209-р сар2018

Цахим өртөө блог (20)

Бямба, 05 1-р сар 2013 15:14

Twitter гэгчид нэгдэв - дажгүй шүү

Written by

 Сайн байцгаана уу? Өртөөчид өө

 2012 оны сүүлийн аль нэг өдөрт С1 тв-ээр олны танил хэдэн нөхөд цуглаж
 суугаад twitter буюу жиргээчид гэдэг цахим ертөнцийн талаар баахан ярив.
 Юунаас ч үл хамааран, хувь хүний бодол санааг дамжуулдаг мундаг эд гэлцэв.
 Жинхэнэ эрх чөлөө гэв.
 Тэгэхээр нь шинэ он гарахтай уралдан өнөөх жиргээ уруу нь шагайж үзэв.
 Гүйээ, яахав, да
жгүй шүү...
 Минийхээр бол  манай цахим өртөө ба yahoo messenger 2-ыг нийлүүлчихсэн эд
 мэт санагдав. Гэхдээ үсэг шивэх талбай нь өчүүхэн бага - ердөө 140 тэмдэгт
 байх юм.
 Yahoo messenger-т хөвөрч байдаг хэрэгтэй хэрэггүй хов жив, мэргэн үгс, зар,
 сонин хачин энд байна. Бас эх орончдын шударга үгс, эрдэмтэдийн дүгнэлт, улс
 төр, сургааль үгс цөм байна.
 Цахим Өртөөний андууд бас олноороо тааралдав. Ш.Баатар ах, Жамц ах, Сайнаа,
 Бадрах, Цогооноо гээд л...
 Ер нь бол нийгэмд зөв эрүүл саруул сэтгэлгээ бий болгоход тустай эд юм шиг.
 Цахим Өртөөчид маань  энэ жиргээ гээчийг нэг сонирхоод үзвэл зүгээр мэт
 санагдаад үүнийг бичив.
 Мэддэг нэгэнд инээдтэй хоцрогдсон гэж харагдаж болох ч, өөр нэгэнд магадгүй
 хэрэгтэй мэдээлэл байх болов уу гэж санаад сүлжээнд илгээв.
 Болд
 

Монгол Туургатны Цахим Өртөө Сүлжээ

 

Лхагва, 02 1-р сар 2013 11:16

Хамбын айлдвар

Written by

Д-р Лувсанжавын Чулуунбаатар

XIII зууны үед Монголчууд хүний мах идэж байв уу? Дэлхий ертөнцөд олон төрлийн амьтан байх боловч хүн амьтанд тооцогдох нь бараг үгүй бөгөөд төрөлхи чанараараа бол хүн мах иддэг амьтан билээ. Дэлхийн хүн амын дөрөвний гурван хувь нь мах иддэг байна.

Монголчууд бид таван хошуу малынхаа махыг идэхээс гадна гахай, тахиа, галуу нугас, загас жараахай тэгээд зэрлэг амьтадаас буга, хандгай, гөрөөс, баавгай, хүдэр, зэрлэг гахай, тарвага зурам, зээр, аргаль, янгирын мах идэх хийгээд сүүлийн үед эмчилгээний журмаар чоно нохойн мах хүртэл иддэг болсон байна.

Бусад улс оронд бидний мэдэхгүй, идэж чадахгүй далай тэнгис, ой тайга, тал хээрт орших махтай хэмээн тооцогдох олон төрөл зүйлийн амьтадыг иддэг байна. Могой, гүрвэл, сармагчин, арслан, заан, бар ирвэсээс өгсүүлээд өт хорхой, шавьж авгалдайг хүртэл иддэг байна. 2009 оны зун Д-р С.Дулам багш БНХАУ-ын Кумминьд болсон олон улсын хуралд оролцох далимдаа XIII зууны үед очсон монголчуудын удам болох Юнаны монголчуудад зочлон очиход хамгийн хүндтэй хоолны нэг нь хуурсан өт байсан хэмээн хуучилж байсан билээ.

Монгол хэлэнд “махчин”гэдэг үг бий. Үүнийг Я.Цэвэл авгайн “Монгол хэлний товч тайлбар толь”-д 1.бусад амьтныг барьж идэгч, 2. хүний мах иддэг зэрлэг хүн, 3. хүнийг тарчлаан зовоогч (Я.Цэвэл, х 335) хэмээн тайлбарлажээ. Биний ярих сэдэв бол энэ тайлбарын хоёрт заасан хүн хүний мах иддэгтэй холбоотой юм. Хүн хүний мах иддэг ёсыг дэлхий дахинаа “Cannibalism” гэдэг нэр томъёогоор оноосон байдаг. Энэ үг нь баруун Индианчууд болох Карибийн Индианчуудын нэрнээс үүссэн үг хийгээд эртний сурвалжуудад “Caribales”, “Canibales” хэмээн тэмдэглэгдсэн байна.

Эрт балар цагт хүн төрөлхтөн бусад амьтдын хажуугаар хүний махаар хооллодог байсан байж болох талтай. Учир нь эрт балар цагийн агуйнуудаас амьтны ястай хамт хүний яснууд олддог байна. Эрт цагийн анхны хүний нэг хэмээн тооцогддог Sinanthropus pekinensis(Бээжингийн хүн)–ийн яс Бээжингийн ойролцоох Чоукоутиэн (Choukoutien) агуйгаас олдсон бөгөөд энд бүлэг хүний толгойг нь авч дагз хэсгийг цөм цохисныг үзвэл мэдээж тархий нь гаргаж авах гэсэн хэрэг юм. Мөн Ауригнайшин(Aurignacian)-ий үе буюу хожмын мөстлөгийн үед төв Европт болон Шведийн эртний неолетик хүмүүсийн дунд хүн хүнээ идэх явдал байсан байжээ.

Бүр МЭӨ 2000 жилийн өмнөх Хүрэлийн үед Богамийн арлын оршин суугчид хүний чөмөгний ясыг хутгаар мөлжиж, чөмгий нь ташиж иддэг байсан байна. Тийм болохоор эрт баларын хүмүүс бие биенээ иддэггүй байсан гэж үзэх шалтгаан байхгүй. Колумбын аялалын үед ч хүн идэгч хүмүүстэй тааралдаж байжээ. Мөн хуучин нэр томьёо болох “anthropophagy” хэмээх нь сонгодог грек хэлний “anthrōpos” (хүн), “phagein” (идэх) хэмээх үгнээс гарсан гэж үзэхэд хаа сайгүй л эртний хүмүүс хүн хүний мах идэхийг мэддэг, ингэж хийсэн хүнийг цээрлүүлдэг байсныг мэддэг байсан гэж үзэж болох юм. Эртний зохиолч Херодотус (Herodotus) (МЭӨ V зуун), Страбо (Strabo) (МЭӨ 63- МЭ 24) нарын тэмдэглэлд Ирландын Келтууд (Irish Celts), Сятанчууд (Scythians) болон бас бус улсууд хүний мах идэгч байсан байна. Орчин үед элсэн цөл, эзэнгүй далайд төөрөгсөд, цасанд боогдогсод гээд хүний бараагүй хүнс хоолгүй олон хоног болохоороо үрэгдэсдийнхээ махыг идэх явдал хаяа гардаг байна.

Гэвч саяхны зуун болтол байнга хийгээд нийгмийг хамарсан хүн хүний мах идэх явдал халуун бүсийн нутгуудад байсаар байсан бөгөөд бүр XX зууны дунд үе гэхэд ч номхруулагчид болон цагдаагийн хяналт тавьдаг соёл иргэншил нэвтрээгүй хүн ам олноор сууршсан олонх газруудад ийм явдал байсаар байсан байна. Магадгүй одоо ч гэсэн Шинэ Гвинейн арлуудын алс холын дүүрэг болон Хойт Америкийн Амазоны хүн хүршгүй аглаг зэлүүд газруудад энэ ёс үргэлжилсээр байж мэдэх юм.(Britanica, p 356)

XIII зууны үед Монголчууд Ази, Европ тивийг дамнасан өргөн уудам нутагт дайн хийж олон улс орныг эрхэндээ оруулж байсан болохоор тэдгээр улсуудын түүхэнд сөрөг талаас нь бичих явдал давамгайлдаг билээ. Үүний нэг илрэл нь Монголчууд дайн хийхдээ харгисаар алж устгадаг бөгөөд олзолсон хүмүүсээ иддэг байсан хэмээх үзэл өрнө дахинд одоо хүртэл байсаар байна. Англи улсын Кембрижийн Их Сургуулийн номын санд хадгалагдаж байгаа XVI зууны үеийн нэг номд нэр үл мэдэгдэх зураачийн хүний мах гал дээр шараад идэж байгаа хоёр хүний зураг байдаг байна. Илбэчний мэт шовгор оройтой малгайг эс тооцвол монгол хүн гэж хэлэхэд бэрхтэй юм. Юунд ч торохгүй дорно зүгээс довтлон ирж байгаа монголчуудаас айсан айдас энэ зургийг бүтээсэн байж болох юм. Учир нь тэр довтлон ирж буй хүмүүс бол ингэж хүний мах иддэг бөгөөд олзлогдвол хэн хүнгүй ингэж идэгдэх тул үхэн үхтлээ тэмцэх хэрэгтэй хэмээн ард түмнээ уриалахад ашиглаж байсан байж болох талтай. Нөгөө талаар дэлхий нийтэд түгээмэл байдаг нэн ялангуяа өрнөдөд түгээмэл байдаг канибализмийн үзлийг монголчуудад байж л таараа хэмээн таамгаар нялзаан бодсоны илрэл байж болох юм.

