196-р сар2018

Бүлэг: Ярилцлага

Ф.Тэцүро: Монголчуудад байгалийн арвин баялагаа хайрлаж яваарай гэж захимаар байна

Японы Гадаад хэргийн дэд сайд Фүкүяма Тэцүро нь Киотод төрж өссөн,  47 настай,  Парламентын Зөвлөхүүдийн Танхимын залуу гишүүдийн нэг юм. Ардчилсан намаас сонгогдсон эрх баригч хүчнийхэн дотроос Монголыг хамгийн сайн мэддэг, манай улстай байгаль орчны салбарт хамтран ажилладаг түүнтэй МОНЦАМЭ агентлагаас япон хэлээр эрхлэн гаргадаг "Монгору цушин" сонины Япон дахь сурвалжлагч Нүноүра Масаяагийн хийсэн ярилцлагыг орчуулан хүргэж байна.

-Таны парламентын гишүүн болсон шалтгаан юу вэ?

-Би “Дайва” үнэт цаасны компанид ажиллахын хажуугаар Мацүшитагийн улс төр эдийн засгийн сургуульд сурч байхдаа байгаль орчны асуудлыг сонирхдог байсан юм. Улстөрч болох хүсэл байгаагүй боловч  1995 онд Осака, Кобэ зэрэг хотод болсон томоохон газар хөдлөлт, метронд болсон хийн халдлагын үед шинээр үүсгэн байгуулагдсан нам “Сакигакэ”-аас надад улс төрч болох санал тавьсан юм. Би ч үзэгчийн суудлаас улстөрийг харж байснаас талбайн голд тоглогч болж, элдэв халдлагаас урьдчилан сэргийлэх, байгалийн гамшгийг хохирол багатай туулах чиглэлд хувь нэмрээ оруулахыг илүүд үзсэн.Тухайн үед Киотод эрх баригч нам хүчээ авч байсныг хэлэх үү, ажлаасаа гараад, ганц микрофоноор суртчилгаа явуулж олны итгэлийг хүлээнэ гэдэг амаргүй амаргүй байлаа. Гэсэн ч парламентын Зөвлөхүүдийн танхимын хоёр ч удаагийн сонгуульд ялалт байгуулж өнөөг хүрлээ.     

-Сайдаар томилогдсоны дараах үеэс амьдралын тань хэв маягт ямар өөрчлөлт орсон бэ?

- Маш завгүй болдог юм байна.Гадаадын төлөөлөгчтэй уулзах, яриа хэлэлцээ хийх, Гадаад хэргийн яамнаас зохион байгуулдаг чуулга уулзалтаас гадна, шинэ Засгийн газрын танхимдаа ажиллах, Гадаад хэргийн сайд Окадагийн түшиг тулгуур болон төсвийн харилцаа, олон улсын хамтын ажиллагаа гэх мэт чухал шаардлагатай асуудал бүрийн гүнд орж ажиллах гээд олон зүйлийг амжуулах хэрэгтэй байдаг. Мөн миний бие цаг уурын өөрчлөлтийн асуудлыг хариуцдаг тул сая л гэхэд  Америкийн цаг уурын өөрчлөлт хариуцсан албан тушаалтантай ярилцан мэдээлэл солилцож хамтран ажиллахаар боллоо. Гэхдээ чөлөө зав багатай  хэдий ч дэд сайдын ажлыг хариуцлагатай, нэр төртэй хашихыг эрмэлзэж явна.

-Байгаль орчны салбарт хамгийн тулгамдаж буй асуудал юу вэ? Энэ талаар цаашид ямар байр суурь баримтлах вэ?

Байгаль орчин бол нэн тэргүүний сэдэв юм. Гэхдээ бодит амьдрал дээр байдал сайнгүй байна. Цаг уурын хэвийн бус үзэгдэл газар тариаланд хохирол учруулж байна. Үүний эсрэг авах арга хэмжээгээр дамжуулан иргэдийн амьдралын хэв маягийг өөрчилж, дэд бүтцийг сайжруулах шаардлага тулгарч байна.  Мөн цаг уурын дулааралтай тэмцэж чадахуйц бодлого боловсруулж, даруй хэрэгжүүлэх, үр дүнг нь дээшлүүлэх зайлшгүй  шаардлага тулгараад байгаа учир бид энэ чиглэлд нэлээд идэвхтэй ажиллаж байна.

-Таныг Монгол улстай нэлээд ойр дотно ажилладаг гэж соиссон. Яг ямар салбарт үйл ажиллагаа явуулж байна вэ?

-Монгол Улстай холбогдсон маань ч цаг уурын өөрчлөлттэй холбоотой юм. 2001 онд Монголын Байгаль орчны сайд Японд айлчилж эрх баригч болон сөрөг хүчин, Засгийн газрын гишүүдээс бүрдсэн яриа хэлэлцээ хийсэн юм. Дэлхийн уур амьсгалын өөрчлөлт, дулаарлын улмаас цөлжилт даамжирч, Монголын олон зуун гол горхи ширгэж, ой хээрийн түймэр их гарах болсноос энэ улсын мал аж ахуйд аюул учраад байгаа талаар тэд ярьж байсан. Энэхүү нөхцөл байдлыг сонсоод монголчуудад тусламж дэмжлэг үзүүлэхээр газар дээр нь ирсэн. Бодит байдал үнэхээр санаа зовоож байсан. Бид хөдөөгүүр явж, ус нь багассан гол нууруудыг харж, хүн амьдрах боломжгүй болсон багууд дээр ч очсон. Улаанбаатарт шилжин ирсэн хөдөөгийн иргэдийн амьдарч буй гэр хорооллоор явж хүүхдүүдтэй уулзахад ч амьдрал сайнгүй байгаа нь ажиглагдсан. Энэ бүхний цаад шалтгаан нь байгаль орчны доройтол, дээрээс нь байгальтай зүй бусаар харьцаж буй хүний үйл ажиллагаа нөлөөэлж байна. Үүнээс хойш энэ оронд хэд хэдэн удаа айлчилж, энэхүү сөрөг нөлөөллийг бууруулахад чадах ядахаараа дэмжлэг үзүүлж байна. Тухайн үед зааварчилгаа өгсөн хүн нь одоогийн ерөнхий сайд Хатояма байсан юм байна.

-Гадаад хэргийн дэд сайдын хувьд Таны хэтийн зорилт юу вэ?

-Ерөнхий сайд Хатояма   НҮБ-д тавьсан илтгэлд дурдсаны дагуу байгаль орчин, цөмийн зэвсэг, ядуурал, мөн Япон-Америкийн асуудал, Япон-Хятадын харилцаа гэх мэт янз бүрийн тулгамдсан зүйл байгаагаас Япон улс дунд болон урт хугацааны турш дэлхийн улс хоорондыг холбох гүүр болох ёстой. Үүний тулд Гадаад хэргийн сайд Окадаг дэмжин, Японы гадаад харилцааны итгэлцлийг сайжруулснаар одоо л Японы гадаад харилцаа нь төрийн удирдлаган дор ажиллаж эхэллээ. Ингэснээр дэлхийн хэмжээнд үнэлэгдэж чадахуйц улс орныг бий болгох зорилтдоо хүрэх алхам болж байна. Бид энэхүү томоохон оролдлогын гараан дээр ирчихээд байгаагийн хувьд үүнийгээ цаашид улам өргөжүүлж, хойч үедээ холбож өгөх тийм гадаад харилцааг бий болгохоор зорьж байна.

-Япон, Монгол Улсын хоорондох эдийн засгийн хамтын ажиллагааг Та хэрхэн дүгнэж байна вэ?

-2009 онд Ерөнхий сайд асан С.Баяр Япон дахь айлчлалын үеэр иж бүрэн түншлэлийг бий болгож эрдэс баялаг болон худалдааны хөрөнгө оруулалтыг хөгжүүлэх талаар хоёр улс тохиролцсон билээ. Төр болон хувийн хэвшлийн хамтарсан чуулга уулзалтууд зохион байгуулж байгааг бодитой үр дүнд хүргэхийн тулд хичээн ажилламаар байна. Монголын тал аль болох Японы талаас даацтай хөрөнгө оруулалт татах орчинг нэг өдрийн өмнө ч бай гэсэн бүрдүүлээсэй гэж хүсч байна.

Эдийн засгийн хамтын ажилгааны хэлэлцээр хийх боломжуудыг эрж хаймаар байна. Цаашид Монгол Улстай харилцах харилцааг аль болох олон чиглэлд бататгах, эдийн засгийн хамтын ажилгааны хэлэлцээрийг хамруулан хичээж ажиллах бодолтой байна.  Иений зээл олгох болон бусад тусламжийг төрөл бүрийн хэлбэрээр  хослуулж Монгол Улстай хийх эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх бодолтой байна.

-Монголын ард иргэдэд хандаж үг хэлнэ үү?

-Монголын онгоцны буудалд анх буугаад гаалийн шалгалтаар монгол хүн гэж андуурагдаж байсан зэргийг бодоход Монгол Улс  надад маш элгэмсэг дотно санагддаг. Монголын сайхан байгаль, арвин их баялагаа монголчууд та бүхэн хайрлаж, хамгаалж яваасай гэж хэлмээр байна. Улс төрийн тогтвортой байдал, хөрөнгө оруулалтын орчинг бүрдүүлж  Япон улстай харилцаагаа улам бүр хөгжүүлэх нь зүйтэй санагддаг. Мөн залуу үеийнхэндээ япончуудыг ойлгуулж, энэ улсад дуртай, элэгтэй болгон хүмүүжүүлэх нь цаашид манай хоёр орны хөгжил, хамтын ажиллагаанд ихээхэн хувь нэмэр оруулна гэдэгт итгэж явдаг.

