307-р сар2014

Бүлэг: Судалгаа

Эрдэнэ ноён цорж Чин сvзэгт номун хан хутагт

Шинжлэх ухааны доктор Л.Эрдэнэчимэг. (Энэ и-мэйл хаягийг спамботоос хамгаалсан. Та үзэхийн тулд JavaScript идэвхжүүлэх хэрэгтэй. ) Bloomington, USA


ХVIII зууны тэргүүн хагасын Монголын дуун урлахуй ухааны томоохон төлөөлөгч, уран сэтгэгч "Чин сүзэгт номун хан" өргөмжлөлт гэгээнтэн Лувсанноровшарав (1701-1768) нь буддын шашны хөгжимт утга зохиолын дуун урлахуйн [1] гүн ухаан, түүний гүн увдисын мөн чанарыг шашин сүм хийдийн дуу хөгжмийн уран бүтээл, түүний монгол хувилбарт тэмдэглэл, ая шүлэг сэтгэлгээ бясалгалын нийлэг зангилаагаар нүүдэлч монголчуудын ахуй сэтгэлгээний өвөрмөц онцлогийг тусган гаргахыг эрмэлзсэн дуун урлах ухааны нэрт төлөөлөгч бөгөөд долоон боть сүм бумтай.

Номун хан Лувсанноровшарав нь Хуучны Сайн ноён хан аймаг, одоогийн Баянхонгор аймгийн Галуут сумын нутаг болох тухайн үедээ "Чин сүзэгт номун ханы хүрээ хийд" хэмээн алдаршиж байсан, Халхын Засаг Шаарын хошуунд Энх Амгалангийн 40 он буюу 1701 онд төржээ. Тэрээр бага наснаас лам болж шарын шажны ном номлолд нилээд сайн мэргэшсэн учир Єндөр гэгээн Жавзундамба хутагт түүнд "Эрдэнэ ноён цорж" хэмээх цол хэргэмээр шагнаж хутагт хувилгаадын зэргэд оруулсан байна".[2.1990.124]

Түүнээс хойш Лувсанноровшарав нь олны дотор хүндийг олж, нэр нь алдаршиж байсан учир Ордос их зуугийн чуулганы олон хошуудын засаг, тайж ардууд хүсэж түүнийг нутагтаа урин залж, багш болгон тахиглаж, гуч гаруй жил өнгөрсний дараа Найралт төвийн 10-р он буюу 1732 онд Ордос их зуугийн Хангин бэйсийн хошууны нутагт тэдний засгуудтай эвсэж, "Шар зуу" хэмээх сүм байгуулж лам банди нарыг ном эрдэмд сурган хурал ном хуруулж байжээ. Тэнгэр тэтгэсний 10-р он буюу 1745 онд Лувсанноровшарав нь Ордосын нутаг дахь "Шар зуу" хэмээх сүмээ орхин, Халхын нутагтаа эргэж ирээд Одоогийн Баянхонгор аймгийн Галуут сумын нутаг Ханхарын Євөр Цагаан Цэцэрлэг хэмээх голын тус газар сүм дуган суварга хэд хэдийг бүтээжээ. Хэдэн жилийн дараа шавь нар ард нийтдээ 200 гаруй өрх болон өргөжжээ.
Түүнчлэн тэнгэр тэтгэсний 16-р он буюу 1751 онд хязгаар орныг тогтоож, зүүн этгээдийн туслагч жанжин Цэрэн, Лувсанноровшаравт "Халхын эрдэнэ ноён цоржийн шавь нар бүгдийг захирах тамга" хэмээсэн үг үсэг бүхий тамга олгож, Шанзодва [3] байгуулжээ. Үүний дараа "Тэнгэр тэтгэсний 20-р он буюу 1755 онд Манжийн хаанаас Эрдэнэ ноён цорж Лувсанноровшаравыг Амарсанаагийн хутагт хүрээнд очиж, ном уншиж олныг тохинуултугай хэмээн даалгаж, тусгайлан "Чин сүзэгт номун хан цол"-оор өргөмжлөн, тамгын үсэгт оруулан мөнгөөр цутгаж, Манж, Монгол, Төвд үсгээр сийлсэн тамгыг олгож, томоохон хутагт хувилгаадын зэргэд оруулж байжээ. Тэр цагаас эхлэн Лувсанноровшарав нь тамга бүхий хутагт хувилгаан болон хошууны эрхтэй болсон цагаас хойш, ардын хувьсалын үе (1924 он хүртэл) нийт 200-д жилийн дотор бүгд зургаан үеийн хувилгаан дүр зөвхөн энэ газар оронд тодорч "Чин сүзэгт номун хан хутагтын шавь" хэмээн шавь нарын албатыг захирч байсан байна" [ Я.Ц.2.1990.125.]
Эдгээр хутагт хувилгаадын талаар "Зарлигаар тогтоосон олон аймгийн хутагт хувилгаад нарын шастир" [4] дээрд доорд дэвтэрт тэмдэглэснээс иш татан, эрдэмтэн Я.Цэвэл өөрөө тэр нутгийн хүний хувьд Лувсанноровшаравын удаа дараагийн дүрүүд болон ялангуяа сүүлийн дүрүүдийн талаар тодорхой дэлгэрүүлэн бичжээ. Чин сүзэгт номун хан хутагтын тодорсон зургаан дүрийг жагсаавал:

анхдугаар дүр Лувсанноровшарав (1701-1768) нийт 68 ,
хоёрдугаар дүр Лувсандандарванчиг (1768-1827) нийт 59,
гуравдугаар дүр Бадамдорж (1830-1882) нийт 52,
дөрөвдүгээр дүр Лувсанданзан (1884-1893) нийт 9,
тавдугаар дүр Цэдэнбалжир (1896-1921) нийт 25,
зургадугаар дүр Галсан-Ёндон (1922-1967) нийт 45 насыг тус тус насалсан байна. [5.1990.10-16]


"Дээрх хутагт хувилгаад нарын захирамж мэдлийн дор "Чин сүзэгтийн’ буюу "Номун ханы хүрээ" гэж алдаршсан тэр газарт нэг бага шиг хүрээ хийдэд 500 орчим лам нар шавьлан суудаг байжээ. Газар нутгийн хувьд баруун этгээдээр 160 газар буюу 85 орчим км газраар Сайн ноён хан аймгийн Эрдэнэ ван Жамъяндоржийн хошуутай, өмнө этгээдээр 80 гаруй газар буюу 40 км газраар Дашдорж гүний хошуутай зах нийлсэн 5000 гаруй ам дөрвөлжин нутгийг эзэмшиж байжээ. Номун ханы хүрээ нь Баруун, Зүүн, Күшиг, Пилва хэмээх дөрвөн том дацантай, Цогчин, Жүд, Чойр,
Мамба хэмээх тусгай мэргэжлийн дацангуудтай, бүх лам нар өөрсдийн дур сонирхлын дагуу эмнэлэг, гүн ухаан, одон орон, зурхай, утга соёлын хурал номын сургууль үйлдэж байдаг байв". [Я.Ц.2. 1990.127] Номун ханы хүрээ бол зарим том хүрээ хийдийг бодвол бага ч гэсэн шашны ёс заншил, шашны дуу хөгжим бусад зүйлийн талаар дутуу юмгүй, маш өвөрмөц уламжлалтай хийд байжээ.

Одоогоор бидэнд Чин сүзэгт номун хан Лувсанноровшаравын "Гүр [6] дууны бичиг" нэртэй таван гар бичмэл шашин номын бясалгалын дууны дэвтэр олдоод байгаа билээ. Эдгээр дууны гар бичмэл дэвтэрт нийт 96 дуу орсон байх бөгөөд 2-р гар бичмэл дэвтрийн дотор ятга хөгжмийн үүслийн тухай домог болон гүр дууг ятгаар хэрхэн хөгжимдөх тухай хөгжмийн ноот "рол-ег" [7] ноот бичлэг орсон бол 4-р дэвтэрт 96 дууг нийт 40 бүлэг болгон бүлэг бүрийг нэгэн аялгуунд хамруулсан 36 зүйлийн "ян-ег" [8] ноот бичлэг оруулсан байгаа нь монгол дуу хөгжмийн түүхэнд шинэлэг зүйл болсон юм.

Номун хан Лувсанноровшарав нь нийт долоон боть сүм бум зохиосноос гадна Буддын шашин сүм хийдийн номын найрт зориулсан Гүр дууг янз бүрийн газар оронд зохион туурьвиж байсан талаар гүр дууны зохиолын дотор тэмдэглэгдсэн байна. Жишээ нь:

1972 онд 41 сүүдэр дээрээ Ордосын газар "Диваажингийн орон" гэх 48-р дуугаа зохиосон бол,
1972 ондоо нутагтаа буцаж ирээд Бор тал хэмээх газар сүм хийд байгуулах тэг хэмжээ засаж "Гальвангын эгшиг",
1743 онд 42 сүүдэр дээрээ хийд байгуулаад "Сухавадийн орон",
1744 онд 43 сүүдэр дээрээ Эрдэнэ зууд очиж мөргөөд буцах замдаа "Цаст уулын арслан",
1747 онд 46 сүүдэр дээрээ "Жаргалант тал" хэмээх 54-р дуу,
1748 онд 47 сүүдэр дээрээ "Номын чанар",
1753 онд 52 сүүдэр дээрээ "Гадаад их далай" хэмээх дуугаа Бээжин Датунд очих замдаа зохион туурвисан бол,
1754 онд 53 сүүдэр дээрээ "Төгс баясгалант" хэмээх 36-р дуугаа цол хэргэмээр шагнуулах үестээ зохиосон бол,
1755 онд 54 сүүдэр дээрээ "Амтат рашаан" хэмээх 45-р дуугаа,
1757 онд 56 сүүдэр дээрээ "Мөнх бусын дурдатгал" дуугаа Ордос нутагт очих замдаа зохиосон бол,
1759 онд 58 сүүдэр дээрээ "Дээд ламын шажин" 43-р дуугаа,
1760 онд 59 сүүдэр дээрээ "Дэлгэр их шажин",
1763 онд 62 сүүдэр дээрээ "Намсрайн залбирал",
1767 онд 66 сүүдэр дээрээ "Шагжамуни ач" хэмээх 61-р дуугаа,
1768 онд 67 сүүдэр дээрээ "Дарнадын залбирал",
1769 онд 68 сүүдэр дээрээ "Шавар байшин" хэмээх 57-р дуугаа тус тус зохиосон тухай тайлбарыг "Гүр дууны бичиг" дэвтрийн дотор бичсэн байна.

Лувсанноровшарав хэдийгээр буддын уламжлалт ухааны зүтгэлтэн байсан хэдий ч дуу хөгжмийн зүйлээ монгол хэл дээр зохион туйрвасан явдал нь монгол хөгжмийн онол түүхийн хуудаснаа шинэлэг ажил болсон юм. Ялангуяа Номун хан Буддын утга зохиолт дуу хөгжимд уламжлалт "ухааны арван орны" ном эрдмийн дотроос хөг эгшгийн дуун ухааны аймаг салбарт хамаарах "Сайн оюунтны хоолойн чимэг", "Ролмойн данчой" хэмээх эртний Энэтхэг Төвдийн хөгжмийн шастирын сонгодог бүтээлүүдтэй танилцан, дорно дахины хөгжмийн эгшгийн эвсүүлэн найруулах зарчим, эгшгийн жим, дууны таван магад, дуулан эгшиглэх долоон магад, дууны зургаан жүр хөг, жаран эгшгийн зарлигийн онол сургаалийн үндсэнд тулгуурлан монгол дуу хөгжмийн онол сургаалийн сонгодог хэлбэр, гүр дууллын шинэ монгол хувилбарыг зохион туйрважээ. Түүний бичсэн зохиол нь дуу хөгжмийн төрөл зүйлийн хувьд гоцлол дуу, ятгаар ая хавсрах хамсраа хөгжим (аккомпанимент) , найрал дууны урлаг дэг сургуулийг анхлан байгуулж, дууны уран бүтээлийн дан найрал дуу (акапелла), шашин сүм хийдийн мөргөлийн магтуу дууны төрөл (кантата) хөгжих эхлэлийг тавьж, ятга зэрэг иргэний урлаг соёлын хөгжмийн зүйлээс сүм хийдэд нэвтрүүлэн шашны болон иргэний чиглэлтэй соёл боловсролыг хөгжүүлэх үүдэл санаачлагыг гаргажээ. "Номун хан буддын дуун ухааны эгшгийн дуурьслыг дүрсжүүлэн танин барих асуудалд гол анхаарлаа чиглүүлж монгол дууг шашин номын уншлага, дуудлага, бясалгалтай нягт шүтэлцүүлсэн эгшгийн дохио тэмдгийн дүрслэлийг дорнын гүн ухааны тав, зургаан махбодын тулгуур дээр буй болгох үүдэл санаачлагыг гарган, гурван зүйлийн ноот тэмдэглэл "дан ег"- уншин дуудах хэлбэр, "ян ег"- дуулах хэлбэр, "рол ег"- хөгжимдөх хэлбэрийн ноот тэмдэглэлийг зохион гаргасан нь монгол хөгжмийн түүхэнд чухал ач холбогдолтой болсон юм. Номун хан гүр дундаа монгол урт аялгуут дууны уртлаг хэмийн сэтгэлгээний онцлогийг шашин номын бясалгалын гүн ухаарлын шүлэглэлийг монгол бичгийн хэлний сонгодог жишээн дээр авч тэдгээрийн холбоон дээр "Гүр дуу" хэмээх өвөрмөц нэгэн бясалгалын дууны төрлийг зохион буй болгожээ" [ Л.Э. 9. 2001.270-276].

Норовшаравын гүр дууны зохиомж агуулгын онцлог нь: бодит ертөнцийн юмс үзэгдлийг хийсвэржүүлэн түүнээсээ эргээд бодитойруу шилжих утгын гүн хэлхээ холбооны үйл үр дүнг, дууны оргил хэсэгт илрэх хүний сэтгэлгээний дотоод ертөнцийн гүн бодролын дээд шүтэлцэлт хэлбэрийг аялгуугүй аялгуу, хэмнэлгүй хэмнэл, дүрслэлгүй дүрслэл, дүргүй дүрээр баяжуулан, тасархай ба үл тасархайн нэгдлээр эгшгийг холбон найруулж шүтэлцүүлсэнд оршино.

Монголын дуун урлахуйн ухаан болоод нийгэм, ёс суртахууны сэтгэлгээний түүхэнд уг сэтгэгчийн гүйцэтгэсэн үүрэг, байр суурийн талаар доорхи хэдэн зүйлийг дүгнэлт болгон үзэх байна.
Чин сүзэгт номун хан Лувсанноровшаравын дуун урлахуйн гүн ухаан, нийгэм ёс суртахууны үзэл нь өөрийн эх судлагдахуун, авч үзсэн цар хүрээ, тэдгээрийг боловсруулсан байдал зэргээрээ тухайн цаг үеэсээ төдийлөн халиагүй ч эртний дорно дахины Энэтхэг Төвдийн буддын шашны дуун ухааны үлэмж хөгжингүй байсан "Танин мэдэхүйн сэтгэлгээ", "юмсын гүн утгыг номлох", "хоосон чанар"-ын сэтгэлгээг өвлөн авч, шашин сүм хийдийн амьдралд жирийн иргэн ардын монгол зан үйлийг тохируулан шинэ нөхцөлд, шинээр боловсруулан гаргажээ.
Номун хантан үзэхдээ хүний сэтгэлийг хөдөлгөгч хүч нь дуу хөгжмийн эгшигт нуугдаж байдаг, эгшгээр дамжуулан хүний сэтгэлийн уйтгар гуниг, баяр баяслыг авчрах тэр хүч нь сэтгэлийн хөдлөлийн үр дүн байдаг тул сэтгэлийг сэтгэлээр судлах бус сэтгэлийг ухаанаар жолоодохын чухлыг заан гаргаснаараа өмнөх сэтгэгчдээс давуу талтай байв.

Гүр дууллын урлалыг сэтгэл ухаанаар танин мэдэж болох боловч хөг эгшгийн дуурьслын эх сурвалж нь ямар нэгэн биетэй бодтой, тасархай, нийлмэл, хязгааргүй,орчил, цэг, шугам, маш нарийн хэмжээст квант, энерги, эгэл бөөмсийн хөдөлгөөн, авиа чимээ, анир нь бодит байх албагүй, хийсвэр хийгээд хийсвэр дотор бодитой байж болно гэж үзжээ. Єөрөөр хэлбэл дууны мэдрэгдэн хүртэгдэж байгаа нь материаллаг тал нь мөн боловч, түүнд хийсвэр шинж байна, тэрхүү хийсвэрлэлийн доторч "далд мэдрэхүй", (нууцлаг биет) "далд биет" (матери) байна гэж үзсэн. Иймч учраас буддын дуун урлахуйн ухаанд дуун эгшиглэн бол хүний сэтгэлийн хүчээс шалтгаалан хүний дотоодоос түрэгдэн гарах " амьд-эрчим"-ээс үүснэ, иймд хөгжмийн мэргэд юун түрүүнд хүний сэтгэлийг булаан түүнийг эзэмдэж байж сая сэтгэлээр дамжуулан ухааныг судлахын чухлыг заажээ.

