1712-р сар2018

19 1-р сар
Written by 

"Шинэ Монгол" сургуулиар орсон тэмдэглэл

Цахим Өртөө Холбооны анд Шинэ Монгол бүрэн дунд сургуулийн захирал П. Наранбаярын урилгаар тус сургууль дээр 1-р сарын 11-ны Баасан гаригт “Актуар мэргэжлийн танилцуулга” сэдэвт яриа, хэлэлцүүлгийг тус сургуулийн ахлах ангийн сурагчдын дунд хийлээ. Уг хэлэлцүүлгийг хийхэд төрсөн сэтгэгдлээ та бүхэнтэй хуваалцаж байна. Наранбаяр анд маань Японоос ирээд Шинэ Монгол сургуулийн захирлын ажлыг хүлээн авснаас хойш 2 сар хүрэхгүй хугацаа өнгөрч байгаа, өөрөөр хэлбэл шинэ захирлын “будагных нь үнэр арилаагүй” энэ үед сургуулийн үйл ажиллагаатай танилцаж, өөрийн мэргэжлийг танилцуулах боломж олдсон явдал нь миний хувьд ихээхэн онцлог бөгөөд олзуурхууштай үйл явдал боллоо. Товлосон цагт “Монгол заншлаараа” хэдэн минут хоцорч, яарч сандарсан хүн Шинэ Монгол сургуулийн хаалгаар гүйхээрээ орлоо. Үүдний жижүүр миний нэрийг асуухаар нэрээ хэлээд ирсэн зорилгоо тайлбарлахаар ухантаж эхэлтэл “Өө таныг Захирал 2 давхарт өрөөндөө хүлээж байгаа, та яваад ор” гэлээ. Өөдлөх айл үүднээсээ гэгчээр зохион байгуулалт сайтай байгууллага байна даа гэсэн анхны сэтгэгдэл төрөв. Наранбаяр захиралтай уулзаж кофе-оор дайлуулаад ахлах ангийхан цугласан 5 давхарт байрлах зааланд явж орлоо.

Нэг том хичээлийн танхимдаа цугласан байх гэж бодож байсан төсөөлөл маань талаар болов. 300 орчим хүний суудалтай театрын зохион байгуулалттай, бүрэн тоноглогдсон том танхимд явж орлоо. Ойролцоогоор 150 гаруй сурагчид цугласан байв. Наранбаяр захирал намайг танилцуулаад, би сайн байна уу гээд мэндлэхэд сурагчид бүгдээрээ босоод нэгэн дуугаар “сайн, та сайн байна уу” гэж мэндлээд, бүгдээрээ нэгэн зэрэг бөхийн ёслоход Японы соёлд А-гүй надад маш сонин мэдрэмж төрснийг нуух юун. Наранбаяр захирал өөрөө хөтөлж, яриаг эхлүүллээ. Мань хүн туршлага заан ярианы сэдвийг чиглүүлэн, танхимын уур амьсгалыг удирдаад явав. Би ч яахав нөгөө “бөөснийхөө тухай” яриж гарлаа. Актуар мэргэжил гэж юу болох, Монгол улсад актуар мэргэжлийн хөгжил ямар шатанд байгаа, өөрөө яаж яваад энэ мэргэжилд орсон талаар харилцан яриа хэлбэрээр аль болох албан ёсны бус нөхөрсөг байдлаар ярихыг хичээв. Ярианы дундуур болон төгсгөлд сурагчдад асуулт хариултын цаг гаргаж өгсөн. Сурагчид юу ойлгосон, юу бодож байгаагаа илэн далангуй, өөртэй итгэлтэй яриж, асуух аж. Зарим асуулт маш нухацтай, хариулт өгөхөд бодох хугацаа шаардагдахаар, манийгаа жаахан сандраагаад авахаар байсныг нуух юун. Тухайлбал нэг охин (уучлаарай нэрийг нь санахгүй байна, уул нь бүгдээрээ асуулт асуухаас өмнө анги болон нэрээ хэлж байсан) “Нийгэм судлалын талаас үзэхэд ирээдүйд болох үйл явдлыг урьдчилан хамаагүй тайлбарлах нь нийгмийн сэтгэл зүйд нөлөөлж болох аюултай үзэгдэлд хүргэж болно гэж үздэг. (Бодвол өнгөрсөн 12 сарын 21-нд Монголд дэлхий сөнөхөө шахсныг хэлэв бололтой) Таны мэргэжил үүнд ямар хариу өгдөг бэ” гэж асууж байх жишээтэй.

