181-р сар2019

Баасан, 22 3-р сар 2013 18:36

Балбад зорчсон тэмдэглэл

Written by  Зохицуулагч
Rate this item
(1 Vote)

Балба улсад зорчсон тэмдэглэл. Миний бие угаас урд зүгрүү улсын хилийг давж үзээгүй анх удаа ийнхүү завшаан тохиож хил давахын сацуу, улс дамнан Хималайн өндөр уулсын хязгаар Балба нутгаар 2009 оны 12 сараас 2010 оны 2 сар хүртэл зорчихоор боллоо.


 
Улсаа тунхагласан 26 ны өдөр, олон улсад транс Сибирийн төмөр зам хэмээн алдаршсан, хоёр их хөршийг холбож, монгол улсаар дайран өнгөрөх төмөр замаар, Улаанбаатар хотоос өглөө эрт гаран урд зүгийг чиглэвээ. Орой болоход монгол улсын торгон хил дээр ирлээ. Гадаадад зорчих үнэмлэх пайзаа шалгуулаад Хятадын харьяа болох Өвөрмонголын газар нутагт орж явчихлаа.
Галт тэрэгний нэгэн хэвийн түчигнэх дуунд бүүвэйлэгдэн унтаад өглөө болоход, нэгэнт нутгийн гүнд орсон байх ба орчнийг ажиглан цонхоор жирэлзэн өнгөрөх этгээд сонин аж амьдрал, зайгүй барьсан олон хүлэмж , өндөр цавчим уулсыг нүхлэн ороосон зам тэргүүтнийг харж явлаа. Удалгүй багаас түүхийн хичээл уран зохиолоос мэдэж, өмнө нь үзэж өнгөрөөсөн, олны амнаас хожим дуулж байсан Бээжин хотын захруу орж ирлээ. Энэ хүрэх цавчим уулсын хаагуур нь морьтон эрс маань уулгалан дайрч, хаагуур нь жингийн цуваа явж ирж байсан нь их сонин санагдаж байлаа. Би явж бээжин сууж байна гэдэг үгнээс үүдэн, жингийн цуваа болоод морины хурдаар хэдэн өдөр сар явж болохыг ярилцсаар галт тэрэгний төв буудалд хүрч ирлээ. Этгээд хэлбэр галбиртай өндөр байшин, үймэх олныг сонирхсоор биднийг тоссон монгол нэртэй хятад эмэгтэйтэй хамт таксинд суун буух буудалдаа хүрч ирлээ. Монголд төрж өссөн агаад ерэн оны өөрчлөн байгуулалтын үед энд ирж сууршижээ. Буудал нь цэвэрхэн тохилог аж. Бид хоёр хэл авалцахгүй болохоор Чимгээ гэх энэ эгч хүүхнийг бараадан асууж сураглан хоол ундаа сонгож, явах суухаа заалгаж байв.
Нэгдүгээр өдрийг өнгөрөөгөөд өглөө эрт Төвдийн Лхасийг зорихоор онгоцны буудалд хүрч ирэв. Урьд асууж сурагласнаар төвөггүй явна гэж бодож байтал тийзийг маань үзээд, явах зөвшөөрлийн бичиг шаардаж байна. Яасан ийсэн зөвшөөрөл гэтэл, өөрийн элчингээс бичиг олгуулан авч ирэх тухай хэлж байна. Ингээд энэ өдөр явах гэдэг лөөлөө болвоо хөөрхий. Тийзээ хойшлуулаад, буудалдаа бууж, элчингээ заалгуулж аваад хоёул хоёр зээрдээрээ алхаж гарлаа. Газрын зураг харж, хүмүүсээс асуусаар олж очлоо. Ядаж хагас сайн өдөр таараад ажиллахгүй гэнэ. Ингээд хоёр өдөр Бээжингээр энэ тэрийг сонирхон, Тянь Мини төв талбай, Олимп болсон шувууны үүр цэнгэлдэх хүрээлэн, хуучны худалдааны гудамж, ойр байх захуудаар орж зургаа даруулж явлаа.
Нэгдэх өдрийн өглөө эрт элчин дээр очоод консул гэх нэг залууд учир байдлаа хэллээ, гэтэл манай элчин зөвхөн бусад элчин консул, энэ улсын гадаад харилцааны яамтай харьцана өөр бусадтай харьцадгүй гэж байна, өөр газарт бичиг хийж өгөх тухайтад бүтэшгүй хэрэг, харин та нар аялал жуулчлалын нэг томхон компаниар жуулчлуулж явж болно гэж байна. Тэр нь хэр удах хийгээд хичнээн мөнгө шаардах нь тодорхойгүй юм. За ингээд Лхасаар дайрч Балба явна гэсэн маань бүтэшгүй хэрэг болдог байна. Бээжингээс Балба руу нисдэг нислэг байхгүй гэнэ. Гэтэл интэрнэтээс харахад нислэгтэй гэж байх. Элчингийн ажилтанд хэдэн хуудас бөглөж Хятадын гадаад харилцаанаас үүнийг хялбар шийдэж байх өргөдлийг бичиж өглөө. Үнэндээ тэр нөхөр цааш нь явуулсан эсэхэд одоо ч би эргэлзэж байна. Монголчууд төвдүүдтэй царай төрх ижил болохоор манайхан галт тэрэгээр явдаг юмсанж. Харин ниснэ гэдэг их л ярвигтай их ажил шаардах аж. Ингээд өөр замаар Балба орж болох талаар элчингээс асуулаа. Энэтхэгээс өөр замгүй гэнэ. Ер нь хятад дахь элчингийн ажилтнаас болдог бүтдэг гэх үг ер нь унахгүй. Энэтхэгийн виз авна гээд очтол, бас долоо хоног хүлээх хэрэг гарах ба бүрдүүлэх материал тоймгүй их, буруу дутуу бол бас буцна гэх. Ер нь элчингийн амнаас гарч байсан үг шиг нь болдог бүтдэг юм гэж алга. Ингээд буцаж монголдоо ирж энэтхэгийн виз аваад нисэхээр боллоо.
Буудалдаа иртэл Баянаа гэх монголоор сайн ярих хятад гаралтай эр бидэнд Хятадын өмнө зүгийн хот болох Кунмингээс Катмандуруу онгоц нисдэг талаар хэлж, билет асуулган, хагас цагийн дотор л бүх зүйл өөрөөр эргэх нь тэр. Ийм ч элчинтэй байх гэж. Энүүхнийг мэдээд бидэнд дуулгасан бол юу гэж ингэж ажил удах билээ. Маргааш нь Бээжингээс Кунминг тэндээсээ Балбын нийслэл Катмандуруу нислээ. Хятадын хил дээр визгүй байж яагаад Балба явж байгааг асууж, хэд хэдэн хамгаалалтын хүн ээлж дараалан ирж шалгалаа, ер явуулахгүй янзтай байна, Бүгдэд нь л урилгаа үзүүлж, өнөөх хэлдэгээ хэлж, Балбын хил дээрээс виз авна гэдгээ учирлалаа. Ингээд ачаагаа шалгуулж, хоёулаа толгой түрүүгээ угаах Шампоноо хураалгаж аваад хил гарлаа. Шампони бага савтай байх ёстой, хэмжээ заасан байдаг аж.


Балбын хил нэвтрэв. Непал гэх буюу Балба руу цөөхөн хүн нислээ. Онгоцонд хоол ч гэхэд хаашаа зууш ч гэхэд хаашаа хайрцагтай идэх зүйл өгч байна. Гэтэл мэдэхгүй маньд бол тоон дотор үсэг цохиж явах нь тэр, өнөөх өгсөн дотор нь хийгүй гялгар ууталсан хар юм байсан нь хар өнгөтэй өндөг юм байна. Анх удаа л ингэж хар өнгийн өндөг хараад зогсохгүй амталж үздэг байна. Гурван цаг хиртэй явж нийслэл Катмандуд ирлээ.