Дээрхээс дүгнэн үзэхүл: илт байх юмс-шалтгаанаас учирч бүтэх тул шүтэн барилдахуй шинжтэй, далд байх юмс-илтийн харгацаанд байх бөгөөд өөрсдийн хувьд харгацаж байж мөн чанарыг олдог, илт далд юмсын шүтэлцээнд байх юмс нэгдэн нэрийтгэсэн утгыг олдог.
Иймээс юмс үзэгдэл бүхэн " гурамсан шүтэлцээ" тэдгээрийн далд оршино, учирна, харгацна, нэгдэнэ, хөгжинө, мөхнө, төрнө, төлжинө, хөдлөнө, үргэлжилнэ. Энэхүү үргэлжийн бүрдлийн тасралтгүй чанар нь үйл үрийн холбоонд байна гэсэн диалектик санаагаа хөгжил хувьсал нь аяндаа бус тусгай хууль ёсоор гарч байдаг" хэмээн ёртөнцийн зүй тогтолт хөдөлгөөн болгон зоргондоо гарахгүй, юмс бүхэн өөрийн шалтгаан хуультай тул хөдөлгөөн ч атугай шалтгаантай ажээ. Шалтгаан үр нь үйл үрийн холбогдлоор илрэнэ. Иймээс үйл үрийн холбоо нь хоосон чанараар илэрч болно. Иймд "хоосон чанар гэдэг нь: бодлог ил-далд юмсын шүтэлцлээс ч ангид, нийлбэрээс ч ангид, орчлон ёртөнцийн юмс үзэгдлийн "дотоод гүн мөн чанар" хүний гурав дахь чих, гурав дахь сонор, гурав дахь нүдний хуран нэгдэх долоо дахь мэдрэхүй, найм дахь ухамсар мөн" [Л. Э]. Танин мэдэхүйн ёртөнц дэх хүний аливаа үйл ажиллагаа нь эцсийн дүндээ хүний оюун ухаан, ухамсар сэтгэлээс хамаардаг гэсэн нь Чин сүзэгтийн хөгжмийн гүн ухааны үзлээс урган гарч буй дүгнэлт юм. Ийнхүү Гүр дуу гэдэг нь: уг сэтгэгчийн дуун эгшиглэнгийн гүн ухаарлын үндэс аялгуугүй аялгуу, гүн бодрол дахь гүн нууцын заллага хэмнэлгүй хэмнэл, гүн эгшиглэнгийн увдис үр дүн хэмээн үзэж байна.

Сайн үйлс дэлгэрэх болтугай!

Зvvлт тайлбар

1. Буддын шашны их таван ухаанд: да риг ба- дуун ухаан, дан циг риг ба- шалгах ухаан, со риг ба- урлахуй ухаан, сова риг ба- тэжээх ухаан, нан риг ба- дотоод ухаан зэрэг багтдаг бол бага таван ухаанд: гар зэй- зурхай, дэвжор- холбон найруулах, нинаг- зохист аялгуу, дойгар- дууриал бүжиг, онжод- ёгт нэр зэрэг багтдаг болно.
2. Я.Цэвэл "Чин сүзэгт номун хан хутагтын шавь"өгүүлэл, Түүхийн судлал .№ 1УБ. 1990. 125-135-р талд.
3. Шанзодба номын хур буулгах ёс.
4. Зарлигаар тогтоосон олон аймгийн хутагт хувилгаад нарын шастир. Дээрд доорд дэвтэр. УТНСан эртний хөмрөг.
5. Л.Эрдэнэчимэг "Гүр дууны бичиг". УБ. 1990. 10-16-р талд.
6. Гүр гэдэг нь эртний төвд хэлний дуудлагаар сүлд дуу, бясалгалын дуу гэсэн утгатай юм.
7. Рол-ег гэдэг нь буддын шашны хөгжимдөх байдлыг тэмдэглэсэн ноот бичлэгийн нэр.
8. Ян-ег гэдэг нь буддын шашны хурал номыг дуулах байдлыг тэмдэглэсэн ноот бичлэг.
9. Л.Эрдэнэчимэг" Монгол гүр дууны гүн эгшиглэнгийн увдис". УБ.2001 он.

  • Бичсэн tamga
  • Үзсэн: 1668

Бүлэг: Судалгаа

Оюу толгойн орд ба монголын зэсийн эрдэс түүхий эдийн баазын ирээдүйн төлөв

Сандагдоржийн Болд,          Эрдэс баялгийн эдийн засагч (MS)

Мичиганын Технологийн Их Сургууль (Энэ и-мэйл хаягийг спамботоос хамгаалсан. Та үзэхийн тулд JavaScript идэвхжүүлэх хэрэгтэй. )
 


ӨМНӨТГӨЛ VГ

Өмнөговийн Ханбогд сумын нутаг дахь Оюу толгойн ордын ирээдүйн талаар хүмүүсийн дунд мэдээлэлтэй, энэ салбарын мэргэжилтэй, суурь мэдлэг, ойлголттой, асуудлыг олон талаас харах чадвартай эсэх, улс орныхоо хөгжлийг эрхэмд тавьдаг үгүйгээс хамаараад асар ялгаатай үзэл бодол, аргументууд бий болжээ.


Таван жилийн өмнө Монголд ШУТИС-ийн оюутан байхдаа миний бие, Оюу толгойн ордод хайгуул хийх эрхээ Австралийн BHP Billiton корпораци Канадын Ivanhoe Mines компанид шилжүүлэн өгсөн тухай, мөн Ivanhoe Mines-ийн баруун өмнөд Оюуд хийсэн хайгуулын ажлын анхны үр дүнгийн талаарх мэдээллийг ШУТИС-ын Уул уурхайн сургуулийн (хуучин нэрээр) профессор, шинжлэх ухааны доктор, салбарын тэргүүлэх эрдэмтдийн нэг Я. Гомбосvрэнгээс авч танилцсанаар энэ ордтой холбоотой судалгаа хийх санаа төрж, багшийнхаа зөвлөгөө, удирдлага дор 2001 оны намар"Оюу толгойн орд ба Монголын Зэсийн Эрдэс Түүхий Эдийн Баазын Ирээдүйн Төлөв" нэртэй судалгаа хийж гүйцэтгэсэн юм. Тэр үед Ivanhoe Mines-ийн эрэл-хайгуулын ажил нь Оюу толгойн төслийн хүрээнд хамрагдах дөрвөн хайгуулын талбайн зөвхөн нэг нь болох Оюу толгойн баруун урд хэсэгт бүрэн хэрэгжиж дуусч байв. Тухайн үеийн (5 жилийн өмнөх) өгөгдөл дээр буюу Баруун өмнөд Оюу дахь 23 цооногийн өрөмдлөгийн ажлын үр дүнд үндэслэн хийгдсэн бидний судалгаагаар зөвхөн Баруун өмнөд Оюуд 244.75 тонн буюу 8.63 сая унц алт, 1.6 сая тонн буюу 3.5 тэрбум фунт зэсийн нөөц эрэл-үнэлгээний үе шатанд тогтоогдож, баруун өмнөд Оюугийн зэс, алтны нөөцийн мөнгөн үнэлгээ Цагаан Суварганы зэсийн ордын нөөцийн мөнгөн үнэлгээнээс 3.6 дахин их гэсэн урьдчилсан тооцоо гарч байв (зах зээлийн тухайн үеийн үнэ ханшаар). Өнөөдөр буюу 5 жилийн дараа, ордын нөөцийн хэмжээ, мөнгөн үнэлгээ үүнээс хэд дахин нэмэгдээд байна.


Бидний тухайн үед хийсэн судалгаагаар дэвшүүлсэн саналуудыг Монголын уул уурхайн салбарын эрдэмтэн багш нар дэмжиж хүлээн авч байсан ч, судалгааны гол зорилго нь Монголын эрдэс баялгийн салбарт шийдвэр гаргагчид, хууль тогтоогчид, төр засгийн албан тушаалтнууд эдгээр саналуудыг харгалзан үзээд, Оюу толгойн ордтой холбоотой бүхий л асуудлыг дотооддоо нарийвчлан судлах төслийн баг байгуулж, үүндээ үндэсний эрдэмтэд, мэргэжилтнүүдийг татан оролцуулах ажлыг гүйцэтгүүлэх, Ашигт малтмалын тухай хуулийн зарим заалтад шаардлагатай өөрчлөлтүүд оруулах, Эрдэс баялгийн салбарт Төрийн бодлогыг илүү чиглүүлэх явдал байсан боловч харамсалтай нь, 5 жил өнгөрөхөд Засгийн Газраас энэ талаар хэрэгжүүлсэн ажилгүй, эрдэс баялгийн салбар дахь Төрийн бодлого унтаа чигээр, Ашигт малтмалын тухай хууль дахь цоорхойнууд хэвээр хадгалагдан үйлчилсээр өнөөдрийг хүрсэн байна.


2001 онд хийсэн энэхүү судалгааг тэр хэвээр нь Цахим-Өртөө сүлжээнд хэсэгчлэн нийтэлж буй бөгөөд Оюу толгойн ордоос гарах боломжит эцсийн бүтээгдэхүүний нэр төрөл, тоо баримжаа, Зам тээврийн шийдэл, Ордыг ашиглах хууль эрхзүйн орчин, Гадаадын хөрөнгө оруулагчтай хийх тогтвортой байдлын гэрээ, Төслийн өмнөх санхүүгийн менежментийн зэрэг асуудлыг энд багтаасан бол, Өрөмдлөгийн ажлын судалгааны үр дүн, Ордын ашигт малтмалын нөөц, түүний мөнгөн үнэлгээ, Ордоос гаргах бүтээгдэхүүний өрсөлдөх чадвар, зэсийн зах зээлийн талаарх болон лавлагааны хэсгүүдийг хасаж нийтэлсэн болно. Тоо баримт нь тухайн үеийн (2001) өгөгдөлд үндэслэснийг анхааралдаа авна уу.
 

Жич: Энэхүү судалгаа нь бүрэн эхээрээ Монголын уул уурхайн салбарын 80, ШУТИС-д уул уурхайн салбар байгуулагдсаны 30 жилийн ойд зориулсан "Эрдэс Баялгийн Цогцолбор-Шинжлэх Ухаан Технологийн Дэвшил-2002" эрдэм шинжилгээний бүтээлд 2002 онд хэвлэгдсэн ба хэсэгчилсэн байдалтайгаар буюу "Өмнөд Хөршийн Зах Зээл, Монголын Зэсийн Аж Үйлдвэрлэлийн Стратеги" гарчигтайгаар Монголын өдөр тутмын "Өнөөдөр" сонины 2002 оны 10-р сарын 19-ний дугаарт тус тус нийтлэгдсэн болно.
 

I. ОРШИЛ

 


Оюу толгойн ордын ирээдүйн асуудлыг хамгийн түрүүнд энэ орд оршин байгаа тухайн орны (Монголын) тогтвортой хөгжилтэй холбон тайлбарлах хэрэгтэй юм. Тогтвортой хөгжлийг хуучны уламжлалт ойлголтоор болон UNESCO-ийн тодорхойлолтоор бол "газрын дээрх нөхөн сэргээгдэх болон газрын хэвлийн нөхөн сэргээгдэхгүй баялгийг эзэмшихдээ, хүн бүр ус, агаар, хөрс, зэрэг байгалийн нөөцийг анх бохирдоогүй байсан тэр хэвээр нь хойч ирээдүйдээ үлдээх ёстой. Ингэснээр тогтвортой байдал хадгалагдана" гэсэн байдаг. Харин тогтвортой байдал, тогтвортой хөгжлийн талаарх Роберт Солоугийн хандлагаар бол энэ нь "өнөө, ирээдүйн нийгмийн (хvмvvсийн) дундах баялгийн, нөөцийн, хөгжлийн, аз жаргалын адил тэгш, шударга хуваарилалтын асуудал" юм. Тэгэхээр энэ нь байгалийн нөөцийн өнөөгийн ба ирээдүйн хэрэглээний хоорондох сонголтын асуудалтай нэн холбоотой болж байна.
 

Хvн бүр эх дэлхийд мэндлэхдээ тухайн улс үндэстнийхээ, нийгмийнхээ тогтвортой хөгжлийг хангахын тулд ямар нэг байдлаар ёс суртахууны хувьд үүрэг хүлээж, хариуцлага үүрдэг. Зарим хүмүүс энэ үүргийг "байгалийн нөөцийг хөндөхгүйгээр, ашиглахгүйгээр ирээдүй хойчдоо хадгалж өвлүүлэх" гэж ойлгодог. Гэтэл бидний өвөг дээдэс байгалийн нөөцийг ашиглаагүй биш, тодорхой хэмжээгээр ашиглаж, тэдэнд ноогдох хувиа хүртсэн, гэхдээ тогтвортой хөгжлийг хангах үүднээс байгалийн нөөц ашигласны хариуд бидэнд биет болоод оюуны асар их баялаг, өвийг үлдээсэн. Яг үүнтэй адил бид өнөөдөр хэрвээ байгалийн нөөцийг ашиглавал тогтвортой хөгжлийг ирээдүйд хадгалахын тулд залгамж үед баялаг бүтээх чадавхийг үлдээх үүрэгтэй. Тэрхүү чадавхид шинжлэх ухаан технологийн дэвшил, R&D, үйлдвэр, тоног төхөөрөмж, оюуны өв зэрэг зүйлс орно. Нөгөө талаар тогтвортой хөгжил нь хүрээлэн буй орчны менежменттэй нягт холбогддог тул хэрвээ байгалийн нөхөн сэргээгдэхгүй нөөцийг өнөөдөр бид ашиглавал түүнийг ашигласнаас олох үндэсний орлогын тодорхой хувийг хүрээлэн буй орчны менежментэд зарцуулах, цаашлаад үүнийг хөрөнгө бүтээх эдийн засаг-хүрээлэмжийн хөрөнгө оруулалт болгох хэрэгтэй.
 

Роберт Солоугийн бас нэгэн чухал санаа бол "байгалийн нөөцийн оновчтой, зохистой ашиглалт нь зөвхөн тухайн нөөцийг ашигласнаас гарах нийт үр ашигтай ижил буюу түүнээс илүү хэмжээний баялаг, үнэ цэнийг нийгэмд бүтээж байж л хангагдана. Энэхүү ижил буюу илүү үнэ цэнэд мэдлэг боловсрол, технологи, оюуны биет бус баялгууд, дэд бүтэц, масс үйлдвэрлэлтэй холбоотой биет баялгууд, мөн нөхөн сэргээгдэхгүй баялгийг нөхөн сэргээгдэх баялгаар орлуулах чадавхи орно".


Монголчуудын амжиргааны түвшин нийтлэг хэмжээгээрээ доогуур, Монголчууд маш ядуу байгаагаас Монголын төр засаг, дийлэнх Монголчууд байгалийн баялгаа аль болох ихээр өнөөдөр шууд ашиглахыг (ашиглуулахыг) илүүд үзэж байна. Ингэснээр тэд амжиргаагаа дээшлүүлчих, улс нийгэм шууд баяжчих мэт буруугаар сэтгэж байна. Төр засгийн зарим шийдвэр гаргагчид тогтвортой хөгжил нь хөрөнгө оруулалт, хүрээлэмжийн менежмент, байгалийн баялгийн оновчтой, зохистой ашиглалт, нөөцлөлттэй холбогддог цогц асуудал гэдгийг мэдэхгүйгээс, байгалийн нөөцийн ашиглалтын үр ашигтай ижил буюу илүү үнэ цэнийг нийгэмд бүтээх ёстой тэр үүргээ ухамсарлахгүйгээс өнөөдөр гадаадын хөрөнгө оруулагчдын өмнө Монголын тал шийдвэргүй, чадваргүй, сул дорой дүр төрхтэй байсаар байна.


Бидний ашигласан, ашиглуулсан нөхөн сэргээгдэхгүй баялгийн нийт үнэ цэнэтэй ижил буюу илүү хэмжээний баялаг Монголын нийгэмд бүтээгдэж байна уу? Монголд тогтвортой хөгжил байна уу? Үгүй гэж хүн бүр хариулах болов уу. Үүнийг өдрөөс өдөрт ядуурч байгаа нийгэм маань батална. Иймээс Оюу толгойн стратегийн ордыг ашиглах (ашиглуулахдаа) асуудлыг дээр дурьдсан тогтвортой хөгжлийн асуудалтай нягт холбохгүйгээр шийдэж болохгүй бөгөөд зөвхөн Монголын нийгэм-эдийн засгийн тогтвортой хөгжилтэй уялдсан хуулийн хүрээнд, энэ эрх ашигт нийцсэн гэрээний нөхцөлд Монголын Засгийн Газар гадаадын хөрөнгө оруулагчтай хамтран ажиллах асуудал байх ёстой. Учир нь Оюу толгой, түүнийг тойрсон ордууд нь 5-10 жилд буюу богино хугацаанд ашиглагдаад дуусах алтны шороон орд бус 60-аас доошгүй жил ашиглагдах стратегийн том орд гэдгийг эрхбиш Монголын Засгийн Газар бодолцмоор.  
                               
