахь өдөр Кайог ялсан шүү дээ.

-          Ингээд ялаад байх нь гэж бодож байсан ч тийм амар эд биш юм билээ.

-          Кайотой барилдахад ямар байв?

-          Кайо арслан шиг бөх болох сон гэж үргэлж боддог байсан болохоор сэтгэл хөдлөөд, бага зэрэг сандарж байлаа. Ялах нь битгий хэл барилдах төдийд л нэр төрийн хэрэг.

-          Тэмцээний сүүлийн хэсэгт аварга арслангууд барилдах ээлжээ хүлээн сууж байхад тэдэнтэй хамт байхад ямар сэтгэгдэл төрж байв?

-          Адилхан дээд зиндаа ч гэсэн сүүлийн хэсэг үнэхээр огт өөр юм билээ. Дээд зиндааны эхний хэсэг хүүхдүүд, сүүлийн хэсэг томчууд гээд хэлсэн ч болох байх. Өөрөө тэнд сууж ,барилдаж байж л ийм их ялгаатай юм гэдгийг ойлгож авсан. Үнэхээр том туршлага болсон. Бэлтгэлээ сайн хийж ,банцүкэгээ дээшлүүлэн дахиад томчуудтай барилдах юмсан гэсэн хүсэл хэд дахин их болсон. Бэлтгэл хийх гээд зүгээр сууж чадахаа больсон.

-          Бөхийн хорхойтнуудын дэмжлэг, уухай ч огт өөр байгаа биз дээ?

-          Тийм шүү. Гадуур явсан ч Касүгао гээд нэр мэддэг хүний тоо тэр ганц тэмцээнээр хэд дахин нэмэгдсэн. Арай эрт дэвшихгүй яав аа гээд харамсаж байлаа. Ояката хамгийн сүүлд ёкозүнатай барилдах жирийн барилдаанаас огт өөр шүү гэж хэлж байсан ч барилдаж дууссан хойноо л нээрээ тийм юм гэж ойлгосон. Хэзээ ч мартахгүй дурсгал болж үлдсэн. Өглөө 8 цаг хагасаас эхэлсэн барилдааны хамгийн сүүлд нь гарж барилдан, нэг ёсны тэмцээнийг хааж байгаа хэрэг тул аваргыг ялчих юмсан гээд их хичээсэн ч бараагүй. Аваргатай бэлтгэл олон удаа хамт хийж байсан болохоор барилдааныг нь гадарлана. Ялчих юм сан гэж бодож байтал аварга огт өөр мэх хийгээд юу ч хийж амжаагүй. Аварга өдөр бүр хамгийн сүүлд барилддаг болохоор бөхийн өргөөний тэр уур амьсгалд дассан хүн. Би анх удаа гарж байгаа болохоор биеэ барьж байсан.

-          Тэмцээн дуусаад өөртөө дутагдаж байгаа зүйл юу байна гэж бодсон бэ?

-          Ганц шидэх гуядах мэхээр хол явахгүй юм гэж ойлгосон. Гуядлаа ч гэсэн хөдөлж, дайрж байж хийхгүй бол ялахгүй юм байна. Дээд зиндааны доод хэсэгт гуядаад байж болох ч дээд хэсэгт мэхэнд маань унах хүн алга. Тэгэхээр өөр мэх ч хийж сурах хэрэгтэй. Сумод анх орж байхад л ояката битгий гуяд гэж хэлж байсан ч сырым барилдаж байх үеийн зуршил арилж өгөөгүй. Бүтэн нэг тэмцээн ганц ч удаа гуядалгүй барилдаж үзсэн чинь бараг ялаагүй. Тэгэхээр ялахын тулд сурсан мэхээ л хийхээс өөр аргагүй болж байгаа юм. Гэхдээ одоо бол бас судлуулаад барьц авж чадахаа болиод байгаа. Янз бүрийн мэх хийж сурахгүй бол болохгүй .

-          Сырым бөх хэдэн настайгаасаа барилдаж эхэлсэн бэ?

-          Бага ангиасаа. Анх тэквондогоор хичээллэж байгаад, шилжсэн сургуульд маань секц байгаагүй болохоор болиод спорт хөөлгүй хичээлдээ л явж байлаа.

-          Багадаа том болоод ямар мэргэжилтэй болно гэж боддог байв?

