215-р сар2018

Бүлэг: Ярилцлага

Амьдрал бол итгэж тэмүүлж чадсан хүндээ ид шидийн гэмээр гайхалтай үүд хаалгуудыг нээж өгдөг

Ярилцсан. Ж.Гангар. Freezone.mn - 2011.07.23
 
“Гэр бүл гэдэг хүний хамгийн нандин бөгөөд эмзэг орон зай. Хүний гэр бүлийн уур амьсгал гадагшаа гараад өөрийнхөө орон зайг авч явахад нь бас их нөлөөлдөг” хэмээн ярьсан “Амьдарлын дасгалжуулагч” Батсүхийн Мөнгөнтуяа Freezone.mn сайтын маань уншигчдад мэргэжлийн зүгээс зөвөлгөө өгч байх боллоо. “Амьдарлын дасгалжуулагч” хэмээх мэргэжлийн сайхныг нь мэдэрч өөрийн амьдрал дээрээ хэрэгжүүлж, бусдад ч туслах гэсэн их хүсэлдээ хөтлөгдөн өөрийн амьдарлыг монголчуудынхаа сайн сайхны төлөө зориулж яваа эгэлхэн хирнээ агуу их үйлсийн төлөө хөдөлмөрлөж яваа нэгэн бүсгүйг “Тэргүүлэгч монголчууд” булангийн зочноор урьж ярилцлаа.