II. ЭЦСИЙН БҮТЭЭГДЭХҮҮНИЙ НЭР ТЄРЄЛ, ТОО БАРИМЖАА
 
 

Зэсийг хайлуулж, цэвэршүүлэх уламжлалт технологийн дэлхийн зах зээлд өрсөлдөх чадвар нь буурсаар байгаа нь зэсийг уусган боловсруулж, эцсийн бүтээгдэхүүнийг хямд төсөр геотехнологийн аргаар үйлдвэрлэх хэмжээ өсөж байгаатай шууд холбоотой. Анхдагч хүдрээс геотехнологийн аргаар зэс эдлэл үйлдвэрлэх нь: нэгд, хүдрийг баяжуулах нүсэр дамжлага хэмнэгдэх; хоёрт, уламжлалт технологиор зэс, цувимал хавтан буюу эдлэл үйлдвэрлэхэд бэлдмэлийг халаах, цувих буюу хавтгайлах, хөдөлмөр зарцуулалт ихтэй илүү дамжлагуудыг халах; гуравт, дотоодод зэс эдлэлийг гидрометаллургийн электролизороос шууд гаргаж авдаг нь үйлдвэрлэлийн дамжлагын тоог цөөрүүлэн, эрүүл ахуй, экологийн нөхцлийг эрс сайжруулах давуу талтай. Дээрх технологиор орчин үед зах зээлд эрэлт хэрэгцээ бүхий радиаторын зэс гуурс (LWC), ус түгээгүүрийн зэс хоолой (PS ба SL), зэс нунтаг зэрэг тусгай зориулалтын хямд өртөгтэй боловч өндөр үнэ ханштай, өргөн хэрэглээний зэс эдлэл, эдлэлийн үйлдвэрлэлийг Оюу толгойн ордыг түшиглүүлэн Монголд эзэмших нь нэн чухал юм.

Тvvнчлэн дэлхийн зах зээл дээр зэс эдлэлийн үнийн хэлбэлзэл зэсийн баяжмал, хар зэс, A-зэрэглэлийн зэстэй харьцуулахад илүү тогтвортой, үнэ ханш нь өндөр байдгийг Оюу толгойн ордын ирээдүйн бүтээгдэхүүний боловсруулалтын түвшинг сонгоход тусгах саналтай байна. Уг ордын хөрөнгө оруулалтын болон технологийн төслийн өмнөх техник-эдийн засгийн үндэслэл (ТЭЗҮ) боловсруулах явцад Монголд үйлдвэрлэх зэс эдлэлийн зах зээлийн судалгааг Ази Номхон далайн секторт нарийвчлан явуулсны үндсэн дээр зэс эдлэлийн нэр төрөл, тоо баримжаа, үнэ ханшийг нарийн тодруулах шаардлага гарна.


Эрдэс баялгийн салбарын ирээдүй бүхий цогцолборын бүтцэд экспортод зориулсан уламжлалт катодын зэсээс гадна дагалдах хүхрийн хүчлийг дотооддоо (Монголд) зэсийн гидрометаллургийн болон криолитын үйлдвэрүүдэд эхний ээлжинд нийлүүлэх чиглэл гарч байгаа бөгөөд бас үнэт металл агуулсан металлургийн шламаас нь алтыг ялгаж цэвэршүүлэх асуудал ч шинээр тавигдах болно.

 


Говийн бүсэд шинээр үүсэх энэхүү цогцолбор нь нутаг дэвсгэрээр хязгаарлагдахгүй, Монголын эрдэс баялгийн салбарын стратегийн хөгжлийг тодорхойлох зэс, алт, криолит (Na3AlF6) гэсэн тэргүүлэх үйлдвэрлэлийг дагалдсан дараах салбар үйлдвэрлэл зохион байгуулагдах ирээдүйтэй. Vvнд:

    • Зэс хайлуулах зуухны флюс (flux)-ын зориулалттай алтны цахиурлаг хүдэр олборлолт;

    • Фторын давсны үйлдвэрлэлийн түүхий эд хөнгөн цагааны хүдэр болон хужир (NaCO3) олборлолт;

    • Гөлтгөнө үйлдвэрлэх хаягдалгүй технологи нэвтрүүлэх, гөлтгөнийн зах зээлийн эрэлт, хэрэглээг илрvvлэх.
 

Энэ үндсэн дээр нэг үйлдвэрийн технологийн хаягдал нь нөгөө үйлдвэрийнхээ түүхий эд болж өгөх боломж бүрдүүлнэ гэж үзэж байгаа юм. Хосолмол технологийг хэрэгжүүлэх онолын үндэслэл нь нэг талаас эрдэс түүхий эдийн баазыг хөгжүүлэх стратегийн бодлогоос, нөгөөтэйгүүр зэсийн уусгалтад зайлшгүй шаардлагатай хүхрийн хүчлийн эх үүсвэрийг буй болгож, битүү мөчлөгөөр эргүүлэн ашиглах, ингэснээр байгаль орчныг хамгаалах зорилтыг цогц байдлаар, эдийн засгийн үүднээс хэмнэлттэй шийдэж болох хамгийн ирээдүйтэй хувилбар юм. Оюу толгойн ордын эрэл-үнэлгээний үе шатны урьдчилсан тооцоогоор тус ордоос жилд 20 сая тонн хүдэр олборлож, хосолмол технологиор зэс эдлэл, 15-16 тонн цэвэр алт нэг жилд үйлдвэрлэх баримжаа харагдаж байна. Үүнтэй уялдуулан 80-аад онд боловсрогдсон үндэсний "Зэс" хөтөлбөрийн үзэл баримтлалын төслийг шинэчлэх, "Алт" хөтөлбөрт тодотгол оруулах шаардлага тавигдаж байна. Учир нь энд Монгол улсын хувьд хоёр дахь "Эрдэнэт"-ийн тухай яригдаж байгаа ба 2001 онд улсын хэмжээнд олборлосон нийт алт (12 тонн)-наас ч илүү хэмжээний алтыг ганц Оюу толгойгоос жил бүр олборлох тооцоо, дүгнэлт гараад байна. Энэ нөхцөлд Монгол улс жилд 25-30 тонн алт олборлох боломж бүрдэх тул алтыг тунгааж цэвэршүүлэх (аффинажлах) үйлдвэр байгуулах асуудал ч Монгол улсын хувьд бодит хэрэгцээ болно.



Дашрамд дурьдахад боловсруулалтын түвшин, үнэ цэнэ нь бага зэсийн баяжмал ч бай ер нь хагас боловсруулсан зэсийн бүтээгдэхүүнийг хил давуулж БНХАУ-руу гаргахыг урьтал болгох хэрэггүй юм. Энэ нь урт хугацаанд Монгол улсын хувьд ашиггүй хувилбар бөгөөд илүү үнэ цэнэ бий болгох үүднээс Монголд нутагшуулсан өндөр технологиор боловсруулагдсан, оюуны өндөр чадавхи, технологи, хөдөлмөр шингээсэн эцсийн бүтээгдэхүүн (зэс эдлэл) үйлдвэрлэх чиглэлийг Оюу толгойн ордын хувьд баримтлах нь Монголын тогтвортой хөгжлийг хангахад чухал болно. 


III. ЗАМ-ТЭЭВРИЙН ШИЙДЭЛ
 
 

Оюу толгойн орд ирээдүйд томоохон уурхай болж, бүтээгдэхүүнээ өгч эхлэх нь тодорхой. Үүнтэй уялдан Монгол, Хятад хоёр улсын Засгийн Газар хооронд Оюу толгойгоос Хятадын Баян-Овоо хот хүртэл 290 километр урттай төмөр зам барьж байгуулах асуудал 2001 онд Бээжин хотноо яригдаж байсан. Баян-Овоо хот нь Хятадын үндэсний төмөр замын сүлжээнд холбогдсон бөгөөд Хятадын ган үйлдвэрлэдэг гол аж үйлдвэрийн төв болох Баото (Бугат)-гоос 100 орчим километрт оршдог. Мөн энэ төмөр замыг байгуулсны дараа шаардлагатай бол Оюу толгойгоос баруун хойт зүгт уг замыг 126 километр сунгаж, Таван толгойн нүүрсний уурхайтай холбох боломжтой гэж яригдаж байжээ.
Гадаад тээврийн үндсэн хувилбарт Оюу толгойн төслийг Хятад улстай холбосон 290 километр шинэ төмөр зам барих шугамаас гадна Оюу толгойн ордыг Монголын Зүүнбаянгийн хуучин төв (150 гаруй километр)-ийг дамжуулж Сайншанд өртөөгөөр Монгол-Хятадын төмөр замтай холбох хувилбарыг харьцуулж vзвэл:

Нэгд, Сайншандаас Зүүнбаянг холбосон хуучин төмөр зам байсан учир энэ зам чиглэл илүү дөт, хөрөнгө оруулалт хэмнэнэ;
Хоёрт, цаашид Оюу толгойн ордоос гарах боломжит зэсийн баяжмалыг Эрдэнэт үйлдвэрийнхтэй нэг заводод хайлуулах замаар Монгол улсад ирээдүйн зэсийн үйлдвэрлэлийн үр ашгийг хангах давуутай юм.


Эрдэнэт үйлдвэрийн зэсийн баяжмал хорт хольц багатай, эрхэм сайн баяжмал учраас технологийн үүднээс үнэмлэхүй давуутайг зориуд тэмдэглэх хэрэгтэй. BHP Billiton корпорацийн 1999 онд хийсэн судалгаагаар Оюу толгойн ордыг Хятадын Баян-Овоо хоттой холбох 290 километр төмөр замын байгууламжид 94.7 сая ам.долларын санхүүжилт шаардагдахаар байв. Харин Оюу толгойн ордыг эх орны төмөр замын сүлжээнд холбох нь түүнийг Хятадын Баян-Овоотой холбосноос 45.7 сая ам.долларын (Хятадтай холбосноос 1.9 дахин бага) хөрөнгө оруулалт хэмнэх тооцоо гарсан. Таван толгой (Оюу толгойгоос 126 километр) нь Зүүнбаянгаас Оюу толгой хүртэл тавигдах төмөр замын хөрөнгө оруулалтанд хувь оролцох, улмаар Таван толгойн нүүрсний уурхайд энэ санхүүжилтийг үүрүүлэх хувийг тодорхойлох хэрэгтэй гэж үзэж байна. Хэрвээ Оюу толгойг Хятадтай холбовол Монгол улс ирээдүйд Таван толгойн нүүрсийг Хятадаар дамжуулж, асар их нэмэлт зардал гарган өөрийн төвийн районд авах болно. Мөн зам дагасан ажлын байр бий болох боломж алдагдана. Харин төмөр замыг Зүүнбаянгаас Оюу толгой руу байгуулвал дор дурьдсан давуу тал бий болох юм. Vvнд:

 
  •       Төмөр замын байгууламжийн хөрөнгө оруулалтыг хэмнэх
  •       Ирээдүйн зэсийн үйлдвэрлэл, эцсийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн тээвэрлэлтийн зардлыг үлэмж хэмнэж, үр ашгийг хангах;
  •      Таван толгойн коксжих нүүрсийг Монгол улс өөрийн нутгаар дамжуулж Хятадад экспортлох. Ингэснээр уг экспортын бүтээгдэхүүний үнэлгээг зохих хэмжээгээр өсгөх боломжтой;
  •       Монголын нутагт төмөр замыг дагасан ажлын байр шинээр бий болно.

 


IV. ХУУЛЬ ЭРХЗҮЙН ОРЧИН
 


Оюу толгойн ордын хайгуулын ажлын явцаас ийм томоохон ордыг чөлөөт зах зээлийн гольдролд ашиглах эрхзүйн орчин хоцорч байна. Тухайлбал, Монголд концессийн тухай хууль гараагүй, гэтэл "мөлхөө" концесс олон салбарт явагдсаар байна. Концессоор (concession) эзэмшүүлнэ гэдэг нь түрээслүүлэгч нь тодорхой зорилгоор, тогтоосон болзолт хугацаанд түрээслэгчид өмчөө эзэмшүүлэхээр өгсөн баталгаажсан эрх (granted right) юм. Єөрөөр хэлбэл эрдэс баялгийн нөөц ашиглах, төмөр зам барьж байгуулах, суваг хоолой татах зэрэг үйл ажиллагаа эрхлэхэд нь гадаадын корпораци, холбоодод тухайн орны Засгийн Газраас өгсөн түрээсийн онцгой эрх гэж ойлгоно. Мөн тухайн улс гадаадын фирм, бизнесийн хувийн байгууллагуудтай үйлдвэр болон газрын хэвлий ашиглалтын талаар байгуулсан гэрээ буюу зөвшөөрөл олгож, буулт хийх гэж концессийг тодорхойлжээ.

 


Бас Монголд эрдэс баялгийн салбарт бүтээгдэхүүн хуваах тухай хууль эрхийн акт гүйцэд боловсрогдоогүй ба энэ нь Засгийн Газрын тогтоолын хүрээнд л байгаа. Иймд концессийн болон бүтээгдэхүүн хуваах тухай хууль гараагүй байхад Монгол улсын нутаг дэвсгэрт ашигт малтмалын ордыг гадаадын компаниудад дээрх аргуудаар ашиглуулах эрх олгогдох ёсгүй (Газрын тосны бүтээгдэхүүн хуваах зарчмаар гадаадын компанид Монгол улс Засгийн Газрын тогтоолын дагуу өгөөд байгааг нягтлан авч үзэх хэрэгтэй).

 


Оюу толгой шиг онцгой том, тэргүүлэх ач холбогдолтой (стратегийн) ордын тухайд эрхзүйн орчин ямар байна вэ?

 

1.      Ашигт малтмалыг ХАЙХ онцгой эрх бол нийтлэг асуудал, харин ашигт малтмалын ордыг АШИГЛАХ лиценз авах онцгой эрх гэдэг бол огт өөр асуудал юм. Иймээс Оюу толгойн ордын хувьд ашигт малтмалын тухай хуулинд нэмэлт өөрчлөлт оруулж, уг хуулийн 11-р зүйлийн 2-т заасан "ашиглалтын онцгой эрх" гэдгийг "давамгай эрх" болгож өөрчлөх нь аж ахуйн эрсдлийг хязгаарлах ач холбогдолтой. Єөрөөр хэлбэл үүцээ ашиглах онцгой эрх нь Монголын талдаа үлдэж, харин манайтай хамтрагч талд давамгай эрх олгох тухай энд яригдаж байгаа хэрэг. Харин дунд, жижиг хэмжээний ордын тухайд бол хуулийн "онцгой" гэсэн заалт үйлчилж ирсэн бөгөөд энэ нь байж болох практик.

 


2.      "Ашигт малтмал хайх" гэдэг нь ашигт малтмалын хуримтлал, нөөцийн хэмжээг тогтоож, газрын хэвлийд үйл ажиллагаа явуулах, ашигт малтмалыг ашиглах боломжийг судалж, техник-эдийн засгийн үндэслэл (ТЭЗҮ) хийхийг хэлнэ. Ийм ТЭЗҮ-ээр хайгуулын үе шатны ажил дуусгавар болдог (ТЭЗҮ-ээр тухайн ордоос ямар төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх тухайг ч тодотгодог).

 


Монгол улсад одоо мөрдөгдөж байгаа хуулиар ТЭЗҮ-ийг (төслийг орлох) ашигт малтмалын лиценз авсны дараа 60 хоногийн дотор боловсруулах заалттай. Энэ нь мөн л бага, дунд хэмжээний ордод зориулсан заалт бөгөөд ийм л ордуудын хувьд практикт мөрдөгдсөөр ирсэн ба эрсдлийг нь лиценз эзэмшигчид өөрт нь даалгасан гэсэн үг. Гэтэл Оюу толгой шиг том ордын эрсдэл бол зөвхөн компанийн эрсдэл биш, Монголын ард түмний буюу үүцийн эзний эрсдэл болж хувирах болно.

