196-р сар2018

Бүлэг: Ярилцлага

Давхар нэгэн баяр далд нэгэн гуниг

В.Даваа япон Нагояагаас

Tа бид хүсэн хүлээж хүндэтгэн эрхэмлэж үзэж дассан мэргэжлийн сумогийн долоон сарын барилдааныг сансарын сувгаар цэнхэр дэлгэцээр шууд үзэх боломжгүй болов.

Арлын японы сумогийн ертөнцөд гарч буй асуудал мэдээллийн эрин зуунд амьдарч байгаа сумод хорхойтсон талын монголчуудын хувьд үл ойлгогдоно.
Үүнийг тодруулах гэсэн сэтгэлээр монгол сумо бөхчүүдийн анхны бөх макүчи тойргийн суудалт кёкүтэнхоо ба Н.Цэвэгнямтай ярилцлаа

-сумогийн талаар сүүлийн хэдэн сард японд тааламжгүй дуулиан их гарч байна үүний бодит илрэл долоон сарын барилдааныг NHK телевиз, радио шууд дамжуулахгүй гэж албан ёсоор мэдэгдсэн. Сумогийн холбоо эзэн хааны, ерөнхий сайдын цом ба бусад бүх дагавар шагналаас татгалзсан, зуун жилд нэг тохиолдох асуудал гэж хэвлэл мэдээлээр шуугьж байна энэ талаар таны сэтгэгдэл ямар байна вэ?
-Н.Цэвэгням: Би түүх судлаач биш сумог зуун жил үзээд судлаад ирсэн амьд гэрч байхгүй болов уу гэж бодно энэ нь түүхэнд бичигдсэн зүйлийг үзээд зуун жилд нэг тохиолдох үзэгдэл гэж хэлж  байгаа болов уу гэж бодож байна миний хувьд сумог мэддэг болоод арван найман жил болж байна би сумог тойрсон олон сайн муу асуудлыг энэ ертөнцтэй заяа холбосон өдрөөс эхэлж амсч ирсэн гэвч өнөөгийн энэ асуудал хамгийн ойлгомжгүй  байна би сумогийн зуун жилийн түүхийг ярьж чадахгүй өөрийн биеэр туулсан арван найман жилийн сумогийн ертөнц цаажилбал японы нийгэм эдийн засаг улс төрийн амьдарлыг өөрийн ойлголтоор өнөөдөр хэний ч өмнө ярьж хэлэх амьд гэрч гэж хэлж болох болов уу?
Мэдээж долоон сар бидний монголчуудын хувьд сүүлийн хэдэн жил давхар баяр байсан болов уу гэж би боддог.
Үндэсний баяр наадам,түүнтэй залгаад сумогийн барилдаан  болдог гэвч долоон сарын эхэнд гунигт үйл явдал болсоныг монголчууд бид мартах ёсгүй болов уу?
Сүүлийн гурван жилийн нагоягийн барилдаан Надад давхар баяр далдхан гунигтай хатуухан байлаа.
Машин барьсан хэргээр нэг башёо барилдах эрхээ хасуулж гэрийн хорионд байж чансаа бууж жюүрёод нагоягийн барилдаанд зодоглож байлаа.түүний дараа жил нь, өнгөрсөн жил л дээ, долоон сарын барилдааны дараа хайрт эцэг минь хорвоогийн мөнх бусыг мэдрүүлсэн бол энэ жил сумог тойрсон хэл ам сэнсац гараад тайван биш л байна.
Тэнхэлүүн явахад тэмээгээр тусалсанаас тэвдэж явахад нь тэвнээр тусал гэсэн зүйр үг  үнэн болохыг би өөрийн биеэр амссан. Аавын бие муудахад Налайхаас хот уруу өвчтөн зөөх орчин үеийн төнөг тохооромжтой түргэн тусламжын машин олдохгүй бид маш их тэвдсэн. Надад энэ үед Асашёорюү Давгадорж их тус хүргэсэн дээ. Түүний дараа би өөрийн зардлаар өссөн төрсөн налайхынхаа эмнэлгийн байгууллагад түргэний өндөр зэрэглэлийн орчин үеийн хоёр машинийг японоос оруулж бэлэглэсэн. Жил бүхэн нагояагийн барилдаанаас гадна эх нутгийн минь зуншилга олны амьдрал наадам сэтгэлд зэргэцэн буудаг сумод дуртай монголчууд маань өнөөдөр сумогоо үзэж чадахгүй байгаа нь харамсалтай байна. Хөл бөмбөгийн дэлхийн аврагын шигшээ тоглолт давхардсан тул спортод дуртай нутаг нэгтэн маань сэтгэлээ саатуулан дэвтээж дэвчиж байгаа болов уу гэж төсөөлж байна. Сумогийн шууд нэвтрүүлэг үзэж чадахгүй болсон нь монголчуудад төдийгүй сумог дэмжигч дэлхийн өнцөг булан дахь хүн бүхэнд их харамсалтай байгаа боловуу? Дахин ийм асуудал давтагдахгүй байгаасай гэж бодож байна.

-юу болсоныг тодорхой хэлж өгнө үү?
-Н.Ц: нийгэмд эсэргээр нөөлөөлөх бүлэглэлийн хонжворт тоглоомд оролцсон гэсэн шалтгаанаар хариуцлага хүлээлгэсэн

-  нийгэмд эсэргээр нөлөөлөх бүлэглэл гэдгийг тодруулж хэлнэ үү хэн юм бэ?
-  Н.Ц: Монголд байхгүйлдээ японы якүза,дэлхийн нийтийн хэллэг мафияатай ойролцоо бүлэглэлийн зохион явуулдаг мурийтай тоглоомд зарим нэгэн бөхчүүд ганц нэг дэвжээний багш буюу ояката мурий тавьж хялбар орлого хөөцөлдсөн гэсэн үндэслэлтэй зодог тайлах болоогүй оозэки багш бөхчүүлийг сумогийн холбоо халсан энэ бүхнийг та өөрөө японд мэдээлж байгаа сурвалжлагч зурагчин шүү дээ яагаад надаар хэлүүлж яриулах гээд байгаа юм бэ?

- Надаас илүү сумогийн орчинд амьдарч буй өөрийн чинь үг хүнд илүү итгэлтэй ойлгомжтой үнэмшилгэй гэсэн бодит шалтгаан байгаа үүнийг үндэслэж өөрөөс тань тодруулсан юм
-  Н.Ц: Үнэн үйлийг түмэнд хэргэе гэж бодож байгаа бол би байна уу та байна уу хамаарахгүй биш үү? Би сумод орсон үед японд сумогийн эд оргил үе байсан сумо бөхийн удамтай таканухана ваканухана ах дүү хоёр байлаа эсэргээр тэр үед монголд сумог мэдэхгүй байсан монголчууд барилдаж л байлаа тодорхой цаг хугацаа өнгөрсний үр дүнд угын бөхөд дуртай монголчуудын бөхийн ертөнцөд сумо гэдэг шинэ ертөнц нээгдсэн сумогоор барилдаж буй бидний хувьд баярлууштай  фэнүүд гарч ирсэн шүү. Наанадаж өнөөдөр сумо бөхийг монголчууд мэддэг сонирходог болсон цаандаж хоёр орны соёл спортын харилцаанд илт их өөрчлөлөт гарсан шүү дээ.
Тийм ч болохоор өнөөдөр сумод юу болж байна яах гэж байна гэж монголчууд маань санаа зоволгүй тэвчээртэй арван хэдэн жилийн өмнө сумог мэддэгүй байсан шигээ өнөөгийн байдалд цочирдолгүй арваад хоногийн өмнө сумод  итгэдэг байсан сэтгэлээ марталгүй долоон сарын барилдаан,цаашидын сумогийн ертөнцийг ойлгохыг хүсч байна бид бүгд ч үзэгч олноо баярлуулсан барилдаанаар та бүгдийнхээ итгэлд хариу өгөх болно. Энэ сарын барилдаанд түрүүлсэн бөхийн бай эзэн хааны цом,монгол японы ерөнхий сайдын цом ба бусад шагнал урамшууллаас сумогийн холбоо татгалзсан нь дэмжэгч түмнийхээ өмнө гэмшлээ хүлсээн бодит жишээ гэж бодно. Холбооны ерөнхийлөгч Мүсашикава ба тэргүүлэн удирдах зөвлөлийн багш ояката нар ажил албан тушаал цалин хөлсний торгууль зэргээр хариуцлаг хүлээснийг японы төдийгүй сумо сонирхогч гадаадын ертөнц мэдэж байгаа шүү дээ.

- Барил;ааны өмнөх дохио дахилгын ёслолын өдөр түүхэнд анх удаа бүх бөхчүүд уг ёслолд оролцож дохион бурхан,дэмжигч олныхоо өмнө толгой гудайлган хүлчэл хүссэн энэ талаар өөрийн чинь сэтгэгдэл
- Н.Ц: Сумо бол японы боловсрол шинжлэх ухааны яамны харьяалалтай спортын холбоо тийм ч учраас татвар хөнгөлттэй байдаг, улсын санхүүжилттэй NHKтелевиз хэдэн сая доллор сумогийн холбоонд төлж барилдааныг шууд дамжуулдаг.
хөрөнгө санхүүгийн эх үүсвэр нь ард түмний татвар NHK-д сар бүхэн төлбөр төлж байгаа иргэдийн төлбөр дээр үндэслэж буй учир бид үзэгч олны өмнө уучлал өлчил хүссэн юм япон бол ардчилсан нийгэм шүү дээ.
өнөөдөр хэн буруутай гэдгийг бид шүүхгүй үзэгч олон шүүнэ бид урьдаас илүү хөдөлмрлөх бэлтгэл дасгал хийх ёстой болов уу гэж бодож байна.
Сүүлийн хоёр сард сумогийн ертөнцийг доргиосон асуудлыг та бид хоёр олон нийтэд тийм ч амар хүргэж чадахгүй нь харамсалтай товчхондоо ийм л байна даа.

ярилцсанд баярлалаа.

  • Бичсэн Цахим Өртөө Холбоо
  • Үзсэн: 2012

Бүлэг: Ярилцлага

Би хаана хамгийн их хэрэгтэй байна, тэнд байх ёстой гэж боддог

Хөөрөлдсөн Д.Цэрэндорж, www.zamdaan.com Сан Франциско хот, 2010.1.25

Америкт сургууль төгсөөд нутгаа зорьсон залуучуудын нэг Даваабатын Сайнбаяртай уншигч таныг уулзуулья. Чикаго хотноо компьютерийн программ хангамжийн мэргэжлээр суралцаж төгсөөд америкийн хай тек компанид хэсэг хугацаанд хүчээ үзсэн тэрбээр Монголдоо очоод Медиа группийн удирдах зөвлөлд ажиллахын зэрэгцээ дэлхийн Монголчуудын интернэтийн анхны сүлжээнээс салбарлан гарсан “Цахим Өртөө Холбоо” ТББ-г удирдан чиглүүлж яваа нэгэн билээ. Монголын пүүс компаниудын ажлын байрны Job Fair 2010 for Mongolian professionals in the USA үзэсгэлэн яармагийг зохион байгуулах ажилд оролцон Америкт ирэх үеэр нь түүнтэй уулзаж ярилцсан юм. 

“Цахим Өртөө Холбоо” ТББ Монголд ямар үйл ажиллагаа явуулж байгаа талаар яриагаа эхлэх үү?

Цахим өртөө анх 1999 онд гадаадад суугаа монголчуудын e-mail сүлжээг бий болгосон. Үүнээс үүдээд дэлхий даяар тархан суугаа монголчуудын мэдээлэл солилцооны анхны портал вэб сайт ажиллаж эхэлсэн юм. Энэ нь одоогийн olloo.mn, news.mn-ээс хамаагүй эрт гэсэн үг л дээ. Тэгээд хэсэг явж байгаад хоорондоо e-mail-ээр санаа бодлоо солилцож, ярилцаж суухын оронд тодорхой үйл ажиллагаа явуулж нийгэмд хувь нэмрээ оролцуулъя гэсэн зорилготойгоор 2005 онд төрийн бус байгууллага болсон. “Цахим өртөө холбоо” гэдэг нэрээр. Түүнээс хойш тодорхой төслүүдийг хэрэгжүүлэх замаар ажиллаж байна. Сүүлийн үед хийсэн ажлууд гэвэл сонгуулийн хуульд гадаадад суугаа Монголчуудын сонгуулийн эрхийн асуудлыг тусгуулах санал оруулсан мөн Глобал сангийн дэмжлэгтэйгээр ДОХ-ын төслийг хэрэгжүүлэгч гээд үргэлжилнэ.

Уг төслийг санаачлаад дараа нь хэрэгжүүлэгч байгууллага болсон юм уу?

Тийм. Санаачлагч хэрэгжүүлэгч байгууллага гэх юмуу даа. Яагаад Цахим өртөөнд хандсан бэ гэхээр ДОХ хаанаас орж ирэх вэ гэхээр гадны улс орнуудаас л орж ирнэ. Гадаадын иргэдээс болоод, гадаад аялж яваад ирсэн Монгол иргэдээр дамжин  ирдэг учраас явахаас нь өмнө, жишээ нь Солонгос руу гэрээгээр ажиллах гээд явдаг, эсвэл энэ тэнд энхийг сахиулах гээд явдаг цэргүүдэд бид нар ДОХ-ын эсрэг яаж биеэ авч явах талаар сургалт хийдэг. Бас нэгэн ажил бол “Хаш” гэдэг төсөл. Хаш гэдэг нь гадаадад суралцаж ажилладаг монгол иргэдийн оюуны нөөц бололцоог нэгтгэх, тэр тусмаа гадаадад байгаа монголчуудынхаа мэргэжлээрээ ажиллаж, сурч байгаа монголчуудынхаа мэдээллийн баазыг бий болгох, үүнийгээ online суурьтай болгох. Жишээ нь монголд тодорхой компанид ажлын мест байгаад түүнд хэрэгтэй мэргэжилтнүүд хэрэг боллоо гэхэд энэ вэб сайтруу ороод тэнд байгаа мэдээллээ өгсөн, ажлын анкетаа, хувийн намтраа бөглөсөн хүмүүсийн мэдээллийн сангаас ороод тэдэнтэй шууд харьцах, гадаадад байгаа монголчууд болохоор монгол дахь ажлын месттэй танилцах маягаар явна. Монголд байгаа ажлын байрыг ажиллах хүчинтэй нь холбох.

