308-р сар2014

Бүлэг: Нийтлэл

"Хурд"

Бабар. 2004.11.04, USA
www.newmongols.com

Зуун зуун жилийн турш хурд гэдэг үг хүн төpлөхтөний шалгуур үзүүлэлт болж иржээ.Тэр бөх маш хурдтай барилдаж бaйна, тэр морь маш хурдан байна гэж монгол түмэн маань ярьж хэлэлцэж ирсэн бол. Бусад орон мөн л адил, тэр залуу маш хурдан гүйж байна, хурдан бодож байна, хурдан сэтгэж байна гэж ярьж байжээ.

Дэлхийн түүхэнд гарсан өөрчлөлт шинэчлэлтүүд хурдаар хэмжигдэж байв, хэн хэдэн газрыг ямар хурдтайгаар нээв, хэн хэдэн улсыг ямар хурдтайгаар захирав гэх мэтээр. Тэгвэл Монгол улсын эд оргил veд, Чингэс хаанаар маань толгойлуулсан арми хамгийн хурдан тархдаг, хамгийн хурдан шийдвэр дамжуулдагаараа бусдаас ялгарч түүхэнд гарсан томоохон гүрнүүдийн нэгийг байгуулж байж, энэ нь морь. Тэд хамгийн хурдан морийг унаж чаддаг байж, арчилж чаддаг байж. Хамгийн хурдан хоол хийж чаддаг байж. Тэр нь борц.

Тэгвэл одоо мөн л адил дэлхийн хүчирхэг гүрнүүд хурдаар өрсөлдөж байна. Хамгийн хурдан байгаа ондог зэвсэг аль оронд байна тэр улс хүчирхэг байна. Хамгийн хурдан шийдвэр гаргадаг, хамгийн хурдан мэдээлэл тараадаг улс хүчирхэг байна. Хамгийн хурдан машин хийдэг, машиныг Хамгийн хурдан хугацаанд үйлдвэрлэдэг, зардаг улс хүчирхэг байна.

Єнөөдөр Амeрикт, та "банк оф амeриkа" гийн kард эзэмшидэг бол, нэг газар та гүйлгээ хийсний дараа eрдөө хэдэн сeкvндийн дараа, та үүнийгээ online аар шалгаж болно. Та мөнгө шилжүүлбэл заавал банк руу яваад байх шаардлагaгvй гэх мэт.

Сумод байгаа монгол бөхчүүд, жижиг биeтэй атал яaгаад ганц их аварга нь Давагдорж байна, учир нь, мэдээж хурд, их аварга Давагдорж хэнээс ч илүү хурдан барилдааны шийдвэр гаргаж, мэх хийж чадаж байна.

Єнөөдөр та Амeрикт сургуульд сурвал, заавал хичээлээ хүлээлгүй, даалгавараа хийгээд online аар шалгуулж болно. Багш заавал тань луу гуйж ирээд юм заагаад байхгүй, online аар бүхий л даалгаварыг таньд өгөх болно. Та хичээлээ бусдаас түрүүлж хийгээд, хурдан дуусгаж болно гэх мэт.

Бид өвөг дээдэс шигээ хурдан сэтгэж чадаж байна уу? гэж та бодоорой.

Бид түүхтэй улс, өвөг дээдэстэй улс, бид Морийг маллаж, унаж, Дэлхийн нэг захаас нөгөө зах хүртэл хамгийн хурдан шилжэж байсан бол. Одоо бид энэ үйлдлийг өөp аргаар хийж чадаж
байгаа улс гүрнүүдээс сурах цаг иржээ.

Хурд бол байгалийн жам, яaгаад жаахан хүүхэд нэг нэгнээсээ уралдах уу? гэж асууж, нөгөөдөх нь уралдъя гэж хариулдаг вэ? Хэн тэдэнд зааж өгөв, хэн ч биш, энэ бол хүний төрөлхийн зан чанар.
Бид үргэлж уралдахыг, хурдалахыг хүсэж байна.

Хамгийн сүүлийн жишээ гэхэд, Амeрик үүнийг харууллаа, тэд хамгийн хурдан шийдвэрийг, 24 цагийн дотор, чанартай гаргаж чадаж байна. Ойролцойгоор 130 000 000 хүнээс саналыг нь аваад, хамгийн хурдан шийдвэр гаргаж чаддаг гэдгээ дэлхий нийтэд харуулж чадлаа.

Хурд, хүч ихтэй бүхэн ялдаг байгалийн жамийг бид түүхээсээ харж болно.

Тиймээс та амжилт гаргахыг хүсвэл хурдтай, дайчин, эрэмгий өвөг дээдсээ сана. Тэдний veд хэн хурдан нэг газраас нөгөө газар луу шилжиж байв; Монгол түмэн.

Тэгвэл одоо бид бусдыг гүйцэхийн тулд, хурдтай болох цаг иржээ.

Та юугаараа бусдаас хурдан бэ?

Үүнийг та эрэгцүүлээрэй.

Уншсанд тань гүнээ талархaлаа

  • Бичсэн tamga
  • Үзсэн: 474

Бүлэг: Нийтлэл

Танилгvй нийгэм

X.Эрдэмбилэг. 2004.11.04-2004.11.09

Танилтай бол талын чинээ, танилгүй бол алгын чинээ гэж бид ярьдаг. Энэ нь ч өдөр бүр Монголын нийгэмд батлагдан ардынхаа мэргэн ухааныг бид бишэрдэгээ. Ажил хэрэг бүтээх, хэрэг төвөгт орооцолдоход Монголчууд хамгийн түрүүнд л танил тал, арын хаалга хайгаад явчихдаг. Түүнээс биш дүрэм журамыг нь унших, хууль дүрэмтэй нь танилцана гэсэн ойлголт байхгүй. Энэ нь магадгүй бид өөрсдөө баталсан хууль дүрэмдээ итгэдэггүйн шинж байх,бас нөгөөтэйгөөр манай нийгэм хууль цаазаар хөдөлдөг боловсронгуй нийгэм болоогүйн илрэл. Мөн гаргасан хууль нь амьдралд нийцдэггүйн нотолгоо. Бас ТЄР нэр хүндээ алдаж, төрд итгэх итгэл алдарсаны гарцаагүй баримт. Бүр бас манай иргэдийн нийгмийн идэвхи, боловсрол, иргэншлийн төвшинг харуулж байна.
Єнөөдөр Монголд худалч хүнд хуулийн мэдлэгтэй байх,өмгөөлөгч хөлслөх ямар ч хэрэгцээ алга. Хувь хүн, хувийн компануудад тохиолдох хуультай холбоотой асуудалд өмгөөлөгч аван цаг алдан зарлага гарздаж байхаас танил талаараа хөөцөлдөж, илүү хурдан үр дүнтэй шийдвэрлэх боломж их байна. Мөн ямар нэг албан тушаал дэвшихэд Монголд мэдлэг, чадвар хэрэггүй. Танил, хамаатан садан байхад л болно.
Үнэнээр явбал үхэр тэргээр туулай гүйцэнэ гэдэг. Үнэндээ бол манайд, үнэнээр явбал өөрөө үхэр болохоос биш туулай гүйцэж гайхуулсан юм ч алгаа. Үмбүү болж бусдад маллагдан өөрөө хийгээгүй хэргээрээ ял авах нь энүүхэнд. Тийм ч болохоор бид нар дүрэм журам, төрийн хуульд итгэлгүй өөрсдийн хүч, нэр нүүр, заль, авьяас чадлаараа асуудлыг шийдвэрлэх гэж хамгийн түрүүнд зүтгэнэ. Хээл хахууль, танил тал харах явдал аль ч оронд байгаа харин Монголд энэ нь бүр ч гаарч байна. Энэ нь манай нийгмийг улам л хойш чангаана уу гэхээс хэзээ ч хөгжүүлэх хүчин зүйл болохгүй. Одон медалийн төлөө манай аав, ээж нар үхэн хатталаа зүтгэдэг чинь бас үүнтэй ч холбоотой. Ядуу хоосон ч гэсэн олны танил болчихсон байхад амьдрах аргаа олдоход хялбар.Хөгжилтэй орнуудыг хараад байхад ядахнаа ахуйн төвшинд ямар ч хүн хүссэн зүйлээ ямар ч танил тал харалгүй бүтээчихдэг бололцоо бүрэлдсэн байна.Танихгүй хүнээс очоод л нэрийг нь асуулгүй, дараа нь хоол цайнд оруулна гэхгүй ажил хэргээ бүтээчихнэ.Ийм ч учраас гадаадын орнууд улам л хурдан хөгжөөд байна.
Монголд танилгүй нийгмийн нөхцлийг бүрдүүлчихвэл албан хаагчдийн хүнд суртал ч багасана. Зөвхөн танил, хахуулиар хөдөлдөг зуршилтай албан хаагч мэдээж яаж танихгүй хүндээ ажлыг нь бүтээж өгөх билээ. Хэдийгээр энэ нь өөрийнх нь ажлын үүрэг ч гэсэн, заавал нэг таньдаг хүнээр нь яриулж, гарыг нь цайлгаж илүү зарлага, цаг заваа үрсэний дараа хөдлөнө. Үүнийг нь бид өөрсдөө ч хөөрөгдөөд байх шиг..
Ер нь бол хээл хахууль, хүнд суртал, танилын сүлжээ энэ бүгд хоорондоо асар уяалдаа холбоотой бараг нэг зүйл. Бид хээл хахууль, хүнд сурталыг хангалттай шүүмжилсэн одоо танилын сэтгэлгээ рүү довтольё. Танилын нүүр халуун биш танилын нүүр бялдууч хэмээн үнэн зөвөөр нь хэлье.
Бас танилийн нүүр биднийг мулгуу болгодог. Хүнд мөлжүүлэн, цаг заваан зарцуулан ажил төрлийг нь хийж өгчихөөд ажлынхаа хөлсийг шууд хэлээд авч чаддаггүй.Сайн ажиглах юм бол бид таньдаг хүнийхээ л боол болдог болохоос мэддэгүй харь хүнд хэзээ ч мөлжүүлдэггүй. Тиймээс олон зальтай хүн үүнийг нь ашиглан нэгнийгээ холгодог. Таньдаг учраас хөлсөөр хийх хэцүү. Таньдаг хүндээ бид мөнгө ч өгдөггүй. Тэгснээр нэг, нэгнийхээ хөдөлмөрийг үнэлэхгүй байна гэсэн үг. Манай нийгмийг назгайруулан авилгалд живүүлж байгаа зүйл бол танилын сэтгэлгээ. Танилгүй нийгэм байгуулья. Танилтай бол тал шиг гэдгийг танилгүй бол тал шиг болгон өөрчлөе.

Танилын сэтгэлгээ Монголын хагарал

Нэг хүн тэр чигээр нь бүх Монголыг танина гэж байхгүй. Тиймээс танил ихтэй байлаа ч танихгүй хүмүүс нь олон. Хахууль аваад дасчихсан албан тушаалтан бол танихгүй хүндээ таньдаг хүн шигээ ажлыг нь бүтээж өгөхгүй. Эндээс харахад танихгүй олонхи хүнд сурталтай тулгарч асар их бэрхшээлтэй учирдаг нь ойлгомжтой. Монголыг өвчлүүлсэн нутаг нугын үзэл чинь үнэндээ бол сайтар халхалсан танилын сэтгэлгээ шүү дээ. Нутгийн хүү нь ямар нэг том албан тушаалд залагдах юм бол тэр байгуулга тэр чигээрээ шахам нэг нутгийнхнаар дүүрнэ. Гэтэл өчнөөн олон мэргэжлийн залуус гадуур ажил хайгаад явж байдаг. Ингэж байж бид яаж хөгжих юм вэ? Улам л цаг алдаад хоцроод байна. Нутаг, довны үзэл, танилын сэтгэлгээ чинь алсдаа Монголыг буталгах осолтой сэтгэлгээ. Жижэгхэн улсыг улам л жижэгрүүлээд байна. Хамгийн түрүүнд хамаатан садангаа гэхээ багасгаж Төрийн үйлсийг эрхэмлэх цаг ирсэн юм биш үү?