  • Бичсэн Цахим Өртөө Холбоо
  • Үзсэн: 1754

Бүлэг: Ярилцлага

‘Алтан ураг’ хамтлагийн ахлагч Б. Эрдэнэбат: цаашид өөрсдийн хөө уран бүтээлийг дэлхийд хүргэх зорилготой байгаа.

Ярилцсан Ж. Өнөрмаа. Лондон хот - www.mongolchuud.co.uk

‘Монгол’, ‘Хадаг’ киноны хөгжмийг хийсэн, дэлхийд Монгол Улсынхаа нэрийг мандуулж яваа, үндэсний фолк рок урсгалаар уран бүтээлээ туурвидаг ‘Алтан Ураг’ хамтлаг Лондонд ирэх болсонтой холбогдуулан тус хамтлагын ахлагч Б. Эрдэнэбаттай цөөхөн хором хөөрөлдлөө.

Хамтлагаа танилцуулж, анх яаж байгуулагдсан түүхээсээ хуваалцана уу? Юу хийж бүтээв? Цаашид ямар төлөвлөгөөтэй ажиллаж байна вэ?

Нэг ангийн залуучууд бид Монголынхоо ардын урлагыг хөгжүүлэх зорилготойгоор 2004 онд хамтлагаа байгуулсан. ‘Хадаг’, ‘Монгол’ гээд хоёр киноны хөгжмийг хийлээ. Одоогоор нийтдээ дөрвөн CD гаргасан байгаа. Удахгүй шинэ уран бүтээлийнхээ гурван CD-г гаргана. Бид Монголын рок поп урлагын Пентатоник наадмаас Шилдэг хөгжмийн аяс, UBS Video Award-ийн Шилдэг санаа төрлөөр шагнал авч байсан. Цаашид өөрсдийнхээ уран бүтээлийг дэлхийд хүргэх зорилготой байгаа.

Ямар зорилготой, хэзээ Лондонд ирэх гэж байна вэ?
South Gobi Energy Resources компаний сурталчилгааны ажлаар Хонк Конг, Лондон, Нью-Йорк гэсэн маршрутаар явж байгаа. Лондонд байх хугацаандаа сурталчилгааны зорилгоор Монгол болон гадаад фэнүүддээ сюрприз барьж Английн алдартай хамтлагууд тоглодог The Restless Garage клубт нэг удаа тоглоно.

Сергей Бодров болон Монгол киноны уран бүтээлчидтэй ажиллахад ямар байсан бэ? Хөгжилтэй сонин явдлууд тохиолдож байв уу?
Сергей Бодров биднийг нэг пабанд тоглож байхыг хараад ‘Монгол’ киноны хөгжим хийх саналыг шууд тавьсан. Тийм том алдартай уран бүтээлч санал тавьсан тул бид шууд зөвшөөрсөн. Тэгээд ч бид маш их хариуцлага үүрч байгаагаа ойлгож байсан бөгөөд өөрсдийгээ харуулсан сайн уран бүтээл хийхийг хичээсэн. Хөгжилтэй гэхээсээ илүү тэр хүнтэй хамтарч ажиллах нь бидэнд нэр төрийн хэрэг байлаа.

Монгол ардын урлагын тухай ямар бодолтой явдаг вэ? Залуу үеийн төлөөлөл болж байгаа хамтлагын хувьд энэ тал дээр ямар өөрчлөлт шинэчлэл хийе гэж төлөвлөж байна?
Монголын ардын урлаг бол маш гайхамшигтай бас өвөрмөц урлаг. Гэхдээ одоогоор нэг хэвийн байдалтай, тэрийг нь голдуу настай хүмүүс ойлгодог, бас сонсдог болохоос биш залуучууд зөвхөн символ буюу бэлгэдэлийн чанартай хүлээн авч байгаа бөгөөд үндэсний баяр болох цагаан сар, наадмын үеэр л эгшиглэдэг аялгуу дуу хөгжим гэсэн ойлголттой, энэ талаас нь бас сонирхдог. Харин бид энэ буруу ойлголтыг эвдэхийн тулд тэдний сонирхдог орчин цагийн рок урсгалтай холбосоноор залуучууд ардын урлагыг сонирхдог болж байна.

Цаашид Монгол урлагаа төлөөлөн сурталчилах ямар ажил хийх бодолтой байгаа вэ?
Өөрсдийгээ болон Монголынхоо ардын урлагыг орчин цагт яаж хөгжиж буйг дэлхийд харуулахын тулд залуу насныхаа эрч хүчийг дуустал хичээнэ гэж бодож байгаа.

Их баярлалаа. Та бүхэнд уран бүтээлийн өндөр амжилт хүсье.

  • Бичсэн tserenbat_d
  • Үзсэн: 2740

Бүлэг: Ярилцлага

“Хэцүү анги” киноны зохиолч А.Амарсайхан: Над руу нэг хүн Нарантуяаг огцрууллаа гэж үнэнээсээ уурласан

Арилжааны телевизүүдийн мэдээллийн хурд, шоу нэвтрүүлгийн сүрд дарагдаад байсан Монголын үндэсний телевизийг монголчууд маань дахин үзэж эхэллээ. Найман настай балчраас наян настай буурал хүртэл амтархан үзэж буй “Хэцүү анги” 60 ангит уран сайхны киноны зохиолыг бичсэн, шог зураач А.Амарсайхантай ярилцлаа. Тэрбээр

Алтайн сүрлэг уулсын хормойд унаж, хутга шиг шовх хөх чулуудад өвдгөө шалбалж өссөн нэгэн ажгуу. Хошин зохиол сараачиж, шог зураг эрээчин сар жилийг умартан суухуйд, уугуул нутаг Есөнбулагийнх нь рашаан арвантаа харзалж, Олон нуурын дэрснээ хун галуу хоринтоо чуулсан энэ зуурт "Цахиур Төмөр" сонин, "Алтай" телевиз, "Тоншуул" сэтгүүл, Хэвлэлийн хүрээлэн, "Сэтгүүлч" коллеж, "Цалиг" студийн ширээг элээсээр яваа Амарсайхан зохиолч маань өдгөө телевизийн дэлгэцнээ хүчээ аваад буй киноны зохиолоо хэрхэн бичсэн тухайгаа, хүн байхын утга учир, хүндлэл даахын жаргал, хөдөлмөрч бүтээлч байхын үр шим, хүүхдийн хүмүүжил төлөвшил...гэх мэт олон зүйлсийн талаар хуучилсан юм.

Киноны санаа хэрхэн яаж төрсөн байдаг вэ?

2007 онд “Вакцин” гээд шог зохиолын наадам бүтэн жил үргэлжилсэн юм. Тэнд уншигдаж байсан зохиолуудыг найруулагч, жүжигчид ирж сонсдог, хамтарч ажиллах хүмүүс хайдаг байсан юм билээ л дээ. Миний бүтээл сар бүр эхний гурван байрт шалгардаг байлаа. Гэтэл оны сүүлийн шалгаруулалт болоход байнд ч үгүй банзанд ч үгүй 4-р байранд орчихсон. Ёстой далаараа тавиуллаа гэж хор шар хөдөлж байлаа. Харин эсрэгээр тэр наадмын дараа надад кино зохиол бичих санал их ирсэн. “Хэцүү анги”-ийн Хажид багшийн дүрд тоглож буй Н.Гантөгс маань Б.Навчаа найруулагчид /киноны Янжин захирал/ намайг хэлсэн байсан. Хэвлэлийн хүрээлэнд багш байх үе юм. Навчаа намайг олж ирж, кино хийе, хөдөөний багш, хотын элит хоёр хүүхдийн зөрчил байх юм гээд санаагаа надад ярьсан л даа. Тэгээд л нүдэнд харагдаад явчихсан. Яагаад гэвэл манай аав ээж хоёулаа багш, би багш нарын орон сууцанд багш нарын орчинд өссөн, хожим нь өөрөө хөдөө суманд ч, аймагт ч, дээд сургуульд ч багшилж байсан, сургууль багш нарын амьдралыг дэндүү мэдэх учраас тэр.
 
Зохиолыг хэр удаан хугацаанд бичсэн бэ?
-Киноны зохиолын хувьд нөгөөх айхтар 7-р сарын 1-ний үйл явдлын үеэр эхний 3 анги бичигдсэн. Навчаа найруулагч барьж гүйгээд МҮОНТВ-ийн хүүхдийн редакци болон дарга нар дээр бариад очсон. Кино хийхээр болчихлоо, их магтаж хүлээж авсан, үргэлжлүүлээд бич гэхээр нь эхний 13 ангийг биччихлээ. Тэгсэн чинь санхүүгийн асуудал хүнд байна гээд болиулчихсан. Зохиол маань бүтэн жил гаруй хадгалагдсан даа. Нэгэнт л зохиолоо бичсэн юм чинь хувийн студитэй тохиролцоод, санхүүжүүлэгч олоод, ямар ч гэсэн хийе гэж Навчаатай ярилцаж байтал МҮОНТВ-ийн захирал Ц.Оюундарь их зоригтой шийд гаргасан даа. Телевизээс гарч байгаа бүх техникийн зардлыг хасаад зуун хэдэн сая төгрөг хэрэгтэй байлаа. Ямар ч л гэсэн санхүүгийн асуудал шийдэгдэж надад 8-р сарын 22-н гэхэд зохиолыг бүрэн бичиж дуусгах үүрэг өгснөөр ажил эхэлсэн дээ.
 
