Сонгуулийн хууль сонгогчийн хууль уу, сонгогдогчийн хууль уу ?

Цахим Өртөө

Хууль зүйн ухааны доктор (Ph. D) Э. Батбаяр bayanmongol2003@yahoo.com , Улаанбаатар хот 2005. 11. 23


Хvмvvс бид хамтран амьдрахын тулд нийгэм гэдгийг байгуулж энэ орчиндоо зохицон оршихын үүднээс төрийг бий болгожээ. Иймд төрийг үүсгэн байгуулах эрх гагцхүү хүмүүс бидэнд олгогдсон бөгөөд энэхүү эрх нь хүн төрөлхтний түүхийн хуудаснаас ч, өнөө үеийн улс орнуудын хөгжлийн хандлагаас харахад янз бүрийн арга замаар хангагдаж байна. Мөн дээрх эрхийг хангах гол баталгаа болох хууль (хэв журам, зарлиг) нь нэг талаас зөвхөн төрд сонгогдогчийн хүсэл зоригийг илэрхийлсэн шинжтэй, түүнийг хамгаалсан агуулгатай гарч байсан бол нөгөө талд тэрхүү төрийн үндэс суурь болох ард түмэн буюу сонгогчийн эрхийг хамгаалсан, тэдний хүсэл зоригийг илэрхийлэх зорилготой гарч байлаа.

Эхний буюу сонгогдогчийн эрх ашигт тулгуурласан хууль гарсан тэр нийгэм бол дарангуйлагч, ганц хүний буюу цөөнхийн, хүний эрхийг зөрчсөн байдаг бөгөөд харин удаах буюу сонгогчийн эрхийг дээдэлсэн хуультай улс орон бол бидний өнөөдрийн хүрэх гээд байгаа иргэний, ардчилсан, хүмүүнлэг нийгмийн амин сүнс нь байдаг билээ. Тиймээс чөлөөт, ардчилсан, иргэний нийгэмтэй улсын сонгуулийн хууль бол ард түмнийхээ хүсэл зоригийг илэрхийлсэн, тэдний оролцоотойгоор бий болдог, Үндсэн хуультай эн тэнцэхүйц хэмжээний хууль юм.

Монгол Улсын ардчилсан шинэ Yндсэн хуулийн дагуу батлагдсан олон хуулиудын нэг нь 1992 оны 4 дүгээр сарын 4-ний өдөр батлагдсан Монгол Улсын Их Хурлын сонгуулийн хууль билээ. Баталсан энэхүү хуулийн дагуу анх 1992 оны УИХ-н ээлжит сонгуулийг зохион байгуулж явуулсан. Түүнээс хойш уг хуульд зөвхөн нэг удаа буюу 1996 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн хуулиар нэмэлт, өөрчлөлт оруулсан ба үүний дагуу 1996, 2000, 2004 оны Улсын Их Хурлын ээлжит сонгууль болон нөхөн сонгуулиудыг зохион байгуулж ирсэн юм.

Улс төр, эдийн засаг, нийгмийн амьдрал улам бүр түргэн хувьсан өөрчлөгдөхийн хэрээр хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа зарим хууль тогтоомж, түүний дотор Монгол Улсын Их Хурлын сонгуулийн хуульд зохих өөрчлөлт оруулах зайлшгүй шаардлага амьдралаас урган гарч байна.

Монгол Улсын Их Хурлын сонгуулийн өнөөгийн тогтолцоог өөрчлөх тухай санал улс төрийн намууд, эрдэмтэн судлаачид, олон нийт, иргэд-сонгогчдын зүгээс байнга гарч байдаг.