Гадаадад сургууль төгсөж эх орондоо ирээд ажиллаж байгаа залуус хэр олон байна, багцаагаар 10 хүнтэй компани гэхэд доод тал нь нэгээс хоёр хүн байж чадах уу?

Яахав харьцангуй л даа. Хуучин соц орнуудад төгссөн мэргэжилтнүүд ажиллаж л байгаа. Баруунд сургууль төгссөн хүмүүс яам тамгын газрууд түүний аппаратад ажиллаад эхэлсэн байгаа. Хангалттай юу гэвэл үгүй. Миний багцаагаар бол 100 хүнтэй байгууллага дотор 3-4 нь баруунд төгссөн юм уу, нэг тиймэрхүү харьцаатай. Энэ тоо гэхдээ салбар салбар, ажиллаж буй байгууллагаасаа хамаарах байх л даа. Гадаадад суралцаад ирсэн монголчууд ажлын туршлагаас гадна сэтгэлгээний онцлогоороо ялгардаг тал бий. Тухайлбал ажил хэрэгч чанар, ажлын чадвар, шинэ технологи эзэмших, аливаа ажлыг ёс зүйтэйгээр хийх зэрэг талаараа үнэхээр ялгардаг юм билээ. Сурсан мэдлэг чадвараа хэрэгжүүлэх, менежментийг хийх, эсвэл ноу хауг нэвтрүүлэх ч тал дээр илүү. Ингээд ирэхээр гадаадад боловсрол эзэмшсэн залуучуудын хэрэгцээ орон зай их байгаа.
Хоёрт тухайн байгууллагад ороод бас ганцаардах тохиолдол байдаг. Тэгэхээр илүү олноороо байж хамтдаа баг болж ажиллах юм бол илүү үр дүнтэй. Монголд энэ залуучуудын хэрэгцээ асар их байна. Яагаад вэ гэхээр сүүлийн хэдэн жил монголын эдийн засаг асар өсөлттэй байлаа. Тэр тусмаа уул уурхай ч гэхиймүү, үүнтэй холбоотойгоор гадны хөрөнгө оруулалт эрс ихэсч байна. Louis Vuitton гэх мэт дэлхийн хэмжээний топ зэрэглэлийн брэндүүд, үйлчилгээнүүд Монголд бий болж эхэлж байна. Аялал жуулчлалын хүмүүсийн тоо ихэсч, бизнесийн аялагчдын тоо ихэсч байна.

Монголд түр болон удаан хугацаагаар ажиллаж байгаа гадныхны тоо ч эрс нэмэгдэж байна. Үүний хэрээр олон улсын жишигт нийцсэн бизнесийн үйл ажиллагаа явуулах хэмжээний чадварлаг боловсон хүчний шаардлага зүй ёсоор гарч ирж байгаа. Гэтэл тэр ажиллах хүчин нь Монголд байна уу гэхээр байхгүй. Энэ асуудлыг гадны томоохон компаниуд ч хэлдэг, засгийн газрын түвшинд ч яригдаж байгаа. Танай Монголд хүний хүний нөөцийн хомсдол бий болж байна гэж. Хэрэв энэ залуучууд ирээд өөрсдөө тэр төслүүдэд ажиллахгүй бол гадны компаниуд, хөрөнгө оруулагч тал өөрсдийн төслөө хэрэгжүүлэхийн тулд чадварлаг боловсон хүчин хэрэгтэй гээд Техасын нэг бүдүүн америк аваачаад л сарын 5-10 мянган доллараар цалинжуулдаг л байхгүй юу. Тэгэхээр яагаад энэ ажлыг монгол хүн өөрөө ядаж хоёр гурван мянган доллар аваад хийж болохгүй вэ гэсэн асуудал гарж ирж байгаа. Үүнтэй холбогдуулан эргээд төр ч гэсэн энэ дээр анхаарлаа хандуулж байгаа нь саяын үйл ажиллагаагаар илэрч байна.

Ерөнхийдөө бол Үндэсний хөгжил, шинэтгэлийн хорооноос ажлын хэсэг гараад “Зөгийн үүр” гэдэг сайхан хөтөлбөр боловсруулж байна. Засгийн газар, УИХ-д танилцуулах гээд. Манай  Цахим өртөө холбоо ч оролцоод дуу хоолойгоо өгч байгаа. Зөгий бал бурам цуглуулаад үүр рүүгээ л ирдэг. Энэ зарчмаар гадаадад байгаа мэргэжилтнүүдээ яаж Монголд авчрах вэ, ямар эдийн засгийн хөшүүрэг байх вэ, ямар нөхцлөөр авчрах вэ гэдэг асуудал одоо чухал боллоо. Гадаадаас зүгээр л ир гээд хүрээд ирэхгүй шүү дээ. Хөгжиж байгаа орнуудын, одоо хөгжсөн байгаа орнуудын түүхийг эргээд харах юм бол 60, 70, 80-аад оны Зүүн өмнөд Азийн орнууд, Солонгос, Япон зэрэг орнуудын туулаад өнгөрсөн нэг асуудал нь brain drain буюу оюуны гадагшаа чиглэсэн урсгал байлаа. Гадаадад өнөөдөр 200-аад мянган монголчууд гараад явчихсан. Эд бол манай идэвхитэй ажиллах хүчний маш том буюу 10-15% ийг бүрдүүлж байна. Тэгэхээр гадаадад байгаа монголчууд голцуу дунд ба түүнээс дээш давхаргынхан байна, сэхээтний хүчтэй бүлэглэлүүд байж байдаг.

Тэгэхээр эндээс юу харагдаад байна гэхээр өнгөрсөн 20 жилийн турш, тэр тусмаа сүүлийн 10 жилийн турш гадагшаа чиглэсэн миграц маш хүчтэй явагдсан. Хүн амын ийм чадварлаг хүчтэй улсууд нь гадагшаа гараад явчихаар оюуны гадагшаа чиглэсэн урсгал болчихно, үүнийг brain drain буюу оюуны гоожилт гэж орчуулж болно. Энэ оюуны гоожилтыг буцаагаад яаж brain gain буюу оюуны ололт болгох вэ гэдэг дээр Цахим өртөөний хийж байгаа ажлууд болон Засгийн газраас хэрэгжүүлж байгаа ”Зөгийн үүр” хөтөлбөр чиглэж байгаа. Тэгэхээр Зөгийн үүр хөтөлбөр Засгийн газарт бүр тодорхой бодлого дэвшүүлээд үүнийхээ хүрээнд жишээ нь, гадаадаас ирсэн монгол хүн монголдоо ажиллаж бизнес эрхлэхэд нь эхний 1, 2 жил татварaaс чөлөөлөгдөх жишээтэй. Эсвэл тэр хүн төрийн байгууллага, хувийн компанид амжилттай 4, 5 жил ажиллах ч юмуу тодорхой хугацаагаар ажилласны дараа тэр хүн чинь гадаадад маш өндөр үнээр сурчихсан, хувиараа сурсан бол тэр тусмаа өөрөөсөө их  хөрөнгө оруулалт хийж их мөнгө зарцуулсан, тэрийгээ нөхөх хэрэгтэй болно. Тэрийгээ яг нөхөхөд нь туслаад төлбөрийг нь нөхөн олгох асуудал. Тэгэхээр бодлого нь юу вэ гэхээр явж сураа гээд мөнгө өгөхөөр тэд нар чинь эргэж ирэхгүй, цаанаа үлдчихээд байгаа байхгүй юу. Ийм нөхцөл маш их байгаа. Харин одоо тэгэж мөнгө өгөх биш, сурсан нэгнийг нь Монголд ирсний дараа сургалтынх нь төлбөрийг нөхөж өгөх ийм бодлого руу шилжих нь зөв алхам болно.
Тиймээ, манай хүн амын 10 хувь харьд ажиллаж амьдарч байна, дундаж давхрага бараг бүгдээрээ гараад явчихсан гэдэг, гэтэл дараагийн үе нь бүрэлдэн бий болж байгаа. Тэднийг монголдоо татах талаар Баяр сайдын үед яригдаж хэлсэн боловч төр засгийн тодорхой бодлого байхгүй эрч хүчгүй маш сул байна. Хараад байхад хүмүүс буцах бас л болоогүй бололтой. Нүүдэл гэдэг чинь хэсэг бүлгээрээ бөөнөөрөө хөдлөхийг хэлэх байх. Чамгүй олон залуучууд сургуулиа төгсөөд үлдэж шингэж байна. Гол учир нь амьжиргааны өртөг, монголд хүлээж байгаа орчинтой холбоотой байх шиг. Та бүхний хийсэн Job Fair бол зөв алхам. Гэхдээ төрийн оролцоо тун бага харагдлаа, хэдхэн хувийн компани төлөөний хүнээ илгээжээ.

Үндэсний хөгжил шинэтгэлийн хорооноос хэрэгжүүлэх гэж байгаа хөтөлбөр юу вэ гэвэл засгийн газрын дараа жилийн төсөв батлах үед татварын хуультай холбоотой, гадаадад сурсан хүмүүсийн сургалтын төлбөрийг нөхөн олгохтой холбоотой санаануудыг дэвшүүлж төсөвт суулгах, ямар нэгэн эдийн засгийн болоод ахуйн орчинг нь шийдэх талаар асуудал дэвшүүлж байгаа. Ойрын нэг хоёр жилээс ийм алхам хийгдэх байх гэж найдаж байгаа. Ерөнхий сайд Баяр хажуудаа Xилийн чанад дахь монгол иргэдийг хариуцсан зөвлөл гэж нэг агентлаг байгуулсан. Уг нь энэ агентлагийн удирдах зөвлөлд дандаа яамдын сайд, дэд сайдууд орж байгаа учир асуудлыг хурдан шийдэх боломжтой. Энэ улс саяны Job Fair-ийг зохион байгуулаад явж байх ёстой байсан. Цахим өртөө бол энэ төслийг урьд нь санаачилж байсан утгаараа энэ удаад Боловсролын яамтай хамтраад явж байна. Тэгэxээр залуучуудад гэж хандаж хэлэхэд манай залуучууд шууд буцья гэхэд мэдээлэл дутсанаас болоод бэлэн биш байх шиг байна. 

Би сая харлаа. DC, Сан-Францискод. Ширчингийн Баатар ах шиг, эсвэл физикч Ундраа шиг заавал тийм онцгой байх албагүй. Бүгдээрээ Харвард төгссөн байх албагүй. Гэхдээ нөгөө хүүхдүүд маань амжилттай төгсөөд, хэдэн жил мэргэжлийн туршлага хуримтлуулсан нь хэд байна гэхлээр цөөхөн байна. Бас тэгэхээр 20 жил гэдэг маань багадаж байна нэг талаараа. Дахиад 5 жилийн дараа энэ сурч байгаа мянган оюутан төгсөөд 4, 5 жилийн туршлагатай болчихсон байх болно. Ажлын тодорхой туршлагатай нь ирэх хэрэгтэй. Нэгэнт зах зээлийн эрэлт хэрэгцээ нь байгаа үед ирээд өөрийнхөө хувь нэмрийг оруулж чадах юм бол монголд одоо өндөр цалин авах боломж бий болж байна. Зарим нь зүгээр сургууль төгсчихөөд хангалттай туршлага хуримтлуулаагүй улсууд Монголд ирээд хана мөргөж байх тохиолдол ч байна. Танил тал ч байхгүй компани нь ч нэг их хүлээж авахгүй, өөрөө ч нэг их сайн боловсорч чадаагүй. Үнэхээр тэр хүн том банкинд ажиллаад ноу-хау-г мэдчихсэн ирээд Хасбанк ч юмуу банкуудад шинэ санааг өгөөд сайн ажиллаад явах юм бол компани нь тэр хүнээ алдахгүйн тулд 1500, 2000 доллар өгөхөд бэлэн байна. Яахав 600, 1000 долларын цалинтай эхлээд 1500 доллар авч байгаа залуучуудыг би зөндөө мэднэ. Хоёр жилийн өмнө 1500, 2000 доллар авдаг хүн Монголд цөөхөн байсан. Одоо ийм цалин авах нь жирийн үзэгдэл болж эхэлж байна. Цаадуул нь өгч эхэлж байгаа байгаа юм л даа. Зах зээл өөрөө шаардаад ирэхээр.

Дан ганц хувийн компаниуд л чадаж байна гэсэн үг үү?

Тийм хувийн компаниуд гол нь байгаа. Төрд одоохондоо тийм хэмжээний цалин төсөв байхгүй. Төр бол хамгийн бага цалин өгдөг. Одоо бидний хийж байгаа Job Fair бол одоо сурч байгаа, төгсөх гэж байгаа, төгсөөд нэг хоёр жил болж байгаа улсуудад Монголд ийм боломж байгаа шүү, нэг хоёр жилийн дараа, та нар ер нь бодолтой байгаарай, ийм мэргэжлээр суралцвал дээр шүү, одоогоор бидэнд ийм ажлын байр байна, иймэрхүү цалингийн бололцоо байна гэсэн мэдээллийг хүргэх. Эхний ээлжинд монголын хувийн байгууллага, компаниуд гадаадад байгаа монголчууд бие биенийгээ таньдаггүй улс шиг байлаа шүү дээ. Танихгүй улсууд бол гудамжинд танихгүйгээр л зөрдөг. Сайн уу гээд гар барихад бас дараагийн яриа хэлцэл хийгдэж эхлэнэ. Тэгэхээр бид эхний удаа Сайн байна уу гэж гараа барих, танилцах тэр юмыг хийж байна гэж үзэж байгаа. Дараа дараа жилийнх илүү амжилттай болоод олон залуучууд шууд ажлын байртай болоод явах тийм бололцоо бий. Гэхдээ гадаадад байж байгаад Монголдоо буцаж ирсэн залуучууд өнөөдөр амжилттай явж байгаа маш олон жишээнүүд бий. Амжилтгүй байгаа жишээнүүд ч бий. Гадаадад төгсөөд энд сурч байгаад ирсэн хүн болгон чадвартай биш байна. Хүнээсээ л хамаарч байна.

Энгийн зарим нэг жишээ рүү орж ярья. Америкаас ажлын дадал туршлага, зохих хэмжээний санхүүгийн хуримтлалтай буцаж очоод жижиг дунд бизнес эрхлэх орон зай, бизнесийн орчин ямар байна вэ?

