204-р сар2019

MuugiiNiitlelImage

Миний бие хэд хоногийн өмнө «Монголын олигарх дэглэм, түүний задрал» гэдэг нийтлэл (http://www.tsahimurtuu.mn/index.php/component/k2/item/2682-article_20170422_001 ) хэвлүүлж, АН-ын нэвтрүүлсэн дотоод сонгууль, сунгаа нь Монголын ард түмэнд нэр дэвших, дэвшүүлэх эрхээ олж авч иргэний туйлын, хагацагдашгүй эрх болох сонгох, сонгогдох эрхээ бүрэн дүүрэн эдэлж эх орондоо эзэн суух боломжийг нээж өгөөд байгааг та бүхний анхааралд хандуулсан билээ. Харин энэ нийтлэлээрээ уг боломж хаагдах бодит аюул нүүрлээд байгааг та бүхний анхааралд хүргэж байна. Энэхүү нүүрлээд байгаа аюул занал нь Ерөнхийлөгчийн сонгуультай холбоотойгоор эрх баригчдын зүгээс эдүгээ өрнүүлж байгаа Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах гэдэг үйл ажиллагаа, түүний ард нуугдаж буй тэдний төрийн эрх мэдлийг гартаа төвлөрүүлэх, сонгогчдын Ерөнхийлөгчөө сонгох эрхийг хураах, магадгүй, Ерөнхийлөгчийн сонгуулийг цуцлах, улмаар Сингапурын маягийн авторитари дэглэм тогтоох санаархал юм. Тиймээс энэ нийтлэлээрээ эдүгээгийн Ерөнхийлөгчийн сонгууль болон АН-ын шинэчлэл олигархуудын өмнө ямар асуудал үүсгээд байгаа хийгээд түүнийг шийдэхийн тулд олигархууд зайлшгүй ямар гарц сонгох, ямар үйл ажиллагаануудыг, ямар зорилготойгоор явуулах, түүний үр дагавар нь юу байхыг үйл явдлын уялдаа холбоо, өрнөл, зүй тогтол дээр тулгуурлан гаргахыг хичээлээ. Тулгараад байгаа нөхцөл байдлыг зайлуулах, олигархуудын төлөвлөгөөг тасалдуулах, ардчилсан эрх, эрх чөлөөгөө хадгалах, олж авахын тулд юу хийх ёстой нь аяндаа ойлгогдоно гэж найдаж байна.

Төлөвлөгөө: Асуудал, Шийдэл
Ерөнхийлөгчийн ээлжит сонгууль хаяанд ирж АН дотооддоо сонгууль, сунгаа нэвтрүүлсний буянаар Н. Алтанхуяг, Р. Амаржаргал, Б. Батбаяр (Баабар), Х. Баттулга, Э. Бат-Үүл, Г. Батхүү, Лу. Болд, Д. Дорлигжав нар “их сунгаанд” биесээ сойж, 180 мянган гишүүд нь бооцоогоо тавьж, 1 сая 900 мянган Монголчууд наадахаар догдолцгоож байх шиг. Харамсалтай нь ард олныг хөгжөөж, “ах” намын “албатуудын” атаархлыг хөдөлгөж, “даргын” жөтөөрхөлийг өдөөсөн АН-ын “их сунгаа” ардчиллын их баяр наадмыг 1) АН-ын “аюултай шинэчлэл”, 2) “ах” нам дахь халдвар, 3) Н.Алтанхуяг, Н. Энхбаяр хоёр, 4) ард түмний сонголтooс айсан “ах” намын “дарга” тэргүүтэй хэсэг олигархууд таслан, бүрмөсөн цуцалж ч магадгүй байна. Ард түмний сонгох эрхийг хураах, ардчиллыг боомилох, аливаа шаардлагатай эрх мэдлийг гартаа төвлөрүүлэх тэдний төлөвлөгөө нь “Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах” гэдэг нэртэй юм.
Тэд төлөвлөгөөгөө хэрэгжүүлэх эхний алхмуудаа аль эрт хийж энэ оны 2 сарын 9-нд тусгайлан хууль гаргаж уг хуулийнхаа дагуу Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлаар Анхдугаар Зөвлөлдөх санал асуулга явуулах гэдэг үйл ажиллагааг энэ 4 сарын 29-30-нд зохион байгуулахаар шийдвэрлэж Зөвлөлдөх Зөвлөл гэгчийг байгуулж Зөвлөлдөх уулзалт гэгчийг зохион байгуулж хүссэн зөвлөмжөө гаргуулж авахаар аль эрт зэхчхээд байна. Энэхүү Зөвлөлдөх санал асуулга гэгчийг 1) Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах ард түмний зөвлөмж гэдэг УИХ-ыг дарамтлах зэвсэгтэй болох; 2) ард түмнээс Ерөнхийлөгчөө сонгох эрхийг нь хурааж, бүх эрх мэдлийг өөрсдийн гарт төвлөрүүлж буйгаа ард түмний нэрээр хийх, зөвтгөх; 3) ирж байгаа Ерөнхийлөгчийн сонгуульд ялах хөрс сууриа бэлдэх гэсэн үндсэн 3 зорилгоор зохион байгуулж байгаа юм.
Тиймээс Зөвлөлдөх санал асуулга нь 1) Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгаа, 2) УИХ-ыг дарамтлах зэвсэг, 3) Ард түмний сонголтын эрхийг хурааж, өөрсдийн гарт засгийн бүх эрх мэдлийг төвлөрүүлж буйгаа зөвтгөх хэрэгсэл юм. Хэдийгээр тэд өөрсдийн хүссэн зөвлөмжийг гаргуулж Үндсэн хуулийг хүссэнээрээ яаралтай өөрчлөн АН-ын сунгааг битгий хэл Ерөнхийлөгчийн сонгуулийг ч цуцлах санаархалтай ч тэдний энэ «цахилгаан дайны» төлөвлөгөөг УИХ тасалдуулах болов уу гэж найдаж байна.
Учир нь намын “дарга” Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулахад шаардагдах 51 саналыг “багцалж” чадахгүй байгаа нь илэрхий. Чухам тийм учраас л олигархууд тусгай хууль гаргаж Зөвлөлдөх санал асуулга гэгчийг үйлдвэрлэж учир үл мэдэх ардыг уран гоё үгээр хошигруулж, Хамба тэргүүтэй хүндтэй ахмадуудаар ятган мунхруулж хүссэн зөвлөмжөө гаргуулж түүгээрээ УИХ-ыг дарамтлах оролдлого хийх санаатай юм. Энэ нь зүйрлэвэл 19 онд жижиг Сүй зэвсгийн хүчээр далайлгаж шанзав Бадамдорж тэргүүтэй хэдэн «ихэс дээдсээр» Улсын доод хурлыг хүчиндэж Ар Монголын автономийг устгасан мөртлөө Монголчууд өөрсдөө сайн дураар гуйж автономио устган Хятадын муж болов гэсэнтэй агаар нэг юм. Гэвч Ерөнхийлөгчийн ээлжит сонгууль хаяанд тулчхаад байгаа энэ үед Үндсэн хууль өөрчилж, Ерөнхийлөгчийн сонгуулийг цуцалж, ард түмний Ерөнхийлөгчөө сонгох эрхийг хураах нь дэндүү эрсдэлтэй төдийгүй УИХ-ын болон гишүүдийн өөрсдийн эрх мэдэлд ч ихээхэн сөрөг учир эрхбиш энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгууль болох болов уу. Тиймээс Ерөнхийлөгчийн сонгууль эцсийн шийдвэрлэх тулаан болоод байна.
МАН-ын “дарга” тэргүүтэй олигархууд Ерөнхийлөгчийн сонгуульд ялснаар 1) Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт хийх, 2) АН-ын удирдлагыг гартаа авах боломжтой болох юм. Үндсэн хуулийн өөрчлөлтөөр тэд 1) шаардлагатай бүх эрх мэдлийг МАН-ын “даргын” гарт төвлөрүүлэх, 2) УИХ-ын эрх мэдлийг хасах танах, 3) иргэдийн Ерөнхийлөгчөө сонгох эрхийг хураан цуцлах юм. Нэгдүгээрийг биелүүлснээр тэд улс орны эдийн засагтай холбоотой асуудлууд, тухайлбал, Таван толгой, Эрдэнэт зэрэг орд газар, эрдэс баялгийн нөөцийг цэвэр өөрсдийн үзэмжээр шийдвэрлэх боломжтой болох юм. Хоёрдугаарыг хийснээр тэд хүссэнийгээ хийхэд нь, тухайлбал, Таван толгой, Эрдэнэт зэрэг дээр саад, гай болж ирсэн УИХ-ын амыг ч, амийг ч барих юм. Харин гуравдугаарыг хэрэгжүүлснээр тэд ард түмний сонголтоор хэн нэгэн Н. Энхбаяр, эсвэл Н. Алтанхуяг шиг “популист” гайнууд Трамп шиг гарч ирэх замыг бүрмөсөн хаах юм.
Ардчилсан намын удирдлагыг гартаа оруулснаар тэд З. Энхболд, Н. Алтанхуяг, С. Эрдэнэ нарын дайснуудаа улс төрөөс бүрмөсөн зайлуулахын дээр, намын дотоод сонгуулийг халах замаар өөрсдийн хуваарьгүй ноёрхлыг сэргээж, ардчиллыг, аливаа «популизмтай» хамт булшлах болно. Гэхдээ АН-ыг гартаа оруулахын эцсийн зорилго нь “С.Баярыг эсвэл С.Баярцогтыг дугуйл” гэсэн олигарх «сонголтыг» ард түмэнд тулгаж ямагт өөрсдөө төр, засгийг эрх мэдлийг хянаж байх явдал юм.
Зорилгоо биелүүлэхийн тулд тэд Н. Энхбаярыг ялтай хугацаа нь дуусаагүй гэж хасахыг хичээнэ. Харин АН-ын тухайд тэд хагалан бутаргах, магадгүй заргалдах, шүүхдэх ч арга хэрэглэж болох. Чухам ийм ч зорилгоор тэд Р. Амаржаргал, Б. Батбаяр (Баабар), Х. Баттулга, Э. Бат-Үүл, Г. Батхүү, Лу. Болд, Д. Дорлигжав нарыг дэвшүүлэхийг нь дэвшүүлж, дэвших байдалд хүрэхийг нь ч хүргээд байна. Тэдний нэр дэвшигчдийн эхний зорилго нь Н. Алтанхуягаас аль болох олон санал хөндийрүүлэх. Улмаар Р. Амаржаргалыг дэмжиж бусад нь бүгд нэрээ татах байдлаар Н. Алтанхуягийг унагах. Мэдээж Р. Амаржаргал Ц. Элбэгдоржид илүү таалагдах ч, алсдаа гай болно гэдгийг М. Энхболд хэнээр ч хэлүүлэлтгүй мэдэж байгаа. Тиймээс Р. Амаржаргалын гол үүрэг нь Н. Алтанхуягийг унагаж аюулгүй байдлыг хангах явдал боловч аз байвал юмыг яаж мэдэх вэ гэж тэр ч, Ц. Элбэгдорж ч горьдож байгаа. Х.Баттулга бие даасан тоглолт хийх өндөр магадлалтай ч түүнд боломж олдохгүй. Их сайндаа л Н. Алтанхуягийн саналыг хуваалцаж, Элбэгдорж ба Ко-д санаатай, эс санаатай ч тус, дэм болоод л өнгөрнө. Гай болж Н. Алтанхуяг, Х.Баттулга хоёрын нэг гарч ирвэл сонгуульд годройтуулахын тулд тэд бүх л боломжтой мэхээ хэрэглэнэ. Тэдгээрийн тоонд заргалдах, шүүхдэх ч орж байгаа.
Мэдээж нөгөө талд нь М. Энхболд «дарга» МАН-аас өөрийн зорилгод яв цав нийцэх, хамгийн ялах магадлалтай этгээдийг, туйлын зорилгодоо нийцсэн, ялалтын хөтөлбөртэй дэвшүүлнэ. Тэр нэр дэвшигч нь Д. Лүндээжанцан мэт байх бөгөөд түүний ялалтын хөтөлбөр нь одоо ид өрнөж байгаа Зөвлөлдөх санал асуулга нэртэй ухуулга, сурталчилгаагаар хийгдэж байгаа Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт байх юм. Мэдээж энэ нэрээ нуусан сонгуулийн сурталчилгаа 4 сарын 30-наар зогсохгүй, сонгуулийн сурталчилгаа албан ёсоор эхлэх хүртэл Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт нэртэйгээр өрнөх болно. Д.Лүндээжанцан гишүүн энэ өөрчлөлтөд гол үүрэгтэй этгээд болж тодорч, улмаар МАН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч болон тодрох болно. Тийм ч учраас тэр Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах Зөвлөлдөх зөвлөл гэгчийг байгуулах, Зөвлөлдөх санал асуулга гэдэг үйл ажиллагааг зохион байгуулах хэрэгт илтэд үзэгдэхүйцээр гүйгээд байгаа юм.
Мэдээж Д. Лүндээжанцан нэр, гар цэвэр гэдгээрээ сонгогчдын санал зулгаана гэдгийг олигархууд мэдэж байгаа. Дээрээс нь Ц. Элбэгдорж шиг эрх мэдэл булаалдан, төр самарсан овилгогүй амьтны дараа харин ч ёстой нэг хувилгаан бурхан шиг дөлгөөн, нас бие тогтсон намбатай, жинхэнэ ард түмний эв нэгдлийн бэлгэдэл болсон буянтай Ерөнхийлөгчтэй болох нь гэсэн «бор шувуу» ч нисгэж болно, ард олныг ч «хошгоруулж» болно гэдгийг тэд тооцсон байгаа. Ялангуяа, Н. Энхбаяр, болон Н. Алтанхуяг, Х. Баттулга хоёрын нэг нь гарч ирвэл олигархууд тэднийг ард түмний эв нэгдлийн бэлгэдэл байх нь битгий хэл, харин ч хувийн өш хонзонгоор ард түмний эв нэгдлийг хагалж, улс орныг сүйрүүлнэ гэж ард олныг ятгах болно. Энэ дэвсгэр дээр нь Д. Лүндээжанцан улам бүр эв нэгдэл ярьж, үндэсний эв нэгдлээ бэхжүүлэхийн тулд Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт хийж өөрийн эрх мэдлээ хасуулна, дахиж дэвшихгүй гэж сонгогчдыг уяруулна. Энэ хэрээрээ Д. Лүндээжанцан үгнээсээ буцах аргагүй болж, эргэлт буцалтгүйгээр Үндсэн хуулийн өөрчлөлтийг дэмжихэд хүрнэ гэдгийг ч олигархууд мэдэж байгаа. Улмаар түүнийг сонгогдсоны дараа УИХ хандан Үндсэн хуулийн өөрчлөлт хийж, Ерөнхийлөгчийг УИХ-аас сонгодог болго гэж Зөвлөлдөх санал асуулгын зөвлөмж болон, ард түмэнд өгсөн амлалтаа баримтлан шахамдуул гэж түүнд зааварлахаа ч тэд мэдэж байгаа.

Олонхын дарангуйлал ба «Зөвлөлдөх ардчилал»
Парламентын засаглал, ялангуяа, түүний Вестминстерийн хувилбар нь олонхын дарангуйллын (tyranny of majority) жинхэнэ «биелсэн чөтгөр» бөгөөд энэ тогтолцоо нь парламентын хэмжээнд ч, олонх, цөөнхийн дотор ч аливаа асуудалд «эрүүл саруул ухаанаар», цэгц шударга, объектив байдлаар хандах; асуудлын мөн чанар, утга учрыг олох; улмаар хамгийн оновчтой шийдэлд хүрэх; түүний тулд гишүүн бүр асуудалд өөрсдийн мэдлэг чадвар, итгэл үнэмшил, үзэл бодлоор нээлттэй оролцож нийтээрээ ухаанаа уралдуулж, асуудлыг ширгээн тунгааж, «долоо хэмжиж нэг огтлох» боломжийг олгодоггүй юм.
Үнэндээ Вестминстерийн системд эгэл жирийн гишүүд нээлттэйгээр үгээ хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх, ялангуяа өөрийн намын удирдлагын байр суурийг шүүмжлэх боломж тун хомс. Намын сахилга бат (party discipline) гэсэн нэрээр саналыг нь ил гаргуулах зэрэг процедурын шинжтэй механизмуудаар намын удирдлага бүх гишүүдээ хянаж, захирч байдаг. Тиймээс тус тусын намаас ирэх сахилгын шийтгэлээс эмээсэн гишүүд, асуудлын мөн чанарыг үл харгалзан намын удирдлагын байр суурийг дагадаг. Чухам үүнээс олонхын дарангуйлал гэдэг нэр томьёо үүссэн бөгөөд энэ нь хэрэг дээрээ олонхынх ч биш харин намын удирдлага, лидерийн, боссын энэ утгаараа ганцын дарангуйлал гэж хэлж болно. Тиймээс дарангуйллын энэ систем нь эрүүл саруул, объектив, нээлттэй хэлэлцүүлгийг парламентын танхим уруу шагайлгадаггүй юм. Тиймээс олонхын дарангуйлал нь аливаа асуудлын мөн чанар, утга учир, хамгийн зөв шийдэл, мөн хэнд хамгийн зөв санаа байна гэхээсээ илүү асуудалд цаг ямагт улс төрийн өнцгөөс, олонхын эрх ашгийн өнцгөөс хандаж байдаг юм.
Үүнийг манай иргэд ч, ялангуяа манай их хурлын гишүүд маш сайн мэдэж байгаа. Тухайлбал одоогийн парламентын олонх дотор Ц. Нямдорж, Ц. Даваасүрэн, Ө. Энхтүвшин, Т. Аюурсайхан нарын гишүүд бараг үг хэлэх тоолондоо «олонхын» нэртэй «даргын» дарангуйллыг бие дээрээ мэдэрч, сөрж байгааг тэд ч, «олонх-дарга» ч манай ард олон ч харж байгаа. Цөөнхөөс Ж.Батзандан гишүүн үүгээрээ ялгардгийг хүн болгон мэднэ. Намын «олонх» нь тэдэнд элдэв нэр хоч зүүх, дарамт үзүүлж байгаа нь «намын сахилга батын» арга хэмжээнүүд. Энэ бүхний хажуугаар С. Жавхлан гишүүнээс ёстой «эрх чөлөөний үнэртэй салхи» ханхалж байгааг манай ард олон мэдэрч байгаа байх.
Чухам энэхүү «олонхын» нэртэй «даргын» дарангуйллаас мултрах, эрүүл саруул, утга учиртай, улс төржилтгүй, нээлттэй объектив (бараг л эрдэм шинжилгээнийх шиг) хэлэлцүүлэг, шийдлийн механизмыг бий болгох санаагаар гаргаж ирсэн ойлголт нэр томьёо нь «зөвлөлдөх ардчилал» (delibrative democracy) гэж орчуулаад байгаа учрыг нь олох, хужрыг нь тунгаах, долоо хэмжиж нэг огтлох учирлах ардчилал бөгөөд энэ зорилгоор бүтээсэн механизм нь «зөвлөлдөх санал асуулга» (delibrative opinion poll) гэдэг санал асуулгын арга. Уг онолын эзэд парламентын процедуруудыг засах гэхээсээ илүү референдум (нийтийн санал асуулга), улс төрийн мэтгэлцээн (ялангуяа Америкийн ерөнхийлөгчийн дибэйт) болон нийгмийн ухааны зарим нэг тоон аргыг хослуулан энгийн иргэдийн оролцоотойгоор асуудлыг шийдэх аргыг эрхэмд үзсэн нь энэ.
Гэвч улс төр хаа сайгүй нэвчсэн төдийгүй хүмүүс аливаа асуудлын талаар учрыг нь олж, хужрыг нь тунгааж, долоо хэмжээгүй хирнээ л аль нэг талыг барьсан байр суурьтай байдаг. Тиймээс уламжлалт санал асуулгад оролцогчид ихэвчлэн «мэдэхгүй байж мэддэг юм шиг» хариулдаг. Тиймээс энэ байдлыг засаж мэдээлэлтэй, мэдлэгтэй, ухамсартай, зорилготой хариулт, сонголт хийлгүүлэх зорилгоор уг асуудлаар иргэдийн дунд ухуулга, мэтгэлцээн, хэлэлцүүлэг зохион байгуулсны дараа тэднээс саналыг нь асуух арга нь «зөвлөлдөх санал асуулга» юм. Энгийнээр хэлбэл тархийг нь «угааж», «цэнэглэж» «ухамсар суулгаж» байгаад саналыг нь асууна гэсэн үг.
Үүнтэй холбоотойгоор хамгийн ярвигтай асуудал үүсдэг нь хэн угааж, цэнэглэж, ухамсар суулгах вэ гэдэг асуудал. Өөрөөр хэлбэл хэний ухамсар зөв бэ гэдэг асуудал. Нөгөө талд нь хэнийг энэ «туршилтанд», хэрхэн түүвэрлэх вэ гэдэг ч бас чамгүй асуудал дагуулдаг. Гэхдээ хэн угаах вэ гэдэг асуудал хамгийн төвөгтэй нь. Учир нь хэн нэгэн нь тухайн асуудлыг бурхан мэт нэвт шувт мэдэж байсан ч, чухам түүнийг уг асуудлыг мэдэж байгаа, тэр нь бурхных (бурхан ч бас хиргүй, тунгалаг биш л дээ) шиг хиргүй тунгалаг гэдгийг хэн мэдэх вэ, түүнийг нь хэн хүлээн зөвшөөрөх вэ гэдэг асуудал тавигддаг юм. Эндээс талуудын асуудал ургана. Тиймээс мултарч, зугтах гэсэн улс төртэйгөө буцаад л зууралдахаас, түүнийг урьж авчрахаас өөр аргагүй болдог. Учир нь хүн болгон тал, тал болгон өөрсдийн бурхантай, шүтээнтэй, богдтой. Тиймээс тал талын адил бурхдыг, богдсыг залж Америкийн ерөнхийлөгчийн мэтгэлцээн мэтээр оролцуулахаас өөр аргагүй болдог. Товчхондоо иргэд «зөвлөлдөх» тархитай болохын тулд эхлээд уг асуудлаар талуудын богдсын тархи угаалтад ороод дараа нь угаагдаж, цэнэглэгдэж, ухамсартай болцгоосон тархиудаараа зөвлөлдөх ёстой юм.
Улс төрийн хэлээр бол асуулгад оролцогчид уг асуудлаарх бүх талуудын эсрэг, тэсрэг мэдээлэл, мэдлэг, ухуулгыг тэнцвэртэй авсан байх ёстой юм. Энэ нь улс төрийн талууд төдийгүй, үзэл онолын өөрөөр хэлбэл эсрэг тэсрэг үзэл бодолтой экспертүүдийн ч адил, тэнцүү оролцоог хангана гэсэн үг. Тухайлбал одоогийн явагдаж байгаа Үндсэн хуулийн өөрчлөлтийн асуудлаар зүй нь Монголын улс төрийн бүх намууд (парламентад суудалтай гэвэл зөвхөн парламентын тал болно), болон эсрэг тэсрэг байр суурьтай экспертүүд адил, тэнцүү байдлаар оролцох ёстой юм. Хүн бүр харилцан адилгүй чадвартай тул адил, тэнцүү оролцоог хангана гэдэг бараг боломжгүй зүйл боловч ядаж талууд тооны хувьд адил тэнцүү оролцоотой байх ёстой юм. Чухам ингэж байж л асуулгад оролцож байгаа иргэд долоо хэмжих боломжтой болох юм. Жеймс Фишкиний (James Fishkin) дэлибрейтив санал асуулгын гол санаа ерөнхийдөө энэ.

