Асуултад хариулж байна.
2001/03/10, Бямба - 10:24
Ардчилсан Намын (АН)–ын удирдагчдын нэг Э.Бат–Yvлийн Єдрийн сониноор дамжуулан улс төр сонирхогчдод тавьсан гурван асуултад Унгарын докторант, сүлжээний анд, АН–ын гишүүн, Амбугайтны Заагий хариулж байна.
Асуулт –1: Єөх өгсөн хүнтэй өглөө босоод заргалдав гээчийн үлгэр болсны учир нь юу вэ?
Хариулт-1: Энэ асуулт бол жирийн нэг ардын үлгэрээс гараагүй юм.
Орчин үеийн шинжлэх ухааны утгаараа өөх гэдэг нь хүний эрүүл мэндэд асар их хортой нэгэн бодис агуулдаг.
Нөгөө талаас өөх гэдэг энэ хорт зүйл нь гол төлөв МАХнд л байдаг юм. Тиймээс ч МАХ хаана байна, тэнд ХОР байна. МАХнаас бид болгоомжлох хэрэгтэй. МАХны хорыг багасгах шаардлагатай!!!
Харин улс төрийн утгаараа энэ асуулт нь монгол логикоор тавигдсан бололтой.
Энэ асуултыг тавьсан хүнийх нь үүднээс ч, мөн утгын хувьд нь ч аваад үзсэн монголчуудад өөх авчирч өгсөн тэр буянтангууд бол яах аргагүй 2000 оны сонгуульд зад ялагдсан ардчилсан хүчнийхэн ба нөгөө заргалдаг ч тал нь манай сонгогчдийн зарим хэсэг юм.
Мөн тэр утгаараа гучин хэдхэн настайдаа Испани орныг европын холбооны гишүүн болгож чадсан Гонсаллес, дэлхийн хоёрдугаар дайнд гайхамшигт ялалт байгуулсныхаа дараа сонгуульд ялагдсан Черчилл, Польшийн Лех Валенса, Унгарын Имре Надь, Оросын Горбачев нар бол яах аргагүй л өөрсдийнхөө өгсөн өөхөнд бялбарч үнасан хүмүүс л дээ.
Бид өнөөдөр монгол орондоо хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм байгуулна хэмээн 10 гаруй жил зорьсоор, зүтгэсээр, ажилласаар улс төр, эдийн засаг, нийгмийн бүтцээ бүхэлд нь өөрчилж чадсан хэдий ч одоог хүртэл нийгмийн гол гол харилцаануудаа хөгжлийн зүй ёсны гольдрилд нь оруулж чадаагүй байна.
Эдийн засаг нийгмийн зарим шинэчилэл маань эрх зүйн шинэтгэлээсээ түрүүлж байсан төдийгүй эмх замбраагүй, хууль бус байдал газар авахад хүргэж нийгмээ бүхэлд нь бухимдалд оруулж эцэст нь бидний зорилго-бодлого алдагдахад ч хүрч байлаа.
Ардчилсан нийгмийн аливаа харилцаа нь нарийн чанд эрз зүйн зохицуулалттай байж, хууль нь хэрэгждэг, хуульчид нь хууль шигээ байх ёстой!!!.
Тоталитар дэглэмд нийгмийг гол төлөв хуулиар бус тогтоол, шийдвэр, захирамжаар удирддаг ба тэдгээрийн тоо нь хуулийнхаа тооноос хэдэн зуу дахин олон байдаг юм.
Ийймээс ч тэнд төрийн албан тушаалтны дураараа авирлах, иргэдийн эрхийг зөрчих явдал өдөр тутмын жирийн үзэгдэл байв.
Бид сүүлийн 10 гаруй жилийн дотор 400 гаруйхан хууль батлан гаргасан. Гэтэл бидэнтэй хөгжлийн адил зам туулж буй Унгар, Польшид 800 гаруй хууль аль хэдийнээ батлан гаргажээ.
Єөрөөр хэлбэл бид өнөөг хүртэл нийгмээ тогтоол, шийдвэр, захирамжаар л голчлон удирдаж байна. Энэ ч утгаара манай нийгэмд хуулийн гэхээсээ илүү хувь хүний нөлөө асар их байгаа юм.