- Сайн байна уу?  Танд энэ өдрийн мэндийг хүргье. Юуны өмнө манай уншигчдад өөрийгөө танилцуулаач?
-  За баярлалаа. Танд болон танай сайтын уншигчдад энэ өдрийн мэндийг дэвшүүлье. Намайг Мөнгөнтуяа гэдэг. Одоогоор Английн Лондон хотын ойролцоо амьдардаг болохоор гадныхан намайг Моника гэдэг нэрээр нь илүү мэддэг. Энд ирээд бас 8 жил болчихсон юм байна. Одоогоор Лондонгийн Амьдралын Дасгалжуулагчийн академид бизнес, корпорацийн дасгалжуулагчийн чиглэлээр сурч байгаа. Хичээл, ажлынхаа хажуугаар Монголчууддаа зориулж Монгол Амьдралын Дасгалжуулагч ХХК-г ажиллуулж эхэлж байгаа юм. Хичнээн гадаадад амьдарч байгаа ч Монголоо гэсэн сэтгэлээ дарж чадахгүй Монголчуудынхаа аж амьдралд дэм болох төрлийн ажил төсөл дээр гар бие оролцож л явна. Товчхондоо бол иймэрхүү шив дээ. (инээв)
- Амьдарлын дасгалжуулагч гэхээр их содон сонсогдож байна... Таны энэ мэргэжлийн талаар тодруулбал...?
-Тийм байх л даа, их содон байж болох юм. Магадгүй Монголд урьд өмнө тийм мэргэжлээр хүн сурч төгсөж байгаагүй мэргэшсэн хүн одоогоор ховор болоод тэр байх. Ер нь л орчин үед хурдацтай хөгжлийн эрчээр гарч ирсэн шинэ төрлийн мэргэжил. Мэдээж дасгалжуулагч гэдэг утгаараа спортын дасгалжуулагчийн эх санааг баримталж тамирчдад өгдөг дасгалжуулагчийн ур чадварыг хадгалсан. Үүнийхээ хажуугаар баяжиж орж ирсэн нь хүний амьдралын тал бүрт амжилт гаргахад нь оюун санаа бие бялдарын бэлтгэл хийх чиглэлийг баримталдаг. Өөрөөр хүний амьдралд шаардлагатай талуудад нь амжилт гаргахад төвлөрч сэтгэл зүйн дэмжлэг өгдөг их гайхалтай мэргэжил байгаа юм. Ялангуяа Монголын өнөөгийн нийгэмд хувь хүний амьдралын тал бүрт тулгарсан бэрхшээлийг мэргэжлийн хувьд задлаад тухайн хүнд шинэ боломж нөөцийг бий болгох чиглэлээр л ажилладаг. Ер нь дэлхийн хөгжилтэй орнуудад энэ мэргэжил маш хурдацтай хөгжиж байгаа. Дэлхийд хамгийн амжилттай явж байгаа спорт, урлаг, бизнесийн алдартангуудын амжилтын ар талын нууц нь амьдралын дасгалжуулагчаар тайлбарлагдаж байдаг. Өөрөөр хэлбэл тэр хүний хувийн амьдралын нөөц бололцоог яаж сайн үр нөлөөтэй болгож ашиглахад нь дэмжлэг өгч ажилладаг гэсэн үг.
-Их сайхан мэргэжил юм... Магадгүй бидний мэдэх сэтгэл зүйч гэсэн ойлголт буугаад байна...?
-Тийм шүү, төстэй мэргэжил. Ялангуяа бид хүний оюун санаа сэтгэцийг задалж унших чанараараа их төстэй. Ялгаатай нь сэтгэл зүйчид бол хүний өнгөрсөн амьдралд тулгарсан асуудал, бэрхшээлийг ярилцдаг тал байдаг бол амьдралын дасгалжуулагчид тухайн хүний одоо байж байгаа байр суурийг ирээдүйн амьдралд нь чиглүүлж урагшаа хөдлөхөд нь тусалдаг. Тухайн хүний замд саад болж байгаа асуудал бэрхшээлүүдэд гарах гарц олж авахад нь тусалдаг. Мэдээж хүний өнгөрсөн амьдрал хүнд маш их нөлөөлдөг, тиймээс амьдралын дасгалжуулагчид өнгөрсөн зовлон зүдгүүрээс гарах, гарах гарахдаа урьд нь төсөөлж ч байгаагүй гэмээр том мөрөөдөл зорилгодоо амжилттай хүрэхэд нь тусалдаг. Энэ утгаараа бид өнгөрсөнд нь биш ирээдүйн амьдралын тэмүүлэлийг илүү их бэлэглэдэг урлагийг эзэмшдэг.
-Таныг анх яаж энэ мэргэжлийн тухай мэдэж, шинэ зүйлийг хүлээж авахдаа эргэлздэг монголчуудын сэтгэлгээнээс давж энэ мэргэжлийг сонгосон шалтгаан нь их сонин байна?
-Тэр их сонирхолтой түүх л дээ. Миний хувийн амьдрал өөрөө ч бас их бэрхшээлтэй тулгарч байсан. Би өөрөө үүндээ их бухимддаг, стресстдэг байсан. Хичнээн хичээгээд байгаа мөртлөө бүх юм буруу эргээд хаа сайгүй асуудал үүсээд, гунигтай зовсон хүмүүсийг маш олноор нь харсан. Тэдний амьдралын хүнд хэцүүг тайлдаг ид шид гэж юм байдаг бол гэж битүүхэндээ хайдаг л байсан. Намайг 26тай байхад аав маань гэнэт өнгөрсөн юм. Аавыгаа өнгөрөхөд миний амьдрал яг л орвонгоороо эргэж байгаа юм шиг санагдсан. Аавынхаа амьдралыг бодоод үзэхээр, ингээд л дуусчихсанд нь итгэж өгөхгүй, аав шиг маань өөр олон хүмүүс амьдралдаа бэрхшээлдээ шантарч суухгүйгээр гарах гарц олоход нь туслахыг их хүсдэг болж байсан. Англид ирсэнээс хойш харин ёстой жинхэнэ "Эрсэн хүн олно" гэдэг шиг л юм болсон. (инээв). Эхлээд би өөрөө амьдралаа сайжруулах гэж их хөдөлмөрлөсөн. Хүний нутагт ирчихээд асуудал бэрхшээл тулгарах болгондоо л гарах арга зам эрж хайж явсаны л гавъяа байх. Мөнгө хийгээд сурчих санаатай бизнес хөрөнгө оруулалтын чиглэлээр маш их юм ухдаг байсан. Хамгийн гол нь хүнд мэдлэг хэрэгтэй гэж бодоод, гэтэл үнэндээ ямар ч мэдлэгтэй хүн өөртөө итгэлгүй, мэдсэн мэдлэгээ ашиглаж чадахгүй бол амьдралдаа бас л бөөн асуудал. Үнэндээ боловсролтой хүмүүс олон ч аз жаргалтай амьдарч чадахгүй, бас л асуудал бэрхшээлүүд дүүрэн байдаг юм байна гэдгийг л анзаарсан. Гадаадад ирээд л гадаад хүмүүсийн амьдрал амархан, сайн сайхан байдаг юм гэж өрөөсгөл ойлгодог байсан л даа. Тэгтэл тэдний амьдрал ч ялгаагүй, олон жил баклавр, магист, доктор болоод төгсчихсөн мэргэжилтэй хүмүүс ажилгүй, мэргэжлээрээ ажиллаад амжилт гаргаж чадахгүй тал их элбэг. Тэгэхээр аливаа юмыг хийхэд тухайн хүний сэтгэл зүйн орчин, өөрөө өөртөө тавих шаардлага, амьдралын үзэл бодол баримтлалаасаа шалтгаалж л амжилтанд хүрдэг юм билээ. Тэр эрчээрээ судлаад үзэхээр ямар ч хүн амжилттай сайн сайхан амьдарч чадна. Хүн амьдралаа яаж ч өөрчилж болно. Харин тэр амьдралыг нь өөрчилж чадах түлхүүр ухаан урлагийг би хамгийн их гайхалтай түлхэх хүч болж өгөх юм байна гэж л ойлгосон. Тэгж эрж хайж явсаар байгаад Лондонгийн Амьдралын Дасгалжуулагчийн Академид орж суралцсан юм.
-Энэ мэргэжлийг эзэмшсэнээр өөрийн тань амьдралд ямар өөрчлөлт гарсан бэ?
-Миний амьдрал одоо бол урьд өмнө байснаасаа эрс тэс ялгаатай гэмээр. Би амьдралыг өөрөөр харж сурсан, аливаа юманд бухимдаж сэтгэлээр унаад байхаа больчихсон. Нэгэнт л ийм мэргэжил эзэмшинэ гэдэг маань маш их зориг хатуужил, үйлчлүүлэгчдээсээ илүү их тэвчээр ухаан, аливааг олон талаас нь харах чадварыг биднээс шаарддаг. Тэр хэмжээгээрээ би өөртөө маш өндөр шаардлага тавьдаг болохоор надад маш богино хугацаанд өсөж хөгжих боломжийг ашиглах чадварууд төлөвшиж эхэлсэн юм болов уу. Нөгөө бодлын би өөрийнхөө амьдралаараа үлгэр жишээ болж олон сая хүмүүсийн амьдралд сайн сайханд итгэх итгэл бэлэглэхийг хүсдэг. Боломжгүй юм байдаггүй юм билээ. Би өнгөрсөнд тулгарч байсан асуудал бэрхшээлүүдээсээ харахад одоо миний амьдрал үнэхээр өөрчлөгдсөн, зарим нэг талаараа би өөрөөрөө бахархмаар болж байх шиг санагддаг.
    Би баян аав ээжтэй байгаагүй. Би улсаас ямар нэгэн дэмжлэг аваагүй. Эсвэл надад их мөнгө, цаг зав, найз нөхөд байсан болоод энэ бүхнийг хийж бүтээгээгүй. Надад асуудал бэрхшээлүүдээс өөр юу ч байгаагүй. Би ядуу улсаас ор хоосон ирсэн л жирийн нэг Монгол охин. Гэтэл одоо надад дутагдаж гачигдах юм алга. Миний хийж байгаа ажил мэргэжлийн ачаар хүмүүс амьдралынхаа сайн сайхныг олж харж гэрэл гэгээтэй тэмүүлэл бэлэглэж яваадаа би их сэтгэл хангалуун болсон юм шиг надад санагддаг.
- Фреезоне.мн цахим хуудсаараа дамжуулан тантай хамтарч өөрийн уншигчдаас ирсэн захидалын эздэд зөвөлгөө өгөх болсоноо нийт уншигчидадаа дуулгахад таатай байна. Сайтад ирсэн ихэнх захидалуудыг харахад гэр бүлийн асуудал, маргаан, зөрчил түлхүү тусгагдсан байдаг. Гэр бүлийн асуудлын талаар мэргэжлийн хүний зүгээс юу хэлэх вэ?
- Гэр бүл гэдэг хүний хамгийн нандин бөгөөд маш эмзэг орон зай. Хүний гэр бүлийн уур амьсгал гадагшаа гараад өөрийнхөө орон зайгаа авч явахад нь бас их нөлөөлдөг. Гэр бүлийнхээ асуудлаа шийдэж чадаагүй хүн бизнесийн эсвэл нийгэмдээ нөлөөлөх хэмжээний том амжилтыг бүтээж түүнээсээ 100% таашаал авахад их хүндрэлтэй. Тухайн хүний дотоод ертөнцийг хамгийн ихээр мэдэрч байдаг анхны давхарга бол гэр бүл. Энэ утгаараа Монголчууд "Биеэ засаад гэр ээ зас, гэрээ засаад төрөө зас" гэж ярьдаг шдээ.
Өөрийгөө гэр бүлдээ илэрхийлж тэднийхээ зовлон жаргалыг хуваалцаж, бие биенийхээ дэргэд ямар ч асуудал болсон түшиг тулгуур болчих итгэлтэй орчиныг бид орон гэрээсээ хайдаг шүү дээ. Хүн бүр хувийн асуудалтай, бид түүнийгээ хүнээс нуудаг. Бусад хүмүүст муухай харагдахыг хүсэх хэн байх билээ. Гэтэл гэр бүл дотроо хувийн асуудлаа ярилцаж ойлголцож сурах нь Монголчуудад маш их хэрэгтэй байгаа. Ямар ч хүн хайрлуулахыг л хүсдэг. Тэр хайрыг олгож чадах хамгийн энгийн давхарга нь гэр бүлийн доторх хязгааргүй өгөх хайр. Монголчууд гэр бүлээ гэсэн хүмүүс, хичнээн асуудалтай байсан ч ах дүүсээ чирээд л авч яваа гайхалтай цайлган гэгээн хүмүүс. Хүн бүр чадах чинээгээрээ хичээж байгаа ч асуудлаа яаж зохьцуулахаа мэдэхгүй байж болно. Тэр үед нь маргалдаж муудалцаж, бие биенийхээ итгэл сэтгэлийг асуудал оруулах биш, харилцан итгэлцэл дэмжлэгийг бүтээх гэж хичээх нь маш чухал. Хичнээн үзэн ядаж гомдож байвч гэрийнхнийгээ л гэж боддог хүмүүс шүү дээ бид. Тэгэхээр хэн нэгэн хүн сэтгэл санаагаар өөдрөг гутранги байхад бид давхар зовлонгий нь үүрч хүссэн хүсээгүй ч хуваалцана. Хичнээн хөөж туугаад хэрэлдэж маргалдсан ч тэр хүн танаас салаад явчихгүй байж л байна. Асуудалтай тулгарчихаад байгаа тэр хүнийг үзэн ядаж зугтах биш, харин асуудлыг нь ойлгоод сонсож сурах, цаашилбал өөрөө асуудлаа бие дааж шийдэхэд нь ухаан ухамсарт нь нөлөөлөх урам өгч болмоор юм шиг санагддаг. Манай гэр бүл ч бас тийм төгс төгөлдөр байгаагүй. Сүүлийн хэдэн жилүүдэд бидний хоорондох харилцаа ч бас илүү итгэлцэлтэй, бие биендээ дэмжлэгтэй харилцан ойлголцож сурч байгаа. Маш их хугацаа тэвчээр ухаарал шаардагдсан зүйл, тэр хэмжээгээрээ бид бие биендээ урам хайрлаж аль аль нь бие даах боломжийг олгож өгдөг. Ямар ч хүн ийм л гэр бүлийг хүсдэг байх. Асуудалтай хүний асуудлыг шүүрч авч өмнөөс нь шийдэх бус асуудлаа өөрөө олж хараад зөв шийдвэр гарган гаргатал нь хажууд нь баттай зогсож байж л бид сайхан гэр бүлийг бүтээх юм болов уу. Гэр бүлийнхэн доторх тэр нандин сайхан харилцааг л үүсгэж хамтдаа инээж ч чаддаг, уучилж чаддаг, хуваалцаж чаддаг, уйлж чаддаг л байх хэрэгтэй юм.
- Ажиглаж байхад залуу хосуудаас илүү олон жилээр ханилж байгаа хосуудын дунд салалт их байна. Хүмүүс үүнийг тайлбарлахдаа бие биенээсээ уйдсан гэж ярьдаг. Энэ талаар таны бодол?
-Тэр үнэний хувьтай байх. Бид гэр бүл болохдоо маш том хариуцлагыг давхар үүрдэг. Зовсон ч жаргасан ч хамтдаа байх амлалтыг авдаг. Гэтэл хувь хүн өөрөө байгалиас заяасан их сониуч амархан хувьсаж өөрчлөгддөг зантай. Өчигдөр гоё санагдаад сонирхол татаж байсан юм өнөөдөр огт сонин биш болох нь маш энгийн үзэгдэл. Аль ч хосууд энэ замаар туулж гардаг. Хос болно гэдэг бие биенээ сонирхоод цоо ширтээд байхыг хэлдэггүй. Ижил сонирхол зорилготой, эрхэмлэдэг зүйлтэй түүнийхээ төлөө хамтдаа урагшаа нэгэн зэрэг тэмүүлж, зүтгэж сурахад бас их учир бий. Суухаасаа өмнө танигдаагүй байсан зүйл танигдана, дуртай дургүй зүйлс өөрчлөгдөнө гээд бидэнд тулгардаг тухайн цаг үед нь зайлшгүй шийдвэрлэх шаардлагатай асуудал ч маш их үүсдэг.  Тэр бүхэнд эхнээсээ урт хугацаагаар амьдарна гэсэн том мөрөөдөл тэмүүлэлийг хамтдаа зурж чадаагүй байгаа хосуудад замдаа таарсан юм болгон л сонин санагдана. Тэгэхээр том мөрөөдөл зорилго, хамтдаа бий болгоё гэж эхнээсээ тэмүүлж байсан зүйлсдээ төвлөрөхийн тулд асар их амлалт, давхар хариуцлага авч явж байгаа. Өөртөө байгаа бүх  100хувь итгэл найдварыг гаргаж байж л нөгөө хүнийхээ 100хувийн итгэл найдварыг олж авна. Гэр бүлийн дотор 50/50 хувиар гаргах гээд сууж байгаа хосууд бол салах магадлал илүү өндөр. Ханиа яаж ч ядарч байсан итгээд тулж дэмжээд дэргэд нь байх тэр л хүн хамтдаа өтлөх тэр жаргалыг амсах юм л даа. Одоо бол бүх юм хувьсан өөрчлөгдөж байгаа, үнэхээр 2уулаа яаж ч хэцүү асуудалтай тулгарсан бие биедээ үнэнч 100 хувь сайхан амьдралыг бий болгох боломж тэнд л  бий.
-Гадаадын хүмүүсийг бодвол монголчууд илүү эрт гэрлэж, гэр бүлийн амьдралд хөл тавьдаг юм шиг санагддаг. Энэ талаар сайн муу хэмээн мэтгэлцэх нь элбэг сонсогдох юм?
-Тийм шүү. Бид их эрт гэрлэдэг. Эрт гэрлээд бие биендээ үнэнч сайхан амьдралыг бүтээсэн гэр бүлүүд ч байгаа байх л даа. Гэхдээ л маш ховор байх. Орой гэрлэхийн давуу тал нь өөрийнхөө хэн гэдгийг мэддэг болчихсон, юу хүсэж байгаагаа мэддэг болчихсон, мэргэжил боловсрол эзэмшээд, ямар нэгэн салбарт амжилт гаргачихсан, санхүүгийн хувьд бие даачихсан, эсрэг хүйснийхээ хүний сэтгэл хөдлөлийг ойлгодог болчихсон болохоор илүү олон янзын юманд бачуурахгүй байх сайн тал бий байх. Өөртөө аль болох бэлэн болчихсон сэтгэл зүйн болон санхүүгийн бэлэн үедээ гэрлэлтийг сонгоход амьдрал илүү хялбар байх. Ихэнх гэр бүлийн асуудалууд санхүүгийн чадавхиас үүсэн гардаг. Мөнгө олоод хөдөлмөрлөөд сурчихсан хүн дор хаяж хүмүүс эд юмсын хоорондох уялдаа холбоог ойлгох ойлголт нь илүү тогтвортой. Тэр ч утгаараа ханьдаа сэтгэл зүйн тайван орчинг бэлэглэх боломжтой. Энэ бол юунаас ч илүү том бэлэг. Оюун санааны хоосрол, мөнгөний гачигдалыг бид залуу насандаа илүү их туулдаг шүү дээ. Тэр үед бие биендээ өсөж хөгжих цаг зав гаргаагүй боломж өгөөгүй залуу хосууд маань өөрийгөө ч ойлгох тэнхэл дутах тал нь элбэг. Өөрөө ч өсөж хөгжих, хань гэр бүл нь ч бас өсөж хөгжих боломжийг аль алиндаа олгож сурах нь чухал. 100 хувь итгэлцэлгүйгээр өсөж хөгжихөд их хэцүү.
-Та саяхан гаргасан номынхоо тухай уншигчдад маань танилцуулаач?
-"Бэрхшээл ба Боломж - Намайг Ядуурлын Ангалаас Амжилтын Оргилд Хүргэсэн Нууц" ном маань саяхан л хэвлэгдэж гарсан даа. Энэ ном маань миний хувийн амьдралын зовлон жаргалаас үүдэж, мэргэжлийнхээ ашиг тусыг хүмүүст хүргэх зорилготой бичигдсэн юм. Миний амьдралд янз янзын бэрхшээлүүд тулгарч байсан, түүнийгээ шийдэх явцдаа мэргэжлийнхээ чадварыг өөр дээрээ хэрэглэж байсан юм. Дасгалжуулагчаар ажилласан өнгөрсөн жилүүдийнхээ Монголчуудынхаа амьдралын бэрхшээлээс боломж болгон эргүүлсэн түүхүүдээр дүүрэн тийм л ном. Ном гэхээр хүн зүгээр л хуудас эргүүлж уншаад л дуусчихдаг ойлголт бидэнд байдаг. Гэтэл энэ ном маань зүгээр уншаад л гоё юм байна гээд хаачих биш, тэр жишээнүүдээс суралцаад өөртөө ашиглаж болох боломжийг олгосон хувийн дасгалжуулагч болгоод ашигламаар үе шаттай нухацтай боловсруулсан асуулттай хийгдсэн юм. Хамгийн гол нь уншиж байгаа хүнийхээ бэрхшээлээс нь гарах арга зам боломжуудыг нь таньж урагшаа зоригтой алхахад нь удирдамж болгож байгаа юм л даа. Би энэ номоор дамжуулж дасгалжуулагчийнхаа үр өгөөжийг олны хүртээл болгохыг хичээсэн юм. Мэдээж анхны ном юм болохоор хамгийн сайн чаддагаараа оруулах гэж хичээсэн л дээ. Үнэхээр бэрхшээл тулгарсан үедээ миний номыг уншаад сэтгэл санаа нь уужраад гарах арга замаа л Монголчууд маань олж  харж байг л бэлэгдсэн юм. Тэр ч утгаараа Бэрхшээл тулгарсан үедээ “Бэрхшээл ба Боломж” номыг уншиж байгаарай.
-Таны ном манай уншигчдад ч бас сонирхолтой санагдаж байгаа байх. Номыг тань хаанаас олж авах вэ? Дэлгүүрүүдэд зарагдаж байгаа юу?
Ном маань хотын бүх дэлгүүрүүдэд тавигдсан гэж сонсогдож байсан. Би өөрөө Лондонд байгаа болохоор яг тэр энэ дэлгүүр гэж хэлж мэдэхгүй байна. 463398, 99156053 утсаар Баттуяатай холбогдоод авчихаж бас болох байх.
Харин АНУ, Англид амьдарч байгаа Монголчуудад ном гар дээр нь очиход их ойрхон байгаа. Бусад гадаад орнуудад амьдардаг Монголчууд алсдаа amazon, ebay дээрээс онлайн худалдаж авах боломжтой болгох санаатай ажиллаж байгаа. Цахим ном хэлбэрээр ч татаж авч болох байх. Гэхдээ ном маань өөрөө 360 гаруй хуудастай зузаан болохоор биетээрээ худалдаж авахад илүү ихийг ойлгож авахад нэмэртэй байх гэж бодогдсон.
-Хэрэв манай уншигчид танаас хувьчилан амьдралын дасгалжуулагч болооч гэж хүсвэл та дасгалжуулалт хийж байгаа юу?
Би одоогоор долоо хоногт тогтсон 2 өдөр хувь хүмүүсийн дасгалжуулалт хийхэд цаг гаргаж байгаа. Тухайн хүнтэйгээ урьдчилж цаг тохирч онлайнаар хийж байгаа. Илүү мэдээллийг 463398, 99156053 утсаар лавлаад авчихаж болно.
-Алсдаа та ямар зорилготой ажиллаж байгаа вэ? Нууц биш бол энэ талаараа хуваалцаач.
Хийх ажил маш их байна аа (инээв).  Би одоо Монгол Эмэгтэйчүүдийн Хөгжлийн Сантай хамтарч “Чадварлаг Эмэгтэй” төсөл хэрэгжүүлж яваа. Энэ төсөл маань Дэлхийгээр тархсан Монгол эмэгтэйчүүдийн ажил амжилтын нууц, бэрхшээл зовлон, зориг хатуужилийн тухай цуврал ярилцлага нийтлэлүүд байгаа юм. Үүгээрээ дамжуулж залуу охид, бусад эмэгтэйчүүдийнхээ амьдралд бас нэгэн урам зориг олгох зорилготой байгаа юм.
Ер нь бол би мэргэжилдээ их дуртай. Энэ мэргэжлээрээ дагнаж ажиллана. Илүү ихийг бүтээх санаанууд байгаа. Удирдах Ур Чадварын сургалтууд, Амжилтанд Хүргэх Бодолтой Алхам цахим хичээлүүдээ үргэлжлүүлнэ. Хажуугаар нь аль болох олон цагаар дасгалжуулалт хийх тал дээр тулж ажиллах юм.
-Сайтын маань уншигчдад хандаж та юу хэлэх бол?
Сүүлийн жилүүдэд Дэлхий маш хурдацтай хөгжиж байна, өчигдөр байсан зүйл өнөөдөр огт хэрэгцээгүй болж байна. Ийм хурдацтай хөгжилтэй хөл нийлүүлж алхахад тийм амар биш боловч хувийн сонирхол ур чадвараа сайн хөгжүүлээд ирсэн хүнд л шинэ боломжууд нээлттэй болж байгаа. Урьд нь Монголчуудын хийдэг байсан аргаар бид бүхэн хол явахгүй нь ойлгомжтой. Бидний эргэн тойронд юу болж байгаа юу болохгүй байгааг ч та өөрөө харж байгаа. Хүмүүсийн алдаанаас суралцаад өөрийгөө болоод гэр бүлээ аваад явах сонголт таны өмнө бий. Амьдрал бол итгэж тэмүүлж чадсан хүндээ ид шидийн гэмээр гайхалтай үүд хаалгуудыг нээж өгдөг. Итгэлтэй зоригтой алхаж яваарай. Боломжгүй юм гэж байдаггүй.
- Танд баярлалаа. Таны зүгээс Freezone.mn сайтын уншигчдад өгөх зөвөлгөө тэдэнд маш их чухал болохыг хэлэх хэрэг юун. Танд амжилт хүсье.

http://bj4img.com/d/bb/user_uploads/20110702/195573/berhsheel_ba_bolomj_poster2%5B1%5D-1_87e0a392.jpg

 

  • Бичсэн tserenbat_d
  • Үзсэн: 4721

Бүлэг: Ярилцлага

Хөсөгтөн хамтлагийн залуусаараа бид бахарасан

Монголын язгуур урлагын “Хөсөгтөн” хамтлаг бүрэн бүрэлдхүүнээрээ “BBC Proms”  олон улсын урлагын арга хэмжээнд оролцож дэлхийд алдартай “Royal Albert Hall”-д тоглов. Энэ тоглолтын талаар Монгол Улсаас ИБУИНВУ-д суугаа ЭСЯ-ны 2 нарийн бичгийн дарга Х.Мандахцэцэгтэй ярилцлаа.

А: Монголын залуус зууны түүхтэй олон улсын урлагын наадамд оролцож, дэлхийд алдартай театрын тайзан дээр монгол морин хуураа татаж,  хөөмийн аяаа эгшиглүүлжээ. Та энэхүү урлагын наадмын талаар товч мэдээлэл өгнө үү?