Хэрвээ иймэрхүү зүйл XIII зууны үед түгээмэл байсан бол тэр үеийн түүхийг харуулсан сурвалж бичгүүдэд ямар нэг хэмжээгээр туссан байх ёстой. Иймийн тул хамгийн түрүүнд тэр үеийн гадаадын жуулчдын тэмдэглэл, монголчуудын үлдээсэн сурвалж бичгийг үзэх хэрэгтэй. XIII зууны үеийн жуулчин Марко Полагийн тэмдэглэлд түүний сонссоноор Төвдөөс Суматра болон Андаманийн арлууд хүртэлх газарт хүн хүний мах идэх явдал байсан хэмээжээ. 17 жил монгол хаадын дэргэд алба хааж байсан тэрээр хэрвээ монголчуудыг хүний мах иддэг тухай үзсэн юмуу дуулсан бол номондоо заавал оруулах ёстой байхсан. Италийн жуулчин Плано Карпинийн номд “Зажилж болох юм болгоныг хоол гэж ойлгодог. Тэд нохой, чоно, үнэг, морь хэрэгцээ гарвал хүний махыг ч иднэ. Жишээлбэл, Хятадын эзэн хааныг нэгэн хотод орогнож байхад тэр хотыг эзлэн авахаар олон хоног бүсэлж, эцэстээ Татаруудын хоол хүнс барагдаж эхэлсэн тул арван хүн тутмын нэгийг идэхээр шийдэж байжээ. Дөнгөж төрсөн унаганы эхсийг хүртэл иднэ. Тэд нарыг бөөсөө идэж байхыг хүртэл би харсан юм. Бас тэгээд “миний хүүгийн махыг идэж, цусыг сорж байхад би яагаад идэж болохгүй гэж” хэмээн хэлэх юм. Бүр хулгана идэж байхыг ч харж билээ”(Плано Карпини, х 26)

“Монголын нууц товчоо”-г шүүрдэж үзэв. Зэрвэс харсан хүнд хүний мах иддэг гэсэн мэт мэдээлэл 7-р бүлгийн 195 –р зүйл, 11-р бүлгийн 251-р зүйл хоёрт байна. Эхний 7-р бүлгийн 195-р зүйлд Найманы цэрэгтэй цуг морилж явсан Жамухаас “олон хонийг хотонд ортол хөөж ирэх мэт эд юун хүмүүс айсуй” хэмээн Таян хаан асуухад “Тэмүжин анд минь дөрвөн нохдыг хүний махаар тэжээж, гинжилж уяж байх бүлгээ”, “Алалдах өдөр амьтны мах иднэ, хүрэлцэх өдөр хүний мах иднэ” хэмээн хариулж байна. Мөн дараа нь Хасарын тухай асууваас “Өгэлүн эх нэг хүүгээ хүний махаар тэжээж бүлгээ” гээд тэр хүн нь “Хоромсогот хүнийг хотлоор нь залгиваас хоолойд нь үл торъюу, хөвчин эрийг үмхвээс өл үл залгъюу” хэмээн хариулаад Найманаас хагацан бултаж гарч Чингис хаанд Даян хааныг “амаар алагдан, айж мэгдэж байна, хатууж”(Монголын нууц товчоо, х 89-90) хэмээн хэл өгүүлжээ. Энэ нь үлгэр домгийн хэтрүүлгийн дүрслэлийг зохиогч оруулж өгсөн эсвэл Жамух есөн өрлөг жанжин болон Хасар баатрын хүч чадлыг аугаа их болгож үзүүлэхийн тулд ийнхүү үлгэр домгийн хэтрүүлгийн дүрслэлийг ашиглан хэлсэн нь энэ юм. Ер нь тэгсэн гэдэг нь эндээс аяндаа харагдах бөгөөд монгол хүний хувьд бол маш тодорхой ойлгомжтой зүйл юм.

Харин энэ зохиолыг англи орчуулгаар уншсан өрнөдийн хүн хүний мах идэж байсан хэмээн ойлгож болох талтай байна. Учир нь “Монголын нууц товчоо”-г англи хэлэнд орчуулсан И.Д.Рахэвилц (Igor de Rachewiltz, p 53-55), Ф.В.Клиавез (F.W.Cleaves, p 125-127) болон Онон Өргөнгөө (Urgunge Onon, p 173-175) нарын орчуулгад яг тэр хэвээр нь ямар ч тайлбаргүйгээр хүний мах иддэг хэмээн орчуулсан байна. Тэгэхээр үүнийг уншсан өрнөдийн уншигч монголчууд XIII зууны үед хүний мах идэж байжээ хэмээн ойлгохоор байна. Тэр ч бүү хэл монголч эрдэмтэн, монгол хүн Онон Өргөнгөө гуай ямар нэг тайлбаргүй тэр чигээр нь орчуулсан байна. Тэгэхээр өрнөдийнхөнд ийм ойлголт төрүүлсэн бас нэг буруутан бол орчуулга байна. Нөгөө 11-р бүлгийн 251-р зүйлд байгаа мэдээ бол хятан цэргүүдээ хядаж барагдсаныг мэдсэн Алтан хааныг Жүндүгээс зугтаахад “үлдсэн цэргүүд нь турж үхэхдээ, өөр зуураа алалдаж, хүний мах иджээ”(Монголын нууц товчоо, х 131) хэмээсэн мөр юм. Энэ нь монголчууд биш бөгөөд Зүрчидийн Алтан улсын бүслэгдсэн цэргүүд болой. Энэ мэдээг өрнөдийн тэр үеийн жуулчид мушгиж нөгөө талаас нь тэмдэглэн үлдээсэн болох нь дээр дурдсан Плано Карпинийн номоос илт байна.

Энэ тухай эрдэмтэн А.Г.Юрченко “Хэрвээ 1245 оны Францисканы номлогчдын мэдээг үндэс болгох юм бол Хятадын нийслэл ямар ч хүнгүй цөл газар оршиж байсан болж таарч байна. Тийм биш байсан бол 500 км-ийн тойрогт ямар нэг аргаар хүнс залгуулж болох байсан. Хятадын нутаг цөлжсөн, монголчуудын хоол хүнс нь дууссан тохиолдолд монголчууд сэлгээ морьдоо хүнсэндээ хэрэглэх байсан. Гэхдээ хамгийн сүүлийнхээ морийг идэх тэр өдрийг хүлээхгүй байсан нь мэдээж хэрэг юм. Учир нь хэрхэн тэр олон цэрэг эх нутагтаа буцах билээ? Монголын нууц товчоонд тэмдэглэлснээр бол хот руу дайрч байгаа цэргүүд өршөөл эрж, бэлэг өгөх явдлыг юуны түрүүнд сайшаадаг байсан. Хэрвээ бүх адуугаа хүнсэндээ хэрэглээд, арван хүн тутмын нэгий нь идэх тушаал гаргасан байлаа гэхэд үлдсэн цэргүүд булааж авсан эд баялгаа юунд ачиж явах байсан юм бэ? Тэгээд ч цэргээрээ дэнчин тавьж олсон эд баялаг хэрэгтэй гэж үү? Нүүдэлчид ямар ч тохиолдолд өөрийн цэрэгт хохирол учруулах удаан хугацаагаар хотууд руу дайрдаггүй байсан. Тэгээд ч яаж өлсгөлөн хүч чадалгүй болсон хүмүүс хотын төв хэсэг хүртэл газар доогуур зам малтаж довтолгооноо үргэлжлүүлэх билээ. Ингэхлээр францисканы номлогчдын мэдээ нь бодит үнэнтэй нийцмээргүй байна” гэсэн нь туйлын зөв дүгнэлт юм.(А.Г.Юрченко, с 282-294)

Ер нь “Монголын нууц товчоо”-г бүхэлд нь шүүрдэж үзэхэд тэр цагт монголчууд малын болон ангийн мах, малын сүү шимээр хийсэн цагаан идээ, байгалийн жимс ургамал, тариа будаа өргөн хэрэглэж байсан байна. Зэрлэг ан амьтадыг авлахдаа хүртэл хэтэрхий их хядахгүй зүй зохисоор нь хэрэгцээндээ авлаж байсны баримт ч байна. 1205 онд Сүбээдэйг төмөр тэрэгтэй Тогтоагийн Худу, Гал, Чулуун тэргүүтэн хөвүүдийг нэхүүлэхдээ Чингис хаан “Газрын холыг бодож, цэргийн улаа морьдыг тураагүйд нь хайрлагтун! Хүнсээ дуусаагүйд нь гамнагтун! Агт нэгэнт турж барваас хайрлаад ашиг үл болюу. Хүнсээ баран дуусгаваас гамнаж үл болюу. Мөрт чинь ан гөрөөс олон буй за. Алсыг бодож явахуйд, цэргийн хүмүүнийг гөрөөс бүү хөөлгөгтүн. Хэмгүй ихээр бүү авлагтун. Цэргийн хүний хүнсэнд нэмэрлэж өгөх болтугай хэмээн авлаваас, хямгадаж авлагтун”(Монголын нууц товчоо, х 96) хэмээн захиж сургаснаас тодорхой харагдаж байна. Чингис хааны гол зарчим бол цэргийн хүнийг машид эрхэмлэн хайрлах бөгөөд “Миний цэрэг эрс ойн мод мэт олон бөгөөд эхнэр хүүхнүүд нь ч миний цэргийн хүчний том хэсэг бөгөөд би тэднийгээ шүүс махаар элбэг дэлбэг, тансаг гэрт амьдарч, өвстэй газар өтгөн сүргээ маллаж байхы нь хүсдэг юм” (Urgunge Onon, p 98) хэмээсэн үгэнд ил тод илрэх бөлгөө. Ер нь Чингис хаан хүүхдүүддээ, сайд, жанжин нартаа сургахдаа жинхэнэ жанжин хүн гэдэг бол өөрийн бие дээр өлсөх ундаасахыг мэдэрч чаддаг байх нь зайлшгүй бөгөөд зөвхөн тийм л хүн их цэргийг удирдаж ялалтад хүргэж чаддаг” хэмээн сургадаг байжээ. Аян дайнд явахын өмнө туршуул цэргийг заавал илгээж их цэрэг явах газар орны байршил, онцлог зэргийг заавал тогтоосны дараагаар аянаа эхэлдэг байсан.

