Ц.Буянцогтоо https://www.tsahimurtuu.mn Tue, 17 Jul 2018 21:24:50 +0800 Joomla! - Open Source Content Management mn-mn Авилгын харанхуйд үүрийн гэгээ татав уу https://www.tsahimurtuu.mn/index.php/component/k2/item/2030-buyantsogtoo-001 https://www.tsahimurtuu.mn/index.php/component/k2/item/2030-buyantsogtoo-001

georgiaАвилга гэдэг үзэгдэлтэй бид нэг л мэдэхэд ижил дасал болж орхиж. Энэ хорт мангас манай нийгэмд тун хүчтэй нэвчээд буй. Найман нэрийн барааны дэлгүүр, хиамны үйлдвэрийн зөвшөөрөл авах, сунгах зэргээс эхлээд ер бүх л төрлийн ажил хөөцөлдөхөд, за тэгээд засгаас зарлах тендер гэвэл заавал авилга атгуулна. Сүүлийн жилүүдэд уул уурхай эрчимжсэнээс болж засаг мөнгөжихийн хэрээр авилгын хэмжээ, хүрээ хамаагүй том болж хувирчээ. Авилга байдаг гэдгийг үгүйсгэх хүн манай улсад ганц ч байхгүй. Найман нэрийн дэлгүүр, дунд сургуулийн багш, эмч нарт атгуулдаг хэдэн бор төгрөг, набоор энэ тэр бол юу ч биш, хэдэн зуун мянга, сая доллараар хэмжигдэх болжээ. 

Хамгийн их авилга эргэлддэг газар  улстөрийн салбар болсон мэт. Сонгуульд орох эрхээ намаасаа мөнгөөр худалдаж авна. Сонгуулийн нэг тойрогт гарах сурталчилгааны зардлыг тооцох нэгж тэрбум төгрөг болж өсчээ. Хүмүүсийнх нь дундаж цалинтай харьцуулахад байж боломгүй том тоо. Мөнгөгүй хүн сонгуульд оролцох боломжгүй. Төрд насаараа ажилласан улсууд хамгийн баян байдаг, хахуулийг ихээр өгдөг компани огцом баяждаг жишиг бол манай өнөөгийн бодит байдал юм. 

Авилга гэдэг угтаа хүн төрөлхтний хамгийн хөнөөлт дайсны нэг юм. Энэ хорлонт дайсан хэзээ үүсч бүрэлдэв? Эрт нэгэн цагт Ромын эзэнт гүрэн гэж айхтар хүчтэй төрт улс байжээ. Тэр улсын ард иргэд ихээ халуун цустай, цөс ихтэй амбицлаг хүмүүс байсан нь тэгж мандан бадрахын үндэс болсон гэж судлаачид үздэг. Харин, тэр хүчирхэг гүрэн авилга гэгч хорт мангаст идэгдсэнээс болж мөхсөн юм. Авилгад идэгдсэн тэрхүү хүчирхэг гүрнийг хорт муу аюулаас салгаж цэвэрлэсэн нь бидний өвөг дээдэс Хүн гүрэн ажээ. Европчуудын дунд Аттилагийн стратегийн тухай ном одоо ч алдартай. Дэлхийн талыг эзэлсэн Монголын эзэнт гүрний нуран унасан шалтгаан бас л авилгатай холбоотой. 

Авилгаас салаагүй цагт хөгжил дэвшлийн тухай санасны ч гарз. Манайд харин сүүлийн жилүүдэд энэ тухай сүрхий ярьж, ганц хоёр авилгачийг шийтгэдэг болж байгаа нь асар том дэвшил юм. Монголын ард түмэн оюун ухааны хувьд том дэвшилд хүрч байна гэсэн үг. Хөгжил гэдэг чухамдаа ийм л дэвшлээс эхэлдэг. Түүх гэдэг  чухамдаа хүний оюун ухаанд гарч буй ийм төрлийн процессийг хэлдэг болохоос зүгээр нэг үйл явдлын он дарааллын бичиг биш. 

Хэдэн жилийн өмнө гаалийн хэмээх Баатрын хэрэг илэрсэн нь анхны томоохон авилгын хэрэг байв. Дараа нь банк цөлмөсөн хэд хэдэн хэрэг гарсан нь бас л авилгын хэрэг юм. Сураг ажиг нь гарч байснаа чимээгүй болж одсон авилгын хэргүүд ч олон. Харин, энэ удаад хорт үзэгдлийн үрийг Монголын улстөрд маш хүчтэй үндэслүүлж ургуулсан гол эзэн гэгддэг гурав дахь ерөнхийлөгчийн хэргийг шийдлээ. Энэ бол чухамдаа авилга гэгч хөнөөлт дайсан, бас шашин гэгч хар тамхинд гүн автсан харанхуй нийгэмд гэрэл гэгээ сацрахын горьдлого төрүүлсэн түүхэн үйл явдал боллоо.