Кино зохиол бичих явцад ямар хүндрэлүүд гарч байв?
Ер нь ийм олон ангитай киноны зохиолыг 2-3 зохиолч нийлж бичдэг, 2-3 туслахтай байж бүтдэг юм билээ л дээ. Гэтэл би ганцаараа үзчихсэн. Дараа дараагийн анги бичих болохоор өмнөх ангиудад гарч байгаа үйл явдал холбогдож хэрэг болно. Сүнжид багш юу гээд хэлчихлээ дээ гээд бодно. Санаанд орж ирэхгүй. Яг детальчилсан байдлаараа хэрэг болоод байдаг. Тэгээд л тэр бүхнийг эргэж хайж олох, унших гэхээр маш их цаг орно. Энэ мэт бэрхшээл мундахгүй л гарч байлаа. Маш шахуу бичигдсэн, бараг л нойргүй сууж байлаа. Эргээд киногоо үзэж байхад мэр сэр алдаанууд бас байна лээ. Кино цацагдаж эхэлсний дараа “Яндаг фильм” студийн захирал Я.Болдбаатар багшдаа би “Та мэр сэр алдаа ажиж байна уу?” гэсэн чинь “Хүн алдаа гаргахгүй байя гэвэл юу ч хийхгүй зүгээр л хэвтээд бай гэсэн үг. Алдаагүй юм хийх гэвэл чи юу ч хийхгүй” гэж хэлээд, маш давгүй болж байна, хөөрхөн кино хийжээ гэж урам өгч байлаа. Монголын хэвлэлийн хүрээлэнд надад сэтгүүл зүй заасан багш, МЗЭ-ийн шагналт зохиолч Д.Батжаргал киноны эхний 10 анги гараад байтал надад хандаж “Кино яасан хурц эхэлж байна аа. Цааш нь энэ эрчээ яаж авч явах вэ гэхээс өмнөөс чинь санаа зовчихлоо” гэж билээ. Ингээд харахаар маш бага хугацаанд бас ч гэж дажгүй сайн зохиол гарч чадсан болов уу гэх урам төрөөд байгаа юм.
 
“Хэцүү анги” кино маань ид дундаа орж байна. Хүүхдийн хүмүүжил, төлөвшил рүү чиглэсэн агуулгатай гэх мэтээр хүмүүс янз бүрээр дүгнэж байна л даа. Ер нь киноны гол санаа нь юу вэ?
Хүн байхын учрыг нь хэлэх гэсэн гэх үү. Хүнээр хүндлүүлэхийн тулд чи бусдыг хүндлэх хэрэгтэй. Захирал шиг Галсан багш шиг чи хүүхдүүдийг хүндлэхгүй бол тэд ч бас адилхан л чамайг хүндлэхгүй. Бүр даамжраад багш нэртэй бүхнийг үзэн яддаг болно. Кинонд гарч байгаа хэцүү ангийнхны Сэлэнгээ багшийг захирал нь халчихсан. Тэр уураа л тэд Сүнжид багшид гаргаад байгаа хэрэг. Киноны гол дүрийн нэг Тэмүүн хүү Сүнжид багшид дургүй юм шиг боловч наанаа л бухимдаад буй хэрэг. Түүний талаар худлаа мэдүүлэг өгчихөөд шөнөжингөө шаналж байдаг. Энэ хүүхдийн зүрхэнд хүн чанар байгааг харуулж буй нь тэр. Сургуульдаа муу хэлэгдэх болсон ангийнхаа нэр төрийг сэргээх гэж хүүхэд бүр л санаа тавьж байна. Нөгөө талаар хөдөөнөөс ирсэн бол хүн биш гэдэг ойлголт бурууг хэлсэн байгаа. Уг удмаа яривал монголчууд бүгд хөдөөнийх. Өөрөө хөдөөнөөс ирсэн хэрнээ, арай хожуу орж ирсэн нэгнээ хөдөөнийх гэж гадуурхах нь хамгийн фарс инээдтэй явдал гэдгийг киноны олон сцен харуулна. Тэмүүний ээж нь өөрөө Дундговийнх хэрнээ хөдөөний хүнийг үздэггүй, үргэлж доош хийж байдаг нь хүүхдэд нь ямар нэгэн хэмжээгээр тусгалаа олсныг харуулаад байна шүү дээ. Гэнэхэн томоогүй хүүхэд сэтгэлгээгээрээ л хот муухай байгаа, байшингийн буланд бохир ялгадас байгаагийн буруутан хөдөөний хүн гэх гээд байна шүү дээ.
 
Мэдээж хэрэг ямар нэг судалгаагүйгээр сайн зохиол, сайн кино хийх хэцүү байх?
Судалгаа бараг бэлэн байсан. Би өмнө хэлсэн шүү дээ. Хэд хэдэн газар багшилж байсан болохоор энэ тал дээр санаа зовоогүй. Ер нь багшийн тухай роман бичихийг боддог байсан л даа. Киноны өмнө олон хүүхэд, багштай уулзаж ярилцсан. Дунд сургуулийн 300-гаад хүүхэдтэй уулзаж тэдний хүсэл мөрөөдөл, ярианы онцлог, хүмүүжил төлөвшлийг анзаарч харсан. "Сэтгүүлч" коллежид элсэлтийн ярилцлага хийж суухдаа хүртэл судалгаа хийж суусан. Хүүхдүүдээс ямар багш таалагддаг вэ, ер нь сүүлийн үед хүүхдүүд ямар дуу сонсож байна, яг юу чиний санааг зовоодог вэ гэх мэтчилэнгээр байнгын судалгаа хийж байсан маань их хэрэг болсон шүү. Хүүхдүүдийн 99 хувь нь хотоо цэвэр байлгах, согтуучуудын асуудлыг яаж шийдэх вэ гэдэг дээр санаа зовж байдгаа хэлж байсан.
 
Хүүхдүүдийн үг хэллэгийг бас судалсан биз?
Би өөрөө багш байхдаа оюутнуудын ярьдаг хэлийг нь тулгуур дохио болгох үүднээс ашиглаж, хошигнох их дуртай байсан. Хүүхдүүд сэргээд ирдэг. Миний ингэж заасан хичээл тэр оюутнуудад 20 жилийн дараа ч дурайтал үг үсэг нэг бүрээрээ сэргэн харагдана гэж би боддог. Хүүхдүүдийн дүрийг гаргаж ирэхийн тулд тэдний хоорондоо ярьдаг хэлийг судлах шаардлага мэдээж хамгийн том зүйл шүү дээ. Хэл шинжлэлийн ухааны зарим нэг эрдэмтэн миний киног үзээд хилэгнэж байгаа сураг дуулдаад байгаа юм. Арван жилийн хүүхдийн дүрийг би арван жилийн хүүхдийн хэлдэг үгээр л гаргаж ирж чадна. “Яг ш дээ”, “тэгж харагдаач”, “ангиас гарчихсан байгаач” гэх мэтийн хэллэгийг хасаад энэ киног төсөөл дөө. Ямар ч үнэмшилгүй бодит амьдралаас тасархай, хий хоосон зүйл болчихно. Хэн ч үзэхгүй. Хэрвээ би эх болсон монгол хэлээ цэвэр ариун байлгана гээд зүтгэсэн бол энэ хүүхдүүдийн яриа хэнд ч үнэмшилтэй санагдахгүй, тэр хөөрхөн хүүхдүүдийн дүр худлаа болчих байсан. Эрдэмтэн, хэл шинжлэлчид минь үүнийг л болгоогооч ээ, гэж гуйя даа. Яагаад хүмүүс мотоциклдоо тавуул сундалдаад, 20 километрийн цаана байгаа айл руу бөөн төвөг удан очиж, “Хэцүү анги”-ийг үзээд байна вэ гэвэл тэр хүмүүс, бодит амьдралыг бас өөрийгөө тэр киноноос олж хараад байгаа учраас л тэр.
 
Гэхдээ хүүхдүүд тэдний амнаас гармааргүй зүйр цэцэн үг ашиглаад байгаа харагддаг шүү дээ.
Харин энэ чинь тэр их эрдэмтэн, бухимдаад байгаа гүүшүүдэд барьж байгаа нэг эерэг мэдээ болох байх. Цаагуураа их том чулууг хөдөлгөх гэсэн оролдлогууд байж л байгаа. 10 мянгыг хулгайлсан хүн шоронд суудаг, 10 тэрбумыг идсэн хүн УИХ-д суудаг гэх мэтчилэн ардын аман зохиолоос авсан зөндөө их юм бий. Их олон асуудлыг хөндөж тавих гэж оролдсон. Үг хэллэгийн тухайд Сүнжид багшийн “яадгүүлээ” гэдэг дуу алдалтыг олохын тулд би их олон хувилбараар үг сонгож үзсэн. Энэ бол миний нэгэн холын хамаатны дуу алдалт юм. Дөлгөөний дүрийг тодотгож өгөх үг олох гэж бас л эрэл хийсэн. Тэр “Аан, аан?” гээд байдаг нь болохоор учиртай олдсон олз. Би зохиолоо бодож суугаад ханийнхаа хэлсэн үгийг чихнийхээ хажуугаар өнгөрөөчихдөг. Хань минь “Тэнэг юм шиг, аан гээд?” гэж над руу уцаарладаг. Энийг аваад Дөлгөөний дүр лүү хийчихье гэсэн бодол нэг өдөр ороод ирсэн. Хөөрхөн гэнэн цайлган хүүг их тодотгож байна гэж зохиол мэддэг хүн магтаж байна лээ.   
 