Бололцоо бол хангалттай бий гэж бодож байна. Монгол улс зах зээлийн эдийн засагтай болоод хорин жил болж байна. Энэ юу вэ гэвэл Монгол улсын эдийн засаг монголын бизнес ийм л хэмжээний туршлага хуримтлуулсан, ийм л хэмжээний орон зай нөхөгдсөн байна гэсэн үг. Тэгвэл америкийн гудамжинд өнөөдөр явж байгаа байгаа бүх сервис Монголд байна уу гэвэл байхгүй. Тэр газруудыг нээх бололцоо бий юу гэвэл бий. Яахав шат шатандаа монопол болчихсон, их мөнгөтэй компаниуд цохих, шахах асуудал гарна. Гэхдээ л бололцоо бий. Вьетнамууд хоосон шахуу орж ирээд автозасварын газар нээчихээд ажилттай ажиллаад байна гээд Баабар гуай тодорхой жишээ авсан байдаг даа. Тэр бол үнэн. Одоо Монголд цахим худалдааны бизнес хөгжөөгүй, холбогдох хууль нь батлагдаагүй зэрэг төрийн зохицуулалт хүлээгдэж буй олон салбар бас бий. Ер нь бол шинээр сэтгээд зориод хийх гэхээр зарим юман дээр хууль зүйн орчин тогтолцоо нь байдаггүй тал бий. Цаад суурь нь байхгүй. Монголын зах зээл жижиг гэсэн тийм асуудал байдаг. Тэгэхээр гадны зах зээл рүү хандсан бизнес хийх нь чухал.

Монголд интернэт хэрэглээний ерөнхий түвшин, ашиглалт боломжийн байгаа гэдэг. Нүүрээ хараад мессенжерээр харилцдаг болсон энэ үед манай интернэт провайдерийн үйлчилгээний чадвар боломж хэр ажиллаж байна вэ?

Миний бодлоор дунд ба түүнээс дээш хэмжээтэй компаниуд бүгд интернэт холболттой байгаа. Интернэт бол Монголд сайн дэлгэрсэн. Нэг сонин жишээ дурдая. Би Монголд 2007 оны намар буцаж очсон. Очоод 6 сар Чикагод дахь ажлаа интернэтээр хийсэн. Тухайн үед доод тал нь 512-ын хурдтай холболтоос ажлаа хийх шаардлагатай байсан. Тухайн үед 250 доллар төлж байж 512 хурдтай интернэт хэрэглэж байж би ажлаа хийдэг байсан. Гэтэл одоо MCS компани Мэдээлэл, харилцаа холбооны технологийн газраас хамтран хэрэгжүүлсэн төслөөр интернэтийг өргөн зурвасаар орон даяар холбож их ажил хийж хэрэгжүүлсэн байгаа. Өнөөдөр  512-ын хурд айл болгонд холбогдсон байна. Сард 20 мянган төгрөг төлж байна. Энэ бол том дэвшил шүү, тийм ээ?

Ямар нэгэн лимит байна уу, цагийн зааггүй хэрэглээ биз дээ?

Хязгааргүй хэрэглээтэй, хугацаагүй. Хурд нь 512. Хоёр жилийн өмнө 250 доллар байсан бол 20 мянган төгрөг болсон. Энэ бол хөгжил. Монгол маш хурдан хөгжиж байна. Маш олон бизнес хаа сайгүй болж, барилга байшин хаа сайгүй баригдаж байна. Санхүүгийн хямрал монгол орныг айхтар нэрвэсэнгүй гэж би хувьдаа үзэж байна. Хямарсан, гэхдээ үй олноороо Америк шиг ажилгүй болсон халагдсан тийм юм байхгүй. Манай компани лав цомхотгол огт хийгээгүй. Цалингаа хасаагүй. Харин ганц нэг банк дампуурлаа.

Лос Анжелест суудаг нэг залуу монголын ТВ сувгийг интернэтээр аваад цааш өргөтгөн дамжуулж ТВ-ээр үзүүлдэг үйлчилгээ нээсэн юм. Одоогоор монголын 4-5 суваг гарч байгаа. Нэвтрүүлэг харж байхад манай ТВ их залуужиж, тэдний гоо зүй этик, харьцааны соёл их өнгөлөг бас өөдрөг болжээ. Залуу уран бүтээлчдийн чадалтай, зоригтой хийсэн сайхан кинонууд олон гарсан байна. Энд суугаа бидэнд тэгэж хүрч байхад монголд байгаа та нарт анзаарагддаг биз дээ?

Монголын телевиз олон болсон. Тэрүүгээр гарч байгаа нэвтрүүлэг нэлээд бодитой гэж би үзэж байна. Нийт үзэгчид массын хувьд мэдээж менталитет өөрчлөгдөхөд их хугацаа шаардагдана. Гэхдээ залуу үе хурдан эргэдэг, залуу улс ихтэй, ийм залуу цустай орны хувьд залуужих тусмаа тэдний харилцаа маш соёлтой болж байгаа. Тэдний  үзэж байгаа кино, ийш тийшээ явж нүд тайлсан байдал, ирж очиж байгаатай холбоотой асуудал бий. Гэхдээ л Монголд үйлчилгээний соёл дутмаг. Түрүүн би ярьсан даа, манайд хүний хэрэгцээ маш их байгаа гэж. Сайн үйлчлэгч хүртэл хэрэгтэй байна. Таван одтой Тэрэлж зочид буудалд тайланд, филиппин хүмүүс ажиллаж байна. Монгол хүн буудлын ажлаа ч хийж чадахгүй байна гэж үү? Үйлчилгээний соёлд бид суралцахгүй байна. Үйлчилгээний соёлоор утасны оператор, банкны салбарынхан харин гайгүй. Гэхдээ л маш сайн үйлчилгээтэй ресторанууд одоо л бий болж эхэлж байна. Сэтгэлгээний өөрчлөлт хэрэгтэй байна.

Дээхэн үед гаднын мэргэжилтэн гэхээр бүгдийг шийддэг, төсөв санхүүг атгадаг, хамгийн өндөр цалин авдаг байсан. Одоо байдал хэр өөрчлөгдсөн бол? 

Гаднын мэргэжилтнүүд ихэссэн байна. Энэ асуудал хоёр талтай. Гадныхныг дагасан шийдвэр гаргадаг төрийн, монголчуудын оролцоогүй шийдвэр гаргаад явчихдаг олон улсын байгууллагууд байна.

Санхүүжилт нь тэндээс учраас гэж үү?

Тийм, санхүүжилт тэндээс байгаа учраас. Харин монгол компаниуд гадныханд их мөнгө төлөөд гадныхныг зөвлөхөөр ажиллуулж байгаа тохиолдол ч байна. Тэр тохиолдолд монголчууд business owner учраас өөрсдөө шийдвэрээ гаргаж байгаа. Энэ бол маш сайн үзүүлэлт. Тэднийг хараад жижигрээд байхгүй, дороо байгаа ажилтан гэж үзэж байгаа. Капитал групп ч юм уу, MCS ч юм уу томоохон компаниуд дээр бол тийм байдалтай болчихсон. Ерөнхийдөө том хэмжээний бүтцийг удирдах СEO буюу мэргэжлийн гүйцэтгэх захирлууд бий болчихлоо. Энэ бол хөгжлийн жам. Гэхдээ дээр нь сайн багтай байх хэрэгтэй.

Залуучууд хаанаас голлон мэргэжил боловсрол эзэмшээд нутагтаа очиж байна вэ, Япон, Солонгосоос уу, эсвэл Орос, Европ, Америкаас байна уу?

Аль альнаас нь байгаа, Японоос, Америкаас, Германаас сургууль төгсөөд их ирж байна. Хятадад боловсрол эзэмшсэн хүмүүс бас их болсон. Солонгосоос байна. Лондонд боловсрол эзэмшсэн залуучууд их ирж байна. Австралиас ч ирж байна. Хамгийн их ирж байгаа гол дөрвөн орныг нэрлэх юм бол Америк, Герман, Англи, Япон. Гэхдээ тоо нь чамлалттай шүү дээ. Гэхдээ би нэг юмыг хэлж чадна. Энэ орнуудад төгсөөд ирсэн залуучууд ажил дээр гараад  өөрчлөлтийг хийж чадаж байна. Монголдоо ажиллаж амьдрахын гайхамшигтай тал нь энд байгаа юм. Бид Америкийг, Германыг, Японыг ч юм уу хөгжүүлэх гэж боловсрол эзэмшсэн биш. Тэр орнуудын нийгмийн эрэг шураг болох гэж боловсрол эзэмшээгүй. Монголынхоо төлөө ажиллах гэж эзэмшсэн. Монголдоо ирээд ажиллая. Хэдийгээр Америкт авч байгаа цалингаа Монголд ирээд авч чадахгүй байсан ч гол нь амьдралын утга учир хаана вэ гэдэг дээр шийдвэрээ гаргах хэрэгтэй байх.

Би боддог: Хүн хаана хамгийн их хэрэгтэй байна, тэндээ л байх ёстой. Энэ мөчид би Чикагод юм уу Сан-Францискод биш Улаанбаатарт илүү их хэрэгтэй байгаа, тэр утгаараа илүү үнэ цэнэтэй баялгийг бүтээнэ. Мөнгөөрөө би илүү үнэлүүлэхгүй байж магадгүй, гэхдээ бусад value үнэ цэнээрээ монголдоо илүү үнэ цэнэтэй байна. Хоёрдугаарт, хувь хүний үүднээс төрдөг нэг юм бол Монголдоо ажиллаж амьдраад тодорхой үр бүтээлтэй байж, өөрийн орчинд нөлөөлж, мэдсэн сурснаа зааж, нийгмийн соёлыг төлөвшүүлэхэд бага ч гэсэн хувь нэмрээ оруулж байдаг учраас амьдралаас хүртэх мэдрэмж нь үнэхээр урамтай. Тэр нь их гоё санагддаг.

Монголд сургууль төгслөө, тэгээд ажил эрдэг, олддоггүй, боловсрол мэдлэг чадвар дутуу болоод тэр үү, ажлын байр бол хангалттай бий гээд байгаа?

Монголд төгссөн залуучууд бүгд ажилд орж чадахгүй байна. Ажилд орох гээд ирдэг. Гэхдээ тавигдсан шаардлагыг хангаж чадахгүй байна. Энэ бол эргээд манай боловсролын тогтолцоотой холбоотой. Дан ганц тэдний буруу биш. Гэхдээ манай залуучууд их залхуу байнаа бас. Жишээ нь залуус яг ажлын анкет, CV гэх зэрэг наад захын мэдэгдэхүүнгүй байх нь элбэг. Ажлын байр нь байгаад байдаг, гэтэл тэнцдэггүй. Дээр нь хийх ажлын байр үүрэг функц нь тодорхойгүй, хүний нөөцийн менежмент нь тааруу тал их ажиглагддаг. Хаа хаанаа байна. Гэхдээ сайн, чадварлаг төгссөн хүүхдүүдийг томоохон банк, пүүс компануид шууд шилээд авчихдаг болсон. Жишээ нь MCS бол МУИС төгсөж байгаа хүүхдүүдийг 3-4-р курсээс нь онилж байгаад сонгоод авдаг юм билээ.

Дотооддоо суралцаж төгссөн залуусын англи хэлний ерөнхий түвшин хэр байна?

Нийтдээ англи хэлжих процесс их хүчтэй явж байна. Энэ бол сайн хэрэг шүү. Гэхдээ л хэлтэй хүмүүсийн хэрэгцээ маш их байна.

Сургалт муу байна уу, суралцаж байгаа талдаа байна уу?

Монгол бичгийн хэл, албан бичгийн хэл нь муу байна, дээр нь харилцааны чадвар маш дутмаг байна. Америкт ажилд ороход тавигддаг зарчим нэгд мэргэжил гэхээсээ илүү харилцааны чадвар, хоёрт, хүнд үйлчлэх чадвар, гуравт мэргэжлийн чадвар орж ирдэг. Манайхан мэргэжилдээ гайгүй байж магадгүй, гэхдээ харилцаа, үйлчилгээ соёл бол маш муу. Их хаадын удмын, дандаа бүгдийг эзэмшиж, захирах дуртай байсан уламжлалт сэтгэлгээтэй холбоотой байх. (инээв) Мөн манай боловсролын системийг гүн харах юм бол боловсролоо үнэгүйдүүлж байна. Энэ нь юу вэ гэхээр төрийн сонгууль, хоёр намын буруу өрсөлдөөнтэй холбоотой. Сонгуульд нэр дэвшихдээ “Өө та нарын сургалтын төлбөрийг үнэгүй болгож өгнө, багасгаж өгнө” гэж хэлж гарч байгаа. Гэтэл жамаараа, нийгмийн зах зээлийн шаардлагаараа чанартай боловсрол нь өндөр төлбөр, сайн бааз суурь, өндөр цалинтай багш нар дээр суурилдаг.

Тэгэхээр МУИС ч юмуу эсвэл аль нэг хувийн сургууль үнээ нэмэх гэхээр Боловсролын яам, Засгийн газраас үнээ нэмж болохгүй ээ, сонгуулиар тэгээд амласан гээд үнээ нэмж болдоггүй. Тэгэхээр нөгөө газрууд нь хангалттай мөнгө авахгүй байгаа болохоор хангалттай материаллаг бааз бүрдүүлж чадахгүй, багш нартаа хангалттай цалин өгч чадахгүй болдог. Тэгэхээр нөгөө гадаадад төгсөөд доктороо хамгаалаад ирсэн улсууд чинь тэнд юу гэж сарын 300 мянга төгрөг аваад багшлаад сууж байх юм бэ. Тэр улсууд чинь ажлаа хийхгүй, зөвхөн зүрх сэтгэл гаргаад манай Цахим өртөөний Сэрдарам багш шиг улсууд өөрийн дураар, ажилдаа хайртай учраас багшлаад явж байна. Яг амьдралаа бодох юм бол хэн ч тэнд багшлахгүй болчихоод байгаа байхгүй юу. Тэгээд нөгөө л нэг хуучин сэтгэлгээтэй улсууд байгаад байдаг, бага цалинтай. Тэгээд их сургуулийн багш нар бол ерөөсөө, сайн багш нар байгаа бол зарим нь зүгээр нэг лекц уншаад л гараад явчдаг, оромддог тийм нөхцөл харагдаад байгаа байхгүй юу. Тэгээд миний хэлэх гэж байгаа зүйл бол эцсийн дүнд, хямд үнэтэй сургалтын төлбөр нь хямд материаллаг бааз, хямд багшийг олгодог. Хямд багш болохоор хямд мэдлэгийг оюутнуудад өгч байна. Хямд мэдлэгийг авч гарсан хүмүүс нийгэмд гарч ирэхээрээ хямд ажиллах хүчин болоод хямдхаан бүтэгдэхүүнийг гаргаж ирнэ. Энэ чинь зах зээлийн зарчмаар бол бүгдээрээ үнэтэй байх естой зүйл. Боловсрол үнэтэй байх ёстой. Маш өндөр үнэтэй байх ёстой. Өнөөдөр МУИС-ын төлбөр наад зах нь 3000 доллар байж байж тэндээс чадварлаг оюутан гарна. Монголд дээд боловсролтой хүн дутуу биш. Монголд чадварлаг дээд боловсролтой хүн хэрэгтэй байна.

