П.Наранбаяр https://www.tsahimurtuu.mn Tue, 17 Jul 2018 21:25:12 +0800 Joomla! - Open Source Content Management mn-mn Сонгууль хэмээх цусгүй тулалдаан https://www.tsahimurtuu.mn/index.php/component/k2/item/1988-archive-1988 https://www.tsahimurtuu.mn/index.php/component/k2/item/1988-archive-1988

Японы парламентын доод танхимын сонгууль өчигдөр болж үр дүн нь тэр даруй олны өмнө ил болов. Нийт 480 суудлаас ЛАН-Коомэй намын эвсэл 325, Засгийн эрх баригч асан АН 58, сонгуулийн өмнөхөн байгуулагдсан Ишинно-кай буюу Шинэчлэл нам 54 суудал авч, бусад жижиг нам, бие даагчид үлдсэн 43 суудлыг хамлаа.

3 жил 3 сарын өмнө япончууд "бор халзан хонь" байсан ч Ардчилсан намын нэр дэвшигчид өгөхөд бэлэн байсан бол энэ удаад ЛАН-ын хүн л бол саналаа шууран өглөө. Шуурах үзэгдэл нийгэм тогтворжсон Японд ч байдаг байна. Ер нь сонгогчдын сэтгэл зүй манайхаас ч алд дэлмийн зөрүүгүй мэт. АН-ы дарга, Ерөнхий сайд Нода огцрохоо мэдэгдсэний дараа тус намын бусад удирдах албан тушаалтнууд энэ ялагдалд өөрсдийгөө буруутай хэмээн зарлаад албан тушаалаа шууд л өгчихлөө. Тэд "Намын мөрийн хөтөлбөр засгийн эрх барих хугацаанд хэрэгжээгүй, зарим тохиолдолд огт амлаагүй ажил хийсэн (жишээ нь НӨАТ-ыг нэмэх тухай хууль батлуулсан), мөн нам хагаран бутарсан (АН-ы хамгийн нөлөө бүхий этгээд болох Озава Ичироо намаасаа олон гишүүдийг дагуулан гарч, шинэ нам байгуулсан. Озаваг хууль бусаар орлогоо нуун дарагдуулсан хэмээн буруутгасан ч энэ нь шүүхээр нотлогдоогүй.)" зэрэг олон шалтгаан уг ялагдалд нөлөөлснийг дурдлаа.

Сонгуулийн тухайд манайхаас ялгарах зарим нэг шинжийг дурдвал, санал өгөлт дууслаа, хайрцаг нээлээ, хоёр цагийн дотор үр дүн нь тодорхой болж буй явдал. Ялагдлаа эрх баригч нь хүлээн авуутаа нэг цагийн дотор огцрохоо мэдэгдэж, намаасаа, сонгогчдоосоо уучлал хүсч буй байдал. Монголд болсон сонгуулийн дүн зарлагдталаа дуншиж, бүр долоо хонох нь энүүхэнд болоод байна. Технологийн хувьд бид автомат машинаар уншуулдаг, Японоос ч илүү түвшинд хүрсэн байлтай. Монголчууд "төрийн хар хайрцаг" гэж ярих дуртай. Хар хайрцаг гэдэг бол хэнд ч ойлгомжгүй, нууцлаг зүйлийг хэлдэг. Тэгэхээр манай "төрийн хар хайрцаг" бол сонгуулийн дүнгийн дуншилтад гэж хэлж болмоор.

ЛАН-ы дарга, шинэ Засгийн газрыг толгойлох Абэ Шинзоо мөнгө санхүүгийн бодлогыг эрс шинэчлэх, зоригтой либеральчлах, 2 хувийн инфляцид хүргэх, иений ханшийг буулгах эрчимтэй арга хэмжээ авахаа зарлав. Үүний тулд Японы төв банкны ерөнхийлөгчийг солих ажлыг шуурхайлжээ. Мөн ирэх 1 дүгээр сард АНУ-д айлчилж, хоёр орны харилцааг урьдын түвшинд хүргэн сайжруулах бодолтой байгаа тухай ЛАН-ын нарийн бичгийн дарга Сүга өнөөдөр Эн Эйч Кэй телевизэд ярилцлага өгөхдөө дурдаадах нь билээ.

