Б.Найдалаа https://www.tsahimurtuu.mn Tue, 17 Jul 2018 21:24:02 +0800 Joomla! - Open Source Content Management mn-mn Хадгаламжийн даатгал санхүүгийн системийг бэхжүүлэх үү? https://www.tsahimurtuu.mn/index.php/component/k2/item/1989-archive-1989 https://www.tsahimurtuu.mn/index.php/component/k2/item/1989-archive-1989

 

Хадгаламжийн даатгалтай холбоотой төрж буй зарим бодол, саналаа товч тэмдэглэл маягаар буулгалаа. Энэ бичвэр тухайлсан судалгааны ажил, эсвэл тогтолцоог тэр чигээр нь шүүж, асуудлыг томоор авч, базаж дүгнэх зорилготой тулхтай ажил, нийтлэл биш гэдгийг ойлгохыг хүсье. Хуулийн заалт, тогтолцооны бүтэцтэй холбоотой зүйлс руу хутгалдсангүй, ерөнхий бөгөөд товч бодлоо бичив. Ажиглахад, хадгаламжийн даатгалын тогтолцооны талаар олон жил ярьж буй боловч мэргжилтнүүд, хууль тогтоогчид, санхүү банкныхан, улс төрчид болон бусад нийгмийн оролцогчид хадгаламжийн даатгалын талаар мэдээлэл муутай, буруу зөв хүлээлт, төсөөлөлтэй байгаа нь мэдэгдэж байна. Энэ асуудлаар зөвхөн хуулийн төсөл боловсруулахад оролцсон мэргэжилтнүүд, хуульчдаас гадна бусад олонлогууд нээлттэй ярилцаж, хэлэлцэх нь тогтолцоог амжилттай хэрэгжүүлэхэд тустай байх болно.

Дэлхий дээр 100 гаруй улс аль хэдийн иргэдийн хадгаламжаа даатгадаг бөгөөд ийм даатгалын тогтолцоотой болохоор 30 гаруй орон ид ажиллаж байгаа ажээ.

Эндээс үзэхэд, дэлхийн улсууд, тэр дундаа хөгжиж буй, санхүүгийн систем нь бүрэн цэгцэрч хөгжсөн эсэхээс үл хамааран олонхи нь хадгаламжийн даатгалын тогтолцоонд аль хэдийн шилжсэн, эсвэл нэвтрүүлэхээр зорьж буй нь нэгэнт тодорхой болж байна. Энэ бол бодитой өрнөж буй хандлага юм. Гэхдээ улс орнууд энэ тогтолцоог шуурхайлан нэвтрүүлж буй үндсэн шалтгаан юу? Хадгаламжийн даатгалын тогтолцоо үнэхээр санхүүгийн системийн тогтвортой байдалд бодитой хувь нэмэр болж, хөгжлийг түргэтгэдэг үү? Энэ тогтолцоо үнэхээр шаардлагатай зүйл үү, эсвэл дэлхий нийтийн моод, жишиг үү? Эдийн засгийн хөшүүрэг, хэрэгсэл үү, эсвэл зүгээр улс төрийн тоглоомын зэмсэг, хамгаалалт уу?

Аливаа даатгалын тогтолцоо нь эрсдэлийг бууруулах, эрсдэл хүлээгчдэд хуваан үүрүүлэх, нийтийн буюу системийн хоосрол, хямралыг хохирол багатай даван туулахад зориулалттай байдаг. Хадгаламжийн даатгалын тогтолцооны үүрэг ч мөн адил, иргэдийн хадгаламжийг банк дампуурах эрсдэлээс хамгаалах, нэг банкны хямрал нөгөөд халдахгүй байхаас хамгаалах үндсэн зорилготой. Гэхдээ энд нэг том зарчмын ялгаа байгаа нь даатгалын хураамж, эрсдэлийг хамгаалуулж буй хадгаламж эзэмшигчид биш, харин мөнгийг хадгалж буй банкууд хуваан үүрч, дээр нь төр эрсдэлийг нь давхар даатгаж байгаад юм.

