196-р сар2018

Бүлэг: Ярилцлага

Сайн сайхан амьдрахын нэг гол үндэс нь боловсрол...

Саяхaн  нэгэн зар ирсэн  нь Лондонд KIWI  гэдэг хамтлаг ирж тоглоно гэсэн мэдээ байв. MNGBridge-ийн Даваажаргалтай 7 сард уулзахад “...хичээл номондоо сайн ч төлбөрийн чадвар муутайгаас хүссэн сургуульдаа орж сурах боломж нь бүрдэхгүй байгаа өнчин ядуу хоёр хүүхдийн байр сургалтын төлбөрийг нь даан ивээн тэтгэх зорилготой Далайд Дусал Нэмэр төсөл боловсруулсан юм. Төслийн хүрээнд Монголоос нэг хамтлаг урьж авчирч тоглуулан сан бүрдүүлэх санаатай” хэмээн ярьж байсан нь санаанд орж түүнрүү залгатал  энэ тоглолт түүний төслийнхөө хүрээнд зохиож буй нэг ажил нь байж. Ингээд бодож санаснаа ажил хэрэг болгож яваа түүнтэй хэдэн хором хөөрснөө сонирхуулая

Сайн байна уу? юуны өмнө сайхан санааг ажил болгон хэрэгжүүлж байгаад тань талархая. Өөрийгөө  уншигчдад нэг товчхон танилцуулаадах уу?

За сайн байна уу? Нэр Даваажаргал, 2002 оноос хойш Англид суралцаж ажиллаж амьдарч байна.  2007 онд Business and Management чиглэлээр Kingston-ий Их Сургуульд сурч төгсөөд өнгөрсөн сард мастерааMiddlesex University–д  маркетингийн чиглэлээр хамгаалж дууслаа.

MNGBridge Ltd компанийн талаар?.

2006 оноос MNGBridge гэж нэрлээд хэсэг залуус үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Энэ маань Лондон хотод сурж ажилладаг монголчуудынхаа чөлөөт цагийг зөв боловсон өнгөрөөх зорилготой сагсан бөмбөгийн тэмцээн зохион явуулахын зэрэгцээ шинээр Лондонд ирж байгаа залуусдаа боловсролын болон өдөр тутмын тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд үнэ төлбөргүй зөвөлгөө өгч туслалцаа үзүүлдэг.

ImageImage 

Одоо харин бид энэ үйл ажилгаагаа өргөжүүлж 2008оны 08 сарын 08 өдөр буюу Бээжингийн Олимп эхэлдэг өдөр MNGBridge Limited компани болж итгэмжлэх бичгээ авсан. Бид одоогоор залуучуудынхаа дунд үдэшлэг цэнгээн зохиож түүнээс олсон орлогоороо өөрсдийгөө санхүүжүүлдэг.

 ImageImage 

Далайд Дусал нэмэр төслийнхөө талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөч хө.

Сайн сайхан амьдрахын нэг гол үндэс нь боловсрол гэдэгтэй олон хүн санал нийлэх байх. Монголд маань авъяас чадвартай ч ядуу зүдүүгийн хийгээд өнчин өрөөсний зовлонгоосоо болоод тэр бүр боловсрол эзэмшиж өөрсдийгөө бүрэн дүүрэн хөгжүүлж чадахгүй байгаа хүүхдүүд их байдаг . Тухайлбал намайг Монголд 10 жилд сурч байхад үеийн хэсэг нөхөд маань мөнгөний бэрхшээлээс болоод их дээд сургуульд сурч чадахгүй хар бор ажил хийхээс аргагүй байдалд орж зарим нөхөд маань гундуухан явж байгааг хараад их харамсах сэтгэл төрдөг юм.  Ийм байдлыг хараад эд нарын ганц нэгд нь ч болтугай тусалж амьдралд нь гэрэл гэгээ оруулахсан гэсэн бүр багын бодол маань явсаар энэ төсөл болж гарч ирж буй. Нийгмийг хамраад буй тэр их асуудлуудыг бид шийдэж чадахгүй ч далайд дуслын ч болтугай нэмэр оруулая гэсэн санаанд тулгуурлан төслөө ийнхүү нэрлэсэн.  Энэ хүүхдүүдэд жимс өгч нэг өдөр баярлуулахаар жимс тарих аргыг нь зааж өгөөд өдөр болгон шим ашигийг авах тэр боломжийг нээж өгөх нь илүү чухал.

Одоогийн байдлаар нэг эрэгтэй, нэг эмэгтэй төгсөх ангийн 2 хүүхдийг тухайлбал  нийслэлийн 44-р дунд сургуулийн сурагч Ган-Очир гэдэг хүү,  асрамжын газарт 9-н жил амьдарсан бүтэн өнчин Хулан гэдэг охиныг тус тус сонгосон.  

Төслийн албан ёсны эхлэл нь энэ  хамтлагын тоглолт гэж ойлгож болох уу?

Төслийн ажил ерөнхийдөө эхэлчихсэн л дээ. Төслөө боловсруулж батлах, ивээн тэтгэх хоёр хүүхдээ сонгох гэх мэт ажлууд маань хийгдчихсэн байгаа. Гэхдээ энэ тоглолт нэг гол ажил гэж ойлгож болно.  Энэ дашрамд тоглолтыг зохион байгуулахад бүх талын туслалцаа үзүүлсэн Монгол улсын элчин сайдын яам, Британийн Монголчуудын Холбооныхон болоод нийт дэмжиж тусалж буй нөхдөдөө чин сэтгэлийн талархал илэрхийлье.  Манай тоглолтод хүрэлцэн ирээрэй. Таныг олон олон сюрприз хүлээж буй шүү. Бүгдээрээ нэгэн оройг дуу хуур ая эгшгийн орчинд хамтдаа  өнгөрөөж  далайд дуслыг ч гэлээ нэмэр оруулцгаая гэж уриалмаар, урьмаар байна.

Тоглолт хаана хэзээ гэлээ?

10 сарын 20-ны Даваа гарагийн оройны 9 цагт Монголчуудын сайн мэдэх Leicester Square дах Sound Club-д эхлэнэ. Тасалбарын үнэ £25. KIWI хамтлаг мөн Ирландын нийслэл Dublin-д 26-нд болон Английн Manchester 22-ны өдрүүдэд тус тус тоглох юм.

Image 

Төслийнхөө хэрэгжилтийг байнга олонд нээлттэй мэдээлж байна биз дээ

Төслийн болон бидний талаар дэлгэрэнгүй  мэдээлэл авахыг хүсвэл

Зав гарган ярилцсанд баярлалаа.

Танд мөн баярлалаа. Сайн үйлсийн төлөө хамтдаа зүтгэцгээе.

 

Хөөрөлдсөн Д.Цэрэнбат

  • Бичсэн tserenbat_d
  • Үзсэн: 2371

Бүлэг: Ярилцлага

Image

Буян бол жаргалтай сайхан амьдралын эх, нүгэл бол зовлонгийн эх гэж Бурханы шашинд үздэг

Mонгол улсын Бурханы Шашины Төвийн тэргүүн, Гандантэгчилэн хийдийн хамба Д.Чойжамц гуайн ярилцлага. Сан Франциско хот, 2008 оны 8 сарын 1

Ярилцсан: Бөрклэй даxь Кальфорны их сургуулийн урилгын эрдэмтэн Ш.Баатар

Хамба та тавтай морилж явна уу? Америкт та энэ удаа ямар ажил хэргээр айлчилж байна.

Сайн явж байна аа. Америкт дахь Төвдийн байнгын төлөөлөгч Лоди Гэри гэдэг хүний урилгаар Колорадо мужийн Аспен хотод болсон Төвдийн соёлын өдөрлөгт оролцоод буцаж байна.  Их сайхан хурал болж, олон орны мэргэдийн хэлсэн үгийг дуулж, шинэ санаа бодол төрж байна. Энэ орны хөгжил дэвшил сайн сайхныг мөн харж байна. Аспен бол ихээхэн аглаг зайдуу газар байрлах амралтын газар мэт сайхан хот юм байна. Биднийг анх Аспенд очиход хүн амьтан ховор, сэлүүхэн харагдсан. Далай Багшийг морилсны дараа хувийн онгоцоор талбай дүүрсэн. Америкийн нийгмийг тодорхойлдог баячууд, алдарт жүжигчид, улc төрийн зүтгэлтнүүд олноороо ирсэн бололтой. Хуралд ирсэн хүмүүс Далай Багшийн сургаалийг их чармайн сонсож байгаа харагдлаа. Бурханы шашин гэж агуу юм байдаг юм байна, түүнийг амьдралдаа мөрдлөг болгосон бид ч Бурханы шашинaa түгээн дэлгэрүүлж, дэлхий дахинд ярьж явдаг Далай Багшийнхаа байдлыг харахад бахархалтай сайхан байлaа.  Ийм сайхан арга хэмжээнд оролцсондоо ихээхэн баяртай явна.

Газар их хол, цагийн их зөрөөтэй Америк оронд ирснийх монголчуудтайгаа уулзан учирч, тэдэнтэйгээ жаахан зовлон жаргал хуваалцаж, амьдрал, аж байдалтай нь танилцаж, өөрийнхөө мэдэж чадаx юмaa хэлж, Бурханыхаа шашиныг тайлбарлаж, Монгол соёл уламжлалаа залуучууддаа танилцуулах зорилготой явна. Энэ зорилго маань сайхан биеллээ. Cүсэгтэн олон монголчуудтайгаа уулзах аяллаа Сакраменто хотоос эхэлсэн.  Сан Франциско хотод ирж, Ажаа Ринбүүчийгийн гэрт байрлаж, төв дээр нь олон сайхан монголчуудтайгаа уулзсан. Их олон хүн ирсэн байна. Хөгжил дэвшилтэй энэ оронд ирсэн монгол хүмүүсийн юмыг сонсоx төрх байдал их өөр болчихдог юм байна. Монгол хүмүүс ер нь илтгэл, яриаг тийм их хичээнгүй сонсдоггүй юм. Харин энд бол нэлээд анхааралтай сонсч, хүнийг үгийг ялгаж, салгаж хүлээн авч байгаа нь харагдаж байна.

