НУТГААС ИРСЭНИЙ ДАРААХАН НЬ
2006/11/14, Мягмар - 10:27
1. Нутгаа зорихын өмнөхөн тань Тантай хийсэн ярилцлагадаа Таныг нутаг яваад ирэхээр тань сонин дуулгана гээд уншигчиддаа амлачихсан тул эргэн холбогдож байна. Явсан хэрэг зориг сайхан бүтэв vv
Єөрийн тань явуулсан асуултыг хүлээж аваад ээлжит ярилцлагаа хийх гээд сууж байна Явсан ажил хэргийн хувьд бол их сайхан бүтсэн. Их сайн явж ирсэн гэж хэлэх байна.
2. Танай компанийн цахим хуудаснаа гарсан мэдээллийг харвал ерөнхийлөгч болоод Үндсэн хуулийн Цэц, Хууль зүйн яамны удирдлагуудтай уулзаж ярилцсан юм байна. Тэдэнтэй юун тухай ярилцаж ямар ажил үйлс бүтээхээр тохиролцов.
Бидний Монгол явсан гол зорилго бол сургалт зохион байгуулах явдал байсан. Ер нь бол богино хугацаанд их олон ажил амжууллаа. Монголын хуульчдын үндсэний төвтэй хамтарч доктор Ж.Амарсанаагийн дэмжлэгтэйгээр энэ төв дээр Монголын шүүгч, хууль, прокурорын байгууллагын ажилтнуудад зориулсан 2 өдрийн сургалт зохион байгуулж нилээд олон хүмүүс оролцсон ер нь аятайхан болж өнгөрсөн. Хоёр дахь сургалтыг Монголын өмгөөлөгчдын холбооны дарга Пүрэвнямын дэмжлэгтэйгээр Монголын өмгөөлөгчдын холбоон дээр мөн 2 өдрийн турш хийлээ. Энэ сургалт бол ерөнхийдөө жишиг хуулийн тогтолцоотой Америкийн эрх зүйн системээс хуулбарлан нэвтрүүлж байгаа мэтгэлцэх зарчимийг Монголын шүүн таслах ажиллагаанд хэрхэн хэрэгжүүлэх вэ, энд өмгөөлөгч хуульч хүмүүс ямар үүрэг рольтойгоор оролцох вэ, тэдний оролцох оролцоог нэмэгдүүлэх тал дээр юуг анхаарах вэ гэдэг асуудлуудтай холбогдсон.
Мөн Монголын хууль тогтоох, гүйцэтгэх засаглал, шүүх эрх мэдлийн салбарын өндөр албаны олон хүмүүстэй, тухайлбал Монгол улсын ерөнхийлөгч Н. Энхбаяр, ерөнхийлөгч асан Н. Багабанди нартай, мөн ерөнхийлөгчийн хуулийн зөвлөх Д. Зүмбэрэллхам, ерөнхий сайдын хуулийн зөвлөх Б. Долгор, Монгол Улсын Их Хурлын гишүүн Ц. Шаравдорж, дэлхийн банкны Монгол дах төлөөлөгч Оюунчимэг зэрэг хүмүүстэй уулзаж ярилцлаа. Бүх л уулзалтууд дээр ерөнхийдөө монголын шүүхийн шинэтгэлийг, Монгол дахь ардчилал, хүний эрхийг хамгаалах энэ үйл ажиллгааг яаж хэрхэн дэмжих вэ, энэ ажиллагаанд манай компани, мөн Texas Wesleyan их сургуулийн хуулийн сургууль дээр байгаа Азийн шүүхийн сургалтын төв яаж оролцох вэ гэдэг асуудлаар санал солилцож, зарим нэг урьдчилсан тохиролцоонд хүрээд буй. Одоогийн байдлаар, Монголын хуульч мэргэжлийн хүмүүст зориулсан сургалтыг Азийн шүүхийн сургалтын төв дээр дараа жил зохион явуулахаар тохиролцоод зардал хөрөнгийн зарим эх үүсвэрийг дэлхийн банкнаас гаргахаар яриа хэлцэл хийгээд байгаа. Ерөнхийлөгчийн хуулийн зөвлөх Д. Зүмбэрэллхамтай хоёр ч удаа уулзаж цөөнгүй асуудлаар санал солилсон. Энэ удаад, шүүхийн тухай хуулинд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төсөлд санал өгөх талаар яриад байна. УИХ гишүүн Ц. Шаравдоржтой уулзаж Монголд гадаадын хөрөнгө оруулалт хийх боломж тэдгээртэй холбогдсон хууль эрх зүйн орчинг боловсронгуй болгох тал дээр бид ямар тус дэмжлэг үзүүлж болох вэ гэдэг талаар санал солилцож ярилцсан. Мөн зарим нэг хууль дээр бичгээр санал бэлдэж өгөхөөр тохироод байгаа.
