162-р сар2019

Ч.Эрдэнэ: Супер нэгдлийн онол бол цэвэр математик үзэгдэл

Ярилцсан Б.Даариймаа, Эх сурвалж: “Үнэн” сонин

Ярилцлагаа эхлэхээс өмнө судлаач Ч.Эрдэнэд уншигчдынхаа өмнөөс баяр хүргэх хэрэгтэй. Учир нь 13 жил нойр, хоолоо умартан туурвисан супер нэгдлийн онолоо туурвиж дуусгажээ. Тэрбээр Монголдоо төдийгүй дэлхийд шуугиан тарих супер нэгдлийн онолын номоо дуусангуут манай сонинд ярилцлага өгнө гэсэн амлалтдаа хүрсэнд бас талархаж байна. Ингээд супер нэгдлийн онолын супер хүн Ч.Эрдэнэ гуайн яриаг толилуулъя. Таалан болгооно уу.

-Таны судалгаа өндөрлөж, ном тань хэвлэгдлээ. Энэ талаар манай сонинд ярилцлага өгнө гэж амласан. Одоо татгалзах зүйлгүй биз?
-Түүхт сонинд ярилцлага өгөхөөс ер хэн татгалзах билээ. Тэр тусмаа миний хувьд чухам эрх баригч намын хэвлэлтэй ярилцаад үзэх хэрэгцээ тулгамдсан шинжтэй болсонд бас учир байна.

-Тэгвэл Таны судалгаа болон номын тухайд манай уншигчид юу мэдэж байвал зохих вэ?
-Энэ номын тухайд хэн хүн мэдвээс зохистой олон чухал сэжим байгаа. Гэхдээ эхлээд энгийнээр хэлэхэд, 1244 тал нүүр бүхий хатуу хавтастай, супер хавтастай, оёж үдсэн, 2,9 кг жинтэй, А4 форматын ийм ном байна.   Нэр   нь  “Principia Mathematica”. Англи хэлээр бичигдсэн ном. Орчин үеийн, тэр тусмаа шинжлэх ухааны тангад хэл нь англи хэл болжээ. Гэвч хэл нь гол биш. Гол нь  олон мянган математик томъёо, тэгшитгэл.

-Уншигчдад дэс дараатай, яв цав ойлголт өгөхийг хичээх нь зүйтэй. Судалгааны сэдэв чухам юу билээ?
-Уг нь Монгол судлаач (Орос, Америк, Хятад, Японы бус) энэ судалгааны тухайд яв цав ойлголт Монголчуудад өгөх гэж бараг бүх хэвлэл, мэдээллийн хэрэгслээр 13 жил чармайж чардайгаад эцэст үр дүнгээр үнэндээ маруухан сууж байна.

-Гэхдээ эцсийн оролдлого хийх цаг нь чухам өнөөдөр биш гэж үү?
-Чухам тийм. Тиймээс бяцхан нурших хэрэг гарна. Шинжлэх ухаанд (ШУ) эхлээд асуудал байна. ШУ-ы өөрийн хөгжил, дотоод зүй тогтлоор асуудал тавигддаг. Асуудал урган гарах нь хэн нэгний сайн юм уу, муу дурын хэрэг огт биш. Нэгдүгээрт энэ. Хоёрдугаарт, ШУ гэхээр чухамдаа байгалийн шинжлэлийг хэлдэг. Бусад нь товчдоо хүмүүнлэгийн ухаан. Манайд нэр томъёоны холион бантан хутгаад хаячихсан нь гайтай. Байгалийн шинжлэлийн суурь шинжлэх ухаан нь физик. Өнөөгийн соёл иргэншлийн үндсэн бүрэлдэхүүн хэсэг нь физикийн ухаан гэж XX зууны тэргүүлэх физикч Ричард Фейнман хэлсэн буй. Энэхүү физикийн ухаан төгсөх үе шатандаа шилжсэн нь 1940-өөд он юм. Төгсгөхийн тулд цорын ганц суурь асуудлыг шийдэх ёстой. Энэ асуудлыг орны нэгдсэн онол гэнэ. Жишээ нь, та бид дунд сургуулиас судалж мэдсэн ертөнцийн таталцлын орон, цахилгаан соронзон орон байна. Эдгээр орнууд нь угтаа нэг суурь шалтгаантай байх ёстой нь логик шаардлага. Ерөөс орчлон ертөнцийн оршихуйн угт цорын ганц учир шалтгаан байх ёстой нь зайлбаргүй логик шаардлага. Учир нь, хоёр учир жам байлаа гэхэд хоорондоо зөрчилд ороод энэ хорвоо оршин тогтох аргагүй болно. Ертөнц ба материйг цорын ганц учир шалтгаанаар тайлж тайлбарлах учиртай тийм физик онолыг супернэгдлийн онол гэх юм. Энэ нь тавь жараад оноос хэрэглэгдэж буй албан ёсны нэр томъёо. Тэгэхээр супернэгдлийн онолыг нээж олох гэсэн шинжлэх ухааны туйлын эцсийн асуудал байна. Түүнийг би юм уу, хэн нэгэн зохиосон биш, шинжлэх ухааны хөгжил дэвшлийн логикоор хар аяндаа тавигдсан асуудал.

-Супер нэгдлийн онол нь шинжлэх ухааны эцсийн суурь онол байх ёстой юм уу. Тэгээд Та тэр онолыг нээж боловсруулсан гэж үзэж байна уу?
-Тийм ээ, тэгж үзэж байна.

