С.БАЯР: Би “галт зэвсэг хэрэглэ” гэсэн тушаал хэнд ч, хаана ч, хэзээ ч өгч байгаагүй

“Долдугаар сарын нэгний” эмгэнэлт хэрэг явдлын талаар уржигдархан Төрийн ордонд нээлттэй хэлэлцүүлэг боллоо. Харамсал, түгшүүр жаахан ч болов намжиж, хэрэг явдлын учир ном дүрмийнхээ дагуу тайлагдах биз ээ гэсэн олонхийн хүлээлтэд энэ хэлэлцүүлэг үнэнийг хэлэхэд таалагдсангүй. Хэн нь ямрыгаа шүүж, үйл явдлыг хааш нь хөтлөх гээд байгаа юм бэ гэсэн эргэлзээ ч төрүүлж магадгүй болоод байгаа юм биш үү гэсэн уншигчдынхаа асуултад хариу эрж, Монгол Улсын Ерөнхий сайдаар тухайн үед ажиллаж байсан С.Баяртай утсаар холбогдлоо.  

- Сайн байна уу, Та. Би “Өнөөдөр” сониноос ярьж байна. Таны бие сайн уу ?
- Сайн сайн. Бие гайгүй ээ, эмчилгээгээ хийлгэж л байна.
-Танаас тодорхой ганц асуудлаар ярилцлага авах гэсэн юм. Болох уу ?
- За даа, би саявтар “Үндэсний шуудан” сонины Ганчимэгт ярилцлага өгсөн, уншаа биз. Жилийн нормоо хэд дахин давуулан биелүүлжээ гэмээр урт ярилцлага болсон байна лээ. Баахан юм ярьж ярьчихсан хүн одоо нэг хэсэгтээ дуугүй явахад гэмгүй биз дээ гэж бодож байна.

- Гэхдээ сүүлийн үед гадуур шуугиад байгаа нэг л сэдвээр танаас юм тодруулах гэсэн юм.
- Ямар сэдэв гэж ?

-“Долдугаар сарын нэгэн”. Энэ үйл явдал дахиад хэвлэл мэдээллийн нэг гол сэдэв болж байх шиг. Саяхан УИХ-ын ажлын хэсгээс олон нийтийг оролцуулсан нээлттэй хэлэлцүүлгийг Төрийн ордонд хийлээ.  Бас таныг МАХН-ын дарга, Ерөнхий сайд байсан хүний хувьд энэ асуудлаар өөрийн байр сууриа илэрхийлмээр байна гэсэн хүсэлтээ тус Ажлын хэсэгт гаргаж албан тоот явуулсан гэсэн сураг сонслоо. Та үнэхээр тийм хүсэлт гаргасан юм уу ?
-Тийм нь ч тийм. Би УИХ-ын ажлын хэсэгт тийм хүсэлт гаргаж хандсан нь үнэн. Гэхдээ би байр сууриа Ажлын хэсэгт л хандаж илэрхийлнэ гэснээс сонин хэвлэлд ярина гээгүй л дээ. Төрийн ажил, хэвлэлийн ажил гэдэг бас зааг ялгаатай байх ёстой. Энэ хоёр ажил хоёр өөр шугамаар хэрэгжих ёстой гэж боддог. Тэр зарчмаараа л явах нь зөв биз дээ...   

-Тийм байх л даа. Гэтэл Төрийн ордонд болсон нээлттэй хэлэлцүүлэг, түүний дараа гарсан зарим нэвтрүүлэг, нийтлэлүүдээс үзвэл “Долдугаар сарын нэгний” гол буруутан нь хуулийн байгууллага, тухайн үеийн Засгийн газар, бүр тодорхой хэлэх юм бол тэр Засгийн газрыг тэргүүлж байсан та болоод байгаа юм биш үү?
- За, тэр ч юу л бол доо. Тэр янз бүрийн нийтлэл, нэвтрүүлгээр буруутныг тогтоодог болох юм бол өнөөгийн Монголд олон хүн дээлээ нөмрөх байх даа. (инээв)  