Өнөөдөр техникум гэдэг юмыг манайхан тоохгүй болчихож. Миний бодлоор бол чадварлаг цөөн тооны боловсрол олгодог тийм их сургуулиуд хэрэгтэй юм болов уу. Тэгээд яахав сургалтын төлбөр өндөр, зөвхөн мөнгөтэй нь сур гэж байгаа юм биш. Сурах авьяас чадвар мэдлэгтэй, хүсэл тэмүүлэлтэй ч ядуу, боломжгүй тэр хүүхдэд төрөөс тэтгэлэг өгөх бололцоо нь байж байх ёстой тийм үү? Эндэхийн FAFSA шиг. Би түрүүн техникумын талаар дурдсан. Маш сайн тогооч бол хаана ч очсон чаддаг юмаа хийнэ. Өөрийнхөө чаддаг юмаа хийнэ. Зах зээлийн шалгарлаар л явагдах ёстой. Бүгдийг нь заавал эдийн засагч болгох гээд төр нь санаа зовоод, аав ээж нь санаа зовоод, сургууль нь санаа зовоод байх шаардлагаүй. Тэгээд энэ техник мэргэжлийн сургуульд сураад төгс л дөө. Яг нарийндаа гагнуурчин хийх хүн Монголд олдохгүй байгаа байхгүй юу.

Би нэг жишээ дурдая “Өдрийн сонин” дээр, нэг том компани өндөр цалиндаа ажилд гагнуурчин авах зар тавиад хэрэгтэй чадварлаг гагнуурчин олох гэж зовж байсан. Тэр хүн нь олдохгүй болчихсон байна ерөөсөө. Зарим ажлын байрууд дээр болохоор ерөөсөө хүн ирдэггүй. Монголын телевизүүдэд сайн найруулагч хэрэгтэй байна, сайн сэтгүүлч хэрэгтэй байна, сайн нэвтрүүлэгч хэрэгтэй байна. Гэтэл кино үйлдвэрийн дээд сургууль, кино операторын сургууль гээд монголд их олон төгсөгч гараад л байдаг. Шилээд авахаар хүн олддоггүй, ерөөсөө тэнцэхгүй байгаа байхгүй юу. Та өөрөө телевизээр зах зухыг нь харж байгаа байх, ямар түвшний юм яриад явж байгааг. Одоо монголд мундаг MBA-гүүдээс гадна, чадварлаг мэргэжлийн ажилчид хэрэгтэй байна. Уул уурхайн салбарт тэд нэг сая төгрөгийн цалин авах бололцоо нээгдэж байна.

Яаж ийгээд гадагшаа гаръя гэсэн яриа одоо хэр их сонсогддог вэ?

Харьцангуй нэг үеэ бодвол багассан ч юмуу. Гадагшаа гарья гэсэн хүсэлтэй улс их бий. Тэрийг бол үгүйсгэхгүй. Гэхдээ Монголдоо гадаадад байгаа шиг амьдрах тийм нөхцөл ерөнхийдөө бүрдэж эхэлсэн гэж хэлж болно. Юмны үнэ, бараа таваар, үйлчилгээ бүгд бий болсон. Яг Америкт байгаа юм шиг амьдраад байдаг хүмүүс бас байна шүү дээ.

Технологийн талаар юм асууя, Манайхны хэрэглээ, технологийн хувьд америкийн зиндаанд дөхөж очих уу. Тухайлбал local network, security… гээд?

Local network хийх гэхээр ихэнхи виндөүсийн үйлдлийн систем нь хууль бус, вирус их, вирусын жинхэнэ програм ховор, тэгэхээр сүлжээ байгуулах гэхээр аюулгүй байдлын эрсдэл ихэсдэг. Тэр утгаараа дотоод сүлжээтэй газрууд байдаг ч тэр нь тийм ч нийтлэг биш. Ер нь айТи секюрити бол маш хоцрогдолтой гэж л хэлнэ. Хийгдэж байгаа юмнууд байна, ер нь хийгдэх нь ч ойлгомжтой. Энэ тал дээр ахиц гарсан уу гэвэл гарсан тэгэхдээ илүү хурдан хийгдэх хэрэгтэй. Аюулгүй байдлын камер зэргийн юм бол харин их нийтлэг болж байх шиг.

Цахим өртөөний гишүүдийн дунд их яригдаж бичигддэг сэдэв бол дэлхийн олон оронд байгаа язгуур угсаа нэгтэй монголчууд. Буянбадрах та нар явж сурвалжлага хийсэн байсан.

NTV телевизийн NTV продакшнаас “Монголоо хайсан Монгол” нэртэй аян замын нэвтрүүлэг хийсэн. “Дэлхийн монгол айл” гэдэг баримтат киноны зураг авалтын ажлаар дэлхийн хэд хэдэн орноор аялаад ирсэн. Энэ ажлаар Энэтхэг, Афганистанд би хамт явсан. Афганистанд олон сая хазарчууд байна. Хазарчуудын амьдрал маш хүнд юм билээ. Афганистан орон өөрөө дайны байдалтай. Тэгээд энэ хазарчууд олон зууны турш Чингисийн үр сад хэмээн хардаж, монгол царайтай болохоор монгол гаралтай гэж үзэгдэж нөгөө паштунуудад жишээ нь олон зуун жилийн турш дарлагдаж, зовж ирсэн юм байна. Ер нь бол эрчүүдийг нь байнга доромжилж боолын ажил хийлгэж, эмэгтэйчүүдийг нь хүчирхийлж 2, 3-р зэрэглэлийн боолын шатны тийм иргэд гэж гадуурхагдсаар ирж. Буш афганд цэргээ оруулсан нь хазарчуудын хувьд хувь зохиол болсон юм шиг санагддаг юм. Афганистанд засаг барьж байсан талибаны дэглэмийг буулгах үед хазарчуудыг хамгийн ойрын стратегийн түнш болгожээ. Хазарчууд түүхэндээ анх удаа 21-р зууны босго давж байж дээд боловсрол эзэмших, төрийн тодорхой албанд ажиллах зэрэг эрхээр хангагдсан байна. Тэгэхээр олон зууны ийм турш харанхуй бүдүүлэг явж ирсэн учраас бичиг үсэггүй улсууд их байгаа. Тэгээд хазара оюутнуудтай дунд сургуульд очоод үзэхэд монгол зүс царайтай, хэрэглэж байгаа үгэн дунд нь монгол үг явж байдаг юм билээ.

Монгол угсаа гарлын тухайд манай түүхч судлаач нар тогтоох ёстой. Хазарчуудын тухай нэг ч ном материал монгол хэл дээр байдаггүй, ерөөсөө судлагдаагүй юм байна. Тэгэхээр манай түүх судлал өөрөө нэлээд явцуу, залуу юм аа даа. Монголд ер нь перс хэлтэй түүхч ховор юм байна. Миний мэдэхээр манай Цахим өртөөний доктор Баярсайхан, Киотод сурч байгаа Мандхай нар перс хэл үздэг юм байна. Ингээд баримтат киноны аялалаас буцаж ирээд Хазарчуудаас хоёр гурван оюутанд Цахим өртөөний оюутны тэтгэлгийг авч өгөх талаар өртөөний нөхөдтэйгээ санал солилцоход бүгдээрээ дэмжсэн. Тэгээд бид Боловсрол соёл шинжлэх ухааны яамтай хамтран 3 хазар монгол оюутныг 5 жил хоол, байр бүх юмыг нь даагаад МУИС-д үнэ төлбөргүйгээр сургаж, нэг удаа ирэх очих замын зардлыг нь даахаар болсон. Ерөнхийдөө бол Монгол туургатнаа дэмжиж төрийн зүгээс хувийн иргэдийн санаачлагаар ийм хэмжээний тэтгэлэг өгч байсан тохиолдол бол ховор байх аа. Тэгээд ямар ч байсан энэ хазар хүмүүсийг монголдоо авчирч хоёр үндэстний хооронд тодорхой холбоо тогтоох эхлэл тавигдсан байгаа. Түүх, мэдээллийн технологи, монгол хэл судлалаар 3 хазара оюутан маань монголд одоо сурч байна. Бид зориуд бодлоготойгоор ийм ийм мэргэжлээр сонгож авсан юм.

Яаж сонгож авав, ирээд удаж байна уу, монгол хэл хэр хурдан сурч байна?

12 дугаар анги төгсч байгаа хүүхдүүдийн дунд шалгаруулна гээд хэдэн сарын өмнөөс зарлаж дунд сургуулийн ханын самбар дээр, хазарчуудын хэвлэл мэдээллийн сувгаар англи хэл дээр зар тараасан. Тэгээд нэлээд олон анкет ирсэн. Тэр дундаас сонголтоо хийсэн. Нөгөө л олон улсын стандарт жишгээр л дээ. Гадаадын сургуулиуд тэтгэлэг ямар шалгуураар олгодог билээ тэндээс л санаа авсан. Нэгд сургуулийн дүн, хоёрт ар гэрийн нөхцөл байдал, гуравт нийгмийн идэвхи, дөрөвт өөрсдийнх нь тэр эрхэм зорилгоо яаж тодорхойлж байгаа зэргийг гол нь харсан юм. Ирээд 9 сар орчим болж байна. Сүүлд шинэ жилийн үеэр л уулзсан. Монгол хэл нь сайжирч л байгаа юм байна лээ. Яахав Монголд байгаа болохоор монгол хүүхдүүдтэй англиар яриад байх юм гэж байсан. Ямар ч байсан жилийн дотор хэлний курсээ төгсөөд үндсэн ангидаа орох ёстой байгаа. Ерөнхийдөө энэ 3 хазар монголыг 5 жилийн тэтгэлэг олгоод сургууль байрыг нь төрөөс дааж байгаа. Хоол, унд бусад зардал нь сард 300-гаад доллар болдог. Энэ далимд гадаадад суугаа монголчуудыгаа энэ гурван монгол угсааны хазар оюутныг дэмжээд Цахим өртөөний оюутны тэтгэлгийн санд хандив нэмэрлээрэй гэж уриалмаар байна. Манай вэб сайтруу ороод шууд төлж болно. Ганц доллар ч багадахгүй. Бид бүх санхүүгийн тайланг нээлттэй байлгадаг. Хандив өгсөн хүмүүсйн нэрсийг вэбсайтандаа жагсаагаад үлдээдэг.

Цахим өртөөний гишүүдээс Отгончулуу төрийн албанд, Байка та нар медиа салбарт орчихсон яваа. Цаашдаа улс төрд орох бодол төрж байна уу. Карьер хөөхийн тулд аль нэг намд элсдэг шат дамжлага бий гэдэг.

Намд орсон нь дээр, намд элсээч гэсэн урилга ирж л байдаг. Миний хувьд тийм бодол одоогоор алга. Гадаадаас ирээд улстөрд оролцоё гэсэн залууст хоёр асуудал тулгардаг байх. Би үүнийг шууд хэлчихье гэж бодож байна. Монголд ирээд нийгэмд тодорхой өөрчлөлт хийхийн тулд гадаадад төгссөн залуучууд гуравдахь хүчин болж гарч ирж болно. Ийм сонголт байж болно. Нөгөө нь Ардчилсан нам, Хувьсгалт нам гээд тогтсон улстөрийн хүчинд ороод өөрснийхөө нөлөөгөөр дээшээ гарч доторхи үйл ажиллагаанд нь идэвхитэй оролцож, нэг ёсондоо дотроос нь эмчилж болно. Шүүмжлээд суух нэг хэрэг. Тодорхой үйлдэл хийх хэрэгтэй. Үүнийг улстөржиж байна гэж ойлгох хэрэггүй. Идэвхтэй оюунлаг хэсэг нь оролцохоос аргагүй. Яагаад гэвэл тэдний оюуны чадамж төрд хэрэгтэй байгаа. Нийгмийн чадварлаг хэсэг нь хойшоо суугаад байвал чадваргүй хүмүүст боломж, орон зайг бий болгож, тэгээд л нэг өдөр өөрийн тань өмнөөс өөрийн тань, үр хүүхдүүдийн тань хувь заяатай холбоотой асуудлаар буруу зөрүү шийдвэр гаргаад эхэлнэ.

Тодорхой зүйлүүд дээр манай төрийн эрх баригчид ямар бусармаг алхам хийж байгааг өнгөрсөн түүх зөндөө харууллаа. Заримдаа тэдний буруу байсан, эсвэл бүр зорилготойгоор хийсэн алдаанууд бий, бас туршлага дутсан асуудал ч бий байх. Гуравт, монгол төрд ёс зүйгүй байдал их хавтгайрч байна. Энэ их бэлэн мөнгөний амлалтуудыг хар л даа. Сонгуулиар мөнгө тараадаг нь нийгэмд энгийн үзэгдэл болсон байна. Төрийн ноён нуруутай улс төрч, statesman хүн маш ховор байгаа. Ийм хүмүүсийг цэвэрлэхийн тулд аль нэг намд орж цэвэрлэх хэрэгтэй байх. Шинээр нам гарах боломж бага. Хэвлэл мэдээлэл, сум дүүрэгт ямар ч дэмжлэггүй, мөнгөгүй бол эд нар бяц дарна. Дээрхи хоёр намд ялгарал гэх юм бараг алга байна. Тэд хувийн эрх ашгийн хувьд нэгдмэл, намын эрх ашгийн хувьд хуваагдмал байна. Гэтэл үндэсний эрх ашиг гэж юм байх ёстой биз дээ?

Манай бизнесийн орчинд авилга хахуулийн механизм үйлчилсэн хэвээр үү. Ажил хийж явaхад арга буюу тийм замаар шийдэх хэрэгцээ шаардлага гарах юм уу?

Би тэгэж бодохгүй байна. Надад бол одоогоор авилгал авая, өгье гэсэн тийм тохиолдол гараагүй. Ерөнхийдөө бид зах зээлийн нийгэмд харилцаанд ороод 20 гаран жил болж байна. Зах зээлийн цэвэр хууль үйлчилж байгаа орчинд коррупцигүйгээр цэвэр бизнес хийх боломж олдож байна. Цэвэр өрсөлдөөний зарчмаар явж байгаа бизнес монголд олон бий. Авлига бол Монголд бол бий, тэрийг бид байхгүй гэж хэлвэл худлаа хэлсэн хэрэг болно. Харамсалтай нь авлигал бол хаана ч байдаг л зүйл. Америкт ч байдаг. Харин ямар түвшинд вэ гэдэгт учир нь байгаа бол уу.

