Бачи: Дvрслэл, аяз хоёр бол миний бодлоор нэг шувууны хоёр далавч...
2003/05/28, Лхагва - 15:24
Монгол залуугийн хийсэн дэбют дууны клип Нью Иорк хотын дүүрэг орчимд энэ долоо хоногоос эхлэн бүтэн сар дэлгэцнээ гарч байна. Нью Иоркд уран бүтээлээ туурвиж яваа хөгжимчин, ая зохиогч Нянгарын Батчулуунтай (Бачи) шинэ гарсан дууны клип болон уран бүтээлийнх нь талаар товч ярилцлага хийснийг таалан соёрхоно уу!
Ярилцсан Д.Сайнбаяр
05/25/03 Chicago - New York
(Замдаан сэтгүүлийн Nо.12-аас авав)
ДС -Жон Леннон нэгэнтээ "Би хэрэв Ромийн эзэнт гүрний үед амьдарч байсан бол Ром хотод амьдрах байлаа. Тиймээс ч би өнөөдөр Нью Иоркд амьдарч байна" гэж хэлсэн байдаг. Нью Иорк хотод ирсэн чинь бас л зорилго агуулсан байлгүй дээ?
НБ.- Би анх продюсeр/мэнэжeр хийж гараагаа эхэлсэн. Бидний нөхөд ихэнхдээ Хип-хоп/ R&B ээр уран бүтээл хийж байлаа. Нью Иорк, Лос Анжeлoс бол хөгжмийн хөгжлийн хоёр гол төв. Тэгээд ч би Нью Иоркод ирсэн, энэ бол хип-хоп-ийн төрсөн нутаг... Би амьдралыг их аян гэж бодож явдаг. Энэ аяныг би таашаахыг хичээдэг...
ДС. -Тэгээд чиний уран бүтээлд techno/trance бүжгийн ая хаанаас "гарч ирэв" ээ?
НБ.-Хүмүүс энэ талаар их асуудаг. Тэд хип-хоп, techno бол хар цагаан өнгө шиг эсрэг тэсрэг гэдэг. Миний хувьд бол энэ хоёр хөгжим аль аль нь бүжгийн тавцанд зориулагдсанаараа адил гэх үү дээ. Би dance/trance techno хөгжмөөр дагнаж продюсeр/ая зохиогчоор түлхүү ажиллаж байна.
ДС. -Бачи, чи сая гурван дууны клип гаргажээ... Энэ талаар?
НБ.- Би дууний клипэнд дуртай. Дууний клип бол дуу хөгжмийн бүрэн дүүрэн мэдрэмж, илэрхийллийг гаргаж чаддагаараа гайхамшигтай. Одоо ихэнхдээ дуу бичлэгийн/ record компаниуд клипээ дуучид, уран бүтээлчдийг зах зээлд гаргах зорилгоор хийдэг болсон. Тэр утгаараа дуу хөгжмийн клип урлаг, уран сайхнаа алдаж зүгээр л хөдөлж буй дүрс болдог байх. Харин би өөрөөр хийхийг зорьсон. Дүрслэл, аяз хоёр бол миний бодлоор нэг шувууны хоёр далавч...
ДС.-Butterfly dreamer бол чиний анхны клип. Хэдий хэр хугацаа зарсан бэ? Зураглаач, найруулагч нь ямар хүмүүс вэ?
НБ.- Butterfly Dreamer клипийн хувьд би өнгөрсөн дөрвөн сараас хойш хийгээд бараг жил болж дуусгалаа. Нийтдээ 30-аад уран бүтээлчтэй хамтарч хийсэн. Ума Кэнтарo гэж миний сайн найз япон залуу найруулсан. Анх надад клипээ яаж хийх санаа байсан, түүнээ нөхөддөө танилцуулсан. Тэндээс л ажил эхэлсэн дээ. Маш олон газар олон удаа зураг авалт хийж өгүүлэмжийг нь гаргасан тул их удааширсан. 3D animation/ амьд хөдөлгөөн оруулах гээд их ажил болсон. Хоёр дахи клип "Wanting you" -г Ник Стоун найруулж, уран сайхны найруулагчаар Кларис гэж нэг франц эмэгтэй, мөн FOX TV -ийн Браиан гэж зураглаач ажилласан. Тэр маш сайн зураг авалт хийсэн. Гурав дахь клип "Burning Toono"- ийг Євөр Монголын зураач Чулуунбаатар ах найруулсан. Одоогоор онлайн дээр тавиагүй байна. Бид зураг авалтыг нь Євөр Монголд хийсэн. Чулуунбаатар бол видео зураглаач биш ч, сайн зураач хүн болохоор маш гүн утга санаатай, их дорвиун бүтээл хийсэн гэж боддог.
ДС- Надад Butterfly Dreamer-ийн өгүүлэмж их таалагдсан. Яг л эртний Грeкийн домогт гардаг шиг...
НБ- Клипнийхээ өгүүлэмжид эрвээхэйг сонговол гоё юм уу гэж бодсон. Нэгд, эрвээхэй бол гоо үзэсгэлэнгээрээ, гэнэн бөгөөд байгаллаг чанараараа урлагийн бэлэг тэмдэг гэж хэлж болно. Нөгөө утгаараа, эрвээхэй бол нисэн дүүлж байдгаараа мөрөөдлийн шинж чанартай. Клубт очиж бүжиглэхдээ би эрвээхэйн дүрийг гаргаж бүжиглэдэг. Мухаммэд Али эрвээхэй стилээр боксдож, дараа нь Брюс Ли түүнийг нь сурсныг чи санаж байгаа даа...(инээв) Тэр утгаараа бас их атлeтик/ бие бялдрын шинж агуулдаг. Хоёрд, би Азийн соёл гэдэг санааг гаргахыг хүссэн.