Гэвч, авилгатай тэмцэхэд саад болохыг санаархаж буй хувь хүмүүс, нам бүлэглэл, хөдөлгөөн мэр сэр байгаа бололтой. Муу ч, сайн ч төрт нэгэн улсын институц ажиллаад дуулиант хэргийг зоригтой шийдэн том алхам хийлээ. Ардчилсан нийгэмд хүмүүс янз бүрийн саналтай байж, түүнийгээ чөлөөтэй илэрхийлж болноо. Гэхдээ, авилгатай хийх тэмцлийг системтэйгээр, зохион байгуулалттайгаар эсрэгцэн тэмцэлдэх эрх хэнбугайд ч, ямар ч байгууллага, бүлэглэлд байх учиргүй.

Сүүлийн хорин жилд хүчээ авч соёолж ирсэн авилга гэгчтэй хийсэн тэмцэл арайхийн үр дүнд хүрч эхэлсэн энэ эгзэгтэй цагт илүү оновчтой бодлого явуулж, авилгын  уг үндсийг үтэр түргэн устгах тэмцлийн эрчийг улам чангаруулах бодит шаардлага байна. Үүний тулд авилгын эсрэг Үндэсний гэрээнд бүх нам, улстөрийн хүчнийг нэгтгэн ам өчгийг нь авах хэрэгтэй. Авилга гэгч зөвхөн Монголын төдийгүй, хүн төрөлхтний намбар ван дайсан болсон энэхүү хорт дайснаас салахын тулд монголчууд бүгдээрээ хүч, оюунаа нэгтгэх шаардлагатай байна. Үүний тулд Авилгатай тэмцэх Үндэсний Зөвшилцлийг зарлаж түүнд хамгийн түрүүнд улстөрийн намуудыг татан оролцуулах нь зүйтэй. Ямар ч тохиолдолд аль нэг улстөрийн нам авилгатай хийх тэмцлийн эсрэг элдвээр дуу хоолой гаргадаг явдлыг бүрэн зогсоох учиртай. Хэрвээ, ийм зөвшилцөлд нэгдэхгүй байр суурьтай улстөрийн нам байвал хүн төрөлхтний эсрэг гэмт хэргийг дэмжсэн хэргээр шууд татан буулгаж, зохих шийтгэлийг олговол зохино. Гаалийн Баатар авилга авсныгаа намынхаа төлөө хийсэн гэж хээв нэг өчсөн гэдэг. Авилгыг өөгшүүлдэг нам байсан цагт Монголын ард түмэн хэзээ ч өөдлөхгүй.

Гүрж улс авилгатай хийсэн тэмцэлдээ чамгүй амжилт олсныг дэлхийд сайн жишээнд тооцож байна. 100 мянган доллараас дээш хөрөнгөтэй этгээдийг тэрхүү мөнгөө шударга хөдөлмөрөөр олсноо батал, чадахгүй бол Ард түмний нэгдсэн дансанд мөнгөө 6 сарын дотор тушаа, тэгвэл өршөөнө, үгүй бол зохих шийтгэлийг олгож 7-оос дээш жил хорих ял оноох замаар асуудлыг шийджээ. Үүнийгээ Авилгын өршөөлийн хууль гэж нэрлэсэн байна. Энэ мэт сайн жишээг судалж авилгыг устгах тэмцлийг хурдасгах хэрэгтэй.

Энэ цагт авилгын эсрэг хийж буй тэмцэл Монгол улс хөгжиж дэвжихийн эхний том алхам болно. Энэ ололт Монголын олон зуун мянган энгийн ард иргэдээс авахуулаад шударга сэхээтнүүд эх орондоо ажиллаж амьдрах итгэл, сэтгэлийн хүч бэлэглэнэ.

]]>
contact@tsahimurtuu.mn (Цахим Өртөө Холбоо) Ц.Буянцогтоо Mon, 06 Aug 2012 16:36:52 +0800
Оюу Толгойн талаарх мэтгэлцээн https://www.tsahimurtuu.mn/index.php/component/k2/item/2029-buyantsogtoo-02 https://www.tsahimurtuu.mn/index.php/component/k2/item/2029-buyantsogtoo-02

Өөрийн бодлыг товч хэлье.

bayartsogt-ganbaatarМэтгэлцээний утга учрыг оролцогч этгээдүүд харилцан адилгүй ойлгож бэлдэж иржээ. Баярцогт бол "дайснаа дарахыг" гол зорилгоо болгож. Зорилгоо тодорхойлохоосоо эхлээд тэр алдаа хийлээ. Уг нь бол 2 этгээд мэтгэлцсээр байгаад эцсийн дүндээ тухайн сэдэв дээр санал нэгдэх, асуудалд шинэ гарц олох нь мэтгэлцээний үндсэн зорилго баймаар. Гэтэл, хэт өөрийгөө хамгаалах тактик барьж, ОТ-ын гэрээг "төгс гайхамшиг" гэж тодорхойлж буй нь түүнийг цаанаа "маапаантай" гэдгийг илтгэх мэт. "Гудамжны", "мэдлэггүй" Ганбаатарыг "алаад өгөх" нь Баярцогтын үндсэн зорилго байлаа. Тэрхүү "аженда"-даа таарсан тактик боловсруулж иржээ.