Америкт сургууль төгсөөд буцахдаа нилээд бэлтгэлтэй очсон байх. Монголд очоод дутагдсан юм юу байна. Эндээс буцаж байгаа хүн юу анхаарах хэрэгтэй вэ?

Надад бол мэдэхгүй чадахгүй, дутагдаад сүйд болсон юм гайгүй шүү. Одоогоор хүчтэй мэдэгдээгүй, гэхдээ байнга л шинийг эрэлхийлж өөрийгөө хөгжүүлэхийг зорьдог. Би мэдээллийн технологийн хүн учраас мэдэхгүй асуулт ч юмуу сайжруулах шаардлагатай юм байх юм бол Гүүглээс дор нь уншаад ойлголттой болдог. Хийх явцдаа сурах буюу Learning by doing гэж үг байдаг. Энд гэж хэлэхэд би америк боловсролыг үнэхээр сайн гэж бахархалтайгаар хэлж чадна. Удирдах албан тушаалд бол маш сайн төлөвлөх, сайн харилцах, сайн тайлагнах чадвар маш чухал байдаг. Үүнийг Америкт их сайн заадаг. Харилцааны соёлыг нийгэм нь өөрөө өндөр түвшинд сургадаг. Харин ирж буй хүмүүс ихэнхи нь нэг хэсэгтээ соёлын шоконд ордог. Очоод би л лав жилийн турш соёлын ялгааны шоконд байсан. Арваад жил америкт суугаад эргээд очиход манай хүмүүсийн харилцаа, нийгмийн харилцаа бүх зүйл надад их өөр болчихсон санагдсан. Нэг хэсэгтээ гадаад хүн шиг байсан гэж ойлгож болно. Одоо бол соёлын шокноос гаралгүй яах вэ. Харин соёлын шокноос бүрэн гарахыг хүсдэггүй. Соёлын шок хүнд хэрэгтэй. Ер нь бүрэн уусахгүй л байх ёстой. Тийм ч учраас би Америкт ирээд урьд нь анзаараагүй юмнуудаа дахиж хараад цэнэглэж байгаа. Аль болох байнга ирж очиж цэнэг авч байх хэрэгтэй юм шиг.

За, цаг зав гарган дэлгэрэнгүй ярилцсанд баярлалаа, эх орныхоо ирээдүй сайн сайхны төлөө ухаан бодлоо уралдуулан улам эрч хүчтэй ажиллаарай!

  • Бичсэн tserenbat_d
  • Үзсэн: 2812

Бүлэг: Ярилцлага

Ч.Энх-Эрдэнэ: Өндөр боловсролтой нэг хүн 10-30 дахин үржих төрийн бодлогын эхлэл нь “Зөгийн үүр” хөтөлбөр

Д.Золзаяа, "Өдрийн шуудан" 2010.05.27 №127. www.cooperation.gov.mn

Гадаад улсаас манай улсад ирж, ажиллаж амьдарч буй иргэдийн хэргийг эрхлэх тусгай агентлаг байдгийг бид мэднэ. Харин гадаадад амьдарч буй өөрийн иргэдийн асуудлыг цогцоор нь анхаарах байгууллагагүй явсаар өнөөг хүрлээ. Харин саяхнаас Засгийн газрын дэргэд Зөвлөл байгуулагдан хилийн чанадад амьдарч буй 200 мянга орчим иргэдээ төрийн бодлогын түвшинд анхаарч эхэлснээрээ онцлог юм. Тэгээд ч харьд суугаа монголчуудын 90 гаруй хувь нь сонгуулийн эрх бүхий, оюуны болон хөгжлийн өндөр чадамжтай иргэд байдаг юм. Энэ сэдвээр Ерөнхий сайдын дэргэдэх Хилийн чанадад амьдарч буй Монгол Улсын иргэдтэй хамтран ажиллах зөвлөлийн Ажлын албаны дарга Ч.Энх-Эрдэнэтэй ярилцлаа.

Зөвлөл чухам ямар үүрэгтэй талаар эхлээд тодруулахгүй юу?

- Гадаадад амьдарч буй иргэдийнхээ эрх ашгийг хамгаалах, нийгмийн хамгааллын асуудлыг сайжруулах чиглэлээр төрөөс баримтлах бодлогын хэрэгжилтийг үр дүнтэй зохион байгуулах үүрэгтэй. Салбар дундын зохицуулалт хийх, салбарын яамдын үйл ажиллагааны уялдаа холбоог сайжруулах, нэгдсэн бодлогоор хангах үндсэн чиг үүрэгтэй зөвлөлдөх байгууллага гэсэн статустай.

Гадаадад ажиллаж, амьдарч буй монголчуудын эрх ашгийг хамгаалах тухай яригдахад эхний ээлжинд хилийн чанад дахь хүмүүсээ ч тоолоогүй байж гэсэн шүүмжлэл гардаг. Энэ тооцоо одоо бэлэн болсон уу?

- Өнөөдөр 200 мянга орчим иргэд хилийн чанадад ажиллаж, амьдарч байна гэсэн албан бус тоо бий. Хүн амынхаа тоотой харьцуулахад энэ нь манай улсын 22 дахь аймаг гэж үзэж болохуйц том тоо юм. Энэхүү “шинэ” аймгийн онцлог нь хоорондоо жаахан зайтай олон сумдтай боловч бусад аймагтай харьцуулахад мэдээлэл түгээлээ гэхэд цаг алдаж, шуудан энэ тэр гэх шаардлагагүй. Зөв зохион байгуулж чадвал ганцхан кноп дараад л нэгэн зэрэг хоорондоо холбогдож болох онцлогтой.

Манай орны хувьд иргэд олноор хилийн чанадыг зорих нь гадаадаас мөнгө, туршлага, мэдээлэл технологийг оруулах сайн талтай боловч нөгөө талаас үндэсний чадавхитай боловсон хүчнүүдээ алдах, хүн амын хүйсийн болон хөдөлмөрийн чадвартай хэсгийн тэнцвэр алдагдах зэргээр нийгмийн бүтцэд сөрөг нөлөө үзүүлж байна. Тиймээс гадаадад байгаа иргэдийнхээ талаар нэгдсэн мэдээллийн бааз бүрдүүлэх, дүн шинжилгээ хийх, цаашид төрөөс авч хэрэгжүүлэх нэгдсэн бодлогыг тодорхойлоход салбарын яамдын үйл ажиллагааг уялдуулахад анхаарах хэрэгтэй болоод байгаа юм.

Монголын төр саяхнаас гадаадад байгаа иргэдийнхээ эрх ашгийг нь хамгаалъя, улс орныхоо бүтээн байгуулалтад нөөц, хүчин чадлыг нь ашиглая гэж ярих боллоо. Чухам ямар арга замыг олж харсан талаар тодруулахгүй юу?

- Мэдээллийн технологи, цөмийн физик, сансар судлал, уул уурхай, нано технологи гээд монгол хүний хүрээгүй салбар гэж алга. Монгол хүний чадавх үнэхээр өндөр байдаг юм байна. Эдгээр чадварлаг хүмүүсийн дийлэнх нь зөвхөн мөнгөний төлөө гадагш явдаг биш харин ажил мэргэжлээрээ өсч дэвжих боломж, шинийг бүтээх нөхцөл, амьдрах илүү тухлаг орчинг эрэлхийлсэн байдаг. Тиймээс тэднийг дэмжиж, эрх ашгийг хамгаалах, хүчийг нь нэгтгэн ашиглах бодлого хэрэгжүүлэх нь тэднийг эх орондоо ажиллаж, амьдрах боломж бүрдүүлэхээс дутуугүй чухал байна.

Өөр бас анхаарах зүйл байна. Саяхан манай их сургуулийн нэг багш ярьж байна лээ. Нано технологиор 22 оюутан төгсгөхөд 20 нь гадаад руу, тухайлбал Солонгос руу явах гэж байна гэж. Энэ юуг харуулж байна гэхээр манайх өндөр чадвартай хүмүүсээ нөөж авч үлдэх, оюутан болон гэрээт ажилчдыг зохион байгуулалттайгаар дэмжиж гадагш явуулж, солилцоог нэмэгдүүлэх талаар илүү бодолцох ёстойг харуулж байгаа юм.

Саяхан төрийн байгууллагуудын дунд өргөн хэлэлцүүлэг явуулж “Зөгийн үүр” хөтөлбөр явуулахаар болсон. Хэрэгжилтийг танай зөвлөл зохион байгуулах юм байна гэж ойлгосон?

- Ерөнхий сайд С.Батболдын санаачилж, үүрэг болгосны дагуу Үндэсний хөгжил шинэтгэлийн хорооноос гадаадад байгаа өндөр боловсрол, нарийн мэргэжил эзэмшсэн иргэдээ эх орондоо эргэн ирж, улс орныхоо хөгжилд хувь нэмрээ оруулах таатай орчин бүрдүүлэх зорилго бүхий “ Зөгийн үүр" хөтөлбөрийн төслийг боловсруулж ирүүлсэн. Хөтөлбөрийн төслийг төрийн болон төрийн бус байгууллагуудаар үе шаттайгаар хэлэлцүүлсэн. Одоо яамдуудаас саналыг авч Засгийн газрын хуралдаанд оруулахаар бэлтгэж байна. Энэхүү хөтөлбөрийн хэрэгжилтийг зөвлөлөөс чиглүүлэн зохион байгуулж, нэгдсэн удирдлагаар хангах бөгөөд холбогдох байгууллагууд чиг үүргийнхээ дагуу хамтран хэрэгжүүлэх юм.

Гадаадаас эх орондоо аль чиглэлийн хүмүүсийг урихаар ярьж байгаа вэ. Ямар мэргэжилтнүүддээ төр санал тавих бол гэдгийг сонирхмоор байна?

- “Зөгийн үүр” хөтөлбөрийн төслийн эхний хоёр жилийн туршилтын хугацаанд нийгэм, эдийн засгийн тэргүүлэх чиглэлээр, нэн түрүүнд шаардлагатай мэргэжлүүдийг эхний ээлжинд сонгохоор болсон. Тухайлбал, өнөөдөр Монголд уул уурхайн нарийн мэргэжилтний эрэлт их байна. Нийтдээ 3100 ажлын байр бий. ҮХШХ-ноос хийсэн судалгаагаар цаашдаа 2015 он гэхэд уул уурхайн боловсруулах салбарын ажиллагсад 59208-д хүрэх прогноз гарсан. Уул уурхайн инженер, геологич инженер, химич инженер, геофизикч, геохимич, металлургийн инженер зэрэг мэргэжлийн эрэлт ирэх 2015 он гэхэд улам ихэснэ. Тиймээс тодорхой шалгуурыг хангасан монгол ажиллагсдын эрэлт цаашид ч өссөөр байх болно.

Ажлын байр өссөөр байх боловч “Зөгийн үүр” хөтөлбөрт тийм ч олон иргэн хамрагдахгүй юм байна. Тэгэхээр зохицуулалтыг хэрхэн хийхээр тооцсон бэ?

- Эхний ээлжинд бид гадаадад өөрийн оюуныг үнэлүүлж чадаж буй өндөр потенциалтай хүмүүсээ авчрая. Тэд цаашаа үржих ёстой. Өндөр боловсролтой нэг хүн 10-30 дахин үржих тэр бодлогын эхлэл нь “Зөгийн үүр” хөтөлбөр байх ёстой гэж үзэж байгаа.

Цалингийн болон бусад хөшүүрэг байж л өндөр мэргэжилтнүүд нутагтаа ирэх байх. Үүнийг нь ямар байхаар зохицуулж байна?

- Үүний тулд тэднийг нэн түрүүнд бодит мэдээллээр хангаж, зөвлөх үйлчилгээ үзүүлэх, шинээр бизнесээ эхлэхэд нь татварын хөнгөлөлт үзүүлэхээр ярьж байна. Бас зээлд хамрагдах боломж бүрдүүлэх, тэргүүлэх чиглэлийн хүрээнд төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхэд санхүүгийн дэмжлэг үзүүлэх, цалингийн нэмэгдэл урамшуулал олгох, судалгааны тэтгэлэг олгох зэргээр тусгагдсан байгаа. Мөн хилийн чанадад нэгэнт төвхнөсөн иргэдийг заавал бүрмөсөн нутагт нь ирүүлэх бус, тэнд нь хамтран ажиллах, түр хугацаагаар ирж очих зэрэг олон хэлбэрээр ажиллах боломжтой гэж үзэж байгаа.

Өнөөдөр уул уурхайн салбарт гадаадад үнэлэгдсэн “зөгий” хэр олон байдаг бол. Яагаад гэвэл, өнөөдрийн байдлаар хамгийн эрэлттэй байгаа мэргэжил энэ бололтой?

- Хэн, хаана, ямар мэргэжлээр сурч, ажиллаж буй талаар нарийвчилсан судалгааг эхлүүлж байна. Хилийн чанадад буй монголчуудын холбоо, Элчин сайдын яамдтай хамтарч судалгааг хийнэ. Мөн ирэх долдугаар сард Ерөнхий сайдын ивээл дор гадаадад сурч, ажиллаж буй оюутан, эрдэмтэн, судлаачдын чуулга, уулзалтыг зохион байгуулж, тэдний санал бодлыг сонсоно. Шилдэг илтгэлүүдийг тавиулах, салбар хуралдаануудыг салбарын яамдын оролцоотойгоор зохион байгуулж, тэднийг холбох, цаашид хамтран ажиллах боломж, ажлын цар хүрээгээ тодорхойлох, судалгаа хийх зорилго бүхий анхны чуулга, уулзалтыг зохион байгуулахаар төлөвлөж байна.

Иймэрхүү чуулга, уулзалт хилийн чанадад л олон удаа зохиогддог гэж сонссон. Харин эх орондоо хийж буй нь анхных уу?

