177-р сар2018

Мягмар, 16 5-р сар 2017 19:11

Хатанбаатар Магсаржав

Энэ дээр болон томоороо нийтлэлийн дор байгаа морьтой зураг лав л миний хувьд өмнө нь хараагүй зураг байсан тул уншигчиддаа ч бас сонирхуулмаар санагдаад зөвшөөрөл хүсэж ноён Эмсийт Дайнбаэнх -д хандсан юм. Ноён Эмсийт Дайнбаэнх зөвшөөрснөөр барахгүй хоёр сонирхолтой зураг нэмж өгсөн тул тэдгээрийг ч бас дор нийтэллээ.Тэр буутай бие хамгаалагчтай сууж байгаа зургийг хүмүүс биш гээд байгаа, гэвч ноён Эмсийт Дайнбаэнх ийнхээр бол их адилхан гэж тэр хэлэв. Уншигч та юу гэж бодож байна. Тэр хатанбаатар Магсаржав мөн үү?

Цахим өртөө вебийн багийн нийтлэгч

Ардын Хатанбаатар Магсаржав буюу Сандагдоржийн Магсаржав нь (1878 - 1927 оны 9 сарын 3) нь Монголын цэргийн нэрт жанжин, тусгаар тогтнолын төлөө цогтой тэмцэгч, 1921 оны 2 сарын 15-наас 1921 оны 3 сар хүртэл ажилласан ерөнхий сайд байжээ.

Уг гарал, бага нас
Хатанбаатар Сандагдоржийн Магсаржав нь хуучнаар Сайн Ноён Хан аймаг, одоогийн Булган аймгийн Хутаг-Өндөр сумын нутагт ядуу тайж Сандагдоржийн хүү болон төржээ.
1905 оны 7 сард язгууртны зэрэг залган Магсаржавыг Ховд дахь амбан яамны дэргэд хугацаалан суулгах Халхын жасаанд тохоон томилогдсон байна.

1911 оны Үндэсний хувьсгалд
1911 онд Монгол улс тусгаар тогтнолоо зарласны дараагаар шинэ байгуулагдсан засгийн газраас амбаныг зайлан явах шаардлагыг Магсаржав амбан ноёнд дамжуулсан боловч гарч явахаас татгалзсан байна. 1912 оны зун Баруун хязгаарыг төвшитгөн тогтоох сайдад Баргын Манлайбаатар Дамдинсүрэнгийн хамтаар томилогдон Ховдыг дайран эзлэх ажиллагааг шууд удирдаж, Манж, Хятадуудыг буулгаж авчээ. Манжаас тусгаарлах Үндэсний эрх чөлөөний хөдөлгөөнд Ховдыг чөлөөлсөн гарамгай гавьяаг нь үнэлэн Богд хаант Монгол улсын Засгийн газраас Магсаржавыг үе улиран залгамжлах Хатанбаатар ван цолоор шагнажээ. 1913 оны хавар Хятадын залхаан цээрлүүлэх цэрэг Өвөр Монголд орж ирэхэд Магсаржав, Дамдинсүрэн нарын цэргийн хүч очин тулалдаж амжилт олж байсан боловч Хаант Орос улс Хятад, Японтай эвдрэлцэхээс болгоомжлон оролцсон тул түүнийг эргүүлэн татжээ. Үүний дараагаар зүүн хязгаарт Бавуужавын довтолгоог дарах, 1918 онд хил нэвтрэн орж ирсэн Оросын цагаан цэргүүдийг зогсоох цэрэг дайны үйл ажиллагаануудад оролцож байжээ.

Ардын хувьсгалд
1919 оны намар Хятадын генерал Сю Шүжан Монголын автономитыг унагасан ба 1920 оны дундуур Магсаржавыг нууц бүлгэмийнхэнтэй хэлхээ холбоотой хэмээн сэжиглэж баривчилжээ. 1921 оны 2-р сард Барон Унгерн Их Хүрээг эзлэн авахад суллагдан цагаантанд нийлж Унгерны сэргээн тогтоосон Богд хааны засагт Ерөнхий сайдын үүрэг богино хугацаанд гүйцэтгэжээ. Түүнийг баруун аймгуудыг товхинуулахаар илгээсэн боловч 1921 оны 7 сарын дундуур Монгол Ардын Намынхантай санаа нэгдэж Улиастайд байсан цагаантны удирдагч буриад Вандановыг дарж устгажээ. 1921 оны намар, өвөл Хатанбаатар Магсаржав баруун аймгууд дахь цагаантны цэргийн хүчнүүдийг дарж устган гавьяа байгуулжээ.
1922 онд ердийн цэргийн яамны сайдаар тохион томилогдож, Дамдины Сүхбаатар Магсаржавыг өөрийн биеэр даалт гаргаж МАХН-ын гишүүнд орлогчийн хугацаа дамжуулахгүйгээр шууд элсүүлэн авчээ.
1924 онд МАХН-ын төв хорооны гишүүнээр сонгогдсон ба Москва хотод албан айлчлал хийж байжээ.

Гавьяа шагнал, дурсгал
Богд хаант Монгол улсын засгийн газраас түүнд Хатанбаатар гэсэн цолыг олгож байжээ. 1914 онд Шар жолоо одонгоор шагнагдсан. 1922 онд Зөвлөлт Орос Улсын Засгийн Газраас Байлдааны гавъяаны улаан тугийн одон, 1924 онд Ардын Засгийн Газраас Ардын хэмээх эрхэм цолыг олгожээ. Ардын Хатанбаатар Магсаржавын алдар гавъяаг нь мөнхжүүлэх зорилгоор Булган аймгийн төв Дуулгат бунханыг байгуулж шарилыг нь шилжүүлэн бунхалсан байна.

Эх сурвалж: Зургуудыг ноён Эмсийт Дайнбаэнх бидэнд өгсөн бөгөөд нийтлэлийг түүний нүүр номоос авсан болно.

Эрдэмтэн судлаач Ш.Баатар, Содбилэгийн "Сэнтий түшсэн хатад" номыг уншаад ийм нэгэн сэтгэгдэл үлдээжээ. Урагшлах хүнд урам.” гэж өөрөө ч бас түүхч, өөрөө ч бас эрдэмтэн судлаач Дэмбэрэлийн Өлзийбаатар өмнө нь бичээд Ш. Баатарын сэтгэгдлийг өөрийн нүүр номондоо хуваалцжээ.

Цахим өртөө вебийн багийн нийтлэгч

Түүхч, судлаач Чулуунбаатарын Содбилэг дүүгийн бичсэн “Сэнтий түшсэн хатад” номыг уншиж дууслаа. 6 жилийн өмнө сурагч байхдаа түүний бичсэн “Монголын Их Юань Улсын түүх” хэмээх чамгүй сайн бүтээлийг маш нягтлан уншиж танилцаад, ирээдүйд ихийг дуулгах сод билэгтэй хүү байна хэмээн молхи би бээр ихэд бахархаж билээ. Монгол хатдын тухай бичсэн энэ бүтээлийг туурвихад маш их цаг зарж, нөр их хөдөлмөр зүтгэл шигнэсэн, асар олон хятад сурвалжийг ухаж үзсэн нь илт байна. Учир болбоос молхи миний бие Юань гүрнийг гадарлах хүмүүсийн нэг гэж өөрийгөө аймшиггүйгээр гэнэн боддог болохоороо тэр буй за. 90-ээд онд Юанийг судалж эхлэх үедээ ахмад монгол эрдэмтдийн зөвлөснөөр хятан судлал руу хальтраaд орчихсноо нуух юун. Монгол улсад нанхиад сурвалж унших эрдэмтэд өдрийн од лугаа цөөн боловч тэдний нэг болж чадсан Содбилэг дүүдээ энэхүү нандин номыг туурвисанд халуун баяр хүргэе!

Аливаа номыг хүний сэтгэлд хүргэхийн төлөө бичвэл тэр нь түмэн үедээ үр ашиг, өлзий буянтай дээдийн бүтээл болно. Номыг зөвхөн өөрийгөө хэр мундаг хүн болохоо харуулахын төлөө бичвээс хэдхэн судлаачдын хуруугаар имрэгдэж, зөвхөн тэдний оюунаар шүүгдэх төдий болоод хорвоогийн тоосонд дарагдан мартагдах жамтай амой. Харамсалтай нь өнөөгийн барууны соёл иргэншил хоёр дахь бартаат замаар явж ирсэн ажээ. Гэхдээ одоо тэр хандлага эрс өөрчлөгдөж, дэлхий нийтээрээ номыг хүнд зориулан бичдэг сайхан хандлагатай болжээ. Тэр эерэг хандлагыг чухам энэ номонд Содбилэг дүү шингээж чадсан нь гайхалтай сайн байна. Энэ бол түүхийг задлан ойлгож, үнэнээс гажуудуулахгүй өөрийнхөө төсөөллөөр хүүрнэн задалж бичих арга юм. Дан ганц түүхийн болсон явдлыг он дараалан тоочвол нэг их сонирхолгүй болох учраас уншигчдад ойлгоход хялбар төхөм болгох, урамтай хурдан уншин тэмүүлэл төрүүлэхээр бичнэ гэдэг бол бас л том авъяас болмой. Түүхэн уран зохиол гэдэг бол зохиолч түүхийн тодорхой үе, хувь хүмүүсийн талаар уншиж ойлгосон хэмжээндээ сэтгэж, тайлагдаагүй олон оньсогыг санаанаасаа зохиож шийдснийг хэлнэ. Түүхийн ээдрээг судар бичигт тулгаж, тайлал хөврүүлэн бичсэн зохиолыг “хүүрнэл түүх” гэмээр санагдана. “Сэнтий түшсэн хатад” бол яах аргагүй түүхэн хүүрнэл мөн. Энэхүү номыг унших нь уншигч авхай гэрийн эрх хав мэт утсан бөмбөгийн нэг үзээрээс татан өнхөрүүлж, нөгөө учгийг үзтэл хөөн элдэхтэй адил явдал юм.

Монголын их гүрэн мандсан нь тодорхой нэг шалтгаантай байхад мөхсөн нь мянган шалтгаантай ажээ. Бид ч хойчид мөхөхгүйн тулд Юань гүрний мөхсөн шалтгаан болгоноо нятлан үзэх хэрэгтэй билээ. Мартагдсан гунигт түүхээсээ сүүрс алдан сурах, улам ихээр ухаарал авахад Содбилэг дүүгийн бичсэн энэхүү бүтээл тус дэм болно буй за. Их Монголын төр шид нь бүрдээд цөмрөн унахад эв нэгдэлгүй язгууртнуудын ордны дотоод тэмцэл ихээхэн үүрэг гүйцэтгэсэн бөгөөд түүнийг шатаах чүдэнз болсон нэгэн зүйл нь хатдын хутгуур ихэд нэмэр болсон гэдгийг энэ ном уудлан илчилжээ. Юун солонгос драма вэ? Түүнээс баялаг эмгэнэлт явдлын архив энэ номд багтан оржээ. Содбилэг дүү тэр болгоныг залуу хүний хурц гярхай нүд, саруул ухаанаар шүүрдэж, тайлагдашгүй олон хэрэг явдлын уялдаа холбооны бат бөх зангилааг тайлахаар ихэд хичээсэн байна. Юань төрийн ордны тэмцэл бол үхлийн эргүүлэгт өртсөн хатдын өр өвдөм хөөрхийлөлтэй хувь заяа, харийн бэр болсон хаадын гүнжийн сүнс нь төөрсөн хувь заяа, харийн гүнж, татвар эмс, тайган, зарц шивэгчдийн хутгаан зэргийн цогц нийлбэр бөгөөд тэр булай бузрын уурхайгаас сургамжтай болгоныг их далайгаас сувд шүүрэх мэт түүж бичжээ. Энэ номыг уншиж байхад монгол хэлэнд яагаад “эм хүний мэдэл цус” гэдэг хэлц үг, “харийн бэр болмор” гэдэг хараал орж ирснийг ойлгохоор байна. Юань улсын сүүлчийн хаан Тогоонтөмөр яагаад хаан төрөө алдсан шалтгааны нэг бол хар нялхаараа ордны солонгос тайгануудын урхинд орж, харц язгуурын солонгос шивигчинтэй нөхцөж, улмаар түүнтэйгээ гэрлэснээс, хожим тэр толгойд гарсан түрүүний бөөс төр, түмнийг самарснаас ихээхэн хамаарсан болохыг хятадын түүхийн хуниасанд нуугдаж үлдсэн олон баримтыг нэгжин уудлаж, хойшид мөн анхаарах хэрэгтэйг дахин сануулан бичжээ. Түүхийн энэ олон сургамжтай үйл явдлыг өнөөгийн ороо бусгаа цагт амьдарч буй, үүх түүхээ үнэн зөвөөр танин мэдэх оюуны цангаанд автсан уншигчдад толилуулж буй Содбилэг дүүдээ туйлын ихээр баярлах ялдамд Мин улсын цадигийг монголчлох их үйлсэд тань улам их амжилт хүсэн ерөөе! Номын цагаан буян арван зүгтээ арвижин дэлгэрэх болтугай!

Үүний төлөө ёсолсон молхи Ш.Баатар бээр.

                                      

 Архивын ерөнхий газрын дэд дарга, түүхийн ухааны доктор Д.Өлзийбаатартай уулзаж ярилцлаа.

-Нийслэлийн ИТХ- ын Тэргүүлэгчдийн тогтоолоор Нийслэл хүрээн дэх Оросын бүрэн эрх барих сайд асан Иван Яковлевич Коростовецид зориулж 84 сая төгрөгөөр хөшөө барих болсон байна. Энэ хүн Монголын түүхэнд ямар үүрэг гүйцэтгэсэн юм бол?

-Би тийм сураг сонссон. Хөшөө дурсгал босгоход олон нийтийн санал бодлыг авах ёстой. Коростовец гэдэг хүнийх нь хувьд аваад үзвэл хөшөө босгох хэмжээний гавьяатан биш. Энэ хүний оролцоотойгоор Монгол Улс Манжийн дарлалаас чөлөөлөгдсөн гэж ярих хүн байдаг. Түүхэн том дэвсгэр дээр аваад үзвэл өөр дүр зураг харагддаг. Оросын Гадаад явдлын яамны сайд Сазанов Богд хаант Монгол Улсын Засгийн газартай хэлэлцээ хийх Хаант Оросын бүрэн эрхт төлөөлөгч Коростовецид 1912 оны наймдугаар сарын 23-нд илгээсэн заавартаа Хаант Оросоос Монголд явуулах бодлогыг “Манай хязгаартай хил дэрлэх энэ мужид цэргийн хүчтэй улс байгуулахгүй байхыг эрмэлзэх явдал” хэмээн тодорхойлсон байдаг. 1905,1907 онд Японд алдсан эрх чөлөөгөө Орос улс эргүүлж авахын тулд улс төрийн эрх чөлөөгөө дөнгөж олоод байсан Монгол Улсыг өөрийн эдийн засаг, худалдаа, геополитикийг хамгаалсан ашиг сонирхлын бүс, түшиц газар болгохыг эрмэлзсэн.

-Монгол Улс, Өвөр Монгол ахан дүүстэйгээ нэгдэх замд энэ хүн л хөндөлссөн гэдэг байх аа?

