196-р сар2018

Бүлэг: Ярилцлага

Ажиа гэгээтэй хийсэн ярилцлага

Ярилцлага  хийж тэмдэглэн сийрүүлсэн  Ж.Дамдинцэрэн, Ж.Ирээдүй
Токио, 22.10.2010

Хөх нуурын Долоон нуурын оронд Бар жилийн бар өдрийн бар цагт төрсөн Юндэндорж хэмээх хөвүүн, 1950-иад оны эхээр Гүмбүм хийдийн Ажаа Гэгээний наймдугаар дүрээр тодорсон Монгол хүн билээ. Одоо тэрбээр АНУ-ийн Индиана мужийн Блүүмингтонд “Монгол-Төвдийн Соёлын төвийн тэргүүнээр морилон суугаа билээ. Түүнийг Япон Улсад түр ажлаар саатахуй дор хүрэлцэн очиж энэхүү ярилцлагыг авсанаа өргөн түмэнд толилуулж байна.

Та юуны өмнө өөрийнхөө тухай Япон оронд суугаа Монголчуудад танилцуулна уу?
Ажиа Гэгээн: Би бол бидний мэдэхээр Хөх нуурын дээд монголчуудаас гаралтaй монгол хүн байна. Би 1950 онд төрсөн хүн. Хөх нуурыг тойрсон Монголын 24 хошуу байсан, би бол Бэйсийн хошууны хүн байна. Гүмбум хийд гэж Хөх нуурын бараг захад шахам бий, том нуурыг тойроод хэдэн багавтар нуур бий. Ийм газар оронд төрж өссөн хүн билээ би. Олон хүүхэдтэй айлын хүүхдүүд сайн явбал эцэг эх нь баярладаг монгол ёс. Тиймээс гэгээнээр тодорсон явдал бол манай гэрийн хувьд хамгийн баяртай үйл явдал байсан. Хэдийгээр бага насандаа гэгээнээр тодорсон ч гэсэн манай нутаг бол Гүмбүм хийдээс тийм хол биш учраас эцэг эхтэйгээ ирж очоод ойрхон байсан. Эхний үед аав ээж минь бүр хамт байсан юм билээ.

1958 онд Таныг найман настай байхад Хятадын Соёлын хувьсгал гэж гарсан юм байна. Тэр үеийн нийгэм ямаршуухан байсан бэ?
Ажиа Гэгээн: Хүндхэн хэцүү байсан шүү, жишээ нь 1937 онд Монголд бас тийм явдал болсон тэрэнтэй эгээ адилхан шүү дээ. Шашныг бол шууд хаасан юм. Тэр үед хоёроос гурван мянган лам байсан шүү. Үүнээс эрдэмтэй номтой лам, гэвш олон байсан. Монгол лам 600-700 лам байсан гэж ярьдаг. Алдартай сайхан лам нарыг бүгдийг барьж шоронд хорьсон. Ламын хувцас орхимж өмсөж болохгүй, энгийн хувцас өмсөх хэрэгтэй,  ном шажин уншиж болохгүй, энэ бол хар хор гэж үзсэн. Би өөрөө бага байсан учраас хятад сургуульд сурч, дашрамд харин хятад үсэг хэл бичиг сураад авсан шүү.

Одоогоор  амьд мэнд лам нар байна уу?
Ажиа Гэгээн: Одоогоор бараг байхгүй байлгүй дээ. Бага байсан болохоор тод сайн мэдэхгүй байна. Бүгдийг баридагийг нь бариад бусдыг нь буцааж нутагт явуулсан байх. Тоог нь хэлж мэдэхгүй байна. Наяад онд шажин сэргэхэд бас нэлээд хэсэг лам нар буцаж ирсэн юм. Гэхдээ лам гэдгээрээ биш зурхайч ч юм уу, эм эмнэлгийн, урлагийн эрдэм, багшаараа буцаж ирж, хичээл ном зааж байсан шүү. Энэ үеэс дахиж сэргэлээ шүү дээ азаар.

Наяад он хүртэл та нутагтаа байсан уу, Далай багш бол дүрвэж гарсан танд тийм зүйл тохиолдож байв уу?
Ажиа Гэгээн: Үгүй, үгүй. Далай богд бол 1959 оноос Хятадтай Төвдийн асуудлаас болж дүрвэн гарсан шүү дээ. Үүний дараа Ванчинбогд Төвдөд байсан. Гэвч бид нутагтаа хариагүй. Гүнбүм хийд дээрээ сууж байсан. Гүмбумийг чинь музей маягтай болгочихсон юм шүү дээ. Жаахан муу утгаар сурталчилгаанд ашиглаж байсан юм. 1976 онд Хятадын удирдагч Мао Зэ Дунь нас барсан. Үүний дараа шашин сайхан сэргэж, 1980 оноос Дэн Сё Пэн дарга сэргээсэн шүү дээ.

Таныг АНУ-д амьдарч,  бурхан шашныхаа талаар үйл ажиллагаа явуулдаг гэж одоо манайхан мэддэг болж байна. Харин хэзээ хэрхэн яаж очсон тухайгаа ярихгүй юу?
Ажиа Гэгээн:  Энэ бас сонин шүү. Би Гүмбум хийдэд Хөх нуурын мужид шашны дарга болж байлаа, Хятадад 1980-98 хүртэл шашны том ноён төлөөлөгч маягтай байлаа. 1989 онд Ванчинбогд таалал боллоо. Таалал болсны дараа монголууд, төвдүүд, шашин шүтэгч нарын бодсоноор Ванчинбогдын хойд дүрийг Далай багш тодруулах ёстой байтал тэгсэнгүй. Хятадын засгийн газраас хойд дүрийг тодруулсан юм. Тэгээд би тэр Банчин богдын хойд дүрээр тодорсон хүүгийн багш болох хэцүү асуудал миний толгой дээр буусан юм. Ийм учраас Хятадын нутгаас гарч 1998 онд АНУ-д хүрч улс төрийн асуудлаар цагаачилж гарсан.

Анх таныг очиход АНУ-ын нөхдүүд хэрхэн угтаж авсан бэ?

Ажиа Гэгээн:  Нэгэнт Хятадын засгаас зугтааж гарсан болохоор нэг их чимээ гаргаад яахав гэж нэлээд хэсэг нам жим суусан. Эхлээд Калифорни мужийн Сан Францискод хоёр жил шахам болоод сүүлдээ Монголчуудтай сүрхий дотно холбоотой боллоо. Яваандаа улам өргөжсөөр Монгол-Төвдийн жижиг сүм босгоод жаал суусан. 2006 онд Далай богдоос захиа бууж “Та Индиана мужид морилоно уу, түүний төрсөн ахынхаа байгуулсан Төвдийн төвд соёлын төвд Индиана мужид очно уу? хэмээн асуусан. Ахынх нь бие  жаахан чилээрхээд намайг очино уу хэмээн хүссэн юм.  Тэгээд тэр сүмийг Төвд, Монголын соёлын төв болгож өөрчилсөн. Далай багш хоёр удаа морилж ирсэн. Монголчууд энэ сүмдээ хайртай. Далай богдыг буухад монголчууд бүгд хүрээлэн ирдэг юм даа.

2006 оноос өмнө Төвдийн соёлын төв гэж байсан юм байна. Таныг очсоноос хойш Төвд, Монголын соёлын төв гэж өөрчлөгдсөн юм байна, тийм үү?
Ажиа Гэгээн:  Тэгсэн, тэр бол Далай богдын шийдвэр, хүсэл байсан юм аа. Далай багш юу гэж бодсон гэхээр АНУ-д байгаа хорин мянга орчим төвдүүдэд зориулсан сүм хийд нэлээд байна, харин шинээр сууришиж эхлэж байгаа монголчуудад зориулсан сүм хийд байхгүй учир үүнийг энэ чиглэлээр өөрчлөе гэж шийдсэн юм. Индиана бол АНУ-даа нутаг дэвсгэрийн хувьд нэлээд дунд хавьд байгаа учираас тэгж бодсон байх, бас монгол судлалын төв байдаг хуучны уламжлалтай энэ тэр гээд давхар бодсон зүйл бий байх аа. Халимагууд болохоор Нью Жерсид дөрвөн сүм байгуулсан байсан.

Халимагуудын байгуулсан дөрвөн сүм гэж та ярилаа, та тэнд айлчилж очиж байсан уу, ямаршуухан лам нар суудаг юм бэ?

Ажиа Гэгээн: Айлчилж байсан. Нью Жерсид байсан дөрвөн сүмд бол хүрч очсон. Түүхийг нь бас сайн мэдэхгүй ээ. Тэнд 50-иад оноос Оросоос голдуу суурьшсан халимаг хүмүүс тэнд нэлээд бий. Настангууд нь нэлээд шүтнэ шүү, Нью Жэрсийн монгол залуучууд нь ажил, амьдралын эрхээр нүүгээд явчихдаг. Энэ сүмүүд цагаан сар, бурхан багшийн дүйцэн өдрөөр  ч юм уу янз бүрийн үйл явдлын үеэр үйл ажиллагаа явуулж ном уншина. Нэлээд хэдэн монгол лам бий. Нэг лам нь 102 настай Жамбалдорж гуай, 92 настай өвөр монгол Ёндонжамц гэвш  гэж хүн бий. Өөр нэг залуу монгол лам сууж байгаа. Өөр хоёр ч төвд лам бий. Монголчууддаа ном уншиж, тус үйл хийдэг л юм билээ.

Одоо таны байгаа Төвд-Монголын соёлын төвд ямар үйл ажиллагаа явуулж байна, монголчууд их очиж байна уу?
Ажиа Гэгээн: Манай яг тэр Индиана Блүүмингтонд бол монголчууд тийм олон биш ээ. 20-30 айл байна уу, үгүй юу. Ер нь бол гучаад мянган ар монголчууд байгаа шүү дээ, Америкийн хэмжээнд. Өвөр Монголчууд бол бүр цөөхөн байхаа. Холбоо харилцаа багатай. Харин Чикагод байдаг байсан айлууд их ирнэ шүү. Тэнд 6-7 мянган монголчууд бий. Хүний амьдралын янз бүрийн асуудал, өвчин тахал, саад барцад, жаргал зовлонгийн асуудлаар бидэн дээр ирнэ. Мөн Далай богдыг айлчлахад бол монголчууд маш өргөнөөр ирнэ. Мөн Монголчуудын баяр наадам, бурхан шашны өдрүүд гэх мэт үйл явдлыг тохиолдуулан янз бүрийн үйл ажиллагаа явуулж, ном уншиж, соёлын арга хэмжээ явуулна. Монгол хүүхдүүдэд зориулсан зуны сургуулийг Америкид байгаа хүүхдүүдэд зориулан зохион байгуулаад 4 жил болж байна. Анхнаасаа Вашингтог ди си-д зохион байгуулж байсан боловч сүүлийн жилүүдэд манай тэр сүмийг түшиглэн зохион байгуулж байгаа. Жил бүр 30 шахам хүүхэд ирж байна. Одоо үүнээс илүү хүлээж авч чадахгүй болох нь. Зуны сургуулиар бол монгол хэл, соёл заадаг юмаа. Монгол хэл бичгээ үзнэ, монгол дуу хуураа сурна, монгол хоол ундаа хийж сурна, идэж ууна, үлгэр домог сонсоно, хоорондоо монгол хэлээрээ ярина, монгол найз нөхөдтэй болно, хамгийн наад зах нь монгол хэл бичгээрээ нэрээ бичиж сурах жишээтэй. Хүмүүс их сонирхож байгаа, хүүхдүүдийн тоог нэмэхийг хүсэж байгаа гэвч манай хүчин чадал хүрэхгүй болж байна шүү. Гэхдээ цааш боломж гарсан үедээ улам өргөжүүлэх бодолтой л байна.

Би танай сүмийн талаар олон нэвтрүүлэг, бичлэг зураг үзэж байсан, өөрөө очиж байсангүй, тэнд байгаа суваргыг босгох ч гэдэг юм уу, ийм шашны үйл явдал зохион байгуулж хийхэд АНУ-д төвөг учир байна уу?
Ажиа Гэгээн: Та манай тэнд даруйхан ирээ. Америк бол чөлөөтэй, ардчилсан орон байна. Гүмбум, Чанчилан гээд хоёр төрийн бус байгууллага байгаа. Хоёр суварга барьсан. Энэ бол Далай багшийн төрсөн ах Норбу гуай амьд сэрүүндээ босгосон юм. Бид нэмээд өмнөх жил Монголчуудын хандиваар маанийн хүрд байгууллаа.  Зуны цагт хүмүүсийн түр суух байр бий шүү. Америкчуудад зориулсан бурхан шашны Ням гарагийн хичээл байгаа, түүнд ирсэн хүмүүс түр хоноод явах боломжтой. Монголчууд, төвдүүд өөрийн цагтаа цугладаг юм.