Төсөөлж байсныг бодоход дулаан газар юм. Мань хоёртойгоо ижил виз авах гэсэн гурав дөрвөн хүн байна. Визний мэдүүлэг авах хоёр цаас өгснийг нь бөглөж эхэлтэл болно мөнгөө өг гээд таван минут ч бололгүй виз дарууллаа . Хоёр сарын виз авна гэхэд, хоёр гурвын ялгаа байхгүй гурван сараар ав гээд 100 доллар хурааж авав. Үнэндээ хаа газар мэдүүлэг бөглөхөд гурван үеийн түүх бичих шахдаг, тэр нь тийм чухал байдаг ч юм уу үгүй ч юм уу. Харин мань хаширууд нэр, төрсөн он сар өдрийг бичүүлээд бусдыг нь орхиулж хурааж авсан нь хэрэгтэй хэрэггүйг бичүүлж зогсохоос залхасан маягтай байлаа. Ингээд ачаагаа олж аваад л гарах хаалга руу зүгэлтэл аль эртний цахиур буу, хулсан ташуур барьсан цагдаа цэрэг аль нь болохыг бүү мэд, хэдэн эрс зогсож байв. За ингээд цахиур буу хулсан ташуураасаа салаагүй улсад ирж байгаа юм байна даа гэх шүү юм бодогдож байна. Үнэндээ ижил харагдахаас биш арай ч цахиур буу биш, харин оосоргүй болохоос үнэхээр хулсан ташуур байх юм. Бид хоёрыг ороолтоороо толгойгоо ороосон гараа элгэндээ тэвэрсэн бээвийсэн хоёр нөхөр угтлаа. Машин нь буруу талдаа жолоодлоготой аж. Бид хоёр ачаатайгаа хүндэдсэнүү яасан, дугуй нь хавирсан сузуки маркийн жижиг тэргэнд сууж аваад бөгс эргэхгүй нь ч хаашаа юм, гэхдээ л машин бол зөрж боломгүй нарийн гудмаар сүлжиж давхисаар Импала гэх буудалд ирж, маргааш уулзахаар болоод салцгаалаа. Өрөөндөө орлоо нэг л бишээ. Даавуугүй зузаан адеэлыг сөхөөд харсан хүн унтаж байгаад гарсан үрчийсэн өнгөгүй, толбо тогтсон цагаан даавуу байна. Ямар газар хоёр сар болох гэж байна даа гэж бодогдлоо. Шөнө 3 цагт очсон болохоор даавуугаа маргааш нь солиулахаар болоод бүхлээрээ унтацгаалаа. Маргааш нь дээрдэх юмгүй даавуугаар сольж өглөө, яалтайсан билээ. Хожим нь 7 хоногийн дараа Энэтхэг нөхөдтэй хамт амьдрахаар өөр буудалд очиход ч мөн адил үрчийсэн өнгө муутай, толботой даавуу өгөхөөр нь хэл ам хийж солиулахад урьдахаас дээрдэх юмгүй даавуу өгсөн юм. Харахад ч муугаар бодохоор толбо энд тэндгүй тогтсоныг үзүүлээд ахиад соль гэсэнд, дэгжин хувцсалсан менежер залуу өнөөх толбыг хуруугаараа маажиж хамартаа хүргэж үнэрлэж үзүүлэнгээ, энэ бол угаасан цэвэр даавуу, олон дахин угаасан ч арилдаггүй толбо байгаа юм гэчихээд хэнэггүйхэн яваад өгч билээ.

Нэгдүгээр өдөр өглөө босож ирээд гудмаар алхаж явахад, дугуй тэрэгтэй хүмүүстэй нилээд таарах ба суу гэж байгаа бололтой дохиод л шулганалдах нь хятадад байхтай их төстэй санагдаж байлаа. Жуулчид их байх юм, гэтэл одоо жуулчины улирал нь биш гэнэ. Хожим мэдэхнээ Тамил гэх жуулчины хороололд нь ирсэн байж.
Гуйлга гуйсан, гар хөлгүй хүмүүс, орон гэргүй жаахан хүүхдүүд нилээд харагдана. Харин өнөөх машин зөрөмгүй санагдаж байсан гудмаар нь машин тэрэг, мотоцикл унаа, ундаг дугуйтай хүмүүс учраа олоод зөрөөд байх юм. Манайхтай адил чи цаашаа би наашаа, хуц уль, ална шудна гэх маягтай хэрүүл ер гарахгүй, гайхалтай эвтэй явж байна. Үнэндээ Катмандуд зам нарийн болоод машин ихтэй болохоор түгжрэл гэдэг бүр энгийн үзэгдэл болоод хүмүүс нь энэ төвөгтөө дассан байх шиг санагдлаа. Манайхан Улаанбаатар хотоо ямар ч төлөвлөлтгүй барьсан, гудам талбай нь нарийн, байшин барилга нь замбараагүй гэдэг нь эндэхтэй харьцуулахад хувь илүү ажээ. Гэрлэн дохио гээд байх юм үнэндээ цөөхөн, манай Эрдэнэт Дархан хотынх шиг хэдэн уулзвар дээрээ байхаас хэтрэхгүй юм. Дээхэн үед манай аймагт гэрлэн дохио тавихад хөгшчүүд доор нь очоод бараг өдөржин тамхи нэрэн сууж байсан нь санаанд орж байлаа. Цагдаа нь дохиур мод гээд байх юм хэрэглэхгүй гараараа зангаад л шүгэлдэх ба гутлын дээхнүүр шилбээрээ цагаан өнгийн түрий тусдана ороож ялгарсан харагдана.

Гадуур явсаар өлсөж ундаасаад нэгэн цайны газар орлоо. Манайд хоолны газар гэдэг, хоолны үнэр хан хийсэн дулаан орчин хүлээж байдаг бол энд хүйтэн цайтай зэвий даасан айл шиг байх. Зөөгч тогооч нар нь гадуур өмсдөг хөвөнтэй өдөн куртэк өмсөөд хүн орж ирэхийг хүлээн яаядаа гэсэн бээвийсэн хэдэн залуус зогсоно. Энд хэн нь тогооч, хэн нь ажилтан, хэн нь үйлчилэгч, цэвэрлэгч, гадны хүн гэдгийг ялгах арга үгүй. Эмэгтэй тогооч зөөгч бараг байхгүйтэй адил. Манайд ядаж шалны алчуур ширээний алчуур хоёр нь тусдаа юм даа.
Нэгэн удаа өтгөрүүлсэн амтлагч авчирч байгаад ширээн дээр асгачихаад, хар алчуураар арчиж буулгаад шороо тоос, хир даг болсон бетонон шалан дээрээс ширээний алчуураараа арчиад авчихав. Ширээн дээр нь арчаад ч юмуу өөр зүйлээр тосоод авч яагаад ч болдоггүй байсан юм бүү мэд. Үнэндээ хэн юу гэж бодох бол гэсэн нэрэлхүү зан алга.

 

    
Момо гэх буузтай ижил хоол, тукпа гэх төвдийн гурилтай шөл л арай ойр санагдаж байлаа. Харин хожим нь Энэтхэгийн Ладакаас ирсэн нөхөдтэй байрандаа хоол хийж иддэг болсноор өөрсдийн хүссэн хоолыг хийж байлаа. Манайд зарим маань, бид мах гурилаас өөр юм мэдэхгүй энэ хоёрыг холихоос өөр хоолгүй гэж муу амалдаг нь үнэндээ хэт цамаархасан юм шиг санагдаж билээ. Хоёр сар болохын хирээр жирийн иргэд ядуу хүмүүс юу иддэгийг гадарлах болсондоо ийнхүү ярьж хэлдэг хүмүүсийн өмнөөс ийм амьдралтай хүмүүсийг хараад өмнөөс нь ичиж зовмоор байлаа. Ядаж л ямар амттай мах, цагаан идээ, идэж байгаагаа мэдүүштэй.
Хоёрдугаар өдрийн өглөө эрт гэгээ орохын хамт гудамжаар хүмүүсийн чангаар хашгиралдах дуун гарахыг сонслоо. Хүмүүс шөнөжин наргиад өглөөдөө буцаж яваа юм байна, энэ өдөр бүтэн сайн өдөр бөгөөд хүн бүр амарч байх ёстой гэж бодож байлаа.