3. Тантай цуг Монгол явсан хүн маань ингэхэд хэн гэдэг ямар алба хашдаг хүн байв аа. Ємнөх ярилцлагдаа энэ талаар тодруулаагүйгээ сая л саналаа, Уучлаарай.
Түүний Монголын болоод Монголын шүүх засаглал, эрх зүйн тогтолцоо, энэ салбарын боловсон хүчний талаархи сэтгэгдэл ямаршуухан байв
Надтай хамт явсан Joe Spurlock гэдэг хүн Texas муж улсын шүүхийн давж заалдах шатны шүүгч, Texas Wesleyan University, School of Law - сургуулийн профессор. Жои, бид хоёр 1999 онд хамтрач Азийн шүүхийн сургалтын төв гэдэг газрыг хуулийн сургууль дээр байгуулсан юм. Сүүлийн 6 жилийн хугацаанд шүүгч нарт зориулсан сургалтыг жил бүр зохион явуулж ирсэн. Саяны явалтаар бид Төвөө төлөөлж, дээр дурьдсан хоёр байгууллага дээр монголд анхны хоёр сургалтаа их амжилттай зохион явууллаа. Би өөрөө мөн төвийн ко-директор учраас бүхий л үйл ажиллагаанд гар бие оролцож аливаа ажлыг хамтран зохион байгуулдаг. Joe-гийн хувьд зургаан жилийн хугацаанд Монголын шүүхийн шинэтгэлийг дэмжих, хүний эрх эрх чөлөөг хамгаалах үйл ажиллагааг урамшуулан дэмжих энэ ажил дээр үлэмж их хүч чармайлт гаргаж, Монголын ардчилалыг хөгжүүлэхэд маш их үнэтэй хувь нэмэр оруулж байгаа Монголыг дэмжие монголд туслая гэсэн сайхан сэтгэлтэй Америк хүн дээ. Ноднин 2005 онд ерөнхийлөгчийн зарлигаар Найрамдал медалиар шагнагдсан. Сая ерөнхийлөгч Н.Энхбаярын зарлигаар Монгол улсын 800 жилийн ойн медалиар шагнагдлаа.
Харин, ерөнхий сэтгэгдлийн хувьд бол эрээнтэй бараантай л байх шиг байна. Бид нар, Монголын дээд шүүхтэй хамтарч 6 жилийн хугацаанд 6 удаа сургалт явуулсан. 40 гаруй шүүгчдийг сургалтанд хамруулсан байгаа. Тэрний үр дүнг харья, цаашид сургалт явуулах шаардлага байгаа эсэх талаар санал солилцое гэсэн бодолтой байсан. Шүүгч нарт зориулсан сургалт үр дүнгийн байдал, санасанд хүрээгүй. Бариад хэлэх тодорхой үр дүн ахиц гараагүй байна гэсэн дүгнэлтийг Joe хийсэн байгаа. Би ч мөн тиймэрхүү байр суурьтай байна. Ер нь бол ямар ч хүмүүстэй уулзаад яриж байхад жирийн иргэн ч тэр төрийн өндөр албан тушаалтан ч тэр шүүхийн талаар туйлын сэтгэл дундуур, үргэлж шүүмжлэлт байр суурьнаас хандаж байна. Шүүгч нартай ч уулзаж ярьж байлаа. Дотроо ч бас зарим хүмүүс нь их сэтгэл дундуур байдаг юм байна. Энэ бүхнээс шүүхийн шинэтгэл бидний хүсэн хүлээж байсан үр дүнд хүрээгүй байна гэсэн ерөнхий ойлголттой ирсэн дээ. Гэхдээ бид нар Монголын ардчилалыг дэмжих ажиллагаагаа үүгээр зогсоож байгаа юм биш л дээ. Ємнө нь хэлсэнчлэн, хуульчдын сургалтыг дэмжих, тэдний мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх замаар Монголын ардчилал, шүүх, эрх зүйн шинэтгэлд хувь нэмэр оруулах энэ үйл ажиллагаагаа цаашид үргэлжлүүлэн явуулах юм.