Та нутгаасаа гараад олон жил болжээ. Та зүүдэндээ та нутагтаа очиж байна уу? Анх Монголд хэдийд анх очсон юм бэ? Улаанбаатарт очиход нутагтаа очсон шиг санагдах уу?
Ажиа Гэгээн: Би нутгаасаа гараад арван гурав дөрвөн жил болж байна. Нутгаа санадаггүй хүн гэж байхгүй шүү дээ. Нэгэнт улс төр, шашны учир шалтгаанаар гарсан болохоор буцаж нутагтаа очих боломжгүй л дээ.  2006 онд Монголд анх айлчилсан юмаа. Анхны миний сэтгэгдэл их өндөр байсан. Онгоцонд суухад монголоор манай Монголын онгоцонд ороод л сайхан монгол хэлээр яриад тэгээд “Улаанбаатарын Буянт Ухаа онгоцны буудалд буулаа” гэхэд  миний сэтгэл маш их хөдлөж билээ. Тэндээс эхлээд л хаа сайгүй монголоор ярьж их сайхан байсан. Хөдөө жаахан гарсан. Монголчуудын зочдыг угтах, дайлах, хүндлэх, зочлох, үдэх энэ бүх зан үйл хэвээрээ байсан. Манийг бага байхад манай эцэг эх яг л ингэж ёсолдог байсан, тэр бүр хэв хэвээр байгаа нь эрхгүй санагдаж надад их сайхан сэтгэгдэл үлдээсэн юм. Ээж аавтай минь эгээ адилхан байна. Түүний дараа хоёр гурав очлоо. Монголчууд ардчилсан нийгэмд ороод 20 жил бол байгаа шүү дээ. Монгол сайхан хөгжиж байна. Анх удаа 2006 онд Гандийн гудамжинд хүрсэн, маньтай явж байсан төвд хүн их гайхсан, тэр үед тэр газар бараг хоосон байсан, хоёр жилийн дараа очихноо тэнд сайхан байшин барилга дүүрэн барьжээ.  Баянтай, ядуутай юм юм л байна. Баянаасаа ядуугийн амьдрал их хүнд байна. Бид бол тэр ядуучуудад яаж туслах, буян хийх тухай их бодож байна. Тэгээд манай шавь нар надад бусад шашныхан их туслаж байна, та эмнэлэг байгуулж болохгүй юу гэсэн санал тавьсан, ингээд өөрийн сайн дураар нэг хүүхдийн хавдарын эмнэлэг байгуулах санаа төрж, Улаанбаатарын ноёдууд үүнийг ойлгож Яармагт шинэ цэнгэлдэх хүрээлэнгийн хавьд нэг сайхан газар өгсөн. Харамсалтай нь яг одоо барихад нэгэнт ус, дулаан хараахан очоогүй болохоор хоёр жилийн дараанаас барьж болох юм шиг байна. Харин бид Улаанбаатарын төв рүү нэг оношилгооны эмнэлэг барьдаг юм уу даа гэж бодож байна. Энэ удаа бид бурхан шашны хуралд очих далимаар сая Улаанбаатарт олон улсын лам нартай очоод ирлээ.  Тэр үеэр энэ тухай бас нэлээд ярилцлаа. Энэ асуудлаа Японуудтай бас ярилцаж, хэд хэдэн эмчтэй уулзлаа. Та нар Японд амьдарч байгаа болохоор япон хүний зан чанарыг мэдэж байгаа, тэр асуудлыг судлая л гэж ярьж дэмжиж байна.

Тэгэхээр та Монголд гурван удаа айлчилж байгаа юм байна.
Ажиа Гэгээн: Би гурван удаа айлчиллаа, за ингээд бид ном бичсэн.  Энэ номыг эхлээд би үнэгүй тарааж байсан юм. Одоо бол би зарж байгаа, үүний зардалыг эмнэлэгийн төсөвтөө оруулая гэж бодож байна. Сая би Англи яваад замдаа Улаанбаатараар ороод энд ирлээ. Англид Кембрижийн Их Сургууль болон Оксфордын их сургуулийн нөхдүүдтэй англи хэлээрхийг хэвлэх тухай яриа хийлээ. Би би си дээр ярилцлага өглөө. Учир зорилгоо ярилаа, эмнэлэг байгуулах тухайгаа ч ярьсан.

Монгол бурханы шашнаас гадна христийн шашин, мөн ойрын үеэс бөөгийн шашин их хүчтэй дэлгэрэх шинжтэй болчихлоо, та үүнийг юу гэж бодож байна даа?
Ажиа Гэгээн: Би энэ тухай дуулж байсан. Шашин хөгжиж байна. Гэхдээ энэ бол гагц Монголын асуудал биш байна. Америкад асуудал хэвээр байна. Манай нутагт бол улааны хувьсгал гээд юу ч үгүй болгосон. Шашин ард түмэн ямар холбоотой болох асуудлаар би Монголд болсон хурал дээр ч хэлсэн. Монгол хэлээр л ном уншмаар байна. Харийн хэлээр төвд хэлээр яриад байгаа зүйлийг өөрөө шууд мэдэхгүй нь хэцүү байна. Би эмч хүн биш, би баян хүн биш, гэхдээ яагаад эмнэлэг байгуулах тухай санаа төрсөн гэхээр ерөөсөө шашныг нинжин сэтгэлээр хүмүүстэй холбохын үүднээс л санаачилсан хэрэг юм. Бөөгийн хувьд бол манай төвдөд ч байсан. Ер нь ямар ч шашин боловч адилхан шүү дээ, ер нь шашныг мухар сүсгээр бодож болохгүй л гэж бодож байна.

Орчин үеийн манай Монголын сүм хийдүүд мөнгө хурааж, ном уншихаас өөр ажилгүй, хүмүүсийн төлөө үүнээс өөр онцын ажил хийхгүй байна, энэ орчин үеийн сүм хийд одоо ер нь юу хийвэл зохилтой юм бэ?
Ажиа гэгээн: Өнөөдрийн шашин шүтэгч, хуучны шашин шүтэгч хоёр нэлээд ялгаатай юм аа. Хуучин үеийнхэн бол аав ээжийн зааснаар л явдаг шүү дээ. Монголчууд ер нь бие хаа ямар байна, ийм юм бүтээх гэсэн юм яах вэ гэж голдуу явдаг тэгээд ийм ном уншуул гэвэл очоод л уншуулчихна. Иймэрхүү замаар явдаг байна шүү. Миний бодоход шашныг шинжлэх ухаантай л холбож тэр талаас нь илүү тайлбарламаар байна, хүмүүст зөв ойлгуулах хэрэгтэй байна. Шашныг далимдуулах хүмүүс ч нэлээд байх шиг байна. Шашны жинхэнэ ёсонд л лам болоод бусад хүмүүсийг сургах хэрэгтэй байна даа. Ер нь бол бидэнд сурах юм бол урлаг, түүх, зан үйл, барилгын урлаг, гэх мэт хэд хэдэн зүйл байна. Өөрөөр хэлбэл Монголын шашин сүм хийд лам нар бүгдээрээ л нэг ном уншдаг түүгээрээ мөнгө олдог хэрэгсэл болгочихож болохгүй юм өөр өөрсдөө хоорондоо ялгарах зүйлийг ард олны төлөө хиймээр юм аа. Хүмүүст сайн сэтгэлээр л хандах тусмаа тэр сайн үйл бүтнэ гэж бодож байна даа. Би ч гэсэн хүмүүсийн тусын тулд өглөө бүхэн л ном уншиж суудаг. 

Бэлэн юм өгснөөс нийгмийг хүүхдийг эрүүлжүүлэхийн төлөө ажиллавал сайн байх аа.
Ажиа Гэгээн: Тийм ээ, тэгээд аль алийг нь л хиймээр юм шиг байна. Хүн болгоны зовлон дор дороо өөр шүү дээ. Тийм учраас төрөл бүрээр хүний сайн сайхны төлөө ажиллах хэрэгтэй байх.

Дараа хэдийд дахин Монголд ирэх вэ? Таны ярьж байгаа эмнэлэг хэдийд босох бол?
Ажиа Гэгээн: Дараагийн хавартаа биш гэхэд зундаа очих болов уу? Бодож байгаа юмаа аль болох түргэн шуурхай биелүүлэхийн төлөө ажиллана.

Жич: Хөх нуураас тодорсон Монгол гэгээн Ажиа Гэгээнтний “Цагийг бэлгэдэгч НАРАН ЧӨЛӨӨ”  хэмээх түүний туулсан амьдралын тухай ном
манай номын дэлгүүрүүдээр худалдаалагдаж байгааг энэ дашрамд сонордуулая.

  • Бичсэн Цахим Өртөө Холбоо
  • Үзсэн: 4097

Бүлэг: Ярилцлага

Камма Жикаго: Дэлхий анхнаасаа хэний ч өмч байгаагүйг монгол ахуйгаас л олж харлаа

“Миний байгаа газар бол миний гэр орон. Би чинь нээрээ Японд бас гэртэй гэдгээ сая л саналаа” хэмээн хошигнож, монгол айлд хярам уун, яг л гэртээ байгаа мэт тухлах энэ бүсгүйг Камма Жикаго гэдэг. Тэрээр үргэлжилсэн үгийн зохиолч бөгөөд оршихуйн гүн ухааныг уран бүтээлдээ тусгадаг юм. Түүний “Хувь заяаны хэлхээ” ном нь монгол хэл дээр анх удаа хэвлэгдэн манай уншигчдад хүрэх гэж байна.

-Та хэзээ Монголд ирэв. Өмнө нь манай оронд ирж байсан уу?
-Гурав хоногийн өмнө ирлээ. Өмнө нь би Монголд хоёр удаа ирж байсан. Өнгөрсөн онд миний “Эргийн салхинд” гэдэг зохиол “Цог” сэтгүүлд нийтлэгдсэн нь монгол уншигчдад хүрсэн анхны бүтээл минь байлаа.

-Манай оронд ирэхэд ямар мэдрэмж төрдөг вэ гэхээс илүү Монгол орныг зохиолч хүний нүдээр харахад, чухам юу буудаг нь сонин байна?
-Сайхан асуулт байна. Би өнгөрсөн оны есдүгээр сард Монголд ирж, нүүдэлчний ахуй, амьдралыг анх үзээд их гайхсан. Нүд минь орой дээрээ гарах шахсан шүү. Гэрээ ачаалаад хаана ч очиж болно. Газар бол хэн нэгнийх биш. Та ойлгож байгаа байх. Өнөөдөр дэлхий дахин эдийн засгийн хямралтай байна. Японд л гэхэд хүмүүсийн олонхи нь ажилтай байдаг ч компани нь дампуурч, ажилгүй болсны маргааш орогнох газар ч олдохгүй тийм хүнд байдал хүлээж байх болно. Гудамжинд хонолоо гэхэд, тэр нь хэн нэгнийх байдаг. Өөрөөр хэлбэл хүн бүр нийгмээс хараат, бүх зүйл өөрийн эзэнтэй. Гэтэл монгол хүн гэрээ зөөж аваачаад хаана ч буучихаж болно. Энэ бол жинхэнэ эрх чөлөө. Америк, Япон зэрэг орнуудад хүн нийгэм хэмээх механик хөдөлгүүрийн нэг эрэг шураг болж амьдардаг. Тэрхүү хөдөлгүүрээс мултарчих л юм бол хэн ч биш. Түүний төлөө хүний өмнө бөхөлзөж, олон зүйлээ золиослох хэрэг гардаг. Харин монголчууд хэнээс ч хараат бус амьдарч чаддагаараа өөрийн гэсэн бардамналтай бизээ. Харин хариуд нь би, хэнийх ч биш газар дээр хэрхэн эрх чөлөөтэй амьдарч байгаагаа хэр зэрэг ойлгодог вэ, та нар гэж асуумаар байна.

-Та хэзээнээс зохиол бичиж эхэлсэн юм бэ?

-Одоогоос 20-иод жилийн өмнө, 1990 онд Хавайд нэг жил амьдарсан юм. Эргэж эх орондоо ирээд, Хавайд өнгөрүүлсэн амьдралынхаа талаар бичлээ л дээ. Гэтэл нэг л сонирхолтой болж өгсөнгүй. Тэгэхээр нь бичсэн тэмдэглэл дээрээ зарим нэг зүйлийг нэмж зохиосон. Тэр үеэс л “Аан, зохиол бүтээл гэдэг чинь ийм зүйл байдаг юм байна” гэж ойлгож билээ. Тэгээд Кисэки буюу эмэгтэй зохиолчдын эвлэлд явж, зохиол туурвиж эхэлсэн. Гурван жил бичээд олонд нэлээд танигдаад ирсэн л дээ. 1994 он хүртэл уран бүтээлээ эрчимтэй хийж байгаад, үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх амьдралын шаардлагаар 14 жил зохиолоо завсарласан юм. Эцэст нь дахин 2008 оноос үргэлжлүүлж бичихээр болсон.

-Манай зохиолчид ихэвчлэн хөдөө тал, сайхан монгол бүсгүйн үзэсгэлэн гоогоос хөг, онгод мэдэрдэг гэж ярьдаг. Таны хувьд юунаас тийм мэдрэмж авдаг вэ?

-Онгод хаанаас орж ирдгийг би сайн мэдэхгүй байна. Гэхдээ ямар ч зохиолч хүний амьдралын зовлон, жаргалд мэдрэмтгий байдаг байх. Зохиол бүтээл туурвина гэдэг газар ухахтай л адил гэж би боддог. Хар бараан зүйл, эмзэглэлийн цаад гүн гүнзгий учир шалтгаан, мөн чанарыг нь олохын тулд ухаад л байдаг, ухаад л байдаг. Ухсаны эцэст газар доороос эрдэнэс олох, бичсэн зохиолоосоо ямар нэг зүйлийг ухаарна гэдэгтээ итгэлтэй байдаг учраас хүн бүрийн хармааргүй зүйлийг харж, тэндээс гоо сайхныг мэдрэх нь миний ажил. Бичнэ гэдэг хүнд хөдөлмөр. Шаналж, зовж бичдэг. Бодол санаа минь зохиол бүтээл болоод гарч ирэхэд, анхны уншигч нь би өөрөө л байдаг. Уран бүтээлээсээ ухаарал, бодрол эрдэнэсийг олж, түүнийг амссанаар миний зохиол дуусдаг юм.

-Таныг бүтээлдээ оршихуйн гүн ухааныг түлхүү тусгадаг гэж сонссон юм байна?

-Нацүмэ Сосэки, В.Шекспир нарыг одоо ч хүмүүс уншдаг шүү дээ. Игонизм болоод хөдөлмөрлөөд л байдаг, эцэстээ энэ хорвоогоос хоосон буцдаг мөн чанар, шаналал хүн бүрт байдаг мөнхийн сэдэв. Эртний уран зохиолд ч энэ тухай бичсэн байдаг. Тэгэхээр зохиолчийн ухаарал, бодол санаа цаг хугацаанаас шалтгаалдаггүй гэж би боддог. Дээрх нийтлэг асуудлуудыг өнөөгийн үгээр л бичсэн болохоос цаад оршихуй, мөн чанар нь хэзээ ч өөрчлөгдөхгүй. Ганцаардал буюу игонизм бол бичих гэдэг зүйлийн үүд хаалга нь. Гагцхүү тэр үүдээр хэр гүн орох, юу олж авах нь зохиолчоос шалтгаална. Миний хувьд их зүйлийн учир шалтгааныг олох гэж уран бүтээлдээ оршихуйн гүн ухааныг тусгадаг юм. Мөн дорнын философийн чиглэлээр сурч, мэргэшсэн минь ч үүнтэй холбоотой.

-Дорно болоод өрнийн зохиолд оршихуйн гүн ухааныг хэр зэрэг ялгаатай авч үздэг гэж та боддог вэ. Японы уран зохиолд ч оршихуйн мөн чанарын тухай ойлголт хэрхэн тусгадаг юм бол?

