194-р сар2019

Японы монголч эрдэмтэн, Васеда их сургуулийн профессор Ёшида ЖЮНИЧИ лугаа уулзаж ярилцсан минь

Түүх судлаач, доктор О.Батсайхан
 
2005 оны 1 дүгээр сарын 19 ны өдөр 15 цагаас 18.30 минутийн хооронд Васеда их сургууль Ёшида багшийн өрөөнд тус сургуулийн залуу монголч эрдэмтэн, Ёшида багшийн шавь Тачибана сангийн хамтаар уулзав. Би монголоор ярьж, Тачибана сан орчуулж байв. Ёшида багш эдүгээ 64 настай, бөгөөд одоо Японы хууль ёсоор профессор хүн 70 нас хүртэл ажиллах эрхтэй байдаг тул даруй 6 жил ажилланаа гэж ярьж байлаа.
 
Монгол судлалыг хэрхэн сонгож авсан талаараа та ярина уу хэмээн асуухад
Ёшида багш; Тэр үед бид Мацүда Хисао багшийн даалгавраар Монгол судлалд орсон хэмээн тэрээр өөрийн багшийн талаар дурсан яриагаа эхэлсэн юм. Мацуда багш Төв Азийн түүхийн мэргэжлийн багш байсан. Тэр үеийн багш нар цаг хугацаа, газан нутгийн хувьд их өргөн сэдэв судалдаг байсан. Мацүда багш эртний цагийн Тэньшан нуурийн түүх газар зүйн судалгаа гэсэн сэдвээр докторын ажил хийсэн хүн. Уг ажилдаа тариачин болон нүүдэлчдийн харьцаа судалж тавьсан байна. Туркийн нүүдэлчдийн амьдралын тухай сайн судалгаа хийсэн хүн юмаа. Японы дунд болон ахлах ангийнханд зориулан түүхийн сурах бичиг бичсэн юм. Түүнээс гадна Азийн түүх хэмээх өргөн түүхийн ном бичсэн. Түүндээ Төв Азийн газар зүйн онцлогийн талаар бичсэн юм. Зөвхөн түүх биш, байгалийн онцлог (газар нутаг) хүнд ямар нөлөө үзүүлснийг судалсан юм.
Мацуда багш Дотоод Ази судлал (Inner Asia studies) сэтгүүлийг анхлан санаачлагч хүн юм. Миний багш Мацүда ”торго адууны харилцаа”(тариачин нүүдэлчдийн харилцаа) гэсэн нэр томьёо үүсгэсэн хүн бөгөөд үүгээрээ их алдаршсан нэр хүндтэй хүн байв.
 
Ешида багш аспирантурт орохдоо анх Зүүн Азийн орчин үеийн түүх судлах гэсэн бодолтой байжээ. Гэтэл багшийн лекцийг сонсоод түүнд татагдаж, эртний түүхийг судалдаг гэж огт бодохгүй орсон.
Дөрөвдүгээр сард Аспирантурт ороод тав, зургаа дугаар сард намайг багш Монголыг судлахгүй юу гэсэн.
Тэгэхэд багш 60 настай байсан. Би отгон шавь нь.
 
Мацүда багшийн шавь нарын дотор Турк болон өөр орнуудын түүхийн асуудал судалдаг хүмүүс байсан бөгөөд харин Монгол судлаач байхгүй байсан тул намайг Монгол судлал руу оруулсан байх. Багш маань шавь нараа адил сэдвээр судалгаа хийвэл хоорондоо маргалдах асуудал гарна гэж бодоод өөр өөр сэдэв судлуулахаар томилсон хэрэг байх.
 
 
Япон дахь Монгол судлалын үүсэл хөгжлийн талаар
 
Дэлхийн хоёрдугаар дайны өмнө Монгол судлал Японд их дэлгэрсэн юм. Гэвч дайны дараа Монгол судлалаар явах залуу хүмүүс байхгүй байсан. Дэлхийн хоёрдугаар дайн яг дуусахаас арай өмнө Монголыг судалж эхэлсэн хүмүүс бол Окада, Озава багш нар. (Окада багш Ешида багшаас 9 насаар ах бөгөөд 1931 онд төрсөн гэнэ. Ешида багш 1940 онд төрсөн.)
 