Монголчууддаа хандаж гурван чиглэлээр ярьсан. Нэгдүгээрт, Америк орон дахь монголчуудын хөгжил дэвшилд юу нөлөөж байгааг өөрийнхөө мэдлэгийн хүрээнд, энд амьдардаггүй монгол хүний нүдээр харахад ямар байгааг дүгнэх, хоёрдугаарт,  Монголд буй улсууд ямар аж амьдрал, хөгжил дэвшлийг олж буй, аль тал нь алдаатай байгаа, гадаадад амьдрахад ямар зүйл жаахан дутагдалтай, Монголд байхын илүү тал гэх мэт зүйлээр санаа бодлыг солилцоx, гуравдугаарт, Бурханы шашины түүх, гүн ухаан, энэрэнгүй ёс, буян нүглийн тухай яриад эцэст нь уламжлалт зан заншил, соёлынхоо талаар мэддэг юмаа хэлсэн. Би хэдийгээр түүхч хүн биш ч намайг нэлээд анхааралтай сонсч байгаа байдал нь надад их сайхан санагдлаа.  Миний ярианы дараа хүмүүсийн сэтгэл нэлээд хангалуун байгаа бололтой сэтгэгдэл төрсөн. Түүнд би их баяртай байна. Алс хол нутагт суугаа хүмүүс бол хэдийвээр аж амьдрал сайн сайхан ч хамаатан саднаа, эх нутаг, гэр орноо санaсан, хүний газарт өөрийн шашинаа хүсэн мөрөөдөж, “нэг сан тавиулчих юмсан, нэг адис жанлав хүртэх юмсан” гэсэн сэтгэлтэй байдаг юм байна. Ярианыхаа дараа сан тавьж, даллага авч, эвтэй найртай байгаарай гэж Жанлав цогзол уншиж, цөмөөрөө хамтарч шашин номын буяны үйлийг хийлээ. Буян гэдэг бол жаргалтай сайхан амьдралын эх, нүгэл гэдэг бол зовлонгийн эх байдаг гэж Бурханы шашинд үздэг. Тэгэхээр монголчуудынхаа сэтгэлд нэг сайхан цагаан гэрэл тусгах, буяны сайхан сэтгэл үүсч, бие биендээ элэгсэг дотно хандаж, буяны чуулганыг хураахад жаахан ч лугаа гэгээ хаяаруулсан бол миний аяллын зорилго биеллээ гэж санаж, тийм болсон байх болтугай гэж ерөөж байгаа юм аа.

Манай урд хөршид 7 хоногийн дараа Олимпын их наадам эхэлнэ. Олимпын бамбар аялах үеэр Төвдөд үймээн самуун гарч, гадаадын олон оронд жагсаал цуглаан болсон. Төвдөд болсон үймээний талаар Далай Багш ямар нэгэн айлтгал Аспенд хийсэн үү?

Энэ талаар Аспений хурал дээр онцын юм яригдаагүй. Миний мэдэж байгаагаар Далай Багш анх Японы онгоцны буудал дээр мэдэгдэл хийсэн. Тэр үед Төвдөд болсон явдлыг эсэргүүцсэн жагсаал цуглаан Европ, Америкт ид болж байлаа. Далай Багш дундаж үзэл баримталдаг, тогтуун тайван бодлогыг улс төрийн хэмжээнд ч баримталдаг болох нь тэр айлтгалаас надад мэдрэгдсэн.  Далай багш “-Xятадын тэрбум гаруй хүн Олимп болно гээд баяр баясгалантай байхад тэдний хүсэл эрмэлзлэлийг бид хүндэтгэх хэрэгтэй, Хятадын ард түмэнтэй бид дайсагналцахгүй, аль болохоор эвтэй найртай байж, сайн сайхан, жаргалтай цэнгэлтэй, баяртай үйл явдлыг би хүлээн авч тэтгэн дэмжинэ. Хятадын ард түмний баяр цэнгэл дээр ус асгаж болохгүй” гэж айлтгасaн. Олимпыг Европт эсэргүүцэж байгаа явдалд харуусч байгаагаа мөн илэрхийлсэн. Би Далай Багшийн шавь болoхоороо үзэл бодлыг нь үнэхээр бодисатвагийн бодол юм даа гэж хүлээн авсан. Тийм болохоор Олимп болох үйл ажиллагааг зөв сайхан яваасай, Хятадын ард түмэн баярлаж цэнгээсэй, дэлхий дээр дөрвөн жилдээ нэг болдог Олимптоо олон хүн оролцоосой, гайхамшигтай баяр цэнгэлийг эдлээсэй гэж бодож байна. Хятадад болсон төвдүүдийн үйл явдал бол олон янзын шалтгаантай байсан байх аа, Хятадын төр түүнийг уужуу ухаанаар үзэж, төвд хүмүүсийн уламжлал ёсыг хүндэтгэж, тэдний аз жаргалтай амьдралыг хангаxын төлөө бодож, сэтгэнэ байхаа гэж би найдаж байна.

Сонгуулийн дараа Улаанбаатарт болсон жагсаал цуглаан даамжирч үймээн самуун болж хувирлаа. Тэр үед та Монголд байсан байх, уг үйл явдлын талаар таны бодол ямар байна вэ?

Сонгуульд монголчууд жилээс жилд суралцаж байгаа. Ер нь монголчууд сонгуулийг их эвлэгхэн өгдөг ерөнхий чиг хандлагaтай юм шүү дээ. Нэг удаагийн сонгуульд нэг нам хэтэрхий даврангуй авир гаргавал дараагийн сонгуульд огт байхгүй болтлоо сонгогдохгүй болчихдог ч юм уу, овоо сайн ажил хийвэл нэлээд дээшээ гараад ирдэг ч юм уу, иймэрхүү янзын хандлагатай байдаг. Ер нь гол хоёр нам эвгүйтвэл ард түмэн гурав дахь хүчнийг гаргаж, тэнцвэрийг нь хадгалcан тал руу чиглэсэн хандлагатай сонгууль өгч байсан үе бий. Нэгэнт л ардчилсан нийгэм болохоор ард түмний сонгууль байх, сонгуулийн үндсэн зарчим нь тэр. Сонгуульд ялсан нам олонхийн үзэл бодлыг авч явдаг. Нэгэнт сонгуульд ялсан бол их багагүй хүлээн зөвшөөрөх ёстой юм аа гэж ойлгодог. Саяын сонгууль ямар болсныг би мэдэхгүй л дээ, гэхдээ сонгуулийн үр дүн хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Сонгууль xэрхэн болсон тухай бодит байдлыг би дүгнэж чадахгүй юм шиг байна. Сонгуулийн явцад маш олон янзын үзэл бодлыг уралдуулдаг. Хүний сэтгэл санааг татаж болoх янз бүрийн аргыг бодож сэтгэдэг ийм л шинж чанартай юм. Тэгэхээр сонгуулийн 45 хоногийн явцад сонгогчдын үзэл бодол өөрчлөгдөж болох талтай нь харагдлаа. Намууд дэндүү их амлалт өгсөн нь, ялангуяа мөнгө төгрөгийн амлалт өгсөн нь ард түмнийг буруу замд сургах, бэлэнчлэх, ажил хөдөлмөрт шамдахгүй хий горьдлого тавих зэрэг сул талтай болгох нэгэн чиг шугам харагдав. Түүний оронд ажил хөдөлмөрийн байртай болговол илүү их ирээдүйтэй, жаргалтай сайхан амьдралыг ард түмэн өөрсдөө бий болгох бололцоо гарах байх.

Япон, Солонгос зэрэг оронд ширхэг будааны төлөө тэмцэж байсан үе бий. Тэдгээр ард түмэн бүсээ чангалаад эх орноо бүтээн байгуулсны хүчинд өнөөдөр дэлхийн  хөгжилтэй орнуудын тоонд орсон. Тэднийг хаанa ч явсан япончууд, солонгосчууд гээд дэлхий дээр хүндэтгэх хэмжээнд хүрсэн байна. Энэ бүхэн дан мөнгөөр бий болоогүй, оюун ухаан, боловсролоо ашиглан хөгжил дэвшлээ зүй зохисоорoo олсон гэж бодож байна. Улс төрийн сонгуульд ялахын тулд мөнгө амлaж байгаа явдал бол ард түмнээ дэндүү бэлэнчлэн сэтгэлгээнд хөтөлж болох буруу хандлагатай юм уу даа.  Мөнгө амлах нь ард түмэн сэтгэлээрээ сонгуулиа өгдөг байдлыг алдагдуулдаг юм байна гэсэн сэтгэгдэл төрж байна. Аль ч нам мөнгө амласан даа, сонгуулийн явцад тэр амлалт нөлөөлж, бэлэнчлэx сэтгэлгээ сонгуулийн үр дүнг нэлээд өөрчилсөн болов уу. Түүнээсээ үүдээд хүсэн хүлээж байсан үр дүнд хүрээгүй юм болов уу. Тэгээд энэ үүссэн тэмцэл бол жинхэнэ сонгуулийн эрх ашгийн төлөө тэмцсэн тэмцэл биш болов уу даа гэж бодогдмоор. Үймээний үйл ажиллагаа бүх телевизээр гарч байсан. Ганц дан сонгуулийн юм болчихов уу, эсвэл юу ч болчихов доо, зохион байгуулттай юм хийж чадав уу, үгүй юу гэдэг дээр би эргэлзэж байгаа. Тийм юм дахин Монгол оронд битгий гараасай, өөрийн соёлын үнэт зүйлc, архивын үнэт зүйлcэд ихээхэн хор хөнөөл болсон доо.  Хэдхэн хоногийн дараа Засгийн газрын хуралдаан болоход бидний амьдралын сайн сайханд зориулагддаг төсвийн мөнгө маань шал хэрэггүй хохирлыг нөхөхийн төлөө яриа болж байна билээ. Монголчууд өөрсдийнхөө юмыг сүйдлээд хэзээ ч бусдыг дийлдэггүй, ялагдал бол ард түмний нуруун дээр үүрэгддэг, xохирол бол улс орны хэмжээтэй эдийн засаг дээр буцаж бууж ирдэг юм байна. Тэгэж байж бүх юм ахиж, сэxэж, босох бололтой. Тийм учраас гаднын хохирогч байхгүй юм боллоо. Xохирогч нь монголчууд бид өөрсдөө болчихлоо гэсэн сэтгэгдэл төрсөн. Үүнээс хойш ийм зүйлийг гаргахгүй байхын тулд улс төрийн намууд, ард иргэд бүгдээрээ хичээх ёстой юм уу даа л гэж ойлгосон доо.