-Баталгаа нь юу вэ. Хүмүүс дээр дооргүй баталгаатай эсэхэд л эргэлзэж тээнэгэлзээд байгаа юм биш үү?
-Баталгаа нь сая хэвлэлээс гарсан миний “Principia Mathematica” ном. Баталгаатай эсэхийг энэ номоос л хар. ШУ-нд өөр арга чарга даан ч байдаггүй. Шүүгч нь шинжлэх ухаан тэр чигээрээ. Тэгж шүүлгэхийн тулд л ном хэвлэдэг ганц аргатай, ийм журамтай. Манай Монголын аюул нь юу вэ гэхээр, Шинжлэх ухааны эцсийн онолыг ярих нь бүү хэл, шинжлэх ухаанч сэтгэл зүй, аяс хандлагын А, Б ч тогтож төлөвшөөгүй нийгэм юм. Энэ нь шинжлэх ухааны үндэсний уламжлалгүйтэй холбоотой. Наад зах нь, шинжлэх ухаан гэдэг нийтлэг үзэгдэл байна. Тэр шинжлэх ухаанд нь асуудлууд цагийн эрхээр өөрөө урган гардгийг эхлээд яв цав ойлгох нь чухал. Асуудал нь шинжлэх ухааных мөн бол хаа нэг газрын аль нэг судлаач шийдэж таардаг. Эс бөгөөс соёл иргэншил зогсонги байдалд орж, улмаар хямрал сүйрэлд идэгдэн мөхнө. Супер нэгдлийн онолыг олох гэж олон арван жил дэмий тэнээд цөхөрч гүйцээд байна, өнөөгийн шинжлэх ухаан. Улмаар та бид өнөөдөр бүх талаар хямрал, сүйрэл нүүрлэсэн дэлхийд амьдарч байна. Үгүй юм уу. “Үнэн” сонин, түүний уншигчид дэлхийн нийт байдлыг тоймлож суугаа байх. Дэлхийд туйлын таагүй хандлагууд ноёрхож байна. Засч залруулах хугацаа үлдсэнгүйг НҮБ-ын баримт бичгээс ч үзэж болно. Тиймээс номыг нь дэлхий даяар уншин буй нэрт физикч Стивен Хокинг интернэтэд өгсөн видео ярилцлагадаа, “Манай туйлын зорилт бол орчлон ертөнцийн бүрэн төгс онол” гэж хэлснийг хэн ч хэдхэн минутын дотор олоод үзэж болно. Тийм онолыг супер нэгдлийн гэж физикт ярьдаг юм. Туйлын зорилт болсон тэр онолыг олох эсэхтэй хүн төрөлхтөн, түүний соёл иргэншлийн цаашдын хувь төөрөг шууд холбоотой. Тэр онолыг би нээж оллоо гэж төр түмнийг дэлхий дахинтай нь хуурч мэхэлж болох уу, хамгийн гол нь би юм уу, өөр хэн нэгэн тийм залилан хийж чадах уу? Тэгж болно, чадна гэж бодоод байна уу?

-Харин энэ чинь л их сонин чухал асуулт юм биш үү?
-Тийм ээ, чухал асуулт. Гэхдээ хялбархан хариулттай. Та бид дахиад л шинжлэх ухааны хөгжлийн логикийн А, Б-г дурдах хэрэгтэй болно. Нэгдүгээрт, огт тэнэг хүн сар дурандаад суудаггүй гэсэн зарчим байдаг. Шинжлэх ухаан нь дэлхий нийтийн нийтлэг үзэгдэл. Дэлхийг мэхэлнэ гэж бодохын тулд тэнэг этгээд байж таарна. Тийм тэнэг хүн сар дурандаад юм уу, супернэгдлийн онолоор оролдоод суухгүй. Хуурч мэхлэх үй түмэн өөр арга байхад заавал шинжлэх ухааныг барьж авч 13 жил өглөө, үдшийг үл ялган ажиллах хэрэг юун. Хоёрдугаарт, суурь онолын нэг чухал тулгуур чанар байдаг. Юу вэ гэвэл, чухам суурь онолыг зохиож болдоггүй. Харин гагцхүү олж нээж болдог. Хэрэв зохиож болдогсон бол юу гэж дэлхий дахин нэг муу молхи Монголыг хүлээгээд сууж байх вэ дээ. Суурь онол гэхээр байгаль ертөнцийн үндсэн хуулиудын асуудал. Байгалийн хуулийг нээж болно, зохиож болдоггүй. Тиймээс суурь онол дутуу хагас, алдаа дутагдалтай байж болно, харин худал байдаггүй логиктой.
Гуравдугаарт, тэр тусмаа онолын физикийн арга нь математик. Математик гэж судлаач өөрөө өөрийгөө шалгаад баталж юм уу, няцааж болдог ганц найдвартай ухаан. Төр түмнийг дэлхий дахинтай нь хуурч мэхэлсэн ялд унахгүйн тулд танай судлаач өөрөө өөрийгөө үргэлж шалгаж байгаа. Тэр тусмаа супер нэгдлийн гэдэг хамгийн суурь онолын тохиолдолд ингэж шалгах нь туйлын хялбархан зүйл. Энэ нь тухайн буюу туйлын суурь онолын математик арга хэрэгслийн онцлогт буй. Иймэрхүү зарчмын зүйлийг олж мэдэх юм уу, хүмүүс өөрсдөө сэтгэх нь шинжлэх ухаанч сэтгэлгээ, ерөөс сэтгэлгээний соёлын эхлэл юм. Сүүнд түлэгдээд тараг үлээх гэж хуучны үг бий. Манай нийгмийн тухайд залиланд шатаж гүйцсэний харгайгаар шинжлэх ухааны цаана ч залилан олж харах сонирхолтой болсон. Гэтэл шинжлэх ухаан нь залилан байж чаддаггүй ганц салбар юм.

-Нэг монгол залуу мөнхийн хөдөлгүүр хийнэ гэж Ерөнхийлөгчөөс сая төгрөг аваад алга болчихсон жишээ бий биш үү?
-Тэр залууг танихгүй, мэдэхгүй юм. Харин Ерөнхийлөгч буруугүй. Мөнхийн хөдөлгүүр чинь шинжлэх ухааны эхний ч асуудал, эцсийн ч асуудал. Өнөө үед үүнийг чөлөөт энергийн асуудал гэж гол төлөв нэрлэдэг юм. “Шинжлэх ухааны хамгийн том 20 асуудал” гэсэн ном байх ба эдгээрийн нэг нь чөлөөт энергийн асуудал. Манайд одоо ч хэдэн хүмүүс мөнхийн хөдөлгүүр төрлийн юмаар оролдож суугаа. Дэлхийд ч ялгаагүй. Аль 1999 онд над дээр анх ирсэн гадаад хүмүүс гэвэл, чухам ийм юмаар оролддог Дани хүмүүс. Тэд чинь төсвийн байгууллагын хүмүүс. Данийн Засгийн газар тэнэг болоод тийм юманд төсөв гаргаагүй баймаар. Дурдсан 20 асуудлын хамгийн том нь мэдээж супернэгдлийн онолын асуудал. Энэ онолын хүрээнд чөлөөт энергийн асуудлыг онолын хувьд ихэд нарийвчлан үзэх боломжтой гэж найдаж байна. Чөлөөт энергийн гэнэ үү, мөнхийн хөдөлгүүрийн гэнэ үү, энэ асуудал чинь хүн төрөлхтний ирээдүйтэй амин чухал холбоотой асуудал. Юун сая төгрөг. Оросууд энергийн салбарт сая ам.долларын шагнал амлаад байгаа. Товчдоо ийм нарийн ширийнийг яриад дуусахгүй.