Дэлхийн хоёрдугаар дайны дараа Окада багш монгол судлалыг үргэлжлүүлье гэсэн бодолтой байсан байх.
 
Дайн дуусахад Мори Масао Монголын түүх судлахын зэрэгцээ эртний Турк судалдаг, Маеда Наонори Юань улсын түүх судалдаг байв.
1945 он болоход ямар ч гэсэн Монгол судлалыг хийе гэсэн бодолтой оюутнууд байсан хэрэг байх.
 
Харин Ешида багшийг Монгол судлалд ороход залуу монгол судлаач үгүй байсан ажээ. Ийм үед монгол судлалыг сонгон орсон япон хоёр залуугийн нэг нь Вакамацү Хироши (Ешида багшаас 2 насаар ах хүн гэнэ) Монголын Ойрадын түүх судалдаг. Одоо тэрээр Японы Монгол судлаачдийн нийгэмлэгийн ерөнхийлөгч ажээ.
Нөгөө нь Ешида багш байсан байна. Тэр үед бид хоёроос өөр залуу монгол судлаач байгаагүй юм шиг санагдаж байна хэмээн ярьж байв.
 
Токиогийн Гадаад хэлний их сургуульд монгол хэлний салбар байсан. Тэр сургуулийг төгссөн хүмүүсийн дотор Танака Кацухико (Ешида багшаас 7 насаар ах) гэдэг судлаач бий. Тэр хүн угсаатны зүйн юм уу хэлний хүн яг түүхийн хүн биш юм.
 
Осакагийн их сургуулийн монгол судлалын салбараас болохоор Онуки багш байсан. Онуки багш ч гэсэн яг түүхийн судалгаанаас эхэлсэн хүн биш талдаа, Монголын тухай хичээл зааж байсан боловч түүх рүү нарийн ороогүй юм.
 
Дэлхийн хоёрдугаар дайны дараа Монгол судлалын байдал иймэрхүү болсон байв. Гэхдээ монгол судлал яг байхгүй болоогүй, дайны өмнөхөөс бага ч гэсэн үргэлжлэл байсан.
Мацүда багш Монголын түүхийн талаарх судалгаа үгүйлэгдэж байгаа учраас намайг Монголын түүх судлах санал тавьсан.
 
Тэгэхэд нь Ешида багш инээгээд үгүй гэж хэлье гэж бодсон байна. Дотроо Монгол судлалд орно гэж бодоогүй тул үгүй гэж хэлтэл Мацүда багш загнасан гэнэ. Энэ бол 3, 4 долоо хонгийн дараа 2 дахь удаа болсон яриа. Тэгээд Монголын түүхийг судлая гэсэн ч хэл мэдэхгүй тул зуны амралтаар япон хэл дээрх Монголын Нууц Товчоо зохиолыг хоёр удаа уншсан байна.
 
Амралт дууссаны дараа Мацүда багш Ешида багшаас ямар ном амралтаараа уншсан бэ гэж асуухад нь Ешида багш Монголын нууц товчоо хэмээн хариулжээ. Тэгээд багш намайг манай нөхдийн дунд маш их магтсан юм. Тэгээд л монгол судлалд орсон юм аа. Мацүда багш Японы ерөнхий түүх судлалын байдалыг харж мэдэрч байгаад намайг Монгол судлалд ор гэсэн байхаа гэж бодож байна хэмээн хуучлав.
 
Дайны өмнө Японы Засгийн газар Монгол судлалд нөлөөлсөн үү хэмээн асуухад
Ешида багш;  Монгол судлал Японд хүчтэй байсан нь Японы Засгийн газрын бодлого Солонгос, Хятадыг Япон довтлоод түүний цаана Монгол байсан тул тэр үеийн судлаач нар улсын төлөө монгол судлалд хүчтэй орсон, Засгийн газар мөнгө өгдөг байсан хэрэг байх.
 
Харин улс төрийн бодлогоос ангид Японд Монголыг сонирхдог хүмүүс их байсан. Яагаад гэдгийг мэдэхгүй, сүүлд бүр Засгийн газрын бодлогоос гадна монголчуудын төлөө ажиллая, судлая гэсэн хүмүүс гарч ирсэн юм шүү хэмээн ярив.
 