Олон ангит киноны онцлог ер нь юу байдаг вэ?
Телевизүүдээр гараад байгаа гадны олон ангит кинонуудыг би их тэвчээртэй үзэж судалж байсан. Яг юунаас болоод үйл явдал нь мухардалд ороод, дүрээ ямар ч үнэмшилгүй аваарт оруулах, тэгээд ой санамжийг нь үгүй хийх болчихоод байна вэ гэдгийг хардаг байлаа. Тэд хоёр хүний зөвхөн хайрыг нь гол шугам болгочихсоноос мухардалд ороод байдаг. Хоёрхон хүнийг хэд нийлүүлж, хэд салгах вэ дээ? Аль нэг нь үгүй болчихвол кино дуусчих гээд хэцүү. Тэгвэл “Хэцүү анги” кино маань тэс ондоо. Зургаа долоон шугамаар үйл явдал өрнөчихөж байгаа. Тэгээд гадны киноноос давуу зүйл нь сургуулийн амьдралыг судлаад, яг бодит байдалд хөшигний араар өрнөж байдаг үйл хөдлөл, зөрчил тэмцэл, харьцаануудыг ил гаргаж тавьж чадсан. Сүнжид багш, Тэмүүн, Билгүүн, Дөлгөөн, Зул, Гэрэл, захирал, эрхлэгч гээд л их олон хүний их олон дүр зураг үйл явц бүхий хувийн болоод нийгмийн харилцааг нь үзүүлчихэж байгаа болохоор надад хэн нэгний ой санамжийг нь алдуулах хэрэг гараагүй. Хоорондоо уялдаа холбоотой, утгатай. Зарим нэг найз минь тааралдаад тэр бууддаг арай хэтрүүлэгтэй болчихлоо гэж байна лээ. Тэр хойд эх “шулам” чинь ээжийнх нь үхэлд буруутай, тэгээд бас аавынх толгойг эргүүлж доромжлоод байгаа шүү дээ. Энэнээс илүү ямар бузар үйлдэл байх вэ? Буудахгүй гээд яах вэ? Буудсан ч багадна шүү дээ. Хүү буудсан. Гэхдээ америк кинон дээр гардаг шиг зуун метрийн цаанаас хүний нэг чихээр нь оруулаад нөгөө чихээр сумаа гаргачихаагүй. Гурван алхмын зайнаас алдсан. Тэгээд хүн буудчихлаа гээд гүн шоконд орлоо. Юу нь хэтрүүлэг вэ? Амьдрал өөрөө байнгын зөрчил тэмцэл. Харин энэ бүхний дунд хүнлэг чанараа гээхгүй байх нь хамгийн том аз жаргал, хүн байхын учир утга юм гэсэн санаа кинонд бий.
 
Монгол телевизийг үзэх хандлага эрс нэмэгдэж байна гэж найзууд маань хэлж байсан. “Хэцүү анги” нөлөөлсөн байх л даа?
Кино маань хүмүүст хүрсэн нь мэдрэгдэж байгаа. Нарантуяаг ангийн даргаас огцордог орой Жийгээ гэдэг хүн миний блогт орж ирээд маш бухимдсан. “Нарантуяаг яагаад ангийн даргаас нь болиулчихаж байгаа юм бэ? Наян настай буурлаас, найман настай балчирт ч хүртэл энэ хүүхэд чинь зөв, сайн хүн гэдэг нь мэдэгдээд байхад чинь та яаж байгаа нь энэ вэ?” гэж уурссан. Хэдийгээр тэр хүн уурсаж байгаа ч кино үзэгчид ингэж нөлөөлж байна гэсэн үүднээс харвал надад их сайхан байсан. Би буцаагаад “Та бидний кинонд орж бухимдаж уурлаж байгаад их баярлалаа. Кино дуусаагүй байгаа” гэж бичсэн. Маргааш нь Жийгээ гуай тайвширчихсан орж ирээд сэтгэгдэл үлдээсэн байна билээ. Америкт амьдардаг гээд нэг монгол охин над руу мэйл бичсэн байгаа юм. “Билгүүнд дурлачихлаа. Та холбоо тогтоож өгөөч. Би түүний бүх зардлыг дааж Америк үзүүлье” гэсэн байсан. Бүхэл бүтэн цаг гаруй хугацаанд кино үзчихээд ямар богинохон хийсэн юм гэсэн шүүмжлэл их ирж байгаа. Уг хугацаа нь бол тийм ч богино биш л дээ. Хүмүүс амтанд нь орчихоод тэгж хандаж байгаа нь уран бүтээлч бидэнд их урам өгч байгаа. Сая би Дорноговийн Иххэт сум, Хэнтийн Бор-Өндөр лүү ажлаар явж байгаад ирлээ. Кино гарч байхад хөдөлгөөн зогсчихож байна шүү дээ. Хүн болгон сайхан кино болжээ, гарахыг хүлээхээр цаг явж өгөхгүй хэцүү байна гэж байна шүү дээ.   
 
Заавал асууна гэж бодож байлаа. МҮОНТВ-ээр бизнесийн реклам сурталчилгаа явуулахыг хуулиараа хориглосон байгаа. Гэтэл киног ивээн тэтгэсэн гээд Мобиком, Хас банкны арилжааны зорилготой реклам гарч байна. Хүмүүс энд их шүүмжлэлтэй хандаж байгааг анзаараагүй хэрэг үү?
Олон нийтийн телевизээр реклам явж байдаг туршлага олон оронд бий шүү дээ. NHK харин реклам явуулдаггүй шиг санагдана. Ер нь сайн уран бүтээл хийхийн тулд заавал мөнгө хэрэгтэй болдог. Нөгөө талаар тухайн компаний нийгмийн хариуцлага гэж бий. Хүмүүст зөв мэдээлэл, хэрэгтэй санаа өгсөн бүтээлийг санхүүжилтээр дэмжиж байгаа нь ивээн тэтгэсэн компаниудын нийгэмдээ оруулж буй хөрөнгө оруулалт юм. Энэ утгаараа тэр компанийг хэрэглэгчдэд таниулах зорилгоор рекламыг нь гаргаж байгаа хэрэг. Хүүхдийн хүмүүжилд хэрэг болох энэ уран бүтээлийг дэмжсэн компаниуддаа харин ч их талархаж байгаа.
 
Таны телевизийн зохиол бичиж байсан туршлага хэр вэ?
Говь-Алтай аймагт телевизийн сурвалжлагч хийж байлаа. Хөдөөний телевизийн сурвалжлагч гэдэг сурвалжлагч нэртэй ч найруулагч, зураглаач, эвлүүлэгч гээд бүх ажлаа хийх болдгийг сэтгүүлчид мэднэ. 2004 онд хот руу нүүдэл хийсэн. “Тоншуул” сэтгүүлийн сурвалжлагчаар ажиллаж байснаа удалгүй хариуцлагатай нарийн бичгийн даргын албыг авсан. Яг Сүнжид багш шиг л амьдралтай байлаа. Эхнэр оюутан. Говь-Алтайд буу, мотоцикл, энэ тэр гээд жаал зугаа юмаа зарж үрж авчирсан хэдэн төгрөгөө байрны түрээсэнд өгөөд л. Сарын цалин дээр минь 30 мянгыг нэмэхээр байрны сарын түрээс хүрдэг байсан гээд л бод. Яруу найрагч Д.Цоодол ах нэг удаа “Тоншуул”-ын өрөөнд ярьж суухдаа надад хэлж байсан үг миний санаанаас огт гардаггүй юм. “Дуртай ажлаа хийж байгаа хүн хэзээ ч турж үхдэггүй юм” гэж. Айхтар үнэн үг шүү. Нээрээ л ажиллаж байсан чинь болоод л явчихсан. Ажлынхаа хажуугаар телевизийн зохиомж их хийнэ. Номын чимэг зурна. Цоодол ахын хэлдгээр турж үхэхгүй болоод л байдаг юм. Телевизэд зориулж их олон зохиомж, баримтат киноны зохиол бичсэн байдаг. “Сумын дарга” нэртэй инээдмийн кино бичсэн маань зураг авалтын шатандаа санхүүгээс болоод зогсчихож байсан.  
 
Та олз омог ихтэй байдаг хүн юм аа даа?
“Тоншуул”-ын хаялга гэж нэг юм байна. Авлига биш шүү /инээв/. Сонинд ажилладаг байхдаа би өглөө их эрт очно. Янз бүрийн баяр, ёслолын үеэр байгууллагууд ханын сонин их гаргадаг, баярын хөтөлбөрт хэлэх толгой холбосон үг, зохиол, шүлэг энэ тэр их захиална л даа. Ажилдаа эрт очсон хүн хамгийн эхэлж утас авч таарна, тэр хэрээр арвин “ургац хурааж” таарна. Энэ мэтээр их хөдөлмөрлөдөг байлаа. Одоо харин дан ном зохиол, номын чимэг зураг, комикс ном дээрээ дагнаж ажиллаад “турж үхэхгүй л” байна. Одоо хүүхэлдэйн киноны зохиол дээр ажиллаж байна. Бас тэр киногоо комикс ном болгож гаргах санаатай. Б.Галаарид анд бид хоёр хэвлэлийн газар, баримтат киноны студитэй. Болоод л байдаг юм. Галааридын “Шар тэнгисийн тарчлаан” жүжгийн зохиолыг хүүхдэд зориулсан комикс ном болгох төсөл дээр бас давхар сууж байна. Бараг л унтах завгүй гэхэд хилсдэхгүй, зохиол бичиж, зурж байна.
 
Аливаа зүйлийг бүтээж бий болгоход 1 хувийн авъяас, 99 хувийн хөдөлмөр байх хэрэгтэй гэдэг. Энэ талд таны бодол ямар вэ?
Би харин эсрэгээр боддог. Хэн нэг хөдөлмөрч нөхөрт за чи Ленин багшийг зур гээд харандаа бариулчих л даа. Тэр хүн бүтэн жил, магадгүй 2 жил хөдөлмөрлөөд ч зурж чадахгүй. Яагаад гэвэл зурахад, бичихэд авъяас хэрэгтэй. Сэтгүүлч хүн ч гэсэн хөдөлмөрч гэхээсээ илүү авъяастай байх ёстой. Жишээ нь, парламентын 100 сэтгүүлч байлаа гэхэд тэдний 99 нь “Засгийн газар огцорлоо” гэж бичиж байхад ядаж 1 нь “Ерөнхий сайд тахимаа өглөө” гэж бичвэл илүү сонсголонтой болж, анхаарал татна биз дээ?
 