Манай улс ажлын зургаан өдөртэй байснаа больсоноос хойш олон жилийг ардаа үдэж, өнөөдөр бараг тийм байсан гэхийг мэдэх хүн, залуус дотор байхгүй болж түүх болон үлдэж. Харин Балбад нэг хачирхалтай нь хагас сайн өдөр амарч бүтэн сайн өдрөөс ажлын долоо хоног эхэлдэг аж. Миний дуулснаар дээхни үед германд ч ажлын долоо хоног ийм байсан гэдэг.

Гэтэл өнөөх хашгирах хүмүүсийн дуун улам ойртоход найр цэнгээний дуун биш гэдэг нь ойлгомжтой боллоо. Босож ирээд цонхоор хартал, гартаа урт урт мод, төмөр, чулуу барьсан залуус цагаан хоолойгоор хашгирах нэгнийхээ хэлэхийг дууриан хашгирсаар буудлын өмнүүр өнгөрлөө. Балкон дээрээ гарч харах гэснээ бас мань мэтийгээ гадаадууд гэж шоо үздэг нөхөд яваад олж харчихвал бөөн шуугиан болохвий гээд зүрхэлж гарсангүй. Хэсэг хугацааны дараа ахиад л хэдэн залуус хашгирсаар яваад буудлын дэргэд ирээд бөөн шуугиан боллоо. Энэ удаад зүрхлэн гадаа гарлаа, хажуугийн зэрэглэл өндөртэй буудлын өмнө бөөн юм болж байна, хожим мэдэхнээ хаалга үүдээ хаасангүй гэж тэр их дуугаар хашгирч байсан юмсанж.

Сүхээ маань орж ирээд, онгорхой ганц ч дэлгүүр алга, гол гудманд гадаадууд цуглаад автобусанд уралдан сууж байна гэж хэлсний дагуу очиж үзэхээр гадагш гарлаа.. Замд ганц нэг жуулчин зөрж байгаа нь онгорхой хоолны газар дэлгүүр хайж яваа юмсанж. Гадаадын иргэд Мароккогийн элчингийн өмнө дугаарлан зогсжээ. Эндээс автобусанд сууж нисэх буудал орж байгаа нь тэр гэнэ. Гэнэт нэг европ царайтай хүүхэн хог новш хөглөрсөн цемэнтэн зам дээр ухаан алдахад, бөөн хүн бүчин шаваж , юу болсныг мэдэхээр бие биенээсээ өрсөж байна. Удалгүй цагдаагийн машин ирж найзуудтай нь хамт суулгаад авч явлаа.

Ийнхүү олныг бараадан элдвийг харж зогстол хажуугийн дэлгүүрийн хагас онгойсон өргөдөг хаалгыг хэдэн залуус харчихаад, хүрч ирүүтээ хааж цоожил гэж байгаа бололтой их л ууртай Непалаар хэдэн зүйл хэлээд дутуу хаалттай хаалгыг доош нь түлхэчихээд яваад өгөв. Эзэн нь бололтой эр их л айсан бололтой болхидуу хурдан хөдөлгөөнөөр доогуур нь шурган гарч ирээд түгжичихээд эргэн эргэн харсаар булан тойрон алга боллоо. Удалгүй учрыг нь мэдэхнээ, Балбын баруун хилийн ойр энэтхэгийн зааг дээр олон мянган иргэд цуглаж өөрсдийн хувийн газартай болохыг шаардаж, энэ үеэр нь энгийн иргэд цагдаа нарын хооронд мөргөлдөөн болж дөрвөн хүний аминд хүрсэнийг Маост намаас эсэргүүцэн ажил хаяалтыг хүчээр зохион байгуулж байгаа гэнэ. Ажил хаяалт зохион байгуулсан өдөр ганц ч машин, мотоцикл гудмаар үзэгдэхгүй, ганц ч онгорхой дэлгүүр, цайны газар байх ёсгүй. Учир нь Маост намын дэмжигчид тэр газруудыг сүйтгэж болох бөгөөд гудмаар явах машин мотоциклийг эвдэдэг тул хэн ч зүрхэлж явахгүй. Олон түмний яриагаар бол, улсын мэдлийн уг газарт Маост намаас ядуу иргэдэд газар олгоно гэж зарлаад хүмүүсийг тийш нь турхирсан байна. Ирэх жил буюу 2010 онд хугацаанаас өмнө сонгууль болох хандлагатай байгаа болохоор олныг татахын тул энэ намаас зориуд зохион байгуулсан гэж үзэж байгаа юм. Непал нь 2001 оноос хаант засаггүй болсон бөгөөд, тэр жил хааны өв залгамжлагч хүү нь гэр бүлийнхнээ бүгдийг нь буудаж хөнөөгөөд өөрөө өөрийгөө буудсан гэж хэвлэл мэдээллээр цацсан билээ.

   

Тайлбар: 2001-06-01нд хаан ширээнд угсаа залгах хан хүү Дипендра /арын эгнээний голынх/ согтуугаар хаан эцэг Брендру /Өвөр эгнээний зүүн гарт/, хатан ээж Эйсварья, дүү Нерэджэн /арын эгнээнд баруун гарт/ нар болон хамаатны бусад 6 хүнийг хөнөөгөөд 3 хоногийн дараа өөрийгөө цааш харуулсан гэх (Хүн жаргал нь дэндэхээрээ бас ингэдэг аж). - Нийтлэгч.  

Гэхдээ энэ нь зөвхөн таамаглал болохоос батлагдсан хэрэг биш гэнэ.

Одоогоор энэ улс, манайхны ерээд он шиг шилжилтийн үедээ явж байгаа юм байна. Энэ улс 147181 кв км газар нутагтай , өмнө, баруун , зүүн талаараа Энэтхэгтэй хилэлдэг, хойд талаараа Хятад улсын харьяа Төвдийн автономт улстай хил залгаа гучин сая хүн амтай улс.

 

  

Үүнээс Катмандуд 3 сая иргэн оршин суудаг аж. Балба улсын хүн амын 80% нь Хинди, 15% нь Буддист, 3% нь Муслим, 2% нь Христийн шашинтай.


 
62 ястанаас бүрдсэн 32 янзын өөр хэлээр ярьдаг. Нутгийн хойд хэсгээрх Хималайн өндөр уулсын дагуу амьдардаг хүн амын 70% нь Монгол гаралтай хүмүүс гэнэ. Үүнд Таманг, Магар, Гурунг, Рай, Линбу, Шерпа гэх монгол гаралтай ястангууд амьдардаг аж. Жишээ нь миний таних 20 гаруй хүмүүсээс 4 нь өөрсдийгөө Монгол гаралтай гэж ярих юм. Тэдний нэг нь миний өвөг эцэг 300 гаас 400 жилийн өмнө Монголоос энд ирсэн гэж, аав ээжээсээ сонссоноо бидэнд их л бахдалтай хэлж байв. Ингээд бодохоор 30 сая хүнээс хэд нь Монгол гаралтай мөн хэд нь цус холилдсон болохыг эрэгцүүлэн бодоход цөөхүүлээ гэж өөрсдийгөө ярьцгаадаг бидний хувьд төсөөлөхөд ч бэрх тоо гарах биз. Ер нь Монгол хэмээн өөрсдийгөө танилцуулахад, өмнөөс маань би ч Монгол гэх хүн цөөнгүй таарна. Гэхдээ тэд зөвхөн Монгол гэдэг хүн байдаг гэдгийг мэдэхээс цаашгүй, хаана Монгол улс байдаг ямар хүмүүс хэдүүлээ байдгыг гадарлах ч үгүй.


 Тайлбар: Уугуул Балбачуудын царай энэ гэнэ дээ - нийтлэгч.