-Хөгжсөн хөгжөөгүй улс орнуудын ялгаа бий. Шинжлэх ухааны уламжлалгүй Монголд шинжлэх ухааны эцсийн онолыг нээсэн нь гайхалтай бус уу. Залилан биш юм гэхэд үлгэр домгийн мэт сонсогдож байна?
-Энд дахиад л А, Б-гээс эхлэх хэрэгтэй. Шинжлэх ухаан гэж юу вэ? Түүний чухал онцлог нь юу вэ? “Нэг тэнэгийн чадсаныг нөгөө тэнэг чадна” гэсэн үг барууны олон үеийг дээд математикт сургасан сурах бичгийн толгойд байдаг юм. Шинжлэх ухаан, боловсролын үндсийн үндсэн зарчим нь энэ. Өнөө буй шинжлэх ухааныг танд ч, надад ч заасан. Хэнийг ч голж шилэхгүй заасан. Тэр шинжлэх ухааныг хүмүүс бий болгосон. Монголчууд бид хүмүүс юм болохоор тэр шинжлэх ухаанд суралцах боломжтойгоор үл барам ёстой. Шинжлэх ухааныг цаашид хөгжүүлэх нь бас л хүмүүс, түүний дотор Монголчууд. Нэг хэсэг тэнэгийн чадаагүйг нөгөө нэг тэнэг чадах ёстой болно. Эс бөгөөс шинжлэх ухаан, соёл иргэншил зогсоно. Чадах тэр тэнэг нь Монголоос ч олдож болно. Энэ тухайд нэг юмыг анхаарах хэрэгтэй. XX зууны гол гавъяа нь юу вэ гэвэл, улс орнуудын хөгжлийн төвшнийг ихэд жигдрүүлсэн явдал. 1921 оны ба 1990 оны Монгол чинь үлгэр домгийн   хэмжээний зүйрлэшгүй хоёр үзэгдэл. Ямас нэг ололт АНУ-аас гарах, Монголоос гарах магадлал харьцангуй адилхан болсон цаг үе. Түүнээс гадна ерөөс түүхэн хувьсгал өрнөлийг урьдаас таах арга байдаггүй. Юу болохыг тэнгэр мэднэ. Тэнгэр мэднэ гэдэг нь, аливаа үйл явц олон хүчин зүйлийн  уулзварт байна гэсэн үг. Зарим хүчин зүйлээр Монгол давуу талтай ч байхыг  урьдаг үгүйсгэхгүй шүү дээ.

-Судалгааны түүх гэж байдаг. Супер нэгдлийн онолын судалгааны түүх нь юу вэ?
-Нэгдсэн онолын асуудл орчин цагийн утгаар нь А.Эйнштейн 1923 онд анх дэвшүүлсэн  гэж үздэг юм. Гэтэл энэ  ерөөс танин мэдэхүйн анхдагч асуудал. Ертөнцийн орших бүрнээ танин мэдэх гэсэн ганцхан ерөнхий асуудал шинжлэх ухаанд ч байна, шашинд ч байна. Тиймээс танин мэдэх эхний ба эцсийн асуудал яригдаж буй хэрэг. Эйнштейн өөрөө амьдралынхаа сүүлчийн жилийг энэ асуудалд дагнан хариулсан боловч амжилт олооогүй  юм. 1950-иад он хүртэл физикчид нэгдсэн онолын асуудлыг Эйнштейний хувийн хэрэг мэт бодож нэг их анзаараагүй байдаг. Харин 1960 оноос физикчид дэлхийн нийтээр хүчлэн оролдож эхэлсэн. Сүүлийн 50 жил албан ёсоор оролдон буй нь суперхөвчийн үзэл баримтлал юм. Ерөөс физикт ганцхан үндсэн асуудал үлдсэнийг ойлгох хэрэгтэй. Тиймээс онолын физикчид ер юу хийлээ ч энэ нь нэгдсэн онолд тэмүүлж байдаг. Монголд гэхэд академич Х.Намсрайн локал бус квант орны онол бий. Эцсийн зорилго, хандлага нь мөнөөх л нэгдсэн онолыг байгуулах явдал. Гэвч олон улсын шинжлэх ухааны олимпийн гол найдвар нь суперхөвчийн үзэл баримтлал байж ирлээ. Орчин үеийн Эйнштейнүүд гэж улайм цайм рекламдуулдаг хэрийн суут ухаантнууд энэ үзэл баримтлалаар 50 жил ноцолдоод үр дүнд хүрээгүйг бодоод үзээрэй. Заримтай нь би уулзаж байсан, лекц, семинарт нь сууж байсан. Тэгэхээр суутнууд оролдоод болдоггүйн шалтгаан нь үзэл баримтлалын буруу гэж бодмоор. Ер шинжлэх ухааны хөгжлийн бас нэг зарчмын онцлогийг дурдах хэрэгтэй. Юу вэ гэвэл, шинжлэх ухаанд хүний ухаан бус, харин зөв үзэл баримтлал шийдвэрлэх ач холбогдолтой. Хамгийн хэцүү нь цоо шинэ бөгөөд зарчмын хувьд зөв үзэл баримтлалыг олох явдал. Хэрэв олбоос үлдсэн нь харьцангуй техникийн асуудал.
-Тэгвэл Таны үзэл баримтлал юу байв?