Нөгөө талаас Ганбаатар мэтгэлцээний зорилгыг хувь хүмүүс хоорондын хэрүүл тэмцэл биш, илүү өргөн утгаар ойлгож, тэр хүрээндээ бэлдэж иржээ. Тэрээр энэ мэтгэлцээнээр олон нийтэд зөв мэдээлэл хүргэх ёстой, үүний тулд асууж тодруулах үүрэгтэйгээр оролцохоор бэлтгэлээ хийж. Тэрээр Оюу Толгойн гэрээг зөв, Монголын талд ашигтай байлгахын тулд өнгөрсөн жилүүдэд тэмцэж ирсэн олон хүмүүсийн нэг билээ. Олон жил ярьж, асууж байсан тэр л асуудлууддаа хариу авч олон нийтэд мэдээлэл хүргэхийг зорьсон байна. Түүний зорилго "урвагч" Баярцогтыг "алаад өгөх" биш байлаа.

Бидний урьд өмнөх төсөөллөөр бол энэ хоёр этгээд яг эсрэгээрээ баймаар. Тийм байх нь уг нь зөв логик. Яагаад гэвэл Ганбаатар ард түмнийг төлөөлж байгаа хүн. Тэр утгаараа ямар ч асуулт асууж тодруулах эрхтэй. Сэжиглэх, хардах эрхтэй. Баярцогт Төрийг төлөөлж гэрээ байгуулсан хүний хувьд үйлчлэгчийн байр сууринаас хандаж буруу ч бай, тэнэг ч бай, мэдлэггүй, мэдээлэлгүй, ер ямар ч асуулт байсан эелдгээр, нарийвчлан тайлбарлаж ойлгуулах үүрэгтэй. Тэрээр хувь хүнийхээ байр суурьнаас асуудалд хандаж огт болохгүй.

Гэтэл, бодит байдал яг эсрэгээрээ байлаа.

Энэ байдал нь Баярцогтын талаар маш сэжигтэй ойлголтыг төрүүлэв. Түүний байж байгаа нь олигтой мэдлэггүй, боловсрол муутай хүн гэдгийг нь илчилж өглөө. Тэр яагаад ийм алдаа гаргав? Ийм сагсуу, хамаа намаагүй хөдөлгөөн хийсэн, эмх замбараагүй яриатай, шаардлагагүй мэдээжийн зүйл дээр нуршиж цаг авах, мэтгэлцэгч этгээд рүү дайрч давшилсан энэ байдал нь түүнийг юуны төлөө ингэж үхэн хатан байж ядна вэ гэх асуулт эрхгүй тавихад хүргэж байна. Төрийн хүний алхам бүр нь утга учиртай байх ёстой. Байж байгаа бүхий л байдлаараа ард түмнийхээ төлөө гэсэн хандлага, сэтгэл зүрхээ илэрхийлж байх ёстой. Ард түмнийхээ өмнө бардам дээрэнгүй, сагсуу, мэдлэггүй соёлгүйгээрээ гайхуулсан байдал гаргаж  хэрхэвч болохгүй.

Гудамжны, популист гэх "муу нэрт" Ганбаатар харин өндөр соёлтой байсныг тэмдэглэх хэрэгтэй. Тэрээр зарим газар гэрээ байгуулагчдыг сайшааж байлаа. Тэр мэтгэлцээний туршид ёс зүйн хэм хэмжээг сайтар сахиж байсныг тэмдэглэх нь зүйтэй. Ганц Ганбаатар ч биш олон олон дэвшилт үзэлт Монголын сэхээтнүүд энэ гэрээний талаар дуу хоолой гаргаж ирсэний хүчинд харин ч танагтай болсон байх магадлалтай. Ганбаатарыг бэлтгэл муутай ирсэн байна гэж дүгнэх хүмүүс байна. Үгүй юмаа. Тэр олон жил ярьж ирсэн тэр л асуудлуудаа тэвэрсээр ирж. Түүний хувьд тэдгээр асуултаа асуух л үүрэгтэй. Баярцогт хариулах л үүрэгтэй. Ордоо яаж үнэлсэн юм бэ? гэх асуултад хариу өгсөнгүй. Хүрз, жоотуу, трактораа үнэлээд байхад баялгаа яагаад үнэлэхгүй байгаа юм бэ? Хариул л даа. Хариуд нь үнээгээ саалгахад тэжээл хэрэгтэй, зардал хэрэгтэй тэдгээрийг тэд дааж байгаа гэлээ. Уучлаарай, энэ хариулт хангалттай биш. Өр байгаа, зээл байгаа, хүү байгаа гэсэн мөртлөө энэ байхгүйтэй адил, яагаад гэвэл бид төлөхгүй тэднээр өөрсдөөр нь төлүүлчихэж байгаа гэлээ... Энэ бол гамшиг...

... Юутай ч Монголд анх удаагаа ийм хэлцүүлэг болсон нь том дэвшил юмаа. Хөгжилтэй гэх нийгмүүдэд ийм төрлийн мэдлэгийн мэтгэлцээн, хэлэлцүүлэг цаг ямагт болж байдаг. Тэр утгаараа энэ үйл явдал яах аргагүй дэвшил юм. Оюу Толгойн сэдвээр үргэлжлүүлэн хэлэлцэх шаардлага байгааг энэ удаагийн мэтгэлцээн баталж өглөө.