Х.Мандахцэцэг:
Манай “Хөсөгтөн” хамтлагийн оролцсон “BBC Proms” концерт нь британийн хамгийн нэр хүндтэй, хамгийн олон үзэгчидтэй олон улсын урлагын наадам юм. Анхны концерт нь 1895 онд Хатан хааны театрт тавигдан өнөөдрийг хүртэл тасралтгүй үргэлжилж байна. Энэхүү наадмын гол зорилго нь дэлхийн улс орнуудын чадварлаг уран бүтээлчдийн бүтээлийг британийн тайзан дээр гаргаж, британийн олон нийтэд хүргэх явдал. Найман долоо хоног үргэлжилдэг энэхүү наадамд жил бүр 70 гаруй тоглолт тавигддаг. Энэхүү нэр хүндтэй олон улсын урлагын наадамд “Хөсөгтөн” хамтлаг оролцож монгол ардын язгуур урлагийг британийн олон нийтэд төдийгүй дэлхийд танилцууллаа. Алдарт “Royal Albert Hall” театрын тайзнаа монгол залуус маань ур чадвараа гайхуулан тоглож, үзэгчидийн нижигнэсэн алга ташилтаар мялаалгаж буйг сонсож суухад үнэхээр тэднээрээ бахархаж, монголоороо омогших сэтгэгдэл төрсөн шүү.

А: Таны дээр дурдсан дэлхийд алдартай “Royal Albert Hall” театрт тоглох нь уран бүтээлч хэн бүрийн нэгэн мөрөөдөл гэх.

Х.Мандахцэцэг: “Royal Albert Hall” театрийг Британийн Хатан хаан Викториа 1871 онд “Урлаг соёл, шинжлэх ухааны төв” нэртэйгээр нээж сүүлд нь өөрийн нөхөр хунтайж Албертийн дурсгалд зориулан нэрийг нь өөрчилсөн түүхтэй. Энэхүү театрт жилдээ сонгодог хөгжим, орчин үеийн хамтлаг, дуучдын тоглолт, бүжгэн жүжиг, дуурь зэрэг 350 гаруй тоглолт тавигдахын зэрэгцээ соёл, боловсролын чиглэлээр ч олон арга хэмжээ зохион байгуулагддаг маш нэр хүндтэй соёл, урлагийн өргөө л дөө. Таны хэлсэнээр нээрээ л урлагийн хүн бүрийн тайзан дээр нь бүтээлээ үзүүлэхийг  хүсдэг театруудыг нэг. “Хөсөгтөн” хамтлагийхан тоглолтын дараа “бидний нэг мөрөөдөл биеллээ” гэцгээж байсан. “Хөсөгтөн” хамтлагийн хувьд энэхүү арга хэмжээгээр уламжилан Британи цаашлаад Европи тивд танигдах сайхан боломж нээгдлээ. 

А: Танай ЭСЯ-ны зүгээс монголын соёл, урлаг, уран бүтээлчдийг британийн олон нийтэд таниулах, сурталчилах талаар хийж буй ажлаасаа бидэнд сонирхуулбал?


Х.Мандахцэцэг: Монгол-Британийн соёл, урлагын салбарын харилцааг хөгжүүлэх, монгол соёл, урлагаа британид сурталчилан таниулах нь манай ЭСЯ-ны ажлын нэг хэсэг юм. Бид монголын авьяаслаг уран бүтээлчдийг британийн олон нийтэд сурталчилах, таниулах ажлыг Британийн Монголчуудын Холбоо, Монголын Соёлын төв, Монголын урлаг соёл, уран бүтээлчдийг европод таниулан сурталчилах ажиллагаа хийдэг Лингуа Глобал компанитай хамтран тогтмол зохиож ирлээ. Хамгийн ойрхоны жишээ нь өнгөрсөн 7 дугаар сарын 19, 20-ны өдрүүдэд бид  Монгол Улсад орчин үеийн дипломат алба үүсгэн байгуулагдсаны 100 жилийн ой, Монгол Улс НҮБ-д элсэний 50 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд Монгол хөөмийг хүн төрөлхтөний биет бус соёлын өвийн жагсаалтад бүртгүүлсэнтэй холбогдуулан “Монгол хөөмийн соёлын өв” анхдугаар бага хурал болон “Монгол хөөмийн наадам”-ыг Лингуа Глобал компанитай хамтран амжилттай зохион байгуулсан. Энэхүү бага хурал, наадамд “Хөсөгтөн” хамтлаг мөн оролцож хөөмийн судалгаа, уламжлал, хөгжлийн талаар сонирхолтой илтгэл хэлэлцүүлсэн нь  гадаадын хөөмий судлаачдын сонирхолыг ихэд татсан. Энэхүү бага хурлаас “Олон улсын хөөмийн холбоо” байгуулж, уг холбооны УЗ-д тус хамтлагийн ахлагч Д.Ариунболд орсон. Тийм ч учраас энэ хамтлагийн хувьд цаашид сайн уран бүтээл хийхээс гадна хөөмийн уламжлал, хөгжлийн асуудалд ч хийх ажил их байгаа болов уу.

А: “Хөсөгтөн” хамтлаг энэхүү хзндтэй концертод оролцсоноор цаашид Европийн үеэгчдэд зориулан аялан тоглох үүд хаалга нээгдлээ гэж ойлгож болох уу? Тэдний  фэнүүддээ барих дараагийн бэлэг юу байх бол?


Х.Мандахцэцэг: Энэ концертод оролцсоноор тэдний тоглолт театрийн үзэгчдээс гадна телевизийн BBC сувгийг үзэгч олонд хүрч буй. Иймд сайн менежмэнт хийвэл тэдэнд боломж нээгдэж буй гэж ойлгож болох байх аа. Харин тэдний цаашдын төлөвлөгөөний талаар хамтлагийнхнаас тодруулвал танд тодорхой хариу өгөх байх. Тэдний тоглолтыг үзэгчийн хувиар үзэж суухад үнэхээр авьяаслаг, хөдөлмөрч залуус юм даа гэж бодогдож байсан. Ер нь үзэгчид таалагдсан уран бүтээлчээсээ үргэлж шинэ, содон, сайхан зүйл хүлээж, түүнийгээ мэдэрч байхдаа тэдний фэн гэдгээрээ бахархаж суудаг гэсэн үг байдаг. Хөсөгтөн хамтлагийнханы хувьд олон мянган фэнүүдийхээ хүлээлтийг үргэлж шинэлэг, сайхан уран бүтээлээр мялааж байна гэдэгт итгэлтэй байна. Ингээд хамтлагийн залууст уран бүтээлийн өндөр амжилт хүсье. Их баярлалаа.            

  • Бичсэн tserenbat_d
  • Үзсэн: 5064

Бүлэг: Ярилцлага

Хөлбөмбөгийн холбоо FIFA-гаас хоёр тэрбум гаруй төгрөг авсан ч шигшээ нь өөдөлсөнгүй

Монголын үндэсний олимпийн хорооны гишүүн, Цахим Өртөө сүлжээний анд  Ч.Бат-Эрдэнэтэй Өдрийн сонины сурвалжлагч Д.Гансаруулын хийсэн ярилцлага

-Монголын өнөөгийн спортын салбарын бодлого, уг салбарыг авч яваа арга барилд шүүмжлэлтэй ханддаг хүмүүсийн нэг нь та. Долдугаар сарын 3-нд Монголын хөлбөмбөгийн шигшээ баг Мьянмарын талбайд ДАШТ-ий бүсийн урьдчилсан тоглолтын хариу тоглолтод 2-0-ээр хожигдож дэмжигчдийнхээ урмыг дахин хугаллаа. Үндэсний шигшээ баг нь ингээд олон дахин тэгээрээ хожигдоод байхаар шүтэн бишрэгчид нь гэлтгүй ард түмний дүргүйцэл төрж байх шиг. Хөлбөмбөгийн шигшээ фанатуудаасаа уучлал гуйх цаг нь болжээ?

-Харамсалтай зүйл болсон л доо, хожигдоод. Би ч гэсэн хөлбөмбөг сонирхдог. Их сургуульд байхдаа тоглодог байсан. Нэгдүгээр зэрэгтэй.

Мьянмар улс чансаагаараа 167 дугаарт бичигддэг юм билээ. Монгол 179 дүгээрт бичигдэж байгаа. Хожих төлөвлөгөөтэй байсан, анхны ялалтыг нутаг дээрээ авсан. Тамирчид маань байдгаараа л тоглосон байж таараа. Тэднийг буруутгах арга байхгүй. Харин энэ ялагдал спортын салбарын тогтолцоо зөв явж байна уу, үгүй юу гэдэгтэй холбогдож байна. Намайг юм бүхэнд шүүмжлэлтэй хандаад байдаг гэж ойлгож болохгүй л дээ. Болохгүй байгаа учраас шүүмжилдэг. Спортыг хөгжүүлж байгаа гэх энэ бодлоготой санал нийцэхгүй байгаа юм. Шууд хэлэхэд улс оронд байгаа бусад салбаруудаас хамгийн хоцрогдсон салбар нь спорт. Хуучны буюу социализмын үед авч явж байсан арга барилаараа л явж байна.

Өнөөдөр спортын бодлого чөлөөт бөх, жүдо гэсэн хэдэн төрөл рүүгээ л хандаад байдаг.

Хөлбөмбөгийн хувьд холбооных нь менежмент, хөгжүүлэх бодлого бас л сул байна. Олон улсын хөлбөмбөгийн холбооны "Goal" төсөл манайд хоёр, гурван удаа хэрэгжиж нийт хоёр сая гаруй ам.доллар орж ирсэн юм билээ. Тэр их мөнгө  хөлбөмбөгийн спортынхоо хөгжилд зарцуулагдаж уу, үгүй юу гэдэг нь тодорхойгүй. Хэрэв мөнгө тэр чигээрээ зарцуулагдаад манай баг өнөөдөр ингэж хожигдсон бол үнэхээр хэлэх үг алга. Гэтэл зарим хүмүүсийн сураг ажгаар тэр мөнгө буруу зүйлд зарцуулагдчихаж. Жишээ нь, хөлбөмбөгийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга байсан нөхөр тэр мөнгөөр айхавтар том хаус барьчихсан байна ч гэх шиг. Иймэрхүү байдлаар зарцуулагдсан байж магадгүй гэж хардаж байгаа юм л даа.

-Хөлбөмбөгийн үнэнч дэмжигчид шигшээ баг нь амжилт үзүүлэхгүй байгаад холбооны удирдлагыг нь буруутгаж байна. Олон улсын хөлбөмбөгийн холбоо (FIFA)-ноос өгсөн хоёр тэрбум гаруй төгрөгөө хөлбөмбөгчдөдөө зарцуулсан бол арай ингэж хожигдохгүй байсан гэж халаглацгааж байна?

-Нийт нэг сая 850 мянган ам.долларыг FIFA өгсөн юм билээ. Тухайн үеийн ханшаар бол чанга шүү. 2001 оноос FIFA-гаас дээрх мөнгийг авч эхэлсэн юм билээ. 10 жилийн турш ийм байдалтай явж байна.

Ийм байдал зөвхөн хөлбөмбөгийн холбоонд байгаа юм биш бүх холбоодод ажиглагддаг, гардаг зүйл. Холбоод ч дүүрчээ. Монголын үндэсний олимпийн хороог спортын хамгийн том байгууллага гэж яриад байгаа шүү дээ. Тэгтэл уг хороо дүрмээ баримтлахгүй байгаа байхгүй юу. Санхүүгийн бүх зүйл нь нууцлагдмал, зүй бусаар зарцуулдаг. Зүй бусаар зарцуулдгийг нь илрүүлээд гаргаад иртэл Хянан шалгах зөвлөлийнх нь дарга тайлангаасаа хасаад хаячихсан. Үүнийгээ "Бид дотооддоо яриад тайлангаас хасчихсан" гэж ярьсан. Ийм л дураараа. Өөрсдөө зөв бодлого явуулж, хөдөлмөрлөж орлого олж, спортоо хөгжүүлэхээ боддоггүй. Улсаас, олон улсын холбооноос мөнгө хүлээдэг. Тэр ирсэн мөнгөө буруугаар зарцуулдаг.

-Дэлхийн хамгийн олон үзэгч, дэмжигчтэй хөлбөмбөгийн олон улсын холбооноос удаа дараа их хэмжээний мөнгө өгөөд байхад манай хөлбөмбөгийн спортод ахиц гарахгүй байгаа нь цаагуураа олон улсад Монгол Улсын нэр хүндийг унагаж байгаа явдал болж байна. Ингэж байснаас хөлбөмбөгийн шигшээ багийг татан буулгачихвал яасан юм бол?

-Монголын нэр хүнд өндөр үнэлэгдэж байгаа болохоор ингэж мөнгө өгөөд байгаа юм биш. Олон улсын хөлбөмбөгийн холбоо гишүүн орнуудаа спортын хөгжлөөр нь сайн, дундаж, муу гээд ангилчихсан байдаг. Тэгээд хэтэрхий дор хөгжилтэй орнуудаа татах гэж л мөнгө өгдөг. Гэтэл мөнгийг нь манайхан аваад буруугаар зарцуулж байгаа нь эх орныхоо нэрийг дэлхийн хэмжээнд унагаж байгаа явдал. Гэхдээ тэд нар чинь энэ буруутай үйлдлээ өнгөлөн далдлах маш их зүйл хийдэг юм. Олон улсын хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгчийг ирэхэд улсынхаа Ерөнхийлөгчийн хамт шав тавиулна, худлаа тайлан явуулна. Энэ байдал бусад хороодод бүр олимпийн хороонд ч бий. Үүнийг монголчууддаа хэлдэггүй. Муугаар яривал энэ чинь гэмт хэрэг шүү дээ.

Хэрэв хөлбөмбөгийн холбоо тэр санхүүжилтийг зөв зарцуулаад явсан бол тамирчдын дасгалжуулалт, сургалт сайжирна, бэлтгэл, лигийн тэмцээн, орон нутгийн тамирчдын ур чадвар жигдрээд ирэх байсан.

-Ер нь ингээд хожигдоод байвал манай шигшээ нэг хэсэгтээ тэмцээнд оролцохгүй байвал яасан юм бол. Ард түмэн тэднийг хаашаа ч тэмцээнд явсан битүүхэндээ найдвар тавьсаар байдаг. Гэтэл ямар ч "сураггүй" багуудад ялагдчихдаг?