 


Одоогийн хуулиар төрийн ийм хяналтыг ТЭЗҮ-ээр дамжуулж гүйцэтгэж байгаа бөгөөд үүнээс өөр хяналтын ямар ч механизм байхгүй байна. Иймд Оюу толгой шиг онцгой обектийн ТЭЗҮ-ийг ашиглалтын лиценз авсны (олгосны) дараа биш, ашиглалтын лиценз авахаас (олгохоос) нь өмнө амжиж баталгаажуулах нь Монголын эрх ашигт нийцнэ. Энэ зорилгоор төр Ivanhoe Mines компанитай хамтран ажиллах механизмыг бодож олох ёстой гэж үзэж байна. Єөрөөр хэлбэл нөөцийн тооцоог гүйцэтгэх компанийг сонгох, түүнд экспертиз хийх, улсын нөөцийн бүртгэлд авах үе шатанд Монголын эрдэс баялгийн зөвлөл, энэ талын Монголын мэргэжсэн компаниуд, шинжээчид үүнд ямар оролцоотой байхыг шийдэх хэрэгтэй (Учир нь Монгол улсад 25 гаруй жилийн өмнө Эрдэнэтийн Овооны ордын нөөцийг лиценз эзэмшигчтэй хамтран баталгаажуулж, улсын бүртгэлд авч байсан туршлага бий). Ер нь энэ асуудал дээр хөндлөнгийн хяналтыг хэрэгжүүлэхэд Монголын компаниудыг оролцуулах нь зүйтэй. Бидний ойлгож байгаагаар хайгуулын ажил зохих ТЭЗҮ боловсруулж баталгаажуулснаар дуусгавар болох ёстой. Иймээс Монгол улсын Ашигт Малтмалын Тухай Хуулинд ТЭЗҮ-ийг Оюу толгойн ашиглалтын лиценз авахын өмнө боловсруулсан байхаар хуулинд нэмэлт өөрчлөлт оруулах хэрэгтэй гэж үзэж байна.

 


3.      Төслийн байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ (БОНБНҮ)-ийг боловсруулах хуулийн хугацааг мөн ашиглалтын лиценз олгох асуудалтай холбож үзэх нь зүйтэй. Єөрөөр хэлбэл БОНБНҮ-ийг хийхээс өмнө ашиглалтын лиценз олгохыг хориглосон заалтыг хуулинд нэмж оруулах, цаашилбал тогтвортой байдлын гэрээнд ч эдгээр хязгаарлал тусгалаа олох учиртай. Мөн байгаль орчны тэнцвэрийг алдагдуулбал шууд үйл ажиллагааг зогсоох тухай тогтвортой байдлын гэрээнд тусгах ёстой юм.


 


Дээр дурьдсан зүйлүүд нь одоогийн мөрдөж байгаа Ашигт Малтмалын Тухай Монгол улсын хуулийн агуулга талаасаа дэлхийн жишигт бүрэн нийцсэн гэдгийг зориуд тэмдэглэхийг хүсч байна. Харин уг хуулийн дагуу ашиглалтын лиценз олгох үе шатанд төрийн зохицуулалт хийхийн тулд ашиглах "онцгой эрх" гэдгийг "давуу эрх" болгож өөрчлөх, ТЭЗҮ ба төслийн БОНБНҮ-ийг боловсруулах хугацаа, дарааллын талаар хуулинд зохицуулалт хийхийг санал болгож байна.


 


4.      Ашигт малтмалын тухай өнөөгийн хуулиар гадаадын хөрөнгө оруулагчид олгосон Оюу толгойн ордын ашиглалтын лиценз нь концессийн гэрээтэй маш адил байна. Хэрвээ хууль энэ чигээр үйлчилсээр байх бол Оюу толгойг ашиглуулах нь урт хугацаанд Монгол улсад ашиггүй бөгөөд орлогын албан татвар, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр зэрэг татвар, төлбөрүүдийн оновчтой хувь хэмжээг тогтоож, ашигт малтмалын хуулийн эдгээртэй холбоотой заалтуудад өөрчлөлт зайлшгүй оруулах шаардлагатай байна. Үүнийг мөн тогтвортой байдлын гэрээгээр баталгаажуулах ёстой. Хууль бол өөрчлөгдөшгүй дархан зүйл бус, тухайн улс үндэстнийхээ эрх ашигт үйлчилж, тогтвортой хөгжлийг хангах үүднээс нэмэлт, өөрчлөлт оруулж болдог зүйл бөгөөд зөвхөн гадаадын хөрөнгө оруулагчидтай энэ талд зөвшилцөлд хүрэх, ойлголцох, хамтарч ажиллах явдал л чухал.


 


 


V. ТОГТВОРТОЙ БАЙДЛЫН ГЭРЭЭ

 


Оюу толгойн ордын тогтвортой байдлын гэрээг Монголд мөрдөгдөж байгаа хууль, эрхзүйн хүрээнд боловсруулж, баталгаажуулахдаа дараах зарчмын долоон нөхцлийг уг гэрээнд зайлшгүй тусгах хэрэгтэй. Vvнд:


 


1.      Хуулийн дагуу ТЭЗҮ-ээр талууд (Монголын болон Ivanhoe Mines)-ын хувь оролцоо;

2.      Гадаадын хөрөнгө оруулагчдын статус, эрх үүрэг (Учир нь манай эрхзүйн орчны цоорхойг ашиглан гадаадынхны аж ахуйн үйл ажиллагаа хэт түрэмгийлэх хандлага байгаа);

3.      Тогтвортой байдлын гэрээ болон ТЭЗҮ-д Монголын шинжээчдийн дүгнэлтийг тусгах;

4.      Монгол улс Оюу толгойн ордын хувьд зөвхөн оролцогч биш, Төслийг Захиалагч байх учиртай. Монголд гадаадын компани хайгуул хийж, ашигт малтмалын тогтоосон нөөцийн хэмжээг Монголын эрдэс баялгийн зөвлөлд бүртгүүлэх, нөөцийн тооцоог Монголын талын захиалгаар өөрийн экспертүүдийн хүчээр хийж, эрдэс баялгийн эрх бүхий зөвлөлийн компанийн хамтарсан зөвлөлөөр баталгаажуулах (Эрдэнэтийн Овооны нөөцийг дээрх байдлаар тооцоолж хамтран баталж байсан);

5.      Оюу толгойн ТЭЗҮ боловсруулалт, зэсийн хүдрийн баяжуулалтын төсөл, хагас үйлдвэрлэлийн туршилтыг Эрдэнэт үйлдвэрийг түшиглүүлэн хийх талаар тогтвортой байдлын гэрээнд тусгах. Ялангуяа алтны ялгалтыг оновчилсон баяжуулалтын технологийн схемийг сонгох (Ийм туршлага дэлхийд бий);

6.      SX-EW туршилтыг Эрдмин үйлдвэртэй холбож хийх;

7.      Хуулийн хүрээнд боловсрогдох ТЭЗҮ-ийн өгөгдлийг Монголын зэсийн эрдэс түүхий эдийн баазын стратегийн хөгжлийн бодлоготой уяж өгөх саналыг хөрөнгө оруулагчдад тавих.

 


 


VI. ТЄСЛИЙН ЄМНЄХ САНХҮҮГИЙН МЕНЕЖМЕНТ


 


Монгол улсын "Ашигт малтмалын тухай" хуулийн 11-р зүйлийн 2-д "Хайгуулын лиценз эзэмшигч нь хайгуулын эдэлбэрийн хилийн дотор энэ хуулийн дагуу ашигт малтмал хайх ОНЦГОЙ эрхтэй, энэ нөхцөл болзлыг хангасны үндсэн дээр хайгуулын талбайн аль ч хэсэгт ашигт малтмал ашиглах лиценз авах ОНЦГОЙ эрх эдэлнэ" гэж заажээ. Иймээс Ivanhoe Mines компанид Оюу толгойн ордын ашиглалтын лиценз эзэмших эрх нээлттэй байна.



Орчин үед ашигт малтмалын ордыг эзэмшихдээ:


 


  •         Концессийн;
  •         Бүтээгдэхүүн хуваах;
  •         Хамтран эзэмших;
  •         Үнэт цаасны зах зээлээр дамжуулах буюу хувьцааны гэсэн аргуудыг хэрэглэдэг туршлага бий.


 


Концессийн буюу ашигт малтмал ашиглах эрхийг хайгуулын лиценз эзэмшигчид, "гадныхан"-д автоматаар өгөх арга бол гол төлөв буурай хөгжилтэй, мэргэжлийн боловсон хүчний хомсдолтой улс орнуудад хэрэглэгддэг арга юм.


 


Хамтарсан үйлдвэр байгуулах нь байж болох ашигтай хувилбар боловч орчин үед ашигт малтмалын ордыг хувьцаагаар эзэмших нь хамгийн шалгарсан арга болж байна. Оюу толгойн ордыг ашиглах төслийн өмнөх санхүүгийн менежментэд юуны өмнө Оюу толгойн ордыг ашиглах талууд компаниа байгуулж, тус тусын хувь оролцоог тодорхойлон, дүрмийн сангаа тогтоох ёстой. Компани ашигт малтмалын батлагдсан нөөцөөрөө баталгаажуулан үнэт цаас гаргаж, хувьцаагаа борлуулах замаар дүрмийн сангаа бүрдүүлэх хэрэгтэй гэж үзэж байна. Дээрх компанийн хувьцааг Монгол улсын аж ахуйн нэгж компаниуд, хөрөнгө бүхий иргэд худалдан авах, улмаар гаргасан хувьцааны аль болох ихээхэн хэсгийг Монголд шингээх бодлого баримтлах нь зүйтэй.


 


Төслийн өмнөх санхүүгийн менежментэд дараах үйл ажиллагааг хамааруулах шаардлагатай гэж үзэж байна. Vvнд:


 


  •         Үйлдвэр байгуулах зарчмын шийдэл гаргах;
  •         Үйлдвэр байгуулахад оролцох субьектүүдийг тодорхойлох;
  •         Үйлдвэрийн дүрмийн санд оролцогч талуудын оролцооны квотчилол тогтоож тохиролцох;
  •         Үйлдвэрийн дүрмийн эхлэлийн сангийн хэмжээг тогтоох;
  •         Дүрмийн эхлэлийн санг бүрдүүлэхэд нэмж шаардагдах үнэт цаас гаргах, ингэхдээ Монголын талын оролцоонд зориулж компанийн хувьцааг зах зээлд нөхцөл зааж (зөвхөн Монгол иргэд, аж ахуйн нэгж худалдан авах) худалдах тодорхой тооны хувьцаа гаргах;
  •         Ашиглалтын үйл ажиллагаанд шаардагдах цаашдын хөрөнгийн эх үүсвэрийг үйлдвэр өрийн бичиг гаргах замаар бүрдүүлж болно;
  •         Монголын талын хувьцааг борлуулахад дотоодын санхүүгийн эх үүсвэрийг дайчилж болно.


 


Компанийн хувьцааг худалдан авах Монголын талын санхүүгийн эх үүсвэрүүдэд: Монгол улсын 200 мянга орчим малчин өрх, хүн амын нийт хадгаламжийн тодорхой хувь, гадаадаас авах зээл тусламжийн тодорхой хувь, Монголын эрдэс баялаг, уул уурхай, геологийн инженер, эдийн засагч мэргэжилтнүүд (2001 оны байдлаар 17,000 гаруй), Монголын тэргүүлэх 200 компани, Засгийн Газрын эзэмших алтан хувьцаа зэргийг оруулж болох юм. Ингэхлээр Монгол улсын хувьд Оюу толгойн төслийн өмнөх санхүүгийн менежмент дээр ирээдүйгээ харсан хангалттай арга хэмжээ авах шаардлагатай байна.



ДVГНЭЛТ

 


1.      Алтны хүдэр нь стратегийн ашигт малтмал, харин зэс бол Монгол улсын онцлох баялаг мөн. Эдгээрийн нөөцөд түшиглэсэн үндэсний үйлдвэрлэл манай улсын эдийн засгийн хөгжлийн гол эх сурвалж, үйлдвэрлэх хүчийг байршуулах, ядуурлыг бууруулах, дэд бүтцийг хөгжүүлэх, ард түмний амьдралын түвшинг дээшлүүлэн, байгаль орчны тэнцэл, зохицолдоог хангах чухал үндэс болох ёстой. Стратегийн ашигт малтмалыг хайх, олборлох, эрхзүйн дэглэмийг Засгийн Газрын өргөн мэдүүлснээр УИХ-аас тогтоож, гадаадын хуулийн этгээдэд стратегийн ашигт малтмалыг ашиглах зөвшөөрлийг олгох журам мөрдөгддөг.


 


2.      Оюу толгой шиг томоохон, урт хугацааны анхдагч төслийн хувьд:

 


  •         Тогтвортой байдлын гэрээгээр татварын оновчтой, тогтвортой орчинг баталгаажуулах;
  •         Үнэт цаас гаргаж хөрөнгө цуглуулах;
  •         Төслийг хэрэгжүүлэхэд талуудын оролцоо, үүний дээр Монголын талын хувь оролцоог тоймлон багцлах;
  •         Хайгуулын дараах ашиглалтын хөтөлбөрт өрөмдлөгийн ажлын судалгааны үр дүнгээр геотехнологийн өндөр өгөөжтэй, хямд зардал бүхий зэсийг уусган боловсруулах аргыг хэрэглэх;
  •         Порфирын анхдагч зэс ба алтны хүдэржилтийг ашиглах үйл ажиллагаанд үнэлгээ өгөх;
  •         Тухайн бүс нутгийг хөгжүүлэх, улмаар эрдэс баялгийн салбарын хөгжлийн талаарх төрийн бодлого, стратегийг уг ордын ТЭЗҮ-д тусгах ёстой. 
 


3.      Үндэсний "Зэс" хөтөлбөрт Монголд зэсийн металлургийн үйлдвэрлэлийг хөгжүүлэх арга хэмжээг эрдэс баялгийн бусад дэд салбарууд, эхний үед хайлуур жоншны баяжмалыг түшиглүүлэн фторын давсуудыг үйлдвэрлэж экспортлох, дараагийн шатанд ирээдүй бүхий фосфоритын ордыг түшиглүүлэн фосфорын бордооны үйлдвэрлэл хөгжүүлэх чиглэл тусгалаа олсон. Үүнтэй уялдуулаад Оюу толгойн ордыг ашиглах дэд бүтцийг үүсгэн хөгжүүлэхдээ юуны өмнө дээрх чиглэлийг харгалзан үзэж, Оюу толгойн төмөр замын салааг Зүүнбаянтай холбох (150 гаруй километр урт), ингэснээр эх орны төмөр замын сүлжээнд уг ордыг холбох хувилбарыг авч үзэх санал дэвшүүлж байна.

 


4.      Оюу толгойн ордын хайгуулын дараах, ашиглалтын өмнөх төслийн менежментийг боловсруулах шатанд:

 


а) Ашиглалтын лицензэд тавигдах үндсэн нөхцлийг тогтвортой байдлын гэрээгээр төрөөс баталгаажуулж, эрдэс баялгийн салбарын хөгжлийн стратегийн бодлоготой уяж өгөх;

 


б) Оюу толгойн ашиглалтад хэрэгцээтэй уул уурхайн инженер технологи, эрдэс баялгийн эдийн засагчид, менежментийн зэрэг нарийн мэргэжлийн үндэсний мэргэжилтнүүдийн эрэлт хэрэгцээг урьдчилан тодорхойлж, тэдгээрийг гадаад, дотоодын их, дээд сургуулиудад зохион байгуулалттайгаар сургаж бэлтгэх санхүүгийн эх үүсвэр, элсэлтийн хяналтын тоог гаргаж, зохион байгуулах ажилд цаг алдалгүй орох;

 


в) Тус ордыг ашиглах үед наад зах нь 10 гаруй мянган ажлын байр шинээр бий болоход инженер техникийн ажилтнуудын 80-аас доошгүй хувийг өөрийн инженер, менежерүүдээр хангах бодлого чиглэлийг төрөөс хуульчилж өгөх;

 


г) Энэ ордыг түшиглэн барагцаалбал 60-70 орчим мянган оршин суугчтай дагуул хот үүсэх магадлал бий. Говийн бүсийн экстремаль (эмзэг) нөхцөлд хот байгуулах уламжлал, шинэчлэлийн үүднээс шийдэх; гэхдээ дэлхийн уурхайн ашиглалтын практикт ажиллах хүчний "Нисч орох, нисэн одох" (Fly in Fly out) аргаар бус харин хот иргэншилтэй холбож үзэх хэрэгтэй гэсэн дүгнэлтүүдийг хийж байна.
 
 
  • Бичсэн tamga
  • Үзсэн: 1668

Бүлэг: Судалгаа

Чингис хаан ба тvvний өв удам

Ж.Дармаа, Германаас.
www.gant-friends.com


Эрхэм дээд Чингис хааны маань болон Монгол үндэстний, Монгол газар нутагт оршин тогтнож байсан ард түмнүүдийн тухай баялаг үзмэр бүхий үзэсгэлэн Бонн хотноо Kunst- und Ausstellungshalle der Bundesrepublik Deutschland-ий үзэсгэлэнгийн танхимд нээгдээд хэдийгээр удаж байгаа ч хичээл ном, ажил төрөл, шалгалт шүүлэг гэх мэт саад тотгорт үл хоригдон, уг үзэсгэлэнг үзэж нүд сэтгэлээ баясгах хүсэл дундралгүй байсаар хэдэн долоо хоногийн өмнө бидний хэдэн нөхөд Mitfahr-р (хот хооронд зорчиж яваа машинд дайгдах) Бонн хотыг зорин очлоо.