-Орос-Монголын Найрамдлын гэрээ гэгч байгуулагдсаны дараахан Нийслэл хүрээн дэх Оросын бүрэн эрх барих сайд Иван Яковлевич Коростовец өөрийн Гадаад яаманд бичсэн цахилгаан утсандаа “Халхчууд ба ер нь Гадаад Монгол тусгаарлаж байгаа хэрэг явдалтай Хятадын Засгийн газар эвлэрэхээс өөр аргагүй бөгөөд харин ард иргэд нь нууцаар халх руу тэмүүлж Их Хүрээний анхны дохиогоор Хятадаас салж одоход бэлэн байгаа Өвөр Монголыг гартаа барьж байх явдалд л хятад хүчээ тавьж байвал болох юм. Монгол нь зөвхөн үндэсний аж байдал, ёс заншил, соёлын талаар нэгдэх боломжгүй болохыг нэг бус удаа сануулж, улс төрийн талаар нэгдэхэд сэтгэл ханах хэрэгтэй гэж би монголчуудад зөвлөсөн” хэмээжээ. И.Я.Коростовец бол Оросын Цагаан хааны бодлогыг хэрэгжүүлэгч, томоохон тагнуул байснаас Монгол Улсын эрх ашгийг өчүүхэн төдий ч бодож байсан хүн биш.

Монголын ашигт малтмалыг нээн ашиглах, хилээр гаалийн татваргүй нэвтрэх гээд Оросын худалдааны эрх ашгийг л хамгаалсан гэрээг манайд тулгасан хүн шүү дээ.

-Та Коростовецийг Хаант Оросын тагнуул байсан хүн гэлээ. Энэ талаар ямар баримт байдаг юм бол?

’Бидний хамгийн гол, хамгийн ухаалаг, хэрсүү өрсөлдөгч болох Да лам бол хээл хахуульд үл автах, шулуун шударга, хартай хашир хүн. Сайн ноён хан Намнансүрэн ухаалаг боловч хашир болгоомжтой, эрс шийдэмгий бус зан чанартай. Түшээт хан богино бодолтой. Намсрай хуучныг баримтлагч, бөөрөнхий үзэлтэн, Хутагтын дотнын анд Далай ван өөдгүй новш мөн боловч бидний талыг илэрхий баримтлагч. Бинт ван, Шанзав ламтан, Тогтох нар нэлээд нэр нөлөөтэй” гэх мэтээр Коростовец Монголын ихэс дээдсийг дүгнэн цаашаа мэдээлж байсан байдаг.

1912 оны Орос-Монголын гэрээ байгуулагдсанаар хэдийгээр манай улсад түүхэн ач холбогдолтой гэж ойлгогдож болох ч нийт монгол үндэстний язгуур эрх ашигт хор нөлөө үзүүлсэн. Өвөр Монгол, Монгол Улс, Урианхайн хязгаарыг нэгдэхийг Коростовец хэзээ ч хүлээн зөвшөөрч байгаагүй. Да лам Цэрэнчимэд ясны эх оронч хүн байсан болохоор Монгол үндэстнээ нэгэн туурга дээвэр доор байлгах талаар энэ орос ноёнтой олонтаа тулж, хэрэлдэж хэлцсэн байдаг.

-Да лам Цэрэнчимэд, Бинт ван Гончигсүрэн зэрэг Монголын алтан ургийн ноёдын эмгэнэлт үхэлтэй энэ хүний нэр холбогддог гэл үү?

-Да ламын авчирч өргөн барьсан монголчуудын язгуур эрх ашгийг дээдэлсэн саналыг шалан дээр шидэж, дэвсэлж байсан хүн шүү дээ. Сайн ноён хан Т.Намнансүрэн “Да лам Цэрэнчимэд бол таны бодож байгаа шиг муу хүн биш ээ. Энэ хүн бол ганцхан дутагдалтай. Тэр нь Монгол Улсаа л тусгаар оршихын төлөө л санаа бодолтой хүн” гэж Коростовецид хэлсэн байдаг.

Монголын Засгийн газрын Дотоод яамны сайд Да лам Цэрэнчимэд “Блюнчлигийн олон улсын эрх зүйн онолыг баримтлан энэ хэлэлцээрийн үр дүнд Монгол Улс эзэн хаан, нутаг орон, хүн ардтайгаа үлдэнэ” хэмээн И.Я.Коростовецаас шаардсан байдаг. Да лам Цэрэнчимэд баруун хязгаарт явж байгаад учир битүүлгээр нас барсан, Чин ван Ханддорж, Бинт ван Гончигсүрэн нарыг Японтой холбоо тогтоох гээд явахад Хайлаараас буцаан авчирч амь нас нь эрсдэлд ороход Коростовецийн нөлөө орсон байх магадлалтай гэж үздэг.

Монгол Улсын Ерөнхий сайдын орлогч, нийт Өвөр Монголчуудын төлөөллийн тэргүүн эгнээнд байсан Бинт Чин ван Гончигсүрэнг гадуурхан “миний хамгийн том дайсан”, “да ламын холбоотон” “өөдгүй муу амьтан” хэмээн нүд үзүүрлэж байсан төдийгүй улмаар түүнийг үдэж өгөх цайллагад тэрээр хор ууж үхсэн нь,нэн сэжигтэй. Монголын тусгаар тогтнолын төлөө санаа, зориг шулуудан Нийслэл хүрээнд ирээд байсан ах дүү Өвөр Монголын ноёд, халхын ноёдын хооронд яс хаяж тэднийг “Бээжингийн тагнуул” хэмээн цуу тарааж маш эвтэй байсан Засгийн газрын сайд ноёдыг хооронд нь эвдрэлцүүлж эхэлсэн явдал И.Я.Коростовецтой холбоотой.

-Монголчуудын тусгаар тогтнолыг нэг ёсондоо “булшилсан” Хиагтын гурван улсын гэрээ ч түүний анх тулган хүлээлгэсэн гэрээ гэгчийн үргэлжлэл байсан гэдэг бил үү?

-Түүнийг анх ирэхэд Монголын Засгийн газар ихээхэн итгэл найдвар тавьж байсан ч хэлэлцээрийн явцад хүчээр тулгасан гэрээ нь Монголчуудын хувьд ямар ч ашиггүй, зөвхөн Оросуудын эрх ашигт л нийцсэн гэрээ болсон юм. Уг гэрээгээр Монголчууд хэрчигдэн хуваагдах үүд нээгдэж, ах дүү Барга, Өвөр Монгол, Тагна Урианхай хилийн гадна үлдэж, эв нэгдэлтэй байсан Монголын Засгийн газрынхан өөр хоорондоо үл итгэлцэж, тусгаар тогтнолын хэрэгт зүтгэснээрээ “хятадын тагнуул”, “өөдгүй новш”, “увайгүй амьтан” хэмээх нэр хочийг зүүх болсон.

Түүгээр зогсохгүй энэ гэрээгээр 1913 онд Бээжинд Орос, Дундад иргэн улс Монголын асуудлаар гэрээ байгуулан Монголын улс төрийн эрхийг Хятадад худалдаж, түүнийг Монголчууд эсэргүүцсэн тул 1915 оны Хиагтын буюу гурван улсын гэрээгээр Монголыг оролцуулан “Автономит Монгол” хэмээх улсын статусыг хүчээр тулган хүлээлгэсэн. Богд хаан Хиагтын гэрээг “Шүлстэй нулимуур” гэж нэрлэсэн байдаг.

-Хаан ч бай, харц ч бай улс орных нь тусгаар тогтнол хутганы ирэн дээр дэнжигнэхээр бухимдсандаа тэгҗ хэлэхээс ч аргагүй байсан болов уу?

-Гурван улсын гэрээ байгуулахаар явлаа гэсэн хүнд Богд хаан “Шүлстэй нулимуур аваад ирүүзэй” гэж захисан хэрэг шүү дээ. Социализмын үед үүнийг нь “Улс орны тусгаар тогтнол яригдаж байхад шүлсний нулимуур захьж байдаг дүүрчихсэн түвд ээ” гэсэн үзэл суртлын явуулга хүртэл явуулж байсан. Яг үнэнийг хэлэхэд Хиагтын гэрээ бол улс орноо бодсон ямар ч монгол хүнд шүлсний нулимуур байлаа. Хиагтын гэрээгээр 1911 оны тусгаар тогтнолын үйл хэрэг мөхөж, өвөр монголчуудыг чөлөөлөх дайн амжилттай явагдаж байсан ч гэнэт Монголын цэрэг татагдах болсон, Монголд сууж байсан Өвөр Монгол¬чуудыг хөөн гаргаж, олон Монголыг хэрчин хувааж, газар нутгийн хувьд үүрд хагацуулсан зэрэг гашуун үнэний эх суурь 1912 оны гэрээнээс хамааралтай.

Коростовец Монголын түүхэнд ийм л мөр үлдээсэн хүн. Монгол Улсын 1911 оны Үндэсний эрх чөлөөний удирдагч Богд хаандаа хөшөө босгоогүй байж, Монгол үндэстэн угсаатныг Орос- Хятад хоёр их гүрэнд хуваан зууш болгосон хүнд, татвар төлөгчдийн өчнөөн олон сая төгрөгөөр хөшөөг нь босгоно гэдэг байж боломгүй үзэгдэл. Тэрний оронд Богд хаант Монгол Улсын анхны таван сайдын хөшөөг босгосон дээр биз дээ.

Эх сурвалж: http://www.olloo.mn/modules.php?name=News&file=article&sid=1235211http://www.olloo.mn/modules.php?name=News&file=article&sid=1235211

Баасан, 13 12-р сар 2013 12:03

Хэт ялгаа

                                  

Хэдийгээр харилцан нөлөөлөл байсан ч Монгол, Хятад хоёр ард түмний уламжлал, соёл, амьдралын хэвшил, ертөнцийг үзэх үзэл авцалдан нийлэхийн аргагүй хэт ялгаатай байв. Л.Гумилев энэхүү хэт ялгааны талаар “Юан гүрнийг үндэслэгч Хубилай хаан ижил дасал болсон орчиндоо алжаал тайлахын тулд ордныхоо хашаанд хээр талын өвс тарихыг тушааж байв. Өөрсдийн жигшин үздэг хээр талынхантай ойр ижил болохгүй гэхдээ хятадууд эдүгээ хүртэл цагаан идээ иддэггүй аж. Угсаатны сэтгэл зүй хоорондоо ийм зохимжгүй байхад эв зүйгээ ололцоно гэдэг бүтэшгүй зүйл байлаа.

Монголчууд хятад дахь ноёрхолоо харгис хүчирхийллийн аргаар тогтоон барихаас өөр арга байсангүй. Бие биедээ уусах явдал ч гарсангүй. Монгол хятадын эрлийзүүд эл хоёр угсаатны аль алинд нь ад үзэгдсээр эцэстээ үхдэг байж. Гэтэл монголчууд лалынхан болон орсуудтай дуртайяа гэр бүл болж авьяаслаг үр удмаа үлдээжээ” хэмээн бичжээ. Ерөөс эл хоёр үндэстэнг хэт ялгаатай болохыг ямар ч олон баримт нуршилгүйгээр нотолж буй аугаа нотолгоог эл угсаатнууд өөрсдөө бүтээжээ. Ертөнцийн гайхамшиг - Түмэн газрын цагаан хэрэм зүгээр нэг утга учиргүй их хөдөлмөрийн үр дүн, өрнө дорныг заагласан зааг ч биш, харин эл хоёр угсаатныг эвцэлдэж нийлэхийн аргагүй болохын аугаа нотолгоо болон эдүгээ хүртэл сүндэрлэсээр байна. Ийм байхад хоёр үндэстэн нэг дээвэр туурган дор, нэг хөнжилд, зохицон орших боломжгүй юм.

Хятад оронд удаа дараагаар өөрийн төрт улсаа байгуулан, хятадын сүр хүчийг дарангуйлан байсан улс үндэстнүүд нэгээр тоолошгүй бөгөөд монголоос бусад нь бүгдээр хятадад уусах нь уусаж, замхрах нь замхарч, нэгдэх нь нэгдэж өдгөө ор мөргүй болжээ. Тухайлбал өнөөгийн Өвөр Монгол болон Умард Хятад орчмын бүс нутагт ноёлон байсан Кидан гүрэн, түүний дараа мөн Умард хятадыг удтал эзэрхсэн Зүрчидийн Алтан улс нь бүгдээр ул мөргүй болжээ. Түүнээс бүр өмнө Хятадад хэдэн зууны туршид Тан хэмээн нэрийдэх төр улсаа байгуулж, соёл урлагийг ихэд мандуулан байсан умардаас гаралтай улсыг бараг мянганы тэртээгээс лавтай хайгаад ч олохгүй болсон ба өнөө нэгэнт Тан гүрнийг хятадын төрт улс хэмээн нэрийдэх ч болсон байна. Бүүр хожимхон монголчуудын адилаар цагаан хэрмийн хаалгаар сэлэм далайн орсон мөнөөхөн зүрчидийн удам Манж нар хятадыг хоёр зууны туршид дарангуйлсан авч энэ зуунд тэдний сүнс сүлд ч үлдсэнгүй. Харин сая хүрэхгүй үгүйтэй монголчууд энэхүү хавьтсан ойртсон бүхнээ уусган шингээж улам хаяа тэлэх Хятадыг газар нутаг дээр нь төвлөн суугаад 130 гаруй жилийн туршид дарангуйлан захирсан атлаа урьд хойчийн үлгэрээс ангидаар өөрийн улс үндэстнээ буурай ч гэсэн авч үлдсэнд энэхүү хэт ялгаатай тал нэн чухал нөхцөл болсон юм.

с

Б. Номинчимэд , "Хувьгүй хаан Аригбөх" номоос

Эх сурвалж: Фейсбүк

Нийтлэгчээс: Энэхүү нийтлэл нь зохиогчийнАригбөхтэй холбогдсон цуврал нийтлэлүүдийн төгсгөлийн буюу 5 дэх нь бөгөөд өмнөх 4 нийтлэлийг дараах хаягуудаас үзэж болно. Үүнд:
(1) Б. Номинчимэд, Түүхэн эргэлтийн золиос http://www.tsahimurtuu.mn/index.php/component/k2/item/2193-article_20131127_001
(2) Б. Номинчимэд, Сүүлчийн Их Хуралдайн өмнө http://wwхуралдайw.tsahimurtuu.mn/index.php/component/k2/item/2194-article_20131129_001
(3) Б. Номинчимэд, Алтангорхийн Их . Сүүлчийн Их хааныг өргөмжилсөн нь http://www.tsahimurtuu.mn/index.php/component/k2/item/2199-article_20131202_001
(4) Б. Номинчимэд, Аригбөх нас барсан уу, оргосон уу? http://www.tsahimurtuu.mn/index.php/component/k2/item/2204-article_20131209_001

                             

Монгол, Хятадын сурвалж бичгүүд болон судлаач эрдэмтдийн үзсэнээр Аригбөх Хубилайд бууж өгсөнөөс хойш хоёр жил орчим хугацаанд гэрийн хорионд байсаар 1266 оны 10 сарын 1-нд нас баржээ. Рене Груссе энэ талаар “Аригбөх 1266 онд нас барсан боловч үнэндээ насан эцэслэтлээ хоригдол байжээ” гэжээ. Хоригдол байх тухай асуудал маргаангүй агаад Хубилай түүнийг хатуу хорио цагдалтаас ангид байлгасангүй.
“Судрын чуулган”-д Аригбөх жил орчим хугацаанд өвчилсөөр Барс жилийн /1266 он/ намар нас барсан гэжээ. Юан улсын сударт Аригбөхийг нас элтлээ хаан хүний хангамжинд байгаад өвчнөөр өнгөрчээ гэжээ. Гэтэл зарим түүхчид Аригбөхийг өвчнөөр нас бараагүй, Хубилай түүнийг хорлосон ч гэж үздэг.
Аригбөх амьд байх нь Хубилайд аюултай хийгээд түүний хууль бус үйлдлийг өдөр бүр сануулсаар байсан нь ойлгомжтой тул тэмцэж олсон хаан ширээнийхээ өмнөөс дүүгээ золиос болгох хэрэгтэй ч байсан байж болох юм. Ийнхүү Монголын нэгдсэн улс байгуулагдсанаас хойш янагш яг нэгэн их мөчлөг буюу жарны төгсгөл дээр Монголын эзэнт гүрний сүүлчийн Их хуралдайгаар албан ёсоор сонгогдсон Их хаан Аригбөх Монгол үндэстний түүхэнд эмгэнэлтэй зурвасхан мөр үлдээгээд 46 орчим насандаа бие баржээ гэж үзэж болох юм.
Мөн сурвалж бичгүүдэд Аригбөхийг нас барахад шарилыг нь Чингис хаан болон эцэг Тулуй, ах Мөнх нарыг нутаглуулсан тэр газарт тавьсан гэжээ.