Улс төрийн хувьд Коммунист 6 намтай, түүнээс 90 ээд онд шинчлэгдэн байгуулагдсан Маост нам нь нилээд хүчирхэг бөгөөд 601 парламентийн гишүүдээс 223 буюу гуравны нэгээс илүүтэй суудал эзэлдэг юм байна. Ингээд дангаараа засгийн газар байгуулсан боловч, олон эсэргүүцэлтэй тулгараад засгийн газар нь огцорч, хамтарсан засгийн газар байгуулах талаар яриа болж, зөвшилцөлд хүрэхгүй мөн л хоёр удаа хоёроос гурван хоногоор бүх газрыг хааж хүчээр ажил хаялт зохион байгуулж байлаа. Ингээд он гарахаас өмнө нэг сарын дотор гурван удаа ажил хаялт болж энэ нь өдрөөр бол бараг нэг долоо хоног болов. Засгийн газрын цэрэг цагдаа байх боловч Маост нам нь өөрийн гэсэн дэмжигч хууль бус цэрэг армитай гэж ярих юм. Үнэндээ тамхинд мансуурсан багашаархан насны залуус мод чулуу барин гудмаар хашгиран явна. Нэгэн удаа, ийм нэг өдөр бид хоёр эргэн тойрныг харж ажиглан явтал Mongolian trekking Expedition гэх нэртэй газрыг нарийн гудамжны тэртээх мухараас олж харлаа. Арай монгол хүн байх юм биш байгаа хэмээн горьдсоор явж очлоо. Хаалгаа бас хагас дутуу хаасан байх ба, тогшсон даруй нэг шавилхан Непал эр хаалган доогуур шурган гарч ирлээ. Монгол хүн ажилдаг эсэхийг асуусан, үгүй гэж байна, өөрсдийгөө монголоос ирсэнээ тайлбарлаад яагаад ийм нэртэй байгааг асуухад арваад жилийн өмнө ийнхүү нэрийдсэн бөгөөд би өөрөө монгол гаралтай гэж байна. Зөвхөн энэ ч биш машинаар явах замд Монгол хоолны газар, Монгол салон, Монгол дэлгүүр гэх хаяг хаяа нэг нүдэнд өртөнө. Ийнхүү өнөөх залуутай албан өрөөнд нь ярилцан суух үед, нарийн гудмын булан тойроод баахан хашгирсан залуус мод чулуу барьсаар ороод ирлээ, энэ үед мань Мин Тхаба огло үсрэн босоод дутуу хаалттай хаалгаа доош нь түлхэн хаалаа. Хөөрч хашгирсан залуус үүдэнд ирээд хэдэн юм хэлж, хаалгыг нь гаднаас нь нүдэж өшөө бүр доош нь түлхчихээд яваад өглөө. Энэ үед ороод ирвэл яах вэ, юу хийхэв л гэж бодогдож байсан юм. Ингээд дараа уулзах болоод тэндээс гарч билээ.
Удалгүй нэг сар өнгөрсөний дараа, үсээ засуулах болж, үсчиний газар хайж хоёул хавиар нэг явлаа. Үсчин гоо сайхан гэсэн ганц нэг газрын хаалгыг татлаа, өөрсдөө үс сахалдаа баригдсан ахимагхан насны эрчүүд барвайгаад зогсож байх юм. Арай аятай газар сонгох гэж нэлээд явлаа, очсон газар болгон үс засах машингүй, үсчид нь шовх үзүүртэй хайч жижиг сам барьсан харагдана. Лам олдохгүй бол буцахдаа зална гэгчээр голж байсан нэг үсчиний газар үсээ засууллаа. Шовх үзүүртэй хайчаараа хатгачих гээд байгаа юм шиг их л эвгүй юм. Үсийг минь зассаны дараа массаж хийж байгаа нь энэ гээд толгой түрүүгүй цохиж гардаг байгаа, хэсэг хүлээж байгаад болсон гэдгээ ойлгуулаад арай гэж дуусгалаа. Үсний машин байдаггүй нь гайхалтай.


Өглөө оройдоо хоёр хоёр цагаар цахилгааны хязгаарлалт хийдэг болохоор дэлгүүр хоршоо нь цахилгаан хураагуур (аккумлятор), эсвэл Хонда мотортой байх аж. Балба улс нь усан цахилгаан станцуудтай байх ба зарим нэг томоохон гол мөрөн дээрээ бүтээн байгуулалт хийж болохгүй гэсэн гэрээг Энэтхэгтэй хийжээ, Энэтхэгрүү урсан орж байгаа голынхоо уснаас татаас авдаг гэх юм. Бид ч бас Байгаль нууранд цутгаж байгаа Сэлэнгэ мөрнийхөө усаас татаас авч болохгүй гэх газаргүй юм шиг санагдаж байлаа. 30 сая хүн амтай улс шүү дээ. Манайхан цөөхүүлээ болохоор хөгжихгүй байна гэдэг нь дэндүү өрөөсгөл бодол юм байна.

Сармагчны сүм.
Ирсэнээсээ хойш хоёр долоо хонгийн дараа бидний хэдэн нөхөд уулын оройд барьсан сүмд очихоор буудлаасаа гарлаа. Нэг их холгүй газар тул, төөрдөг байшин шиг нарийхан олон сүлжилдсэн гудмаар ороод эргэн тойрныг харан алхаллаа. Ганц нэг ногооны талбайн хажуугаар гарч удалгүй голын эрэгт тулж ирлээ. Ээ бурхан зүг. Юу гээчийн хачин гол харах нь энэ вэ. Гялгар уут, сав суулга, янз бүрийн хог новш бөөгнөрөөд бараг бага шиг далан үүсгэчихсэн, тэр завсараар нь юм угааж бохирдсон савантай хиртэй ус шиг голын ус хөөсрөн шоржигнонo. Уурлаж бухимдсандаа юу, уйтгарлан гуниж гомдсондоо юу, яах учраа олохоо байчихаад байгаа юм уу, урсах уу байх уу гэсэн шиг өтгөрч зунгааралдсаар арай ядан урсана. Манай дунд голоос арай л том, их устай юм. Яг л Катмандугийн төвөөр урсаж байгаа гол билээ. Байгаль эх маань гомдохоос арга үгүй юм, Байс гээд хатуухан ааш гаргах нь тэсэхээ байсны л шинж биз.

Балбад ялангуяа нийслэл Катмандуд хог гэдэг тоймоо алдсан байх юм. Үүнээс гадна жижиг тосгон аялалын зам дагуудаа бөөгнөрсөн хог новш хөглөрөх нь яандаа гэмээр байв. Үнэндээ манайх ч гэсэн бусдыг хэлэхээргүй хогтой боловч одооноос арга хайж зохицуулж чадвал бас яадгаа алдчихаагүй байгаа юм байна даа гэж бодогдлоо.

Балбын хүн амын 80% нь Хинду шашинтан. Хинду шашинтаны зан үйлд голын ус их том үүрэгтэй юм. Тэд нас барсан хүнийхээ хүүрийг хоёр гол цутгах тэр газар аваачаад, хагас цаг хиртэй угааж, усанд тавьж байлгадаг гэнэ. Үүний дараа даавуугаар ороож, зөрүүлэн өрж тавьсан модон дээр тавиад цогцсыг гурав тойрч хүндлэл үзүүлээд модонд гал авалцуулан хүүрийг шатаадаг аж. Шатаасан хүүрийн үлдэгдлийг голд урсгах ба энд ирсэн ойр төрлийн эрчүүд үсээ хусаж голд хаядаг нь өнөөх хөөсөрч өтгөрсөн гол нь энэ мэтээр захаас аван бохирдохын нэг үндэс ч болдог бизээ .

Ийнхүү ус мөн биш, гол мөн бишийг ч ялгамгүй угаадсан дээгүүр барьсан төмөр гүүрээр гараад өгсөж эхэллээ. Шатаар өгсөж явсаар сүмийн хашаанд орж ирлээ. Оройдоо бурханы нүдтэй том гэгч гэртэй төстэй дугуй суварга дунд нь сүндэрлэх аж. Хаа сайгүй сармагчин гүйлдэх бөгөөд бурхан тахил, суварга дээгүүр үсчин гүйлдэх нь сонин. Баруун өмнөх сүмд бурхан багшийн гараа дэрлэн хэвтэх шавар баримал байна. Түүний архантай олон баганатай саравчирхуу задгай сүм байх ба нилээд олон хүн хоол ундны зүйлс идэж байх нь, сүмд ирж мөргөл үйлдсэн хүмүүс гэр орноосоо бэлдэж авчирсан зүйлсээрээ ундалж суугаа нь тэр гэнэ. Хойхно нь хатуу хар модоор сийлбэрлэсэн ур хийцтэй сүм, түүний хажууд засварт орсон багашаархан суварга байх юм.