Ямар ч байсан Монгол Улс хадгаламжийн даатгалын тогтолцоотой болохоор бараг 10-аад жил судалж, ярилцаж, зангасны эцэст хуулийн төслийг батлахаар УИХ одоо ид хэлэлцэж байна. Энэ хуулийн төсөлд зааснаар нийт хадгаламж эзэмшигч иргэдийн хадгаламжийг албан даатгалд хамруулж, даатгалын шимтгэлийг банкууд тусгай санд төвлөрүүлэх юм. Гэхдээ банк дампуурч асуудал үүслээ гэхэд 20 сая хүртэлх төгрөгийн хохирлыг л нөхөн олгоно. Монгол улс шиг хүн амын орлогын ялгаа нэмэгдэж байгаа, хадгаламжийн төвлөрөл ихтэй газар 20 сая хүртэл төгрөг гэдэг нь нийт хадгаламж эзэмшигчдийн бараг 99 хувь болж таарч байгаа юм.

2008 оны хямралын үед баталсан бүх хадгаламжид төр баталгаа гаргах тогтолцоо нь хамрах хүрээ, хямралын эсрэг үйлчлэх нөлөөний хувьд хамгийн сайн гэж болохоор. Гэвч энэ арга бол зөвхөн онцгой нөхцөлд л түр хэрэглэх зүйл бөгөөд үнэхээр хямрал болсон тохиолдолд төр 100 хувь хариуцах учир улсын төсөвт ачаалал үүсгэх эрсдэлтэйгээс гадна арилжааны банкуудад ч илүү өртөг зардалтай тусахаар байгаа юм. Иймээс, одоо нэвтрүүлж буй даатгалын тогтолцоо харьцангуй бага шимтгэлээр хадгаламж эзэмшигчдийн ихэнхийг даатгаж, хамгийн гол нь эрсдэлийг төр бүтэн даах биш банкуудад хуваан үүрүүлснээр хямралыг төрөөс хамааралгүйгээр банкны систем өөрөө даван туулах санхүүгийн дотоод чадавхийг нэмэгдүүлнэ.

Тодотгоход, хадгаламжийн даатгалын тогтолцоо нэвтэрснээр төр засаг, арилжааны банкууд, хадгаламж эзэмшигчдийн дунд бүрхэг байдалтай байгаа үүрэг хариуцлага тодорхой болж, эрсдэлээ хэрхэн хуваах нь ил болж байна. Үүнээс хойш хямрал болж банк дампуурсан тохиолдолд буруу зөв үндэслэлээр жагсаж, төрөөс дураар мөнгө, хариуцлага нэхдэг болхи тогтолцоог халах нь энэ шинэ хуулийн хамгийн ололттой, дэвшилттэй зорилт болно.

Гэвч, нөгөө талаас нь бодож үзвэл, хадгаламжийн даатгалын хуулийг баталж, тогтолцоог нэвтрүүлснээр Монголын санхүүгийн системд ямар нөлөө үзүүлж болох талаар дараах хэдэн тээнэгэлзэл байна.

Хадгаламжийн даатгал банкны хямралаас хамгаалж чадах эсэх .Хадгаламж эзэмшигчдийн 99 хувь даатгалд хамрагдахаар байгаа боловч хадгаламж эзэмшигчдийн 1 хүрэхгүй хувь хадгаламжийн дийлэнхийг эзэмшиж байна. Тэдний хөрөнгө банкны эх үүсвэрт чухал нөлөөтэй хэвээр хэрнээ дийлэнхи нь даатгалд хамрагдахгүй юм. Иймд, хямралт нөхцөл үүслээ гэхэд банкны системийн эх үүсвэрийн тогтвортой байдалд даатгалын хууль жинтэй эерэг нөлөө үзүүлж, банкны хямралаас хамгаалж чадахгүй гэсэн үг. Тэгэхээр, хадгаламжийн даатгалын тогтолцоо нь санхүүгийн системийг гэхээсээ илүү хадгаламж эзэмшигчдийг, тэр дундаа онцгойлвол жижиг хадгаламж эзэмшигчдийг л хамгаалах зорилготой юм. Яахав, даатгал нэг банкны хямрал нөгөөд халдварлахаас сэргийлнэ гэсэн үндсэн нэг зорилготой боловч цөөн хэдэн банкинд хадгаламж төвлөрсөн, хүн ам нэг газар бөөгнөсөн, харьцангуй жижиг зах зээлийн хувьд энэ “өрсөн даалуу”-ны нөлөөний аюул харьцангуй бага билээ.