-Би тэгж бодохгүй байна. Олон улсын тэмцээнд орж л байх хэрэгтэй. Сая Мьянмартай тоглосон тоглолт чинь ДАШТ-ий урьдчилсан тэмцээн байсан. Тийм болохоор дэлхийн аваргын тэмцээнд орж байна л гэсэн үг шүү дээ. Орохгүй байна гэхээр харамсалтай.

-Орохоороо л ялагдчихаад байх юм?

-Ороод амжилт үзүүлэх л ёстой. Дараагийнхаа тэмцээн хүртэл аль болох хурдан, зөв замдаа орох, эсвэл ямар нэг арга хэмжээ авч байж л бид амжилт үзүүлнэ. Хөлбөмбөгийн холбооны хурал, цуглаан болдог гэж сонссон. Тэгэхэд зохион байгуулалттай, нэг хүнийг хамгаалсан, түүнийг толгойдоо байлгах гэсэн байр суурьтай байдаг гэсэн.

Монголын үндэсний олимпийн хорооны спортын холбоодын үлгэрчилсэн дүрэм гэдгийг гаргаж байгаа. Уг дүрмийн комисст би ажиллаж байгаа. Их л ул суурьтай дүрэм гаргая гэж би хувьдаа бодож байгаа. Тэгтэл Олимпийн хороонд байгаа нөхдүүд маань ямар юм хийх нь үү, тийм үү. Найдваргүй юм хийдэг улсууд шүү дээ. Өөрсдөө дүрмээ барьдаггүй улсууд чинь доод талын хүмүүсээ дүрмээ барь гэж хэлэхээр хэцүү байдаг биз.

Өнөөдөр бид хөлбөмбөгийн холбоонд шаардлага тавьж болохгүй болчихоод байна. Олимпийн хороо өөрөө дүрмээ бариагүй, юмаа цэгцлээгүй байж спортын хорооддоо шаардлага тавьж чадахгүй байгаа юм.

Спортын бодлогыг хариуцаж байгаа юм чинь, та надаас биш Ч.Наранбаатар даргаас ярилцлага авах ёстой ш дээ. Энэ нөхөр хөлбөмбөгийн холбооны талаар ямар ч мэдээлэлгүй сууж байгаа. Хэдэн шигшээ багаа нааш нь цааш нь явуулах, хүүхдийн спортын наадам гээд бөөн мөнгө төсөв. Ямар ч зохион байгуулалт, хяналт байхгүй. Спортын арга хэмжээ гээд баахан мөнгө зарцуулдаг юм байна лээ. Тэр улсууд чинь өнөөдөр хөлбөмбөгийн спортод санаа зовж байх ёстой. Спортын 90 жилийн ой гэж огт байгаагүй тийм ой тэмдэглэж, байхгүй газраас одон медаль гаргаж, хөдөө гадаанаас хүн амьтан уриад, улсын мөнгө үрж хичнээн ч төгрөг зарцуулж байгаа юм, бүү мэд. Ингэхийнхээ оронд спортоо, хөлбөмбөгөө хөгжүүлэх талаар бодох хэрэгтэй.

  • Бичсэн tserenbat_d
  • Үзсэн: 3908

Бүлэг: Ярилцлага

Д.Сайнбаяр: Намууд улс төрийн эр зориг гаргаж, Гадаадад байгаа Монголчуудын Сонгох эрхийг эдлүүлэх хэрэгтэй

 Эх сурвалж: Өдрийн сонин 2011-05-13

Сонгуулийн тухай хууль ид яригдаж байх үед гадаадад ажиллаж, амьдарч байгаа монголчуудын төлөөлөл санал өгөх эрхийнхээ талаар хүчтэй дуугарч эхэллээ. Монгол улсын иргэний хувьд Үндсэн хуулинд заагдсан эрхээ эдлэх ёстой хэмээн гадаадад амьдардаг монголчууд хэлж ярьдаг ч санал өгөх боломж нь нээгдэхгүйгээр өдий хүрсэн. Энэ талаар “Цахим өртөө xолбоо” ТББ-ын Удирдах зөвлөлийн дарга Д.Сайнбаяртай ярилцлаа.

-Саяхан танай байгууллагаас хэвлэлийн бага хурал зарлаж, гадаадад байгаа монголчуудын санал өгөх эрх зөрчигдөж байгаа талаар мэдээлэл хийсэн. Танайхны мэдэгдсэнээр сонгогчдын 10 хувийнх нь эрх зөрчигдөж байгаа гэсэн нь үнэхээр ноцтой тоо сонстож байсан л даа?

- Хөдөөнөөс аймгийн төв, аймгийн төвөөс нийслэл, нийслэлээс гадаадын улс орнууд руу гэсэн их нүүдэл Монгол Улсад түгээмэл болоод даруй 20 жил боллоо. Энэ хүчтэй миграци буурахгүй байна. Өнөөдөр 200 мянга орчим монголчууд гадны улс орнуудад ажиллаж амьдарч байгаа гэсэн албан бус тоо байдаг. Сүүлд хийсэн тооллогод хамрагдсан хүмүүсийн тоо нь 110 мянга гаруй байгаа. Тэгвэл 2008 оны УИХ-ын сонгогчдын нэрсийн жагсаалтад бүртгэгдсэн сонгогчдын тоо 1.5 сая гэж үзвэл дээрх үзүүлэлтийн дундажаар сонгогчдын 10 хувь нь болж таарна. Тэгэхээр сонгогчдын арван хүний нэгийн эрх зөрчигдөж байгаа гэж үзэхээс аргагүй байгаа юм.  Үндсэн хуулийн гуравдугаар зүйлийн 3.1-д “Монгол Улсад Засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна. Монголын ард түмэн төрийн үйл хэрэгт шууд оролцож, мөн сонгож байгуулсан төрийн эрх барих төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан энэхүү эрхээ эдэлнэ” гэсэн заалт, хоёрдугаар бүлгийн 16 дугаар зүйлийн 16.9-д “Шууд буюу төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан төрийг удирдах хэрэгт оролцох эрхтэй. Төрийн байгууллагад сонгох, сонгогдох эрхтэй” гэх заалт, 21 дүгээр зүйлийн 21.2-т заасан “УИХ-ын гишүүнийг Монгол Улсын сонгуулийн эрх бүхий иргэд нийтээрээ, чөлөөтэй, шууд сонгох эрхийн үндсэн дээр саналаа нууцаар гаргаж, дөрвөн жилийн хугацаагаар сонгоно” гэсэн заалтууд хэрэгжихгүй байгаа юм.

-Өнгөрсөн УИХ-ын сонгуулийн өмнөхөн буюу 2007 оны арванхоёрдугаар сард эмэгтэйчүүдийн 30 хувийн квотыг авч хаясан алдарт хуйвалдааны үеэр гадаадад байгаа иргэдийнхээ саналыг авах ажлыг зохицуулна гэсэн заалтыг аваад хаячихсан байх аа. Тэр үеэс хойш энэ талаар ямар ч алхам хийсэнгүй өнөөг хүргэчих шиг боллоо доо?

-2005 оны арванхоёрдугаар сарын 29-ний өдөр батлагдсан “Сонгуулийн тухай хууль”-ийн зургадугаар зүйлийн 6.3, 13 дугаар зүйлийн 13.3-т гадаадад оршин сууж байгаа монгол иргэдийнхээ сонгох эрхийг баталгаажуулсан “Гадаад улсад амьдарч байгаа Монгол Улсын сонгуулийн эрх бүхий иргэд сонгуульд оролцох эрхтэй”, “Гадаад улсад амьдарч байгаа Монгол Улсын иргэдийн саналыг авах хэсэг байгуулах журмыг СЕХ батална” заалтыг 2007 оны арванхоёрдугаар сарын 26-нд батлан гаргасан “Сонгуулийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай” хуулиараа авч хаясныг манай “Цахим өртөө холбоо”-ныхон эсэргүүцэж байр сууриа олон удаа илэрхийлж байсан. Тэгээд өнгөрсөн хугацаанд үүнийгээ засч залруулах талаар  ямар ч алхам хийхгүй ирсэн нь харамсалтай. Сонгуулийн ерөнхий хороо ажлаа хийхгүй байна. Манай “Цахим өртөө” сүлжээнийхэн олон жилийн өмнөөс гадаадад байгаа монголчуудынхаа сонгох, сонгогдох эрхийн талаар ярьж ирсэн. Одоо үүнийгээ улам бүр идэвхжүүлж, энэ өөрчлөлтийг хатуу шаардах болно.

-Танай холбооноос энэ талаар сайтаараа багагүй бичдэг байсан санагдана. Гэхдээ дээр байгаа төр засгийн удирдлагуудад төдийлөн хүрч чадахгүй байсан юм болов уу?

-Манай холбоо гадаадад байгаа иргэдийн санал өгөх эрх, давхар иргэншлийг зөвшөөрөх гэсэн чиглэлээр чамгүй ажиллаж ирсэн. 2002 онд манай сүлжээний гишүүн сүүлд Ерөнхийлөгчийн хуулийн бодлогын зөвлөхөөр ажиллаж байсан Г.Ганзориг тухайн үеийн УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгийн хорооны дарга Д.Лүндээжанцанд, тэрнээс хойш Ерөнхий сайд С.Баяр болоод бусад намын дарга нарт бид албан хүсэлт тавьж ирсэн. Манай гишүүд байнга энэ талаар нийтлэл бичиж,  АНУ-аас уг сэдвээр сансрын холболтын технологийг ашиглан “UBS” телевизийн шууд нэвтрүүлгээр хүртэл СЕХ-ныхонтой үзэл бодлоо солилцож байлаа. Байгаа бүх л боломжоо ашигласан. Мөн 2006 оны аравдугаар сард СЕХ-ны дарга Б.Баттулга, нарийн бичгийн дарга Б.Баярсайхан нартай албан ёсоор уулзаж, хамтран ажиллах боломжийн талаар байр сууриа хэлж, өөрсдийн нь амьдран суугаа улс орнуудад эл байдлыг хэрхэн шийддэг талаар баримт жишээг орчуулж мэдээлэл болгон өгч ирсэн. Гадаадад байгаа монголчуудын сонгох эрхийн талаар байнга сануулж, хэвлэлийн бага хурал хийлгэж бас УИХ-ын 76 гишүүдэд хуулиндаа тусгах талаар сануулсан захидал тогтмол илгээж ирлээ. Гэвч одоо Сонгуулийн тухай хууль ид яригдаж энэ үед бас л орхих вий гэсэн айдас байна.

-Өмнө нь тэр заалтыг авч хаях үед ямар тайлбар хэлж байсан юм бол?

-Тэр үед СЕХ-ноос Сонгуулийн тухай хуульд энэ тухай зүйл заалт байхгүй байгаа эхний шалтгаан байна хэмээж байсан. Бас мөнгө санхүүгийн асуудал шийдэгдээгүй, дөрвөөс таван сая ам.доллар шаардлагатай гэсэн тайлбар хэлдэг байсан. Дээрээс нь санал авах арга зам нь тодорхойгүй гэсэн гурван нөхцөлт тайлбар хэлдэг байв. Тэгвэл одоо Сонгуулийн тухай хуулийг ид ярьж байна. Энэ тухай заалт оруулах бүрэн боломжтой. Одоо хуучин шиг хөрөнгө мөнгөгүй гэж хэлэх үндэс төрд  байхгүй. Дээрээс нь авах арга замын хувьд тодорхой. Дэлхийн улс орнуудад гадаадад байгаа иргэдийнхээ саналыг шуудангаар, интернэтээр бас элчин сайдын яам болоод консулын газраар авдаг. Хэрэв шуудан бас интернэтээр авах боломж нь бүрэн хангагдаагүй гэж үзэх юм бол эхний ээлжинд элчин сайдын яам консулын газруудаар саналыг нь авах бүрэн боломжтой шүү дээ. 

-Элчин сайдынхаа яаман дээр ирж саналаа өгнө гэхээр тэр бүр оршин суугаа газарт нь дипломат төлөөлөгчийн газар байж таарах болов уу?


-Монголчуудын 70-80 хувь нь Вашингтон, Лондон, Токио, Берлин, Сөүл гээд л Монголын 30-аад Элчин сайдын яам, консул байдаг газарт оршин суудаг гэсэн тооцоо бий. Зарим хүн тухайн улс оронд хараар амьдран сууж байгаа тохиолдолд хэрхэх бол гэсэн болгоомжлол гарахыг үгүйсгэх аргагүй. Гэхдээ тэр хүн ямар статустай тэнд оршин суугаа нь төрийн эрх барих дээд байгууллагаа сонгох үйл явцад нь нөлөөлөх учиргүй. Харин Монгол Улсын иргэний хувьд саналаа өгөх эрхээ эдлэх нь манай нийгмийн үнэт зүйл.

-Гадаадад байгаа монголчууд энд байгаа хүмүүсийн адил санал өгөх эрхтэй гэдгийг ухамсарладаг ч улс төрийн намууд өөрт ашигтай хувилбараа хараад тэр заалтыг оруулах сонирхолгүй байдаг юм биш үү. Тухайн үеийн МАХН гадаадад байгаа монголчуудаас саналыг нь авбал ашиггүй гэж үзээд л тэр заалтыг авсан гэж их яригдаж байсан даа?


-Харамсалтай нь энэ асуудалд яг ийм байдлаар хандаад улс төр ороод байх юм. Ер нь бид өмнөх сонгуулийн өмнө ийм байр сууринаас хандаад уг заалтыг авч хаясан гэж үздэг. Гадаадад байгаа монголчуудын хувьд ардчилсан үзэл баримтлал, чөлөөт эдийн засгийг илүүтэй дэмждэг нь ойлгомжтой. Хувь хүмүүс, гишүүд нь гадаадад байгаа монголчууд саналаа өгөх эрхтэй гэдгийг хүлээн зөвшөөрдөг ч нам дээр ирэхээрээ өөрөөр харж эхэлдэг. Энэ асуудлыг шийдэхэд улс төрийн эр зориг гаргах хэрэгтэй л дээ. Намуудыг улс төрийн эр зориг гаргаач ээ гэж хүсэхийн зэрэгцээ СЕХ-г ажлаа хариуцлагатай хийхийг албан ёсоор шаардаж байна. Жилийн жилд сонгуулийн тогтолцоог судална гээд өч төчнөөн зардал гаргаад гадагшаа явдаг ирээд хийсэн ажил алга.

-Гадаадад амьдарч байгаа иргэдийн саналыг авахгүй байх өөр ямар үндсэн шалтаг байгаа гэж та боддог вэ?