Харин Өвөр Монголын Багшийн дээд сургуулийн сонин “Хятад хэл, философи, нийгэм, шинжлэх ухаан судлалын хэвлэл” хэмээх сэтгүүлийн 1987 оны № 3,4 дугаарт Сэнгэрэнцэн нарын бичсэн “Хубэй мужийн Хунху сумын Лү овогт Монголчуудын тухай асуудал” хэмээх маш сонирхолтой өгүүлэлд дурдагдсан зүйлийг дараа дараачийн судлаачид нэн сонирхон, мөшгөн шинжилвээс зохилтой.
Энд бичсэнээс үзвэл Аригбөхийг 1266 онд нас барсан хэмээн өнөөг хүртэл итгэж ирсэн ойлголт итгэл маань ихээхэн эргэлзээтэй болж, энэ талаарх манай түүхийн сурвалжуудад буй мэдээ сэлтийг эргүүлэн сайтар нягтлах шаардлага гарч байна.

Энэхүү сохирхолтой өгүүллийг хятад хэлнээс утгачлан сийрүүлбэл:
“Бид саяханы нэгэн сонин дээр Хубэй мужид нэг хэсэг Лү овогт монголчууд амьдардаг гэсэн мэдээг аваад энэ талаар газар дээр нь очиж тэдний түүх соёл, зан заншлийг судлахыг хүссэнд нутгийн удирдлагууд бидэнд туслалцаа үзүүлсэн юм. Ялангуяа тус мужийн үндэстэн ястны хариуцсан алба болон Хунху сумын зохих удирдлагууд энэ талаар маш их туслав. 1986 оны 10 сард бид Шинди, Шакоү, Фүнкоү болон Шашинхө зэрэг газарт амьдарч байгаа Лу овогт монголчуудыг сурвалжлахаар зорьж очсон юм. Энэ ажлын явцад бид Лу овогт монголчуудаас ярилцлага авч тэдний ургийн бичиг болон түүхийн эд материалуудыг үзэж харсан билээ.
Энэ нь Лу овогт Монголчуудын түүх соёлыг судлах анхны алхам болж, цаашдаа Монголын түүхэн дэх зарим нэгэн эргэлзээтэй асуудлыг шийдвэрлэхэд тус дөхөм болсон юм. Тухайлбал Аригбөхийг үхсэн үү, эсхүл оргосон уу гэдэг нь монголын түүхийн материалуудад болон Юан гүрний түүхэнд тодорхой бус тэмдэглэгдсэн байдаг. Түүнийг өмнө зүгт зугтсан уу, хойт зүгт үү гэдэг талаар Түүхийн товчоон дундах тэмдэглэгээ болон Лү овогт Монголчуудын түүхийн тухай ам дамжсан яриа, мөн Лү овогтны ургийн бичиг болох “Язгуур үндсийн удиртгал”-д харилцан адилгүй ялгаатай тэмдэглэгдсэн байдаг.
1. Лү овогт монголчуудын ургийн бичиг болох “Язгуур үндсийн удирдтгал” болон тэдний үе дамжсан аман ярианаас дээр дурдсан Лү овогт монголчууд гэдэг маань Чингис хааны дөрөвдүгээр хөвгүүн Тулуйн зургаа дахь хөвгүүн Аригбөхийн хойч үе гэдэг нь тодорхой мэдэгдэж байдаг. Лү овогт Монголчууд хөгшин залуу, эрэгтэй эмэгтэй бүгдээрээ өөрсдийгөө Чингис хааны хойч үе хэмээн нэрлэдэг. Үүний сацуу тэд, тэдний өвөг болох Аригбөх Хубилай хаантай хаан ширээ булаацалдан тулалдсаны эцэст өмнө зүгт зугтан, маш ээдрээтэй олон нүүдлийн эцэст одоогийн Хунху сумын Шашинхө хэмээх газарт сууршсан хэмээн тодорхой дурсан ярьцгааж байна. Тэднийг яагаад Лү овогт хэмээсэн талаарх ард түмний ам дамжсан яриа “Язгуур үндсийн удиртгал”-д тэмдэглэсэнтэй яг тохирч байдаг. Аригбөх бол Тулуйн зургаа дахь хөвгүүн байсан. Энэхүү зургаа дахь хөвгүүн гэдэг нь эртний хятад хэлний Lu гэдэгтэй яг адилхан бичигддаг. Иймд тэд энэхүү Lu гэдгийг авч өөрсдийгөө тийн нэрлэсэн бололтой. Гэхдээ энэ нь хятад хэлний Лу овогт гэдгээс ялгаатай юм. Иймд тэд өөрсдийгөө зориудаар Юн хотын Лү овогтнууд хэмээн нэрлэдэг. Юн хотын уг гарал нь Өгөөдэй хаан Алтан улсыг байлдан эзэлсэний дараа Хөнань мужийн газар нутгийг өөрийнхөө хөвүүд болон үр ач нарт хуваан өгсөн. Үүнээс одоогийн Жи сумын ойролцоох газар нутаг Аригбөхөд оногджээ. Энэхүү газар нутгийг эрт дээр Жоу улсын үед Юн улс хэмээн нэрлэдэг байсан байна. Иймд тэд өөрсдийгөө Юн хотын Лү овогтон хэмээн зориуд нэрлэжээ.
Аригбөх тухайн үедээ Юн хотын Ван хэргэм авч байсан тухай ам дамжсан түүхэн яриа байдаг. Аригбөх бууж өгсөний дараа Хубилай хаан хэдийгээр түүнийг алаагүй боловч түүний ойр дотны шадар түшмэд, болон цэргийн жанждаас маш олныг алж хороосон юм. “Түүхийн товчоонд”- Аригбөх нэгдүгээр сарын 6-нд ордондоо нас барав хэмээн тэмдэглэсэн байдаг. / Лалын шашны он тооллоор 664 оны /1266/ намар Аригбөх өвчний улмаас нас нөхцсөн./ Хубилай хаан Аригбөхийн гурван Их хатан, хоёр бага хатан болон хөвүүд охидод нь зохих анхаарал халамж тавьж байсан байна. Гэхдээ хамгийн гайхалтай нь Сүн Лян болон бусад хүмүүсийн Юан гүрний түүх, мөн монголын түүхийн материалуудад Аригбөхийн талаар бүдэг бадаг хольж хутгасан тэмдэглэл байдаг. Лү овогтны “Язгуур үндэсний удирдтгал”-д тэмдэглэснээр Аригбөх, Хубилай хаанд бууж өгсний дараагаар шадар түшмэд болон цэргийн жанжнуудынхаа хороогдсоныг хараад машид чочирдож өөрийн И /Юбугур/ хэмээх хүү, шадар түшмэд, зарц зэрэг гучаад хүнийг нууцаар дагуулан баруун зүгт Хубэй, Хөнань мужийг дамжин Хугань хүртэл зугтан одсон гэжээ. Хугань гэдэг нь эртний Юн Мөн Зө хотын балгас,/одоогийн Хунху/ юм. Тэд өөрсдийгөө өнгөт арьстнууд гэдэг байжээ. Тэгээд тэнд өөрсдийнхөө овог нэр, гарал үүслийг нуун суурьшсан байна.
Эхлээд тэд Жян сумын Хаунжан хэмээх үерийн далангаас хамгаалах газарт амьдарч байсан байна. Аригбөх энд удалгүй нас баржээ. Түүнийг нас барсаны дараа оршуулан, оршуулгын газар байгуулсан байна. Тэнд амьдарч буй Монголчууд түүнийгээ Лү овогтны “Их бунхан” хэмээн нэрийддэг. Энэхүү оршуулгын туурь одоо хүртэл байдаг. Аригбөхийг нас барах үед И ноёнтон /Аригбөхийн хүү Юбугурын хүндэтгэлийн нэр/ балчир байсан бөгөөд үүнийг далимдуулан түүний Ю, Ян хэмээх хоёр хятад зарц нь өдөөн хатгалга явуулж, Аригбөхийг гутаан доромжлон түүний энэхүү бунханг эвдэж сүйтгэсэн байна. Энэ үед Ю, Ян нартай тэмцэлдэх хүчин мөхөсдөснөөс Лү овогтнууд Хайжялин хэмээх газарт нүүдэллэн очжээ. Хожим нь И ноёнтон дагаж явсан арван найман хүний хамт Чайлинь голд живж үхсэн байна. Ингээд тухайн нөхцөл байдлаас шалтгаалан зарц боол, үндэс угсааг үл /тэр үед бас хятад боолууд хамт явсан/ хамааран тэднийг хамт оршуулжээ. Одоог хүртэл жил бүрийн гурван сарын гурванд үй олон Лү овогт Монголчууд энд хүрэлцэн ирж, өвөг дээдсийнхээ онгоныг тахидаг болсон байна.

И ноёнтныг нас барсаны дараа түүний овгынхон улам доройтжээ. Тухайн үед тэд нар Хайжялингийн Хай овогтнуудтай зэрэгцэн амьдардаг байсан бөгөөд эдгээр Хай овогтнууд нь ор үндэсгүй хэрүүл маргаан дэгдээн Лү овогтнуудыг ялгаварлан гадуурхдаг, дорд үздэг байсан байна. Ингээд Лү, Хай овогтнуудын хоорондох маргаан улам ширүүсч, зарим үед зарга нь Яаманд хүртэл очдог байв. Гэхдээ энэ маргаан эцэслэн шийдэгддэггүй байв. Энэхүү нөхцөл байдлын дор Юбугурын ач болох Лу Рун Фү дахин нүүдэл хийхээр бэлтгэжээ. Байдлыг өөрийн нүдээр харж, чихээр сонссон зэргэлдээ орших Чуй овогтнууд /одоогийн Лү овогтны эзэмшил газар, эртний нэр нь Чуй жя тай/ Хай овогтны энэхүү ёс бус үйлдэлд маш их гайхаж, Лу овогтнуудыг их өрөвддөг байв. Иймд Лү овогтонтой өөрийн оршин сууж буй газар болон бусад зүйлсээ солилцох болж, энэхүү эцэс төгсгөлгүй маргаанд цэг тавьсан байна. Одоог хүртэл Хай , Лү овогтнууд ураг бололцдоггүй, Чуй Лү овогтнууд зарга хийдэггүй гэсэн ам дамжсан яриа байдаг. Үнэхээр Хай, Лү овогтнууд огт ураг төрөл бололцдоггүй байсан бөгөөд харин Лү, Чуй овогтнууд хоорондоо ураг төрөл бололцох төдийгүй элдэв ямар нэгэн маргаан гарваас өөр хоорондоо харилцан ярилцаж шүүн тасалсаар ирсэн байна. Дээр дурдсан зүйлүүд бол Лү овогт монголчууд Хунху сумын Шакоун тойргийн Лү Жа гацаанд сууршиж байсан түүхэн тойм юм.

Үндэс угсаагаа гэсэн сэтгэл болон түүний онцлог шинжүүд.
Лу овогт Монголчуудын гаднах байдал нь нутгийн хятадуудаас гойд ялгагдах юмгүй, ялангуяа хэл нь бүрэн ууссан байв. Гэхдээ тэдэнтэй ярилцах явцад үндэс угсаагаа гэсэн үзэл, сэтгэл маш хурц, гүн гүнзгий илэрч байлаа. Иймд өөрийн эрхгүй тэднийг бишрэх сэтгэл төрж билээ. Үүний сацуу зан заншлийн зарим нэгэн онцлог байдал нь тэднийг Монголчууд гэдгийг бүрэн дүүрэн итгүүлж байв. Бид монгол дээл өмсөн Лү овогтны гацаанд очиход тосгонд “Үндэс угсаа нэгтнүүд маань ирлээ” гэх их хөөрч баярласан үг хаа сайгүй сонсогдож, биднийг халуун дотно сэтгэлээр угтан авсан юм. Тэд бидэнд ихэд итгэн гадны хүнд огт харуулдаггүй Лү овогтны ургийн бичиг болох “Язгуур үндсийн удиртгал” болон олон зуун жил хадгалж байсан Аригбөхийн хөвгүүн И ноёнтны зурмал зургийг харууллаа. Энэхүү зургаас харахад И ноёнтоны гаднах байдал, өмссөн хувцас нь үнэхээр Монгол хүний онцлогыг илтгэн харуулж байв. Гэхдээ малгай болон бөс нь манж хүнийхийг санагдуулсан юм. Энэ талаар улам судлах хэрэгтэй. Тэдний өвөг дээдсийн онгон шүтээний өмнөх бяцхан хөшөө нь өөрийн гэсэн онцлоготой байлаа. Уг шүтээний нүүрэн тал нь хятад үндэстний онцлогоос огт ялгагдах юмгүй. Харин ар тал дээрээ “Монгол” хэмээх хоёрхон хятад ханз байдаг. Хятад үндэстнүүд өвөг дээдсийнхээ онгоныг тахихдаа түүний өмнө байнга хас хонхыг зүүж, хүндэтгэл үзүүлэх үедээ хонхоо цохидог. Харин Лү овогт монголчууд хонх уядаггүй бөгөөд тэд хонхыг зовлон, азгүй явдлын билгэ тэмдэг хэмээн үздэг байна. Үүнээс гадна өөр нэг онцлог байдаг нь тэд И ноёнтны бунханд бараалхах үедээ хятад үндэстнүүд шиг сөхөрч суугаад толгойгоо бөхийлгөдөггүй. Харин эсрэгээр умар зүгт монголын эртний газар шороо руу харж зогсоод толгойгоо мэхийн ёсолдог. Энэ нь И ноёнтныг дагаж явсан арван долоон зарц боолуудтай нь хамт оршуулсантай холбоотой. Хэрвээ И ноёнтны шарилд мэхийн ёсолбоос мөнхүү тэнд хамт оршуулагдсан хятад зарц боолуудад хүндэтгэл үзүүлж буй гэсэн үг бөгөөд үүний улмаас тэд хойт зүгт харж зогсон толгой мэхийдэг байна. Энэ нь хэдийнээ одоог хүртэл заншил болон тогтжээ.

700 гаруй жилд үндэс угсаагаа нуун далдалж байжээ.
Лү овогт монголчуудын түүхэндээ уламжилж ирсэн энэ байдал нь үндсээрээ устах тал руугаа явж байна. Гэхдээ цөөн тооны хуучин үзэл бодлын хүлээсэнд автагдсан хөгшчүүлийг үл тооцвол хүн амын 95-аас дээшэх хувь нь өөрсдийнхөө үндэс угсааг нэн дариу сэргээж, өөрийнхөө овог угсааг нуун дарагдуулж байсан энэ амьдрал дахин давтагдахгүй байхыг маш их хүсч байна. Тэд бидэнд Юан гүрний үед Хубилайгаас айдаг байсан, Мин улсын үед Юан гүрний үлдэгдлүүд хэмээн гадуурхагдаж, үндэс угсаагаа устгагдахаас, Чин болон Дундад иргэн улсын үед мөн л хавчин гадуурхагдаж, алагдах, гуйрамч, тэнүүлчин амьдрал руу унахаас айдаг байсан, хэрвээ өнөөдөр түүхийн энэхүү эрээн бараан арилваас бид дахин юунаас ч айхгүй амьдарна хэмээн ярьсан юм. Хэдийгээр тэд өөрсдийнхөө үндэс угсааг нууж явсан боловч бид хятад үндэстнүүд биш шүү гэсэн санааг өөрийн мэдэлгүй л гаргаж ирж байжээ.