-          Жирийн нэг албан хаагч л болно гэж боддог байсан. Костюм өмсөөд, цүнх барьсан нүдний шилтэй хүмүүс гоё харагддаг байлаа. Тэр үед Сөүлд юмны үнэ өсөж, байрны мөнгө нэмэгдсэн тул амьдрах аргагүй болж, ээжийн төрсөн нутаг Инчёнд нүүж очсон. Эмээгийн танил сырым бөхийн дасгалжуулагч хийдэг хүн намайг сырым барилдвал дунд сургууль, их сургууль ч чанартай сайн сургуульд орж чадна. Тэгээд хичээх юм бол мэргэжилд ороод мөнгө авна. Сайхан байр худалдаж авж чадна гэж ятгаад за тэгвэл сырым бөх больё гэж шийдсэн хэрэг. Үнэхээр ч дасгалжуулагчийн хэлсэн ёсоор их сургуульд ч сырымийн ачаар орсон. 3 дугаар курсад байхдаа жилд нэг болдог сырымийн улсын аварга шалгаруулах тэмцээний үнэмлэхүй жинд түрүүлсэн.

-          Тэгээд яагаад мэргэжлийн сырымд ороогүй юм бэ?

-          Тэмцээнд түрүүлэхээс өмнө сумогоос урилга ирж, оякататай уулзаж байсан юм. Улсын аварга болсоны дараа одоо харамсах юм байхгүй гэж бодоод сумод орохоор шийдсэн.

-          Сырым бөхөөс илүү сумод барилдвал мөнгө их олох уу?

-          Сырым орсон өдрөөсөө эхлэн тодорхой хэмжээний гэрээний мөнгө авдаг. Тэгээд сайн барилдаад байвал тэр нь өсдөг бейсболтой адилхан систем. Сумо бол анх цалин байхгүй. Ояката гэхдээ хичээгээд жүрод орвол сырымээс илүү хангалуун амьдарж чадна гэж хэлж байсан.

-          Хэцүү сонголт байна шүү.

-          Уг нь бол бэлэн мөнгөтэй амрыг нь сонгох байх. Ээж ч гадаад орон руу явуулах дургүй байсан бололтой, эсэргүүцэж байсан. Дунд сургуульд байхад мэргэжлийн сырымээс урилга ирж, 170 сая вон буюу 22 сая иэний гэрээ байгуулах санал тавьсан. Тэр үед Инчёнд байр 70 сая вон байсан юм. Гэрээний мөнгөө аваад сайхан байранд нүүж орьё гэж ээждээ хэлтэл ээж үгүй гээд тас зөрсөн. Солонгост дээд сургууль төгссөн, төгсөөгүй хүний ялгаа маш их. Тийм болохоор дээд сургуульд ор гээд ээж хэлээд байлаа. Үгүй гэрээний мөнгө авна гэж хэлтэл ээж тэгвэл чи тэр мөнгөө аваад ганцаараа яв гэсэн болохоор аргагүй дээд сургуульд орсон. Жилийн чөлөө энэ тэр авсаар байгаад арай гэж 2 жилийн өмнө төгссөн.

-          Хичээгээд дээш гарж чадвал их мөнгөтэй болно гэж ояката хэлсэн ч гэсэн эргэлзэх юм байсан биз дээ?

-          Ояката дохён дээр нэр алдар, хөрөнгө мөнгө бий. Түүнийг өөрийн болгох эсэх нь чиний хичээл зүтгэл мэдэх хэрэг гэж хэлсэн. Нэр алдартай болж, сүйд болохгүй ч ядаж япон хэл сурах юм даа гэж бодож байсан. Ээж дунд сургуульд байхад миний хэлсэнээр шийдсэн. Бүтэхгүй бол хэцүү ч гэсэн энэ удаад өөрөө шийд гэсэн тул яаж ч байсан амжилт олно гэж амлаад Японд ирсэн дээ.

-          Тэр үед Өмнөд Солонгост сумо бөхийг бараг мэддэггүй байсан биз?

