Д.Янжиндулам: Хэдэн оюутолгойтой тэнцэх ашгийг аутсорсингоос олох боломжтой

Э.Адьяасүрэн http://addidea.blogspot.com

Монголдоо "Силикон хөндий" байгуулахаар санал санаачилга гаргаж байгаа залуусын нэг болох судлаач, доктор Д.Янжиндуламтай уулзлаа. 30 ч хүрээгүй болов уу гэмээр залуухан бүсгүй тэрбээр Нидерланд дахь АНУ-ын салбар компанид программ хангамжийн ахлах судлаачаар ажилладаг бөгөөд эх орондоо амрах үеэрээ өнгөрсөн долоо хоногт "Монголын "Силикон хөндий" байгуулахад их дээд сургуулийн гүйцэтгэх үүрэг" сэдвээр илтгэл тавьж, хэлэлцүүлэг өрнүүлсэн юм. Мэдээллийн технологийн үндэсний паркт зохиогдсон уг арга хэмжээний дараа түүнтэй ярилцлаа.

-"Силикон хөндий"-н загвар, стандартаар Монголдоо мэдээллийн технологийн бүс байгуулах тухай хэзээнээс ярьж байгаа вэ?
-Төр засгийн түвшинд бол нэг их удаагүй байх. Харин гадаадад энэ чиглэлээр сурч, ажиллаж байгаа залуус нэлээд эртнээс ярьж, мөрөөдөх болсон. Би ч гэсэн анх программ хангамжийн мэргэжил эзэмшээд, түүнийгээ гүнзгийрүүлж суралцан, гадаадын компанид мэргэжлээрээ ажиллаж эхэлсэн тэр үеэс л Монголд маань "Силикон хөндий" байгуулагдаж, том том төсөл хэрэгжвэл ямар сайхан юм бэ гэж бодох болсон. Энэ талаар салбарын залуустайгаа ч нэлээн санал солилцдог болсон. Ер нь манай ай-ти салбарынхан хоорондоо холбоо харилцаа сайтай, дэлхийн аль ч өнцөг булангаас холбогдон мэдлэг туршлагаа солилцож, бие биеэсээ сурч байдаг. Хамгийн хурдан өөрчлөгддөг, хурдтай салбар болохоор хөгжлөөсөө хоцорчихгүйн тулд тэгэхээс ч өөр аргагүй. Миний хувьд л гэхэд "Цахим өртөө" холбооны залуус болох Британийн Монголчуудын холбооны тэргүүн Д.Цэрэнбат, "USI" компанийн захирал Д.Буянцогтоо, Д.Сайнбаяр нартай үргэлж холбоотой байдаг. Тэд бол мэдээллийн технологийн чиглэлээр гадаадад нарийн мэргэжил эзэмшээд, сурч мэдсэнээ Монголдоо зориулж яваа залуус. Тэдний санал болгосноор би Монголд "Силикон хөндий" байгуулъя гэвэл их, дээд сургуулийн зүгээс юу хийх вэ гэдэг сэдвээр судалгаа хийж, илтгэл тавьсан.

-Таны илтгэлд томоохон их дээд сургуулиуд дэргэдээ хувийн хэвшлийн зөвлөлтэй байх хэрэгтэй гэж байсан. Үүнийг тодруулбал?
-Тиймээ, компаниудын удирдлагууд оролцсон орон тооны бус зөвлөл байвал зүгээр. Тэд жилдээ хоёроос доошгүй удаа цуглаж тухайн зах зээлд ямар мэргэжилтэн хэрэгтэй байна, сургууль тэр хэрэгцээнд нийцэх оюутан бэлтгэхийн тулд яах ёстой, ямар чиглэлээр түлхүү элсэлт авч, ямрыг нь түр хаах тухай хэлэлцэнэ. Манайд харамсалтай нь их сургууль, компаниудын харилцаа хөндий байдаг л даа. Ажлын байр байгаа үгүйгээ мэдэхгүй байж л сураад байдаг, ажил олгогчид нь болохоор дөнгөж төгссөн оюутанг биш ажлын туршлагатай хүн авах сонирхолтой байдаг. Тэгээд л баахан дипломтай ажилгүйчүүд төрдөг. Зүй нь бол оюутан байхдаа ажлын туршлага хуримтлуулаад төгсөхдөө зах зээлд өрсөлдөх чадвартай мэргэжилтэн болж бэлтгэгдэх ёстой. Монголд үүнийг цогцоор анхаардаггүй болохоор оюутнууд дадлагаа жинхэнэ "халтуурддаг". Байгууллагууд ч тэдний хүчийг яаж ашиглахаа мэддэггүй. Сургуулиудын сургалт анхнаасаа зөв төлөвлөгдсөн, зах зээлээ мэдэрсэн, чанартай сайн байдаг бол оюутнаар цалин хөлсгүй ажлаа хийлгээд, хариуд нь дадал туршлага олгох замаар харилцан ашигтай ажиллаж болно.