Тэнгэр хайрхан ч ивээлээ өгч уг өдөр нартай сайхан байлаа. Боннд буугаад шууд тэр үзэсгэлэнг зорин очиход орчин үеийн шил толь болсон байшингын дээвэр дээр монгол гэр засаастай гадаа нь хуушуур, сүүтэй цай, боорцог зарагдаж байгааг хараад эх орондоо ирсэн мэт нууцхан сэтгэгдэл төрч сэтгэл сэргэснийг нуух юун. Ингээд уг үзэсгэлэнгийн тухай төрсөн сэтгэгдэл болон үзмэрт тавигдсан зүйлсийн тухай уншигч та бүхэндээ нүдэнд харагдтал бичихийг хичээе, анхаарал тавин уншина уу.
Уг үзэсгэлэнд тавигдсан эд өлгийн зүйлс нь Монголоос гадна Дани, Герман, Франц, Иран, Япон, Польш, Орос, Шотланд, Тайван, Чех, Унгар гэсэн нийт 11 орны 50 гаруй музейн сан хөмрөгөөс шигшигдэн ирсэн болон хувь хүмүүсийн гар дамжин нандигнагдан өнөөг хүрсэн түүхийн чухал олдворууд байлаа. Энэ олон үзмэрийг нэг дор цуглуулан сонирхуулж байгаа хүмүүст талархаснаа илэрхийлэхээс гадна уг үзэсгэлэнгийн цар хүрээ нь тоолох бор багатай оюутан бидний цаг, мөнгийг ихэд хэмнэсэн үйл гэдгийг хэлэлгүй өнгөрч үл болно. Дээрхи 11 орноор жуулчин маягаар бадарчлахад л хэдий хэр зардал, мөнгө, визтэй холбоотой чирэгдэл гарах билээ дээ. Үзэсгэлэнгийн танхимын хананд янз бүрийн зураг өлгөөтөй байснаас үзэгч олны сонирхлыг нэлээд татаж байсан зурагнууд бол МЭЄ 4 зуунаас эхлэн өнөөг хүртэлх Монгол нутагт оршин тогтнож байсан улс гүрнүүд болох Хүннү, Сяньби, эртний Туркийн эзэнт улс, Чингис хаан ба түүний хөвүүн Єгөөдөй хааны эзэнт гүрэн, Гүег, Мөнх, Хубилай хааны эзэмшил нутаг болон Манж Чин улсын хязгаар нутаг, түүнчлэн өнөөгийн Монгол улсын хил хязгаарыг дүрсэлсэн зургаан том зураг байлаа. Эдгээр зурагнаас өвөг дээдэс маань тухайн цагаар тогтохгүй өнөө цагт олон хүний бахархал, омгорхол, эргэлзээ төрүүлэхээр газар нутгыг өөрийн эзэмшилд нэгтгэж чадсныг бэлхэнээ харах аж. Эдгээр зургаас гадна тухайн цаг үетэй холбоотой үзмэрүүд олноор тавигдаснаас заримыг дурдвал Үндэсний түүхийн музейн сан хөмрөгөөс авчирсан Монгол улсын Төв аймгийн Ноён уулнаас олдсон МЭ 1-р зууны үеийн оёмол хивс байлаа. Эртний Туркын эзэнт улсын цаг үед хамаарах нэг гайхам үзмэр бол Архангай аймгийн Хөшөө Цайдамаас олдсон 42см өндөр 21см өргөн урттай Кöл Тэгин хааны хөшөө толгой аж. Уг үзэсгэлэнгийн нээлтийн өдөр нэгэн эрхэм андын маань авсан зурган дээрхи буганы мөнгөн сийлбэр мөн эндээс олдсон аж. Уншигч танд зөвлөхөд хэрэв та цаг завны боломжтой бол, Боннд очиж үзэж амжаагүй байгаа бол уг үзэсгэлэн 10 сарын 26-нд München хотноо шилжин ирэх нээлтийн өдөр нь марталгүй зургийн аппаратаа аваад очоорой, үзэсгэлэнгийн танхимд зураг авахыг зөвшөөрч юу магад. Музейг үзэх гээд ороход харуул хамгаалалт нь ажлаа „халтуурддаггүй", тэр танхимд арваад дүрэмт хувцастай хүмүүс, үүргэвчээ урдаа үүрнэ үү, аппаратаа өлгүүрт өлгүүлнэ үү, гадуур цамцаа заавал мөрөн дээрээ тохно уу гэх мэтчилэн эелдэгээр анхааруулж байсан нь анхандаа эвгүй мэт санагдавч энэ сайхан үзэсгэлэнг ингэж сайн харуулдаж хамгаалж байгаад нь харин ч сүүлдээ бахархаж билээ. За эргээд үзэсгэлэнгийн тухай яриандаа орьё. 10-р зууны үеийн хэмээсэн морины эмээл нь он цагын уртад элэгдэж холцорсныг эс тооцвол одоо малчин түмний маань хэрэглэдэг эмээлтэй бүтэц зохион байгуулалтын хувьд тун адил харагдах юм. Энэ нь тухайн үед бодож олсон эмээлийн технологи төгс төгөлдөр хэмжээнд хүрсэн гэсэн үг уу аль эсвэл...???
Та эдгээр сайхан үзмэрийг үзэн цаашилбал Улаанбаатарийн ойр Богд уулын нэг аманд байрлах „Чингисийн хүрээ" жуулчны баазын музей гэрт байдагтай төстөй гинжин цамцыг харахаас гадна 13-14 зууны үеийн цэрэг байлдааны зэмсэг болох сэлэм, өргөст од, дэлбэлэх бөмбөг зэрэг үзмэрийг гайхан бахдах нь зайлшгүй. Эдгээр үзмэрүүд Улаанбаатар хотод байрлах Цэргийн музейн сан хөмрөгөөс Боннд морилон иржээ. Монгол түмний оюуны баялагыг бодитойгоор харуулах бичиг өлгийн зүйл олон байснаас сонсож дуулсан, бараг л таньдаг хоёроо дурдвал Улсын төв номын сангаас ирсэн 1651 оны үеийн (Лувсанданзангийн хэмээх) „Алтан Товч" болон „Эрдэнийн товч" хөлгөн судрууд шилэн хоргоны цаанаас нүд баясган тольдохын хамт өчүүхэн миний оюуны хэр хэмжээг дооглон уйгаржин монгол бичгээр дурайн биеэр заларсан байлаа. Үзэсгэлэнгийн нэг томоохон хэсэг болох 2000 оноос хойш Монгол-Германы эрдэмтдийн хамтарсан эрдэм шинжилгээний малталгаагаар Монгол гүрний эртний нийслэл Хархорин хотын тууринаас болон Эрдэнэ Зуу хийдийн ойр орчмоос олдсон үзмэрүүдийн хэсэгт олон тооны шашны эд өлгийн зүйлс байсны дотор эрхэм гэгээн Занабазарын бүтээсэн Ногоон, Цагаан дарь эхэсүүдийн дүрсүүдийг шавраар элдэв янзаар дүрсэлсэн байх аж. Энэ хэсэгт бас харалгүй өнгөрч үл болом үзмэр бол шалан дээр дэвссэн Хархорин хотын төв гудамжны чулуунууд, хажууд нь зогсоод үүгээр хаад ноёд явж байсандаа гэж бодоход тун сонин мэдрэмж төрөх юм билээ. Бидний аз болоход яг тэр очсон өдөр ардын дуу бүжгийн „Эгшиглэн" хамтлаг ая дуугаа өргөж, уран нугараач охид гайхам нугаралтуудаа үзүүлж их сайхан хөтөлбөртэй өдөр байлаа. Бид үзэсгэлэнгээ үзэж дуусгаад урлагын тоглолт сонирхон байж нэгэн үдшийг маш сайхан өнгөрөөн сэтгэл дүүрэн хариж билээ.
Энэ мэтчилэн Монгол улсыг маань сурталчилсан, монгол ард түмний ёс заншил өв удмын тухай үйл ажиллагаанууд цаашид улам ихээр явагдаж байгаасай хэмээн машид ихээр хүсэмжлэх ажгуу. Анхаарал тавьсанд баярлалаа.

  • Бичсэн tamga
  • Үзсэн: 779

Бүлэг: Судалгаа

Эзэн Хорооны Чингисийн oнгоны aсуудлын чухал учир шалтгаан

Их хааны онгоны тухай дуулианд шинэ хуудас нэмэрлэн, Эзэн Хороо шуугиж эхлэв

Хотол овогт Лодойгийн Дугаржав
АНУ-ын Колорадо Муж улсын Денвер хот


Япон-Монголын хамтарсан археoлoгийн шинжилгээний анги "Эзэн Чигисийн онгоны байрлалыг илрүүллээ" гэсэн мэдээ дэлхийд тархаж, үнэн цуурхал хоёрын чухам аль нь болох нь хараахан тодорч өгөхгүй дэлхий дахинаараа шуугиж эхэлсэн нь энэ жилийн 10-р сарын хэрэг байсан бол яг үүний хажуугаар Их хааны гэгээн сүнсийг үе улиран тахиж, шүтдэг дурсгалын ордоны талаар Євөр Монголын Их Зуу аймгийн (Ордос нутаг ч гэдэг) Эзэн Хороо хошууны нутагт "Чингис Хааны Онгон"-ыг тухайн орон нутгийн эрх баригчид xятад хувийн компанид худалдан өгөхөөр хуйвaлдсаны эсрэг Дархад Монголчууд (Чингисийн онгоныг хэдэн зууны турш сахиж, тахилга eрөөлийн үйл хэргийг явуулсаар ирсэн) юуны түрүүнд эсэргүйцэж, цаашдаа Хятадын харъяанд байгаа нийт Монголчуудын хэмжээнд энэхүү шийдвэрийн эсрэг яриа хэлцэл газар авсныг гадаад ертөнц ер анзаарсангүй.
Эзэн Чингисийн тухай Америк зурaгтын нэгэн тусгай нэвтрүүлэг "History channel" гэсэн сувгаар дөнгөж нэвтрүүлэгдэн АНУ-д амьдардаг монголчуудын маань дунд энэ тухай халуун яриа өрнөж байсан өнгөрсөн хагас сайн өдөр Хөх хoтoд болох гэж байсан Монгол улсын Хурд хамтлагийн тоглолтыг Хятадын эрх баригчдын талаас албадан зогсоосон бөгөөд энэ нь Хятадын эрх баригчид болон Євөр Монголын монголчуудын хооронд Чингисийн Онгоны өрнөсөн асуудлаас болсон тухай тухай уншигчид маань цахим сүлжээнээс бүдэг бадаг олж уншсан байх.


Мөн өдөр, өөрөөр хэлбэл тухайн газрын орон нутгийн цагаар 10-сарын 29-ны өдрийн өглөөний 8 цагаас шөнийн 12 цаг болтол их хэмжээний цэрэг, цагдаа Євөр Монголын Багшийн Их Сургууль, Монгол Хэлний Тусгай Мэргэжлийн Сургууль болон өөр монголчууд олноороо сурч байгаа сургуулиудын үүд хаалгыг батлан сахиж, орж гарсан оюутнууд үнэмлэхээ харуулан бүртгүүлэх хэрэгтэй болсон байна. Эзэн Чингисийн дурсгалын танхимыг "Донг-лиан" гэдэг хятад хувийн компанид зарах болсон, бас их эзний алдар нэрийг жуулчдын өмсдөг гутлан дээр шивсэн нь Монгол үндэстний өвөг дээдсийг үл хүндэтгэн доромжилж гутаасан явдал хэмээн Хөх хотын монгол оюутнууд жагсаал хийхээр төлөвлөсөн боловч, эрх баригчид сэжиг авчихаад, тэднийг хардан сэрдэж хөдлөх завшаан олгохгүй байсан аж. Хурд хамтлaгийн тоглолтыг үзэх гэж наад зах нь 2000 монгол оюутнууд тасалбар авчихаад байсан болохоор монголчууд олноороо цугларсан завшааныг далимдуулан жагсаал явуулахаас болгоомжилж, Хурдын тоглолтыг хүчээр зогсоосон байна.


10-р сарын эхээр дээр дурдсан Япон-Монголын хамтарсан археoлoгийн олдворын тухай мэдээ дөнгөж гарч ирэнгүүт, Хятадын засгийн газрын нийтлэлд Чингисийн Онгон Хятадын (Євөр Монголыг ингэж хэлж байна) нутаг дээр байх ёстой хэмээн, аанай л хятадын эзэрхэг санаагаа батaдгахыг оролдсон байна. Жич, хятадууд ерөөсөө бүх Монголыг Хятадын харъяанд байх ёстой гэж сурталчилан, сурaх бичиг дээрээ мөн тэр ёсоор оруулан зааж, Ар Монголыг "эх орноосоo урван хагaцаж гарсан" гэж үздэг ба хэзээ нэгэн цагт "буцааж" өөртөө оруулж авах гэсэн санаа, мөн магадгүй алхам дараатай төлөвлөгөө ч байж болох мэтийн олон талын шалтгаанаас болж, Ар Монголчуудын дунд Євөр Монголд байдаг "Чингисийн Онгон" гэж нэрлэгдээд байгаа энэ зүйл нь хятадын эзэрхэг үзэл санаа, сурталчилгааны нэгэн хэсэг нь бол уу гэсэн буруу ойлголт буюу сэжиг оршиж байж магадгүй нь нэг бодоход мөн аргагүй ч юм уу даа. Тиймээс миний бие энэ нийтлэлийг бичиж, Євөр Монголын Их Зуу (Ордос) аймгийн Эзэн Хороо хошуунд байгаа "Чингисийн Онгон"-ы түүх гарал, уламжлал, сурвалж болон одоогийн байдлыг танилцуулахыг зорив.


Юуны түрүүнд, Євөр Монголын Их Зуу (Ордос) аймгийн Эзэн Хороо хошуунд байгаа "Чингисийн Онгон" гэдэг нь эзэн Чингисийн жинхэнэ шарилыг агуулсан онгон биш, харин хааныг таалал төгссөнөөс бүр хойно байгуулсан тахилгын шинжтэй дурсгалын өргөөний суурин дээр үүсч хөгжиж ирсэн гэдгийг онцгойлон зааж гаргах нь чухал юм. Чингис хааныг жинхэнэ оршуулсан газрыг нь болоод жинхэнэ онгоныг нь одоо болтол олоогүй болохоороо л олон жилийн турш олон археoлoгич, хайгуулчид хайж гүйлдсээр ирсэн мөртөө өнөөг хүртэл мөн л тэгэж гүйлдсээр байгаа бус уу! Чингис хаан Тангадыг дайлж яваад харийн нутагт таалал төгссөн болохоор нь тухайн үед Тангадын харъяанд байсан одоогоор бол Ордос гэж нэрлэгдэж байгаа газарт түүнийг нутаглуулсан гэж хожимын зарим түүхчид омтогхон таамаглалаа тэмдэглэсэнд л учир байгаа xэрэг. Хятадын засгийн газар иймэрхүү зүйлсийг улс төрийн бодлоготоо ашиглаж ирсэн нь ердөөсөө тодорхой. Харин Чингис хааны тухай арав гаруй жил судалгаа хийсэн, "Чингис Хааны Товчоо" гэсэн хоёр боть ном бичиж 1982 онд хэвлэсэн Євөр Монголын түүхчин Сайшаал гуай эл номондоо Чингисийн онгоны тухай наандаж иймэрхүү хэдэн зүйлийг тодорхойлсон байдаг: 1. Одоогоороо "Ордос" гэж нэрлэгдэж байгаа тэр хавийн газар нутаг Чингисийн үед Тангадын харъяа нутаг байсан. Монголчууд эзэн хааныхаа шарилыг харь нутагт хөдөөлүүлэх ёсгүй; 2. Монголын Ордос аймаг XVI, XVII зууны үеэр ургаш нүүдэллэж, Бор-Тохойн хавиар нутаглах болсноос эхлэн "Ордос" гэсэн аймгийн нэр сая л нэг газрын нэрээр хэрэглэгдэх болсон; 3. Эзэн Хорооны "Чингисийн Онгон"-д нь Чингис хааны шарил байхгүй. Монголын уламжлалт заншлаар их хааныг уусан ус Хэрлэн гол, унасан шороо Хэнтий ханы эхээр нутаглуулсан байж таарна; 4. Эзэн Хорооны "Чингисийн Онгон" нь Их хааны тахилганд зориулан байгуулсан "найман цагаан гэр"-ийн суурин дээр хөгжиж, гар дамжсаар хожим хойно нь Ордост ирсэн.