Олонхын дарангуйллын зэвсэг болгосон нь
Харин «олонх-даргын» бий болгосон «зөвлөлдөх санал асуулга» гэгч нь Фишкиний санал асуулгын яг эсрэг, бүр яг зуун наян хэм эсрэг зүйл! Тиймээс ч МАН-ын хэрэг дээрээ Г. Занданшатар-«Дарга» хоёрын «зөвлөлдөх ардчилал» гэгч нь Фишкиний дэлибрейтив димаакрси-гийн тэс эсрэг, «олонх-даргын» дарангуйллаас зайлсхийх, түүнийг хязгаарлах хэрэгсэл бус харин «олонхын дарангуйллын» зэвсэг, тэдний ухуулгын «улаан булан» болж хувирсан байна.
Учир нь УИХ-ын энэ оны 2 сарын 9-нд баталсан «Зөвлөлдөх санал асуулгын тухай» хууль, Төрийн байгуулалтын байнгын хорооны 4 сарын 19-нд баталсан «Зөвлөлдөх уулзалт зохион байгуулах журам» нь талуудын адил, тэнцүү оролцоог бүрмөсөн үгүйсгээд зогсохгүй олонхын дарангуйллыг хуульчилсан учир «зөвлөлдөх санал асуулга» нь хэрэг дээрээ «дарга-олонхын» дарангуйллaас зайлсхийх арга бус харин бүр түүний дарангуйллыг улам бүр бэхжүүлэх, дарангуйллын зэвсэг болон хувирчээ.
Уг хуульд зааснаар зөвлөлдөх санал асуулга явуулах үйл явцыг эхнээс нь эцсийг нь хүртэл түүний дотор асуулгын сэдэв (10.2), удирдан зохион байгуулах Зөвлөлдөх зөвлөл (8.8), «хөндлөнгийн шинжээч, эксперт, илтгэгч, хөтлөгч, ажиглагчийг» томилох (8.12.3), «тухайн санал асуулгын сэдвээр олон талт мэдээлэл, тайлбар, танилцуулгыг өгөх» (11.10.6) зэрэгт «шийдвэр гаргах эрх бүхий этгээд» гэгч шийдвэрлэх үүрэгтэй оролцох ёстой бөгөөд уг этгээд нь «хууль тогтоох болон гүйцэтгэх эрх мэдлийн бүх шатны байгууллага, хуулиар тусгайлан олгосон бүрэн эрхийн дагуу захиргааны хэм хэмжээний акт гаргах нийтийн эрх зүйн бусад этгээд, бүх шатны нутгийн өөрөө удирдах байгууллагa» аж. Энгийнээр хэлбэл УИХ, Засгийн газар гэх мэт нь буюу өөрөөр хэлбэл «олонх=дарга»!
Тиймээс эдүгээгийн явагдаж байгаа Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн асуулга дээр УИХ-ын дарга М. Энхболд «олонх=дарга» учир тэрээр асуулга, уулзалтыг зохион байгуулах Зөвлөлдөх зөвлөлийг томилж, асуулгын сэдэв, асуудлуудыг боловсруулуулж баталсан төдийгүй журмын 2.4-т зааснаар өнөөх л М. Энхболд «даргын» томилсон Зөвлөл нь «хөндлөнгийн шинжээч, эксперт, илтгэгч, хөтлөгч, ажиглагчийг» ахиад л М.Энхболд «даргад» «санал болгох» бөгөөд хэнийг авахаа мөн л М. Энхболд «дарга» тааллаараа мэдэх аж. Түүгээр ч барахгүй, хуулийн 11.10.6-аар «тухайн санал асуулгын сэдвээр олон талт мэдээлэл, тайлбар, танилцуулгыг шийдвэр гаргах эрх бүхий этгээд, хөндлөнгийн судлаач, мэргэжилтэн, шинжээч өгөх» ёстой учир дахиад л М.Энхболд «дарга» өөрийн сонгож авсан багтайгаа ирж дээрх үүргийг гүйцэтгэх аж. Ийнхүү М. Энхболд «дарга-олонх» бүхнийг шийдэж, зөвхөн түүний сонгосон «мэдэгчид» (шинжээч, эксперт, илтгэгч, хөтлөгч, ажиглагч), түүний удирдлага дор асуудлын учир жанцанг айлдах юм. Энэ нь юу гэсэн үг вэ гэхлээр санал асуулгад оролцох иргэд зөвхөн «олонх-даргын» талын тархи угаалт, цэнэглэлт, ухамсар суулгалтад орно гэсэн үг. Тиймээс л «зөвлөлдөх санал асуулга» нь «олонх-даргын» үзэл суртал, ухуулгын улаан булан, «олонхын дарангуйллын» зэвсэг болж хувирчхаад байгаа юм.

Хуульд талуудын, ялангуяа улс төрийн нам-талуудын тэнцвэрт оролцоог хангах тухай нэг ч заалт байхгүй бөгөөд хуулийн 11.10.6-аар «тухайн санал асуулгын сэдвээр олон талт мэдээлэл, тайлбар, танилцуулгыг шийдвэр гаргах эрх бүхий этгээд, хөндлөнгийн судлаач, мэргэжилтэн, шинжээч өгөх» гэж илт тоочин заасан учир «олонх-даргаас» өөр улс төрчид оролцож эсрэг, тэсрэг байр суурь илэрхийлэх нь хууль бус үйлдэл болох нь ойлгомжтой. Улмаар дээр дурдсан асуулгын сэдвийг боловсруулах, батлах, Зөвлөлдөх зөвлөлийг байгуулах, «хөндлөнгийн шинжээч, эксперт, илтгэгч, хөтлөгч, ажиглагчийг» томилох зэрэгт «олонх-даргаас» өөр аливаа талын оролцоо шууд үгүйсгэгдсэн байгаа. Тиймээс аливаа Зөвлөлдөх санал асуулгууд нь «олонх-даргад» үргэлж хүссэн зөвлөмжийг нь гаргаж өгөх болно. Ийнхүү МАН чухам олонхын, өөрөөр хэлбэл, МАН-ын өөрийнх, Н. Энхболд «даргын» өөрийнх нь дарангуйллаас зайлсхийх, түүнийг хязгаарлах гэж бий болгосон хэрэгслийг онолын эцгийнх нь оролцоотойгоор «олонхын дарангуйллын» зэвсэг болгож хувиргасан байх юм.
Үнэндээ М. Энхболд «дарга» энэ хуулийг уг хуулийн 6.1.1-д зааснаар зүгээр ч нэг гаргаагүй харин «Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах үндэслэл, шаардлагыг тодорхойлох» зорилгоор гаргасан төдийгүй, тэгэхдээ бүр зөвхөн өөрийн хүссэн нэмэлт өөрчлөлтийг оруулах «үндэслэл, шаардлагыг» дэмжүүлэх зорилгоор, улмаар түүгээрээ УИХ-ыг тэр тусмаа олонхын дотор байгаа «сахилгагүй» нөхдүүдийг «дарамтлах», «ташуурдах» «олонх-даргын» зэвсэг болгож гаргасан нь илэрхий. Мэдээж «дарга» ба олигархууд Зөвлөлдөх санал асуулга гэгчээр ард түмнээс Ерөнхийлөгчөө сонгох эрхийг нь хураан авч буйгаа ч, бүх эрх мэдлийг өөрсдийн гарт төвлөрүүлж буйгаа ч зөвтгөх хэрэгсэл болгон хэрэглэхээ сайтар мэдэж байсан хэрэг. Ард түмний хүсэлт, шаардлага, зөвлөмжөөр гэж өөрсдийнхөө үйлдлийг зөвтгөх болно. Нөгөө талаар тэд Зөвлөлдөх санал асуулга гэгчийг төлөвлөгөөгөө биелүүлэх ухуулга, сурталчилгааны улаан булан төдийгүй бүр Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгааны хэрэгсэл болгон хэрэглэж болох юм гэдгийг ч тооцож байсан болов уу.
«Олонх-дарга» аль хэдий нь Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг төслийн дагуу найдвартай дэмжих өөрийн талын 750 биш юм гэхэд 600 этгээдийг олчихсон, эдүгээ тэднийг энэ сарын 29-30-ны өдрүүдэд хэрхэн жүжиглэх ёстойг сургагчдаараа дамжуулан сурган боловсруулж драмын жүжгээ дэглэж байгаа. Мэдээж хэд хэдэн хүнд нэмэлт, өөрчлөлтийг дэмжсэн ноцтой шалтгаан бүхий үг цээжлүүлж байгаа, нэг хэсэгт нь мэдээж Ерөнхийлөгч рүү дайрсан, нөгөө хэсэгт нь УИХ рүү хандсан хурц, хурц үгнүүдийг цээжлүүлж байгаа нь ойлгомжтой. Бүтэн 2 өдөр бүх телевиз, радиогоор нэвтрүүлсэн Үндсэн хуулийн өөрчлөлт, үндэсний эв нэгдэл, парламентын засаглалыг төгөлдөржүүлж «СОНГОДОГ ПАРЛАМЕНТ»-ын засаглалтай болъё, Герман, Англи, Канад, Япон, Энэтхэг, Израиль, Сингапур шиг хөгжье гэж сурталдах болно. Эцэст нь оролцогчдын 85 аас 90 хувь нь «сонгодог» парламентын засгийг дэмжсэн санал гаргаж, «ард түмэн» зөвлөмжөө сүр жавхлантайгаар М.Энхболд «даргад» гардуулж, ард түмэн үгээ хэллээ, ажил хэрэг болгоорой, ажил хэрэг болгохын тулд та Ерөнхийлөгчид нэрээ дэвшүүлээрэй гэж Хамба тэргүүтнүүд захицгаах болно. Мэдээж М.Энхболд «дарга» ард түмэн манай намд итгэж ачааны хүндийг үүрүүлж байна гэж ойлгож байна. Ард түмнийхээ даалгаврыг нэр төртэйгөөр биелүүлнэ гэж амлана. Тэгснээр тэрээр Д. Лүндээжанцанг дэвшүүлэх асуудлыг үндсэндээ шийдэж байгаа юм.

«Дарга» ба Олигархуудын үнэн зорилго
«Ард түмний даалгасан» Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт нь “УИХ, Засгийн газрын эрх мэдлийн хяналт-тэнцлийг хангах”, “Үндэсний эв нэгдлийг бэхжүүлэх… үүднээс Ерөнхийлөгчийн эрх, үүргийг тодорхой болгох”, зэрэг 5 бүлэг, 13 зүйлээс гадна “Төрийн эрх барих дээд байгууллага нь Ардын Их Хурал, хууль тогтоох дээд байгууллага-Улсын Бага хурал гэсэн хоёр танхимтай байх” гэсэн нэг нэмэртэй.
Гэвч М. Энхболд «дарга» тэргүүтэй oлигархуудын хувьд хоёрхон зүйл л чухал. 1.1-ийн «Засгийн газрын бүрэлдэхүүнээ тогтоох, гишүүдийг томилох, чөлөөлөх эрхийг Ерөнхий сайдад олгох», 2.1-ийн «Ерөнхийлөгчийг Улсын Их Хурлаас сонгодог болох». 2.1-ийн доторх Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа 6 жил байх, улируулан сонгохгүй байх, аймаг, нийслэл, хотын иргэдийн төлөөлөгчдийн хурлын нийт гишүүдийн оролцсон өргөтгөсөн хуралдаан болон үлдсэн 11 зүйл ба нэмэр бүгд хошгоруулах, анхаарлыг сарниулах, хагалан бутаргах, УИХ-ыг дарамтлах зорилготой тактикийн өөш, урхи, гох, дэгээнүүд.
Харин дээрх 2 зүйлээс «дарга»-олигархуудын эн тэргүүний зорилт бол «Ерөнхийлөгчийг Улсын Их Хурлаас сонгодог болгох». Харин 1.1 нь удаах нь. Учир нь энэ бүх төлөвлөгөөг боловсруулахад хүргэсэн үйл явдал бол Ерөнхийлөгчийн ээлжит сонгууль болон Ц. Элбэгдоржийн хугацаа дуусч байгаа явдал юм. Үүний улмаас дээр өгүүлснээр АН-ын сунгаа улмаар ард түмний сонгуулиар Н.Алтанхуяг, Н. Энхбаяр хоёрын аль нэг нь гарах төдийгүй АН-ын шинэчлэл “ах” намд халдан ард түмний ололт болох аюул үүсчхээд байгаа юм. Эдгээрээс айсан бүх олигархууд «Ерөнхийлөгчийг Улсын Их Хурлаас сонгодог болох» дээр нэгдэж байгаа юм.
АТГ, шүүх, прокурор, тагнуул, арми зэрэг Монголын төрийн хүчний, хүчирхийллийн, шоронгийн бүх эрх мэдлийг алдах нь Ц. Элбэгдорж тэргүүтний хувьд цаазын ял гэсэн үг. М. Энхболдын хувьд эрх мэдэл булаалдах дайсан гарч ирэхээс гадна, АН-ын аюултай шинэчлэл (дотоод сонгууль, сунгаа) намд нь халдаж түүний эрх мэдлийн эх сурвалж болсон нэр дэвшүүлэх эрхийг нь гишүүн болгоны, хүн болгоны ололт болгож түүний «даргыг» хоосон нэр болгох вий гэдэг аюул байгаа юм. Тиймээс л тэд нэгдэж дээрх төлөвлөгөөг боловсруулсан бөгөөд, тэгэхдээ тэд 4 жил тутамд сандарч байхын оронд асуудлыг нэгмөсөн нэвт шувт шийдье гэж шулуудсан хэрэг. Үнэндээ өөрсдийн гарт хөнгөхөн авч болох байсаар байтал ард түмэн гэдэг “харанхуй массаар” сонгуулж азаа үзэх үнэхээр тэнэг хэрэг нь ойлгомжтой.
Тиймээс Ерөнхийлөгчийг УИХ-аас сонгох нэрээр хэрэг дээрээ намын-ангийн «дарга» гартаа авч Ерөнхий сайданцарын нэгэн адил өөрийн нэг «гар-хүүхэлдэй» болгон тавих учиртай. Ийнхүү тэрээр намын дарга, УИХ-ын дарга, Ерөнхий сайд, Ерөнхийлөгчийн эрх мэдлийг бүгдийг нь төвлөрүүлэх ёстой. АТГ, цагдаа, шүүх, прокурор, тагнуул, арми гээд хүчний бүх эрх мэдэл М. Энхболд «даргын» найдвартай гарт ирж асуудал бүрмөсөн шийдэгдэх юм. Энэ бүх эрх мэдлийг биеэрээ хоёр «гараараа» атгасан «даргад» УИХ-ын доторх «зөрүүд, зөнөг, тэнэгүүдийг» сахилгажуулах тун хялбархан байх болно. Энэ бол М. Энхболд «даргын» «Үндэсний эв нэгдлийг бэхжүүлэх» ариун үүрэг.
«Засгийн газрын бүрэлдэхүүнээ тогтоох, гишүүдийг томилох, чөлөөлөх эрхийг Ерөнхий сайдад олгох» бол түүний хувьд зорилт гэхээсээ болзошгүй хувилбар бас мэх. Уг зүйл нь дээрх эрх мэдлүүдийг Ж. Эрдэнэбатад олгох гэж байгаа юм огт биш харин түүний нэрээр намын «дарга» уг эрх мэдлүүдийг УИХ-аас дээрэмдэх ёстой юм. УИХ-ын дарга нь намын «даргатайгаа» нийлээд УИХ-ийнхаа эрх мэдлийг хулгайлах гэж байгаа юм гэж хэлж болно. Зүйрлэвэл Ч. Сайханбилэг Ц.Элбэгдорж ба Ко-той нийлээд Эрдэнэтийн 49 хувийг цувчуулсантай агаар нэг зүйл.
Гэхдээ энэ эрх мэдлийг УИХ-аас булаах хэцүү гэдгийг «дарга» мэдэхийн цаагуур мэдэж байгаа. Нөгөө талаар энэ эрх мэдэл нь түүний одоогийн хүчирхэгжилийн нэг чухал эх сурвалж гэдгийг ч тэр мэднэ. Улмаар нэгэн биед төрийн 3 биеийг төдийгүй, 3 Монголыг одоогийн Монголд багтаах төвөгтэйг ч тэр мэдэхтэйгээ. Тиймээс эрт орой хэзээ нэгэн цагт «аймгийн засаг» даргыг хэн нэгэн нь зайлуулах л болно. Тэр цагт түүнд Ж. Эрдэнэбат шиг «үнэнч хав» олдохгүй, өөрөө болно гэвэл бослого гарна гэдгийг ч тэр гадарлаж байгаа. Тиймээс тэрээр энэ эрх мэдлийг авах, тэгэхдээ бүр өөр биеэр дамжуулж авахыг нэг ч их дурлахгүй. Гэхдээ Ерөнхийлөгчийг хүүхэлдэй болгох төлөвлөгөө бүтэлгүйтвэл хувилбартай байх, мөн Ерөнхийлөгчийг хүүхэлдэй болгохын тулд УИХ-ыг aцан шалаанд оруулж шахахын тулд тэрээр энэ хувилбарыг хадгалж байгаа юм.
Харин олигархууд түүнийг энэ эрх мэдлүүдийг ав, «дарга та» «СУПЕР ЛИДЕР» болж Тетчер, Блейр, Аденнауэр, Коль, Мэркель шиг тэр ч байтугай Лий Куан Юү, эсвэл Цэдэнбал шиг «мөнх» засаглана гэж ятгаж байгаа болов уу. Тэдний зорилго М. Энхболдод эрх мэдэл өгөхдөө бус харин Эрдэнэт, Таван толгой зэрэгт гай болсон Их Хурлаас эрх мэдлийг нь булааж УИХ-ыг “хоосон чалчигчдын хүрээлэн”, «даргын» юу хүссэн есөн хүслийг биелүүлэгч болгон хувиргах явдал. Юм л бол огцруулна шүү гэж занаж, зүхэж байж айлгахгүй ч арзайлгадаг байсан УИХ энэ эрх мэдлээ тавиад туучихвал “шүлс үсчүүлсэн шүдгүй хагархай” болохоос өөр юу ч болох билээ. Үнэндээ энэ бүхэн нь Ч. Сайханбилэгийн (олигархуудын) хүсээд байсан эрх мэдлүүд. Ч. Сайханбилэгт энэ эрх мэдэл байсан бол Тавантолгой аль хэдий нь ЭмСиЭсийнх, Эрдэнэт эргэлт буцалтгүй Худалдаа хөгжлийнх байх байсан төдийгүй Дубайн гэрээний тухай одоо ч болтол хэн ч олж мэдэхгүй байх байсан. Тийм учраас л тэд улс нийтийн ч өмнө, унаган нутаг ус-тойргийнхоо ч өмнө улалздаг УИХ-ын эрхийг хасаж, танах гээд байгаа юм.
Мэдээж үүнийгээ тэд парламентын засгийг төгөлдөржүүлэх, сонгодог парламентын засгийг байгуулах, «СУПЕР ЛИДЕР»-тэй болж Англи, Герман, Сингапур шиг хөгжих гэх зэргээр сурталдаж ч байна, хошгоруулж ч байна. Харин зорилгоо биелүүлэхэд нь хамгийн их саад, гай тотгор болж байгаа газар нь УИХ, ялангуяа Үндсэн хуулийг өөрчлөх 51 суудал. Мэдээж “дарга», олигархуудад 51 саналын нэлээд нь байгаа ч цөөхөн хэдэн санал дутагдаж байгаа. МАН 65 суудалтайг бид бүгд мэднэ. Харин «олонх-дарга» 51 хүрэхгүй байгаа юм. Тиймээс МАН-ын 65 бүгдээрээ «олонх» биш гэдгийг та бүхэн эндээс харж байгаа байх. «Дарга ба олигархуудын» барлаг байхыг хүсдэггүй, бие даасан «зөрүүд, зөнөг, тэнэг» хэдэн нөхөд бий. Тэд л чухам тэр шаардлагатай 51 суудлыг нь гацаачихаад байгаа хэрэг. Чухам тийм учир МАН дахь «цөөнхийг» буюу тэр үлдэж байгаа цөөхөн гишүүдийг дарамтлах зорилгоор Зөвлөлдөх санал асуулга гэгчийг хийж байгаа бол мөн дарамтлах, тэдний саналыг юу ч биш болгох санаатайгаар «аймаг, нийслэл, хотын иргэдийн Төлөөлөгчдийн хурлын нийт гишүүдийн оролцуулсан» өргөтгөсөн хуралдаан хийнэ гээд сурталдаж байгаа юм.
Ийнхүү олигархууд, «ангийн даргатай» нь нийлээд УИХ-ыг гарах гарцгүй ацан шалаанд оруулах занга зэхчхээд, улмаар Монголд Сингапурын маягийн авторитари, гэхдээ авилгажсан олигархуудын эрх ашгийг хамгаалсан авторитари дэглэм тогтоохоор бэлдэж байна. Тиймээс эдүгээ араатай бол араатай, шүдтэй бол шүдтэй байж «аймгийн дарга», «ангийн даргын» хоёр нүүртэй «намын даргаа» хөмсөг зангидахад нь хөл чичирч, хоолой засахад нь гөлс хийж суугаа УИХ-ын гишүүд, ялангуяа албан тушаал горилж, ая тал засан гүйдэг нөхөд АТГ, цагдаа, шүүх, прокурор, тагнуул, армийг «ангийн даргадаа» өгөх тухай бодохоосоо өмнө өгвөл юу болох вэ гэдгийг маш сайн бодох хэрэгтэй. Ард, иргэн нэртэй ч эдлэх эрхгүй «харанхуй хар массыг» боддоггүй юмаа гэхэд амин хувийн эрх ашиг, амь амьдралаа бодох хэрэгтэй. АТГ, шүүх, прокурорыг «атгасан» атигар нөхөр Намбарын хүүг төдийгүй, намыг нь тавхан жилийн өмнө яасныг санах хэрэгтэй. Намаа ч бас яаж «яргалсныг» нь тунгаах хэрэгтэй болоод байна.
Одоо яагаад үлдсэн 12 зүйл бүгд хошгоруулах, анхаарлыг сарниулах, хагалан бутаргах, УИХ-ыг дарамтлах зорилготой тактикийн өөш, урхи, гох, дэгээнүүд гээд байгаагаа зөвхөн нэг зүйл дээр тайлбарлая. Ингэхдээ Н. Алтанхуягийн засгийг, АН-ыг төдийгүй ардчилалыг УИХ-тай нь хамт ард олны дунд муухай харагдуулж байгаа «давхар дээл» хэмээх Ц. Элбэгдоржийн давхар үзүүртэй мэсийг жишээ болгоё. Энэ нь «Засгийн газрын гишүүдийн гуравны нэгээс дээшгүй хувь нь УИХ-ын гишүүн байж болохоор хязгаарлах» гэдэг зүйл.
Парламентын засаглал гэж парламент нь өөрөө засагладаг засаглалыг хэлдэг. Өөр хэн ч биш чухам парламентын сонгуулийн үр дүнд бүрэлдсэн парламент нь хуулиа тогтоохоос гадна, гүйцэтгэх эрх мэдлийг хэрэгжүүлэхийг парламентын засаглал гэдэг бөгөөд кабинет эсвэл Засгийн газар гэж нэрлэгдэж байгаа институц нь хэрэг дээрээ гүйцэтгэх эрх мэдлийг хэрэгжүүлдэг парламентын нэг байнгын хороо юм. Өөрөөр хэлбэл, Засгийн газар нь УИХ-ын Төрийн байгуулалтын, Хуул зүйн, Гадаад бодлогын зэрэг байнгын хороодын нэг адил УИХ-ын нэг, гэхдээ хамгийн чухал байнгын хороо. Тиймээс УИХ-ын эдгээр байнгын хороодод УИХ-ын гишүүн бус хүн ордоггүйн адил Кабинетад өөр хүн барагтай бол ордоггүй юм. Яагаад?
Яагаад гэвэл парламентын засаглалын, улмаар парламентын сонгуулийн хамгийн гол «олз, шагнал, бялуу» нь кабинет! Энэ кабинетыг эзлэхийн төлөө нам-талууд өрсөлддөг юм. Kабинетийн топ суудлыг эзлэхийн төлөө намын лидер өрсөлддөг юм. Яг нам шиг, намын албан ёсны лидер шиг намын бусад лидерүүд ч гэсэн мөн эдгээр суудлуудын аль нэгийг эзлэхийн төлөө өрсөлддөг юм. Чухам ийм учраас л парламентын засаглалын системд засгийн газар буюу кабинетын гишүүд нь парламентын гишүүд байдаг юм. Энэ нь улс төрийн тэмцлийн логик, учир, зүй тогтлоор шалгарсан, тогтсон ёс!
Гэтэл эдгээр суудлын дийлэнх олонхыг нь өөр хүмүүст өгнө гэдэг юу гэсэн үг вэ? Ялагчаас ялалтыг нь, ялалтын цомыг нь луйвардана гэсэн үг биш үү. Улмаар ялагчид байхгүй бол нам яаж тэр суудлуудыг ялах билээ. Нам яаж ялагчдаа тулалдаанд оруулах вэ? Ялалтын цомыг гардахгүй, үр шимийг хүртэхгүй юм бол ялагчид тулалдаанд орох, ялах ямар хэрэг байна? Ямар ялагч ялах нэр ч, нүүр ч, чадал ч үгүй этгээдэд ялалтын цом авч өгөхийн тулд олсон зөөсөн жаахнаа үрэн таран, өдөр, шөнө, өглөө оройгүй, шар нар, бор хоногт гандан, гундан, харлан, хөхөртлөө 21 хоног орилж, улаан нүүрээ улалзуулах вэ? Өөрөөр хэлбэл нам «лойдеруудийг» сайд болгохын тулд лидерүүдийг «Ирак, Сири, Афганистан» руу «жадлан» явуулах хэрэг үү? «Лойдерийн» өмнөөс дайнд явсан лидерийн шан, харамж, шагнал урамшуулал нь юу байх вэ? Сайд болох санаатай олигархаас мөнгийг нь сааж, «бие сэтгэлээ, үнэлэгчдээр» УИХ-аа бүрдүүлэх хэрэг үү? Төр орших уу? Энэ асуудлыг нам яаж шийдэх вэ?
Эсвэл пропорционал систем, намын жагсаалтад шилжих үү? Олонх бүрдүүлэхийн тулд эвсэл байгуулах болно. Яаж тогтвортой олонх, засгийн газар бүрдүүлэх вэ? Хэн эвсэл байгуулж, хэн засгийн газрыг бүрдүүлэх вэ? Одоо манай Үндсэн хуульд заасан «олон гэдэг» заалт ийм системд тэр болгон үйлчлэхгүй. Учир нь пропорционал системтэй, намын жагсаалттай системд олонх болох нь битгий хэл, олон болох нам тэр бүр байдаггүйн дээр, олон болсон нам ч тэр бүр эвсэл байгуулж чаддаггүй. Засаг байгуулахад хэцүүгээс гадна, эвсэл задрах, засаг унах аюул асар өндөр. Улс төрийн байнгын тогтворгүй байдал нүүрлэнэ. Учир нь ийм системд нэр хүндтэй улс төрчид өөрсдөө лидер байхыг хүсдэг учир өөрсдийн намыг байгуулдаг. Тиймээс энэ систем нь олон тооны жижиг намтай, тархай бутархай систем байдаг.
Үнэндээ парламентын засаглалын оргилд парламент ч биш, парламентын олонх ч биш, кабинет (засгийн газар) оршиж байдаг юм. Кабинет нь намын ялалтын шагнал, хувааж хүртэх бялуу. Бялууг хүртээхдээ эхийг нь эцээж тугалыг нь тураахгүй байх хэрэгтэй. Эс бѳгѳѳс хэрүүлийн алим. Тиймээс сайд нарыг ерѳнхий сайд томилох, чѳлѳѳлѳх эрхтэй ч хэрэг дээрээ кабинетын суудлууд нь олонхын эв нэгдэл, парламентын дэмжлэгийг хангах («худалдаж авах») хэрэгсэл байдаг. Тиймээс олонхыг хянахын тулд, парламентыг дарангуйлахын тулд кабинетыг байгуулдаг гэж хэлж болно. Энэ логикийг «давхар дээл» тайлж, халж дийлэхгүй гэдгийг ойлгох хэрэгтэй. Үүнийг Ц. Элбэгдорж ч, М. Энхболд ч мэдэж байгаа. Эргэлзэж байгаа бол «сонгодог» гэж тэдний магтаад байгаа Англи, Герман, Израиль, Япон бүгдийг нь хар. Харин Засаг, хурал 2 нь өвөр түрийндээ орчихсон, бие биенээ олонхоороо түрээ барьж өмгөөлдөг, хамгаалдаг явдалд ард олон дургүй байгаа бол парламентын хэмээх энэ засаглалын системийг бүрмөсөн халж Ерөнхийлөгчийн хэмээх АНУ-ынх шиг засаглалын системийг сонгох хэрэгтэй. Учир нь өвөр түрийндээ орж, бие биенээ олонхоороо түрээ барьж өмгөөлж, хамгаалах нь угаасаа парламентын засаглалын ёс. Тиймээс «давхар дээл» цэвэр популист хошгоруулалт.
«Төрийн эрх барих дээд байгууллага нь Ардын Их Хурал» гэдэг нь ч тэр. Хууль тогтоохгүй, засаг байгуулахгүй “төрийн эрх барих дээд байгууллага” гэж юу байх вэ? Төр барих гэдэг үгний үгийн утга нь хууль тогтоох, засаг байгуулах гэсэн хэрэг! Тэгэхээр хууль тогтоох эрхгүй, засаг байгуулах эрхгүй “төрийн эрх барих дээд байгууллага” гэдэг бол хоосон нэр, цаасан малгай! Мөндөл мэт годгонуулж, тарвага мэт хошгоруулахын нэр! Өөр юу ч биш! Дээрээс нь Ерөнхийлөгчийн сонгууль, Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт гэсэн энэ бүх тэмцлийн эцсийн цэг нь АТГ, шүүхийн эрх мэдлийг өөр бусдад алдахгүйн тулд хийгдэж байгаа гэдгийг ойлгох хэрэгтэй. Харин АТГ болон шүүхийг улс төрөөс хараат бус болгох алхмыг олигархууд зөвхөн Н. Алтанхуяг, Н. Энхбаяр 2-ын нэг нь Ерөнхийлөгчөөр сонгогдвол хийнэ гэдгийг бас ойлгох хэрэгтэй.