- Танаас олон юм шалгаахгүй ээ, ганц л зүйл тодруулъя. Долдугаар сарын нэгэн тойрсон асуудал дотор нэг гол сэдэв байдаг нь чухам хэний заавар, тушаалын дагуу жагсагчдын эсрэг цагдаа нар галт зэвсэг хэрэглэсэн бэ гэдэг сэдэв. Тодруулбал чухам хэн үүнд буруутай вэ гэсэн асуудал л даа...
- Энэ болон холбогдох бусад олон асуудлыг шалгадаг, тогтоодог хууль журам нь ил байна, шалгах, тогтоох үүрэгтэй байгууллага, албан тушаалтнууд нь ч бэлэн байна. Тэр л ном журмаараа явах естой асуудал шүү дээ.   

- Ерөнхий сайд асан С.Баяртай амиа алдсан таван хүний асуудлыг шууд холбож бичдэг, ярьдаг болсоор удаж байна. Тэр хүн л “галт зэвсэг хэрэглэ” гэсэн чиглэл, тушаалыг цагдаагийнханд өгсөн гэж зарим нь бүр ярьдаг. Ерөнхий сайдын албан тушаалаасаа өргөдлөө өгөөд чөлөөлөгдсөн явдлыг тань хүртэл энэ хариуцлагаас мултрах гэсэн оролдлого гэж зарим хүн, сонин хэвлэл тайлбарлаад байгаа юм биш үү? Та үүнийг сонсож мэдсэн үү ?
- Мэднэ ээ, мэднэ. Сонссон, уншсан. Гэхдээ тэрийг мэдлээ гээд надад мэгдэж сандраад байх юм алга. Болоод өнгөрсөн бүх үйл явдал амьд гэрчтэй, албан ёсны баримттай байдаг учраас л би тайван байгаа хэрэг шүү дээ. Гэхдээ надаас нэг л зүйл асууя гээд байгаа учраас би түүнд чинь нэг л зүйл хариулъя. “Хариуцлагатайгаар мэдэгдье” гэдэг ш дээ. Би “галт зэвсэг хэрэглэ” гэсэн тушаал хэнд ч, хаана ч, хэзээ ч өгч байгаагүй. Харин “галт зэвсэг хэрэглэж үл болно” гэж хэлж, үүрэг даалгавар өгч байсан. Энэ байр сууриа би тэр гайт долдугаар сарын 1-ний үдэш болсон Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хурал дээр ч өндөр дуугаар, албан ёсоор, олны өмнө илэрхийлсэн байдаг.
Миний баримталсан энэ байр суурь, миний хэлсэн тэр үг албан ёсны баримт, протокол болж үлдээд, архивт нь хадгалагдаж байдаг юм билээ. Тэр хуралд оролцсон бусад албан тушаалтнууд ч ийм байр суурьтай байсан. Энэ бүхэн бас л баримт болж, үлдсэн байдаг. Тиймээс хүний амь нас хороосон, тийм тушаал, заавар өгсөн гэсэн утгатай элдэв гүжир гүтгэлэгт би хувьдаа тайван ханддаг.  “Үнэнээр явбал үхэр тэргээр туулай гүйцнэ” гэдэг дээ. “Бушуу туулай борвиндоо баастай” гэсэн үг ч бас бий.  
 
