194-р сар2019

Нутагтаа уулзацгаая

Энэ жил эх нутагт минь хуртай тундастай сайхан зуншлага ирсэн ч улс төрийн уурь амьсгал үймээнтэй самуунтай бидний дунд айдас хүйтэс төрүүлэв. Дэлгэр зуны тэнүүн нутагт минь дэлхийд цуутай үндэсний баяр наадам минь айлчлан ирж дэлбэрч шатсан бүхнийг түр хугацаагаар мартагдуулж дэлхийд тарсан бидний монголчуудын сэтгэлийг агшим хоромхон боловч амраав. Наадмын дараа намар гэж ярьдагч энэ жил зун сунжирч бөхөд дуртай хүмүүсийн сэтгэлийг донсолгон бас нэгэн наадам болох, Японы мэргэжлийн сумогийн тойргийн барилдааныг хуруу дараа тоолж суугаа бөхийн хорхойтон багагүй байгаа болов уу? Бөх сонирхоч та бүхнэндээ анхны монгол сумо бөхчүүдийн нэг Н.Цэвэгням Кёкүтэнхоотой барилдааны завсараар ярилцсанаа толилуулья. 

- Наадмын үндэсний бөхийн барилдаан дууссаны дараа өдөр нагояа дахь 7 сарын барилдаан эхэллээ. чи ч бас энэ сарын барилдааны гараагаа 3 дараалан давж эхэллээ энэ удаа бэлтгэл сайн байна уу?

- Энэ жил эх нутагт минь зуншлага сайхан болж үзэгч олноо баясгасан тун сайхан наадам болсон сурагтай. Би сумоогоор барилдаад 16 жил болж байна. Жил бүхэн Нагояагийн барилдаантай наадмын өдрүүд давхцдагийг та ч мэднэ шүүдээ. Бид өөрсдийн барилдааны хажуугаар Монголд утасдаад хэн яаж барилдав гээд санд мэнд л наадмын сонин сонсдог. Энэ удаа барилдаантай давхцаагүй бас тэгээд мэдээллийн хэрэгсэл хурдан түргэн олон хувилбартай болсон болохоор тав тухтай даваа бүхний ам угтуулыг үзэж байлаа. Анх японд ирсэн үед хэдэн цагийн өмнө захиалга өгч Монгол руу утсаар арай ядан холбогдож байж билээ. Миний хувьд бэлтгэл гайгүй байгаа Нагояагийн барилдаан Японы борооны улирлын төгсгөл зуны бүгчим халуун улирлын эхлэлтэй давхцаж явагддаг нь онцлог хэцүүхэн тал бий. Дасаагүй байхад саунад сууж байгаад шууд барилдахаар гарч ирж байгаатай адилхан санагддаг байж билээ. Энэ бүхэнд биеэ зохицуулж бэлтгэлээ хангах нь бидний асуудал шүү дээ. Халуун байна гээд ялаархаад байхгүй шүү дээ. Үзэгч олноо баясгасан барилдаан үзүүлэх юмсан гэж бодож байна даа. Монголд минь 8 сард тойргын барилдаан байгаа болохоор 50 хувийн амжилтаа үзүүлээд нутагтаа очих юмсан гэж бодож байна. Бодол хүсэл ясал гэж байдаг болохоор одоогоор хэлж мэдэхгүй л байна даа.

- Энэ сар 50 хувиа хийгээд инээгээд нутагтаа очьё гэж бодож байгаа юм байна гэж ойлгож болохнээ дээ? 16 жилийн өмнө нулимстай нутгаасаа гарч байснаа эргэн санахад юу бодогдож байна даа.

- Бид 6 лаа 15-17 насны хүүхэд байж дээ, гэр орноосоо хол явж үзээгүй япон гэдэг улсыг хөгжилтэй сайхан гэдгийг хальт мултхан гадарладаг байж билээ. Одоогийн 16 17-той хүүхдүүд бидний үеэс өөр, биеэ даах чадвар төлөвшсөн, дэлхий орчны мэдээлэл өргөн, зах зээлийн амьдрал ухааны зах цухаас гадарладаг болсон байх л даа. Тэгэхдээ л хүүхэд шүү дээ? 16 жилийг өмнө энд ирэхдээ монголд ирээдүйд сумогийн тойргийн барилдаан болно гэж бодоо ч үгүй зүүдлээ ч үгүй хурдхан гэрээт 3 жил нь дуусаад монголдоо буцья гэж бодож байсан. Энэ удаа 33 монгол бөхчүүд бас макүнo-үчи тойргийн бүх цолтой бөхчүүд монголд минь очно тэгэхлээр инээгээд очно шүү дээ.