Хадгаламжийн даатгал зах зээлийн эрсдэлийн мэдрэмжийг үгүй хийнэ. Хадгаламж эзэмшигчдийн 99 хувьд хаана мөнгөө хадгалуулах, банк сайн муу байх нь огтхон ч сонин биш болох нь. Ард иргэдийн амгалан тайван байдлыг хангасан сайхан тогтолцоо мэт боловч энэ маш осолтой нөхцөл юм. Ялангуяа зах зээлийн ямар ч суурь хөгжилгүй, төвлөрсөн төлөвлөгөөт сэтгэхүй бат суусан манайх шиг нийгэмд энэ санаснаас ч илүү хортой байж болно.

Зах зээлийн үндсэн зарчим бол эрсдэлээ мэдэрч бие даан шийдвэр гаргах юм. Хялбар илэрхийлбэл, ашгийн төлөө улангассан хүслийг эрсдэл гэдэг зүйл хязгаарлаж, эрүүл шийдвэр гаргуулдаг. Тэгэхээр эрсдэл, айдас, болгоомжлол үгүй болвол иргэд хадгаламжаа аль өндөр хүү амласан, эсвэл аль гоё сурталчилгаатай, аль гэрийн ойр банкийг сонгож эхлэнэ гэсэн үг. Ийм хандлага, үзэгдэл санхүүгийн салбарыг бэхжүүлэхэд нэмэр болох уу, нэрмээс болох уу?

Нөгөө талаас бодоход, сүүлийн үед түгээмэл болоод буй бүхий л зүйлийг төрөөс нэхэж, жагсаж байгаад ч хамаагүй салгадаг, хувийн, бие даасан, хариуцлага сул сэтгэхүйг өөрчлөх биш бүр өөгшүүлэх нь нийгмийн хөгжилд зөв зүйл эсэх нь эргэлзээтэй.

Хадгаламжийн даатгал банкуудын хөгжилд түлхэц болох уу, түгжээ болох уу? Хадгаламжийн даатгалын тогтолцоо нь менежмент муу банк ба менежмент сайн банкны ялгааг үгүйсгэж байгаа нь салбарын хөгжилд хүсээд байх зүйл огт биш юм. Ингэснээр банкууд эрсдэлээ удирдах сонирхол, хөшүүргийг саармагжуулж, унтаа байдалд оруулж болох тул эргээд нийт салбарын эрсдэл даах чадварыг нийтээр нь аажим бууруулдаг байна. Яг ийм үндэслэл, болгоомжлолоор зарим улс, тухайлбал Шинэ Зеланд, Австрали улсууд хадгаламжийн даатгалын тогтолцоог нэвтрүүлээгүй харзнаж байгаа ажээ.

Мөн зарим судалгаагаар хадгаламжийн даатгалын тогтолцоо нь санхүүгийн системийг хямралаас сэргийлэх биш, харин бүр эсрэгээр хямралыг даллан дууддаг гэсэн дүгнэлт гарсан байна. Эндээс үзэхэд, хадгаламжийн даатгалын тогтолцоо гэдэг зүйл ямар ч эргэлзээ, тээнэгэлзэлгүйгээр хуулж авч хэрэглэх зүйл биш. Хадгаламжийн даатгалын хуулийг шуурхай батлан, тогтолцоог нэвтрүүлснээр санхүүгийн системийн хөгжил нэг шатаар ахиж, хөгжиж байна гэж бардамнахаар юм бүр биш гэдгийг анхаарах хэрэгтэй.