-Та тэгээд “галт зэвсэг хэрэглэж болохгүй” гэж цагдаагийнханд тушаасан тухайгаа яагаад одоо болтол тодорхой ярьдаггүй, хэвлэлийнхэнд үгээ ил тод хэлэлгүй яваад байдаг юм бэ?
- Төрийн ажил, хэвлэлийн ажил тус тусдаа явах ёстой гэж би түрүүн хэлсэн. Тэр л зарчмаа бариад байгаа санаатай. “Долдугаар сарын нэгэн” гэдэг энэ өдөр бол шинэ Монголын маань түүхэнд том хар толбо, том эмгэнэл болж үлдэх өдөр юм. Энэ бол миний ярих үнэхээр дургүй сэдэв. Зөвхөн миний хувьд ч биш, олон хүний хувьд тийм байдаг бололтой юм билээ. Энэ сэдвээр ярих, хэлэх юм огт үгүй учраас, эсвэл яривал буруудчих вий гээд эмээгээд байгаа ч юм бас биш.
Юу ч гэх юм бэ дээ… Товчхон хэлбэл, Монголд маань одоо л нэг эвлэх, өндийх, бүтэх гээд байгаа эерэг том хандлага, нааштай томоохон ажилд маань тээг садаа болчих вий дээ л гэж болгоомжилдог.
Энэ сэдвээр дахиад мэтгэлцээд, мэрэлцээд эхэлбэл “долдугаар сарын нэгнийг” дөнгөж мартагнаж, тайвширч байгаа нийгэм маань дахиад хямарчих байх даа, урагшлах чин хүсэл, тэмүүлэлд маань чөдөр тушаа болчих вий дээ  гэдэг үүднээс би өнөөг хүртэл энэ сэдвээр ярилгүй, амаа хамхисаар л яваа. Заримдаа хэлмээр санагддаг, хэлэх ёстой үг маань аман дээр өөрийн эрхгүй гараад ирдэг ч би шүдээ тас зуугаад, биеэ барихыг хичээдэг. Монголчууд бид хойшоо биш, урагшаа харч явах ёстой гэж боддог учраас  л биеэ барьдаг. Тэрнээс хэлье гэвэл ч хэлэх юм бас бий л дээ...
 
-Тэгэхдээ “долдугаар сарын нэгний” тухай бүх үнэн мөнийг, гол нарийн учрыг бид бүгдээрээ, Монголын нийгмээрээ олох ёстой биз дээ? Гэтэл нэг хэсэг нь шуугиулаад, нөгөө хэсэг нь амаа хамхиад байвал асуудлын  үнэн мөн олдохгүй болно оо доо…
- Тийм ээ. Үнэн мөнийг олох ёстой. “Долдугаар сарын нэгэн” Монголд дахин хэзээ ч давтагдахгүйн тулд үнэн мөнийг заавал олох, тогтоох ёстой гэж боддог. Олох ч болно гэж итгэж байгаа. Гэхдээ олж, тогтоож байгаа нь энэ гээд шархыг халуунаар нь оролдоод, сэдрээгээд байх нь зөв ч юм уу, буруу ч юм уу гэж бодсоор би жишээ нь өнөөг хүргэлээ. Шархны халуун нь бууж, жаахан ч гэсэн аньж, дотроосоо илааршиж эхлэх ёстой ч байж магад гэж боддог.
Ерөөс бодох, тунгаах асуулт, асуудал маш их байна. Гэхдээ асуулт нь хариултаасаа дэндүү их байгаа юм. 2008 оны долдугаар сарын 1-ний тэр өдөр Монголын түүхэнд урьд өмнө гарч байгаагүй, туйлын буруу бусармаг үйлдэл дэндүү олон гарсан байдаг. Тэр өдрийн дараа ч түүний цуурай, үргэлжлэл мэт буруу бусармаг юм бишгүй л цуварсаар байна. Жишээ нь, гал өдөөсөн нь гавьяатан шахуу болж, харин галд  өртсөн нь ялтан шахуу болж байгаа өнөөдрийн гаж дур зургийг буруу бусармаг гэхээс өөр юу гэх вэ дээ, тийм үү? Эсвэл, үймсэн, довтолсон хүмүүс л хүний эрхтэй байдаг, түүнийг нь хамгаалах тухай чанга ярьж болдог. Харин тэр үймээн, довтолгоонд өртсөн болон довтолгооноос нийгмээ хамгаалах үүргээ биелүүлсэн хүмүүст бол хүний эрх гэж байдаггүй юм шиг царайлаад байгааг буруу гэхгүй бол юуг буруу гэх юм бэ?
Ийм мэтийн асуулт олон гараад байдаг. Гэхдээ би хэн нэгнийг буруутгахаасаа илүү өөртөө тэр олон асуултуудыг тавьж, хариуг нь олохыг хичээж явдаг. Жишээ нь, С.Баяр гэж Ерөнхий сайд байх үед эмгэнэлтэй, аймшигтай ийм явдал гарчээ. Тэгвэл тэр С.Баяр гэдэг албан тушаалтны буруугаас чухам юу болсон байж болзошгүй вэ гэх маягаар бодсоор л явдаг…
 
-Тэгээд яг таны гэм буруугаас болсон зүйл байна гэж та үздэг үү?