Парламентын сонгуулийн мажоритар буюу олонхийг төлөөлөх, пропорциональ буюу хувь тэнцүүлэн хуваарилах гэсэн үндсэн хоёр тогтолцоо, эдгээрийн олон янзын хувилбарууд дэлхийн улс орнуудын парламентын сонгуульд хэрэглэгддэг. Сонгуулийн энэ хоёр үндсэн тогтолцоо өөрсдийн эерэг болоод сөрөг шинжийг агуулж байдаг байна. Энэ хоёр тогтолцооны сайн талуудыг нэгтгэж, сөрөг шинжийг нь багасгах замаар илүү шударга, ардчилсан сонгуулийн тогтолцоог бий болгож хэрэглэх хандлага олон оронд хэвшиж иржээ. Иймд тус ажлын хэсэг нь бусад орны сонгуулийн тогтолцооны туршлага, өөрийн орны өнөөгийн байдал, төрийн болон улс төрийн намуудын төлөвшлийн хэтийн төлөвийг бодолцож, парламентын сонгуулийн хосолсон /холимог/ хэлбэрийн тогтолцоо манай улсад илүү тохиромжтой гэж үзэж, энэ чиглэлээр Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн төслийг боловсруулж, шинэчлэн найруулан УИХ-н ээлжит намрын чуулганаар хэлэлцүүлж, батлуулахаар оруулсан явдал нь нэн сайшаалтай зүйл бөгөөд МАХН, Ардчилсан нам болон Иргэний Зориг, Эх орон, БНН зэрэг олон намын төлөөлөлтэй бас ч болоогүй бие даагчдаас бүрдсэн энэ л парламентын үед зайлшгүй батлагдах шаардлагатай, тийм ч алтан боломж нь бүрдсэн цаг үе таарч байгаа явдал мөнөөс мөн.
УИХ-н ээлжит намрын чуулганаар УИХ-н сонгуулийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байгаа үйл ажиллагаа өөрийн эрхгүй олны анхаарлыг татаж, гайхширлыг төрүүлж байна. Учир нь юу гэвэл намрын чуулганаар хэлэлцэж батлагдах хуулиудын жагсаалтанд орсон уг хуулийн төслийг УИХ дахь намын бүлэг, мөн байнгын хороодоор дуртай үедээ оруулан тухайн хуулийн гол үндсэн баримтлал болох сонгуулийн тогтолцооны зарчим дээр тогтож ярилцалгүй хойш тавьж энд тэндээс нь, зарим нэг зүйл, заалтуудыг нь хэлэлцэж, мэтгэлцэж байгаа явдал юм. Зүй нь уг ажлын хэсгээс оруулж ирсэн сонгуулийн хуулийн холимог хувилбарыг нь дэмжих үү, үгүй гэдэг дээр зарчмын хувьд нэгдсэн байр суурин дээр хүрээд дараагаар нь бусад бүлэг, зүйл, заалтуудыг нь хэлэлцээд явдаг УИХ-н ээлжит чуулганы болон байнгын хороодын хуралдааны үндсэн зарчмыг үл хүндэтгэн, улмаар УИХ-н гишүүд маань асуудалд завхөн сонгогдогчийн буюу өөрсдийн ямар нөхцөлд дахин сонгогдох боломжтой вэ гэсэн байр суурьнаас хандаж байгаа нь нэн харамсалтай.

Хэрэв энэ л парламентын үед, энэ л чуулганы үеэр хэлэлцэж баталж чадахгүй бол дээр дурдсан алтан боломжоо алдаж ирэх сонгуулиудад мөн л нөгөө хуучин хуулиараа булхай зальхайтайхан шиг сонгуулиа зохион байгуулан сонгогч түмнийхээ итгэл найдварыг хөсөрдүүлээд явахыг үгүйсгэх аргагүй билээ.
Тэгвэл өнөөдөр хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хуулиар тухайн тойргийн нийт сонгогчийн 51 ээс дээш хувь нь сонгуульд оролцсон тохиолдолд тэдний 25-аас дээш хувийн саналыг авсан нэр дэвшигч УИХ-ын гишүүнээр сонгогдох бүрэн боломжтой. Энэ тохиолдолд санал өгсөн нийт сонгогчийн 75 хувь нь буюу 4/3-нх нь санал хогийн сав руу шидэгдэж байх жишээтэй. Мөн дээрх тогтолцооны үед жижиг намуудын хувьд парламентад суудал олж авах нь хомс, аажимдаа голлох ганц, хоёр намын нэр дэвшигчдэд л сонгогчид саналаа өгдөг хандлагыг бүрдүүлдэг юм.