Ер нь ардчилсан ололтуудаа хуулиар чанд баталгаажуулж, нийгмийн шинэчиллийн аливаа процессийг эрх зүйн зохицуулалтанд оруулж чадаагүй цагт өнөөдрийн өгсөн өөхний амтыг ард түмэн хэзээ ч мэдрэхгүй юм.!!!!
Асуулт: 2. Хувьсгалт намын хэлсэн гүтгэлгийг үнэн гэж ойлгодог, ардчилсан намын хэлсэн үнэнийг гүтгэлэг гэж ойлгодогийн учир нь юу вэ?
Хариулт: 2. Юун түрүүн нэгэн судалгааны үр дүнтэй танилцацгаая...
Ухаантай, өндөр боловсролтой, харизм муутай нэгэн эрдэмтэн, нас намбатай, нүдэнд дулаахан, мэдлэг тааруухан ч харизм сайтай багш хоёроор адилхан лекц уншуулсны дараа сонссон оюутнуудаас нь яг тэр сэдвээр шалгалт авахад харизмтай багшийн лекцэнд суусан оюутнууд илүү мэдлэг авч үлдсэн байсан нь олон хүний сонирхолыг ихэд татаж билээ.
Ер нь боловсролын түвшин дорой ард түмэнд ярианы агуулга нь гол бус, харин хэн, хэрхэн яаж ярьж байгаа нь илүү сонирхолтой байдаг болой.
Аливаа улс төрийн нам хүчтэй, өрсөлдөх чадвартай байхын тулд нэгдүгээрт: дотоод нарийн зохион байгуулалттай, хоёрдугаарт: тодорхой үзэл баримтлал, чиг шугамтай, гуравдугаарт: эдийн засгийн өндөр чадавхитай, дөрөвдүгээрт: дэмжигчдийн дотоод, гадаад өргөн бааз суурьтай байх зайлшгүй шаардлагатай байдаг.
Гэтэл өнөөдөр бид „ бидний хэлсэн үнэнийг гүтгэлэг гэж, МАХН-ын гүтгэлгийг үнэн гэж ойлголоо хэмээн ард түмэндээ гомдсоор, гоморхсоор л байна.
Английн сэтгэгч Паркинсон ардчилсан нийгмийг дунджууд удирддаг хэмээн аль эрт томьёолсон ба Черчиллийн хэлснээр ардчилсан арга бол төрийн удирдлагын сонгодог хэлбэр бус ч гэлээ, одоогоор олдоод байгаа овоо гайгүй хэлбэр нь билээ.
Бид өнөөдөр алдааныхаа 99%-ийг МАХН-руу чихэж байна. Энэ бол аргаа барсан хүний амиа бодсон л хэрэг.
2000 оны 12 сарын 6-нд бид нэгдсэн намаа байгуулсан. Барууны болон зүүны баримжаатай 5 өөр намын нэгдэл нь монголын улс төрийн намуудын түүхэнд гарсан хамгийн сонин, содон үйл явц байлаа.
Улс төрийн намын идеологи хэмээх асуудал монголын нэгдсэн намуудын хувьд чухал бус, гагцхүү ардчилсан үзэл баримтлал, түүний үнэ цэнийг хамгаалах нь хамгийн гол асуудал болж хувирсан байв..
Ялангуяа зүүний баримжаатай социал демократууд, барууны үндэсний ардчилсан намтай нэгдсэн нь улс төр судлаачдын сонирхлыг ихээр татаж байсан ба энэ үйл явц нь нэг талаас идеологийн завхралыг, нөгөө талаас намын доторхи платформуудын тоог хэд дахин өсгөж өглөө.
Энэхүү зохиомол шинжтэй хүчээр өрнөсөн процесс нь намын жирийн дэмжигч, сонгогчдын нүдэнд дэндүү олон толгойт хорт могой мэт харагдах төдийгүй тэдний намдаа үл итгэх, зайгаа барих байдлыг нь гааруулсан юм.
Иймээс ч өнөөдөр бидэнд нэгдсэн идеологи байхгүй, байх ч аргагүй.
Тиймдээ ч бид прагматикууд болж хувирч байна.
Мөн олон улсын намын байгууллагууд( соц болон либерал интернациональ) биднийг тун ихээр гайхан харж байгаа ба үл ойлгохдоо харзнах тактик барьж байгаа.