Таны ой тогтоолт гайхалтай биз?
Шог зураг оролддог хүн болохоор харааны ой тогтоол давгүй шүү. Мэдээж хэрэг санаанаас гарахгүй агшнууд бол үлдэлгүй яахав. “Хэцүү анги”-ийн зохиолыг бичиж байхад сургуульд болж байсан үйл явдлууд нүдний өмнүүр дурайгаад л байсан даа. Бодит амьдрал дээр болж байсан зүйлсийг яг тэр чигт нь кинондоо буулгасан сцен олон бий шүү. Би өдрийн тэмдэглэл нэг үе хөтөлдөг байлаа. Одоо бол залуусын блог бичиж байгааг их дэмждэг. Энэ бол дэвшил. Өөрчлөгддөггүй зүйл гэж хэзээ ч байдаггүй. Хүний тархи компьютер биш болохоор мартаж санах зүйл их байна. Тэмдэглэл эргээд түүх болдог шүү дээ.
 
Цахим ертөнцийн хөгжлийн талаар та ямар бодолтой явдаг вэ?
Блог бичигчдийг эх хэлээ эвдэж байна, хүүхдүүдийг ном уншихаа болилоо гэсэн шүүмжүүд их явдаг л даа. Сайн муу тал аль аль нь байх. Гэхдээ хүүхдүүд уншихгүй байгаа боловч тэдний технологи сэтгэлгээ үнэхээр гайхмаар хөгжиж байна. Энэ бол компьютер, интернэтийн л ач. Анх би фотошоп програм сурах гэж өөрөө оролдсон. Оройд суугаад зураг дээр ажиллана. Алхам тутамд асуух юм гараад л, “Тоншуул”-ын хоёр дизайнер лүүгээ утасныхаа нэгжийг дуустал ярьдаг байлаа. Гэтэл манай хоёр хүү яасан гээч? Намайг ажиллаж байгааг ганц хоёр удаа л харсан байх. Тэгээд л сурчихсан. Миний зургуудад суурь өнгө тавьж өгөх гэх мэт туслах ажлыг хоромхон зуурт хийгээд өгч байна. Үсэрсэн долдугаар ангийн хүүхдүүд шүү дээ. Нэг харсан чинь л хэнээр ч заалгалгүй фотошоп сурчихсан, “Ааваа наадхыг чинь ингэж хийвэл хурдан байдаг юм аа” гээд надад зааж байна. Би хоёр хүүгээсээ асуудаг гээд л бод.
 
Ингэхэд кино яаж төгсдөг вэ? Та нууц задлахгүй юм уу?
Манай эхнэр бас ингэж асуугаад байгаам. Компьютер дээр бичсэн байгаа зохиолоос уншаад мэдчих гэдэг юм /инээмсэглэв/. Кино маань 60 ангитай. Одоо нэлээд явчихлаа. Цаашаа өөрсдөө үзсэн нь илүү сонирхолтой байх.
 
Сүүлчийн асуултыг таны мэдэлд өгье.
“Хэцүү анги”-ийг амилахад гол ачааг үүрсэн хүмүүс маань киног эхлүүлэх шийд гаргасан МҮОНТВ-ийн захирал Ц.Оюундарь, хүүхдийн редакцийн ерөнхий редактор Д.Эрдэнэцэцэг, ерөнхий найруулагч Л.Ариунжаргал, найруулагч Л.Навчаа, ерөнхий зураглаач Ж.Нямсүх нараар командлуулсан баг байна даа. Олон хүний хөлс хүчээр босч ирсэн уран бүтээл шүү дээ. Жүжигчид, зураг авалтын багийнхан нойр хоолгүй ажилласан. Шөнөжин зураг авалт хийчихээд, жаахан дугхийсэн болоод л өдрийн зургандаа гарч байхыг нь хараад би айх шиг болдог байсан. Мөн ивээн тэтгэгч компаниуддаа баярлалаа гэж хэлье. “Хэцүү анги”-ийнхан маань яг бодит ангийнхан шиг монтаж хийлгээд “10 жилийн дараа 7 дугаар сарын 11-нд Сүхбаатарын талбай дээр уулзацгаая” гээд л явж байна шүү дээ. Нэг ангийнхан болоод дасчихлаа. Давчуу хугацаанд амь бие ар гэрээ үл хайхран ажиллаж байсан киноны багийн хамт олон маань хэдий ядарсан царайтай ч нүдэнд нь жинхэнэ уран бүтээлч хүний гал цог гялалзан ажиллаж байгааг харахад үнэхээр сайхан дурсамж үлдэж дээ.
 
Танд уран бүтээлийн амжилт хүсье. Баярлалаа
 
Ярилцсан Г.Солонго www.uzver.mn
 
  • Бичсэн solongo
  • Үзсэн: 4214

Бүлэг: Ярилцлага

Монгол киноны Алтан фондод хадгалагдах кино бүтээсэндээ баяртай явдаг

Монголд Арчдилал өрнөсний 20 жилийн ой тохиож байна. Энэ хугацаанд Ардчилал бидэнд олон сайхан боломжийг бий болгож бид үр дүнгээс нь хүртэж буй ч бас ардчилал гээч эрх чөлөө эрх мэдлийн хариуцлагыг умартваас олон хар барааныг дагуулж явдгийг бидэнд ойлгуулсаар.
Улс төрийн энэ сэдвийг урлагийн бүтээл болгосон  7 сарын 1 киноны найруулагч Ануужинтай хөөрөлдлөө.


1. Улс төрийн сэдвээр уран бүтээл гарсан нь тун ховор байдаг. Та харин 7 сарын 1-ны үйл явдлаар сэдэвлэн кино бүтээжээ. Киног хийх санаа анх яаж төрөв. Кино нэг хүний бодит амьдрал уу олон үйл явдлын цогц уу?
 
Энэ киног хийх болсон түүх нь их сонин л доо. Уг нь анх Тулга, Онон гээд 2 найзтайгаа хамтарч “Би чамд хайртай-2” киног хийх гэж байсан юм. Нэлээн гайгүй прожект байсан. Валентиний баяраар нээлтээ хийнэ гэж төлөвлөж байлаа. Тэгээд монголын сүүлийн үеийн кино хийдэг бараг бүх л гайгүй гэсэн уран бүтээлчидтэй уулзсан байх / цалин хөлс.../ бүр өөрсдөө кино зохиолынхоо гол рамийг зангидаад үлдсэнийг нь UBS ТВ-ийн дуу оруулагч сүүлийн үеийн хэд хэдэн киноны зохиолыг бичсэн /Ийм нэгэн дурлал, Миний хөрш чөтгөр/ Миеэгомбо гэж залуугаар бичүүлж байлаа.
Харамсалтай нь бичиж ирсэн зохиол нь нэг л таалагдаагүй. Ингээд хэсэг мухардалд орж яах тухайгаа ярилцаж байгаад л нэг мэдсэн чинь 7 сарын 1-ний тухай кино хийхээр болчихсон байж билээ. Тэр үед чинь залуучуудын өөр хоорондын ярианы гол сэдэв энэ байв. Бид ч бас чөлөөт цагаараа найз нөхдийнхөө хүрээнд байнга энэ тухай ярилцаж бухимддагсан. Энэ их нөлөөлсөн байх л даа. Их зориг гаргасан шүү. Тэр үед хүмүүс энэ сэдвээр ил ам нээхээс айдаг байсан шүү дээ. Ингээд л зохиолыг нь ярилцаж эхэлсэн. Энэ киноны зохиолыг манай киноны бараг бүх л уран бутээлчид хамтарч гаргасан байх. Бүр манай кинонд тоглосон CCB хамтлагийнхан хүртэл оролцсон. Гарч буй дүрүүд, үйл явдалаар өнөөгийн Монголын Улаанбаатарын гэр хороололын залуусын бодит амьдралыг, 7 сарын 1-ний үйл явдал эдгээр залуусын амьдралд ямар нөлөө үзүүлсэнийг харуулсан юм.  Кино хийхэд маш их ур чадвар шаардсан асуудлууд гарч байсан. Нэг жишээ нь киноны зураг авалтад бэлтгэн зөвхөн гэрэл тавилтаа тохируулахад л 4-5 цаг ордог байв. Ингэж их хөдөлмөрлөсөний эцэст харин манай кино Монгол Киноны Алтан фондод хадгалагдан үлдэж байгаа орчин үеийн хоёр шилдэг киноны нэг нь болсон доо. Хар цагаан дүрстэй кино бол нарийн ажиллагаатай, өндөр ур чадвар шаарддаг юм билээ. Харин киногоо Full HD форматаар 80GB-аар бэлтгэж 2цаг 30 минутын хугацаатай хийсэн боловч Монголд кино театруудын техникийн хүчин чадал хүрэхгүй байсан учраас бид киногоо Монголын кино теaтруудад гаргахын тулд 1 цаг 30 минут болгон танаж, 12GB-аар бэлтгэж техникийн үзүүлэлтийн хувьд чанарыг нь доош оруулсан. 80Gbt нь 1 цаг 30 минутийнх байгаа ч 2 цаг 30 минутийнхийг нь дахин сэргээх аргагүй болсон. Үүнд сэтгэл дундуур байгаа ч узэгчиддээ хургэж чадсандаа баяртай байгаа.
 