Єөр нэг гол дутагдал бол улсын төсөв хэлэлцэх үед УИХ-ын гишүүдийн тойргийн жалга довын үзэл нь сэдэрч тойрог руугаа аль болохоор овоо хэдэн бор юм хуваарилуулах замаар сонгогчдоосоо оноо авах, улмаар дараагийн сонгуульд нэрээ дэвшүүлж дахин сонгогдох боломжоо хангахыг санаархдаг нь хэн бүхэнд нууц биш бөгөөд энэ явдал бүр жил бүр арга хэлбэрээ өөрчлөн, авдаг нөгөө хэдэн бор юмных нь хэмжээ нь нэмэгдэн анх 10 саяаар нь тойрог руугаа зөөдөг байсан бол энэ жил бүр 100 сая болон нэмэгдсэн, ирэх жил хэд ч болох юм, лав л буурахгүй өсөх нь үнэн. Энэ мэтчилэн авсан жишээ бол өдгөө бидний хэрэглэж байгаа мажоритар тогтолцооны гол сул тал гэж тодорхойлж болно.

Ер нь УИХ-ын гишүүн бүр нутаг тодорхой дэвсгэрийн бүлэг хүмүүсийн эрх ашгийн төлөөлөл байдаг тэгвэл сонгуулийн пропорционал тогтолцоотой тохиолдолд энэ төлөөлөл орхигдож сонгогдогч болон сонгогч иргэдийн хоорондын хэлхээ холбоо суларч, УИХ-н гишүүнээр сонгодсон нэр дэвшигч намынхаа нэр хүндээр энэхүү суудлыг олж авсан тул намдаа л үнэнч зүтгэхийг эрхэмлэж сонгогч олон түмний эрх ашгийг огоороход хүрдэг. Мөн хууль тогтоох, улс орны хөгжлийн бодлого тодорхойлох төрийн эрх барих дээд байгууллага нь намын удирдлагыг тойрсон, бялдуучилсан, чадваргүй эрхэм гишүүдээр дүүрэх магадлалтай.
Дүгнэж хэлбэл хүн төрөлхтний бодож олсон сонгуулийн хоёр тогтолцоо ийм ялгаатай ба басхүү дээр дурдсанчилсан давуу болон сул талтай байдаг тул аль нэгийг нь илүүд үзэх үндэслэлгүй учраас тухайн улс орон бүр өөрийн онцлогт илүү тохирно гэснийг нь, эсвэл аль алинаас авсан холимог тогтолцоог сонгодог жамтай.

УИХ-н ээлжит намрын чуулганаар хэлэлцүүлэхээр оруулж ирсэн хуулийн төслийг сайн боловсрогдсон төгс хууль болсон гэж үзэх нь мөн л учир дутагдалтай.

Үүнд засаж залруулахаар, эргэж харахаар, өөрчлөхөөр, хасахаар, дутуу дулимаг хандсан олон зүйл заалт байгаа бөгөөд энэ бүгдийг УИХ-р хэлэлцэх явцад гишүүд маань хариуцлагатай, эрүүл саруул ухаанаар улс төржилгүй, зөвхөн өөрсдийн эрх ашгийг урьтал болголгүй сонгогч олон түмнийхээ итгэл өвөртлүүлэн өөрсдийгөө төлөөлөх эрх олгосон тэр ашиг сонирлын үүднээс асуудалд ул суурьтай хандах шаардлагатай байна.

Энэ олон зүйлийг бүгдийг нь дурдалгүй гол зарчмын шинжтэй сонгогч олны эрх ашгийг хамгаалсан зарим нэг асуудалд тогтож анхаарлаа хандуулья.