Дайны өмнө ихэнх нь Засгийн газрын бодлогыг дагаж судалж байсан. Дайны дараа байдал өөр байсан юм. Дайны дараа судалгааны байдал өөрчлөгдсөн ч цэвэр сонирхлын дагуу судалгаа хийж байсан. Дэлхийд Монголын талаар судалгаа хийж байгаа эрдэмтэд Японд их байгаа гэдэг нь үнэн байна.
 
Монгол дахь Монгол судлалын талаар
 
Ешида багш Монголд социализмын үе байхад Монголын эртний түүх судалж байжээ. Харин 1990 оноос хойш буюу ардчиллын үед Монголын орчин үе ялангуяа мал аж ахуйн талаар судалгаа хийж байгаа тухайгаа өгүүлэв.
 
Монголд орчин үеийн түүхийн судалгаа гэдэг нь социализиын үед социализмын үзлээр хийж байсан нь онцлог болох байх.
Энэ байдал Өвөр Монголд ч мөн адил.
 
Түүхийн судалгаанд социализмын үзэл нөлөөлсөн нь материалыг үзэж байхад тэр үед социализмын үзэлд тааруулж судалгаа хйиж байсан явдал харагддаг. Харин Японд бол судалгааны ажил үүнээс өөр.
 
Японд ч гэсэн ямар нэгэн үзэл бодолд тааруулах гэсэн тийм судлаач байсан. Энэ нь зөвхөн Монголд байсан хэрэг бус. Идеологид тааруулах үүднээс түүхэнд хандах явдал газар сайгүй байсан.
 
Социализмын үеийн сөрөг тал юу вэ хэмээн асуухад
 
Тэрбээр хариулсан нь;
Хөгжилийн тухай үзэл хөгжлийг шат шатаар хөгждөг гэж үздэг. Энэ үзэл бол социализмын үзүүлсэн муу нөлөө байх, тухайлбал мал аж ахуйг хоцрогдсон гэж үздэг байв.
 
Мал аж ахуй хоцрогдсон гэж буруу ойлголт төрүүлсэн. Монголын голлох аж ахуй бол мал аж ахуй. Түүнийг хоцрогдсон гэж үзснээр Монголын түүхийг буруу ойлгоход хүргэсэн.
 
Одоо ч гэсэн энэ үзэл бас байна. Монголд ардчилал хөгжсөн болохоор энэ арай бага болсон байх. Харин Өвөр Монголд тийм судлаач нар байна.
Аж ахуй гэдэг нь нийгмийн системтэй холбоотой асуудал.
 
Мал аж ахуй хоцрогдлоо гэдэг бол цусны харилцаа хоцрогдсон гэж үзэх явдал, бүр улмаар хоцрогдсон нийгэм гэж үзэх санал, тал байгаа байх гэж бодож байна.
 
Энэ нь Монголын түүхийн судалгаанд хамгийн гол асуудал гэж бодож байна.
 
Одоо Японд нийгмийг хөгжинө гэж хэлэх хүн байхгүй, тэгэж хэлэхээс зайлсхийж буй.
Яагаад Монголд газар нутгийн өвөрмөц байдалд мал аж ахуй хөгжсөн бэ гэдэг талаар сүүлийн үед судалгаа хийж байна.
 
Тэр нийгэм гэдэг нь газрын онцлогоос болдог гэж Мацүда багш хэлсэнчлэн Монголын онцлогоос Монголд мал аж ахуй голлосон нийгэм хөгжсөн гэж үзэж, энэ талыг судалж байгаа.
 
Бас нэг хэлэх зүйл бол Монголчуудын зан аашийн тухай
Монголчууд сэтгэл хөдөлдөг тийм үндэстэн байх гэж боддог. Тийм зан ааштай хүмүүс түүхийг судлахдаа Японоос өөр байдаг байх гэж боддог.
 
Монголын түүхийн ном Хятад, Япон түүхийн номноос арай өөр байна.
 
Монголын Нууц Товчоог жишээ болговол энэ нь түүхийн ном юм уу, утга зохиол юм уу гэдэг талаар Японоос өөр ойлголт юм.
 
Алтан товч ч гэсэн яг япон хүний боддог түүхийн номноос өөр юм.
 