Амиа хичээх алсгүй үзэл

Єнөөдөр л би болж байвал бусад нь яахав гэсэн сэтгэлгээ бид бүхнийг нөмөржээ. Ингэснээр бид асар алсын хараагүй бодлого өвөрлөдөг. Хүүхдээ сургуульд явуулахын тулд эцэг, эх яахаас ч буцахгүй, оноо сайтай хүүхдийг албаар хойш татан мөнгө төгрөг, танил талаараа хахуульдаж байж хүүхдээ гадаадын сургуульд үнэгүй чихэж амжина. Гэтэл өнөө чадвар муутай хүүхэд сургуульдаа ч олигтой сурсан юмгүй, эргэж ирээд мэдсэн зүйлээрээ нийгмээ хөгжүүлэх нь чамлахаар..хэрэв сонирхолтой, чадвартай хүүхэд явсан бол эргээд тэдний ач, зээ, үр хүүхдийн амьдрах нийгмийг илүү баталгаатай боловсронгуй болгох магадлал ихтэйг ухамсарлах ч сэхээгүй. Бас бид хээл хахуультай шудрага тэмцэхийн оронд өнөөдөр би л өмнөх ажлаа л бүтээвэл хойшдоо яахав хэмээн сэмхий л олдвол албан тушаалтанд мөнгө атгуулчихдаг. Тэгсэнээс болж улам л нийгмээ хээл хахуулийн сүлжээнд орооцолдуулж байгаагаа анзаарахгүй. Нэг нартай биш бороотой өдөр танилгүй, мөнгөгүй болчихсон байхад амаан барих цаг ирнэ гэдгийг бодолцохгүй л юм.

Шудрага өрсөлдөөн

Шудрага өрсөлдөөн бүрдүүлсэн цагт л улс орон хөгжинө. Түүнээс танилын сүлжээ гаарч, цэцэглэсэн хөрсөн дээр ямар ч ард түмэн одоогийн хөгжил өөд тэмүүлсэн ардчилсан нийгмийг хурдацтай байгуулж чадахгүй. Танил ихтэй байж нийгэмд эзлэх байр суурьтай, амьдрах баталгаатай болдог одоогийн Монгол хэзээ ч Орчин үеийн ардчилсан орон болж чадахгүй. Хувь хүн тал шигээ танилтай болох тусам татвар өгөх багасаж, хууль нөлөөлөх хүч нь саарна. Ингэснээр нийгэмд шудрага бус явдал ихсэн, баян ядуугын зааг хурцадан, нийгэм бүхэл ганц организм байхаа больж, олон амьтай, орон зай тусдаа, ашиг сонирхол эрс ялгаатай Монголын тусгаар тогтнолд харш байдал буй болно.
Шудрага өрсөлдөөнийг буй болгох ганцхан боломж бол танил талдаа түшиглэдэг сэтгэлгээ устгах. Ингэснээр бид тодорхой хэмжээнд хээл хахууль, архидалтыг багасгаж чадна. Монголын нийгэм хууль дүрмийн дагуу хөдөлдөг нөхцөл бүрэлдэнэ. Иргэдийн ухамсар дээшилж мэдлэг ихсэн, хууль цааз маань боловсронгуй болно. Дээрх хүмүүс амьдралгүй хууль гаргаад байгаа чинь иргэдтэй бас холбоотой. Бодит амьдрал дээр хамаг юм танилын хүрээнд арын хаалганы цаана болоод байхад гаргасан шинэ хууль ямар алдаа, оноотойг байгааг хэн яаж мэдэх юм. Төрдөө өгч байгаа мэдээлэл нь ч хуурамж юм чинь цаг үеийн амьдралдаа нийцэх хууль төрүүлнэ гэдэг Монголд үнэхээр хэцүү. Хэрэв бид шудрага өрсөлдөөний суурийг баттай тавьж чадвал манай хөгжил хурдасах болно. Нийгмийн амьдралд оролцох иргэдийн идэвх сайжирна. Иргэдийн идэвхи сайжирвал нийгмийн гажиг засагдаж эхлэнэ. Илэн далангүй байдал бий болж шудрага нийгэм бүрэлдэнэ.

  • Бичсэн tamga
  • Үзсэн: 319

Бүлэг: Нийтлэл

Yvнийг одоо хий, эсвэл...

Єдрийн сонин дээр гарч, www.sonin.mn-д тавигдсан энэхүү нийтлэлийг oлoнд хүргэхээр сэдэв хэмээн үзэж, зохиогчоос зөвшөөрөл авсны дагуу энд та бүхэнд толилуулъя.

Судлаач Д.Ганхуяг

Аливаа төр, засгийн үүрэг бол тухайн орны нийгмийн баялаг, бүх төрлийн нөөцийг хамгийн оновчтой, хуваарилах замаар нийгмийн сайн сайханд хүргэх бодит алхам хийхэд оршино. Шинэ төр, засаг энэ үүргээ биелүүлэх эсэх нь одооноос эргэлзээтэй. Муу дээрээ улцан гэдэг шиг саяхан болсон орон нутгийн сонгууль монгол төрийн ажлыг холион бантан болгож орхилоо. Одоо болтол дуусаагүй байгаа албан тушаалын алалдаан улам гаарахаас биш намдахгүй нь дэндүү ойлгомжтой байна.


Сvvлийн арваад жил хуримтлагдсаар одоо хүрээд буй улс төр-нийгмийн хачин замбараагүй нөхцөл байдал нь энэ Засгийн газрыг төдийгүй ерөөс Монголын төрийн байгууламжийг үлэмж дорой болгож байна. Олон жилийн турш аливаа юмыг танай манай, хар, цагаан, үнэн худал гэх үзэл, үйлдлээс уламжлан Монголын төр ихээхэн эмзэг болж, тодорхой ажил хийх, тодорхой үр дүнд хүрэх чадваргүй боллоо. Энэ нөхцөлд Их хурал, Засгийн газраа байгуулж, сайд дарга нараа томилоод, түүний мөрийн хөтөлбөрөө гаргачихвал бүх зүйл болчих мэт ойлговол их эндүүрэл болно. Монгол орны хөгжил дэвшил бол Засгийн газрын мөрийн хөтөлбөрөөр хуваасан дөрөв дөрвөн жилийн хэрчмээр хязгаарлагдах ёсгvй.


Би улс орон, үндэстний өмнө сүүлийн арав гаруй жилийн туршид хуримтлагдаж, зайлшгүй шийдвэрлэх ёстой болоод буй зангилаа асуудлуудад олон түмний анхаарлыг хандуулахыг хүсч байна. Энэ асуудлыг нийт даяараа ул суурьтай, илэн далангуй ярилцах цаг хугацаа нийгмийн бодлого шаардлага бий болсонд гол учир нь байгаа юм.

Яагаад гэвэл УИХ-ын болон орон нутгийн сонгуулийн өмнө бол өрнөл, төгсгөл болон үр дүнтэй холбогдон үүссэн олон асуудлууд нь ингэхийг зайлшгүй шаардаж байгаад оршино.

Яагаад гэвэл эрх мэдэл, суудал авахын төлөө улайрсан тэмцэл нь Монгол улсын албан ёсны төрийн институтууд болон үндсэн хоёр нам, тэдгээрийн бүлэглэлийн бодит улс төрийн бодлогын хооронд асар их зөрүү гарч үндсэн хуулийн суурь үндсийг эрх зүй, үзэл баримтлалын бүхий л хүрээгээр нь ганхуулж байна. Ийм аюултай нөхцөл байдлыг одоо л зориг гарган задлан шинжилж, гарах арга замыг эс тодорхойлох аваас Монгол улс системийн хямралаас гарч чадахгүй юм. Монгол орноо өрнөсөн ардчилал шинэчлэл арав гаруй жилийн нүүр үзлээ. Энэ үйл явц ихээхэн зөрчилтэй явагдаж, амжилтаасаа асар давсан үй олон гажуудлыг бий болгожээ.

Одоо Монгол улсад ардчилсан Үндсэн хуулиас эхлээд ардчилсан сонгуулийн систем бүхий нийтийн эрх байна. Манайд чөлөөт худалдаа, үнэ бүрдэлт, зах зээлийн харилцаа, бүрэн либералжсан гадаад худалдаа, чөлөөт валютын систем байна. Хэдий их маргаан будлиантай байсан боловч өмч хувьчлалыг хийж бараглан чөлөөт худалдаа эрхлэгчид, хувийн өмчтөнүүд хөгжиж, олон тооны бөөний болон жижиглэнгийн худалдааны сүлжээ бий болж, хувийн банк, пүүс, компаниуд, даатгалын болон хөрөнгийн бирж хөдөлмөрийн товчоод ажиллаж байна. Энэ бүгдийг мэдээж хэрэг зах зээлийн эдийн засгийн бүтэц, институтууд гэж хэлэхээс өөр аргагүй юм. Үүний дээр үг хэлэх эрх чөлөө, олон ургалч үзэл, олон намын тогтолцоо зэрэг ардчиллын бусад олон зүйлсийг нэмэн дурдаж болно. Энэ бүхэн нь чамлахааргүй ололт мөнөөс мөн. Гэхдээ энэ амжилтын цаана төр, нийгмийг боомилогч нийтийн гамшиг бий болоод удаж байна.

Миний ойлгож байгаагаар дээр дурдсан эерэг бүхэн нь бараг буюу дийлэнх тохиолдолд ардчилал хөгжсөн болон хөгжүүлж буй орнуудынхаас тэс өөр мөн чанар, аргаар хөгжиж ихээхэн сөрөг үр дагавар төрүүлж байна. Монгол улс системийн хямралд орж, феодалын маягийн тогтолцоотой болоод байна. Иргэний нийгэм хэмээх зүйл оргүй шахам болжээ.

Энд ажилгүйдэл, ядуурал, гэмт хэрэг зэрэг хүн бүхний мэдэх асуудлаас гадна ерөөс нийгмийн үнэлэмж, эрхэмлэл, ёс суртахуун, нийгэмшил, хүмүүжил, харилцамжийн асуудлыг бүхэлд нь хөндөх шаардлагатай. Нийгэм томоохон шилжилт хийхэд эмх замбараагүй явдал гардаг нь зүй тогтол билээ. Гэхдээ арав гаруй жил сайн сайхан ардчилсан замаар замнасаар атал энэ бүхэн арилах нь байтугай улам бүр нийгмийг тамирдуулан боомилж байгаагийн учир юу вэ?

Энэ бүхэнд олон хариулт өгч болох боловч хамгийн гол буруутан нь төр өөрөө болж байна. Бид хөгжингүй орнуудын жишгээр байгуулсан төрийн байгууламжаа үр ашигтай ажиллуулж чадахгүй байна. Бид дарангуй дэглэмтэй улс болоход ганц хуруу дутуу байна. Манай улсыг Мянганы сорилтын дансанд оруулах, тусламж үзүүлэх үед АНУ болон олон улсын байгууллагуудаас тавьсаар ирсэн гол шаардлага нь төрийн ил тод байдлыг хангах, авилгалтай тэмцэх явдал байсныг одоо ард түмнээс нуугаад байх шаардлага байхгүй юм.

Төр болон төрийн байгууллагууд нь шийдвэрээ ард түмнээсээ далдуур гаргадаг, авилгалд идэгдсэн байвал тэрбээр сайн ажиллах ямар ч үндэс байхгүй. Энэ бүхэн нь төрийн бодлогын шинжлэх ухаанч чанар алдагдсан, боловсон хүчний бодлого замбараагүйдсэн, төрийн удирдлагын арга барил бүдүүлэгжсэн зэрэг бодлогын болон үйл ажиллагааны асар олон алдаатай холбоотой.

Энэ талаар би анх удаа яриад байгаа юм биш. Ардчилал, ардчиллын бодлого нь эдийн засгийн бүлэглэлүүдийн нөлөөлөл, тэр ч байтугай ноёрхлын хэрэгсэл болсоор удаж байна. Энэ бүлэглэлүүдийн амьдрах арга нь төрийн бүхий л төрлийн нөөц бололцоог ашиглахтай холбоотой.