Єөрөөр хэлбэл 2000 оны 12 сарын 6-наас хойш бид тодорхой улс төрийн идеологигүй
болж зөвхөн ардчилал хэмээх нэрийн дор нэгдсэн прагматикууд болж хувирсан.
Yvнийг ард түмэн одоохондоо бүрэн ухаарч амжаагүй байна. Иймээс ч тэд биднийг хүлээж авч ойлгох боломжгүй.
Нөгөө талаас манай намын зохион байгуулалт, үйл ажиллагааны эрх зүйн үндэс болох дүрэм маань тун энгийн бөгөөд бүрхэг санаа олныг агуулжээ.
Жишээ нь: намын дүрэм ёсоор намын дарга намыг төлөөлөх бүрэн эрхтэй байдаг. Төлөөлөх эрхийн агуулга нь дүрэмд тусгагдаагүй тул түүнийг өргөн болон нарийн утгаар нь ч ойлгох боломжтой.
Мөн намын удирдах дээд байгууллага YЗХ-ны гишүүд маань жилийн 1000000 төгрөгний татвар төлдөг ба татвараа хугацаанд нь төлөөгүй бол намаас хөөгддөг. .Энэ утгаар нь аваад үзвэл YЗХ-нд зөвхөн баян бизнесмен, аль эсвэл авилгал авдаг төрийн албан хаагч, алиагаа алдсан амбицтай нөхөр гурав л удаан хугацаагаар байх боломжтой юм. Yнэхээр бид ардчилсан үзэлтэй юм бол YЗХ-ны гишүүн төрийн албан хаагчиддаа татварын хөнгөлөлт үзүүлж болно.
Мөн 1996-2000 онд төрийн эрх барьж байх хугацаандаа бид улс төрийн намуудын санхүүжилт, байрь савны асуудлыг хуулийн хүрээнд шударгаар-тодорхой шийдэж чадаагүйгээс өнөөдөр ч бидэнд хүндрэл учирсаар байна.
Бидэнд нэгдсэн идеологи, нарийн чанд удирдлагын тогтолцоо байдаггүйн улмаас намын нэгдсэн имаж одоог хүртэл бүрэлдэж өгөхгүй байгаа төдийгүй хэн дуртай гишүүн нь намыг төлөөлж мэдэгдэл хийх бүрэн эрхтэй шахуу болчихоод байна шүү, таминь.
Иймээс ч сонгочид, дэмжигчид маань бидний олон утгатай, олон эзэнтэй үгэнд итгэхээсээ илүү ганц эзэнтэй, хатуу толгойтой МАХН-д итгэсээр байна.
Асуулт-3: Хууран мэхлэгчдийг өргөмжлөхийн учир нь юу вэ?
Хариулт-3: Єнгөрсөн оны 11 сард монголын зурагтаар АН-ын гишүүн, ерөнхий сайд асан Энхсайхан, Докторант Баярхүү нартай хийсэн „ Бид хаашаа явна вэ?" нэртэй нэгэн нэвтрүүлэг гарч байж билээ.
Тэрхvv нэвтрүүлэгт оролцогчид маань ард түмэндээ хандаж бид одоо ардчилсан нийгмийн хөгжлийн аль шатанд явааг, мөн явах боломжтой байсныг тайлбарлаж ярьж байв.
Уг нь улс төрчдөөс „бид хаашаа явна вэ" гэж асуух бус харин „биднийг хаашаа авч явна вэ?" гэж асуувал арай илүү шударга юмуу даа.
Єөрөөр хэлбэл хэзээ ч ард түмэн өөрөө өөрийнхөө аясаар хөгжиж байгаагүй юм.
Ард түмнийг хөтөлж авч явдаг нийгмийн тэргүүлэх хэсэг байнга байсан ба цаашид байх болно. Гэхдээ ард түмний ерөнхий, дундаж боловсрол нэмэгдэж нийгмийн амьдралд оролцох чадамж нь дээшлэх тутам нийгмийн тэргүүлэх хэсгийхний удирдах нөлөө улам багасдаг гэсэн ерөнхий зарчим ч бас байдаг юм.
Тиймээс ч „ubi societas ibi ius" буюу хаана хүмүүс байна, тэнд хууль байдаг гэсэн эрх зүйн зарчим тун дээр үед бий болсон. Энэхүү зарчим нь шууд утгаараа хүний нийгмийн үүсэл хөгжилтэй ч холбоотой. Иймээс ч хуульгүй нийгэм, толгойгүй хүн гэж хорвоо дээр хэзээ ч байсангүй.
