214-р сар2019

2008 онд Ховдын сонгогчид хэнийх нь хацрыг үнсэж, хэнийх нь хонгыг хорсгох бол

“Болор толь” судалгааны төвийн захирал Г. Отгонрагчаатай цаг үеийн сэдвээр сонирхолтой ярилцлага хийлээ.

 

-Байгууллагынхаа талаар товч мэдээлэл өгнө үү?

-Манай байгууллага 2004 оноос эхлэн бизнес, улс төрийн чиглэлд судалгаа, шинжилгээ, төлөвлөлт хийн ажиллаж байна. Бидний хийж байгаа ажлуудаас илүү сонирхол татам байж болох нь тойрог, сонгогчдын төрх байдлыг тодруулах судалгаа. Хуучин болоод шинээр батлагдсан УИХ-ын сонгуулийн хууль, мөн сая өргөн баригдсан хуулийн төслийн үзэл санаанд нийцүүлсэн байдлаар уг судалгааг дахин энэ намар баруун бүсээс авлаа.

-УИХ-ын сонгуулийн хууль, өргөн баригдсан хуулийн төсөлтэй нийцүүлсэн байдлаар гэж ярилаа, үүнийгээ тодруулахгүй юу?

-За, хуучин хуулиар /Их Хурлын сонгуулийн хууль шүү/ 76 тойрог, 1 сонгогч нэг саналын эрхтэй байсан. Шинэ батлагдсан хуулиар олон мандаттай тойрог, 1 сонгогч 1-ээс дээш хүн амын тоотой харгалзуулан хэд хэдэн саналын эрхтэй байхаар тогтсон бол, өргөн баригдсан хуулийн төсөл пропорциональ буюу 1 тойрог, 1 сонгогч 1 санал мөртлөө нэр дэвшигчид нь биш намд нь саналаа өгнө.  Тэгэхээр дээрх хуулиуд болоод хуулийн төслийн концепцийг барьж судалгаа хийгдсэн ба 2008 оны УИХ-ын сонгуулийн урьдчилсан Прогнозыг аль ч тохиолдлоор нь харьцуулан харж болно.

-  Сонирхолтой л юм. Судалгаа ямар шатандаа яваа вэ?

-Хэзээний тэмцэгч ард түмэн Ховдын сонгогчид хэнийх нь хацрыг үнсэж, хэнийх нь хонгыг хорсгох нь мэдээж сонин… Бидний нэг хэсэг тэнд ажиллаж бас аж төрж байна. Мөн улс төрийн нам, хүчнүүдийн харьцаа, нэр дэвшигчдийн рейтинг гээд олон зүйл таны сонирхлыг өдөөж байгаа байх. УИХ-ын сонгуулийн хуучин хуулиар 42, 43, 44 гэж байсан 3 тойргийн сонгогчдыг 95.4 хувийн итгэлтэй төлөөлөх чадвар бүхий нийт 1200 хүнийг судалгаанд хамруулсан.

-Судалгааны үр дүнгээс сонирхуулаач?

-Одоогоор Ховдчуудын 13 хувь нь амжиргааны сайн нөхцөлд, 30 хувь нь дундуур түвшинд, 40 хувь нь өдөр тутмын хэрэгцээгээ л дөнгөж хангадаг бол 17 хувь нь өдөр тутмын хэрэгцээгээ ч хангах чадваргүй аж төрж байна. Аймгийн иргэдийн үнэмлэхүй хувь /62 хувь/ нь өнөөгийн улс төрийн нөхцөл байдлыг хямралтай хүнд байдалд байна хэмээн үзжээ. Мэдээж улс орны нөхцөл байдлыг шийдвэрлэх бодлогын түвшинд алдаа дутагдал байгаа нь амьдралд шууд нөлөөлж байгааг харуулж байгаа юм. Харин 23 хувь нь дүгнэлт өгөхөөс татгалзсан бол 10 хувь нь тогтуун байна, ердөө 3 хувь нь л сайн гэсэн хариулт өгч байна.

-Судалгаанаас 2008 оны сонгуулийн урьдчилсан прогнозыг харж болох уу?

-Судалгааны нэг хэсэг нь таны асуултын хариултыг тов тодорхой өгөхөд чиглэсэн. Юун түрүүн сонгуулийн ирц ямар байх тухайд 2008 оны УИХ-ын сонгуульд Ховд аймгийн сонгуулийн насанд хүрсэн иргэдийн 75 хувь нь оролцож саналаа өгнө хэмээн хариулсан бол 21 хувь нь шийдээгүй байна, 3 хувь нь оролцохгүй хэмээн хариулсан. 2008 оныг угтаж улс төрийн намуудын Ховд аймаг дахь ерөнхий рейтингийг тогтоовол дараах байдалтай байна. АН 36,6 хувь, МАХН 27,0 хувь, АТН 3,1 хувь, ИЗН 2,1 хувь, ЭОН 1.8 хувь, Иргэний байгууллага хөдөлгөөнүүд 1.8, БНН 1.6 хувь, Бие даагч 1.2, ҮШН 0.9 хувийн рейтингтэй байна. Хамгийн өндөр рейтингтэй байгаа хоёр намыг хуучин тойргоор нь харьцуулан харуулвал: 42-р тойрог дээр АН 35 хувь, МАХН 33 хувь, 43-р тойрог дээр АН 41 хувь, МАХН 34 хувь, 44-р тойрог дээр АН 45 хувь, МАХН 28 хувьтай гарчээ. Эндээс тойрог тус бүр дээр Ардчилсан намын ерөнхий рейтинг өндөр байгааг харж болохоор байна.