-Ер нь Гадаад руу чиглэсэн нүүдэл багасахгүй ямар нэг байдлаар үргэлжлээд л байгаа. Гадаадад дунд сургууль төгсөөд ирсэн нэгэн дараа нь магистр эсвэл дараагийн шатны сургалтад гэх зэргээр энэ урсгал ямар нэг байдлаар үргэлжилсээр байна. Гадаадад байгаа манай иргэдийн хувьд тодорхой хэмжээний боловсрол мэдлэгтэй, нийгмийн дундажаас дээш түвшний хүмүүс байх нь элбэг. Тэд бол мөнгөний сонгуульд хууртахгүй, мөнгөөр саналаа өгөхийн оронд нэр дэвшигчдээс бодлого нэхэх хүмүүс. Гэтэл одоогийн УИХ-ын гишүүдэд өндөр боловсролтой иргэдэд бодлогоо хэлэлцэж өрсөлдөхийн оронд 10 000 төгрөгөө тараах нь гоё байх шиг байна. Гэхдээ одоо манай сүлжээнийхэн энэ мэтээр олон мянган хүний сонгох эрхийг зөрчих явдлыг үргэлжлүүлэхгүй.

-Хуулинд суулгаж өгөхгүй байгаа тохиолдолд чухам яана гэж?

-Бид эхний шатанд байгаа газар бүртээ иргэний танхим байгуулна. Нэгдсэн зохион байгуулалтад орно. Гадаадад байгаа хот, тэндхийн нийгэмлэгүүдийн удирдагч нарын ихэнх нь манай сүлжээний гишүүд байдаг. Сонгох эрхийнхээ төлөө байр сууриа илэрхийлэх хүмүүсийн хүчийг нэгтгэнэ. Интернэт гэж асар том зэвсэг байна шүү дээ. Одоо хувьсгалыг интернэтээр л хийдэг болсон цаг. Бид нэгдэж, санал өгөх эрхийнхээ төлөө хүчтэй дуугарч эхэлнэ. Гадаадад байгаа монголчуудаас 100 мянган хүн нь сонгуулийн насных гэж үзэхэд 7-8 УИХ-ын гишүүнийг шууд сонгох эсвэл нийт гишүүдийн тал хувийн нь сонгогдох эсэхэд нөлөөлөх хэмжээний хүчин гадаадад байна.  Тэд эрүүл сонголт хийх хүмүүс. Бараг дангаараа хэдэн  тойрог байгуулаад гишүүн гаргах хэмжээний сонгогчид байна. Хэдийгээр харийн оронд ажиллаж сурч байгаа ч эргээд нутагтаа ирэх үед нь төлөвшсөн төртэй байлгах тийм төрийн хар хүмүүсийг сонгох эрх нь тэдэнд өнөөдөр бий.

-Гадаадад байгаа монголчуудын сонгуульд оролцох эрхийн талаар ярьдаг ч энэ удаагийнх шиг хүчтэй ярьж байгаагүй санагдана?

-Хүссэн хэмжээнд нь ажиллаж, итгэл найдварыг нь дааж ажиллаж чадахгүй байгаад байхаар өөрийн эрхгүй хүмүүс саналаа өгч, дуу хоолойгоо өргөхийг хүсдэг юм байна. Төрийн гаргаж байгаа шийдвэр алдаатай байгаад байхаар, эдийн засгийн хувьд түүхэн зөв шийдвэр гаргах ёстой энэ үед тэдний оролцоо дутагдаж байна. Гадаадад суугаа монголчууд өнөөдөр жилд 200 гаруй сая төгрөг ар гэртээ илгээж, соёл боловсрол гээд бусад мөнгөөр хэмжигдэхгүй хөрөнгө оруулалтыг хийж байна. Хотод баригдаж буй орон сууцнуудыг тэд л худалдаж авдаг.

Бид хэдхэн хоногийн өмнө гадаадад байгаа монголчууд Үндсэн хуулинд заагдсан эрхээ эдэлж чадахгүй байна гэж Хүний эрхийн комисст албан ёсоор хандсан байгаа.

Ер нь гадаадaд суугаа монголчууд тусдаа тойрог болоход ч буруудахгүй. Одоо гадаадад байгаа монгол хүүхдүүд осолдохгүй бие нь монгол болохоос монгол ахуйгаа мэдэхгүй, монгол хэлээ мэдэхгүй байна. АНУ-д гэхэд 500-1000 орчим монгол хүүхэд төрсөн гэсэн тоо байдаг. Хэрэв энэ маягаар үргэлжилж, гадаадад байгаа иргэдийн санал өгөх эрх нь нээгдэхгүй хэвээр байвал улам л Монголоосоо холдож тасрах болно. Сонгууль өгөх эрх нь байна гэдэг бол эх нутагтай нь тэднийг холбох хар хайрцагны бодлого байх ёстой. Дахиад тав, арван жилийн дараа Улаанбаатарын гудамжаар монголоор ярьж чадахгүй, бас эрлийз хүүхдүүд олон болно. Одоо жилд 95 хүн Чехэд иргэншил хүсч байна гэж байгаа. Тэгэхээр АНУ-д хэд байгаа бол, Канадад хэд байгаа бол. Ер нь энэ талаар бид бодох цаг болсон. Цөөхөн хэдэн монголчууд улам л тасраад, цөөрөөд баймааргүй байгаа юм. Тэгээд бүр гайгүй гэсэн хэсэг нь гарч яваад байна шүү дээ.

-Улс төрийн намуудтай хамтран санамж бичигт гарын үсэг зураад байгаа харагдах юм?

-Ер нь бид улс төрийн намуудын төлөөлөлтэй хэд хэд уулзаж, телевизийн халз ярилцлагад ч орж байсан. 2008 сонгуулийн өмнө АН бол буурин дээрээ хэд хэд эргэсэн. Эхэндээ пропорциниаль тогтолцоогоор явна гэж байгаад сүүлдээ мажоритороор явахаар болсон. Сүүлд 2009 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар АН-аас нэр дэвшигчийг дэмжих, АН болон шинээр сонгогдсон Ерөнхийлөгч 2012 оны УИХ-ын сонгуульд гадаадад суугаа монголчуудын сонгуулийн эрхийг баталгажуулах тухай хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурж байсан юм. Саяхан Ерөнхийлөгч намуудын дарга нартай Сонгуулийн хуулийн талаар уулзахдаа үүнийг хөндсөн гэж сонссон. Бас АН тухайн үед өгч байсан амлалтаа мартаагүй байх аа гэж бодож байна. Хэд хоногийн өмнө ИЗНН-ынхантай хамтран ажиллах гэрээнд мөн үзэглэсэн. Тус намын дарга Д.Энхбат гадаадад байгаа иргэдийн санал авах боломжийг нээж өгөхийн чухлыг бас тэр боломж нээгдвэл тодорхой хэмжээнд нөлөөлөх тооны сонгогчид байгаа гэдгийг олж харж байна л даа. Хуучин ИЗН-ын дарга С.Оюун бол анхнаасаа гадаадад байгаа монголчууд санал өгөх ёстой гэсэн байр суурь баримталдаг байсныг би санаж байна. Бас Н.Багабанди гуай их дэмждэг. 2007 онд АНУ-д очихдоо энэ талаараа ярьж байсан. Манай “Цахим өртөө” сүлжээ бол ямар нэг улс төрийн намыг дэмждэг байгууллага биш. Гэхдээ аль нам нь гадаадад байгаа монголчуудын эрх ашгийг, иргэдийнхээ эрхийг хүндэтгэж үзэж байна  гэдгээр соёлтой лобби зарчим барьж байна.

-Танай холбоо одоо өөр юу хийж байна?

-Манай холбоо бол 1999 онд гадаадад томоохон институтэд ажиллаж, их дээд сургуульд сурч байсан монголчуудын байгуулсан Монгол туургатны Цахим өртөө сүлжээ. Хамгийн анхны портал сайт шүү дээ. Тэр үед оллоо.мн, ньюс.мн -ний орон зайг нөхдөг байлаа. Уншигчид Дэлхийн Монгол айл баримтат киноны төслийг мэдэх байх. Бид хамтраад Афганистанаас гурван хазара оюутан авчраад МУИС-д сургаж байна. Одоо БНСУ-ыэ Сөүл, Бусан хотуудад монгол мэргэшсэн ажилчдад зориулсан Ажлын байрны яармаг зохион байгуулах гэж байна. Урд нь өндөр мэргэжилтэнд зориулсан ажлын яармагийг АНУ-д амжилттай хийж байсан. Гэтэл өнөөдөр танай сонинд л гэхэд ажлын зарнаас их юм алга. Гэтэл хүмүүс ажилгүй байна гээд байдаг. Бидэнд хэрэгтэй мэргэшсэн ажилчид Солонгост байна. Бид тэднийг дуудаж, эх орондоо Сөүлд авдаг цалингаа аваад ажиллахыг урихаар явж байна. “МСS”, “Шунхлай”, “Мобиком”, “Моннис” гээд Монголын том компаниудын хүний нөөцийн менежерүүд бидэнтэй хамт явна. Хэрэв бидэнтэй хамтран ажиллах хүсэлтэй байгууллагууд байвал www.tsahimurtuu.mn –ээр холбогдоорой.

-Та өөрөө “Глобал CEO - Дэлхийн цалинг Монголдоо” уриатай шоунд оролцож байсан хүн. Ажлын зах зээл ямар байна. Бид дэлхийн цалинг эх нутагтаа авч чадах уу?


-Чадна. Дэлхийн цалинг Монголд авдаг хүмүүс өдөр бүр олширч байна. Өнөөдөр чадвартай сайн менежер, сайн мэргэжилтэнд сарын олон мянган долларын цалин авах бололцоо бүрэн байна. Гадаадад байгаа монголчууддаа хандаж хэлэхэд эх орон тань та нараар дутаж байна, хангалттай сурч, ажилласан бол одоо нутагтаа буцаж ирж, энэ түүхэн үед Монголдоо ажиллаж, амьдарч, их бүтээн байгуулалтын нэг тоосгыг ч гэсэн гараараа өрөх хэрэгтэй гэж уриалмаар байна.

  • Бичсэн Цахим Өртөө Холбоо
  • Үзсэн: 6739

Бүлэг: Ярилцлага

Сурахад насны хязгаар үгүй, сэтгэлийн хязгаар буй

...Ш.Баатарын түүхийн сэдвээр бичсэн олон сонирхолтой бичлэгүүдийг би нет-ээс уншиж байсан л даа. Тэр бичлэгт нэлээд ул суурьтай судалгааны, ул үндэстэй онолын өгүүлэмжүүд байдаг болохоор түүнийг түүхч хүн гэж бодож байлаа. Харин дараа нь компьютерын мэргэжилтэй хүн гэхээр нь бага зэрэг гайхаад өнгөрсөн. 2 жилийн өмнө би Сан-Францискод очиход бид танилцаж, нэлээд удаан яриа өрнүүлсэн юм.

Xарин энэ цуврал ярилцлагыг эхэлж байхдаа түүнийг заавал оролцуулах хэрэгтэй гэж бодож байв. Саяхан түүнийг зорьж очиж, бид хамтдаа нэгэн оройг ярилцаж өнгөрүүллээ. Түүний тухай нэг биш ярилцлага болон нэвтрүүлэг гарч байсан хэдий ч энэ удаад би түүнээс хос мэргэжлийнх нь тухай болон олон жил Америкт амжилттай ажиллаж, их зүйл бүтээж яваа чин сэтгэлийн үгийг л сонсохыг хүслээ.

Ширчингийн Баатар

Нэг. Намтрын товчоон

Төгссөн сургууль

1983 онд Өвөрхангай аймгийн Арвайхээр хотын 1 дүгээр 10 жил

1988 онд Зөвлөлт Холбоот Улсын Новосибирск хотын цахилгаан техникийн дээд сургууль

1991 онд Япон улсын Айчи мужийн Нагоя хотын их сургуулийн Япон хэлний сургууль

1997 онд Япон улсын Шизүока мужийн Хамамацугийн Анагаах ухааны дээд сургуулийн докторантур

1998 онд АНУ-ын Бостон хотын Харвардын Анагаах ухааны их сургууль, Кэймбриж хотын Массачусеттсийн технологийн дээд сургуулийн хамтарсан Анагаах ухаан, технолoгийн тэнхимд докторын дараагийн сургалт /пост-док/

Ажилласан газар

1988-1989 онуудад Эрүүлийг хамгаалах яамны харъяа Эрүүл мэндийн удирдлагын эрдэм шинжилгээний үндэсний төвд комьпютерын мэргэжилтэн, эрдэм шинжилгээний ажилтан

1989-1990 онуудад ШУА-ын харъяа Анагаах ухааны хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтан

1997 онд Хамамацугийн Анагаах ухааны дээд сургуульд, Фүжицү компанийн эрдэм шинжилгээний ажилтaн

1999 онд Оракл компанийн харъяа КийTекс компанид програм хамгамжийн инженер

2000-2002 онуудад ТенФолд компанид програм хамгамжийн инженер, ахлах мэргэжилтэн

2003 оноос өнөө хүртэл Оолстэйт даатгалын програм хамгамжийн компанид зөвлөх мэргэжилтэн

Ажлын бус цагаар

2006-2009 онуудад Станфордын их сургуулийн Түүхийн танхимд Марк Манкл профессорын туслах (хагас цагаар)

2010-2011 онуудад Станфордын их сургуулийн Зүүн өмнөд Азийн хэл соёл судлалын танхимд Альберт Дийн профессорын туслах (хагас цагаар)

2007-2011 онуудад Бөркелей дэх Калифорнын их сургуулийн Зүүн өмнөд Ази судлалын хүрээлэнд зочин эрдэмтэн

Хоёр. Хөдөө өсөхөд амьдралын хар ухаанд суралцдаг

BaatarZurag1Г.Г- Уугуул нутаг хаана билээ?

Ш.Б- Би Өвөрхангай аймгийн Уянга суманд төрсөн. Аав ээж хоер маань Улаанбаатарт оюутан байсан болохоор би хөдөө эмээ, нагац ах нартайгаа өссөн л дөө. 1966 оны Улаанбаатарын үерээс хойш аав ээж хоер минь болгоомжлоод эмээ дээр аваачиж өгсөн гэдэг. Хөдөөний хүүхдүүдийн адил морь унаж, адуу үхэртэй хөөцөлдөж, хонь хариулж, малчин хүний өдөр тутмын хар бор ажил хийж өслөө.

Г.Г - Хөдөөний хүүхдүүд их ч ажилсаг хэрнээ их ч хэрсүүдүү болж өсдөг.