Энд бас л үзээгүйгээ үзлээ. Дунд эргэм насны хэдэн авгай дээгүүрээ дэрэвгэр, ёроолоороо уйтан сүлжмэл савыг бүдүүн бүсээр оосорлон, нуруундаа үүрээд оосрыг нь духныхаа дээхнүүр толгойгоогоороо өргөх ба туйпуу, элс шороо, хайрга, шавар дүүргэн зөөж байна. Харин нэг залуу эр элс хүрздэн халин мэлтэн хийж өгнө. Ганц ч эрэгтэй хүн ийн үүрэг үүрч байгаа харагдсангүй. Даамал бололтой залуу хөөрхий хүүхнүүдрүү дүрэмдэж чанга чанга дуугарч загначихаад яваад өгөв. Болдогсон бол өөрөөр нь үүрүүлэхсэн гэж бодогдож зогслоо. Би л хувьдаа тэр сагстайг нь дийлж өргөхөөргүй хүнд харагдаж байв. Эмэгтэй үсчин гэж байхгүй, эмэгтэй тогооч, зөөгч ч харагдахгүй, бас ихэнх наймаа хийж байгаа худалдагч нар нь эрэгтэй хүмүүс. Ганц ч эмэгтэй орчуулагч хөтөч байдаггүй гэж байгаа. Яагаад байхгүйг лавлахаар, эмэгтэй хүн энэ ажлыг хийж хээр гадаа гэрээсээ гадуур хонож болдоггүй болохоор тэгдэг гэж хариулна.


Тэгээд хүнтэй суухдаа эмэгтэй нь заавал инж өгч байж суудаг гэх, сууснаасаа хойш эр нь гэрээ тэжээдэг гэх хэрнээ начир дээрээ ийнхүү амьдарлын хатуу хөтүүг, яаж даадаг юм бол гэмээр хүнд хайрга чулуу, элс шороогоор дүүргэсэн савтай хамт нуруундаа үүрч явах юм. Сүмээс ар талруугаа буусан арай аян ташуу шатаар уруудан явахад, жаахан дүүгээ тэвэрсэн нэг охин мөнгө гуйгаад салахгүй болохоор халаасанд явсан хэдэн бутархай зоосоо өгч орхилоо. Гэтэл ахиад өнөөх хайрга үүрсэн хүүхнүүд тэр шатаар зөрөөд өөдөө өгсөж өнгөрлөө. Бүр халин мэлтэн дүүргэсэн байх ба нэгэн хэвээр хоёр тийш ганхан аажуухан алхална. Өнөөх дээр овоолттой байсан элс шороо, хайрга чулуу, шавар тоосгыг энэ хэд л хөөрхий хаа байсан тэр доороос үүрч ирсэн байжээ. Буцаж ирээд ийнхүү бичиж суухдаа зүгээр гуйлга гуйгаад амьдарч байгаад нь биш харин хайрга үүрээд өгсөж байсан эмэгтэйд хэдэн зоосоо өгдөг байж гэж бодогдож байв. Гэтэл гуйлга гуйгаад явж байгаа нь бас өрөвдөлтэй санагдана. Асгарах нулимс, хэлхээтэй цагаан сувдуудын жинхэнэ худлыг ялгахад бэрх гэгчээр өрөвдөлтэй царайлах, үнэхээр хэцүү байгаад алгаан дэлгэж байгааг зөвхөн тэр үед сэтгэлд төрөх мэдрэмжээр л шийдэх юм даа.

Хурим
Нэг өглөө хурим болох гэж байна, бүгд хамт явна гэсээр манай нэг нөхөр хэл дуулгаж ирлээ. Би дээлээ, Сүхээ маань хүрмээ лоовуузан малгайтайгаа өмслөө. Гудманд таарсан хүмүүс их л сониучирхан харж байна. Бид урт микроавтобусанд суугаад Катмандугийн төв хэсгээр явлаа.
 
За төв ч гэждээ, үнэндээ хаана төв хаана зах нь мэдэгдэх арга үгүй, сайн мууг нь ялгахааргүй газар шиг санагдаж байлаа. Явсаар хуримын ёслол болох газар ирлээ, харин ч гэж гайгүй буудал том асартай юм байна. Одоо бараг чихэнд хоногшоод байгаа цан хэнгэрэг, бишгүүрийн дуу эгшиглэнэ.

 

Хүргэн хүү болох Хари гэх бидний найз цэцгээр чимж гоёсон машинд ганцаар үлдээд, бэр болох хүүхэн хэдэн хүнтэй эхлээд асарлуу орлоо. Нилээд удаж байгаад авч ирсэн жимс, амтатан чихэр, өөрсдийн барьсан талх бялууг хүүхэд хүүхнүүд тавган дээр тавин барьж, хүргэний өмнө орон алхасаар том асарт орлоо. Хүргэн хүү бэр хоёрыг хойморт зэрэгцэн суухад, нэгэн хөгшин ирж цэцгийн дэлбээг атган, тэр хоёрын дээгүүр цацлан заншил үйлдлээ. Ирсэн зочид хэдэн эгнээгээр зассан сандлууд дээр сууцгаана. Ширээ засдаггүй аж. Харин зүүн захаар халуун тогоонд гахайн шарсан мах, загасны мах, будаа, буурцагтай шөл, халуун ногоотой эрдэнэшишийн шөл эгнүүлэн ширээн дээр тавьжээ.


 
Удалгүй хүргэн хүү, охины талын ойр төрлийн хамаатнууд хоёр хосод мөнгө өгч ерөөл хайрлан ёслол хийв. Ингэхдээ хоёр хос зэрэгцэн суугаад том гуулин тогоон дээр хөндөлдүүлсэн модон дээр хөлөө нүцгэлэн гишгэх бөгөөд, хүмүүс ирээд хосын хөлийг үнсээд, будаа цацаж, рашаан ус дусаагаад хосын хоёр алгыг алгаараа илсэний дараа мөнгөө өгч байлаа. Хоёр хосын зүүн гар талд дөрвөн талаас нь босгож холбосон модон шовгор барьсан байх ба, голд нь гал түлж,тойруулан шалан дээгүүр идээ будаа тавьжээ. Хосын хөлийг нь үнсдэг нь,


 
ариун нандин хир буртаггүй, хөндөгдөөгүй цэвэр ариун байгаа шүү гэдгийг харуулж байгаа гэнэ. Модон шовгорт гал түлж идээ будаа тавьсан нь, гал голомтоо асаасан хоёр хосын амьдрал, унд хоол элбэг дэлбэг, өлсөх даарах, гачигдахын зовлон амсахгүй сайхан амьдрахыг бэлэгдэж байгаа юм байна. Удалгүй хоёр хос гараа дэлгэн навчинд ороосон дунгын ясаар гоожих усыг тосож зогсоно. Цорготой жижиг цүдгэр савнаас дунгийн ясруу ус гоожуулах ба жижиг савруу өөр хэн нэг нь том савнаас ус утган тасралтгүй дүүргэх аж. Тэдгээр шавсан хүмүүсийн хажууд нэг эр ном барин тасралтгүй унших юм. Бараг хориод минут тийнхүү алгаараа ус тосон зогсох залуу хос, хоёр биедээ үнэнч байх, хэзээч биенээ зовоолгүй сайхан амьдрах, үхлээс бусдаар салахгүй гэдгээ сэтгэл дотроо бодож бурхандаа амалж мөргөл үйлдэж байгаа нь тэр гэнэ. Тэдний хажууд ном барин бувтнах эр, бурхадын нэрийг уншиж байгаа юм байна. Хинду шашны хувьд нэг саяаас илүү бурхад байдаг гэх ба, энэхүү бурхадын нэрнээс нэг хэсгийг нь дуудан уншилга үйлдэнэ. Энэ мэтээ бараг гурван цаг шахуу ёслол үйлдлээ. Хөгжимчид энэ үед бараг нэг аяар хурдлуулж удаашруулан тоглоно. Асарт хоол идэж байгаа хүмүүсийн дунд гудамжнаас орж ирсэн гар хөл нь татанхай хүмүүс байх ба буяныг бодон хэн ч хөөж туудаггүй юм байна. Тэд мөлхөж орж ирээд мөлхөөд л гараад явна. Энэ өдрийн ёслол ийнхүү өндөрлөлөө.