Түүхийн номыг сайн муу гэж хэлээгүй. Харин одоо түүхийг дээрх номнуудын адилаар бичиж болохгүй байх.
 
Монголын нууц товчоог ашиглахад монголчууд түүхийн ном гэж үзэж ойлгодог. Харин тэгэж бодоход жаахан аюултай. Харин утга зохиолын ном гэж бодох нь дээр байх.
 
Монголын Нууц Товчоо бол үнэн түүх биш байх.
 
Монголын Нууц Товчоо бол түүхийн ном гэж боддог нь монголчуудын зан ааштай холбоотой байх гэж бодож байна.
 
Түүх судлахад Монголын Нууц Товчоог ч гэсэн шүүмжтэй хандахгүй бол хойч үед үлдэх сайн судалгаа гарахгүй байх гэж бодож байгаа (Өөрөөр хэлбэл материал дээр түшиглэж судалгаа хийхгүй бол).
 
(Монголын Нууц Товчоог эх сурвалж гэж үзэж эх сурвалжийн хэмжээнд бүрэн ашиглах боломж багатай гэж Ешида багш үзэж байгаа бололтой О.Б)
 
Түүхийн судалгаа хийхэд заавал уншиж үзэх хэрэгтэй материал гэж байдаг. Тэр бүгдийг уншсаны үндсэн дээр судалгаа хийх хэрэгтэй.
 
Монголын түүхийн судлалын дотор монгол, орос хэлнээс өөр сурвалж ашиглах явдал дутмаг байж магадгүй гэж үзэж байна.
 
Хүннүгийн үеэс эхлээд Манж чин улсын үе хүртэл хятад хэл дээрх сурвалж бол нэгдүгээр эх сурвалж. Монгол судлаачид хятад хэлний материалыг ашиглахгүйгээр тэр үеийн түүхийг судалж байгаа гэж бодож байна.
 
Мэдээж ханзны бэрхшээл бий байх. Гэвч хятад сурвалжийг заавал үзэх хэрэгтэй.
 
Их Монгол улсын түүхийг судлахад хятад сурвалжаас гадна перс хэлний сурвалжийг үзэх хэрэгтэй. Одоохондоо Монголд перс хэлтэй судлаачид ховор байна гэж бодож байна.
 
Дээр хэлсэн шиг материалын асуудал (эх сурвалж) байна. Бас нэг асуудал бол Монголын түүхийг зөвхөн Монголын түүхийн асуудал гэж ойлгодог. Үүнээс өргөн асуудал гэж ойлгож хандвал сайн юм аа.
 
Монгол улсын түүхийг бичихэд зөвхөн Монгол улсын түүх болчихдог.Бас Өвөр Монголын түүхчид болохоор Өвөр Монголыг л Монголын түүх гэж үздэг.
 
Хамтарч судлахгүй бол болохгүй.
 
Энэ бол бас нэг том асуудал байна.
 
Энэ нь социализмын үед бол олон улсын харилцаа байсан гэдгийг ойлгож болно.
Гэхдээ монголчууд өөрснөө түүхээ хувааж судалж байгаа нь өөрснөө хуваагдмал байдлыг бий болгож байна.
 
Шавь нарынхаа талаар ярихдаа Ешида багш өөрийнхөө сонирхолтой таарч нийцсэн сэдвээр шавь нараа оруулсан хэмээн өгүүлэв.
 
Би Лу.Алтантовчийг уншиж байхад Манжийн үеийн Монголыг судлах сонирхол төрсөн. Тэгээд Ока Хироки миний саналыг татгалзаагүй авч явсан.
Ёшида багшийн анхны шавь бол Үно Нобухиро ажээ. Тэрбээр Хирошимагийн Шүүдоо их сургуульд багшилж байгаа аж.
Ешида багшийн шавь Янагисава Акира бол эдүгээ Васеда их сургуулийн дэд профессороор ажиллаж буй ажээ. Түүний талаар Ешида багш ярихдаа; Ешида багшийн аав нь Хаант Орос Манжийн харилцааны түүхийн алдартай багш байсан бөгөөд түүнтэй Янагисава багш сайн харилцаатай байсан тул Ешида багш дээр ирээд Хөлөн буйр болон Орос Чин улсын харилцааны түүх судалж буй ажээ.
 