Анх Хунхуд очихдоо хойт зүгээс зугтаж ирсэн учраас хэл яриа, зан заншил, хувцас хунар зэргээрээ тухайн оршин суугчдаас маш ихээр ялгарч байв. Иймд өөрсдийгөө өнгөт арьстанууд хэмээн нэрлэж байсан бөгөөд хожим түүнээ хятад үндэстнүүд хэмээн засаж бичсэн байна. 20 зууны эхэнд одоогийн Лү овогтны гацаанд нэгэн эцэг өвгөдийн онгон шүтээн болох сүм байгуулжээ. Тэгээд тэд Бэй Фин Фү Рен Их сургуулийн профессор Лу Кай Дяог урьж авчран шүтээн дээрээ “Монголчуудын зан заншил” хэмээх дөрвөн үгийг уйгур бичмэлээр бичүүлжээ. Гэтэл зарим нэгэн хүмүүс гай гамшиг авчрах нь хэмээн маш их айж, энэ дөрвөн үгийг засч бичсэн байдаг. 1964 онд хоёр дахь удаагаа бүх ард түмний тооллого явуулахад олонхи Лү овогтнууд өөрсдийгөө монгол үндэстэн хэмээн бөглөн бичиж байсан байна. Гэхдээ эрх мэдэл бүхий цөөн тооны хөгшчүүлийн ятгалгаар түүнээ дараа нь хятад үндэстэн хэмээн засаж бичжээ. Хэрвээ тухайн үеийн хүн амын тооллогын дансыг эргүүлэн харах юм бол монгол гэсэн үгийг хятад хэмээн залруулан бичсэнийг тодорхой харж болно. Өөрийнхөө үндэс угсааг сэргээх бол Лү овогт монголчуудын олон зуун жил сэтгэлийн гүндээ хадгалж байсан сайхан мөрөөдөл юм. Хубэй мужийн Хунху суманд одоогоор 2700 гаруй монголчууд амьдарч байна. Эдгээрийн олонх нь Хунху сумын Сяшинхө гэдэг газарт амьдардаг. Гэхдээ үүнд Бээжин, Үхань, Хунань зэрэг газар шилжин суусан монголчуудыг оруулаагүй болно.

Тайлбар
1. Аригбөх үхсэн үү, эсвэл оргосон уу. Энэ бол монголын түүх судлаачдын өмнө тулгарч байгаа хамгийн шинэ сэдэв болж байна. “Түүхийн товчоон”-оос гадна Монголын түүхийн тухай бусад материалуудад Аригбөхийн насан эцэслэсэн эсэхийг тодорхой бус тэмдэглэсэн байдаг. Иймд үүнийг цаашид улам гүн гүнзгий судлах зайлшгүй хэрэгтэй юм. Гэхдээ Лү овогтнуудын түүхэн тойм нь Аригбөхийг баруун зүгт зугтан одсон гэдгийг баталж байна. Түүнчлэн түүний шарил нь одоог хүртэл хадгалагдаж байгаа нь бас нэгэн нотолгоо болох юм. Аригбөхийг Хубилайгаас нууцаар оргон одсоны дараа тэр үед Хубилай хаан Аригбөхийг баруун зүг рүү оргон одсон тухайд удтал мэдээгүй бөгөөд зөвхөн түүнийг нэгэн зэлүүд газар нуугдаж байгаа хэмээн таамаглаж байсан. Ийм ч учраас баруун зүгийн Ил хааны улс болон Монгол нутаг руу Аригбөхийг өвчний улмаас үхсэн хэмээх хуурамч мэдээллийг хүргэсэн байна. Энэ бол Хубилай хаан Аригбөхийг амьд байгааг түүнийг дэмжигчидын сонорт хүргэхгүй нуухын улмаас ингэсэн болов уу. Хубилай хаан монгол нутагт болон хятадад байсан монголчуудаас бүхнийг нуун далдалж байв. Иймд Хубилай хаантай олон жил хаан ширээний төлөө тэмцэлдсэн Аригбөхийн талаар монгол, хятад хэл дээрх монголын түүхэн материалуудад нарийн тодорхой дурдаагүй байдаг нь аргагүй юм. Хамгийн сүүлд Хубэй мужид амьдарч байгаа монголчуудын ам дамжсан түүхэн яриа, бичгээр үлдсэн материалууд дээрх тэмдэглэгээ, мөн монголын түүхэн материалууд болон “Түүхийн хураангуй”-д буй тэмдэглээнүүд нь зөвхөн хэлбэр байдлын хувьд ялгаа байгаа болохоос агуулгын хувьд үнэндээ ялгаа байхгүй юм.
2. Аригбөхийн хүүг И ноёнтон хэмээн нэрийдсэн учир. Лу овогт монголчууд Аригбөхийн хүү Юбугурын/Аригбөхийн их хатан Ойрд аймгийн Илчикмышээс гарсан хүү/ монгол нэрийг нь товчлон И хэмээн хүндэтгэн нэрлэж байсан байна. Юан гүрний түүхэнд Аригбөхийн хүүг Юмухур, “Түүхийн товчоон”-д Юбугур, Юмхур гэж нэрийдсэн байдаг. Хятад хэлнээс орчуулбаас Юмухур гэдэг. Юан гүрний түүхэнд түүнийг ван цолтон хэмээн өргөмжилсэн байгаа. Гэхдээ түүнийг Хубилайн төр барьж байх үед эрх мэдэл бүхий албан тушаалтай байсан уу гэдгийг мэдэхийн арга байхгүй. Түүхийн материалд тэмдэглэснээр түүний монгол нэр нь Юбугур, эсвэл Юмухур байж магадгүй. Иймд тэрбээр хятад үндэстний амьдарч буй нутагт зугтаж очсоны дараагаар овог нэрээ өөрчлөхдөө монгол нэрийн эхний дуудлагыг үлдээгээд товчоор И хэмээн өөрчилсөн бололтой.

Сэнгэрэнцэн нарын бичсэн “Хубэй мужийн Хунху сумын Лү овогт Монголчуудын тухай асуудал” хэмээх эл өгүүлэлд дурдагдсан баримтууд нь бидэнд Аригбөхийн үхлийн талаар, тухайлбал бүх сурвалж бичигт дурдсанаар түүнийг 1266 онд Хубилайн хорио цагдалт дор өвчнөөр нас барсан уу, эсвэл дээрх өгүүллийн өгүүлэхээр харьяат шадар дотнын хүмүүсээ дагуулан Хубилайн цагдалтаас оргон дутаасан уу гэсэн ацан асуулт, ихээхэн эргэлзээтэй байдлыг төрүүлж байна. Аригбөхийн ур удмын талаар сурвалж бичигт хэрхэн өгүүлсэнийг нягтлан үзэх нь дээрх ээдрээтэй байдлыг тодруулахад бага ч болов дөхөм болох болов уу.

Аригбөхийн удам угсаа
Сэнгэрэнцэн нарын бичсэн өгүүллийн баримтуудыг нягтлахад “Судрын чуулган” болон “Юан - ши”-д Аригбөхийн удам угсааны талаар өгүүлсэнийг сөхөн үеьпе. Эдгээр сурвалжуудад бичсэнээр Аригбөх нь хэд хэдэн хатад, хүүхдүүдтэй байжээ. Төв Монголын нутагт түүний дөрвөн орд өргөө байсан хийгээд Хубилай Хархоринг эзлэхдээ тэдгээрийг олзолсон. Мөн Алтай, Киргизэд түүний зун болон өвлийн орд өргөөд нь байсан байна.
Аригбөхийг Юбугур, Найраг–бөх, Лаган-Шигань гэсэн гурван хүүтэй байсан хэмээн Юань-шид тэмдэглэжээ.
Харин Аригбөхийн хатад хүүхдүүдийн талаар “Судрын чуулган”-д нэлээн дэлгэрэнгүй дурдсан байна. Түүнд өгүүлсэнээр Аригбөхийн Их хатан Илчикмыш ойрад аймгийн хүн байв. Аригбөх Хубилайтай тэмцэхдээ ойрдуудын хүчинд ихээхэн түшиглэж байсан билээ. Илчикмышээс хүү Юбугур болон, хоёр охин төрсний том нь Халукан-агай. Түүнийг Баявут омгийн Татакта хүргэнд өгчээ. Энэ Халукан нь Некудер нэрт Мелик-Төмөрийг төрүүлжээ.
Хоёр дахь хатан Хутагт нь найман аймгийн Кучукур Клана овгийн хүн байсан ба Сорхагтани бехитэй хамт түүний өргөөнд амьдарч Камтай гэдэг охин төрүүлснийг нөхөрт гаргаагүй. Нумуган нэрт нөгөө охин нь ойрад аймгийн Чупан хүргэнд очжээ.
Гуравдугаар хатан Кутлу нь хонгирад аймгийн хүн байсан ба мөн Сорхагтани бехитэй хамт амьдарч байжээ. Тэрбээр хүү төрүүлээгүй аж.
Аригбөх дээрх гурван хатнаас гадна хэд хэдэн татвар эмтэй байв. Барулас аймгийн Ирау–гуа нэрт татвар эм нь Хубилайгаас Иранд Хөлөг хааны дэргэд элчээр очсон Хаданы охин дүү бөгөөд тэр эм Найраг-Бөх нэрт хүү төрүүлжээ.
Мөн нэг татвар эм байсан нь Хонгирад аймгийн Ашитай гэгч бөгөөд Тамачи нэрт хөвүүний нь эх юм.
Аригбөх Хубилайд бууж өгөхөөр очихдоо Юбугур, Меликтөмөр, Найраг-Бөх, Тамачи дөрвөн хөвүүнээ гэртээ үлдээгээд бүх эхнэрүүдээ дагуулж явжээ.
Аригбөхийг нас барсны дараа түүний хатад, татвар эмс нь гэр гэртээ харьцгаав. Гурван жил болсны дараа Хубилай хаан “Аригбөхийн хөвүүд хүрэлцэн ирж нүдийг минь баясгагтун” гэж зарлиг болжээ.
Зарлигийн дагуу Аригбөхийн хүүхдүүд болох Юбугур, Мелик-Төмөр, Найраг-Бөх, Тамачи нар Хубилай авга ахдаа очин ёслол хүндэтгэл үзүүлсэнд Хубилай тэдэнд ихэд найршаан хандаж хариу хүндэтгэл үзүүлэн тэдэнд хатад болон ихээхэн бэлэг өгчээ.
Үүнд Хубилай хаан Асутайн хатан Есүдэрийн их өргөөг Юбугурт өгчээ. Юбугур Есүдэр хатныг авч гурван жил хамт амьдрахад Есүдэр хүүхэд төрүүлэлгүй байсаар бие баржээ. Юбугур Есүдэр хатны удмын нэг хатанг дахин буулган Хулачу, Олджай-Төмөр гэдэг хоёр хүүтэй болов. Олджай –Төмөр нь хожим Ил хаан Өлзийтийн дэргэд Иранд очжээ.
Юбугурын ахмад хүү нь түүний Их хатан Харнууд аймгийн Чапан хатнаас гарсан Ил-Бөх нэрт байв.
Юбугур нь мөн Найман аймгийн Кушлуг хааны ахын охин Огул-Текин хатнаас гарсан Урла нэрт хүүтэй. Урла нь Сүлдүсүн аймгийн Чапун ноёны охин Байкуг хатан болгон авч, Мелик –Төмөрийн дэргэд амьдарч байжээ.
Юбугурт мөн Хонгирад аймгийн Баян нэрт нэгэн хатан байсан нь түүний өвөг Тулуйн татвар эм байжээ.
Хубилай хаан Аригбөхийн хүү Меликтөмөрт Лингкум хэмээх хатныг өгсөн байна. Энэхүү Лингкум нь Кишлуг хааны охин юм. Ухаалаг, авьяаслаг хан хүү Хутагт бол энэ Лингкумын хүү юм. Мелик-Төмөр мөн Лингкум хатнаас Келмиш –ага, Ширин –ага гэсэн хоёр охинтой. Лингкум хатныг нас барахад Мелик-Төмөр Жалайрын Таран ноёны охин Гилтэй хатныг их хатны өргөөндөө буулган авчээ. Энэхүү хатнаас хүүхэд гарсангүй тул Дурбан аймгийн ахлах ноён Ширекийн охин Бураг мөн хатнаа болгон авч хоёр хүү төрүүлсэн нь Ойратай, Махмуд хоёр юм.
Мелик-Төмөр мөн Ойрдийн Барс Бөхийн охин Эмүгэн хэмээх хатантай байсан ба энэ хатнаас нь Мингхан, Ачигиг, Есөн-Дува, Баритай хэмээх дөрвөн хүү төржээ. Эдний дундаас Есөн-Дува нь эцгийн голомтийг залгаж, Дундад Азид нэлээн нэр нөлөөтэй нэгэн байсан байна.
Меликтөмөр бас Туглуг –Олджай нэрт бас нэгэн татвар эмтэй байжээ.
Хубилай хаан Аригбөхийн Их хатан Илчигмышийн өргөө эзэмшлийг хүү Найрагбөхөд нь өгчээ. Найрагбөх нь эцгийгээ нас барахад ихэд гутран амиа хорлохыг завсан боловч түүнд боломж өгсөнгүй. Байнгын хараа хяналтан дор байлгажээ. Гэвч Найрагбөх удалгүй уй гашуугаасаа болж нас баржээ. Түүнийг нас барахад Илчигмыш хатны өргөө нь Ашигтай нэрт охинд нь үлдэж удалгүй Меликтөмөрийн эзэмшилд орсон байна.
Энэхүү Найраг бөх нь Хурбаг, Бачани, Самгар, Баян-Өвгөн, Ур-Төмөр нэрт таван хүүтэй байв. Эхний дөрөв нь Хубилай хааны их хатан Хонгирадын Чапуны үеэл болох Ашитай хатнаас нь гарсан ба Ур-Төмөр нь олхонуд аймгийн Учин-Экачи хатнаас нь гарчээ.
Аригбөхийн бага хүү Тамачид Хубилай Хутагт хатны орд өргөөг өгчээ. Хутагтийг нас барахад Найманаас Ер-Текин хэмээх бүсгүйг хатан болгож Баян, Дурбан хэмээх хоёр хүүтэй болсон байна.
Хожим Хубилай хаан Хайдугийн эсрэг тэмцэхдээ Их цэргийг хүү Нумугун, Хөхчү нараар удирдуулан, Хантун ноёноор захируулсан зүүн жигүүрт хэд хэдэн хан хөвүүдийг цэргийнх нь хамт оруулсаны дотор Аригбөхийн хөвүүд Юбугур, Мелик-Төмөр нар явжээ. Гэвч тэд Өгөөдэйн удмын Ширеки, Сүйхтэйн хүү Тугтөмөр, Ургадай нартай үгсэн Нумугун, Хөхчү болон Хантун ноён нарыг гэнэдүүлэн баривчилж, Хайдуд тушаагаад Хубилайн эсрэг тэмцэлд нэгдсэн юм. Аригбөхийн дээрх хоёр хүү нь XIII-XIY зууны зааг үед Дундад Азид өрнөсөн хан хөвүүдийн хоорондын жижиг сажиг мөргөлдөөн, зөрчилдөөнд нэн идэвхтэй оролцож байсан байна. Хожим Юбугур нь Хайдугаас салж эцгийн нэгэн адил хатад эхнэрүүдээ аван Хубилайд хоёр дахь удаагаа бууж өгчээ.
Энэхүү Юбугур нь Сэнгэрэнцэн нарын бичсэн “Хубэй мужийн Хунху сумын Лү овогт Монголчуудын тухай асуудал” хэмээх эл өгүүлэлд дурдагдсан И ноёнтон мөн бөгөөд “Судрын чуулган”, “Юан-ши”-гийн мэдээ сэлттэй зөрж байна. Дээрх өгүүлэлд дурдсанаар Юбугур нь эцгээ даган 1265-1266 оны үед Хубилайн дэргэдээс, гэрийн хорионоос оргон зугтааж, Хубэй, Хөнань мужийг дамжин Хугань мужид очиж суурьшаад нууцаар амьдарч байсан бололтой байдаг.
Гэтэл “Судрын чуулган”-д дурдсанаар Аригбөх Хубилайд бууж өгөхөөр очихдаа Юбугурыг бусад ах дүүсийнх нь хамт ойрдод үлдээгээд хатад эхнэрүүдээ авч явжээ. Аригбөхийг нас барсанаас хойш гурав дахь жилд Хубилай Аригбөхийн хүүхдүүд ирж золгохыг хүссэн /зарлигдсан/-д Юбугур ах дүүсийн хамт очсон байна. Тэгэхэд Хубилай тэдэнд ивгээл хайр үзүүлж, шан харамж өгчээ. Үүнд Юбугурт Асутайн хатан Есүдэрийн их өргөөг өгчээ. Энэхүү Есүдэрийн өргөө гэр нь Мөнх хаанаас Алтан Улсын хуучин нутаг дэвсгэрээс дахин хувиарлалт хийхэд хүү Асутайд ноогдсон Хэбэй мужийн хэсэг газарт байсан уу, үгүй юу гэдгийн нягтлан тодруулах шаардлагатай юм. Нөгөө талаар Юбугур нь Хайдугийн эсрэг явуулсан Хубилайн цэрэг армид өөрийн баг цэргийн хамт явсан төдийгүй эгзэгтэй үед Өгөөдэйн удмын хан хөвүүдтэй үгсэн Хубилайн хүү Номхон болон бусад жанжидыг баривчлан Хайдуд тушаагаад Хубилайн эсрэг тэмцэлд нэгдсэн байна. Гэвч хожим Хайдугаас салж дахин Хубилайд бууж өгчээ. Харин ийнхүү хоёр дахь удаагаа бууж өгсөний дараа Хубилай Юбугурт хэрхэн хандсан талаар мэдээ сэлт алга байна.