Нөгөө нэг анхаарал хандуулах зүйл нь Европ дахины зарим түүхэн зохиол, тэмдэглэлд байгаа алдаатай мэдээнүүдээс шалтгаалж байгаа явдал юм. Рашид ад-Диний “Судрын чуулган”-д Өгээдэй хаан Төвдөөр дайрч Хятад руу довтолсон хоёр дахь жилдээ “цэрэг дайчдын хоол хүнсний нөөц дуусч өлсөж харангадахын зовлонг амсаж, өвс ургамал, араатан жигүүртэн, хүний мах идэхдээ тулсан” хэмээжээ (Рашид ад-Дин, х 21). Оросын эрдэмтэн А.Г.Юрченко”Эзэнт гүрэн болон сансар огторгуй” номондоо “Хэдийгээр энэ аян дайн бодит болсон зүйл боловч мэдээ нь санаанаасаа зохиосон зүйл юм” (А.Г.Юрченко, с 293) хэмээн бодит үнэнийг олж харсанд нь гүнээ талархнам.

Өөр нэг мэдээ нь Персийн хаан Камбис эфиопчуудын газар нутгийг эзлэх аян дайны үед цөл газар их цэрэг нь хоол хүнсгүй болж арван хүн тутмын нэгийг сугалаагаар идэж байсан тухай Геродотын тэмдэглэл байдгийг эрдэмтэн А.Г.Юрченко “13-р зууны үеийн монголчуудтай холбож үзэх нь үндэслэлгүй юм” хэмээснийг би бас гүнээ сайшааж байна. (А.Г.Юрченко, с 294) Бенедикт ламын орчуулгад Чингис хааны цэргүүд өлсгөлөнд нэрвэгдэж байсан хэмээх хоёр зүйлийн мэдээ байдаг. Үүний нэг дэх нь дээр дурдсан мэдээ. Удаах нь зөвхөн энэ Бенедикт ламын тэмдэглэлд дурдагдсан байдаг нь Каспийн нуруу хийгээд Нараиргений нутагт болж өнгөрсөн гэж тэмдэглэгдсэн ажээ. Энэ аялалын чиглэл ямар байсан бэ гэвэл Каспийн нуруу нь дэлхийн төвд байдаг бол “нарны улс” нь зүүн зүгт буюу дэлхийн захад оршдог. Энэхүү дэлхийн төвөөс нарны улс хүртэлх алс хол аян замыг зөвхөн алдарт Искандер л туулж чадсан байдаг. Чингис хаан энэ аялалыг давтсан боловч уг мэдээгээр бол их цэрэг цөл газар өлсгөлөнд нэрвэгдсэнээс болж Чингис хаан арван хүн болгоны нэгийг идэх тушаалыг гаргасан гэжээ. Гэвч энэ алдарт зохиолд тэмдэглэгдсэн мэдээ нь үнэнтэй нийцэхгүй гэдэг нь ойлгомжтой. Ингэхээр дээрх баримтуудаас харахад XIII зуунд монголчууд хүний мах иддэг байсан гэсэн ойлголт нь орчуулгаас үүдсэн гол алдаатай ойлголт хийгээд дундад зууны үеийн европийн номлогчдын мушгин гуйвуулсан таамаг ойлголтын харгай болох нь харагдаж байна.

Дэлхийн талыг эзэлж байсан хүчирхэг, асар их туршлагатай нүүдэлчин армийн цэргүүд хүлгийн сайныг унаж, хүүхний сайхныг эдэлж, архины дээдийг ууж, амтатны дээдийг идэж явсан байж таараа шүү дээ. Англи улсын Кентенберийн Их Сургуулийн түүхийн тэнхимийн профессор Ж.Ж.Саундерс “Монголчуудын ялалт нь Шар тэнгэс болон Оросын талын хоорондох нутаг дэвсгэрт хүчирхэг, төвлөрсөн, соёл иргэншил бүхий, дэвшил хөгжилтэй байж чадахаар тийм улсыг байгуулсан гэж хэлж болмоор байдаг” хэмээн онцлон үнэлсэн байдаг.(Ж.Ж.Саундерс, х 50)

Ном зүй 1. Britanica, London, 1949 2. Монголын нууц товчоо, сонгомол эх, Улаанбаатар, 2005 3. Плано Карпини, Монголчуудын түүх, Улаанбаатар хот, 2006 4. Рашид ад-Дин, Сборник летописей, Т. II. М.,Л., 1952 5. Ж.Ж.Саундерс, Монголын байлдан дагуулалын түүх, Улаанбаатар, 1992 5. “The Secret History of the Mongols”, translated, annoted and with an introduction by Urgunge Onon, London and New York, 2001 6. “The Secret History of the Mongols” by Francis Woodman Cleaves, London, 1982 7. “The Secret History of the Mongols” by Igor de Rachewlthz, The Australian National University, 1978 8. А.Г.Юрченко, Империя и Космос, Санкт-Петербург, 2002 9. Я.Цэвэл, Монгол хэлний товч тайлбар толь, Улаанбаатар, 1966

Цахим өртөөний админаас өмнөтгөл болгон өргөх үг

Цахим өртөөчин Б. Найдлаа маань өртөөчдийнхөө оюуны арвин сан хөмрөгтэй эргэн танилцах явцдаа сонирхолтой хирнээ, өнөө төдийгүй маргааш ч үнэ цэнээ үл алдах нэгэн олдвортой тааралдсанаа санал болгосныг та бүхнийхээ мэлмийд толилуулахдаа баяртай байна.

 Б. Номинчимэд анд энэ өгүүллээ Жак Уэтерфордын монголын түүхийн сэдвээр бичсэн хоёр дахь ном болох “Монголын Их хатдын Нууц Товчоо” ном анх монголд хэвлэгдэн гарах болсонтой холбогдуулж бичсэн бололтой юм.  Энэ өгүүллээс та юуны өмнө Монголын төрд монгол эмэгтэйчүүд ямар үүрэгтэй байсан, ямар үүрэгтэй байх боломжтойг, эрчүүд маань ямар эмгэнэлт согогуудтай байж болдгийг уншиж болно.

Мөн хаан угсаа гэдэг дээр үеийн төрийн тогтолцоонд ямар учир холбогдолтой байснаас гадна сайн болон саар тал нь юу болох, ерөөсөө төрийн тогтолцооны оновчтой хэлбэрийн талаар бясалган бодох сэжүүр ч гарна. 

Далимд нь, энэхүү ахархан хирнээ багтаамжтай нийтлэлээс Эзэн чингисийн алтан ургийнхнаар тугаа хийсэн монгол үндэстнээс хүн төрөлхтний түүхэнд гүйцэтгэсэн аугаа үүргийн агуулгыг базан харах мэт болно.

Бид эндээс нууц товчооноос ч олж үзэж чадахгүй түүхэн үйл явдлын зарим нэгэн бүдэг бүрхэг холбоо сүлбээг ч нөхөн шинээр харж нүдээ бүлтийлгэх болно.

Түүнчлэн ард түмнүүдийн харилцан үйлчлэлийн ачаар  хүн төрөлхтөн бүхэлдээ хэрхэн соёлжин гэгээрч ирсний учигтай ч тааралдана. Жишээ нь, миний бие “Монголчууд бид 20 -р зуунд юуны ачаар Оросыг дагасан юм бол. Ядаж ор хөнжлийн даавуу хэрэглэдэг болж” гэж ямагт боддог юм. Гэтэл энэ өгүүллээс тэрхүү ор хөнжлийн даавууны хэрэглээ нь Монголчуудын ачаар европод анх нэвтэрч байсан тухай уншлаа. Оросууд, мэдээж тэндээс суралцсан нь эргээд 20-р зуунд монголын жирийн иргэдийн төвшинд ор хөнжлийн даавууны хэрэглээ өргөнөөр түгэн дэлгэрч өдөр тутмын амьдралынх нь салшгүй шинж болоход нэмэр болжээ гэж бодогдлоо.

Манай шилдэг сэхээтний нэг Б. Номинчимэд анд маань гайхамшигт хүний гайхамшигт бүтээлтэй холбогдуулж гайхамшигт мөрүүдийг холбожээ. Таны оюуны цэнгэлд чухал хувь нэмэр болно гэдэгт үл эргэлзнэм.