Ш.Б- Хөдөөний амьдрал "Сонин сайхан юутай байна?" гэдэг мэндчилгээнээс эхэлдэг. Мэдээллээс алсxан байдаг хэдий ч хөдөөнийхэн юм болгоныг л сонирхоно. Би хонь хариулж явахдаа ном сонин их уншдаг байлаа. Өвлийн цэнхэр тэнгэрийн доогуур онгоц нисэхийг харах бүрдээ "онгоцонд сууж үзэх юмсан" гэж мөрөөднө. Нэг өдөр эмээдээ энэ мөрөөдлөө хэлсэн чинь "-Чи нас залуу байна. Онгоцонд суух битгий хэл, суухаас ч айх цаг ирнэ." гэж хэлж билээ. Өнөө хэр тэр үг миний санаанаас гардаггүй юм.

Г.Г-Миний мэдэхийн тэр үеийн хөдөөний хөгшчүүд их л гүйлгээ ухаантай, их ч зүйл захиж сургадаг байсан санагддаг юм. Магадгүй нүүдэлчин амьдрал, хүн байгалийн шүтэлцээ нь танин мэдэх, ухаарах их сургууль болдог байсан байх.

Ш.Б- Монголчууд малдаа төдийгүй, байгальдаа зохицож амьдардаг. Хүн бол байгалийн өмнө өчүүхэн гэдгийг маш сайн мэдэрдэг. Нэгэнт байгальдаа зохицож амьдрах амьдрал нь хүссэн хүсээгүй их ухаан шаардана. Хэзээ нүүж, хаана нутаглах, малаа хааш нь билчээж, хэдийд нь хариулах гээд ямагт л хүнээс гүйлгээ ухаан, зөв шийдвэр шаардаж байдаг. Энэ бол асар их ухаан, зан заншил, соёл явж байгаа юм. Малтайгаа харьцаж сурна гэдэг их том соёл. Морь нохой эзнийхээ занг сайн мэдэрдэг ухаантай амьтад. За тэгээд гэрийн соёл гэж их нандин зүйл байна. Ах захаа хүндэлж, тэдний үгийг сонсож, амьдралд суралцдаг. Нүүдэлчдийн ахуй нь амьдралын өдөр тутмын үйл бүхэнд тохирсон өөр өөрийн арга домтой байдаг. Мал хээр хонолоо гэхэд хайчны амыг ямар нэг юмаар боогоод тотгондоо уячихна. Хээр хоносон малаа хангайн амьтнаас хамгаалж байна гэсэн үг. Монголчууд биднийг нүүдэлчин амьдралаас нь салгачихвал бид хэн болж орхих вэ?

Г.Г- Тийм шүү. Хөдөөний их ажлын хажуугаар багадаа хэр бичиг сурав?

Ш.Б- Манай нутгийн Онгийн хүрээг тараагаад артель болгосон байсан. Залуу лам нар хар болж артельд гэрийн мод хийнэ. Тэр үед "Уянгын цоохор гэрийн мод" гэж их алдартай байлаа шүү дээ. Нутгийн 60, 70 настай өвгөчүүд гэдэг чинь тэр чигээрээ "амьд судар". Тэр үед би түвд хэл унших төдий болтлоо заалгасан юм. Худам монгол бичгээ заалгасан. Өвөгчүүл хөгшчүүлийн дэргэд өссөн нь хожим миний амьдралд их нөлөөлсөн дөө.

Г.Г - Түвд хэл сурах амаргүй юу?

Ш.Б - Түвд хэл сурсан юм юу байхав. Га, ха, га, на бол заалгаж байлаа. Mонголчууд түвд хэл сурах их нарийн аргатай байсан юм билээ. Өвөгчүүлийн хэлж байснаар эхлээд номоo цээжилнэ. Цээжилснийхээ дараа бадаг бадгаар нь тархиндаа утгачилaн задалж ойлгоно. Үүнийгээ утгыг цохих буюу бясалгах гэнэ. Эхлээд цөөхөн бадгаар номоо цээжилж утгыг ойлгож байсан бол аажмаар тоог нь ахиулсаар том номыг бүтнээр цээжилж, утгыг нь тайлдаг байж. Номоо сурсны дараа сурснаа шүүж хоорондоо ном хаялцдаг гэсэн. Ийм аргаар шавь нарынхаа чадварыг ялгаж, зиндаа тогтоон цааш сургадаг байжээ. Ер нь Дорнын соёл, сургалт хүнийг нэг талаас их хөдөлмөрч, нөгөө талаас өөрийн зиндааг мэддэг болгодог. Ном судалж буй шавь болгон таван ухааны ном үздэг байж. Харамсалтай нь энэ бүхэн өдгөө үгүй болж байна даа.

Г.Г -Нэг хэсэг манай сургалтад хүүхдийг цээжлүүлж сургадаг арга байсан л даа. Сайн муу үр дагавраас нь болоод больсон гэдэг.

Ш.Б- Хүн ер нь аливаа юмыг эхэлж сурахдаа "энэ хүнд хэцүү" гээд бодчихоор шантраад сурдаггүй. Харин эсрэгээр нь "энэ их амархан" гэж бодвол мэрийгээд сайн сурч чаддаг. Сурна гэдэг сэтгэлийн л юм шүү дээ. Нөгөө талаас дорнын бичгийн соёл гэж их айхтар юм байна. Жишээлбэл хятад хэлэнд "үүр цайх" гэсэн утгатай олон янзын ханз үсгийг хүн болгон өөрийн тогтоосон мэдлэгээрээ л тайлж ойлгоно. Өөрөөр хэлбэл ямар ч ойлголтыг тухайн хүн яаж сурснаараа л хүлээж авдаг. Яг үүн дээр нэмж хэлэхэд монгол бичиг, соёл уламжлалыг судлах тутам монгол хэл бол их нарийн бүтэц зохион байгуулалттай хэл гэж хэл шинжээч эрдэмтэд үздэг юм билээ. Хүн өөрийн үндсэн хэлээ хичнээн өндөр түвшинд яаж сурнав, гадaaд хэлийг яг л тэгж сурч чаддаг гэсэн.

Г.Г -Үүнтэй би ч санал нэг байна. 1 дүгээр ангидаа хаана суралцав даа?

Ш.Б -1 дүгээр ангидаа Уянга сумын төвийн бага сургуульд орсон. Намайг дунд сургуульд аймгийн төвд ороход эмээ минь дагаж, аймгийн төвийн ойролцоо хэдэн малтайгаа нүүж ирсэн л дээ. Намайг 10 дугаар анги төгстөл ирэн очин байсан. Аав ээж маань сургуулиа төгсөөд аймагт ажиллах болсoн хэрэг. Харин 1983 онд 10 дугаар ангиа төгсөөд уралдаант шалгалтад орж, 60-aac 59 оноо авч тэргүүлж байлаа. Уг нь түүхч болох сонирхолтой байсан чинь, хүн болгон л ирээдүйтэй чухал мэргэжил гэсээр ЭВМ буюу Тооцоолон бодох электрoн машины инженер гэдэг хуваарь авсан даа.

Гурав: Гадаадад суралцсан он жилүүд

Г.Г- Тэр үед энэ хуваарийг хамгийн сайн хүүхдүүд шилж авч, ихэвчлэн гадаадад суралцаж байсан даа.

Ш.Б- Энэ хуваарийнхаа дагуу ОХУ-ын Новосибирск хотод НЭТИ-д очиж суралцсан.  Манай курсийнхэн жигд сайн хүүхдүүд байлаа. Дөрвөн монгол оюутан улаан дипломтой төгссөний нэг нь би. 1988 онд сургуулиа төгсөөд Эрүүлийг хамгаалах яамны нэр дээр суралцсан болохоор ЭХЯ-ны харъяа Эрүүл мэндийн удирдлагын эрдэм шинжилгээний үндэсний төвд комьпютерын мэргэжилтнээр ажиллав. Тэндээсээ манай төв ШУА-ын харъяа Анагаах ухааны хүрээлэнд нэгдлээ. Тэр үед АУХ-д 300-гаад эрдэмтэн ажиллаж байсны 200-гаад нь дандаа залуучууд байсан. Oдоо миний мэдэхийн 50-иад нь гадаадад ажиллаж байгаа.

Г.Г -АУХ-ийн талаар өмнө нь Б.Гансувдтай хийсэн ярилцлага дээр маш сайнаар дурдагдаж байсан. Тэр үед боловсон хүчний бодлого нь үнэхээр сайн байсан юм шиг билээ.

Ш.Б -1988 онд Сайн нарын Зөвлөлийн тогтоолоор гуравдагч оронд мэргэжилтэн бэлтгэх шийдвэр гарсан юм. Үүний тулд салбар бүрээс 2-3 хүн сонгож, нийт 80-уулаа МУИС дээр англи хэлний түргэвчилсэн сургалтанд хамрaxaд би багтлаа. Тэдний дунд олны танил Политехникийн их сургуулийн ректор байсан Бадарч багш, Байгаль орчны яамны сайд болсон Барсболд, хүний гавъяат эмч нэрт дуун хөрвүүлэгч М.Шагдарсүрэн зэрэг хүмүүс байлаа. 1989 онд Америкийн ЭСЯ-аар дамжуулан Станфордын их cургуульд суралцах хүсэлтээ явууллаа. Тэр үед бүх материалаа шуудангаар л явуулаад xариу нь гурван сар болоод ирсэн. Сургалтын төлбөрөөс чөлөөлөөд, амьдрах зардлаа өөрөө даахаар зөвшөөрсөн байв. Тэр үед амьдрах зардлаа өөрөө төлөх боломж, бас тийм ойлголт ч байсангүй. Тэгээд Боловсролын яамны зөвлөснөөр Японы ЭСЯ-нд материалаа өглөө. Харин Япон улсын Cоёл боловсролын яамнаас миний зардлыг дааж, нэг жил Японд сурахыг зөвшөөрсөн хариу ирсэн.

Г.Г -Тэр үед сонголт хийх боломж нь харьцангүй байж дээ?

Ш.Б -Гуравдагч оронд Mонголоос сургах эхлэлийн үе байсан. Энэ бол манайд ардчилал эхлэхээс өмнө барьж байсан төрийн бодлого л доо. Японд суралцахыг зөвшөөрөх үед би Итали улсын Ром хотноо Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын /ДЭМБ/ зохиоx нэгэн хуралд явахaaр бэлтгэж байсан. Xамт ажиллаж байсан Г.Бүрэндэйгээ oрондоо явуулах болоод, Төв банкaнд албан ёсоор зөвшөөрөгдсөн 15$-oo солиулав. Г.Бүрэндэйгийн зардлын мөнгө 500$-оос 100$ нь зээлж авaaд Япон явж байлаа. Бээжинд буусан чинь намайг гаалийн шалганаар гаргаад эргүүлж оруулахдаа нисэх буудлын татварт 25$ авчихав. Хэрэв 15$-тойгоо гарсан бол тэгээд л тэнд гацах байсан байх. Өмнө нь ДЭМБ-ын шугамаар Энэтхэг явж байсан тул арай хашир хандсан юм.

Г.Г -Тэр үед гадаад валют дээр нэлээд хатуу хяналттай байсан. Картын бараатай байлаа шүү дээ. Харин ч сайн зохицуулжээ.

Ш.Б -Наритaд буухад нэг япон хүн тосч аваад Токиод хүргэлээ. Тэндээсээ “шинкансэн” хурдан галт тэргээр Нагоя-д очив. Япон орон гэж миний төсөөлж байснааc огт өөр, дан тутаргын талбай харагдаж билээ. Өмнө нь Дорно дахины хүрээлэнгийн Дүнгэрячил багшийн хичээлд сууж бага зэрэг япон хэл үзэж байсан ч энд хагас жил хэлний курст суралцсан. Тэгээд 1991 оны 4 сард сургуульдаа очлоо. Нэг жил судлаач-оюутнаар суралцсан. Тэр хугацаандаа аспирантурт шалгалт өгч тэнцээд 5 жил үргэлжлүүлэн суралцав. Энэ хугацаандаа “Хүний тархины цус алдалтыг мониторинг хийх” чиглэлээр эмнэлгийн компьютерийн ухаанаар докторын зэрэг /PhD/ хамгаалав. Америк, Канадад болсон олон улсын хурлуудад илтгэл тавьж, гэр бүлээрээ аялал хийж, хүүхдүүд өсч торниж байсан болохоор Японд амьдралынхаа 7 жилийг тун зав чөлөө муутай өнгөрүүлсэн дээ.

Г.Г -Сургуулиа PhD-тэй төгсөөд?

Ш.Б -Барууныхныг бурханчлан шүтдэг орос сургалтаар /школаар/ явсан надад Японд сурсан нь үзэл санааны асар том ертөнцийг нээж өгсөн юм. Нэг ёсондоо миний ертөнцийг үзэх үзэл, өөрийгөө үнэлэх үнэлгээ япон хүмүүсийн хэмжээнд очсон байв. Сургуулиа төгсөөд япончуудаас суралцсан ёсоор өөртөө шууд л өндөр зорилт тавилаа. Хэрэв үргэлжлүүлэн сурвал зөвхөн АНУ-ын Харвардад л очино гэж өөртөө зорилго тавьсан. Харвардын их cургууль жилд 300 орчим гадаад оюутнуудаас ярилцлага авдаг бөгөөд түүнд тэнцсэн 50 пост-док оюутны тоонд би багтсан юм. Харвардын их cургууль намайг 18 сарын хугацаатай пост-докт сургах зардлыг даах, харин амьдрах зардлаа өөрөө олох болзол тавив. Би суралцаж байхдаа Япон удирдах багшдаа судалгааны ажилд нь их тусалж, нэлээд дотно харилцаатай явж ирсэн учир тэрээр надад хандаж "-Харвардад хүссэн болгон ороод байдаггүй юм. Чамд туслах нь миний нэр төрийн хэрэг. Хэрвээ чиний ажиллаж буй Фүжицү компаниас сургалтын тэтгэлэг олж өгч чадахгүй юм бол би чамд сар бүр 3000$ өгнө” гэж ам гарсан. Харин багшийн хүсэлт гаргасан ёсоор Фүжицү компани надад тэтгэлэг олгохоор болов.

Г.Г -Үүнийг багшийн тань сайхан сэтгэлээс илүүтэй таны ирээдүйд, танд итгэсэн итгэл юм гэж ойлгож байна.