Тэр утгаараа ч хууль гаргах, түүнийг хэрэгжүүлэх эрх мэдэл хэн нэгэнд зайлшгүй ноогддог байв.
Балар эртний үед ч яахав тэнгэр, бурхны нэрийн өмнөөс буруу зөрүү хууль гаргаж бусдыгаа хуураад болдог л байсан. Харин хүн төрөлхтөн гэгээрэх тусам тэднийг хуурах мэхлэх, хулхидах гэдэг тийм ч амар эд биш болсон хэрэг. Тиймээс ч тэднийг нэг бол хүчирхийлэл, нэг бол зөвшлийн замаар удирдахаас өөр аргагүй болж байв.
Коммунистууд, Фашистууд, Нацистууд, Социалистууд бол гол төлөв эхний замыг нь сонгодог ба төрийн төлөө нийгмийг золиослож байсан. Харин ардчилсан үзэлтнүүд нийгмийн зөвшилд тулгуурлаж, хүний эрхийг дээдэлж, төрийн машиныг нийгмийн төлөө ажилуулахыг чухалд үздэг.
Нөгөө талаас хүн төрөлхтөний өөрийнх нь абсолют сайн, сайхныг хүсэн мөрөөдөх, абстракт зүйлд хэтэрхий итгэдэг зан чанар нь хэзээд ч алга болоогүй ба тэр нь тэднийг төр, нийгмийн хөгжлийн явцад байнга алдаж, хууртаж, араараа тавиулахад хүргэдэг байлаа.
Хүн төрөлхтөний энэхүү алдаа оноог зөвхөн соён гэгээрүүлэгч эрдэмтэн мэргэд, гүн ухаантнууд түрүүлж мэдэрч, алдааг нь харж, засаж сургадаг.
Төр хэмээх нэгэн субектыг хүн төрөлхтөн өөрсдөө хэдхэн мянган жилийн тэртээ олон хэлбэр, агуулга, зорилготойгоор бүтээсэн юм. Энэхүү бүтээлээ тэд өөрсдийнхөө сайн сайхны төлөө ашиглахыг байнга хүсдэг байлаа. Харамсалтай нь хүссэн болгон бүтдэггүйн адил төр хэмээх субектын үүрэг, роль, хэлбэр, зорилго нь түүхийн явцад байнга өөрчлөгдсөөр байсан төдийгүй зарим үед тэжээсэн бяруу тэрэг эвдэхийн үлгэрийг үзүүлдэг байв.
Ер нь энгийнээр тодорхойлбол төр хэмээх субект нь улс төрчдийн гарт байдаг нийгмийг удирдах зориулалттай нэгэн багаж юм. Энэ багажийг гартаа авч нийгмийг өөрийн хүсэл хориг, үзэл санаагаараа удирдахыг хүсдэггүй улс төрч, улс төр сонирхогч хаана ч байгаагүй юм.
Дэлхийн улс төрийн түүхээс харахад энэ багажийг авч байсан олон арга зам байна.. Эдгээр арга зам нь зөвхөн өөрийн гэсэн хугацаандаа л амжилттай хэрэгждэг байлаа.
Хүчээр, заль мэхээр энэхүү багажийг авч болдог ч удаан хугацаагаар барьж чаддаггүй болохыг түүх бидэнд олон удаа батлан харуулсан.
Удам дамжиж энэхүү багажийг бас барьж болдог ч удах тусмаа утга нь алдагддаг болохыг үеээ өнгөрөөсөн хаант засаг өнөөдөр бидэнд гэрчилж байна.
Жижиг суурин, хот, тосгонд иргэд төрийн машинаа шууд өөрсдөө жолоодож байсныг Грекийн түүх бидэнд баталж өгсөн.
Єнөөдөр дэлхий дээр хүн амын тоо 5 миллард гарчихсан, 200 гаруй төрт улс байгуулагдчихсан, техник, шинжлэх ухааны хөгжил харьцангуй өндөр түвшинд хүрчихээд байна. Гэсэн хэдий ч төрийн машиныг жолоодох, эзэмших, эзэмдэх арга барил төдийлөн өөрчлөгдсөнгүй.