-Хаана ч оршихуй гэдгийг өөр өөрөөр авч үздэг. Энэтхэгт гэхэд оршихуйг үгүйсгэдэг шүү дээ. Японд IX зууны сүүлч үеэс оршихуйн филисофи орж ирсэн. Тиймээс уран зохиолд нь хоосон чанарыг магтан дуулсан байдгаараа онцлогтой.

-Та Монголын уран зохиолоос уншиж байсан байх. Анх хэний зохиол бүтээлийг уншиж, ямар мэдрэмж авсан бэ?

-Би хоёр зүйл л дурдаж чадах байна. Японы сурах бичигт “Сүхийн цагаан морь” гэж морин хуур хэрхэн үүссэн тухай тууж байдаг. Түүнээс Монгол орон ямар өргөн уудам гэдгийг мэдэрсэн. Мөн Д.Равжаагийн “Цаасан шувуу” ёгт сургаалыг уншиж байсан. Бичлэгийн хувьд хоёр өөр байсан болохоор аль алинаас нь Монголын уран зохиол ямар болохыг сайн мэдээгүй. Орчин үеийн Монголын уран зохиолыг бага зэрэг л уншсан болохоор дүгнэлт хийж чадахгүй байна.

-Манай шинэ үеийн зохиолчдын бүтээлээс япон хэл дээр хэвлэгдэн гарч байна уу. Японууд хэр уншиж байна вэ?

-Сурах бичигт байдаг гэдгээрээ “Сүхийн цагаан морь”-ийг хүн бүр уншсан. Харин Д.Равжаагийн зохиолыг уншсан хүн ховор. Үнэнийг хэлэхэд Монгол оронд орчин үеийн уран зохиол хөгжиж байна гэдгээс илүү нүүдэлчдийн хоцрогдсон нийгэм хэмээх ойлголт японуудын дунд нийтлэг байдаг. Шиба Рёотаро зохиолч Монголд зочилж, тэр тухайгаа бичих болсноор бага зэрэг мэддэг болсон.

-Таны энэ үгийг сонсоод харамсалтай санагдаж байна. Бид чинь асар арвин үгийн баялагтай, агуу соёл иргэншилтэй ард түмэн шүү дээ. Монголд төрийн соёрхолт, ардын уран зохиолч, “Болор цом”-ын эзэн гээд л олон цол гуншинтай зохиолч, яруу найрагч байдаг. Ийм алдар цолгүй ч үнэхээр авьяастай олон уран бүтээлч бий?

-Японд ч бас шагналын төлөө явдаг зохиолчид бий. Зохиол бичээд хоолоо олж иднэ гэдэг хэцүү. Хүн бүр бичиг үсэг мэддэггүй, хэн бүхэн ном унших боломжгүй үед Нацүмэ Сосэки зохиолчийн ном 2000 хувь хэвлэгдэж тухайн үедээ бэстсэллэр болж байлаа л даа. Гэтэл одоо бэстсэллэр болохын тулд 100 мянган ном зарахгүй бол болохгүй. Хүн бүр худалдаж авах хэмжээнд бичээд ирэхээр уран зохиолын төвшин унаж эхэлдэг. Уран зохиол бизнестэй холилддог гэсэн үг. Надад нэг бодол байдаг юм. Суурин соёл уналтад орж, дэлхий ертөнц гарцаа хайж буй энэ үед ертөнцийг үзэх үзлийн маш том эргэлт гарч ирнэ. Магадгүй тэр гарц нь нүүдлийн соёл иргэншил байж мэдэх юм. Дэлхий тэр чигээрээ Монголын ахуй, соёлыг гүнзгий судалж ч болох юм. Энэ нь мэдээж уран зохиолд ч нөлөөлнө гэдэгт эргэлзэхгүй байна.

-Манайх улсад хэн дуртай нь чанартай, чанаргүй ном бичих нь ихэссэн. Танайд хэн нэгэн ном гаргалаа гэхэд ямар нэг хяналт байдаг уу?

-Хэн дуртай нь гаргаж болно. Гэхдээ хүний нэр төрд халдсан, эмзэглэл төрүүлэхээр асуудлыг хөндсөн зүйл бичсэн бол шүүхэд өгч болох юм. Манайд ном хэвлэдэг компаниуд зохиолчоо сонгодог онцлогтой.

-Та анх удаа өөрийн бүтээлээ монгол хэл дээр гаргах гэж байна. Яагаад заавал манай оронд номоо гаргах болов?

-Надад монгол хүмүүс их таалагддаг. Хүний үг сонсохгүй, өөрийнхөөрөө байдаг зан нь надтай их адилхан. Намайг харж байгаа байх. Монгол айлд их чөлөөтэй байгаа биз дээ. (инээв) Монголчуудтай адилхан бодож, сэтгэдэг учраас миний тууж, өгүүллэгийг хүлээж авна гэж бодсон.

-Монгол хүн нутаг ус, морины тухай зохиол уншихдаа сэтгэл нь их хөдөлдөг. Харин япон хүний сэтгэлийг юу хамгийн их хөдөлгөдөг юм бол?
-Залуу хүмүүс өөр зүйл хэлж болох юм. Монгол хүний сэтгэлийг морь хөдөлгөдөг шиг миний хувьд бүшидо хэмээх бие хамгаалах урлагийн сэлэм сэтгэлийг минь их гэгэлзүүлдэг. Гэхдээ тэр сэлэм өөрөө өөрийгөө хүүлдэг дотоод сэтгэлийн сэлэм гэж би ойлгодог.

-Таны хувьд Шиба Рёотаро зохиолч шиг Монголын талаар бичих бодол байдаг уу?

-Япон, Хавай, Монгол хаана ч адилхан. Би түрүүнд хэлсэн шүү дээ. Газар доороос эрдэнэс олж авахын тулд би наана нь байгаа хэрэггүй элс шороог зайлуулдаг. Тэр хэрэггүй шороо нь соёл иргэншлийн ялгаа юм. Миний зорилго бол хүн төрөлхтний мөн чанарт хүрэх. Хэрэв Монгол орны талаар хэн нэг зохиолч бичлээ гэхэд тэр нь би биш. 

-Та надаас “Ийм их эрх чөлөөтэй байгаагаа монголчууд хэрхэн ойлгодог вэ” гэж асуухад хариулаагүйг минь санаж байгаа байх. Энэ хугацаанд бодлоо л доо. Хүн аз жаргалын төлөө шунадаг хэрнээ, яг хажуудаа байгааг нь олж хардаггүй юм болов уу. Таны хувьд ч ийм зүйл байсан байх?
-Уучлаарай, үнэхээр хүмүүс өөрөө өөрийгөө сайн ойлгодоггүй юм байна. Би хоёр хүүтэй л дээ. Хоорондоо долоон насны зөрүүтэй. Заримдаа дэлгүүрт явж байхад, жаахан хүүхдүүдийг хараад их өхөөрддөг. Гэтэл би өөрөө хоёр хүүхэдтэй мөртлөө ямар хөөрхөн бэ гэдгийг нь мэдрэх ч завгүй өсгөсөн гэдгээ ойлгосон. Одоо бодоход их харамсалтай санагддаг.

-Олонхи эмэгтэй зохиолч гэртээ суугаад уран бүтээлээ туурвих дуртай байдаг. Таны хувьд?

-Гэртээ дуртай зүйлээ хийж сууна гэдэг их аз завшаан. Би тэдний нэг учраас их азтай хүн.

-Япон бүсгүйн сэтгэл хайрын шүлэгтэй захидалд хэр догдолдог вэ. Эсвэл сүүлийн үед залуус цахим захидлаар хайраа илэрхийлдэг болсон уу?
-Нэг удаа манайд гар утсаараа хайр сэтгэлээ зарлах нь зөв үү, буруу юу гэсэн асуудал үүсч байсан. Миний өмнө сайхан монгол залуу гарч ирээд “Хайртай” гэвэл нисэж очоод л тэврэх байх.(инээв) Тиймээс хайрын захидал бичих, мөн илүү ойроос сэтгэлээ илэрхийлнэ гэдэг аль ч газар чухал шүү дээ.

-Та өмнө нь хэлж байсан. Зохиолч хүн асар их зүйлийг эргэцүүлж, тархиндаа бясалган зовж шаналдаг гэж. Тэгвэл дотроо байгаа тэр бүх оюун санаа, бодрол эргэцүүллээ хэрхэн хоосолдог чинь сонин байна?
-Өмнө нь хэн ч надаас ингэж асууж байгаагүй. Саяхан монгол найзтайгаа уулзлаа л даа. Тэр миний зохиолыг уншаад “Энэ их нарийн мэдрэмжийг толгойдоо хадгалаад байвал удахгүй галзуурна шүү” гэж хэлсэн. Японд сэтгэл мэдрэлийн эмч найз маань байдаг юм. Надад “Зохиолч хүнд өвчнөө анагаах эм нь бичих явдал байдаг. Бичих эмээ хэрэглээгүйгээс болж манайд ирдэг юм” гэж билээ.(инээв)

-Та чөлөөт цагаараа юу хийх дуртай вэ?
-Миний бүх цаг чөлөөт. Хүү минь “Хүн гэдэг үхэн үхтэлээ цаг нөхцааж амьдардаг юм” гэж хэлсэн. “Чи үүнийг хаанаас сонсоо вэ” гэтэл “Манга”-гаас гэж хэлсэн.

-Японы залуучууд нь бүү хэл, хөгшид “Манга” гэдэг комикс номд дуртай болсон гэж сонссон. Ер нь залуучууд хэр их ном уншиж байна вэ?
-“Манга” унших нь уншдаг. Японы нийгэм их өрсөлдөөнтэй. Эрчимтэй хичээллэж байж сайн сургуульд ордог. Ном унших ч завгүй хичээллэдэг учраас 20 хүртэлх насныхан уран зохиолын ном унших нь бага байдаг. Их сургуульд ороод л сая унших чөлөө зав гардаг юм.

-Манайд эх хэлээ хамгаалж үлдэх асуудал маш чухалд тооцогдож байгаа. Одоогоос мянгаад жилийн өмнө анхны романыг бичиж байсан Япон оронд энэ асуудлыг хэр төвшинд хөнддөг вэ?
-Японы хэл гаднын хэлтэй холилдчихсон. Ялангуяа англи хэл маш их хэрэглэдэг. Эх хэлээ хамгаалж үлдэх нь сайхан хэрэг. Дэлхий нийт бүхэлдээ нэг хэлээр ярьдагсан бол уйтгартай байхыг би сайн мэдэж байна. Нөгөө талаар бид орчуулгагүй шууд ярилцсан бол хэчнээн сайхан. Тэгэхээр хэлийг тусгаарлаж, хана босгох хэрэггүй юм шиг санагддаг.

-Японд залуу зохиолчид олон төрж байна уу. Өмнө үеийнхээ уламжлалыг зохиол бүтээлдээ хэр ашиглаж байна вэ?

-Залуу уран бүтээлч олон бий. Мэдээж өмнөх үеийнхээ бодит ахуй дээр тулгуурлаж бичнэ. Харин залуу улстөрчид байхгүй шүү. Хамгийн залуухан сайд гэхэд л 63 настай. Асаж оргилсон хүслээр улс төр гэдэг чухал зүйлийг бариулаад байж болохгүй болохоор залуучуудаа уран бүтээлч бол гээд хөөчихдөг байх. (инээв)

-Халх голын дайны тухай танай зохиолчид хэр их бичдэг вэ. Тэд энэ дайныг яаж дүрсэлдэг бол?
-Тэрхүү дайны тухай тодорхой бичсэн ном дээр үед гарч бэстсэллэр болж байсан. Түүнийг настай хүмүүс л сайн мэднэ. Залуу үеийнхэн сайн мэдэхгүй байх. Хоёр хүүхэд хэрэлдлээ гэхэд тодорхой зааг, хязгаартай нэгнийгээ гомдооно шүү дээ. Гэтэл улс орон хүүхдээс тэнэг байдаг байх нь.

-Бичгийн хүний тань хувьд танаас нэг зүйл асууя. Монголд сонин уншихаас илүү интернэтээс мэдээлэл авах нь ихэслээ. Мэдээлэл технологийн оронд ч мөн хэвлэл уналтад орох хандлага ажиглагдаж байх юм уу?
-Манайд ч ялгаагүй сонин борлогдох нь багассан. Надад гэртээ байхгүй үе олон гардаг учраас тогтмол хэвлэл захиалдаггүй. Гэтэл саяхан компьютероо вируст идүүлээд, интернэтээ салгуулсан. Тэр үед юу ч хийж чадаагүй. Интернэт үгүй бол асуудал дуусна л гэсэн үг. Тиймээс шуудан харилцаа, сонин хэвлэлээ авч үлдэх нь зөв хэрэг. Бид бодол санаагаараа өөр ертөнцөд очиж болох хэмжээнд хүрсэн ч юмыг яаж мэдэх вэ гээд онгоцоо байлгаж л байх хэрэгтэй шүү дээ.

-Утга зохиолын шүүмж Японд хэр хөгжсөн бэ. Та хэн нэгнээр зохиолоо шүүмжлүүлж байв уу?
-Өмнө нь гурван жилийн хугацаанд хүмүүсийн хараанд байхдаа олон удаа шүүмжлүүлж байсан. Харамсалтай нь зарим шүүмж арай л биш санагддаг. Миний зохиолууд надгүйгээр хөлд орчихдог, бие даасан орон зай учраас яаж хүлээж авах нь тухайн хүний хэрэг.

-Оэ Кэнзабура, Кавабата Ясүнари, Акутагава Рюноскэ зэрэг Нобелийн шагналт зохиолчид Японоос төрж гарсан нь энэ орны утга зохиол дэлхийд хүлээн зөвшөөрөгдөж байна гэсэн үг. Энэ талаар ямар бодолтой явдаг вэ?
¬-Хүлээн зөвшөөрөгдсөн нь ойлгомжтой. Альберт Морравиа гэж их урт насалсан, сайн зохиолч байдаг. Гэхдээ Нобелийн шагнал аваагүйд нь би их гайхдаг.