Ш.Б -Харин тийм. Япон профессор маань надад үнэхээр итгэж байсан хэрэг. Япончууд хэрвээ ам гарвал заавал биелүүлдэг, хүнтэй насан туршдаа нөхөрлөдөг тууштай хүмүүс. Япончууд алив зүйлд маш нарийн тооцоотой, бүх зүйлийг урьдчилж яг таг болгож байж хөдөлдөг. Гэтэл би "очоод аргаа олно доо" гэж монголоороо бодcоор 1997 оны 8 сарын 31-нд Бостон хотын Лооган ниcэх буудалд буулаа. Эхнэр бид хоёр, бага насны хоёр хүүхэдтэй учир байр олох амаргүй ч аз таарч бидэнд нэг Сингапур хүн тусалж байр хөлслүүлсэн.

Г.Г -Харвардад сурна гэдэг их л нэр төрийн хэрэг. Мэдээж хичээж байсан байх?

Ш.Б –Харвардад сурна гэж юу байх вэ, сурсан зүйлээ баталгаажуулж эрдэм шинжилгээний ажил хийхээр ирсэн хэрэг. Харвардын визээр АНУ-д орж ирсэн ч миний пост-док программ нь Харвардын их сургуулийн Анагаах ухааны их сургууль /Harvard University School of Medicine/, Массачусеттсын технологийн дээд сургуулийн /Massachusetts Institute of Technology/ хамтарсан Анагаах ухаан, технологийн тэнхимд /Department of Health Sciences and Technology/ харьяалагдаж байв. АНУ-д алдар нэр нь түгсэн Бостонгийн таван том эмнэлгийн /Mass General Hospital, New England Medical Center, Brigham and Women’s Hospital, Beth Israel Deaconess Medical Center, Children’s Hospital Boston/ хооронд мэдээллийг чөлөөтэй хөрвүүлэх Database Virtual Repository төслийн хүрээнд “Тархины цус харвалтын дараах цусны бүлэгнэлийн хэвийг алдагдуулахгүй барих эмчилгээнд мониторинг хийхийг фази-ложигийн /fuzzy-logic/ аргаар зохицуулах” сэдэвт эрдэм шинжилгээний сорилтын ажлыг би хийж эхэллээ. Японд тархин дахь цус алдалтын эзлэхүүн, цусны тархалт, тархины мэдрэлийн системд учруулах хохирлыг Fluid Dynamics аргаар супер-комьпютер дээр бодож байсан надад, орчин өөрчлөгдөж энгийн PС дээр MySQL, Java ашиглаад прототайп программ бичиx болсон нь технологийн хувьд ухралт хийсэн мэт байсан боловч, дэлхийн сор болсон оюуны өндөр потенциалтай хүмүүстэй уулзaж тэдний яриа хөөрөөг сонсох нь үнэхээр гайхалтай байлаа. Судалгааны дээд шатны зарим сэдвээр МИТ дээр хичээл авах шаардлага гардаг байв. Хичээлийн танхимд нохойтойгоо орж ирээд хичээлээ заадаг профессорыг МИТ-д анх хараад ихэд гайхаж билээ.

Тэгэхэд би Америкийг үнэхээр чөлөөт ертөнц юм байна гэж ойлгож авсан даа. Пост-док дүүргэхийн алдад Монголдоо буцаж салбартаа ажиллах, Америкт мэргэжлээрээ ажиллах, тун болохгүй бол Японд очиж Фүжицү компанид өмнө хийж байсан ажлаа хийх гурван сонголтын зөрлөг дээр ирж, аль алийг нь сайтар тандаад үзсэн. Харамсалтай нь харих гэхээр зах зээлийн нугачаанд бүдэрч манай хүрээлэн бараг тарчихсан байв. Японд очихоор нэгэн хэвийн амьдралын загварт орох байлаа. Тэгээд хоёр хүүхдийнхээ ирээдүйг бодож АНУ-д мэргэжлээрээ ажиллаад хүчээ сорихooр шийдсэн.

МИТ дээр ирээд оюутнуудаас ажилд авах сурталчилгаа хийдэг олон компаниудын уулзалтанд байхад эхлээд нэлээд боломжийн нөхцөл амласан, Mission-Critcal Software хийдэг, Оракл корпорациас тасарч буй КийТекс компанид ажилд орох боллоо. Энэ тухайгаа удирдагч профессортоо хэлэхэд тэрээр миний ирээдүйн кареерын төлөө санаа зовж байсан болохоор их баяртай хүлээж авсан. Ер нь пост-докийн зорилго бол тэр хугацаандаа ажил олох асуудал юм. Миний ажиллах компани Рэдвүүд хотод байдаг учир бид 1998 оны 10 сард Сан-Франциско нүүсэн.

Дөрөв: Сурахад насны хязгаар үгүй

Г.Г -Энэ компанид компьютерийн программчиллын чиглэлээр ажилласан уу?

Ш.Б -Компьютерийн программ хангамж зохиох бол миний үндсэн мэргэжил. Би ОХУ, Япон, Америкт энэ мэргэжлээр суралцсaн. Жилийн дараа КийТекc маань Ораклын хяналтаас гарч Тэнфолд хэмээн нэрээ өөрчилсөн ба ТэнФолд компанидaa би бараг 4 жил ажилласан. Ныю-Йорк дахь Олон улсын худалдааны төвийн хоёр өндрийг лалын алан хядагчид онгоцоор мөргөсний дараа Америк оронд эдийн засгийн хямрал эхэлж, Мэдээлэл технологийн салбар маш их нэрвэгдсэн. Би энэ компанидаа 172 дахь ажилтнаар орж байсан бол манай компани хамгийн их томрохдоо 1300 орчим ажилтантай болж үзсэн. Хямралын жилүүдэд нэг удаа 200 хүнээр 6 удаа цомхотгол хийж, сүүлийн 80 хүний дотор би үлдэж байлаа.

Надад МИТ-гийн нэр хүнд, докторын зэрэг хоёр маш их тус болсон доо. Компани маань хаалгаа барих үед үлдсэн хүмүүс манай компанийн бүтээсэн программ хангамжийг хэрэглэдэг бусад компаниудaд тарж ажилд орсон юм. Надад Нью-Йорк нүүвэл Чэйс Манхатн банкинд, Лос Анжелес нүүвэл Беверлий Хийлзийн Седар Шинай эмнэлэгт орох боломж бас байв. Гэтэл аз болж Чикагод төвтэй Оолстэйт даатгалын компани Цахиурын хөндийд салбараа нээж, манай компанийн бүтээсэн программ хангамжийг тасалдуулахгүй авч явахын тулд бидний 20-иод хүнийг ажилд авсан юм. Америкт хөдөлшгүй хөрөнгийн даатгалаар эхний 3-т ордог Оолстэйт компани нь намайг 2003 онд ажилд ороход 65 мянган ажилтантай байлаа. Эдийн засгийн хямралын жилүүдэд цомхотгол явагдсаар одоо 30 мянган ажилтантай болтол буурсан ч даатгалын салбартаа хамгийн нөлөө бүхий компaнийн нэг хэвээр байна. Энэ компаний Mэдээлэл технологийн салбарт нийт 2000 орчим хүн байдгийн өчүүхэн хэсэг нь энэ Цахиурын хөндийд ажиллаж байна.

Энэ олон жил Mэдээлэл технологиор ажиллаад мэдэж авсан гол зүйл бол, бусадтай найрсаг байх, аливаад хүлээцтэй бодож байж сэтгэлээ илэрхийлэх, хавь ойрын юм асуусан хүн болгонд боломжоороо туслах, хийж байгаа зүйлдээ үнэн эксперт болох хэрэгтэй юм байна гэдгийг гүн мэдэрсэн. Дарга болох амбицтай, хэт их цалинд шунасан хүмүүс амархан дэвшиж амархан унахыг нүдээр харлаа. Тушаал дэвшихээр эхлээд нарийн мэргэжлээсээ хөндийрч зэвэрдэг, хоёрт хэт том дарга нартай ойртож хэн нэгэнд нь таалагдахгүй болох магадлал өндөр болдог. Яг мэдэх ёстой юмаа яс мэддэг хүнийг тийм амархан аваад хаячихдаггүй юм шүү. Үүнийг л профешнализм гээд байгаа юм.

Г.Г -Америкт хүн өөртөө байгаа боломжоороо өөрийгөө хөгжүүлэх боломж нь их юм даа?

Ш.Б -Өөрөө сонгож өөрийгөө хөгжүүлэх боломж нь үнэхээр сайн. Энд 60 нас хүрсэн хүн ч их дээд сургуульд суралцаад л явж байдаг, тэдэнтэй номын санд хичээлийн зааланд их тааралддаг юм. Тэдний ихэнх нь залуу насандаа мэргэжлээрээ ажиллачихаад, тэтгэвэртээ гараад сонирхсон зүйлээ судалж, энэ чиглэлээрээ суралцаж эхлэх нь ердийн л үзэгдэл. Залуудаа ямар нэгэн шалтгаанаар биелүүлээгүй хүсэл мөрөөдлөө биелүүлж байгаа хэрэг.

Хүн ер нь аливаа зүйлийг сурахад насны хязгаар гэж огт байхгүй, сэтгэлийн хязгаар л харин бий. Өөрөө сурах дургүй бол хичнээн залуу байгаад ч нэмэргүй. Харин сурах дуртай бол хичнээн хөгшин байгаад ч амжилтад хүрч болно. Ялангуяа хүмүүс өнөө цагт зөвхөн нэг мэргэжилдээ баригдалгүй 2,3 дахь мэргэжлийг сонгодог болж. Үүнийг Америкт “double major” гэж нэрлэдэг. Энэ нь нэг талаас хувь хүний сонирхол, нөгөө талаас мэргэжлээрээ хөрвөх боломж бий болгодог. Бас амьдралын давхар баталгаа болж өгнө.

Г.Г -Танаас үүнийг асуух гээд байлаа. Таныг компьютерийн мэргэжилтэй гэдгийг мэднэ. Гэтэл сүүлийн үед түүхээр, тэр тусмаа Хятаны түүхээр их ч судалгаа хийж байна. Заримдаа компьютерийн мэргэжилтэй юм уу? Түүхийн мэргэжилтэй юм уу? гэж гайхахад хүрдэг байсан.

Ш.Б -Түүхийн талаар бол 2005 онд Монгол явж түүх археологийнхонтой уулзаж ирээд, 2006 оноос судалгааны ажилд албан ёсooр орсон. Дэлхийд алдартай Станфордын, Бөркелей дэх Калифорны их сургуулиудын номын сангууд саахалтын зайтай дэргэд байхад ийм боломжийг алдаж болно гэж үү? Энэ номын сангууд бол судлаачдын хувьд жинхэнэ мөрөөдөл нь байдаг. 2006 оноос Марк Манкл гэдэг Станфордын их сургуулийн профессорын туслахаар ажиллаж эхэлсэн. Түүний багш нь Монголын нууц товчоог англи хэлэнд аль 60-аад онд орчуулсан Харвардын их сургуулийн профессор Францис Вүүдман Клийвз гэдэг хүн байжээ. Манкл багш Клийвз профессорooр Харвардад монгол хэл анх заалгасан юм байж. Энэ профессорт монгол хэл дээр материал хайх, орчуулж өгөх, заримдаа монгол хэл заах зэрэг туслахаар ажиллаж байхдаа Станфордын номын сангуудыг бүрэн ашиглах эрхтэй карт нээлгэв. Бид 2009 он хүртэл хамт ажиллаад тэрээр 2009 онд Бутаны эзэн хааны зөвлөхөөр ажиллахаар цаст Хималайн орныг зорьсон.

Дараа нь Альберт Дийн гэдэг Станфордын их сургуулийн профессор, xятад судлаач эрдэмтэнтэй хамтран ажиллав. Тэрээр 50-иад онд Бөркелей дэх Калифорны их сургуульд сурч байхдаа Хэйсингийн Монгол-Англи толь дээр ажиллаж Хинган Гомбожав гуайн авч ирсэн монгол үсгийн бичгийн машинaaр толийн эхийг цохиж оруулсан юм билээ. Дийн профессор торгоны зам, нүүдэлчдийн соёл иргэншил, хятаджсан нүүдэлчин аймгууд болох Зургаан төрийн түүхийг судалдаг, 80 орчим настай хүн. Бид хоёр өмнө нь олон хурал дээр тааралдаж яриа өрнүүлж байсан тул намайг сайн мэддэг байв. Эртний өвөг монголчуудын угсаатны зүйн талаар би өвгөн эрдэмтэнд тусалдаг. Жишээлбэл, Умарт Вэй улсын оршуулгын ханын зурган дээрээс монгол гэрийн үүдэнд хонь өрцлөн төхөөрч буй хоёр хүний зургийг анзааран олж түүнд хэлж өгөх, эмээлийн дөрөөний талаарх эртний булшнуудын материал хайж өгөх, одооны монгол заншлаас аль аль нь нэн эртнийх болохыг тодорхойлох зэргийг дурдаж болно.

2007 оноос Бөркелей дахь Калифорны их cургуулийн Зүүн өмнөд Ази судлалын xүрээлэнд Хятан судлалын зочин судлаачаар ажиллаж байгаа. Харвардaд манж, монгол хэл зааж байсан Жэймз Боссон багштай анх би Харвардын Ази судлалын Енчин номын сангийн монгол номын тасагт танилцсан юм. “Мял Богдын намтар” гэдэг номыг эргүүлж зогстол нэг цагаан толгойтой америк хүн хажуунаас “-Наадах чинь миний хэвлүүлсэн ном” гэж сайхан монгол хэлээр хэллээ. “-Таны нэрийг хэн гэдэг вэ” гэтэл “-Миний нэрийг монголоор Мэргэнбат гэдэг юм аа, Далив хутагт багш маань надад хайрласан нэр” гээд инээж байсан юм даа. Боссон багш маань чөлөөнд гараад Бөркелейд буцаж ирсэн. Тэрээр одоо миний супервайзор хийдэг юм. Ер нь монгол xүн урьдын өвөг дээдсийн тавьсан сайн ерөөлөөр эрхэм сайн хүмүүстэй учирдаг гэдэгт би итгэдэг. Би Америкт ирээд Ажаа гэгээн хэмээх нэгэн эрхэм хүнтэй танилцаж нөхөрлөсөндөө их баяртай явдаг юм. Тэрээр намайг Далай ламтай олон удаа уулзуулсан даа. Мөн сайн ерөөлөөр учирсан Монголчуудын холбооны олон сайxан нөхөд бий.

Г.Г -Энэ үнэхээр сайхан санагдаж байна. Гэхдээ энэ бүхнийг яаж амжуулж хийж чадаж байна аa?