Сэнгэрэнцэн нарын өгүүлэлд дурдагдсан Лү овогт Монголчуудын Хубилайгаас оргон дутаасан явдал нь Юбугур сүүлд Хайдугаас салан бууж өгсөний дараа болсон ч байж болох юм. Учир нь Хубилайгаас зугтаасан Аригбөхийн удмынхан тухайн үедээ Хубилайд мэдэгдэлгүй өөрсдийгөө нууцалж чадсан байсан тул тэр үед Юбугур Хайдугийн эсрэг дайнд оролцох боломжгүй байсан гэж үзэж байна. Нөгөө талаар Аригбөхийг өөрийн хүмүүсээ аван дутаасан гэдэг ч ихээхэн эргэлзээтэй, Лү овогт монголчууд өөрийн удмыг Аригбөхөөс эхлүүлж байгаа нь удмынхаа бичиг сурвалжид түүнийг дээрх зугтан зайлсан явдлын эхэнд дурдахын шалтгаан болсон ч байж болох юм.
Тэгэхээр үйл явдлын өрнөлтийг энэ мэтчилэнгээр харьцуулан үзэхэд Лү овогт монголчууд нь Аригбөхийн үед бус, харин түүний хүү Юбугур Хубилайд хоёр дахь удаагаа бууж өгөхөөр очсоны хойно энэхүү Хубилайн цагдалтаас буруулан дутаасан явдал болсон байж болох магадлал нь илүү байна.

Мөн Юбугурын хүү Ил бөх нь Сэнгэрэнцэн нарын бичсэн өгүүлэлд дурдагдаж буй И ноёнтны хүү Лү Рүн Фү мөн эсэхийг тодруулах хэрэгтэй байна. Ийм ээдрээтэй адал явдлын учгыг тайлахад нэлээн урт хугацааны эрэл хайгуул хэрэгтэй болов уу.
Ийнхүү Аригбөхийг оргосон уу, нас барсан уу гэдгийн учгыг тайлах нь манай түүхийн нэн шинэ сэдвийн нэг аргагүй мөн болжээ.

2003 он

Б.Номинчимэд “Хувьгүй хаан Аригбөх” Номоос
Эх сурвалж: https://www.facebook.com/nominchimed/posts/660824710604569

Нийтлэгчээс: Энэхүү нийтлэл нь зохиогчийнАригбөхтэй холбогдсон цуврал нийтлэлүүдийн 4 дэх нь бөгөөд өмнөх 3 нийтлэлийг дараах хаягуудаас үзэж болно. Үүнд:

(1) Б. Номинчимэд, Түүхэн эргэлтийн золиос http://www.tsahimurtuu.mn/index.php/component/k2/item/2193-article_20131127_001
(2) Б. Номинчимэд, Сүүлчийн Их Хуралдайн өмнө http://wwхуралдайw.tsahimurtuu.mn/index.php/component/k2/item/2194-article_20131129_001
(3) Б. Номинчимэд, Алтангорхийн Их . Сүүлчийн Их хааныг өргөмжилсөн нь http://www.tsahimurtuu.mn/index.php/component/k2/item/2199-article_20131202_001

 

                                

Аригбөхийн өмнө газар зарсан элчээс нь Хубилайг Кайпинд их хаанаар өргөмжлөгджээ гэсэн найдваргүй мэдээ иржээ. Хубилайн энэ үйлдэл нь Аригбөх болон түүний талынханд олон зүйлийг тов тодорхой болгож, замыг нь шулуутгаж өгчээ. Ингээд хэдхэн хоногийн дараа билгийн тооллын дөрөвдүгээр сарын сүүлчээр, аргын тооллын 5 дугаар сарын 12-нд Орхон мөрний эхэнд төрийн есөн хөлт Их цагаан сүлдийг залан Их хуралдайг хууль ёсоор эхлүүлжээ. Тэгэхэд Аригбөхийн удаа дараагийн шаргуу шаардлагын хүчинд цуглаад байсан хан хөвүүд нэгэн дуугаар “Бид тэднийг хэдий болтол хүлээх юм бэ?” гэсэн нь нэгд, Их хуралдайд тэднийг зарлан дуудсан байсныг, нөгөө талаар нэлээн тэсгэл алдан эгдүүцсэний илрэл юм.
Орхон мөрний эхэнд цугласан алтан ургын ноёд дээдэс уламжлалын дагуу сар орчим хуралдаж, Монголын эзэнт гүрний тав дахь үеийн Их хаанаар Тулуйн отгон хүү Аригбөхийг өргөмжлөн, түмнээ зарлан мэдэгджээ.

1260 онд сар гаруйн хугацаанд дараалан болсон энэхүү хоёр Их хуралдайг харьцуулан үзье.

Нэгд, Тэмүүжинийг хаан ширээнд өргөмжилсөн ёслолоос уламжлан төрийн тэргүүнийг хаан ор суулгах монгол ёс журмын боловсронгуй хэв маяг тэр үед нэгэнт тогтоод байв. Өмнөх Их хаадыг сонгосон Их хуралдай бүгдээр Монголын уугуул нутагт Орхон, Хэрлэн мөрний сав газарт зуны эхэн сарын эхээр эхэлж, сар орчим хуралдаж байв. Чингис, Өгөөдэй, Гүюг, Мөнх нарыг хаан ширээнд өргөмжлөхөд маш том төрийн хуралдай хийсэн байдаг. Төрийн хуралдайг хийхдээ хэзээ, хаана хийх, ямар асуудал шийдэх тухай урьдчилан дуулгаж бэлтгэдэг байжээ. Хуралд оролцож буй хүн санал бодлоо чөлөөтэй илэрхийлэх, зөвлөх эрхтэй байсан. Хурлын нууцыг чанд хадгалж, задруулсан этгээдийг хатуу шийтгэдэг, хурлын нэгэнт гарсан шийдвэрийг олон түмэнд шуурхай хүргэн мэдээлдэг байжээ. Аригбөх, Алаандар ноён нар хан хөвүүдийг Их хуралдайд удаа дараа зарлан дуудаж байжээ.
Аригбөхийг өргөмжилсөн Их хуралдай нь Эзэн Чингисээс уламжилж ирсэн энэхүү төрийн ёсыг чанд баримтлан хуралдсан байна. Их хуралдай Эзэнт гүрний улс төрийн цөм болох Монгол нутгийн хүйс төв Хархорины ойролцоо Орхон мөрний цутгаланд урьдчилан бэлтгэж, улс гүрэн даяар зар түгээж байж 5 дугаар сарын 12-оос дараа сарын аравдыг хүртэл сар орчим хуралджээ.
Харин Хубилайг өргөмжилсөн хуралдай нь нууцаар бэлтгэж байгаад ганцхан өдөрт багтаан хуралдсан төдийгүй Кайпинфу бол тухайн үед умард хятадын жирийн нэгэн хот байлаа. Монголын нөлөө бүхий ноёд, хууль ёсны Их хуралдайн шийдвэргүйгээр Хубилай дүү Аригбөхийн эсрэг тэмцэхийн тулд энэ хотыг Монголын эзэнт гүрний түр нийслэл хэмээн зарласан нь дур мэдсэн хэрэг байв.

Хоёрт, Аригбөхийг өргөмжилсөн Их хуралдайд Их хааныг сонгох эрх бүхий алтан ургийн бүрэлдхүүнээс нэлээдгүй нь байжээ. Их хуралдайд монголын уугуул нутгаас Мөнх хааны хатад, гэргий нар, түүний хүү Асутай, Уранташ, Сэрхэн, Олдаши нар, Цагаадайн улсаас тус улсын эзэн Хар Хулагугийн гэргий Ургана бэр, Ил хант улсаас Хөлөг хааны хоёрдугаар хүү Жүмхүүр, Алтан ордны хант улсаас Зүчи хааны их хүү Ордагийн хүү Харачар мэргэн, Цагаадайн ач Алгу, авга нарын талаас Тэмүгэ Отчигоны ач Наймандай, Билгүдэйн ач, мөн Чинтөмөрийн хүү Есү, Хадааны хүү Курмаши, Начин нарын зэрэг алтан ургийнхан дагалдах олон ноёд, ихсийн хамт Их хааныг сонгохоор ирсэн байлаа. Тэдний дунд Мөнх хааны чинсан/төрийн сайд/ байсан Хэрээдийн нестор шүтлэгт Булгай хамгийн нэр нөлөөтэй нь байв. Мөн Дундад Азийн бүс нутагт нэр нөлөө нь үлэмж болоод байсан Өгөөдэйн удмын Хайду болон Зүчи, Цагаадайн удмын томоохон ноёд бүгдээр идэвхтэй дэмжиж байжээ. Аригбөх, Алаандар нар эдгээр ноёдыг цуглуулах, дэмжлэг авах талаар багагүй ажилласан байна. Түүнээс гадна өмнөд Хятадын Санши, Сычуанд цэрэг захирч байсан монгол жанжидын олонхи нь Аригбөхийг дэмжижээ.
Энэ нь хэдийгээр Гүюг болон Мөнхийг Их хаанаар сонгосон Их хуралдайд оролцсон алтан ургийнханы бүрэлдхүүнтэй харьцуулахад тоогоор цөөн байсан ч Их гүрний эзэмшил бүрийг төлөөлсөн Их хааныг сонгох эрх бүхий алтан ургийн гол гол гэр бүлийнхний төлөөлөгчид юм.
Харин Кайпинд болсон Их хуралдайд Чингисийн алтан ургийнхан болох Зүчи, Цагаадай, Өгөөдэйн удмийнхан болон төрийн гол цөм болж байсан Мөнх хааны гэр бүлийнхэнээс нэг ч хүн дэмжсэнгүй. Нэлээд хэдэн монгол ноёд байсан нь Хубилайн хадам эцэг зэрэг монголын жирийн язгууртнууд, цэргийн ноёд байсан байна.

Гуравт, Түүнээс гадна 1206 онд Чингис хаан Монголын тулгар төрийг анх тунхаглан зарлахаас өмнө төрийн есөн хөлт Их цагаан Сүлдийг үйлдүүлэн зуны эхэн сарын шинийн гуравны өдөр анх амилуулан тахиж түүнээс ес хоногийн дараа Их Хуралдайг эхлүүлж байжээ. Хэрлэний хөдөө аралд зуны эхээр болж Өгөөдэйг хаан ширээнд залсан Их хуралдай, Гүюг болон Мөнх нарыг залсан Их хуралдайнуудад ч энэхүү төрийн Их цагаан Сүлдийг ёслол төгөлдөр залж байжээ. Энэхүү төрийн есөн хөлт Их цагаан Сүлд нь Монгол улсын төрийн үйлс ариунаар мандан бадрахын бэлгэдэл болж байсан тул төрийн аливаа томоохон хэргийг шийдвэрлэх, тэр дундаа Их хааныг сонгон тодруулах асуудлыг шийдвэрлэх Их хуралдайд зайлшгүй залан ёслол үйлддэг уламжлал тогтоод байсан агаад энэ нь тухайн Их хуралдайг хүчин төгөлдөр болгож байсан байна.
Эрдэмтэн Сайшаал энэ талаар бичихдээ “Төрийн хуралдайн Их ордныг Чингис хааны хүрээний төв дунд нь эх тэнгэрээс эрдэнээр үүдсэн орд харшийг байгуулав. ... Их ордны үүдний гадна нэг талд нь Монголын төрийн далбаа “Есөн хөхөлт цагаан туг”-ийг өндөрт мандуулж, нөгөө талд нь Чингисийн дайчин үйл явдлын бэлгэ тэмдэг болсон “Дөрвөн гөхөлт хар сүлд”-ийг нь мөнхүү өндөрт мандуулжээ.” гэжээ.
Энэхүү Чингисийн төрийн есөн хөлт Их цагаан Сүлд нь гүрний нийслэл Хархоринд хаан ахаас төрийн хэргийг хүлээн авч үлдсэн Аригбөхөд байсан юм.
Мөн Чингис хаан аян дайнд явахдаа ямагт залж их цэргийнхээ сүр хүчнийг даатгадаг байсан байлдааны дөрвөн хөлт хар туг бүхий догшин Их хар сүлд нь ч Мөнхөөс Аригбөхөд уламжлагдсан байх магадлал нь ч илүү юм. Учир нь Мөнх хааныг Сычуан дахь цэргийн хуарандаа эндэхэд түүний дэргэд байсан хан хүү Асутай нар нь эцгийн шарилыг аван үг дуугүй гэдрэг буцахдаа хааны аян дайны сүлд хиймор болсон Их хар сүлдийг ч авч явжээ. Их хааны шарилыг авч явсан цуваа замдаа сааталгүй, Хубилайн байсан Кайпинфугаар дайралгүй шууд явсаар Хархоринд иржээ. Тэгэхээр Их хар сүлд эзний шарилын хамт төрөлх нутаг Хархориноос өөр очих газар үгүй юм.
Кайпингийн хуралдайд энэхүү төрийн ёслолын хоёр чухал бэлгэдлийн аль нь ч байсангүй.