"Дорныг Єрнөдөд Монголчууд танилцуулсан" гэж би байнга бахархаж явдаг. Тэгвэл яагаад Монгол дуу хөгжим, дүрслэх урлаг Барууны соёлд Азийг төлөөлж болохгүй гэж...
ДС- "Wanting you" клипнийхээ талаар жаахан дэлгэрүүлж ярина уу. Жишээ нь тэр дур булаам залуу бүсгүйн дүрд тоглох хүнээ яаж сонгосон бэ?
НБ-Бид нэлээд олон охидод шалгаруулалт хийж сонгосон. Латин, ази, цагаан гээд олон охид ирсэн. Би хувьдаа тийм этгээддүү, эрхэмсэг, сүр жавхаатай бүсгүй эрж байлаа. Тэгээд өөрийн найз Дэлисиаг сонгосон. Тэр маш авьяаслаг, загвар зохион бүтээгч бүсгүй. Тэр клипний хувцасны загвар, нүүрний заслыг аль алиныг нь хийсэн л дээ.
ДС- Америкийн хөгжмийн ертөнцөд Азиудын төлөөллийг ямар түвшинд байна гэж бодож байна вэ, тэр дундаа techno/trance хөгжмийн ертөнцөд?
НБ- Нью Иоркийн music industry-д ядуу ази хөгжимчин амжилт хийж, ТYYНД хүрнэ (make IT happen) гэдэг бол 1%-ийн боломжтой юм. Тиймээс ч би өөрийнхөө цомгийг гаргах гэж дөрвөн жил тасралтгүй хөдөлмөрлөж байна. Ямар ч тусламж, дэмжлэгийг би хүлээн авахад бэлэн. Их олон ази хөгжимчид, уран бүтээлчид ганц хоёр жил болоод л хөгжмийн карьераа орхиж байгааг харахад харамсалтай байдаг. Бид бүгдээрээ дэлхийд нэртэй сайн хамтлагт ази frontperson (гоцлол дуучин) байдаггүйг мэднэ. Миний бодоход тэд олон жил уйггүй оролдсон байх. Хэрэв би амжилтанд хүрвэл, дараагийн залгамж авах хүмүүст амар л байх болно. Систeм ингэж л явагддаг...
ДС- Эцэст нь клипнийхээ зураг авалтыг хийх үед гарсан хөгжилтэй дурсамжаасаа хуваалцана уу?
НБ- Олон хөгжилтэй явдал болсон. "Wanting You"-гийн зураг авалтын үед болсон нэг хөгтэй явдлыг санаж байна. Дэлисиа утсаар яриад "ирж чадахгүй нь" гэж хэлсэн. Мань хүн өглөөний 4 цаг болтол клипэн дээр гардаг хар нөмрөгийг шөнөжин оёж суусан гэнэ. Тэгээд би түүнд "Дэлисиа, битгий тэгээч дээ. Бүх багийн бүрэлдэхүүн сарын өмнөөс төлөвлөж байж өнөөдөр цуглаж байна. Одоо чи ирэхгүй бол би дахиад хоёр сар хүлээх болно шүү дээ...Дэлисиа би чамайг гуйж байна шүү дээ..." гэж хэллээ. Би downtown Manhattan-д байдаг "Satellite Record Store" дээр өдөр 12 цагаас эхлэх зураг авалтанд бэлтгээд багтайгаа хамт хүлээлээ. Оройн 5 цаг хүртэл хүлээв. Гэтэл манай багийнхан "цааш хүлээж чадахгүй нь, 15 минут хүлээгээд Дэлисиаг ирэхгүй бол таръя.." гэв. Аз болж Дэлисиа арваад минут болсны дараа ирж, "Бачи, би яаж ч байсан ирэх л байсан шүү." гэж хэлсэн. Тэгэхэд нь би " Би чамд итгэдэг шүү дээ, чамайг ирнэ гэж би мэдэж байсан, өөрөөр бол би хэзээ ч энэ клипийг хийхгүй шүү дээ..." Тэгээд бид өөр нэг газар руу (агуулах) явж зураг авалтаа хийж, дараа өглөөнийх нь 9 цаг гэхэд дууссан. Ёох гэж, ёстой л Тэнгэр тэтгэсэн дээ...
ДС-Ярилцлага өгсөнд баярлалаа. Бачи чамайг уран бүтээлийн онгод тэтгэж, амжилтын оргилд хүрэхийг хүсэн ерөөе!
НБ -Баярлалаа.
Бачигийн Butterfly Dreamer, Wanting You клипийг
http://www.videoart.net ийн нүүр хуудаснаас буюу
http://videoart.net/home/artists/ArtistPage.cfm?Artist_ID=231
site-д орж үзнэ үү.
Мөн http://www.bachirecords.com ; http://www.mp3.com/bachi -д зочилж Бачигийн уран бүтээлтэй танилцаж болно.
- 1363 уншсан
- Хэвлэх хувилбар