-          Тиймээ. Японд ирээд нэг жил болсоны дараагаас Япон Солонгосын харьцаа ойр болж эхэлсэн. Одоо аль ч дэлгүүрт кимчи зарж байна. Хамтарсан ДАШТ ч боллоо. Одоо Солонгост явж байсан ч намайг мэддэг хүний тоо олширж, нилээд алдартай болоод байгаа. 10 хүний 8 нь намайг мэдэж байна лээ. Ялагдсан ч гэсэн мэндчилгээ ёсолгоо хийдэг, уламжлалаа хадгалж үлдсэн гээд солонгосчууд сумод сайн байдаг.

-          Анх сумо барилдаж үзээд ямархуу байв?

-          Сырымд түлхэх мэх байхгүй болохоор хэцүү байсан. Санданмэгийн бөхтэй бэлтгэл хийсэн чинь түлхүүлээд л ялагдаад байсан. Энэ ч ер нь бүтэхгүй эд болтой гэж бодож байлаа. Цолгүй бөхчүүд ийм олон байдаг гэж ер мэдээгүй байсан. Жонокүчи, жонидан, санданмэ, макүшита, жүро. Тэгээд нэг юм макүүчи. Дээд зиндаанд орно гэдэг хэцүү юмаа гэж бодоод л. Ингээд сырым бөхийн аварга энэ тэр гэсэн илүү дутуу бодлоо мартаад бүгдийг шинээр эхлье гэж шийдсэн юм.

-          4 жил болж байж, жүрод гарж ирсэн.

-          Баярлаад хоёр өдөр унтаагүй. Дэвшсэнээ мэдсэн өдөр орондоо ороод ганцаараа инээгээд л байсан.

-          Ээж тань их баярлаа биз дээ?

-          Үүрээр утасдаж хэлсэн, хөөрхий их баярласан. Ээждээ шинэ байр авж өгөөд. Ээж одоо болтол миний хүүгийн авж өгсөн байр сайхан байна гэж хэлдэг юм.

-          Чөлөөт цагаараа юу хийдэг вэ?

-          Рашаан усанд орж, түүх соёлын дурсгалт газруудаар аялал хийх дуртай.

-          Та гэрлээгүй байгаа билүү?

-          Тийм. Одоохондоо найз бүсгүй байхгүй. Гэхдээ комүсүби болсон хойноо л хуримын талаар бодно.

Орчуулсан Сугараа

  • Бичсэн sport
  • Үзсэн: 2067

Бүлэг: Ярилцлага

Хакүхо- Дахиад олдохгүй байж мэдэх боломж

tsahimsport .  5-p сарын 12, 2007

Их аварга цолын төлөө 3 дахь удаагаа дайралт хийх арслан Хакүхо. Шинэ аав маань 5 сарын тэмцээнд хэрхэн барилдах бол?

Түүнтэй Сумо сэтгүүлийн сурвалжлагч уулзаж ярилцжээ.

- Юуны өмнө 3 сарын тэмцээний талаар сонсмоор байна.
- Эхний өдөр унасан ч сайн барилдсан гэж өөрөө бодож байна. Гэмтэж бэртээгүй маань ч сайн хэрэг.

- Та 11 сард хөлний хуруугаа хугалсан. Одоо бүрэн эдгэсэн үү?
- Яахав дээ, эдгэж л байна. Бэлтгэл хийж чадаж байгаа болохоор юу гэж хэлэх вэ.

- 3 сарын тэмцээнд цүппари голчлон хийсэн. Яагаад?
- Барилдаанаа судлуулсан болохоор бүгд л мавашины барьц өгөхгүй гээд л дайрчина. Тийм болохоор эхлээд цүппаридаж байгаад дараа нь ямар мэх хийж, ямар барьц авахаа шийднэ гэж бодоод цүппари мэх хэрэглсэн.

- Эхний өдөр Кисэносатотой барилдахад сайхан барьц авсан мөртлөө ялагдаж орхисон. Кисэносатод 3 дараалан ялагдаж байна. Тэрэнтэй барилдахад хэцүү юу?
- Тийм юм байхгүй. Тохиолдлоор л 3 унасан.

- 3 сарын тэмцээний 14 дэх өдөр Асашёрютэй барилдахад ч барьц ханасан мөртлөө унасан.
- Барьц ханахаар яардаг тал бий.

- Халз барилдаанд их аваргатай мөргөлдөлгүй зайлаад давсан. Зайлна гэж шийдсэн байсан уу?
- Хав золговол ялагдаж магад гэж бодож байлаа. Тэгээд л шийдсэн хэрэг.