Эхнийх нь гадаадад сурч, ажиллаж, амьдарч байгаа Монгол Улсын сонгуулийн насны иргэдийн Үндсэн хуулиар олгогдсон сонгох эрхийн асуудлыг энэ хуулийн төсөлд суулгаж өгөөгүй байна.
Єнөөдөр гадаад улс орнуудад 120 000 гаруй Монгол Улсын иргэд байнга ажиллаж амьдарч байна үүн дээр тухайн сонгуулийн үеэр түр урт богино хугацаагаар 50 000 гаруй иргэд маань бусад улс оронд зорчдог гэсэн албан ёсны тоо баримт байдаг. Тэгвэл энэхүү нийт 170 000 гаруй иргэдээсээ сонгуулийн насны бус гээд тэр 50 000 –г нь хасахад үлдсэн 120 000 гаруй буюу өнөөдөр сонгууль явуулж буй хуулиар тогтоосон 6 том тойргийн сонгогч төлөөлөлөөрөө төрийн эрх барилцах Үндсэн хуулийн эрхээ хэрэгжүүлж чадахгүй байгаа нь харагдаж байна. Гадаад улс орнуудад амьдарч, ажил хөдөлмөр эрхэлж байгаа иргэд маань Монгол Улсын эдийн засаг болон боловсрол соёл шинжлэх ухаан, урлаг спортын салбарт бодитой дэмжлэг үзүүлэн, голлох үүрэг гүйцэтгэж байгаа гэдэгтэй хэн ч маргах аргагүй билээ, тэгвэл энэ олон боловсролтой, улс төрийн соёлтой, ухаалаг, нийгмийн идэвх сайтай сонгогчдын санал орхигдох учиргүй. Үүнийг шийдвэрлэхэд тийм хэцүү, бас бүтэшгүй ч асуудал биш, энд зөвхөн хууль санаачлагчид болон хууль тогтоогчдын маань сэтгэл л дутаж байгаа ба сонгогч түмний эрх ашгийг хамгаалсан хууль гэсэн өнцгөөс нь харахад л болчих зүйл.
Хуульд хэрхэн суулгах вэ гэвэл хуулиас "...санал авах өдөр эх орондоо байгаа" гэсэн хэдхэн үгийг хасахад л гүйцээ, харин хэрхэн зохицуулах вэ гэдгийг нь тусад нь хууль батлаад, аль эсвэл тусгайлан журам гаргаад зохицуулчихаж болно, энэ талаар чамгүй олон улсын туршлага байгаа мөн яг энэ асуудлаар, хэрхэн зохицуулах талаар гадаадад амьдарч суугаа манай улсын иргэд олон удаа бичиж, зарим нэг одорхой саналуудыг хүртэл дэвшүүлсэн байгаа. Тодруулбал АНУ-н Чикаго хотод ажиллаж сурч байгаа МУ-н иргэн Д. Сайнбаяр монгол туургатны цахим өртөө сүлжээнд одоогоос яг жилийн өмнө бусад улс орнуудын туршлагыг судлаж, сонгуульд иргэдийнхээ саналыг авахдаа сонгууль болохоос өмнө тухайн улсад байгаа Монгол улсын элчин сайдын яам, консулын газар, гадаадад байгаа иргэдийнхээ Монгол Улсын засаг захиргааны нэгжид бүртгүүлсэн байнгын хаяг харьялалынх дагуу тус тусынх нь тойрогт саналыг нь авч шуудангаар хүргүүлэх зэрэг тодохой саналуудыг гаргасан байсан.

Үүнтэй холбоотойгоор хэлэхэд дэлхийн улс гүрнүүд тухайлбал АНУ туршилтын журмаар, саяхан Эстон улс албан ёсоор сонгуульд иргэдийнхээ саналыг цахим хэлбэрээр амжилттай авч өндөр хөгжилтэй улсуудын нүдийг бүлтийлгэж, чихийг дэлдийлгэсэн туршлагыг санахад бас илүүдэхгүй.

Дараагийн нэг асуудлын хувьд сонгуулийг зохион байгуулж явуулах байгууллагыг хэрхэн бүрдүүлэх вэ гэдэг явдал.
Сонгуулийг шударга болж байгаа эсэхийг зохион байгуулж байгаа байгууллага нь хэнээс ч хараат бус, бие даасан байдлаар үйл ажиллагаагаа явуулж чадаж байна уу, үгүй юу гэдгээр нь үнэлж цэгнэдэг. Ганц нэг намаараа, хэсэг бүлгээрээ олонхи болж сонгуулийн байгууллагаа байгуулаад, улмаар сонгуулиа зохион байгуулах юм бол үүнийг чөлөөт, ардчилсан, шударга сонгууль явагдлаа гэж хаана ч хүлээн зөвшөөрөх үндэсгүй билээ.
Тэгвэл одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа хуулиар албан тушаалаар нь бүрдүүлж байгаа сонгуулийн төв байгууллагын хувьд дээрх өнцгөөс нь харвал яав ч чөлөөт ардчилсан шударга сонгууль зохион байгуулна гэдэгт итгэх аргагагүй.