Хоёр хоногийн дараа найр наадмаа хийх гэнэ. Манайхаар бол энэ өдөр бэрээ гуйсан өдөр аж. Хүүхний тал бүх зүйлээ даах ба, хүргэн хүүд хүссэн бэлэг сэлтийг нь авч өгдөг аж. Хүүхний аав ээж охиноо хүнтэй суулгахдаа заавал инж дагуулан өгдөг. Яагаад ийм учиртайг асуухаар, гэрлэснээс хойш эрэгтэй нь ажиллаж эхнэр хүүхэд гэр бүлээ тэжээдэг гэх анзааны юм ярина. Одоо тэгээд инжгүй бол нөхөрт гарахгүй юу гэхээр, хоёр хос хоорондоо зохицоод инж энэ тэр гэхгүйгээр сууж болно гэнэ. За ингээд хоёр хонгийн дараа найр наадам эхлэх өдөр монгол, энэтхэг, балба нийлсэн бидний хэдэн нөхөд Харигийн найранд ирлээ, бас л ширээ байхгүй эгнүүлсэн сандал дээр, зочид хоолоо гар дээрээ бариад иднэ. Найр эхэлж хүмүүс бэлгээ өгөөд, эгнүүлэн тавьсан хоолноос овоолж аваад л хаа нэгтэй сул сандал олж тухлана. Хоолны дараалал гэж уртаас урт эгнээ болно. Удаж төдөлгүй шалан дээр унагасан хоолны үлдэгдэл дээгүүр хальтарч унчих гээд зай завсарыг нь харж гишгэлнэ. Ууж сүйд болдоггүй аж, Хэд гурван хүн өөр өрөөнд сууж ганц нэг пиво уух юм. Дараа нь том зааландаа буцаж орж ирээд энэтхэг маягийн бүжиг бүжинэ. Ийнхүү хоолоо идэж цадсан хүмүүс захаасаа аван явцгааж удалгүй өндөрлөх аж.

Похара (Pokhara) Непалийн нийслэл Катмандугаас 200 гаад км-ийн зайтай орших Похара хэмээх үзэсгэлэнт байгалтай нэгэн хотруу бид, жуулчины жижиг автобусаар үдээс өмнө гарлаа. Уул ороосон нарийн замаар
 

машинууд хоорондоо зөрөх нь их л эвгүй. Өндөр уулын орой ороосон энэ зам маш эгц бөгөөд цонхоор доошоо харахад газар тээр доор харагдах юм. Хот хоорондын Автобус унаа байсгээд л зөрөх ба суудал нь дүүрээд пиг чихсэн машины дээвэр дээр нь нилээд хүн гараад суучихсан, онгорхой хаалгаар нь 4,5 хүн зүүгдсэн явах нь их л содон харагдаж байв. Ингэж зүүгдээстэй 200 гаад км явдаг гэхээр итгэхэд бэрх юм. Замдаа бид 100 км яваад Непалдаа энэ төрлөөрөө анхны болоод хамгийн том бүтээн байгуулалт болох гулсагч олсоор хөдлөх  бүхээгэнд ( цахилгаан шат) сууж уулын оройд байх Манакамана хэмээх 1500 жилийн настай Хинду шашинтны сүмийг очиж үзлээ. Энэ сүм

зөвхөн Хинду шашинтны хувьд ч биш, бас Буддын шашинтны хувьд онцгойлон үздэг чухал газар гэнэ. Манакамана гэдэг нь хүслийг гүйцэлдүүлэгч гэсэн утгатай бөгөөд уг сүм нь өндөр уулын оройд байх ба жилд маш олон зуун итгэгч мөргөлчид, жуулчид ирдэгийг нэгэн овсгоотой эр ажиглаж мэдээд, ийнхүү бүхээгтэй гулсагч олсыг Германы компанитай хамтран хийсэн нь, их л нүдээ олсон ажил байсан бөгөөд жилийн дотор бүх зардлаа нөхөөд ашиг олж эхэлсэн гэнэ. Энэ нь Балбын бизнесийн түүхэнд хамгийн хурдан их ашиг олсон бүтээн байгуулалтад тооцогддог юм байна. Гадаадын иргэд мөн нутгын иргэдийн суух билетний үнэ ялгаатай. Гадны иргэд арай илүү үнэ төлөх ёстой ч бид нутгын иргэдтэй хамт, билет бичүүлж тэдэнтэй хамт хямд үнээр суусан билээ. Энэхүү гулсагч олсоор уулын оройд байх тосгонд хүртэл ойролцоогоор 13 минут явж хүрэх ба, замдаа Трисули хэмээх Орхон голын дайтай өргөн голын дээгүүр гарч, улмаар эгц өөдөө өгссөөр тариалан эрхлэх ганц нэг айлын дээгүүр өнгөрч явсаар уг сүм байдаг тосгонд хүрэлцэн ирнэ. Манакамана сүмийн дэргэдээс алсад байх 8163 метрийн өндөрт орших цаст өндөр уул Манаслу үнэхээр гайхалтай харагдах юм. Сүмийн дэргэд томхон отрын гэрийн буйрны дайтай бүдүүн мод байх нь уг газрыг их л сүрдэж биширмээр болгон харагдуулах аж. Нутгийн хүмүүсийн яриагаар сүм, мод 2 ижил настай гэнэ. Энэ тосгонд хаа сайгүй жүрж ургасан байх ба дуртай нэг нь модонд авирч түүж болох боловч, хүмүүс яг дэргэд нь жүрж зараад сууж байгаа хүмүүсээс голдуу худалдан авч байлаа. Ингээд маргааш өглөө нь битүү манан дундуур гулсах олсоор уруудсаар уулын бэлд бууж ирээд, автобусандаа сууж цааш Похарагийн зүг хөдөллөө. Удалгүй Похарагын барааг харж уг хотын хойд зүгт 8100 метрийн өндөртэй 
 

Анапурна уулсын сүрлэг мөнх цаст оргилийг харан нүд баясган явлаа. Энэ хот нь нийслэл хотоо бодвол цэвэрхэн, байгалийн үзэсгэлэн бүрдсэн сайхан хөндийд байх аж. Үдээс хойш нуурын цаад эрэг дээрх

 Буддагийн сүм үзэхээр сэлүүрт завь хөлслөн гүнзгий уснаас айж бэрэгсээр нуураа гатлаад 2-3 км хэртэй эгц уул өөд авирсаар толгойн оройд байх, Япон улсын хөрөнгө оруулттай тэдний нэг төслөөр баригдсан сүмд хүрч ирлээ. Эндээс Анапурна 1,2,3 оргилууд Манапучна оргил их л тод харагдаж байв. Бидний аз түшиж маргааш нь бас л манан будангүй сайхан өдөр таарч, Саранкот хэмээх Анапурна оргилийн яг эгц өөдөөс харсан уулын оройд гарч мөнх цаст оргилуудыг удаан ширтэн сууцгаав. Мөн эндээс том дурангаар оргилыг дурандахад үнэхээр сүрлэг сайхан нь нүүрэнд тулж гар сунгахад гарт баригдам гайхалтай мэдрэмж төрүүлэх аж. Манай нутгийн мөнх цаст оргилуудаас ялгаатай нь, хайлдаггүй мөнх цас нь ойролцоогоор 6000 мянган метрийн өндөрөөс эхэлдэг аж. Харин Монголд ойролцоогоор 3300 метрээс мөнх цас нь эхэлдэг юм. Эндээс хоёр улсын хүйтэн сэрүүний ялгааг харж болох юм. Саранкотын оройн доохноос олон арван хүн паршоткоор нисэх аж. Үдээс хойш бид газрын гүнээр 150


 
метр хэртэй урсдаг хүрхрээг очиж үзлээ. Энэ хүрхрээнд нэгэн Австри улсын иргэн усанд живж нас баржээ. Хожим нь уг хүрхрээг нас барсан тэр хүүхний нэрээр Дэвигийн хүрхрээ гэж нэрлэх болсон байна. Нэгэн агуй руу орж 100 гаад метр дорогшилж хүрхрээнээс буух усны дэргэд ирэх аж, үүнээс цааш газрын гүн рүү нарийхан хавцлаар ус цааш урсана. Зөвхөн өвөлдөө ус татарсан үед л ийнхүү доош бууж дэргэдээс нь хардаг юм байна. Харин зуны цагт их устай үед газрын гадаргаас л хүрхрээг үздэг гэнэ. Агуйд маш их чийгтэй дулаахан аж. Хөлөрч халууцсан бид хэд агуйн амсар дээр гарч ирээд амарч суутал зааны хошуутай Шива бурханы өмнө хүүхнүүд мөргөн залбирч өнгөрөхийг харсан Ладакын нөхөд инээлдээд байв, учрыг лавласанд уг бурханы дүрийн өмнө, эм бэлэг эрхтэнийг дүрсэлсэн зууван чулуун дундаас эр бэлэг эрхтэнийг товойлгон гаргасан байх ба хүүхнүүд үүнээс үр хүүхэд гуйж мөргөдөг юм байна.