Нийгмийн эрсдэлийг бизнесийнхэнд үүрүүлэх цаг мөн үү? Хадгаламжийн даатгалын тогтолцоог нэвтрүүлснээр хямралаас үүсэх хохирлыг төр засаг 100 хувь даалгүйгээр, хувийн хэвшил, банкуудад хувааж үүрүүлж буй хэрэг билээ. Ингэснээр мэдээж улсын төсвийн ачаалал буурч, хямралыг даван туулахад гарах үл ойлголцол, хүлээлтийн зөрүүг багасгаж, хүндрэлийг багасгах болно. Гэхдээ ингэж төр засаг яаран өөрийн ачаагаа бүрэн бэхжээгүй, тэртэй тэргүй эрсдэлт орчинд үйл ажиллагаа явуулж буй хувийн хэвшил, бизнес, банкуудад үүрүүлэх нь цагаа олсон шийдэл эсэх нь эргэлзээтэй. Бизнесийн бүтээгдэхүүний шууд өртгийг нэмж, шударга өрсөлдөөнийг хумиж, нөгөө улигт асуудал болох зээлийн хүүг буруулахад бас нэгэн дарамт болох биш бишүү гэсэн эргэлзээ байна.

Хадгаламжийн даатгал бол бэлэн мөнгө тараахтай логикийн хувьд ойролцоо, яг бас биш ч бас л нэг төрлийн нийгмийн халамжийн хэлбэр юм. Иймд, чөлөөт нийгэмд иргэд, байгууллага бүгд ижил үүрээд явж байх ёстой эрсдэлийг бизнесийн байгууллагуудад тэгшитгэж хуваарилаад, нэмээд үүрүүлэх нь зөв эсэх нь асуулт юм.

Ямартаа ч Монгол Улс банкин дах хадгаламжаа даатгадаг тогтолцоог нэвтрүүлэх нь тодорхой бөгөөд дээр дурдсан байж болох сөрөг талыг давуу талууд нь даван гарах байх гэж найдаж байна. Одоо анхаарах нэг зүйл бол энэ хуулийн зарим бүрхэг заалтыг тодруулж, хэрэгжүүлэх талуудад маргаангүй, хялбар байхаар няхуур батлах, мөн мэдээлэл, сурталчилгааг сайн хийх нь маш чухал юм. Зарим орны туршлагаас үзвэл хадгаламжийн хязгаарлагдмал даатгалын тогтолцоотой хэдий ч яг хямралт нөхцөл нүүрлэсэн үед даатгасан даатгаагүй бүгдийг нөхөн олгохоос аргагүй байдал үүсэх, эсвэл яаралтай даатгах хэмжээг нэмэгдүүлэх, бүр 100 хувь даатгахаар хуульд өөрслөлт оруулах гэх мэт нөхцөл үүсч байжээ. Ийм нөхцөлд орчихгүйн тулд иргэдэд даатгалын мөн чанар, хамрах хүрээг зөв ойлгуулж, хүлээх эрсдэл, хариуцлагыг анхнаас нь ухааруулах нь чухал юм.

Б.Найдалаа

2012-12-14

 

Эх сурвалжийг дурьдан өөр газар байрлуулж, түгээхэд нээлттэй болно.

]]>
tugsuu1218@gmail.com (Admin) Б.Найдалаа Mon, 17 Dec 2012 12:39:38 +0800
Мэтгэлцээнийг холоос дурандвал.. https://www.tsahimurtuu.mn/index.php/component/k2/item/1969-мэтгэлцээнийг-холоос-дурандвал https://www.tsahimurtuu.mn/index.php/component/k2/item/1969-мэтгэлцээнийг-холоос-дурандвал

С.Ганбаатар,С.Баярцогт гишүүдийн мэтгэлцээн монголын улс төр, нийгэмд урьд өмнө болж байгаагүй ач холбогдолтой, асар их мэдээллийг өгсөн, олон түвшинд, олон талаар маш олон гаргалгаа, дүгнэлт, нотолгоо хийж болохоор мөлжүүртэй, нийгмийн өнгийг тодорхойлох судалгааны обьект болохоор сайхан үйл явдал боллоо. 

