Champion” клубын тамирчин дэлхийн аварга боллоо

И.Будбаяр, Германаас

ХБНГУ-ын Мюнхэн хотноо буудлагын спортын 50 дахь удаагийн  дэлхийн аварга шалгаруулах тэмцээн 2010 оны 7 сарын 29-нөөс 8 сарын 11-ны өдрүүдэд болж байна. Энэ тэмцээнд Монголын 19 тамирчин оролцож байгаа бөгөөд өнөөдөр залуучуудын хийн гар бууны 10 метрийн төрөлд оролцсон “Champion” клубын тамирчин Ц. Хонгорзул алтан медаль хүртэж, дэлхийн аварга хэмээх эрхэм алдрын эзэн боллоо. Тэрээр энэ төрөлд нийт 80 гаруй тамирчин онч мэргэнээ сорьсоноос 382 оноогоор ийнхүү тэргүүн байр эзэлсэн бол Францын тамирчин 381 оноогоор хоёрдугаар байр, Солонгосын тамирчин 380 оноогоор гуравдугаар байр тус тус эзэлжээ. Ингээд дэлхийн шинэ аварга болон түүний багш, гавьяат дасгалжуулагч Л. Ундралбат нартай утсаар цөөн хором хөөрөлдсөн юм. 

-Юуны өмнө дэлхийн аварга болсонд баяр хүргэе.
Ц. Х: -За баярлалаа. Би өөрийгөө түрүүлсэнд огт итгэж чадахгүй байсан. Дэлхийн аварга болсондоо маш их баяртай байна, үгээр хэлэхийн ч аргагүй.
-Дэлхийн аварга болсон тэр мөчид танд юу бодогдож байв?
Ц. Х: -Хамгийн түрүүнд би багш руугаа харсан. Тэгээд л түрүүлснээ мэдсэн. Багшдаа болон аав, ээждээ баярлалаа гэж хэлмээр байна. Энэ медаль бол ганц минийх биш, дасгалжуулагч, аав ээж, багийн тамирчид, ивээн тэтгэгч бүх хүмүүсийн хамтын үр дүн юм.
-Энэ тэмцээн таны хувьд анхны олон улсын тэмцээн байв уу?
Ц. Х: -Ганцаарчилсан төрлийн хувьд анхных байлаа. Өмнө нь багаараа олон улсын тэмцээнд оролцож байсан. Энэ бол миний анхны олон улсын тэмцээний медаль болохоор би үнэхээр баяртай байна.
-Та хэдэн настайгаасаа энэ спортоор хичээллэж эхлэв?
Ц. Х: -16 настайгаасаа Ц. Өлзийбаяр багшийн удирдлага дор хичээллэж эхэлсэн. 2010 оноос Ундралбат багшийн удирдлага дор “Champion” клубт хичээллэж байна.
-Хэн таныг энэ спортын замд хөтлөв?
Ц. Х: -Миний аав спортын сэтгүүлч Цагаандалай гэж хүн бий. Аав маань анх буудлагын клубт дагуулж очсоноор хичээллэж эхэлсэн. 
-Хонгорзулаа, дараа дараагийн тэмцээнд чинь амжилт хүсье.
Ц. Х: -Баярлалаа.


-2008 оны Бээжингийн олимпийн наадмаас хойш амжилтын буухиа үргэлжилсээр байна. Энэ удаа олонд танигдаагүй тамирчин дэлхийн аварга боллоо?
Л. У: -Энэ бол монголчуудын хэлдэгээр битүү морь байлаа. Хонгорзул бэлтгэл дээр сайн бууддаг, харин тэмцээнд оролцохдоо сэтгэл зүйн хувьд тааруу байдаг. Тийм учраас өнөөдрийн хувьд тэмцээн эхэлснээс хойш хажууд нь байж, бэлтгэлийн үеийг нь бий болгож буудуулснаар амжилт гаргалаа. Олимпийн төрөлд эмэгтэйчүүдээс анх байт сураар Дэмбэрэл анхны дэлхийн аварга болж байсан бол дараа нь манай буудлагын төрөлд Д. Мөнхбаяр дэлхийн аварга болж байсан. Хонгорзул маань гуравдахь дэлхийн аварга болж байна. Үнэхээр баяртай байна.
-Хонгорзул дэлхийн аварга боллоо, 2012 оны олимпт оролцох эрхтэй болж байгаа юу?
Л. У: -Залуучуудын ангилалд оролцсон тул олимпийн эрх байхгүй. Дараагийн тэмцээнүүдэд нас өгсөж оролцох хэрэгтэй. Энд нэг зүйлийг нэмж хэлэхэд манай 3 тамирчин визний асуудлаас болоод энэ тэмцээнд оролцож чадсангүй. Өлзийням маань оролцсон бол багийн дүнгээр дор хаяж хүрэл медаль авах байлаа. Хонгорзул дахиад спорт гар бууны 25  метрийн төрөлд буудна. Өнөөдөр эмэгтэйчүүдийн 50 метрийн урт бууны төрөлд З. Батхуяг, О. Янжиндулам, Ч. Нарантуяа нар буудсанаас урьдчилсан байдлаар Ч. Нарантуяа 587 оноотой хоёрдугаар байранд явж байгаа. Маргааш тэдний хувьд шийдвэрлэх өдөр болно. Мөн 8 сарын 8, 9-нд О. Гүндэгмаа, Ц. Мөнхзул, Т. Баярцэцэг нар цэц мэргэнээ сорино.
-За та бүхэнд амжилт хүсье.
-Баярлалаа.