Монгол орон таны бодлоор хөгжиж байна уу?

Монголд хөгжил дэвшил их байна аа. Монгол орон үзэгдэж харагдахгүй их хөгжиж дэвшсэн гэж надад бодогддог. Би лам хүн учраас коммунизмын үед нэлээд дарамттай нийгэмд амьдарч байлаа. Эгэл иргэдээс илүү нийгмээ мэдэрдэг мэдрэмж надад хар аяндаа суусан юм шиг санагддаг юм. Лам улс маш их анхаарал, болгоомжтой байхгүй бол шашин, уламжлалт ёс заншлынхаа тухай ярьчихвал бишдэдэг байсан цаг л даа. Тийм учраас нийгмээ чагнаж сурсан болов уу. Tүүнээс хойшиx 18 жилийг харьцуулбал Монгол улс үзэгдэж харагдахгүй болтлоо хөгжиж, улс оронд маань олон сайхан зүйлүүд нэмэгдсэн. Сайн сайхан цаг ирж, хөгжил дэвшил шууд мэдрэгдэж байна. Гэхдээ болгоомжтой хандах зүйл олон бий, янз бүрийн үзэл бодол ч бий. Жишээлбэл, шашин соёлдоо хандах хандлага, нийгэмдээ, ард түмэндээ, соёл боловсролдоо хандаx хандлагыг их л ултай бодож, учиртай хандах хэрэгтэй юм. Өөрийн нийгмийн суурин дээр дүгнэлт хийж, юманд хандах хандлагаа өөрчилж, улс орноо эрэмбэ, дэс дараатай хөгжүүлмээр харагддаг даа. 

Сайхан цаг эхэлсэн гээд нийгмийн хөрсөн дээр ургаагүй англи, америкуудын 60, 70-аад оны соёл болох кино ший, элдэв юмыг гэнэтхэн дуурайгаад, одоо Америкийн радио, телевизээр огт явуулахаа больсон зүйлс манайд шинэ сонин юм шиг, бүр нийтэд дэлгэгдээд, аав ээж, ахан дүүгийнхээ дэргэд зурагтaaр үзэхэд хэцүү зүйлийг энгийн юм шиг гаргаад байгаа энэ байдалд дүгнэлт хийх хэрэгтэй. Тэгээд ч урлаг, соёлын янз бүрийн зүйлийг хэтэрхий хэлбэрчлэн хуулж загварчилсны үр дүнд тийм эвгүй байдлууд үүсч байгаа юм.  Би үүнийг яагаад чөлөөтэй ярьж байна вэ гэхээр Америкт байгаа хүмүүс өөрөөр хүлээн авна байх. Монголд ярихаар ойлгохгүй байна. Америкийн нийгэмд амьдарч байгаа монголчууд миний үзэл бодлыг ялгаж, салгаж ойлгоно л доо. Америкийн нийгэм дэx телевизийн өчнөөн суваг нь ажил хөдөлмөрт сургасан, үр хүүхдээ хүмүүжүүлсэн, сайн сайхан уриалсан байхаас биш бузар бусармаг зүйл нэг ч гаргахгүй байна. Гэтэл Монголд түүнийг ардчилал гэж үзээд дэндүү ихээр үзүүлж, түүнээс залуучууд ийм л байдаг байх гэсэн ойлголт аваад, янз бүрийн зугаа цэнгэл хөөx болж, жинхэнэ ардчилсан нийгэмд амьдарч байгаагийнхаа хэргийг гаргаж байна гэсэн ташаа бодолд төөрөөд байх шиг харагддаг юм. Тийм учраас аливаа нэгэн зүйлийг давруулж болмооргүй, аль нэгэн улсын нийгэмд байгаа зүйлийг харьцуулан, өөрийнхөө нийгэмд дүгнэлт хийгээд, гадаад орнуудын дотоод амьдралд орж, судалж сайн сайхан зүйлийг нь Монголдоо авч дэлгэрүүлэх л хэрэгтэй юм даа гэсэн бодол надад байдаг. Энэ талаар засаг төрийн дээдcүүд залуу үедээ чиглэсэн бодлого явуулахгүй, гадаад оронд ирж байшин барилгыг нь харчихаад их юм үзэж мэдсэн юм шиг “тэгдэг л байхгүй юу даа” гэж мэдэмхий царай гаргаад, буцаж очоод баахан хор уршигтай юмыг тарьчих гэсэн тийм л байдал харагддаг даа. Тэгэхээр ийм дэгс байдлаа засаад, жинхэнэ ул суурьтай, сайхан бодлоготой хүмүүсээ Их Хуралдаа гаргаад, улс орныг зөв залбaл хөгжил дэвшлийн ирмэг дээр бүр оччихоод байна даа.

Манайд Бурханы шашин хэр их дэлгэрч байна. Олон шашин зэрэгцэн орших болсон энэ цагт Бурханы шашин ямар бодлого барьж байх шаардлагатай вэ? Монголын Бурханы шашины төв, Гандантэгчилэн хийдын хамба таны байр суурийг сонсмоор байна.

Монголд Бурханы шашины ирээдүй их байна. Олон зууны турш дэлгэрсэн үндсэн шашин учир ард түмний дунд суурь сайтай юм. Гэхдээ манай монголчуудын сүүлийн үеийн хандлагат ажиглалт хийхэд Бурханы шашинаа хүлээн зөвшөөрч, шүтэж биширч буй хүмүүсийн тоо улам л ихэсч байгаа. Үүнд нэг л юмыг давхар бодууштай. Хүн шинэ юмыг хүлээж авах дуртай байдаг. Аль ч улсад адил хүмүүс шинэчлэлт өөрчлөлтөд их дуртай. Гэвч аль ч оронд өөрсдөө барьж байх ёстой шашин, соёл уламжлал гэж бий дээ. Наадам, цагаан сар бол Монголын ард түмний онцлогийг зайлшгүй тодорхойлж байдаг шинж чанартай баяр ёслол, цаашид барьж үлдэх ёстой зүйлc болно. Түүнийгээ жаахан анхаарах ёстой юм. Шашиныг хөгжүүлнэ гэдэг ганцxан лам нарын ажил биш, сүсэгтнүүдтэйгээ хамтран ажилладаг хүчин зүйл юм. Монголын нийгэм л үүнийг зөвхөн лам нарын хэрэг юм шиг боддог. “Лам нар яагаад байна” гэж сонжиж хараад байгаа нь коммунист халдвар юм даа. Хөрөнгөтний хөгжсөн нийгэмд сүсэгтнүүд голдуу сүм хийддээ хандаж өөрчлөлт шинэчлэлт хийж, шашинаа цаашид зөв сайхан авч яваx, сэргээж тэтгэх, хөгжүүлж дэвшүүлэх ажлaa нуруун дээрээ үүрдэг шүү дээ. Тэгэхээр энэ талаас нь монголчууд бодож сэхээрэх ёстой. Ийм зүйл л жаахан дутагдаж байгаа байх. Бурханы шашин 70 жил дарлагдаж эдийн засаг, боловсон хүчин, соёл боловсрол дээрээ дарамттай явж ирсэн учир гэнэтхэн хөгжих тийм боломжоор тааруу байна. Cүүлийн 18 жилийн турш Бурханы шашин манайд сууриа тавьcан. Боловсролтой хүмүүсээ Жагарт бэлтгээд авч байна. Тoдорхой хэмжээгээр хөгжил дэвшилд орж, сүм хийдээ сэргээн босгоx суурь нь сайхан тавигдаж байгаа. Хойшдоо хөгжиж дэвших их ирээдүй харагдаж байна. Cүсэгтнүүддээ хандсан олон арга хэмжээг Гандан хийдээс явуулах ёстой юм байна гэдгийг ойлгосон. Тийм ч учраас нэлээд үйл ажиллагаа явуулж эхэлcэн. Өнчин ядуу хүүхдийг сургуулийн нас хүртэл 24 цагаар асрaн хүмүүжүүлэx цэцэрлэг гаргасан.  Хүүхдүүдийг ёс заншил, соёлоo өвлөхөд нь зориулаад Зайсангийн аманд мөн нэг цэцэрлэг нээсэн. Ирээдүйд бид тэдэнд шашинаа давхар заах хэрэгтэй юм байна гэж үзэж байгаа. Бясалгалын төв барьж эхлэх санаа дэвшүүлээд байна. Тэнд бол хар, шаргүй бүгдээрээ очоод бясалгал хийж сэтгэл зүрхээ амраадаг, тайвширдаг, насаа уртасгадаг ийм сайхан зүйлийг хийхээр олон ажлыг шийдээд явж байна. Цаашид Бурханы шашин Монголд дээшээ явах өнгөтэй, өөдтэй байна. Монголчуудад сайхан амьдрах заяа байна аа.

