197-р сар2018

Хүү минь Японд очоод удалгүй сумогоор барилдахгүй гээд буцаад ирсэн.

Олон улсын эмэгтэйчүүдийн баярыг тохиолдуулан Кёктунхо Цэвэгнямын ээж Я.Цэвэлмаа гуайтай ярилцлаа.

Сайн байна уу танд Эмэгтэйчүүдийн баярын мэндийг дэвшүүлье
Энэ жилийн мартын наймны онцлог гэвэл?

Жил бүр л өөрийн гэсэн өнгө аястай баярладаг даа. Энэ жилийн хувьд Хүү Цэвэгням болон монгол хүн сумогоор барилдаж эхэлснээс хойш яг хорин жил болж байгаатай давхцаж буй нь сайхан байна.

Анх хүүгээ үдэж байсан сэтгэгдэл, дурсамжаасаа хуваалцана уу?

Анх явсан зургаан хүүхдийн эцэг эх бид бүгд бараг хэн нь ч ялгаагүй сумогийн талаарх мэдлэггүй ёстой униар дунд л тэднийгээ үдсэн. Энэ үеэс хоёр орны спортын харилцаанд цоо шинэ хавар ирж түүнээс хойш олон хүүхэд сумогийн босгыг давж, олон хүн энэ ертөнцтэй холбогдсон. Бага хүү Лувсандорж ч бас сумог сонирхон барилдаж байгаад таван жилийн өмнө зодог тайлсан.

Цэвэгням айлын том хүүхэд учраас бид гурван жилийн хугацаатай юм. Гэрээсээ холдож, газар үзэж, хэл сураад ухаан тэлж ирээсэй гэж явуулсан. Анхны зургаа дотроо хүү маань биеэр хамгийн том нь ч насаараа хамгийн бага нь байсан.

Хүү чинь сумогоор барилдахгүй гээд буцаад ирсэн тэр үед та ямар шүү байдалтай хандсан вэ?

Эцэг эхдээ үр хүүхэд нь үргэлж хүүхэд хэвээрээ байдаг гэж ярьдаг шүү дээ. Өнөөдөр л гэхэд ная гарсан ээждээ жартай би хүүхдээрээ харагддаг бол гучин хэдтэй хүү минь надад хүүхдээрээ л санагддаг. Энэ бол эх үрийн уялдаа юм л даа. Хүү минь Японд очоод удалгүй сумогоор барилдахгүй гээд буцаад ирэхэд бид зэмлээгүй. Оторлосон мал хүртэл дассан нутаг ус уруугаа тэмүүлдэг хойно доо. Өөр дэрээ жишээ хэлэхэд хотод байж чадахгүй Налайх руугаа байнга тэмүүлэх юм. Тэгэхээр гэрээсээ холдож үзээгүй арван зургаатай хүүхдэд хэл яриа, зан заншлаас эхлээд юм юм л хэцүү байсан нь тодорхой. Буцаад ирэхэд нь бага зэрэг тэвчиж болоогүй л юм байж дээ гэж бодогдсон. Анх шалгаруулж авсан хүүхдүүдийн тоонд үлдээгүй ч Оошима багш бидэнд хүсэлт тавьж хүүг минь дагуулж явсан юм.

Буцаж ирсэнээс хойш сар гаруйн дараа Оошима багш ирж, дэвжээндээ эргэн очиххүсэлт тавьсан. Аав нь ч тэр би ч ялгаагүй хаа холоос итгэл сэтгэл өвөрлөөд ирж буй хүнд үгүй гэж хэлж чадаагүй. Ёстой л зөв харж инээж, буруу харж уйлна гэдгийн үлгэрээр хүүгээ дахин явуулсан.

Сэтгэлийн жолоогоо шулуутган, дахин дөрөөлсөн хүүдээ та юуг эрхэмлэж захисан вэ?

Манайх гурван хүү нэг охинтой. Аав нь амьд сэрүүн байхдаа хүүхдүүддээ уулын хормойд дамраа гээв, оройд нь хонхоо мартав, оргил дээр очироо орхив, овоон ёроолд эрхээ хаяв гэдгийн үлгэрээр та дөрөв хүний хэлснийг умартвал амьдрах ухаан сохорно гэж сургадаг байсан даа. Би энэрэнгүй сэтгэлтэй, элдэг аальтай, ахмадыг асарч ачтаныг хүндэлж, мэндтэй устай, өөр өөрийн биеэ даасан, уужуу ухаан бодлоор аж амьдарлаа төвхнүүлж чадвал эцэг эхийн жаргал шүү гэж захидаг.

Хоёр хүү тань таньд сумогийн талаар хэрхэн хөөрдөг вэ?

Ер нь олон юм ярихгүй шүү. Бид ч сумогийн тухай тэр болгон шалгааж асуудаггүй. Өнгөрсөн жил сумогийн талаар сайн муу яриа их дэгдлээ. Цагийн уртад үнэн худлын ялгаа тодорно. Гэрэл сүүдэргүй юм гэж үгүй. Тусган тунгаах ухааны саваар хүн хэмжигдэнэ. Цэвэгням Налайх хотын хүндэт иргэний өргөмжлөлт, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугын одонт Монгол улсын гавьяат тамирчин хүн энэ бүхэн хүүгийн минь хийсэн хөдөлмөрийг түмэн олон үнэлсэн итгэл найдвар, хайрын илрэл. Цаашид улам ихийг хийж гүйцэтгэхийг даалгасан даалгавар шүү дээ. Энэ гурван сард бидний үрсийг сумод сургаж хүмүүжүүлсэн ачтан Оошима багш жаран таван нас хүрч, чөлөөнийхөө амралтанд сууна. Багшийнхаа үйл хэргийг үргэлжлүүлж,  мэдэж чаддаггүйгээ чаддаг болоход нь түмэн олны минь түшиг тулгуур, залаа жолоо салшгүй холбоотой. Энэ өдрийг тохиолдуулан өөрийн найз нөхөд болон нийт эхчүүддээ үр хүүхэд гэр бүлээ төлөөлөн хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Токиогоос сэтгүүлч В.Даваа
2012.03.08

Цахим Өртөө Сүлжээнд элсэх

  • Өртөөний сүлжээнд элсэх

tsahim_urtuuХэрэв та Монгол Туургатны Цахим Өртөө Сүлжээнд элсэхийг хүсвэл: http://groups.google.com/group/tsahim-urtuu-suljee хаягаар зочилж маш хялбархан бүртгүүлж болно. Та Гүүгл суурьт энэхүү сүлжээнд имэйлээ бүртгүүлснээр манай сүлжээний гишүүн болно.

 

Image Temp

Энэ хуудас нь Цахим Өртөө сүлжээний нийт гишүүдийн хамтын бүтээл байх бөгөөд ажил хэргийн санал болгоныг вэбийн хамтлаг тухай бүр нь тусган энэ хуудсанд оруулж байх болно. Хамтран ажиллаж буй, ажиллахаар зэхэж буй таньд баярлалаа.

Newsletter