Баруун Европын багуудыг балиашигладаг

Их намын ерөнхий нарийн бичгийн дарга, хуульч Э.Батбаярыг “Спортод элэгтэй хүн” буландаа урилаа.

-Гадаадад буй монголчуудын хамгийн их зочилдог вэб сайтуудын нэг бол www.tsahimurtuu.mn билээ. Таныг энэ сайтын спортын буланг эрхлэн явуулдаг байсан гэж сонссон...
-Миний бие 2002-2005 оны хооронд Кубаны их сургуульд аспирантурт суралцаж байсан юм. Тэр үед хичээлийнхээ чөлөө заваар www.tsahimurtuu.mn вэбийн спортын буланг хөтөлдөг байлаа. Крикетээс бусад бүх спортын талаар л бичдэг томоохон спортын булан байсан шүү. Ялангуяа сүмог өдөр өдрөөр нь тоймлож нийтэлдэг байсан. Тэр үед ямар одоогийнх шиг шууд интернэтээс татаад үзчих боломж байсан биш. Тийм ч болоод тэр үү манай сайтад гадаадад байгаа монголчууд их ханддаг байсан. Хамтран бичигчид гэвэл “Таван цагариг” сонины АНУ дахь сурвалжлагч Ц.Энхтүвшин, Япон дахь сурвалжлагч М.Сугар-Эрдэнэ, Англи дахь сурвалжлагч Б.Цагаанбаатар болон Батбаяр, Баянмонгол, Д.Цэрэнбат, “Спортын цонх”-ын Л.Олонбаяр нарын залуус байсан.

-Харамсалтай нь тус сайтын үйл ажиллагаа сүүлийн үед зогсонги байдалд орчихоод байгаа?
-Тийм ээ, амьд биш болсон. Энхтүвшин, Сугар-Эрдэнэ нар л хааяа нэг юм бичих төдий байгаа. Миний хувьд гэвэл ажил их, цаг зав муутай болсон. Долоо хоногтоо арай гэж ганц мэдээ бичиж байх шив.

-Ингэхэд спорттой хэрхэн холбогдсон тухайгаа сонирхуулаач. Ямар спортоор хичээллэж хэр зэрэг амжилт гаргаж байв даа?
-Багадаа спортын гимнастик, уран сайхны гимнастикаар хичээллэж байсан. Харин дунд ангидаа “Варьете” чуулгын байранд Н.Бүргэдаа багшийн хичээллүүлдэг чөлөөтийн секцэнд явдаг байлаа. Бас жүдо барилдаад хүртэл авсан. Манай 6-р сургууль хэзээнээс улсдаа хөлбөмбөгөөр гайгүйд тооцогддог. Тийм учраас хоккей, хөлбөмбөг их тоглоно. Гэхдээ хичээл номоо ч орхигдуулдаггүй байсан болохоор хөлбөмбөгийн тэмцээн уралдаанд орохоосоо илүү физик, математикийн олимпиад гээд явчихна. Нээрээ 8-14 нас хүртлээ зуныхаа амралтыг Гачууртад өнгөрөөж, хурдны морь унасан юм байна. Төрсөн дүү Хосбаяр маань 1987 оны улсын наадамд унасан даагаа гуравт хурдлуулж байсан удаатай.

-MN-25 дугаар сувгийн “Хет-трик” нэвтрүүлэгт аман хүзүүдэж байсан санагдана?
-25 дугаар сувгийн спортын нэвтрүүлэгч Э.Энхтөр “Хет-трик” хэмээх спортын асуулт хариултын нэвтрүүлгийг 1998 оноос хийж эхэлсэн юм. Их сургуулийнхаа хоёр найзыг аваад нэвтрүүлэгт орлоо. Олон үе шатыг давсаар хамгийн сүүлд “Таван цагариг” сонин, Монголын волейболын холбооны багтай шигшээ тэмцээнд тунаж үлдсэн. Аваргын төлөө “Таван цагариг” сонины багт ганцхан оноогоор ялагдсан юм.