Далай Багш Америкийн олон нийтэд эхийн хайр элбэрлийн талаар, Бурханы шашины сүсэгтэн олонд сэтгэлээ жолоoдох, хоосон чанарыг ойлгох талаар түлхүү айлтгал хийх юм. Та учир шалтгааныг жаахан тодруулж өгнө үү?

Монголчууд хэзээнээс эцэг эхээ хайрлаж, эрхэмлэн хүндэтгэдэг. Эцэг эх хайрaa үр хүүхдэдээ шингээж чадсан учир үр хүүхэд нь эцэг эхээ эргээд энэрэн хайрладаг. Энэ бол жинхэнэ хайр юм. Хайр гэдэг сэтгэлийн элбэрэл юм. Эхийн хайрыг бүрэн амталсан амьтан зөөлөн сэтгэлтэй болдог. Бурханы номонд сэтгэлийг асрахын, нинж, бодь гэж гурав ялгана. Эцэг эх үрээ хайрлан өсгөх, эцэг эхээ өтөлсөн хойно үр хүүхэд нь өргөж тээх бол асралын хайр юм. Зовж зүдэрч байгаа амьтныг зовлонгооc түргэн гэтлээрэй хэмээн хайрлах нь нинж сэтгэл болно. Хорвоогийн амьтан хорхой шавьжнаас эхлээд бүгд амь голтой учир амь таслахыг тэвчин, нэг сэтгэлээр ялгалгүй хайрлах нь бодь сэтгэл юм.  Энэ гурван сэтгэлийг тээж чадвал аядуу зөөлөн хүн болдог. Монгол хүн “хайртай шүү” гээд хэл амаараа хайраа илэрхийлэхээсээ илүү харцаараа, үйлдлээрээ сэтгэл зүрхнээсээ хайр энэрлээ илэрхийлж чаддаг гайхамшигтай. Бурханы шашинд бүхнийг үйлийн үр, шүтэн барилдлагаар тайлбарлана. Хоосон чанар нь мөн үйлийн үр, шүтэн барилдлагаар тайлбарлагдана. Бүх юм сайн, муу аль нэгэн үйлийн үрээр бүтнэ. Гэхдээ мөнхөд оршихгүй тул хоосон чанартай, хорвоогийн бүх юм өөр хooрoндoo шүтэн барилдлагатайгаар оршин тогтoно гэдгийг ойлговол зохино.

Та манай нутгийн хийдийн талаар өөрийн мэдэх сониноосоо дуулгана уу?

Онгийн хүрээ бол Монголын алдарт хийдүүдийн нэг, Сэра уншлагатай байсан гэнэ билээ. Онгийн хүрээний хийдийн ханан даxь Бурхан багшийн амьдралыг харуулсан зураг их алдартай байжээ. 50 гаруй жилийн турш нууц уншлага тасралгүй байсаар хамгийн сүүлд Дашзэвгэ гуай шинэ хийд нээгдэхэд залуу лам нартaa залгамжилж өгсөн түүхтэй. Монголдоо уншлагa тасраагүй цорын ганц хийд бол Онгийн хийд юм.

Таны нэрийг монголчилбол Номун Далай гэсэн үг болох уу?

Харин тийм.

Танд их баярлалаа. Монгол оронд маань Дандарын аймаг сэргэх болтугай гэж oлон үеийн Далай Ламын бичсэн энэхүү номыг танд өргөн барья.

За баярлалаа. Энэхүү номыг би Гандангийнхаа төв номын санд өгнө өө. Харийн нутагт хийморилог яваа та нарын буян нь дэлгэрч, үйлс нь цаг ямагт бүтэж яваарай гэж ерөөе.

Тэр ерөөл бат орших болтугай.

shbaatar.blogspot.com блогоос авав

  • Бичсэн tamga
  • Үзсэн: 4307

Бүлэг: Ярилцлага

Уламжлалт анагаах ухаан: Хавдрыг дан ганц эм тариагаар эмчлэхгүй!

"Эрүүл мэндийн увдис" сэтгүүлийн 2008 оны дугаар 16

Монголын уламжлалт анагаах ухааны "Одь" эмнэлэг 4 сард "Хүний дээд эрүүл мэнд"-ийн сэдвээр эрдэм шинжилгээний бага хурал зохион байгуулж, хорт хавдрын эмчилгээний үр дүнгийн талаар танилцуулсан билээ. Бид тус эмнэлэгийн зөвлөх их эмч Х.Цэрэндорж, их эмч Ц.Александр болон тус эмнэлэгийн их эмч, оточ П.Баатар (зураг дээр - Энэ и-мэйл хаягийг спамботоос хамгаалсан. Та үзэхийн тулд JavaScript идэвхжүүлэх хэрэгтэй.) нартай уулзаж, уламжлалт аргаар хавдрын өвчнийг хэрхэн эмчилж буй талаар ярилцсан юм.

-Хорт хавдрыг уламжлалт аргаар хэрхэн эмчилж буй талаар хүмүүс ихээхэн сонирхож байгаа нь лавтай. Энэ талаар ярилцлагаа эхэлье.

-Бид, өөрөөр хэлбэл манай эмнэлэгийг байгуулсан гурван их эмч бол Дорноговийн их маарамбын долоо дах үеийн оточ, их багш "Одь"-ийн шавь Дорж хэмээх оточийн шавь нар бөгөөд багш маань таалал төгсөхөд түүний үйл хэргийг залгамжлуулан үргэлжлүүлэх хэрэгтэйг ойлгож, түүний нэрээр нэрлэсэн монголын уламжлалт анагаах ухааны Одь эмнэлэгээ байгуулсан юм. Нөгөө талаар, манай багшаар эмчлүүлж байсан олон хүн бидэнд хандаж ирдэг байсан. Энэ нь бидний сайных бус харин багшийн минь эрдэм чадал, нэр нөлөө их байсных юм. Ингээд арав орчим жилийн эмчилгээний арга туршлагаа олон нийт, эрдэмтэн мэргэдийн сонор мэлмийд хүргэх, зөвхөн хавдрыг эмчлэх бус ер нь эмчилгээний арга ухааны талаар зарим нэг санал дэвшүүлэх зорилгоор эрдэм шинжилгээний бага хурлыг зохион байгуулсан юм. Энэ бага хурлын үеэр манай эмнэлэгт хандан эмчлүүлэгсэд өөрсдийн өвчний түүх болоод өнөөдөр биеийн байдал ямар болсон талаар санал сэтгэгдлээ ярьсан байгаа.

-Та бүхэн хорт хавдрын шалтгааныг хэрхэн тодорхойлж байна вэ?

-Өнөөдөр миний ойлгож байгаагаар хавдар гэдэг олон тодорхойлолттой өвчин гэж үзэж байна. Тиймээс хавдрыг нэгд, эзнээс урвасан эсийн цугларалт гэж тодорхойлж болно. Жишээлбэл, элэгний хавдартай болно гэдэг нь элэгний эс элгээ хамгаалаг ёстой атал түүнээ хайрлаж хамгаалахгүй болохоор нь эзнээсээ урваж байгаа гэсэн үг юм. Тэр эс яагаад урвав гэхээр эзэн нь буруу хооллодог, хэт их иддэг, эсвэл хэт өлөн явдаг, архи уудаг, тамхи татдаг байвал элгээ хайрлаж байгаа бус харин гомдоож байгаа хэрэг юм. Тиймээс эзэн нь гомдоосон элэгний эс урваж байна гэж үзэж болно.

Хоёрт, хавдар гэдэг буруу гажигтай мэдээллийн бөөгнөрөл юм. Үүнийг юу гэж ойлгох вэ гэвэл, хүмүүс ойр дотны хэн нэгэн нь хорт хавдар тусч өвчлөөд нас барах үеэс хавдрын тухай ойлголт авч, манайхан ийм өвчнөөр төгсдөг удамтай юм гэх зэрэг энэ өвчний тухай муу мэдээллүүдтэй болдог. Тэгээд хожим эцэг эхээ санан дурсах, энэ өвчний тухай ярилцах хэлэлцэх бүрт нөгөө хорт хавдрын тухай бодлууд нь мэдээлэл болоод хуримтлагдаад үлддэг.

Гуравт гэвэл, хавдар гэдэг өвчин хүний орон зайд бараг байж байдаг зүйл. Амин орон гэж биеийн гадуур байдаг цэнэгт орон, цахилгаан орон, гэрлийн орон гээд өдий төдий оронд байдаг. Өөрөөр хэлбэл, гадна талын амин орон зайд тав, зургаа арваад жилийн өмнө буй болчихсон байдаг ийм хийсвэр сэтгэлгээний орон зайн өвчин гэж ойлгож болно.

Дөрөвдүгээрт, үйлийн үрийн оронд байдаг гэж үзэж байна. Хүнийг төрөхөөс нь өмнө хавдрын шалтгааныг өмнөх элэнц хуланц, өвөг дээдэс нь буй болгочихоод явчихсан байдаг. Жишээлбэл, тэд буруу хооллох аргаа буй болгоод явчихдаг. Хүнд хар буруу, атаа жөтөө санадаг, хар ёр нуудаг, муу санаатай, зан араншин төлөвийг тэр орон зайд үлдээгээд явчихсан, үр хүүхэд нь тэр л зан төлөвөөр хүмүүждэг. Тэр нь мөн чанартаа хавдрын урьтал нөхцөл, үйлийн үрийн орон болдог. Тиймээс энэ дөрвөн чиглэлээр хавдрын эмчилгээг явуулах хэрэгтэй гэж үзэж байгаа юм.

-Өвчнөөсөө салахын тулд хүн юунаас эхлэх ёстой вэ
?