Дөрөвт, Чингис хааныг төрийн их Хасбуу /хаш/ тамга хэрэглэж байсан тухай баримт бий. Чингис хааны уг тамга Өгөөдэй хаанд уламжлагдан очжээ. “Их Монгол Улсын далай хааны тамга” гэсэн үг үсэг бүхий төрийн тамгатай байсан гэж “Монголын нууц товчоо” болон бусад тулгар бичигт дурдсан. Өдгөөг хүртэл хадгалагдаж ирсэн Монгол гүрний төрийн тамганы цорын ганц ул мөр бол Ватиканы архивт хадгалагдаж буй Гүюг хаанаас Плано Карпиниар дамжуулан Ромын Пап IV Иноцентэд илгээсэн захидал дээрх “Мөнх тэнгэрийн хүчин дор Их Монгол улсын Далай хааны зарлиг ил болгон иргэн дор хүрвээс биширтүгэй, аюутугай” хэмээсэн сүрлэг, омог бардам үгстэй тамганы дардас юм. Бид уг тамгыг Эзэн богд Чингисийн тамга гэж ойлгодог. Чингис хааны тамгыг “Тэнгэр дээр сахиусан буй. Дэлхий дээр хаан буй. Сахиуслан ивээтүгэй. Бүх хүн төрөлхтний эзний тамга” гэсэн бичээстэй байсан тухай ч дурдсан байдаг байна. Гэвч энэ нь олон хэлээр дамжсан орчуулга ч байж болох, эсвэл өөр үг үсэг бүхий өөр тамга ч байсан байж болохыг үгүйсгэхгүй юм. Ийм үг үсэг бүхий тамганы дардас өнөөг болтол олдоогүй байгаа ажээ.
Ерөөс төрийн тамга гэдэг нь аливаа улсын бүрэн эрхт байдал, тусгаар тогтнолын бэлгэдэл, төрийн бодлого үйл ажиллагааны батламж болдог бөгөөд энэхүү төрийн тамга хэнд ямар журмаар хэрхэн очсон нь эрхгүй сонирхол татаж буй. Өөрөөр хэлбэл төрийн тамга атган мэдэж буй тэр хүн хууль ёсны төрийн тэргүүн мөн.

Эрдэмтэн Сайшаал Чингис хааныг өргөмжилсөн тухай бичихдээ 1206 оны Их хуралдайд оролцогсод бүгдээр Чингисийг хаан ширээнд залан, их ёслол үйлдэн, хаандаа тангараг өргөсний дараа ордны бичгийн багш, тамганы сайд Тататунгаагаас цагаан хасын дээр шинэхэн сийлсэн хааны тамгыг хуралдагсдад үзүүлэн “Мөнх тэнгэрийн хүчин дор Их Монгол улсын Далай хааны зарлиг ил болгон иргэн дор хүрвээс биширтүгэй, аюутугай” гэсэн тамганд сийлсэн зарлигийг хуралдагсдад уншиж өгөөд хас тамгийг хаанд өргөжээ. Энэ үед сүр жавхлант хөгжмийн эгшиг цуурайтахуй олон төрөл садан, түшмэд сайд нар босч ..... ёслолыг гүйцэтгэжээ” гэсэн байна. Дараачийн Их хаадыг өргөмжлөхөд ч тэд мөнхүү төрийн Хасбуу тамгыг гартаа барин хаан ширээнд заларч байсан байна. Эндээс үзэхэд Их хуралдайд хааныг сонгож баталсаны дараа төрийн Хасбуу тамгыг хаанд өргөж, түүний төрийн бүрэн эрхийг баталгаажуулан олгож байжээ.
Юутай ч Ватиканд хадгалагдаж буй захидалд дардасаа үлдээсэн Өгөөдэй хааны эл тамга нь эцгээс уламжилж ирсэн хийгээд хүү Гүюгт дамжин очжээ. Мөнхүү тамга дараагийн их хаан Мөнхөд шилжсэн нь ч гарцаагүй юм. Учир нь Мөнх хаан ор суух үед нөхцөл байдал түгшүүртэй, хаан хөвүүдийн дотор санал зөрөлдөөнтэй байсан ч эцэст нь төрийн эрх зүй жам ёсоороо Мөнхийн гарт очсон юм. Харин уг тамга Мөнхийн дараа Аригбөх, Хубилай нарын хэнд нь дамжсан нь тодорхойгүй байгаа ажээ. Гэхдээ ах Мөнхөөс нийслэл Хархорин хийгээд уугуул монгол нутгаа сахин, төрийн хэргийг түр хамааран үлдсэн Аригбөхөд очсон гэх үндэслэл илүү юм.

Мөнхүү үүнийг бататгах бас нэгэн баттай баримтыг Рашид-ад-Дин “Судрын чуулган”-даа бичиж үлдээжээ. Түүнд дурдсанаар Аригбөхийг Алмалыкын орчимд 1263 оны хавар их өлсгөлөнд нэрвэгдэж, түүний олон иргэд, цэргүүд нь өлсгөлөнгөөс болж үрэгдээд, үлдсэний ихэнх нь Аригбөхийг орхин хувь хувиа бодон сарнин одох үеэр Аригбөхийн нэгэн гол туслах хүчин болж, Могулистан, Алтай орчмын Мүрген голд байсан Мөнх хааны Их хатан Хутагтайгаас гарсан хоёр дахь хүү Уранташын сэтгэл хувирч Хубилайд нийлэхээр явахын өмнө Аригбөхөд элч илгээн эцэг Мөнхийн Хасбуу тамгыг өөртөө өгөхийг шаардсан байна. Аригбөх ч шаардсаных нь дагуу Уранташд Чингис өвгөөс уламжилж ирсэн Монголын Их төрийн бэлгэдэл - Хасбуу тамгыг өгч явуулжээ. Энэхүү Уранташыг Мөнх хаан Сүнтэй тооцоо хийхээр явахдаа Хархоринд Аригбөхийн дэргэд үлдээсэн хийгээд тэрээр Аригбөхийг хаан ор суулгах болон Хубилайтай хийсэн тэмцэлд нэн идэвхтэй оролцож байсан юм.

Тэгэхээр Аригбөхийг сонгосон Их хуралдайд төрийн Хасбуу тамгыг Аригбөхөд өргөжээ гэж үзэж болно. Хэнд хаан төрийн тамга байна тэр төрийн хэргийг мэднэ. Энэ бүхэн нь Аригбөхийг сонгосон Их хуралдайг хуучны ёс заншлын дагуу хуралдсан хууль ёсны Их хуралдай гэж үзэх бас нэгэн үндэслэл болох юм. Харин Хубилайд тэрхүү Хасбуу тамга хожим нь 1263 оны намар Аригбөхийн найршааснаар, Уранташаар дамжин очжээ.

Тавд, Мөнх хаан Хятадын Сүн улсыг байлдан дагуулах аян дайнд мордохдоо Төрийн хэргийг бүрнээ орлон мэдэн шийдэж байх эрхийг Аригбөхөд албан ёсоор өгч үлдээсэн учир Мөнх хааныг нас барсаны дараа Аригбөх хаан суух давуу эрхтэй юм. Мөн Алтан горхины Их хуралдайд алтан ургаас цөөнгүй хан хөвүүд ирсэн байсан ч Хубилайг эс тооцвол тэдний хэн ч Аригбөхтэй эн зэрэгцэх нэр, нөлөөтэй хүн байсангүй.

Зургаад, Өмнөх хаад, тухайлбал Өгөөдэйг нас барсны дараа түүний их хатан Туркина буюу Наймалж, Гүюг хааныг нас барсаныг дараа мөн түүний их хатан Ойгул Хаймиш нар төрийн эрхийг хамаарч, Их хуралдайг зарлан хуралдуулах, улмаар дараагийн их хааныг сонгон тодруулах, хаан сууринаа суухад голлох үүрэг гүйцэтгэж байсан юм. Эдгээр нь ердөө л нэгэн аравны өмнөх хэрэг билээ. Мөнх хааныг залгамжлагчийг тодруулах эл Хуралдайд ч мөн талийгч хааны гэр бүлийнхэн, нэн ялангуяа түүний их хатан идэвхтэй оролцон хуралдайг биечлэн удирдаж хийлгэжээ. Их хааны гэр бүлийнхэн маш их нөлөөтэй, улс төрийн аливаа шийдвэрийн гол цөм нь болж байлаа. Зарим түүхчид энэхүү их Хуралдайг Сорхагтани Бехи хатан удирдан хийлгэсэн гэж бичсэн байдаг. Сорхагтани Бехи хатан энэ үйл явдлаас өмнө бие барсан тул энэ нь ташаа зүйл болов уу.

Тухайн үед Мөнх хааны нас биенд хүрсэн хэд хэдэн хан хөвүүд байсан байна. Тухайлбал “Гангын урсгал”-д Мөнх хааныг Бат, Асутай, Олдаши, Сэрихэн болон Баянт гэсэн таван хөвүүнтэй байсан тухай дурджээ. “Судрын чуулган” болон бусад сурвалжуудад Асутай, Уранташ, Олдаши, Сэрихэн нарын нэр хэдэнтээ давтагдаж, эцгийг дагалдан аян дайнд цэрэг удирдан явах зэргээр тухайн үеийн үйл явдлуудад идэвхтэй оролцож байсан нь харагддаг. Эдгээр хан хөвүүдийн хэн нь ч тэнд цугласан бусад алтан ургынхантайгаа харьцуулахад Их хаан ор суух боломжтой хийгээд булаалдан тэмцэлдэхийг ч үгүйсгэх аргагүй байсан юм. Гэтэл тэд бүгдээр Аригбөхийг үг дуугүйгээр, хоёрдмол санаагүйгээр эцсийн мөчийг хүртэл тууштай дэмжиж байжээ. Нэн ялангуяа хөвүүн Асутай нь Хубилайтай хийсэн тэмцэлд голлох үүрэг гүйцэтгэн, Аригбөхийн нэгэн гол түшиг тулгуур болж байсан төдийгүй 1264 онд эмгэнэлт хувь тавилантайгаа эвлэрэн бууж өгөхөд нь ч хамт байлцсан юм.
Мөнх хаан нас барахаас өмнө хаан суурийг хэнээр залгамжлуулах тухай хэлж үлдээсэн гэх тодорхой баримт байхгүй ч Мөнх хааны гэр бүлийнхэн бүгдээр Аригбөхийг ийнхүү эцсийг хүртэл тууштай дэмжсэн явдал нь түүнийг их хааны залгамжлагчаар нэр заасан байж болзошгүй юм гэсэн бодлыг төрүүлж байна. Нөгөө талаар Монголын Их хаад өөрийг залгамжлах хүнээ дэргэдээ ойрхон байлгаж, төрийн хэрэг болон цэрэг дайны урлагт сургаж дадлагажуулдаг, сургааль гэрээсээ хэлдэг байсан. Мөнх хаан отгон дүү Аригбөхийг ямагт дэргэдээ байлгаж байсан талаар түүхийн сурвалжуудад бий. Харин Мөнх, Хубилай хоёрын хооронд тодорхой хэмжээний зөрчил байсан юм.

Иймд Аригбөх бол Ази, Европыг дамнасан Монголын эзэнт их гүрний тавдугаар үеийн буюу сүүлчийн хууль ёсны эзэн хаан аргагүй мөн юм.
Гэхдээ Кайпингийн Их хуралдайг хүчин төгөлдөр бус ч Их Юан улсыг үндэслэн байгуулж, 35 жил төр барьсан Хубилайг Их хаан хэмээн хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй юм. Зүүн өмнөд Ази, ялангуяа Хятадын түүхэнд Хубилайн оруулсан хувь нэмэр маргашгүй, хэнтэй ч зүйрлэшгүй юм.

Хархорины Алтан горхид болсон энэ Их хуралдай бол Монголын эзэнт гүрний хууль ёсны хамгийн эцсийн Их хуралдай байснаараа нэн онцлог. Үүнээс хойш Ази, Европыг дамнасан Их гүрний эзэмшил бүхнээс төлөөлөгчид оролцсон өргөн цар хүрээтэй төрийн их хуралдай болоогүй бөгөөд Их хуралдай нэрийн дор болж байсан олон хуралдаанууд нь зөвхөн тухайн бүс нутгийн чанартай, эсвэл хэн нэгэн зонхилогчийг тойрон хүрээлэгчдийн хүрээнд жалга довын гэж хэлэхэд ч болох хэмжээний явдлууд байсан байна. Алтан ургийнханаас Хайду, Борог нарын зэрэг хэд хэдэн хан хөвүүд оролцсон ач холбогдолтой, томоохонд тооцогддог Таласын хөндийн Их хуралдай ч мөн л энэ хүрээнээс хальж гарч чадаагүй юм. Хубилайг залгамжилсан монгол хаадыг сонгох Их хуралдайнуудын аль нь ч Ази, Европыг дамнасан Их гүрний хэмжээний асуудлыг хэлэлцсэн өргөн далайцтай байж чадаагүй билээ.
2003 он.
“Хувьгүй хаан Аригбөх” номоос...
https://www.facebook.com/nominchimed/posts/660822073938166

Энэхүү цувралын өмнөх 2 нийтлэлийг дараах холбоосуудаар үзэж болно.
(1) Б. Номинчимэд, Түүхэн эргэлтийн золиос http://www.tsahimurtuu.mn/index.php/component/k2/item/2193-article_20131127_001
(2) Б. Номинчимэд, Сүүлчийн Их Хуралдайн өмнө http://www.tsahimurtuu.mn/index.php/component/k2/item/2194-article_20131129_001

Баасан, 29 11-р сар 2013 09:29

Сүүлчийн Их Хуралдайн өмнө

                             

                                              Зургийн тайлбар: Б. Ринчин докторын хүргэн, Монголч эрдэмтэн Хар Дорж буюу Kara George-ийн хамт   

Нийтлэгчийн өмнөх үг

Юуны өмнө эх түүхийнхээ үйл явдлуудаас сурвалжлан судлаж, та бидэнд тодотгон хүргэж байгаа Цахим өртөөний анд Б. Номинчимэддээ гүн талархал илэрхийлье!

Түүхийг бид зүгээр нэг мэдээд өнгөрөх бус юуны өмнө түүнээс сургамж авахын тулд судалдаг гэлцдэг. Энэ үүднээс үзвэл энэ түүх сонирхолхой, дүгнэлт хийх өгөгдлүүдээр баян. Түүхэнд хэрэв гэж байдаггүй гэлцдэг. Өнгөрсөн түүхийн хувьд тийм байдаг юм бол ирээдүйдээ зориулсан дүгнэлт хийж бол лавтайяа болох буй заа. Та байсан бол ямар дүгнэлт хийж, ямар сургамж авах байв? Гол нь дэлхийн талыг эзлэж, Орос, Хятадыг хүртэл эрхшээж явсан Их Монгол гүрэн яагаад бусдын эрхшээлд хүртэл орж, өнөөдрийн энэ хэмжээнд хүрэв? Өнөө үед, цаашид бид яавал энэ гашуун түүхийг шинэ хэлбэрээр, шинэ нөхцөлд давтахгүй байж болох вэ?

Энэ асуултын хариуг бид эх түүхээсээ асууж, ирээдүйдээ зориулсан сургамж дүгнэлтийг гаргаж авах ёстой. Хамтдаа бодоцгооё. Таны оюуны мэлмий тунгалаг байж, дүгнэлт тань мэргэн байх болтугай

Нийтлэгч 2013-11-29

       Хятадын өмнөд нутаг Сычуанаас авчирсан Мөнх хааны чандрыг хүү Асутай нь дөрвөн хатных нь өргөөнд аваачиж гашуудал хийлгэжээ. Эхний өдөр нь Хутагтай хатныд, дараах өдрүүдэд нь Кутай, Чабун, Киса хатдын гэрт оруулж гашуудал үйлдсэн байна. Тэгээд Чингис хаан болон Тулуй хан нарыг оршоосон Бурхан Халдуны Их хоригт нутаглуулжээ.
Энэ ажлыг Аригбөх, Асутай нар удирдан хийжээ.

Энэхүү хан хүү Асутай бол Мөнх хааны татвар эм, илжгэн овгийн Куйтаниас гарсан хүү юм. Юань-Шигийн мэдээгээр Мөнх хаан таван хатан, хоёр татвар эхнэртэй байжээ. Түүний их хатан Хутагтайгаас Балт, Уранташ нэрт хоёр хүүтэй, мөн татвар эхнэр Баявчингаас гарсан Ширеки нэрт хүүтэй байсан ч тэрээр Асутайдаа илүү байж, түүнийг ямагт дэргэдээ байлгаж байсан төдийгүй Асутайн дөрвөн хүүг Мөнх хаан өөрийн өргөөндөө онцгой анхааралдаа авч өсгөн бойжуулж байжээ. Тэгэхээр Мөнх хааны хүүхдүүдээс Асутай илүү идэвхтэй үүрэг гүйцэтгэж байсан байна. Ийнхүү Мөнх хааныг оршуулах үеэр хэрэг явдал ундарч гарчээ.