- Та хоёр удаа түрүүллээ. Энэ хоёр түрүү юугаараа ялгаатай вэ?
- Анхны түрүүгийн үед ёкозүна байгаагүй, тэгээд ч анхны түрүү болохоор биеэ их барьж байсан. Гэхдээ бэртэл гэмтэл гээд л олон юм байсан болохоор энэ удаагийн түрүүндээ илүү их баярласан.

- Өнгөрсөн жил аварга болох үзүүлэлт үзүүлсэн ч аварга болж чадаагүй. Тэгээд гэмтэл. Тэр үед юу бодож байв?
- Надад сумогоос өөр юм байхгүй гэж ойлгосон. Барилдаж чадахгүй гэмтээд хэвтэж байхдаа их олон зүйл бодсон. Хурдхан барилдах юмсан гэсэн хүслээр толгой дүүрэн байлаа.

- Одоо бол хурим хийгээд хүүхэдтэй болчлоо. Хэзээнээс хурим хийе гэж бодож эхэлсэн бэ?
- Ноднингоос. Уг нь ёкозүна болоод хурим хийнэ гэж бодож байсан ч гэмтээд сэтгэл санаагаар унаж байхад эхнэр маань их дэмжиж тусалж байсан болохоор тэрнээс маань илүү бүсгүй өөр байхгүй гэж бодоод шийдсэн. Монгол хоол хийхдээ ч сайн. Хийсэн монгол хоолоо 3 сард Оосака руу Токиогоос шуудангаар явуулж байсан.

- Хүүхэдтэй ч боллоо.
- Хүүхдээ Монголын хээр талд өсгөх гэсэн бодолтой байгаа. Морь унаж сургаад л.

- Энэ тэмцээнд 3 дахь удаагаа их аварга цолны төлөө барилдах гэж байна.
- Охинтой ч боллоо. Ийм сайхан баяртай явдал тэр болгон тохиолдохгүй. 5 сард цолоо ахиулна гэж их ч бодож байгаа, ийм боломж дахиад гараа чуу үгүй юу хэн мэдэх вэ.

- Таны бодлоор ёкозүна гэдэг ?
- Ялагдаж болохгүй тул их хэцүү цол гэж боддог. Гэхдээ цол дагаж бяр гэдэг үг байдаг. Улам илүү хүчтэй болох боломж юм.

- Дээр үеийн их аваргуудын барилдааны бичлэг үздэг үү?
- Үзнээ. Тайхо, Китаноүми, Важима, Чиёнофүжи, Акэбоно, Таканохана гээд л. Их сонирхолтой байдаг.

- Тэрэн шиг их аварга болох юмсан гэсэн бодол байдаг уу?
- Хакүхогоороо дээр гэж бодож байна. Хүн дууриагаад яахав. Барилдааны хувьд Таканохана аварга илүү дотно.

- 5 сарын тэмцээний зорилго?
- Бэлтгэлээ сайн хийж, ганц ч уналгүй барилдах. Сэтгэл санааны хувьд дарамтанд оролгүй хичээх. Ийм л байна. Тэгээд болохгүй бол яая гэх вэ. Хоёр ч удаа их аварга болох гэж үзсэн. Тийм болохоор туршлага ч байна. 3 сард түрүүлсэн болохоор итгэлтэй ч байна.

Орчуулсан Сугараа

  • Бичсэн sport
  • Үзсэн: 1682

Цахим Өртөө Сүлжээнд элсэх

  • Өртөөний сүлжээнд элсэх

tsahim_urtuuХэрэв та Монгол Туургатны Цахим Өртөө Сүлжээнд элсэхийг хүсвэл: http://groups.google.com/group/tsahim-urtuu-suljee хаягаар зочилж маш хялбархан бүртгүүлж болно. Та Гүүгл суурьт энэхүү сүлжээнд имэйлээ бүртгүүлснээр манай сүлжээний гишүүн болно.

 

Image Temp

Энэ хуудас нь Цахим Өртөө сүлжээний нийт гишүүдийн хамтын бүтээл байх бөгөөд ажил хэргийн санал болгоныг вэбийн хамтлаг тухай бүр нь тусган энэ хуудсанд оруулж байх болно. Хамтран ажиллаж буй, ажиллахаар зэхэж буй таньд баярлалаа.

Newsletter