Учир жанцан нь:
Үндсэн хуулийг өөрчлөх төлөвлөгөө үндэсний эрх ашиг гэгч дээр дөрөөлж байгаа боловч үнэндээ цөөхөн олигархын өчүүхэн эрх ашиг, айдаснаас үүдэлтэй юм. 1) АН-ын дотоод сонгууль, сунгаа “ах” намыг “газарт оруулаад” байгаа. Учир нь а) АН-ын сонгууль, сунгаа aрд олны нүдийг нээж, найдварыг төрүүлээд зогсохгүй МАН-ыг мaaпаантай, мафи шиг муухай харагдуулж байгаа. б) Н. Алтанхуяг, Р. Амаржаргал тэргүүтний Америкт байгаа юм шиг “аархал” “ах” намын “атамануудыг” Хятад байгаа юм шиг харагдуулах төдийгүй, адилхан Монголд байж нэг нь Америкт, нөгөө нь Хятадад байгаа юм шиг арай ч дээ гэсэн ичгүүр, ундуйцэл, дургүйцлийг нь төрүүлээд байгаа юм. Үнэндээ АН-ын шинэтгэл АН-ынх юм шиг боловч хэрэг дээрээ Монголын улс төрийн намын шинэтгэл учир МАН-ыг ийнхүү буландчихаад байгаа юм.
2) Монгол улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгууль АТГ, шүүх, прокурор зэрэг Монголын төрийн хүчний, хүчирхийллийн, шоронгийн эрх мэдлийг AН-д уу, МАН-д уу, МАХН-д уу, Н.Алтанхуягт уу, Н. Энхбаярт уу, эсвэл гэдгийг ард олноор шийдүүлнэ гэхээс МАН-ын “олонх-даргын” ч, олигархуудын ч дотор нь харанхуйлж, толгойтой үс нь зарайж байгаа юм. Дээрээс нь АН-аас Н. Алтанхуягийг, аль эсвэл МАХН-аас Н. Энхбаярыг гаргуулахгүйн төлөө юу ч хийхээс буцахгүй нэг этгээд байгааг Монголчууд бүгдээрээ мэдэж байгаа. Тиймээс тэд 1) Ерөнхийлөгчийг АН-д алдахгүй, МАХН-д тонуулахгүй байх аргыг хайж байгаа нь энэ.
Аз болж МАН авлаа гэсэн ч авагдсан хойноо гай болдгоороо намыг нь ч төдийгүй, засгийг нь ч хагалан бусниулах аюултай албан тушаал бол Ерөнхийлөгч. Учир нь 1991 оны намын гишүүнээс түдгэлзэх хуулиар Ерөнхийлөгч нь намын гишүүнчлэлээсээ түдгэлзэх ёстой юм. Тиймээс “дарга” Ерөнхийлөгч болбол намаасаа, “даргаасаа” салж П. Очирбат, Н. Багабанди, Н. Энхбаяр, Ц. Элбэгдоржийн араас орно гэсэн үг. Үүнийг МАН-ын одоогийн “дарга” маш тодорхой ухаж байгаа. Тэгээд ч гай болж унавал ямар нүүрээрээ төр битгий хэл нам жолоодох билээ. Унасан бөх туг тойрдог бил үү, тахимаа өгдөг бил үү? Үүнийг МАН-ын одоогийн “дарга” хэнээс ч илүү мэдэрч байгаа. Тиймээс дэмждэгүүд нь ч, дэвшүүлэн зайлуулахыг хүсэгчид нь ч түүнийг Ерөнхийлөгч гэсэн ч тэр дэвшихгүй.
Мэдээж энэ нь асуудлыг шийдэхгүй. АТГ ба бас бусыг АН, МАХН, Н. Алтанхуяг, Н. Энхбаяр хоёрт алдахгүйн тулд МАН ард олонд нэр хүндтэй, арав давах нэгнийг дэвшүүлэх хэрэгтэй болно. Арав давахыг нь бодвол аварга Б. Бат-Эрдэнэ, ард олонд нэртэйг нь бодвол Ц. Нямдорж гэх мэт. Аварга “даргад” таалагдах ч ахиад бүдрэх магадлалтай. Давбал нэр, сэтгэл, гарын цэврийг эрхэмлэдэг аварга “даргын” хүслээр явахгүй. “Ангийн дэд дарга” ард олонд дэмжигдэх магадлалтай ч Ц. Элбэгдорж Н. Алтанхуягийг яасныг “дарга” дэндүү сайн мэднэ. Тиймээс тэр л лав биш. Энэ мэтээр ялах магадлалтай хэн ч байсан, ялсан хойноо заавал Элбэгдорждох тул намыг нь ч, засгийг нь ч хагалах болно. Асуудлын гол нь ард түмний 50-иас илүү хувиар сонгогдсон, АТГ, шүүх, прокурорыг атгадаг Төрийн тэргүүнд ч “ангийн дарга” ч, намын “дарга” ч хэн ч биш болдог жамтай юм.
Тиймээс ард түмнээр сонгуулахгүй, АН, МАХН -д алдахгүй байх аятайхан арга нь “Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах” гэдэг дээрх төлөвлөгөө юм. Хэрвээ энэ төлөвлөгөөг хэрэгжүүлж чадвал намын “даргад” “ангийн даргын” байраа солих шаардлага ч гарахгүй. Үнэндээ “ангийн даргын” байрнаас УИХ-ыг ч, Засгийг ч атгаж байгаа намын “даргад” одоогийн “зохион байгуулалт” хамгийн таатай хувилбар бөгөөд дээрх төлөвлөгөө чухам энэ байдлыг бэхжүүлж өгөх юм. Магадгүй “засаг дарга” бүх эрхийг атгах учир намын “дарга” “ангийн даргын” байраа “засаг даргаар” солино гэж бодож болох. Гэвч тийм шаардлага гарахгүй. Учир нь “аймгийн засаг даргад” намын “даргатай” өрсөлдөх арал чац ч, яс цус ч байхгүй. Тийм ч учраас “даргатан” 70 жил дангаараа улсыг удирдаж, дээд боловсролтноос дөнгүүрийг нь түүж ирсэн намаас шилж, сонгож, тунгааж байж техникумийн залууг “засаг дарга” болгосон юм. Үнэндээ “даргын” гайхамшиг нь “ангийн даргад” ч бус, “засаг даргад” ч бус харин намын “даргад” байгаа бөгөөд намын “даргын” эрх мэдлийн эх сурвалж нь дунд боловсролтой “бацааныг” ч дээд боловсролтой эрхмүүдийн дээгүүр нэр дэвшүүлэх эрхтэйд байгаа юм. Тийм учраас л АН-ын дотоод сонгууль, сунгаа МАН-д халдварлаж түүний энэ oнц эрхийг халах гээд байгаа учир Зи “даргын” эхлүүлсэн шинэтгэл түүний хувьд “зика вирус” шиг аюултай байгаа юм. Тиймээс л тэрээр дээрх төлөвлөгөөг боловсруулсан бөгөөд, Н. Алтанхуяг, Н. Энхбаяр хоёроос айсан нэгэн аль байдгаараа хамжилцсан нь ойлгомжтой. Ийнхүү олигархуудын айдас Монголчуудыг авторитари дэглэмийн босгон дээр аваачаад байна.

------------------------
Бусад нийтлэлүүд:

Orkhon2

Г.Орхон, Дээд боловсрол судлаач 2016.12.17

Манай улсын хувьд мэдлэгт суурилсан нийгэм, эдийн засгийг хөгжүүлэх зорилгоор улсын сургуулиудаа судалгааны их сургууль болгоно хэмээн хэдэн жилээр 'хуурай’ ярьж байгаа боловч судалгааны их сургуулийг жинхэнэ утгаар нь хөгжүүлэх хамгийн чухал нөхцлийг орхигдуулж байгааг энэхүү нийтлэлээр хөндөн тавихыг зорьлоо. Манайд судалгааны их сургууль хөгжихгүй байх гол хүчин зүйлийн тэргүүнд засаглалын орчин орно гэж үзэж байна. Энэхүү нийтлэлд эхлээд судалгааны их сургууль мэдлэг суурилсан нийгмийн гол хөдөлгөгч хүч болох талаар товчхон дурдаад, дараа нь дээд боловсролын засаглалын орчны талаар өгүүлэх болно.

Байгалийн баялаг, шашин, нам үзэл сурталд дулдуйдсан улс орнууд доройтож харин, байгалийн баялаггүй хэрнээ мэдлэгийг тэргүүндээ залсан орнууд уламбүр хөгжих хандлагатай байгаагаас үзэхэд мэдлэг ‘ноёлсон’ тогтолцоо улсын тогтвортой хөгжилд ямар чухал болохыг бид бэлхнээ харж байна. Мэдлэгт суурилсан нийгмийг цогцлоож буй улс орнууд мэдлэгийг тухайн нийгмээсээ түрүүлж, чөлөөтэй, хязгааргүй туршиж, баталж, бүтээж байх эрхийг юун түрүүнд мэдлэгийг бүтээгч их сургуулиуддаа дархалж өгдөг. Тэрхүү улс төрөөс хараат бус, их сургуулийн дархлаажсан орчинд аливаа цаг зуурын үзэл суртал, туйлширлаас хол, цэвэр судлан шинжиж бүтээсэн тунгаамал мэдлэгийг нийгэмдээ ашигтайгаар хэрэглэж байгаа нь мэдлэгт суурилсан нийгмийн нэг давуу тал юм.

Их сургуулиуд хүн төрөлхтний үнэмлэхүй үнэнийг мэдэх холч зорилго бүхий мэдлэгийг бүтээхийн зэргэцээ нийгэм, эдийн засагт шууд хэрэглэж болохуйц мэдлэгийг бүтээж нийгэмтэйгээ олон талаар ойртох болсноор, ялангуяа судалгааны тодотголтой их сургуулиуд эдийн засгийг хөгжүүлэх гол хүчний нэг хэмээн тооцогдох болсон. Дэлхийн олон орон судалгааны их сургуулиараа дамжуулан даяаршмал мэдлэгийн сүлжээнд нэгдэж, дэлхийд өрсөлдөх чадвараа зузаатгадаг учраас судалгааны их сургуулийг улсын бодлогоор хөрөнгө гарган хөгжүүлж байна. Тухайн улсын судалгааны их сургууль нь хэдийгээр дэлхийд өрсөлдөх хэмжээнд хүрээгүй байсан ч хамаагүй, судалгааны их сургуультай байна гэдэг нь тухайн улс өөрийгөө мэдлэгээр манлайлан хөтлөх чадавхтай болохыг илтгэх чухал үзүүлэлт билээ.

Судалгааны их сургууль гэдэг үг өндөр санхүүжилтийг шаардана гэсэн утгыг шууд илтгэх бөгөөд засгийн газрууд дээд боловсролын системээ эрэмбэлж, шилмэл цөөхөн нийтийн өмчийн сургуулийг улсын судалгаа, инновацын гол цөм болгон хөгжүүлж, шилдэг эрдэмтэн багш, оюутан, лабратори, номын сан, судалгааны өндөр чадамжийн төвүүдийг төвлөрүүлж, нөөцөө тарамдуулалгүй шийдэж буй жишээ олон байна. Хөгжингүй орнуудын хувьд нийт их сургуулиудын 5-6 % нь л судалгаа эрчимжсэн сургуулиуд байна. Харин манай урд хөршийн хувьд судалгааны их сургуулиа хөгжүүлэхэд онцгойлон анхаарч нийт их сургуулийнхаа 10% -ийг судалгааны их сургууль болгох зорилго тавин нилээдгүй их хөрөнгийг судалгааны их сургуульд зарцуулж байна. Судалгааны их сургуулийн нийтлэг шинжийг судалсан судалгаанаас (Altbach, 2013) үзэхэд, ихэвчлэн ашгийн бус, нийтийн өмчийн судалгааны их сургуулиуд амжилттай хөгжиж буй нь дэлхийн жишгээс харагдана. Мөн шинжлэх ухааны академи, их сургууль хоёрын дунд судалгааны хүчийг хуваахгүйгээр, их сургуульдаа судалгааг төвлөрүүлж буй улсуудад судалгааны их сургууль илүүтэй хөгжсөн нь ажиглагдсан байна.

Судалгааны их сургууль хөгжих ээлтэй орчин их сургуулийн бие даасан байдал, эрдэмшлийн эрх чөлөөгөөр эн түрүүнд тодорхойлогдоно. Хамгийн ойрын олон улсын жишээ гэхэд Хонг Конгийн судалгааны их сургуулиудаа хүчирхэгжүүлсэн туршлагыг авч үзэж болох юм. Тэд гучаадхан жилийн өмнө судалгааны их сургуулиа байгуулаад, өнөөдөр дэлхийн шилдэг их сургуульд багтааж чадсаны нэг хүчин зүйл нь тэдний их сургуулийн бие даасан улс төрөөс хараат бус байдал, эрдэмшлийн эрх чөлөөг хатуу дархалж өгсөн явдал гэж судлаачид (Postiglione, 2013) үздэг. Их сургуулийн бие даасан байдал, эрдэмшлийн эрх чөлөөг улсаас нь дархалж өгөх нь тухайн улсаас гарах эрдэм мэдлэгийн бүтээлүүд нь аливаа нэг цаг зуурын үзэл суртал, улс төр, нийгмийн нөлөөлөлд автаагүй цэвэр мэдлэг байх үндсийг бүрдүүлж өгч буй хэрэг бөгөөд мөн их сургууль нь нийгмийг түрүүлж харж, судалж байдаг учраас нийгмийг буруу тийш хазайх үед хүчтэй шүүмжлэгч нь байх дархлааг тавьж өгч буй хэрэг билээ. Хонг Конгийн засгийн газар судалгааны их сургуулийг байгуулж, санхүүжилтээр дэмжих бодлогыг хэрэгжүүлсэн хэрнээ их сургуулийн дотоод бүтэц, удирдлага, зохион байгуулалт, сургалтын хөтөлбөр, сургалтын төлбөр, сургалт судалгааны бүх эрхийг их сургуульд нь бүрэн даатган өгч, их сургуулийг бие даан хөгжих засаглал, хууль эрх зүйн орчинг бүрдүүлж өгсөн байна. Эрхийг нь бүрэн өгөхийн хажуугаар, хариуцлагаа сайтар нэхэж, дүгнэдэг тогтолцоог ч мөн бүрдүүлсэн байна.

Гэтэл манай улсад ‘улсын их сургуулиуд бол улсын өмч учраас улс шийднэ’ хэмээн зүтгэж, улсын их сургуулийн удирдах зөвлөлийг эрх барьж буй намын нөлөөллөөр байн байн сольж, их сургуулийн удирдлагыг дураараа халж, их сургуулийн бие даасан байдлыг засаг солигдох бүрт ноцтой зөрчиж, их сургууль хэмээх цэвэр мэдлэг, чадвар ноёлох ёстой эрдмийн эрчимтэй талбарыг үймүүлж, Монгол улсын мэдлэгийн их уурхайн тогтвортой байдал, чадавхийг уламбүр сулруулсаар байна. Өнөөдөр манай их сургуулиудийг мэдлэгийн манлайллаараа удирдан залах бие даасан удирдлага бус харин намын нөлөөллөөр дамжуулан удирдлагад шургалсан нөхдүүд ‘үймүүлдэг’ эрүүл бус тогтолцоо нэгэнт бий болжээ. Их сургуулийн удирдлага сургуулийнхаа сургалт, судалгааны чанарыг дээшлүүлэхийн төлөө ухаанаа уралдуулж байхын оронд, ‘нам өөрчлөгдлөө, одоо хэнийг халж, хэнийг томилбол ямар сандал ширээг одооноос хөөцөлдөх вэ’ гэсэн эрүүл бус ажлуудад цагаа үрж, хэдэн цагаар сандал ширээтэй холбоотой хурал хуйд дуудагдаж байна. Засгийн газрын бодлого, үйл ажиллагаанд хөндлөнгөөс нийгэм судлалын дүн шинжилгээ хийн, алдааг нь залруулж, үндэсний оюун сэтгэлгээг манлайлж явах ёстой холч хараатай их сургуулиуд маань дөрөвхөн жилийн настай ‘партизан’ улс төрчдийн мэдэлд номхон хүлцэнгүй дагаж яваа нь энэ ‘нам ноёлсон систем’ хэрхэн дээд боловсролыг сулруулж байгаагийн тод жишээ юм.

Аль ч улс улсынхаа оюуны сор болсон эрдэмтэн багш болон шилдэг оюутнуудыг судалгааны их сургуульдаа төвлөрүүлж, үндэснийхээ оюун санааны манлайллыг баталгаажуулдаг. Гэтэл өнөөдөр манайд тийм судалгааны их сургууль төдийлөн хөгжөөгүй байгаа учраас хувийн болон улсын шилдэг дунд сургуулиудад суралцаж төгссөн шилдэг сурагчид яг үнэндээ үндэсний их сургуулиудаа голж, гадаадын сургуулиудыг сонгох болсон. Шилдэг оюутан цөөхөн, бид тэр сор оюутнуудаа өөрийн эрдэмтдийн боловсруулсан жинхэнэ Монгол иргэн, Монгол мэргэжилтнийг төрүүлэх сургалтандаа сургаж чадахгүйгээр алдаж эхлээд байна. Бакалаварын төвшинд оюутан Монголдоо сурвал өөрийн хэл соёл, түүх, иргэн хүнийхээ ухамсрыг илүүтэй дээшлүүлэх нь тодорхой.

Цэвэр мэдлэгийг бүтээх чин эрмэлзэлтэй судлаач багш нар мөн ийм системтэй зууралдаж, цагаа үрэх хүсэлгүй учраас жинхэнэ мэдлэг, чадварыг үнэлэх систем рүү явах нь тодорхой бөгөөд энэ мэтээр бид судалгааны их сургуулийн гол цөм болсон сор эрдэмтэн багш нар болон шилдэг оюутнуудаа бусдад алдаж, үнэ цэнийг нь доройтуулж байгаа нь судалгааны их сургуулийн гол хөдөлгөгч хүч болсон чадварлаг хүний нөөцийг алдагдуулж буй нөхцлийг бүрдүүлж байна. Цаашлаад ийм улс төрийн нөлөөлөл өндөртэй орчинд санхүүжилтийн шударга тогтолцоо бүрдэхгүй байх нь тодорхой. Ингээд муу засаглалыг дагаад хөврөх сул санхүүжилт, чадваргүй хүний нөөц, үр дүнгүй сургалт, үүнээ дагаад оюутны эрх ашиг хөндөгдөж дээд боловсролын салбарын хөгжил нэлэнхүйдээ доройтож байгааг хэн хүнгүй мэдсээр байж энэ байдлаа лавшруулсаар байна.

Дээд боловсролын ийм ээлгүй орчинд судалгааны их сургууль байгуулах нь хоосон яриа хэвээр үлдэнэ. Тиймээс бид юун түрүүнд дээд боловсролын засаглалаа сайтар тунгаан боловсруулж, мэдлэгийг улс төрөөс ангид, хараат бусаар чөлөөтэй бүтээх боломжийг улс орныхоо хөгжлийн нийтлэг эрх ашигт нийцүүлэн дархлаажуулах хэрэгтэй байгааг та бүхэн мэргэн оюундаа тунгаана гэдэгт итгэнэм.

Өмнөх нийтлэлүүд
Судалгааны их сургууль уу, сургалтын их сургууль уу?
Дээд боловсролын суурь хичээлийн сургалтын хөтөлбөр, сургалтын хэлбэр, заах аргыг шинэчлэхэд

Hurug “Оюунлаг Оршихуй” уулзалтын 27 дахь дугаарын зочноор МУИС-ийн МХСС-ийн багш, хэл бичгийн ухааны доктор (Sc.D), профессор Г.Гантогтох уригдан оролцож сонирхолтой яриа хийсэн билээ. Уулзалт ярилцлагын тэмдэглэлийг Оксфордын их сургуулийн Боловсролын ШУ-ны магистр Г.Орхоны ирүүлснээр та бүхэнд хүргэж байна.

Уулзалт ярилцлага доорхи 3 сэдвийг хамрав.

  1. Монголын нууц товчооны товч танилцуулга
  2. МНТ-оос сонгож авсан өгүүрбэрий
    н онцлох үг хэллэгийн тайлбар
  3. Монгол бичгийн учир холбогдол

******************************************

  1. Монголын нууц товчооны товч танилцуулга

Slide5МНТ хэмээх түүхэн сурвалжийг Мин улсын үе болж ирэхэд уйгаржин монгол бичгээр байгаа уг эхээс нь 282 зүйл өгүүлэмж эмхтгэн, монгол хэл сургах сурах бичиг бэлтгээд, Юань улсын нууц түүх хэмээн нэрлэж арван хоёр, арван таван дэвтрээр товхин бичиж үлдээсэн эх сурвалжууд бий.

Slide4Энэ эх бичигт МНТ-ны 282 зүйл бүрийг хятад ханз үсгээр монгол хэлээр галиглан бичиж, монгол үг тус бүрийг араар нь зураад, оноосон орчуулга хаджээ. Тэгээд зүйл тус бүрт хадмал товч орчуулга үйлдэж товчоолсон байдаг.

МНТ-ны монгол бичгээр уламжилсан сурвалж бол Лувсанданзаны зохиосон “Алтан товч” хэмээх түүхэн тулгар бичиг 233 зүйл МНТ-ны зүйлтэй ямар нэг хэмжээгээр тохирдог.

МНТ-ны монгол эх бичиг олдоогүй учир “Юань улсын нууц түүх” гэдэг энэ сурвалжийг орон орны эрдэмтэд судалсаар байгаа боловч 13-р зууны монгол хэлээр байгаа зарим үгс эдүгээ хэрэглээнээс гарсан, өвөрмөц хэлцийн утга нь танигдахгүй болсон, зарим үгийн утга шилжиж өөрчлөгдсөн, хэв заншил, мөргөл шүтлэг өөрчлөгдсөнтэй холбогдоод нэгэн мөр сонгомол эхийг бүтээнэ гэхэд олон зөрчилтэй учирсаар байгаа юм.

Хэдий тийм боловч МНТ-ны судлал дэлхий дахинд өргөн дэлгэрсэн, дэлхийн олон хэлээр орчуулагдсан ялангуяа Монгол улс, Өвөрмонголын эрдэмтэд хүчин чармайлт гарган тал бүрээс нь судалж, сийрүүлэл тайлбар бүхий судалгаа шинжилгээ, унших бичиг, сурвалж судлалын бүтээлүүдийг туурвисаар байна. МНТ дэлхий дахины олон эрдэмтдийн нөр их хөдөлмөрийн ачаар өндөр түвшинд гарч, илэрхий тодорхой болсон зүйл их бий.

Тодорхой болох тусмаа нууц нь улам нуугдаж, танигдахгүй үг хэллэг, ухагдахуун буруу ташаа ойлголт, мадагтай уншлага, үсэг зурлагын ташаарал, арга зүйн дутагдал маань улам ил болсоор судлаач сонирхогчдын хүрээг тэлсээр байгаа нь сайн хэрэг.