]]>
contact@tsahimurtuu.mn (Цахим Өртөө Холбоо) Ц.Буянцогтоо Sun, 25 Nov 2012 16:32:13 +0800
Хувьсгал гэдэг нийгмийг эмчлэх багаж https://www.tsahimurtuu.mn/index.php/component/k2/item/2007-хувьсгал-гэдэг-нийгмийг-эмчлэх-багаж https://www.tsahimurtuu.mn/index.php/component/k2/item/2007-хувьсгал-гэдэг-нийгмийг-эмчлэх-багаж

Хувьсгал гэхлээр манайхан халзан толгойтой Ленин багшийг Сүх жанжинтайгаа хамт толгойдоо дүрслээд, олон хүний амь нас хөнөөсөн айхавтар дайн байлдааны тухай санаандаа дүрсэлж “аллергитээд” байдаг шиг. 21 жилийн өмнөх Ардчилсан хувьсгал гэхлээр бас л үймээн шуугиан, өлсгөлөн тэмцэл зарласан үйл явдал болсон. Гэвч хувьсгал гэдэг бидний төсөөллөөс арайхан өөр ойлголт юм байна.

Хувьсгал гэдэг ерөнхийдөө аливаа зүйл нэг төлөвөөс нөгөө төлөвт огцом шилжихийг заасан утгатай үг боловч одоо үед голдуу улстөрийн нэг тогтолцооноос нөгөөд чанарын эрс өөрчлөлт хийж шилжихийг ийн нэрлэж ойлгох болжээ. Эх үг нь Револьюүшн гэх латин гаралтай үг агаад “эргэлт, эргэлт хийж өөрчлөгдөх” гэсэн утгатай. Улстөрийн хувьсгалаас гадна аж үйлдвэрийн хувьсгал, энергийн хувьсгал, электроникийн хувьсгал гээд олон төрлийн хувьсгалыг бидний өнгөрсөн цагийн түүх дамжин иржээ. Орчин үед мэдлэгийн хувьсгал, даяаршлын хувьсгал явагдаж, сүүлдээ энэ хоёр нийлээд даяаршсан мэдлэгийн хувьсгал ид явагдаж байна гэж энэ дэлхийн мэргэд онолдож байна.
 
Улстөрийн хувьсгал жинхэнэ утгаараа явагдвал эдийнзасаг, хууль, соёл, шашин, мэдлэгийн салбар, урлаг, хэл, ёс заншил гээд нийхэм, эдийнзасгийн бүхий л хүрээг хамрах тул Түгээмэл Хувьсгал гэж ерөнхийлөн нэрлэж тэр нь улмаар цааш нарийсч задраад эдийнзасгийн хувьсгал, соёлын хувьсгал, тэр бүү хэл хүний хувьсгал гэх мэт нэр томъёонууд гарч ирсэн байдаг. Капиталист нийгэмд капиталийн эздийн оронд хувьцаат компанийн удирдлагууд давамгайлах үүрэг гүйцэтгэх болсоноор капитализм чанарын хувьд том өөрчлөгдсөн гэх Burnham-ийн “Менежерийн Хувьсгал”-ын онол бол эдийнзасгийн хувьсгалын жишээ. Хятадын коммунистууд ард олныхоо бодол сэтгэлгээнд хувсгал хийхийг (хүний хувьсгал) зорин их бужигнаан өрнүүлсэн нь алдарт Соёлын Их Хувьсгал гэж түүхнээ нэрлэгдсэн үйл явдал. Эдгээр нь өргөн утгаараа Нийгмийн Түгээмэл Хувьсгалын тухайн хувилбарууд.
 
Дэлхийд хамгийн алдартай Түгээмэл Хувьсгал бол 1789 оны Францийн хувьсгал. Мэдлэг, Оюун, Улстөр, Эдийнзасаг, Нийгмийг бүхэлд нь хамарсан маш өргөн хүрээтэй хувьсгал болжээ. Хүн төрөлхтний оюуны хөгжилд томоохон хувь нэмэр оруулснаараа Францийн хувьсгал түүхнээ тов тодоор тэмдэглэгдэн үлдсэн юм. Францийн хувьсгалаас өмнө Англид 1600-аад онуудад хэд хэдэн хувьсгал өрнөсөн байдаг. Цаашилбал Америкийн Тусгаар Тогтнолын Хувьсгал, Оросын хэд хэдэн хувьсгал, Мексикийн хувьсгал, Хятадын хувьсгалууд гээд тоочих юм бол тун урт жагсаалт гарна.
 