Цахим өртөө админ 

Монголын Их Хатдын түүхийг яагаад нууцлав...?

                    Б.Номинчимэд - www.greathistory.blogspot.com

XIII зуунд, “Нууц товчоо” бичигдсэнийхээ дараахан халдлагад өртөн, нэгэн этгээд дундаас нь хэдэн хуудсыг урж тасдан хаясан гэнэ. Чухам энэ гээгдсэн хэсэгт Чингис хаан охин урагтаа соёрхол өргөн, эзэмшил газруудыг хуваариласан хэсэг байсан бололтой. Өөрөөр хэлбэл Их Монгол гүрний засаг засаглалд Чингис хааны охид, хатдын эзлэх хувь, үүрэг роль маш тодорхой туссан хэсэг байж.

Чингис хаан охин Алага Бэхиэр Цагаан хэрмийн хойт хаяагаар нутаглах Онгууд аймгийг захируулжээ. Удалгүй Умард Хятадыг эзлэхэд Алага бэхи тэндхийг хавсарсан Их захирагч болсон байна. Бас нэг охин Алалтун Бэхиг Уйгурт, бас нэг охиноо (Толай) Харлагт, ууган охиноо Хонгирадад, Чэчэйхэн Бэхигээ Ойрад иргэнд бэр болгон өгсөн нь мөн чанартаа тэдгээр аймаг улсуудыг захирсан ЭЗЭН ХАТАД болон суужээ. Ийнхүү Чингис хааны охид хаан эцгийн байгуулсан гүр их улсыг харь дайснаас халхлах халх бамбай мэт зүүн өмнөдөд Хонгирадаас эхлээд өмнөдөд Онгууд, Умард Хятад, баруун талд Харлаг, Уйгур, баруун хойт талд Ойрад гэх мэтээр эзэнт гүрний эргэн тойронд агч улс орнуудад эзэн болж, эртний их Торгоны замыг эзэмшиж, эзэнт гүрний бүхий л худалдаа арилжааг зохицуулан, дотооддоо төдийгүй гадаад ертөнцөд нэр, нөлөө бүхий эрхэмсэг Их хатад болжээ. Тэд хаан эцгийгээ харийн дайнд явахад хүнс, эр цэрэг, зэр зэвсгийн найдвартай ар тал нь болон үлдэж байсан төдийгүй эх монгол орноо тал бүрээс нь довтлох аюул заналаас сэргийлж байсан байна.
Тэдгээр бүсгүйчүүд гүрэн улсыг шинээр цогцлоож, худалдаа арилжаа, өртөө улааны шинэ шинэ сүлжээг бий болгон, эрдэм мэдлэгийг ихэд тэтгэн дэлгэрүүлжээ.

Чингис хаан хөвүүдээсээ илүүгээр охиддоо итгэж, тэдэнд илүү их үүрэг хариуцлага үүрүүлж байжээ. Ингэх үндэслэл байв. Хөвгүүдээс нэг нь ч түүний сэтгэлд хүрсэнгүй. Тэдэнд Их улсыг амжилттай удирдан авч явах ухаан билэг бүү хэл ядахдаа эцэг шигээ гарамгай жанжин ч байсангүй. Цагадай цочмог, бодолгүй түргэн зантай байсан бол Өгэдэй архинд хэт орж, санхүү, эдийн засгийн харалган бодлого явуулж, улс орноо бэхжүүлж, хөгжүүлэхээсээ илүү хэт үрэлгэн загнаж байв. Толуй хэдийгээр эцэг шигээ баатар зоригт, сайн жанжин байсан ч ах Өгэдэйгээс ч илүүгээр архинд орж, сүүлдээ архиндаа түлэгдэж үхжээ. (Ахмад хүү Зүчи эцгийгээ амь ахуйд бие барсан) Нөгөөтэйгүүр Чингис хааныг гүр их улсаа байгуулахад нь хатад эмэгтэйчүүдийн хувь оролцоо үлэмж их байлаа. Өэлүн эхийн оюун билэг, ер бусын хатан тэвчээр, зүтгэлгүйгээр Чингис хааны амжилтыг төсөөлөх боломжгүйн адилаар Бөртэ үжин чухам Чингис хааны хажууд өмөг түшиг нь болж, Их гүрнийг босголцсон билээ.

Чингис хаан насан өндөр болох хэрээр хичээн байгуулсан их улсаа хэрхэн төгс төгөлдөр болгон бэхжүүлэх талаар байнга санаашран байсан. Ингээд найдвар муутай хөвүүдтэйгээ эн тэнцүү, магадгүй зарим талаар илүү их итгэл, хариуцлагыг охид, бүсгүйчүүддээ үлдээсэн байна. Энэ нь эрхт эцэг болсон тэнгэр, этүгэн эх болсон газар дэлхийн хүч энергийн харилцаа, хамаарлыг харгалзан үзсэн, арга бэлгийг тэнцүүлсэн хэрэг байж. Гэвч харамсалтай нь хөвгүүд эцгийнхээ бодлогыг үл ойшоов.

Чингис хааныг тэнгэр болсны дараахан, тэр 1227 оны сүүлээр Алалтун Бэхи ах Өгэдэйн хүмүүст алуулав. Хоёр жилийн дараа Алага бэхийн өв залгамжлагч Нэгүдэй амь үрэгдэв. Түүнээс удалгүй Чэчэйхэн бэхи гэнэтхэн амь эрсдэж, дараа жилийн зун Өгэдэйн тушаалаар Ойрад түмний охид бүсгүйчүүлийг бүгдийг нь хэрцгийлэн, хүчирхийлээд, эрхэндээ оруулжээ. Бүр бүсгүйчүүдийн эсрэг аян дайн шахуу юм болсон байна. Чингис хааныг хальснаас хойш арав хүрэхгүй жилийн дотор түүний охин ургийнхан ийнхүү хамаг эрх мэдлээ ах, дүү нартаа алдав, амь эрсдэв. Чухам энэ үеэр л “Нууц товчоо”-нд халдсан тэр бүдүүлэг хэрэг явдал гарсан юм болов уу даа.

Ийнхүү Чингис хааны охид, Их хатад, монголын төрд зүтгэж асан их эмэгтэйчүүдийн түүх “нууцлагджээ”. Жак Уэтерфорд ингэж үзэж байна. Тэр “Монголын Их Хатдын НУУЦ ТОВЧОО” номондоо энэ ээдрээтэй үйл явдлыг хайр найргүй уудлан дэлгэж, бас сэтгэл шимшрэн бичжээ.

Жак уг нь анторпологич хүн. Эрт галвын амьтдын ясыг хэлтэрхий хэлтэрхийгээр нь цуглуулан судалдаг энэ хүн манай түүхийн тун бүдэгхэн нэгэн улбааг мөшгин, энд тэндээс баримт материалыг яг нь ясны хэлтэрхий лугаа адил цуглуулан цуглуулсаар бидний алдагдсан түүхийн нэгэн зурвас үеийг та бидний өмнө дүрслэн гаргаж ирсэн байна.

Чингис хааны охид, монгол хатад хэдийгээр нэр алдар, эрх мэдэлд дуртай, өөр зуураа эв түнжингүй, эцгийн бүтээсэн их улсыг бэхжүүлэхээс илүүгээр сульдааж, Их засаг хуулийг нь уландаа гишгэсэн ах, дүү нартаа алуулах нь алуулж, шахагдан гадуурхагдах нь гадуурхагдсан ч чухам чин үнэндээ монголын охид, бүсгүйчүүд л Их Монгол улсын голомтийг бүрмөсөн тасалчихалгүй авран хамгаалж, уламжлан авч чадсаныг тэрээр барин тавим баримттайгаар өгүүлжээ.

Монгол гүрэн задран, буурахад “самуурал завхрал, ялагдал доройтлыг сөрөн боссон нэгэн эмэгтэй өөрийн байр сууриа хатуу хамгаалж, салж бутарсан Монгол овог аймгуудаа нэгтгэж, туг сүлдээ босгон мандуулж, Алтан урагт дахин сэргэх хувь тавиланг эргүүлэн авчирсан бөлгөө”. Энэ бол Элбэг хааны охин Самар гүнж байв.