Монголын нууц товчооны нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн сонгомол эхийг сэргээн гаргахад:

  • Олон салбарын эрдэмтдийн хүчийг зангидан, угсаатны зүй, түүх, угсаа хэл шинжлэл, нутгийн аялгуу судлал, газар зүй, нүүдэлчдийн соёл судлал, бөө мөргөл судлал, эртний судлал, хэлшинжлэл, сурвалж бичгийн судлал зэрэг олон ухааны бэлчир дээрээс магадлан барьж судлах
  • Алтайн төрөл хэлээр МНТ-г орчуулж харьцуулж судлах
  • Монгол төрлийн хэл хийгээд олон монгол аялгуунд хөрвүүлж, харьцуулсан судалгаа хийх
  • Эх бичигт суурилсан судалгаа орчуулга хөрвүүлэг хийгээд уран сайхны орчуулга хөрвүүлгийг салбарлуулан хөгжүүлбэл тодорхой үр дүнд хүрнэ гэж боддог.

МНТ-ны үг хэллэгийн цаад гүн санааг нүүдэлч соёлын сэтгэлэг, зан үйл, бөө мөргөлийн ухагдахуун, нутгийн аялгууны хөрвүүлэг сэргээлтээр сайтар тунгаан судалбал үг хэллэгийн утга танигдаж учир зүйн гаргалгаа нь зүгшрэх төлөвтэй байгааг жишээлж үзүүлэхийг зорьсон юм.

_____________________________________

  1. МНТ-оос сонгож авсан өгүүлбэрийн онцлох үг хэллэгийн тайлбар:
  1. huja’ur (узуур)

Slide11 МНТ “Чингис хааны узуур
Дээр тэнгэрээс заяат төрсөн Бөртэ Чоно ажгуу” гэж эхэлдэг.

Эрдэмтэд энэхүү узуур гэсэн үгийг язгуур, узуур, озоор гэж уншиж тайлдаг.  Би узуур гэсэн саналыг дэмждэг. Узуур гэдэг нь модны бүдүүн уг. Үзүүр гэвэл нөгөө тал нь болно. Энэ нь Чингис хааны төрлийн модны угт байгаа Бөртэ Чоно хэмээх дээд өвгийг узуур хэмээн заажээ.       Узуур хэмээн заасны учир нь төрлийн модны угт байгаа дээд өвгийг хүндлэх эртний зан үйлтэй холбоотой. Тэрхүү зан үйл нь хорь буриадын бөө нарт уламжилж ирсэн байна. Үүнд “Бөөгийн чанар” хэмээх зан үйл үйлдэн, есөн ес наян нэгэн дэрвэлэг мод, эцэг мод, эх мод, үүр мод, шузга мод зоож, хонин тайлга оруулан, узуур унги угтаа их ёслол үйлддэг.

Их хааны угийг дээдлэн хүндэтгэж, уг узуураас нь утгалан бичихийн тулд  Чингис хааны узуур хэмээн мөр тэтгэжээ.

  1. Qonjiyasun (хошног, гургалдай)

Slide13МНТ-ны 124-р зүйл дэх “Хонид адуулж, хонжияасун идсү би” гэж “Дэгэй хонь адуулав” гэсэн өгүүбэрийн хонжияасүн /хошног/ гэдэг энэ үгийг эрдэмтэд янз бүрээр галиглаад, зарим нь хошног, зарим нь гүзээ гэж байна хэмээн маргалддаг.

Би хошног гэсэн саналыг дэмждэг учир нь хонь төхөөрөөд, хонины хошногт дотор мах /хэрхнэг, өрц, гол мах/ -ны зүсмийг чихээд чанаж бэлтгэсэн хоолыг хошног гэдэг. Гургалдай, авид, найз, хошног, цагаан мах гэх мэт газар газрын монголчууд янз бүрээр нэрлэдэг. Хошногийн амсрыг буриад аялгуугаар хонзооhон /хонжоос/ Өвөр монголчууд баян түрүү гэж хэлэлцдэг.

Хорь буриадын бөөгийн чанарын тараал, мөн эрэгтэй хүүхдийн угаалга, мялаангуудын ёслолд гургалдайгаар хишиг даллаж, нар зөв эргүүлээд, ёслолд оролцсон хүн бүрээр хазуулж хишиг хүртээдэг заншил одоо хүртэл байна.

Байгаль эхийн өгөөж шим хонины бөгсөнд тарга болон хурсныг баян түрүү хэмээн бэлгэддэг заншил тэр үед байсан учраас Тэмүүжинийг хамаг монголын ханаар өргөмжлөхөд Дэгэй ингэж хэлж байгаа нь монгол түмний амны хишгийг даллаж буй утга ажээ.

  1. Slide16эе барваас

154-р зүйл дэх: “Эе барваас өтөг уусны хойно Бэлгүдэй, Даридай хоёр тэнд ортугай! Гэсэн өгүүлбэрийн эе гэдэг үг шууд утгаараа эе найр, эв эе. Шилжмэл утгаараа хурал зөвлөгөөн. Хурал зөвлөгөөн хийж, эв эеийг тогтоохын тулд хатуу, зөөлөн янз бүрийн арга боловсруулж хэлэлцээд, айраг ууж тардаг заншилтай байжээ. Бэлгүдэй, Дааридай хоёр зөвлөгөөний нууцыг задалсан учраас Чингис хаан ийм шийдвэр гаргажээ

  1. хог идэж, хомоол түлж явтугай

Slide14Төдэй Чэрби даран аж. Ордын хойноос хог идэж, хомоол түлж явтугай” хэмээн зарлиг болов” гэсэн өгүүлбэр MHT-ны сонгомол эхийн 234*-р зүйлд байдаг. Хог идэж гэсний хог гэдэг үгийг Мин улсын үеийн хадмалчид хоолны хаягдал ногоо гэж тэмдэглэснийг дагаад хог хаягдлыг идэх гэж орчуулдаг. Гэтэл Алтан товчоос сурвалжтай хог хамж гэсэн хөрвүүлэг бас бий.

Чэрби гэдэг нь засаг төрийн удирдагчийн хэргэм зэргийн нэр. Тэр их хэргэм зэрэгтэй Төдэй Чэрбийг хог идэж, хомоол түлж яв гэж Чингис хаан зарлиг буулгалаа гэвэл алдас болно.

Хог хамж, хомоол түлж явтугай гэж хөрвүүлсэн хөрвүүлэг үг үсгээрээ зөв боловч ямар учиртайг тайлбарлаагүй тул учир битүүлэг үлджээ.

Миний санал: ‘хог этэж, хомоол түлж явтугай гэж үгчлэн буулгаад, аргал хорголын хог бууцыг хамж, хомоол унгатгаж ариулж явтугай гэж тайлах нь зөв болов уу. Монголчуудын уламжлалт өдөр тутмын заншлаар айл нүүхдээ гэрийн эзэгтэй ачаагаа хөтөлж, хүүхэд хөгшид нь хонь малаа тууж, гэрийн эзэн гэрийнхээ буурь, буянт малынхаа хот хорооны бууц, аргал хорголын хогийг этэж хамж тэгшлээд, хомоол, арц, ганга унгатхаж, хот хороо, гэрийн буурь, нүүх зүгээ ариулаад ачааныхаа араас мордож, ачаагаа харж хандаж, нүүдлээ араас нь удирдаж явдаг олон зууны уламжлалтай билээ.

Чингис хааны тэр их орд өргөө нүүхэд Төдэй Чэрби эзэмдэн захирч, удирдан зохион байгуулж, хот хорооны хог болох малын хэвтэр бууцыг хамуулах, гал түймрээс сэргийлэх ба хомоол тэргүүтэн арц ганга, жодоо унгатган ариулах ажлыг эрхлүүлж байхаар хаан соёрхон зарлиглажээ.

Төдэй Чэрбийн нэрийг хятад галигаас үндэслэн Дөдэй гэж уншдаг. Гэтэл алдарт монголч эрдэмтэн Б.Х.Тодаева гуайн халимаг овог нь Төдэй, нэр нь Төдэйн Буляаш гэдгээс эрэгцүүлэн бодвол аман дуудлага нь Төдэй байж болмоор байна.

  1. ордос бууж бүхийд

Slide17282-р зүйлд “Долоон болдог, Шилгэнцэг хоёр зуур ордос бууж бүхийд бичиж дуусгав” гэж алдарт МНТ төгсдөг.

Нүүдэлч соёлын сэтгэлгээр шинэ соргог бэлчээр нутагт буурь сэлгэж, хааны орд өргөө бууж төвхнөсөн үйл явдалтай таширлан төгсгөлийн үгээ бичиж туурвисан нь монгол номч нарын билигшээлт сэтгэлгээний гэрч, тал нутгийн анхилам үнэр шингэсэн бүтээл болохыг илтгэж байна. Үүнийг Оросын эрдэмтэн Б.Я.Владимирцов гуай соргогоор мэдэрсэн нь бахархалтай байдаг.

Slide19

_______________________________________

  1. Монгол бичгийн учир холбогдол

Учир зүйн үүднээс Монгол улс монгол бичгээрээ төр засаг, албаныхаа хэргийг хөтлөх ёстой гэдэгт би эргэлзээгүй итгэдэг. Итгэдэг үндэслэл нь:

Монгол бичиг

  • Олон зуун жилийн тэртээгээс боловсрон боловсорсоор өөрөө бүтэж төрсөн зөв бичих зүй бүхий тогтсон бичлэгтэй, дэлхий дахинаа хүлээн зөвшөөрсөн бичиг үсгийн зарчмыг сайтар баримталдаг, даяар монгол хэлний авиалбарыг оновчтой тэмдэглэдэг боловсронгуй бичиг
  • Монгол хэлний ундарга, салаа салбар болсон олон хэл аялгууг нэгтгэн барьж, үгийн сан утга зүй, соёл сэтгэлгээний нийлэг талыг нэгтгэхийн зэрэгцээ салаа салбараасаа баяжиж байдаг
  • Сонгодог монгол бичиг болон хөгжих замдаа бичиг номын хэлийг цогцлоон бүтээж төрөл бүрийн утга зохиолыг хөгжүүлсэн. Гадаад үг, нэр томъёог тэмдэглэдэг али гали үсгийг тусгайд нь зохиож, зөв зохистой хэрэглээг бүрдүүлэн сургаж байжээ.
  • Үгийн галбирыг хийсвэрлэн татлан бичих хийгээд уран сайхны сэтгэмжийг чөлөөтэй болгон, үг үсэг дүрэмд ягштал баригдаагүй урлагийн чөлөөт сэтгэлгээг уран үсгээр илэрхийлэх бололцоо боломж сайтай байдагт нь итгэл үнэмшил улам лавширдаг юм.

Гэвч сайн бүхэн саад тотгортой. Бид багш нараа сайн бэлтгээгүй, заах аргаа боловсруулаагүй, Монгол бичигтээ итгэх итгэл үнэмшлийг нь баттай суулгаж чадаагүй. Цахим сүлжээгээ бүрдүүлээгүй, мэдээлэл сурталчилгааны хэрэгслээ монгол бичиг рүүгээ чиглүүлээгүй зэргээс шалтгаалаад зээлдмэл сэтгэлгээнээсээ салж чадахгүй л байна.

Slide6Slide7Slide8

Зээлдмэл сэтгэлгээнээс салгаж, улс орноо өв соёлоо, эдийн засгаа хөтлөөд явах эрүүл саруул ухаалаг, чийрэг, чин зоригт залуучууд өсөж торниж, өөрөө бүтсэн монгол бичиг маань өөрөө босож ирэх үе ойрхон болоод байгаа гэсэн ерөөл тавьж яриагаа өндөрлөе.

Slide21

Бямба, 05 9-р сар 2015 04:10

НЭГ АЛХАМ – НЭГ УРАМ

Монгол улсад 2014 оны байдлаар 130.000 гаруй хөгжлийн бэрхшээлтэй хүн байгаагаас 32 мянга нь хүүхдүүд гэсэн үзүүлэлт бий. Хамгийн эмгэнэлтэй нь энэ тоо цаасан дээр л харагддаг, хүмүүс нь цаана нуугдмал амьдардаг.

Г.Солонгоог мэдэх болоод 10 гаран жил болжээ. Амьдралд өнгө нэмэхийн төлөө нэгэн. Номоо ч ийн нэрийдсэн байдаг. Төв аймгийн Зуунмодоос улсынхаа нийслэл рүү өглөө бүр ажилдаа ирдэг тэр үндсэн 2 ажил, сайн дурын 4 ажил зэрэгцүүлнэ. Нүүр хуудсаараа дотоод ертөнцөө харамгүй нээдэг түүнийг олон хүн эчнээ мэдэх болсон.

Европын орнуудаар явж эх орон нэгт залуустай мэдээлэл солилцож, уулзаж ярилцах тухайгаа “Хүнд хэцүү нөхцөлд дунд хамгийн их боломж байдаг. Шантарсан ч шазуурдаад л зүтгэдэг. Өнгөц харахад өөрийнхөө төлөө юм шиг боловч алс зорилго нь Монголын төлөө юм аа. Эх орон минь гоё бол бүгдээрээ л сайхан амьдарна. Гол нь бид ямар нэг зүйл хийх ёстойгоо сайн мэддэг ч яаж хамтрах талаар нэг алхам хийдэггүй. Тийм учраас дотоод, гадаадад байхаасаа үл хамааран зөв зорилгын төлөө үйлсээ зориулж чадах зоригтой, хүчтэй, сэдэлтэй тэр ховор хүмүүсийг нэгтгэхийг хүссэн” гэж аяллынхаа зорилгыг хуваалцав. 

Forbes life Mongolia сэтгүүлийн эрхлэгч, Achilles International Mongolia олон улсын байгууллагын ТУЗ-ийн гишүүн,  Цахим өртөө Холбооны гишүүн Г.Солонготой холын замд гарах гэж буйтай нь холбогдуулан товч хөөрөлдлөө.

-       Та “Монгол залуусын амьдралын хэв маяг, өнөөгийн хандлага” сэдэвт цуврал уулзалт хийхээр Европыг зорих гэж байна. Энэ санаа хэрхэн төрөв?

-       Шулуухан хэлэхэд залуус өөрсдөө нийгмээ түүчээлж, зөв хандлага руу чиглүүлэх үе ирчихэж. Бид хүн болж төрөхдөө өөрсдийгөө үргэлжлүүлэхээс гадна эх орноо дархлах үүрэгтэй ирдэг гэж боддог. Тийм ч учраас амжилтанд хүрсэн эс хүрснээс үл хамааран хувь хүнд болоод нийгэмд тустай сайн, зөв гэсэн болгоныг нээж, түгээж, нөлөөлж байхсан гэж зорьдог юм. Аав ээжээс эрүүл саруул сайхан охин болж төрлөө, амьдралын алдаа оноон дунд бас чиг дажгүй төлөвшлөө, одоо л үе тэнгийнхэнтэйгээ хамтарч ирээдүйгээ гоё бүтээмээр байна. Дүү нартаа гэрэл гэгээтэй зам гаргаж өгмөөр байна. Бөхөөр бол нэг тийм бяр амтагдсан ч гэх юм уу хэтэрхий бардам сонсогдох байх л даа, тийм үе ирээд. Идэвхтэй, өөдрөг зарчим маань хатгаад суулгадаггүй ээ. Үүнийг минь мэдсэн юм шиг Бельгийн Гент хотод 6-р сарын 19- 20нд болох чуулганд намайг урьсан нь Европт байгаа элэг нэгтнүүдтэйгээ уулзая, бор зүрхээрээ амьдарч яваа залуу хүний хүсэл мөрөөдөл, эрэл хайгуул, гарц шийдэл юунд байдгийг харуулая, хуваалцая, хамтрая гэж зориглох зам гаргаж өглөө.

-       Үүргэвчээ үүрээд тойрох уу, тохь тухтай буудлаас буудалд буугаад явах уу?

-       Белгийн чуулганыг зохион байгуулагчид зочдоо буудалд байрлуулж байгаа. Харин бусад хотод үүргэвчээ үүрээ л, найз нөхдийнхөөрөө хонож явах юм. Тохитой буудалд тухалж амрах зав ч алга мөнгө ч алга /инээв/. Олдсон цаг болгоноо хүмүүст зориулж бодит мэдээлэл өгье гэж хичээж байна. Хилийн чанад дахь монголчууд маань эх орныхоо хөгжилд нэмэр болохсон гэж угаасаа боддог, зүтгэдэг. Тийм болохоор чухам яаж хамтрах, яг юу хийх, талаар гарц шийдлийг хамтдаа ярилцахыг зорьж байна.

-       Аялалыг тань хамтран зохион байгуулж тусалж дэмжиж буй хүмүүс нилээд харагдана?

-       Цахим өртөө сүлжээ, Швед дэх Монголчуудын үндэсний холбоо, Хилийн чанад дахь ТББ-дын зөвлөл, ХБНГУ дахь ТББ, Берлин дэх Монголын ЭСЯ-ны Консулын газар, Отгонбаяр сан, Европ дахь бизнес эрхлэгчдийн Өэлүн эх ТББ, Австри улс дахь Монгол оюутны холбоо гээд гадаадад голдуу үйл ажиллагаа явуулдаг олон нийтийн байгууллагууд их тусалж байна. Хамтран зохион байгуулах ажилдаа ч орцгоосон. Ингэж урам зориг өгч байхад би нийтлэгийн адил цалингаас цалингийн хооронд үлгэн салган амьдрах, эсвэл цахим орчны цаанаас дэмжинэ, амжилт хүсье гэх мэтээр хоосон бичээд суумааргүй байна. Ер нь бол нэг тийм хувалз шиг амьдралд дургүй учраас чадах хэрээрээ манлайлж, дуулсан туулснаа хуваалцаж, залуус өөрсдийнхөө төлөө хий хоосон ханхалзаж биш яг бодитой зүйлийн төлөө дуу нэг, хүч нэгтэйгээр шуурдаг хандлагыг бий болгохыг хүссэн юм.  

-       Монголын өнөөгийн байдалд сэтгэл дундуур л яваад байна аа?

-       Халамжийн маягийн нийгмийг би л лав хүсээгүй. Зөв зүйлд уриалаад явж байгаа залуусаа дэмжих сэтгэлгүй, сэтгэлгээгүй нь олшроод л байх. Нийгмийн сүлжээгээр дүүрэн ууж идсэн, аялж зугаалсан, нэг л их баян хүмүүс. Хамаг зовлонгоо нуугаа л бусдын нүдэнд сайхан харагдах гэж өөрсдийгөө хуурцгаана. Ямар хэрэгтэй юм бэ? Нөгөө хэсэг нь болохоор юу юугүй л эх орноо муулж, төр засаг руугаа дайрна. Эрүүл байцгаая аа тогтмол гүйцгээе гэж уриалахаар хөдөлдөггүй мөртлөө энэ тогтолцоо нэг л биш гэж шүүмжлээ л. Ямар ч тэнэг хүн ухаарахаар хугацаа өнгөрсөн байна. Тийм учраас одоо ярьдаг шигээ ажиллая гэж уриалж байгаа ухаантай юм. Тэр уриалгаа Монголдоо нийгмийн ажил хийгээд, манлайлаад явж байгаа олон найз нөхдийнхөө ажил үйлсээр батаж, харуулна. Гадаадад суугаа монголчуудын маань сэтгэлд эх орны хөгжлийн учиг үргэлж уяатай явдаг, одоо гаргах, хэрэглэх цаг болжээ гэдэг дээр хэн хүнгүй санал нийлдэг. Бид ер нь дотоод гадаадгүй эв нэгдлээр тааруу, ажил хэрэгч байдлаар төвлөрөхдөө муу юм аа. Энэ зангаа больж нэгнийгээ дэмжсэн шиг дэмжиж, улсаа зассан шиг засах сэтгэлгээ Монголд ажиллаж амьдарч яваа залууст нэгэнт суусныг дуулгахын тулд Европыг зорьж байна. Мундагтаа биш шүү, гэхдээ эх орныхоо ирээдүйн төлөө санаа зовдог хэн ч байсан ийм алхам хийх л байсан.

-       Аялалаасаа ямар олз омогтой буцах юмсан гэж төсөөлж байна даа?

-      

Европын 4 улсад очно. Белгийн Гент, Шведийн Стокгольм, Германы Берлин болон Мюнхен хотод уулзалт зохион байгуулна. Манайхыг хүмүүс алгасах юм аа, та ирээч гэж Австри дахь Монгол оюутны холбооныхон уриад байгаа. Тийшээ очих гэхээр зардлын хувьд өндөр тусаад байх юм. Аяллын олзоо бол төсөөлөх бус бүр төлөвлөсөн шүү. Оюун санааны их хүч, арга тээж ирнэ ээ. Багадаа 300 орчим хүнтэй уулзах болов уу гэсэн тооцоо байна. Монголчууд хилийн чанадад маш амжилттай суралцаж, амьдарч байгаа. Эрдэм мэдлэгийн болоод санхүүгийн тун боломжийн чадавхтай ч болсон. Тэд хаана хэнд хөрөнгө оруулбал эх орныхоо хөгжилд сайн тус үзүүлж чадах талаар бодит мэдээлэл багатай болов уу гэж анзаардаг юм. Миний л анзаарал шүү дээ. Хилийн чанадад суугаа бүх монголчуудын эх орноо гэх нэгэн үзүүрт сэтгэлийг л холбож, нэгтгэж, бүр ажил болгомоор байна. Яг ингэж л мөрөөдөж байна. Мөрөөдлөө биелүүлэх ийн тулд тодорхой хэмжээний эрсдэл гаргаад алхам хийж байгаа минь энэ.  

Хөөрөлдсөн цахим өртөөч Д.Цэрэнбат

all“Монгол орны хөгжилд” 11-р чуулга уулзалт “Гадаад дахь бизнес эрхлэлтийн орчин, туршлага” сэдвийн дор London Academy of Diplomacy сургуулийн хурлын танхимд амжилттай зохион байгуулагдлаа.

Чуулганы үйл ажиллагааг Британид суугаа Монгол улсын Элчин Сайдын Яам, Британийн Монголчуудын Холбоо, Цахим Өртөө Холбоо ТББ-ийн зүгээс бусад төрийн болон төрийн бус байгууллагууд, гадаад дотоодын бизнесийн компаниуд, сургууль, хувь хүмүүсийн өргөн дэмжлэгтэйгээр хамтран зохион байгууллаа.

Чуулга уулзалтад Британи, Швед, Канад, Польш улсуудад бизнес эрхэлж буй Монголчууд биечлэн болон цахим хэлбэрээр оролцож, хөтөлбөрийн дагуу нийт 12 илтгэлийг хэлэлцүүллээ.saidNeelt

Монгол улсаас ИБУИНВУлсад суугаа онц бѳгѳѳд бүрэн эрхэт элчин сайд  Н.Тулга чуулганыг нээж хэлсэн үгэндээ “улс орнуудын хурдацтай хөгжлийн нэгэн түлхүүр нь гадаад дахь бизнес эрхлэгчдийнхээ боломж хүч, санхүүгийн чадавхид тулгуурлах явдал” байдгийг Хятадын жишээгээр иш татан тайлбарлаж,  тэр утгаараа энэ удаагийн чуулган цаг үеээ олсон чухал ач холбогдолтойг элчин сайд онцлон тэмдэглээд, чуулганд оролцож буй бизнес эрхлэгч нарт Монгол орныхоо ирээдүйн хөгжлийн нэгэн тулгуур болон өсөж хөгжихийг ерөөлөө.

Чуулганы ажиллагаанд Гадаад хэzuvluhGHMendchilgeeргийн сайд Л.Пүрэвсүрэн мэндчилгээ илгээснийг Монгол улсын элчин сайдын яамны Зөвлөх С.Ганхуяг уншиж танилцууллаа. Гадаад хэргийн сайд уг мэндчилгээндээ чуулганы ажиллагаанд амжилт хүсээд  “...Гадаад хэргийн яамнаас дэлхий улс орнуудад суралцаж ажиллаж амьдарч буй монгол иргэд, тэдний үүсгэл санаачилгын байгууллагатай эргэх холбоотой хамтран ажиллаж, тэдэнд тулгамдсан асуудлыг шийдвэрлэх, эх орынхоо хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулах үйлст нь дэмжлэг үзүүлэх хөтөлбөр боловсруулан хэрэгжүүлэх улс эх орныхоо нэр хүндийг өндөрт өргөж буй иргэдээ урамшуулан дэмжихэд анхаарч ажиллаж байгааг энэ дашрамд дуугахад таатай байна...” хэмээжээ.

ProfMisfudЭнэ удаагийн чуулганыг өөрийн сургууль дээрээ зохион байгуулах саналыг хүлээн авч хамтран ажилласан Малт улсын Гадаад хэргийн сайд асан,  London Academy of Diplomacy  сургуулийн захирал Профессор Joseph Mifsud гадаадад суугаа элэг нэгтнүүдийнхээ оюуны боломжийг эх орон руугаа чиглүүлсэн энэхүү чуулганы ажиллагаа чухал ач холбогдолтойг дурьдаад "тиймээс ч эрхэм элчин сайд Н.Тулгын энэхүү чуулганыг манай сургууль дээрээ зохион байгуулах хүсэлтийг  миний бие дуртайяа хүлээн авсан билээ" хэмээв. Тэрээр  өөрийн сургуулийнхаа талаар танилцуулж, улс орнуудын хоорондын харилцааны өнөөгийн нөхцөлд "зөөлөн хүчний бодлогыг" нэвтрүүлэх, хэрэгжүүлэхийн ач холбогдлыг онцлож, уг сургууль үүнийг чухалчлан үздэгийг тайлбарлав. Тус сургуульд Британийн Монголчуудын Холбооны УЗ-н гишүүн Ж.Өнөрмаа мастерийн зэрэг хамгаалж байсныг тэрээр мөн иш татаж цаашид олон олон Монголчууд ирж суралцахыг урилаа.