Түүхээс харахад өнөөгийн өндөр хөгжилтэй томоохон гүрнүүд хувьсгалыг илүү хиймтгий байдаг нь харагдана. Хувьсгалыг сайн хийснээрээ тэд илүү хөгжөө юү гэмээр. Франц улс гэхэд 4 хувьсгал хийж 5 Бүгд Найрамдах Төрийг байгуулсан гэх мөртөө бас болоогүй удахгүй дахиад ч хувьсгалжихгүй бол болохгүй нь гэцгээж байна. Сүүлийн үед сүрхий хурдтай хөгжиж дэлхийн анхааралд байгаа Өмнөд Солонгос улс харьцангуй богино хугацаанд 5 ч хувьсгал хийгээд амжсан бөгөөд өнөөдөр 6 дахь Репаблик буюу Бүгд Найрамдах Төр нь ажиллаж байна. Ердөө 50-иадхан жилийн дотор дахин дахин хувьсгал хийж 6 төрийн нүүр үзнэ гэхлээр хөгжил цэцэглэлт рүү тэмүүлсэн ямар их эрч хүчтэй үндэстэн бэ гэж Өмнөд Солонгосуудаар бахархах сэтгэл төрнө.
 
Ерөнхийдөө нийгмийн хувьсгалыг тухайн цагийн томоохон бодогч, нийгмийн зүтгэлтнүүд цаад үзэл санааг нь томъёолж хувьсгалыг өрнүүлж тавьсан зорилтоо амжилттай хэрэгжүүлсэн байх нь харагдана. Алдарт Францийн хувьсгалын эцэг хэмээн алдаршсан Жан Жак Рүсо ардчилалын онолын үндсийг анхлан томъёолж гаргаад улмаар хувьсгалын үйл явцыг загварчилсан байна.
 
Монголчуудыг өнгөрсөн зуунд үндсэндээ 3 том хувьсгал хийсэн гэдэг. 1911 оны тусгаар тогтнолын хувьсгал, 1921 оны гадны түрэмгийлэгчдээс салах хувьсгал, тэгээд 90 оны ардчилсан хувьсгал. Эдгээр хувисгалууд нь бүгд гадны хүчин зүйлийн нөлөө хүчтэй байжээ. 11 оны үндэсний эрх чөлөөний хөдөлгөөнд Хятадын дотоод хямрал нөлөөлж, монголын томоохон ноёд гол үйл ажиллагааг удирдан тусгаар тогтнолоо зарлажээ. 21 оны хувисгал нь Октябрийн хувисгалын шууд тусгал байсан юм. Барон Унгерн Монголын нутгаар дамжин зугатаж ирээгүйсэн бол юу болох байсныг хэн ч хэлж мэдэхгүй. 90 оны хувисгал бол социалист дэглэм нуран унаж зүүн европийн соц улсууд бужигнаад эхэлчихсэн хойно тэр давалгаанаар болсон үйл хэрэг. Хамаг ажиллагааг нь шууд удирдаж байсан Москва хайхрахаа болисон учраас л МАХН-ын хүч суларч бууж өгсөн юм. Ингэж ардчилсан хувисгал өрнөсөн.
 
Монголчуудын хувьсгалын түүх үүгээр дуусахгүй. Ардын хувьсгалаас хойшхи жилүүдэд тайван замаар хэдэн хэдэн хувьсгал амжилттай хийснийг тэмдэглэх нь зүйтэй. Соц гэгдсэн он жилүүдэд ард нийтээрээ 100 хувь бичиг үсэгт тайлагдах хөдөлгөөн амжилттай өрнөж Юнеско-гийн тусгай шагнал хүртэв. Соёлын довтолгооныг өрнүүлж иргэншиж соёлжихын эх суурийг амжилттай тавив. Нэгдэлжих хөдөлгөөнийг өргөн далайцтай өрнүүлсэн нь хөдөлмөрийн хуваарилалтыг анхлан бий болгосноороо түүхэн хувьсгалч ач холбогдолтой үйл явдал болжээ. 60 онд үндсэн хуулиа шинэчилж аж үйлдвэржилтийн хувьсгалыг эхлүүлэв. Ийнхүү сөнөхийн ирмэгт байсан үндэстэн хот байгуулж иргэншиж, хөдөлмөрийн хуваарилалтад орж, аж үйлдвэрийг хөгжүүлж эхэлснээр мэдлэг, боловсролын хэрэгцээг бий болгож боловсролын тогтолцоогоо үүсгэж хөгжүүлэв. Үүнийг даган домогийн аман зохиол, шашин, феодализмын нэр томъёоноос өөр үгсийн сангүй байсан монгол хэл орос хэлний нөлөөгөөр шинжлэх ухаан, технологийн нэр томъёогоор арвижсан нь томоохон мэдлэгийн хувьсгал өрнөсөн хэрэг мөн.
 
Тиймээс Монголчууд бид чинь яггүй хувьсгалч ард түмэн. Аргагүй л, найман зууны тэртээд дэлхийн хэргийг шийдэж явсан үндэстэн юм даа. Өнөөгийн Монголын хөгжил дэвшил өнгөрсөн зуунд хийсэн тэр олон хувьсгалуудын үрдүн гэж хэлж болохоор ажээ.
 