Мэдээг бэлтгэсэн П.Наранбаяр

]]>
tugsuu1218@gmail.com (Admin) П.Наранбаяр Mon, 17 Dec 2012 21:02:30 +0800
“БЭЭЖИН КОНСЕНСУС” ОРШИН ТОГТНОХ УУ? https://www.tsahimurtuu.mn/index.php/component/k2/item/1957-“бээжин-консенсус”-оршин-тогтнох-уу https://www.tsahimurtuu.mn/index.php/component/k2/item/1957-“бээжин-консенсус”-оршин-тогтнох-уу

“БЭЭЖИН КОНСЕНСУС” ОРШИН ТОГТНОХ УУ?
 
Хятад улс зургаа дахь үеийн удирдагчаа саяхан сонголоо. Шинэ удирдагч Си Жинпин авилгатай тэмцэж, төр иргэний хоорондох зайг ойртуулахаар ажиллана гэдгээ амлав. Эрх мэдлийн тайзны ард кингмэйкэр Зян Зэминь, Ху Жинтао нарын далд өрсөлдөөн буй. Си Жинпин бол томоохон улс төрчийн хүү, өөрөөр хэлбэл, хар багаас эрх мэдлийн оргилд хүрэхээр бэлтгэгдсэн “хунтайж”. Харин шинэхэн сонгогдсон “хунтайж”-ийн өмнө эдийн засгийн өсөлтийг хангахын тулд нийгмийн шинэтгэлийг хэрэгжүүлэх шаардлага тулгараад байна. Хятадын эдийн засгийн өсөлт 2012 он гарсаар саарч, өмнөх оны мөн үетэй харьцуулахад буурсан үзүүлэлтэй гарсан. Түүний дээр хөрш орнуудтайгаа газар нутгийн асуудлаар зөрчилдөн, Японыг эсэргүүцсэн бүх нийтийн жагсаал цуглаан хүртэл болов. Энэ үеэр Японы хөрөнгө оруулалттай үйлчилгээний газруудыг жагсагчид сүйтгэж тоносон нь япончууд байтугай гадаадынхныг үргээж орхисноор Зүүн өмнөд азийн орнууд руу гадны хөрөнгө оруулалт урсч эхэллээ. Хямд ажиллах хүч, гадны хөрөнгө оруулалт, экспортод тулгуурласан Хятад улсын эдийн засгийн парадигм үеэ дуусгаж буй бололтой. Парадигм дуусахад шинэ парадигмд шилжин орох шаардлага зүй ёсоор ургана. Энэ утгаараа өмнөд хөршийн удирдагчид солигдож буй цаг үед тус улсын гадаад эдийн засгийн бодлогод ажиглагддаг нэг онцлог болох “Бээжин консенсус”-ын талаар уншигчдад хүргэхийг зорилоо.