Монголчууд бид сүүлийн 10 гаруй жил төрийн машинаа ардчилсан сонгуулын журмаар улс төрийн бүлэглэлүүдэд шилжүүлэн өгсөөр ирлээ.
Урьд өмнө хэзээ ч монголын төрийн машин ийм сонголтын замаар ажиллаж байсангүй.
Иймээс ч хүчирхийлэл, дарангуйлал, хууран мэхлэлт монголын төрөөс хэзээ ч салж байгаагүй. Одоо ч салаагүй байна. Төрийн машины явах зам нь тодорхойгүй, өөрөөр хэлбэл хуулиар нарийн зохицуулагдаагүй байсан тул түүнийг жолооч нь дуртай зүгтээ авч давхидаг байлаа.
Єнөөдөр бид эх орондоо хүмүүнлэг, иргэний ардчилсан эрх зүйт төр байгуулахыг хүсэж байна. Иймээс ч энэхүү шинэ зорилготоо хүрэхийн тулд төрийн машиндаа шинэчилэл хийцгээсэн билээ.
Гэтэл 2000 оны сонгуулиар МАХН буюу хуучин цагийн коммунистууд бараг 100% -н ялалт байгууллаа.
Єнөөдөр монголын парламентын гишүүдийн 60-70% нь хуучин цагт МАХН-ын аймаг, орон нутгийн дарга, зааварлагчаар ажиллаж байсан хүмүүс байдаг..
Энэ бол ардчилсан улсад олон давтагдашгүй хамгийн аймшигтай, гутамшигтай үзүүлэлт болой.. Би лав энэ тухай гадны хүнд ярихаасаа ичдэг юм.
1996 оны ардчилсан эвсэлийн ялалт, ардчиллын ололтоос монголын ард түмэн ингэж амархан уйдлаа гэжүү????
Yгvй!!! Энэ бол бидний алдаа, тэнэглэлийн үр дүн байлаа.
Бид өөрсдийн олсон амжилт, хийсэн ажилаа баталгаажуулж чадаагүй төдийгүй төрийн машинаа ч төвшин жолоодож байсангүй. Бидэнд хатуу сахилга бат, нэгдмэл үзэл санаа, хяналт-шалгалт, хариуцлага тооцох нарийн механизм ч байгаагүй, одоо ч байхгүй байна.
Иймээс ч бид нийгмээсээ тасарч нэгдсэн хүчээ алдсан юм.
Сөрөг хүчний үндсэн нэг үүрэг нь төрийн машины жолоочид хяналт тавих, үйл ажиллагаанд нь шүүмжлэлтэй хандах, болохгүй бол сольж орхих явдал байдаг.
1996-2000 онд МАХН сөрөг хүчний үүргээ дэндүү сайн биелүүлсэн төдийгүй заримдаа ч бүр дэндүүлж байсан. Тэд бол дал гаруй жил коммунист арга барилд суралцсан тул амин хувийнхаа эрх ашигийн төлөө ард түмнээ ч золиослож чадна. Энэ бол тэдний уг чанар нь бөгөөд үүнээсээ салж хэзээд ч чаддаггүй юм.
Тухайн үед бид өөрсдийнхөө эрх ашгийг баттай хамгаалж МАХН-ын ор үндэсгүй дайралтуудыг тэр болгон няцааж чадахгүй байсан нь гадаад, дотоод олон шалтгаантай.
Нөгөө талаас бид сонгочдын сэтгэл зүйд үл нийцэх олон үйлдэл хийж өөрөө өөртөө дайсан хурааж байлаа.
Жишээлбэл: Нийгмийн сэтгэл зүйд эрүүгийн этгээд хэмээн хүлээн зөвшөөрөгдсөн зарим хүмүүсийг бид намаасаа нэр дэвшүүлж өөрөө өөрсдийгөө балалж байсан юм.
Шүүхээр гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдчихсон, шүүхийн шийдвэр гарчихсан байхад намаасаа, намынхаа бүлгээс хөөх нь битгий хэл толгойг нь илж, найзан дундаа назгайрч байлаа шүү дээ, хэсэг нөхдүүдтэйгээ,бид.
Нам бол гэмт хэрэгтнүүдийн үүр биш, харин гагцхүү дор хаяж ёс суртахууны үндсэн хэм хэмжээг сахиж чаддаг, хатуу чанд сахилга баттай улс төрийн бүлэглэл байх ёстой бөгөөд үүнийг ч бид ард түмэнд байнга харуулдаг байх хэрэгтэй.