Улс төрийн бүлэглэлүүдийн арчаагүй харалган шинж, улс төрийн бат бэх нэгдэл үүсгэх чадваргүй байдлаас уламжлан нам-улс төрийн холбоодод дулдуйдсан эдийн засгийн ашиг сонирхлын бүлгүүд дэндүү дураараа дургиж байна. Манай улс төр эдийн засгийн сонирхлын шууд объект болчихжээ. Манай төр болон төрийн албан тушаал нь бизнесийн шууд хэрэгсэл мөн.


Улс төрийн зөрчил нь жүжигчлэл, улс төрийн нөхцөл байдлын хурцдал нь тоглолтын шинж чанартай болж байна. Энэ байдал нь зарим хүмүүст улс төрийн байр сууриа авран хамгаалах, зарим хүмүүст өөртөө ашигтай шийдвэр гаргах хэрэгсэл төдий зүйл болон хувирч байна. Манай улс төр эрх мэдлийн төлөө улангасал болон хувирч байна. Энэ бүхэн улс төрийн нам гэгчээр халхлагдаж байна.

Монгол улсад далд эдийн засаг үүсээд нэлээд удаж байгаа бол далд улс төр үүсээд мөн төдий удаж байна. Улс төрийн намын бүтэц, нийгмийн хяналтаас гадуур далд, нууц шийдвэр гаргах зуршил нь улс төрийн нөлөөллийн нэн явцуу бүлгүүдийг төрүүлж байна. Yvний тодорхой жишээ нь үндсэн хууль болон бусад тулгуур хуулийг алхам тутам, үйлдэл бүртээ алгасах буюу үл тоомсорлон нэн явцуу хүрээнд улс төрийн шийдвэрийг зөвшилцөл нэрээр гаргаж буй явдал болно. Энэ байдал улс төрийн хүрээний жирийн үзэгдэл болоод удаж байна.

Ард түмний сонгож байгуулсан албан ёсны, хууль ёсны төр засаг сонгуулийн тогтолцоо, улс төрийн намууд, парламент, засгийн газар, улмаар төрийн удирдлага, түүний үр нөлөөний системийн гажиг зэрэг олон жил хуримтлагдан тулгамдсан суурь асуудлуудыг монголын төр бараг орхиж, оргүй мартсанаараа өөрийнхөө үүргийг бараг биелүүлж чадахааргүй болжээ. Ийм нөхцөлд явцуу бүлгийн хүрээнд шийдвэр гаргах нь дэндүү аюултай хэрэг болон хувирч байна. Зөвшилцөл хэмээх шинэ маягийн хуйвалдаан нь Монгол төрийг шууд тамирдуулан доройтуулж байна.

Монгол улсад УИХ-ын сонгууль болж өнгөрөөд даруй таван сарын нүүр үзлээ. Саяхан орон нутгийн сонгууль хэмээх жүжиг болж өнгөрөв. Энэ нь орон нутагт шинэ тутам бий болсон феодалын засаглал хүчээ ихэд авсныг тод харуулж байна. Сонгуулиудын үеэр болж өнгөрсөн үйл явдлууд нь манай улс төр болон улс төрчид хууль ёсыг үл тоомсорлохоос хэдийнээ хэтрээд одоо бүр ёс суртахуун, үйлдэл, хариуцлагаа умартаж, улс төрийн хүрээ зааг гээч юм огт байхгүй зэрлэг дүрмээр тоглох болсныг харуулж байна. Тэд ард түмнийг шууд хууран мэхлэгчид болон хувирсан байна.

Манайд улс төрийн намуудын бүрэн дампуурал болоод удаж байна. Манай улс төрийн намууд зөвхөн толгой баячуудаас бүрдсэн, тэдний явцуу хүрээнд гаргасан шийдвэрээр хөдөлдөг хувийн компани төдий зүйл болон хувирчээ. Манай намуудын үзэл суртал, зохион байгуулалт, гишүүнчлэл, удирдлагын арга барил, парламентад суугаа гишүүдээ хянах чадвар зэрэг олон шинжүүдийг нягтлан үзвээс тэдгээрийг ардчилсан орны ардчилсан нам гэж нэрлэхэд ч түвэгтэй болж байна. Намууд олон түмний саналыг татах үзвэр үзүүлэн маягтай зүйл болон хувирчээ. Тэд саналын мэргэжлийн луйварчид болсон байна.

Иргэд маань хоёр том намыг хоёулаа адилхан луйварчин, дээрэмчдээс бүрддэг гэдгийг мэддэг болж. Тэд гарах гарцаа мэдэхгүй хэдий ч хилэгнэж байна. Монгол улсад олон намын бодит байдал үнэн хэрэг дээрээ алга болоод удаж байна. Монголд одоо ганц /МАХН/ нам, түүний аясаар хөдөлдөг атлаа өөрсдийгөө сөрөг хүчин гэж нэрлэсэн жижиг жижиг наманцаруудын тогтолцоо л байна.

Түүгээр ч үл барам улс төрийн намуудын зааг ялгаа алга болж, дээд, дунд түвшиндээ уусан нэгдэж улс төрийн эрх баригч шинэ хүчин бүрэлдэж байна. Гэтэл олон түмэн урьдын адил хоёр нам өрсөлдөж байгаа мэт ойлгосон хэвээрээ байна. 2000-2004 онууд, түүнчлэн 2004 оны УИХ-ын сонгуулийн дараах үйл явцыг шинжилж үзэхэд манай оронд сөрөг хүчний институт гээч зүйл оргүй устжээ. Энэ нь манай улс төрийн намуудын байр суурийг үлэмж тодорхойгүй болгож байна.

Манайд нарийн тодорхойлсон стратегийн баримжаа бүрэн алга болж, улс төрийн үйлдлийнхээ үндэслэлийг үл тоомсорлох, үл хариуцах хандлага газар авсан нь түр зуурын зорилгыг баримжаалсан далд улс төр бий болох шимтэй хөрсийг бий болгож байна. Үүнээс улбаалан эрх мэдэл болон хувийн өмч хоёр нэгдэн нягтарч байна. Сүүл хэрдээ төрийн бүхий л үүргүүдийг хувьчлах гэсэн шууд эрмэлзэл бий болж байна. Улс төрийн албан тушаал эрх мэдэл хуваарилсан байдал, үйл явцыг харахад ингэж дүгнэхээс өөр арга алга байна. Төрийн эрх мэдэл авна гэдэг нь тооцоо бодох, хувийн талаар баяжих, хийсэн гэмээсээ зугтах, байр суурь буюу статус "кво"-гоо хадгалах хэрэгсэл болон хувираад байна. Монгол улс нэгдмэл улс биш Монголын аймгуудын холбоо маягийн зарчмаар ажиллах болж Үндсэн хуулийн зарчмууд үлэмж гажуудаж байна.

Yvнээс үүдэн манай төр хүч чадалгүй, чадвар муутай төр болон хувирчээ. Энэхүү сульдаатай төр нь хотын маргиналь бүлэг, төрийн албан хаагч, сэхээтэн, тэтгэврийнхэн, хөдөөгийнхөн зэрэг нийгмийн бүхэл бүтэн бүлгүүдийн доройтлыг зогсоох чадваргүй байна. Монгол улс сульдаатай, гажигтай төрөө эхэлж засахгүйгээр нийгэм-эдийн засгийн дорвитой өөрчлөлт хийх боломжгүй болчихоод байна. Энэ бүхнээс болж манай нийгэм ядарч байна. Олон түмний идэвхи, оролцоо эрс буурлаа. Оюун санааны мухардал, цөхрөлд олон нийт нэгэнт оржээ. Хүмүүс ердөө л өөрийнхөө аюулгүй байдлыг хангах гэж тэмүүлэх боллоо. Тэд төрдөө итгэхээ больж байна. Монгол хүн хаашаа харж, хэнд хандаж "Төрийн сүлд өршөө" гэж залбирахаа мэдэхээ больж.

Бид бие даасан тусгаар улс, бүрэн эрхт үндэстэн байя гэвэл дээр дурдсан системийн гажгуудыг засах ажлыг эхлэх ёстой. Ийм цаг нэгэнт болчихоод, нэн даруй шийдвэрлэхийг шаардаж байна. Одоо аядуу болон төвч байх боломж шавхагдаж байна.

Иймийн тулд Монголын төр үйл ажиллагаанд эрс өөрчлөлт хийх цаг нь болсон гэж би үзэж байна. Манай төр нэн түрүүнд юу хийх ёстой вэ?


1.Yндэсний хөгжлийн үзэл хөтөлбөр. Энэ тулгуур баримт бичиг гаргах шаардлагатайг харгалзан Монгол улсын Ерөнхийлөгч хоёр жил гаруйн өмнө түүнийг боловсруулах тухай зарлиг гаргасан. Гэтэл энэ баримт бичиг одоо болтол гараагүй байна. Монгол улс ямар чиг баримжаагаар хөгжих талаар эргэцүүлэн дүгнэсэн үндэсний хэмжээний баримт бичиг алга байна. Үүнээс болоод эрх мэдэл авахын тулд юу дуртайгаа амладаг, авсан хойноо үндэсний ач холбогдолтой шийдвэрийг дур зоргоороо гаргадаг практик манайд тогтоод удаж байна. Одоо бүр байчихаад засаг захиргааны өөрчлөлт хийх шийдвэрийг хэдхэн хүн хэдхэн хоногт гаргадаг болж байна. Манай улс төрчид газар хувьчлалыг хоёр хоногт, мянганы замыг тав хоногт, бүсчилсэн хөгжлийн асуудлыг дөрөв хоногт шийддэг дээд зэргийн мулгуунууд болон хувираад байна. Сүүлийн жилүүдэд төрийн болон намуудын түвшинд оюутны сэхээтнээ шахан зайлуулсны гор нь одоо гарч байна. Монголын төр шинжлэх ухааны үгийг сонсохоо огт байсан. Улс орноо хэрхэн, яаж хөгжүүлэх чиг баримжаагүй байж түүнийг хөгжүүлэх тухай ярих нь хоосон ам л болно. Хүн бүр, нам бүр толгойдоо орсныг чалчиж байхын оронд шинжлэх ухааныг ашиглах зам руу ормоор байна.


2.Улс төрийн нам. Манайд улс төрийн намыг иргэдийн ашиг сонирхлоо илэрхийлэх гэж чөлөөтэй эвлэлдэн нэгдсэн байгууллага гэж одоо болтол үзсээр байна. Орчин үед энэ үндэслэл хэвээрээ байгаа боловч түүний салшгүй нөгөө тал болсон үндэслэл гараад олон арван жил болж байгааг анхаарахгүй байна.


Энэ бол орчин үеийн аль ч парламент, аль ч засгийн газар намуудаас бүрддэг, иймээс төрийг бүрдүүлж буй намууд нь өөрөө ардчилсан байх ёстой гэсэн зарчим болно. Дэлхий нийтээр даган мөрдөх болж буй энэ үзэл баримтлалын дагуу боловсруулсан "Улс төрийн намуудын тухай" хуулийг Ерөнхийлөгч өнгөрсөн жил УИХ-д өргөн барьсан. Энэ хууль одоо болтол гараагүй байна. Улс төрийн намуудын үйл ажиллагаа, ялангуяа сонгуулийн үеийн хөрөнгө санхүү, зохион байгуулалт зэргийг төр, иргэний нийгмийн зүгээс хянахгүй юм бол улс төр нь тоглоом болдог аж. Ямар ч гэсэн манайд зүүний нам байхгүй болоод удаж байна. Манай улс төрийн бүх намууд шинэ хөрөнгөтний намууд мөн. Єөрөөр хэлбэл, ард түмний төлөө ажиллах нам байхгүй болоод байна.


Улс төрийн намуудаа шингэчлэхгүйгээр бид нэг ч алхам урагшилж болохооргүй тийм заагт тулж ирээд байна. Ний нуугүй хэлэхэд МАХН 1996 оноос хэт хуучинсаг, дарангуйллын систем болон хувирснаараа Монгол орны хөгжилд үлэмж хортой нөлөө үзүүлэх болж байна. МАХН шийдвэр гаргадаг цөөн тооны удирдагчид, тэдний төлөө саналаа өгч, дарга нараасаа албан тушаал болон бас бус зүйл горьддог, айдаг фанатик хүмүүсээс зонхилон бүрдэх болжээ.