“Бээжин консенсус”-ыг Хятад улсын бодлогын баримт бичгүүдэд тухайлан дурдаагүй ч судлаачид “Вашингтон консенсус”-тай харьцуулах замаар тодорхойлохыг оролддог. Судлаач Жон Уйльямсын 1989 онд тодорхойлсноор “Вашингтон консенсус” нь “нээлттэй худалдааны бодлого”, “хувьчлал”, “төрийн зохицуулалтыг бууруулах” гэсэн үндсэн зарчмыг хэлдэг бөгөөд Дэлхийн банк, ОУВС, НҮБХХ зэрэг олон улсын байгууллага хөгжиж буй орнуудад 1970-аад оноос зөвлөн, хэрэгжүүлсэн жор билээ. Энэ жор нь 1-т, төсвийн тэнцвэрийг хадгалах (Санхүүгийн тогтвортой байдлыг авчирдаг ч, эдийн засгийн хямралын үед алдагдалтай төсөвлөж, төрийн томоохон төслүүдээр дамжин ажлын байр нэмэгдүүлэх боломжийг хаадаг сөрөг талтай), 2-т, Нийгмийн зардалд бүтцийн өөрчлөлт хийх (Азийн хөгжлийн банкны зөвлөгөөг хүлээн авч, 1990-ээд онд дунд сургуулийн олон багш нарыг нэг удаагийн тэтгэлэг олгон ажлаас халсан гашуун туршлага манайд бий), 3-т, Татварын шинэчлэл, 4-т, Банкны хүү чөлөөлөх, 5-т, Мөнгөний ханшийг чөлөөлөх, 6-т, Худалдааг чөлөөлөх, 7-т, Гадаадын шууд хөрөнгө оруулалтыг дэмжин, чөлөөтэй болгох (Уул уурхайд хэт төвлөрсөн гадаадын хөрөнгө оруулалт манай эдийн засгийг эмзэг болгож, голланд өвчин үүсгэх сөрөг үр дагавар дагуулж буй), 8-т, өмч хувьчлал, 9-т, төрийн зохицуулалтыг халах (Хүнд суртлыг бууруулах, авлигын орчинг халах зэрэг эерэг талтай ч зохицуулалтгүй болсноор өрсөлдөөн хэт ширүүсэх, аюулгүй байдал алдагдах сөрөг талтай), 10-т, өмчийн эрхийг баталгаажуулах зэрэг болно.

Манай улсын эдийн засгийн бодлого 1990 оноос хойш үндсэндээ Вашингтон консенсусын дагуу явсан. Уг консенсус Монголд зах зээлийн эдийн засгийн шилжилт, макро эдийн засгийн тогтворжилт зэрэг эерэг зүйл авчирсныг үгүйсгэхгүй ч ажилгүйдэл, ядуурал, өмч хувьчлалын гажуудал зэрэг асуудал дагуулсныг бид мартах учиргүй.

Харин Хятад улс “Вашингтон консенсус”-ыг хуулбарласангүй. Тэд зүүн азийн хөгжлийн нийтлэг загвар хэмээн нэрлэгддэг төрийн удирдлагатай эдийн засгийн хөгжлийн замыг сонгосон юм. Жошуа Купер Рамо хэмээх судлаач “Бээжин консенсус” (Их Британийн гадаад бодлогын судалгааны төв, 2004 он) гэдэг бүтээлдээ уг хөгжлийн загварыг дараахи гурван зарчмаас бүрддэг гэж үзжээ.

Нэгдүгээрт, эдийн засаг, нийгмийн өөрчлөлтөд тохирсон шинэчлэлийн бодлого. Хятадууд орон нутгийг бүсчлэн хөгжүүлэх, төрөлтийг хязгаарлах, чөлөөт бүс байгуулах, нэг улс хоёр систем гэх мэт парагматик шинэчлэлийн бодлогыг тасралтгүй хэрэгжүүлсэн.

Хоёрдугаарт, нэг хүнд ногдох ДНБ-ээр хөөцөлдөхгүй, тэнцвэртэй хөгжлийг хангахад анхаарах бодлого. Хятадын Ерөнхий сайд асан Вэн Зяабао таван тэнцвэрийн бодлогыг тунхагласан бөгөөд энэ нь “хот хөдөөгийн хөгжлийн тэнцвэр”, “бүс нутгийн хөгжлийн тэнцвэр”, “эдийн засаг нийгмийн хөгжлийн тэнцвэр”, “хүн байгалийн тэнцвэр”, “дотоод, гадаад зах зээлийн хөгжлийн тэнцвэр” гэсэн цогц бодлого ажээ.