-Супер байгууламжийн үзэл баримтлал. Нөгөө том ном маань ердөө л энэ байгууламжийн доторхи тооцоо. Тэр тооцоо нь супернэгдлийн онол. Түрүүнд хэлсэн суперхөвчийн концепци буруу бас биш. Асуудал юу вэ гэхээр, суперхөвчөөс цааш шилжих хоёр арга байж болно. Тэд буруу аргаар нь явчихсан учраас үр дүнд хүрсэнгүй ба хүрэх найдвар ч байхгүй. Монгол судлаач зөв аргаар нь яваад үр дүнд хүрчээ.

-Хоёр арга байсаар байтал тэд заавал буруу аргаар нь зүтгээд байсан нь сонин юм?
-Хоёр арга гэдгийг би хэллээ. Тэд болохоор ганц арга замтай л гэж бодоод яваа. Дахиад зарчмын нэг зүйлийг хэлмээр байна. Хүний санаанд орох юмс аль эрт дуусчихсан. Үлдсэн нь хүний санаанд орохгүй хэрийн хэцүү, нууц далд зүйл байна. Супернэгдлийн  онолын хүндрэл нь чухам үүнд. Үүнийг физикчид, философичид эртнээс мэдэх боловч хүний санаанд орохгүйг санаж сэтгэх нь санаан зоргын юм даанч биш.

-Хүний санаанд орохгүй зүйл таны санаанд яаж оров?
-Ийм юмыг өнгөрсөн хойно нь үгээр илэрхийлж болдоггүй. Үнэндээ хэн мэдлээ, яагаад санаанд орсон юм. Ямар боловч их урт түүх учраас энд зай, цаг бараад яахав. Шинжлэх ухааны их хүмүүсийн нэлээд нийтлэг хэлсэн нэг зүйл бий. Юу вэ гэвэл, бодоод л байх хэрэгтэй гэж. “Над лугаа бодоод л байх ахул хэнбугай ч математикч байж чадна” гэж суут Гаусс хэлсэн нь оргүй биш. Гэтэл “Бодох нь хамгийн яршигтай үйл” гэж Блез Паскаль хэлсэн байдаг. Тиймээс хүмүүс ийм хар яршигтай үйлээс зугтдаг. Энэ нь бараг байгалийн хууль учраас буруу ч бас биш. Гэтэл зарим хүмүүс төрөлхийн сониуч зан төрхтэй байдаг. Ийм хүмүүс оюуны сонирхол гэдэг сэтгэлзүйн төлөвт шилжих нь олонтаа. Оюуны сонирхол давамгайлсан хүмүүс аливаа хэрэгтэй, хэрэггүйн учир начрыг олох гэж бодоод л байдаг. Тухайн нийгэмд материаллаг ба оюуны сонирхлын тэнцвэрийг хадгалах нь их чухал. Өнөөдөр бид капиталист анхны хуримтлалын үе шатанд байгаа болохоор материаллаг ашиг сонирхол хэт давамгайлж байна. Оюуны сонирхол байлаа гээд тэр нь шалиг налиг шоу төдийхнөөр хязгаарлагдана. Гэтэл хүн бидний гол эрхтэн маань уураг тархи шүү дээ. “Уураг тархи маань араатны араа соёо, хуруу хумс лугаа амьдрах хэрэгсэл” гэж нэрт биологич, Нобелийн шагналт Сент-Дьердь хэлснийг санах хэрэгтэй. Энэ ярилцлагыг унших хүн бараг олдохгүйг баталгаатай хэлж болно. Учир нь, шинжлэх ухааны зүй тогтол, суурь асуудлаар нэлээд бодож болгоох хэрэг гарна. Энэ бол хаана ч, хэзээ ч маш яршигтай үйл. Ер нь хэнд хэрэгтэй юм гэж бодмоор.

-Бодохын тулд боловсрол хэрэгтэй байх. Та хэрхэн яаж боловсорсон хүн бэ?
-Жинхэнэ боловсрол зөвхөн өөрийн бие дааж олсон боловсрол байна. Саяхан Монгол Улсын гавъяат багш, доктор Ц.Дэмбэрэлтэй ярилцсанд мөн энэ тухай эцэст ойлгосноо ярьж байна. Өнөөгийн нөхцөлд Монголд бүү хэл, Орост боловсрол уналаа. Нөгөө талаар, жинхэнэ бие дааж боловсрол олох арга зам, хэрэгсэл боломж чухам өнөө үед нээлттэй боллоо. Хүүхэд, залуучуудад оюуны сонирхол дутагдаж, тухайн цаг үедээ хууртагдаж байна. Нэг бүхэл бүтэн үе алдагдсан тухай зарим нийтлэлчид ярьж буй нь ихээхэн үндэслэлтэй. Дахиад бас нэг үе алдамгүй байна. Алдваас Монгол их хэцүү байдалтай тулгарна. Одоо ч бүх салбарт мэргэжлийн төвшин буурсан нь нууц биш. Цаашид хэрхэх вэ? Нийслэлийг аваад үзье. Капиталист мегаполис үүсэх нь зүйн хэрэг. Газрын наймаа газар авах нь зүй тогтол. Капиталист анхны хуримтлалын үе шатанд эдгээрээс зугтах арга байхгүй. Асуудал юу вэ гэхээр, газрын наймаачид маань “хот байгуулалт” гээч нарийн нийлмэл ухааны ямар нэг мэргэжлийн төвшин, төсөөлөл, боловсролтой байх ёстой юм. Наймаагаа учир начиртай хийнэ гэсэн үг л дээ. Гэтэл мэргэжлийн төвшин байтугай, төсөөлөл харагдахгүй бөгөөд үр дүнд нь өнөөгийн Улаанбаатар гэх эах замбараагүй урсгал үзэгдэл. Зориуд буруу хийснийг засч болдог, ийм урсгал үзэгдлийг засч залруулж болдоггүй гэдэг. Энэ л цаашдаа харагдах болуужин гэж айх юм. Хуучин үед хот байгуулалтад хэтэрхий хатуу ханддаг байсан. Одоо дэндүү хөнгөн хандах болжээ. Туйлшрал л юм даа.