Дэлхийн болоод Монголын хувьсгалуудийн түүхийг эргүүлж тойруулан харж байхад хувьсгал гэдэг уул язгуураасаа бол аливаа нийгэмд бугшиж буй болсон идээ бээр, халдварт өвчнийг анагаадаг эмчилгээ ажээ. Хувьсгалыг зөв өрнүүлж хийж чадсан цөөхөн улс үндэстэн л өнөөгийн дэлхий дээр өндөр хөгжилтэй орон болцгоож. Хувьсгалыг өндөр мэдлэгтэй, эрдэмтэй, улс үндэстнийхээ төлөө гэсэн халуун эрмэлзэлтэй, алсын хараатай томоохон бодлоготнууд хийдэг байна. Хөгжилтэй орнуудад өрнөсөн хувьсгалыг судлахад томоохон бодлоготнууд өнөөдрийн манай нийгэмд бий болсонтой ижил олон бузар булай асуудлаас ангижрах арга замыг нарийн тооцоолж, ард нийтээрээ сайн сайхан амьдрах гэрэлт ирээдүйг зохиомжлон гаргадаг байна.
 
Өнгөрсөн 20 жилд бий болсон нийгмийн ялзрал, худалч хулгайч нарт баригдсан төрийн доройтол өнөөгийн биднийг хувьсгал хийж тэрхүү бохир заваан нийгмийн өвчнөөсөө салахыг шаардаж байна. Ардчилалаар замнасан түүхээ эргэн нэг харж юуг алдаж, юуг олсноо цэгнэж, түүхэндээ анх удаагаа гадны нөлөөллийн дор биш, өөрсдийн оюун бодлын хүчээр хувьсгал хийж ирээдүйгээ шийдэх түүхэн боломж иржээ. Гартаа олдсон боломжийг алдалгүйгээр, түүнийг “чулуу болгох” л чухал. Ингэж чадах эсэх нь Монголоо гэсэн халуун сэтгэлтэй, мэдлэгтэй монгол хүмүүсийн оюун бодол, чин зоригоос шууд хамаарна.
 
Нийгэмд Хувьсгал хэрэгтэй болсон энэ цагт Ху нам “хувьсгалтаасаа” татгалзах нь юуны учир вэ гэж эрхгүй бодогдоно. Нийгэмд мэдлэгийн үнэ цэнэ огт үгүй болж, оюуны хоосрол газар авч, авилга—хулгай хавтгайрсанаас баян хоосоны ялгаа ихэсч, хямралт байдал гүнзгийрсээр буйг эрхбиш сэрэлээрээ мэдэрч хувьсгал өрнөж хулгай хийх эрх мэдлээ алдахаас болгоомжлон “ху” үсэг орсон бүх үгийг монгол хэлний үгийн сангаас хасч олны сэтгэлийг засах гэв үү? Тэдний энэ болгоомжлолоос үл хамааран тэгэхээс тэгэх гэсэн мэт хувьсгалын тухай сэдэв олны дунд ам дамжин түгсээр л байх бололтой.
 
Хувьсгал гэдэг нийгмийн халдварт өвчнийг анагаах эм, ондоо үгээр хэлбэл нийгмийг засварлах багаж, бүр тодруулбал хувьсгал гэдэг чинь хулгайч дээрэмчдээс салах арга зам гэлтэй. Гагцхүү түүнийг зөв онол, мэдлэг дээр тулгуурлан зөв замаар хийх нь чухал. Шинэ цагийн шинэ Монголыг бүтээхийн тулд олон түмний оюуныг гэгээрүүлсэн Мэдлэгийн Түгээмэл хувьсгалыг өрнүүлээсэй. Үндэстэн даяараа зөвшилцөлд хүрэх замаар өнөөдрийг хүртэл нийгэмд буй болсон бугшмал өвчнөөс салах цор ганц зам бол гагцхүү хувьсгал ажээ.


Монголын шинэ улстөрд хэн ялах вэ? (III)
Ц.Буянцогтоо
Өнгөрсөн 20 жилийн Монголын “улстөр” бидэнд юу бүтээж, ямар хөгжил авчирсаныг эргэж нэг цэгнэе. “Монголын төрийг 40 жил удирдсан Юмжаагийн Цэдэнбалын сууж ч үзээгүй унааг өнөөдөр би эдэлж байна” хэмээн “ная” гэж нэрийдсэн хуучин япон жийп авсандаа хөөр болон өгүүлэх хөдөөх эрийн энэ үг Монгол улс өнгөрсөн 20 жилд али хэр өөрчлөгдөж “хөгжсөний” нэгэн гэрч гэлтэй.

Тиймээ, энэ 20 жилд Монгол хүний толгой дээр наран жаргахаа болиж, дэлхийн бөмбөрцгийн али л өөдтэй, хөгжилтэй газар Монгол хөвүүд, охид сурч, ажиллаж, эрдмийг ч, бас эд агуурсыг ч өвөрлөн эх нутагтаа ирэх болов. Хорин жилийн ихэнхэд гадаадын зээл тусламжаар амиа зогоож, гал алдчихалгүйхэн явж ирсэн Монгол улс энүүхэн хэдэн жилийн өмнөөс чухамхүү “Гэнэт баяжихын үлгэр” гэгч нь болж улстөрчид тэн тэнгээр мөнгө амлаж, тэрэг тэргээр алт, зэсийг нүүрстэй хамт зүүдэлцгээх болов. Хөгжлийн банк гэгчийг байгуулж мөнгийг чухам хурын ус адил асгаруулах юм байх. Энэ бүхэн яах аргагүй “хөгжсөний” гэрч мөн бизээ.
Гэвч..., үнэхээр бид хөгжсөн юм гэж үү, үнэхээр Монголын ард түмэн өөдлөх, дэвжих замдаа орж чадсан уу?? Би үүнд эргэлзэж байна. Эргэлзэнэ гэдэг бүхнийг үгүйсгэх гэсэн үг мэдээж биш. Монголтой харицуулахад жинхэнэ баян орон, хөгжилтэй орон гэгдэж ирсэн Арабын орнуудыг харая. Тэдэнд бидний хөгжил гэж ойлгодог материаллаг зүйлс бүгд бий. Гэтэл өнөөдөр тэд алаан хядаандаа тулжээ. Буруу замаар будаа тээвэл буцахдаа ямар болохын үлгэрийг тэднээс харж болох мэт. Өнөөдөрийн Монголын нийгэм, улстөрийн бодлого зөв чиглэлд явж байгаа эсэхэд эргэлзэж, эрэгцүүлж сайтар бодохыг орчин цаг, түүх биднээс шаардаж байна.