Элбэг хаан Баруун Монголын тэргүүнийг хилсээр хороожээ. Тэгээд эцгийг нь хилсээр хороосныхоо цагаатгал, төлбөр болгон хүүд нь охин Самараа гэргий болгон өгч, хүргэнээ эцгийнх нь ор суурийг залгамжлуулсан байна. Самар гүнжийн хүү нь Ойрдын Тогоон тайш, ач хүү нь Эсэн тайш хаан юм. Энэ үед Монголын язгуур алтан ургийнхны хооронд байнгын атаа, жөтөө, далд явуулга, хэрүүл самуун тасарсангүй. Эцэст нь Эсэн хаан хүчээр баруун, зүүн монголыг нэгтгэн нэгэн тугийн дор захирав. Ингэхдээ тэрээр охиноо Алтан ургын нэгэн хан хүүтэй гэрлүүлжээ. Удалгүй Алтан ургийнхны найдваргүй байдалд дургүйцсэн Эсэн хаан тэднийг уг үндсээр нь таслахаар шийдэж, алтан ургийнхны эсрэг их аллага хийжээ. 1452 онд боржигон овгийн 44 язгууртан, 33 хэргэмтэн, тэдэнд үнэнч байсан 61 цэргийн жанжин амь насаа алдсан байна. Энэ үед Эсэн хааны эмэг эх Боржигон Алтан ургийн Самар хатан хэдий насан өндөр болсон ч Эсэн хааны энэ аллагыг сөрөн зогссон төдийгүй, алтан ургийн сүүлчийн судсыг тасалчихалгүй авч үлдэж чаджээ. Эсэн хааны охин, Самар хатны гуч охин болох өнөөх алтан ургийн хан хүүтэй суусан бүсгүй алуулсан нөхрөөсөө хөл хүндтэй үлджээ. Үүнийг мэдсэн Эсэн охиноо төрөнгүүт шинэ хүнийг алаад, өөрийг нь өөр хүнд өгөхөөр шийдэн байна. Гэвч Самар хатан ач хүүгээсээ өрсөв. Тэр гуч охиноо зугтаалгаад зогсохгүй, төртөл нь нууж чаджээ. Хүү төрсөнд Баянмөнх гэж нэрлэсэн байна. Эсэн хаан эрлээ зогсоосонгүй. Түүний хүмүүс “Охин төрсөн бол үсийг нь самна, хүү төрсөн бол голыг нь самна” гэсэн тушаалтайгаар эх, хүү хоёрыг хайсаар олов. Учрыг мэдсэн эх ажиггүй царайлж байгаад эрлийн багийн ахлагчийн өөдөөс харуулж хүүгээ тосон шээлгэжээ. Гэхдээ нялх хүүгийн мөөжгийг нь мэдэгдэхээргүй болтол нь арагш нь татаж байгаад шээлгэсэн байна. Юутай ч эрлийнхэн хүүг дахин нягтлах шаардлагагүй гэж үзээд буцаж, Эсэн тайшид “Та зээ охинтой болжээ” хэмээн дуулгав. Гэвч эцсийн эцэст Эсэн үнэнийг олж мэдээд дахин эрлийн бүлгийг илгээсэнд Самар хатан хамгаалав. Бас нэг удаа нялх хүүг хөмөрсөн тогоон дотор нууж авч үлдэв.

Гэвч нас хэт өндөр болсон Самар хатан цаашид хүүг аварч хамгаалах боломж шавхарч буйг мэдээд Чингис хааны урагт үнэнч хүмүүсийг олж, тэдэнд өгч нууцаар асруулахаар алс хол, Монголын нутгийн гүн рүү илгээсэн байна. Зам зуураас нь Эсэний хүмүүс хөөж, өлгийтэй хүү морины давхиад дунд нэгээс нөгөөд бөмбөг мэт шидүүлэн дамжиж, газарт ч ойчиж, харин азаар Самар хатанд үнэнч нэгэн эр цэрэг давхиан дундаа хүүгийн өлгийнөөс нумын хөвчөөр гогдон аваад зугтан гарч чадсан байна.

Эсэн хаан хорлогдож, удалгүй Мандуул хаан ор суув. Гэвч түүнд ор залгах хүү төрсөнгүй. Иймд Алтан ургийн хүү, өнөөх амь өрссөн өрсөлдөөн дундаас Самар хатны гавьяагаар амьд үлдсэн Баянмөнх хүүг олж, угсаа залгамжлах Болох Жонон цол өгч, дэргэдээ байлгажээ. Гэтэл төдий удсангүй, хаан хийгээд угсаа залгамжлагч жононгийн дундуур хар хэл орж, Самар хатны амь тавин хамгаалсан алтан ургийн сүүлийн судас Болох Жонон Баянмөнх өмнийн говьд орь ганцаар тэнэж яваад гавьяа ч үгүй, золгүйгээр амь эрсдэв. Мандуул хаан ч үхэв.

Баруун өмнөдөд уйгур, лал шашинтнууд идэвхжиж, Торгоны замыг эрхшээн, баруун талд Ойрадууд бие даасан байдлаа улам батжуулж байв. Өмнө зүгт Хятадууд энэ сиймхийг отон хүлээж, харин Хасарын удмын ноёд хаан ор одоо хүссэн, эс хүссэн ч биднийх болов хэмээн омтгойдох болов. Олон овог аймаг өөр өөрийн дураар үйлдэх болов.

Ийнхүү Монголын төр угсаа залгамжлах алтан ургийн хүнгүй, хаан суудал хоосорсон цөвүүн цагт бас нэгэн монгол бүсгүй тасарч байсан алтан ургийн судсыг халуун элгээрээ тэвэрч, хатан зориг, сэцэн ухааныхаа хүчээр Монголын төрийг дахин сэргээж чаджээ. Энэ бол Мандухай сэцэн хатан байв.

Мандуул хааны бага хатан тэрээр эр нөхрөө өнгөрсний дараа өнөөх Баянмөнх Болох Жононгийн хааны ордонд ирэхээсээ өмнө асарч байсан урианхай малчин айлынхаа охин Шихэртэй учир ургуулан нэгэн нуган үртэй болсон байсныг олжээ. Гэвч тэр даанчиг арчаагүй, өвчинд баригдсан, өрөөл татанхай, хүн болох эсэх нь тодорхойгүй нэгэн байж. Гэвч тэр бол Алтан ургийн сүүлчийн аргамж, сүүлчийн амь байсан юм. Сайтар асарч тойлсны эцэст 7 настай Батмөнх хүүг хаанд өргөмжлөв. Энэ үед Мандухай өөрөө 21 настай байж, бяцхан хүүгийн өмнөөс төр барив. Тийн Мандухай садарсан үсээ шууж, саадаг нум үүрч, бяцхан хүүг үхэг тэргэнд суулган цэрэг дайчдыг тэргүүлэн дайтаж, улс төрөө эмхлэн хураажээ. Батмөнх хүү эрийн цээнд хүртэл 10 гаруй жилийн турш Мандухай тулааны талбарт эр цэрэг, жанжин баатар, энгийн цагт сэцэн сайд, ар гэртээ асралт эх болж байв. Батмөнх Даян хаан, Мандухай Сэцэн хатан хоёроос Чингис их дээдсийнх нь ерөөл бэлгийн дагуу 7 нуган үр төрсөн нь хатаж байсан Алтан ургийн мод дахин цэцэглэн дэлбээлсэн хэрэг байлаа. Тэд хожмийн монголын бүхий л аймаг, хошууны ихэс дээдэс болжээ.

Мандухай хатны Монгол Улсын төлөө, Эзэн Чингис хааны алтан ургийн төлөөх гавьяа зүтгэл үлэмж их.

Чухам ийм л түүхүүдийг Жак Уэтерфорд бичжээ. Уг нь энэ бүхэн бидний мэддэг түүх, гэвч мэддэг хэдий ч ийм ээдрээтэй нөхцөл байдлын дундаас үйл явдлын нарийн учиг, уялдаа холбоог чухам фокус нь таарсан дурангаар татан үзүүлэх мэт тийм тов тодорхой харуулж, мэдрүүлж буйд Жакийн түүх бичлэгийн давуу тал нь байна.

Түүний бичсэнээр “Монголын аугаа хатад амьдралынхаа турш гэр бүл, үндэс угсаагаа хамгаалж иржээ. Чингис хаан төр улсыг үндэслэн байгуулсан бол хатад эмэгтэйчүүд түүнийг нь амьдруулсан юм. Тэр хатад цаг хугацаа, сэтгэл оюунаа хөшөө дурсгал, хот балгад барихад бус, Хаан эцгийнхээ адилаар гүрэн улсаа байгуулахад зориулсан юм. Тэдний амьдрал тэмцлийг гэрчлэх зүйлс эрт галавын амьтдын ул мөр мэт байсаар байна. Гагцхүү бид түүнийг хайж олохыг, олсныхоо дараа олж харахыг л хүсэх хэрэгтэй” болж байна.

Энэхүү “Монголын Их Хатдын Нууц Товчоо” ном бол Монголын хатад бүсгүйчүүдэд босгосон үгэн хөшөө болжээ.

Номынхоо өмнө зохиогч “Мөнх Хөх Тэнгэрийн Алтан Наран Их Монгол Үндэстний эхчүүд, охидыг Үүрд мөнхөд ивээх болтугай” гэсэн нь Жакийн монголын эхчүүд эмэгтэйчүүдэд хандаж буй сэтгэл, хүндлэл нь юм. Харин ямар ч монгол зохиогч номынхоо өмнө ийм үг бичиж чадсан бил үү, үгүй бил үү?

***

2004 онд Вашингтон хотноо Жак Уэтерфордын “Өнөөгийн Ертөнцийг үндэслэгч эзэн Чингис хаан” номын нээлт болж, төд удалгүй Нью-Йоркийн хамгийн гүйлгээтэй номоор шалгарч, дуулиан тарьж байлаа.

Тэр цагаас хойш юутай ч монголын түүхэнд хандах америкчуудын хандлагад багагүй өөрчлөлт орсон гэдэгт би итгэлтэй байна. 2004 онд Үндэсний газар зүйн нийгэмлэг (National Geographic)-ийн нэвтрүүлгээр гарсан Монголын эзэнт гүрний тухай нэвтрүүлэгт Монголчуудыг зөвхөн байлдан дагуулах, алж хядахын донтой хүмүүс, иргэншээгүй, зэрлэг омгийнхон гэсэн санаа нэвт шингэсэн байсан.