Гуравдугаарт, гадаад улсын тусгаар тогтнол, өөртөө эзэгнэх эрхийг хүндэтгэх, үл хөндөх зарчим. Вашингтон консенсусын орнууд хөгжиж буй оронд тусламж үзүүлэх, хөнгөлөлттэй зээл олгохдоо ардчилал, тунгалаг засаглал, санхүүгийн сахилга бат гэх мэт олон нөхцөл шаарддаг бол Бээжин тэгдэггүй. Засаглал сул хөгжсөн Африкын орнууд Бээжингийн тусламж, зээлийг их хэмжээгээр авч, энэ нь эргээд Хятадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, Африк дахь Хятадын нөлөөг нэмэгдүүлсэн жишээ байна. Хятадын зээл тусламж ийм онцлогтой боловч үнэгүй бяслагны цаана юу нуугддагийг бид мэдэх билээ.

Манай улс гадны тулгалт, “жор”-ыг шууд хүлээн авч хэрэгжүүлж ирсэн сул талаа одоо ч засч чадсангүй. ОУВС-ийн зөвлөдөг төсөв, санхүү хумих бодлого, Дэлхийн банкны зөвлөгөөгөөр боловсруулагдсан Төсвийн багц хуулиуд гэх мэт олон жишээг энд дурдаж болно. Гадны зөвлөгөөг сайтар тунгаан бодож, олон шүүлтүүрээр шүүн хэлэлцдэг төрийн байгууллагын тогтолцоо, чадавхи үгүйлэгдсээр ирснийг олон хүн ярьдаг нь үнэний ортой.

Рамогийн тодорхойлсон “Бээжин консенсус” хэт ерөнхий шинжтэй тул хөгжлийн загвар гэж үзэхэд бэрх боловч Вашингтоны консенсус хэмээн нэрлэгдсэн нео-либераль эдийн засгийн загвартай эсрэгцсэн альтирнатив зарчим гэдэг утгаараа ач холбогдолтойг үгүйсгэх аргагүй. “Бээжин консенсус” Африк, Ойрхи Дорнод, Зүүн өмнөд азид Хятадын нэр нөлөө буюу “зөөлөн хүч” (soft power) дэлгэрэхэд нөлөөлж байгаа нь бас үнэн. Хятад улс 2010 онд АСЕАН-ы гишүүн Зүүн өмнөд азийн 10 оронтой чөлөөт худалдааны гэрээ хэлэлцээр байгуулсан нь үүний нэг жишээ.

Марксизм, чөлөөт зах зээлийг хослуулсан үзэл бодол цаашдаа ч амь бөхтэй байх уу? Хятадад хуулийн засаглал хөгжих боломжтой юу? Олон улсын харилцаанд “Бээжин консенсус” байр сууриа олох уу? гэх мэт олон асуудал хөвөрнө. Энэ утгаараа 2012 он Зүүн азийн эдийн засгийн харилцаанд эргэлт авчирсан жил болохыг үгүйсгэх аргагүй.
Хятадад нүүрс, зэсээ гаргаж эдийн засгаа торомдож ирсэн манай улсын хувьд “Бээжин консенсус”, Хятадын шинэ удирдагчдын бодлого, шинэчлэлийн талаар анхааран судлах нь олон талын ач холбогдолтой хэмээн үзнэ.
 
П.Наранбаяр
2012 оны 11 сар 17

]]>
b_uuganaa2000@yahoo.com (Uugangerel) П.Наранбаяр Fri, 23 Nov 2012 18:36:58 +0800
Шинэ аваргын тухай Асахи сонины эхний нүүрт https://www.tsahimurtuu.mn/component/k2/item/1940-1940 https://www.tsahimurtuu.mn/component/k2/item/1940-1940