-Өндөр хөгжилтэй орны том компанид программ хангамжийн судалгааны чиглэлээр ажилладаг хүний зүгээс дүгнэхэд Монголын мэдээллийн технологийн хөгжил хаахна явна вэ?
-Шууд харьцуулах боломжгүй ч харьцангуй сайжирсан. Мэдээллийн технологийн парк байгуулагдаж, аутсорсингийн чиглэлээр ажилладаг компаниуд ч олширчээ. Хэдийгээр бид хоёр том гүрний дунд байрладаг, барууны том зах зээл рүү нэвтрэхэд бартаа ихтэй ч энэ салбар бодсоноос хурдацтай хөгжих байна. Монголдоо сүүлийн арав орчим жил байгаагүй болохоор би бодит амьдралаас арай тасархай юм ярьж байж болно. Гэхдээ төр засгаас хүртэл оюутны хотхон байгуулах газрыг товлож, эхний ээлжинд их дээд сургуулиудыг нэгтгэж байх шиг байна. Тэгэхээр нэг их удахгүй Монголд мэдээллийн технологийн кластер байгуулагдаж, монгол залуус өндөр хөгжилтэй орны том том төсөлд ажилладаг болох байх. Ингэхийн тулд мэдлэгт суурилсан эдийн засгийн бодлого, түүнийг хэрэгжүүлэх их дээд сургууль, хувийн хэвшил, Засгийн газрын гурвалсан хамтын ажиллагаа хэрэгтэй байх. Ерөнхийдөө залуус бол юм хийх гээд "тэсрээд" байна шүү дээ.

-"Силикон хөндий" байгуулахад Монголд хамгийн их тулгамдаж байгаа асуудал юу вэ?
-Мэдээллийн технологи бол харьцангуй хийсвэр салбар шүү дээ. Хөндий гэхээр л хүмүүс хаа нэгтээ газар аваад, баахан байшин барилга барьж, дэд бүтэц байгуулахаас нааш бүтэхгүй гэж боддог. Яг үнэндээ энэ чинь дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн мэдээллийн технологийн жишиг загвар юм. Энэ загварыг улс орон өөрсдийнхөөрөө нутагшуулдаг. Ихэнх нь их, дууд сургуулийн хотхондоо суурилж, татвар, зээлийн бодлогоор дэмждэг. АНУ-ын "Силикон хөндий"-д дэм болсон гол гурван хүчин зүйл нь шинэ технологи, хөрөнгө оруулалт, сайн менежмент. Дээрээс нь энэ салбарыг маш сайн патентжуулж, хууль эрхзүйн орчинг хангалттай бүрдүүлж өгсөн. Монголын нөхцөлд үүнийг яг шууд хуулбарлах боломжгүй ч энэ салбарт хөрөнгө хаяж, өөрийн онцлогт тохирсон "Силикон хөндий" байгуулбал бааз суурь хангалттай гэж боддог. Компани, их сургуулийн уялдааг сайжруулж, маш олон төрөлд судалгаа хийхээс эхэлбэл дээр байх. Мөн мэдээллийн технологи сайн хөгжсөн АНУ, Энэтхэг, Хятадын төслүүдийг авч, хүнээ сургах хэрэгтэй. Эхний ээлжинд ашиг хөөх хэрэггүй, зах зээлд нэвтрэх нь л чухал. Аажимдаа аутсорсингийн компаниудад зээлийн хөнгөлөлттэй нөхцөл бий болгодог ч юм уу, эсвэл уул уурхайн томоохон төсөлдөө татан оролцуулж барьцаа нөхцөлгүйгээр ажил гүйцэтгүүлэх гэх мэт бодлогын түвшинд шийдэх асуудал их л байх. Хамгийн гол нь залуус өөрсдийгөө маш сайн боловсруулмаар байна. Хэлний мэдлэгээс эхлээд эзэмшсэн мэргэжлээрээ дэлхийн түвшинд өрсөлдөнө л гэж өөрийгөө бэлдэх хэрэгтэй.