-Цаашдаа яах ийхийг ёстой тэнгэр мэдэх биз ээ?
-Гэхдээ хүн бид мэдэх чадахаа хийж л байх өстой. IV хорооллыг ЗХУ-ын зээл тусламжаар бариулах зорилт тавьжээ. Үүний тул Москва хотын даргыг айлчлуулж, түүний толгойг Б.Алтангэрэл дарга эргүүлэх хэрэгтэй гэсэн бодлого гарчээ. Толгойг нь эргүүлэх бүх баримт бичиг сэлтийг миний бие арваад хоног хотын намын хорооны бүр хуучин, шатахаас өмнөх байшинд сууж Оросоор бичиж, орчуулж хийсэн юм. Москва хотын дарга өглөө 08 цагт онгоцноос бууна гэж байхад би 03 цагт эцсийн зарим зүйлийг гүйцээн хүлээж суусан Б.Алтангэрэл даргын гэрт нь хүргэж өгч байв. IV хороолол баригдсан. Одоо ч Монгол Манхэттан гэгдэх сүрлэг сайхан хороолол. Хуучин үөийн ажил байдлын горим нэг иймэрхүү байлаа гэдгийг хэлэх гэсэн юм л даа.

-Ингэхэд Та аль намын гишүүн бэ?
-Хуучин шинэ аль ч үед нам бус. Гай ч үгүй, гавъяа ч үгүй хэрэг. Математикийн философиор уул овоо шиг их утга зохиол бий. Зөвлөлтийн үеийн нэг номонд “Математик дахь намч чанар” гэсэн бүлэг байдаг. Супернэгдлийн онол маань цэвэр математик үзэгдэл. Энэ онолыг нээж боловсруулсны цаана хүссэн хүсээгүй ямар нэг үзэл суртал нуугдан байгаа. Энэ нь үндэсний үзэл юм. Нэг ухаандаа математик дахь миний намч чанар гэвээс “Үндэсний үзлийн нам”-ын намч чанар юм. Миний үндэсний үзэл хуучин үед
4 нууц байгаагүй. Үндэсний үзэл бол хамгийн хүчтэй хөшүүрэг, тулгуур багана, хөрс дэвсгэр юм гэж боддог. Супернэгдлийн онолыг олсон нь ч үүний баталгаа юм. Энэ судалгааны угийн угт үндэсний үзэл бий юм.

-Улс төр уруу хэт хальтрах хэрэг байна уу даа. Тэр тусмаа үндэсний үзэл гэхээр айж бэргэх, үргэж бусгах нь одоо ч элбэг?
-Ер нь бол зүгээр үг хэл, үзэл бодлын эрх чөлөөний асуудал. Үндэстнүүд оршин байна. Үндэстнүүд арилтал яавч их ус урсана. Ерөөс хүн төрөлхтөн гэдэг систем оршин тогтох үндэс нь үндэстнүүдийн ондоошил гэж системийн шинжлэл гэдэг ухааны үүднээс хэлж болно, тэгэж ч үздэг. Бид үндэсний үзэлгүй байж болно. Гэтэл бусдууд үндэсний үзэлтэй. АНУ гэдэг халуун тогоо, холион бантан хүртэл үндэсний үзэлтэй.” Энэ нөхцөлд үндэсний үзэлгүй үндэстэн нь дархлаа устгадаг ДОХ-той этгээд гэсэн үг. Тиймээс үндэсний үзэл нь ердөө л амьдарч үлдэх арга хэрэгсэл. Үүнээс айж бэргэх, үргэж бусгах нь илүүц зүйл.

-Таны судалгааны амжилттай үр дүнг дан ганц үндэсний үзэлд хамаатуулж болох уу?
-Дан ганц биш, гэхдээ гол хүчин зүйл нь энэ. Үндэстнүүд өрсөлддөг. Энэ нь байгалийн хууль. Өрсөлдөөний гол талбар нь оюуны салбар. Оюуны салбартаа өрсөлдөөний гол талбар нь шинжлэх ухаан. Энд олсон үндэсний нэр хүнд, рейтинг чансаа мөнхийн байна. Биеийн баатар болбоос нэг үеийн баатар, билгийн баатар болбоос мянган үеийн баатар гэдгийн учир энэ. Шинжлэх ухаан, технологийн томоохон нээлтүүд үндэстнүүдийн өрсөлдөөн, үндэсний үзэлтэй шууд холбоотой нь угтаа нууцлаг боловч нийтлэг үзэгдэл. Ерөөс давуу дутуу тал зөвхөн оюуны салбарт байна. Чингисийн Монголчууд гэж зэрлэг бүдүүлэг хүмүүс байсан гэж урьдын түүхчид бичдэг байв. Гэтэл зэрлэг бүдүүлэг дээр дэлхийн түүхнээ хамгийн аугаа гүрэн байгуулж болох уу? Өнөөгийн түүхчид энэ асуултын хариултыг олж эхэлж байна. Юу вэ гэвэл, Чингисийн Монголчууд оюун сэтгэлгээний давуу талыг эзэмшсэн байжээ гэж.

-Яагаад. Ямар учраас?
-Энэ их нарийн асуудал. Бүдүүн тоймоор нь хэлбэл дараах юм. Зэрлэг бүдүүлэг нь худал биш. Гэтэл энэ зэрлэг бүдүүлэг чинь чухам юу гэсэн үг юм бэ? Байгаль шиг бодож сэтгэнэ гэсэн үг. Байгаль хэзээ ч алддаггүй. Чоно лугаа сэтгэж үйлдээд байхад л болж байж. Чингисийн Монголчуудад бусдаас сурч мэдсэн онол номлол гэж юу байхав. Харин тэдэнд мянга мянган жилээр энэ газар орноо боловсорсон төрөлх метафизик сургаал нь байсан. Түүний үндсэн теорем, томъёоллыг хэн бүхний мэдэх нэр бүхий дурсгалаас миний бие зээлдэн номын тэмдгэндээ хэрэглэсэн нь энэ юм.
Өнөөгийн хэлээр хэлбэл, энэхүү метафизик сургаал нь тэнгэризм юм. Энэ нь байгаль лугаа сэтгэж үйлдэх аяс хандлага, арга ухаан юм. Энэ нь дэлхийг даяарчилсан ялалтыг хангах оюун санааны давуу тал болж байжээ. Юмс үзэгдэл ямагт хоёр талтай, хосмол чанартай. Язгуур нүүдлийн ахуй оршихуйн нөгөө тал нь түүний зарим давуу талууд.