Японы өдөр тутмын том сонин "Асахи"-гийн нэгдүгээр нүүрэнд 607 үсгэнд багтааж бичсэн "Тэнсэй жинго" нэртэй жижиг булан 1904 оноос тогтмол гарч байгаа юм. "Тэнсэй жинго"гэдэг нь Vox Populi, Vox Dei ("The voice of the people is the voice of the gods") хэмээх латин үгийн орчуулга бололтой. Агуулгын хувьд тэнгэрийн байдал, цагийн аяс, хандлага зэргээр сонины редакцийн үзэл бодлыг товчхон өгүүлсэн бяцхан эссе гэж тодорхойлж болно. 2012 оны есдүгээр сарын 24-ний Асахи сонины "Тэнсэй жинго" шинээр мэндэлж буй аваргын тухай дарааг нийтлэлийг гаргажээ. Бүрэн эхээр нь орчуулав. 

 

"Кашивадо аваргын хүчинд л Тайхоо байсан юм шүү". Энэ бол дотно андаа дурссан Тайхоо аваргын үг билээ. Кашивадо Тайхоогийн үе гэж хэлэгддэггүй юм аа гэхэд, хүч тэнцүүхэн хоёр аварга баруун зүүн жигүүрийг тэргүүлснээр өнөөгийн сүмоо одоо л нэг зохисоо олж, чансааны жагсаалтыг харахад сэтгэлд өег болох нь. Харүмафүжи хоёр башё дараалан өвдөг шороодолгүй түрүүлснээр 5 жилийн дараа шинэ аварга мэндлэх болов. Асашёорюү зодог тайлсны сүмоогийн ертөнцийг үүрч ирсэн Хакүхоог сүүлчийн өдрийн барилдаанд золгож бариад хүчээ шавхан шидэж унагалаа. Үзэгч олныг цэнгүүлсэн эрчтэй сайхан барилдаан болов. 68, 69, 70 дахь их аварга хэмээх сүмоогийн оргил цолыг монголчууд ийнхүү эзлэв. Асашёорюүг "эрэмгий" гэвэл Хакүхоог "уян", харин өндөр мэдрэмжтэй Харүмафүжиг "хурц" гэвээс зохилтой. Уян агаад эрэмгийг хослуулсан хурд, хурц мэх түүний онцлог. Доогуур ордог тачиай нь шонхор мэт хурц шунгалттай. Заримдаа акробатчиныг ч санагдуулам агаад дэвжээний ирмэгт шахагдах агшинд биеэ зольсон зоригтой мэх хийнэ. Шууд тулан мөргөдөг их аваргын барилдаан биш ч гэсэн хэдийн 28 хүрсэн энэ бөх үзэгчдийг татсан барилдааны арга барилаа өөрчлөхгүй биз ээ. Аварга гэдэг бол ялагдаад байж болдоггүй хүнд дарамтанд бие сэтгэлээ шулуулдаг ажил. 1945 оноос хойшхи тоо баримт харахад дунджаар 26 настайдаа аварга болж, 31 настайдаа зодог тайлдаг байж. 50-иас илүү башёд барилдсан нь Китано-Үми, Чиёнофүжи, Тайхоо, 40-өөс илүү гарсан нь Таканохана, Акэбоно, Кашивадо, Важима, Асашёорюү төдий. 4 жилийн өмнө оозэки цол авсан Харүмафүжи "Нэрээ хичээж, зөв амьдрахыг боддог" хэмээн өгүүлэхэд цаашаа өсөх залуу байна даа гэж бодож билээ. Яльгүй хожуу их цолонд хүрсэн ч өмнөх алдарт аваргуудын сүрд дарагдалгүй урьдын хэвээр зэрлэг омголон барилдаасай. "Үзэгчдээ цэнгүүлсэн аварга" хэмээгдэх нэр ч хүлээ байгаа юм бил үү.

 

                                           Асахи сонин, 1-р нүүр 2012.09.24

 

 

]]>
b_uuganaa2000@yahoo.com (Uugangerel) П.Наранбаяр Tue, 25 Sep 2012 10:20:28 +0800