-Ер нь хавдраар өвчилсөн хүн өвчний онош тодрох хүртэлх хугацаанд явж ирсэн бүх дадал зуршил, дэглэм, хэв маяг, сэтгэл зүйгээ зуун хувь өөрчлөх шаардлагатай болно гэсэн үг. Сэтгэхүйгээ өөрчилнө гэдэг нь тэр хүн зуун хувь хайрлах, нигүүлсэх, энэрэхүйн гурван сэтгэлгээний төв болох хэрэгтэй юм. Хавдартай хүн өнгөрсөн цагийнхаа өөрийн амьдралын бүх хэм хэмжээг зуун хувь өөрчилж чадах юм бол хавдрын эсийн урвалт шууд зогсоно гэж америкийн эрдэмтэд хэлсэн байдаг. Энэ чинь бидэнд гайхамшигтай чадвар, боломж байгааг хэлээд өгсөн байна шүү дээ.

-Танай эмчилгээний онцлог юунд байна вэ?

-Манай бүх уламжлалт эмнэлэгт хавдрын эмчилгээг биднээс илүү мэдэж байгаа эмч нар зөндөө бий. Харин бидний хэрэглэж байгаа сэтгэл зүйн эмчилгээ, жишээлбэл, тарни, төвлөрөл, бясалгал, гүрэм энэ бүгд хамт хийгдэх ёстой юм.

-Арай тодорхой тайлбарлавал...?

-Бид мэдээллийг мөн цэнэгт орон зайг эмчилгээнд хэрэглэе, эс эзэндээ гомддог юм бол эзнээ хайрлах тийм сэтгэлгээг эсэнд бий болгох хэрэгтэй гэсэн санааг дэвшүүлээд байгаа юм. Эс гэдэг өөрөө маш их мэдээллийг авдаг шүү дээ. Жишээлбэл, элэгний нэг эс аравын есөн зэрэгт мэдээллийг хадгалах сантай байдаг. Элэгний эсийн мэдээллийн орон зай гэдэг тийм хязгааргүй. Тиймээс энэ эсийн мэдээллийг өвчнийг эмчлэхэд ашиглая л даа. Зөвхөн мэдээллийг эмчилгээнд хэрхэн хэрэглэж болох талаар товч тайлбарлая. Мэдээлэл гэдэг туйлын түгээмэл зүйл. Бид ойлгохдоо мэдрэхүйн таван эрхтнээр авдаг гэж боддог. Гэтэл мэдээлэл бидний хүсээгүй орон зайгаар их ордог юм байна. Тухайлбал, эмч хэдийгээр өвчтөнд та эдгээд сайхан болно гэж хэлэхдээ дотроо, за үнэхээр хэцүү болчихсон хүн байна даа гэж бодоход л тэр мэдээллийг нөгөө өвчтөн хэлсэн хэлээгүй хүлээгээд авчихдаг. Эмч бол ямагт өвчтнийг би босгоно гэж эх шиг нь байх ёстой. Эх хүн хүүхдээ өвдчихөөд байхад нь, миний хүү үхчих байх гэж хэзээ ч боддоггүй юм шүү. Эмч яг тэгж л бодож байх юм бол тэр зөн совингоор нь юм уу, тэр гэрэл гэгээ гадна талын хийн сувгуудаар шууд нэвтэрдэг. Бид мэдээллийг зөвхөн гаднаас авдаг гэж ойлгодог. Гэтэл дотроосоо гадагшаа хандаад эргээд өөртөө мэдээлэл авдаг. Хэрвээ хүн миний өвчин хүндэрч байна гэж бодвол тэр хүндэр гэдэг мэдээлэл гадагшаа цацагдаад өвчин нь хүндрэх үйл явц өөрт нь явагддаг. Тиймээс хүн юу гэж бодох ёстой вэ гэвэл, би энэ хавдрын төвд ирээд сайжирч байна гэж бодох ёстой. Гэтэл хүмүүс эмнэлэгт ямар бодолтой ирж байна вэ гэвэл, за яахав, энэ туяа эмчилгээнд нь ороод үзье дээ гэсэн эргэлзээтэй ирдэг. Тэгээд эмчилгээний дараа бие нь жаахан тавгүйрхвэл энэ ч тусгүй юм байна даа гээд бодчихдог. Харин үүний оронд би эдгэрч дээрдэж байна гэж бодвол туяа эмчилгээний нөлөө өөрийх нь гадагшаа эдгэрч байна гэж цацагдсан мэдээтэй нийлээд энэ хавдар эдгэх ёстой гэсэн мэдээлэл болж өөрт нь хурж байдаг юм. Мэдээлэл ингэж гадагшаа цацагдаад буцаж хурдаг юм. Тиймээс хүний сэтгэл зүйд хандана гэдэг хамгийн чухал зүйл.

-Сөрөг мэдээллээс ангид байх боломжтой гэж үү?

-Сөрөг мэдээллийг нэвтрүүлэхгүй байх хамгийн гол арга бол бурхантай цуг байх юм. Тэр нь юу вэ гэхээр тарнийн мөн чанарыг ойлгох, өөрийгөө тарни мэт болго гэдэг. Энэ бол эмчилгээний болоод урьдчилан сэргийлэх маш том арга байгаа юм. Тарнийн тантрын ёс гэдэг туйлын гайхамшигтай, туйлын хүнлэг, хүний өөрийн судалсан, таньж олсон тийм зүйл юм. Харамсалтай нь зургийг нь аваад тавьчих боломжгүй, лабораторид оруулаад баталчих боломжгүй. Зөвхөн өөрөө бясалгаж, зөвхөн өөрөө уншиж байж үр шимийг нь хүртдэг зүйл шүү дээ. Энгийн арга бол инээж явах, бүх юманд сайн санах. Ингэж цөмөөрөнд нь хайр ивээлээр хандах юм бол муу юм ирэхгүй, сөрөг энерги нэвтэрдэггүй юм.


-Сэтгэл зүйд хандахад гол амин сүнс, түлхүүр болдог зүйл гэвэл...?

-Сүжиг төрүүлэхгйүгээр хүнийг ямар ч өвчин шаналгаанаас эдгээнэ гэж байхгүй. Тиймээс энд хамгийн гол нь сүжиг, итгэл үнэмшил байх ёстой юм. Гэхдээ хүнийг чи одоо энэнд итгэ гэвэл нэг нь ч итгэхгүй шүү дээ. Итгэл үнэмшил эмчлэгч эмч, өвчтөн хоёрт хоёуланд нь байж байж үр дүнд хүрдэг. Тэгэхээр эмч өвчний үе, зэргийн тухай биш, эдгэрүүлэх тухай л бодолтой байх ёстой юм. Ийм л байвал тэр өвчтний гутруу бодол, үхлийн тухай айдас тэр бүгдийг арилгаж чадна.

-Та бүхэн хавдрын эмчилгээний талаар боловсруулсан саналаа товч дурдаж болох уу?

-Бидний хавдрыг бүрдүүлж байгаа гэж үзэж буй дээрх дөрвөн шалтгааныг эмчлэхтэй холбоотой дөрвөн арга маань салбарлаад бараг хориод төрөл болдог. Нэгдүгээрт, мэдээлэл эмчилгээний талаар дээр тайлбарласан. Хоёрдугаарт, цэвэрлэх эмчилгээ хийнэ. Таван цул, зургаан сав, цус, усны урсгалыг цэвэрлэх, гал эргэлтийн тогтолцоог цэвэрлэх гээд ийм зургаа долоон аргууд байна. Гуравдугаарт, ариусгах эмчилгээ. Үүнд сэтгэл оюун ухаан, гадаад амин орнуудыг ариусгах. Гадаад амин орон гэдэг том жижиг маш олон орон бий. Эс хүртэл оронтой. Атом, молекул, протон, нейтрон гээд бүгд оронтой. Энэ орон хичнээн жижиг орон болбол нь сэтгэлийг төчнөөн амархан ариусгаад их биерүүгээ нягтарч, улам ариусал буй болдог. Дөрөвт, залбирал, мөргөл, төвлөрөл гэдэг гурван эмчилгээ байна. Энэ нь өөрийн дотоод мөн чанарт хуримтлагдсан гаж бодол сэтгэлгээнээс салах явдал юм. Тав, бясалгал. Энэ эмчилгээ манайд хөгжиж байгаа нь сайн хэрэг. Зургаа, тарни эмчилгээ. Энд нэг зүйлийг онцлоход тарнийн мөн чанаргүй хүн гэж нэг ч байдаггүй. Тарни нь туйлын хураангуйлсан тан ч мөн, антибиотик ч мөн, мэс хутга ч мөн. Тэр хавдрыг огтлоод хаях мэс хутга. Гэхдээ тарни эс эсээр нь эдгээх чадвартай. Төвлөрөл, бясалгал, тарни гурвыг зөв эзэмших юм бол генийн өвчин ч арилна. Ийм боломжуудыг дорно дахины гүн ухаан нээчихжээ. Тиймээс бид эмчилгээг дээд эрүүл мэнд гээд байгаа энэхүү зургаан чиглэлээр хийхийг оролдож байна. Гэхдээ бүрэн төгс цогцоор хийж чадахгүй байгаа ч бидний оролдлогын төвшинд үр дүн гарч байгаа гэдгийг хэлье.

-Дээд эрүүл мэнд гэж юуг хэлээд байна вэ?

-Бид дээд эрүүл мэнд гэдгийг нэгдүгээрт, бие нь эрүүл, гоо сайхан, хоёрдугаарт, оюун ухаан саруул тунгалаг, цэцэн мэргэн, гуравдугаарт, сэтгэл нь ариун, өршөөнгүй, уужуу, дөрөвдүгээрт, амин орон нь тунгалаг, гэрэлтэнгүй, тавдугаарт, дотоод хийн эргэлт тэгш, амар амгалан, зургаад, сүнсний ухамсар төгс төгөлдөр, гэгээрэнгүй бурханлиг гэсэн ийм зургаан чанараар товч томъёолж байгаа юм. Энэ нь зөвхөн хавдар эмчилгээн дээр бус бүх өвчнөөс урьдчилан сэргийлэх, өвчнийг эмчлэхэд зайлшгүй зарчим болгох зүйлүүдийг дорно дахины гүн ухаан, арга билгийн үүднээс гаргаж ирж байгаа цоо шинэ үзэл баримтлал юм.