Чингис xааны шарилыг Монголын төв нутагт хүргэн нутаглуулснаас хойно Чингисийн отгон хөвгүүн Тулай, Мөнх xаан, Хубилай xаан, Аригбөх нарыг мөн их эзнийг оршуулсан газар хамт оршуулаад, бусад хүүхдүүдийг өөр газар оршуулав гэсэн түүхэн тэмдэглэл байдаг тухай Сайшаал гуай бас номондоо дурдсан байдаг. Ингэж оршуулсан тэр цаг үеэс эхлэн "мөнхийн дурсгал" тахилын ордон болгож найман цагаан гэр босгон, "эзний найман цагаан гэр" (найман цагаан чомчог ч гэдэг) гэж нэрлэх болжээ. Энэ найман цагаан гэрийг анх "Ордос нутагт" биш харин Чингис xааны шарилыг оршуулсан газар Хэнтий xаны энгэр хавь буюу тухайн үеийн Монголын төв нутагт байгуулсан гэж үзэх нь баримттай мөртөө зүйтэй юм аа гэж Сайшаал гуай зааж гаргасан байна.


Эзэн Чингисийн тахилгын ордон болсон найман цагаан гэрийг анх эхлээд мянган өрх Урианхайчуудаар сахиулж байсан байна. Хубилай хааны үед энэ найман цагаан гэр нь их нийслэл буюу Дайду хотонд шилжжээ. Yvний хамт Хятадын "дээдсийн сүм" тахих заншлын нөлөөг баг зэрэг хүртэж, зарим өөрчлөлт хийсэн гэдэг. Энэ үед найман цагаан гэрийн нэгдүгээр гэрт нь Есүгэй баатар болон Єөлүн эхийг; хоёрдугаар гэрт Чингис xаан болон Бөртэ хатныг; гуравдугаар гэрт Єгөөдэй хааныг Түргэнэ хатны хамт; дөрөвдүгээр гэрт Зүчи болон Бидажумиш хатныг; тавдугаар гэрт нь Цагаадай болон хатан Еслүүнийг; зургаадугаар гэрт Тулай болон Сурхагтани хатныг; долдугаар гэрт Гүег хааныг Хамиш хатны хамт; наймдугаар гэрт Мөнх хааныг Хутугтай хатны хамт тус тусад нь тахиж байсан гэж "Юань Улсын Түүх"-энд тэмдэглэсэн байна.


Тогоонтөмөр хaаны үе буюу 1638 онд монголчууд Хятадаас ухарч гарахдаа эзний найман цагаан гэрийг авч явсан бөгөөд Хархорумд сэргээн тахиж байсан. Даян хаанаас хойш Монголын хааны ор Цахар аймгийн эрхэнд шилжихийг дагалдан эзний найман цагаан гэрийг Цахар аймгийн хаад ноёд хариуцан тахих болов. Цахар аймаг нь Тэрэйсүн Хүдэн хааны үеэс зүүн тийш нүүдэллэхдээ найман цагаан гэрийг авч явсан байна. 1628 онд Цахарын Лигдэн хаан Манжид ялагдаад, Ордос аймгийг багтаасан баруун гурван түмний нутагт дүрвэж хүрчээ. 1634 онд Лигдэн хаан нэгмөсөн ялагдаад баруун тийш Хөхнүүр руу зугтахдаа хааны алтан тамга, хатад хүүхэд болон эзний найман цагаан гэр энэ бүхний аль алийг нь авч явж завдаагүй орхисон байна. Энэ бүхэн нь Цахарын олонх ард иргэдийн хамт Ордос аймгийн харъяанд, одоогийн "Ордос" гэж нэрлэгдэж байгаа газар буюу Бор Тохойн хавиар үлдсэн байна. Энэ үеэс эхлэн эзний найман цагаан гэр Ордост (Их Зуу) үе дамжин тахигдах болсон.


Манж Чин Улсын эхэн үеэр "эзний найман цагаан гэр"-ийг одоогийн Ордосын Далад хошуун дахь Вангийн Зуу буюу Их Зуу сүмд шилжүүлжээ. Энэ үед Манжийн хаанаас Ордос аймгийг зургаан хошуунд хувааж, хошууд бүгдээрээ жилд нэгэн удаа Их Зуугийн сүм дээр хурал чуулган хийдэг байсан тул "Их Зуугийн Чуулган" гэсэн нэр үүсчээ. Их Зуугийн Чуулганы дарга Ринчингийн үе хүрээд, Чуулган хуралдахын төхмийг (амрыг) бодож эзний найман цагаан гэрийг Ринчин өөрийн харъяаны Ордос Зүүн Гарын Дундад хошуунд (Жүн вангийн хошуу ч гэдэг), тухайлбал одоогийн Эзэн Хороонд шилжүүлэв. "Эзэн Хороо" гэсэн нэр эндээс үүссэн бөгөөд "эзний найман цагаан гэр" гэдэг байснаасаа аажмаар "Чингисийн Онгон" хэмээн ихэвчлэн нэрлэдэг болсон ба жил болгон тахиж шүтэх болжээ. Гэвч "Чингис хааны Онгон" гэж албан ёсоор нэрлэсэн нь Манжийн Сайшаал Ерөөлтийн 14-р он буюу нийтийн тооллын 1809 онд Ар, Євөр Монголын олон аймаг хошуу чуулганууд Манжийн хаанд өргөдөл барьж зөвшөөрүүлснээс эхэлжээ. Энэ тухай "Зарлигаар Тогтоосон Гадаад Монголын Төрийг Засах Яамангийн Хууль Зүйлийн Бичиг"-т ингэж тэмдэглэсэн байна: "-Их Зуугийн хязгаарт Чингис xааны онгон байх тул Ордос долоон хошуунаас 500 өрх Дархадыг томилж, онгоныг хамгаалах ба тахилгын ажлыг эрхлүүлтүгэй. Бас жил бүр 500 лан мөнгө гаргаж сэлбэлт ба тахилгат хэрэглэтүгэй. Эдгээр айл өрхнүүдйиг тус бүрийнх нь ван нарт үл харъяалуулах бөгөөд тус чуулганаас эрдэм чадварт нэгэн засгийг томилж тусгайлан захируултугай. Хэрэв дахин томилох чухалтай болбоос чуулганы дарга бүх засгийн нэрсийг жагсаан тус яаман дор мэдүүлж, дахин тус яамангаас хaан дор өргөдөл бичиж айлтгамуй." Түүнчлэн жил бүрийн билгийн улирлын 3-р сарын 21-ийг их тахилгын өдрөөр тогтож, энэ 500 өрхийг Дархад гэж нэрлэх бөгөөд Дархадууд ямар ч гааль татвар төлөхгүй, үеийн үеэрээ "Чингисийн Онгон"-ыг сахих үүрэгтэй болжээ. Дархадын түрүүг нь "Жинон" гэдэг бөгөөд сонирхолтой нь Даян хааны үеэс наашаа баруун гурван түмний захирагчийг мөн ингэж нэрлэсээр ирсэн байна. 1939 онд Эзэн Хорооны "Чингисийн Онгон"-ыг дайны хөлөөс зайлуулахын тулд Євөр Монголоос Хятад руу түр шилжүүлэх гэсэн Их Зуугийн чуулганы дарга Шагдаржав нарын хүсэлтийг Хятадын Гоминданы засгийн газар хүлээн авч, Хятадын Гансу мужийн Шин луншан гэгч газар нүүлгэсэн байна. Тэндээс нь 1946 онд Хөхнуурын Гүмбүм хийдэд шилжүүлэв. 1954 онд Ордосын монголчуудын хүсэл шаардлaгын дагуу онгоныг Євөр Монголд нь буцааж авчираад Эзэн Хороонд дахин залсан билээ. 1955 онд онгоны байшин барилга бүтээсний хамт, жил бүрийн их тахилгын өдрийг нь билгийн улирлын 3-р сарын 21 байснаас 5-р сарын 15 болгон өөрчилжээ.


Хятадын соёлын хувьсгалын явцад Чингисийн онгон ч мөн их эвдрэл сүйдэлд учирч, одоо бодоход түүн дотор хэдэн зуун жилийн турш хадгалагдан тахигдаж ирсэн зүйлсийн хичнээн хувь нь жинхэнээрээ үлдэж байгаа вэ гэдгийг хэлж мэдэхэд хэцүү байгаа хэдий ч Монголын гол хаадын гэгээн дурсгалд зориулан байгуулсан эзний найман цагаан гэрийн уламжлал тасраагүй залгамжлагдаж одоог хүрсэн нь тодорхой байна. Євөр Монголын яруу найрагч Нолмосүрэн гуай соёлын хувьсгалын үймээн самуун дөнгөж өнгөрөөд байсан үед Эзэн Хорооны Чингисийн онгон ямаршуухан байдалтай байсныг "Чингисийн сүлдний өмнө" шүлгэндээ ингэж дүрсэлсэн байдаг:


Харшны оройгоос нь ховхoлж унагсан
Хагархай балбархай шилэн ваарууд
Хашаан дундах өлөн өвснөөс
Хагас биеэ надаа үзүүлсэнд
Харцаа би тулгаж чадаагүй
Харуусах нулимсаа сэмээр арчсан юм аа.
Учир нь би Монгол хүн
Унасан ваарных нь нэгэн хэсэг


Дээдсийн минь тахилганы орыг эзэлсэн
Дэлгүүр хоршооны давс хужир
Дэгтэрийн цаанах үүдэн завсараар
Дээрэнгүй харцаар намайг ширтсэнд
Дэргэд нь би хүрч чадаагүй
Дэлсэх зүрхээ өвөрлөн буцсан юм аа.
Учир нь би Монгол хүн
Ургаа босоо эр хvн


Хана туурганд нь эрээчиж сараачсан
Хазгай мушгаа ДЄРBЄЛЖИН үсгүүд
Хатүү түшлэгт Урвалга гаргагчдын*
Хараал ерөөлийг надад сонсгосон ч
Хариуд нь би маргаж тэмцээгүй
Хатагнах инээдээ үлдээн буцсан юм аа.
Учир нь би Монгол хүн
Уг язгуураа мэддэг хvн


*урвалга гаргагчид гэж Маогийн улаан хамгаалагчдыг хэлдэг. Соёлын хувьсгалыг эхлүүлсэн бөгөөд идэвхтэй оролцож, ялангуяа Євөр Монголд монголчуудыг хэлмэгдүүлэн хөнөөх, тамлан зовоох ажиллагаануудыг голлон гүйцэдгэж байсан этгээдүүд юм.


Даширамд хэлэхэд 1950 онд Бямбын Ринчин гуай Эзэн Хороонд айлчилахдаа "… түүх соёлын маань нандин дурсгалын хувиар эзний найман цагаан гэр дэлхий дахинд үлдэж байна. Yvнийг сахин хамгаалж ирсэн Дархадуудад Ринчин би баяр талархлаа илэрхийлж байна" гэсэн байдаг. Хэрэг дээрээ Эзэн Хорооны "Чингисийн Онгон" буюу найман цагаан гэрийг Монголын төв нутаг руу буцааж шилжүүлэх гэсэн чармайлт Монголын тусгаар тогтнoлын үед ч өрнөж байсан жишээ бий. Тухайлбал, oлноо өргөгдсөний 3-р он буюу 1914 онд Ордосын жүн ваны хүү Төгсжаргалангийн өргөсөн бичгийг Дотоод яамнаас Богд хаанд айлтгасанд Богд хаан зөвшөөрч, "Чингис хааны бие, сүлд тугийг сайн сайхнаар залж ирүүлэхийг Чагдаржав нарт тушаагтун" хэмээн буулгасан зарлигийн бичиг нь 2002 онд Улаанбаатарт хэвлэгдсэн "Богдын лүнтэн" гэсэн номын 217-221 хуудсанд байгаа.


Тvvхийн урт удаан хугацааны явцад монголчуудынхаа хамтаар нүүж сууж, зовж зүдэрч олныг үзсэн эзний найман цагаан гэр бол манай монгол үндэстний ховор нандин түүх соёлын өв мөн билээ. Манай өвөг дээдсээ хүндэтгэн тахиж, түүх соёлоо залгамжлан ирсний билэг тэмдэг болсон энэ найман цагаан гэрийг анх Монголын уугуул нутаг Хэнтий, Хэрлэний хавьд босгож, Монголын хаад угсаатнууд үе дамжин тахиж шүтэж ирсэн. Харин түүхийн эрхээр гар дамжсаар яаж ийсээр Ордост нутаглах болжээ. Монгол үндсэний гал голомтыг сахиж, тулгар төрийг залгамжлax хувьтай ч, үүрэгтэй ч өнөөдрийн "Монгол Улс" маань эзний найман цагаан гэрийг зүй ёсоор нь Хятадын засгийн газартай ярьж, уугуул нутагт нь шилжүүлэх асуудлыг дурдах цаг одоо ирээд байгаа бус уу? Ялангуяа, хятадууд манай соёлын өвийг үл тоон, хувийн компанид өгч, ашиг мөнгө хийхийн арга барил болгох гэж байгаа, бас Эзэн Чингисийн нэр алдрыг жуулчдын өмсдөг гутал, шаахайн дээр хэвлэж, өвөг дээдсийг маань гутаан доромжилж байгаа өнөөдөр Монголын засгийн газар хэрхэн үзэж, үл ойшоож сууж яахан болох вэ?


Иймээс миний бие энд Монгол Улсын Засгийн Газарт ийм хэдэн зүйлийг санал болгомоор байна:


1. Чингисийн Онгон буюу найман цагаан гэрийн дурсгалыг хувийн компанид зарах болсон ба Чингис хааны нэрийг гутал шаахайн дээр хэвлэсэн хэргийн тухай дипломат шугамаар АЛБАН ЁСООР Хятадын засгийн газарт илээр хүчтэй эсэргүйцэл илэрхийлэх хэрэгтэй;


2. Yvний хамт хэрэв Хятадын засгийн газраас соёл түүхийн энэ мэтийн үнэт өв дурсгалыг зүй ёсоор хүндэтгэн хамгаалж эс чадваас, Монгол Улсад буцааж өгөхийг шаардах хэрэгтэй. Найман цагаан гэрийг хэдэн зуун жил сахиж, тахилгын хамаг үйл хэргийг нь явуулан хөгжүүлж ирсэн гавъяаг нь бодож Дархад монголчуудыг oнгоны хамт Монгол Улсад нүүлгэх шаардлaгыг дурдаж болно;


3. Хэрэв Хятадын тал яасан ч oнгоныг буцааж өгөхгүйд хүрвэл хойшид Монгол үндэстний түүх соёлын дурсгалт зүйлсийг хүндэтгэн дээдэлж байх болно гэсэн баталгааг АЛБАН ЁСООР гаргуулан авах хэрэгтэй. Түүнчлэн НYБ, ЮНEСКO болон бусад олон улсын байгууллагаар дамжуулан Хятадын засгийн газарт даралт шахалт үзүүлж, Монголын соёлын өв дурсгалыг бүрэлгэх үйл ажиллагааг нь таслан зогсоох хэрэгтэй.


Цахим Єртөө Cvлжээ, Замдаан сэтгүүлийн уншигчид болон түүх соёлоо эрхэмлэн дээдэлдэг Монгол хүн болгон миний дээрх саналуудыг дэмжих аваас Монголын засгийн газарт дамжуулж, Эзэн Хороонд байгаа Чингисийн Онгоны хувь заяаг нааштай болгох гэсэн чухал асуудалд өөрийн санал бодлоо нэмэрлэхийг уриалж байна. Мөн Чингисийн oнгоныг хувийн компанид худалдаж өгөх гэсэн ажиллагааг хориглон зогсоохыг Хятадын засгийн газраас шаардсан бичигт гарын үсгээ зурах хүсэлтэй хүмүүс Энэ и-мэйл хаягийг спамботоос хамгаалсан. Та үзэхийн тулд JavaScript идэвхжүүлэх хэрэгтэй. хаяг руу өөрийн нэр болон дээр дурдсан ажиллагааг зогсоохыг шаардсан саналаа товчхон бичиж илгээнэ үү. Yvний тухай дэлгэрэнгүй мэдээллийг http://smhric.org/Latest_A.htm хуудсан дээрээс уншина уу. Монгол Улсын хэвлэл мэдээллийнхэн миний энэхүү санааг монголын ард түмэнд хүргэж өгнө vv.


Америкийн монголчуудын Замдаан сэтгүүлийн 21-р дугаараас

  • Бичсэн tamga
  • Үзсэн: 990

Бүлэг: Судалгаа

Чингис хааны алтан ургийнхнаас нэгний нь ч булш олдоогvй байна

Чингис хааны шарилыг хайсан профессoр Жон Вvvд
(ярилцлага)


Доктор Аллен Кампрелл
Wolverton Mountain Enterprises

Товчлон орчуулсан Ш.Баатар
Америкийн Баруун Эргийн Монголчуудын Соёлын Сан
Замдаан сэтгүүлийн 17-р дугаaраас



Аллен: Чингис хааныг онголсон газрыг олох экспедицийн талаар танаас ярилцлaга авах болсондоо би их баяртай байна. Yндэсний радиогоор (NPR - National Public Radio. Орч) сонсохоос өмнө энэ талаар бүгд л юу ч мэдэхгүй байсан шvv.