АН-ын дотор ч гэсэн анархи байдал бүрэн ноёрхож, бие биенээ дэгээдэн унагах донтой бөгөөд мэргэшсэн жижиг бүлгүүдэд хуваагдаж, улс төрийн баримжаа, утга учраа бүрэн алджээ. Энэ хоёрын завсарт нэн тодорхой бүлэг улс төрийн тоглолт хийж, хувийн ашиг сонирлоо гүйцэлдүүлэх зуршилтай болж байна. Түүгээр ч үл барам АН-ын нэн тодорхой бүлэг, хэсгүүд МАХН-тай олон жилийн турш нэг нам мэт хамтран ажилласаар ирсэн бөгөөд одоо ч нягт хамтран ажиллаж байна. Эндээс МАХН болон АН хоёр зарчмын ялгаагүй гэж дүгнэж болно.


Энэ бүлгүүд намын нэрээр тоглож байгааг харуулж байна. Иймээс улс төрийн намуудын хуулийг шинэ нөхцөлд нийцүүлэн нэн даруй гаргах нь зайлшгүй болоод байна. Єөрөөр хэлбэл, намууд ардчилсан байх хэм хэмжээг төрийн хуулиар зааж өгөх хэрэгтэй болоод байна. Манайд нам нэртэй явцуу бүлгүүд биш, харин шинэ бөгөөд жинхэнэ намууд хэрэгтэй болжээ. Аль аль намд нь эрүүл саруулаар сэтгэдэг хүмүүс цөөнгүй байгаа гэдэгт би гүн итгэж байна.


3.Сонгууль. Сонгууль болон түүнтэй холбоотой хуулиуд өнөөгийн нийгмийн шаардлагаас үлэмж хоцрогдсон гэдгийг бид саяхан хоёр удаа биеэрээ амслаа. Сонгуулийн тухай яримагц сонгуулийн систем яриад эхэлдэг. Одоо бага сургуулийн хүүхэд хүртэл мажаритор, пропорционал, холимог систем гэж ярих шахаж байна. Сонгуулийн систем гэдэг бол санал авах тоолох, суудал хуваарилах системээс хавьгүй өргөн ойлголт гэдгийг бид ухаарах ёстой.


Миний бодож байгаагаар иргэдийн бүртгэл мэдээллээс эхлээд сонгууль зохион байгуулах, хяналт тавих, Сонгуулийн ерөнхий хороо болон түүний эрх, шийдвэр гаргах үйл ажиллагаа зэрэг бараг бүх зүйлд дутагдал согог байна. СЕХ болон ХЭYК зэрэг байгууллагуудад хуулийн эрх мэдэл алга байна. Энэ бол онол, систем яриад, яаж ялах тухай тоо бодоод байх асуудал биш, ард түмний хувь заяа, тэдний Үндсэн хуульд заасан эрх, эрх чөлөөтэй холбоо бүхий үлэмж ноцтой асуудал мөн. Сонгуулийн шинэ хууль гарган үй түмэн булхай хийдэг түгээмэл практикийг хаах талаар бид тууштай тэмцэх ёстой. Эс чингэх аваас бид мянган сайхан сонгууль явуулаад, мянган сайхан засгийн газар байгуулаад ямар ч нэмэргүй юм. Саяхны сонгуулиудаар бүх намууд адилхан луйвар хийсэн нь үүнийг нотолно. Ардчиллын амин сүнс болсон хүний сонгох, сонгогдох эрхийг алхам тутамдаа зөрчиж байж ардчиллын тухай ярих ч боломж байхгүй юм.


4.Авилгалтай тэмцэх. Авилгал манай нийгмийн ердийн үзэгдэл болон хувираад байна. Саяхан "Социологийн Академи" судалгааны төвөөс хийсэн судалгаагаар манай авилгалын индекс буюу түүнд бохирдсон хэмжээ 74 хувь болсон нь үнэхээр сэтгэл түгшээх үзүүлэлт мөн. Энэ талаар орон жил ярьж байгаа боловч тодорхой хийсэн ажил огт байхгүй байна. Авилгал нь ДБН-ий 30-40 хувьд хүрч байна. Манай төрийн албан хаагчдын дийлэнх нь шууд авилгалчид, эсвэл албан тушаалын гэмт хэрэгтнүүд болон хувираад байна. Энэ нь манайд түгээд буй далд улс төр гэгч бохир зүйл дэлгэрэх шимтэй хөрс болж байна. Олон түмний дунд ярьдгаар "идэж уух" гэж, өөрөөр хэлбэл авилгал авах гэж улс төрд орох нь түгээмэл боллоо. Авилгалтай тэмцэхгүйгээр бид нэг ч алхам урагшилж чадахгүй бөгөөд энэ бол бидний нэн тэргүүнд шийдвэрлэх асуудал мөн.


5.Төрийн удирдлага, санхүүжилтийн зарчим, арга барилыг өөрчлөх. Онолын хувьд төр иргэдэд 800 гаруй төрлийн үйлчилгээ үзүүлэх ёстой гэдэг. Энэ нь хэвлийд буй хүүхдийг эмч хяналтад авахаас эхлээд тодорхой хүн нас эцэслэхэд газар, тэтгэмж олгох хүртэлх хүний амьдралын бүхий л үеийг хамардаг. Манай төр болон төрийн байгууллагууд эсвэл ийм үйлчилгээ үзүүлэхгүй, эсвэл авилгал авч, эсвэл ихээхэн хүнд суртал чирэгдэл болж байж үзүүлдэг жирийн явдал болжээ. Энэ байдал нь төрд итгэх олон түмний итгэлийг үлэмж алдруулж байна. Нийгмийн хамгаалал, нийгмийн халамж гээч зүйлийг Монголын төр ор тас мартсан. Ингэснээрээ манай төр ард түмний эсрэг хүч болсон.


Хуулиа өөрөө зөрчдөг албан хаагчидтай байхад төрийн ажил сайн байх ямар ч учиргүй. Түүнчлэн манай бүх шатны төрийн байгууллагын ажлын арга барил үлэмж хоцрогдоод байна. Дэлхийн аль ч улсад олон жилийн турш ард түмэнтэйгээ харьцаад тогтчихсон ажлын арга барил гэж бий. Иргэдэд хүнд суртал гаргах, хөшүүн хойрго хандах, авилга авах, чирэгдүүлэх, дураараа аашлах зэрэг есөн шидийн арчаагүй арга барил манайд ноёрхож байна. Феодалын болон социализмын үеийн дарангуй арга барилаас бид тууштай салах цаг болоод байна. Саяхан болсон орон нутгийн сонгуулиар МАХН ялсан биш, орон нутгийн феодалын дарангуйлал тогтлоо. Энэ нь төрийн удирдлага, санхүүжилтийн чиглэлээр болон арга барилыг өөрчлөн шинэчлэх талаар багц арга хэмжээ авахыг шаардаж байна.


6.Иргэний нийгмийг хөгжүүлэхэд дөхөм үзүүлэх. Бид Yндсэн хуулиндаа заасан хүмүүнлэг, ардчилсан, иргэний нийгэм цогцлуулах үүргээ бараг умартсан гэхэд хилсдэхгүй. Иргэний нийгмийг дээрээс заавар тушаалаар байгуулж болохгүйг би ойлгож байна. Гэхдээ манай орны түүхэн онцлог болон менталитетын зарим шинжийг харгалзан Монголын төр иргэний нийгмийг шууд байгуулах зорилт тавьдаггүй юмаа гэхэд түүнийг хөгжүүлэх, дэмжих, дөхөм үзүүлэх, тэтгэх талаар байнгын цогц арга хэмжээ авах ёстой.


7.Нийгмийн хамгааллын бодлого. Баян ядуугийн ялгарал ихсэж, олонхи нь мал шиг, цөөнх нь хэт тансаг амьдарч байна. Нийгмийн баялгийн хуваарилалт дэндүү шударга биш байна. Ядуу болон эмзэг бүлэгт хаягласан мөнгө, хөрөнгийг замаас нь баячууд шууд хулгайлж байна. Тэд зөвхөн үүний төлөө улс төр хийж байна гэхэд нэг их хилсдэхгүй. Миний бодлоор ядууралтай дайн зарлана гэдэг нь нийгмийн баялгаас төр болон төрийн албан тушаалтнууд хулгай хийхийг зогсооно гэсэн үг юм. Манай төр бүх төрлийн нийгмийн баялаг, гадаадын зээл тусламжаар арилжаа хийдэг бизнесийн байгууллага мөн. Чухам ийм болохоор нь төрд ажиллах гэж үхэн хатан зүтгэдэг болой. Yvнээс болж баян ядуугийн ялгаа хэт ихэссэн, Монголоос дүрвэсэн их нүүдэл болж байна. Солонгос, Америк, Тайвань зэрэг орнуудад ажиллах хүч ихээр гарч байгаа нь хүмүүсийн амь зогоох нэгэн гол арга болж байна. Ийм маягаар удаан явбал Монголд монгол хүн үлдэхгүй байх. Миграцийг төр засгаас ихэд өөгшүүлж байгаа нь Монголын төр, нийгэм задралд орсныг харуулах тод үзүүлэлт мөн. Иймээс бид нийгмийн баялгийг шударгаар хуваарилж, нийгмийн хамгааллын бодлогыг тууштай хэрэгжүүлэх ёстой. Үүнийг ардчилсан социализүмын буюу зүүний гэгдэх намууд эхлэн хийх учиртай атал тэд шууд барууны бодлого явуулж байна. Энэ бол зөвхөн миний бодол биш нийгмийн хөгжлийн шаардлага мөн. Эдгээрийг нэг амьсгаагаар шийдвэрлэх боломжгүй ч манай улсыг хөгжүүлье гэсэн чин сэтгэлийн үүднээс одооноос эхлэн хичээн оролдвол зохилтой. Ер нь аливаа ажил үйлсэд эхлээд сэтгэл, хүсэл зориг хэрэгтэй байдаг. Одоо ийм хүн, нам, хүчин бараг алга болоод байна. Гэхдээ олон түмэн нэгэнтээ энэ байдлыг ухамсарлаад эхэлжээ. Дээрх асуудлын заримыг Засгийн газрын мөрийн хөтөлбөрт оруулж, нэлээдийг нь УИХ өөрийн хэлэлцэх асуудлын хүрээнд оруулах зайлшгүй шаардлагатай. Бид нэлээд асуудлыг төлөвлөгөөндөө тусгасан гэж өөдөөс хэлж магадгүй юм. Дурдсан асуудлуудыг цогцоор нь шийдвэрлэдэг болохоос биш, энд тэндээс нь оочон цоочин оромдож ард түмнээ хуурах асуудал биш юм. Би та нарыг дэндүү сайн мэддэг учраас эсвэл юу ч хийхгүй, эсвэл өөх ч биш булчирхай ч биш болгочихоод Н.Энхбаяр шиг ичих нүүргүй рекламдвал хуурагдахгүй бөгөөд тэвчихгүй гэдгээ сануулж байна.


Ямар ч гэсэн энэ бол Монгол үндэстний болон монгол төрийн хувь заяаны тулгамдсан асуудлууд болно. Гэхдээ энэ асуудлыг эрдэмтэн мэргэд, улс төрийн нам хөдөлгөөн, төрийн бус байгууллагууд, өргөн олон нийтээрээ зайлшгүй хэлэлцэж, гарах гарцыг олох ёстой.


Энд би хэн буруутай вэ гэдэг асуудлыг хөндөөгүй. Ингэх ч шаардлага байхгүй. Энэ шинэчлэлийг одоогийн УИХ, Засгийн газар чадвал заавал хийх, ядвал заавал эхлүүлэх ёстой гэж би судлаачийн хувьд үзэж байна.


Yvнийг хийхээс зайлсхийсэн тэрхүү улс төрийн хүчин, улс төрчид нь Монголын ард түмний язгуур ашиг сонирхлын эсрэг хар хүчин болох нь гарцаагүй юм. Би албан тушаал хөөцөлдөх, баяжих хөлжихөөс өөрийг мэдэхээ больчихсон хүмүүст нэг их найдахгүй байна. Гэхдээ юмыг яаж мэдэхэв гэж, гэв гэнэт үүрэг хариуцлагаа ухаарч магадгүй гэж үүнийг тэрлэв.