2. Киног бүтээхэд ямар хүмүүс хамтран ажиллав. Нэртэй уран бүтээлчид байв уу? эсвэл шинэ залуу үеийн гар сэтгэл нийлсэн залуус голлов уу, Би киног тань үзэж амжаагүй яваа болохоор магадгүй олонд хэзээний мэдээж болсон асуулт тавьж байж магад.
90 хувь нь залуучууд. Бүгдээрээ л шинэлэг, содон, сайн кино хийх хүсэл эрмэлзэлтэй залуучууд. Нүүр хувиргагчаар ажилласан монгол кино үйлдвэрийн Одноо эгч, Дээги эгч, графикч Энхбаатар, хөгжмийн зохиолч Сонорын Онон энэ дөрөв л урьд нь кинонд ажиллаж байсан туршлагатай. Бусад нь бол клип реклам хийдэг, тэр чиглэлдээ нэр хүндтэй шинийг санаачлагчид гэж би боддог. Авсан шагналуудыг нь сонсоход л ойлгомжтой л доо. Найруулагч Анар скин энтэртаймэнт эвлүүлэгч, Дори скин энтэртаймэнт дууны оператор Өөнөө скин энтэртаймэнт зураглаач Болор лемон техникч гэрэлтүүлэгч Содоо, Болдоо лемон зургийн дарга Гого лэмон зураач Эрка он&офф туслах найруулагч Хулан, жүжигчидийн хувьд олны танил хүмүүсээс гэвэл соёлийн тэргүүний ажилчин Урнаа эгч, Эрдэнэбат ах, Карма эгч гээл. Киноны гол дүрд click click boom гээд хип хоп хамтлагийнхан тоглосон
 
3. Санхүүгийн шаардагдах эх үүсвэрийг хэрхэн босгов. Кино тань бизнесийнхээ хувь ашигтай байж чадсан уу?
Хөрөнгө мөнгөний хувьд гэвэл маш их саад бэрхшээлийг туулсандаа. бид нарын төлөвлөж байснаас маш их хэтэрсэн. Мөнгө дуусаад зураг авалт маш олон удаа зогсож байлаа. Бид нар чинь жүжигчид болон уран бүтээлчдээрээ бөөнөөрөө 6,7 сар хамт амьдарсан. Энэ хугацаанд нэлээн олон юм үзсэндээ. Бүр  мацаг бариж ч байлаа хэхэ. Бас ид өвөл зураг авалтууд дандаа гадаа гэр хороололд байсан болохоор бүгд их даарч ядарсан даа. Манай кино багийнхан бүгд зэрэг ядаргаанд ород бөөн бөөнөөрөө хатиганд хүртэл баригдаж байлаа. Гэвч энэ бүхний ард гарч чадсан. Олон ч хүмүүс тусалсан. Миний багийн найз Цэцэн гэж залуу маш их их хэмжээний санхүүгийн туслалцаа үзүүлсэн. Зээлж авсан мөнгөө төлөх гэж кино гаргаад олсон бүх мөнгөө эргүүлэн найздаа өгч байсан ч бүрэн барагдуулж дуусаагүй.  Мөн  Р.Бурмаа /сонгогчдын боловсрол төвийн тэргүүн/ Ж.Занаа /иргэдийн Алианз төвийн тэргүүн/ Сүхгэрэл /7 сарын 1 эвсэл - ТББийн ерөнхий зохицуулагч / гэсэн гурван эгч их тус болсон. Бид нарийн өмнөөс нэлээн их ажил амжуулж заримаас нь санхүүгийн туслалцаа авахад хүртэл тусалсан мөн бидэнд байнга зөвлөлгөө өгдөг байлаа. Тэгээл бид нарын найз нөхөд хамаатан садан гээд их л олон хүний хүч хөдөлмөр сэтгэл шингэсэн.
 
4. Та хэд хэдэн улсаар дамжин явсаар одоо Европод ирээд амьдарч байна. Тэгэхээр энэ кино таны амьдралыг эрс өөрчилжээ дээ. Эсвэл өөр шалтгаан байв уу?
Энэ тухай одоохондоо яримааргүй байна. Ер нь бол кинонтой шууд хамааралтай шүү.
 
5. Уран бүтээлийг тойрсон элдэв яриа их байх юм. Ялангуяа зохиогчийн эрхийн асуудал. Киноны эзэмшигч нь ингэхэд хэн бэ? Саяхан Өнөөдөр сонинд таныг киног уран бүтээлчдээс нь хулгайлж аваад Европийн орнуудад гаргахаар явна гэж бичсэн байсан.
Киноны эрх бол манай нөгөө продюсэр Онон бид хоёрын нэр дээр байдаг. Зохиогчийн эрхийн гэрчилгээгээ авчихсан байгаа. Манай киноныхон бол бүгд л мэднэ. Хэн тэгэж бичсэнийг олж мэдээд заргалдана гэж бодож байгаа.  Өөрөө өөрийнхөө юмыг хулгайлна гэж юу байхав дээ.
Би гадаадад байдаг монголчуудын бараг бүх л холбоо руу хамтран ажиллах санал тавиж имайл бичсэн. Ганцхан Британи дахи Монголчуудын Холбооноос буюу танаас хариу ирсэн юм.  Та LingiaGlobal компанийн Өнөрмаа эгчтэй холбож өгч, Өнөрмаа эгч миний саналыг их сайнаар хүлээн авч их олон сар хөөцөлдсөний хүчинд одоо Лондон хотод гарахаар болчихоод байгаа. Та хоёртоо маш их баярлалаа гэж хэлмээр байна. Яалаа гэж барууны оронд зүгээр нэг кино хармаалж очоод гаргах вээ дээ. Нээрээ сониноос манай киног Чикагод хулгайгаар гаргасан тухай би сонссон. Хэн гаргасаныг нь ч мэдээд авсан. Тэр хүмүүсийн нэрийг дурьдаад яахав. Харин дахин ийм асуудал гаргавал хуулийн дагуу хариуцлага хүлээлгэнэ гэж хэлмээр байна. Би мөн киноныхоо гадаад дахь зохиогчийн эрхийг давхар авах гэж байгаа. Тэгэхээр хаана ч эзэмших эрхтэй болчихно.
 
6. Өнөөдөр сонинд гарсан мэдээг кинонд тоглоод ямар ч мөнгө авч чадаагүй жүжигчин тань өгүүлсэн гэсэн сураг сонссон юм.
Бид гэрээнд тохирсон хөлсөө бүх жүжигчид болон гол дүрд тоглосон залуус, уран бүтээлчдэд төлсөн. Харин заримдаа гол дүрийн жүжигчид шантарсанаас болж юмуу, хөрөнгө мөнгөний асуудлаас болж зураг авалт сунжирсанаас ялангуяа гол дүрд тоглосон хамтлагынхан маань нэмж төлбөр авахаар ярихад нь бид хэрэв ашигтай ажиллавал болох юм гэж ярилцсан ч үнэндээ бидэнд ашиг гараагүй учир нэмж төлбөр хийх байтугай өр зээлээ ч бүрэн барагдуулж чадаагүй. Энэ бүхнийг манай уран бүтээлчид бүгд ойлгож мэдэж байгаа тул ийм яриа гарна гэж огт бодоогүй шүү. Энэ дашрамд хэлэхэд харин кинонд тоглосоноороо тус хамтлагынхан харин ч үнэгүй сурталчилгаа хийлгэсэн гэдгээ ойлгох хэрэгтэй байх. Ийм яриа ярьж яваа бол сэтгэл дундуур байна. Яагаад гэвэл киног Онон бид хоёр хийсэн болохоор бид киногоо яаж сурталчлах, гаргах асуудлаа зохицуулна шүү дээ, жүжигчид биш. Бидэнд цаашдаа төлөвлөж бодсон зүйлс бий. Киногоо Ж. Өнөрмаа эгчээр менежмент хийлгэн гадаадын фестивалуудад оролцуулах, Англи хэл дээр орчуулж барууны үзэгчдэд хүргэх гэх мэт. Оюуны бүтээл хийсэндээ, Монголын киноны Алтан фондод орсон орчин үеийн шилдэг хоёр киноны нэг нь болсноороо (Чингис хааны тухай ‘Үхэж үл болно’ гэдэг кино, манай кино хоёр Монгол Киноны Алтан Фондод орсон) бид үргэлж бахархаж явах ёстой юм шүү. Алсын хараатай байгаарай гэж залуусдаа хэлмээр байна.
 
7. Кино хийсэн хүн маань ингэтэл тэс өмнөө мэрэгжлийн хүн байх юм. Хүүхэд ахуйдаа математикийн улсын олимпиадад түрүүлж үзүүрлэж байсан, банкны эдийн засагч мэрэгжил эзэмшиж банк санхүүгийн байгууллагуудад ажилтнаас нь захирал хүртэл ажилууд хийж байсан хүн яагаад гэнэт кино урлагт хүчээ үзэхээр шийдээ вэ. Багын хобби сэтгэл татагдсан зүйл байв уу?
Ер нь эхлээд мэдээж кино гэдэг бол маш том бизнес. Мөн бидний хэдэн найзууд багаасаа л кино үздэг шүүмжилдэг , бүр найзуудынхаа амьдралаар “Америкт нэгэн удаа” шиг кино хийнэ гэж яриж мөрөөддөг байсан. Бас С.Мөнхбаатар гэж миний талийгаач ах киноны инженер оператор мэргэжилтэй хүн байсан юм. Ардчиладын анхны хэдийн нэг байлаа. Монголын ардчиллын тухай “Халуун салхи” гэдэг баримтат киног хийж байсан юм. Ер нь их л зүйл нөлөөлсөн байхдаа. Тэгээд ч одоо монголын кино урлаг буцаад сэргэх зүг руугээ орж байна шүү дээ. Хажууд нь энэ улс төрийн тогтолцоо, нийгэм маань улам доройтож бүр сүйрлийн ирмэг дээр ирчихээд байна шүү дээ. Залуучууд бид л хийхгүй бол өөр хэн хийх вээ дээ.