Олон зүйл эс нуршин энэ 20 жилийн явдлыг шуудхан дүгнэж хэлэхэд “бүсэлхийнээс доодхоороо толгой хийж, үнэт зүйлсээ уландаа гишгэсэн, мэдлэгийг, эрдмийг, боловсролыг үзэн ядаж хулгай дээрмийг хөхүүлэн хөөрөгдсөн он жилүүд” байлаа. Хэдийгээр жийп машины тоо олширч, малын тоо өссөн ч хөгжил дэвшлийг баталгаажуулж, олон нийтэд ирээдүйд итгэх итгэл, хүсэл тэмүүлэл бэлэглэхүйц хүмүүний нийгмийг бүтээсэнгүй. Авилга-хулгайд идэгдсэн Засаглал нь цөөнхийн төлөө үйлчилдэг тогтолцоо болон хэвшиж, тэр ни эдийнзасгийн бодот өсөлтийг боомилдог газрын баялгийн үйлдвэрлэлийг магтан дуулж буй энэ цагт ирээдүйн тухай эерэг төсөөлөл үүсэхийн аргагүй.

14 тэрбум төгрөг банкнаас зулбуулсан Хүрэлсүхийн хамсаатан, нам дагасан луйварчин хэдхэн жилийн ял аван “шоронд амрахаар” явж одох, 100 сая ногоон завшиж талыг нь намдаа өргөсөн гэх Баатар нэртийн хэрэг тэгсгээд замхрах, зомби өвчтөн зохиож ЭМД-ийн даатгалаас олон зуун сая төгрөг хусч сонгуулидаа ашигладаг улстөрчдийн хэрэг, иргэний паспорт хуурамчаар үйлдэж, зохиомол хүнийг дуртай үедээ бүтээж сонгуулид өөрсдийн төлөө санал өгүүлдэг, мөнгөтэй л бол намд орж али нэг тойрогийг сонгогчдын саналтай нь хамт худалдан аваад Их Хуралд орж сууна. Энэ мэтээр эцэсгүй үргэлжлэх нийгмийн шинжтэй авилга, хулгай, луйврын хэргийг жагсаан бичихэд сонины талбай хүрэхгүй.

200 мянган хүн эх орноосоо дүрвэн харид одон хар ажил хийн амидарч байна. 50 мянган хүн маш хортой нөхцөлд ажиллаж амидарч байна. Залуу үе амидрахын эрхээр гадаадад дүрвэхийг мөрөөдлөө болгоно. Охид бүсгүйчүүл ни гадаад хүнтэй суухыг илүүд үзнэ. Авилгад идэгдсэн ялзарсан төр ни шашныг тэнгэрт тултал хөгжүүлэн дэлгэрүүлнэ.

Үйлдсэн гэмт хэрэг, хулгай дээрмээ “чадаж байгаа юманд арга байхгүй” гэх ялзарсан зарчмаар тайлбарлана. Хэдийгээр өнгөрсөн зуунд ноёлсон гажуудсан социализмийн үед хүн зоны чөлөөтэй бодох сэтгэхийг хязгаарлаж, хүний зөвтүүдийг гажуудуулж байсан ч нийгэмд бүтээж бий болгосон зүйлс чамлахааргүй олон байж, олон түмний амидралын баталгааг хангаж байжээ. Харин тэр бүхнийг өнгөрсөн 20 жилд хулгайлж, хувааж идэн устгасаныг зөвтгөн тайлбарлах онол олдохгүй. Гажуудсан социализмын үеийн Засаг захиргааныхан идэж ууж, тусгай хангамж эдэлж байсан гэгдэн буруутгагдаж байсан ч тэр бол энэ цагийн луйварчдын зулбуулсантай харицуулашгүй өчүүхэн юм байж. Чадаж байгаа юманд арга байхгүй гэж хулгай хийж чадсанаа зөвтгөж буй ни “чаддаг юм бол над шиг хулгай хийгээч” хэмээн олон түмэнд уриалж буйтай ижил юм. Хийсэн гэмт хэргээ замхруулахын тулд эрх баригчид нийгэмийг бүхэлд ни хулгайч, гэмт хэргийн сэтгэлзүйтэй болгох гэсэн далд санаархал ни тэр. Энэ үзэгдэл ч угаасаа авилгач, хулгайчдын сэтгэлзүйн онолоор тайлбарлагдана.