-Та шүлэг бичдэг үү?
-(инээв) Би шүлэг бичдэггүй. Дүрэмт хувцастай хүүхдийг сурагч гэж таньдаг шиг хайку ч өөрийн гэсэн дүрэм, хэм хэмжээтэй. Тодорхой хүрээнд, тухайн улирлынхаа онцлогийг тусгаж бичдэг учраас шүлэг гэдгээс арай өөр болов уу. Хайку аливааг бөөрөнхийлж хэлдэг болохоор надад сонирхолтой санагддаггүй.

-Та хэзээ буцах вэ. Ном гаргахаас гадна ямар ажил амжуулах төлөвлөгөөтэй байна?
-Ирэх сарын 4-нд буцах төлөвлөгөөтэй байна. Хүү маань номын минь нээлтэд оролцохоор ирнэ. Ерөнхийдөө номоо гаргах зорилготой ирсэн. Хүсвэл та надад цагийн ажил олж өгч болно шүү. (инээв)

-Ярилцсанд баярлалаа. Уран бүтээлийн амжилт хүсье.
-Баярлалаа.

Б.Баярбаясгалан /Үндэсний шуудан/

  • Бичсэн tserenbat_d
  • Үзсэн: 4730

Бүлэг: Ярилцлага

Онги голын малчин Ц.Мөнхбаяр Дэлхийн хүн болсон түүх

О.Лүндэн (London) Энэ и-мэйл хаягийг спамботоос хамгаалсан. Та үзэхийн тулд JavaScript идэвхжүүлэх хэрэгтэй.

Дундговь айигийн Онги голын бэлчээрт мал маллах Цэцгээ овогтой Мөнхбаяр хэмээх дунд эргэм насны малчин Монгол эрийн түүхийг сөхөж харцгаая. Тэрээр 2007 онд Дэлхийн багйль  хамгаалагчдын  Goldman Environmental Prize гэдэг томоохон шагналыг хүртэж 150 мянган доллар хүртсэн бол National Geographic сэтгүүл түүнд 2007 оны ундны усыг хамгаалагч шилдэг  дэлхийн хүнээр шалгаруулж байжээ. Түүний тэмцлээ эхэлсэн түүх маш энгийн. Түүний ээж нь Онги голыг бохирдуулсан алтны уурхайн хаягдалтай усыг ууснаас хордож нас барсан бол, түүний хүү мөн л хордож өвчилжээ.

Аргаа барсан малчин эр Онги голыг хамгаалах хөдөлгөөн байгуулж тэмцсээр Онги голын эх ундарга дээр алт ухсан олон компанийг хаалгаж ширгэсэн Онги голоо дахин урсгаж чадсан билээ. Түүнээс хойш тэрээр тэмцсээр ирсэн бөгөөд уул уурхай эрхлэгчид түүний амь насанд олон удаа заналхийлсэн боловч шантраагүй нэгэн билээ. Тэрээр саяхан “Гол нууруудын нэгдсэн хөдөлгөөн”-ийхөнтэй хамтран Монголоос 45 тонн алт бултуулсан Центра Голд болон Хятад Монголын хамтарсан Пураам хэмээх 2 компанийн техник луу сум тавьсан хэргээр баривчлагдсан билээ. Одоо энэ малчин эрийг монголчууд Ганц Худагтаа залж хэдэн жил хатаахаар бусдын эд хөрөнгөнд халдсан хэргээр дээр нь бас галт зэвсэг хэрэглэсэн хэргээр яллах бизээ. Green Peace хэмээх байгаль хамгаалах хөдөлгөөнийхөн бол Халим агнадаг Японы хөлөг онгоцыг живүүлээд ял аваагүй билээ. Тэд маш олон удаа бусад загас агнагч хөлөг онгоцуудыг эзлэн авч эд материалын хохирол үзүүлсэн бөгөөд тэднийг өмгөөлөгч нар нь хамгаалаад гардаг жишиг бий.
 “Улс үндэстнээ аваръя” гэсэн зорилгоор байгаль дэлхийг хайр найргүй сүйтгэж байгаа хууль бус үйл ажиллагаатай эртнээс тэмцэж  ирсэн тэд  төрийн гурван өндөрлөгт шаардах бичиг үүнээс  Ерөнхий сайдад 12 удаа, УИХ-ын даргад зургаан удаа санал хүсэлт, шаардлага хүргүүлсэн байгаа. Тэд  боломжтой бүх хувилбараар яваад тусыг эс олсон учир зарим газрын үйл ажиллагааг хүчээр зогсоохоос өөр аргагүйд хүрсэн аж. Хүннүгийн үеийн түүхийн дурсгалтай Ноён уул, үзэсгэлэнт Түнхэл голыг бохирдуулсан гэмт этгээдүүдээс эх орноо хамгаалсан эдгээр эрчүүдийг Ганц худагт хатаах юмуу, Гавьяа цол хүртээх юмуу гэсэн асуудал тулгараад байгаа аж.

Английн British Petroleum компани Мексикийн буланд далайн эрэгт нефтийн цооногт газрын тос алдаж эрэг орчмын иргэд болон бизнест эколгийн хохирол учруулахад Америкийн ерөнхийлөгч Обама зарлиг гаргаж тэднмй компани иргэдэд нөхөн олговор олгох сан гэдгийг байгуулж АНУ засаг захиргаа хүчээр тэрхүү санд 5 тэрбум доллар төвлөрүүлэхийг шаардсан бөгөөд английн дээрх компани тэрхүү мөнгийг саяхэн шилжүүлсэн байна. АНУ хуульчид өмгөөлгчид одоо бүгд энэхүү бялуун дээр дайтаж энэхүү газрын тосноос болж хохирсон бизнес болон иргэд лүү захиа бичиж, суртачилгаа явуулж бид та бүхэнд хохирлыг чинь авч өгье, биднээр өмгөөлүүлнэ үү гэж гуйцгааж байх юм. Уул нь дэлхийн жишиг ийм байдаг бололтой. Гэтэл манай малчид малаа үхүүлсэн, өөрсдөө эрүүл мэндээрээ хохирсон атлаа хааанаас яаж тусламж хүсэхээ мэдэхгүй байна. Тэднийг өмгөөлөх ёстой засаг дарга болон цагдаа нарыг орон нутагт уурхай эрхлэгчид хамгийн түрүүнд худалдаж авдаг бололтой юм. Монгол улсад уурхай эрхлэгчид экологийн хохирол болон нөхөн сэргээлтийн барьцаа тавьдаг жишигтэй болмоор санагдана. Нөхөн сэргээлт хийхгүй буюу экологийн хохирол учруулбал тэрхүү барьцаагаа алддаг байх жишигтэй.  Уул уурхайг хүссэн хүн болгон биш өндөр шалгууртай, нөхөн сэргээлт хийх чадвартай, нийгмийн хариуцлагатай компаиудад эрхлэх зөвшөөрөл олгомоор санагдлаа.
Эргээд Ц.Мөнхбаяр болон түүний нөхдийн асуудал руу орцгооё. Эдгээр зүрхтэй шударга эрсээ хамгаалах вэб сайт, Төрийн бус байгууллага байгуулан, хандив цуглуулж шилдэг өмгөөлгчдийг хөлслөн өмгөөлье. Монголын шүүхийн шударга ажиллагчид, цагдаагийн шударга хүмүүс эдгээр хүмүүст хэрэг үүсгэх яллахаас сайн дураараа татгалзах боломж байдаг юм болов уу?.

Өнөөдрийн монгол орны тусгаар тогтнол, иргэдийн эрүүл мэнд, экологийн тэицвэрт байдалд аюул учруулж буй уул уурхайн бизнесс хэмээх аймшигт мангас бол 1919 онд Монголын Автономыг устгахаар орж ирсэн Гамингийн цэрэгтэй зүс нэгэн мангас  биш үү?.  Түүний эсрэг буу барьж боссон монгол эрчүүд бол ардын баатрууд юм, тэднийгээ хамгаалцгаая монголчуудаа.


Өнгөрсөн пүрэв гаригийн өглөөний 07:30 цагийн үед хэсэг хүмүүс Сэлэнгэ аймгийн Мандал сумын 5-р баг буюу Түнхэл тосгонд үйл ажиллагаа явуулдаг “Пураам”  алтны компанийн техник хэрэгсэл рүү халдаж, буун дуу гаргасан хэрэг гарсан билээ. Энэ хэрэг болсны дараагаас гол усаа хамгаалах гэсэн иргэний хөдөлгөөнийхөн тэдний хууль бус үйл ажиллагааг таслан зогсоохоор гал нээсэн тухайгаа хэлж, энэ талаар холбогдох хүмүүс байр сууриа илэрхийлж байлаа. Ямартай ч өчигдрөөс эхлэн “Онги гол” хөдөлгөөний гишүүн Ц.Мөнхбаяр нарын дөрвөн хүнийг уг хэрэгт холбогдуулан шалгаж эхлээд байгаа. Тэмцлийг эхлүүлж, зохион байгуулсан “Гол нууруудын нэгдсэн хөдөлгөөн”-ийхөн болсон хэрэг явдалтай холбогдуулж, ямар байр суурь илэрхийлэхийг тус хөдөлгөөний удирдах зөвлөлийн гишүүн, “Тосон заамар” хөдөлгөөний тэргүүн Д.Энхтөрөөс тодрууллаа.

-Юуны өмнө яагаад ийм тэмцэл эхлүүлэх болсон шалтгаанаа бидэнд тайлбарлахгүй юу?
-Бид “Улс үндэстнээ аваръя” гэсэн зорилгоор  байгаль дэлхийг хайр найргүй сүйтгэж байгаа хууль бус үйл ажиллагаатай эртнээс тэмцэж  ирсэн юм. Энэ хүрээндээ төрийн гурван өндөрлөгт шаардах бичиг удаа дараа хүргүүлсэн боловч өнөөдрийг хүртэл хариу ирүүлээгүй удлаа. Бүр тодруулбал, Ерөнхий сайдад 12 удаа, УИХ-ын даргад зургаан удаа санал хүсэлт, шаардлага хүргүүлсэн байгаа. Бид боломжтой бүх хувилбараар яваад тусыг эс олсон учир зарим газрын үйл ажиллагааг хүчээр зогсоохоос өөр аргагүйд хүрсэн юм. Бид үүнийг байгаль дэлхийгээ хамгаалах, Гол мөрний урсац бүрэлдэх эх, усан сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг хэрэгжүүлэх, ард түмний эрх ашгийг уландаа гишгэж байгаа компаниудын үйл ажиллагааг таслан зогсоохын тулд хийсэн. Тиймээс “Пураам” компанид хандсан үйл явдлыг энэ бүхнийг хууль бус гэж үзэхгүй байна. Үнэхээр холбогдох хүмүүс нь цаашид бидний шаардлагыг хүлээж авахгүй бол дараа дараагийн тэмцлийг явуулна гэдгээ бид хэлж байгаа.

-Тэр өдөр буун дуу гаргасан хүмүүс уул руу зугтсан шүү дээ. Хууль бус  үйлдэл хийгээгүй гэж үзэж байгаа юм бол цагдаагийнхнаас зугтах шаардлага байсан юм уу?

-Зугтсан зүйл байхгүй. Цагдаагийн байгууллагынхан хуулийнхаа хүрээнд ажиллаж байгаа байх. Бид энэ бүхнийг хийсэн нь олон нийтэд ил  тод байхад зугтах шаардлага байхгүй. Компанийн техник рүү буудсаныхаа дараа манай хүмүүс морь унаж явсан нь үнэн. Гэхдээ үүнийг зугтсан гэж ойлгож болохгүй. Харин ч цагдаагийн байгууллага бидний шаардлагад хүлээцтэй хандаж байгаа.

-Хэдийгээр байгаль дэлхийгээ хамгаалахын төлөө тэмцэж байгаа ч галт зэвсэг хэрэглэж, олон нийтийг цочирдуулсан нь олныг сэрдхийлгэж байгааг та бүхэн ойлгож байгаа биз дээ?
-Бидэнд өөр тэмцэл үлдээгүй юм чинь яах юм бэ. Хөлөө хүрэх газар явлаа. Тоодог хүн алга. Ийм байхад тэдний техник хэрэгслийг буудаж, хүчээр үйл ажиллагааг нь зогсоохоос өөр арга байгаагүй. Бид  ард түмнийг заналхийлж, тэдний эсрэг буу шагайгаагүй. Хүний амь нас хөнөөгөөгүй. Монголын төр долдугаар сарын 1-нд таван хүн буудчихаад юу ч болоогүй юм шиг өнгөрч  байхад хууль зөрчиж, байгаль орчинд ноцтой хохирол учруулж,  жирийн  иргэдийг басамжлан доромжилж байгаа компанийн хэдэн техник рүү буудсан нь буруудаад байх зүйлгүй гэж бид үзэж байгаа.

-“Пураам” компани Хятадын хөрөнгө оруулалттай компани гэдэг нь үнэн юм уу?
-Тэд өөрсдийгөө хаацайлж үндэсний хөрөнгө оруулалттай гэж хэлж байгаа. Анх тэнд уурхай бий болгох гэж  байхад нь хятадууд олноороо ирж байсан. Компанийнхан болохоор техник хэрэгсэл суурилуулах гэж ирсэн  мэргэжилтнүүд гэж тайлбарлаж байгаа ч үнэндээ тэр уурхай боловсон “нинжа” нарын л газар. Өөрөөр хэлбэл, техник хэрэгсэл нь хаа сайгүй байдаг жижиг уурхайнуудтай л адил болохоор Хятадын хөрөнгө оруулалттай байхыг үгүйсгэхгүй. Тэд өнөөдөр баахан хохирол амссан гэж байгаа болохоос  хэдэн өдрийн дараа үйл ажиллагаагаа үргэлжлүүлж ч магадгүй  юм.

-Тэднийг байгаль орчинд ямар хор хохирол үзүүлж байна гэж үзэх та бүхний үндэслэл юу вэ?

-Түүхийн дурсгалт Ноён уулын амыг тэр чигт нь сэндийчиж байгаа нь хангалтгүй гэж үү. Мөн Түнхэлийн голын голдирол дотор алт олборлож, нутгийн иргэдийн ундны усны урсацыг хаачихсан байгаа. Тэр хавийн  айлуудад ундны усыг нь машинаар зөөж өгдөг гэх боловч заримдаа алга болчихдог. Одоо тэнд хүн малгүй цангаж байна. Өнгөрсөн хавар бид тэнд очиж, үйл ажиллагаагаа зогсоох шаардлага тавьсан ч хүлээж авахгүй байсаар өнөөдрийг хүрээд байгаа юм.