Юуны өмнө Мөнхийн дөрөвдүгээр хатан Чабун Тайжутай, Яку нарын ноёдыг Хубилайд элчээр илгээсэн нь түүнийг Эжоу хотын хэрэмний дэргэд байхад очсон байна. Тэднээр Чабун хатан “Аригбөхийн ахлах ноёд Алаандар, Дорж нар монгол, жавкутаас цэрэг татаж байна. Тэр цэргүүдээ чухам юуны тулд цуглуулж байгааг мэдэхгүй. Одоо хаан суудалд суух хүн Аригбөх та хоёроос өөр хэн байх вэ? Чи яаралтай буцаж очвол сайн байна. Яах вэ?” гэж Хубилайд хэлүүлжээ. Түүнээс хоёр хоногийн дараа Хубилайд Аригбөхөөс элч ирээд “Биднийг өөрийн чинь эрүүл мэндийг мэдээд ир гэж явууллаа” гэж хэлжээ. Хубилай хариуд нь “Аригбөх цуглуулж байгаа цэргүүдээ хааш нь илгээх гэж байгаа вэ?” гэж асуухад “Бид зарц нар. Энэ талаар бид сайн мэдэхгүй юм. Энэ үг дэмий цуу үг байж магадгүй” гэж хариулсан байна. Аригбөхийн элч нар ийнхүү хариулсанд Хубилайд эргэлзээ төрж, “Хэрвээ Аригбөх аль нэг зүгт илгээхээр цэрэг цуглуулсан бол түүнээ юуны учир нуух вэ? Энэ арга заль байж магадгүй” гэж боджээ. Тэгээд Урианхайдай, Бахадур нартай нууцаар зөвлөлдөж, хэлсэн нь “Аригбөх бидний талаар юу гэж бодож байгаа юм бүү мэд. Та хоёр энэ талаар үнэн мэдээ иртэл хүлээж эндээ бай. Би Хар мөрнийг гаталж, Хятадын нутгаас гарсан хойно л чухам юу болж байгаа тухай мэдээг та хоёрт явуулья” гээд өөрөө яаран гэдрэг буцжээ.
Энэ үед өөр өөр замаар гэдэргээ буцаж явсан хан хөвүүн Тогачар, Хадаан, Есүнхэ мэргэн нар цэргүүдийн хамт замдаа таарсан хятадын хот тосгодыг дайлж явав. Хубилай Кайпинд хүрч ирээд Дорж, Алаандар нарын ноёд Ил тарвагатай, Умард хятад дахь эзэмшлүүдээс цэрэг татахаар маш шаргуу шаардаж байсан хийгээд тэд Аригбөхтэй байнгын холбоотой байсныг мэдээд Аригбөхөд элч илгээж “Юуны учир их цэргийг цуглуулна вэ? Тийм хэрэгцээ бий билүү. Бид Сүнтэй нэгэнт тооцоо дуусгасан. Тэгэхээр цэргийг тарааж, иргэдээс татварласан зүйлсээ буцааж өгөг. Мөн надтай хамт байсан Тогачар, Нарийн Хадаан, Есүнгэ нарын цэргийг ч буцааж өгөг. Мөнхийн баруун жигүүр болж явсан Муха, Асутай, Жант нарын цэргийг ч буцааж өгөг” гэж хэлүүлжээ. Энэ үед Алаандар ноён Хархорин руу буцчихсан, Дорж ноён Кайпинд байлаа. Эндээс үзэхэд Хубилай Өмнөд Сүнд явсан бусад замын бүх цэргийг Кайпингаар дайралгүй Хархоринд очиж, Аригбөхөд нийлжээ хэмээн бодож байсан бололтой байдаг юм.

Хубилай арга заль зохион элч нараар Аригбөхөд хэлүүлэхдээ “Чи өөрийн нэг ноёныг элчүүдтэй хамт бидэнд илгээ” гээд өөрөө мөн нэгэн ноёныг элч нартай хамт Аригбөхөд илгээжээ. Тэр үед нэр нөлөө бүхий томоохон ноёдыг элчтэй хамт илгээх нь нэг талаар элчийн хүргэж буй мэдээ сэлтийн ач холбогдлыг өндөрт өргөсөн, итгэлцлийг бататгасан хэрэг байжээ. Хубилайн ноён Аригбөхөд очоод түүнд ихэд аминчлан машид нууцаар ийн хэлжээ. “Хубилай та нарын нуугаад байгаа санааг мэдчихсэн. Тийм болохоор хамгийн сайн арга бол Хубилайд өөрийн ахлах ноёдоос нэгийг их бэлэгтэй явуулбал Хубилайн санаа амарна” гэжээ. Энэ бол Хубилайн зориуд зохион байгуулсан занга байсан байна. Аригбөх ч энэхүү занганд тун хялбархан орчихов. Тэр ахлах ноён Дорж, Туган нарыг нэг зуун элчийн хамт Хубилайд таван шонхор шувуугаар бэлэг хүргүүлэхээр явуулжээ. Энэ нь үнэн хэрэгтээ Хубилайд асуудлыг маш тов тодорхой болгож өгчээ. Өөрөөр хэлбэл Аригбөх хаан ор суухаар бэлтгэж, цэрэг зэвсгийг базааж байгаа нь Хубилайд тодорхой болов.

Ахлах ноён Дорж, Туган нар Хубилайд маш сайхан нялуун үгийг хэлж, “Аригбөх сэтгэлийн цээрийг арилгаж, амар мэндээ мэдэлцэн ирэхгүй юм байхдаа” гэж хэлүүлж байна гэжээ. Мөн “Аригбөх ардуудаас татвар татварлахыг больсон” гэжээ. Хубилай хариуд нь мөн л найрсаг сайхан үг хэлээд “Та нар ирж, үнэнийг дуулган хуурамч цуурхал ярианы учгыг тайлан сэтгэлийг минь амраалаа. Тийм болохоор одоо бүгдээр тайван байцгаая” гэж хэлж тэднийг хуураад Бахадур, Урианхайдай нарт элчийг нууцаар яаран довтолгож “Эжоу хотын бүслэлтийг орхин нэн дариу ирцгээ. Хүмүүний амьдрал, хувь заяа тэнгэрт нүүх үүлэн мэт солигдож байна” гэж хэлүүлжээ.
Гэвч Бахадур, Урианхайдай нар тэндээ цэрэгтэйгээ үлдэж, харин өөр замаар явсан хан хөвүүн Тогачар, Есүнгэ, Хадаан нар Бээжинд ирж, Хубилайд нийлжээ.

Дорж, Туган нар Аригбөх дээр эргэж ирээд болсон явдлыг хэлэхэд тэд “Хубилай бидний явдлыг мэджээ. Тэгэхээр сайн арга бол хан хөвүүдийг цуглуулж, тэдэнтэй зөвшилцөн хаан ширээний хэргийг шийдье” гэж зөвлөлджээ. Ингээд орон даяар элч илгээж хан хөвүүд, ноёдыг зарлан дуудсан байна. Дараачийн Их хуралдай хуралдаж Их хааныг сонгох хүртэл төрийн хэргийг Аригбөх мэдэн шийтгэж байх эрхтэй байлаа. Түүний зарлиг тушаалыг гүрний аль ч хязгаарт үг дуугүй биелүүлэх учиртай байв. Гэвч Тогачарын хүү Наймандай, Чинтөмөрийн бага дүү Тису хоёр л иржээ. Бусад нь ямар нэгэн шалтаг заан ирсэнгүй тул Аригбөх ноёдтойгоо дахин зөвлөлдөв. Тэгээд “Хубилайд дахин нэг элч илгээж худал үгээр тайвшруулан, аюулгүй юм байна гэсэн сэтгэгдлийг төрүүлэх нь зүйтэй” гэж ярилцаад Дорж ноёныг мөн хоёр нөлөө бүхий ноёны хамт Хубилайд илгээжээ. Энэ нь нэг талаар цаг хожих гэсэн арга байв.
Үнэн хэрэгтээ “Мөнх хааны тайлгад оролцохоор Хубилай болон бусад хан хөвүүд ирвэл сайн байна“ гэж хэлүүлээд хууран авчирч барин авах бодолтой байсан хэмээн Рашид–ад-дин тэмдэглэн үлдээжээ.

Аригбөх болон түүний талынхан Хубилайн талаар тийм ч сайн сайхнаар бодож байгаагүй нь өмнөх хэрэг явдлуудаас тодорхой юм. Монгол улс үндэстнээ гэсэн Монголын зарим томоохон ноёд Хубилайг төрийн эргэлтэнд эртнээс бэлтгэж байгааг мэдэж, түүнээс сэргийлэхийг Мөнх хаанд сануулж байсан. Тэгээд ч Хубилайн өмнөд Хятад дахь үйлдлээс түүний бодол санаа улам тодорхой болоод байлаа. Мөнх хааны дараа хаан ширээнд Аригбөх, Хубилай хоёрын хэн нэг л гарах нь тодорхой байсан юм.

Хаан ширээний төлөөх тэмцэл аль ч цаг үед хатуу ширүүн, хэнийг ч ялгахгүй энэрэл өршөөлгүй байсан. Соёлжиж, иргэншсэн өнөөдөр ч засгийн эрхийн төлөөх өрсөлдөөн ямар эрээ цээргүй, нэр нүүргүй байгааг бид сүүлийн арав гаруй жилд болсон удаа дараагийн сонгуулиудаас харж байгаа. Ах дүү хоёр талынхны аль алиных нь хувьд хаан ширээг авах нь үхэх, амьдрахын асуудлыг шийдвэрлэх явдал болоод байжээ. Тэгэхээр ганц Аригбөхийн талынхан л Хубилайг хууран авчирч барин авах гэсэн санаархал байсан гэвэл өрөөсгөл явдал болох юм. Хубилайд ч мөн тийм бодол байсан. Аригбөхөөс Алаандар зэрэг ноёд “Чи биднийг хонь шиг өрлүүлэх гэж байна уу” хэмээн шавдан асууж байсан нь тэд Хубилайн заналхийллийг тов тодорхой мэдэж байсных билээ. Иймд Аригбөх хаан ширээнд далдуур санаархаж, түүнээс сэргийлэхийн тулд Хубилай арга буюу өөрийгөө хаан хэмээн зарласан хэмээн тайлбарлах нь учир дутагдалтай санагдана.

Хоёр тал хоёул хаан ширээнд нууцаар бэлтгэн, хүчээ нөөцөлж байсан хийгээд харин хэн нь өрсөн, давуу нөхцлийг амжиж бий болгох вэ гэдэг асуудал л байсан юм.
Ахлах ноён Доржоор толгойлуулсан Аригбөхийн элч нар Хубилайг Жунду буюу одоогийн Бээжинд байхад очжээ. Энэ үед өмнөд Сүн улсыг дайлах аянаас Тэмүгэ Отчигоны хүү Тогочар, Хасарын хүү Есүнгээ, хаан хөвүүн Нарийн Хадаан болон бусад олон түмтийн ноёд Бээжинд цуглаж таарсан байна. Аригбөхийн элчийн үгийг сонсоод хаан хөвүүд бүгдээр нэгэн дуугаар “Хаан ахыг нутаглуулах ажилд бид бүгдээр оролцох нь зөв, маш чухал хэрэг, бид зайлшгүй очих ёстой. Гэхдээ бид аян дайнаас ирж дуусаагүй байна. Урьдаар гэр гэртээ хариад тэндээсээ цугларан цөм хамт очицгооно” гэж нэгэн дуугаар хэлжээ. Дорж ноёнтон энэ байдлаас ямартай ч сэжиг авч “Миний нөхөд энэ хариуг аваад буцагтун, би баахан хүлээж байгаад та нартай хамт явьяа” хэмээн үлдээд бусад нөхдөө Аригбөхийн зүг илгээжээ. Дорж ноёны ийнхүү үлдсэн нь тэдгээр хаан хөвүүдийг шахамдуулан авчрахаас илүүгээр тэдний хэрэг явдал сэжигтэй байгааг ажиглан тандах явдал байсан гэж үзвэл зохилтой. Тэгээд ч нөгөө талаар өөрөө үлдэн, дагалдагсадыгаа буцаасан байдлаас Аригбөх ямар нэгийг сэтгэн ухах учиртай ч байсан байж болох юм.

Энэ үйл явдлаас хэдэн зууны тэртээд Түрэгийн хаан “Өмнө зүгийн хоёр жаал хүү /Умард ба төв хятадад үүсэн бий болоод байсан Жоу ба Ци хэмээх хятадын хоёр ханлиг/ бидэнд дуулгавартай байсан цагт ядуурлаас айх хэрэггүй” хэмээн хэлэх дуртай байсан гэдэг. Аригбөх эн тэргүүнд газар нутаг том, эд баялаг хийгээд эдийн засгийн асар их нөөцтэй Хятад оронд өөрийн нөлөөллөө баттай тогтоон барих явдал нь дараа дараачийн үйл хэрэгт чухал тустай байсан нь ойлгомжтой юм. Энэ орноос ар газрын монголчууд цэрэг эрсийн хоол хүнсний хангамж, хувцас хэрэглэл болон бусад нэн хэрэгцээтэй олон зүйлсийг татварлан зөөвөрлөж байсан чухал хангамжийн газар болоод дарай хагас зууныг үзэж байв.
Их гүрэнд хүчтэй засаглал тогтооход хятад улсын эдийн засгийн хүчин чадал чухал гол тулгуур болох байв. Гэвч өмнөд газрыг захиран эрхшээж байсан ах Хубилайн эрх ашиг, сонирхолтой уугуул монгол нутгаа захиран үлдсэн Аригбөх болон монголын бусад нөлөө бүхий томоохон ноёдын эрх ашиг шууд огтлолцон зөрөлдсөн нь ах дүү хоёрын хаан ширээний төлөөх тэмцлийн нэгэн учир шалтгаан байсан бизээ.

Ийм эгзэгтэй үед Хубилайд ойр шадар хятад зөвлөхүүдийн ятгалга, Аригбөхөд монгол ноёдын үг голлох нөлөөтэй байх нь тодорхой юм.
Аригбөхийн элч нар умард хятадын Гансу, Сычуан, Саньшийн тойргоор довтолгож, нас барсан их хааны зарлиг нэрээр цэрэг элсүүлэн цуглуулж, Хубилайн хүү Чингэний харьяатыг ч энэхүү зарлан дуудахдаа хамтатгасан байжээ. Харин Чингэн цэрэг дуудаж ирсэн элчийн шаардлагыг хүлээж авсангүй. Аригбөхийн хувьд ч ийнхүү цэрэг цуух эмхлэн цуглуулах нь нэн тэргүүнд хийвэл зохих зүй ёсны хэрэг байв. Хувь заяаны цохилтонд сульдан унаж, дараачийн цохилтыг хүлээн нус нулимс болон зүгээр сууна гэдэг бол зөвхөн сул доройчуудад хамаатай хэрэг. Мөнх хааныг нас барсны дараа Хубилайгаас эхлээд бие даасан байдалд тэмүүлсэн толгойрхог олон ноёд илэрхийгээр үймээн самуун дэгдээх, төрийн эргэлт ч хийхийг эрмэлзэж нэн болзошгүй болоод байсан хийгээд, улс орон даяар задрал, бутралын хонх хангинаж, түгшүүр, самуурлын ирмэгт тулан ирээд байлаа. Энэхүү задрал нь арван жилийн өмнө Мөнхийг хаан ор суухын үед байснаас ч илүү түгшүүртэй, урхаг ихтэй болсон байв. Дураар шийдэх, салан задгай байх, бие даан тусгаарлах хандлага нэгдсэн их гүрний зах хязгаар бүрт харагдах болж, хязгаар нутгийг эзэмшин суусан хан хөвүүд, их жанжид ноёд аливаа хэргийг өөрийн эрх ашгийн үүднээс шийдвэрлэхийг эрхэмлэх болсон нь улмаар эдгээр олон ашиг сонирхол мөргөлдөн зөрчилдөж, нөхцөл байдлыг улам бүр хүндрүүлж байлаа.