Харин Жак-ийн дээрх ном гарсны дараа 2006 оны нэг сард Үндэсний газар зүйн нийгэмлэгийн нэвтрүүлэгт хоёр жилийн өмнө монголчуудын талаар ярьж байснаасаа огт өөр зүйлийг өгүүлж байсан юм. Тухайлбал Чингис хаан бол

- Шашны эрх, эрх чөлөөг хүн төрөхтний түүхэнд хэзээ ч байгаагүйгээр хангасан
- Улс үндэстнүүдийн хооронд дипломат харилцаа системийг анх бий болгосон
- Худалдаа зах зээлийн бараг өнөөгийнх шиг үр ашигтай орчин, харилцааг бий болгосон
- Цэргийн шинжлэх ухаанд олон зүйлийг цоо шинээр хэрэгжүүлсэн
- Улс түмнүүдийн соёлын харилцааг урьд байгаагүйгээр идэвхжүүлснээр дэлхий нийтийн соёлын хөгжилд маш хүчтэй түлхэц болсон
- Эцсийн эцэст Чингис хаан өнөөгийн шинэ дэлхий ертөнцийг бий болгосон гэсэн байлаа.

Энэ бүх дүгнэлт бол Жак Уэтерфордын “Өнөөгийн Ертөнцийг үндэслэгч Эзэн Чингис хаан” номын үндсэн агуулга нь.

Үнэхээр ч Монголчуудын байлдан дагуулал бүхэл бүтэн найман зууны турш нойрмоглосон дэлхий дахиныг чоцроосон юм. Эртний их соёлт хүчирхэг Ром гүрэн Содоом, Гомоорын араас “тэнгэрийн хилэгнэл” хүртсэнээс хойш Европ дахин урьдын хөгжлийн эрчмээ алдан, XII зууныг хүртэл үндсэндээ унтаа байдалд байсан. Олигтой ахиц дэвшил гарсангүй. Ромчуудын үлдээсэн олон зүйлс, түүний дотроос эрх зүйт хууль цаазат төрийн ёсон, соёл урлаг, шинжлэх ухаан боловсролыг мартаж, Ромын цэцэглэн мандаж байх үетэй харьцуулахад хөгжил дэвшлээс хол ухарсан мэт бүхэлдээ хэдэн зууны турш харанхуйлан байлаа. Европ дахин шашны мухар сохор хүлээсэнд улам улам боомилуулсаар байв. Арабуудын оргилсон эрчимтэй довтолгоон ч тэднийг энэхүү гүн нойрноос нь гүйцэд сэрээсэнгүй. Тэнгэрийн хаяанаас цааш газаргүй хэмээн сэтгэхтэй агаар нэгэн адилаар нам гүм, ажин түжин сууж байв. Хүнд жад чирсэн төмөр дуулгат баатар эрс нь ойр зуураа хөлхөлдөж, нүсэр чулуун хана хэрмээ хөгжлийн дээд мэтээр бодож байж. Загалмайтны цөхрөхийг мартсан улайрсан номлогчид нүх сүв бүрийг нэгжиж байлаа. Загалмайтнууд удаа дараалан цэрэглэн хөдөлсөн ч тэд Сириэс цааш хэтэрч байсангүй. Ираны толгодын цаанаас, Дундад Азийн элсэн цөлийн гүнээс ирдэг эртний их торгон зам хаанаас юу тээж авчирдгыг мартсан байв. Төв Азийн өндөрлөгт ямар их эрч хүчтэй хуй салхи нижигнэн хөдөлж буйг огтхон ч тааварлаж чадахгүй байв.

Үйл явдлуудыг анхааралтай харвал Чингис хааны довтолгооноос хойш Европт олон зүйл хувиран өөрчлөгдсөн. Үйл явдлын хэмжээ далайц өргөсөж, хүмүүс нууцлаг агаад хүчирхэг дорныг сонирхож эхэлсэн.

Гэнэтийн довтолгоон хүмүүст айдас хүйдсийг өөрийн эрхгүй төрүүлдэг. Аливаа юм нууцлаг, үл мэдэгдэм байхийн хэрээр түүнээс үүдэх айдас түгшүүр их байдаг. Чингис хааны довтолгоон гэнэтийн байсан. Европ дахин чухам юу болсны учрыг нь ч олж чадаагүй байтал тэрхүү гэнэтийн зочид ирсэн шигээ гэнэт алга болчихсон. Энэ ялагдашгүй хүчирхэг хүмүүс гэнэт хаанаас гараад ирэв. Яах гэж ирээд яагаад алга болчихов. Энэ нь сониуч хүмүүсийн сонийг хөдөлгөж, баатар эрсийн цөсийг цалгиав. Наран мандах тэнгэрийн хаяанаас цааш газар байж, тэнд хүчирхэг, өвөрмөц сонин ард түмнүүд амьдардгийг Европ дахин анх тийнхүү мэдрэв.

Чингис хааны өрлөг жанжин Сүбээдэй, ач Батхаан нарын довтолгоон /1236-42 он/ энэхүү хариуг улам чанга нэхсэн юм. Дараа дараачийн үеийнхэн, Алтан ордны болон Ил хаадын хүчирхэг, эрхэмсэг байдал нь тэднийг олон зууны гүн нойрноос нь бүрэн сэрээсэн билээ. Дэлхий дахины улс төр, соёл, эдийн засгийн харилцаа эрс өөрчлөгдөж, тэд талынхны дайтах урлаг, төмөр мэт хатуу сахилга бат, хууль ёсноос суралцаж, өртөө улааг хэрэглэх болж, дарь хэмээх хөгжлийн ер бусын эрчим хүчийг ашиглах болов. Наад зах нь ор хөнжлийн даавуу байдгыг мэдэж, гар нүүрээ угааж, дарь хийж, ном бичиг барлах анхны ойлголттой болж, цаасан мөнгөний тухай сураг дуулж, улс хоорондын дипломат харилцааны олон зүйлсийг шинээр нээжээ. Дорныг сонирхох, тийш тэмүүлэх эрмэлзэл нь явсаар газар зүйн их нээлтүүд, улмаар сэргэн мандлыг урин дууджээ.

Эцсийн эцэст дэлхийн олон улс орнууд, үндэстэн угсаатнууд цоо шинээр бүрэлдэн, өнөөгийн ертөнцийн суурь зөвхөн үндэстний төдийгүй эдийн засаг, олон улсын харилцааны хүрээнд бүхий л талаар тавигджээ.

Жак Уэтерфордын “Өнөөгийн Ертөнцийг үндэслэгч Эзэн Чингис хаан” номонд ийм л санааг олон талаас нь нутлан өгүүлжээ.

Ганц америкчуудыг төдийгүй дэлхий дахиныг ч энэ ном дэлдийлгэж чадсан. Энэ 4-5-хан жилийн дотор уг ном дэлхийн 22 орны хэлээр орчуулагдаж, хэдэн сая хувиар хэвлэгджээ. Энэхүү хэдэн сая хувь нэг бүрийн цаана Монголын маань л сурталчилгаа байгаа. Тэр хэмжээгээр монголыг сонирхогчид, судлаачид, жуулчдын тоо ч үлэмж нэмэгдэнэ. Сайн ном гэдэг ийм л үр нөлөөтэй байдаг аж. Энэ бол манай үндэстний түүх судлалд, бидний хөгжилд, дэлхийн тавцан дахь Монгол Улсын нэр хүндэд оруулж буй хувь нэмэр ч гэж хэлж болох байх.

Сүүлийн тавхан жилийн дотор бидний өвөг дээдсийн түүхээр маш олон ном шинээр хэвлэгдэн гарлаа. Кон Иггулдний Чингис хааны амьдралыг өгүүлсэн гурамсан роман, Том Шаньлэйн “Мөнх тэнгэрийн хүчин дор Чингис хааны мандал бадрал”, Жон Манний “Чингис хаан: амьдрал, үхэл ба сэхээрэл”, “Чингис хааны удирдахуйн нууц”, А.Гоүлдбергийн “13 зууны Монголчуудын дарангуйлал”, Моррис Россаби нарийн “Чингис хаан ба Монголын эзэнт гүрэн”, Томас Стрэйсгутын “Алдагдсан соёл иргэншил-Чингис хааны Монгол”, “Чингис хааны аугаа их жанжин Сүбээдэй баатар” гэх мэт маш олон номыг дурдаж болохоор байна. Хамгийн сүүлд л гэхэд “Khubilai Khans Lost Fleet Legendary” гэдэг ном гарсан байна. Мөн Япончууд “Бөртэ Чоно”, Оросууд “Монгол”, саяхан Якутууд ч бас нэг кино бүтээлээ. Өөрөөр хэлбэл дэлхий нийт Монголын түүхээр амьсгалж байна. Монголын түүхийг огт өөрөөр харж, үнэлдэг болж байна.