-Орон нутгийн цагдаагийн хэлтсийнхэнд “Пураам” компанийнханд ийм байдлаар эсэргүүцэл илэрхийлэх гэж байгаагаа  мэдэгдсэн үү?
-Үгүй. Заавал мэдэгдэх шаардлагагүй гэж  бодож байна.

-Танай хөдөлгөөнийхнийг “Центра гоулд” компанийн техникийг мөн  буудсан гэсэн мэдээлэл байгаа. Энэ үнэн үү?

-Тийм ээ. Тэр компани руу бид мөн адил  буудсан. Гэхдээ тэд одоо болтол ямар нэг гомдол  нэхэхгүй байгаа нь хууль бус үйл ажиллагаа явуулж байсны илрэл байж болох юм. Тодруулбал, наймдугаар сарын 17-нд нутгийн иргэдээс гомдол ирсний дагуу  манай хөдөлгөөнийхөн Ойн газартай хамтран шалгалт хийхэд стратегийн орд байх боломжтой гэсэн дүгнэлт гарч байсан. Гэтэл тэр компани маш бага зардлаар их хэмжээний алт олборлодог мөртлөө улсад өчүүхэн бага татвар төлдөг юм билээ. Тэгсэн хэрнээ нөхөн сэргээлт хийдэггүй.

-Компанийн техник хэрэгсэл рүү буудсан танай хүмүүсийн асуудлыг хууль, цагдаагийнхан хэрхэн шийдэх бол гэж та бодож байна?
-Бид техникийг нь хөдөлгөөнгүй, ажиллагаагүй болгох гэж буудсан болохоос иргэд рүү буу шагайгаагүй. Төрийн өндөрлөгүүдэд удаа дараа шаардлага хүргүүлж байсан. Хууль хяналтынхан олон нийтийн эрх ашгийн үүднээс шийдэх байх гэж бодож байна.

-Танай хөдөлгөөний цаашид авах арга хэмжээ юу вэ?
-Энэ сарын 2-ны өдөр хүргүүлсэн шаардлагад Засгийн газар хариу  ирүүлэхийг хүлээнэ. Хэрвээ шаардлагыг хүлээж авахгүй бол тэмцлээ үргэлжлүүлсээр байх болно. Цаашлаад бид Гол мөрний урсац бүрэлдэх эх, усан сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуульд хамаарагдах 2000 орчим лицензийг хүчингүй болгох хүртэл тэмцэнэ.

  • Бичсэн tserenbat_d
  • Үзсэн: 4106

Бүлэг: Ярилцлага

Ч.Эрдэнэ: Супер нэгдлийн онол бол цэвэр математик үзэгдэл

Ярилцсан Б.Даариймаа, Эх сурвалж: “Үнэн” сонин

Ярилцлагаа эхлэхээс өмнө судлаач Ч.Эрдэнэд уншигчдынхаа өмнөөс баяр хүргэх хэрэгтэй. Учир нь 13 жил нойр, хоолоо умартан туурвисан супер нэгдлийн онолоо туурвиж дуусгажээ. Тэрбээр Монголдоо төдийгүй дэлхийд шуугиан тарих супер нэгдлийн онолын номоо дуусангуут манай сонинд ярилцлага өгнө гэсэн амлалтдаа хүрсэнд бас талархаж байна. Ингээд супер нэгдлийн онолын супер хүн Ч.Эрдэнэ гуайн яриаг толилуулъя. Таалан болгооно уу.

-Таны судалгаа өндөрлөж, ном тань хэвлэгдлээ. Энэ талаар манай сонинд ярилцлага өгнө гэж амласан. Одоо татгалзах зүйлгүй биз?
-Түүхт сонинд ярилцлага өгөхөөс ер хэн татгалзах билээ. Тэр тусмаа миний хувьд чухам эрх баригч намын хэвлэлтэй ярилцаад үзэх хэрэгцээ тулгамдсан шинжтэй болсонд бас учир байна.

-Тэгвэл Таны судалгаа болон номын тухайд манай уншигчид юу мэдэж байвал зохих вэ?
-Энэ номын тухайд хэн хүн мэдвээс зохистой олон чухал сэжим байгаа. Гэхдээ эхлээд энгийнээр хэлэхэд, 1244 тал нүүр бүхий хатуу хавтастай, супер хавтастай, оёж үдсэн, 2,9 кг жинтэй, А4 форматын ийм ном байна.   Нэр   нь  “Principia Mathematica”. Англи хэлээр бичигдсэн ном. Орчин үеийн, тэр тусмаа шинжлэх ухааны тангад хэл нь англи хэл болжээ. Гэвч хэл нь гол биш. Гол нь  олон мянган математик томъёо, тэгшитгэл.

-Уншигчдад дэс дараатай, яв цав ойлголт өгөхийг хичээх нь зүйтэй. Судалгааны сэдэв чухам юу билээ?
-Уг нь Монгол судлаач (Орос, Америк, Хятад, Японы бус) энэ судалгааны тухайд яв цав ойлголт Монголчуудад өгөх гэж бараг бүх хэвлэл, мэдээллийн хэрэгслээр 13 жил чармайж чардайгаад эцэст үр дүнгээр үнэндээ маруухан сууж байна.

-Гэхдээ эцсийн оролдлого хийх цаг нь чухам өнөөдөр биш гэж үү?
-Чухам тийм. Тиймээс бяцхан нурших хэрэг гарна. Шинжлэх ухаанд (ШУ) эхлээд асуудал байна. ШУ-ы өөрийн хөгжил, дотоод зүй тогтлоор асуудал тавигддаг. Асуудал урган гарах нь хэн нэгний сайн юм уу, муу дурын хэрэг огт биш. Нэгдүгээрт энэ. Хоёрдугаарт, ШУ гэхээр чухамдаа байгалийн шинжлэлийг хэлдэг. Бусад нь товчдоо хүмүүнлэгийн ухаан. Манайд нэр томъёоны холион бантан хутгаад хаячихсан нь гайтай. Байгалийн шинжлэлийн суурь шинжлэх ухаан нь физик. Өнөөгийн соёл иргэншлийн үндсэн бүрэлдэхүүн хэсэг нь физикийн ухаан гэж XX зууны тэргүүлэх физикч Ричард Фейнман хэлсэн буй. Энэхүү физикийн ухаан төгсөх үе шатандаа шилжсэн нь 1940-өөд он юм. Төгсгөхийн тулд цорын ганц суурь асуудлыг шийдэх ёстой. Энэ асуудлыг орны нэгдсэн онол гэнэ. Жишээ нь, та бид дунд сургуулиас судалж мэдсэн ертөнцийн таталцлын орон, цахилгаан соронзон орон байна. Эдгээр орнууд нь угтаа нэг суурь шалтгаантай байх ёстой нь логик шаардлага. Ерөөс орчлон ертөнцийн оршихуйн угт цорын ганц учир шалтгаан байх ёстой нь зайлбаргүй логик шаардлага. Учир нь, хоёр учир жам байлаа гэхэд хоорондоо зөрчилд ороод энэ хорвоо оршин тогтох аргагүй болно. Ертөнц ба материйг цорын ганц учир шалтгаанаар тайлж тайлбарлах учиртай тийм физик онолыг супернэгдлийн онол гэх юм. Энэ нь тавь жараад оноос хэрэглэгдэж буй албан ёсны нэр томъёо. Тэгэхээр супернэгдлийн онолыг нээж олох гэсэн шинжлэх ухааны туйлын эцсийн асуудал байна. Түүнийг би юм уу, хэн нэгэн зохиосон биш, шинжлэх ухааны хөгжил дэвшлийн логикоор хар аяндаа тавигдсан асуудал.

-Супер нэгдлийн онол нь шинжлэх ухааны эцсийн суурь онол байх ёстой юм уу. Тэгээд Та тэр онолыг нээж боловсруулсан гэж үзэж байна уу?
-Тийм ээ, тэгж үзэж байна.

-Баталгаа нь юу вэ. Хүмүүс дээр дооргүй баталгаатай эсэхэд л эргэлзэж тээнэгэлзээд байгаа юм биш үү?
-Баталгаа нь сая хэвлэлээс гарсан миний “Principia Mathematica” ном. Баталгаатай эсэхийг энэ номоос л хар. ШУ-нд өөр арга чарга даан ч байдаггүй. Шүүгч нь шинжлэх ухаан тэр чигээрээ. Тэгж шүүлгэхийн тулд л ном хэвлэдэг ганц аргатай, ийм журамтай. Манай Монголын аюул нь юу вэ гэхээр, Шинжлэх ухааны эцсийн онолыг ярих нь бүү хэл, шинжлэх ухаанч сэтгэл зүй, аяс хандлагын А, Б ч тогтож төлөвшөөгүй нийгэм юм. Энэ нь шинжлэх ухааны үндэсний уламжлалгүйтэй холбоотой. Наад зах нь, шинжлэх ухаан гэдэг нийтлэг үзэгдэл байна. Тэр шинжлэх ухаанд нь асуудлууд цагийн эрхээр өөрөө урган гардгийг эхлээд яв цав ойлгох нь чухал. Асуудал нь шинжлэх ухааных мөн бол хаа нэг газрын аль нэг судлаач шийдэж таардаг. Эс бөгөөс соёл иргэншил зогсонги байдалд орж, улмаар хямрал сүйрэлд идэгдэн мөхнө. Супер нэгдлийн онолыг олох гэж олон арван жил дэмий тэнээд цөхөрч гүйцээд байна, өнөөгийн шинжлэх ухаан. Улмаар та бид өнөөдөр бүх талаар хямрал, сүйрэл нүүрлэсэн дэлхийд амьдарч байна. Үгүй юм уу. “Үнэн” сонин, түүний уншигчид дэлхийн нийт байдлыг тоймлож суугаа байх. Дэлхийд туйлын таагүй хандлагууд ноёрхож байна. Засч залруулах хугацаа үлдсэнгүйг НҮБ-ын баримт бичгээс ч үзэж болно. Тиймээс номыг нь дэлхий даяар уншин буй нэрт физикч Стивен Хокинг интернэтэд өгсөн видео ярилцлагадаа, “Манай туйлын зорилт бол орчлон ертөнцийн бүрэн төгс онол” гэж хэлснийг хэн ч хэдхэн минутын дотор олоод үзэж болно. Тийм онолыг супер нэгдлийн гэж физикт ярьдаг юм. Туйлын зорилт болсон тэр онолыг олох эсэхтэй хүн төрөлхтөн, түүний соёл иргэншлийн цаашдын хувь төөрөг шууд холбоотой. Тэр онолыг би нээж оллоо гэж төр түмнийг дэлхий дахинтай нь хуурч мэхэлж болох уу, хамгийн гол нь би юм уу, өөр хэн нэгэн тийм залилан хийж чадах уу? Тэгж болно, чадна гэж бодоод байна уу?

-Харин энэ чинь л их сонин чухал асуулт юм биш үү?
-Тийм ээ, чухал асуулт. Гэхдээ хялбархан хариулттай. Та бид дахиад л шинжлэх ухааны хөгжлийн логикийн А, Б-г дурдах хэрэгтэй болно. Нэгдүгээрт, огт тэнэг хүн сар дурандаад суудаггүй гэсэн зарчим байдаг. Шинжлэх ухаан нь дэлхий нийтийн нийтлэг үзэгдэл. Дэлхийг мэхэлнэ гэж бодохын тулд тэнэг этгээд байж таарна. Тийм тэнэг хүн сар дурандаад юм уу, супернэгдлийн онолоор оролдоод суухгүй. Хуурч мэхлэх үй түмэн өөр арга байхад заавал шинжлэх ухааныг барьж авч 13 жил өглөө, үдшийг үл ялган ажиллах хэрэг юун. Хоёрдугаарт, суурь онолын нэг чухал тулгуур чанар байдаг. Юу вэ гэвэл, чухам суурь онолыг зохиож болдоггүй. Харин гагцхүү олж нээж болдог. Хэрэв зохиож болдогсон бол юу гэж дэлхий дахин нэг муу молхи Монголыг хүлээгээд сууж байх вэ дээ. Суурь онол гэхээр байгаль ертөнцийн үндсэн хуулиудын асуудал. Байгалийн хуулийг нээж болно, зохиож болдоггүй. Тиймээс суурь онол дутуу хагас, алдаа дутагдалтай байж болно, харин худал байдаггүй логиктой.
Гуравдугаарт, тэр тусмаа онолын физикийн арга нь математик. Математик гэж судлаач өөрөө өөрийгөө шалгаад баталж юм уу, няцааж болдог ганц найдвартай ухаан. Төр түмнийг дэлхий дахинтай нь хуурч мэхэлсэн ялд унахгүйн тулд танай судлаач өөрөө өөрийгөө үргэлж шалгаж байгаа. Тэр тусмаа супер нэгдлийн гэдэг хамгийн суурь онолын тохиолдолд ингэж шалгах нь туйлын хялбархан зүйл. Энэ нь тухайн буюу туйлын суурь онолын математик арга хэрэгслийн онцлогт буй. Иймэрхүү зарчмын зүйлийг олж мэдэх юм уу, хүмүүс өөрсдөө сэтгэх нь шинжлэх ухаанч сэтгэлгээ, ерөөс сэтгэлгээний соёлын эхлэл юм. Сүүнд түлэгдээд тараг үлээх гэж хуучны үг бий. Манай нийгмийн тухайд залиланд шатаж гүйцсэний харгайгаар шинжлэх ухааны цаана ч залилан олж харах сонирхолтой болсон. Гэтэл шинжлэх ухаан нь залилан байж чаддаггүй ганц салбар юм.