Хуулийн төслөөр бол СЕХ- ны бүрэлдэхүүнд аль нэг нам давамгайлж болохгүй гэж заалгүй УИХ, Дээд шүүх, Ерөнхийлөгчөөс тус бүр 3 төлөөлөлтөй байхаар УИХ-с 6 жилийн хугацаатайгаар томилохоор оруулжээ энэ тохиолдолд дийлэнх нь Ерөнхийлөгчийг дэмжсэн аль нэг намын гишүүд орж ирэх боломжтой. Сонгуулийн тойрог, хэсгийн хороо зэрэг жижиг нэгжүүдэд ч мөн адил байгаа.

Сонгуулийг шударга зохион байгуулах байгууллагын бүрэлдэхүүнийг бүрдүүлэхдээ дэлхийн улс орнууд дор дурдсан хоёр аргыг хэрэлэдэг. Нэг нь намуудын тэгш төлөөлөл бүхий дотоод хяналттай байгууллага байхаар, нөгөө нь нийгэмд хүлээн зөвшөөрөгдсөн, нам бус мэргэшсэн хүмүүсээр бүрдүүлдэг.
Энэ хоёр аргын хувьд эхний хувилбарыг нь авч хэрэглэвэл илүү үр дүнтэй болох талтай гэсэн саналтай байна, учир нь хоёр дахь хувилбарыг нь хэрэглэвэл улс төрийн намуудын төлөвшлийн хувьд нялхаараа байгаа, иргэд нь айл гэртээ хүртэл намаараа хуваагдан, үр хүүхэд нь хүртэл улс төрийн талаар цэц булаацалддаг манай улсын хувьд сонгуулийн байгууллагуудад нам бус нэртэй ч ямар нэг намын аль нэг даргын бялууг хүртсэн, тэдний эрх ашгийг хамгаалсан бүлэг хүмүүс мөн л дийлэнх болох талтай.

Єөр нэг заавал хөндөгдөх ёстой асуудал бол төрийн эрх барихад оролцох төлөөллөө сонгосон сонгогчид хэрэв өөрсдийнх нь итгэл найдварыг хөсөрдүүлсэн тохиолдолд сонгогдогчоо эгүүлэн татаж, улмаар тэр төлөөллийн байгууллагаа тараах эрх буюу ноцтой алдаа дутагдал гаргасан тохиолдолд хариуцлага тооцож байх эрүүл нийгмийн тогтолцоо.

УИХ-н гишүүнийг эгүүлэн татах асуудлыг УИХ-н сонгуулийн тухай хуулийн хүрээнд тухайн тойргийн сонгогчдын тодорхой хувийн, тодруулбал дийлэнх олонхийн саналаар шийдвэрлэхээр шууд зохицуулах боломжтой.

Харин УИХ-г тараах явдал нь Үндсэн хуулийн чанартай бөгөөд өнөөдрийн хувьд буюу Үндсэн хуульд зааснаар УИХ тарах нь бэлэгдлийн шинжтэй хэзээ ч тарахааргүй тийм заалттай билээ. Єөрөөр хэлбэл нэг бол өөрсдийнх нь хүсэлтээр буюу УИХ-н нийт гишүүдийн дийлэнх олонхийн саналаар тарна, үгүй бол УИХ нь засгийн газраа хуульд заасан хугацаанд байгуулж чадахгүй бол Ерөнхийлөгч тараахаар заасан байдаг явдал нь дээрх үндэслэлийг баталгаажуулах буй заа.

Иймд Үндсэн хуульд өөрчлөлт оруулах замаар сонгогч олон түмний дийлэнх олонхийн санаачлагаар сонгогчид өөрсдийн байгуулсан төлөөллийн байгууллагадаа итгэл эс хүлээлгэвэл УИХ-нь тардаг байхаар зохицуулах нь иргэний ардчилсан нийгэмд илүү нийцнэ.
Эцэст нь анхааралгүй өнгөрч огт болохгүй нэг зүйл бол сонгүүльтай холбогдсон зөрчил, маргаан түүнийг шийдвэрлэх асуудал юм.
Судалгаанаас үзэхэд нийт хүмүүсийн 15 хувь нь орон нутгийн сонгуулийн үед булхай луйвар гардаг гэсэн бол 40.4 хувь нь УИХ, ба Ерөнхийлөгчийн мөн Орон нутгийн бүх шатны сонгуульд зөрчил булхай гардаг гэж хариулсан байна.