Ишихама Юмико бол Түвд судлалаар явж буй эхлээд Монгол судлалаар явна гэж байсан боловч түвд судлалд орсон байна.
 
Мөн шавь нь Иноуэ Осамү бол Шимана мужийн их сургуулийн дэд профессороор ажиллаж буй. (Иноуэ санг би таних юм, тэрбээр монгол хэлэнд маш сайн билээ. О.Б) Цагаан түүхийн тухай судалж байгаа. Хутагтай сэцэн хунтайжийн талаар судалгаа хийж доктор хамгаалсан. Ер нь сурвалжийг их сонирхдог. Шинээр олдсон эх сурвалжийг Монголын болон Өвөр Монголын эрдэмтэдтэй хамтран судалж буй.
 
Ешида багш одоо өөрөө Монголтой хамтран хийж буй үйсэн дээрх бичгийн хамтын судалгаагаа Иноуэд шилжүүлмээр байна. Тэгээд өөрөө Монголын мал аж ахуйгаа дагнамаар байна хэмээн ярьж байлаа.
 
Бас нэгэн шавь нь Нагай Такүми болой. Тэрбээр Алтан ханы үеийн Монголын түүхийг судалж буй. Жаахан тайван зантай арай докторын ажил бичээгүй байна. Хөх хотод сурсан тул хорчин аялгатай ярьдаг хэмээн яриад Монгол хэлний ангийг 5, 6 жилийн өмнөөс Васеда их сургуульд нээж, Монгол хэлний хичээлийг анх Иноуэ сан заадаг байсан, одоо Нагай зааж буй хэмээн ярив.
 
Дараах шавь нь Акасака Цүнеаки ажээ. Их Монгол улсын түүхийг Японд судлахад перс хэлний сурвалжийг ашигладаг болсон үед судалгаагаа эхэлсэн байна. Тэр оюутан цагаасаа перс хэл сурсан. Зүч, Алтан ордоны түүхийг судалж буй. Перс хэлний бага боловч сурвалжийг тэр нарийн үзэж буй хэмээн энэ шавийнхаа талаар Ешида багш ярив.
 
Зүч улсын талаар Японд доктор хамгаалсан анхны судлаач тэр ажээ. Түүний судалгааг маш сайн болсон хэмээн багш нь магтаалын үг хэлэв. Японд багшаасаа ингэж магтаалын үг сонсох бол маш ховор тохиолдол бөгөөд бас их нэр төрийн хэрэг ажээ.
Акасакагийн Зүч улсын талаар хийсэн докторын диссертаци 2005 оны 2 дугаар сард хэвлэгдэн гарна хэмээн ярьсан билээ. Түүний Зүчиийн талаарх эл ном Японд эрдэмтдээс маш өндөр үнэлгээ авч байна. (Түүний эл бүтээлийг монголын эрдэмтэд болон дэлхийн бусад орны эрдэмтэд олж үзээсэй хэмээн туйлаас хүсэж байна. О.Б)
 
Нагай, Акасака хоёул Васеда их сургуульд цагийн багш хийж буй ажээ.
 
Юокканич Ясүхиро (монголчилбол Дөрвөн хоногийн зах) гэсэн нэртэй хүн бол түүний удаах шавь. Их Монгол улсын түүхийг судалж буй. Тэр үеийн худалдаа, засаг захиргааны бүтэц, бичээч, заргач нарын тухай судалж буй.
Их Монгол улсын гол чухал сэдвийг судалж буй. Их Монгол улс судлалын гол сайн судлаач болж буй. Докторын өгүүллээ нэг жилийн дотор өгөх байх хэмээн Ешида багш ярив.
 
Фүнада Ёшиюки бол Ешида багшийн бас нэгэн шавь нь.
 