Хөтөлбөрийн удирдамжийн дагуу чуулганд тавигдсан илтгэлүүд нь тухайн бизнесийн ажиллагааг эрхлэх эрх зүйн орчин, санхүүгийн боломж дэмжлэг, өөрсдийн туулж амссан туршлага, Монгол орондоо уг төрлийн бизнесийг хөгжүүлэхэд анхаарах зүйлс, түүнчлэн өдгөө эх орон руугаа чиглэсэн ямар үйл ажиллагаанууд хийж буй талаар танилцууллаа

BatstetsegШведийн бизнес эрхлэлтийн орчин, чиг хандлага: Батсуурийн Батцэцэг,  Худалдаа эдийн засгийн зөвлөх, Шведийн Вант Улсад суугаа Элчин Сайдын Яам, Стокхольм
UUganaaИх Британид номоо хэрхэн гаргах юэ?: Бэстсэллэр ном гаргах нууцаас: Пүрэвдоржийн Ууганбаяр, зохиолч, Мэргэжлийн болон Хувь Хүний Хөгжлийн Хөтөч, “Монгол” номын зохиогч
UndraaБританид гоо сайхны бизнес хийх арга зам болон өсөж дэвжих боломж: Сүхбаатарын Ундрах, Broadway beauty and nail bar salon-ий захирал SaranzayaБаялагийг хүн бүтээдэг буюу мэргэжил мэргэшил хоёрын зөрүү: Маналсүрэнгийн Саранзаяа, Лондон Соутбанк Их сургууль болон Эссэксийн Их Сургуульд багш, судлаач
TulgaБизнес орчин дахь мэдээллийн технологийн консалтинг ба ОУТсоурсинг цахим илтгэл: Түмэндалайн Тулга, IT Сonsulting Сompany-д зөвлөх, Польш ariunaaИх Британид үл хөдлөхөд хөрөнгө оруулахын давуу тал болон үл хөдлөх хөрөнгө авах дэс дараалал зөвлөмж: Чулуунбатын Ариунгэрэл,  G.E.R ХХК-ийн үүсгэн байгуулагч, Кембридж
Bolor“Канадын хөрөнгийн зах зээл ба IPO: Канадын зах зээлд үнэт цаас олон нийтэд санал болгох тойм” хамтарсан цахим илтгэл: Самбуугийн Болор, Канад Монгол Худалдааны Танхимын Гүйцэтгэх захирал, Торонто хот, Канад. Bold“Канадын хөрөнгийн зах зээл ба IPO: Канадын зах зээлд үнэт цаас олон нийтэд санал болгох тойм” хамтарсан цахим илтгэл: Батсүхийн Болд, Кадад улсын Бритиш Колумб мужийн Монголчуудын Холбооны тэргүүн, Fable Gold Exploration Inc-ийн ерөнхийлөгч
DegyYoga гэж юу вэ? Түүний ач холбогдол болон Yoga бизнес эрхлэхэд  нөлөөлөх зүйлс: Батмөнхийн Дэлгэрмаа, Аштанга иога, бясалгалын багш, Degy Yoga, Лондон shineeСпорт бизнес ба хөгжил: Сүхбаатарын Шинэбаяр  Shinny Bayaar Ltd-ийн захирал, Манчестер
IonaМонголын уран нугаралтын эрүүл мэндийн ач холбогдол ба түүний ирээдүйн хөгжил: Лувсандоржийн Oюунгэрэл, Гиннесийн рекорд тогтоогч, уран нугараач, багш UnuruuБүтээлч үйлдвэрлэлийн салбарын экспортын өсөлтийг дэмжих бодлого, хэрэгжүүлэлт – Европийн Холбоо, Их Британийн туршлага: Жанчивын Өнөрмаа,  Creative Curating ТББ-ийн гүйцэтгэх  захирал
OrkhonБританид рестораний бизнес эрхлэх тухай – арга зам, уршлага- хамтарсан илтгэл: Ж.Орхон, Sushi Restaurant-ийн менежэр elbegzayaБританид рестораний бизнес эрхлэх тухай – арга зам, уршлага- хамтарсан илтгэл: Х.Элбэгзаяа, DaVinci Italian restaurant-ийн менежэр
 hutlugchid Үдээс хойшхи хүралдааныг хѳтлѳн явуулсан ЭСЯны Зѳвлѳх С.Ганхуяг, чуулганы өдрийн бүхий л илтгэлүүдийн тасралтгүй ажиллагааг ханган ажилласан, BPP University-д АССА мэрэгжлээр суралцаж буй оюутан Н.Батжаргал нар

Энэ удаагийн чуулганд Британид үйл ажиллагаа явуулж буй бизнесийн байгууллагууд түлхүү оролцож, өөр хоорондоо арга туршлагаа солилцсон юм. Британид Монголчуудын ажиллуулдаг 20 орчим компани, хувиараа аж ахуй эрхлэгчид бизнесийн үйл ажиллагаагаа явуулж байна. Ихэнхи бизнесүүд нь өөрсдийн шугамаар монголд төрөл бүрийн буяны ажиллагаа явуулдаг бусадтай энэ салбарт хамтран ажилладаг болох нь харагдлаа.

Удахгүй илтгэлүүдийг нэгтгэн товхимол болгон гаргах ба чуулганы цахим хуудаснаа илтгэлүүдийн эхүүд тавигдах тул дэлгэрүүлэн уншиж танилцах боломжтой.

Чуулганы ажиллагааг Лондон хотноо ажиллаж суралцаж буй Монголын хэвлэл мэдээллийн салбарт олны танил болсон Др Д.Бум-Очир, МОНГОЛ HD TВ-ийн хөтлөгч Д.Долгорцэрэн, Лондон хотноо үйл ажиллагаагаa явуулдаг Азаа Студио-н захирал Ц.Азхүү, медиа салбарын мэрэгжилтэн, бизнес эрхлэгч А.Баярбаясгалан нар сурвалжиллаа.

Media1 Media2
media5 media3

Энэ удаагийн чуулган ирэх жилийн чуулганыг ихэрлүүлсэн онцлогтой чуулган боллоо. Учир нь 2016 онд “Монгол орны хөгжилд” чуулган 2 газар зохион байгуулагдана.

Үндсэн чуулган Парисийн нийслэл Франц хотноо Соёл урлаг, аялал жуулчлалын  сэдвээр зохион байгуулагдах ба 12 дахь чуулганыг зохион байгуулах багийн төлөөлөл болж Парисийн алдарт Galeries Lafayette  дэлгүүрийн Европ болон Төв Азийн зах зээл хариуцсан дарга, Цахим Өртөө Холбооны гишүүн Ц.Азбилэг ParisAzaaөөрийн биеэр хүрэлцэн ирж оролцон,  ирэх жилийн зохион байгуулах эрхийг хүлээн авлаа.
12 дах чуулган Урлаг Соёл Аялал Жуулчлал гэсэн сэдвийн хүрээнд зохиогдох ба үндсэн зохион байгуулагчид Хилийн чанад дахь Монголчуудын Зөвлөлийн (ХЧМЗ) Урлаг Соёлын Менежмент, Аялал жуулчлалын Салбар хороотой хамтран зохион байгуулах ба уг Хороог Лондон хотноо байрлах Creative Curating ТББ-ын гүйцэтгэх захирал,  Цахим Өртөө Холбооны гишүүн Ж.Өнөрмаа даргалдаг.

Харин “Гадаад дахь Бизнэс эрхлэлтийн орчин туршлага” сэдвийн дор хийгдэх 3 дахь чуулганыг Торонто хотноо байрлах Канад Монголын Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим,   ХЧМЗ-н Бизнесийн Хөгжлийн Хорооноос ахлан бусад байгууллагуудтай хамтран зохион байгуулахаар боллоо. КМХАҮТ-н гүйцэтгэх захирал, ХЧМЗ-н Бизнэс Хөгжлийн хорооны дарга, Цахим Өртөө Холбооны гишүүн С.Болор цахим хэлбэрээр эрхийг хүлээн авч, видео танилцуулга, ирэх жилийн чуулганы урилгыг ирүүлснийг доорхи холбоосноос сонирхоно уу!

Чуулганы орой элчин сайд Н.Тулга нийт оролцогчдод зориулан элчин сайдын яамнаа хүндэтгэлийн зоог барив. Өдөржин оюуны ачаалалтай ажилласан чуулганд оролцогчид элчин сайдын яамны хамт олны гараа гаргаж, сэтгэлээ шингээж хийсэн төрөл төрлийн амтат хоолыг, дарс ундаагаар даруулан хүртэж, өөр хоорондоо дотносон танилцахын ялдамд Хөгжим Бүжгийн Сургуулийг дуурийн дуулаач мэргэжлээр төгссөн, залуу дуучин Б.Номин-Эрдэнэ, Universe best songs 2014 уралдааны дэд байрын шагналт Б.Хонгор нарын ардын, орчин үеийн, дуурийн дуунуудын ая эгшигэнд баясаж бас бүжиглэж чуулганыхаа оройг баясал хөөр дүүрэн өнгөрөөлөө.

partyNeelt PartyReception
PartyFood NominErdene
Hongor

Чуулганыг бүхий л талаар дэмжин, нягт хамтран ажилласан Н.Тулга сайдтай Лондон дахь элчин сайдын яамны хамт олон, чуулганыг зохион байгуулах бүрэн боломжоор хангасан London Academy of Diplomacy сургуулийн захирал, проф Joseph Misfud,  түүнчлэн Гадаад Хэргийн Яам, Шведийн Монголчуудын Үндэсний Холбоо, Канад Монголын худалдаа Аж Үйлдвэрийн Танхим, Хилийн чанад дахь Монголчуудын Зөвлөл, түүний дэргэдэх Бизнес Хөгжлийн Хороо,  Британи дахь Монгол Оюутны Холбоо, Монгол оронд мэдээлэл сурталчилгааг хариуцан ажилласан, чуулганы мэдээллийн ерөнхий ивээн тэтгэгч NTV ТВ,  Британи дахь Монголчуудын Холбоо, Цахим Өртөө Холбооны хамт олон болон Чуулганы ажиллагааг ивээн тэтгэсэн нийт байгууллага, хувь хүмүүст чин сэтгэлийн талархал илэрхийлье!

sponsorThankyou

Ирэх жил Парист, мөн Торонтод уулзацгаая!

Мэдээллийг бэлтгэсэн Цахим Өртөөч Д.Цэрэнбат, ЦѲХны Британи дахь тѳлѳѳлѳгч У.Ганзориг

Сэтгүүлч Б.Мөнхбаясгалангийн хөтлөн явуулдаг "Цензургүй яриа" нэвтрүүлгийн 5 сарын 10-ны өдрийн дугаарт орсон Масктай хүний ярилцлагыг хүргэж байна.

Түүний ярианд эргэцүүлэн бодууштайь, нягтлан үзүүштэй, харьцуулан шинжлүүштэй  олон  мэдээлэл агуулагджээ.  Дээрхи зурган дээр дарж ярицллагыг сонирхоно уу!

"Mаскгүй ярьдаг цаг" ирэх болтугай! 

________________________________

Macктай ярилцлагын эзэн Н:Дугарын турхай sonin.mn дээр судлааач Д.Ганхуягийн нийтлэлийг иш татан нийтэлснийг мөн эндээс уншина уу.

Г.Жаргал Удирдлагын академийн Менежментийн тэнхим. Доктор (Ph.D)

Түлхүүр үг:

Нээлттэй нийгэм, Салбар, Оролцогчид, Нийтлэг зорилго, Чиг үүрэг, Бүрэн эрх, Удирдах арга: төвлөрүүлэх, хуваарилах, жигдрүүлэх, шилжүүлэх, төлөөлүүлэх;

Судалгааны үндэслэл, асуудал, зорилго, асуулт  

XX-XXI зуун дамжин хийж буй манай улсын нийгмийн өөрчлөлт нь нээлттэй нийгмийн шинжтэй болж улмаар удирдлагын шинжлэх ухааны өмнө онол, практикийн асуудлыг дэвшүүлсээр байна.

Хүний эрхийг эрхэмлэсэн, улс төрийн ардчилсан, хөрөнгөнд түшиглэсэн, сонирхогч талуудын  нөлөө бүхий оролцоотой нээлттэй нийгэмд шилжихэд эрх ашиг, эзэмшил, зохион байгуулалт, зорилгоор ялгарах байгууллага, хуулийн этгээдийг удирдах хэрэгцээ үүсэж байна.

Төр, төрийн бус, орон нутаг, олон улс, шашны байгууллага, ашгийн болон ашгийн бус, иргэн, хамтарсан хуулийн этгээд зэрэг сонирхогч талуудыг улс орны нийгэм, эдийн засгийн дэд салбарын үйл хэрэгт оролцуулах арга зүй, туршлагын асуудал хөндөгдөж байна. Олон ургалч үзэл, иргэний нийгэм нь зохицуулахад төвөгтэй, нээлттэй тогтолцоо нь удирдахад бэрхшээлтэй гэх үзэл хандлагаас бид бүхэн тойрох аргагүй тулгарч байна.

Даяарчлалын нөлөөгөөр улс орны дэд салбарууд мэдээлэл, оролцоогоор нээлттэй (1), (2),  болж байгаа нь салбарыг удирдах (SystemManagement) аргыг шинээр тодорхойлон хэрэгжүүлэх хэрэгцээг үүсгэж байна. Салбарыг удирдах нь байгууллага удирдах (Ogranization Management),  хувь хүний  удирдлагатай (Self Management) нийтлэг зүйлтэй боловч хамрах хүрээ, оролцогчоор ялгаатай болно. Энэ нь дараах үзэгдлээр илэрч байна.

  • Улсын хэмжээнд эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгаалал, дэд бүтэц, хөдөө аж ахуй, аж үйлдвэр, хот байгуулалт, уул уурхай зэрэг салбарын  бодлого боловсруулж, хэрэгжүүлдэг яам, агентлагийг удирдах аргыг шинэчлэх шаардлага тулгарч;

  • Нэг өмчийн тогтолцооны захиран тушаах аргаар олон хэвшлийн оролцоотой байгууллагыг удирдах гээд аргаа олохгүй байна;

  • Яам, агентлаг нь харьяа газар, хэлтсийн хүрээнд төдийгүй төрийн бус байгууллага, орон нутаг, хувийн болон гадаадын байгууллагатай хамтран ажиллах хэрэгцээ нэмэгдэж; 

  • Тухайн салбарын бодлого, зорилтыг боловсруулах болон хэрэгжүүлэхэд иргэд, сонирхлын бүлгийн төлөөлөл, олон хэвшлийн байгууллага санал дэвшүүлэх, гүйцэтгэх зэргээр оролцох арга, хэлбэр өргөжиж байна.

  • Яам, агентлагийг удирдах нь салбарын үйл хэрэгт оролцогчдын эрх ашиг, сонирхол, зорилгыг тэнцвэржүүлэх хэрэгцээ, шаардлагатай тулгарч байна.

“Салбарын зорилгыг хэрэгжүүлэхэд сонирхогч талуудын эрх ашиг, хэрэгцээг анхаарч, тэднийг оролцуулж удирдах арга байна yу? гэдэг асуудал томьёолж байна. Энэ асуудал олон хүчин зүйлтэй холбоотой бөгөөд судлаачийн хувьд “Төвлөрүүлэх, хуваарилах, шилжүүлэх, жигдрүүлэх, төлөөлүүлэх 5 аргыг хэрэглэх боломжтой юу? гэдэг таамаглал дэвшүүлж байна. Энэ таамаглалыг шалгахын тулд “Нээлттэй нийгэм дэх салбарыг удирдах 5 бүрдэл аргыг эрэлхийлэх” судалгааны зорилго дэвшүүлэв.


Судлагдсан байдал, онол арга зүй

Нийгмийн хөгжил даяарчлагдах тутам салбарын зорилгыг хэрэгжүүлэхэд оролцогч талуудын чиг үүрэг, бүрэн эрх, оролцох хүрээ, хариуцлага тодорхой байх шаардлага нэмэгдэж байна.

Нийгэм, эдийн засгийн үйл хэрэгт оролцогч талуудыг хамруулах нь хамрах хүрээ, зорилгоос хамаарч тодорхой арга, аргачлал шаардсан ажил юм. Байгууллагын гадаад, дотоод орчин, Менежментийн парадигма (1), Байгууллагын удирдлагын төвшин (2), Системийн шинжилгээ (3), Удирдлага зохицуулалтын ерөнхий хууль (4), Өөрчлөлтийн удирдлага зэрэг менежментийн шинжлэх ухаан, төрийн захиргааны онол, нийгмийн судалгааны арга зүйд (5) суурилж, эдгээр аргыг хослуулан хэрэглэх боломжийг эрэлхийлэв.

Салбарын үйл хэрэгт оролцож буй ашиг, ашгийн бус, төрийн байгууллагыг оролцуулан удирдахыг нээлттэй болж буй даяарчлагдсан цаг үе нөхцөлдүүлж байна. Төрийн байгууллага дангаар захирах, төрийн өмчийн үрэлгэн  байгууллагаас татгалзаж, бүтээлч идэвх санаачилга бүхий оролцоонд тулгуурласан нийгмийн ардчиллын (6) үзэл баримтлал хэрэгжих хандлагатай байна. Төв болон орон нутгийн удирдлагын тэнцвэрийг тогтоох нь бүхнийг дээдээс шийдэх, хүлээх сэтгэлгээнээс ангижрахад хэрэгтэй юм (7), (8).

Шинэтгэлийн таван бүрэлдэхүүнийг доктор Б.Чимид багш 1)Бодлого, хууль, тогтоомжийг шинэтгэх; 2)тогтолцоо, арга ажиллагааг шинэтгэх;3)мэргэжлийн боловсролыг шинэтгэх;4)эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг шинэтгэх;5)нийгэм, иргэдэд хүргэх, тэднийг оролцуулах аргыг шинэтгэх” (8), (10) гэж онцолсон нь нийгмийн бүх салбарт хамааралтай аксиом юм. Үүний 2 дугаарт онцолсон “тогтолцоо, арга ажиллагааг шинэтгэх” чиглэлд анхаарал хандуулж байна. Шинэтгэл нь оролцогчийн эрх ашиг, зорилго, чиг үүрэг, бүрэн эрх, зохион байгуулалт, хөрөнгөтэй холбогдох учраас оролцоонд тулгуурлах, хамтран ажиллах нь нийгмийн хэрэгцээ, шаардлага болсоор байна.

Төрийн төв байгууллага, орон нутгийн байгууллагын бүрэн эрхийг тэнцвэртэй хуваарилснаар яам, агентлаг, газрын чиг үүргийг  хэрэгжүүлэх, бизнесийн нэгдлүүд салбар компаниа тараан байрлуулж удирдах зэргээр “засаглал”-ын сайн аргыг эрэлхийлж байна.  Байгууллагыг зорилго, үр дүнд чиглүүлэн 1)төлөвлөн шийдвэрлэх, 2)зохион байгуулах, 3)үнэлэн сайжруулах, 4)идэвхжүүлж манлайлах зэрэг багц аргаар удирддаг бол оролцогч талуудаас бүрдэх салбарыг  бүрдэл (комплекс)хосолсон аргаар удирдах хэрэгцээ үүсэж байна.

Монгол Улсын яамны эрх зүйн байдлын тухай хууль (11), Засгийн Газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хууль (10),  Хууль зүйн яамны үйл ажиллагааны стратеги, бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр (11), Боловсрол, шинжлэх ухааны яамны үйл ажиллагааны стратеги, бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр (12), Газрын харилцаа, геодези зураг зүйн газрын үйл ажиллагааны стратеги, бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр (17), Төр, хувийн хэвшлийн түншлэлийн талаар төрөөс баримтлах бодлого (14) зэргийг эх сурвалж болгож, дээрх яам, агентлагийн чиг үүрэгт шинжилгээ хийв.


Судалгааны дүгнэлт

  1. 1.Яам, агентлаг нь Засгийн газрын өмнө хүлээсэн чиг үүрэг, зорилгыг хэрэгжүүлэхдээ төрийн төв байгууллага, төрийн захиргааны байгууллага, төрийн бус байгууллага, хуулийн этгээд, олон улсын байгууллагатай хуулийн дагуу хамтран ажиллаж байна. Төрийн бодлого, шийдвэрийг хэрэгжүүлэх чиг үүргийн хүрээнд а)хууль ёсны эрх мэдэлд тулгуурласан захиран тушаах, б)албадлагын эрх мэдэлд түшиглэсэн үүрэгдэх арга, ажиллагааг ихэвчлэн хэрэглэж байна.

  2. 2.Иргэд, төрийн бус байгууллага, мэргэжлийн холбоо, орон нутгийн байгууллага, хуулийн этгээдээс санал авах, тэднийг оролцуулах  арга ажиллагааг төдийлөн хийхгүй, харин мэргэжлийн холбоо, компанийн саналыг тендерийн ажилд тусгахдаа албан бус харилцаагаар хэрэгжүүлж байна.

  3. 3.Хүний эрхийг эрхэмлэсэн, хөрөнгөнд түшиглэсэн шинэ нийгмийг бүтээгч яам, агентлагийг ажиллуулахын тулд сайд, даргыг ойр ойрхон солих нь хүндээ биш харин

  4. 4.Тухайн салбарын хууль болон зорилтыг хэрэгжүүлэхэд олон хэвшлийн байгууллага, сонирхогчдыг оролцуулах, хамтран ажиллах арга, ажиллагааг өөрчлөгдөж буй шинэ орчин нөхцөлд шинэчлэх чиглэлд тодорхой зүйл хийж чадахгүй байна.         


Санал

Рена ДекартХэн нэгэнд үнэмшүүлэх гэж нотлох шаардлагагүй, ердөө л мэдүүлэхэд болох үнэн байдаг” хэмээсэн лүгээ бид бүхэн тус тусад нь хэрэглэдэг боловч анзаарч нэгтгээгүй хэд хэдэн аргыг системчлэн боловсруулж аргачлал болгож байна.

Аргачлал 1. Нийтлэг зорилго, чиг үүрэг, бүрэн эрх

Салбарыг удирдахад 1)оролцогч,  2)нийтлэг зорилго, 3)чиг үүрэг, 4)бүрэн эрх гэсэн суурь ойлголтыг хэрэглэнэ.

Оролцогчид гэж тухайн салбарын бодлого тодорхойлох, хэрэгжүүлэх, үр дүнг хүртэх зэрэг эрх ашиг, сонирхол нь хөндөгдсөн a)хэрэглэгч, б)нийлүүлэгч, в)зохицуулагч, г)өмчлөгч, д)өрсөлдөгч, е)хөрөнгө оруулагч, ж)эсэргүүцэгч үүргийг гүйцэтгэж буй талууд юм. Оролцогчид нь тодорхой үүрэг гүйцэтгэхдээ төр, төрийн бус, ашиг, орон нутаг, олон улсын байгууллага болон иргэд зэрэг олон хэвшлийн зохион байгуулалттай байна.

Зураг 1. Оролцогчид: А. Оролцох үүрэг; Б. Өмчийн төрөл

Нээлттэй нийгэмд оролцогч талууд 1)зорилго, 2)эрх ашиг, 3)бүтээгдэхүүн, 4)үйлдвэрлэл, үйлчилгээ, 5)хөрөнгө оруулалт, 6)зах зээл зэрэг сонирхлын хүчин зүйлээр холбогдон хамтарч, нэгдэж байна. Эдгээр холбогч хүчин зүйлийг хураангуйлан “нийтлэг” гэж нэрлэе. Энэхүү “нийтлэг”-ээс хамаарч өөрийн шинж чанар, хамрах хүрээтэй дэд салбарыг бүрдүүлж, төрийн байгууламж, төрийн болон орон нутгийн захиргаа (15), нийгмийн концорциум, хөгжлийн сан, үйлдвэрлэл санхүүгийн корпорац, бизнесийн бүлэглэл, нам эвсэл зэрэг дэд тогтолцоог үүсгэдэг. Нэгдэн нийлж буй “нийтлэг”-ээс шалтгаалан тив, бүс нутаг, улс,  орон нутаг, салбарын хүрээнд ажилладаг. Энэ аргачлалын хувьд нийтлэг зорилгод анхаарлаа төвлөрүүлж байна.

Нийтлэг зорилго гэж тухайн салбарын оролцогчдын эрх ашиг, сонирхлын уулзварыг агуулсан зорилгын нэгдэл юм.

Аливаа системийн элемент нь тодорхой үүрэгтэй, үүрэг нь шаардлагагүй болох эсвэл үүргээ гүйцэтгэх чадваргүй болбол системээс гарах хуультай байдаг. Салбарын үйл хэрэгт оролцогч нь тодорхой үүрэг гүйцэтгэх бөгөөд нийтлэг зорилгоос шалтгаалж тухайн байгууллага, хуулийн этгээдэд хариуцуулсан үндсэн үүрэг, ажлыг чиг үүрэг гэж тодорхойлж байна.

Бүрэн эрх гэж нийтлэг зорилго, чиг үүргээ хэрэгжүүлэхэд шаардлагатай эрх, үүрэг, хариуцлагын нэгдлийг тодорхойлж байна.

Нийтлэг зорилго хэрэгжиж дуусвал чиг үүрэг, бүрэн эрх дуусгавар болж салбар болон нэгж байгууллага өөрчлөгдөнө. Нийтлэг зорилго шинэчлэгдвэл тодорхой чиг үүрэг, бүрэн эрх дахин шинэчлэгдэн улмаар салбарын шинэтгэл хийгдэнэ.