Монголд гэнэн ардчиллын үе дуусч, чанарын цоо шинэ үе эхэлж байгааг одооноос харвал зүгээрсэн. Манай улстөрчдийн ихэнх нь амьдралаас үлэмж хоцрогдож, нийгмийг удирдан жолоодох чадвараа гээгээд байна. Тэд ард түмнээ мартаад орхиод удаж байгааг олон түмэн ухаарч байна. Ер нь эх орон, ард түмэн гэж цээжээ хоосон дэлдэхийн оронд тэднийхээ төлөө бодит ажил хийдэг төр бидэнд хэрэгтэй байна. Иймээс нийгмийг өөрчилье хэмээвээс эхлээд сульдаатай, тэнэг төрөө засах цаг нэгэнт болсон.


Одоо олон шалтгааны улмаас юм болгоны үнэ өснө, амьдрал гарцаагүй хүндэрнэ. Байдал ийм байхад ард түмнээ орхичихоод ажил, үүргээ мартчихдаг төр, намууд бидэнд огт хэрэггүй. Бас худал ярьдаг, гоё донгоддог төр бүр ч хэрэггүй. Одоогийн төр засаг үүнийг эс эхэлвэл, мөн оромдож хийвэл шинэ зорилтыг хэрэгжүүлэх өөр арга зам зөндөө байдаг. Энэ бол сүрдүүлэг биш. Албан тушаалын тулалдаан, хэнээрхэл, баяжиж хөлжих дон, шунал, хуйвалдан бүлгэрхэх зуршил, дадал зэргээсээ болж манай дээдсийн оюуны сүв, билгийн мэлмий бараг хаагдаж байгаа учир системийн шинжилгээний энэхүү дүгнэлтийг ямар боловч өргөн олон монголчууддаа толилуулж байна.

  • Бичсэн tamga
  • Үзсэн: 321

Бүлэг: Нийтлэл

Танд сонгуульд өгөх нэг санал бий, надад бас нэг санал бий (Гадаадад суугаа Монголчуудын улс төрийн сонгуульд оролцох эрхийн

Даваабатын Сайнбаяр, Чикаго

Шувтарч буй 2004 онд Монгол улс сонгуулийн будлиан самуурлаар дүүрээд одоо болтол УИХ-ийн 24, 59-ээр тойргийн сонгуулийн хууль ёсны ялагч тодроогүй байна. Сонгуулийн тухай хууль болон түүний хэрэгжилтэд хийх зүйл байна уу гэвэл их байна, тэр дундаа маш том нэмэлт өөрчлөлт оруулах хэрэгцээ байна. Улс төрийн сонгуулийн маргаан дуусаагүй энэ үест Монголчууд өдөр ирэх тутам гадаадын улс орнууд руу эрдэм, эрдэнэ өвөрлөхөөр цувсаар, явж амжаагүй нь явахыг төлөвлөсөөр глобалчлалын зуунд өөрийн хэв маягаар орж байна. Жилд 500,000 гаран монголчууд хилийн дээсээр ирж очдог. Зарим нь харь оронд түр аялаллаар явна, их дээд сургуульд удаан хугацаагаар суралцана, дэлхийд нэртэй пүүс компанид ч ажиллана, бас нэлээд хэсэг нь виз нь хэтэрсэн хар ажилчин болдог нь бидний амьдралийн өнөөгийн дүр төрх.

Монголын хүн ам 2004 оны эхний байдлаар 2 сая 504 мянга болсон. Эдний 40% нь 18 аас доош насны хүүхэд залуучууд. Харин насанд хүрсэн иргэдийн 7-8% нь гадаадад суурьшиж байна. Энэ бүлэг хүмүүс Монголын шинжлэх ухаан, боловсрол, эдийн засаг гээд олон чухал салбарт үнэлж баршгүй их хувь нэмэр оруулдагийг монгол хүн бүр хэлүүлэлтгүй сайн мэднэ. Ард суугаа ах дүү, хамаатан саднаа тэтгэж, тэжээж байдаг гадаадад суугаа бидний монголчууд Монгол улсын улс төрийн сонгуульд оролцох эрхтэй юу?

Мэдээжийн хэрэг. Энэ бол үндсэн хуулиар олгогдсон хамгийн том улс төрийн, иргэний эрх маань. Харин энэ эрхийг манай улс төрийн тогтолцоо, сонгуулийн тухай хууль хангасан уу гэвэл үгүй. Сонин хэвлэлээр УИХ-ын сонгуулийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн хоёр ч төсөл хэлэлцэгдэж буй тухай сүүлийн үед мэдээлсэн боловч улс төрийн хүчнүүд гадаадад байгаа монголчуудын сонгуульд оролцох эрхийн тухай ярьж, мэтгэлцэж буй тухай нэг үг ч сонсогдохгүй байна. Цаг хугацаа элэн улирахад хэрэгцээ дагаж нийлүүлэлт өсдөг зах зээлийн хууль билээ. Түүнтэй уялдаад энэ асуудлыг одооноос төлөвлөж шийдэх нь сонгогч бидний зайлшгүй шаардлага мөн гэдэгтэй та санал нийлэх vv?

Тэд бол ухаалаг сонгогчид


Гадаадад суурьшсан Монголчууд хөрөнгө мөнгө, амжиргааны хувьд Монголын дийлэнх хүн амаас илүү нь нууц биш. Явсан газар, үзсэн нийгмээ бас халаасны хэмжээгээ дагаж нүд ч нээгддэг биз. Байгаа улс орныхоо соёл, нийгмийн ололтыг илүү соргоор тусгаж байгаа, олон хувь нь их, дээд сургуульд суралцдаг, ихэнхи нь дунд болоод дээд боловсролтой, цаашилбал нарийн мэргэжил эзэмшиж, мастер докторын зэрэг хамгаалсан, монголын сэхээтний давхаргын төлөөлөгч олон хүн тэдэн дунд бий. Товчхондоо бол улс төрийн зөв сонголт хийж чадах боловсролтой, үндэстний хар массаас арай ангид давхаргийнхан гэж хэлж болно. Тэд бол үндэстний багагүй хувь, үндэстний баялаг, тэр утгаараа төрийн дээд эрх мэдлийг барьдаг парламэнтийн сонгуульд тэдний төлөөлөл байх нь чухал болов уу.


Гадаадад байгаа сонгогчдын саналын тоог багцаалах нь


Гадаадад байгаа нийт сонгогчдын тоог гаргах хэцүү, энэ талаар албан ёсоор гаргасан судалгаа баримт байхгүй байна. Ерөнхийлөгч Н.Багабанди өнгөрсөн 7 сард Сан Франциско хотод айлчилах үедээ АНУ-д багтаалсан тоогоор 9,500 монголчууд бий гэж хэлсэн. (Замдаан сэтгүүл Nо.20) Солонгост бол 30,000 орчим, Их Британид 6000, Германд 3000, Австралид тэд, Голландад тэд гээд сонин хэвлэл янз бүрээр л мэдээлдэг. Харин албан бус тоогоор 100,000 монгол иргэд гадаадад гарсан гэх баримт бий. Тэдний дийлэнхи нь 18 наснаас дээш буюу сонгуульд санал өгөх эрхтэй хүмүүс. Гадаадад буй энэ олон сонгогчийн тоо УИХ-ын сонгуульд ямар нөлөө үзүүлэх вэ гэдгийг гаргахын тулд өнгөрсөн сонгуулийн хэдэн тоо баримтыг түшье.

СЕХ-ны мэдээлснээр өнгөрсөн УИХ-ын сонгуульд 1 сая 280 мянга орчим хүн сонгогчийн нэрсийн жагсаалтанд орсноос 1 сая 52 мянган хүн буюу 82.2 хувь нь сонгуульд оролцсон байна. УИХ-н сонгуульд ялж сонгогдсон 74 гишүүдийн сонгогчдоос авсан дундаж саналын тоо 7646 байна. Хамгийн олон сонгогчтой Хөвсгөл аймаг гэхэд сонгуулийн 4 тойрогтой, 69,5 мянган хүний нэрсийн жагсаалттай, түүнээс 56.8 мянган хүн санал өгчээ. Хамгийн цөөхөн сонгогчтой буюу 27.1 мянган сонголч бүртгүүлсэн Ємнөгoвь аймагт гэхэд сонгуулийн 2 тойрог ногддог. Төв аймгийн 36-р тойрогт гэхэд 4000 хүрэхгүй саналтай нэр дэвшигч УИХ-ийн гишүүн болсон байх жишээтэй. Тэгвэл монголд буй нийт сонгогчдын 8-10% тэнцэх сонгогчид буюу нэг Хөвсгөл, нэг Ємнөгөвь аймгийн нийт сонгогч иргэд харийн оронд сонгох эрхгүй сууж байна. Энэ хүмүүс дангаараа 6-аас доошгүй тооны УИХ-н гишүүн сонгох бололцоотой гэж хар ухаанаар тооцож болох бөгөөд Монгол дахь оршин суух харъяаллаараа бол түүнээс хавьгүй олон тойргийн сонгуулийн дүнд хүчтэй нөлөөлөх чадвартай. Мэдээж гадаадад байгаа дийлэнх хүмүүс сонгуульд оролцох магадлал одоогоор бага гэж тааварлаж болох ч хэрэв сонгуулийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, гадаад оронд сонгуульд оролцох бололцоог хангах эрх зүйн орчныг бүрдүүлж чадвал үр дүн маш эерэгээр гарах учиртай. Монгол улсын нийт сонгогчдын 80 гаран хувь сонгуульд оролцдогоороо дэлхийд дээгүүр ордогийг энд бас мартаж болохгүй. Нөгөөтэйгүүр өдрөөс өдөрт харь оронд өөрсдийнхөө төлөө, монгол иргэн хүнийхээ боломж, потэнциалыг нэмэхийн төлөө, үр хүүхэд, Монгол хэмээх эх орныхоо төлөө хэл соёл мэдэхгүй хүний газар аз мэдэн нүүдэллэж яваа монгол иргэдийнхээ улс төрийн сонгох эрхийг нь хангаж өгөх нь ард түмний өмнө төрийн хүлээсэн үүрэг нь билээ.

Гадны туршлага


Гадаадад буй иргэдийнхээ саналыг улс төрийн сонгуульд тооцдог энэ практик аль бур 1918 оноос хойш Их Британи, Герман, Финланд, Белгид, 1970 аад оноос хойш АНУ, Канад, Испани гээд бусад дэлхийн олон улс оронд хэрэгжиж эхэлсэн байна. 1990 ээд оноос хойш Швэд, Щвэйцарь, Итали, Норвэги болон бусад орнууд энэ сонгуулийн хувилбарыг сонгосон. Унгар, Словак гээд дэлхийн олон оронд энэ сонголтыг хийх шатандаа байна. АНУ-ын жишээг татая. Энэ оронд 1975 онд анх Гадаадад буй Иргэдийн Сонгуульд санал өгөх эрхийн тухай хууль батлагдсан байна. Єнөөдөр Иракт байлдаж буй Америк цэргүүд 2004 оны Ерөнхийлөгчийн сонгуульд саналаа шуудангаар явуулж байна. (Fedex бас хямдралтай үйлчилж буй) Монголд байгаа Америк иргэдийн ихэнхи нь шуудангаар, Калифорни мэтийн мужийн харьяат иргэдийн зарим нь факсаар саналаа явуулж байна. Дэлхийн 64 орноос үнэгүй ярьж сонгуулийн талаар мэдээлэл авч болох үнэгүй утасны дугаартай, муж тойрог болгон сонгуультай холбоотой мэдээ баримтыг вэб хуудсандаа тавьжээ. Санал тооллогод сонгогчийн гарийн үсэг, хаяг, нийгмийн хамгааллын дугаарыг шалгаж үнэн зөвийг тогтоосны дүнд саналын хуудсыг хүчинтэйд тооцно.

Санал хураалтыг яаж явуулах вэ?