-Нэг монгол залуу мөнхийн хөдөлгүүр хийнэ гэж Ерөнхийлөгчөөс сая төгрөг аваад алга болчихсон жишээ бий биш үү?
-Тэр залууг танихгүй, мэдэхгүй юм. Харин Ерөнхийлөгч буруугүй. Мөнхийн хөдөлгүүр чинь шинжлэх ухааны эхний ч асуудал, эцсийн ч асуудал. Өнөө үед үүнийг чөлөөт энергийн асуудал гэж гол төлөв нэрлэдэг юм. “Шинжлэх ухааны хамгийн том 20 асуудал” гэсэн ном байх ба эдгээрийн нэг нь чөлөөт энергийн асуудал. Манайд одоо ч хэдэн хүмүүс мөнхийн хөдөлгүүр төрлийн юмаар оролдож суугаа. Дэлхийд ч ялгаагүй. Аль 1999 онд над дээр анх ирсэн гадаад хүмүүс гэвэл, чухам ийм юмаар оролддог Дани хүмүүс. Тэд чинь төсвийн байгууллагын хүмүүс. Данийн Засгийн газар тэнэг болоод тийм юманд төсөв гаргаагүй баймаар. Дурдсан 20 асуудлын хамгийн том нь мэдээж супернэгдлийн онолын асуудал. Энэ онолын хүрээнд чөлөөт энергийн асуудлыг онолын хувьд ихэд нарийвчлан үзэх боломжтой гэж найдаж байна. Чөлөөт энергийн гэнэ үү, мөнхийн хөдөлгүүрийн гэнэ үү, энэ асуудал чинь хүн төрөлхтний ирээдүйтэй амин чухал холбоотой асуудал. Юун сая төгрөг. Оросууд энергийн салбарт сая ам.долларын шагнал амлаад байгаа. Товчдоо ийм нарийн ширийнийг яриад дуусахгүй.

-Хөгжсөн хөгжөөгүй улс орнуудын ялгаа бий. Шинжлэх ухааны уламжлалгүй Монголд шинжлэх ухааны эцсийн онолыг нээсэн нь гайхалтай бус уу. Залилан биш юм гэхэд үлгэр домгийн мэт сонсогдож байна?
-Энд дахиад л А, Б-гээс эхлэх хэрэгтэй. Шинжлэх ухаан гэж юу вэ? Түүний чухал онцлог нь юу вэ? “Нэг тэнэгийн чадсаныг нөгөө тэнэг чадна” гэсэн үг барууны олон үеийг дээд математикт сургасан сурах бичгийн толгойд байдаг юм. Шинжлэх ухаан, боловсролын үндсийн үндсэн зарчим нь энэ. Өнөө буй шинжлэх ухааныг танд ч, надад ч заасан. Хэнийг ч голж шилэхгүй заасан. Тэр шинжлэх ухааныг хүмүүс бий болгосон. Монголчууд бид хүмүүс юм болохоор тэр шинжлэх ухаанд суралцах боломжтойгоор үл барам ёстой. Шинжлэх ухааныг цаашид хөгжүүлэх нь бас л хүмүүс, түүний дотор Монголчууд. Нэг хэсэг тэнэгийн чадаагүйг нөгөө нэг тэнэг чадах ёстой болно. Эс бөгөөс шинжлэх ухаан, соёл иргэншил зогсоно. Чадах тэр тэнэг нь Монголоос ч олдож болно. Энэ тухайд нэг юмыг анхаарах хэрэгтэй. XX зууны гол гавъяа нь юу вэ гэвэл, улс орнуудын хөгжлийн төвшнийг ихэд жигдрүүлсэн явдал. 1921 оны ба 1990 оны Монгол чинь үлгэр домгийн   хэмжээний зүйрлэшгүй хоёр үзэгдэл. Ямас нэг ололт АНУ-аас гарах, Монголоос гарах магадлал харьцангуй адилхан болсон цаг үе. Түүнээс гадна ерөөс түүхэн хувьсгал өрнөлийг урьдаас таах арга байдаггүй. Юу болохыг тэнгэр мэднэ. Тэнгэр мэднэ гэдэг нь, аливаа үйл явц олон хүчин зүйлийн  уулзварт байна гэсэн үг. Зарим хүчин зүйлээр Монгол давуу талтай ч байхыг  урьдаг үгүйсгэхгүй шүү дээ.

-Судалгааны түүх гэж байдаг. Супер нэгдлийн онолын судалгааны түүх нь юу вэ?
-Нэгдсэн онолын асуудл орчин цагийн утгаар нь А.Эйнштейн 1923 онд анх дэвшүүлсэн  гэж үздэг юм. Гэтэл энэ  ерөөс танин мэдэхүйн анхдагч асуудал. Ертөнцийн орших бүрнээ танин мэдэх гэсэн ганцхан ерөнхий асуудал шинжлэх ухаанд ч байна, шашинд ч байна. Тиймээс танин мэдэх эхний ба эцсийн асуудал яригдаж буй хэрэг. Эйнштейн өөрөө амьдралынхаа сүүлчийн жилийг энэ асуудалд дагнан хариулсан боловч амжилт олооогүй  юм. 1950-иад он хүртэл физикчид нэгдсэн онолын асуудлыг Эйнштейний хувийн хэрэг мэт бодож нэг их анзаараагүй байдаг. Харин 1960 оноос физикчид дэлхийн нийтээр хүчлэн оролдож эхэлсэн. Сүүлийн 50 жил албан ёсоор оролдон буй нь суперхөвчийн үзэл баримтлал юм. Ерөөс физикт ганцхан үндсэн асуудал үлдсэнийг ойлгох хэрэгтэй. Тиймээс онолын физикчид ер юу хийлээ ч энэ нь нэгдсэн онолд тэмүүлж байдаг. Монголд гэхэд академич Х.Намсрайн локал бус квант орны онол бий. Эцсийн зорилго, хандлага нь мөнөөх л нэгдсэн онолыг байгуулах явдал. Гэвч олон улсын шинжлэх ухааны олимпийн гол найдвар нь суперхөвчийн үзэл баримтлал байж ирлээ. Орчин үеийн Эйнштейнүүд гэж улайм цайм рекламдуулдаг хэрийн суут ухаантнууд энэ үзэл баримтлалаар 50 жил ноцолдоод үр дүнд хүрээгүйг бодоод үзээрэй. Заримтай нь би уулзаж байсан, лекц, семинарт нь сууж байсан. Тэгэхээр суутнууд оролдоод болдоггүйн шалтгаан нь үзэл баримтлалын буруу гэж бодмоор. Ер шинжлэх ухааны хөгжлийн бас нэг зарчмын онцлогийг дурдах хэрэгтэй. Юу вэ гэвэл, шинжлэх ухаанд хүний ухаан бус, харин зөв үзэл баримтлал шийдвэрлэх ач холбогдолтой. Хамгийн хэцүү нь цоо шинэ бөгөөд зарчмын хувьд зөв үзэл баримтлалыг олох явдал. Хэрэв олбоос үлдсэн нь харьцангуй техникийн асуудал.
-Тэгвэл Таны үзэл баримтлал юу байв?

-Супер байгууламжийн үзэл баримтлал. Нөгөө том ном маань ердөө л энэ байгууламжийн доторхи тооцоо. Тэр тооцоо нь супернэгдлийн онол. Түрүүнд хэлсэн суперхөвчийн концепци буруу бас биш. Асуудал юу вэ гэхээр, суперхөвчөөс цааш шилжих хоёр арга байж болно. Тэд буруу аргаар нь явчихсан учраас үр дүнд хүрсэнгүй ба хүрэх найдвар ч байхгүй. Монгол судлаач зөв аргаар нь яваад үр дүнд хүрчээ.

-Хоёр арга байсаар байтал тэд заавал буруу аргаар нь зүтгээд байсан нь сонин юм?
-Хоёр арга гэдгийг би хэллээ. Тэд болохоор ганц арга замтай л гэж бодоод яваа. Дахиад зарчмын нэг зүйлийг хэлмээр байна. Хүний санаанд орох юмс аль эрт дуусчихсан. Үлдсэн нь хүний санаанд орохгүй хэрийн хэцүү, нууц далд зүйл байна. Супернэгдлийн  онолын хүндрэл нь чухам үүнд. Үүнийг физикчид, философичид эртнээс мэдэх боловч хүний санаанд орохгүйг санаж сэтгэх нь санаан зоргын юм даанч биш.

-Хүний санаанд орохгүй зүйл таны санаанд яаж оров?
-Ийм юмыг өнгөрсөн хойно нь үгээр илэрхийлж болдоггүй. Үнэндээ хэн мэдлээ, яагаад санаанд орсон юм. Ямар боловч их урт түүх учраас энд зай, цаг бараад яахав. Шинжлэх ухааны их хүмүүсийн нэлээд нийтлэг хэлсэн нэг зүйл бий. Юу вэ гэвэл, бодоод л байх хэрэгтэй гэж. “Над лугаа бодоод л байх ахул хэнбугай ч математикч байж чадна” гэж суут Гаусс хэлсэн нь оргүй биш. Гэтэл “Бодох нь хамгийн яршигтай үйл” гэж Блез Паскаль хэлсэн байдаг. Тиймээс хүмүүс ийм хар яршигтай үйлээс зугтдаг. Энэ нь бараг байгалийн хууль учраас буруу ч бас биш. Гэтэл зарим хүмүүс төрөлхийн сониуч зан төрхтэй байдаг. Ийм хүмүүс оюуны сонирхол гэдэг сэтгэлзүйн төлөвт шилжих нь олонтаа. Оюуны сонирхол давамгайлсан хүмүүс аливаа хэрэгтэй, хэрэггүйн учир начрыг олох гэж бодоод л байдаг. Тухайн нийгэмд материаллаг ба оюуны сонирхлын тэнцвэрийг хадгалах нь их чухал. Өнөөдөр бид капиталист анхны хуримтлалын үе шатанд байгаа болохоор материаллаг ашиг сонирхол хэт давамгайлж байна. Оюуны сонирхол байлаа гээд тэр нь шалиг налиг шоу төдийхнөөр хязгаарлагдана. Гэтэл хүн бидний гол эрхтэн маань уураг тархи шүү дээ. “Уураг тархи маань араатны араа соёо, хуруу хумс лугаа амьдрах хэрэгсэл” гэж нэрт биологич, Нобелийн шагналт Сент-Дьердь хэлснийг санах хэрэгтэй. Энэ ярилцлагыг унших хүн бараг олдохгүйг баталгаатай хэлж болно. Учир нь, шинжлэх ухааны зүй тогтол, суурь асуудлаар нэлээд бодож болгоох хэрэг гарна. Энэ бол хаана ч, хэзээ ч маш яршигтай үйл. Ер нь хэнд хэрэгтэй юм гэж бодмоор.

-Бодохын тулд боловсрол хэрэгтэй байх. Та хэрхэн яаж боловсорсон хүн бэ?
-Жинхэнэ боловсрол зөвхөн өөрийн бие дааж олсон боловсрол байна. Саяхан Монгол Улсын гавъяат багш, доктор Ц.Дэмбэрэлтэй ярилцсанд мөн энэ тухай эцэст ойлгосноо ярьж байна. Өнөөгийн нөхцөлд Монголд бүү хэл, Орост боловсрол уналаа. Нөгөө талаар, жинхэнэ бие дааж боловсрол олох арга зам, хэрэгсэл боломж чухам өнөө үед нээлттэй боллоо. Хүүхэд, залуучуудад оюуны сонирхол дутагдаж, тухайн цаг үедээ хууртагдаж байна. Нэг бүхэл бүтэн үе алдагдсан тухай зарим нийтлэлчид ярьж буй нь ихээхэн үндэслэлтэй. Дахиад бас нэг үе алдамгүй байна. Алдваас Монгол их хэцүү байдалтай тулгарна. Одоо ч бүх салбарт мэргэжлийн төвшин буурсан нь нууц биш. Цаашид хэрхэх вэ? Нийслэлийг аваад үзье. Капиталист мегаполис үүсэх нь зүйн хэрэг. Газрын наймаа газар авах нь зүй тогтол. Капиталист анхны хуримтлалын үе шатанд эдгээрээс зугтах арга байхгүй. Асуудал юу вэ гэхээр, газрын наймаачид маань “хот байгуулалт” гээч нарийн нийлмэл ухааны ямар нэг мэргэжлийн төвшин, төсөөлөл, боловсролтой байх ёстой юм. Наймаагаа учир начиртай хийнэ гэсэн үг л дээ. Гэтэл мэргэжлийн төвшин байтугай, төсөөлөл харагдахгүй бөгөөд үр дүнд нь өнөөгийн Улаанбаатар гэх эах замбараагүй урсгал үзэгдэл. Зориуд буруу хийснийг засч болдог, ийм урсгал үзэгдлийг засч залруулж болдоггүй гэдэг. Энэ л цаашдаа харагдах болуужин гэж айх юм. Хуучин үед хот байгуулалтад хэтэрхий хатуу ханддаг байсан. Одоо дэндүү хөнгөн хандах болжээ. Туйлшрал л юм даа.

-Цаашдаа яах ийхийг ёстой тэнгэр мэдэх биз ээ?
-Гэхдээ хүн бид мэдэх чадахаа хийж л байх өстой. IV хорооллыг ЗХУ-ын зээл тусламжаар бариулах зорилт тавьжээ. Үүний тул Москва хотын даргыг айлчлуулж, түүний толгойг Б.Алтангэрэл дарга эргүүлэх хэрэгтэй гэсэн бодлого гарчээ. Толгойг нь эргүүлэх бүх баримт бичиг сэлтийг миний бие арваад хоног хотын намын хорооны бүр хуучин, шатахаас өмнөх байшинд сууж Оросоор бичиж, орчуулж хийсэн юм. Москва хотын дарга өглөө 08 цагт онгоцноос бууна гэж байхад би 03 цагт эцсийн зарим зүйлийг гүйцээн хүлээж суусан Б.Алтангэрэл даргын гэрт нь хүргэж өгч байв. IV хороолол баригдсан. Одоо ч Монгол Манхэттан гэгдэх сүрлэг сайхан хороолол. Хуучин үөийн ажил байдлын горим нэг иймэрхүү байлаа гэдгийг хэлэх гэсэн юм л даа.

-Ингэхэд Та аль намын гишүүн бэ?
-Хуучин шинэ аль ч үед нам бус. Гай ч үгүй, гавъяа ч үгүй хэрэг. Математикийн философиор уул овоо шиг их утга зохиол бий. Зөвлөлтийн үеийн нэг номонд “Математик дахь намч чанар” гэсэн бүлэг байдаг. Супернэгдлийн онол маань цэвэр математик үзэгдэл. Энэ онолыг нээж боловсруулсны цаана хүссэн хүсээгүй ямар нэг үзэл суртал нуугдан байгаа. Энэ нь үндэсний үзэл юм. Нэг ухаандаа математик дахь миний намч чанар гэвээс “Үндэсний үзлийн нам”-ын намч чанар юм. Миний үндэсний үзэл хуучин үед
4 нууц байгаагүй. Үндэсний үзэл бол хамгийн хүчтэй хөшүүрэг, тулгуур багана, хөрс дэвсгэр юм гэж боддог. Супернэгдлийн онолыг олсон нь ч үүний баталгаа юм. Энэ судалгааны угийн угт үндэсний үзэл бий юм.