Жон: Таатай байна. Экспедицийг санал болгосон Маури Кравитзтай ярьж байхдаа танд бас энэ талаар ярина гэж хэлж байлаа. Манай экспедици сүүлийн хоёр жилд ер хэвлэл мэдээлэлд өртөж байгаагүй талаар Маури дурдаж байсан. Экспедици хүчээр зогсоодсон сүүлчийн жилээс хойш бид хэвлэлд мэдээлэл өгөөгүй. Гэхдээ Маури энэ ярилцлагын талаар ихэд сонирхож байсан.

Аллен: Ам халахаас өмнө асуухад "Гэнгис" хааны нэрийг яаж зөв дууддаг юм бэ?
Жон: Энэ бол Франц дуудлага. Монголчууд яг тань шиг Чинггис хаaн гэж бичээд Чингис хаан гэж дуудна. Чингис хаан бол монголчуудын үндэсний бахархал болох хамгийн чухал хүн. Бид нар их залуу үндэстний тухай ярьж байна. Зөвхөн 1990 оноос хойш Чингис хаан нэртэй пудволк, зочид буудал, тамхи, шар айраг, зоогийн газрууд хаа сайгүй бий боллоо. Зөвлөлтийн нөлөөнд байхад огт зөвшөөрдөгддөггүй байв. Єнөөгийн Монгол оронд хүмүүс Чингис хааны талаар зүйрлэшгүй их сонирхох болжээ.

Аллен: Tа яагаад онгоныг хайх болсон юм бэ?
Жoн: 1024 онд бичигдсэн "Монголын Нууц Товчоо" гэдэг түүхэн баримтыг бид нар ашиглаж ирлээ. Манай багийн гишүүн Дамбын Базаргүр Нууц Товчооны баримтыг орчин цагийн Монголын газрын зурагт нийцүүлэн судалсан хүн. Базаргүрийн хийсэн газрын зургийг бид нотлохыг чармайсан хэрэг. Тийм болохоор тодорхой нэгэн хэсэг газрын тогтоцыг бусад газартай харьцуулж үзсэн.

2 жилийн өмнө бид ихэнх хүмүүсийн таамаглаж, итгэдэг онгоны газар "Бурхан Халдуун" хэмээх аймшгийн их цус сорогч шумуултай ууланд хүрсэн. Бидэнд нисдэг тэрэг, шинжилгээний бүх техник хэрэгтэй байлаа. Тэр veд бидэнд байгаагүй юм.

Эхлээд бид том толгодын бэл дэх Єглөгчийн хэрмийг судалж эхэлсэн. Хэрэм нь толгодыг тойроод оройгоодоо чиглэсэн хэлбэртэй тогтсон байв. Хэрэм 3 км урттай, 5 метер орчим өндөр. Xэн хэдийд, ямар зорилгоор барьсныг бид aнх үзээд ихэд гайхсан. Oлон хүний хүчээр зохион байгуулaлт сайтай барьсан нь илт. Бид малталтаa эхэлж, олон төрлийн хөрс хуулаад хавтгай чулуун давхарагат хүрсэн. Зарим чулууг хуулахад хэдэн янзын сувгууд олдсон. Тэгдээр сувгууд нэлээн хар бараан өнгөтэй байсан нь шатсан модны нүүрснээс болон харласан байж болох талтай. Тэдгээр сувгаас хүн амьтны үлдэгдэл ч олдсон.

Аллен: Ямар янзын чандарлах газар байсан юм бол?
Жон: Бид одоогоор мэдээгүй байгаа. Энэ талаар олон онол, таамаглал бий. Сувгууд нь халаалтын нэгэн төрлийн систем байж болох талтай, лав байгалиас тогтсон зүйл огт биш, түүнээс өөр хот суурингийн шинж тэмдэг энд байхгүй байв. Иймэрхүү зохион байгуулалттай тогтоцыг Оросын экспедици Тувад нээж байсан. Тува нь бидний судалгааны газраас баруун хойш Оросын Холбооны нутагт бий. Тэдгээрийг Монгол бүтэц гэж үзвэл нүүдлийн ерөнхий чиглэл нь баруун хойноосоо Монголыг чиглэсэн байжээ гэж үзэж болох талтай.

Аллен: Тэр үед энэ нутагт нүүдэлчид зонхилж байсан уу?
Жон: Нүүдэлчид гэдэг үгийг хэрэглэх нь утгын хувьд буруу. Танд нэг санаа хэлье. Энд нутаглаж ирсэн хүмүүсийн хувьд өвөл зуныхаа гэрт хүрэхээр Турк, Ираныхан шиг мориор хэдэн зуун километер хол нүүдэллэдэг хүмүүстэй адилтгаж би яримааргүй байна. Уугуул хүмүүс тийм хол нүүдэггүй байсан. Заримдаа гэр бараанаасаа холдохгүй буйр сэлгэнэ. Тийм болохоор та ойр зуур буйр сэлгэх нүүдлийн тухай ярьж байгаа хэрэг. Тэдгээр сувгуудын нэгэн аман дээрээс бид залуу хүүхний гавлын яс олсон. Oршуулсан хэлбэртэй байгаагүй. Зүгээр л нэг гавлын яс, бас хэдэн чөмөг, аарцагны яс байсан. Түүнээс дүгнэж үзэхэд тэр сувгууд шашины зан үйл хийдэг тахилын нэгэн газар байсан болов уу.

Аллен: Тэр эмэгтэйг оршуулаагүй байсан гэж vv?
Жон: Тэр хавьд оршуулга зөндөө байсантай харьцуулбал, эмэгтэйн хувьд оршуулга биш нь илт байлаа.

Аллен: Монголын малталт гадаадын аль оронтой төстэй байв?
Жон: Бид сүүлийн жил хэдэн хүндрэлтэй учирсан: -Тахилын газрыг хөндсөн, байгаль орчныг бохирдуулсан, мөнгө олохын төлөө үйл ажиллгаа явууллаа хэмээн ерөнхий сайд асан хүн бидэнд довтолсон. Гэтэл сүүлдээ тэнд халдварт өвчин тархсан. Єнгөрсөн жил зөвхөн нэг сарын малталт хийгээд бид ажлаа зогсоолоо. Ямарч байсан бид сувгуудыг олж тогтоосон. Ерөнхийлөгчийн зарилгаар хориг тавьж, бидний ажлыг зогсоосноос хойш ихэнх цагаа Их Хурлын ордонд өнгөрөөв. Бид тэндээс ажиллах бүх төрлийн зөвшөөрлийн бичиг баримт авсан байсан. Азтай нь одоогийн Ерөнхий сайд биднийг ивээлдээ авч, манай төслийг хамгаалсан тул Монголын засгийн газраас бид бүрэн дэмжлэг авч чадсан.

Биднийг явсны дараа монгол нөхдүүд үлдээд, доошоо нэг мeтер орчим ухаж, оршуулга олсон байв. Aвсны дээжээр судлaaд, XIII зуун ба XIV зууны эхэн үеийнх болохыг нотолсноор шарилыг Их Монголын үед хамаарна гэдгийг баталсан. Бид түүнийг монгол оршуулга гэж үзэж байгаа бас нэгэн шалтгаан бол монгол уламжлалaaр шарилын толгойг хойд зүгт хандуулсан байсанд оршино. Тэд байшин сав барихдаа үүдийг нь ямагт ургаш харуулдаг.

Аллен: Ямар учиртай юм бол?
Жон: Хойд зүг бол хүндэтгэлийн зүг. Нэг ёсондоо гэрийн эзний талын зүг болно. Бидний тэндээс олсон бусад шарил баруун зүгт хандсан ба он цагийн удаанд ихээхэн мууджээ. Хойд зүгт чиглэсэн нь их сайн хадаглагдсан байв. Дотроо хатсан зүйлтэй нэгэн бумба олдсон. Хоол унд юм уу, юу хадаглагдсаныг тодруулахаар оролдсон. Мэдээж ус байсан болов уу. Дотор нь юу хатсан нь яахав, талийгаачийн хойд насанд нь зориулсан өргөл байсан биз ээ.

Аллен: Гар урлалын өөр зүйлс олдсон уу?
Жон: Yгvй. Энэ жил олдсон гар урлалын холбогдолтой зүйлс гэвэл сумны зэв, гадас, хадаас зэрэг нэг газраас олдсон. Эдгээр олдвор ямар нэгэн модон байгууламж цөмөрч, нурж үгүй болсныг харуулж байгаа юм. Хэрвээ хадаас, гадас олнooр олдсон бол тэнд ямар нэгэн томоохон байгууламж байсан гэж би дуртайяа хэлэх байсан.

Оршуулгыг илүүрлэхэд амжилт олоогүй ч, археoлoгийн хувьд сэтгэл догдлом жил байлаа. Бид нар ховор эрдэнэс олсонгүй. Гэхдээ энэ газар ямар нэгэн юм байжээ гэсэн таамаг дэвшүүлэх боломжтой болсон. Энэ бол гарцаагүй оршуулгын газар байсан нь тодорхой, дотоод байдлаараа өвөг дээдсийн шүтээний газар байсан нь бүр илэрхий. Энэ газарт нэг оршуулга байсан ба бусад оршуулга түүний хүрээнээс гадна оршиж байжээ. Бидний одоогийн төсөөлж байгаагаар энэ газар нь оршуулгa, мөргөлийн төв ба тус хүрээг тойроод бусад оршуулгууд байж. Энэ газар өнө удаан жил хэрэглэгдэж ирсэн. Гэвч хэрэм яагаад баригдсан талаар бид нар юу ч олж, мэдэж чадсангүй.

Энэ жилийн малталт хийсэн хананы дотроос бид зарим органик материал олсон нь ханыг хэдийд барьсныг тогтооход тус болж магад. Бид хугацааг нь тодорхойлохоор авсан дээжээ гадгаш илгээчихсэн. Гэвч шинжилгээний зардлаа харайхан олоогүй байна.

Аллен: Тэр үед ямаршүү газар байсан талаар ямар нэгэн баримт үлдсэн үү? Тухайн үеийн тогтоц одоогийн газартай тун адил байгаа гэдэгт та үнэхээр эргэлзэхгүй байна уу?
Жон: Миний бодож байгаагаар тухайн үеийн газрын тогтоц одоогийнхтой адил ойгоор хучигдсан байсан. Тэгээд олон удаа ойн түймэр гарсан. Гал гарах үндсэн шалтгаан нь аянга. Oй шатаж үгүй болоод шинээр ургаж өөрчлөгдөж ирсэн болов уу. Түүнээс өөр том өөрчлөлт болоогүй гэж би бодож байна. Миний мэдэж байгаа нэгэн онол бол Монголчууд ба бусад үндэстний нүүх шалтгаан нь ган гачигаас болж, хүн амьтныг ундаалах усгүй болсонтой холбоотой ба үүнийг "хатах онол" гэж нэрлэдэг. Тэд өөр тийшээ нүүхээс өөр аргагүй болно. Бидний мэдэж байгаагаар Монголд газар зүйн чийглэг, хуурай уур амьсгал солигдох эргэлтийн үе гарч байсан. Бидний очсон зун маш халуун чийгтэй байлаа. Борооны улирал эхэлж, авч очсон олон багаж хэрэглэхгүйд хүрч, ихээхэн түвэг учруулсан. Надад тохиолдсон хамгийн сүүлийн ийм их чийгтэй орчин бол 1994 он байсан юм. Цаг уур бол улиран давтагдаг чанартай байгалийн үзэгдэл, дэлхий орвингоор нь өөрчилнө гэж үгүй.

Аллен: Хэрхэн та уг хөтөлбөрт татагдан орсон юм бэ?
Жoн: Нэлээд хэдэн жил хичээл зааж байхдаа Монголчуудын тухайн түүхэн баримтуудтай олон удаа учирч ирлээ. Миний мэргэжсэн судлагааны гол салбарууд - Дундад дорнод буюу Иран болон дундад азийн лалын шашинтай орнууд. Эдгээр орнуудад монголчуудын үзүүлсэн нөлөөг би их сонирхох болсон юм. Би өөрийгөө монголч эрдэмтэн гэж ямарч байсан хэлэхгүй. Гэхдээ монголчуудыг үнэхээр их сонирхдог. 1995 онд Маури Монголд очоод Чингис хааны амьдралтай холбогдох газар орныг нээж илрүүлэх талаар Монголын Шинжлэх ухааны академитай 5 жилийн хугацаатай гэрээ хийгээд ирсэн. Гэрээнд гарын үсэг зураад Америкт буцаж ирсэн хойноо тэр төсөл дээр өөрөөсөө өөр хамтарч ажиллах хүнгүй болохоо ухаарсан. Ингээд өөрийн баг бүрдүүлэхээр шийдсэн байна. Би түүнтэй нэлээд хэдэн нийтлэл хамтран бичиж, уулзаж, нөхөрлөж ирсэн хүн. 80-аад онд тэрээр алдар цуутай худалдаа наймааны ажил хийж ихэд хөлжсөн. Түүний тухай домог яриа зөндөө бий. Тэрээр худалдаачин болоод хуульч хийхдээ амьдралынхаа турш Чингис хааныг гайхан бахархаж ирсэн байна. Анх тэрээр цэрэгт байхдаа 50-иад оны үед Чингис хааны амьдралын талаар Харолд Ламбын бичсэн "Бүх эрсийн эзэн хаан" (Emperor of All Men) номыг олж уншжээ.

Аллен: Тэгэхээр энэ ном түүнд ямар нэгэн төсөөлөл өгсөн байх нээ?
Жoн: Тиймээ. Энэ ном түүнд эхлэл болсон. 2 жилийн өмнө бид хоёр Монголд нэг уулыг Маури гэж нэрлэсэн. Тэр ч Чикаго буцсан. Түүнтэй утсаар ярьж байхдаа "Маури, би уулын оройд 3 км орчим талбайтай шарилын газар олоод байна. Энэ газрын талаар надад хэлчихмээр мэдэх юм байна уу " гэж асуусан. "Одоохондоо надад хэлэх юм олдохүй байна" гэж тэрээр хариулав. "Юу гэсэн үг вэ? Би энд байна шүү дээ. Бид ямар нэгэн юм хийж эхлэх болоод байна. Мэдэж байгаа юм аа хэл" гэж би шавдуулав. Эцэст нь тэрээр "Зарим хуучин номонд энэ талаар байдаг л даа" гэж ам нээлээ. Ямар ном болохыг тодруулан асуулаа. Нийтдээ таван эх сурвалжид хааны оршуулгын талаар тэмдэглэгдсэн байдаг. Энэ номонд (Алленд үзүүлж байгаа болтой. Орч.) Чингис хаан өөрийгөө хаана яаж оршуулах талаар гэрээсэлсэн байна. Гэрээсийн талаар Каури санаж байгаа хоёр зүйлээ надад хэлсэн нь "Чингис хаан хоёр голын уулзвар дээр зогссон", "мөрөн дээгүүрээ мөнх цаст уулыг харан гэрээслэлээ үлдээсэн" тухай юм. Яагаад ч юм бэ, Маури тэр хоёр байршлыг Чингис хаан өөрийнхөө оршуулахаар тодорхойлсон газaр гэж үздэг. Хаан мөрөн дээгүүрээ харсан цастай уулын оройг өөрийнхөө оршуулгын газраар сонгосон байх талтай. Гэвч тэнд нь энэ олон оршуулгын газар болж байгаа юм. Маури ямар хааныг орой дээрээс нь тэр оршуулгын газрыг өөрийн нүдээр харсан биш.

Олон жилийн судалгаагаараа Мауригийн таамгалж тогтоосон газар бид хүрээд байгаа нь энэ. Энэ газар Чингис хааны эцгийнх нь оршуулга болох магдлал тун өндөр. Хэрвээ энд Чингис хааны эцгийн оршуулга байсан юм бол түүний оршуулга ч тэнд байж болох талтай юм. Эсвэл тэрээр огт өөр газрыг хаадын оршуулгын газраар тогтоосон байж ч болох. Хүү нь дэлхийг эзлэн цуутай хаан болсны дараа эцгийнх нь шарилыг нууцлан өөр тийш шилжүүлсэн ч байж болох. Xаан эцгийнхээ ясыг хөндөж оршуулгыг өөр тийш нүүлгэж чадах уу? Монголчууд бол хэзээ ч ийм юм хийхгүй. Тэд загалмайтан, лал, еврей нар шиг ясыг зөөхгүй. Монголчуудын тийм юм хийхгүй шалгаан бол бөөгийн ёсонд "яс хөндөхийг сүнсийг нь устгасантай адил" үздэгт оршино.