-Тийм давуу тал байлаа гээд өнөө үед тэр нь үйлчлэх үү?
-Яагаад үгүй гэж. Тэр тусмаа өнөөдөр бүр илүү үйлчлэх боломжтой. ШУ гэж байгалийн нууцсыг тайлж тайлбарлахыг хэлнэ. Энэ нь байгаль лугаа сэтгэ гэсэн л үг биш үү. Байгальд хамгийн ойр дөт нь нүүдэлчид. Би нүүдэлчин ахуй орчинд төрж өссөн. Энэ миний давуу тал байхыг үгүйсгэхгүй. Багадаа энгэр газар судгийн ногоо дагуулан хонь хариулж, хаврын  наранд ээж суухдаа энэ орчлонгийн гайхамшигтай зохирлыг анх ажиглаж гайхаж байснаа мартдаггүй юм. Бүх юмс үзэгдэл газар дээрх амьдралд зориулагдан зохицуулагдсан мэт. Манхэттанд төрж өссөн хүүхэд хот орноо сайшааж шүүмжилж чадна. Харин орчлонг олж харахгүй. Ялгаа зөрөө нь энэ.

-Тэгвэл Таны багадаа хонь хариулсан, адуу манасан нь супер нэгдлийн онолд тэгтлээ нөлөөллөө гэж үү?
-Нөлөөлсөн. Энэ бол баримт. Ертөнцийн зохиролд гайхаж бишрэхдээ “Зохирол” гэдэг үгийг мэддэггүй байсан байж таарна. Гэхдээ сэтгэгдэл, сэтгэмж нь тийм байсан. Коперникийн дараахь нээлт ололт нь Иоханн кеплерийн “Нагтогисае Мипси” ном юм. Ертөнцийн зохирол гэсэн үг. Энд гариг эрхсийн хөдөлгөөний хуулиуд байх ба энэ үндсэн дээр их Ньютоны онол номлол бий болсон түүхтэй. Ерөөс танин мэдэхүй, шинжлэх ухааны туйлын зорилго нь ертөнцийн зохирлын системийг нээж олох явдал. Олбоос супернэгдлийн онолыг байгууллаа гэсэн үг. Их Ньютоны дараахь номоор онолын физикийн ухаан бий болсон. Онолын физикийн эцсийн онол, төгсгөл нь миний дээр дурдсан ном.

Ньютоны номын нэрийг зээлдсэн нь хэр оновчтой юм бол?
-Зээлдэх зайлшгүй шаардлагатай. Гол учир нь түрүүнд хэлснээс тодорхой байх биз. Надаас өмнө энэ нэрийг зээлдсэн хоёр тохиолдол байдаг. Нэг нь огт ач холбогдолгүй, нөгөө нь ач холбогдлоор багахан ажил байсан юм.

-Таны номын нээлт хэзээ болох вэ?
-Сая болоод өнгөрсөн.

-Том баяр болов уу?
-Презентацийг “Harmonicae Mundi”-т зохион байгуулсан. Миний номыг ивээн тэтгэж хэвлүүлсэн газар. Хааны нэр сүр цаанаасаа хэрэг боллоо гэж бодогдоно. Төрийн гурван өндөрлөгийг урьсан гэсэн. Ёс ёмбогор, төр төмбөгөр гээд тэдэнд нэг нэг хувь ном гардуулах санаа байлаа. Гэтэл өндөрлөгүүд өөрсдөө ирэх нь байтугай, төлөөллөө ч ирүүлсэнгүй.

-Яасан юм бол?
-Айгаад байдаг юм. Монгол хүнд итгэхгүй байгаа юм. ШУ-ч боловсрол дутмагийнх.

-Юунаас айдаг байна аа?
-Энэ чинь би өөрөө айдаг аугаа үзэгдэл. Энэ чинь шинжлэх ухаан, соёл иргэншлийн түүхэнд эцсийн эцэст хэдэн нүүдэлчид үнэмлэхүй ялж буй хэрэг шүү дээ. Супернэгдлийн онолын асуудал гэж юу болох тухай уул овоо шиг их утга зохиол бий. Нобелийн шагналт Стивен Вайнбергийн ном байна.
Нэр нь “Эцсийн онолын зүүд мөрөөдөл” гэж байна. Энэ чинь хүн төрөлхтний зүүд мөрөөдөл болсон туйлын зорилт. Бас нэг ном байна.
Нэр нь “Физикийн төгсгөл: Нэгдсэн онолын үлгэр домог” гэж байна. Зүүд мөрөөдлийн хэрийн зүйлийг хэрэгжүүлэх нь үлгэр домгийн хэрийн хүнд хэцүү хэрэг болох нь XX зууны шинжлэх ухааны түүхээр батлагдсан юм. Тэгэхээр зүүд мөрөөдөл, үлгэр домог хэрэгжлээ гэж нэг муу Монгол хэлэхээр өнөөгийн манай удирдлагад үнэхээр итгэл үнэмшилгүй сонсогдох нь аргагүй юм. Гэтэл ирэх жил их ойг нь тэмдэглэх Хүннү гүрэн, та бид нэр сүрийг нь худалдаж идэн байгаа Чингисийн Монголын Эзэнт гүрэн чинь бас л зүүд мөрөөдөл, үлгэр домгийн хэмжээний аугаа үзэгдэл шүү дээ. Тиймээс үлгэр домгийн хэрийн зүйлээс айж бэргэх, хулгаж хулмалзан нуугдах шалтгаан чухам Монголчуудад байхгүй юм. Гэтэл та бид дээр үеийн баатрууд биш, өнөө үеийн бирд бөөснүүд болжээ. Хүн амьтныг ч дээр дооргүй айлгаад, би өөрөө ч бэргээд байдгийн учир энэ.