8. Тодорхой шинжлэх ухааны, тэр дундаа математик сэтгэлгээтэй хүмүүсийн дунд байдаг уу янз бүрийн сэдэл аксиом гаргаж түүн дээрээ тулгуурласан онол боловсруулж байх нь элбэг. Таныг бас өөрийн гэсэн судалж сонирходог сэдэвтэй гэж сонссон юм.
Хүний нутагт амьдраад ирэхээр өөрийн эрхгуй эх оронч, Монголоо гэсэн болчихдог юм байна. Шашины, монголын, дэлхий, шинжлэх ухаануудын гээд л түүх их судалж байгаа..
Манай монгол чинь аугаа түүхтэй хэл соёл, ёс заншилтай улс шүү дээ. Тэгэхэд одоо монголыг мэддэг хүн ч гэж алга байна. Мэддэг нь Чингис хаан д гэнэ. Тэгээд Чингис хааныг маань их зэрлэг харгис бүдүүлэг хүн мэтээр боддог. Яг яс юман дээр Чингис хаан бол ухаантай, шударга, энэрэнгүй эр нь л цагаасаа эрт бүгдийг мэдэрчихсэн хүн байсан юм байна. Тэр хүний хийж эхлүүлсэн бүх юмыг л одоо дэлхий нийтээрээ хийх гэж оролдож эхэлж байна шүүдээ. Глобалчлал, шударга хууль цааз, байгаль экологи гээд зөндөө л юм байна. Энэ талаар би ном бичих гэж байгаа. Энэ номоо бичихэд их ч юм судлах шаардлагатай байгаа. Түүх их унших хэрэг гарч байна. Бас энэ тооны шинжлэх ухаан чинь ертөнцийн бүх л зуйлийн нууцыг агуулж байдгийг саяхан Бээжинд хэсэг амьдарч байхдаа олж мэдлээ. Бодит болон бодит бус хийсвэр ертөнцийн бүх юмны учир утга нуугдаж байдаг юм. Ер нь судлах тусам их сонин зүйл рүү яваад байгаа.

Цаг гарган ярилцсан танд баярлалаа.

Хөөрөлдсөн Д.Цэрэнбат

  • Бичсэн tserenbat_d
  • Үзсэн: 2747

Бүлэг: Ярилцлага

С.БАЯР: Би “галт зэвсэг хэрэглэ” гэсэн тушаал хэнд ч, хаана ч, хэзээ ч өгч байгаагүй

“Долдугаар сарын нэгний” эмгэнэлт хэрэг явдлын талаар уржигдархан Төрийн ордонд нээлттэй хэлэлцүүлэг боллоо. Харамсал, түгшүүр жаахан ч болов намжиж, хэрэг явдлын учир ном дүрмийнхээ дагуу тайлагдах биз ээ гэсэн олонхийн хүлээлтэд энэ хэлэлцүүлэг үнэнийг хэлэхэд таалагдсангүй. Хэн нь ямрыгаа шүүж, үйл явдлыг хааш нь хөтлөх гээд байгаа юм бэ гэсэн эргэлзээ ч төрүүлж магадгүй болоод байгаа юм биш үү гэсэн уншигчдынхаа асуултад хариу эрж, Монгол Улсын Ерөнхий сайдаар тухайн үед ажиллаж байсан С.Баяртай утсаар холбогдлоо.  

- Сайн байна уу, Та. Би “Өнөөдөр” сониноос ярьж байна. Таны бие сайн уу ?
- Сайн сайн. Бие гайгүй ээ, эмчилгээгээ хийлгэж л байна.
-Танаас тодорхой ганц асуудлаар ярилцлага авах гэсэн юм. Болох уу ?
- За даа, би саявтар “Үндэсний шуудан” сонины Ганчимэгт ярилцлага өгсөн, уншаа биз. Жилийн нормоо хэд дахин давуулан биелүүлжээ гэмээр урт ярилцлага болсон байна лээ. Баахан юм ярьж ярьчихсан хүн одоо нэг хэсэгтээ дуугүй явахад гэмгүй биз дээ гэж бодож байна.

- Гэхдээ сүүлийн үед гадуур шуугиад байгаа нэг л сэдвээр танаас юм тодруулах гэсэн юм.
- Ямар сэдэв гэж ?

-“Долдугаар сарын нэгэн”. Энэ үйл явдал дахиад хэвлэл мэдээллийн нэг гол сэдэв болж байх шиг. Саяхан УИХ-ын ажлын хэсгээс олон нийтийг оролцуулсан нээлттэй хэлэлцүүлгийг Төрийн ордонд хийлээ.  Бас таныг МАХН-ын дарга, Ерөнхий сайд байсан хүний хувьд энэ асуудлаар өөрийн байр сууриа илэрхийлмээр байна гэсэн хүсэлтээ тус Ажлын хэсэгт гаргаж албан тоот явуулсан гэсэн сураг сонслоо. Та үнэхээр тийм хүсэлт гаргасан юм уу ?
-Тийм нь ч тийм. Би УИХ-ын ажлын хэсэгт тийм хүсэлт гаргаж хандсан нь үнэн. Гэхдээ би байр сууриа Ажлын хэсэгт л хандаж илэрхийлнэ гэснээс сонин хэвлэлд ярина гээгүй л дээ. Төрийн ажил, хэвлэлийн ажил гэдэг бас зааг ялгаатай байх ёстой. Энэ хоёр ажил хоёр өөр шугамаар хэрэгжих ёстой гэж боддог. Тэр зарчмаараа л явах нь зөв биз дээ...   

-Тийм байх л даа. Гэтэл Төрийн ордонд болсон нээлттэй хэлэлцүүлэг, түүний дараа гарсан зарим нэвтрүүлэг, нийтлэлүүдээс үзвэл “Долдугаар сарын нэгний” гол буруутан нь хуулийн байгууллага, тухайн үеийн Засгийн газар, бүр тодорхой хэлэх юм бол тэр Засгийн газрыг тэргүүлж байсан та болоод байгаа юм биш үү?
- За, тэр ч юу л бол доо. Тэр янз бүрийн нийтлэл, нэвтрүүлгээр буруутныг тогтоодог болох юм бол өнөөгийн Монголд олон хүн дээлээ нөмрөх байх даа. (инээв)  

- Танаас олон юм шалгаахгүй ээ, ганц л зүйл тодруулъя. Долдугаар сарын нэгэн тойрсон асуудал дотор нэг гол сэдэв байдаг нь чухам хэний заавар, тушаалын дагуу жагсагчдын эсрэг цагдаа нар галт зэвсэг хэрэглэсэн бэ гэдэг сэдэв. Тодруулбал чухам хэн үүнд буруутай вэ гэсэн асуудал л даа...
- Энэ болон холбогдох бусад олон асуудлыг шалгадаг, тогтоодог хууль журам нь ил байна, шалгах, тогтоох үүрэгтэй байгууллага, албан тушаалтнууд нь ч бэлэн байна. Тэр л ном журмаараа явах естой асуудал шүү дээ.   

- Ерөнхий сайд асан С.Баяртай амиа алдсан таван хүний асуудлыг шууд холбож бичдэг, ярьдаг болсоор удаж байна. Тэр хүн л “галт зэвсэг хэрэглэ” гэсэн чиглэл, тушаалыг цагдаагийнханд өгсөн гэж зарим нь бүр ярьдаг. Ерөнхий сайдын албан тушаалаасаа өргөдлөө өгөөд чөлөөлөгдсөн явдлыг тань хүртэл энэ хариуцлагаас мултрах гэсэн оролдлого гэж зарим хүн, сонин хэвлэл тайлбарлаад байгаа юм биш үү? Та үүнийг сонсож мэдсэн үү ?
- Мэднэ ээ, мэднэ. Сонссон, уншсан. Гэхдээ тэрийг мэдлээ гээд надад мэгдэж сандраад байх юм алга. Болоод өнгөрсөн бүх үйл явдал амьд гэрчтэй, албан ёсны баримттай байдаг учраас л би тайван байгаа хэрэг шүү дээ. Гэхдээ надаас нэг л зүйл асууя гээд байгаа учраас би түүнд чинь нэг л зүйл хариулъя. “Хариуцлагатайгаар мэдэгдье” гэдэг ш дээ. Би “галт зэвсэг хэрэглэ” гэсэн тушаал хэнд ч, хаана ч, хэзээ ч өгч байгаагүй. Харин “галт зэвсэг хэрэглэж үл болно” гэж хэлж, үүрэг даалгавар өгч байсан. Энэ байр сууриа би тэр гайт долдугаар сарын 1-ний үдэш болсон Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хурал дээр ч өндөр дуугаар, албан ёсоор, олны өмнө илэрхийлсэн байдаг.
Миний баримталсан энэ байр суурь, миний хэлсэн тэр үг албан ёсны баримт, протокол болж үлдээд, архивт нь хадгалагдаж байдаг юм билээ. Тэр хуралд оролцсон бусад албан тушаалтнууд ч ийм байр суурьтай байсан. Энэ бүхэн бас л баримт болж, үлдсэн байдаг. Тиймээс хүний амь нас хороосон, тийм тушаал, заавар өгсөн гэсэн утгатай элдэв гүжир гүтгэлэгт би хувьдаа тайван ханддаг.  “Үнэнээр явбал үхэр тэргээр туулай гүйцнэ” гэдэг дээ. “Бушуу туулай борвиндоо баастай” гэсэн үг ч бас бий.  
 