- Ер нь эх орныхоо хөгжил, өрсөлдөх чадварт хэн илүү санаа зовдог гээч. Эх орондоо байгаа хүмүүсээс илүү гадаадад буй иргэд. Орчин нь ч тэднийг тийм болгодог байх. Тэд өөрсдийн санаачлагаар цаг заваа гаргаж, хандив мөнгөө цуглуулж, улс орныхоо хөгжлийг хэрхэн хурдасгах талаар зөвлөлдөн чуулдаг. Үнэхээр бахархмаар. Энэ онд гэхэд Америкт, Англид, Италид чуулсан. Тэдний дундаас Британийн монголчууд энэ жил “Монгол орны хөгжилд” сэдэвт чуулга уулзалтыг зургаа дахь жилдээ зохион байгуулсан. Оролцогсдын тоо эрс нэмэгдэж, европын найман орноос төлөөлөгчид ирж салбар хуралдаануудаараа нийт 23 илтгэлийг сонсч хэлэлцсэн байна билээ. Эндээс маш олон шинэ санаа, шилдэг илтгэлүүд гардаг учраас эднийг эмхэтгэн хэвлүүлж, төр засгийн удирдлагуудад хүргэх, нийтийн хүртээл болгох нь улс орныхоо хөгжилд оруулж буй маш том хөрөнгө оруулалт юм.

Зөвлөлөөс цаашид хийж, хэрэгжүүлэх ажлын цар хүрээ ямархуу байхыг тодруулж болох уу?

- Үндэсний хөгжлийн цогц бодлогод, “Гадаадад өндөр боловсрол, мэргэжил эзэмшсэн иргэдээ эх орондоо буцаж ирж ажиллах сонирхлыг төрүүлэхүйц эрх зүй, эдийн засгийн таатай орчныг бүрдүүлж, өөрийн мэргэшсэн чиглэлээрээ ажлын байр бий болгох санал, санаачилгыг хөхиүлэн дэмжих” тухай заалт бий. Энэ нь манай Зөвлөлийн үйл ажиллагааны үндсэн захиалга болж байгаа юм. Тиймээс асуудлыг аль нэг яам, салбарын хүрээнд яриад шийдэх боломжгүй. Салбар дундын зохицуулалт, нэгдсэн бодлого зайлшгүй шаардлагатай. Энэ чиг үүргийнхээ дагуу л ажлаа төлөвлөж, салбарын яамдтай болон төрийн бус байгууллага, хувийн хэвшилтэй хамтран төр, иргэний түншлэлийг хөгжүүлэхэд анхааран ажиллах болно.

Энэ жилдээ багтаж хэрэгжүүлэх тоймтой ажлуудаасаа дурьдвал?

- Хилийн чанадад буй иргэдийнхээ эрх ашгийг хамгаална гэдэг гарсных нь дараа биш харин хил давахаас нь өмнө бодит мэдээллээр хангах, сургалт зохион байгуулах, зөвлөгөө өгөх зэрэг болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх тал дээр холбогдох байгууллагууд шат шатандаа анхаарч ажиллаж байна. Тухайлбал, Гадаадад ажиллах хүч илгээх төвөөс хөдөлмөр эрхлэхээр явах гэж буй иргэдэд зориулж Зөвлөлөөс төрийн холбогдох яам, агентлагуудтай хамтарсан сургалтын хөтөлбөр боловсруулж, мэргэжилтнүүд тухай бүр очиж сургалт явуулах, иргэдэд зөвлөгөө өгч, нэгдсэн гарын авлагаар хангах ажлыг зохион байгуулж, хэвшүүлэ гэж байна.

Эрхзүйн орчны тухайд ямар шинэлэг санаа дэвшүүлж байгаа бол?

- Эрх зүйн орчинг боловсронгуй болгох үүднээс Гадаадад ажиллах хүч илгээх авах тухай, Сонгуулийн тухай, Харьяатын тухай зэрэг хуулиудын төсөлд онлайн хэлэлцүүлэг хийж, санал боловсруулж оруулахаар ажиллаж байна. Мөн гадаадад ажиллаж буй иргэдийнхээ нийгмийн даатгалыг харилцан зөвшөөрөх механизмыг бүрдүүлэх талаар НХХЯ идэвх санаачлагатай ажиллаж, Солонгос улстай гэрээ хийсэн ба мөн Чех, Унгар зэрэг улсуудтай уг гэрээг үзэглэхэд бэлэн болоод байна. Түүнчлэн гадаадад амьдарч буй иргэдтэй холбоотой хууль, тогтоол, дүрэм журмын эмхэтгэл гаргах, мэдээллийн бааз бүрдүүлэх, судалгаа хийх хэрэгтэй. Үүний тулд гадна дотнын салбарын уулзалтуудыг зохион байгуулах, бусад ижил төстэй байгууллагын туршлага судлах зэрэг ажлуудыг төлөвлөсөн байгаа. Дашрамд дурдахад манай зөвлөлийн албан ёсны цахим хуудас болох www.cooperation.gov.mn гэсэн хаягаар зочилж, бидний ажилтай дэлгэрэнгүй танилцаж, зөвлөгөө дэмжлэг үзүүлж, хамтарч ажиллахыг урьж байна.

  • Бичсэн Цахим Өртөө Холбоо
  • Үзсэн: 2140

Бүлэг: Ярилцлага

http://tsahimurtuu.mn/images/sampledata/files/Uuganaa1.jpg

Монголд математикийн зөв хэрэглээ дэлгэрэх болтугай

v\:* {behavior:url(#default#VML);} o\:* {behavior:url(#default#VML);} w\:* {behavior:url(#default#VML);} .shape {behavior:url(#default#VML);} Normal 0 false false false false EN-US X-NONE X-NONE MicrosoftInternetExplorer4 /* Style Definitions */ table.MsoNormalTable {mso-style-name:"Table Normal"; mso-tstyle-rowband-size:0; mso-tstyle-colband-size:0; mso-style-noshow:yes; mso-style-priority:99; mso-style-qformat:yes; mso-style-parent:""; mso-padding-alt:0cm 5.4pt 0cm 5.4pt; mso-para-margin-top:0cm; mso-para-margin-right:0cm; mso-para-margin-bottom:10.0pt; mso-para-margin-left:0cm; line-height:115%; mso-pagination:widow-orphan; font-size:11.0pt; font-family:"Calibri","sans-serif"; mso-ascii-font-family:Calibri; mso-ascii-theme-font:minor-latin; mso-fareast-font-family:"Times New Roman"; mso-fareast-theme-font:minor-fareast; mso-hansi-font-family:Calibri; mso-hansi-theme-font:minor-latin; mso-bidi-font-family:"Times New Roman"; mso-bidi-theme-font:minor-bidi;}

 

Британийн Монголчуудын уламжлалт Монгол орны хөгжилд 6-р чуулга уулзалтад Шведийн Стокгольмийн Эдийн Засгийн Сургуулийн докторанд Н.Ууганбаатар ирж оролцон “Мэдээллийн онол ба түүний боломжит хэрэглээнүүд” илтгэлээрээ Цахим Өртөөний нэрэмжит Эрдэм өргөмжлөл мөн Холбооны гишүүдийн хамтын бүтээл болох номын дээжсээр шагнагдсан билээ. Энэ өргөмжлөлийг хүртсэн илтгэгчээс ярилцлага авч Цахим Өртөөгөөрөө уншигчдад хүргэдэг уламжлал ёсоор Н.Ууганбаатартайгаа хөөрөлдлөө.

 

Мөн энэ дашрамд бидний чуулганыг дэмжиж илтгэгч Н.Ууганбаатарыг ивээн тэтгэсэн Шведийн Вант Улсад суугаа элчин сайдын яамны хамт олон,  элчин сайд Б.Энхмандах танаа гүнээ талархаснаа илэрхийлье.

 

1.    Юуны өмнө танд чуулга уулзалтад амжилттай оролцож маш сонирхолтой илтгэл тавин Цахим Өртөө Холбооны нэрэмжит "Эрдэм" өргөмжлөл хүртсэнд баяр хүргэе
За баярлалаа. ”Эрдэм” гэсэн нэрийг нь би ихэд билигшээж байгаа.

2.    Та өөрийгөө товч танилцуулахгүй юу?  Яг ч математикийг мэрэгжил болгож эзэмшээгүй хүн болтой. Гэтэл илтгэл тань тэр чигээрээ математикийн ухаантай холбогдоод явчихсан.
Миний хувьд бол уг нь дунд сургуульд (хуучнаар МУИС-н Гүнзгий, бидний үед бол Монгол-Туркийн Хамтарсан Сургууль) сурч байхдаа математикт чамгүй дурлаж байлаа. Харин баклаварт суралцахдаа Санхүү, Эдийн засгийн чиглэлээр дагнасан юм. Тэгээд Австри Улсын Венн хотод Математик Эдийн Засаг болон Математик Статистикийн чиглэлээр магистрт суралцсан минь математикт сонирхох сонирхолыг минь дахин сэргээсэн гэх үү дээ.
Нөгөөтэйгүүр, өнөө үед шинжлэх ухаанууд хоорондоо их холбогдож байх шиг байна. Тэр утгаараа шинжлэх ухааны хөгжилтэй хөл нийлүүлэн урагшлах, тэр хөгжилд нь хувь нэмэрлэх гэж буй хүн бүр, өөрийн салбараасаа гадна өөр салбаруудыг бас сонирхон судлах хэрэгцээтэй болсон мэт санагддаг юм. Мэдээж тиймэрхүү салбаруудын хамгийн түрүүнд нь математик бичигдэх байх. 


3.    Мэдээллийн онолыг судлах математик аргачлалын талаар та илтгэлдээ ярилаа.  Уншигчдад энэ санаагаа жаахан дэлгэрүүлж хэлвэл.
Мэдээллийн онол нь харилцаа холбооны буюу мэдээлэл дамжуулах ямарваа системийг математик аргачлалаар судалж эхэлсэнээс үүдэлтэй юм билээ. Энэ салбарын хамгийн эхний дорвитой үр дүн нь Америк математикч Клод Шэнноны 1948 онд хэвлүүлсэн бүтээл юм. Тус бүтээлдээ Шэннон, мэдээлэл дамжуулах ямарваа системийн хурдны дээд хязгаарыг нь тогтоосон байдаг. Миний илтгэл ерөнхийдөө бол Шэнноны баталсан үр дүнгүүдийн талаар байсан.

Ер нь бол 20 зууны сүүлийн хагаст мэдээллийн технологи маш богино хугацаанд үсрэнгүй хөгжсөн нь, мэдээллийн онолтой буюу харилцаа холбооны аливаа системийг математик аргачлалаар судалж, тодорхой үр дүнгүүдэд хүрсэнтэй шууд холбоотой болов уу. Миний бодлоор энэ Мэдээллийн онол, сонирхож үзсэн хүн бүрийн нүдийг нь нээмээр их гүнзгий, бас урмыг нь сэргээмээр их уран (aesthetic) онол байна лээ.  


4.    Ер нь математикийн хэрэглээ улам ихээр нэмэгдэж буй нь түүний алив зүйлд хандах уг хандлага, арга барилтай нь холбогдож буй юм аа даа? Та хэл шинжлэлд ч математик аргаар тэр дундаа Шенноны онолыг үндэслэн хандаж болох талаар сонирхолтой жишээ ярилаа
Тийм л болов уу. 20-р зууныг хүртэл математик голдуу байгалийн ухаанд хэрэглэгдэж байсан бол 20-р зуунд математик аргачлалууд нийгмийн ухаануудад, инженер технологийн дэвшлүүдийг санаачилахад өргөнөөр хэрэглэгдэх болсон. Үүний хамгийн тод жишээ нь та бидний өдөр тутмын хэрэглээ болсон компьютерийн технологийн үүсэл, хөгжил байх.
Харин хэл шинжлэлийн хувьд бол, Шэнноны онол нэлээд ерөнхий нөхцөлд томъёлогдсон байдаг болохоор харилцаа холбооны ямар ч систем энэ онолд хамаарах учиртай. Хэл ч гэсэн нэг төрлийн ийм системд зүй ёсоор тооцогдоно. Энэ утгаараа хэлтэй холбоотой зарим судалгаанууд мэдээллийн онолд суурилах бүрэн боломжтой. Жишээ нь би энэ удаад ”Нүүдэлчдийн оюуны өв нь тэдний хэлэнд нь байдаг” гэсэн дүгнэлтийг мэдээллийн онолд тулгуурлан баталгаажуулж болох юм гэсэн санаа дэвшүүлсэн. Угтаа бол нүүдэлчдийн хэрэглэдэг зүйр үгс нь нийтдээ аль хир их (хэдэн байт) мэдээлэл агуулж байгааг нь тооцоолох, тэгээд бусад хэлнүүдийнхтэй харьцуулах маягаар иймэрхүү судалгаа хийгдэж болох юм гэсэн санаа.  


5.    Монгол оронд маань математик аргачилалаар асуудалд хандах байдал хөгжих болтугай гэсэн санаагаар та илтгэлээ өндөрлөсөн. Ер нь манайхан асуудалд гол аргачилалаа дагаж бус завсрын нөлөөлөлд орсон байдлаар хандаад буй гэсэн дүгнэлт гаргаж болох уу?
Бидний хувьд хөгжихийн тулд, 21 зууны дэлхий нийтийн хөгжилтэй хөл нийлүүлэхийн тулд, математикийг ашиглаж сурах нь зайлшгүй хэрэгцээ болов уу. Учир нь математик үр дүнгүүд хүний бусад мэдрэмжүүдээс огт өөр байдаг юм шиг санагддаг юм. Өөрөөр хэлбэл, математикийг өөр зүйлээр (мэдрэмж, туршлага гэх мэт) орлуулах боложгүй юм шиг. Гэтэл нөгөө талаас, хүн төрлөхтөний хөгжил дэхь, тэр ч бүү хэл бидний өдөр тутмын амьдрал дахь математик гаралтай эмементүүд улам ихсээд байх шиг. Тэр бүхнийг ойлгох, тэдэнтэй нэг түвшинд хүрэхийн тулд математикийг өөрийг нь ашиглахаас өөр сонголт бараг үгүй л болов уу.
Асуултын хоёр дахь хэсэг нь Монголын өнөөгийн байдалтай холбоотой байх шиг байна. Бид чухам ямар арга барил голлон хэрэглэж байгааг нь би сайн мэдэхгүй юм. Гэхдээ та бид хоёрын энд яриад байгаа тэр математик арга барилууд төдийлөн хэрэглэгдэхгүй л байгаа болов уу. Хэрэв тийм бол энэ байдал маань, бид маш том боломжийг алдаж, бидэнд туйлын их ач тус өгөх тэр ”багжаа” хэрэглэхгүй байгаатай л адил. Ер нь бол хүн төрлөхтөний түүхэн дэхь хамгийн чухал газар зүйн нээлтүүд, байгалийн ухаануудын үндсэн үр дүнгүүд болон техник, технологийн аливаа дэвшилд (аж үйлдвэрийн хувьсгал, мэдээллийн технологийн хувьсгал гэх мэт) математик элемент заавал байдаг жамтай. Энэ нь тохиолдол биш байх аа. 