-Тэгвэл Таны бодлоор төрийн өндөрлөгүүд юу хийх ёстой юм бэ?
-Миний бодлоор биш ээ. Үндсэн хуулиа хар. Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газрын хуулиа хараач ээ. Үндсэн хуульд: “Монголын ард түмний шинжлэх ухаан, оюуны өв төрийн хамгаалалтад байна” гэжээ. Учир нь “Иргэний туурвисан оюуны үнэт зүйл бол… Монгол Улсын үндэсний баялаг мөн”  юм байна. Соёл иргэншлийн үндэс нь шинжлэх ухаан. Ямар шинжлэх ухаан байна, тийм л соёл иргэншил байна. Өнөөдөр харилцаа холбоо глобальчлагдаж, та бид гар утас санжигнуулж яваа маань физикт квант орны онол гээч юм байдгийн үр дүн юм. Нэгдсэн орны онол хувьсгалт шинэ технологиуд бий болгох нь дамжиггүй. Шинжлэх ухаан бол дэлхий нийтийн тэргүүлэх эрх ашгийн гол гогцос асуудал. Тиймээс үндэсний төр засгууд Үндсэн хуулийнхаа дээрх мэт заалтаар даян дэлхийн эрх ашгийн өмнө хариуцлага хүлээж буй юм. Судлаач миний өмнө биш. Онол босгож ном хэвлүүлснээр судлаачийн үүрэг, хариуцлага дуусгавас болдог номтой. Үлдсэн нь бусад сонирхсон үгүй этгээдүүдийн үүрэг хариуцлага, сайн муу дурын асуудал. Сайн муу дуртай гаас нь үл хамааран үндэсний төр засгийн хувьд хуульчилсан үүрэг хариуцлагынх нь асуудал.

-Энэ уг нь хэн хэндээ ойлгомжтой л баймаар юм…
-Чухам дээгүүрээ ойлгохы хүсэхгүй байна. Үндсэн хуулиа ч эргэж хардаггүй юм шигээ Барууны нэрт сэтгэгч, “Хубилай” хэмээх нэн алдартай шүлэг найргийн зохиогч Кольрижийн хэлсэн нэг айхтар үг байдаг. Юу вэ гэвэл “Хүмүүс эцсийн эцэст хүний мөн чанар гэдэг хөгийн юмтай л учирч таардаг” гэж. Энэ их үнэн үг. Жишээ нь, Монгол Улсын баатар, УИХ-ын удаа дараагийн гишүүн Эрдэнийн Бат-Үүл байна. Эцгийг нь би дагуулж шөнөжин айл хэсч архидах хэрийн жирийн танилууд байсан юм. Луугар буриад байлаа л даа. Социализм байж л байсан үед энэ Бат-Үүл гишүүн над дээр ирж, ирэх хувьсгалын тухай хөөрөлдөж байсан удаатай. Гэхдээ гол нь энэ биш. Гол нь Бат-Үүл баатар маань физикийн багш мэргэжилтэй ухаантай юм өөрөө ярьж байсныг санаж байна.
Эйнштейний харьцангуйн онолыг их уншсан ч гэж хэлснийг санаж байна. Би энэ судалгааны тухай 13 жил хэвлэл, мэдээллийн хэрэгслээр бараг тасралтгүй хэлж ярьсан шүү дээ. Гэтэл яав. Зүгээр физикийн багшийн ердийн сонирхлоор ч юм уу, ер нь нэг муу Монгол хүнийхээ хувьд ч юм уу, эсвэл хувьсгалч баатрынхаа зэрэг зиндаагаар ч юм уу, зүгээр төрийн түшээгийнхээ үүрэг хариуцлагаар ч юм уу, миний судалгааг нэг удаа ч болов анзаарч “Үгүй, та нээрээ оролдоод байвал болох ч юм бил үү, хэн мэдлээ” гэж хэлж болох байсан. Гэтэл тэгсэнгүй. Үүнийг л хүний мөн чанар гэдэг хөгийн юм гээд байгаа юм. Хүний мөн чанар гэдэг дээр Монгол хүний шинж чанарыг нэмж тооцох тухай Баабар бичээд байдаг нь нэг их буруугүй бололтой. Гэхдээ Монголчууд бидэнд ерөөс ямар нэг юм айхтар дутаад буйг энэ жишээ харуулах мэт.

-Тэр дутагдаад буй нь юу бол, Таны бодлоор?

-Миний бодол нэг хэрэг. Ер нь хэн хүнгүй бодууштай зүйл. Нийгэм маань оюуны ашиг сонирхлын талын зүйлийг ор тас таягдан хаяжээ. Капиталист анхны хуримтлалын хатуу ширүүн нөхцөлд материаллаг ашиг сонирхол давамгайлах нь зүй тогтлын хэрэг. Юун онол номлол вэ, балай юм, Оюутолгой, Тавантолгой байхад гэж уцаарлан бодоод байна. Гэнэн хэрэг, өнгөцхөн бодол. Ялангуяа төр засгийн төвшинд. Миний нэг мэргэжил бол уурхайчин. Ерөнхийдөө үндэсний амбиц дутаж байна. Эзэнт их гүрнийг байгуулагчдын үр удам бид маань ямар нэг том ялалтын тухай хүсч мөрөөдөх байтугай, тийм юм зүүдэнд орохоос айдаг болжээ. Хэдэн зууныг дамжсан бууралт доройтлын дараа энэ ч аргагүй. Энэ бол хүндэтгэх шалтгаанаар уучлууштай үзэгдэл. Гэхдээ нийгмийн ерөнхий төлөв байдлынхаа клиник онош тавих нь их чухал. Эмгэг согогоо эхлээд мэдэж баймааж, анагааж эмчлэх аргаа олно. Гол арга нь дэлхийн хэмжээний шинэ шинэ амжилт олох. Амжилт олохын тулд үндсэн хөшүүрэг нь эргээд үндэсний амбийц. Үндэсний амбицгүйгээр олимпийн аварга төрдөггүй нь их спортын аксиом байдаг юм. Хэрэв олимпийн аваргууд төрсөн бол Монгол хүний үндэсний амбийц сэргэж буйн гэрч ба үр нөлөө. Энэ амбиц буюу үндэсний эрмэлзэл зориг тань сумо, спортоос гадна шинжлэх ухааныг бас хамрах ёстой. Орчин цагийн барилдаан зодолдооны гол талбар нь шинжлэх ухаан. Үүнийг орхигдуулж хэрхэвч зохихгүй. Монголд шинжлэх ухааны уламжлал бага гэдгийг түрүүнд дурдсан. Гэхдээ танин мэдэхүйн язгуур уламжлал агуу. Энэ уламжлалын үр дүн нь супернэгдлийн онол. Энэ тухайд миний бусад ярилцлага, нийтлэлээс олж үзэж болохуйц.
Шинжлэх ухааны албан ёсны хэвлэлд нэр бүхий нэг хүний үг хэвлэгдсэн удаатайг зургаар нь хуулбарлан үзүүлье:

‘Морин дэл дээр төрж морин дээр үхдэг эсгий туургатны бор гэрээс нээлт гарна гэдэг ёстой л гонжийнжоо. голионы баас ‘

Мөн тэнд бас нэг ийм үг бий.