Энэ бодит байдлыг харж байсан Аригбөх нь хаан ахын орыг хамааран, улс үндэстнийхээ түүхэн хувь заяаны өмнө их хариуцлага хүлээн үлдсэний хувьд энэ байдалд хөнжилдөө толгойгоо шургуулан уйлан хэвтэх бус харин ч маш идэвхтэй ажиллаж, эрс шийдмэг байж, улс орноо гэнэтийн самуунаас сэрэмжлүүлэх, Монголын уугуул газар нутгийнханы давуу байдал, төрийн сүр хүчнийг хэвээр хадгалахад цэргийн хүчийг нэмэн цуглуулах, үймсэн олны сэтгэлийг хураан нэгтгэх явдал нэн чухал байсан нь ойлгомжтой юм. Тиймээс Аригбөхийн цэрэг зэвсэг базааж буй нь зөвхөн ахын эсрэг хийж буй атгаг санааных ч байсангүй. Харин юуны учир Хубилайгаас нуув? Тэр бүр Мөнх хааны үеэс л хаан сэнтийд санаархаж байсан Хубилайгаас хамгаас илүү болгоомжлон сэрэмжилж байжээ. Тиймээс Хубилайгаас урьдаж хүч цуглуулах, умард өмнөдөд нөлөөллөө баттай тогтоохыг эрмэлзэж байсан юм.

Хубилайн байдал нэн түгшүүртэй байв. Тэрээр Хөх мөрний хөвөөнөө Эжоу хотыг шахамдуулан дайлсны дараа Сүн улсын нийслэл Ханжоу руу дайрна гэсэн цуу дэгдээн яаравчлан гэдэргээ буцаж ирэхэд нь тийм ч сайн сайхан мэдээ угтсангүй.
Хубилайн хувьд нас барсан Их хааны гэр бүлийнхэн төдийгүй монголын нөлөө бүхий томоохон ноёд ихэвчлэн Аригбөхийг дэмжиж байгаа нь нөхцөл байдлыг улам дордуулж байв. Их хааны гэр бүлийнхэн болон ойр шадар сайд түшмэдүүд бол Мөнх хааныг монгол гүрнийг дахин нэгтгэн нэг гараар чанга атгахад гол хүчин болсон тун хүчирхэг бүлэглэл билээ.
Өмнөд Сүн дэх Их хааны цэргийн хүчний нэг гол хүн болж явсан эцэг нэгтэй дүү Муха нь Хубилайн талын найдвартай хүн байх учиртай. Хубилайгаас гурван сараар дүү Мухагийн эх бол Хубилайн өрлөг эх болж, тэр хоёр нэгэн эхийн хөхийг хөхөж өссөний хувьд Хубилай түүнд бүрнээ итгэж байв. 1259 оны 9 дүгээр сарын нэгний өдөр Хубилай Мөнх хааныг нас барсан тухай баттай мэдээг зөвхөн Сычуан дахь цэргийн хуаранд байсан Муха ноёноос л лавлан асууж дараа өдөр нь Хөх мөрнийг гатлах байлдааныг эрс зохион байгуулан, үйл ажиллагаагаа гэнэт эрчимжүүлэхэд хүргэж байсан нь Мухад лавтай итгэж байсны гэрч юм.

Гэвч Муха Мөнх хааны дараахан Сычуан хавьд нас барсан байв. Гэлээ ч гэсэн Хубилайд хангалттай хүчин хуримтлагдаад байсан нь Хубилайн өөрийн цэргээс гадна Тогачарын удирдсан зүүн замын цэрэг түүний мэдэлд ирээд байлаа. Мөн Урианхайдайн удирдсан өөр нэгэн замын цэрэг нь эх нутагтаа хүрсэнгүй Гансу мужид тогтов.
Ийнхүү Их хааныг нас барсны дараах 1260 оныг Аригбөх, Хубилай хоёр түгшүүр эргэлзээ дүүрэн угтлаа. Урьд нь цээжин цаана бага багаар хуримтлагдан байсан хорсол, гомдол, далдуур өрсөлдөөн ийнхүү Мөнх хааныг нас барсанаас хойшхи жил гаруйхан хугацаанд ил цагаандаа гарч, нэгэн цул биетийг бүрдүүлж байсан эд эс бүхэн нэн идэвхитэй хөдөлгөөнд орж, гэхдээ тэрхүү хөдөлгөөн бүр нь бие биесийг түлхсэн, эсрэгцсэн шинжтэй болов.

Б. Номинчимэд "Хувьгүй хаан Аригбөх" номоос
Жич: Энэхүү "Сүүлчийн Их хуралдай" гэсэн гарчигийн хувьд нэмэхэд үүнээс хойш ийм Их хуралдай огт болоогүй болно.
Б. Номинчимэд
Эх сурвалж: https://www.facebook.com/nominchimed/posts/660819047271802                            

Өмнөх холбоотой түүхийг дараах холбоосоор орж уншаарай:                  
Б. Номинчимэд, Түүхэн эргэлтийн золиос http://www.tsahimurtuu.mn/index.php/component/k2/item/2193-article_20131127_001

Лхагва, 27 11-р сар 2013 11:32

Түүхэн эргэлтийн золиос

                                

Монголын Их гүрний дөрөвдүгээр үеийн Их хаан Мөнхийг Өмнөд Сүн Улсын Сычуан дахь цэргийн хаурандаа харамсалтайгаар тэнгэрт хальсны дараа жилийн/1260 он/ тавдугаар сарын 12-нд Орхон мөрний хөндийд Чингисийн алтан ургынхны Их хуралдай хуралдаж Мөнх хааны отгон дүү Аригбөхийг Монголын эзэнт гүрний тавдугаар үеийн Их хаанаар өргөмжилсөн байна.Аригбөх хаан ор суумагцаа дөрвөн жил орчим хугацаанд Их гүрний хэмжээнд үйл ажиллагаагаа явуулж Эзэн Чингисээс уламжилж ирсэн төрийн Их Хасбуу тамгыг барин төрийн хэргийг шийдэж байжээ. Аригбөхийн зарлигаар Цагаадайн улсын хаан томилогдож, Монголын төв нутаг төдийгүй Умард Хятад, Дундад Азийг хамарсан их цэргийн дайчилгаа болж, алба гувчуур татварлаж, улс орон, хот балгад, үндэстнүүд, алтан ургийнханы хувь заяа шийдэгдэж, Хөлөг болон Бэрх хаан нарын хөвүүд Аригбөхийн дэргэд цэрэг удирдан үйл хэрэгт нь хүчин зүтгэж байсан зэрэг нь Аригбөхийг тухайн үедээ Их хаан хэмээн Монголын олонхи сурвалжит ноёд, хан хөвүүд хүлээн зөвшөөрч, түүний зарлиг, хүслийг хүндэтгэн дагаж байсны илрэл юм.

Аригбөх нь хууль ёсны Их хуралдайгаас өргөмжлөгдсөн Монголын Их гүрний тавдугаар үеийн хууль ёсны Их хаан байсныг дараах баримтууд харуулна. Үүнд:

1. Отгон хүүгийн хувьд эцэг Тулуйн голомтийг сахин үлдсэн Аригбөх нь Мөнх хааны дараа Их хаан ор суух хамгийн боломжтой хүн байлаа. 1257 онд Мөнх хаан Өмнөд Сүн улсыг дайлаар мордохдоо отгон дүү Аригбөхдөө төрийн хэргийг мэдэн шийдэж байх эрхийг шилжүүлэн өөрийгөө бүрнээ орлуулан Хархоринд үлдээсэн. Мөнх хаан нас барахаас өмнө хаан суурийг хэнээр залгамжлуулах тухай хэлж үлдээсэн гэх тодорхой баримт байхгүй ч Мөнх хааны гэр бүлийнхэн бүгдээр, нэн ялангуяа Мөнх хааны их хатан болон хан хүү Асутай нар Аригбөхийг эцсийн мөчөө хүртэл тууштай дэмжсэн нь түүнийг их хааны залгамжлагчаар нэр заасан байж болзошгүй юм гэсэн таамаглалыг төрүүлж байна. Тухайн үед Мөнх хааны нас биенд хүрсэн хэд хэдэн хан хөвүүд байсан юм. Эдгээр хан хөвүүдийн хэн нь ч тэнд цугласан бусад алтан ургынхантайгаа харьцуулахад Их хаан ор суух боломжтой хийгээд булаалдан тэмцэлдэхийг ч үгүйсгэх аргагүй байсан билээ. Нөгөө талаар Монголын Их хаад өөрийгөө залгамжлах хүнээ дэргэдээ ойрхон байлгаж, төрийн хэрэг болон цэрэг дайны урлагт сургаж дадлагажуулдаг, сургааль гэрээсээ хэлдэг байсан. Мөнх хаан отгон дүү Аригбөхийг ямагт дэргэдээ байлгаж, төр, цэргийн хэрэгт хичээнгүйлэн сургаж байсан талаар түүхийн сурвалжуудад бий.

2. Чингисийг хаан ширээнд өргөмжилсөн ёслолоос уламжлан төрийн тэргүүнийг хаан ор суулгах монгол ёс журмын нэгэнт тогтоод байсан хэв маягын дагуу уг Их хуралдай хуралдсан байна. Их хуралдай Монгол нутгийн хүйс төв Хархорины ойролцоо Орхон мөрний цутгаланд урьдчилан бэлтгэж, улс гүрэн даяар зар түгээж байж 5 дугаар сарын 12-оос дараа сарын аравдыг хүртэл сар орчим хуралджээ. Мөн Төрийн Их ёслол хүндэтгэлийн арга хэмжээг хүчин төгөлдөр болгодог Төрийн Есөн хөлт Их цагаан сүлд, Чингисийн байлдааны догшин Их хар сүлд тэргүүтнийг дэг ёсын дагуу залан хуралдаж, Чингисийн төрийн Их Хасбуу тамгыг Аригбөхөд өргөн барьсан байна.

3. Аригбөхийг өргөмжилсөн Их хуралдайд Их хааныг сонгох эрх бүхий алтан ургийн бүрэлдэхүүн хангалттай байжээ. Монголын нөлөө бүхий томоохон ноёдын олонхи нь Ази, Европыг дамнасан Монголын Их гүрний улс төрийн голт зүрх болж байсан Хархоринд байж, Аригбөхийг дэмжсэн юм.

Гэтэл эдүгээ хүртэлх Монголын түүхнээ Аригбөхийг Их хаанд тооцож байсангүй. Чингис эзнээс эхлэн Лигдэн Хутагт хааныг хүртлэх монголын хаадын нэрийг жагсаахдаа ч Аригбөхийг орхигдуулан бичиж тэмдэглэсээр иржээ. Өнөөдөр ч Тулуйн отгон хүү Аригбөхийг хаан мөн үү, биш үү гэдэгт эргэлзэх, түүнийг үгүйсгэх явдал байсаар байгаа юм.

Энэ бүхний учир нь Аригбөхийг Хаан ширээнд өргөмжилсөн Их хуралдайтай давхцан Умард Хятадын Кайпин хотод /Одоогийн Өвөрмонголын Ордосын нутагт буй Шанд хот/ бас нэгэн Их хуралдай хуралдаж Аригбөхийн ах Хубилайг мөнхүү Их хаанаар өргөмжилсөн байна. Энэхүү Их хуралдай нь удирдлаганд нь байсан цэргийн жанжид, хадмууд зэрэг Хубилайг тойрсон цөөн хүмүүсийн хуйвалдаан, төрийн эргэлтийн шинжтэй, хууль бус хуралдай байсан боловч түүхэн хувь заяаны эрхээр, ах дүү хоёрын байр солигдож, Хубилай их хаан болж, харин Аригбөх үймээн самуун дэгдээгч, хаан ширээнд санаархагч болон хувирсан юм.

Ер нь хүчгүй нь хүчтэйнхээ өмнө ямагт буруутаж байдаг хувь тавилангийн наадгай мөнхүү үйл явдлыг үнэлж дүгнэхэд оролцсон байна. Нэгэнт Аригбөх ялагдаж, Хубилайн эрх мэдэл, сүр хүчин, алдар цуу түгэн цуурайтахад энэхүү цуурайн дундаас ялагдсан Аригбөхийн тэмцлийн утга, зорилго огт өөрөөр ч харагдаж эхэлжээ. Ийм өөрөөсөө үл хамаарах бодит шалтгааны улмаас тухайн цаг үеийн түүхийг бичиж үлдээсэн хүмүүс асуудлыг үнэлж дүгнэхдээ нэг талыг барьж Аригбөхийг “муу самууныг үүсгэн, үймээн таригч”, “ах нарын эзгүй завшааныг ашиглан өөрийгөө хаанаар өргөмжлүүлсэн..” гэх мэтээр бичиж үлдээсэн нь хожмын түүх бичлэгт зохих нөлөөгөө үзүүлсэн байна. Тухайлбал түүхийн үндсэн гол тулгуур бичгүүдийн нэг болох Рашид – Ад – Диний “Судрын чуулган” нь Хубилайн ид сэргэн мандлын үед бичигдсэн, нөгөө талаар Хубилай хааны ордонд ажиллаж байсан Болд Чинсан тэргүүтэй монгол хүмүүс уг түүхийг бичихэд голлох үүргийг гүйцэтгэсэн, мөн “Юан улсын судар” нь Юан гүрнийг унасны дараа цэвэр хятадын төр улс болох, ихээхэн үндсэрхэг бодлого явуулж байсан Мин улсын үед хятад хүмүүсийн оюун ухаанаар хятадын эрх ашигт нийцүүлэн бичигдсэн зэрэг нь дараа дараагийн түүхчид, түүхийн зохиол бичгүүдэд Аригбөхийг Монголын эзэнт гүрний тавдугаар үеийн их хаан хэмээн тогтоон, түүний түүхэнд гүйцэтгэсэн үүргийг үнэн зөвөөр тодорхойлох боломжийг хомс болгожээ.

Хэдийгээр түүхэн их эргэлтийн золиос болж, хаант төрөө эрхшээн засаг засаглалаа бүрнээ гүйцэлдүүлэн тогтоож чадаагүй ч Чингис хааны ач, Тулуй эзний отгон хүү Аригбөх бол Ази, Европыг дамнасан Монголын эзэнт гүрний тавдугаар үеийн, буюу Нэгдсэн эзэнт Их гүрний сүүлчийн хууль ёсны Их хаан юм.

“Хувьгүй хаан Аригбөх” номоос...
Эх сурвалж: https://www.facebook.com/nominchimed/posts/660818223938551

 

 

Цахим Өртөө Сүлжээнд элсэх

  • Өртөөний сүлжээнд элсэх

tsahim_urtuuХэрэв та Монгол Туургатны Цахим Өртөө Сүлжээнд элсэхийг хүсвэл: http://groups.google.com/group/tsahim-urtuu-suljee хаягаар зочилж маш хялбархан бүртгүүлж болно. Та Гүүгл суурьт энэхүү сүлжээнд имэйлээ бүртгүүлснээр манай сүлжээний гишүүн болно.

 

Image Temp

Энэ хуудас нь Цахим Өртөө сүлжээний нийт гишүүдийн хамтын бүтээл байх бөгөөд ажил хэргийн санал болгоныг вэбийн хамтлаг тухай бүр нь тусган энэ хуудсанд оруулж байх болно. Хамтран ажиллаж буй, ажиллахаар зэхэж буй таньд баярлалаа.

Newsletter