***
Жак Уэтерфордын монголын түүхийн сэдвээр бичсэн хоёр дахь ном “Монголын Их хатдын Нууц Товчоо” нь өмнөхөөсөө ч илүү амжилт олох болов уу гэж бодож байна. Түүний номын амжилтанд нөлөөлж буй зарим нэг “нууц” бий. Жак чухам зохиолч хүнд л байгууштай гайхалтай уран сэтгэлгээтэй, сэтгэлзүйн чадварлаг задлан шинжээч хүн. Түүхэн хүмүүсийн санамсаргүй унагасан нэг үг, хийсэн нэг үйлдлээс нь ургуулан мөшгишөөр бүхэл бүтэн түүхэн явцыг зургийг босгож ирнэ. Түүхэн баримтууд, уран нийтлэл, сэтгэл зүйн анализ, задлан шинжлэлийг амжилттай хослуулсан нь түүний бүтээлийг түүхийн номнуудаас эрс ялгаруулдаг. Тиймээс түүний номыг уншиж байхад адал явдалт, уран зөгнөлт, уянгын драмт зохиол уншиж байх шиг болдогт гайхах юмгүй. Наргиа болгон түүнд “Та хэрвээ зохиолч бол мундаг зохиолч байх байж ээ” хэмээн хэлж билээ.

Жак Уэтерфорд монголын ард түмэнд, бидэнд, бидний соёл, түүхэнд үнэнхүү халуун дотно сэтгэлээр хандаж чаддаг нь түүний амжилтын бас нэг нууц юм.

Та бидний тэр бүр анзаараагүй, ухаж төнхөөгүй маш нарийн үл ялиг сэжмийг хөөсөөр бүхэл бүтэн нууц түүхийг босгож чадсан энэ ном бидэнд олон нууцийг нээж өгөх болно. 

 
 
 
 

Хэ, хэ... гурван жилийн өмнө АНУ-д үнэт цаасны зах зээл унаж санхүүгийн хямрал эхлэхэд олдсон хэдээр шинэ тавилга, унаа, офис засуулан тансаглаж ямар ч бэлтгэлгүй сууж байсан төр засгийнхан маань хэдэн дойлуур олох гэж тал тийш гүйж, сүүлдээ Олон улсын валютын сангаас 250 саяыг зээлдэн авах болсон. Нөгөө хэд нь бас зүгээргүй, байгаараа гэдийгээд за тэгээд авах бол ингэх тэгэх ёстой шүү гээд баахан болзол тавьсан.

Одоо харин мөнгө бол мөнгө биш болжээ, хэдэн зуун сая дойлуур тэрбүм тэрбүм төгрөгөөр яригдах болов. Нэг талаас өмнөх 4 жилийн хугацаанд бараг 10 тэрбүм доллар далдлахад идэвхтэй оролцсон МАН-ыхан дэндүү их зээлж авлаа, за авлаа гэхэд хэн яаж хувааж идэх нь тодорхойгүй, ардчилсан намын та хэд энэ том бялууг нууцаар хуваагаад идэхээс буцахгүй нөхдүүд шүү хэмээн хардаж байгаа нь зөв л байх.

Гэхдээ нөгөө талаас нэг мөсөн их мөнгө зээлж зоригтой хөдлөхгүй бол айж эмээгээд, царай алдаж 100-200 сая дойлуур олж урд хормойгоо хойтхоос нөхөж суухаас илүү том өөрчлөлт хийх боломжтой болно гэсэн үг.

Хуучин сэтгэхүйгээр бол "өргүй бол баян" гэж үздэг. Гэтэл барууныхан бага зэрэг өртэй байх нь харин ч хүнийг ташуурдаж тархи толгойгоо, хөл гараа илүү түргэн ажиллуулах хөшүүрэг болдог хэмээн итгэдэг аж. Яахав өртэй явахад сэтгэл санааны дарамт учирдаг нь үнэн. Гэхдээ өрөө төлж дуусаад зээлсэн мөнгөөрөө босгосон шинэ бизнес, байр сав, унаа тэрэг хараад сууж байхад басчиг сайхан шүү.

Тиймээс айж эмээлгүй шулуухан их мөнгө зээлж авсан нь зүйтэй байх. Хэдий болгон айж эмээн хойшоо налайгаад суухав дээ.

Бүр болохгүй бол Намбэр Ван ноёнтныг түр зүүр эмнэлгээс нь гаргаад урдаа барьчих боломжтой. $10 тэрбүм өрийг цайруулж чадсан хүн нэг гаруй тэрбүмыг дорхноо янзалчихна бизээ :-))

Монгол хүү

Ѳртѳѳчдийн амрыг эрье!

Медиа хараад сууж байхад монголд сүүлийн үед маш их ярьж байгаа сэдэв бол ЧИНГИС ФОНД болоод буй болтой. МАН санаачлан эдийн засагч нарын дунд энэ сэдвээр хэлэлцүүлэг явуулах юм байна. Үүнтэй холбогдуулаад, хэлэлцүүлгийг сѳрѳг саналгүй зѳв талаас нь дэмжээрэй, сѳрж хэн ч чадна гэсэн жиргээг твиттэрээр авлаа.
 
Бид сүлжээн дээрээ  эерэг сѳрѳг санааны тухай бишгүй л ярьцгааж байсандаа, хэн нь ч билээ эсрэг санал бол эрдэнийн их далай, тэндээс сувд шүүрсэн ч болно гээ л бичиж байсан санагдана. Гэнэт эгдүү хѳдлѳѳд сѳрѳг саналгүй хэлэлцүүлэг бол хэлэлцүүлэг биш намын хурал гээд бичиж орхив. Тэгтэл нилээд уцаарлангүй аястай дургүйцсэн ѳнгѳтэй хариу ирснийг та бүхэнд толилууллаа.
 
Яг миний хувьд бонд босгосон нь зѳв тал нь, харин түүнийг үр ашигтай яаж зарцуулж ашиг олох вэ л гэдэг асуудал байгаа юм шиг байгаа юм. Эртэдсэн, ѳрѳнд орчихлоо гээд одоо яах юм бэ, харин тэр мѳнгѳѳр мѳнгѳ хийх л аргаа эв найртайхан тогтоогоод авмаар юм шиг. Улс тѳр болгоо л түүгээр дѳрѳѳлж нэгнийгээ унагах арга саам эрээд ард түмэнд л лавтайяа хэлэхэд ашиггүй.
И.Цэрэнхүү
 
Ish TserenIsh Tseren @IshtsedenT 13 gru
 

@tsbat_IT @TsogtgerelB Сѳрѳг саналгүй хэлэлцүүлэг бол хэлэлцүүлэг биш зүгээр л намын хуралСѳрѳг санал бол СУВД ЭРДЭНЭ Сѳрѳхгүй гхээр ТѲМѲР

Ts.Bat-Erdene   Ts.Bat-Erdene
@tsbat_IT
 
@IshtsedenT За тийм юм бол сайн сереерэй.,,@TsogtgerelB
Лхагва, 05 12-р сар 2012 10:34

Түүхийг гэрчлэх баримт

Written by

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 Энэ эрийг Зүүнгараас Манжид хүчээ өгсөн хэрцгий дайчин Захчины Аюуш гэнэ. Манжид баригдаж үхэх ялд унаад эзэн хааны төлөө эцсээ хүртэл тэмцэх тангараг тавин байж ялаас мултарч амь өршөөгджээ.

Тэрээр моринд эрэмгий, жадаар гарамгай байлддаг байсан ба хасаг, уйгарын 24 цэргийн ангийг толгойлон Зүүнгарын дайнд орж, язгуур нэгт 6,500 зүүнгарчүүдыг хүйс тэмтрэн хядаж эзэн хаандаа их гавъяа байгуулсан тул түүнийг хөхүүлэн шагнаж, энэхүү хөргийг Манжийн хааны дайчин алдрын танхимд мөнхжүүлсэн байна.

Энэ талаар Массачусеттсийн Технологийн дээд сургуулийн түүхийн профессор Петер Пүрдүгийн (Peter Purdue) бичсэн "Хятад баруунтаа давшсан нь" (China marches West)) номын 277-р талаас уншиж болно.

Бас өөр нэгэн сурвалжид бичснээр бол Амарсанааг Манжид ороход Аюуш түүнтэй хамт дагаар оржээ. Амарсанаа санаа буруулан Манжаас салан тэмцэхэд "Би дахиж урвахгүй" гэж хэлээд үлдсэн ба Манжийн их цэрэгт орж үндэс угсаа нэгтэй ах дүүсээ хүйс тэмтрэн хядсан ажээ.

Ш.Баатар

 

Лхагва, 28 11-р сар 2012 14:12

Мэтгэлцээний тухай Цахим өртөөчид

Written by

Юуны өмнө, нэг нь та бидний алдагдсан алт эрдэнэсийн багахан хэсгийг буцаан авахаар, харин нөгөө нь бидний алт эрдэнэсийг нэгмөсөн далдруулахаар ирцгээсэн гэдгийг онцлоё. Өөрөөр хэлбэл, энэ бол сумын наадмын 2 бөхийн барилдаан биш байлаа.

Ганбаатар нарийн зүйл заалт дээр тодорхой ярихаар иржээ. Харин Баярцогт ерөнхийд нь онолдохоор сайтар бэлджээ. Ганбаатар нь Монголын ЗГ, түүний ард иргэдийг дорд үзэн доромжилсон зүйл заалтыг дурдаж сэлэм гаргаж гялалзтал эргүүлэв. Баярцогт нь еранхийдөө ОТ бол сайн гэрээ, нарийн учрыг нь ард иргэд ойлгохгүй гээд жад гарган мэдлэггүй, гудамжны энэ нөхөр УИХ-д юу хийж явнаа хэмээн алсаас чичлэв. Ганбаатарын нарийвчилсан ноцтой асуултад Баярцогт ер хариулсангүй. Оронд нь ОТ бол эрсдэлгүй сайн гэрээ болсон гэсэн хувийн бодлоо дахин дахин хэлэв. Баярцогтын тулга тойрсон асуултад Ганбаатар эргэн хөөцөлдөн байж хариулав. Дээр нь нэмээд ОТ гэрээг цуцлах санаа зорилгогүй бөгөөд зөвхөн Монголын талд арай дээр нөхцөлтэй болгон өөрчлөх хүсэлтэй байгаа гэдгээ хэлэв.