Одоогийн сонгуулийн хуулийн нэгдүгээр бүлгийн хоёрт санал авах өдөр эх орондоо байгаа иргэн санал өгнө гэж заасан байгаа. Хэрэв сонгуулийн хуульд нэмэлт өөрчлөлт орвол харь оронд байгаа ч байнгын хаяг харьяалал нь монголд хэвээрээ гадаадад суугаа монголчууд өөр өөрийн тойргийн нэр дэвшигчийн төлөө тухайн улсад байгаа манай Элчин сайдын яам, Консулын газарт биеэр болон шуудангаар саналаа илгээж болох хувилбар байна. Монгол улс 24 оронд ЭСЯ, 4 газар Консулын газартай. Тэгвэл Вашингтон, Лондон, Токио, Сөүл, Москва, Берлин, Оттава, Парис, Эрхүү гээд ЭСЯ, Консулын газар байрлаж буй том хотуудад төвлөрсөн олон мянган монголчууд биеэр ирж саналаа өгөх бололцоотой болно. Шуудангаар санал явуулах тохиолдолд сонгууль болохоос тодорхой хугацааны өмнө шуудангаар саналаа өгөх хүмүүс Монгол дахь СЕХ-ноос тусгай анкет бөглөн саналын хуудас хүсэмжилж, өөрийн байгаа орны шуудангийн хаягаар саналын хуудсаа хүлээн авч улмаар Монголд болох сонгуулийн өдрөөс тодорхой хугацааны өмнө шуудангаар саналаа илгээж болно.

Сонгуулийн булхай


Сонгуулийн булхай Амэрикад ч гардаг Монголд ч гардаг нь тодорхой. Гэхдээ хөдөө сумаар сонгуулийн хайрцаг бариад санал хурааж яваа сонгуулийн хэсгийнхэнд найдаж болсон юм чинь төрийн сүлдний өмнө тангарагаа өргөөд гадаад оронд Монголоо төлөөлж буй Элчин сайд, Консулийн эрхэмүүдэд энэ ажлийг даалгаж, Ерөнхийлөгчийн оролцоотойгоор сонгуульд өрсөлдөж буй намын төлөөний хүмүүс сонгууль шударга явагдах нөхцөлийг харилцан хянаж, гадны ажиглагчийг байлцуулаад саналаа хураахад болохгүй зүйл байхгүй. Мөн сонгуулийн ажлыг шударга бусаар удирдан явуулсан, сонгогчид шан харамж амлаж, элдэв хууль бусаар нөлөөлөх явдалын явдлаас сэргийлж эрүүгийн чанга хууль дүрмийг боловсруулах нь зайлшгүй. Энэ дашрамд хэлэхэд, эдийн засгийн хувьд гадаадад байгаа гэхээсээ монголд байгаа сонгогчид мөнгө болон амлалтад хуурагдах магадлалтай.

Хувийн мэдээллийн нууцлал буюу "хараар" ажиллагсад


Мэдээж уншигч та хараар ажиллаж буй хүмүүс яах вэ гэж гайхан сэрдэж байж болох юм. Сонгогчийн визний хугацаа хэтэрсэн, тухайн улсын цагаачлалын хууль зөрчсөн г.м нөхцөл байдал бол Монгол улсын иргэний улс төрийн эрхийг хаана гэсэн үг биш. Хэрэв гадаадад буй сонгогчийн хувийн нууцлалыг хадгалах эрх зүйн орчинг сайн бүрдүүлж өгч чадвал энэ бол шийдэхэд хэцүү асуудал биш санагдана. Сонгогчийн визний статус, орон байршил, хувийн мэдээллийг засгийн газар, хувь хүн, байгууллага ашиглах, олонд нээлттэй болгохын эсрэг хууль тогтоомжийг батлан гаргаснаар энэ асуудал хуулиар зохицуулагдаж болно.

Төгсгөлийн vг


Та баян хүн байж болно. Та ядуурлын доод хэмжээнээс бага орлоготой дэлхийн нүдэнд "эмзэг" гэж харагдах Монголын хүн амын золгүй 40%-ийн нэг байж болно. Та Fortune 100–д жагсаагддаг пүүст ажилладаг байж болно. Та Итали гуанзанд аяга угаадаг байж болно. Та арлын орны их сумоч байж болно. Та төмрийн үйлдвэрт ган хайлуулдаг байж болно. Та Принстонд сурдаг ч байж болно. Бүр сая сонгогдсон УИХ-ын эрхэм гишүүн ч байж болно. Болохгүй, ялгахгүй байхын аргагүй. Тэгэхдээ бид иргэн хүнийхээ хувьд төрийн сүлдний өмнө ялгаагүй байх ёстой.

Тэр бол Танд сонгуульд өгөх нэг санал бий, Надад бас нэг санал бий …

Америкын Монголчуудын Хамаг Монгол сонин

  • Бичсэн tamga
  • Үзсэн: 320

Бүлэг: Нийтлэл

Афины олимп буюу Аргацаах сэтгэлгээ

Imp… GROUP

-Тїй, заяагїй новш, алт авчихаж чадахгїй... Цагаанбаатарыг ингэж харааж угт.

Їндэсний їйлвэрийн бїтээгдэхїїнийг хэзээ ч битгий худалдаж ав. Тэгвэл удахгїй Монгол улс дэлхийд хөгжлөөрөө гайхуулна. Чи ч хагарталаа баяжна. Энэн шиг їнэн їгїй шїї. Маргах гээд байгаа бол уншаад л їзчих.


Афины олим дуусчихлаа. ТҮ-5 гэдэг телевиз –Бид л олимпыг шууд нэвтрїїллээ. Монголоо бид хөгжїїлж байна... энэ тэр гэж зогсоо зайгїй дївчигнэв. Хэдэн тайлбарлагч нь хамгийн адагт орж ирсэн марафончоо -Болж байна, сайхан гїйлээ. Энэ бол амжилт... гэцгээн өхөөрдөж телевизийнхнээсээ дутуугїй хэд хоног цамнав.

Энэ удаа аргацаах сэтгэлгээ гэж Монгол орны хөгжлийг болоод монгол хїний амьдралыг араас нь татаж чангаагаад байгаа сэтгэлгээний айхтар өвчний тухай ярих гээд байна л даа. Бид чинь бїгд л ийм аргацаасан сэтгэлгээний тахалд нэрвэгдсэн улс. -Яаж шїї аргалаад энэ жилийн зудыг давчихъя даа, -Юм сайн мэддэг лам байна уу хө, ажлаа аргалуулах гэсэн юм, -Зээл аргалаад бїтээчих хїн байна уу, -Татварынхныг аргалчихвал боллоо, -Єнөөх цагдааг аргалаад жолооныхоо їнэмлэхийг авчих юмсан... Иймэрхїї аргалж аргацаасан яриа манай улсаар хөл гишгэх зайгїй дїїрэн чихээстэй. Ламаар, танилаар, ах дїїгээр, бас авилгалаар аргалчихаж дөнгөнө. Болохгїй бол нїд хуураад гурилдчихна. Бїр болохгїй бол бурууг бусадруу чихээд, эсвэл зовлон тоочоод мултарч орхино. Ер нь яаж ийж байгаад л аргалж орхино.

Ер нь хїний сэтгэлгээ гэдэг бол хамгийн агуу зїйл. Вольф Мессинг гэж цуутай гипнозч -Гипнозоор хїнийг юу ч хийлгэж болно. Бас ямар ч боловсрол эзэмшїїлж болно. Ганцхан чаддаггїй юм нь сэтгэлгээ. Жишээ нь нинжин сэтгэлтэй хїнд –Энэ хїнийг ал... гэсэн даалгаврыг яаж ч өгсөн тэр їїнийг хийхгїй. Гэхдээ энэ нь тэрїїгээр хїн алуулж яагаад ч болохгїй гэж байгаа хэрэг биш шїї. Сэтгэлгээг арга залиар дагуулж чадна. Уг хїнээр хїн алуулахын тулд –Энэ хїн бол аймшигт алуурчин. Чи тїїнийг одоо л алж зогсоохгїй бол тэр олон гэмгїй хїнийг ална... гэхэд өнөөх нөхөр даруй гохоо дарж л орхино... гэжээ. Сэтгэлгээг аргаар дагуулж болдог байх нь ээ. Манай шинэ засгийн газар элдэв дарамт болсон аруу таруу бїсчлэлийн асуудлыг төвлөрїїлэхээр шийдсэн бололтой. Муугїй л шийд. Гарлага л гаргахаас өөр шидгїй талын нэг тарсан жижиг сум нэгжїїдийг төвлөрїїлж орлого олдог том том саалийн їнээнїїд болгохоор шийджээ. Ингэхдээ бас хуучны хошуу маягийн тогтолцоогоор солих гэсэн сонсогдно. Бас л муугїй шийдэл. Їїндээ хөдөөгийн нөхдїїдэд засаг захиргааны нэгжийг чинь өөрчилье... гэх аясаар хандвал тэд –Євөг дээдсийн минь нутгийг їгїй хийх гэлээ... гээд л тэс хөндлөн хэвтчихнэ. Харин -Євөг дээдсийнхээ засаг захиргааны уугуул тогтолцоондоо эргэж орох уу... гэх аясаар хандвал дуртай нь аргагїй гэрээ ачаалаад л дагах байх. Хїний сэтгэлгээ ийм л сонин эд. Бид улс орныхоо хөгжлийн тухай өчнөөн цэц булаалддаг. Єрнө, Дорныг бишгїй л їзлээ, амьдарлаа, ажиллалаа, сурч боловсролоо. Хөгжилтэй гїрнїїдийн механизм, тогтолцоог өчнөөн л коопийдлоо. Боловсрол, хууль, эрхзїйг нь бишгїй л ойлголоо. Тэгээд юу нь болохгїй байгаа юм бэ гэвэл чухам хамгийн гол зїйлийг нь л орхичихоод байгаа юм шїї дээ. Энэ бол сэтгэлгээ нь. Мартин Лютер нарын нөхдїїд гарч ирж өрнийг протестантжуулаагїй бол америк, европ ингэтлээ хөгжчихөөгїй байх байлаа. Олз ашгийг дажгїй сайн зїйл гэж їзсэн протестант сэтгэлгээ нь өгөршсөн католик европчуудын бие даах чанар, хїсэл шуналыг өдөөж өгсөн юм шїї дээ. Ийм шинэ европчууд л шинжлэх ухаан, технологийг хөгжїїлж, ардчиллыг буй болгон їйлдвэржсэн. Протестант сэтгэлгээний хөшїїрэггїйгээр юу ч болохгїй байлаа. Бурхан тэнгэрт бїхнээ даатгаад хөшчихсөн католик сэтгэлгээтнїїд олигтой дэвшилд хїрч чадахгїй. Манайхан японы Мэйжигийн шинчлэлийг жишээлэх жигтэйхэн дуртай. Єрнийн загварыг тэд яг хуулсан гээд л. Гэхдээ бас л хамгийн гол өнөөх зїйлийг нь ажиглахгїй өнгөрчихдөг нь харамсалтай. Би сэтгэлгээг л хэлээд байна л даа. Тэнд Огиї Сорай, Хонда Тошияаки, Кацї Кайшиї, Сакомото энэ тэр гээд л японыг уяж чөдөрлөх уламжлалт Жї-Ши їзлээс яаж салгах вэ, өрнийн хөгжлийн сэтгэлгээн дэхь їндсийн їндэс нь юу байна, протестант сэтгэлгээ їїнд хэрхэн нөлөөлсөн гэх мэтээр хөгжлийг өнгөн арга механизмын зїгээс нь биш, бїр цаад уг шагийг нь олох гэж судалж, онгичиж байсан сорууд цөөнгїй байлаа. Иймдээ ч Мэйжигийн шинэчлэл амжилтанд хїрсэн. Тїїнээс биш ердөө л өрнийн загварыг нь хуулчихсан юм биш л дээ. Тэр бэлэн загвар хэрэгжих сэтгэлгээний хөрсийг бэлдэх гэж аль Эдогийн їеээс л тархиа гашилган алдаж онож явсан сэтгэгчдийн хїчээр энэ загвар хэрэгжсэн хэрэг. Тарианы хичнээн сайхан їр байгаад хөрс їгїй бол хаанаа ургах вэ дээ. Манайхан саалиа бэлдэхээр саваа бэлд гэдгэрхїї л юм уу даа.

