244-р сар2019

Cонгуулийн эрх бол сонгуулийн тогтолцооноос үл хамаарч шийдэгдэх учиртай

Гадаадад суугаа Монголчуудын сонгуулийн эрхийн асуудалтай холбогдуулж 2004 оноос хойш Цахим Өртөө сүлжээгээр саналаа илэрхийлж, Цахим Өртөө Холбооны гүйцэтгэх захирал байх үедээ Сонгуулийн хуульд уг эрхийг хангах заалтыг оруулахад хүчин зүтгэж ажилласан өдгөө Иргэний Хөдөлгөөн Намын ерөнхий нарийн бичгийн даргын хувьд намынхаа бодлогодоо ч энэ асуудлыг тусгаж буй Э.Батбаяр анд, иргэн Данзанноровын хамтаар Монгол улсын Үндсэн хуулийн Цэцэд хандан сарын өмнө 2007 оны 12 сарын 26-нд УИХ-аас баталсан Сонгуулийн тухай хуульд уг хуулинд 2005 оны 12 сарын 29-нд нэмэгдэж орсон гадаадад суугаа Монголчуудын Сонгуулийн эрхтэй холбоотой заалтуудыг хүчингүй болгосныг эсэргүүцэж өргөдөл гаргасан байна.  Өргөдлийнхөө хариуг ч цэцээс авч. Энэ сэдвээр эрхэм андтай хууч хөөрлөө


Сайхан хаваржиж байна уу? Та Гадаадад буй Монголчуудын сонгуулийн эрхийг эдлүүлэх чиглэлээр цөөнгүй жил ажиллаа. 2005 оны 12 сард батлагдсан Сонгуулийн хуульд энэ заалтыг оруулахад хичээл зүтгэл гаргасаныг тань сайн санаж байна. Гэтэл тэдгээр заалт сая эргээд хуулиас хасагдчихлаа.

Юуны өмнө цахим өртөө сүлжээний нийт гишүүд болон гадаадад байгаа монголчууддаа энэ өдрийн мэндийг хүргэе.

Гадаадад амьдарч байгаа Монголчуудын сонгуулийн эрхтэй холбоотой асуудал анх Монгол туургатны цаxим өртөө сүлжээ байгуулагдсан 1999 оноос нилээд түлхүү яригдаж эхэлсэн гэж боддог. Тухайн үед дэлхийн өнцөг булан бүрт амьдарч ажиллаж сурч боловсорч байсан монголчууд цахим өртөө сүлжээгээр дамжуулан сонгуулийн эрхийн талаар өөрсдийн санал бодлоо илэрхийлж, мөн Монголчууд олноор суурьшдаг улс орнуудад Монгол Улсын төрийн өндөр албан тушаалтнууд айлчлах хүрээнд энэхүү сонгуулийн эрх болон давхар харьяатын асуудлыг шийдвэрлэх талаар тодорхой асуултууд тавьж шийдвэрлүүлэх хүсэлтээ удаа дараа хүргэж ирсэн.

2004 оны сонгуулийн дараа парламентад суудалтай улс төрийн намууд УИХ-ын сонгуулийн хуулийг өөрчлөх талаар зөвшилцөлд хүрч хуулийн төсөл боловсруулах ажлын хэсгийг байгуулснаар гадаадад байгаа Монголчуудын сонгуулийн эрхийг баталгаажуулсан заалтыг уг хуулийн төсөлд оруулах нэгэн боломж гарсан.

Энэ ч хүрээнд цахим өртөө сүлжээний гишүүд, дөнгөж байгуулагдаад байсан “Цахим Өртөө Холбоо” ТББ- нь гадаадад байгаа Монголчуудын сонгуулийн эрхийг баталгаажуулахтай холбогдсон нийтлэлүүд, бусад улс орнуудын туршлага зэргийг хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр дамжуулан хуулийн төсөл боловсруулах ажлын хэсэгт хүргүүлж, олон бодитой ажил өрнүүлсний хүчинд 2005 оны 12 сард батлагдсан “УИХ-ын сонгуулийн тухай хуульд” уг эрхийг баталгаажуулсан юм.

Харамсалтай хууль тогтоогчид маань хоёрхон жилийн өмнө оруулсан саналаасаа ухарч өнгөрсөн шинэ жилийн үеэр хулгайн, хуйвалдааны аргаар гадаадад байгаа Монголчуудын саналын эрхийг хүчингүй болголоо.

Бид ийм л увайгүй улс төрчдийг, ийм л улс төрийн хүчнийг сонгосон байна даа.