-Та тэгээд “галт зэвсэг хэрэглэж болохгүй” гэж цагдаагийнханд тушаасан тухайгаа яагаад одоо болтол тодорхой ярьдаггүй, хэвлэлийнхэнд үгээ ил тод хэлэлгүй яваад байдаг юм бэ?
- Төрийн ажил, хэвлэлийн ажил тус тусдаа явах ёстой гэж би түрүүн хэлсэн. Тэр л зарчмаа бариад байгаа санаатай. “Долдугаар сарын нэгэн” гэдэг энэ өдөр бол шинэ Монголын маань түүхэнд том хар толбо, том эмгэнэл болж үлдэх өдөр юм. Энэ бол миний ярих үнэхээр дургүй сэдэв. Зөвхөн миний хувьд ч биш, олон хүний хувьд тийм байдаг бололтой юм билээ. Энэ сэдвээр ярих, хэлэх юм огт үгүй учраас, эсвэл яривал буруудчих вий гээд эмээгээд байгаа ч юм бас биш.
Юу ч гэх юм бэ дээ… Товчхон хэлбэл, Монголд маань одоо л нэг эвлэх, өндийх, бүтэх гээд байгаа эерэг том хандлага, нааштай томоохон ажилд маань тээг садаа болчих вий дээ л гэж болгоомжилдог.
Энэ сэдвээр дахиад мэтгэлцээд, мэрэлцээд эхэлбэл “долдугаар сарын нэгнийг” дөнгөж мартагнаж, тайвширч байгаа нийгэм маань дахиад хямарчих байх даа, урагшлах чин хүсэл, тэмүүлэлд маань чөдөр тушаа болчих вий дээ  гэдэг үүднээс би өнөөг хүртэл энэ сэдвээр ярилгүй, амаа хамхисаар л яваа. Заримдаа хэлмээр санагддаг, хэлэх ёстой үг маань аман дээр өөрийн эрхгүй гараад ирдэг ч би шүдээ тас зуугаад, биеэ барихыг хичээдэг. Монголчууд бид хойшоо биш, урагшаа харч явах ёстой гэж боддог учраас  л биеэ барьдаг. Тэрнээс хэлье гэвэл ч хэлэх юм бас бий л дээ...
 
-Тэгэхдээ “долдугаар сарын нэгний” тухай бүх үнэн мөнийг, гол нарийн учрыг бид бүгдээрээ, Монголын нийгмээрээ олох ёстой биз дээ? Гэтэл нэг хэсэг нь шуугиулаад, нөгөө хэсэг нь амаа хамхиад байвал асуудлын  үнэн мөн олдохгүй болно оо доо…
- Тийм ээ. Үнэн мөнийг олох ёстой. “Долдугаар сарын нэгэн” Монголд дахин хэзээ ч давтагдахгүйн тулд үнэн мөнийг заавал олох, тогтоох ёстой гэж боддог. Олох ч болно гэж итгэж байгаа. Гэхдээ олж, тогтоож байгаа нь энэ гээд шархыг халуунаар нь оролдоод, сэдрээгээд байх нь зөв ч юм уу, буруу ч юм уу гэж бодсоор би жишээ нь өнөөг хүргэлээ. Шархны халуун нь бууж, жаахан ч гэсэн аньж, дотроосоо илааршиж эхлэх ёстой ч байж магад гэж боддог.
Ерөөс бодох, тунгаах асуулт, асуудал маш их байна. Гэхдээ асуулт нь хариултаасаа дэндүү их байгаа юм. 2008 оны долдугаар сарын 1-ний тэр өдөр Монголын түүхэнд урьд өмнө гарч байгаагүй, туйлын буруу бусармаг үйлдэл дэндүү олон гарсан байдаг. Тэр өдрийн дараа ч түүний цуурай, үргэлжлэл мэт буруу бусармаг юм бишгүй л цуварсаар байна. Жишээ нь, гал өдөөсөн нь гавьяатан шахуу болж, харин галд  өртсөн нь ялтан шахуу болж байгаа өнөөдрийн гаж дур зургийг буруу бусармаг гэхээс өөр юу гэх вэ дээ, тийм үү? Эсвэл, үймсэн, довтолсон хүмүүс л хүний эрхтэй байдаг, түүнийг нь хамгаалах тухай чанга ярьж болдог. Харин тэр үймээн, довтолгоонд өртсөн болон довтолгооноос нийгмээ хамгаалах үүргээ биелүүлсэн хүмүүст бол хүний эрх гэж байдаггүй юм шиг царайлаад байгааг буруу гэхгүй бол юуг буруу гэх юм бэ?
Ийм мэтийн асуулт олон гараад байдаг. Гэхдээ би хэн нэгнийг буруутгахаасаа илүү өөртөө тэр олон асуултуудыг тавьж, хариуг нь олохыг хичээж явдаг. Жишээ нь, С.Баяр гэж Ерөнхий сайд байх үед эмгэнэлтэй, аймшигтай ийм явдал гарчээ. Тэгвэл тэр С.Баяр гэдэг албан тушаалтны буруугаас чухам юу болсон байж болзошгүй вэ гэх маягаар бодсоор л явдаг…
 
-Тэгээд яг таны гэм буруугаас болсон зүйл байна гэж та үздэг үү?

- Хэн нэгний гэм бурууг тогтоодог байгууллага бол шүүх юм л даа. Ардчилсан Үндсэн хуулийн маань үндсэн заалт нь энэ.  Тиймээс хууль эрх зүйн утгаар гэм буруу гэхээсээ би яг тэр өдөр, тэр үед  хувь хүнийхээ хувьд, албан тушаалтныхаа үүднээс алдаатай, эргэлзээтэй үг, үйлдэл гаргав уу, үгүй юу гэж боддог гэвэл илүү онох юм байна. Бодмоор, дахин эрэгцүүлмээр юм дэндүү их гарсан байдаг. Жишээ нь, “галт зэвсэг хэрэглэж хэрхэвч болохгүй” гэж би Ерөнхий сайдын хувьд, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гишүүний хувьд цагдаагийн удирдлагад хандан, тэр хурал дээр тушааж, зааварлаж байсан гэж би түрүүн хэлсэн. Гэтэл ингэж тушааж, зааварлаж байсан маань зөв ч байсан юм уу, үгүй ч юм уу гэж одоо байнга бодогддог.
 
- Яагаад зөв биш гэж? Та яагаад тэгж боддог юм бэ?
- Яахав дээ. Хүний амь нас, эрүүл мэнд ямар ч тохиолдолд хохирох ёсгүй гэсэн үүднээс тийнхүү бодож, тэр бодсоныхоо дагуу байр сууриа илэрхийлэх нь хувь хүнийхээ хувьд миний буруу биш байж болох л юм.  Гэтэл албан тушаалтныхаа хувьд, Улсын Ерөнхий сайдын хувьд Онц байдал үүсчихээд байхад цагдаагийн удирдлагад “Та нар галт зэвсэг хэрэглэхгүй шүү” гэж хэлэх эрх мэдэл надад байсан эсэхэд бол би одоо эргэлздэг. Яагаад гэвэл бүх асуудал, түүний дотор улс, нийгмийнхээ амгалан тайван байдлыг хангах үүрэг, үүний тулд Онц байдал тогтоох хариуцлага зөвхөн хуулиар л зохицуулагдах ёстой. Аль нэгэн албан тушаалтан, хэн нэгэн хувь хүний үзэмж, байр суурь, бодлоор биш Монгол Улсын хууль тогтоомжоор л зохицуулагдах ёстой юм.
Гэхдээ энэ бол “буудаж ч болох байсан” гэсэн үг биш шүү. Бүх зүйл хуулийнхаа дагуу явах ёстой байсан юм биш үү гэсэн л эргэцүүлэл.
Энэ мэтийн бодол, эргэлзээ, асуулт бол надад зөндөө бий. Тэр болгонд өгөх бэлэн хариулт, бэлэн дүгнэлт надад харин тэр бүр байдаггүй юм даа.      
 
- Хуульд энэ бүхнийг зохицуулсан зүйл, заалт байдаггүй юм уу?
- За, би үүнээс илүүг одоо үнэхээр яримааргүй байна. Хуульд энэ талаар юу байдгийг та өөрөө хуулиа сөхөөд үзчихээрэй. Одоо хоёулаа яриагаа өндөрлөе.
 
- Эцэст нь дахиад ганцхан зүйл асууя. УИХ-ын ажлын хэсэгт та чухам ямар асуудлаар өөрийн байр сууриа илэрхийлье гэсэн хүсэлт гаргасан юм бэ ?
- Тэр тухайгаа би УИХ-ын ажлын хэсэгтэй уулзаж байгаад ярья даа гэж бодож байна. Харин тэрнийхээ дараа шаардлагатай гэж үзвэл та нартай, хэвлэлийнхэнтэй ярилцъя, тэгэх үү?
 
- За тэгье ээ. Танд баярлалаа. Эрүүл энхийг хүсье.
 
Б.Нацагдорж

  • Бичсэн Цахим Өртөө Холбоо
  • Үзсэн: 1799

Цахим Өртөө Сүлжээнд элсэх

  • Өртөөний сүлжээнд элсэх

tsahim_urtuuХэрэв та Монгол Туургатны Цахим Өртөө Сүлжээнд элсэхийг хүсвэл: http://groups.google.com/group/tsahim-urtuu-suljee хаягаар зочилж маш хялбархан бүртгүүлж болно. Та Гүүгл суурьт энэхүү сүлжээнд имэйлээ бүртгүүлснээр манай сүлжээний гишүүн болно.

 

Image Temp

Энэ хуудас нь Цахим Өртөө сүлжээний нийт гишүүдийн хамтын бүтээл байх бөгөөд ажил хэргийн санал болгоныг вэбийн хамтлаг тухай бүр нь тусган энэ хуудсанд оруулж байх болно. Хамтран ажиллаж буй, ажиллахаар зэхэж буй таньд баярлалаа.

Newsletter