Энэ тухай яривал ахиад нэг сэдэв болчих учраас ингэс гээд орхьё. Бид сэтгэлгээний тухай эс хөндвөл хөгжлийн ямар ч бодлого, загвар хоосон зэрэглээ болоод л өнгөрөөс хэтрэхгїй. Тиймээс ч ИМП грїппийн зїгээс монголчуудад хамгийн тїгээмэл байдаг чөдөр тушаа болсон сэтгэлгээнїїдийг нэг бїрчлэн дэлгэхээр шийдсэн билээ. Энэхїї аргацаах, аргалах сэтгэлгээгээр эхэлж байгаа юм аа. Єртөөчид та бїхэн жишээ баримт, санаа оноогоо нэмэрлэнэ гэдэгт найдаж байна. За ингээд аргацаах сэтгэлгээний тухай яриагаа їргэлжлїїлье.

Уг нь бол сїїлийн хэдэн жил зуд болоогїй л дээ. Гэтэл арчаа муутай малчдын, бас аргацааж бурууг тохох эзэн хайсан засгийн газрынхны їгээр бол өвөл болгон зуд болж орхижээ. Цас л орсон бол зуд юм байх. Тэгэж байхаар өвөл гэдэг їгийг зуд болгочихмоор доо. Жил нь хавар, зун, намар, зуд гэсэн дөрвөн улиралтай л болно биз. Хэрвээ байгалиас өвс өөрөө ургадагїй байсан бол зун болгон ган болох нь тоторхой. Нар л гарсан бол найдвартай ган. Засгийн газар ч дуун дээр нь өлгөж аваад хөөргөдчихнө. Бїтэлгїйтлийнхээ бурууг тохох гэж тэр шїї дээ. Энэ бас л өнөөх аргалах, аргацаах сэтгэлгээ.

Бид энэ дөнгө тушаа болсон їхээрийн сэтгэлгээнд өлгийтэй байхаасаа суралцаж эхэлдэг. Нялх хїїхэд уйлахад аав ээж нь мөөм, эсвэл соосго аманд нь зоочихно. Уг нь хїїхэд зөвхөн амаа хөдөлгөх гэж уйлдаггїй юм шїї дээ. Даарна, халууцна, ганцаардна, бие нь эвгїйцнэ, ер нь юунаас ч болоод уйлж байж болно. Їїнийг нь ойлгох гэж хичээхийн оронд сурснаараа аргалчихаж байгаа нь энэ. Ингэхдээ өнөөх соосготойгоо хамт аргацаах сэтгэлгээний хороор угжчихаж байгаа юм л даа. Єнөөх жаал арай том болоод хивсэн дээрээ юм асгачихвал мөлхөө дїїрїїгээ бурууг чихээд л аргалчихна. Жил сар улирч манай жаал сургуульд оржээ. Мэдээж хичээлээ тасална, хожигдно. Хичээлдээ хожигдож ирсэн нөхдїїдийн нэгнээс нь ч би -Миний буруу… гэсэн їгийг сонсч байгаагїй. Аргалах шалтаг бол бэлэн шїї дээ. -Шїдээ їзїїлээд, -Дїїг харах хїнгїй, -Лифтэнд гацаад… ер нь шалтаг хаа мундахав дээ. Тэд том болоод аргацааж байгаад їдийн цайны цагтай золгочихдог нийтлэг ажилтнуудын нэг болно. Засгийн газар нь хїртэл тїмнээ ядуурлаас гаргаж чадаагїй болохоор баахан юмны нэрэнд мянганы, тїмний гэсэн цол гуншин зїїж байгаад сонгогчдоо аргалчихна. Єнөөх їзмэрч лам нар нь ч Дашцэрэнэрхїї хэнд ч ойлгомжтой юм буудаж байгаад сїсэгтнїїдийг аргалж дөнгөнө. Дор бїрнээ аргалж, аргацаасан ийм улс хэзээ ч урагшлахгїй.

Энэ айхтар сэтгэлгээг коммунист 70 жил бидэнд халдварлуулсан. Төлөвлөгөө гэж агуу зїйл бий. Тїїнийг аргалах гэж бїр агуу зїйл бий. <> гэж нэг хэнээтэй кино бий дээ. Тїїн дээр хэсэг мод бэлтгэгчид бусдын бэлтгэсэн гуалингуудын захад тавьсан тэмдэгийг еэвэн шиг нимгэн дугуйлж хөрөөдөж хаяад өөрийн тэмдэгийг тавьж нормоо аргалдаггїй юу. Їїнээс одоо бидний ярьдаг еэвэндэх гэсэн їг гарсан шїї дээ. Төлөвлөгөө нэг иймэрхїї маягаар биелдэг байлаа. Эндээс л өнөөх аргалах, аргацаах сэтгэлгээнд бид магистр болтлоо суралцсан юм даа. Харин олимпод, дэлхийн зах зээлд аргалаад аргацаагаад явна гэвэл гонж. Тэдний хэн нь ч бидэн шиг аргалаад аргалуулаад явдаггїй улс. Тиймдээ ч тэд суга суга хөгжчихдөг юм.

Олимпын тайлбар луугаа эргээд оръё. Ер нь спорт бол тухайн їндэстний хичээл чармайлт, зїтгэлийн шалгуур болж байдаг зїйл. Энэ ч талаараа томоохон хөрөнгө оруулагчид спортын тэмцээнїїдийг танддаг. Тэгэхээр Казахстанд сагсны оноогоор хожигдчихдог хөлбөмбөгчидтэй монголд хашир хөрөнгө оруулагчид мөнгөө оруулахгїй гэсэн їг. Учир нь тамирчид бол тухайн їндэстний хичээл чармайлт, хөдөлмөр зїтгэлийн оройлогчид байдаг. Гэтэл хамгийн зїтгїїр тэр улсууд нь өнхөрч буй бөмбөгнийхөө хойноос хэд алхсанаа зогсчихож байх жишээтэй. Казахстанууд байдгаараа гїйж байхад манайхан ханхалзаад л алхаж харагдана. Тамирчид нь ийм байхад бусад нь улаан залхуу, хариуцлагагїй амьтас болох нь хэнд ч тодорхой.

Ажилгїй, алхай ийм хїмїїст гадныхан адаглаад л виз олгохгїй гар татна. Наанадаад л тэд ямар тэжээгчид биш дээ. Цаашилбал хэн ийм анхиагїй нөхдїїдээр генээ муутгахыг хїсэх вэ дээ. Аргалаад визээ бїтээчихсэн заримд нь олигтой ажил олдохгїй. Ингэхээр манай гадаадад ажиллаж буй нөхдїїд дөмөгхөн ажил болоод арга технологи сурч ирэхгїй гэсэн їг. Захын жишээ дурьдахад хятадын зїтгїїр нөхдийг гадаадынхан нэг хэсэг бөөн бөөнөөр оруулснаас дэлхий хятадаар дїїрсэн. Хятад хїний толгой дээр нар жаргадаггїй гэдэг дээ.

Саяын олимпын тайлбарлагчид нэг иймэрхїї зїйл ярьж сууна лээ. -Манай тамирчин оноогоор илїї байгаа юм чинь одоо аргацааж байгаад цаг өнгөрөөх хэрэгтэй… Тэд аргалж цаг нөгцөөх гэж олимпод ороогїй л баймаар. Олимп болон бусад томоохон тэмцээнїїд

Нэгдїгээрт, Тамирчиныхаа талаас ид хаваа сорин тэмцэж, ялах гэж очдог. Японы жїдочид оноогоор хол давуу байсан ч илїї гайхамшигтай ур чадвар гаргаж цэвэр ялах гэж улайрч байхыг бид бэлхнээ харсан. Тэгээд ч тэд цэвэр ялалтад хїрч байлаа. Энийг л жинхэнэ тамирчин, жинхэнэ спорт, жинхэнэ олимп гэдэг юм. Тэд цаг хожиж аргацаадаггїй. Учир нь тэдэнд ийм сэтгэлгээ байхгїй. Байсан бол тэд манайх шиг ганц хїрэлдээ л їхтлээ баярлаж өвчигнөх байсан. Иймгїйдээ ч тэд агуу амжилтанд, хөгжилд, хїчирхэгжилд хїрчээ.

Хоёрдугаарт, Эдийн засгийн талаасаа спорт бол їндэснийхээ хөдөлмөрлөх чадварыг харуулдаг. Єөрөөр хэлбэл ажиллах хїчний чадамжийг тодорхойлдог. Энэ бол хувь хїний бус улс їндэсний хэмжээний том асуудал. Їндэсний олимпийн хороо ийм өргөн хїрээнд ажилдаа анхаарч баймаар. Ядахнаа л бөмбөгөө хөөж байгаад залхуураад зогсчихдоггїй, хожихгїй ч гэлээ багтарч унатлаа гїйсээр хожигддог хөлбөмбөгчдийг гадаадынхны өлөн нїдэнд їзїїлж байвал зїгээрсэн.

-Манайд хангамж муу, шїїгчид намайг л хясаад байлаа, ийм ч болоод, тийм ч болоод ялсангїй. Ирэх олимпод л ёстой нэг їзїїлээд өгье… гэх шїї юм олимпод залрагсад нь гонгиноод өнгөрдөг сайхан уламжлалтай. Унасан бөхөд шалтаг мундахгїй гэж манай тамирчдыг төдийгїй, ер нь өнөөгийн эмгэгшсэн сэтгэлгээтэй монгол хїнийг онож хэлсэн їг ч мөн дөө.

Миний нэг герман найз телевизээр олимп їзэж байтал өөрийнх нь орны тамирчин мөнгөн медал авч харагдав. Би баяр хїргэх гэтэл мань эр – Тїй заяагїй новш алт авчихаж чадахгїй… хэмээн гасалж байдаг байгаа. Гэтэл манайхан –Овоошдээ, далан нэгдїгээр байранд орчихлоо… гэх шїї юм яриад сууж байдаг. Миний бас нэг найз –Манай тамирчид санхїїгийн хангамж муутайн дээр тухайн спортоороо сайхан амьдраад, гэр бїлээ хангалттай тэжээгээд явж чадахгїй юм чинь яаж амжилт гаргахав дээ хөөрхий… гэх маягийн юм ярилаа. Тэгвэл манайхаас ядуу ( Нэг хїнд ноогдох ЇНО нь 350 доллар. Харин манайх 400. Дундаж наслалт нь 40 гаруйхан. Єөрөөр хэлбэл гуч гарч буй миний їеийн нөхөр їхэлрїїгээ ойртож яваа өвөөд тооцогдно гэсэн їг ) Кений тамирчин эх орондоо саадтай гїйлтээр хангалттай амьдарч яг харагдаач. Гэтэл 4000м-ийн саадтай гїйлтэд оролцсон кений гурван хар нөхөр алт, мөнгө, хїрэл медаль авч билээ. Нэг жижигхэн орны гурван далбаа зэрэг өргөгдөж, сїлд дуулал нь эгшиглэх бахтайг яана. Хятадын кунфугийн шилдэг мастерууд ямар ч хангамж эдлэлгїй, зїгээр л ууланд тууж явдаг юм шїї дээ. Америкийн хамгийн агуу боксчид, сагсчид уолстритээс биш, ядуу харуудын харлемаас л гарч ирцгээсэн. Олимпын аварга болоход тансаг хангамж биш аргацаах сэтгэхїй нь л саад болоод байгаа юм.