УИХ-ийн шийдвэрийг эсэргүүцэж Цэцэд хандан гаргасан өргөдлийг тань Цахим Өртөөнөөс уншиж байсан. Юуны өмнө энэ асуудлыг орхилгүй иргэнийхээ хувьд эрхээ эдлэн үргэлжлүүлж буйд гадаадад суугаа эрхээ эдэлж чадахгүй яваа иргэдийнхээ өмнөөс танд талархая. Цэцээс нааштай хариу ирнэ гэж хүлээж байв уу?

Нэгэнт УИХ-аас хууль баталсны дараа түүнд Ерөнхийлөгчөөс хэсэгчлэн болон бүхэлд нь хориг тавих, иргэдийн хувьд Үндсэн хуулийн цэцэд хандах гэсэн хоёр л аргаар тухайн хуулийг үйлчлэлийг зогсоох боломжтой. Ерөнхийлөгчийн хувьд зөвхөн эмэгтэйчүүдийн квотын асуудал дээр л хориг тавьсан болохоор хоёр дахь зам л үлдсэн.

УИХ-ын гишүүн З.Энхболд, Нямсүрэн нарын өргөн барьж батлуулсан “УИХ-ын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” хууль нь Үндсэн хуулийн холбогдох хэд хэдэн заалт, Монгол улсын нэгдэн орсон олон улсын гэрээ, конвенцуудыг илтэд зөрчсөн тодорхой тул цэцээс маргаан үүсгэж шийдвэрлэх байх гэсэн хатуу итгэлтэй байсан.

Гэтэл маргаан үүсгэх боломжгүй гэсэн цэцийн гишүүний тогтоол гарсан.

Нэг зүйлийг нэмж хэлэхэд Цэц бол Үндсэн хуулийн хяналтыг хэрэгжүүлдэг шүүх мөн. Үүнийг манай ихэнх эрдэмтэн судлаачид хүлээн зөвшөөрдөг. Өөрөөр хэлбэл хэнээс хараат бус байх ёстой. Харамсалтай цэц өнөөдөр улс төрийн хувьд хараат байгууллага болсон байна. Яагаад гэхээр тэнд мэргэжлийн хуульчид биш улс төрийн аль нэг нам хүчинд насаараа харьяалагдаж явсан улс төрчдөөс бүрэлддэг болсон явдал.

Би энд нэг жишээ татаж хэлэхэд 19-р зууны сүүлчээр АНУ-ын үндсэн хуулийн хяналтыг хэрэгжүүлдэг Дээд шүүхийг тухайн үеийн судлаачид, хэвлэл мэдээллийнхэн улс төрчдийн морг гэж нэрлэж байсан.

Юу гэсэн үг вэ гэхээр тэр үеийн АНУ-ийн Дээд шүүхийн шүүгчдээр тус улсын ерөнхийлөгч байгаад буусан, сонгуульд ялагдсан, эсхүл тэтгэвэртэй гарсан сенатын болон конгрессийн гишүүдээр дүүрсэн тул тэгэж хочлогдох болсон гэдэг. Тэгвэл манай өнөөдрийн цэц яг л ийм болчихоод байна даа.

Цаашид хэрхэх бодолтой байна. Цэцэд эргэж зарга мэдүүлэх үү

Мэдээж дахин гомдол гаргана. Хэрхэн гомдол гаргах талаараа хамт өргөдөл гаргасан Данзанноров болон, “Цахим өртөө холбоо” ТББ-ын хуулийн хэсгийн гишүүдтэйгээ санал солилцож байна.

Та бүхэн цэцээс ямар хариу өгснийг мэдэж байгаа. Үнэхээр хуулийн ямарч үндэслэлгүй хариу өгсөн. Арга ч үгүй байх л даа бидний  өргөдлийг хууль биш хүн хянасан юм чинь. Цэц шүүх л юм бол тэнд шүүгч хүн байх ёстой. Шүүгч хүн бол хуульч байх ёстой.

Жолоочоор барилга бариулж, багшаар мэс засал хийлгэдэггүй биз дээ.

Энэ хэрэг эцэслэн шийдвэрлэгдээгүй болохоор ингээд орхий доо. Цэцийн баг суудлын хуралдаан арай өөр болно гэдэгт найдаж байна.

Пропорциналь системээр сонгууль явагддаг болвол асуудал эрх зүйн хувьд төвөг багатай шийдэгдэх боломжтой гэж ярьдаг.  