-" Силикон хөндий" байгууллаа гэхэд монголчуудад зах зээл хэр байгаа бол. Мөн монгол хүний өрсөлдөх чадвар аль түвшинд явна вэ?
-Хүний нөөцөөс ихээхэн хамаарах болов уу. Эх орондоо байгаа чадалтай, мэдлэгтэй залуу хүмүүсийг харж байхад нэг бол улс төр хөөгөөд, эсвэл уул уурхай руу тэмүүлж байна. Аль аль нь тийм ч тогтвортой салбар биш. Уул нь дэлхийд тэргүүлэх салбаруудад өрсөлдөхөд монгол залуусын оюуны чадамж, бололцоо хаана ч гологдохгүй. Орчин нөхцлийг нь бүрдүүлээд л өгчихвөл монгол хүн юунд ч хүрэх чадвартай. Гадаадад албан ёсоор ажиллаж амьдарч байгаа монголчуудыг харахад тухайн салбартаа тодорхой хэмжээгээр манлайлж байдаг. Улс гүрнүүд нано, био технологи руу явж байгаа өнөө цагт өндөр мэргэжлийн хүмүүсийн эрэлт хэрэгцээ улам ихсэнэ үү гэхээс буурахгүй. Тэгэхээр зах зээл маш өргөн гэсэн үг. Байгалийн баялаг хязгаартай учир уул уурхай хэсэг зуур л Монголыг тэжээнэ, харин толгой доторх баялаг бол хэзээ ч хуучрахгүй гэдгийг хаана хаанаа сайн ойлгож, залуус хошууран орох нөхцлийг л бүрдүүлмээр байгаа юм. Манай хүн амын 70 орчим хувийг залуус эзэлдэг нь бидэнд асар том нөөц байгааг харуулж байна. Би залуу хүнийхээ хувьд эх орныхоо ирээдүйг өөдрөгөөр харж явдаг. Зөв стратегиэр явбал бидэнд үсрэнгүй хөгжил тийм ч хол биш байгаа. Үүнд хөгжилтэй оронд ажиллаж амьдарч байгаа залуусын дуу хоолой, санал санаачилга хэрэгтэй гэж бодож явдаг. Тиймдээ ч Нидерланд дахь монголчуудын "Өлзий" холбоо, Аялал жуулчлалын "Нидерланд-Монголын сан"-г байгуулан, үйл ажиллагаа явуулахад гар бие оролцож байна.

-Мэдээллийн технологийн бүс байгуулахад ер нь ямар хэмжээний зардал гарах бол. Тооцоо хийж үзсэн үү?
-Энэ бол ганц хүний ч юм уу, ганц салбарын хийчих ажил биш л дээ. Дээр дурдсан гурван талын хүчин зүтгэл, оролцоо хэрэгтэй. Гэхдээ төр засаг маань бодит байдалтайгаа ойртож, цаг хугацаа, хөрөнгө мөнгө хэмнэхийн тулд гадаад, дотоодод ажиллаж байгаа хүмүүсийн санаа оноо, зөвлөгөөг сонсож, мэдээллийн технологийн чиглэлээр ажиллаж буй компаниуд дээрээ тулгуурлах ёстой юм шиг санагддаг. Зардал, хөрөнгийг нарийвчлан гаргахын тулд маш сайн судалгаа хийх хэрэгтэй. Үүнийг олон улсын судалгааны багаар хийлгэж болно. Ер нь дэлхий дахинд багаар ажиллахыг илүү үздэг. Зөвхөн програмист ч биш, албан ёсны бүх ажлын байр багаар ажилладаг. Миний ажиллаж байсан "Philips" болон одоо ажиллаж буй "Verage Logic" корпорациуд өндөр мэдлэг эзэмшсэн хүмүүсээр баг бүрдүүлсэн, түүнийгээ хадгалж үлдэхийн тулд нэлээд чармайлт гаргаж байгаа нь харагддаг.