 

Энэ хотод гадаадын жуулчид их байх ба солонгосын буддын шашны лам, христийн итгэгч номлогч нар нилээд таарч байлаа. Похарад жуулчид их ирдэг ажээ. Арга ч үгүй юм, Хималайн цаст өндөр уулсыг ойроос харж, нуурын эрэг дээр амарч, шүхрээр дүүлэн нисэх нь жуулчидад их л таалагдадаг юм байна. Явган аялал Шивапури ( Шива бурханы толгод) гэх байгалийн цогцолборт газраар 5өдөр явган аялал хийлээ. Катмандугаас автобусаар явсаар нэгэн тосгонд ирж, ачаагаа буулган тус бүр өөрсдийн үүргэвч, майхан, хөнжил гудсаа үүрч, хамт явах тогооч туслах ажилтнууд гал тогооны хэрэгслэл, хоол ундны зүйлсээ гонзгой сүлжмэл урт сагсанд хийж үүрээд 3 цаг хиртэй уулын эгц өөд шат дамжин алхсаар нэгэн хуучин цэргийн баазын байшингуудын дэргэд ирж майхнаа барьж хоноглолоо. 6 Тогооч, туслах ажилчидтайгаа нийлээд 24 хүн явган аялал хийв. Тогооч туслахуудын үүрч байгаа ачаа багадаа л 35 кило байх шиг байлаа. Цемэнтээр шаталж хийсэн замаар өгссөөр зорьсон газраа ирэхийн багцаанд Тамангийн тосгоноор дайрч өнгөрлөө. Эд бас Монгол гаралтай хүмүүс гэнэ. Тосгоны иргэдийн амьдрал тийм ч муугүй бололтой. Балба найз маань хэлэхдээ, энэ хүмүүсийн хувцас хунар ядмагхан төрхтэй байгаа ч яг баяр ёслолоор гоёлын хувцас чимэг зүүлтээ зүүвэл их баян харагдана, эдний хувцас эдэлдэг зүүлт чимэг нь сая Рупигээс ч давна гэлээ.( 1$= 72 Рупитэй тэнцэнэ).

Бас их шогч хүмүүс юм. Нэг удаа жижиг мухлаг ажлуулдаг айлын гадаа бөөнөөр сууж цангаагаа тайлж, тэндэхийн хэдэн авгайчуултай хөөрөлдөж байтал, Балбын нөхөд маань инээлдэцгээв. Юу болсныг асуухад, манай нөхдийн нэг, энд өндөг байгаа юу гэж асуухад дунд иргэм насны авгай манайд 6 өндөг байгаа гэж, харин хажууд нь байсан хүүхэн үгүй ээ өнөөдөр манайд хоёр л өндөг байгаа нөгөө хос хоёр өндөг нь доошоо хотруу явсан гэж хариулсан юмсанж. Угтаа манайх тахиагүй, харин гурван эр хүнтэй гэдгээ егөөдсөн маягаар хэлж байлаа. Оройхон гал түлцгээж баахан дуулж бүжгэлцгээв. Тэднийхний нэг харилцаа дуу нь бараг гучаад минут үргэлжилсэн нь бие биесээ егөөдөж гартуулдаг төгсгөлгүй дуу гэнэ. Гал тогооныхон хоол ундаа хаалга цонх нь эвдэрсэн хуучин байранд орж хийлээ. Өнөөх л бидний Энэтхэг андуудтайгаа үргэлж хийж идэцгээж байсан Далбат агшаасан будааг чанасан байв. Махтай хоол барагтай л хийдэггүй гэж байна.

Маргааш нь энэ газраа өнжиж, явган аялалын анхаарах асуудлаар ярилцацгаалаа. Хогны асуудал, хүмүүсийн өгч байгаа цайны мөнгөний тал дээр энд их хэцүү байдалтай тулгардаг аж. Хог нь ч үнэндээ хаа сайгүй, бөөн бөөнөөр овоолоод хаячихсан эсвэл өндөр эгц эрэгрүү урсган хаясан байх юм. Энэ нь аялалаар ирж байгаа жуулчидад таалагддаггүй нь мэдээж, Гэлээ гээд үүнээс зайлсхийхэд их бэрхшээлтэй тулгарч байгаа юм. Энэ замаар зөвхөн жуулчид хөтөчүүд явдаггүй, тосгоны иргэд тэнд амьдарч байгаа болохоор хогоо хамаагүй хаяах нь наад захын хэрэг байдаг байна. Жуулчидтай явж байгаа хөтөчүүд хүртэл хогоо хаа нэгтэй хонхор газар таарвал тэнд нь бөөгнүүлэн хаях ба бөөгнөрсөн хог таарвал дээр нь нэмж шидчихээд л явна. Хамгийн том асуудал бол гялгар уут, шил савнууд. Шатаавал хорт хий ялгарна гээд зүгээр л чулуудчихна. Гэтэл хог боловсруулдаг үйлдвэр байхгүй болохоор хаа нэгтэй хогын цэгт хаясан ч хөглөрч хийсээд улам л тарж новш болно. Харин ачаа үүрэх, хоол хийх мэтээр өөрийн биеэр зовсон ажилчид цайны мөнгө ихээр горьддог аж. Балбад 1950 аад оноос жуулчлал хөгжсөн гэнэ. Үүнийг дагаад нэг муу зуршил тогтссон нь хөдөлвөл цайны мөнгө нэхдэг асуудал юм. Гадныхан өгсөөр сургажээ. Ингээд аялалын эцэст цайны мөнгө их бага өгсөн гэдэг дээр баахан ширүүн тэмцэл болдог гэнэ. Үүнийг бид онгоцны буудал дээр биеээрээ амсцгаасан юм. Онгоцны буудал дээр тэндхийн ажилтан бололтой ягаан өнгөтэй хантааз өмссөн хоёр нөхөр ирээд л ачааг маань тэргэн дээр тавиад 15 метр зайд зөөж өгчихөөд цайны мөнгө гээд нэхээд зогсчихдог байгаа. Ямар сайн үйлчилгээтэй юм бэ гэж бодож дуусаагүй байтал ажилтан үгүй нь мэдэгдэхгүй нөхдүүд маань ачаа хиллэгч, паспорт шалгагч нарын хажууд зовохгүй мөнгө нэхээд зогсоод байдаг, гэтэл бид одоо юун хэрэг болох гэж санаад жолоочдоо бүгдийг нь өгчихсөн байдаг, сүүлд нь Монгол мөнгө 500, 500-г бэлэг дурсгалын маягаар өгч байж салсан юм.

Энэ мэт асуудлыг ярилцаж өөр өөрсдийн улсад ямар байдаг талаар мэдээлэл солилцоод, унд цайгаа уусны дараа хөл бөмбөг тоглоцгоож оройг өнгөрөөв. Маргааш өглөө эрт босон ачаагаа баглаж аваад цааш хөдөллөө. Хоёр групп болж, хэн нэг нь тэр дундаа тайлбарлагч хөтөч болж ээлжлэн дүрд хувирцгаан явсаар Навалпур тосгоны буурчийн газрын дэргэд ирж буудалцгаалаа. Эндээс Манаслу, Лангтан, Дорж- Лхагва нэртэй уулсын оргилууд харагдана, хэрвээ тэнгэр цэлмэг байгаад, будан татаагүйсэн бол Эверэстийн оргилыг эндээс харах боломж байжээ. Хаа сайгүй уулын хажууг үечлэн тэгшилж засаад ногоо тарьсан байх аж.