Тийм шүү, хэрэв АН түүний дарга Ц.Элбэгдорж 16 жил баримталсан зорилго зарчмаасаа ухраагүй пропорцианаль тогтолцоогоор сонгуулийн хуулийг баталсан бол шийдэгдэхэд илүү хялбар байсан.

Гэхдээ сонгуулийн эрх бол ямар сонгуулийн тогтолцооноос үл хамаарч шийдэгдэх учиртай Үндсэн хуулийн, хүний эрх, эрх чөлөөтэй холбоотой тул ямарч хууль байсан хэрэгжих учиртай.

Ерөнхийлөгчийн сонгуульд гадаадад суугаа Монголчууд оролцоход эрх зүйн нэмэлт зохицуулалт хэрэгтэй юу?

Монгол улсын ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах замаар гадаадад байгаа Монголчуудын сонгуулийн эрхийг баталгаажуулсан заалт оруулж болно. Мөн хууль тогтоогчдын асуудал. Нэг зүйлийг сонирхуулахад Монгол улсын ерөнхийлөгчийг нийт ард түмнээс сонгодог боловч, УИХ эцэслэн шийдвэрлэж бүрэн эрхийг эрхийг хүлээн зөвшөөрдөг 2 шатны сонгуультай.

Амьдрал дээр тийм зүйл гардагч үгүй ч сонгогчдын дийлэнх олонхийн саналыг авсан ерөнхийлөгчид нэр дэвшигчийн бүрэн эрхийг УИХ хүлээн зөвшөөрөхгүй байх бүрэн боломжтой.

Гадаадад суугаа Монголчуудын сонгуулийг эрхийг эдлүүлэх асуудал Танай намын бодлого мөрийн хөтөлбөрт тусгалаа олж буй гэж ойлгож буй. Яг юу гэж тусгав?

Манай намыг үүсгэн байгуулагчдын дунд гадаадад боловсрол эзэмшсэн залуучууд олон байдаг. Манай намын мөрийн хөтөлбөрт гадаадад байгаа Монголчуудын эрхийг баталгаажуулах, тэдний нийгмийн асуудлыг шийдвэх, өндөр хөгжилтэй улс орнуудад мэргэжилтэй боловсон хүчнийг сургах гэсэн хэд хэдэн тодорхой асуудлууд орсон байгаа.

Тухайлбал манай намын “Иргэний эрх” мөрийн хөтөлбөрийн сонгуулийн тогтолцооны хүрээнд хийх шинэчлэлийн бодлогод УИХ-ын сонгуулийг улс төрийн нам хөдөлгөөнүүдийн тэгш оролцоог хангасан, сонгуулийн хувь тэнцүүлсэн буюу пропорциональ тогтолцоогоор явуулах, Гадаадад ажиллаж, сурч, амьдарч буй Монголчуудын сонгох, сонгогдох эрхийг баталгаажуулах” гэсэн тодорхой заалтыг тусгасан.

Ер нь гадаадад байгаа Монголчууд бол Монгол Улсын эдийн засаг, соёл боловсрол шинжлэх ухааны салбарт гол оролцогч, хөгжүүлэгч гэж бид ойлгодог. Энэ утгаараа улс төрийн салбарын гол оролцогч байх ёстой. Тэд бол ходоодоороо биш толгойгоороо улс орон, эх эцэг, эхнэр хүүхдийнхээ ирээдүйн төлөө сонголтоо хийдэг сонгогчид тул өнөөдрийн эрх баригч улс төрийн хүчнүүд болох МАХН, АН тэдний саналаас айдаг юм.

Танд баярлалаа.  Ажил үйлсэд тань амжилт хүсэе!

Хөөрөлдсөн Д.Цэрэнбат, Их Британиас

Цахим Өртөө Сүлжээнд элсэх

  • Өртөөний сүлжээнд элсэх

tsahim_urtuuХэрэв та Монгол Туургатны Цахим Өртөө Сүлжээнд элсэхийг хүсвэл: http://groups.google.com/group/tsahim-urtuu-suljee хаягаар зочилж маш хялбархан бүртгүүлж болно. Та Гүүгл суурьт энэхүү сүлжээнд имэйлээ бүртгүүлснээр манай сүлжээний гишүүн болно.

 

Image Temp

Энэ хуудас нь Цахим Өртөө сүлжээний нийт гишүүдийн хамтын бүтээл байх бөгөөд ажил хэргийн санал болгоныг вэбийн хамтлаг тухай бүр нь тусган энэ хуудсанд оруулж байх болно. Хамтран ажиллаж буй, ажиллахаар зэхэж буй таньд баярлалаа.

Newsletter