-Тэгвэл аутсорсингоос жилдээ хэдий хэр хэмжээний ашиг олох боломжтой вэ?
-Нарийн тоо баримтыг судалгаанд түшиглэж байж хэлэх байх. Салбарт нь ажиллаж яваа хүний хувьд барагцаалахад ямартаа ч хэдэн Оюутолгойн дайны ашиг орлого орж ирнэ. Гол нь зардал багатай, байгальд халгүй, дэлхийд өрсөлдөх чадвар сайтай гэдгээрээ чухал ач холбогдолтой. Өөр мэргэжлийн хүмүүс мэдээллийн технологийг интернэт хэрэглээ, санхүүгийн ч юм уу ямар нэг хэрэглээний программ зохиох төдийгөөр л ойлгодог. Үнэндээ бол мэдээллийн технологи хэрэггүй нэг ч салбар байхгүй. Зах зээл, хэрэглээ нь өргөн учир "Силикон хөндий"-д бий болох ажлын байр жил ирэх тусам нэмэгдэнэ. Оюутнуудыг багахан цалингаар ажиллуулж, туршлага олгох байдлаар аутсорсингийн компаниуд хурдан хугацаанд хөл дээрээ босох боломжтой. Ер нь инновацийн үр шимийг хамгийн түрүүнд хүртэх салбар бол мэдээллийн технологи. Хийснээ патентжуулаад, сайжруулаад явах бүрэн боломжтой. Манайх хүмүүстээ бэлэн мөнгө тарааж, оюутнуудыг автобусанд үнэгүй явуулж байхын оронд 100 оюутанг ямар ч арын хаалгагүй шалгаруулаад, эргэж ирэх нөхцөлтэйгээр гадаадад сургачихвал тэд ирээд компани байгуулж, доороо хэдэн хүн ажиллуулна шүү дээ. Аутсорсинг бол хотын төвд байрлалтай том оффис, сандал ширээ шаардахгүйгээр аж ахуйн нэгж байгуулж, ашиг олж болдог салбар, "цүнхэнд" багтдаг компани шүү дээ. /инээв/

-Баярлалаа. Амжилт хүсье.


Сэтгүүлчийн үг

/Мэргэжлийн хүмүүст үзүүлэхэд ичмээр дамшиг даа. Хэт энгийн, ойлгомжтой юм бичсийм шиг санагдах байх. Гэхдээ яахуу, хэн нэгэнд хэрэг болох болов уу гэж бодоод оруулчлаа. Ялангуяа Янжаа бүсгүйн илтгэл их сонирхолтой санагдсан. Даанч асуугч этгээдийн ай-кү хязгаартай тул сайн яриулж чадаагүй байх. Ташаарсан хийгээд хадуурсан юм байгааг ч үгүйсгэхгүй бөгөөд тахир дутуу ойлгосон, тас гажуудуулсан юмыг хэлээд засаад өгчүүл ихэд баярлана. /

Монгол Улс хөрсөн доороо арвин баялагтай нь дэлхий дахинаа нэгэнт ил болсон. Гэвч баялгийнхаа ачаар урагшлан хөгжих үү, ухран хоцрох уу гэдэг нь олон үйлдэлт оньсон тоглоом мэт ойлгомжгүй хэвээр байна. Ашигт малтмалын замбараагүй олгосон лиценз, түүнийг дагасан гадаад дотоодын том жижиг уурхайнууд сүүлийн хэдэн жилд Монголын байгалийг танигдахгүй болтол сүйтгэж, ус гол ширгээн унаган төрхийг нь алдагдуулж буй.

Дээрээс нь ашигт малтмал олборлогчид болон нутгийн иргэдийн хооронд мөнхийн тэмцэл өрнөж, бүр хүний амь эрсдэх болов. Олборлолт тойрсон үйл ажиллагаа нээлттэй биш байгаагаас улстөрчид нь баялгаа гадныханд худалдаж байна хэмээн хардагдаж, төр засагтаа итгэх ард иргэдийн итгэл өдрөөс өдөрт өлмий доор унасаар. Олон нийтийн итгэлийг олж авахын тулд намууд бэлэн мөнгө амлаж, түүнийгээ олборлох салбарын ашиг орлогоос шахаж гаргах гэж хөгжилд дэмтэй бусад салбараа хөсөр хаясаар. Энэ бүх таагүй үр дагавраас харахад Монгол Улс хэдийнэ “эрдэс баялгийн ханиад”-аар өвчилж эхэлсэн бөгөөд цаг алдалгүй зохистой арга хэмжээ авахгүй бол ханиад нь “хараал” болж хувирах аюултайг Монголд санаа зовиносон олон улсын эдийн засагчид сануулж байна.