Анх Юань улсын үеийн монгол, хятадаас бусад үндэстний тухай судалж байсан. (Монгол хүн биш, Хятад хүн биш)
Юань улсын үеийн үндэстний 4 зэрэг байсан тэр тухай судалгаа хийж буй. Тэр үед Монгол хэлнээс хятад хэл рүү хөрвүүлдэг орчуулга тогтсон системтэй байсан. Тэр орчуулгын нөлөөг одоо судалж буй.
Сүүлийн үед Их Монгол улсын судалгааны үед бичээсийг ашигласнаараа нэрд гарч буй.
Өвөр Монголын түүх судлалын сэтгүүлд өгүүлэл нь гарсан. Гэтэл хятад судлаач эрдэмтэн Цоож энэ өгүүллийг уншаад ийм сайн судалгаа хийсэн хүн лав настай хүн байгаа байх гэж бодсон байна. Гэтэл гучин хэдтэй залуухан эрдэмтэн байсан байна. Тэрээр Хятадад 2 жил байсан бөгөөд сүүлийн үед монгол хэл сурч байгаа гэнэ.
 
Аоки Масахиро бол Ешида багшийн бэлтгэсэн орчин үеийн Монголын түүх судлалаар бэлтгэсэн шавь нь.
 
Ешида багш түүнийг одоо Москвад буй. Өшөө 1.5 жил тэнд байж судалгаа хийнэ. Монголын хувьсгалын үеийн Орос, Монголын харилцааны асуудлыг судалж буй. Ешида багш өөрөө орчин үеийн түүхийг сонирхож эхэлсэн үед Аокиг орчин үеийн монголын түүх судлал руу оруулсан гэнэ. Тэр өөрөө эртний түүх сонирхож байсан ч орчин үеийн түүх рүү орсон юм. Монголд ардчилал гараад орчин үеийн түүхийн эх сурвалж ашиглах боломж дүүрэн болж буй хэмээн хэлж байж энэ шавиа Орчин үеийн Монгол судлал руу оруулсан хэмээн ярив.
 
Такаги Санае бол Ешида багшийн бас нэгэн шавь нь.
Ил Хааны түүхийг судалж буй ажээ. Одоо Ираны их сургуульд стипендээр очихоор болоод байна хэмээн хэлээд тэрбээр мөн перс хэлтэй бөгөөд тэнд перс хэл дээрх эх сурвалжийг ашиглах болно хэмээн олзуурхаж байв.
 
Сүзүки Нирэй бол Ешида багшийн гурван эмэгтэй шавийн нэг болой. Нөгөө хоёр нь Ишихана, Такаги нар ажээ.
Тэрээр Манжго улс байгуулагдах үеийн Квантуны армийн Өвөр Монголын талаарх бодлого (1931 -1932) судалж буй. Өвөр Монголын Хөх хотод сурч, Өвөр Монголын архивын материал үзэж буй. Монгол хэл гайгүй сурсан байхаа гэж бодож байна.
 
Тачибана Макото. Надад Ешида багштай уулзсан уулзалтыг орчуулж буй залуу эрдэмтэн. Богд хаант Монгол улсын Өвөр Монголын талаарх бодлого судалж буй гэнэ. Тэрбээр Барон Унгерны үеийн Засгийн газар хэмээдэг үе болон Ардын Түр Засгийн газар хоёр оршин байсан Монголын түүхийн судлаачид тун бага судалсан хуудсуудыг маш нарийн судалж, бакалаврын ажлаа бичсэн бөгөөд түүний энэ бүтээл Японы эрдэмтээс өндөр үнэлгээ авсан юм. Сүүлийн үед Японд төрөн гарч буй залуу монгол судлаач эрдэмтдийн нэгэн юм.
 
Ока Хироки багш бол түүний шавь нарын дотроос анх түрүүн Монголд очсан шавь нь. Эхлээд Турк судлахыг зорьсон боловч Манжийн үеийн Монгол руу багш нь оруулсан ажээ.
 
Түүний тухай ярихад их хэцүү, их сэргэлэн авьяастай гэж бодож байна. Анх Монголд очсон шавь.
Баян айлын хүүхэд байсан болохоор Монголын амьдралыг тэсэх болов уу гэж бодож байсан. Тэгсэн чинь бүр эхнэр аваад ирсэн. Тэр маш сайн сурсан. Ока багш чинь аавтайгаа их адилхан, анхааралтай, гярхай хүн. Их ухаантай гэж бодож байна. Ока, Ишихама, Янагисава гурвуул нэг үед байсан тул хоорондоо уралддаг байсан. Бүгд сайн судлаач болсон. Хоорондоо уралддаг нь сайнаар нь нөлөөлж байсан болов уу.
 