Яриа өндөрлөсний дараа танхимаас гарах хүртэл сурагчид бүгдээрээ босож зогсоод өөрсдөө гарахгүй хүлээж байгаад зочидоо түрүүлж гаргах аж. Захирлын өрөөнд тус сургуулийн үүсгэн байгуулагч Ж. Галбадрах багштай таарч мэнд усаа солилцоод Наранбаяр захирлыг даган сургуультай танилцах ажилд орлоо. Товчхоноор хэлбэл, маш цэвэрхэн, өндөр зохион байгуулалттай, сургалтын үйл ажиллагаа явуулах бүрэн тохижилт хийгдсэн, Япон хэв шинжтэй сургууль байлаа. Анх сургуулийг байгуулахад Японд “Нэг багана” гэдэг аян өрнүүлж сургуулийн санхүүжилтыг босгосон тухай, энэ их буянтай ажилд гар сунгасан Япон хөрөнгө оруулагчдын тухай, бүр жаахан хүүхдүүд өөрсдийн цуглуулсан мөнгөө энэ аянд хандивлаж байсан талаар Наранбаяр захирал сургуулиа танилцуулах зуураа сонирхуулж явлаа.

Төгсгөлд нь Шинэ Монгол сургуулиар ороод гарахад надад үлдсэн бодлоо хуваалцахад сургалт явуулахад дэг журам, сахилга бат маш чухал санагдав. Энэ сургууль дээр манай улсын бусад арван жилийн сургуулиуд болон их дээд сургуулиуд дээр нийтлэг ажиглагддаг “архайж, ханхайсан эрчүүд” эсвэл “Солонгос охидуудыг дуурайн эцэг эх нь ч танихааргүй болтлоо будаг шунх болсон охидууд” харагдсангүй. Хүүхэд хүүхдээрээ, сургууль дээр мэдлэг, боловсрол олж авах үндсэн зорилгод нь чиглүүлсэн орчныг бүрдүүлж, сахилга дэг журмыг тогтоож өгөх хэрэгтэй юм байна гэсэн дүгнэлтэд хүрэв. Сонирхуулахад, өнгөрсөн жил Цахим Өртөө Сүлжээгээр бахархан хэлэлцэж байсан “MIT” төгсөөд “Facebook”-д программ хангамжийн инженерээр ажилд орсон Н. Мэргэн энэ сургуулийн төгсөгч юм байна лээ.

Тэмдэглэл хөтөлсөн Д. Гантулга

64 comments

Leave a comment

Цахим Өртөө Сүлжээнд элсэх

  • Өртөөний сүлжээнд элсэх

tsahim_urtuuХэрэв та Монгол Туургатны Цахим Өртөө Сүлжээнд элсэхийг хүсвэл: http://groups.google.com/group/tsahim-urtuu-suljee хаягаар зочилж маш хялбархан бүртгүүлж болно. Та Гүүгл суурьт энэхүү сүлжээнд имэйлээ бүртгүүлснээр манай сүлжээний гишүүн болно.

 

Image Temp

Энэ хуудас нь Цахим Өртөө сүлжээний нийт гишүүдийн хамтын бүтээл байх бөгөөд ажил хэргийн санал болгоныг вэбийн хамтлаг тухай бүр нь тусган энэ хуудсанд оруулж байх болно. Хамтран ажиллаж буй, ажиллахаар зэхэж буй таньд баярлалаа.

Newsletter