Ний нуугүй хэлэхэд зүүд нойрондоо эцэг эх, гэрээ орноо зүүдэлж санаж сургууль дэвжээнээсээ өргөж бусгаж байж билээ. Адгийн наад зах нь сумогийн нарийн амьдрaлыг заагаад өгөх нутаг нэгтэн байгааүй л дээ. Уйлаад ирж байсан болохоор л бид бүгд өнөөг хүртэл байгаа шүү дээ. Том том юм яриад онгироод байсан бол өдийд бид энд байхгүй байсан ч байж магадгүй. Манай мэргэн ард түмэн минь хэлдэг бэрхшээлийг ярьж туулдаггүй үүрч туулдаг гэж сумогийн амьдрал хүнд хэцүү энэ тэрээ гэсэн яриа монголчуудын дунд нэлээн тархсан, бэрхшээлгүй юм гэж үгүй шүү дээ. Энэ бэрхшээл түр зуурын зүйл болов уу бас хувь хүнээс шалтгaалах болов уу гэж боддог. Миний хувьд олон түмний хайр ивээл, түшиг тулгуур буяныг мартаж болохгүй. Тэр хэмжээгээр надад ноогдох үүрэг их гэдгийг мартахгүй байхыг хичээдэг дээ.

- Саяхан Монголын сонгуулийн талаарх мэдээ мэдээлэл японы зарим нэг хэвлэл мэдээллээр цацагдсан. Энэ нь монголд сумогийн барилдаан зохиоход ямар нэгэн байдлаар нөөлөөлж магадгүй гэсэн яриа гарсан. Энэ талаар өөрөө юу гэж бодож байна вэ?

- Мэдээж санаа зовж л байсан. Бидэнд монголд болох тойргийн барилдааны талаар холбооноос төлөвлөгөөний дагуу болно гэдгийг мэдэгдсэн. Уулзсан хүн бүхэн л танай монголд юу болоод байна гээд л түмэн асуултаар булж байсан, одоо гайгүй болсон л доо. Эрдэнэт хүний халуун амь үрэгдсэнд л их харамсч байна. Монголд тойргийн барилдаан өндөр зохион байгуулалттай үзэгч түмнээ баясгасан сайхан болно гэдэг эргэлзэхгүй байгаа.
 
- Өөрийг чинь японы иргэн болсон талаар элдэв янзын таамаг яриа нэг хэсэг гарсан энэ тухайгаа тодруулж өгөөч?
 
- Шувуу ч тэр өсч өндийгөөд үрээ орхин нисдэг. Эр хүн насанд хүрээд хэзээ нэгэн цагт аавын гэрээс өрх тусгаарладаг. Хүн шувуу xoёp өссөн гэр нутгаа үргэлж санаж сарвайж эргэж тойрч байдаг, түүний нэг нь нүүдлийн шувуу шүү дээ.
Би монгол гэдэг эцгийн гэрээс эрийн цээнд хүрээд өрх тусгайрлан япон гэдэг хадамтай боллоо гэж ойлгодог. Энд хүмүүс намайг Монголын Цэвэгням Кёкүтэнхоо л гэж хэлэхээс Японы Цэвэгням гэж хэлдэггүй шүү дээ. Намайг ирээдүйд дэвжээний багш болох санаатай Япон иргэн болсон, Оошима багшийнхаа охинтой сууж дэвжээ залгамжлах гэж байгаа энэ тэр гээд ор үндэсгүй зүйл Монголын зарим нэг хэвлэл мэдээллээр тарсан байсан юу бичих нь тэдний асуудал үндэслэлтэй эргээд унах эзэнтэй л юм бичээсэй л гэхээс өөр юу гэхэв дээ.
Аль улсын иргэншилтэй байх нь хамаагүй болов уу, харин сэтгэл зүрх юуны төлөө цохилж байгаа нь чухал байх. Зодог тайлаагүй барилдаж байгаа би тэтгэвэрт гарах болоогүй багшийгаа амаараа тэтгэвэрт гаргаад дэвжээгий нь би залгана гэж яриагүй, тийм дүрэм журмаа алдсан зүйл гэж байх шүү дээ. Ерөнхий жишигээс хүмүүс түүхий мэдээлэл таамаг хийж Цэвэгням дэвжээндээ одоогоор тэргүүлэх цолтой дэвжээгээ залгамжилна гэж л ярьж байгаа болов уу.
Мэдээж надад тийм боломж байгаа, одоогоор энэ тухай бодохгүй байна. Дахиад хэдэн жил барилдах л санаатай байна даа. Миний гэр бүлийн хүн манай багшийн охин биш шүү гэдгийг дашрамд хэлье. Манай багш охингүй л дээ. Би Налайхын ард түмэн, төр засагтаа үнэхээр их баярлаж явдаг. Намайг Японы иргэн болсон ч өссөн төрсөн Налайхчууд минь гавьяат тамирчнаар тодорхойлж дэмжиж төрийн хүндтэй шагналыг олгосон. Гол нь шагналдаа биш надад итгэл хайраа хайрлаж байна гэж би ойлгосон. Налайхчуудад чадах чинээгээрээ туслах санаа их байдаг ч тэр болгон санаагаар болохгүй л юм. Манай налайхчууд хөдөлмөрч шүү .