Энэ мэтгэлцээнээс маш олон дүгнэлт гаргалгаа хийж болохоор байна. Зарим нь хувь хүмүүсийн мэтгэлцээнд бэлдсэн байдал, сонгосон тактикийг шинжилж, хувь хүмүүсийн мэдлэгийн түвшин, хандлагыг харьцуулж дүгнэсэн байна. Сонирхолтой.

Баярцогт гишүүн үнэхээр сайн бэлджээ. Мэдээлэл сайтай, ажлыг хариуцаж нугалсан тул биет туршлагатай, бас дээр нь сайн баг ард нь ажилласан нь илт байна. Харин сонгосон тактик нь Ганбаатар гишүүний төлөөлөөд байгаа нийгмийн хэсэг рүү биш, хувь хүн рүү чиглэсэн нь улс төрчийн хувьд буруу сонголт болсон гэдэг нь нийгэмд үүсээд буй хариу үйлдлээс харагдаж байна. Өнөө үед түгээмэл болоод буй сайн мэдэхгүй байж мэдэмхийрдэг, асуудал бүр рүү үсчиж байдаг нөхдийг дараад өгөх юмсан гэсэн далд хүсэл бага сага юм гадарладаг хүн болгоны дотор үргэлж байдаг мэдрэмж. Баярцогт гишүүн мэтгэлцээнийг яг ийм хандлагаар хүлээн авч, үндсэн бэлтгэлээ базааж, өрөлтөө авсан бололтой. Хувь хүний түвшинд бол үнэхээр зөв тактик, амжилттай хэрэгжүүллээ, өрсөлдөгчөө "цохиж унагалаа". Харин энэ байрлалаа мэтгэлцээний турш үргэлжлүүлж, хувь хүн рүү довтолж байсан нь улиг тал руу хэлбийж, эхэндээ тэр довтолгооноос таашаал авч, сайшааж байсан хүмүүс хүртэл төвөгшөөж эхэлсэн нь мэдрэгдэж байв. Энэ л Баярцогт гишүүний алдаа болов уу.   

Ганбаатар гишүүн олигтой бэлдсэнгүй, эсвэл бэлдээд байх юм байсангүй юу, бэлдээд бэлдээд ч тэрүү, ярьдаг юмаа л ярьж байсан нь мэтгэлцээнийг агуулгын, мэтгэлцээн гэсэн жанрынх нь хувьд онцын сонирхолгүй болгож, Баярцогт гишүүний лекц болгож орхив. Ууг нь төгс гайхамшигтай гэрээ гэж байх боломжгүй, өчнөөн асуудал байгаа, нээж, гаргаж тавьж болно. Ганбаатар гишүүн хэлсэндээ ар болж, сайн бэлдэж, өөрөө биш гэхэд бусад мэдлэг, мэдээлэлтэй байж болох судлаачид, төлөөллийг өөртөө татаж, татан оруулж, цэгцтэй, үнэхээр асуудлын шийдлийг эрэлхийлсэн, хоосон шүүмж биш алтернатив хувилбар байдлаар бэлдсэн бол жинхэнэ мэтгэлцээн болох байлаа. Мэтгэлцээнд дуудсан, тэр байтугай шавдуулаад хэвлэлээр шуугиулаад байсан УИХ-ын гишүүн хүн яагаад ийм бэлтгэлгүй, асуудлыг өнгөцхөн харж, үгийн үзүүрээр болчих мэт сууж байгаа нь олон хүнд, ялангуяа бодитой судалгаа, нотолгоо мэдээлэл горьдож байсан боловсролтой хэсэгт ойлгомжгүй байж, гишүүнд үл итгэх байр суурийг бэхжүүлсэн болов уу. Баярцогт гишүүний адил Ганбаатар гишүүн өөрийгөө төв болгон харж, хувь хүний мэтгэлцээнд бэлджээ. 