Энэ асуудлыг шийдвэрлэхдээ гол нь тухайн өргөдөл гомдлын агуулгаар нь шат шатанд нь тодорхой хугацаанд шийдвэрлүүлэхээр маргааныг нь холбогдох байгууллагуудад нь харьяалуулахаар хуульд шууд зааж өгсөн бол арай үр нөлөөтэй, тухайн маргааныг цаг, хугацаа алдалгүй шийдвэрлэх боломжтой байсан болов уу гэж үзэж байна. Єөрөөр тайлбарлавал яг ямар зөрчлийг ямар шүүхээр, ямар байгууллагаар шийдвэрлүүлэх вэ гэдгийг нарийн ялган салган тодорхой зааж өгөх нь зөв.

Нэмж хэлэхэд УИХ-н сонгуулийн хуулийн тухай төсөлд дээр дурдсан зүйлүүдээс гадна УИХ-ын болон орон нутгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын гэсэн хоёр сонгуулийг хамтад нь явуулах, тойргийг томсгосон хирнээ сонгууль зарласнаас хойш санал авах өдөр хүртэлх хугацааг богиносгосон, СЕХ нэр дэвшигчийг хасах, нэр дэвшсэн хойно нь үнэмлэхийг олгохгүй байх, сонгуулийн ерөнхий хорооноос тогтоосон хуваарийн дагуу олон нийтийн радио, телевизээр сонгуулийн сурталчилгааг төлбөргүй явуулах, төлбөртэйгээр ямар нэгэн сурталчилгаа явуулахгүй зэрэг учир дутагдалтай, дэмжиж яасан ч боломгүй хэд хэдэн санал байгааг анхааралгүй орхиж болохгүй.

Дээрхээс гадна СЕХ бие даасан, хараат бус, хөндлөнгийн байгууллага байх бөгөөд сонгуулийн төв байгууллагын тухай бие даасан хууль байх, түүнчлэн нам, эвсэл, нэр дэвшигчид хуулийн этгээд болон иргэнээс өгөх хандивийн дээд хэмжээнд хязгаарлалт тогтоох, хандивийг заавал дансаар дамжуулах, хандив өгөгчийг нийтэд зарлах зэрэг авч хэрэглүүштэй чухал заалтуудыг тусгасан байсныг дурдах нь нь зүйтэй.

Эцэст нь дүгнэвэл УИХ-н сонгуулийн тухай хууль сонгогчийн эрхийг дээдэлсэн хууль байгаасай, төрийн түшээд маань энэхүү хуулийн төслийг хэлэлцэж, батлан гаргахдаа юунаас түрүүнд өөрсдийн дахин сонгогдох гэсэн өчүүхэн эрх ашгийг эн тэргүүнд тавилгүй, та бүхэнд итгэл хүлээлгэсэн түмэн олон сонгогчдынхоо ашиг сонирхлыг урьтал болговол бидний хүрэх гээд яриад, тэмүүлээд байгаа иргэний, ардчилсан, хүмүүнлэг нийгмийн амин сүнс болсон хууль болж чадна гэж итгэлтэй хэлэх л vлдлээ.

Ашигласан материал:

1. Монгол Улсын Үндсэн хууль, 1992 он.
2. Улсын Их Хурлын сонгуулийн хууль, 1992 он.
3. Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн төсөл, 2005.
4. Сонгуулийн төв байгууллагын тухай хуулийн төсөл, 2005.
5. "Избирательное право" Катков Д. В. , Корчиго Е. В. М., 2001 г.
6. "Танд сонгуульд өгөх нэг санал бий, надад бас нэг санал бий" Д. Сайнбаяр, АНУ, Чикаго. 2004. http://www.tsahimurtuu.mn/print_preview.php?table=news&id=255
7. " Бужигнасан хугацааг богиносгоосой" Р. Жаргалант, "Єнөөдөр" сонин, 2005 он, № 256.
8. "Орон нутгийн сонгууль ба хүний эрх" Ч. Тамир, УБ, 2004.
http://www.opensocietyforum.mn/contents.php?coid=615&cid=125

Ул