Оскар ба “Ингэний Нулимс” баримтат кино
2005/03/03, Пүрэв - 22:26
Д.Сайнбаяр /Чикаго, АНУ
Вашингтон дахь Хамаг Монгол сонин
Америкын Кино Урлагийн Академийн Оскарын шагнал гардуулах 77 дахь удаагийн сүр дуулиантай ёслолын үйл ажиллагааг дэлхий даяар энэ жилийн хамгийн олон телевиз үзэгч буюу нийт 42 сая хүн шууд үзэв. Харин энэ удаагийн Оскарын шагнал гардуулах ёслол Монгол үзэгчдийн хувьд жил жилээс илүү онцлог, сэтгэл догдлуулсан, үндэстний бахархал сэргээсэн үзвэр болсноороо илүү онцлог боллоо.
Кино урлаг, урлагийн онгодийг шүтдэг хүн бүрийн заларч үзэх мөрөөдөл болсон Оскарын тансаг тайзанд олон авьяаслаг кино уран бүтээлчид зогсохын дунд -монгол босоо захтай, тал говийн өглөөний тунгалаг нар лугаа шаргал туяа татуулсан гоёмсог даашинзийг өмсөж гайхуулсан залуухан Ази бүсгүй зогсох нь: 2004 оны шилдэг баримтат киног шалгаруулахаар анх удаа уригдаж ирсэн алдарт жүжигчин Леoнардo ДиКаприогийн танилцуулснаар бол The Story Of The Weeping Camel киног найруулсан Даваагийн Бямбасүрэн гэгч авьяас нь шагшигдсан Монгол бүсгүй ажээ.
Ингэний нулимс кино хэдийвээр Америкын Кино Найруулагчдын Холбооны (56th Annual Directors Guild of America Awards) шилдэг баримтат киноны шагнал хүртэж, бусад олон кино наадамд тэргүүлж, дэлхий даяар олон сонин сэтгүүл, кино шүүмжлээчдийн шилдэгээр тодорсон ч энэ удаа Оскарын шагнал авалгүй айрагийн тавд "аман хүзүүдэв". Оскарын шагналд нэр дэвшинэ гэдэг нь өөрөө Оскарын шагнал авснаас хол зөрүүгүй асар их нэр хүндийн хэрэг мөн билээ.
Монголын кино урлагийнхан Канн, Москвагийн кино фестивалиудад амжилттай оролцож байсан, кино урлагийн арвин түүхтэй. Харин Оскарын дэвжээнд нэр дэвшигдэж байсан нь нэгээхэн үгүй бөгөөд Монгол найруулагчийн хамтарч бүтээсэн бүтээл кино урлагын өлгий нутагт, Америкын Кино Урлагийн Академиар хүлээн зөвшөөрөгдсөн энэ тохиол бол анхных билээ. Аливаа зүйлд салхи хагална гэж Монголчууд ярьдаг, анхдагч байна гэж чухал зүйл байдаг. Монгол улс бус Монгол хүний бүтээл дэлхийн цараатай байх нь Монгол улсыг маань чимж, Монгол улсын дүр төрхийг бүтээж байдаг. Найруулагч Д.Бямбасүрэн энэ үдэш монгол найруулагч, монгол кино зохиолч, монгол зураглаач, монгол жүжигчин- монгол авьяслаг залуу хүнд Оскарын тавцанд хүрэх салхийг хагалж өгснөөрөө ард түмнийхээ хүндэтгэл, гавьяа шагналыг авлаа.
Зураг авалтын гайхалтай шийдэл, дуу авиа, үйл явдлын өгүүлэмжийг маш өндөр түвшинд хийснээрээ энэ бүтээл дэлхийн кино шүүмжлэгчдийн магтаалыг хүлээснийг энд дахин дурдах шаардлагагүй. Харин технoлoгийн хөгжил, соёл иргэншлийн их давалгаанд байгалиас заяагдсан хүний амьдралын ёс жаяг, байгаллаг чанараа алдаж, сэтгэл зүйн болон нийгмийн ужиг өвчин, материаллаг сэтгэлгээнд нэрвэгдэж, аль өнгөрсөн зуунд гэр бүлийн дотно харьцааг гээж, эцэг эх, ах, эгч, дүүгийн хайрыг үгүйлэх болсон Барууны үзэгчдэд тайван амгалан амьдралтай, тал нутгийн малчин ардын гэр бүл сэтгэлээр баян, дух тэнэгэр аж төрж байгаагаараа нэгийг бодуулж зарим нэгд нь атаархал төрүүлсэн нь лавтай. Нөгөөтэйгүүр энэ кино сүүлийн үед Монгол улс нь ядуу гуйлгачид, гэр оронгүй тэнэмэл хүүхдүүд, гэмт хэрэгтнүүд, авилгалын уурхай болсноороо дэлхийн статустай хотуудын сонингийн гол гарчиг болж, улмаар Монголын өнөөгийн дүр төрхийг хараар будсан дүр зургийг Монгол нүүдэлчний өвөрмөц амьдралын хэв маяг, гоо сайхан байгаль, эхийн хайр, гэр бүлийн хайр, хүн байгалийн ойр дотно шүтэлцээг үзүүлж, Говийн нүүдэлчний соёлыг дэлхий дахинд харуулж саармагжуулж чадсанаараа тун бахархууштай бүтээл болжээ.
Yvнийг үзэглэгч би бээр судалгаа хийх зорилгоор Google-ийн эрэгч машинаар "The Story Of The Weeping Camel" гэж эрэхэд нийт 204,000 нийтлэл, мэдээ, шүүмж материалын багц дүн гарсан нь дэлхийн олон хэл дээр дурьдагдан бичигдсэн, ямар их анхаарал татсан бүтээл болсны нэгэн илрэл буй заа. Уг кино АНУ-н кино театруудад гарсан эхний 10 долоо хоногтоо 1.3 сая долларын орлого олжээ. 1 сарын 25-нд DVD-гээр худалдаанд гарсан энэ киног хэрэв та үзэж амжаагүй бол Blockbuster болон бусад кино түрээслэх газраас авч үзэхийг энд дуртайяа санал болгоё. Dolby Surround 5.1 English, Dolby Surround Stereo 2.0 авиа өсгөгчтэй, Монгол хэл дээр өгүүлсэн энэ киног Франц, Англи, Испани хэл дээр өгүүлэмжийн тайлбартайгаар /subtitle/ үзэх боломжтой.
- 1744 уншсан
- Хэвлэх хувилбар