Ш.Б -Амралтын хагас, бүтэн сайн хоёр өдрөө судалгааны ажилдаа зориулдаг юм. Түүхийг ул үндэстэй сайн судлахад хятад хэл маш их үүрэгтэй. Тэгээд хятад хэл бие даан суралцаж байна. Дургуйд хүчгүй гэгчээр нэг их сайн явахгүй юм. Гэхдээ дундад эртний хятад хэлээр мэргэжлийн ном зохиол хэрэглэх хэмжээнд хүрсэн. Монголын эрдэмтэн судлаачид маань эртний хятад хэлээр бичсэн археологийн олдворуудыг заримдаа уншуулдаг, түүнд нь их урам ордог доо. Орос, япон, англи, хятад, бага зэрэг манж хэлээр эх сурвалжуудыг үзэж судална. Олон хэлээр уншина гэдэг oлон хүний сэтгэхүйгээр асуудалд хандах боломж олгодог. Амьдралын эрхээр англи, орос, япон хэлийг үзсэн, ашиг сонирхолын үүднээс хятад манж хэлийг үзэж байгаа. Монголын эртний түүхийг судлaя гэвэл заавал хятад хэл үзэх хэрэгтэй, тэгэхгүй бол гацаанд орно. Хэлийг хүн нэг барьж аваад сурчих эд биш, билүүдэх маягаар хөдөлмөрлөж зугуухан сураx зүйл. Ер нь насаараа л суралцаж судална гэсэн үг.

Тав: Түүх судлалын гайхамшиг

BaatarZurag4Г.Г -Маш сонирхолтой санагдаж байна. 10 дугаар анги төгсөхдөө түүхч болох сонирхолтой байсан гэсэн. Тэгэхээр түүхийг хэзээнээс сонирхож эхэлсэн юм бэ?

Ш.Б -Дунд сургуулийн 5 дугаар ангид суралцаж байхдаа түүхийг сонирхож эхэлсэн. Намайг бага байхад бидний Бандихай Сандаг өвөөгийнд нэг зиндаанд лам явсан Ц.Дамдинсүрэн гуай хааяа ирж, түүх хуучилдаг байсан юм. Тэдний яриаг их сонирхож сонсоно. Бас Б.Ренчин гуайн, Ц.Дамдинсүрэн гуайн бичсэн номнуудыг цээжлэх шахам их уншдаг байлаа.

Орост хэдэн жил суралцахдаа түүхийн ном нэлээд цуглуулсан. Оросын Дорно дахины xүрээлэн, Казанийн их сургууль монгол судлалын арвин түүхтэй, сурвалж материал ихтэй. Японд байхдаа ч энэ сонирхлоо орхиогүй. Япончууд дорнын их соёлтой, их хөдөлмөрч, тун нямбай ард түмэн. Ер нь Монголын эртний түүхийг судлахад түлхүүр нь хятад хэл гэдгийг дахин онцлон хэлье. Монголчууд нүүдэлчид, хятадууд суурин иргэншилтэй байснаас Хятадад хадгалагдаж үлдсэн эх сурвалжууд олон бий. Мэдээж баримт сурвалжууд нь янз бүр л дээ. Харин түүнийг ямар өнцгөөс харахаас их зүйл шалтгаалдаг.

Г.Г-Мэдээж түүхийн судалгаа маш нарийн. Хэсэгхэн цаг хугацаа ч маш их түүхийг агуулж байдаг. Яг аль хэсгийг нь голлон судалж байна?

Ш.Б- Би Юань гүрний түүхийг судалдаг байлаа. Үүнээс өмнөх 300 жил гэхээр Хятаныг судлах хэрэгтэй. Хятаны түүхтэй холбоотой 1600 орчим оршуулга, 10 гаруй хаад ихэс дээдсийн бунхан Өвөр Монголын болоод умарт Хятадын нутагт илэрсэн байдаг. Хятаны мал аж ахуй, соёл зан үйлтэй холбоотой маш олон түүх дурсгалын зүйл Монгол нутаг дээр байгаа. Монгол улсаас олдсон 10-aaд хотын туурийн ихэнх нь Хятаных. Тэгэхээр Хятаны түүхийг судлахад Ар Монгол, Өвөр Монгол гэж ялгах ямар ч аргагүй, нэгэн цогцоор авч үзэх хэрэгтэй. Гэтэл одоо Хятадууд зөвхөн Хятаны түүхээр жилд 20 орчим ном, эрдэм шинжилгээний эмхтгэл гаргаж байна шүү дээ. Энэ байдлаар бид түүхийн маш үнэтэй зүйлээ Хятадад алдаж байна гэсэн үг.

Г.Г-Энэ талаар Монголд өмнө нь судалж байсан юм болов уу?

Ш.Б- 1950-иад оны үеэр Х.Пэрлээ гуай маш сайн судалж байсан юм билээ. Гэтэл энэ ажлыг улс төрийн шалтгаанаар зогсоосон гэдэг. Хятанаас урагш судлах тутам монголчуудын гарал үүсэл их тодорхой болно. Хүннү гүрнээс Их Монгол Улс байгуулагдах хүртэл хугацааны 1000 жилийн түүх бүдэг байдаг. Үүнийг их нарийн судлах хэрэгтэй байгаа юм даа. Би судалгааныхаа ажил дээр үндэслэн Хятаны түүхээр ном гаргах санаатай 4 жил нухаж байгаа. Эхлээд яарч байсан, гэтэл Дийн профессор “-Би номоо 18 жил бичсэн, хүлээцтэй судалгаа хийх нь чанартай бүтээл болдог” гэж хэлснээс болоод овоо тайвшираад байгаа. Түүнээс биш уулзсан монгол хүмүүс номоо хэзээ гаргах гэж байна гэхээр сандрах юм байна шүү дээ. Түүх бичих гэдэг их нарийн зүйл болохоор их судалгаа, их ч хөдөлмөр шаардагддаг юм байна. Tүүхийг сурвалжуудад юу гэж бичсэн нь гол биш, археологи, антропологийн талын баталгаа, дүгнэлтүүд нь хамгийн чухал гэж би боддог.

Г.Г -Манай Монголын одоогийн судлаачид ямар түвшинд ажиллаж байгаа юм бол?

Ш.Б -Монголын эрдэмтэд, судлаачид их сайн байна. Ер нь нэлээд залуужиж байна. Даанч тэднийг төр засгаас анхаарч, төдийлөн үнэлэхгүй байна. Тэр сайхан залуусыг сургаж боловсруулах асуудал дээр мөнгө зарахгүй байна. Монголын археологийн xүрээлэн одоо их сайн ажиллаж байгаа. Түүх, aрхеологийн xүрээлэнгүүд, их дээд сургуулиуд нэгдэж, хамтарч бүр сайн ажиллах хэрэгтэй. Хэрвээ талцаад байвал монголчууд бид хохирч, гадаадынхан л завсраас нь хожиx байна. Нөгөө талаас ийм үнэтэй чухал зүйлийг Монголын төрөөс ойлгож, дэмжихгүй байна гэдэг бол муу үзэгдэл.

Монголын түүх, археологийн хувьд бүх монгол угсаатныг хамруулан үзэх шаардлагатай. Улс төрийн хувьд хилийн дээсний ялгаа байж болох боловч, нэг үндэстний түүхийн хувьд ялгаа байх аргагүй. Ер нь түүхийг судлахад яс үндсээс огт хамаарахгүй, хэн сэтгэл цаг гаргасан нь сайн судлаач болдог. Өөрөөр хэлбэл хятад хүн монголын сайн түүхч, монгол хүн хятадын сайн түүхч болох бололцоо бий гэсэн үг.

Г.Г -Тийм шүү! Түүх гэдэг түхайн үндэстний бахархал байдаг. Тэр тусмаа аугаа өвөг дээдэс, гайхамшигт түүхтэй Монголчууд бидний хувьд үндэсний бахархал нь бидний түүх байх учиртай. Бид бүгдээрээ түүхээ сайн мэдэж байж л бахархал омогшилд зөв сайнаар нөлөөлж байх ёстой мэт.

Ш.Б -"Mэлхий ертөнцийг худгийн амсараар хардаг" гэсэн эртний Күнзийн сургааль бий. Бид ямар ч асуудалд өргөн хүрээгээр хандах учиртай. Одоо миний энд хийж байгаа судалгаа бол Монголдоо хийж байгаа "оюуны хөрөнгө оруулалт" болно. Бид эх орондоо байхгүй байгаа ч орон зайгаа ингэж л нөхөх хэрэгтэй. Оюун санааны хөрөнгө оруулалт гэдэг их чухал зүйл. Гадаадад ажиллаж амьдарч байгаа олон монголчууд Монголдоо миний адил оюуны хөрөнгө оруулалт хийж байна.

Г.Г -Зарим хүмүүс энэ талаар нэлээд эмзэг ханддаг нь ажиглагддаг. Гэхдээ хийж бүтээж байгаа зүйл олон бий.

Ш.Б -Өнөөдөр хүний эзэгнэх орон зайд хязгаар үгүй болжээ. Анх харьд амьдарч буй бидний хэдэн залуус нийлээд "Цахим Өртөө"-г байгуулсан. Өөрсдөө улаач нь болж, цахим өртөөгөөр Монголд оюуны хөрөнгө оруулалт хийх зорилттой анх эхэлсэн олон нийтийн байгууллага юм. Гэтэл өнөөдөр дэлхий даяар Монгол туургатны "Цахим Өртөө" хичнээн өргөжин хөгжиж, Монголд буй залуустай гүүр болон холбогдож, Mонголдоо дуу хоолойгоо гаргаж чаддаг өнөр айл болсон байна. Би гадаадад олон жил амьдарч, ажиллаж байна. Монголоо хөгжүүлэхэд заавал биеэр бус оюуны хөрөнгө оруулалт хийгээд, дэмжээд явж боломж бий гэж үздэг.

Г.Г -Танаар их бахархаж байна aа. Өнөөдөр гадаадад ажиллаж байгаа монголчуудаас ч ийнхүү хоёр салбарт амжилттай ажиллаж, бүтээж байгаа нь ховор. Таны үлгэр дуурайлал, бидний ирээдүй болсон залууст их ч боломжийг мэдрүүлэх байх.

Ш.Б -Хүн ер нь ямар ч зүйлийг чадна гэж бодоод л зүтгэх хэрэгтэй. Маш сайн мэддэг, сонирхдог зүйл рүүгээ л зүтгэ. Хүнд зорилго, тэвчээр, зүтгэл байхад заавал амжилтанд хүрдэг. Нэг зүйлдээ сэтгэл бүү хана. Өнөөдөр дэлхий нийтээр хос мэргэжил, хөрвөх чадвар руу чиглэж байна. Ямар ч мэргэжлээр сурсан, тэр салбартаа, хийж байгаа ажилдаа лидер байхын төлөө зүтгэх хэрэгтэй. Тэгвэл та энэ амьдралдаа сэтгэл хангалуун байж чадна.

BaatarZurag3Г.Г -Маш сайхан зөвлөлгөө байна aа. Гэр бүлийнхээ тухай танилцуулж болох уу?

Ш.Б - Эхнэр Алтантуяа, багшийн мэргэжилтэй, намайг дагаад 20 гаруй жил гадаадад амьдарч байна. Одоо Японы нэгэн олон нийтийн байгууллагад программ ассистантаар ажилладаг. Том хүү Балдандорж Санта Круз дахь Калифорнын их сургуульд сурдаг. Бага хүү Билэгт Ловелл ахлаx сургуульд сурдаг.

Г.Г -Чин сэтгэлээсээ ярилцсанд баярлалаа. Зорьж хийж буй судалгааны ажил тань амжилттай болж, Mонгол орны хөгжилд, монгол хүний үндэсний бахархалд их хувь нэмэр болох болтугай.

Ш.Б -Танд ч бас их баярлалаа. Өнөөдөр монголчууд бид өөрсдөдөө итгэж, өөрсдийгөө үнэлж, үнэлүүлж чаддаг байх цаг ирсэн. Монголчууд бид өнө эртнээс улбаатай ухаанлаг, авьяаслаг, хөдөлмөрч үндэстэн. Бидний монголчууд дээшлэн дэгжиж, хөгжин бадрах болно.

Г.Г -Ерөөлөөр болог.

...Түүнтэй уулзаж ярилцаж байхдаа түүний өргөн мэдлэг, уйгагүй зүтгэл, шаргуу хөдөлмөрийг мэдэрч байлаа. Тэрээр ердөө л эрдэм номын хүн. Түүнээс гадна тэрээр Бэй-Аэриа хавийн монголчуудын Холбооны ажилд идэвхтэй оролцдог, Цахиурын хөндийн залуусаа маш сайнаар дэмждэг юм билээ. Ямартай ч өөрийн эрдэм мэдлэг, хичээл зүтгэлээрээ өнөөгийн залууст үлгэр болох хүн гэж түүнийг зорин очиж ярилцлаа. Таны эрдмийн оргил саруул байж, ихийг бүтээж, бусдад дуурайлал болж яваарай. Танд эрүүл энх сайн сайхан бүхнийг ерөөе.

 

Харнууд овгийн Гомбосүрэнгийн Галбадрах

e-mail: Энэ и-мэйл хаягийг спамботоос хамгаалсан. Та үзэхийн тулд JavaScript идэвхжүүлэх хэрэгтэй.Энэ имэйл хаяг халдлагаас хамгаалагдсан. Та JavaScript -ээ идэвхижүүлж байж харах боломжтой   2011-02-28

 

  • Бичсэн tserenbat_d
  • Үзсэн: 4545

Цахим Өртөө Сүлжээнд элсэх

  • Өртөөний сүлжээнд элсэх

tsahim_urtuuХэрэв та Монгол Туургатны Цахим Өртөө Сүлжээнд элсэхийг хүсвэл: http://groups.google.com/group/tsahim-urtuu-suljee хаягаар зочилж маш хялбархан бүртгүүлж болно. Та Гүүгл суурьт энэхүү сүлжээнд имэйлээ бүртгүүлснээр манай сүлжээний гишүүн болно.

 

Image Temp

Энэ хуудас нь Цахим Өртөө сүлжээний нийт гишүүдийн хамтын бүтээл байх бөгөөд ажил хэргийн санал болгоныг вэбийн хамтлаг тухай бүр нь тусган энэ хуудсанд оруулж байх болно. Хамтран ажиллаж буй, ажиллахаар зэхэж буй таньд баярлалаа.

Newsletter