Аргачлал 2. Төвлөрүүлэх, хуваарилах, жигдрүүлэх, шилжүүлэх, төлөөлүүлэх

Оролцогчдын нийтлэг зорилго, чиг үүрэг, бүрэн эрхийг суурь болгож төвлөрүүлэх, хуваарилах, жигдрүүлэх, шилжүүлэх, төлөөлүүлэх аргаар салбарын хамтын ажиллагааг удирдаж, үр дүнг нэмэгдүүлэхийг санал болгож байна.

Зураг 1. Салбарыг удирдах 5 арга

Эх сурвалж: Доктор Г.Жаргал

Нийтлэг зорилгыг хэрэгжүүлэхтэй холбоотой үүссэн бүрэн эрхийг төв болон нэгжид төвлөрүүлэх, хуваарилах, жигдрүүлэх, шилжүүлэх, төлөөлүүлэх нь (дүрслэн үзүүлсэнчлэн) эрэмбэ дараалал, эргэх холбоотой байна. Энэхүү 5 аргын төвд нийтлэг зорилго, чиг үүрэг, бүрэн эрх байх бөгөөд нийтлэг зорилго өөрчлөгдвөл чиг үүрэг, улмаар бүрэн эрх дагалдан өөрчлөгдөнө. Чиг үүрэг, бүрэн эрх өөрчлөгдсөнийг хэм хэмжээний актаар дахин төвлөрүүлж, шинэчлэн хуваарилснаар шилжүүлэх, жигдрүүлэх, төлөөлүүлэх үйл явц шинэчлэгдэн өрнөх бөгөөд эдгээрийг шийдвэрлэх бодлого тодорхой байхыг эргэн нөхцөлдүүлнэ.

Хүснэгт 1. Салбарыг удирдах 5 арга, жишээ

Арга

Ажиллагаа

Төрийн байгууллагын жишээ

Бизнесийн байгууллагын жишээ

Төвлөрүүлэх

Нэгтгэх, үүрэгдэх

УИХ хууль, төсөв батлах  

Компанийн нэгдсэн стратеги

Хуваарилах

Төлөвлөх, эрэмбэ дараалал тогтоох

Засгийн газар Яаманд үүрэг, төсөв хуваарилах

Салбар компанид ажил, хөрөнгө оруулалт хуваарилах

Шилжүүлэх

Зөвлөлдөх, хамтрах

Салбарын яам, агентлаг, орон нутагт ажил үүрэг шилжих 

Ажил гүйцэтгэх үндсэн компани гүйцэтгэгч компанид ажлыг хуваарилан, шилжүүлэх

Жигдрүүлэх

Оролцуулах, хариуцуулах

Мэргэжлийн байгууллагад тендер, концессын гэрээгээр ажил гүйцэтгүүлэх

Гүйцэтгэгч компани, ажилчдын ажил гүйцэтгэх чадварт тохируулан ажлыг жигдрүүлэн, үр дүнг нэмэгдүүлэх

Төлөөлүүлэх

Судлах, мэдээлэх, Гүйцэтгэх, үнэлэх

Салбар, орон нутаг, нэгж хариуцан хэрэгжүүлэх

Чадвартай гүйцэтгэгчээр хэрэгжүүлэх

Эх сурвалж: Доктор Г.Жаргал

Эдгээрт тайлагнах, мэдээлэл дамжуулах, хариуцлага хүлээх цөм агуулагдана.

1)Төвлөрүүлэх аргаар салбарын бодлогын зорилго, зорилт, мэдээлэл болон хөрөнгө оруулалтыг нэгтгэх, тэргүүлэх зүйлд анхаарал хандуулж, шийдвэр гаргана.

Улсын нийтлэг зорилго, эрх ашгийн төлөө төв, орон нутгийн бүх асуудлыг тодорхойлох, нөөцийг татан төвлөрүүлэх, эсвэл салбар нэгжийн үүсэл эхлэл болон чадвар харьцангуй сул үед ихэвчлэн төвлөрүүлэх аргыг хэрэглэдэг. Жишээ нь Улс, орон нутгийн татварыг төвлөрүүлэх, Нийслэлийн Засаг дарга газар өмчлөх эрхийг гаргах (16) зэргээр төвлөрүүлж иржээ. 

Төр нь төвлөн удирдах бүрэн эрхгүй, салбар нэгжүүд нь хэмжээгүй эрхтэй “бие даан” тусгаарлах  нь “бууралт” төр буюу бодлого дутагдсаны шинж болно. Энэ талаар түүхэн сургамж олон буй. Иймд төрөөс бүрэн эрхийг шаардлагатай үед төвлөрүүлэх, төвлөрүүлсэн эрх мэдлийг зохих хэмжээгээр үе шаттайгаар нэгжид хуваарилах удирдлагын идэвхтэй зохицуулалт хийдэг.

Нийгмийн байгуулал, төрийн байгууламж, орон нутгийн (хурал, захиргаа) зохион байгуулалт тодорхой төлөвт цэгцэрч, нэгжийн ажиллах чадвар бэхэжсэн үед “хэт” төвлөрлийн арга нь хоцрогдоход төвлөрүүлсэн эрхийг гүйцэтгэлийн төвшинд хуваарилах хэрэгцээ үүсдэг.

2)Хуваарилах аргаар төлөвлөгөөг хэрэгжүүлэх эрэмбэ дарааллыг тогтоож эзэнжүүлнэ.  Төвлөрүүлэхгүйгээр хуваарилах нь “сааруулах” буюу тодорхойгүй байдалд хүргэх, төлөвлөхгүйгээр хийхтэй адил юм. Төвлөрүүлэх-хуваарилахын нэгдмэл чанар нь нэгж “бие даан” салан тусгаарлахгүй байхуйц тодорхой чиг үүрэгт тохирсон бүрэн эрхээр зохицуулагдах учиртай юм.

3)Шилжүүлэх аргаар зөвлөлдөх,хамтрах зэргээр чиг үүрэг, бүрэн эрхийг шилжүүлнэ. Төвөөс нэгжийн “өдөр тутмын” үйл ажиллагааны чанартай ажилд оролцох, нэгжийн хэмжээнд шийдэх боломжтой асуудлыг “оролцон” шийдээд байвал түүнийг “хэт” төвлөрөл үүслээ гэж үзэж ажил үүргийг хуваарилан тодорхой бүрэн эрхийг нэгжид шилжүүлнэ. Үүнийг үр дүнд чиглүүлсэн хариуцлага шилжүүлэх аргаар хэрэгжүүлнэ.

Зураг 2.Нийтлэг зорилго, чиг үүрэг, бүрэн эрхийн уялдаа

 

Эх сурвалж: Доктор Г.Жаргал

4)Жигдрүүлэх аргаар сонирхогчдыг оролцуулж, нэгжийн ачаалал болон нөөцийг тэнцвэржүүлнэ. Жишээлбэл, Сумын хүн ам 1500-15000 буюу 10 дахин зөрүүтэй байхад ЗДТГ орон тоо адилхан 14-өөр ажилладаг нь жигдрүүлж чадаагүй байдал юм.

Хуваарилагдсан бүрэн эрхийг хэрэгжүүлэх нөөц болон нэгжийн онцлогийг харгалзан тооцож харьяа байгууллагад үе шаттайгаар жигдрүүлнэ.

5)Төлөөлүүлэх аргаар судлах, мэдээлэл бүрдүүлэх, гүйцэтгэх, үнэлж дүгнэхажиллагаа хийнэ. Жигдрүүлсэн ажил үүргийг гүйцэтгүүлэхдээ нэгжийн удирдлагын болон мэргэжлийн чадварыг дээшлүүлэхэд анхаарч, хэсэгчилсэн байдлаар төлөөлүүлэн гүйцэтгүүлнэ. Төлөөлүүлэн гүйцэтгүүлэх, төлөөлөн гүйцэтгэх гэдэг удирдагч, удирдуулагч 2 талын бүрэн эрх, хариуцлага, итгэл, чадварыг агуулдагт үнэ цэнэ оршино.

Зурагт дүрсэлсэн бүрэн эрх мэдлийн агуулгын хүрээ  нь дээд төвшинд  өргөн бөгөөд түүнийг салбарлан хуваарилснаар нэгжид тодорхой ажил үүргийн хэм хэмжээ буюу ерөнхийгөөс тодорхойд шилжиж байдаг. Эрх  мэдлийн хэрэгжилт нь дээд төвшинд төв, яам, агентлаг, газар гэсэн тодорхой цөөн байгууллага, орон нутагт түгээн хэрэгжүүлэхийн тулд анхдагч төвшинд мэргэжлийн болоод нэгж гэсэн салбарласан төлөвтэй байна.

Эдгээр эрэмбэ дараатай аргыг хураангуйлбал, салбарын хамрах хүрээний асуудлыг бүрэн тодорхойлохын тулд төвлөрүүлж, хөгжлийн төвшин, онцлогтой уялдуулж төвлөрүүлсэн эрх мэдлийг хуваарилж, хуваарилсан эрх мэдлийг хэрэгжүүлэхдээ  ажил үүргийг төвөөс нэгжид шилжүүлж, ажлын ачааллыг төв болон нэгжийн төлөөлөх байгууллагад жигдрүүлж, жигдрүүлсэн ажлыг гэрээт байгууллагаар төлөөлүүлэн гүйцэтгүүлнэ.

Төрийн байгууламжийг удирдах утгаар хураангуйлбал, Улсын болон орон нутгийн хэмжээний асуудлыг бүрэн тодорхойлохын тулд төвлөрүүлж, нийгэм-эдийн засгийн хөгжлийн төвшин, орон нутгийн онцлогтой уялдуулж төвлөрүүлсэн эрх мэдлийг төсвийн хамт хуваарилж, хуваарилсан эрх мэдлийн ажил үүргийг нутгийн удирдлагад шилжүүлж, ажлын ачааллыг нэгжүүдэд жигдрүүлж, жигдрүүлсэн ажлыг нутгийн захиргаа болон олон хэвшлийн байгууллагаар төлөөлүүлэн гүйцэтгүүлнэ.

Таван арга тус бүрд тодорхой бүрэн эрхийн үүрэгт ажлыг гүйцэтгэх  бөгөөд үүнийг  гүйцэтгэлийн удирдлагаар хэрэгжүүлнэ. Гүйцэтгэлийн удирдлагын үр дүнг мэдээллийн системд төвлөрүүлж, удирдлагыг бодлогын шийдвэр гаргах мэдээллээр хангана. Гүйцэтгэлийн үнэлгээний дүгнэлтэд тулгуурлан бүрэн эрхийн хэрэгжилтийн бодлогыг шинжилж, чиг үүрэг, бүрэн эрх, хэм хэмжээ, нөөцийн бодлогын загварчлалыг тодорхойлно.


Салбарыг удирдах 5 аргыг хэрэгжүүлэх зөвлөмж

Нээлттэй нийгмийн салбарыг удирдахдаа төв, нэгжийн бүрэн эрх мэдлийг төвлөрүүлэх (centralization), хуваарилах(distribution), шилжүүлэх (devolution), жигдрүүлэх (equalization), төлөөлүүлэх (delegation) аргыг хэрэглэнэ. Ингэхдээ:

  1. 1.Салбарын нийтлэгзорилгоос тодорхой ажил үүрэг, үр дүнд чиглэсэн бүрэн эрхийг төвлөрүүлэн-хуваарилахдаа  асуудлын агуулга, мөн чанарт илүү анхаарах;

  2. 2.Төвийн бүрэн эрхийг тодорхой хэм хэмжээгээр хуваарилан нэгжид шилжүүлэхдээ шийдвэрийг бодиттой хэрэгжүүлэхэд анхаарах;

  3. 3.Бодлого тодорхойлох төв байгууллага, гүйцэтгэх мэргэжлийн болон орон нутгийн анхдагч нэгжид хэрэгжүүлэх боломж, хамтын ажиллагааг анхаарч жигдрүүлэх;

  4. 4.Оролцогчдын мэргэжил, мэргэшлийн өсөлт болон хариуцах чадварыг тооцож төлөөлүүлэх буюу хүний нөөцийн чадварыг бэхжүүлэх;

  5. 5.Нийтлэг зорилгод хүрэх арга, хэрэгсэл болохыг анхаарч чиг үүргийн хэрэгжилтийг гүйцэтгэлийн удирдлагаар, төв нэгжийн хоорондын эргэн мэдээлэх урсгалыг мэдээллийн удирдлагаар уялдаа холбоотой хэрэгжүүлэх;

  6. 6.Төвлөрүүлэхдээ үүрэгдэх, хуваарилахдаа судлан шинжлэх, шилжүүлэхдээ зөвлөлдөх, жигдрүүлэхдээ оролцуулах,  төлөөлүүлэхдээ хариуцан гүйцэтгэх ажил хэргийн харилцаа давамгайлах зарчмыг баримтална.

Яам, агентлаг, нутгийн удирдлага, бизнесийн нэгдлийг “салбарыг удирдах” аргаар эрэмбэ дараалалтай хослуулан удирдвал бодлогын үйлс цэгцэрч, үр дүн тэгширч, үр дагавар өргөжнө. Агуулга нь аргаа нөхцөлдүүлж, арга нь агуулгаа төгөлдөржүүлнэ.  

Ном зүй

1. Сорос, Жорж. Өөрчлөлтөөс өрсөхүй. УБ : s.n., 1999.

2. Фрийдман, Томас Л. Дэлхий бөөрөнхий биш XXI зууны даяарчлагдсан дэлхий. УБ : s.n., 2007.

3. Шуурав Я, Отгонтуяа Л, Баясгалан Б, Бямбасүрэн Я. Менежментийн шинэ парадигма: Төлөвшил, хөгжлийн үндсэн хандлагууд. УБ : Удирдлагын Академи, 2014.

4. Жаргал Г, Тэгшбүрэн Г. Төслийн удирдлага. УБ : Удирдлагын Академи, 2013.

5. Бадарч Д, Мөнххүж Б. Системийн шинжилгээ. УБ : s.n., 2014.

6. Нарандэлгэр.Д. Удирдлагын ерөнхий онол, математик загварчлал. УБ : s.n., 1996.

7. Робсон, Колин. Бодит ертөнцийг судлахуй. УБ : s.n., 2006.

8. Майер, Томас. Нийгмийн ардчиллын ирээдүй. УБ : s.n., 2009.

9. Жаргал.Г. Монгол сум: Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгжийн хувьсал. УБ : Удирдлагын Академи, 2013.

10. Жаргал Г, Солонго Д, Уянга М. Газар баялгаас өмч үүсгэх арга. УБ : s.n., 2014.

11. Чимид.Б. Төр, нам, эрх зүйн шинэтгэлийн эгзэгтэй асуудал, II дэвт. УБ : ХЗҮТ, УА, 2008.

12. —. Үндсэн хуулийн үзэл баримтлал: нийтлэг асуудал, I дэв. УБ : ХЗҮТ, 2004.

13. Монгол Улсын яамны эрх зүйн байдлын тухай хууль. s.l. : http://www.legalinfo.mn/law/details/363, 2004.

14. Засгийн Газрын агентлагын эрх зүйн байдлын тухай хууль. s.l. : http://www.legalinfo.mn/law/details/271, 2004.

15. Хууль зүйн яамны үйл ажиллагааны стратеги, бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр. УБ : Хууль Зүйн Яам, 2012.

16. Боловсрол, шинжлэх ухааны яамны үйл ажиллагааны стратеги, бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр . s.l. : http://www.legalinfo.mn/annex/details/5611?lawid=8768, 2012.

17. Газрын харилцаа, геодези зураг зүйн газрын үйл ажиллагааны стратеги, бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр . УБ : s.n., 2013.

18. Төр, хувийн хэвшлийн түншлэлийн талаар төрөөс баримтлах бодлого. УБ : УИХ, 2009.

19. Richard D Bingham, David Hedge. State and local goverment in changing society. New York : McGraw-Hill, Inc, 1991.

 

 

zg

Ерѳнхий сайд Н.Алтанхуяг засгийн газрынхаа бүтэц, бүрэлдэхүүнийг ѳѳрчлѳх “санаачлагаа” УИХ-д оруулахаа зарласнаар нийгэм даяар хүлээлт үүслээ. Ѳѳрчлѳлт хийхийг удаа дараа шаардаж ирсэн Ерѳнхийлѳгч болон сѳрѳг хүчин ялалт байгуулсан нь илэрхий. Н.Алтанхуяг Ерѳнхийлѳгчийн шаардлагыг эрт хүлээн авсан бол танхимд нь тѳдийгүй улс орны эдийн засагт ч тустай байх байсан болов уу. Гэвч тэрээр Ерѳнхийлѳгч болон сѳрѳг хүчний удаа дараагийн шаардлагыг үл ойшоосноор байдал хүндэрч Ерѳнхийлѳгч, Ерѳнхий сайд хоёрын хэн нь энэ тѳрд, эрх баригч намд эцсийн үгийг хэлэх вэ гэсэн уг тэмцэл сунжирч, хурцадсан билээ. 

Харамсалтай нь Ерѳнхийлѳгч, Ерѳнхий сайд хоёр ийнхүү харгалдан тэмцэлдэж байгаа нь анхных биш. Ийм тэмцлийг 1992 оноос хойших Ерѳнхийлѳгч, Ерѳнхий сайд нар бүгд туулсан. Оршин буй тогтолцоог ѳѳрчлѳѳгүй тохиолдолд уг тэмцэл цаашид ч үргэлжлэх болно. Учир нь, 1992 оны Үндсэн Хууль Ерѳнхийлѳгч, Ерѳнхий сайд гэсэн гүйцэтгэх засаглалын хоёр институцийг байгуулсан тѳдийгүй, тэдгээрийн хоорондын эрх мэдлийн харьцааг сонгууль, ардчилсан улс тѳрийн зүй тогтолтой зохистой холбоогүйн улмаас 1) Ерѳнхийлѳгч, УИХ-ын олонх хоёр ѳрсѳлдѳгч намынх байх үед Ерѳнхийлѳгч, Засгийн газар хоёрын хооронд харилцан бие биенийгээ “боомилох”, улмаар гүйцэтгэх засаглалыг бусниулах дайн, 2) Ерѳнхийлѳгч, Ерѳнхий сайд хоёр нэг намд харьяалагдаж байгаа тохиолдолд хэн нь эцсийн шийдвэр гаргах вэ гэдэг тэмцэл ѳрнѳдѳг тогтолцоог бий болгосон юм. Үүний уршгаар тѳр тэргүүнгүй, нам лидергүй, улс тѳр тогтворгүй болж улс орны ирээдүйг бүрхэгдүүлсээр байгаа билээ.

Ѳрсѳлдѳгч намын Ерѳнхийлѳгч, Ерѳнхий сайд

1992 оны Үндсэн хуулиар “Ерѳнхийлѳгч бол тѳрийн тэргүүн” хэмээн тунхагласнаар “да жунтан хэмээх их ерѳнхий даргыг (одоогийн хэлээр ерѳнхийлѳгч) сонгохгүй” хэмээн тунхаглаж бүгд найрамдах нэртэй зѳвлѳлийн маягийн тэргүүнгүй засаг тогтоосон 1924 оноос хойш Монгол улс анх удаагаа албан ёсоор тѳрийн тэргүүн гэгчтэй болсон билээ. Бүх нийтийн сонгуулиар, тэгэхдээ нийт сонгогчдын 50-иас дээш хувийн саналаар сонгогддог байхаар тогтоосон нь Ерѳнхийлѳгчийг Монголын тѳрийн хамгийн ѳндѳр мандаттай алба болгосон юм. Гэвч түүнд АНУ, Франц, эсвэл Оросын ерѳнхийлѳгчийнх шиг мандатад нь тохирсон эрх мэдэл буюу гүйцэтгэх засаглалыг тэргүүлэх эрх мэдэл ѳгсѳнгүй. Энэ нь тѳрийн институцийн байгуулагдах ёсон, түүний мандат, эрх мэдлийн хоорондын уялдаа холбоог алдагдуулсан хэрэг байв.

Нэгэнт сонгууль нь ѳрсѳлдѳгчтэй, ѳрсѳлдѳѳнтэй тул мѳрийн хѳтѳлбѳр дэвшүүлэн сонгогчдод ам, ѳчиг ѳгч байж Ерѳнхийлѳгч болно. Тиймээс мѳрийн хѳтѳлбѳрѳѳ хэрэгжүүлэх үүрэгтэй тѳдийгүй сонгогдсоноороо мѳрийн хѳтѳлбѳрѳѳ хэрэгжүүлэх эрхтэй, мандаттай болдог. Гэвч ѳѳрт нь гүйцэтгэх эрх мэдэл хомс тул мѳрийн хѳтѳлбѳрѳѳ хэрэгжүүлэхийн тулд Ерѳнхийлѳгчид Засгийн газрын дэмжлэг хэрэгтэй. Гэвч ѳрсѳлдѳгч нам засгийн эрхэнд байвал дэмжлэг бус дайсагнал ирдэг нь ойлгомжтой. Хариуд нь Ерѳнхийлѳгч ч ѳрсѳлдѳгчийнхѳѳ засаглах чадварыг бусниулж, улмаар дараагийн сонгуульд намаа засгийн эрхэнд гаргахыг хичээдэг. Ийнхүү Ерѳнхийлѳгчийн үндсэн ажил нь хориг тавих явдал болдог бѳгѳѳд 1997-2000 онуудад Н.Багабанди дээд амжилт тогтоосон байх.

Мѳн ялсан намтай “зѳвшилцѳн” Ерѳнхий сайдын нэрийг, Ерѳнхий сайдтай “зѳвшилцѳн" сайд нарын нэрсийг УИХ-д тус тус ѳргѳн барих эрх нь Ерѳнхийлѳгчид үндсэндээ сонгуулийн үр дүнг “хянах”, “шүүх”, “засварлах” эрх олгосон хэрэг байв. Ерѳнхийлѳгч ялсан намын лидерийг Ерѳнхий сайдад дэвшүүлэхгүй гэвэл яах вэ? Энэ тохиолдолд Засгийн газрыг хэрхэн байгуулах вэ? Хэн эцсийн шийдвэр гаргах вэ гэдэг асуудал тун хүндрэлтэй байв. Ялангуяа Ерѳнхийлѳгч, УИХ-ын олонх хоёр ѳрсѳлдѳгч улс тѳрийн хүчинд харьяалагдаж байх тохиолдолд Ерѳнхий сайд болон сайд нарын талаар санал зѳрѳлдѳх магадлал маш ѳндѳр. Нэгэнт парламентын болон ерѳнхийлѳгчийн сонгуулиуд тус тусдаа тѳдийгүй, ѳѳр жилүүдэд явагддаг учир парламентын олонх, ерѳнхийлѳгч хоёр ѳрсѳлдѳгч улс тѳрийн хүчинд харьяалагдах, улмаар санал зѳрѳлдѳх, гацаа, түгжээ, хямрал үүсэх магадлал тун ѳндѳр байв. Тиймээс ерѳнхийлѳгчийн энэхүү “зѳвшилцѳх” эрх мэдэл нь тѳрийн хэрэгт гацаа, түгжээ үүсгэх аюултай байсан юм. Үнэндээ Засгийн газрыг парламентын сонгуулийн үр дүнгээр байгуулахаар хуульчилсан тохиолдолд уг сонгуулийн үр дүнг буюу сонгогчдын хийсэн сонголтыг тэс ѳѳр сонгуулиар хэдэн жилийн ѳмнѳ сонгогдсон Ерѳнхийлѳгч замд нь “хянан”, “шүүн” “засварлах” нь ардчилсан үзэл санаанд харш тѳдийгүй, эрх зүйн хувьд ч байж болшгүй зүйл байлаа.

Энэ харалган зохицуулалтын үр дагаврыг 1996-2000 онуудад бид үүрсэн билээ. 1996 оны УИХ-ын сонгуулиар ард түмэн Ардчилсан Холбоо (АХ) эвслийг сонгож, МАХН-ыг анх удаа засгийн эрхээс буулгав. Гэвч МАХН-аас хѳѳгдѳж АН-аас нэр дэвшин Ерѳнхийлѳгч болсон П.Очирбат иргэн Д.Ламзав, Үндсэн хуулийн цэц хоёртой хавсран эвслийн лидер, АН-ын даргын хаших ёстой байсан Ерѳнхий сайдын албыг Тамгын газрын даргадаа авч ѳгснѳѳр Ерѳнхийлѳгчийн будилаан эхэлсэн юм. Улмаар 1996 онд ялагдан сѳрѳг хүчний суудалд шидэгдсэн МАХН-ын дарга Н.Багабанди 1997 онд Ерѳнхийлѳгч болж “зѳвшилцѳх” эрх мэдлийнхээ ид шидийг үзүүлэн Монгол улсыг Ерѳнхий сайдгүй, Засгийн газаргүй хагас жил шахам болгосны эцэст Ерѳнхий сайдыг ѳѳрѳѳ нэрлэв. Улмаар АХ эвслийн нэртэй дараа дараагийн Засгийн газруудыг хэрэг дээрээ тэрээр байгуулж, тэр ч байтугай АН-ын даргыг ч “томилдог” болов. Ингэж сонгуульд ялагдсан МАХН-ын дарга Монголын ард түмний 1996 онд хийсэн түүхэн сонголтыг үгүйсгэсэн юм. Ялалт байгуулж 50 суудал авсан эвсэл Засгийн газраа байгуулж чадахгүйд хүрж, ялалтад хүргэсэн дарга нь Ерѳнхий сайд байтугай намын даргаасаа ч жийгдсэн билээ. Н.Багабандийн Засгийн газруудыг АХ эвсэл хадгалах сонирхолгүй байсан тул Засгийн газрууд дараа дараалан унаж байв. Үр дүнд нь АХ эвсэл засаглах, мѳрийн хѳтѳлбѳрѳѳ хэрэгжүүлэх чадваргүй болж улс орны хѳгжлийн дөрвөн жил бусниулагдсан юм.