4. Цахим Єртөө холбооны УЗ-ийн гишүүний хувиар тодорхой ажилууд хийхээр төлөвлөж байсныг тань уншигчид мэднэ. Эхнийх нь АНУ-ын шинэ гарсан цагаачлалын хуулийн заалттай холбогдуулж иргэдтэй хийх уулзалт байсан. Энэ уулзалт ярилцлагын үед манайхан ямаршуухан асуулт голчлон сонирхож байх юм. Ер нь гадагш гарахадаа тэд маань тухайн орны хууль эрх зүйн талаар хэр мэдлэгэй гардаг болтой санагдав
Цахим Єртөө Холбооны удирдах зөвлөлийн гишүүний хувьд нилээд их ажил төлөвлөсөн байсан тэднийгээ ч гайгүй сайн амжуулсан гэж бодож байгаа шүү. Юуны өмнө Монголд байгаа манай холбооны гишүүд Сэрдарам (Холбооны гүйцэтгэх захирал), Баасандорж, Батдулам, Батбаяр, Солонгоо, Лутаа нар миний ажлыг маш сайн дэмжиж, тус дэмжлэг үзүүлж байлаа. Сайхан хамт олон бий болж байгаа юм байна. Ажил хийе юм бүтээе гэсэн өөдрөг сэтгэлтэй ажилсаг сайхан залуус байна. Эдэнтэйгээ сайн хамтарч ажиллах юм бол, Монголд их зүйлийг хийж бүтээж болох юм байна гэсэн сэтгэгдэл төрсөн. Ялангуяа Баасандорждоо би тухайлан их баярлалаа гэдгээ зориуд тэмдэглэн хэлье. Монголд интернэт үйлчилгээ их өндөр түвшинд байгаа юм байна. Би Баасандоржынхоо дэмжлэгтэйгээр, би өөрөө Америкд хэрэглэдэггүй тийм интернэт үйлчилгээ хэрэглэх боломжтой болж, утасгvй (wireless) интернэтийг Монголд байх хугацаандаа хэрэглэж байлаа. Хурдан, их амар хялбар үйлчилгээ юм. Заавал аль нэг газарт утасны үзүүрт холбогдож интернэт рүү орно гэхгүй хаа явсан газраа, буудалын өрөөнөөс, сургалт явуулж байгаа газраасаа интернэт рүү холбогдоддог, эмайлээ явуулчихдаг ийм боломжтой байсан болохоор тун их ажил амжуулж байсан юм. Сургалт явуулж байхдаа би тэрхүү интернэт үйлчилгээг хэрэглээд өөрийнхөө вэб сайт мөн сургалтанд хэрэгтэй вэб хуудас руу шууд ороод хүмүүст үзүүлээд сургалт хийхэд тун их урамтай аятайхан байлаа шүү. Мөн Хэвлэлийн хүрээлэн дээр олон нийттэй Цагаачлалын хуулийн талаар товч ярилцлага хийхээр төлөвлөсөн уулзалт их сайн болсон, манайхан ч их сайн зохион байгуулсан байсан. Ямар төрлийн виз авбал, Америкад хэрхэн яаж ажиллах суралцах боломжтой байна вэ, хэдий хугацаагаар оршин сууж болох вэ гэсэн ерөнхий асуултууд гарч байлаа. Америкд ирье, суралцья, амьдрая гэсэн бодолтой хүмүүс олон байдаг юм байна. Хэрэгцээтэй шаардлагтай чухал сэдэв хөндсөн ярилцлага болсон гэж би бодсон. Тэр хүмүүст бага ч гэсэн хувь нэмэр болсон байх. Нөгөө талаар Америкад энд байж байгаад Монгол буцаж очсон, тэнд янз бүрийн ажил үйлчилгээ бизнесс хийе гэж байгаа, буцаж ирж сургуульд орое гэж байгаа эсвэл тэнд сургуулиа төгссөн энд ирж ажиллая гэсэн хүмүүс их байдаг юм байна. Эдгээр хүмүүс их тодорхой зүйлийг асууж байсан. Тэр хүмүүст хэрэгцээтэй мэдээллийг хүргэж чадсан гэж бодсон. Ер нь бол Цагаачлалын хуулийн талаарх мэдээ, мэдээлэл үнэхээр дутмаг байгаа санагдсан. Энэ уулзалтын дэлгэрэнгүй мэдээллийг Цахим Єртөө Холбооны цахим хуудаснаас авч болно.