Энэ бол зөвхөн рингэн дээр мэтгэгчдийг үзээд хийх шууд тусгал дүгнэлт. Харин үүнээс гадна, дурангаа холдуулаад, фокусыг нь бүүдийлгээд үзвэл энэ мэтгэлцээнээс өнөөгийн Монголын нийгэм, улс төрийн өнгө аяс, тогтсон хэвшлийг тодхон уншиж болохоор байгаа нь бүр сонирхолтой. Холтгож, бүүдийлгэсэн дуранд бол Баярцогт гишүүн өнөөгийн засаг, төрийг төлөөлж болохоор, харин Ганбаатар гишүүн олон нийтийг төлөөлөхөөр дүр зураг харагдаж байна.

Төр засаг асар их мэдээлэлтэй, олон мянган хувьсагчтай хөгжүүлсэн бэлэн загвартай, үзэглэсэн гэрээтэй. Хийсэн юмандаа итгэлтэй, хамгаалахад бэлэн. Цаашид ч олон олон асуудлыг шил дараалан шийдэж, гэрээ байгуулж, үнээний ферм үүсгэж, ард түмнээ жаргаах, улс орноо хөгжүүлэх алсын төлөвлөгөөтэй, өөртөө итгэлтэй. Үг дуу цөөтэй, бүрэг, хаалттай, хааяа нээгдэхээрээ ууртай, дээрэнгүй, түрэмгий. Тэд олуулаа, бараг олон нийтээс "олуулаа", бас ордонд суудаг. Өөрсдийгөө хамгийн шилдгүүд гэж үнэмшдэг, аливаа асуудал, шийдэл дээр хувийн хэвшлийн "capacity" буюу чадавхи хүрэлцэхгүй гэж сүүлийн 20-д жил бодож, үнэмшсээр яваа. Улс орноо өөд татах, ард түмнээ жаргаах гэсээрорчин нөхцөл өөр болж байгааг ойлгох сөгөөгүй яваа. Байгаа бүх юмаа сайнтай муутай нь нуусаар байгаад бүр зуршил заншил болчихсон.

Олон нийт нь мэдээлэлгүй, мэдлэггүй, олон мянган хувьсагчтай загвар байтугай эксэл хүснэгт бараг ашигладаггүй, ялгадаггүй. Сургаар сонсож, таамгаар дугардаг. Нэг их судалж, нотлохыг боддоггүй, хүсдэггүй, өөрөө хийдэггүй хэрнээ шүүмжилдэг, ханардаг, ямар мэдээлэл хаанаас аваад, яаж ашиглаж, эрхээ хэрхэн хамгаалахаа сайн мэддэггүй. Гэнэн, гомдомхой, стресстэй, тэрийгээ яаж тайлахаа ойлгодоггүй, төр засагтаа хялбархан мад тавиулчихдаг. Төр засгийг төрүүлсэн “аав, ээжээ” гэж үзнэ, эрх танхи, гуймтгай хэрнээ голомтгой. Мөрөөдөл ихтэй, санаа арвин ч овилго муу, дотоод зөрчилтэй зүйл их хүсдэг. Өдөр тутмын асуудал, амьдрал, ажил бизнесдээ дарагдаад судлах, мэдэх сөгөөгүй. Чанга дуутай ч өрсөлдөх чадвар үнэндээ сулхан.