Эцэст нь сонгуулийн ялалтаа Ерѳнхийлѳгчид “дээрэмдүүлээд” байхыг хүсээгүй нам, улс тѳрийн хүчнүүд Үндсэн хуульд ѳѳрчлѳлт оруулж Ерѳнхийлѳгчийн эрх мэдлийг танах оролдлого хийсэн ч 2004 оны сонгуулиар “том эвсэл” байгуулагдахад Н.Багабанди Ерѳнхий сайдад “Эх орон-Ардчилал” эвслийн лидер, АН-ын дарга М.Энхсайханыг бус харин тус намын идэвхтэн, лектор Ц.Элбэгдоржийг дэвшүүлснээр “Эх орон-Ардчилал” эвсэл тѳдийгүй, АН задарч, М.Энхсайхан намаа орхин одоогийн “Шударга ёс” эвслийн нэг хэсэг болох МҮАН-ыг байгуулахад хүрсэн билээ.

Хэдийгээр Засгийн газрыг байгуулахад оролцох Ерѳнхийлѳгчийн оролцоо мэдэгдэхүйц хязгаарлагдсан ч тэрээр бүх нийтийн сонгуулиар ѳндѳр мандаттай сонгогддог хэвээр тѳдийгүй түүний хориг тавих болон гадаад харилцаа, зэвсэгт хүчин, шүүхтэй холбоотой эрх мэдлүүд нь хѳндѳгдѳѳгүй үлдсэн юм. Улмаар 2006 онд Н.Энхбаяр Авлигатай тэмцэх газрын дарга, дэд даргыг санал болгох эрх мэдлийг олж авснаар Ерѳнхийлѳгч хүчирхэг “араа соёотой” ч болсон. Тиймээс, Ерѳнхийлѳгч, Засгийн газар хоёрын хооронд харилцан бие биенийгээ “боомилон”, гүйцэтгэх засаглалыг бусниулдаг тогтолцоо хэвээр байгаа юм.  

Нэг намын Ерѳнхийлѳгч, Ерѳнхий сайд

Харин Ерѳнхийлѳгч, Ерѳнхий сайд хоёр нэг намынх байгаа тохиолдолд гүйцэтгэх эрх мэдлийн тѳлѳѳх тэмцэл эрх баригч намын лидерийн тѳлѳѳх тэмцэлтэй давхар явагддаг. Энэ нѳхцѳл байдал Монголын эрх зүйн системийн ѳѳр нэгэн гаж зүйл болох Ерѳнхийлѳгчийн нам бус статусаас болж үүсдэг. 1991 онд Улсын бага хурлаар батлагдсан “Намын гишүүнээс түдгэлзвэл зохих албан тушаалын тухай” хуулийн дагуу Ерѳнхийлѳгч нам бус байх ёстой.

Энэ зохицуулалт нь 1) ардчилсан улс тѳрийн үзэл санаанд харш, 2) хэрэгжих боломжгүй тѳдийгүй 3) улс орны улс тѳрийн систем, соёл, намуудын тѳлѳвшилд ноцтой уршиг тарьсаар байгаа юм. Ерѳнхийлѳгч нь УИХ-д суудалтай намаас нэр дэвшин, бүх нийтийн сонгуулиар сонгогддог, улиран нэр дэвшихдээ мѳн л УИХ-д суудалтай намаас нэр дэвшдэг, улс тѳрийн албан тушаалтан. Гэтэл дээрх хуулийн дагуу энэхүү улс тѳрийн албан тушаалтан нам бус буюу улс тѳрийн бус байх ёстой юм. Үнэндээ нам бус бай гэдэг нь олон жилийн турш баримталж, тэмцэж ирсэн улс тѳрийн үзэл баримтлал, итгэл үнэмшил, зарчмаасаа ухар, намаасаа урва гэж байгаатай бараг адил зүйл. Энэ нь ардчилал, ардчилсан улс тѳрд ч тѳдийгүй хүний эрхэнд ч харш нь ойлгомжтой.

Улмаар намуудын улс тѳрийн орон зайд, намаа тѳлѳѳлѳн, намынхаа зорилт зорилгыг мѳрийн хѳтѳлбѳрѳѳ болгон дэвшиж, намынхаа дэмжлэгтэйгээр сонгогдчихоод намгүйгээр буюу намынхаа тогтвортой дэмжлэггүйгээр мѳрийн хѳтѳлбѳрѳѳ Ерѳнхийлѳгч хэрхэн хэрэгжүүлэх вэ? Ялангуяа ѳѳрѳѳ гүйцэтгэх эрх мэдэлгүй, тиймээс мѳрийн хѳтѳлбѳрийнх нь хэрэгжилт нь парламентын олонх болон Засгийн газрын дэмжлэгээс шууд хамаарах нь илт байхад Ерѳнхийлѳгч намынхаа дэмжлэггүйгээр мѳрийн хѳтѳлбѳрѳѳ яаж хэрэгжүүлэх вэ? Тиймээс мѳрийн хѳтѳлбѳрѳѳ хэрэгжүүлж, сонгогчдод ѳгсѳн амлалтаа биелүүлэхэд нь Ерѳнхийлѳгчид намынх нь дэмжлэг зайлшгүй. Нѳгѳѳ талаас Ерѳнхийлѳгч улиран нэр дэвшихийг хичээх нь ойлгомжтой. Харин зѳвхѳн парламентад суудалтай улс тѳрийн намууд л Ерѳнхийлѳгчид нэр дэвшүүлэх эрхтэй. Тиймээс улиран нэр дэвшихийн тулд Ерѳнхийлѳгч намдаа хүчин зүтгэхээс ѳѳр аргагүй. Үгүй бол П.Очирбатын хувь заяаг давтахад хүрнэ. Тиймээс дээрх хууль хэрэгжих боломжгүй бѳгѳѳд үнэндээ нам бус статус нь нүд хуурсан зүйл гэдгийг улс тѳрчид тѳдийгүй энгийн иргэд ч мэднэ.

Гэхдээ уг зохицуулалтын хамгийн гүн гүнзгий уршиг нь эрх баригч намыг лидергүй, улс орныг тэргүүнгүй болгож улс тѳрд ужиг хямралыг дагуулдагт оршино. Учир нь, Ерѳнхийлѳгчийн сонгууль УИХ-ын сонгуулиас нэг жилийн дараа болдог тул парламентын сонгуульд ялсан намын Ерѳнхийлѳгч улиран нэр дэвшиж байгаагаас бусад тохиолдолд парламентын сонгуульд ялагдсан нам Ерѳнхийлѳгчийн сонгуульд ялах магадлал ѳндѳртэй байдаг. Учир нь, парламентын сонгуульд ялсан намын лидер нь Ерѳнхий сайд, нэр хүндтэй бусад гишүүд нь сайдын алба хашиж байдаг учир эрх баригч нам Ерѳнхийлѳгчид хүчтэй нэр дэвшигч дэвшүүлэх боломж муутай байдаг. Гэтэл ялагдсан намын лидерийн хувьд Ерѳнхийлѳгч болох нь даагаа нэхэх, ялагдлаа цагаатгах, намаа удирдах боломжоо сунгах, улмаар намаа дараагийн сонгуульд ялалтад хүргэх замаар засгийн газрыг ил далдаар удирдах боломж олж авах цорын ганц боломж нь. Нѳгѳѳ талаар ялагдлынхаа бурууг даргадаа тохон, зайлуулж ѳѳрсдѳѳ намын удирдлагад гарах гэсэн этгээдүүд намын даргаа Ерѳнхийлѳгчид ѳрсѳлдѳхийг шахдаг нь ч ойлгомжтой. Ийнхүү сонгуульд ялагдан, намдаа гадуурхагдаж, улс тѳрѳѳс хавчигдахад хүрсэн, гэхдээ хоёр дахь боломжийг хайсан лидер Ерѳнхийлѳгчид ѳрсѳлддѳг юм. Н.Багабанди, Н.Энхбаяр, Ц.Элбэгдорж нар бүгд энэ байр сууринаас Ерѳнхийлѳгчид дэвшсэн. 

Улмаар ялалт байгуулж, Ерѳнхийлѳгч болсон намын дарга дээрх хуулийн дагуу намынхаа гишүүнээс түдгэлзэж, намын удирдлагаа хэн нэгэнд шилжүүлэх хэрэгтэй болдог. Мэдээж ялалт байгуулсан, Ерѳнхийлѳгч болсон намын дарга эрх мэдлээ тавьж ѳгѳхгүй нь ойлгомжтой. Тиймээс Ерѳнхийлѳгч-дарга чих зѳѳлѳн нэгнийг орондоо тавьж намаа далдуур удирддаг бѳгѳѳд цагтаа Н.Энхбаяр, М.Энхболд, С.Баяр, Н.Алтанхуяг нар бүгд ийм утсан хүүхэлдэйн үүрэгтэйгээр тавигдсан нь мэдээж. Ийнхүү Ерѳнхийлѳгч-дарга намаа далдуур удирдах үйл ажиллагаанд шилжсэнээр нам ил, далд, албан, албан бус хоёр удирдлагатай болж хуваагдах замдаа ордог юм.

Нам нь сѳрѳг хүчний суудалд байх үед утсан хүүхэлдэй нь Ерѳнхийлѳгч-даргын үгээр байдаг ч, нам ялалт байгуулж утсан хүүхэлдэй Ерѳнхий сайд болсноор хэрэг бишдэж Ерѳнхийлѳгч-дарга, утсан хүүхэлдэй-Ерѳнхий сайд хоёрын хооронд хэн нь эцсийн шийдвэр гаргах талаар тэмцэл ѳрнѳдѳг юм. Мэдээж, Ерѳнхийлѳгч-даргын дор намын даргын нэр зүүж явах нэг хэрэг ч Ерѳнхий сайд болж улс орны хѳгжлийг удирдана гэдэг тэс ѳѳр мэдлэг, чадвар, туршлага шаардсан хэрэг. Ийм сорилтод утсан хүүхэлдэйнүүд тэр бүр тэнцдэггүй учир Засгийн газрын ч, намын ч, улс орны ч ирээдүй хэцүүддэг юм. Гэвч дур эзнээ голдоггүй хойно утсан хүүхэлдэй бууж ѳгѳхгүй нь ойлгомжтой. Ингэснээр тэмцэл хурцдаж эцэст нь хэн нь намынхаа олонхыг атгаж, сѳрѳг хүчинтэй тохирч чадна тэр нь дайнд ялдаг жамтай.

Тухайлбал, АХ эвсэлтэй тохирч Ерѳнхийлѳгчийн эрх мэдлийг хяргасан Н.Энхбаяр сонгуульд 72 суудал авч үнэмлэхүй ялалт байгуулснаар Н.Багабандийг “титэм үг” бичих ажил руу нь эргэлт буцалтгүй илгээж байв. Гэвч тэрээр Ерѳнхийлѳгч болсныхоо дараа “бүдүүн хүзүү гаргасан” М.Энхболдыг, С.Баярын гараар “мурихдаа” С.Баяр нь АН-тай эвсэн хуйвалдаж ѳѳрийг нь “хѳнтрѳхийг” тооцоогүйн улмаас МАН-аас салж, МАХН-ыг бүртгүүлж, “Шудaрга ёс” эвслийг байгуулахад хүрсэн билээ. С.Баярын “дэмээр” Ерѳнхийлѳгч-дарга болсон Ц.Элбэгдорж Н.Алтанхуягийг утсан хүүхэлдэйгээрээ сонгож, улмаар намаа ялалтад хүргэж, түүнийг Ерѳнхий сайд болгосноор ѳнѳѳгийн байдалд хүрэх зам тавигдсан билээ. 

Ийнхүү Ерѳнхийлѳгч-дарга, Ерѳнхий сайд-дарга хоёр эрх мэдэл булаацалдаж эхлэхээр эрх баригч нам лидергүй, тѳр засаг тэргүүнгүй болдог юм. Ѳѳрѳѳр хэлбэл, намд ч, засагт ч эцсийн шийдвэрийг гаргах эрх мэдэлтэн үгүй болдог юм. Улмаар нам нь ч тэр, засаг нь ч тэр хоёр лидерээ даган хуваагдан дайтаж улс тѳр хямарна. Хамгийн харамсалтай нь тэмцэл ужигaрснаар улс орон засаглалын хомсдолд орж, тѳр засгийн ажил орхигдоход хүрдэг юм.

Гарц: Ерѳнхийлѳгчийн эсвэл парламентын дэглэм

Юуны түрүүнд Ерѳнхийлѳгчийн нам бус статусыг болих хэрэгтэй. Ардчилсан улс тѳр, хүний эрхэнд харшаас гадна хэрэгжих боломжгүйн дээр улс орны улс тѳрийг ужиг хямралд хѳтѳлдѳг, олон талын сѳрѳг үр дагавартай энэ уршигт ёсыг халах хэрэгтэй. Ингэснээр хамгийн наад зах нь гэхэд л эрх баригч нам, улмаар тѳр засаг хэд хэдэн толгойтой болж задран, самуурдаг муу улс тѳр арилах болно. Уг заалтыг халбал Ерѳнхийлѳгч намаа удирдах учир хүчтэй болж, улмаар ерѳнхийлѳгчийн засаглалд шилжиж, улмаар нэг хүний засаглал тогтох осолтой гэж Ерѳнхий сайд, сайд нар, УИХ-ын дарга нараас эхлэн болгоомжилдог байж болно. Гэвч ерѳнхийлѳгчийн засаглал бол дээрх эмгэнэлт байдлыг бүрмѳсѳн залруулах үндсэн хоёр гарцын нэг нь.

Ерѳнхийлѳгчийн засаглал нь урт удаан хугацааны туршид оршин тогтнож, дэлхийн хамгийн хүчирхэг ардчиллыг тѳрүүлсэн дэглэм бѳгѳѳд тѳрийн эрх мэдлийг хуваан (division of power), тус тусдаа байгуулагддаг засаглалын институцуудад хуваарилснаараа тэднийг бие биенээр нь харилцан хазаарлан тэнцвэржүүлж (checks and balance), ингэснээрээ тѳрд аль нэг улс тѳрийн хүчин эсвэл хэн нэгэн засаглах бус харин хууль засаглах боломжийг бүрдүүлдэг дэглэм билээ. Тиймээс үнэндээ Ерѳнхийлѳгчийн дэглэмийг зүй тогтлынх нь дагуу урлавал нэг хүний засаглал тогтох боломж тун хомс. Мѳн хууль тогтоох, гүйцэтгэх засаглалыг ийнхүү тус тусад нь салгаснаар парламент хууль тогтоох замаар ард түмний эрх, эрх чѳлѳѳг засгийн газрын элдэв үйл ажиллагаанаас хамгаалдаг байгууллага болж хувирдаг нь энэ дэглэмийн нэг чухал тал юм. Мэдээж хууль тогтоох, гүйцэтгэх засаглалууд ѳѳр ѳѳрсдийн бизнесийг эрхэлдэг учир харилцан бие биенийхээ асуудалд хутгалдах, эрх мэдлээ булаалдах зэрэг асуудал үүсдэггүй.

Нэгэнт Ерѳнхийлѳгч тогтмол хугацаагаар сонгогддог учир Засгийн газар тухайн хугацаанд тогтвортой оршин тогтнодог тул Засгийн газраар оролдох, түүнийг унагаах гэсэн элдэв улс тѳр тэр болгон үүсдэггүй юм. Мѳн одоогийн Засгийн газар шиг парламентын олонх үүсгэхийн тулд эвсэл байгуулах, эвслээ шингээхийн тулд Засгийн газрын бүтцийг томруулах, тэр ч байтугай ганц хоёр суудалтай нам, хүчнийг ч үнэтэй тоглогч болгох зэрэг парламентын засаглалын аливаа хүндрэл бэрхшээлүүд алга болох нь ойлгомжтой.

Мѳн Ерѳнхийлѳгчийн сонгуульд сонгогчдын итгэл, найдвар, дэмжлэгийг хүлээсэн лидер л ялалт байгуулдаг учир улс тѳрийн байгууламж, гүйцэтгэх засаглалыг ѳндѳр мэдлэг, чадвар, ёс суртахуунтай лидер тэргүүлдэг. Нэгэнт Ерѳнхийлѳгч Засгийн газраа бүрдүүлэхдээ кабинетын гишүүн бүрийг парламентаар оруулж, парламентын дэмжлэгтэйгээр томилдог тул чадварлаг гүйцэтгэх засаг бүрдэх магадлал ѳндѳрсдѳг. Үнэндээ гүйцэтгэх засаглал парламентаас тусдаа байгуулагддаг бѳгѳѳд кабинетын гишүүд нь мэдлэг, чадвар, туршлагын хувьд парламентын шүүлтүүрийг давах ёстой болдог учир кабинетын бүрэлдэхүүнд улстѳрчдѳѳс гадна шилдэг мэргэжилтнүүд багтах боломж ч ѳндѳр байдаг. Мэдээж шаардлагатай гэж үзвэл гүйцэтгэх засаглалын ѳдѳр тутмын үйл ажиллагааг удирдуулах зорилгоор Ерѳнхий сайдын албан тушаалыг хадгалж, уг албан тушаалд ѳндѳр мэдлэг, чадвар, туршлагатай мэргэжилтэн технократыг томилдог байж болно. Нѳгѳѳ талаар парламентын сонгууль зѳвхѳн хууль тогтоогчдын сонгууль болох бѳгѳѳд мэдээж “давхар дээлний” тухай асуудал үгүй болно. Энэ дэглэмийн сул тал нь Ерѳнхийлѳгч, хууль тогтоох засаглал хоёр ѳрсѳлдѳгч улс тѳрийн хүчний гарт харьяалагдаж, хэт намчирхсан улс тѳр хурцадсан нѳхцѳлд гацаа үүсэх хандлагатай байдаг. Зѳв урлавал Ерѳнхийлѳгчийн засаглал нь тун тогтвортой, хариуцлагатай улс тѳрийн тогтолцоо юм.

 Ѳѳр нэг гарц нь парламентын засаглалыг бүрэн дүүрэн тѳлѳвшүүлэх явдал. Үндсэндээ одоо манайд байгаа дэглэм. Харин уг дэглэмийг бүрэн тѳлѳвшүүлэхийн тулд Ерѳнхийлѳгчийг бүх нийтийн ѳрсѳлдѳѳнт сонгуулиар сонгодог явдлыг болиулж, мѳрийн хѳтѳлбѳр дэвшүүлж, сонгууль хийлгүйгээр УИХ-аас нууц санал хураалтаар сонгодог цэвэр бэлгэдлийн алба болгож, гадаад харилцаа, зэвсэгт хүчин, шүүх, Авилгатай тэмцэх газар зэрэгтэй холбоотой эрх мэдлийг нь Ерѳнхий сайд болон УИХ-д шилжүүлэх хэрэгтэй. Ингэснээр аливаа парламентын дэглэмт орны ёсоор Ерѳнхий сайд улс орны улс тѳрийн хамгийн дээд албан тушаалтан бѳгѳѳд гүйцэтгэх засаглалын тэргүүн болж тѳрийн болон улс тѳрийн байгууламж нэг удирдлагатай болно.

Англи, Япон болон Герман зэрэг баруун Европын орнуудад дэлгэрсэн уг дэглэм нь тѳрийн эрх барих ард түмний бүрэн эрхийг (popular sovereignty) хангах үзэл санаан дээр үндэслэгддэг. Энэ нь ард түмэн тѳрийн эрх барих эрхээ хэрэгжүүлэн эрх баригчдаа нэгэнт сонгосон бол тэр эрх баригчид нь хууль тогтоох, гүйцэтгэх эрх мэдэлтэй байж л ард түмний хүсэл зоригийг хэрэгжүүлнэ гэсэн үзэл санаа юм. Тиймээс энэ зарчим нь тѳрийн эрх мэдэл, институцүүдийг ард түмний хүсэл зоригийг хэрэгжүүлэх хэрэгсэл шиг үздэг гэж хэлж болно. Энэ дэглэм нь хууль тогтоох болон гүйцэтгэх эрх мэдлийг ялсан нам, улс тѳрийн хүчин, улмаар тэр хүчний лидерийн гарт тѳвлѳрүүлдэг (fusion of power) юм. Тиймээс чухам энэ дэглэмд нэг улс тѳрийн хүчний, улмаар нэг хүний засаглал тогтох боломж байдаг бѳгѳѳд парламент, Засгийн газрыг гартаа атгасан хүчирхэг лидер ямар байж болохыг Н.Энхбаярын засаглалын жилүүд (2000-2004) харуулсан бизээ. Мэдээж парламентаас Засгийн газрыг бүрдүүлдэг учир Засгийн газар одоогийнх шиг бүхэлдээ парламентын гишүүд, улстѳрчдѳѳс бүрдэх нь хэвийн үзэгдэл байх учир “давхар дээлний” асуудал байнга байх болно. Мѳн дээр дурдсан “эвслийн” улс тѳртэй холбоотой бүх л хүндрэлүүд зовоосон хэвээр байх болно.

Гэхдээ Ерѳнхий сайд улс тѳрийн байгууламж, гүйцэтгэх засаглалын тэргүүн, намын жинхэнэ лидер болсноор эрх баригч нам сахилгатай, гүйцэтгэх засаглал тогтвортой болдог. Мѳн Ерѳнхий сайд улс тѳрийн болон гүйцэтгэх засаглалын хамгийн ѳндѳр албан тушаалтан учир парламентын сонгууль нь улс орны улс тѳр, гүйцэтгэх засаглалын тэргүүнийг сонгох сонгууль болж сонгогчид хамгийн мэдлэг чадвартай, ард олны итгэл найдварыг даахуйц ёс суртахуунтай лидерийг сонгохыг эрмэлздэг. Улс тѳрийн намууд ч ялалт байгуулахын тулд намаа удирдан ялалтад хүргэхүйц, сонгогчдын дэмжлэгийг авахуйц мэдлэг, чадвартай, ёс суртахуунтай лидертэй байхаас ѳѳр аргагүй болдог. Нэгэнт Ерѳнхийлѳгч бэлгэдэл болж, Ерѳнхий сайд жинхэнэ лидер болохоор утсан хүүхэлдэйн тухай асуудал алга болох нь ойлгомжтой.

Эцэст нь ѳгүүлэхэд Үндсэн хуулийн ѳѳрчлѳлт хийж одоогийн тогтолцоог халж Ерѳнхийлѳгчийн эсвэл парламентын дэглэмийг зүй тогтлынх нь дагуу урлаж байж л Монгол улс одоогийн эмгэнэлт байдлаас ангижрах болно.

 Доктор. Л.МӨНХ-ЭРДЭНЭ

Мягмар, 08 7-р сар 2014 02:28

Тоглоом ба Дүрэм-2

Н.Ууганбаатар (Ph.D), МУИС, Математикийн Тэнхим, http://uuganbaatar-ninjbat.weebly.com/

2010 онд бичсэн “Тоглоом ба Дүрэм” нийтлэл маань ийм дүгнэлтээр төгссөн:

Тоглоомд зөвхөн тохиолдлоор буюу хааяа нэг амжилт гаргах биш амжиттай тоглохын тулд, дүрмийг нь өөрчилж чадахгүй нөхцөлд дүрмээр нь тоглохоос өөр сонголтгүй. Ингэхийн тулд мэдээж юун түрүүнд тоглож буй тоглоомынхоо дүрмийг нь ойлгох хэрэгтэй болно. Харин дүрмийг нь ойлгосон үед бол асуудал өөр: Тэгвэл А гэсэн үйлдэл нь дээр үү (?), эсвэл Б нь зөв үү (?) гэдгийг бодож олж болно.

”Дүрмийг нь ойлгох” гэдэг тоглоом бас өөрөө дүрэмтэй байж таарна: Турших-алдах гэсэн процесээр явах уу (?) эсвэл судлах-ойлгох гэсэн процес нь энэ тоглоомд илүү амжилтанд хүргэх үү (?) гээд л… Биднийг нөгөө хүсээд байгаа хөгжил дэвшил, эмх замбараа гэх мэт зүйлсрүү маань хүргэх зам энэ хавиас л эхэлж байгаа болов уу.

Энэ удаад тус нийтлэлийн үргэлжлэл болгож дүрмээр нь тоглохгүй байгаа буюу буруу ойлгож, буруу шийдвэр гаргаж байгаа зарим томоохон тоглоомуудыг (grand games) авч үзэхээр шийдэв.


Монголчууд ба аxуйн чанартай асуудлууд

100 жилийн өмнө Барон Унгерн монголд ирээд цэргүүдтэйгээ хамт өргөөний хогийг цэвэрлэж байсан тухай манай зарим түүхчид ярьдаг. Энэ хүн зүгээр нэг зугаагаа гаргах гэж хог цэвэрлээгүй нь лавтай. Тэр үед манай өргөөний аxуйн асуудлууд, тэр дундаа хогны асуудал “нэлээн хүнд” байсан тухай бусад баримтууд ч бас бий. Өнөөдөр ч гэсэн xог, замын түгжрэл, агаарын бохирдол, дуу шуугиан гээд л бидний амьдарч буй хотын ахуйн чанартай асуудлууд тэр үеийнхээс нэг их дутахгүй гэж хэлэхэд болно.

 Ер нь улс орнуудын хөгжлийн түвшин болон тэдэнд тулгамдаж буй асуудлуудын зэрэглэл нь хоорондоо хамааралтай байдаг байх. Лев Толстой хэлсэн шүү дээ "Аз жаргалтай гэрбүлүүд бүгд адилхан, харин тэр аз жаргалыг нь олоогүй байгаа гэр бүлүүд өөр өөрийнзовлонтой байдаг" гэж. Жишээ нь иx ядуу орон бол хоол хүнс, уух ус, уншиж бичихэд суралцах гэх мэт асуудлуудтай байхад, манайх шиг дунд хэрийн улс аxуйн чанартай асуудлуудтай тулгардаг байж болох юм.