Ингээд Япон шавь нарын тухайд ийм байна.
 
Монгол улсаас ирсэн шавь түүнд байхгүй. Тэгээд Ешида багш Монголоос шавь авдаггүй гэж яриа гарсан буй гэнэ. Энэ талаар Ешида багш ярихдаа ”Васеда их сургуулийн элсэлтийн шалгалт нь ханзтай япон хэлний шалгалт байдаг юм. Үүнийг монголчууд давахад бэрхтэй байдаг. Ийм шалтгаанаар Монголоос шавь нар байхгүй” хэмээн ярьж байв. Мэдээж багшийн асуудал гэж юу байхав, ханзыг монголчууд мэддэггүй нь ч үнэн, гэхдээ Япондоо хамгийн нэр хүнд бүхий 50 мянган оюутан сурдаг энэхүү Васедагийн их сургуульд орж суралцах монголын охид, хөвгүүдийнхээ оюуны амыг бид сайн нээж чадахгүй байгаад л учир нь байгаа болов уу.
 
Иймээс Монголын их дээд сургуулиуд Монголын цэцэг шиг охид хөвгүүддээ алсаас чиглэсэн бодлогоор даацтай чанартай боловсрол олгож, тэднийгээ дэлхийн хаана ч очиж өрсөлдөж ямар ч давааг өндөр хэмээн няцахгүйгээр давж чаддаг болгох нь чухлаас чухал хэмээн санамой.
 
Ешида багш маань Японы шавь нараас гадна өвөр Монголын 5 шавьтай ажээ. Тэд нь гэвэл,
Гэрэлт шавь нь Бөө мөргөлийн талаар докторын зэрэг Японд хамгаалсан. Монголын Нууц Товчоон дахь Бөртө чонын тухай сайн судалгаа хийсэн хэмээн багш нь түүнийг магтав. Тэрбээр эдүгээ Өвөр Монголын Хөдөө Аж ахуйн их сургуулийн Нийгмийн ухааны салбарт багшилдаг ажээ.
 
Бүрэн сайн шавь нь уг гарлаараа Өвөр Монголын Жирмийн чуулганы хүн ажээ. Өвөр Монголын зүүн хэсэг тариалангийн газар болсон талаар судалгаа хийж, докторын диссертаци бичиж амжилттай хамгаалжээ. Түүний диссертаци ном болж хэвлэгдсэн байна. Эдүгээ Васеда их сургуулийн утга зохиолын оройн ангид хичээл заадаг гэнэ.
 
Ешида багшийн удаах шавь нь Чингэл ажээ. Хөх Нуурын монгол гэнэ. Тэрбээр түвд хэлтэй агаад Ойрадын түүх, хошууд Түвд рүү дайрах үеийн түүхийг түвд хэлний сурвалж сайн ашиглаж судалсан байна. Одоо Хятадын Нийгмийн Шинжлэх ухааны академийн түүхийн салбарт ажиллаж буй хэмээн багш түүний талаар бахдан ярьж байна.
 
Одоогоор Ешида багшийн гарын дор сурч буй хоёр шавь буй ажээ. Түүний нэг нь Цогт хэмээх өвөр монгол залуу. Өвөр Монголын Их сургуульд багшилж байгаад иржээ. Их Монгол улсын үеийн хуулийн талаар өөрөөр хэлбэл Их Цаазийн талаар Японд докторын ажил хийж буй ажээ. Тэрбээр перс хэл үзэж буй, хамгаалаад Өвөр Монголдоо багшилна хэмээн багш нь ярьж байна.
 
Отгон шавь Алтангараг хэмээх өвөр монгол залуу ажээ. Тэрээр жалайдын цахар гаралтай гэнэ. Байгаль орчны асуудал гэж сүүлийн үед дэлхий дахинд моод болж буй сэдэв судалж буй хэмээн багш нь ярив. Отгон шавь тул Алтангараг багшийнхаа ойр зуурын бичиг хэргийн ажилд туслах ажил бас давхар хийдэг ажээ.
 