 Маргааш өглөө эртлэн босож нар улайран мандахыг хараад, өглөний цайгаа уусны дараа аялалаа цааш үргэлжлүүлэв. Зам зуурт хоёр ч цэргийн баазтай таарч хашааг нь тойрон, 7 цаг хиртэй алхаж дараагийн буудаллах газраа ирлээ. Балбад хаа сайгүй цэргийн баазтай таарна. Цэрэг, Армийн салбартаа мөнгө их зарцуулдаг бололтой. Замын хажуугаар хулс их ургасан байх ба цагдаа нарынх нь барьдаг цулгуй хулс олж харсангүй бүгд л голдоо хөндий аж. Харин цагдаа нарынх нь барьдаг хулсан ташуурыг Балбын урд зүгийн халуун орны шугуйгаас авчирдаг гэнэ. Замд таарсан тосгоны хүүхдүүд их холоос ирж хичээлдээ суудаг аж.


 
Хичээл тарсаны дараа багш нь жаахан хүүхдүүдийг жагсаан замын хажуугаар цуваагаар явцгаана. Дан хөвгүүд, аль эсвэл дан охидууд нэг дор сурцгаана. Сургууль бүр өөр өөрийн дүрэмт хувцастай. Хүүхдүүд хөл бөмбөг их тоглоцгооно. Бидний буудалсан газрын урдах уулын оройг трактороор түрж тэгшилж байгаа нь хожим энд гэлэнмаа нарын сүм байгуулахад зориулагдаж байгаа гэнэ. Орой нь бид хөл бөмбөг тоглосны дараа аялалын сүүлийн шөнө гээд, нутгийн нэрмэл архи Рокси ууцгааж дуулалдан бүжиглэлээ. Балба нөхөд
 

маань хоёр зууван бөмбөрөө цохиж аядана тааруулан бүжиглэнэ. Ер нь сав л хийвэл бүжиглэж байдаг хүмүүс юм. Нутгийн нэг авгай хоёр бандитай хамт бидний хажууд ирээд савтай Роксигоо зарж, өнөөх хоёр банди ч бидэнтэй нийлэн бүжиглэн дуулав. Ингэж хоноод маргааш өглөө нь ойролцоох тосгоны зүг алхацгаалаа. Замдаа манай эриний 500 аад оны үед баригдсан гэх сүмийг үзэж сонирхов. Сүмийн хашаанд язгуурын таван Буддагийн дүртэй суварга, бас агуй байх аж. Сүмийн гол орох хаалганы дээр толь байх юм. Энэ нь муу ёрын сүнс, бохир завааныг үл оруулахын тухайтад эвцэлдүүлэн тавьсан нь тэр гэнэ. Шатаар уруудан алхахад жижиг төмөр хашлагатай цус нөж болсон өргөлийн газартай таарч байв. Энд голчилон тахиа нядлаж өргөл барьдаг байна. Уулын бэлд тогооч, туслах ажилчидаа, гал тогооныхоо ачаатай хамт микроавтобусаар хотруу явуулаад, бидний хэдэн нөхөд үлдэв. Цаашлаад бид тосгонд орж ирэхэд хөл толгой нь үл мэдэгдэм замбараагүй хөл үймээнд орж явчихлаа. Тосгонд дөнгөж орж иртэл дөрвөн хүн цагаан даавуугаар ороосон хүүрийг мөрлөн алхасаар зөрлөө. Араас нь хэдэн хүн дагаж явна. Ингээд Катманду явах унаа хайж авто вокзал дээр нь ирлээ. Юун унаа олох, пиг чихээд дээрнэ гараад суучихсан Автобусны хаана нь ч суух билээ. Ингээд цаг хиртэй хүлээж байтал Чинро гэх Балба нөхөр маань унаа олж ирснээр, бид хотруу явцгаалаа. Ингээд хоёр хоногийн дараа Монголруу буцах оройгоо, анх Катмандуд ирээд үзэж байсан Боднат гэх, дээд оройгоороо Буддагийн нүд мөн хамар мэт асуултын тэмдэг шиг дүрстэй асар том суваргын дэргэдэх зоогийн газраас Энэтхэг, Балба нөхөд маань бид хоёрыг гаргаж өгсөн билээ. Суварга дээрх Буддагийн нүд нь баян ядуу, хэл зүс ялгалгүй бүхнийг энэрэн нигүүлсэхээр харж хамгаалахын сацуу, асуулт мэт муруй дүрсээр харанхуй бүдүүлэгээс мэдвэл зохихыг мэдэж гэгээрэх замыг заасан байдаг аж. Мөн нөгөөтэйгүүр хамар мэт харагдах энэ асуултын тэмдэг нь, таны сэтгэлд бусдыг нигүүлсэх агуу их хүч, гэгээрэлд хүрэх чин эрмэлзэл байгааг лавлаж байгаа гэнэ. Энэ мэт олон түүх соёл, сонин хачин, өвөрмөц амьдарлын хэв маягтай, байгалийн гайхамшигт тогтоцтой Балбын улсад хоёр сар болж, өөрийн нүдээр харсан минь энэ билээ. Халуун орны ширэнгэн ой Хөхрөх уулсын оргил Хөх тэнгэрийн цаст баганат Бурхан бумбын орон Будант Балбын улс минь баяртай Намастай гэж намалзан уулздаг Найз гэж мэхийн ёсолдог Хил хязгаар хол Хэл зүс ондоо Харь нутгийн анд нар минь баяртай

 Тэмдэглэл бичсэн Шагж

Read 28787 times Last modified on Бямба, 23 3-р сар 2013 17:21

5 comments

  • Comment Link Баасан, 09 10-р сар 2015 18:21 posted by Энхээ

    Очиж үзмээр санагдаад мэдээлэл хайгаад олж уншлаа. Хэрэгтэй мэдээлэл байна. Гэхдээ уншиж дуусахад аялалд гарах сонирхол минь шгшй боллоо.

  • Comment Link Баасан, 09 10-р сар 2015 18:21 posted by Энхээ

    Очиж үзмээр санагдаад мэдээлэл хайгаад олж уншлаа. Хэрэгтэй мэдээлэл байна. Гэхдээ уншиж дуусахад аялалд гарах сонирхол минь шгшй боллоо.

  • Comment Link Баасан, 08 5-р сар 2015 22:11 posted by Unshiv

    Tegj ig hogondoo daragdsan zavaarch, baigalaa gol usaa hairladaggui gazar gazar hudluhuud ch yah bilee, burhan ni shiitgej ceverlej bgaam bn gej setgegdel turluu

  • Comment Link Бямба, 02 5-р сар 2015 14:47 posted by Adiya

    uneheer sonirholtoi niitlel boljee bayarlalaa

  • Comment Link Мягмар, 25 3-р сар 2014 10:00 posted by Аагий

    Нилээд бодит мэдээлэл болжээ.
    Анх очих гэж байгаа хүнд их хэрэгтэй мэдээлэл байна.

    Баярлалаа

Leave a comment

Email * */ ?>

Цахим Өртөө Сүлжээнд элсэх

  • Өртөөний сүлжээнд элсэх

tsahim_urtuuХэрэв та Монгол Туургатны Цахим Өртөө Сүлжээнд элсэхийг хүсвэл: http://groups.google.com/group/tsahim-urtuu-suljee хаягаар зочилж маш хялбархан бүртгүүлж болно. Та Гүүгл суурьт энэхүү сүлжээнд имэйлээ бүртгүүлснээр манай сүлжээний гишүүн болно.

 

Image Temp

Энэ хуудас нь Цахим Өртөө сүлжээний нийт гишүүдийн хамтын бүтээл байх бөгөөд ажил хэргийн санал болгоныг вэбийн хамтлаг тухай бүр нь тусган энэ хуудсанд оруулж байх болно. Хамтран ажиллаж буй, ажиллахаар зэхэж буй таньд баярлалаа.

Newsletter