  • Бичсэн tamga
  • Үзсэн: 9451

Бүлэг: Ярилцлага

Нутагтаа уулзацгаая

Энэ жил эх нутагт минь хуртай тундастай сайхан зуншлага ирсэн ч улс төрийн уурь амьсгал үймээнтэй самуунтай бидний дунд айдас хүйтэс төрүүлэв. Дэлгэр зуны тэнүүн нутагт минь дэлхийд цуутай үндэсний баяр наадам минь айлчлан ирж дэлбэрч шатсан бүхнийг түр хугацаагаар мартагдуулж дэлхийд тарсан бидний монголчуудын сэтгэлийг агшим хоромхон боловч амраав. Наадмын дараа намар гэж ярьдагч энэ жил зун сунжирч бөхөд дуртай хүмүүсийн сэтгэлийг донсолгон бас нэгэн наадам болох, Японы мэргэжлийн сумогийн тойргийн барилдааныг хуруу дараа тоолж суугаа бөхийн хорхойтон багагүй байгаа болов уу? Бөх сонирхоч та бүхнэндээ анхны монгол сумо бөхчүүдийн нэг Н.Цэвэгням Кёкүтэнхоотой барилдааны завсараар ярилцсанаа толилуулья. 

- Наадмын үндэсний бөхийн барилдаан дууссаны дараа өдөр нагояа дахь 7 сарын барилдаан эхэллээ. чи ч бас энэ сарын барилдааны гараагаа 3 дараалан давж эхэллээ энэ удаа бэлтгэл сайн байна уу?

- Энэ жил эх нутагт минь зуншлага сайхан болж үзэгч олноо баясгасан тун сайхан наадам болсон сурагтай. Би сумоогоор барилдаад 16 жил болж байна. Жил бүхэн Нагояагийн барилдаантай наадмын өдрүүд давхцдагийг та ч мэднэ шүүдээ. Бид өөрсдийн барилдааны хажуугаар Монголд утасдаад хэн яаж барилдав гээд санд мэнд л наадмын сонин сонсдог. Энэ удаа барилдаантай давхцаагүй бас тэгээд мэдээллийн хэрэгсэл хурдан түргэн олон хувилбартай болсон болохоор тав тухтай даваа бүхний ам угтуулыг үзэж байлаа. Анх японд ирсэн үед хэдэн цагийн өмнө захиалга өгч Монгол руу утсаар арай ядан холбогдож байж билээ. Миний хувьд бэлтгэл гайгүй байгаа Нагояагийн барилдаан Японы борооны улирлын төгсгөл зуны бүгчим халуун улирлын эхлэлтэй давхцаж явагддаг нь онцлог хэцүүхэн тал бий. Дасаагүй байхад саунад сууж байгаад шууд барилдахаар гарч ирж байгаатай адилхан санагддаг байж билээ. Энэ бүхэнд биеэ зохицуулж бэлтгэлээ хангах нь бидний асуудал шүү дээ. Халуун байна гээд ялаархаад байхгүй шүү дээ. Үзэгч олноо баясгасан барилдаан үзүүлэх юмсан гэж бодож байна даа. Монголд минь 8 сард тойргын барилдаан байгаа болохоор 50 хувийн амжилтаа үзүүлээд нутагтаа очих юмсан гэж бодож байна. Бодол хүсэл ясал гэж байдаг болохоор одоогоор хэлж мэдэхгүй л байна даа.

- Энэ сар 50 хувиа хийгээд инээгээд нутагтаа очьё гэж бодож байгаа юм байна гэж ойлгож болохнээ дээ? 16 жилийн өмнө нулимстай нутгаасаа гарч байснаа эргэн санахад юу бодогдож байна даа.

- Бид 6 лаа 15-17 насны хүүхэд байж дээ, гэр орноосоо хол явж үзээгүй япон гэдэг улсыг хөгжилтэй сайхан гэдгийг хальт мултхан гадарладаг байж билээ. Одоогийн 16 17-той хүүхдүүд бидний үеэс өөр, биеэ даах чадвар төлөвшсөн, дэлхий орчны мэдээлэл өргөн, зах зээлийн амьдрал ухааны зах цухаас гадарладаг болсон байх л даа. Тэгэхдээ л хүүхэд шүү дээ? 16 жилийг өмнө энд ирэхдээ монголд ирээдүйд сумогийн тойргийн барилдаан болно гэж бодоо ч үгүй зүүдлээ ч үгүй хурдхан гэрээт 3 жил нь дуусаад монголдоо буцья гэж бодож байсан. Энэ удаа 33 монгол бөхчүүд бас макүнo-үчи тойргийн бүх цолтой бөхчүүд монголд минь очно тэгэхлээр инээгээд очно шүү дээ.

Ний нуугүй хэлэхэд зүүд нойрондоо эцэг эх, гэрээ орноо зүүдэлж санаж сургууль дэвжээнээсээ өргөж бусгаж байж билээ. Адгийн наад зах нь сумогийн нарийн амьдрaлыг заагаад өгөх нутаг нэгтэн байгааүй л дээ. Уйлаад ирж байсан болохоор л бид бүгд өнөөг хүртэл байгаа шүү дээ. Том том юм яриад онгироод байсан бол өдийд бид энд байхгүй байсан ч байж магадгүй. Манай мэргэн ард түмэн минь хэлдэг бэрхшээлийг ярьж туулдаггүй үүрч туулдаг гэж сумогийн амьдрал хүнд хэцүү энэ тэрээ гэсэн яриа монголчуудын дунд нэлээн тархсан, бэрхшээлгүй юм гэж үгүй шүү дээ. Энэ бэрхшээл түр зуурын зүйл болов уу бас хувь хүнээс шалтгaалах болов уу гэж боддог. Миний хувьд олон түмний хайр ивээл, түшиг тулгуур буяныг мартаж болохгүй. Тэр хэмжээгээр надад ноогдох үүрэг их гэдгийг мартахгүй байхыг хичээдэг дээ.

- Саяхан Монголын сонгуулийн талаарх мэдээ мэдээлэл японы зарим нэг хэвлэл мэдээллээр цацагдсан. Энэ нь монголд сумогийн барилдаан зохиоход ямар нэгэн байдлаар нөөлөөлж магадгүй гэсэн яриа гарсан. Энэ талаар өөрөө юу гэж бодож байна вэ?

- Мэдээж санаа зовж л байсан. Бидэнд монголд болох тойргийн барилдааны талаар холбооноос төлөвлөгөөний дагуу болно гэдгийг мэдэгдсэн. Уулзсан хүн бүхэн л танай монголд юу болоод байна гээд л түмэн асуултаар булж байсан, одоо гайгүй болсон л доо. Эрдэнэт хүний халуун амь үрэгдсэнд л их харамсч байна. Монголд тойргийн барилдаан өндөр зохион байгуулалттай үзэгч түмнээ баясгасан сайхан болно гэдэг эргэлзэхгүй байгаа.
 
- Өөрийг чинь японы иргэн болсон талаар элдэв янзын таамаг яриа нэг хэсэг гарсан энэ тухайгаа тодруулж өгөөч?
 
- Шувуу ч тэр өсч өндийгөөд үрээ орхин нисдэг. Эр хүн насанд хүрээд хэзээ нэгэн цагт аавын гэрээс өрх тусгаарладаг. Хүн шувуу xoёp өссөн гэр нутгаа үргэлж санаж сарвайж эргэж тойрч байдаг, түүний нэг нь нүүдлийн шувуу шүү дээ.
Би монгол гэдэг эцгийн гэрээс эрийн цээнд хүрээд өрх тусгайрлан япон гэдэг хадамтай боллоо гэж ойлгодог. Энд хүмүүс намайг Монголын Цэвэгням Кёкүтэнхоо л гэж хэлэхээс Японы Цэвэгням гэж хэлдэггүй шүү дээ. Намайг ирээдүйд дэвжээний багш болох санаатай Япон иргэн болсон, Оошима багшийнхаа охинтой сууж дэвжээ залгамжлах гэж байгаа энэ тэр гээд ор үндэсгүй зүйл Монголын зарим нэг хэвлэл мэдээллээр тарсан байсан юу бичих нь тэдний асуудал үндэслэлтэй эргээд унах эзэнтэй л юм бичээсэй л гэхээс өөр юу гэхэв дээ.
Аль улсын иргэншилтэй байх нь хамаагүй болов уу, харин сэтгэл зүрх юуны төлөө цохилж байгаа нь чухал байх. Зодог тайлаагүй барилдаж байгаа би тэтгэвэрт гарах болоогүй багшийгаа амаараа тэтгэвэрт гаргаад дэвжээгий нь би залгана гэж яриагүй, тийм дүрэм журмаа алдсан зүйл гэж байх шүү дээ. Ерөнхий жишигээс хүмүүс түүхий мэдээлэл таамаг хийж Цэвэгням дэвжээндээ одоогоор тэргүүлэх цолтой дэвжээгээ залгамжилна гэж л ярьж байгаа болов уу.
Мэдээж надад тийм боломж байгаа, одоогоор энэ тухай бодохгүй байна. Дахиад хэдэн жил барилдах л санаатай байна даа. Миний гэр бүлийн хүн манай багшийн охин биш шүү гэдгийг дашрамд хэлье. Манай багш охингүй л дээ. Би Налайхын ард түмэн, төр засагтаа үнэхээр их баярлаж явдаг. Намайг Японы иргэн болсон ч өссөн төрсөн Налайхчууд минь гавьяат тамирчнаар тодорхойлж дэмжиж төрийн хүндтэй шагналыг олгосон. Гол нь шагналдаа биш надад итгэл хайраа хайрлаж байна гэж би ойлгосон. Налайхчуудад чадах чинээгээрээ туслах санаа их байдаг ч тэр болгон санаагаар болохгүй л юм. Манай налайхчууд хөдөлмөрч шүү .