-Улс төр уруу хэт хальтрах хэрэг байна уу даа. Тэр тусмаа үндэсний үзэл гэхээр айж бэргэх, үргэж бусгах нь одоо ч элбэг?
-Ер нь бол зүгээр үг хэл, үзэл бодлын эрх чөлөөний асуудал. Үндэстнүүд оршин байна. Үндэстнүүд арилтал яавч их ус урсана. Ерөөс хүн төрөлхтөн гэдэг систем оршин тогтох үндэс нь үндэстнүүдийн ондоошил гэж системийн шинжлэл гэдэг ухааны үүднээс хэлж болно, тэгэж ч үздэг. Бид үндэсний үзэлгүй байж болно. Гэтэл бусдууд үндэсний үзэлтэй. АНУ гэдэг халуун тогоо, холион бантан хүртэл үндэсний үзэлтэй.” Энэ нөхцөлд үндэсний үзэлгүй үндэстэн нь дархлаа устгадаг ДОХ-той этгээд гэсэн үг. Тиймээс үндэсний үзэл нь ердөө л амьдарч үлдэх арга хэрэгсэл. Үүнээс айж бэргэх, үргэж бусгах нь илүүц зүйл.

-Таны судалгааны амжилттай үр дүнг дан ганц үндэсний үзэлд хамаатуулж болох уу?
-Дан ганц биш, гэхдээ гол хүчин зүйл нь энэ. Үндэстнүүд өрсөлддөг. Энэ нь байгалийн хууль. Өрсөлдөөний гол талбар нь оюуны салбар. Оюуны салбартаа өрсөлдөөний гол талбар нь шинжлэх ухаан. Энд олсон үндэсний нэр хүнд, рейтинг чансаа мөнхийн байна. Биеийн баатар болбоос нэг үеийн баатар, билгийн баатар болбоос мянган үеийн баатар гэдгийн учир энэ. Шинжлэх ухаан, технологийн томоохон нээлтүүд үндэстнүүдийн өрсөлдөөн, үндэсний үзэлтэй шууд холбоотой нь угтаа нууцлаг боловч нийтлэг үзэгдэл. Ерөөс давуу дутуу тал зөвхөн оюуны салбарт байна. Чингисийн Монголчууд гэж зэрлэг бүдүүлэг хүмүүс байсан гэж урьдын түүхчид бичдэг байв. Гэтэл зэрлэг бүдүүлэг дээр дэлхийн түүхнээ хамгийн аугаа гүрэн байгуулж болох уу? Өнөөгийн түүхчид энэ асуултын хариултыг олж эхэлж байна. Юу вэ гэвэл, Чингисийн Монголчууд оюун сэтгэлгээний давуу талыг эзэмшсэн байжээ гэж.

-Яагаад. Ямар учраас?
-Энэ их нарийн асуудал. Бүдүүн тоймоор нь хэлбэл дараах юм. Зэрлэг бүдүүлэг нь худал биш. Гэтэл энэ зэрлэг бүдүүлэг чинь чухам юу гэсэн үг юм бэ? Байгаль шиг бодож сэтгэнэ гэсэн үг. Байгаль хэзээ ч алддаггүй. Чоно лугаа сэтгэж үйлдээд байхад л болж байж. Чингисийн Монголчуудад бусдаас сурч мэдсэн онол номлол гэж юу байхав. Харин тэдэнд мянга мянган жилээр энэ газар орноо боловсорсон төрөлх метафизик сургаал нь байсан. Түүний үндсэн теорем, томъёоллыг хэн бүхний мэдэх нэр бүхий дурсгалаас миний бие зээлдэн номын тэмдгэндээ хэрэглэсэн нь энэ юм.
Өнөөгийн хэлээр хэлбэл, энэхүү метафизик сургаал нь тэнгэризм юм. Энэ нь байгаль лугаа сэтгэж үйлдэх аяс хандлага, арга ухаан юм. Энэ нь дэлхийг даяарчилсан ялалтыг хангах оюун санааны давуу тал болж байжээ. Юмс үзэгдэл ямагт хоёр талтай, хосмол чанартай. Язгуур нүүдлийн ахуй оршихуйн нөгөө тал нь түүний зарим давуу талууд.

-Тийм давуу тал байлаа гээд өнөө үед тэр нь үйлчлэх үү?
-Яагаад үгүй гэж. Тэр тусмаа өнөөдөр бүр илүү үйлчлэх боломжтой. ШУ гэж байгалийн нууцсыг тайлж тайлбарлахыг хэлнэ. Энэ нь байгаль лугаа сэтгэ гэсэн л үг биш үү. Байгальд хамгийн ойр дөт нь нүүдэлчид. Би нүүдэлчин ахуй орчинд төрж өссөн. Энэ миний давуу тал байхыг үгүйсгэхгүй. Багадаа энгэр газар судгийн ногоо дагуулан хонь хариулж, хаврын  наранд ээж суухдаа энэ орчлонгийн гайхамшигтай зохирлыг анх ажиглаж гайхаж байснаа мартдаггүй юм. Бүх юмс үзэгдэл газар дээрх амьдралд зориулагдан зохицуулагдсан мэт. Манхэттанд төрж өссөн хүүхэд хот орноо сайшааж шүүмжилж чадна. Харин орчлонг олж харахгүй. Ялгаа зөрөө нь энэ.

-Тэгвэл Таны багадаа хонь хариулсан, адуу манасан нь супер нэгдлийн онолд тэгтлээ нөлөөллөө гэж үү?
-Нөлөөлсөн. Энэ бол баримт. Ертөнцийн зохиролд гайхаж бишрэхдээ “Зохирол” гэдэг үгийг мэддэггүй байсан байж таарна. Гэхдээ сэтгэгдэл, сэтгэмж нь тийм байсан. Коперникийн дараахь нээлт ололт нь Иоханн кеплерийн “Нагтогисае Мипси” ном юм. Ертөнцийн зохирол гэсэн үг. Энд гариг эрхсийн хөдөлгөөний хуулиуд байх ба энэ үндсэн дээр их Ньютоны онол номлол бий болсон түүхтэй. Ерөөс танин мэдэхүй, шинжлэх ухааны туйлын зорилго нь ертөнцийн зохирлын системийг нээж олох явдал. Олбоос супернэгдлийн онолыг байгууллаа гэсэн үг. Их Ньютоны дараахь номоор онолын физикийн ухаан бий болсон. Онолын физикийн эцсийн онол, төгсгөл нь миний дээр дурдсан ном.

Ньютоны номын нэрийг зээлдсэн нь хэр оновчтой юм бол?
-Зээлдэх зайлшгүй шаардлагатай. Гол учир нь түрүүнд хэлснээс тодорхой байх биз. Надаас өмнө энэ нэрийг зээлдсэн хоёр тохиолдол байдаг. Нэг нь огт ач холбогдолгүй, нөгөө нь ач холбогдлоор багахан ажил байсан юм.

-Таны номын нээлт хэзээ болох вэ?
-Сая болоод өнгөрсөн.

-Том баяр болов уу?
-Презентацийг “Harmonicae Mundi”-т зохион байгуулсан. Миний номыг ивээн тэтгэж хэвлүүлсэн газар. Хааны нэр сүр цаанаасаа хэрэг боллоо гэж бодогдоно. Төрийн гурван өндөрлөгийг урьсан гэсэн. Ёс ёмбогор, төр төмбөгөр гээд тэдэнд нэг нэг хувь ном гардуулах санаа байлаа. Гэтэл өндөрлөгүүд өөрсдөө ирэх нь байтугай, төлөөллөө ч ирүүлсэнгүй.

-Яасан юм бол?
-Айгаад байдаг юм. Монгол хүнд итгэхгүй байгаа юм. ШУ-ч боловсрол дутмагийнх.

-Юунаас айдаг байна аа?
-Энэ чинь би өөрөө айдаг аугаа үзэгдэл. Энэ чинь шинжлэх ухаан, соёл иргэншлийн түүхэнд эцсийн эцэст хэдэн нүүдэлчид үнэмлэхүй ялж буй хэрэг шүү дээ. Супернэгдлийн онолын асуудал гэж юу болох тухай уул овоо шиг их утга зохиол бий. Нобелийн шагналт Стивен Вайнбергийн ном байна.
Нэр нь “Эцсийн онолын зүүд мөрөөдөл” гэж байна. Энэ чинь хүн төрөлхтний зүүд мөрөөдөл болсон туйлын зорилт. Бас нэг ном байна.
Нэр нь “Физикийн төгсгөл: Нэгдсэн онолын үлгэр домог” гэж байна. Зүүд мөрөөдлийн хэрийн зүйлийг хэрэгжүүлэх нь үлгэр домгийн хэрийн хүнд хэцүү хэрэг болох нь XX зууны шинжлэх ухааны түүхээр батлагдсан юм. Тэгэхээр зүүд мөрөөдөл, үлгэр домог хэрэгжлээ гэж нэг муу Монгол хэлэхээр өнөөгийн манай удирдлагад үнэхээр итгэл үнэмшилгүй сонсогдох нь аргагүй юм. Гэтэл ирэх жил их ойг нь тэмдэглэх Хүннү гүрэн, та бид нэр сүрийг нь худалдаж идэн байгаа Чингисийн Монголын Эзэнт гүрэн чинь бас л зүүд мөрөөдөл, үлгэр домгийн хэмжээний аугаа үзэгдэл шүү дээ. Тиймээс үлгэр домгийн хэрийн зүйлээс айж бэргэх, хулгаж хулмалзан нуугдах шалтгаан чухам Монголчуудад байхгүй юм. Гэтэл та бид дээр үеийн баатрууд биш, өнөө үеийн бирд бөөснүүд болжээ. Хүн амьтныг ч дээр дооргүй айлгаад, би өөрөө ч бэргээд байдгийн учир энэ.

-Тэгвэл Таны бодлоор төрийн өндөрлөгүүд юу хийх ёстой юм бэ?
-Миний бодлоор биш ээ. Үндсэн хуулиа хар. Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газрын хуулиа хараач ээ. Үндсэн хуульд: “Монголын ард түмний шинжлэх ухаан, оюуны өв төрийн хамгаалалтад байна” гэжээ. Учир нь “Иргэний туурвисан оюуны үнэт зүйл бол… Монгол Улсын үндэсний баялаг мөн”  юм байна. Соёл иргэншлийн үндэс нь шинжлэх ухаан. Ямар шинжлэх ухаан байна, тийм л соёл иргэншил байна. Өнөөдөр харилцаа холбоо глобальчлагдаж, та бид гар утас санжигнуулж яваа маань физикт квант орны онол гээч юм байдгийн үр дүн юм. Нэгдсэн орны онол хувьсгалт шинэ технологиуд бий болгох нь дамжиггүй. Шинжлэх ухаан бол дэлхий нийтийн тэргүүлэх эрх ашгийн гол гогцос асуудал. Тиймээс үндэсний төр засгууд Үндсэн хуулийнхаа дээрх мэт заалтаар даян дэлхийн эрх ашгийн өмнө хариуцлага хүлээж буй юм. Судлаач миний өмнө биш. Онол босгож ном хэвлүүлснээр судлаачийн үүрэг, хариуцлага дуусгавас болдог номтой. Үлдсэн нь бусад сонирхсон үгүй этгээдүүдийн үүрэг хариуцлага, сайн муу дурын асуудал. Сайн муу дуртай гаас нь үл хамааран үндэсний төр засгийн хувьд хуульчилсан үүрэг хариуцлагынх нь асуудал.

-Энэ уг нь хэн хэндээ ойлгомжтой л баймаар юм…
-Чухам дээгүүрээ ойлгохы хүсэхгүй байна. Үндсэн хуулиа ч эргэж хардаггүй юм шигээ Барууны нэрт сэтгэгч, “Хубилай” хэмээх нэн алдартай шүлэг найргийн зохиогч Кольрижийн хэлсэн нэг айхтар үг байдаг. Юу вэ гэвэл “Хүмүүс эцсийн эцэст хүний мөн чанар гэдэг хөгийн юмтай л учирч таардаг” гэж. Энэ их үнэн үг. Жишээ нь, Монгол Улсын баатар, УИХ-ын удаа дараагийн гишүүн Эрдэнийн Бат-Үүл байна. Эцгийг нь би дагуулж шөнөжин айл хэсч архидах хэрийн жирийн танилууд байсан юм. Луугар буриад байлаа л даа. Социализм байж л байсан үед энэ Бат-Үүл гишүүн над дээр ирж, ирэх хувьсгалын тухай хөөрөлдөж байсан удаатай. Гэхдээ гол нь энэ биш. Гол нь Бат-Үүл баатар маань физикийн багш мэргэжилтэй ухаантай юм өөрөө ярьж байсныг санаж байна.
Эйнштейний харьцангуйн онолыг их уншсан ч гэж хэлснийг санаж байна. Би энэ судалгааны тухай 13 жил хэвлэл, мэдээллийн хэрэгслээр бараг тасралтгүй хэлж ярьсан шүү дээ. Гэтэл яав. Зүгээр физикийн багшийн ердийн сонирхлоор ч юм уу, ер нь нэг муу Монгол хүнийхээ хувьд ч юм уу, эсвэл хувьсгалч баатрынхаа зэрэг зиндаагаар ч юм уу, зүгээр төрийн түшээгийнхээ үүрэг хариуцлагаар ч юм уу, миний судалгааг нэг удаа ч болов анзаарч “Үгүй, та нээрээ оролдоод байвал болох ч юм бил үү, хэн мэдлээ” гэж хэлж болох байсан. Гэтэл тэгсэнгүй. Үүнийг л хүний мөн чанар гэдэг хөгийн юм гээд байгаа юм. Хүний мөн чанар гэдэг дээр Монгол хүний шинж чанарыг нэмж тооцох тухай Баабар бичээд байдаг нь нэг их буруугүй бололтой. Гэхдээ Монголчууд бидэнд ерөөс ямар нэг юм айхтар дутаад буйг энэ жишээ харуулах мэт.