Чухамдаа уул уурхайгаас орж ирсэн ашиг орлогыг тусгай санд хуримтлуулж, үр ашгаа өгөх өөр салбарт зарцуулах нь алдарт “голланд өвчин”-нөөс урьдчилан сэргийлэх тарилга болно гэдгийг мэдэхгүй хүнгүй ч өнөөг хүртэл тоймтой дорвитой юм хийгдэхгүй байгаа. Харин сүүлийн үед Африкийн орнуудаас эхтэй тэрхүү “халдварт” өвчний нэг “вакцин” нь мэдээллийн технологи хэмээн ярих болсон нь сайшаалтай. Ялангуяа улс орондоо өөрийн гэсэн мэдээллийн технологийн бүс байгуулж, дэлхийн хэмжээнд өрсөлдөх мэргэжилтэн бэлдэн, томоохон төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх нь Монголыг уул уурхайгаас илүүтэй хурдан хөгжүүлэх гарц болно хэмээн өндөр хөгжилтэй оронд мэдлэг боловсрол эзэмшсэн залуус дуу хоолойгоо илэрхийлсээр байна.

Мэдээллийн технологийн бүсийг анх 1970-аад оны үед АНУ-д байгуулжээ. Тухайн үедээ Америкийн зүүн эрэгт хэт төвлөрсөн хөгжлийн төвийг саармагжуулж баруун эрэг рүү шилжүүлэх зорилгоор бий болгосон нь дэлхий дахинаа “Силикон ваалий” буюу “хөндий” хэмээн алдаршжээ. Гэхдээ үндэс суурь нь үүнээс ч эрт, бүр хорьдугаар зууны эхээс улбаатай. “Силикон хөндий” бий болж, хөгжин цэцэглэхэд Станфордын их сургуулийн төгсөгчид голлох үүрэг гүйцэтгэжээ. “Силикон хөндий”-д компьютер техник программ хангамжийн үйлдвэрлэл олноор байгуулагдаж улс орны төдийгүй дэлхий нийтийн мэдээллийн технологийн хөгжлийг шинэ шатанд гаргасан судалгаа нээлт, туршилтууд хийн үйлдвэрлэлд нэвтрүүлэх болсон байна.

Барууны орнуудын “зүрх” нь болоод байгаа энэхүү “Силикон хөндий”-г Монголынхоо онцлогт тохируулан байгуулахыг Монгол Улсын Засгийн газар ч дэмжиж байгаа юм. Ингэхдээ боловсролын чанараараа улсдаа тэргүүлдэг их, дээд сургуулийг нэг дор төвлөрүүлэн хотхон байгуулж, мэдлэг чадвартай оюутнуудыг төгсөнгүүт нь томоохон компанид зуучлах буюу нарийн мэргэшсэн залуусыг бие даан компани байгуулахад нь тусалж, аутсорсингийн томоохон төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх чиглэлээр дэмжих байр суурьтай байгаагаа Ерөнхий сайд С.Батболд мэдэгдэж байсан.

Мэдээллийн технологид хил хязгаар байхгүй. Хил давахгүйгээр, тэр ч бүү хэл гэрээсээ толгойгоо ч цухуйлгахгүйгээр дэлхийн том том компанид ажиллаж, тэндхийн ажилтнуудын жишиг цалинг авч болдог цор ганц салбар гэж хэлж болно. Барилгын инженер хүн байшин барьж байгаа талбартаа очихгүйгээр ажлаа хийж болдоггүй бол программ зохиодог хүн ажилладаг газартаа заавал биеэр очиж, цагаа бүртгүүлэх шаардлагагүй.