- Налайхаас амьдрал хэцүү хэдэн хүүхдийг энд хэсэг хугацаагаар сургасан байхаа.

- Цөөхөн хэдэн хүүхдийг энд 3 жил орчим дунд сургуульд сургахад нь тусалсан дахиад тийм боломж олдохгүй л байна.

- Өөрөө Найлахчууддаа тодорхой хэмжээгээр анхаарал тавьж тусалдаг ч энэ тухайгаа ер нь нэг их ярихгүй юмаа даа. Ер нь үг цөөнтэй бүрэг хүн юмаа даа?
 
- Боломж гарвал ямар нэгэн байдлаар Налайхчууд, Монгочууддаа тусалья гэж боддог. Би сэтгэлээрээ хийсэн ганц нэг зүйлээ яриад зарлаад байж чадахгүй л дээ. Тийм шаардлага ч байхгүй. Эцэг эхийн олгосон хүмүүжил гэхүү дээ төрлөхийн зан чанар ч гэхүүдээ нэг их ярихгүй л дээ тэгэхдээ заримдаа сайхан буу хална шүү дээ.

- Өөрийн чинь үеийн бөхчүүд тун цөөхөн болж дээ ?

- Уг нь би насаар залуу ч бөхчүүдийнхээ хувьд ахмадад орж байна даа. Миний үеийн макүнo-үчийн бөхчүүд гарын 10 хуруунд чөлөөтэй тоологдох болов уу, тоолж үзээгүй л дээ. Ихэнх нь зодог тайлсан байх шүү. Өөрийгөө нэг их ахмад хөгшин гэж боддоггүй шүү. Тухайн спортоос хамааран тамирчны амьдрах орон зай өөр өөр шүү дээ. Ер нь амжилт гаргахгүй бол ямарч залуу тамирчин зодог тайлах нь спортын ертөнцийн бичэгдээгүй хууль болов уу, амжилт гаргаад байвал насаар залуу ч тухай спортын ертөнцдөө ахмад болдог нь ч бас бичэгдээгүй хууль юм даа.

- Батбаяр кёкүшюүзаан энэ удаагийн сонгуулиар УИХ гишүүнээр сонгогдлоо. Хамт барилдаж байсны хувьд өөрийнхөө сэтгэглээс хуваалцна уу?

- Юуны өмнө дахин баяр хүргье гэж хэлмээр байна. Бид анхны сумочид нэг дээвэр доор багаасаа амьдарч нэг тогооноос олон жил хооллож ирсэн. 2 жилийн өмнө Батбаяр маань эрүүл мэндийн байдлаас шалтгаалан зодог тайлсан, уг нь одоо ч хүртэл барилдаж байх хүч чадал байсан болов уу даа. Энхбат маань өнгөрсөн жил зодог тайлсан. Бид байнга холбоотой байдаг.
Хүн бүрийн зорилго амьдрал өөр, миний найз нар хэн нь чиг ялгаагүй сайн сайхан яваасай байгаасай гэж жирийн хүмүүсийн нэгэн адил би боддог. Батбаяр надад сонгуульд нэрээ дэвшүүлнэ гэж ярьж байсан л даа. Харин аль намаас нэр дэвшүүлэх хүсэлт гаргах зэргээ тодорхой хэлээгүй өндөр хариуцлагатай ажилд амжилттай ажиллана гэдэгт итгэж байна, ард нь олон түмэн харж байгаа шүү дээ.

- Жилийн өмнөх Нагояагийн барилдаанд жюүрёо тойрогт барилдаж байсан энэ жил макүну үчи тойрогт зодоглож байна сумо сонирхоч монголчууд маань өөрийн чинь жюүрёод унасан талаар янз бүрийн oйлголттой байдаг. Энэ талаар тодруулж яриач.
 
- Товчхон хэлэхэд өнгөрсөн жил нагояагийн барилдаанд жюүрёод барилдсан шалгтгаан өөрөөс минь болсон болов уу сумогийн холбооны дүрэмд бөх машин барихыг хориглосон байдаг юм л даа, манайхан монголоос ирээд угтаж авч буулгачихаад гэрэлэн дохио дээр зогсож байгаад тормосноос хөлөө салгатал том машин энгергээрээ хөдлөөд өмнө байсан машины ардаас үл мэдэгдэх төдий л тулсан, би ч тормосоо хурдан гишигэсэн хүн болон машины гэмтэл сэв юуч гараагүй л дээ. Үүний өмнө манай Сумогийн Холбоонд иймэрхүү асуудал гараад манай багш холбооны тэргүүлэгч гишүүний хувьд зөрчил гаргасан нөхөрт нэлээн хүндхэн шийтгэл өгсөн юм билээ л дээ, түүний дараахан би орооцолдсон юм даа, холбооны тэргүүлэгчид миний асуудлыг хөнгөн гэж үзсэн ч багш маань үл зөвшөөрч би бүтэн 1 сар барилдах эрхээ хасуулж гэр дэвжээний хорионд орсон, тэгээд л чансаа унаад жюүрёо руу ниссэн дээ. Үнэн гэвэл ийм л байна даа.
Арми байлдагчаас эхэлдэг гэдэг, бөх гэвэл цолтой цолгүй хамаарахгүй тогтмол барилдаж байгаа хүн тус бүрээс, ниийгэм ч ялгаагүй хувь хүнээс, өрх гэр бүлээс бүрэлдэн тогтдог юм байна гэдгийг надад 16 жилийн сумогийн амьдрал ойлгуулсан.
Өнгөрсөн 16 жил бидэнд их зүйлийг өгсөн гэж боддог.
Биднийг үдэж итгэл найдвараа тавьсан та бүхэндээ бид 6 лаа биш 33 лаа тэгэхдээ 2 талын жигүүрийг монгол аваргууд тэргүүлж эх нутагтаа барилдахаар очно. Анх биднийг үдэн гаргаж үнэтэй сургамжаа хайрласан олон сайхан буурлууд, ах, эгч нар минь өнгнөрсөн он жилүүдэд хорвоогийн мөнх бусыг үзүүлж биднээс салан одсон ч бидний зүрэх сэтгэл хамт байгаа гэдгийг үр, ач нарт нь хэлмээр байна. Эрүүл саруул байгаа ах, эгч, буурлууддаа аж жаргалыг ерөөе, бид удахгүй монгол доо уулзана.

- Барилдааны дундуур ярилцсан танд баярлалаа амжилт хүсье.

- Зүгээрээ Таньд ч бас баярлалаа.

Ярилцсан В.Даваа
2008.7.17 Нагояа, Япон

  • Бичсэн tamga
  • Үзсэн: 2734

Бүлэг: Ярилцлага

Баруун Европын багуудыг балиашигладаг

Их намын ерөнхий нарийн бичгийн дарга, хуульч Э.Батбаярыг “Спортод элэгтэй хүн” буландаа урилаа.

-Гадаадад буй монголчуудын хамгийн их зочилдог вэб сайтуудын нэг бол www.tsahimurtuu.mn билээ. Таныг энэ сайтын спортын буланг эрхлэн явуулдаг байсан гэж сонссон...
-Миний бие 2002-2005 оны хооронд Кубаны их сургуульд аспирантурт суралцаж байсан юм. Тэр үед хичээлийнхээ чөлөө заваар www.tsahimurtuu.mn вэбийн спортын буланг хөтөлдөг байлаа. Крикетээс бусад бүх спортын талаар л бичдэг томоохон спортын булан байсан шүү. Ялангуяа сүмог өдөр өдрөөр нь тоймлож нийтэлдэг байсан. Тэр үед ямар одоогийнх шиг шууд интернэтээс татаад үзчих боломж байсан биш. Тийм ч болоод тэр үү манай сайтад гадаадад байгаа монголчууд их ханддаг байсан. Хамтран бичигчид гэвэл “Таван цагариг” сонины АНУ дахь сурвалжлагч Ц.Энхтүвшин, Япон дахь сурвалжлагч М.Сугар-Эрдэнэ, Англи дахь сурвалжлагч Б.Цагаанбаатар болон Батбаяр, Баянмонгол, Д.Цэрэнбат, “Спортын цонх”-ын Л.Олонбаяр нарын залуус байсан.

-Харамсалтай нь тус сайтын үйл ажиллагаа сүүлийн үед зогсонги байдалд орчихоод байгаа?
-Тийм ээ, амьд биш болсон. Энхтүвшин, Сугар-Эрдэнэ нар л хааяа нэг юм бичих төдий байгаа. Миний хувьд гэвэл ажил их, цаг зав муутай болсон. Долоо хоногтоо арай гэж ганц мэдээ бичиж байх шив.

-Ингэхэд спорттой хэрхэн холбогдсон тухайгаа сонирхуулаач. Ямар спортоор хичээллэж хэр зэрэг амжилт гаргаж байв даа?
-Багадаа спортын гимнастик, уран сайхны гимнастикаар хичээллэж байсан. Харин дунд ангидаа “Варьете” чуулгын байранд Н.Бүргэдаа багшийн хичээллүүлдэг чөлөөтийн секцэнд явдаг байлаа. Бас жүдо барилдаад хүртэл авсан. Манай 6-р сургууль хэзээнээс улсдаа хөлбөмбөгөөр гайгүйд тооцогддог. Тийм учраас хоккей, хөлбөмбөг их тоглоно. Гэхдээ хичээл номоо ч орхигдуулдаггүй байсан болохоор хөлбөмбөгийн тэмцээн уралдаанд орохоосоо илүү физик, математикийн олимпиад гээд явчихна. Нээрээ 8-14 нас хүртлээ зуныхаа амралтыг Гачууртад өнгөрөөж, хурдны морь унасан юм байна. Төрсөн дүү Хосбаяр маань 1987 оны улсын наадамд унасан даагаа гуравт хурдлуулж байсан удаатай.