6.    Чуулганаас  үлдсэн сэтгэгдэлээ та хуваалцахгүй юу? Өөр бусад улсуудаас ирсэн зочин илтгэгч нартайгаа их дотно сайхан танилцаж хойшид хамтран хийж бүтээх санаа ихийг солилцсон байх
Зохион байгуулалтын хувьд ч тэр, оролцогч хүмүүсийн талаасаа ч тэр их сайхан чуулган боллоо гэж би бодож байгаа. Сайхан үйлс бүр бас өөр сайхан үйлсийн эхлэл нь болдог хойно, энэ удаагийн чуулган ч гэсэн, наанадаж чуулганд оролцогчдын цаашдийн хамтын ажилд, цаашлаад эх орны минь хөгжилд сайнаар нөлөөлөх байх гэж итгэж байгаа шүү.  Ярилцсан хөөрөлдсөн юмс бидэнд бий.

За баярлалаа Таны цаашдын эрдэм номын ажилд өндөр амжилт хүсье!
Баярлалаа. Цахим Өртөөний та бүхэнд мөн сайн сайхныг хүсье!

 

Хөөрөлдсөн  Д.Цэрэнбат

 


 

Ярилцагчийн шигтгээ:

 

Цахим Өртөөний анхны Өргөмжлөлийг 2006 онд тур үед Кэмбриджийн Их Сургууль Докторын зэргээ хамгаалж байсан өдгөө МУИС-ийн Анторпологийн тэнхимийн эрхлэгч Д.Бум-Очир,"Хайлж буй дээд Монгол" илтгэлээрээ хүртсэн юм. Түүний энэ илтгэл Цахим Өртөөгөөр олонд хүрч тэр л мэдээллээр Монгол түмэн Дээд Монгол хэмээх бидний нэгэн тасархай байдгийг мэдэж Монгол судлаачдын үүргэвчтэй, телевизийн сурвалжлагуудын камертай аян ар араасаа хөх нуурын Монголчуудын зүг хөвөрсөн билээ.

 

Хоёр дах өргөмжлөлийг хүртсэн Ууганбаатар андын маань санаа ч Монгол оронд маань тэр мэт түгэн дэлгэрэхийн ерөөл өргөе.

 

  • Бичсэн tserenbat_d
  • Үзсэн: 2370

Бүлэг: Ярилцлага

Д.Янжиндулам: Хэдэн оюутолгойтой тэнцэх ашгийг аутсорсингоос олох боломжтой

Э.Адьяасүрэн http://addidea.blogspot.com

Монголдоо "Силикон хөндий" байгуулахаар санал санаачилга гаргаж байгаа залуусын нэг болох судлаач, доктор Д.Янжиндуламтай уулзлаа. 30 ч хүрээгүй болов уу гэмээр залуухан бүсгүй тэрбээр Нидерланд дахь АНУ-ын салбар компанид программ хангамжийн ахлах судлаачаар ажилладаг бөгөөд эх орондоо амрах үеэрээ өнгөрсөн долоо хоногт "Монголын "Силикон хөндий" байгуулахад их дээд сургуулийн гүйцэтгэх үүрэг" сэдвээр илтгэл тавьж, хэлэлцүүлэг өрнүүлсэн юм. Мэдээллийн технологийн үндэсний паркт зохиогдсон уг арга хэмжээний дараа түүнтэй ярилцлаа.

-"Силикон хөндий"-н загвар, стандартаар Монголдоо мэдээллийн технологийн бүс байгуулах тухай хэзээнээс ярьж байгаа вэ?
-Төр засгийн түвшинд бол нэг их удаагүй байх. Харин гадаадад энэ чиглэлээр сурч, ажиллаж байгаа залуус нэлээд эртнээс ярьж, мөрөөдөх болсон. Би ч гэсэн анх программ хангамжийн мэргэжил эзэмшээд, түүнийгээ гүнзгийрүүлж суралцан, гадаадын компанид мэргэжлээрээ ажиллаж эхэлсэн тэр үеэс л Монголд маань "Силикон хөндий" байгуулагдаж, том том төсөл хэрэгжвэл ямар сайхан юм бэ гэж бодох болсон. Энэ талаар салбарын залуустайгаа ч нэлээн санал солилцдог болсон. Ер нь манай ай-ти салбарынхан хоорондоо холбоо харилцаа сайтай, дэлхийн аль ч өнцөг булангаас холбогдон мэдлэг туршлагаа солилцож, бие биеэсээ сурч байдаг. Хамгийн хурдан өөрчлөгддөг, хурдтай салбар болохоор хөгжлөөсөө хоцорчихгүйн тулд тэгэхээс ч өөр аргагүй. Миний хувьд л гэхэд "Цахим өртөө" холбооны залуус болох Британийн Монголчуудын холбооны тэргүүн Д.Цэрэнбат, "USI" компанийн захирал Д.Буянцогтоо, Д.Сайнбаяр нартай үргэлж холбоотой байдаг. Тэд бол мэдээллийн технологийн чиглэлээр гадаадад нарийн мэргэжил эзэмшээд, сурч мэдсэнээ Монголдоо зориулж яваа залуус. Тэдний санал болгосноор би Монголд "Силикон хөндий" байгуулъя гэвэл их, дээд сургуулийн зүгээс юу хийх вэ гэдэг сэдвээр судалгаа хийж, илтгэл тавьсан.

-Таны илтгэлд томоохон их дээд сургуулиуд дэргэдээ хувийн хэвшлийн зөвлөлтэй байх хэрэгтэй гэж байсан. Үүнийг тодруулбал?
-Тиймээ, компаниудын удирдлагууд оролцсон орон тооны бус зөвлөл байвал зүгээр. Тэд жилдээ хоёроос доошгүй удаа цуглаж тухайн зах зээлд ямар мэргэжилтэн хэрэгтэй байна, сургууль тэр хэрэгцээнд нийцэх оюутан бэлтгэхийн тулд яах ёстой, ямар чиглэлээр түлхүү элсэлт авч, ямрыг нь түр хаах тухай хэлэлцэнэ. Манайд харамсалтай нь их сургууль, компаниудын харилцаа хөндий байдаг л даа. Ажлын байр байгаа үгүйгээ мэдэхгүй байж л сураад байдаг, ажил олгогчид нь болохоор дөнгөж төгссөн оюутанг биш ажлын туршлагатай хүн авах сонирхолтой байдаг. Тэгээд л баахан дипломтай ажилгүйчүүд төрдөг. Зүй нь бол оюутан байхдаа ажлын туршлага хуримтлуулаад төгсөхдөө зах зээлд өрсөлдөх чадвартай мэргэжилтэн болж бэлтгэгдэх ёстой. Монголд үүнийг цогцоор анхаардаггүй болохоор оюутнууд дадлагаа жинхэнэ "халтуурддаг". Байгууллагууд ч тэдний хүчийг яаж ашиглахаа мэддэггүй. Сургуулиудын сургалт анхнаасаа зөв төлөвлөгдсөн, зах зээлээ мэдэрсэн, чанартай сайн байдаг бол оюутнаар цалин хөлсгүй ажлаа хийлгээд, хариуд нь дадал туршлага олгох замаар харилцан ашигтай ажиллаж болно.

-Өндөр хөгжилтэй орны том компанид программ хангамжийн судалгааны чиглэлээр ажилладаг хүний зүгээс дүгнэхэд Монголын мэдээллийн технологийн хөгжил хаахна явна вэ?
-Шууд харьцуулах боломжгүй ч харьцангуй сайжирсан. Мэдээллийн технологийн парк байгуулагдаж, аутсорсингийн чиглэлээр ажилладаг компаниуд ч олширчээ. Хэдийгээр бид хоёр том гүрний дунд байрладаг, барууны том зах зээл рүү нэвтрэхэд бартаа ихтэй ч энэ салбар бодсоноос хурдацтай хөгжих байна. Монголдоо сүүлийн арав орчим жил байгаагүй болохоор би бодит амьдралаас арай тасархай юм ярьж байж болно. Гэхдээ төр засгаас хүртэл оюутны хотхон байгуулах газрыг товлож, эхний ээлжинд их дээд сургуулиудыг нэгтгэж байх шиг байна. Тэгэхээр нэг их удахгүй Монголд мэдээллийн технологийн кластер байгуулагдаж, монгол залуус өндөр хөгжилтэй орны том том төсөлд ажилладаг болох байх. Ингэхийн тулд мэдлэгт суурилсан эдийн засгийн бодлого, түүнийг хэрэгжүүлэх их дээд сургууль, хувийн хэвшил, Засгийн газрын гурвалсан хамтын ажиллагаа хэрэгтэй байх. Ерөнхийдөө залуус бол юм хийх гээд "тэсрээд" байна шүү дээ.

-"Силикон хөндий" байгуулахад Монголд хамгийн их тулгамдаж байгаа асуудал юу вэ?
-Мэдээллийн технологи бол харьцангуй хийсвэр салбар шүү дээ. Хөндий гэхээр л хүмүүс хаа нэгтээ газар аваад, баахан байшин барилга барьж, дэд бүтэц байгуулахаас нааш бүтэхгүй гэж боддог. Яг үнэндээ энэ чинь дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн мэдээллийн технологийн жишиг загвар юм. Энэ загварыг улс орон өөрсдийнхөөрөө нутагшуулдаг. Ихэнх нь их, дууд сургуулийн хотхондоо суурилж, татвар, зээлийн бодлогоор дэмждэг. АНУ-ын "Силикон хөндий"-д дэм болсон гол гурван хүчин зүйл нь шинэ технологи, хөрөнгө оруулалт, сайн менежмент. Дээрээс нь энэ салбарыг маш сайн патентжуулж, хууль эрхзүйн орчинг хангалттай бүрдүүлж өгсөн. Монголын нөхцөлд үүнийг яг шууд хуулбарлах боломжгүй ч энэ салбарт хөрөнгө хаяж, өөрийн онцлогт тохирсон "Силикон хөндий" байгуулбал бааз суурь хангалттай гэж боддог. Компани, их сургуулийн уялдааг сайжруулж, маш олон төрөлд судалгаа хийхээс эхэлбэл дээр байх. Мөн мэдээллийн технологи сайн хөгжсөн АНУ, Энэтхэг, Хятадын төслүүдийг авч, хүнээ сургах хэрэгтэй. Эхний ээлжинд ашиг хөөх хэрэггүй, зах зээлд нэвтрэх нь л чухал. Аажимдаа аутсорсингийн компаниудад зээлийн хөнгөлөлттэй нөхцөл бий болгодог ч юм уу, эсвэл уул уурхайн томоохон төсөлдөө татан оролцуулж барьцаа нөхцөлгүйгээр ажил гүйцэтгүүлэх гэх мэт бодлогын түвшинд шийдэх асуудал их л байх. Хамгийн гол нь залуус өөрсдийгөө маш сайн боловсруулмаар байна. Хэлний мэдлэгээс эхлээд эзэмшсэн мэргэжлээрээ дэлхийн түвшинд өрсөлдөнө л гэж өөрийгөө бэлдэх хэрэгтэй.

-" Силикон хөндий" байгууллаа гэхэд монголчуудад зах зээл хэр байгаа бол. Мөн монгол хүний өрсөлдөх чадвар аль түвшинд явна вэ?
-Хүний нөөцөөс ихээхэн хамаарах болов уу. Эх орондоо байгаа чадалтай, мэдлэгтэй залуу хүмүүсийг харж байхад нэг бол улс төр хөөгөөд, эсвэл уул уурхай руу тэмүүлж байна. Аль аль нь тийм ч тогтвортой салбар биш. Уул нь дэлхийд тэргүүлэх салбаруудад өрсөлдөхөд монгол залуусын оюуны чадамж, бололцоо хаана ч гологдохгүй. Орчин нөхцлийг нь бүрдүүлээд л өгчихвөл монгол хүн юунд ч хүрэх чадвартай. Гадаадад албан ёсоор ажиллаж амьдарч байгаа монголчуудыг харахад тухайн салбартаа тодорхой хэмжээгээр манлайлж байдаг. Улс гүрнүүд нано, био технологи руу явж байгаа өнөө цагт өндөр мэргэжлийн хүмүүсийн эрэлт хэрэгцээ улам ихсэнэ үү гэхээс буурахгүй. Тэгэхээр зах зээл маш өргөн гэсэн үг. Байгалийн баялаг хязгаартай учир уул уурхай хэсэг зуур л Монголыг тэжээнэ, харин толгой доторх баялаг бол хэзээ ч хуучрахгүй гэдгийг хаана хаанаа сайн ойлгож, залуус хошууран орох нөхцлийг л бүрдүүлмээр байгаа юм. Манай хүн амын 70 орчим хувийг залуус эзэлдэг нь бидэнд асар том нөөц байгааг харуулж байна. Би залуу хүнийхээ хувьд эх орныхоо ирээдүйг өөдрөгөөр харж явдаг. Зөв стратегиэр явбал бидэнд үсрэнгүй хөгжил тийм ч хол биш байгаа. Үүнд хөгжилтэй оронд ажиллаж амьдарч байгаа залуусын дуу хоолой, санал санаачилга хэрэгтэй гэж бодож явдаг. Тиймдээ ч Нидерланд дахь монголчуудын "Өлзий" холбоо, Аялал жуулчлалын "Нидерланд-Монголын сан"-г байгуулан, үйл ажиллагаа явуулахад гар бие оролцож байна.

-Мэдээллийн технологийн бүс байгуулахад ер нь ямар хэмжээний зардал гарах бол. Тооцоо хийж үзсэн үү?
-Энэ бол ганц хүний ч юм уу, ганц салбарын хийчих ажил биш л дээ. Дээр дурдсан гурван талын хүчин зүтгэл, оролцоо хэрэгтэй. Гэхдээ төр засаг маань бодит байдалтайгаа ойртож, цаг хугацаа, хөрөнгө мөнгө хэмнэхийн тулд гадаад, дотоодод ажиллаж байгаа хүмүүсийн санаа оноо, зөвлөгөөг сонсож, мэдээллийн технологийн чиглэлээр ажиллаж буй компаниуд дээрээ тулгуурлах ёстой юм шиг санагддаг. Зардал, хөрөнгийг нарийвчлан гаргахын тулд маш сайн судалгаа хийх хэрэгтэй. Үүнийг олон улсын судалгааны багаар хийлгэж болно. Ер нь дэлхий дахинд багаар ажиллахыг илүү үздэг. Зөвхөн програмист ч биш, албан ёсны бүх ажлын байр багаар ажилладаг. Миний ажиллаж байсан "Philips" болон одоо ажиллаж буй "Verage Logic" корпорациуд өндөр мэдлэг эзэмшсэн хүмүүсээр баг бүрдүүлсэн, түүнийгээ хадгалж үлдэхийн тулд нэлээд чармайлт гаргаж байгаа нь харагддаг.