- Налайхаас амьдрал хэцүү хэдэн хүүхдийг энд хэсэг хугацаагаар сургасан байхаа.

- Цөөхөн хэдэн хүүхдийг энд 3 жил орчим дунд сургуульд сургахад нь тусалсан дахиад тийм боломж олдохгүй л байна.

- Өөрөө Найлахчууддаа тодорхой хэмжээгээр анхаарал тавьж тусалдаг ч энэ тухайгаа ер нь нэг их ярихгүй юмаа даа. Ер нь үг цөөнтэй бүрэг хүн юмаа даа?
 
- Боломж гарвал ямар нэгэн байдлаар Налайхчууд, Монгочууддаа тусалья гэж боддог. Би сэтгэлээрээ хийсэн ганц нэг зүйлээ яриад зарлаад байж чадахгүй л дээ. Тийм шаардлага ч байхгүй. Эцэг эхийн олгосон хүмүүжил гэхүү дээ төрлөхийн зан чанар ч гэхүүдээ нэг их ярихгүй л дээ тэгэхдээ заримдаа сайхан буу хална шүү дээ.

- Өөрийн чинь үеийн бөхчүүд тун цөөхөн болж дээ ?

- Уг нь би насаар залуу ч бөхчүүдийнхээ хувьд ахмадад орж байна даа. Миний үеийн макүнo-үчийн бөхчүүд гарын 10 хуруунд чөлөөтэй тоологдох болов уу, тоолж үзээгүй л дээ. Ихэнх нь зодог тайлсан байх шүү. Өөрийгөө нэг их ахмад хөгшин гэж боддоггүй шүү. Тухайн спортоос хамааран тамирчны амьдрах орон зай өөр өөр шүү дээ. Ер нь амжилт гаргахгүй бол ямарч залуу тамирчин зодог тайлах нь спортын ертөнцийн бичэгдээгүй хууль болов уу, амжилт гаргаад байвал насаар залуу ч тухай спортын ертөнцдөө ахмад болдог нь ч бас бичэгдээгүй хууль юм даа.

- Батбаяр кёкүшюүзаан энэ удаагийн сонгуулиар УИХ гишүүнээр сонгогдлоо. Хамт барилдаж байсны хувьд өөрийнхөө сэтгэглээс хуваалцна уу?

- Юуны өмнө дахин баяр хүргье гэж хэлмээр байна. Бид анхны сумочид нэг дээвэр доор багаасаа амьдарч нэг тогооноос олон жил хооллож ирсэн. 2 жилийн өмнө Батбаяр маань эрүүл мэндийн байдлаас шалтгаалан зодог тайлсан, уг нь одоо ч хүртэл барилдаж байх хүч чадал байсан болов уу даа. Энхбат маань өнгөрсөн жил зодог тайлсан. Бид байнга холбоотой байдаг.
Хүн бүрийн зорилго амьдрал өөр, миний найз нар хэн нь чиг ялгаагүй сайн сайхан яваасай байгаасай гэж жирийн хүмүүсийн нэгэн адил би боддог. Батбаяр надад сонгуульд нэрээ дэвшүүлнэ гэж ярьж байсан л даа. Харин аль намаас нэр дэвшүүлэх хүсэлт гаргах зэргээ тодорхой хэлээгүй өндөр хариуцлагатай ажилд амжилттай ажиллана гэдэгт итгэж байна, ард нь олон түмэн харж байгаа шүү дээ.