Дараа нь тэр нийлээд баахан ЭЗО хэлэлцэв. Мэдээж нэг нь ерөнхий, нөгөө нь нарийвчилсан юм ярив. Хэдэн үл мэдэгдэгч, төдөн хувьсах хэмжигдэхүүн, дараалсан ба дараалсан биш 3 жилийн татварын 100 хувь хөнгөлөлт ч гэнэ үү, сайн ухсангүй...Ганбаатар нь олон олон жирийн Монгол хүний нийтлэг хүсэл зоригийг илэрхийлэв. Баярцогт нь цөөн хэдэн олигархи болоод гадаадын хөрөнгө оруулагчдын хүсэл зорилгийг хамгаалав.

Дүгнэлт:ОТ гэрээг тас эсэргүүцэж цуцлах хэрэггүй юм байна. Харин ОТ гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах нь зөв юм байна. Үүний тулд бүх Монголчууд нэгдэж тэмцэх хэрэгтэй юм байна. Бусдын хийсэн гоомой хөнгөн гэрээний хойноос хөөцөлдөж улс монголын эрх ашигийн төлөө чадах ядахараа ажиллаж байгаа Ганбаатар гишүүндээ хувиасаа болон шударга монгол хүн бүрийн өмнөөс гүн талархал дэвшүүлье.

Шигтгээ 1:Мэтгэлцээний эхний хагаст, Баярцогт сандарч тэвдсэн байдалтай юу болоогүй байхад худлаа маасайтал инээж, гараа халаасандаа хийн нааш
цааш холхино. Харин хоёр дахь хагаст Ганбаатар өөрөө бэлтгэл муутай ирснээ мэдэрч, хурч сэлэм нь өрсөлдөгчийн жадны өмнө хүчгүй байгаа ойлгож бяцхан тэвдэв. Ядрахад яр гэгчээр түүний слайд тоног тоөхөөрөмж нь өөрөө дур мэдэн өөрчлөгдөж цөөн хэдэн минутыг нь бас үрж орхив.

Шигтгээ 2:Олон улсын арбитрын шүүхийн үнэн дүр төрхийг Ганбаатар шулуухан зарлав. Харин Баярцогт Монголын ЗГ ОТ-той заргалдаж Лондонгийн арбитрт очвол "далаар чинь тавина шүү" гэсэн Рио Тинто-гийн захиралын үгийг тойруу утгаар дамжуулав.

Шигтгээ 3: Арбитр гэдэг зүйл бол өөрөө олон улсын геополитикийн ашиг сонирхолын уулзвар цэг болж байдгийг Баярцогт ойлгодоггүй "усан тэнэг" гэдэгээ харуулав. Англи шүүгчийн өмнө цагаан баавгайн баибарууш, хөх чоно 2 (Паушок vs Монголын ЗГ) боксдоод оноо тэнцээд ороод ирвэл, газрын тосоор бялхсан оросыг улам хүчтэй болгох эсэхээ тэр бодож үзнэ. Барууныхны ашиг сонирхолд нийцүүлж хэнд нь ялалт өгөх вэ..? Харин Баярцогтын гэнэн төсөөлөлөөр бол Лондонгийн арбитрт "монголын шударга үнэн" ялсан юм байх...

Шигтгээ 4: Жич: Арбитр гэснээс, Их гүрнүүдийн дээрэнгүй бодлого олон улсын гэгдэх бүх баримт бичигт тусгалаа олсон байдаг. Тухайлбал НҮБ-ын нэгэн конвенцийн 2 дараалсан заалтын дурын тоогоор жишээлэн гол утгыг доор сийрүүлье. (Яг нарийн дугаарыг нь мартжээ.) Артикл 14: НҮБ-ын гишүүн 2 улсын хил хязгаарын маргаан НҮБ-д хамаагүй бөгөөд НҮБ түүнийг зохицуулах үүрэггүй. Артикл 15: НҮБ-ын гишүүн 2 улсын хил хязгаарын маргаан НҮБ-д хамаатай бөгөөд НҮБ түүнийг зохицуулах үүрэгтэй. Эндээс ойлгогдох вэ гэхээр, тухайн газар нутгийн маргаан их гүрнүүдийн эрх ашиг сонирхолд хамаатай бол цэнхэр дуулгатны арми тун удалгүй тийшээ маршлана. Хэрэв хамаагүй бол нүдэн балай чихэн дүлий сууна.

Жишээлбэл, Кувейтын нефтыг булаав хэмээн Америк Англи тэргүүтэй гүрнүүд Иракийн эсрэг цэрэглэн хөдөлж хөөн гаргав. Харин Африкт өдий төдий иргэний дайн гарч, зөвхөн Конгод гэхэд л Хуту Тутси 2 омог байлдаж, 10 жилийн хүүхдүүдэд АК-47 бариулан тулалдуулж нийт 1,5 сая хүн алчихаад байхад л НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл юу ч мэдээгүй үзээгүй хараагүй сууж л байсан.

Болд

Лхагва, 28 11-р сар 2012 14:11

Мэтгэлцээний тухай Цахим өртөөчид

Written by

Цэрэнхүү анд мэтгэлцээнийг чухам голоор нь дүгнэжээ. Бүрэн санал нэг байна.Мэтгэлцээний утга учрыг оролцогч этгээдүүд харилцан адилгүй ойлгож бэлдэж иржээ. Баярцогт бол "дайснаа дарахыг" гол зорилгоо болгож.Зорилгоо тодорхойлохоосоо эхлээд тэр алдаа хийлээ. Уг нь бол 2 этгээд мэтгэлцсээр байгаад эцсийн дүндээ тухан сэдэв дээр санал нэгдэх нь мэтгэлцээний үндсэн зорилго баймаар. Гэтэл, хэт өөрийгөө хамгаалах тактик барьж, ОТ-ын гэрээг "төгс гайхамшиг" гэж тодорхойлж буй нь түүнийг цаанаа маапаантай гэдгийг илтгэх мэт. "Гудамжны", "мэдлэггүй" Ганбаатарыг "алаад өгөх" нь Баярцогтын үндсэн зорилго байлаа. Тэрхүү "аженда"-даа таарсан тактик боловсруулж иржээ. Нөгөө талаас Ганбаатар мэтгэлцээний зорилгыг жинхэнэ утгаар ойлгож, тэр хүрээндээ бэлдэж иржээ. Тэрээр энэ мэтгэлцээнээр олон нийтэд зөв мэдээлэл хүргэх ёстой, үүний тулд асууж тодруулах үүрэгтэйгээр оролцохоор бэлтгэлээ хийж. Түүний зорилго "урвагч" Баярцогтыг "алаад өгөх" биш байлаа.Бидний урьд өмнөх төсөөллөөр бол энэ хоёр этгээд яг эсрэгээрээ баймаар. Тийм байх нь уг нь зөв логик. Яагаад гэвэл Ганбаатар ард түмнийг төлөөлж байгаа хүн. Тэр утгаараа ямар ч асуулт асууж тодруулах эрхтэй. Сэжиглэх, хардах эрхтэй. Баярцогт Төрийг төлөөлж гэрээ байгуулсан хүний хувьд үйлчлэгчийн байр сууринаас хандаж буруу ч бай, тэнэг ч бай, мэдлэггүй, мэдээлэлгүй, ер ямар ч асуулт байсан эелдгээр,нарийвчлан тайлбарлаж ойлгуулах үүрэгтэй. Тэрээр хувь хүнийхээ байр суурьнаас асуудалд хандаж огт болохгүй.

Гэтэл, бодит байдал яг эсрэгээрээ байлаа.Энэ байдал нь Баярцогтын талаар маш сэжигтэй ойлголтыг төрүүлэв. Түүнийг олигтой мэдлэггүй, боловсрол муутай хүн гэдгийг илчилж өглөө. Яагаад тэр ийм алдаа гаргав?

Ц.Буянцогтоо

Хуудас 2 -с 1

Цахим Өртөө Сүлжээнд элсэх

  • Өртөөний сүлжээнд элсэх

tsahim_urtuuХэрэв та Монгол Туургатны Цахим Өртөө Сүлжээнд элсэхийг хүсвэл: http://groups.google.com/group/tsahim-urtuu-suljee хаягаар зочилж маш хялбархан бүртгүүлж болно. Та Гүүгл суурьт энэхүү сүлжээнд имэйлээ бүртгүүлснээр манай сүлжээний гишүүн болно.

 

Image Temp

Энэ хуудас нь Цахим Өртөө сүлжээний нийт гишүүдийн хамтын бүтээл байх бөгөөд ажил хэргийн санал болгоныг вэбийн хамтлаг тухай бүр нь тусган энэ хуудсанд оруулж байх болно. Хамтран ажиллаж буй, ажиллахаар зэхэж буй таньд баярлалаа.

Newsletter