Японд эрдэмтэн хүн 70 нас хүрээд тэтгэвэрт суух учиртай гэнэ. Иймээс тэрбээр одоо 6 жил багшилна цаашдаа 1, 2 оюутан гаднаас авч сургаж магадгүй хэмээн ярьж байв. 6 жил гэдэг бол Японд мастер хамгаалсан хүн шууд докторын сургалтанд ороод хамгаалж дуусах хугацаа юм өөрөөр хэлбэл Ешида багш маань мастерт сурах оюутан бус харин мастер хамгаалсаны дараа докторантурд орох хүнийг авч сургах бодолтойгоо ярьж буй хэрэг ажээ. Японы их дээд сургуулиудад мастер, докторантурын сургалтанд бүрэн хамрагдахад нэг хүн дор хаяад 10 жил болдог байна.
 
 Ийнхүү 60 гарсан ч идэрхэн яваа Японы Монголч эрдэмтэн Ешида багш ярьж байв. Түүнийг Японд шавь бэлдэх талаар тун гаршсан, олон шавь төрүүлсэн, тэдгээр шавь нарын ихэнх нь Японы аль нэг их дээд сургуульд орон тооны багшийн ажил эрхэлж байгаа гээд бодохоор үнэхээр бахархмаар санагдсан. Учир нь Японд их дээд сургууль төгсөөд, дараа нь мастер, докторын сургалтанд явахад дор хаяад 10 жил болно. Үүний дараа аль нэг их дээд сургуульд багш болно гэдэг бол тийм амархан олддоггүй хэрэг бөгөөд хэрэв Японд орон тооны ажил олсон бол тэр таны амьдралын бүх насны хоол буюу баталгаат амьдрал тань болдог. Ийм учраас олон шавийг сайн бэлтгэж, тэдгээр нь их дээд сургуулийн олон чанга шалгуурыг даван туулж, амьдралдаа хүрсэн явдал бол Багш Ешида абугайн үнэхээр ач тус лавтай мөн.
Иймээс би Японд судалгаа хийх завшаан олдсоныг далимдуулан Ешида багшаас Японы Монгол судлал болон Монголын Монгол судлалын талаар өөрийнх нь бодол санааг сонсож авахыг урьтал болгосноо өчихийг хүссэн болой. Монголын Монгол судлал бол Дэлхийн Монгол судлалын гол цөм, түүний хэрхэн хөгжиж урагшлахаас дэлхийн монгол судлалын хувь заяа, цаашилбал монголчуудын ирээдүй тодорхой хэмжээгээр хамаарч буй хэмээн санана.
 
Чухамдаа Монгол судлалаар насаараа ажиллаж, түүний эерэг сөрөг талыг сайтар мэдэрч буй эрдэмтэн буурлуудын үгийг сонсох нь энэ үеийн монголчууд, монголын эрдэмтэн бид нарт алдаа оноогоо цэгнэхэд ач тусаа өгөх буй за хэмээн санаж эл бэсрэг ярилцлагыг тэрлэв.
 
Энэхүү ярилцлагыг миний бие 2005 онд Ёшида багшаас авч, Монгол судлалын мэдээлэл сэтгүүлийн 2006 оны 1 дугаарт нийтэлсэн билээ. Цаг хугацааны хувьд хуучирч, зарим хүмүүсийн албан тушаал одоогийнхоос өөр байгаа бол уучлал хүсье.

Цахим Өртөө Сүлжээнд элсэх

  • Өртөөний сүлжээнд элсэх

tsahim_urtuuХэрэв та Монгол Туургатны Цахим Өртөө Сүлжээнд элсэхийг хүсвэл: http://groups.google.com/group/tsahim-urtuu-suljee хаягаар зочилж маш хялбархан бүртгүүлж болно. Та Гүүгл суурьт энэхүү сүлжээнд имэйлээ бүртгүүлснээр манай сүлжээний гишүүн болно.

 

Image Temp

Энэ хуудас нь Цахим Өртөө сүлжээний нийт гишүүдийн хамтын бүтээл байх бөгөөд ажил хэргийн санал болгоныг вэбийн хамтлаг тухай бүр нь тусган энэ хуудсанд оруулж байх болно. Хамтран ажиллаж буй, ажиллахаар зэхэж буй таньд баярлалаа.

Newsletter