- Жилийн өмнөх Нагояагийн барилдаанд жюүрёо тойрогт барилдаж байсан энэ жил макүну үчи тойрогт зодоглож байна сумо сонирхоч монголчууд маань өөрийн чинь жюүрёод унасан талаар янз бүрийн oйлголттой байдаг. Энэ талаар тодруулж яриач.
 
- Товчхон хэлэхэд өнгөрсөн жил нагояагийн барилдаанд жюүрёод барилдсан шалгтгаан өөрөөс минь болсон болов уу сумогийн холбооны дүрэмд бөх машин барихыг хориглосон байдаг юм л даа, манайхан монголоос ирээд угтаж авч буулгачихаад гэрэлэн дохио дээр зогсож байгаад тормосноос хөлөө салгатал том машин энгергээрээ хөдлөөд өмнө байсан машины ардаас үл мэдэгдэх төдий л тулсан, би ч тормосоо хурдан гишигэсэн хүн болон машины гэмтэл сэв юуч гараагүй л дээ. Үүний өмнө манай Сумогийн Холбоонд иймэрхүү асуудал гараад манай багш холбооны тэргүүлэгч гишүүний хувьд зөрчил гаргасан нөхөрт нэлээн хүндхэн шийтгэл өгсөн юм билээ л дээ, түүний дараахан би орооцолдсон юм даа, холбооны тэргүүлэгчид миний асуудлыг хөнгөн гэж үзсэн ч багш маань үл зөвшөөрч би бүтэн 1 сар барилдах эрхээ хасуулж гэр дэвжээний хорионд орсон, тэгээд л чансаа унаад жюүрёо руу ниссэн дээ. Үнэн гэвэл ийм л байна даа.
Арми байлдагчаас эхэлдэг гэдэг, бөх гэвэл цолтой цолгүй хамаарахгүй тогтмол барилдаж байгаа хүн тус бүрээс, ниийгэм ч ялгаагүй хувь хүнээс, өрх гэр бүлээс бүрэлдэн тогтдог юм байна гэдгийг надад 16 жилийн сумогийн амьдрал ойлгуулсан.
Өнгөрсөн 16 жил бидэнд их зүйлийг өгсөн гэж боддог.
Биднийг үдэж итгэл найдвараа тавьсан та бүхэндээ бид 6 лаа биш 33 лаа тэгэхдээ 2 талын жигүүрийг монгол аваргууд тэргүүлж эх нутагтаа барилдахаар очно. Анх биднийг үдэн гаргаж үнэтэй сургамжаа хайрласан олон сайхан буурлууд, ах, эгч нар минь өнгнөрсөн он жилүүдэд хорвоогийн мөнх бусыг үзүүлж биднээс салан одсон ч бидний зүрэх сэтгэл хамт байгаа гэдгийг үр, ач нарт нь хэлмээр байна. Эрүүл саруул байгаа ах, эгч, буурлууддаа аж жаргалыг ерөөе, бид удахгүй монгол доо уулзана.

- Барилдааны дундуур ярилцсан танд баярлалаа амжилт хүсье.

- Зүгээрээ Таньд ч бас баярлалаа.

Ярилцсан В.Даваа
2008.7.17 Нагояа, Япон

Цахим Өртөө Сүлжээнд элсэх

  • Өртөөний сүлжээнд элсэх

tsahim_urtuuХэрэв та Монгол Туургатны Цахим Өртөө Сүлжээнд элсэхийг хүсвэл: http://groups.google.com/group/tsahim-urtuu-suljee хаягаар зочилж маш хялбархан бүртгүүлж болно. Та Гүүгл суурьт энэхүү сүлжээнд имэйлээ бүртгүүлснээр манай сүлжээний гишүүн болно.

 

Image Temp

Энэ хуудас нь Цахим Өртөө сүлжээний нийт гишүүдийн хамтын бүтээл байх бөгөөд ажил хэргийн санал болгоныг вэбийн хамтлаг тухай бүр нь тусган энэ хуудсанд оруулж байх болно. Хамтран ажиллаж буй, ажиллахаар зэхэж буй таньд баярлалаа.

Newsletter