‘Алтан ураг’ хамтлагийн ахлагч Б. Эрдэнэбат: цаашид өөрсдийн хөө уран бүтээлийг дэлхийд хүргэх зорилготой байгаа.

Ярилцсан Ж. Өнөрмаа. Лондон хот - www.mongolchuud.co.uk

‘Монгол’, ‘Хадаг’ киноны хөгжмийг хийсэн, дэлхийд Монгол Улсынхаа нэрийг мандуулж яваа, үндэсний фолк рок урсгалаар уран бүтээлээ туурвидаг ‘Алтан Ураг’ хамтлаг Лондонд ирэх болсонтой холбогдуулан тус хамтлагын ахлагч Б. Эрдэнэбаттай цөөхөн хором хөөрөлдлөө.

Хамтлагаа танилцуулж, анх яаж байгуулагдсан түүхээсээ хуваалцана уу? Юу хийж бүтээв? Цаашид ямар төлөвлөгөөтэй ажиллаж байна вэ?

Нэг ангийн залуучууд бид Монголынхоо ардын урлагыг хөгжүүлэх зорилготойгоор 2004 онд хамтлагаа байгуулсан. ‘Хадаг’, ‘Монгол’ гээд хоёр киноны хөгжмийг хийлээ. Одоогоор нийтдээ дөрвөн CD гаргасан байгаа. Удахгүй шинэ уран бүтээлийнхээ гурван CD-г гаргана. Бид Монголын рок поп урлагын Пентатоник наадмаас Шилдэг хөгжмийн аяс, UBS Video Award-ийн Шилдэг санаа төрлөөр шагнал авч байсан. Цаашид өөрсдийнхээ уран бүтээлийг дэлхийд хүргэх зорилготой байгаа.

Ямар зорилготой, хэзээ Лондонд ирэх гэж байна вэ?
South Gobi Energy Resources компаний сурталчилгааны ажлаар Хонк Конг, Лондон, Нью-Йорк гэсэн маршрутаар явж байгаа. Лондонд байх хугацаандаа сурталчилгааны зорилгоор Монгол болон гадаад фэнүүддээ сюрприз барьж Английн алдартай хамтлагууд тоглодог The Restless Garage клубт нэг удаа тоглоно.

Сергей Бодров болон Монгол киноны уран бүтээлчидтэй ажиллахад ямар байсан бэ? Хөгжилтэй сонин явдлууд тохиолдож байв уу?
Сергей Бодров биднийг нэг пабанд тоглож байхыг хараад ‘Монгол’ киноны хөгжим хийх саналыг шууд тавьсан. Тийм том алдартай уран бүтээлч санал тавьсан тул бид шууд зөвшөөрсөн. Тэгээд ч бид маш их хариуцлага үүрч байгаагаа ойлгож байсан бөгөөд өөрсдийгээ харуулсан сайн уран бүтээл хийхийг хичээсэн. Хөгжилтэй гэхээсээ илүү тэр хүнтэй хамтарч ажиллах нь бидэнд нэр төрийн хэрэг байлаа.

Монгол ардын урлагын тухай ямар бодолтой явдаг вэ? Залуу үеийн төлөөлөл болж байгаа хамтлагын хувьд энэ тал дээр ямар өөрчлөлт шинэчлэл хийе гэж төлөвлөж байна?
Монголын ардын урлаг бол маш гайхамшигтай бас өвөрмөц урлаг. Гэхдээ одоогоор нэг хэвийн байдалтай, тэрийг нь голдуу настай хүмүүс ойлгодог, бас сонсдог болохоос биш залуучууд зөвхөн символ буюу бэлгэдэлийн чанартай хүлээн авч байгаа бөгөөд үндэсний баяр болох цагаан сар, наадмын үеэр л эгшиглэдэг аялгуу дуу хөгжим гэсэн ойлголттой, энэ талаас нь бас сонирхдог. Харин бид энэ буруу ойлголтыг эвдэхийн тулд тэдний сонирхдог орчин цагийн рок урсгалтай холбосоноор залуучууд ардын урлагыг сонирхдог болж байна.

Цаашид Монгол урлагаа төлөөлөн сурталчилах ямар ажил хийх бодолтой байгаа вэ?
Өөрсдийгээ болон Монголынхоо ардын урлагыг орчин цагт яаж хөгжиж буйг дэлхийд харуулахын тулд залуу насныхаа эрч хүчийг дуустал хичээнэ гэж бодож байгаа.

Их баярлалаа. Та бүхэнд уран бүтээлийн өндөр амжилт хүсье.