-Тэгвэл аутсорсингоос жилдээ хэдий хэр хэмжээний ашиг олох боломжтой вэ?
-Нарийн тоо баримтыг судалгаанд түшиглэж байж хэлэх байх. Салбарт нь ажиллаж яваа хүний хувьд барагцаалахад ямартаа ч хэдэн Оюутолгойн дайны ашиг орлого орж ирнэ. Гол нь зардал багатай, байгальд халгүй, дэлхийд өрсөлдөх чадвар сайтай гэдгээрээ чухал ач холбогдолтой. Өөр мэргэжлийн хүмүүс мэдээллийн технологийг интернэт хэрэглээ, санхүүгийн ч юм уу ямар нэг хэрэглээний программ зохиох төдийгөөр л ойлгодог. Үнэндээ бол мэдээллийн технологи хэрэггүй нэг ч салбар байхгүй. Зах зээл, хэрэглээ нь өргөн учир "Силикон хөндий"-д бий болох ажлын байр жил ирэх тусам нэмэгдэнэ. Оюутнуудыг багахан цалингаар ажиллуулж, туршлага олгох байдлаар аутсорсингийн компаниуд хурдан хугацаанд хөл дээрээ босох боломжтой. Ер нь инновацийн үр шимийг хамгийн түрүүнд хүртэх салбар бол мэдээллийн технологи. Хийснээ патентжуулаад, сайжруулаад явах бүрэн боломжтой. Манайх хүмүүстээ бэлэн мөнгө тарааж, оюутнуудыг автобусанд үнэгүй явуулж байхын оронд 100 оюутанг ямар ч арын хаалгагүй шалгаруулаад, эргэж ирэх нөхцөлтэйгээр гадаадад сургачихвал тэд ирээд компани байгуулж, доороо хэдэн хүн ажиллуулна шүү дээ. Аутсорсинг бол хотын төвд байрлалтай том оффис, сандал ширээ шаардахгүйгээр аж ахуйн нэгж байгуулж, ашиг олж болдог салбар, "цүнхэнд" багтдаг компани шүү дээ. /инээв/

-Баярлалаа. Амжилт хүсье.


Сэтгүүлчийн үг

/Мэргэжлийн хүмүүст үзүүлэхэд ичмээр дамшиг даа. Хэт энгийн, ойлгомжтой юм бичсийм шиг санагдах байх. Гэхдээ яахуу, хэн нэгэнд хэрэг болох болов уу гэж бодоод оруулчлаа. Ялангуяа Янжаа бүсгүйн илтгэл их сонирхолтой санагдсан. Даанч асуугч этгээдийн ай-кү хязгаартай тул сайн яриулж чадаагүй байх. Ташаарсан хийгээд хадуурсан юм байгааг ч үгүйсгэхгүй бөгөөд тахир дутуу ойлгосон, тас гажуудуулсан юмыг хэлээд засаад өгчүүл ихэд баярлана. /

Монгол Улс хөрсөн доороо арвин баялагтай нь дэлхий дахинаа нэгэнт ил болсон. Гэвч баялгийнхаа ачаар урагшлан хөгжих үү, ухран хоцрох уу гэдэг нь олон үйлдэлт оньсон тоглоом мэт ойлгомжгүй хэвээр байна. Ашигт малтмалын замбараагүй олгосон лиценз, түүнийг дагасан гадаад дотоодын том жижиг уурхайнууд сүүлийн хэдэн жилд Монголын байгалийг танигдахгүй болтол сүйтгэж, ус гол ширгээн унаган төрхийг нь алдагдуулж буй.

Дээрээс нь ашигт малтмал олборлогчид болон нутгийн иргэдийн хооронд мөнхийн тэмцэл өрнөж, бүр хүний амь эрсдэх болов. Олборлолт тойрсон үйл ажиллагаа нээлттэй биш байгаагаас улстөрчид нь баялгаа гадныханд худалдаж байна хэмээн хардагдаж, төр засагтаа итгэх ард иргэдийн итгэл өдрөөс өдөрт өлмий доор унасаар. Олон нийтийн итгэлийг олж авахын тулд намууд бэлэн мөнгө амлаж, түүнийгээ олборлох салбарын ашиг орлогоос шахаж гаргах гэж хөгжилд дэмтэй бусад салбараа хөсөр хаясаар. Энэ бүх таагүй үр дагавраас харахад Монгол Улс хэдийнэ “эрдэс баялгийн ханиад”-аар өвчилж эхэлсэн бөгөөд цаг алдалгүй зохистой арга хэмжээ авахгүй бол ханиад нь “хараал” болж хувирах аюултайг Монголд санаа зовиносон олон улсын эдийн засагчид сануулж байна.

Чухамдаа уул уурхайгаас орж ирсэн ашиг орлогыг тусгай санд хуримтлуулж, үр ашгаа өгөх өөр салбарт зарцуулах нь алдарт “голланд өвчин”-нөөс урьдчилан сэргийлэх тарилга болно гэдгийг мэдэхгүй хүнгүй ч өнөөг хүртэл тоймтой дорвитой юм хийгдэхгүй байгаа. Харин сүүлийн үед Африкийн орнуудаас эхтэй тэрхүү “халдварт” өвчний нэг “вакцин” нь мэдээллийн технологи хэмээн ярих болсон нь сайшаалтай. Ялангуяа улс орондоо өөрийн гэсэн мэдээллийн технологийн бүс байгуулж, дэлхийн хэмжээнд өрсөлдөх мэргэжилтэн бэлдэн, томоохон төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх нь Монголыг уул уурхайгаас илүүтэй хурдан хөгжүүлэх гарц болно хэмээн өндөр хөгжилтэй оронд мэдлэг боловсрол эзэмшсэн залуус дуу хоолойгоо илэрхийлсээр байна.

Мэдээллийн технологийн бүсийг анх 1970-аад оны үед АНУ-д байгуулжээ. Тухайн үедээ Америкийн зүүн эрэгт хэт төвлөрсөн хөгжлийн төвийг саармагжуулж баруун эрэг рүү шилжүүлэх зорилгоор бий болгосон нь дэлхий дахинаа “Силикон ваалий” буюу “хөндий” хэмээн алдаршжээ. Гэхдээ үндэс суурь нь үүнээс ч эрт, бүр хорьдугаар зууны эхээс улбаатай. “Силикон хөндий” бий болж, хөгжин цэцэглэхэд Станфордын их сургуулийн төгсөгчид голлох үүрэг гүйцэтгэжээ. “Силикон хөндий”-д компьютер техник программ хангамжийн үйлдвэрлэл олноор байгуулагдаж улс орны төдийгүй дэлхий нийтийн мэдээллийн технологийн хөгжлийг шинэ шатанд гаргасан судалгаа нээлт, туршилтууд хийн үйлдвэрлэлд нэвтрүүлэх болсон байна.

Барууны орнуудын “зүрх” нь болоод байгаа энэхүү “Силикон хөндий”-г Монголынхоо онцлогт тохируулан байгуулахыг Монгол Улсын Засгийн газар ч дэмжиж байгаа юм. Ингэхдээ боловсролын чанараараа улсдаа тэргүүлдэг их, дээд сургуулийг нэг дор төвлөрүүлэн хотхон байгуулж, мэдлэг чадвартай оюутнуудыг төгсөнгүүт нь томоохон компанид зуучлах буюу нарийн мэргэшсэн залуусыг бие даан компани байгуулахад нь тусалж, аутсорсингийн томоохон төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх чиглэлээр дэмжих байр суурьтай байгаагаа Ерөнхий сайд С.Батболд мэдэгдэж байсан.

Мэдээллийн технологид хил хязгаар байхгүй. Хил давахгүйгээр, тэр ч бүү хэл гэрээсээ толгойгоо ч цухуйлгахгүйгээр дэлхийн том том компанид ажиллаж, тэндхийн ажилтнуудын жишиг цалинг авч болдог цор ганц салбар гэж хэлж болно. Барилгын инженер хүн байшин барьж байгаа талбартаа очихгүйгээр ажлаа хийж болдоггүй бол программ зохиодог хүн ажилладаг газартаа заавал биеэр очиж, цагаа бүртгүүлэх шаардлагагүй.

Технологийн дэвшилд суурилсан энэ боломжийг ихэнх улс орон, ялангуяа энэтхэгчүүд чадмаг ашиглаж иржээ. Бичгийн англи хэл, цагийн зөрүүгээ ашиглан Америкийн компаниудаас аутсорсингоор ажил гүйцэтгэн, завсарт нь нарийн мэргэжилтнүүдээ сургасаар мэдээллийн технологийн салбараа дэлхийд тэргүүлэгч болтол өөд нь татсан байна. Одоо тэд технологийн инновацид илүүтэй анхаарч, үүнд суурилсан эдийн засгийн хөгжлийн бодлого боловсруулан хэрэгжүүлж байгаа. Технологийн инноваци гэдэг нь шинээр бүтээгдсэн мэдлэг, технологийн патент дээр суурилсан үйлдвэрлэл явуулж, өргөн хэмжээний эдийн засгийн үр ашгийг бий болгох тухай ойлголт аж. Био болон нано технологи гэх мэт өндөр технологийн инновацийг хөгжүүлэхэд төр засгийн бодлого зайлшгүй хэрэгтэй бөгөөд энэ чиглэл рүү авьяаслаг залуус хошууран ордог байх аятай таатай нөхцөл бүрдүүлбэл өрсөлдөөн аандаа бий болох юм. Энэ чиглэлд зөв бодлого явуулж амжилтад хүрч байгаа жишээ гэвэл Энэтхэг, Хятад, Вьетнам гээд олон орныг дурдаж болно. Ялангуяа урд хөршийн туршлага, өргөн зах зээлийн хажуугаар өнгөрвөл том боломж алдах гэнэ.

Хойд хөршийн Засгийн газар саяхан Москва хотын ойролцоо Скольково, Ведомости хотуудад “Силикон хөндий”-н өөрийн хувилбарыг байгуулах шийдвэр гаргаад байгаа. Тус парк нь 7-10 жил татвараас чөлөөлөгдөх ба нийгмийн даатгал болон бусад хөнгөлөлт эдлэх аж. Шинийг санаачлагч технологийн компаниуд төсвийн дэмжлэг авах ба төрийн тендерүүдэд илүү давуу эрхтэй оролцох гэнэ. Өндөр төвшний технологийн салбарыг хөгжүүлж түүхий эд материалын экспортоос хамаарал багатай болохыг Орос зорьж байгаа бөгөөд тус салбарт олон тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөж байна.

Харин Монголдоо “Силикон хөндий” байгуулах газраа нийслэлийн ойролцоо сонгож, их дээд сургуулиудын хотхоныг төвлөрүүлж, технологийн дэд бүтцээр бүрэн тоноглосон сургууль, цэцэрлэг зэрэг орчинг цогцоор нь шийдсэн үлгэр жишээ хот болгон хөгжүүлж болно хэмээн Ерөнхий сайд амлачихаад байгаа. Энэ дагуу БНЭУ-ын Засгийн газрын 20 сая ам.долларын зээлээр “Аутсорсингийн төв” байгуулах, мэдээллийн технологийн мэргэжлийн, дунд болон Их сургууль байгуулах цогц төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөөд байгаа аж. Энэ хэрвээ ажил хэрэг болчихвол дэлхийн мэдээллийн технологийн хөгжлийг тодорхойлогч АНУ “Силикон ваалий”-гийн монгол хувилбар нахиалж, монголчууд бид зөвхөн байгалийн баялагтаа найдаж, ашигт малтмалын орлогын хэмжээнд сэтгэж амьдрахаа болих юм.

Харин хоосон яриа болоод өнгөрвөл экспортынхоо 95 хувийг түүхийгээр нь гаргасаар, түүхий эд бэлтгэн нийлүүлдэг л улс байна. Үлдэж буй таван хувийг зөвхөн ноолуурын боловсруулалтаар нөхдөг манайх шиг оронд мэдлэгт шингэсэн экспорт эмзэг сэдэв болчихоод байгаа. Үйлдвэржүүлэх, ялангуяа мэдлэг шингэсэн эцсийн бүтээгдэхүүнд анхаарлаа хандуулахгүй энэ хэвээр яваад байвал улс орны тусгаар тогтнолын асуудал ярвигтай болж ирэхийг бүгд мэдэж байгаа. Өнөөгийн Монголд баялаг бүтээдэг компани ховор, ихэнх нь худалдаа, зууч, импортын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бөгөөд хамгийн их татвар төлдөг үндэсний үйлдвэрчид нь архины компаниуд байдаг нь нэг ёсондоо эмгэнэл юм. Үүрэн телефоны операторууд харьцангуй ашигтай ажилладаг ч тэдний ард гадаадын томоохон хувьцаа эзэмшигчид байдаг болохоор мөнгө гадагшаа урсаж байна гэхэд болно. Бодит байдал ийм байхад “Силикон хөндий”-гийн тухай ярих нь цагаа олсон, бүр цаг алдаж байгаа хэрэг ч байж болох юм.

  • Бичсэн Цахим Өртөө Холбоо
  • Үзсэн: 2219

Бусад мэдээллүүд...

Цахим Өртөө Сүлжээнд элсэх

  • Өртөөний сүлжээнд элсэх

tsahim_urtuuХэрэв та Монгол Туургатны Цахим Өртөө Сүлжээнд элсэхийг хүсвэл: http://groups.google.com/group/tsahim-urtuu-suljee хаягаар зочилж маш хялбархан бүртгүүлж болно. Та Гүүгл суурьт энэхүү сүлжээнд имэйлээ бүртгүүлснээр манай сүлжээний гишүүн болно.

 

Image Temp

Энэ хуудас нь Цахим Өртөө сүлжээний нийт гишүүдийн хамтын бүтээл байх бөгөөд ажил хэргийн санал болгоныг вэбийн хамтлаг тухай бүр нь тусган энэ хуудсанд оруулж байх болно. Хамтран ажиллаж буй, ажиллахаар зэхэж буй таньд баярлалаа.

Newsletter