-Гэрт чинь спортын сонин, сэтгүүл овоолгоостой байдаг байлгүй?
-Оросын “Советский спорт”, Унгарын “Штадион” зэрэг сэтгүүл, сонинг боломжийнхоо хэрээр цуглуулдаг байсан. Даанч арван жилийн хүүхдэд мөнгө хаанаас байнга олдоод байх билээ дээ.
Харин “Таван цагариг” сониныг анх 1995 онд гарахаас нь цуглуулж эхэлсэн. Гэвч заримдаа гадагшаа явахад цуглуулахад хүндрэлтэй болдог. Дээр нь хүмүүс гуйж аваад буцааж өгөхгүй.

-Хөлбөмбөгийн ДАШТ-ийг хэзээнээс эхлэн үзэв. Хаанахыг дэмждэг вэ?
-1986 оны Мексикийн дэлхийн аваргаас хойш тасралтгүй үзсэн. Ялангуяа 1988 оны Европын аваргыг анх удаагаа шууд үзсэн маань санаанаас гардаггүй. Английн шигшээ багийг хорь гаруй жил балиашиглаж байна. Харамсалтай нь хайртай баг маань намайг ганц ч удаа баярлуулсангүй дээ. Уг нь Английн шигшээ үеийн үед л сайн бүрэлдэхүүнтэй байсаар ирсэн. 80-аад оны сүүлчээр Гари Линекер, 90-ээд оны дунд үеэс Алан Ширер, хожим Майкл Оуэн, Дэвид Бекхэм нар гарч ирсэн. Клубийн хувьд “Ливерпуль”-ийг дэмждэг.

-Таны сүмогийн маш гүнзгий мэдлэгтэй гэж сонссон?
-Анх NHK-гээр гарахаас нь эхлээд үзсэн. Сүмогийн талаар олон нийтлэл бичиж байсан шүү. Сүмо гэснээс үүнтэй холбогдуулаад Монголын спорт, үндэсний бөхийн талаарх бодлоо хэлмээр байна. Үндэсний бөх дүрмээ өөрчлөхгүй бол болохгүй нь. Хүмүүс монгол бөхийг спорт уу, зугаа цэнгэл наадам уу гэдгийг нь мэдэхээ больсон. Одоо үндэсний бөхийг 3-4 цагаар үзээд суудаг завтай хүн алга болж. Сүмог шиг олон улсын тавцанд гарах гэж оролдох нь ч хаашаа юм. Гэхдээ гадаадынхныг барилдуулдаггүй юмаа гэхэд монгол гарал угсаатай үндэстнүүдийг яагаад наадамдаа барилдуулж болохгүй гэж. Дээхэн үед Тувагийн А.Монгушийг хавчсаар байгаад барилдуулаагүй.

Харин бокс, жүдо, чөлөөт бөхийнхний менежмент гайгүй болоод байгаад баярлаж сууна. Нэг хэсэг болсон болоогүй улс төрчдийг ерөнхийлөгчөөрөө сонгож, үндэсний бөхөөр амжилт гаргаж байсан ахмадуудаар шигшээгээ удирдуулж байсан. Гэтэл өнөөдөр эдгээр холбоодыг сайн менежер удирдаж байна. Ингэж байж л спорт хөгждөг жамтай.

Ингэснээр боксчид маань сүүлийн үеийн түүхэндээ хамгийн олон буюу дөрвөн олимпийн эрхийг авлаа. Ер манай тамирчид олимпийн наадамд оролцох эрх олгодог болсноос хойш хамгийн олон хүний бүрэлдэхүүнтэйгээр “Бээжин-2008”-д оролцоно гэж бодож байгаа.

-Тамирчдаас дотно нөхөрлөдөг хүмүүс бий юу?
-Тамирчид гэхээсээ спортын сэтгүүлчидтэй их ойр дотно байсан. Нэг хороололд өссөн болоод ч тэр үү боксын Д.Лхагва, Ж.Наранцогт нартай сайн найзууд. Лхагва боксын дэлхийн аварга цолыг хоёр ч удаа хүртэж, монгол хүн мэргэжлийн спортод ямархуу амжилт үзүүлж болохыг анх мэдрүүлсэн том гавьяатай хүн гэж боддог.