Технологийн дэвшилд суурилсан энэ боломжийг ихэнх улс орон, ялангуяа энэтхэгчүүд чадмаг ашиглаж иржээ. Бичгийн англи хэл, цагийн зөрүүгээ ашиглан Америкийн компаниудаас аутсорсингоор ажил гүйцэтгэн, завсарт нь нарийн мэргэжилтнүүдээ сургасаар мэдээллийн технологийн салбараа дэлхийд тэргүүлэгч болтол өөд нь татсан байна. Одоо тэд технологийн инновацид илүүтэй анхаарч, үүнд суурилсан эдийн засгийн хөгжлийн бодлого боловсруулан хэрэгжүүлж байгаа. Технологийн инноваци гэдэг нь шинээр бүтээгдсэн мэдлэг, технологийн патент дээр суурилсан үйлдвэрлэл явуулж, өргөн хэмжээний эдийн засгийн үр ашгийг бий болгох тухай ойлголт аж. Био болон нано технологи гэх мэт өндөр технологийн инновацийг хөгжүүлэхэд төр засгийн бодлого зайлшгүй хэрэгтэй бөгөөд энэ чиглэл рүү авьяаслаг залуус хошууран ордог байх аятай таатай нөхцөл бүрдүүлбэл өрсөлдөөн аандаа бий болох юм. Энэ чиглэлд зөв бодлого явуулж амжилтад хүрч байгаа жишээ гэвэл Энэтхэг, Хятад, Вьетнам гээд олон орныг дурдаж болно. Ялангуяа урд хөршийн туршлага, өргөн зах зээлийн хажуугаар өнгөрвөл том боломж алдах гэнэ.

Хойд хөршийн Засгийн газар саяхан Москва хотын ойролцоо Скольково, Ведомости хотуудад “Силикон хөндий”-н өөрийн хувилбарыг байгуулах шийдвэр гаргаад байгаа. Тус парк нь 7-10 жил татвараас чөлөөлөгдөх ба нийгмийн даатгал болон бусад хөнгөлөлт эдлэх аж. Шинийг санаачлагч технологийн компаниуд төсвийн дэмжлэг авах ба төрийн тендерүүдэд илүү давуу эрхтэй оролцох гэнэ. Өндөр төвшний технологийн салбарыг хөгжүүлж түүхий эд материалын экспортоос хамаарал багатай болохыг Орос зорьж байгаа бөгөөд тус салбарт олон тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөж байна.

Харин Монголдоо “Силикон хөндий” байгуулах газраа нийслэлийн ойролцоо сонгож, их дээд сургуулиудын хотхоныг төвлөрүүлж, технологийн дэд бүтцээр бүрэн тоноглосон сургууль, цэцэрлэг зэрэг орчинг цогцоор нь шийдсэн үлгэр жишээ хот болгон хөгжүүлж болно хэмээн Ерөнхий сайд амлачихаад байгаа. Энэ дагуу БНЭУ-ын Засгийн газрын 20 сая ам.долларын зээлээр “Аутсорсингийн төв” байгуулах, мэдээллийн технологийн мэргэжлийн, дунд болон Их сургууль байгуулах цогц төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөөд байгаа аж. Энэ хэрвээ ажил хэрэг болчихвол дэлхийн мэдээллийн технологийн хөгжлийг тодорхойлогч АНУ “Силикон ваалий”-гийн монгол хувилбар нахиалж, монголчууд бид зөвхөн байгалийн баялагтаа найдаж, ашигт малтмалын орлогын хэмжээнд сэтгэж амьдрахаа болих юм.

Харин хоосон яриа болоод өнгөрвөл экспортынхоо 95 хувийг түүхийгээр нь гаргасаар, түүхий эд бэлтгэн нийлүүлдэг л улс байна. Үлдэж буй таван хувийг зөвхөн ноолуурын боловсруулалтаар нөхдөг манайх шиг оронд мэдлэгт шингэсэн экспорт эмзэг сэдэв болчихоод байгаа. Үйлдвэржүүлэх, ялангуяа мэдлэг шингэсэн эцсийн бүтээгдэхүүнд анхаарлаа хандуулахгүй энэ хэвээр яваад байвал улс орны тусгаар тогтнолын асуудал ярвигтай болж ирэхийг бүгд мэдэж байгаа. Өнөөгийн Монголд баялаг бүтээдэг компани ховор, ихэнх нь худалдаа, зууч, импортын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бөгөөд хамгийн их татвар төлдөг үндэсний үйлдвэрчид нь архины компаниуд байдаг нь нэг ёсондоо эмгэнэл юм. Үүрэн телефоны операторууд харьцангуй ашигтай ажилладаг ч тэдний ард гадаадын томоохон хувьцаа эзэмшигчид байдаг болохоор мөнгө гадагшаа урсаж байна гэхэд болно. Бодит байдал ийм байхад “Силикон хөндий”-гийн тухай ярих нь цагаа олсон, бүр цаг алдаж байгаа хэрэг ч байж болох юм.