5. Монголын хуульчидийг АНУ-д аялуулах төслийн эхээ бас тавиад зар сурталчилгаагаа өгөөд ирсэн гэж ойлгосон. Энэ ажил цааш хэрхэн өрнөх вэ
Хуульчдыг АНУ-д аялуулах төслийн талаар, ЦЄХ-той, мөн зарим нэг хуульч, өмгөөлөгч, мэргэжлийн хүмүүстэй яриад энэ төслийг эхлүүлэх нь зүйтэй гэсэн ойлголтонд хүрч зар мэдээгээ хүмүүст хүргүүлээд ирсэн. Мөн аймгийн шүүхүүд рүү Холбооны УЗ-ийн гишүүн Энхжаргал, Єсөхжаргал нар факсаар илгээж хүмүүст хүргэсэн байх ёстой. 12 сарын 15 хүртэл материал хүлээж авна. Хүлээж авсан материал дээрээ үндэслээд сургалтанд оролцох хүмүүсийн зардалын асуудлыг яриж шийдвэрлэж, хүмүүсээ шалгаруулж аван аялалд оролцуулах ажиллагаагаа эхлэнэ дээ. Энэ оны 11 сарын 7-нд Нью-Йоркт олон улсын шүүгчдийн холбооны нэг хуралдаан болох юм. Уг хуралдаан дээр энэ төслөө танилцуулж тэднээс бас тодорхой тус дэмжлэг авах бодолтой байгаа. Хэрэв энэ ажиллагаанд оролцож байгаа АНУ-ын шүүгч нараас санал тавих юм бол одоогоор төлөвлөөд байгаа Хавай мужийн Мауи, Минносата мужийн Миниаполис, Виржиний мужийн Арлингтон гэсэн 3 н газар дээр, өөр бас нэг хоёр газар нэмэгдэж магадгүй.
6. Гадаадад суугаа Монголчуудын Сонгуульд оролцох боломжийн талаар мөн холбогдох байгууллагын хүмүүстэй уулзжээ. Уг уулзалтын үр дүнгийн талаар мөн сонирхуулахгүй юу
10 сарын 18-ны өдөр манай холбооны УЗ-ын гишүүн Батбаяр бид хамт сонгуулийн ерөнхий хорооны дарга Баттулга, сонгуулийн ерөнхий хорооны нарийн бичгийн дарга Баярсайхан нартай уулзаж,
1- 2008 онд болох УИХ-ийн сонгууль мөн түүнчлэн дараа нь болох ерөнхийлөгчийн сонгуульд гадаадад байгаа хүмүүсийг оролцуулах талаар тодорхой арга хэмжээ авах шаардлагатай байна, нэгэнт хууль нь гарчихсан учраас ямар журмаар оролцох вэ гэдэг тал дээр сонгуулийн хороо журам гаргах ёстой тэр журмаа гаргаачээ
2- гадаадад байгаа Монголчуудын холбоо Цахим Єртөө Холбоо энэ тал дээр сонгуулийн хороотой хамтран ажиллая гэсэн 2 тодорхой асуудал тавьсан. Хүмүүс ерөнхийдөө дэмжиж хүлээж авсан. Баттулга дарга, "Сонгуулийн ерөнхий хороо журам гаргана, энд тодорхой бэрхшээлүүд байгаа, анх удаа ийм ажлыг хийж байгаа учраас туршлага байхгүй, зардал хөрөнгийн хувьд ч хязгаарлагдмал байдаг. Гадаадад 200.000 гаруй Монгол хүн байгаа. Гадаадад байгаа Монголын элчин сайдын яамдуудтай хамтарч ажиллах шаардлагатай, түүнчлэн хөрөнгийн асуудлыг шийдвэрлүүлэхийн тулд, Гадаад явдалын яам, Засгийн газар, Сонгуулийн ерөнхий хороо хамтарсан ажлын хэсэг гаргах болов уу" гэсэн асуудлуудыг хэлж, ерөнхийдөө "хамтарч ажиллана," гэдгээ хэлсэн байгаа. г
Цахим Єртөө Холбоотой хамтарч
1. Сонгуулийн хорооноос гадаадад оршин сууж байгаа хүмүүсийн, Үндсэн хуульд заасан эрхийг нь эдлүүлж, сонгуульд ямар байдлаар оролцуулах вэ гэдэг тал дээр журам гаргана. Энэ талаар тухай тухайн орныхоо туршлага дээр үндэслээд саналаа ирүүлээч ээ. Жишээ нь АНУ, Солонгос, Герман, Оросод яаж хийдэг юм бэ гэх мэтээр тухайн орныхоо туршлагыг холбогдох хууль тогтомжийнх нь цуг ирүүлээнэ үү.