Уг нь манай ерөнхийлөгч утаатай тэмцэх тухай удаа дараа ярьж, ерөнхий сайд дэд бүтцээ хөгжүүлэх тал дээр анхаарна гэдгээ хэлсэн. Энэ талаар зарим арга хэмжээнүүд авч байгаад ч эргэлзэх юм алга. Гол нь "манайд яагаад ийм төрлийн асуудлууд нүүрлээдбайгаа," "тэднээс гарсны дараа өөр аxуйн чанартай асуудлууд залгаад нүүрлэх эсэх" талаар бодож байгаа хүн, бичиж байгаа сэтгүүлч, судалж байгаа эрдэмтэн ховорхон. Учир нь тэд бас л өөрдсийн ахуйн асуудлуудтайгаа зууралдсаар: ажилдаа явна, замдаа түгжирнэ, цалингийн зээл авна ... гээд бүгд завгүй.

Гэхдээ дор бүрнээ завгүй мөртлөө бүх нийтээрээ юм бүтээхгүй байх нь эмгэнэл юм. Хамгийн хэцүү нь бид энэ чигээрээ явбал үр хойчдоо эдгээр ахуйн асуудлуудаа яг хэвээр нь өвлүүлэх төлөвтэй. Миний бодлоор бидний ахуйн асуудлууд цөөн хэдэн шалтгаантай. Зарим нь биднээс, тэр дундаа бидний хэв маяг, дадал зуршлаас шууд хамаарна. Үүний тод жишээ бол хогны асуудал. Уг нь дор бүрнээ ядаж хогоо ялгадаг, тэгээд саванд хаядаг болчихвол энэ асуудал цэгцрээд явчихна. Дээрээс нь манай эрчүүд гудманд бие засахаа больчихвол ч...

Харин зарим асуудлууд бидний буруу ойлголт, буруу менежменттэй холбоотой. Үүний жишээ гэвэл утаа болон замын түгжрэл. “Хэрэв нэг ижил үйлдлийг олон хүн ахин дахин хийдэг бол, тэрнийг хүн бүр дор бүрнээ хийдэг байснаас нийтээрээ нэг хэвээр хийдэг байх нь илүү ашигтай” гэсэн дүрэм бий. Үүнийг эдийн засгийн ухаанд "өргөжилтийн үр өгөөж (economies of scale, economies of scope)" гэнэ. Чухамдаа өргөжилтийн үр өгөөж нь урт хугацаанд эдийн засаг өсөхөд, хот суурин хөл дээрээ босч оршин тогтноход зайлшгүй хэрэгтэй хүчин зүйл гэдгийг эдийн засгийн онолын болон түүхийн судалгаанууд нотолдог. Өөрөөр хэлбэл хэрэв өргөжилтийн үр өгөөж байгаагүй бол хот суурингууд ингэтлээ их тэлж, хотжилт хүний нийгэмд дэлгэрэхгүй байсан гэсэн үг.Угтаа бол өргөжилтийн үр өгөөжөөс хүн бүр хүртэж байж нийтийн хуримтлал үүсдэг ба тэгээд түүнийгээ хойч үедээ өвлүүлдэг жамтай. Хот сууриний төлөвшилт ийм зарчмаар л явж ирсэн.

Жишээ нь манайх шиг нийтийн тээврээ хувьчилсан улс орон байдаг тухай би лав дуулаагүй. Нэр нь хүртэл "нийтийн тээвэр (public transportation)" шүү дээ. Нөгөө талаас нийтийн тээврийг сайжруулчихвал замын түгжрэл, цаашлаад агаарын бохирдол, шатхууны хэрэглээ гээд олон асуудлыг шийднэ гэж үзэх бүрэн үндэслэлтэй. Гэхдээ нийтийн тээврийг сайжруулах ажлыг хувийн сектор хийдэггүй. Учир нь хэрэв хувийн секторт үлдээвэл, (1) эсвэл манай одоогийнх шиг байгаа жоохон зам, маршрутаа булаацалдана, үүнийг дагаад эрсдэл ихсэж үйлчилгээ муудна; (2) эсвэл үйлчилгээний үнэ нэмэгдэж нийтийн тээврий дээр хэлсэн дам нөлөө эрс багасна; (3) эсвэл өрсөлдөөнөөс нэг нь шалгарч үлдээд монополь (natural monopoly) болж тогтоно. Ингээд аль ч тохиолдолд "нийтийн тээвэр”-ийг хувьчлах нь нийгэмд ашиггүй шийдэл болно.

Ингэхээр хотжилтын тоглоомыг тоглож сурахын тулд өргөжилтийн үр өгөөжийг ойлгох, түүнийг ашиглах зайлшгүй шаардлагтай. Миний бодлоор бид яг үүн дээр том алдаж байгаа бөгөөд энэ алдаагаа засахгүй бол аxуйн асуудлуудын тойргоос гарах гэж их удахаар харагдаж байна.

Боловсролын талаар хэдэн үг

Өнгөрсөн амьдралаа бодож үзвэл “боловсрол миний амьдралд чухал байр суурь эзэлжээ” гэсэн дүгнэлтэнд хүрдэг юм. Учир нь би 7 настай сургуульд орсноосоо хойш сургуулиас огт салаагүй бөгөөд энэ хооронд хөдөөний, хотын, Монголын, гадаадын, бага, дунд, ахлах, их гээд л олон төрлийн боловсролын байгууллагад сурч, ажилласан байгаа юм. Дээрээс нь багшийн гэр бүлд төрж өссөн гэдгээ тооцвол энэ салбартай холбоо минь улам лавширна.

Орчин үеийн аль ч нийгэмд боловрсолын салбараас хүлээх хүлээлт их байдаг. Заримдаа нийгмийн бүх асуудлыг боловсролоор дамжуулан шийдэж болох мэт хандлага ч илэрдэг. Уг нь нийгэм дэхь боловсролын үүргийг эдийн засаг дахь мөнгөнийхтэй, эсвэл хүний бие дэхь цусныхтай адилтгаж болно. Учир нь эдгээр тохиолдлуудад тухайн дэд систем эх системийнхээ өнцөг булан бүрт хүрч ажилладаг ба түүний үндсэн динамикийг өөр дээрээ авч байдаг онцлогтой. Иймд урт хугацаанд их олон асуудлыг боловсролоор дамжуулж шийдэх боломжтой байж мэднэ.

Боловсролын тогтолцоо нь шатлалтай (hierarchic), орц-гарц бүтэцтэй (input-output), эргэх холбоотой (feedback) систем юм. Үүнийг энгийн сxемээр дүрсэлвэл [Цэцэрлэг Бага Сургууль Дунд Сургууль Ахлах Сургууль Их Сургууль Цэцэрлэг] гэж харагдана. Шатлалтай гэдэг нь ажил үүргийн хувиарлалттай гэсэн үг: эхний шатанд хүмүүжинэ, нийгэмшинэ, багшийг сонсож, бусадтайгаа хамт байж сурна. Тэгээд сургуульд ороод энэ процес давтагдана, гэхдээ арай өөр түвшинд. Үүний зэрэгцээ уншиx, бичиx, тоолох гэх мэт тодорхой чадваруудад суралцана. Ингээд бүх юм зүй ёсоороо явбал, их сургуульд орохдоо зарим үндсэн чадвар, суурь мэдлэгээс гадна, биеэ авч явах, хувийн зохион байгуулалттай байх, бусадтай хамтарч ажиллах гээд хэд хэдэн чухал хүмүүжил, боловсролыг эзэмшсэн байна. Харин их сургуульд бол оюутан хувь хүнийхээ хувьд илүү чөлөөтэй байх ба ахисан түвшний мэдлэг, тодорхой мэргэжил эзэмшинэ.

Орц-гарц бүтэцтэй гэхээр шатлалын өмнөх хэсгээс гарсан гарц нь дараагийн хэсэгтээ орц болдог гэсэн үг. Харин системд байгаа эргэх холбоо нь системээс боловсорч гарсан хүмүүс системдээ буцаад нөлөөлдөг гэдгийг илэрхийлнэ. Энэ нь боловсорсон хүн бүр эцэг эх, ах эгчийн, эсвэл багш ажилтны, эсвэл дарга, хянагч, шийдвэр гаргачийн хувиар эргээд боловсролын системийн хэсэг болдгоос үүдэлтэй. Гол нь дээрх системийн хувьд аль нэг газар нь муудахад хэсэг хугацааны дараа систем бүхэлдээ муудна. Жишээ нь сурах арга барил эзэмшээгүй, хувийн зохион байгуулалт муутай их сургуулийн оюутантай ажиллахад туйлийн бэрхшээлтэй байдаг. Тийм оюутан ямар нэгэн байдлаар их сургууль төгслөө ч гэсэн зохих мэдлэг, мэргэжилийг бүрэн дүүрэн сурч чадахгүй. Гэтэл эргэх холбоогоор энэ хүн буцаад системд нөлөөлнө.

Ер нь хэцүү цагт нь хүнд туслаж чадахгүй системээр бид яах юм? Өөрөөр хэлбэл систем чаддаг юмыг нь давтах биш, чадахгүй байгаа гэхдээ өөрт болон бусдад хэрэгтэй, улс эх оронд шаардлагатай мэдлэг, чадваруудыг олгох ёстой. Иймд боловсролын нэг чухал үүрэг бол нийгмийнхээ гүйцээлт маягаар ажиллах явдал юм. Жишээ нь манайд хөгжмийн болон уран зургийн боловсрол дээр чухал анхаармаар санагддаг. Ингэхдээ хүүхдүүдэд дуулж хуурдахыг заахдаа гол нь биш, харин гоо зүйн мэдрэмж олгох, хамтарч ажиллахад сургах, харахад амархан мөртлөө хийхэд хэцүү юмууд байдаг гэдгийг мэдрүүлэх, цаашлаад энэ талаарх үнэлэмжийг нь дээшлүүлэхэд эдгээр салбарууд чухал ач холбогдолтой гэдгийг ойлгох нь илүү чухал.

 Жишээлбэл Австри улсад хүүхэд бүр цанаар гулгадаг ба сурагч бүр вальс бүжиглэдэг. Үүний цаана амьдралд сургах сургууль явж буй юм: ямар нэг хөгжмийн аяанд тохируулан, хэн нэгэн хүнтэй хамт бүжиглэхийг “хүний амьдралын жижиг загвар” гэж ойлгож болно. Өөрөөр хэлбэл амьдрал ч гэсэн нэг төрлийн хосоороо бүжиглэдэг бүжиг гэж үзвэл бүжиглэж сургана гэдэг нь зөвхөн урлагт сургах биш амьдралд бас сургаж буй хэрэг юм. Харин манайханд энэ төрлийн чадвар дутмаг байдаг нь илт анзаарагддаг. Бид бага зэрэг бардам, онгироо, тэгсэн мөртлөө ур чадварыг үнэлэх, багаар ажиллах, жижиг юмны үнэ цэнийг ойлгохдоо тааруухан улсууд.

Ингэхээр бид боловсролыг нэг бүтэн систем болгож хармаар, аливаа бодлого боловсруулахдаа энэ системийн онцлогуудыг нь нэн тэргүүнд харгалзаж үзмээр байна. Ер нь боловсролын үүргийг сайн ойлгомоор, шаардлагатай бол дахин тодруулмаар, эсвэл тодорхойлмоор байна. Дээрээс нь Монголчуудын дутууг нөхөх, чаддаггүй юмнуудыг нь чаддаг болгоход түлхүү анхаармаар байна. Боловсролын тоглоомын үндсэн дүрэм энэ хавид л нуугдаж байгаа.

Хөгжлийн логик: дедукци ба индукци, гарцаагүй ба хүрэлцээтэй нөхцөл

Энэтхэгийн эрх чөлөөний хөдөлгөөний удирдагч Махатма Гандигийн талаар бүгд сонссон байх. Тэрээр “Энэтхэгийн тусгаар тогтнол” гэсэн их том үйл хэргийг их зөв зарчмаар буюу энх тайванч байдлаар, ухаалгаар шийдсэнээрээ алдартай. Хүн төрөлхтөний түүхэнд тусгаар тогтнолоо хүч хэрэглэлгүйгээр олж авна гэдэг тийм ч элбэг тохиолдол биш бөгөөд энэ утгаараа Гандигийн үйл хэрэг бол сайн жишиг мөн. Тэрээр “шууд тусгаар тогтноё,” “тусгаар тогтнол гэж энийг хэлнэ” гэсэн дедуктув байдлаар биш, тусгаар тогтнолд индуктив алхамаар хүрснээрээ онцогтой. Түүний энэ түүх “аливаа том хэргийг алхам алхамаар, гэхдээ тууштай байдлаар бүтээж болох ба энэ нь зарим үед хамгийн сайн арга байдаг” гэдгийг харуулдаг.

Харин манай өнөөгийн байдлыг авч үзвэл бид энэ арга замыг төдийлөн хэрэглэхгүй байгаа нь анзаарагддаг. Учир нь ардчилал, ардчилсан нийгэм гэсэн хийсвэр шинжтэй ерөнхий том ойлголтоос манай өнөөгийн нийгмийн шинэчлэл, шилжилт эхэлсэн. Харин сүүлийн үед ерөнхий хийсвэр ойлголтын оронд тодорхой загвар (модел)-ийг олж нутагшуулахыг оролдох болсон. Тийм моделийн тэргүүн эгнээнд Америк болон Швейцари гэх мэт орнуудын институцийн тогтолцоо яригдаж байх шиг байна. Гэхдээ сонирхолтой нь Монгол бол Америк, Швейцари биш бөгөөд энэ хоёр дангаараа битгий хэл эдний ямар нэг сентез (комбинаци) нь бидэнд тохирох эсэх нь ч тодорхойгүй юм.

Ардчилсан нийгэм байгуулах асуудалд дедуктив маягаар хандах нь доод шатандаа маш олон үл ойлголцол үүсгэх эрсдэлтэй. Учир нь нийгмийн бүх асуудлуудыг хэдэн ерөнхий зарчимд багтаах ямар ч боломжгүй болохоор xаа нэг газар зааг, хоосон орон зай, түүнийг дагасан зөрчилдөөн үүсэх нь зайлшгүй юм. Үүн дээр нэмээд бусад орны ямар нэг зарвар авчирч нутагшуулна гэхэд нөгөө улиг болсон “манай нөхцөл таарах эсэх” асуудалтай байнга тулгарна. Ингэхээр манай цаг үеийн онцлог гэмээр эдгээр асуудлууд нь ардчилсан нийгмийг байгуулах дедуктив хандлагатай шууд холбоотойгоор үүссэн гэж үзэж болно.

Иймд бидний хувьд шинэ орчинд хөлөө олж, шинэ нийгмийг сайн сайхан бөгөөд үр хойчдоо өгөөжтэй байдлаар зохион байгуулахад индуктив арга барил зайлшгүй хэрэгтэй. Гэхдээ багаас нь эхэлж томруулна гэхээр бага сургуулийн хүүхдэд, эсвэл хөдөө сумын залуучуудад нөгөө ерөнхий хэдэн зарчмаа зааж сургахаас эхэлнэ гэсэн үг биш шүү. Иймэрхүү ажил асуудлыг улс төржүүлэхээс өөр үр дүнд бараг хүргэхгүй. Харин түүний оронд аливаа шинэ санаанд нээлттэй, зөв агуулга бүхий оролдлого, санаачлагыг дэмждэг, ой санамжтай, шаардлагатай үед эрсдэл авч чаддаг, гэхдээ алдаан дээрээ хурдан суралцдаг тогтолцоог бүрдүүлэх нь гол юм. Угтаа бол энэ нь жижиг алхамаар гэхдээ тогтмол урагшилдаг, суралцдаг систем гэсэн үг. Ийм тогтолцоог “суралцагч нийгэм (learning society)” гэж нэрлэж болох бөгөөд хэрэвээ үүнийг бүрэлдүүлж чадвал бид нийгэмд зөв жишиг тогтоож, ихийг энх тунх замаар шийдэж чадна. Иймд дедуктив-идэвхигүй (passive) тогтолцооноос индуктив-идэвхитэй (active) тогтолцоонд шилжмээр байна.

Харин суралцагч нийгмийг буй болгоход шаардлагатай нэг зүйл нь хүрэлцээтэй нөхцөлд биш гарцаагүй нөхцөлд тулгуурлаж сэтгэх явдал юм. Угтаа бол “ингэвэл тухайн асуудал шийдэгдэнэ” гэсэн байдлаар биш “ингэхгүй л бол шийдэгдэхгүй юм байна” гэх буюу “энэ асуудлыг шийдэхийн тулд бидэнд зайлшгүй хэрэгтэй зүйл нь тэр юм” гэсэн маягаар ханддаг хэв маягийг дэлгэрүүлэх хэрэгтэй гэсэн үг. Учир нь зайлшгүй нөхцөлд санал нэгдэх нь хүрэлцээтэй нөхцөлд нэгдэхээс илүү хялбар бөгөөд ингэж байж л бид ухаалгаар маргалдаж, дуусдаггүй яриануудыг дуусдаг, үр дүнтэй яриа болгож чадна. Жишээ нь “ингэвэл хөгжинө, тэгвэл хөгжинө” гэх мэтээр том онол, эсвэл олон арван практик яриад байвал энэ яриа дуусахгүй, дууссан ч үр дүнд хүрэхгүй, яагаад гэвэл тэр хүрэлцээтэй нөхцөлийг нь биелүүлэх боломж бидэнд хомс. Өөрөөр хэлбэл xүрэлцээтэй нөхцөлүүд ихэнх тохиолдолд бидэнд томдоно, ахадна гэсэн үг. Харин “ингэж байж л бид хөгжих юм байна” гэсэн маягаар хандвал энэ яриа ямар нэг тодорхой үр дүнд хүргэнэ.

Суралцагч нийгмийн логик бүтэц нэг иймэрхүү. Улмаар манай улсын хөгжлийн логик ч гэсэн энэ хавид л нуугдаж байхаас зайлахгүй.

 

Бүтцийн өөрчлөлт үү? Сэтгэлгээний (Paradigm) өөрчлөлт үү?

Ямар ч зохион байгуулалттай байсан хүний нийгэмд институцийн тогтолцоо хамгийн чухал элемемент нь байдаг. Жишээ нь гүйцэтгэх засаглал, хууль сахиулах засаглал гэдэг нь тус бүрдээ интитуцууд. Эд заавал байх ёстой юу? Хэрэв тийм бол эдний ажил үүрэг, эрх мэдэл, хариуцлагын хувиарлалт нь ямар байх ёстой вэ? гэх мэт асуудлууд нь нийгмийн ухааны (социологи, улс төрийн ухаан, эдийн засаг, төрийн захиргааны удирдлага гэх мэт) судалгааны асуудлууд.

Шинэ нөхцөлд тохирсон институцийн тогтолцоотой болох нь манай энэ цаг үеийн хамгийн чухал асуудлуудын нэг. Тийм ч учраас нам эвсэл бүхэн сонгуульд өрсөлдөхдөө “шинэчлэл хийх” эсвэл “төгөлдөржүүлэх” тухай яридаг. Үүнтэй холбоотойгоор нэг иймэрхүү хандлага манайд газар авсан шиг байна: гадны ямар нэг онол, загвар, систем эсвэл бүтцийг оруулж ирдэг. Ингэхдээ нарийн судалгаа хийх нь тун ховорхон. Тэгээд тэр нэвтрүүлсэн зүйл нь ажиллахгүй бол онолын, системийн эсвэл загварын буруу биш, харин хүмүүсийн буруу байдаг; тэд л шуналтай, залхуу гэх мэт. Харин ийм жишиг их газар авбал нийгэмд хагарал үүсгэж хямралд хүргэх эрсдэлтэй. Нийгмийн хямрал нь эдийн засгийн хямралаас дутхааргүй хохирол авчирдаг гэдгийг 20-р зууны дунд үеийн Франц болон Америкийн түүх гэрчилнэ.

Уг нь манайд хамгийн хэрэгтэй зүйл нь элдэв бүтцийн өөрчлөлтөөс өмнө сэтгэлгээний зарим өөрчлөлтүүд байгаа юм. Тэднийг хийгээгүй цагт үндсэн зөрчилдөөн нь шийдэгдэхгүй болохоор хичнээн сайн бүтэц байгаад ч ажиллахгүй. Харин зарим нэг сэтгэлгээний өөрчлөлтийг хийж чадвал орчин үежих асуудал ул суурьтайгаар шийдэгдэх ба элдэв бүтцийн өөрчлөлтөөс үүдэлтэй зөрчилдөөн, үл ойлголцол, хохиролыг хамгийн хялбараар даван туулж чадна.

Бидэнд нэн хэрэгтэй байгаа тэр сэтгэлгээний өөрчлөлтүүд нь тэгээд юу вэ? Нэн тэргүүнд зөвхөн тархиндаа багтсан юмыг л амандаа багтаадаг болмоор байна. Учир нь бид мэдэхгүй юмаа их ярих бөгөөд бараг юм бүхэн бидэнд амархан санагддаг. Энэ бол хэвийн бус үзэгдэл! Тэгээд зөвхөн зүрхээрээ биш бас тархиараа, зөвхөн мэдрэмжээрээ биш бас  мэдлэгээрээ алив асуудалд ханддаг болмоор байна. Аливаа асуудлыг аналитик, сентетик, ампирик талуудаас нь бодож, зохистой үед нь хийсвэрээр сэтгэж, дүгнэлт хийхэд суралцмаар байна. Голлон хар мэдрэмж дээр тулгуурлаж сэтгэвэл (1) асуудлийг өөрийнх нь хүрээнээс хэтрүүлж чаддаггүй; (2) хэцүү асуудалтай тулгарахдаа муухан; (3) өөрийгөө зөвтгөдөг буюу эргэлзэх боломж олгодоггүй учраас алдаагаа хардаггүй, улмаар энэ нь өөртөө хэтэрхий итгэдэг зуршилд хүргэдэг муу талтай. Энэ байдлаасаа салахгүй юм бол тун удахгүй Монгол хүн “толгой нь жижиг, ам нь том” гэсэн тодотголтой үлдэх нь.

Түүнээс гадна дандаа хүн төвтэй сэтгэх биш, бас юм төвтэй, ойлголт төвтэй сэтгэж сурмаар байна. Зөвхөн хэн нэг хүний арга эвийг олох дээр анхаардаг бус аливаа юмны учрыг олдог, аливаа ойлголтуудын хүрээнд чөлөөтэй сэтгэж чаддаг болмоор байна. Чухам ингэж байж л орчин үеийн ертөнцөд бид өөрсдийн орон зайгаа олж авна. Орчин цагийн нийгмийг зохицлоон бүрдүүлж хүн төрлөхтний хөгжилтэй хөл нийлүүлэн алхах, ингэхдээ өөрийн гэсэн орон зайг буй болгож ул мөрөө үлдээх “томоохон тоглоомын (grand game)” үндсэн дүрэм энэ байна.

Дүгнэлт

Хэрэв манайд гурав дахь хөрш гэж байх хэрэгтэй бол тэр нь эрдэм мэдлэг байх ёстой юм. Учир нь бид түүгээр дамжуулж дэлхийн аль ч улстай харьцаж болно.

“Сайн сайхан нийгмийг буй болгох” том тоглоомд ялахын тулд бид бүх нийтээрээ “суралцагч нийгэм (learning society)” байгуулах хэрэгтэй байгаа бөгөөд ингэхийн тулд нэг талаас жижгээс нь томруу нь шат шатаар тууштай ахиулсан индуктив арга барилыг дэлгэрүүлэх, нөгөө талаас аливаа асуудлын гарцаагүй нөхцөлд нь илүү анхаардаг болох зайлшгүй хэрэгтэй юм. Түүнчлэн өөрсдийн зарим нэг муу зуршлаас салах хэрэгтэйг ухаармаар байна. Их зохиолч Д.Нацагдорж “хуучин хүүг шинэ хүү болох” цагийг бараг 90 жилийн өмнө дуудсан шүү дээ. Одоо тэр цаг нь нэгэнт болжээ.

Улаанбаатар хот, 2014.07.02

Холбогдох материалууд

“Тоглоом ба Дүрэм” эхний нийтлэлийг эндээс уншиж болно:

http://uuganbaatar-ninjbat.weebly.com/popular-writings.html

Хотжилтын эдийн засгийн үндэсний талаар дараах номноос үзэж болно:

Fujita, M. & J-F. Thisse (2013) Economics of Agglomeration - Cities, industrial Location, and Regional Growth. Cambridge University Press.

Логикийн тухай, тэр дундаа индукци, дедукици, импликацийн талаар уншиж мэдэхэд дараах ном их тустай:

Priest, G. (2001) Logic: Very Short Introduction, Oxford University Press.

1960-аад оны үеийн нийгмийн хөдөлгөөний талаар эдгээр баримтат киноноос үзэж болно:

Хуудас 3 -с 1

Цахим Өртөө Сүлжээнд элсэх

  • Өртөөний сүлжээнд элсэх

tsahim_urtuuХэрэв та Монгол Туургатны Цахим Өртөө Сүлжээнд элсэхийг хүсвэл: http://groups.google.com/group/tsahim-urtuu-suljee хаягаар зочилж маш хялбархан бүртгүүлж болно. Та Гүүгл суурьт энэхүү сүлжээнд имэйлээ бүртгүүлснээр манай сүлжээний гишүүн болно.

 

Image Temp

Энэ хуудас нь Цахим Өртөө сүлжээний нийт гишүүдийн хамтын бүтээл байх бөгөөд ажил хэргийн санал болгоныг вэбийн хамтлаг тухай бүр нь тусган энэ хуудсанд оруулж байх болно. Хамтран ажиллаж буй, ажиллахаар зэхэж буй таньд баярлалаа.

Newsletter