Шил шилээ дарсан бузрын бузар хэргүүд тасралгүй үргэлжилж, цаг ирэх тусам гэмт хэрэгтнүүд ни улам өнгө орон гялалзах ийм нийгэмд шударгаар ажиллаж хөдөлмөрлөх, сайн сайхныг зорин тэмүүлж амьдрах итгэл үнэмшил эгэл хүмүүсийн оюунд бий болохын учир огтхон ч үгүй. Гадаад оронд явж боловсрол эзэмшээд улс орноо хөгжүүлэх оргилуун хүсэл тээн ирэх залуус монголын энэ бузар үнэлэмжтэй дасан зохицох гэж хэрэндээ таарсан зовлонг эдэлнэ. Гадаад явж муу юм сурсанууд нь ч яахав, аргаа олоод нам даган амиа зогооно. Өндөр мэдлэг чадвартай байх тусам орох газар тэдэнд эс олдоно. Мэдлэгийн болон боловсролын салбарт ажиллагчдыг “эмзэг бүлгийнхэн” болгоод рангалчихсан, нүдний булангаар ч тоож үл харна. Боловсролыг англи хэлний анхан шат, компьютерийн операторын хэмжээнд дүрсэлнэ.

Бүх төвшний албан тушаал улстөржиж нам дагасан л байвал ямар ч нохой хамаагүй авчраад тавьчихна. Ядахдаа ёс суртахуунтай хоточ банхарыг биш, гэрийнхээ хаяагаар толгойгоо шургуулан өнгөтэй өөдтэйг ни шууж орхидог, ямар цусных нь үл мэдэгдэх хурлийз нохдын адил ялзарсан сурталтай “далдаганууруудыг” авчраад мэргэжил боловсрол үл хэрэгсэн албан тушаал болгон дээр хуваарилчихна. Ёс суртахуунгүй “далдагануураар” даргалуулсан ямар ч боловсролтой, эрүүл тархитай хүн төрийн байгууллагад үр бүтээлтэй ажиллахын аргагүйд хүрнэ. Тийнхүү ялзарсан Төр энэ нийгмийн гол үнэлэмжийг бүтээж олон нийтийн оюун бодлыг бузартуулж байна. Энэ л ялзарсан Төр гэгч ни улс нийгэмийг бүхэлд ни хамарсан авилга—хулгай, гэмт хэргийн сэтгэлзүйг улам бүр урамшуулан дэлгэрүүлсээр байна. Авилгатай тэмцэх талаар ганц удаа ч олигтой юм хийхгүй, хийхлээрээ олон улсын байгууллагынхны шахалтаар байгуулсан Авилгатай тэмцэх газартайгаа тэмцэнэ.

Ардчилал, захзээл, газар доорх баялаг... энэ бүхэн биднийг сайн сайхан амьдруулах хангалттай нөхцөл болохгүй. Монголд бий болсон мөнгөний “ардчилалыг” Ардчилал гэхгүй. Улсын мөнгө хулгайлж чадсан цөөхөн хулгайч нар ни захзээл дэээр дангаар ноёрхлоо тогтоосон ийм улсыг капитализмийг хөгжүүлж байна гэж хэлэхгүй. Газрын баялгаа олборлохоосоо өмнө олох мөнгөө тооцоолоод бэлнээр тараагаад эхэлчихсэн. Газрын баялгийн салбар болоод бусад салбарынх ни хооронд тэмээ ямаа мэт цалингийн ялгаа үүсчихсэн. Нийгэм дэхь үнэлэмжийн тогтолцооны өөдөө хардаг ни уруугаа харчихсан. Өнөөгийн Монголын нийгэм бүхэлдээ хулгайчид ба эгэл хүмүүс гэсэн ялгаварт нийгэм болжээ. Ийм нийгэмд хөгжил ирэх үү? Ийм нийгэмд амгалан амьдрал ирэх үү? Мэдлэгийг уландаа гишгэсэн улстөр, наад захын этикгүй улстөрчидтэй, ялзарсан үнэлэмжийг зохиож үйлдвэрлэж байдаг Төртэй улс сайн сайханыг цогцлоож чадах уу? Дээр доргүй хулгайчийн сэтгэлгээтэй болсон энэ нийгэмд хөгжил гэж байна гэвэл тэр ни энэ монгол үндэстнийг бүхэлд ни “хулгайч үндэстэн” болгох тийм л “хөгжил” байна.

Худал, хулгайн үүр болсон төрийг сайн үйл бүтээнэ гэж хүлээвэл горидсоны гарз болно. Худалч луйварчид хулгайч төрийг засахгүй. Монголдоо хайртай, мэдлэгтэй, өөртөө итгэлтэй, эрхэмсэг хүмүүс хулгайч төрийг засна.

Ц.Буянцогтоо

]]>
contact@tsahimurtuu.mn (Цахим Өртөө Холбоо) Ц.Буянцогтоо Tue, 08 Jan 2013 19:57:40 +0800