-  Өмнө явагдсан УИХ-ын сонгуулиудад МАХН байнгын ялалт байгуулж байсан, нэг ёсондоо улаан тойрог. Харин энэ судалгаагаар өөр дүр зураг харагдаж байна. Энэ юутай холбоотой бол?

-   Би өөрийн үзэл бодлыг хэлээд яахав, судалгааны дүнгээс л хэлчихье. Одоогийн УИХ-ын гишүүдийг дахин сонгохгүй хэмээн шийдсэн хүмүүс нийт сонгогчдын гурван хүн тутмын нэг нь байсан. Харин сонгоно хэмээн шийдсэн хүмүүс таван хүн тутмын хоёр нь байлаа. Тойргуудаар авч үзвэл 44-р тойргийнхон сонгосон УИХ-ын гишүүндээ илүү итгэл хүлээлгэж байсан. Дахин сонгохгүй хэмээн шийдсэн хүмүүсээс шалтгааныг нь тодруулахад хийсэн ажил байхгүй, амласандаа хүрдэггүй, ажлын туршлагагүй, намын харъяалал хэмээн туйлширдаг зэрэг асуудлуудыг дурдаж байсан.

-   Таниас одоо нэг зүйлийг лавлая. Намуудаас Ховд аймагт нэр дэвших магадлалтай хүмүүсийн рейтингийг тогтоов уу?  

-   Тиймээ, судалгаанаас олон зүйлийг харж болно. Ховд аймгийн нөхцөл байдал одоогийн байдлаа хадгалвал Ховд аймгаас 2008 онд УИХ-ын сонгуульд сонгогдох хамгийн өндөр магадлалтай нэр дэвшигчид нь 15,3 хувь Д.Дэмбэрэл /МАХН/, 13,4 хувь Н.Хүрэлсүх /АН/, гуравдагч нь 12,7 хувь Т.Лхагва /АН/, 9,5 хувь Л.Пүрэвдорж /МАХН/ нар байх боломжтой юм. Харин Ц.Дамиран /МАХН/, А.Баттөр /АН/, Б.Батболд /ЭОН/, И.Эрдэнэбаатар /ЭОН/ нар социологийн судалгааны мэдээллийг шинжлэх магадлалт статистик аргын үүднээс одоогийн байдлаар Ховд аймгаас гарах хэмжээний санал цуглуулж чадахааргүй байна. 

-  Одоо судалгаагаа орхиод таны үзэл бодлыг сонирхьё. 2008 оны УИХ-ын сонгуулийг тодорхойлж хэлвэл?

-  Аль ч цаг үед улс төрд орно, тогтвортой байна гэдэг хүч сорьсон, ухаан шалгасан ажил байдаг. Тиймээс өнөөгийн Монгол орны нийгэм-эдийн засаг, тойрог сонгогчдын үйл байдал ч энэ л үйл явцыг дахин давтана. Улс төрийн нам, хүчин, нэр дэвшигчдийн хувьд сонгуулийн компаний зөв стрөтеги, нөлөөлөл тогтоох хэмжээний санхүү, материаллаг зардал, хүний нөөц, боломжит хувилбар боловсруулах мэдээлэл, судалгаа, имиж бүтээх, маркетинг, PR, мессеж, реклам, сурталчилгаа зэрэг шийдвэрлэх ёстой олон олон ажлууд хүлээж байгаа. Төв нь улс төрийн чиглэлийн мэргэжлийн байгууллага учраас монголын улс төрийн амьдралд амтагдах төдий буй шинэ сортын сайн чанарын бүтээгдэхүүнүүдийг санал болгож байна.Үр ашигтай байдлыг хангая гэхээр тэгш байдал алдагддаг, тэгш байдлыг хангая гэхээр үр ашиг буурах гээд байдаг. Тиймээс тэгш байдал, үр ашгийг хослуулья гэвэл судал, судал бас дахин судал. Ер нь хааны титэмд хүрдэг хууль нь улс төрийн шаардлага, хэрэгцээ, хүсэл сонирхолыг чанд мэдэрч, эрэлтийг хангахуйцаар ажиллах л явдал байдаг. Тэгвэл гуйж биш гуядаж сонгогдоход ойрхон байдаг.

Та баярлалаа. Та бүхний ажилд амжилт хүсье.

Цахим Өртөө Сүлжээнд элсэх

  • Өртөөний сүлжээнд элсэх

tsahim_urtuuХэрэв та Монгол Туургатны Цахим Өртөө Сүлжээнд элсэхийг хүсвэл: http://groups.google.com/group/tsahim-urtuu-suljee хаягаар зочилж маш хялбархан бүртгүүлж болно. Та Гүүгл суурьт энэхүү сүлжээнд имэйлээ бүртгүүлснээр манай сүлжээний гишүүн болно.

 

Image Temp

Энэ хуудас нь Цахим Өртөө сүлжээний нийт гишүүдийн хамтын бүтээл байх бөгөөд ажил хэргийн санал болгоныг вэбийн хамтлаг тухай бүр нь тусган энэ хуудсанд оруулж байх болно. Хамтран ажиллаж буй, ажиллахаар зэхэж буй таньд баярлалаа.

Newsletter