2. Хамгийн бэрхшээлтэй хүндрэлтэй асуудал бол гадаадад байгаа хүмүүсийг бүртгэх ажил байна. Бүртгэж сонгуульд орох эрхийн хуудсийг нь олгох ёстой. Бүртгэл дээр туслана уу, хамтран ажиллая.
3. Асар их зардал гарна, иймд тухайн улс орныхоо Төрийн бус байгууллагуудтай юм уу өөр бусад газруудтай яриад зардлын асуудлыг шийдвэрлэх тал дээр арга зам хайж өгнө үү гэсэн саналууд Баттулга дарга бидэнд хандаж тавьсан.
Баттулга, энэ бүхнийг Монгол улсын хуулиуд, Үндсэн хуулийн хүрээнд хийх ёстой гэдгийг онцлож хэлж байсан.
Түүнчлэн энэ асуудлаар ерөнхий сайдын хуулийн зөвлөх Долгортой уулзаж байхдаа бас ярьсан. Долгор зөвлөх бол нэгэнт хууль гарсан учраас сонгуулийн хороо хэрэгжүүлж журам гаргах ёстой гэсэн байр суурьтай байсан. Журам гаргасны дараа хөрөнгийн асуудлыг засгийн газар шийдэж болно гэсэн. Єөрөө УИХ ийн гишүүн байх үедээ энэ хуулийг батламжилсан тэгээд ч мэргэжлийн хуульч хүний хувьд энэ асуудал дээр их дэмжиж ажиллана гэдгээ хэлсэн байгаа. Ерөнхийлөгчтэй уулзахдаа энэ саналаа бас товчхон хэлсэн. Ерөнхийлөгч, "хуулийн хүрээнд ямар ч байсан энэ асуудлыг шийдэх ёстой. Сонгуулийн ерөнхий хороо журам гаргаад гадаадад байгаа хүмүүсийгээ сонгуульд оролцуулах байхаа тэр үйл ажиллагааг би дэмжинэ" гэж хэлж байсан. УИХ-ийн гишүүн Шаравдорж, энэ асуудлаар тухайлан гадаадад оршин сууж байгаа хүмүүстээ хандаж маш тодорхой зүйл хэлсэн. "Монгол улсын иргэдийн үндсэн хуулийн сонгох сонгогдох эрхийг эдлүүлэх тал дээр туйлбартай дэмжиж ажиллана, ямар л санал байна, юу хийх ёстой байна тэр бүхнийгээ надад шууд бичиж болно. Би дэмжих туслах бүхий л арга хэмжээг авах болноо гэдгээ гадаадад оршин сууж байгаа Монгол хүмүүст дамжуулж өгөөч ээ" гэсэн хүсэлт тавьсан байгаа. Ийм учраас ерөнхийдөө бид нар эхний уулзалтыг хийж, салхи хагалсан, энэ маань, амжилттай сайн болсон. Цаашдаа энэ уулзалтынхаа үр дүнг ажил хэрэг болгох асуудал бидний хувьд үлдэж байна. Холбооны гишүүд маань энэ тал дээр тал бүрээр хамтран ажиллах шаардлага гарч байна аа гэсэн бодолтой байна.
За та ч зорьсон хэргээ саначлан бүтээгээд богц дүүрэн олзтой бодож санасан ихтэй иржээ. Тэр бүхэн тань ажил хэрэг болон дэлгэрэн хөгжихийн ерөөл дэвшүүлээд энэ удаагийн яриагаа өндөрлье дөө.
За их баяраллаа, ерөөлөөр болог!
Ярилцсан Д.Цэрэнбат, Их Британиас
- 1936 уншсан
- Хэвлэх хувилбар