-Тэр дутагдаад буй нь юу бол, Таны бодлоор?

-Миний бодол нэг хэрэг. Ер нь хэн хүнгүй бодууштай зүйл. Нийгэм маань оюуны ашиг сонирхлын талын зүйлийг ор тас таягдан хаяжээ. Капиталист анхны хуримтлалын хатуу ширүүн нөхцөлд материаллаг ашиг сонирхол давамгайлах нь зүй тогтлын хэрэг. Юун онол номлол вэ, балай юм, Оюутолгой, Тавантолгой байхад гэж уцаарлан бодоод байна. Гэнэн хэрэг, өнгөцхөн бодол. Ялангуяа төр засгийн төвшинд. Миний нэг мэргэжил бол уурхайчин. Ерөнхийдөө үндэсний амбиц дутаж байна. Эзэнт их гүрнийг байгуулагчдын үр удам бид маань ямар нэг том ялалтын тухай хүсч мөрөөдөх байтугай, тийм юм зүүдэнд орохоос айдаг болжээ. Хэдэн зууныг дамжсан бууралт доройтлын дараа энэ ч аргагүй. Энэ бол хүндэтгэх шалтгаанаар уучлууштай үзэгдэл. Гэхдээ нийгмийн ерөнхий төлөв байдлынхаа клиник онош тавих нь их чухал. Эмгэг согогоо эхлээд мэдэж баймааж, анагааж эмчлэх аргаа олно. Гол арга нь дэлхийн хэмжээний шинэ шинэ амжилт олох. Амжилт олохын тулд үндсэн хөшүүрэг нь эргээд үндэсний амбийц. Үндэсний амбицгүйгээр олимпийн аварга төрдөггүй нь их спортын аксиом байдаг юм. Хэрэв олимпийн аваргууд төрсөн бол Монгол хүний үндэсний амбийц сэргэж буйн гэрч ба үр нөлөө. Энэ амбиц буюу үндэсний эрмэлзэл зориг тань сумо, спортоос гадна шинжлэх ухааныг бас хамрах ёстой. Орчин цагийн барилдаан зодолдооны гол талбар нь шинжлэх ухаан. Үүнийг орхигдуулж хэрхэвч зохихгүй. Монголд шинжлэх ухааны уламжлал бага гэдгийг түрүүнд дурдсан. Гэхдээ танин мэдэхүйн язгуур уламжлал агуу. Энэ уламжлалын үр дүн нь супернэгдлийн онол. Энэ тухайд миний бусад ярилцлага, нийтлэлээс олж үзэж болохуйц.
Шинжлэх ухааны албан ёсны хэвлэлд нэр бүхий нэг хүний үг хэвлэгдсэн удаатайг зургаар нь хуулбарлан үзүүлье:

‘Морин дэл дээр төрж морин дээр үхдэг эсгий туургатны бор гэрээс нээлт гарна гэдэг ёстой л гонжийнжоо. голионы баас ‘

Мөн тэнд бас нэг ийм үг бий.

‘Бидний нэг гутамшиг бол экспертүүд Монголд байдаггүй‘

Монголд экспертүүд бий л дээ. Голж шилэх нь илүүц. Социализмын 70 жил дэмий өнгөрөөгүй. Номын нээлтэнд харин ШУА-ийн Ерөнхийлөгч академич Ц.Энхтүвшин хүрэлцэн ирж ном гардсан. Бодвол, экспертүүдээ цуглуулж энэ онол ба номыг миний оролцоотойгоор хэлэлцэх юм байгаа биз. Ерөөс шинжлэх ухааны ердийн горим журам нь энэ. Сайн муу дурын юм уу, гуйлт хүсэлтийн асуудал биш. Энэ горим журмыг баримталж огт сураагүйн зовлон бий.

-Горим журмынхаа дагуу арга хэмжээ авагдах байлгүй дээ гэж найдъя. Эцэст юу хэлмээр байна?
-Шинжлэх ухааны сүүлчийн онолыг нээн олж байгуулах асуудал ба туйлын зорилт хүн төрөлхтний өмнө байдаг юм байна гэж түрүүнд хэлж ярьснаас эрхбиш ойлгогдож буй байх. Шинжлэх ухааны асуудал шийдтэй байх номтой, учир нь шинжлэх ухааны асуудал. Хэн, хаана, хэзээ шийдэх нь тохиолдлын хэрэг, магадлалын асуудал. Тохиолдол, магадлалын дотор Монгол Улс ба Монгол үндэстэн тууж л яваа юм. Ямар нэг тохиолдол, магадлал хэрэгжихэд айж цочирдон шоконд орж балмагдах хэрэггүй. Нөгөөтэйгүүр, шинжлэх ухааны шинэ суурь онол хаанаас гарна, тэндээс соёл иргэншил хөтлөгдөж, тийшээ түүхэн үйл явц төвлөрдөг жамтай. Шинжлэх ухааны сүүлчийн онол хувьд ийм даяар нөлөө тусгал нь үнэмлэхүй шинж чанартай байх өстой. Өөрөөр хэлбэл, Монгол Улс хүссэн хүсээгүй олон улсын рейтинг чансаагаараа тэргүүлэх байр сууринд тавигдана. Эндээс их юм хүлээгдэнэ. Харин хүлээлтийг бид хэрэгжүүлж чадах уу, үгүй юү. Ер нь бодоод байх нь ээ, би вээр Бодончар мунхагийн угшилтай нэгэн байх шиг. Мань ер үлгэр домгийн шахам хачин жигтэй юм донгосоод мунхаг гэж ад үзэгдэн гэрээсээ хөөгдсөн байдаг. Гэхдээ хожим нөгөөдүүл нь яагаад ч юм түүнийг зорьж эргэж очсон байдаг. Нөгөөх нь болохоор, тэнд нэг хэсэг сул иргэн байна, тэднийг автугай гэж санал дэвшүүлсэн байдаг. Тэгээд тэр ёсоор болсон. Тэгээд үйл явц цаашид хар аяндаа даамжирсан. Их Монгол Улс, Эзэнт гүрний угт ийм зөвлөмж, ийм үйл явдал байсан. Өнөөгийн дэлхий гэж яахаа мэдэхээ больсон сул иргэд тэр аяараа аврал хүлээж байна. Аврал нь зарчмын хувьд ганцхан. Энэ нь эцсийн буюу супернэгдлийн онол. “Санааг нь авбаас бие нь хаа хол очиж хамраараа хатгаж ойчих” гэж Чингис хаан сургажээ. Санааг нь нэгмөсөн авах арга хэрэгсэл нь бэлхнээ байна. Ардчиллын туг далбаа, уриа лоозон болсон Уинстон Черчилль хэлэхдээ “Ирээдүйн эзэнт гүрнүүд нь оюун санааны эзэнт гүрнүүд байх юм” гэжээ. Оюун санааны даяар Эзэнт гүрэн байгуулах алтан боломж нээлттэй. Үндэсний зөн яруу найрагтаа байдаг юм. Олхонуд Д.Бямбадорж зайрантны зөнд орсон нь:

Угийн түүх эхээр эхэпж
Удмын ёс эцгээр овоглож
Ханхүү тэнгэрээс ирж
Хас төр тогтоогүй байхад
Бөө бөөлж байсан
Бөөрөнхий тал хэнгэргээ дэлдэж байсан…

гээд бүхий л түүхэн эринүүдийг дамжин өртөөлсөөр эцэст нь:

Омогширч явсан Хөх Монголын удам
Домогширч үлдсэн Нууц товчоогоо залж
Авъяасаараа дахин дэлхийд гайхуулах
Алтан боломж, энэ зууны босгон дээр
Бөө бөөлж байсан
Бөө бөөлсөөр байх болно…

гэжээ. Ерөөлөөр болтугай юу?

- Болтугай, болтугай.
-Дараагийн ярилцлага хүртэл баяртай.

  • Бичсэн tserenbat_d
  • Үзсэн: 5668

Бүлэг: Ярилцлага

Champion” клубын тамирчин дэлхийн аварга боллоо

И.Будбаяр, Германаас

ХБНГУ-ын Мюнхэн хотноо буудлагын спортын 50 дахь удаагийн  дэлхийн аварга шалгаруулах тэмцээн 2010 оны 7 сарын 29-нөөс 8 сарын 11-ны өдрүүдэд болж байна. Энэ тэмцээнд Монголын 19 тамирчин оролцож байгаа бөгөөд өнөөдөр залуучуудын хийн гар бууны 10 метрийн төрөлд оролцсон “Champion” клубын тамирчин Ц. Хонгорзул алтан медаль хүртэж, дэлхийн аварга хэмээх эрхэм алдрын эзэн боллоо. Тэрээр энэ төрөлд нийт 80 гаруй тамирчин онч мэргэнээ сорьсоноос 382 оноогоор ийнхүү тэргүүн байр эзэлсэн бол Францын тамирчин 381 оноогоор хоёрдугаар байр, Солонгосын тамирчин 380 оноогоор гуравдугаар байр тус тус эзэлжээ. Ингээд дэлхийн шинэ аварга болон түүний багш, гавьяат дасгалжуулагч Л. Ундралбат нартай утсаар цөөн хором хөөрөлдсөн юм. 

-Юуны өмнө дэлхийн аварга болсонд баяр хүргэе.
Ц. Х: -За баярлалаа. Би өөрийгөө түрүүлсэнд огт итгэж чадахгүй байсан. Дэлхийн аварга болсондоо маш их баяртай байна, үгээр хэлэхийн ч аргагүй.
-Дэлхийн аварга болсон тэр мөчид танд юу бодогдож байв?
Ц. Х: -Хамгийн түрүүнд би багш руугаа харсан. Тэгээд л түрүүлснээ мэдсэн. Багшдаа болон аав, ээждээ баярлалаа гэж хэлмээр байна. Энэ медаль бол ганц минийх биш, дасгалжуулагч, аав ээж, багийн тамирчид, ивээн тэтгэгч бүх хүмүүсийн хамтын үр дүн юм.
-Энэ тэмцээн таны хувьд анхны олон улсын тэмцээн байв уу?
Ц. Х: -Ганцаарчилсан төрлийн хувьд анхных байлаа. Өмнө нь багаараа олон улсын тэмцээнд оролцож байсан. Энэ бол миний анхны олон улсын тэмцээний медаль болохоор би үнэхээр баяртай байна.
-Та хэдэн настайгаасаа энэ спортоор хичээллэж эхлэв?
Ц. Х: -16 настайгаасаа Ц. Өлзийбаяр багшийн удирдлага дор хичээллэж эхэлсэн. 2010 оноос Ундралбат багшийн удирдлага дор “Champion” клубт хичээллэж байна.
-Хэн таныг энэ спортын замд хөтлөв?
Ц. Х: -Миний аав спортын сэтгүүлч Цагаандалай гэж хүн бий. Аав маань анх буудлагын клубт дагуулж очсоноор хичээллэж эхэлсэн. 
-Хонгорзулаа, дараа дараагийн тэмцээнд чинь амжилт хүсье.
Ц. Х: -Баярлалаа.


-2008 оны Бээжингийн олимпийн наадмаас хойш амжилтын буухиа үргэлжилсээр байна. Энэ удаа олонд танигдаагүй тамирчин дэлхийн аварга боллоо?
Л. У: -Энэ бол монголчуудын хэлдэгээр битүү морь байлаа. Хонгорзул бэлтгэл дээр сайн бууддаг, харин тэмцээнд оролцохдоо сэтгэл зүйн хувьд тааруу байдаг. Тийм учраас өнөөдрийн хувьд тэмцээн эхэлснээс хойш хажууд нь байж, бэлтгэлийн үеийг нь бий болгож буудуулснаар амжилт гаргалаа. Олимпийн төрөлд эмэгтэйчүүдээс анх байт сураар Дэмбэрэл анхны дэлхийн аварга болж байсан бол дараа нь манай буудлагын төрөлд Д. Мөнхбаяр дэлхийн аварга болж байсан. Хонгорзул маань гуравдахь дэлхийн аварга болж байна. Үнэхээр баяртай байна.
-Хонгорзул дэлхийн аварга боллоо, 2012 оны олимпт оролцох эрхтэй болж байгаа юу?
Л. У: -Залуучуудын ангилалд оролцсон тул олимпийн эрх байхгүй. Дараагийн тэмцээнүүдэд нас өгсөж оролцох хэрэгтэй. Энд нэг зүйлийг нэмж хэлэхэд манай 3 тамирчин визний асуудлаас болоод энэ тэмцээнд оролцож чадсангүй. Өлзийням маань оролцсон бол багийн дүнгээр дор хаяж хүрэл медаль авах байлаа. Хонгорзул дахиад спорт гар бууны 25  метрийн төрөлд буудна. Өнөөдөр эмэгтэйчүүдийн 50 метрийн урт бууны төрөлд З. Батхуяг, О. Янжиндулам, Ч. Нарантуяа нар буудсанаас урьдчилсан байдлаар Ч. Нарантуяа 587 оноотой хоёрдугаар байранд явж байгаа. Маргааш тэдний хувьд шийдвэрлэх өдөр болно. Мөн 8 сарын 8, 9-нд О. Гүндэгмаа, Ц. Мөнхзул, Т. Баярцэцэг нар цэц мэргэнээ сорино.
-За та бүхэнд амжилт хүсье.
-Баярлалаа. 

  • Бичсэн tserenbat_d
  • Үзсэн: 2026

Бусад мэдээллүүд...

Цахим Өртөө Сүлжээнд элсэх

  • Өртөөний сүлжээнд элсэх

tsahim_urtuuХэрэв та Монгол Туургатны Цахим Өртөө Сүлжээнд элсэхийг хүсвэл: http://groups.google.com/group/tsahim-urtuu-suljee хаягаар зочилж маш хялбархан бүртгүүлж болно. Та Гүүгл суурьт энэхүү сүлжээнд имэйлээ бүртгүүлснээр манай сүлжээний гишүүн болно.

 

Image Temp

Энэ хуудас нь Цахим Өртөө сүлжээний нийт гишүүдийн хамтын бүтээл байх бөгөөд ажил хэргийн санал болгоныг вэбийн хамтлаг тухай бүр нь тусган энэ хуудсанд оруулж байх болно. Хамтран ажиллаж буй, ажиллахаар зэхэж буй таньд баярлалаа.

Newsletter