За одоо нэгэнт олимп дуусчихсан хойно спортын тухай ярианаасаа ховхоръё. Баялгийг болон хөгжлийг хїн л бїтээдгээс бус мөнгө санхїї, машин техник буй болгодоггїй юм. Гэтэл тэр хїн нь аргацаагчид. Ийм хїнээс яг ийм їйлдвэрлэл, бизнес, засаг төр буй болдог. Шугам муруй бол зураас муруй. Їїнээс гарах нэг том арга зам нь хэрэглэгчид бид өөрсдөө. Єөрөөр хэлбэл хэрэглэгчийн сэтгэхїй. Болоод ирсэн юмыг болгоод л байдаг ядуу хомс, аргацаасан сэтгэлгээнээс гарсан хэрэглэгч хөгжлийн хїчирхэг мотор болж чадна. Чухам энэ л їйлдвэрлэлийг аргацаагчийн дөнгөнөөс салган чанаржуулж хөгжїїлдэг. Тэгэхээр хэрэглэгчид бид өөрсдөө хөгжлийн шахуурга, өдөөгч нь болдог байна. Аргацаасан їлбэгэр хэрэглэгч ийм л їйлдвэрлэл, їйлчилгээг бий болгодог. Жишээ болгоод буузыг аваад їзье. Сонгино давстай холиод гурилд ороочихсон мах. Анх їїссэн яг л тэр хэвээрээ. Ямар ч дэвшил өөрчлөлтгїй цэл онгоноороо цохиж явна. Гэтэл ханбїргер хэдэн зуун янзаар хийгдэж байна. Орц нь улам нарийн, амт нь улам янзтай болсоор. Анх талханд хавчуулчихсан хэрчим махнаас эхэлсэн гэнэ лээ. Ханбїргерийг яг энэ чигээр нь <> хэмээн мөнхлөн тахиж, элдэв гадны халдвараас хамгаалж атар талх шиг хоёр зїсэм талхны завсарт хэрчим мах хавчуулаад цохиод байсан бол өдгөө дэлхийн дуртай хїнс болчихгїй нь лав. Гэтэл зөвхөн ханбургерийн талханд зориулсан гурилын буудайн сортууд буй болчихож. Хөөлгөх арга, зууралт, хольц, дээгїїр нь тїрхэх тїрхлэгїїд нь янзтай. Гэтэл энэ бол ханбургерийн зөвхөн гурилын л тухай асуудал. Гол мөн чанар болсон хавчуургууд нь бїрч элдэвтэй.

Арабад хийж байсан өдөртөө ялзардаг химелийн нэг муу царван шиг гашуун ус өдгөө жил ч хадгалсан чанараа алддагїй хөөсөрхөг, тунгалаг, хар, өтгөн, гашуун, чихэрлэг пивонууд болчихож. Бадвайзер, Пльзен, Фостерс гээд л. Гэтэл манай өнөөх айраг аль Чингисийн їед исгэдэг байсан тэр хэвээрээ. Иймээс л манайхаас дэлхийд өрсөлдөх бїтээгдэхїїн гардаггїй. Манайхан ч яахав буузаа, айргаа цохиод л байдаг. Гэтэл анхны хэлбэрээр нь ханбургер, шар айргийг хийгээд зарах гэвэл ямар ч тэнэг худалдаж авахгїй өөдөөс нь цацчихна. Манайх яахав, болоод ирсэн юм болж л байна гэсэн сэтгэхїйтэй. Аргацааж л байхгїй юу.

Энэ мобикомыг хар л даа. Залгагдах гэж бараг минут хїлээлгэнэ. Гїй ээ, ямар социализмын їед алслагдсан бригад руу залгаж байгаа биш дээ. Тэгснээ шугам чөлөөгїй байна гэж урдаас загнах нь холгїй. Сїлжээ нь унана, хяхатнана, мессеж нь тээр хойно, хамаг явдал дууссаны дараа ирэх нь ч бий. Зарим өдөр бїр сох таг. Болгоод байдаг манайхан жоохон нервтэж хараачхаад л бариад байхыг нь яана. Уг нь больчих л ёстой байхгїй юу. Яахав жаахан хохирно л биз. Та бид хэрвээ өндөр шаардлагатай болоод сурчихвал нэг хохироод насан туршдаа хожих л байхгїй юу. Хэрэглэгчид ийм өөрийгөө хїндлэх, їл аргацаах эрїїл сэтгэлгээнд суралцхаас өөр замгїй. Эс суралцвал гацаа. Гацаа гэдэг бол өдрөөс өдөрт шинэ дэвшилд хїрч буй энэ цаг їед улам хол хаягдна гэсэн хэрэг. Энэ бол мөхөл.

За одоо мобиком руугаа эргэж оръё. Єнөөх їїрэн утасны компани өчнөөн хөрөнгөөрөө барилга байшин, антень төхөөрөмжөө суурилуулчихсан юм чинь їїнийгээ зїгээр л тамхины иш шиг хаячихгїй нь лав. Хэрэглэгчгїй болчихсон юмыг ямар ч тэнэг нь худалдаж авахгїй. Тиймээс їїнийгээ ажиллуулахаас өөр гарцгїй. Голж шилэмтгий хэрэглэгчээ татахын тулд техник, технологи, їйлчилгээгээ сайжруулахын төлөө улайрах болно. Ингээд сїлжээ тасалдахаа болино, їнээ хямдруулна, холбох шугам чөлөөгїй гэж өвчигнөхөө болино, тэртээ тэргїй зардалгїй байдаг клипээ дамлахаа болих л байхгїй юу. Єөрөөр хэлбэл монголд їйлдвэрлэл їйлчилгээ жинхэнэ утгаараа хөгжинө. Компаниуд аргацаах сэтгэлгээнээсээ аргагїй шахалтаар гарч хийж бїтээнэ. Тэр хирээрээ аргалж ажилд орсон танил тохойнуудаасаа салж, сэтгэдэг бїтээдэг хїмїїсийг эрж хайна. Компани, албан газрынхаа төсөв, шахаанаас завшиж суудаг аргацаагчид амьдрах аргагїй болоод ирэхлээр хїмїїс хийж, бїтээхийн төлөө, сэтгэж бодохын төлөө чармайгаад эхэлнэ. Хичнээн танил тохой олонтой ч аргацаагч байх газаргїйдэж, илїї чадвартай нь илїї їнэлэгддэг болоод ирэхээр оюутнууд ч аргацааж байгаад диплом өвөртөлдөгөө больж, їнэнээсээ сурч мэдэхийг тэмїїлээд эхэлнэ. Аргацаах сэтгэлгээ араасаа їй олон гай чирдэг шиг, їїнээсээ хэрэглэгч бид л гарчихлаа гэхэд араасаа гинжин урвалаар бїхнийг чирээд дээшээ авирах гараанд хїргэчих байхгїй юу. Манай бїтээгдэхїїн, пїїс компаниуд цаашлаад дэлхийд өрсөлдөх бодит боломжид хїрнэ.

Єнөөгийн сэтгэхїйгээр їндэсний їйлдвэрлэлээ дэмжих гэдэг нь їлбэгэрийг өөхшїїлэхээс өөр юу ч биш. Єөрөөр хэлбэл аргацаах сэтгэлгээгээ улам дархлаажуулна гэсэн їг.

Єрнөд европ, АНУ, Японыг нэг талаар өөрийгөө хїндэлдэг хатуу чанд хэрэглэгч нь өөд татсан юм шїї дээ. Єөрөөр хэлбэл хөшїїрэгдсэн. Хэрэглэгч зөвхөн хамгийн сайныг шаардвал їйлдвэрлэгчийг тийм сайныг л хийхээс аргагїй шахаанд оруулна. Тэдэнд аргацааж амь зуух нөхцөл байхгїй болно. Яагаад гэвэл шилдэг сайн зїйлийг аргацааж буй болгодогїй юм. Тэр хуучин болж л байсан, чадаж л байсан хөг нь өнгөрнө. Маанаг ах дїї танилаараа компаниа дїїргэхээ болино. Зээлээрээ лэнд крїзер аваад уначихдаггїй болно. Зугаа цэнгээн нь багасна. Том гантиг шалтай харш бариулахаа болино. Энэ мөнгөөрөө шинэ технологи, чадвартай тархи авч дэвшилд зориулна. Єөрөөр хэлбэл жинхэнэ їндэсний їйлвэрлэгч болж төлөвшнө гэсэн їг. Урьд нь тэр шахааны бордмол гахай байсан. Тїїний хийснийг та бидний хэдэн монголчуудаас өөр авч өөхшїїлэх хэн ч байхгїй. Орос, Хятад, Германууд уу? Нөї шїї дээ. Чи өөр бол тэр ч өөр болно. Энэ нь Монгол улсад хөгжлийн шинэ эринийг авчирна.

Энэ төлөвшил нь улс төрд ч гайхамшигтай хөшїїрэг болно. Тойрогтоо амалсанаа 100% биелїїлж цэцэрлэг, саад бариад өгчихсөн эрхэм гишїїнийг ч -Баярлалаа эрхэм ээ. Гэхдээ саад бариулах гэж төрд залдаггїйг бид мэддэг болсоон. Уучлаарай, дараагийнх нь. Ингэж л ханддаг болно шїї дээ. Ингээд ирэхлээр саад бариад аргалчихдаг зальтнууд тийш хайран мөнгө, цагаа їрэн їрэн зїглэхээ больчихно. Нам засаг ч мянганы энээ тэрээ гэсэн цол гуншингаар аргацаах аргагїй болно. Энэ їед төсвийн мөнгөөр лэнд авчихдаг нь байтугай тарианы їр авчихдаг, сургууль барьчихдаг улстөрчид ч арчигдна. Хийх ёстой ажлаа хийдэг нь, чаддаг нь сонгогдно, ялна, бїтээнэ. Хэрэглээнд суралцсан сонгогчид эрїїл сонголтыг л хийнэ. Уинстон Черчил эх орондоо төдийгїй хїн төрөлхтөнд ялалт авчирсан агуу гавъяатан мөн ч гэлээ сонгогчид тїїнд баяр хїргээд улстөрийн тайзнаас буулгасан. Тэдгээр сонгогчид хэрэглэгчийн мэдлэгтэй, эрїїл сэтгэхїйтэй учраас ингэж шийдсэн. Черчил чаддагаа тун сайн хийсэн. Амалсанаа давуулж биелїїлсэн. Гэвч одоо өөр цаг їе ирсэн. Дайн дууссан. Їїнд Черчилээс арай илїї чаддагийг нь томилъё гэж хандсан. Энэ бол эрїїл сэтгэлгээ. Манайх шиг хувьсгалын алтан хараацай Зоригийн дїї, Ш. Отгонбилэгийн авгай юм хөөрхий гэж тэс хөндлөн нөхрийг хөөрлөөр тэд сонгохгїй. Энэ бол өвчтэй сэтгэлгээ. Энэ бол аргацаагч сэтгэлгээ. Энэ сэтгэлгээ өөрийгөө, ирээдїйгээ, улс орноо хөгжїїлэх биш нїхэнд унагадаг юм. Онцлох гавъяагїй суудлын бөглөөнїїдийг дуусдаггїй савангийн дуурийн гол дїр болгоод л тойрог солих бїрд нь хадаг шиг залаад байж таарахгїй. Бїх юманд эрїїлээр хандах учиртай. Энэ ч хөөрхий тэрний дїї юм, хадам нь юм, энэ нь олон удаа їзэж байгаа юм хөөрхий. Ганц удаа гараг дээ. Энэ ч тойрогтоо амалсанаа биелїїлж саад, тоглоомийн талбай бариулсан гэх мэтээр хандаж онигоотож хэрхэвч болохгїй. Энэ бол улс орны, чиний, їр хїїхдийн чинь хувь заяа амьдрал, ирээдїй. Энэ бол мөхөл сэхлийн дэнс. Хэрэглэгчийн сэтгэлгээнд суралцсан сонгогч ингэж л хандах байхгїй юу.

їргэлжилнэ...

  • Бичсэн tamga
  • Үзсэн: 400
Sample photo

Цахим Өртөө Сүлжээнд элсэх

  • Өртөөний сүлжээнд элсэх

tsahim_urtuuХэрэв та Монгол Туургатны Цахим Өртөө Сүлжээнд элсэхийг хүсвэл: http://groups.google.com/group/tsahim-urtuu-suljee хаягаар зочилж маш хялбархан бүртгүүлж болно. Та Гүүгл суурьт энэхүү сүлжээнд имэйлээ бүртгүүлснээр манай сүлжээний гишүүн болно.

 

Image Temp

Энэ хуудас нь Цахим Өртөө сүлжээний нийт гишүүдийн хамтын бүтээл байх бөгөөд ажил хэргийн санал болгоныг вэбийн хамтлаг тухай бүр нь тусган энэ хуудсанд оруулж байх болно. Хамтран ажиллаж буй, ажиллахаар зэхэж буй таньд баярлалаа.

Newsletter