Бид эрх зүйн зохицуулалтаа нарийн хийж, нийгмийн суурь хөрсөө сайн бүрдүүлж, нийгмийн зөвшилцөлд хүрээгүй байхдаа улс төрийн эрсдэл ихтэй банкны шинэчилэл, их хувьчлал гэх олон том асуудалд хошуу дүрж байлаа. Энэ нь ч нийгмийг хангалттай бухимдуулж, сөрөг хүчнийг ажилтай, өөрсдийгөө ажилгүй болгоход чухал нөлөөлсөн.
Мөн бидний 2000 оны сонгуулийн ялагдал эртнээс тодорхой мэдрэгдэж байв.
Сонгуулийн хуульд өөрчлөлт оруулж мажоритар системийг халж пропорциональ болон үлдэгдэл тоолох системийг авч чадсан бол өнөөдөр дор хаяж парламентын 15-20%-ийг эзлэх л байсан.
Бид сүүлийн үед хууран мэхлэгчдийн тухай их ярьж араараа тавиулсан авгай шиг уйлан дуулан чарлах боллоо.
Аргагүй юм,.. бид шүүхийн системдээ өөрчлөлт хийж нийгмийн шударга ёсны үнэлэмжийг дор хаяж системийн онолын дагуу 5% -иар ч өсгөж чадаагүй шүү дээ.
Бидний үед хууль тогтоох байгууллага маань ч хуралдаж чаддаггүй, хууль, цагдаа нь хүртэл хувьд бараг гарчихсан байлаа.
.
Ийм сайхан боломжуудыг бид коммунистуудад бүрдүүлж өгсөн юм. Тэд ч үнэхээр сайн ашиглаж чадсан.
Бидний алдаа болгон тэдэнд шагнал болж байсан. Бид тэднийг дэндүү ихээр шагнаж, ард түмнээ дэндүү томоор шийтгэсэн.
Эцсийн эцэст шаварт унасан шарын эзэн хохирдог гэж үг бий.
Єнөөдөр монголын барууны баримжаатай, ардчилсан үзэлтэй, өндөр мэдлэг боловсролтой олон сэхээтнүүд гудамж метэрлэж, гадаадад тэнүүчилж яваа нь 1996-2000 онд явуулсан бидний бодлогын, бодлоггүй байсны үр дүн шүү дээ.
Хууран мэхлэгчид хэзээд ч байсан, байх ч болно!!! Яагаад гэвэл тэд хамелеон шиг байж чаддаг бөгөөд тэдний үнэн төрхийг ард түмэн хэзээд ч таньдаггүй юм. Тиймээс ч тэднийг хааяа хааяа бишрэн шүтдэг.
Харин бид хэзээд ч хууран мэхлэгчид байж чадахгүй!!! Яагаад гэвэл бидэнд хувирдаггүй ганцхан өнгө бий. Түүний бүтэц нь ардчиллын үнэт зүйлс, хүний эрх, эрх чөлөөний баталгаа юм.
Саяхан Будапешт хотод Унгарын залуучуудын ардчилсан намын санаачилгаар „Террорын байшин" нэртэй нэгэн музей шинээр байгуулагдлаа.
Тэр музейд орсон хүн болгон коммунист, нацист дарангуйллын аймшигт талыг нүдээрээ үзэж, хууран мэхлэгчдийн хүн төрөлхтөний эсрэг явуулж байсан террор үйл ажиллагаатай танилцах бүрэн боломжтой болсон.
Музейн нээлтийн үйл ажиллагаан дээр Унгарын ерөнхий сайд Урбан Виктор „бид түүхийнхээ энэ харанхуй үеүүдийг музейд орхилоо, 21 зуун бол бидний гэрэлт ирээдүй байх ёстой" хэмээн хэлж байсан төдийгүй өнөөдөр ч бидэнд диктатурын аюул ойрхон байна. Иймээс ч бидний үр хойч энэ музейд орж хууран мэхлэгчдийн үнэн дүр төрхтэй байнга танилцаж байх хэрэгтэй хэмээн зөвлөж байлаа.
2002 оны 3 сарын 10
- 1576 уншсан
- Хэвлэх хувилбар