- Хэн нэгний гэм бурууг тогтоодог байгууллага бол шүүх юм л даа. Ардчилсан Үндсэн хуулийн маань үндсэн заалт нь энэ.  Тиймээс хууль эрх зүйн утгаар гэм буруу гэхээсээ би яг тэр өдөр, тэр үед  хувь хүнийхээ хувьд, албан тушаалтныхаа үүднээс алдаатай, эргэлзээтэй үг, үйлдэл гаргав уу, үгүй юу гэж боддог гэвэл илүү онох юм байна. Бодмоор, дахин эрэгцүүлмээр юм дэндүү их гарсан байдаг. Жишээ нь, “галт зэвсэг хэрэглэж хэрхэвч болохгүй” гэж би Ерөнхий сайдын хувьд, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гишүүний хувьд цагдаагийн удирдлагад хандан, тэр хурал дээр тушааж, зааварлаж байсан гэж би түрүүн хэлсэн. Гэтэл ингэж тушааж, зааварлаж байсан маань зөв ч байсан юм уу, үгүй ч юм уу гэж одоо байнга бодогддог.
 
- Яагаад зөв биш гэж? Та яагаад тэгж боддог юм бэ?
- Яахав дээ. Хүний амь нас, эрүүл мэнд ямар ч тохиолдолд хохирох ёсгүй гэсэн үүднээс тийнхүү бодож, тэр бодсоныхоо дагуу байр сууриа илэрхийлэх нь хувь хүнийхээ хувьд миний буруу биш байж болох л юм.  Гэтэл албан тушаалтныхаа хувьд, Улсын Ерөнхий сайдын хувьд Онц байдал үүсчихээд байхад цагдаагийн удирдлагад “Та нар галт зэвсэг хэрэглэхгүй шүү” гэж хэлэх эрх мэдэл надад байсан эсэхэд бол би одоо эргэлздэг. Яагаад гэвэл бүх асуудал, түүний дотор улс, нийгмийнхээ амгалан тайван байдлыг хангах үүрэг, үүний тулд Онц байдал тогтоох хариуцлага зөвхөн хуулиар л зохицуулагдах ёстой. Аль нэгэн албан тушаалтан, хэн нэгэн хувь хүний үзэмж, байр суурь, бодлоор биш Монгол Улсын хууль тогтоомжоор л зохицуулагдах ёстой юм.
Гэхдээ энэ бол “буудаж ч болох байсан” гэсэн үг биш шүү. Бүх зүйл хуулийнхаа дагуу явах ёстой байсан юм биш үү гэсэн л эргэцүүлэл.
Энэ мэтийн бодол, эргэлзээ, асуулт бол надад зөндөө бий. Тэр болгонд өгөх бэлэн хариулт, бэлэн дүгнэлт надад харин тэр бүр байдаггүй юм даа.      
 
- Хуульд энэ бүхнийг зохицуулсан зүйл, заалт байдаггүй юм уу?
- За, би үүнээс илүүг одоо үнэхээр яримааргүй байна. Хуульд энэ талаар юу байдгийг та өөрөө хуулиа сөхөөд үзчихээрэй. Одоо хоёулаа яриагаа өндөрлөе.
 
- Эцэст нь дахиад ганцхан зүйл асууя. УИХ-ын ажлын хэсэгт та чухам ямар асуудлаар өөрийн байр сууриа илэрхийлье гэсэн хүсэлт гаргасан юм бэ ?
- Тэр тухайгаа би УИХ-ын ажлын хэсэгтэй уулзаж байгаад ярья даа гэж бодож байна. Харин тэрнийхээ дараа шаардлагатай гэж үзвэл та нартай, хэвлэлийнхэнтэй ярилцъя, тэгэх үү?
 
- За тэгье ээ. Танд баярлалаа. Эрүүл энхийг хүсье.
 
Б.Нацагдорж