-Та Улсын их хуралд нэр дэвшинэ. Спортын талаар мөрийн хөтөлбөртөө тусгасан уу?
-Тэгэлгүй яахав. Ялангуяа нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх талаар төлөвлөгөө оруулсан. Барууных шиг спорт өөрөө өөрийгөө санхүүжүүлдэг системтэй болох хэрэгтэй. Манайд байдал ямар байна вэ гэвэл нэг тэмцээн зохиох гэж аж ахуйн нэгж, компаниудыг царайчилдаг. Эцсийн эцэст үнэгүй юм гэдэг түүн шигээ л чанартай байдаг. Одоо гадаадад 200 мянга орчим монголчууд аж төрж байна. Тэдний үр хүүхдүүд зөв орчинд, зөв системээр хичээллэвэл ирээдүйд “Манчестер Юнайтед”, “Милан”-д тоглох тамирчид гарч ирэхийг үгүйсгэх аргагүй. Үүний тод жишээ бол сүмочид.

-Шүтэн биширдэг тамирчин гэвэл?
-Хөлбөмбөгчдөөс алдарт Гари Линекер миний шүтээн. Хэрэгтэй үед чухал газарт байж чаддаг жинхэнэ довтлогч хүнд байх ёстой чанарыг тэрбээр эзэмшсэн. Мөн Л.Армстронг, М.Шумахер байна. Тэдний ямархуу агуу тамирчид болохыг спорт сонирхогчид надаар хэлүүлэлтгүй мэдэж байгаа биз ээ. Монголынхоо тамирчдаас Асашёорюү Д.Дагвадорж, Х.Цагаанбаатар нарыг хүндэлдэг. Тамирчин хүнд зайлшгүй байх ёстой дайчин чанарыг эзэмшсэнээрээ тэд ийм өндөр амжилт гаргаж байна. Авьяаслаг хүн зөндөө ч дайчин чанар, зориггүйгээр хол явдаггүй. Манай чөлөөтийнхөн дээр жишээ авахад л тэд Оросын юм уу хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан орны бөхчүүдтэй таарахаараа шалчийчихдаг. Сая гэхэд л Ч.Ганзориг олимпийн эрх авах сайхан боломжоо алдсанд харамсаж сууна. Хятадын бөхийг 5:0-ээр хожиж явж байгаад дийлдэх гэж дээ. Энэ бол ялах хүсэл эрмэлзэл дутагдсантай л холбоотой. Том мөрөөдөлтэй байж том амжилт гаргана шүү дээ.

-Ямар ямар томоохон тэмцээнийг амьдаар нь үзэж байв даа?
-1996 оны Европын АШТ-д ОХУ-Германы тоглолтыг үзэх завшаан тохиож байлаа. Германчууд бараг 1990 оны ДАШТ-д түрүүлсэн бүрэлдэхүүнээрээ байсан бөгөөд оросуудыг 3:0-ээр хожиж билээ. Би ч угаасаа баруун Европын багуудыг балиашигладаг болохоор эхний гоол ороход баярласандаа маш чангаар хашгирчихсан. Гэтэл баахан оросуудын дунд суучихсан байж. Араас өшиглөж байна шүү. Дараагийн хоёр гоол ороход нь өшиглүүлэхээс айгаад чанга дуугаар хашгираагүй, дотроо л баярлаж билээ.

-Бээжингийн олимпийг үзэхээр төлөвлөсөн байлгүй?
-Үзнэ ээ. Ийм боломж монголчуудад ахиж гарахгүй байх шүү. Тамирчдын хувьд цагийн зөрүү, цаг агаар таарсангүй гэж шалтаглах ямар ч боломжгүй. Гадаадын зарим орнууд хүртэл олимпийн бэлтгэлээ танайд хийе гэж санал тавиад байна шүү дээ.

Танд баярлалаа.