-MN-25 дугаар сувгийн “Хет-трик” нэвтрүүлэгт аман хүзүүдэж байсан санагдана?
-25 дугаар сувгийн спортын нэвтрүүлэгч Э.Энхтөр “Хет-трик” хэмээх спортын асуулт хариултын нэвтрүүлгийг 1998 оноос хийж эхэлсэн юм. Их сургуулийнхаа хоёр найзыг аваад нэвтрүүлэгт орлоо. Олон үе шатыг давсаар хамгийн сүүлд “Таван цагариг” сонин, Монголын волейболын холбооны багтай шигшээ тэмцээнд тунаж үлдсэн. Аваргын төлөө “Таван цагариг” сонины багт ганцхан оноогоор ялагдсан юм.

-Гэрт чинь спортын сонин, сэтгүүл овоолгоостой байдаг байлгүй?
-Оросын “Советский спорт”, Унгарын “Штадион” зэрэг сэтгүүл, сонинг боломжийнхоо хэрээр цуглуулдаг байсан. Даанч арван жилийн хүүхдэд мөнгө хаанаас байнга олдоод байх билээ дээ.
Харин “Таван цагариг” сониныг анх 1995 онд гарахаас нь цуглуулж эхэлсэн. Гэвч заримдаа гадагшаа явахад цуглуулахад хүндрэлтэй болдог. Дээр нь хүмүүс гуйж аваад буцааж өгөхгүй.

-Хөлбөмбөгийн ДАШТ-ийг хэзээнээс эхлэн үзэв. Хаанахыг дэмждэг вэ?
-1986 оны Мексикийн дэлхийн аваргаас хойш тасралтгүй үзсэн. Ялангуяа 1988 оны Европын аваргыг анх удаагаа шууд үзсэн маань санаанаас гардаггүй. Английн шигшээ багийг хорь гаруй жил балиашиглаж байна. Харамсалтай нь хайртай баг маань намайг ганц ч удаа баярлуулсангүй дээ. Уг нь Английн шигшээ үеийн үед л сайн бүрэлдэхүүнтэй байсаар ирсэн. 80-аад оны сүүлчээр Гари Линекер, 90-ээд оны дунд үеэс Алан Ширер, хожим Майкл Оуэн, Дэвид Бекхэм нар гарч ирсэн. Клубийн хувьд “Ливерпуль”-ийг дэмждэг.

-Таны сүмогийн маш гүнзгий мэдлэгтэй гэж сонссон?
-Анх NHK-гээр гарахаас нь эхлээд үзсэн. Сүмогийн талаар олон нийтлэл бичиж байсан шүү. Сүмо гэснээс үүнтэй холбогдуулаад Монголын спорт, үндэсний бөхийн талаарх бодлоо хэлмээр байна. Үндэсний бөх дүрмээ өөрчлөхгүй бол болохгүй нь. Хүмүүс монгол бөхийг спорт уу, зугаа цэнгэл наадам уу гэдгийг нь мэдэхээ больсон. Одоо үндэсний бөхийг 3-4 цагаар үзээд суудаг завтай хүн алга болж. Сүмог шиг олон улсын тавцанд гарах гэж оролдох нь ч хаашаа юм. Гэхдээ гадаадынхныг барилдуулдаггүй юмаа гэхэд монгол гарал угсаатай үндэстнүүдийг яагаад наадамдаа барилдуулж болохгүй гэж. Дээхэн үед Тувагийн А.Монгушийг хавчсаар байгаад барилдуулаагүй.

Харин бокс, жүдо, чөлөөт бөхийнхний менежмент гайгүй болоод байгаад баярлаж сууна. Нэг хэсэг болсон болоогүй улс төрчдийг ерөнхийлөгчөөрөө сонгож, үндэсний бөхөөр амжилт гаргаж байсан ахмадуудаар шигшээгээ удирдуулж байсан. Гэтэл өнөөдөр эдгээр холбоодыг сайн менежер удирдаж байна. Ингэж байж л спорт хөгждөг жамтай.

Ингэснээр боксчид маань сүүлийн үеийн түүхэндээ хамгийн олон буюу дөрвөн олимпийн эрхийг авлаа. Ер манай тамирчид олимпийн наадамд оролцох эрх олгодог болсноос хойш хамгийн олон хүний бүрэлдэхүүнтэйгээр “Бээжин-2008”-д оролцоно гэж бодож байгаа.

-Тамирчдаас дотно нөхөрлөдөг хүмүүс бий юу?
-Тамирчид гэхээсээ спортын сэтгүүлчидтэй их ойр дотно байсан. Нэг хороололд өссөн болоод ч тэр үү боксын Д.Лхагва, Ж.Наранцогт нартай сайн найзууд. Лхагва боксын дэлхийн аварга цолыг хоёр ч удаа хүртэж, монгол хүн мэргэжлийн спортод ямархуу амжилт үзүүлж болохыг анх мэдрүүлсэн том гавьяатай хүн гэж боддог.

-Та Улсын их хуралд нэр дэвшинэ. Спортын талаар мөрийн хөтөлбөртөө тусгасан уу?
-Тэгэлгүй яахав. Ялангуяа нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх талаар төлөвлөгөө оруулсан. Барууных шиг спорт өөрөө өөрийгөө санхүүжүүлдэг системтэй болох хэрэгтэй. Манайд байдал ямар байна вэ гэвэл нэг тэмцээн зохиох гэж аж ахуйн нэгж, компаниудыг царайчилдаг. Эцсийн эцэст үнэгүй юм гэдэг түүн шигээ л чанартай байдаг. Одоо гадаадад 200 мянга орчим монголчууд аж төрж байна. Тэдний үр хүүхдүүд зөв орчинд, зөв системээр хичээллэвэл ирээдүйд “Манчестер Юнайтед”, “Милан”-д тоглох тамирчид гарч ирэхийг үгүйсгэх аргагүй. Үүний тод жишээ бол сүмочид.

-Шүтэн биширдэг тамирчин гэвэл?
-Хөлбөмбөгчдөөс алдарт Гари Линекер миний шүтээн. Хэрэгтэй үед чухал газарт байж чаддаг жинхэнэ довтлогч хүнд байх ёстой чанарыг тэрбээр эзэмшсэн. Мөн Л.Армстронг, М.Шумахер байна. Тэдний ямархуу агуу тамирчид болохыг спорт сонирхогчид надаар хэлүүлэлтгүй мэдэж байгаа биз ээ. Монголынхоо тамирчдаас Асашёорюү Д.Дагвадорж, Х.Цагаанбаатар нарыг хүндэлдэг. Тамирчин хүнд зайлшгүй байх ёстой дайчин чанарыг эзэмшсэнээрээ тэд ийм өндөр амжилт гаргаж байна. Авьяаслаг хүн зөндөө ч дайчин чанар, зориггүйгээр хол явдаггүй. Манай чөлөөтийнхөн дээр жишээ авахад л тэд Оросын юм уу хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан орны бөхчүүдтэй таарахаараа шалчийчихдаг. Сая гэхэд л Ч.Ганзориг олимпийн эрх авах сайхан боломжоо алдсанд харамсаж сууна. Хятадын бөхийг 5:0-ээр хожиж явж байгаад дийлдэх гэж дээ. Энэ бол ялах хүсэл эрмэлзэл дутагдсантай л холбоотой. Том мөрөөдөлтэй байж том амжилт гаргана шүү дээ.

-Ямар ямар томоохон тэмцээнийг амьдаар нь үзэж байв даа?
-1996 оны Европын АШТ-д ОХУ-Германы тоглолтыг үзэх завшаан тохиож байлаа. Германчууд бараг 1990 оны ДАШТ-д түрүүлсэн бүрэлдэхүүнээрээ байсан бөгөөд оросуудыг 3:0-ээр хожиж билээ. Би ч угаасаа баруун Европын багуудыг балиашигладаг болохоор эхний гоол ороход баярласандаа маш чангаар хашгирчихсан. Гэтэл баахан оросуудын дунд суучихсан байж. Араас өшиглөж байна шүү. Дараагийн хоёр гоол ороход нь өшиглүүлэхээс айгаад чанга дуугаар хашгираагүй, дотроо л баярлаж билээ.

-Бээжингийн олимпийг үзэхээр төлөвлөсөн байлгүй?
-Үзнэ ээ. Ийм боломж монголчуудад ахиж гарахгүй байх шүү. Тамирчдын хувьд цагийн зөрүү, цаг агаар таарсангүй гэж шалтаглах ямар ч боломжгүй. Гадаадын зарим орнууд хүртэл олимпийн бэлтгэлээ танайд хийе гэж санал тавиад байна шүү дээ.

Танд баярлалаа.

  • Бичсэн tamga
  • Үзсэн: 2627

Цахим Өртөө Сүлжээнд элсэх

  • Өртөөний сүлжээнд элсэх

tsahim_urtuuХэрэв та Монгол Туургатны Цахим Өртөө Сүлжээнд элсэхийг хүсвэл: http://groups.google.com/group/tsahim-urtuu-suljee хаягаар зочилж маш хялбархан бүртгүүлж болно. Та Гүүгл суурьт энэхүү сүлжээнд имэйлээ бүртгүүлснээр манай сүлжээний гишүүн болно.

 

Image Temp

Энэ хуудас нь Цахим Өртөө сүлжээний нийт гишүүдийн хамтын бүтээл байх бөгөөд ажил хэргийн санал болгоныг вэбийн хамтлаг тухай бүр нь тусган энэ хуудсанд оруулж байх болно. Хамтран ажиллаж буй, ажиллахаар зэхэж буй таньд баярлалаа.

Newsletter