‘Бидний нэг гутамшиг бол экспертүүд Монголд байдаггүй‘

Монголд экспертүүд бий л дээ. Голж шилэх нь илүүц. Социализмын 70 жил дэмий өнгөрөөгүй. Номын нээлтэнд харин ШУА-ийн Ерөнхийлөгч академич Ц.Энхтүвшин хүрэлцэн ирж ном гардсан. Бодвол, экспертүүдээ цуглуулж энэ онол ба номыг миний оролцоотойгоор хэлэлцэх юм байгаа биз. Ерөөс шинжлэх ухааны ердийн горим журам нь энэ. Сайн муу дурын юм уу, гуйлт хүсэлтийн асуудал биш. Энэ горим журмыг баримталж огт сураагүйн зовлон бий.

-Горим журмынхаа дагуу арга хэмжээ авагдах байлгүй дээ гэж найдъя. Эцэст юу хэлмээр байна?
-Шинжлэх ухааны сүүлчийн онолыг нээн олж байгуулах асуудал ба туйлын зорилт хүн төрөлхтний өмнө байдаг юм байна гэж түрүүнд хэлж ярьснаас эрхбиш ойлгогдож буй байх. Шинжлэх ухааны асуудал шийдтэй байх номтой, учир нь шинжлэх ухааны асуудал. Хэн, хаана, хэзээ шийдэх нь тохиолдлын хэрэг, магадлалын асуудал. Тохиолдол, магадлалын дотор Монгол Улс ба Монгол үндэстэн тууж л яваа юм. Ямар нэг тохиолдол, магадлал хэрэгжихэд айж цочирдон шоконд орж балмагдах хэрэггүй. Нөгөөтэйгүүр, шинжлэх ухааны шинэ суурь онол хаанаас гарна, тэндээс соёл иргэншил хөтлөгдөж, тийшээ түүхэн үйл явц төвлөрдөг жамтай. Шинжлэх ухааны сүүлчийн онол хувьд ийм даяар нөлөө тусгал нь үнэмлэхүй шинж чанартай байх өстой. Өөрөөр хэлбэл, Монгол Улс хүссэн хүсээгүй олон улсын рейтинг чансаагаараа тэргүүлэх байр сууринд тавигдана. Эндээс их юм хүлээгдэнэ. Харин хүлээлтийг бид хэрэгжүүлж чадах уу, үгүй юү. Ер нь бодоод байх нь ээ, би вээр Бодончар мунхагийн угшилтай нэгэн байх шиг. Мань ер үлгэр домгийн шахам хачин жигтэй юм донгосоод мунхаг гэж ад үзэгдэн гэрээсээ хөөгдсөн байдаг. Гэхдээ хожим нөгөөдүүл нь яагаад ч юм түүнийг зорьж эргэж очсон байдаг. Нөгөөх нь болохоор, тэнд нэг хэсэг сул иргэн байна, тэднийг автугай гэж санал дэвшүүлсэн байдаг. Тэгээд тэр ёсоор болсон. Тэгээд үйл явц цаашид хар аяндаа даамжирсан. Их Монгол Улс, Эзэнт гүрний угт ийм зөвлөмж, ийм үйл явдал байсан. Өнөөгийн дэлхий гэж яахаа мэдэхээ больсон сул иргэд тэр аяараа аврал хүлээж байна. Аврал нь зарчмын хувьд ганцхан. Энэ нь эцсийн буюу супернэгдлийн онол. “Санааг нь авбаас бие нь хаа хол очиж хамраараа хатгаж ойчих” гэж Чингис хаан сургажээ. Санааг нь нэгмөсөн авах арга хэрэгсэл нь бэлхнээ байна. Ардчиллын туг далбаа, уриа лоозон болсон Уинстон Черчилль хэлэхдээ “Ирээдүйн эзэнт гүрнүүд нь оюун санааны эзэнт гүрнүүд байх юм” гэжээ. Оюун санааны даяар Эзэнт гүрэн байгуулах алтан боломж нээлттэй. Үндэсний зөн яруу найрагтаа байдаг юм. Олхонуд Д.Бямбадорж зайрантны зөнд орсон нь:

Угийн түүх эхээр эхэпж
Удмын ёс эцгээр овоглож
Ханхүү тэнгэрээс ирж
Хас төр тогтоогүй байхад
Бөө бөөлж байсан
Бөөрөнхий тал хэнгэргээ дэлдэж байсан…

гээд бүхий л түүхэн эринүүдийг дамжин өртөөлсөөр эцэст нь:

Омогширч явсан Хөх Монголын удам
Домогширч үлдсэн Нууц товчоогоо залж
Авъяасаараа дахин дэлхийд гайхуулах
Алтан боломж, энэ зууны босгон дээр
Бөө бөөлж байсан
Бөө бөөлсөөр байх болно…

гэжээ. Ерөөлөөр болтугай юу?

- Болтугай, болтугай.
-Дараагийн ярилцлага хүртэл баяртай.

Цахим Өртөө Сүлжээнд элсэх

  • Өртөөний сүлжээнд элсэх

tsahim_urtuuХэрэв та Монгол Туургатны Цахим Өртөө Сүлжээнд элсэхийг хүсвэл: http://groups.google.com/group/tsahim-urtuu-suljee хаягаар зочилж маш хялбархан бүртгүүлж болно. Та Гүүгл суурьт энэхүү сүлжээнд имэйлээ бүртгүүлснээр манай сүлжээний гишүүн болно.

 

Image Temp

Энэ хуудас нь Цахим Өртөө сүлжээний нийт гишүүдийн хамтын бүтээл байх бөгөөд ажил хэргийн санал болгоныг вэбийн хамтлаг тухай бүр нь тусган энэ хуудсанд оруулж байх болно. Хамтран ажиллаж буй, ажиллахаар зэхэж буй таньд баярлалаа.

Newsletter