Энэ хоёрын хооронд нүдэнд харагдахгүй ч хамгийн их мэдээлэлтэй, туршлагатай, алсын хараатай, тов тодорхой зорилго, төлөвлөгөөтэй гадаадын төр, бизнес, хөрөнгө оруулагчдын эрх ашиг баттай байгаа. Тэд нүдэнд харагдахгүй ч хэнийх нь ч биед хувилаад, ямар ч байр суурь илэрхийлүүлж, үйл явдлын өрнөлийг, бидний жишээн дээр бол мэтгэлцээнийг хүссэнээрээ хөгжөөх боломж, цоорхой бас бий. Хамгийн гол нь дээрх хоёр төлөөлөл маань мэдээлэл илт зөрүүтэй, мэдлэг хомс, харилцан итгэлцэл сул, хамтран ажиллах сэтгэл бага, биесээсээ л илүү гарах амиа хоохойлсон өчүүхэн үзэлтэй байвал гуравдагч этгээдэд ашигтай, амттай, хялбар өгөөш болох билээ.

Нэг иймэрхүү дүр зургийг мэтгэлцээний өнгө аяс, өрнөсөн байдал тодотгон илтгээд байгаа бус уу? Энд оролцогч гишүүдийг тодорхойлж байгаа юм биш, тэднээр дамжуулан төр ба олон нийтийг гэнэт олж хараад байгаа ч юм биш, харин өнөөгийн манай төр ба олон нийтийн хоорондын харилцаа, байгаа бодит байдал энэ хоёр гишүүний мэтгэлцээн дээр давхар харагдаж, нотлогдож байгааг л өгүүлж буй юм шүү. Өөрөөр хэлбэл, Монголд төр ба олон нийт хоорондоо алд дэлэм зайтай, бие биедээ мэдээлэл өгч авч, итгэлцэж, харилцан үр ашигтай, нийтийн асуудлын шийдэл, хөгжлийн төлөө хамтран ажиллах орчин, соёл үнэхээр болхи байна. Ардчиллын үндсэн зарчмууд бүрэлдэж, нийгэмд суугаагүй л байна гэсэн үг.

Иймэрхүү соёл, дүр зураг ноёлсоор байгаа нөхцөлд мэтгэлцээн энэ хоёр төлөөллийн хувьд хэзээ ч сонирхолтой болохгүй, өөрөөр хэлбэл жинхэнэ мэтгэлцээн гарахгүй. Мэдээж, хэн нь ч ялахгүй, гуравдагч этгээд ялсаар, эсвэл ялах орон зайг тэдэнд бэлэглэсээр байх болно.

Тэгэхээр, хялбархан илэрхийлвэл, төр нь өөрт буй мэдээллээс олон нийттэй цэгцтэй хуваалцдаг, олон нийтийг, мэргэжилтнүүдийг үнэн сэтгэлээсээ хүндэлдэг, ойшоодог соёл бүрдүүлэхийг хүчээр ч хамаагүй түргэвчлэх хэрэгтэй байна. Олон нийт мэдээллээ ашиглаж, бодитой дүгнэлт, гаргалгаа хийж, дуу хоолойгоо зөв хүргэж сурах, өөртөө итгэлтэй, итгэл үнэмшилтэй, зоригтой болох хэрэгтэй байна. Энэ нь, нийт ард түмэн гэхээс илүүтэй салбар салбарын мэргэжилтнүүдийг өндийж, өөртөө итгэлтэй байж, мэдлэгээ арвижуулж, дуу хоолойгоо тодхон гаргаж, нийгэмд байх ёстой байрь сууриа бусдад эзэгнүүлэлгүй бушуухан эзлээсэй гэсэн санаа юм.

Дараа дараагийн мэтгэлцээн хувь хүмүүсийн мэтгээн биш, жинхэнэ мэдлэг, шийдэл, гаргалгаануудын тулаан байж, улс орны хөгжлийг урагшлуулах, нийгмийн уур амьсгалыг зөв залах чиглүүр болон хөгжих болтугай.

Б.Найдалаа

www.twitter.com/naidalaa

]]>
b_uuganaa2000@yahoo.com (Uugangerel) Б.Найдалаа Wed, 28 Nov 2012 14:16:49 +0800