Аллен: Яагаад та Чингис хааны шарилыг бусдын хамт оршуулсан гэж бодсон юм бэ?
Жoн: Хятад сурвалжаас үзэхэд уламжлал ёсоор Чингис хаан, түүний дөрвөн хүү, удмынхан нь нэг дор оршуулагдсан гэсэн байдаг. Єөрөөр хэлбэл 34 хаан нэгэн газар оршуулагдсан байх ёстой юм. Миний ойлгож байгаагаар, дараах баримтаас харахад нууц оршуулгын газар энд байж болно. Нэг хүнийг нууцалж болно, гэтэл 34 хүнийг нууцалж болох уу? Надад бол боломгүй санагдана. Yvн дээр хэрэмний асуудал давхар гарч ирж байна. Хэрвээ нууцлах гэсэн юм бол хэрэм барих хэрэг юунд байна?

Гэхдээ хэрэм хожим баригдсан байж болно. Yнэн хэрэгтээ энэ газрын эзэн нь Хубилай хааны хүү цэргийн жанжин Камала байсан тухай Хятадын сурвалжид байна. Камала өвөг дээдсийнхээ онгонд зориулан хэд хэдэн бэхлэлт барьсан тухай ч сурвалжуудад дурдагдсан байна. Камала уг хэрмийг барьсан гэж үзэхэд би таатай байна. Гэвч, энэ нь өвөг дээдсийн онгонд зориулсан байж болох ч заавал Чингис хааны оршуулганд зориулсан байх албагүй.

Одоогоор энэ орчимд асар их оршуулгууд байна. Тэр үедээ энэ газар их олон оршуулга байсан байх. Бид энэ байдлыг өөрсдийнхөө зуны судалгаанд тусгаж үзсэн юм. Тэр оршуулгууд Монголоос урд үеийнх шиг байсан. Бид тэдгээр оршуулгыг яг аль үеэс гаралтайг мэдэхгүй. Гэхдээ бид тэр үеийн чулуугаар суурийг нь босгосон шарил олоод бид "суварга" гэж нэрлэсэн.

Нэгэн зүйл миний сэтгэлийг хөдөлгөж, сонирхлыг их татсан. Энэ газрыг ухахад их тохиромжтой юм шиг санагдаж байна. Yvнийг би маш анхааралтай, нарийвчлан болгоомжтой судлахыг хүсч байна.

Аллен: Ямар нэгэн юм хийх гэж таны санаа зовиноод байна уу?
Жон: Тиймээ. Сүүлийн өдрүүдэд хэд хэдэн шинэ санаа төрөөд байна. Дараа жил арай өөрөөр ажиллана. Би уулын нөгөө талд нь гарч үзмээр байгаа юм. Одоогийн судалгаа хийж байгаа газрыг "дэлхийн соёлын өв" болгохыг монголчуудaд санал болгох бодолтой. Aзид ийм газар байхгүй. Энэ бол үнэхээр том оршуулгын газар. Байгаль нь онгоноороо, асар үзэсгэлэнтэй. Би энэ газрыг анх харахад Грeкийн Агамемнoн оршуулга санаанд орсон. Би энэ газар үргэлжлүүлэн судалгаа хийхийг хүсч байна. Бид эндээс олон шарил оллоо. Монголын засгийн газар энэ хавийг хамгаалалтандаа авах талаар санал оруулна. Эхлээд улсын хамгаалалтанд оруулж байж, дэлхийн өвд бүртгүүлэх хэрэгтэй, цаг хугацаа нэлээд орно. Бид сан байгуулахад нь тусалж чадна. Oдоо бол архeолoгийн судалгаанд хөрөнгө оруулагчдаас санхүүгийн туслалцаа авч чадах, эсэхийн завсарт байгаа. Монгол бол архeолoгийн судалгааны хувьд онгоноороо. Хаанаас нь харсан тийм шүү.

Бид ямар ч байсан ажлаа үргэлжлүүлнэ дээ. Би хүмүүсээ хоёр хэсэгт хувааж, нэг хэсгийг хээрийн талбарт, нөгөө хэсгийг алсын зайнаас ажиллуулна гэж бодож байна. Манайд ажилладаг, эртний Монгол судлалаар дагнасан Монгол архeологичийн (Наваан гуайг хэлж байгаа болов уу. Орч.) санал болгосон хэдэн газар бид мөн ажиллана. Тэр бараг өөрөө архeологийн олдвор болчихсон гэж ярьдаг. 80 настай гэхэд гайхмаар шалaмгай. Монгол хүн 70 хүрвэл үхсэнтэй адил гэдэг. Гэтэл мань 80 хүрсэн эр тун ч эрчимтэй хүн дээ. Дараа жил би хагас хүмүүсээ энэ талбайдаа үлдээгээд, нөгөө хагасыг авч энэ хүний хэлсэн хоёр газрын нэгэн дээр очно.

Аллен: Yндэсний радиогоор ярьж байхдаа Маури, та хоёрын нэг нь "архeологийн түүхэнд байхгүй их эд агуурс Чингис хааны булшнаас олдоно" гэж таамаглаж байсан даа.
Жон: Маури тэгэж бодож байгаа хэрэг. Түүний таамгийн гол шалтгаан нь "Чингис хаан хойд Хятад, төв азийг эзлэхдээ лалын болон тэр үеийн хамгийн чухал хотуудыг байлдан дагуулсан. Яагаад нэг эзлэгдсэн хотоос нэгэн гар урлалын юм авч хураагаагүй байхав. Тэгвэл хураасан зүйлс дэлхийн том цуглуулга, музейн үзмэр болно. Тэдгээр зүйлс одоо хаана байна." гэж үзэж байгаа юм. Yvнээс үүдээд Маури тэр эд баялаг Чингис хаантай хамт булшлагдсан гэж дүгнэсэн хэрэг. Гэхдээ бид мэдэхгүй л дээ. Ер нь Монголын хаад, дээдсийн нэг ч булш олдоогүй. Чингис хааны алтан ургийнхнаас нэгний нь ч булш олдоогүй байна.

Тухайн үеийн түүхэн сурвалжуудаас харахад Иранд суусан Чингис хааны угсааны хаадуудыг оршуулахдаа Монгол ёсыг баримталж залуу охидоор тахил өргөж, их хэмжээний зэвсэг хувцасны хамт булшилдаг байжээ. Тэднийг нэгэн арал дээр оршуулдаг, арлыг хүмүүс мэддэг байсан ч тэндээс нэг ч булш олдоогүй. Бид хайсан оршуулгаа хэзээ ч олж байгаагүй. Мауригийн үзэж байгаагаар их эрдэнэс олдох юм байх. Түүнийг бид олох, тэгээд бүх баялгийг илрүүлэх юм байх. Мэдээж бид их эд баялаг оллоо гэхэд тэр нь Монголын өмч болоод үлдэнэ.

Хэрвээ тэд бидэнд судалгааны, сургалтын, үзэсгэлэнгийн зорилгоор зарим нэгэн эд зүйлийг олгохoос өөр зөвшөөрөлгүйгээр юу ч энэ улсаас авч гарахгүй. Дэлхийн нөгөө хэсгийн түүхийг хүмүүст хүргэх нь энэ экспедицийн зорилго хэмээн би бусдад дандаа ойлгуулж хэлдэг. Ертөнцийн нөгөө талын түүхийг нийтэд дэлгэж харуулснаараа тэдний дэлхийн түүхэнд гүйцэтгэсэн ул мөрийг зөвөөр харж үнэлэхэд оршино. Энэ зорилгынхоо талд нь удахгүй хүрнэ. Энэ бол миний бүх насаа зориулсан сурган хүмүүжүүлэгчийн үйлс шүү. Tvvхэн нээлтэнд оролцоход миний нас хүрэх байх гэж найдаж байна.

Аллен: Чингис хааны шарилыг хайx үйл явдлаар кино хийж байгаа гэж би сонссон юм байна.
Жон: МЖМ (MGM) энэ талаар кино хийж байна. Тэд одоогоор 3 дахь удаагаа дэлгэцний монтажаа хийж байгаа. Тэд сайн зохиомжтой, бүх жижиг сажиг хэсгийг сайн нийлүүлж хийж чадвал нэлээд сонирхолтой кино болно. Миний хамгийн сүүлд сонссоноор дүрүүдэд жүжигчдийг тоглуулах болж, Сеан Коннери, Майкл Кайн нар оролцох болсон гэнэ. Миний дүрд Кайн тоглох болсныг би их сайн гэж бодож байна. Тэрээр надаас ахмад хүн, буурьтай харагдана.

Аллен: Тэр киног би мэдээж үзнэ. Амьдралынхаа олон жилийг Чингис хаанаар амьсгалж өнгөрүүлэхдээ түүнийг та хэр сайн мэдэх болов?
Жон: Бидэнд түүний амьдралын талаар хааныг сайн мэддэг, хаантай ойрхон байсан хүний бичиж үлдээсэн янз бүрийн баримт байна. Тэдгээр баримтанд та хэдий ойртоно, тэр хэмжээгээрээ өөрийгөө хааны амьдарч байсан үед тун ойрхон очсон гэж төсөөлж бодох хэрэгтэй. Хаан хүүхэд ахуйдаа нохойноос айдаг байсан. Түүний эцэг насан өөд болохынхоо өмнө "Миний хүүг сайн асарч байгаарай. Тэр нохойноос айдаг юм шүү, түүнээс сайн болгоомжлоорой." гэж гэрээсэлсэн. Хааныг чухам ямар хүн байсан талаар гадаад төрхийг нь тодорхой өгүүлсэн баримт хаана ч байдаггүй. Хойд Энэтхэгт тэмдэглэгдэж үлдсэн нэгэн сурвалжид хааныг өндөр нуруутай, өргөн мөртэй, муур шиг нүдтэй хүн байсан гэжээ. Хятадын бүх сурвалжид түүнийг Кoн-фvжийн хаан хүү мэт дүрсэлсэн байдаг.

Хааны орчин үеийн хөрөг зургийг Маури надтай төстэй юм гэж наргиан болгодог. Монголд хаана л бол хаана албан ёсоор хэрэглэдэг хааны хөргөнд тэд нэг их дуртай байдаггүй. Хятадуудад үнэн голоосоо дургуй монголчууд хятад сурвалжаас гаралтай тэр хөргөнд дургүйцэх учиртай. Энэтхэгт зурсан хааны хөрөг байдаг ч яг л нэгэн энэтхэгийн лалын шашинтан удирдагчийн дүртэй. Тэр ямар дүртэй байсныг хэн ч мэдэхгүй.

Аллен: Монголчууд түвдүүтэй юугаараа холбогдох болсон юм бол?
Жон: Бурханы шашин. Энэ шашин XVI зуунд Монголд нэвтэрсэн. Уг нь бол Хубилай хааны үетэй холбоотой л доо. Хубилай хаан бурханы шашиныг шүтэх болжээ. Бурханы шашин Хубилай хааны удмынхан дотор шүтэгдэж байгаад үнэн утгаараа XVI зуунд Монголын нэгэн хааны нөлөөгөөр монголчуудын дунд дэлгэрсэн. Монголчууд Хятадаас хөөгдөн гарсны дараа Монголдоо буцсан. Тэр хаан (Түмэдийн Алтан хаан. Орч.) Далай Ламыг Монголд урьсан. Монголчууд бүгдээрээ XVI зуунд бурханы шашинд ингэж оржээ. Тэд Бурханы шашины Түвдийн урсгалыг дагаж, бөө мөргөлийн ёс заншилаар баяжуулсан байна.

Аллен: Єнгөрсөн долоо хоногт Далай Ламаас хоёр дахь удаагаа сурвалжлага авах гээд чадсангүй. Индиана мужийн Блvvмингтoнд шинэ сүм барьж байгаа түүний ахтай уг нь сайн найз л даа. Дээрхийн гэгээнтэн цаг үргэлж хүндэтгэл үзүүлж Түвд, Монгол хүмүүсийг нүүрэн эгнээнд суулгадаг.
Жон: Єө тэгэлгүй яахав. Би ч гэсэн Түвдийн бурханы шашиныг их сонирхдог болсон.

Аллен: Хүүхэд насаа дурсана уу?
Жон: Би Арубад төрсөн.

Аллен: За тэгээд, Арубагийн сайн хүү, яахараа Чикагогийн Их Сургуульд ордог билээ?
Жoн: Миний аав барилгын бизнес эрхэлдэг байв. Их Хямралын үеэс болж цахилгаанчны мэргэжлээр суралцаж байсан коллежooсoo гарахаас өөр замгүй болсон. Тэрээр Америкаас илүү цалинтай гадаадад ажил хайж, анхны олсон гадаад ажил нь Арубад байсан хэрэг. Тэнд газрын тосны том олдворлох газар байв. Тэр насан туршдаа гадаадад ажиллаж, миний бага нас Латин Америкт, ялангуяa Венесүелад өнгөрсөн. 1955 онд аав Иракт ажил олж, бид Багдад руу нүүсэн. Америкийн сургуульд элсэх оноо авахыг тулд онц сурахыг аав маань надад үргэлж шаардаж байлаa. Тэрээр намайг дээд сургуульд сургаж өөрийнхөө дуусгаагүй зорилгоо биелүүлэхийг мөрөөдөж байсан. Хамгийн ойрхон Америкийн сайн сургууль Бейрүтэд. Түүнтэй нэг түвшингийн сургууль Багдадад байсан ч аав ээж тэнд намайг сургахыг хүсээгүй юм. Аав надад чанартай, сайн боловсрол олгохын тулд Бейрүт рүү намайг явуулсан. 1906 оноос хойш нэрд гарсан, гайхалтай сайн сургууль байсан. 1955-56 онд тэнд би сурсан. Тэр үед Чикагогийн Их Сургуулийн танхимын багш нарын бараг тал нь Бейрүтэд очсон. Энэ бол гайхалтай учрал. Сургууль маань олон аялалыг санхүүжүүлж байсан тул би Сири, Жордан, Tурк, Египeт зэрэг орноор богино хугацаанд аялж амжсан. Би бараг Дундад дорнодын бүх орноор аялж үзсэн. Багдадад буцаж орчсoн зун аав намайг аваад Иран явсан. Аав дэлхийн 2-р дайны үед Иранд газрын тос олдворлож байсан. Жил хагасын хугацаанд Дундад дорнодыг харахдаа сайн ойлгоогүй. Дээд сургуульд сурч байсан жилүүдэд Дундад дорнодoд ямар нэгэн юм би хийх хэрэгтэй гэдгээ олж мэдсэн.

Аллен: Та докторын зэрэг Принстоны Их Сургуулиас авсан байх аа? Хаана дээд сургууль төгссөн бэ?
Жoн: Тэксасийн Их Сургууль төгссөн. Тэр жил 1958 онд Yндэсний Батлан Xамгаалахын Боловсролын Гэрээ батлагдаж, 59-60 онуудад үндэсны аюулгүй байдлыг хангах зорилгот хамаарах хэлнүүд, түүн дотроо араб хэлний ангийг дээд сургуулиудад санхүүжүүлэх болсон. Миний энэ захирлыг нь хийж байгаа төв лав 60 оноос эхлээд улсын төсвөөс санхүүжиж эхэлсэн. Бид Араб, Турк, Перс, Узбек, Армен хэлээр оюутнуудыг бүр тэр цагаас эхэлсэн сургаж ирсэн.

Аллен: Эхнэр бид хоёр Энэтхэг, Түвд, Балба, Плинеш, Еастер арaл, Чилээр аялах дуртай. Тэдгээр орнууд бүгд сипер кафетай. Залуусыг 25 центээр интeрнетэд холбогдож байхыг харахад үнэхээр сонирхолтой юм. Тэд сипер найз нөхөдтэйгөө эмайлээр холбогдоно.
Жон: Нэг хүнд оногдох кафе, дисконы тоогоор Улаанбаатар шиг газар миний урд өмнө явсан орнуудад л лав байхгүй. Монголын нэг хүнд оногдох үндэсний бүтээгдэхүүн жилд 1000$. Тэгэхээрээ мөнгө угаадаг газар болно. Олон сайхан охид хамгийн сүүлийн үеийн хийц, загвартай хувцас өмсчихөөд биеэ үнэлэхийг оролдоно. Миний амьдралд урд өмнө ийм юм хэзээ ч хаана ч тааралдаж байгаагүй. Улаанбаатарт Kинеплех кино театрын ажлыг оруулах төслүүдэд би оролцож үзсэн. Дaнкин Донатс, Баскин Роббинз мэтийн хурдан хоолны шинэ бизнесийн төвүүд удахгүй энд нэвтэрнэ. Дaнкин Донатс, Баскин Роббинзийг би Солонгосын нисэх буудал дээгүүр сэлгүүлцэж байхдаа хараад, монголчууд ч гэсэн ийм болно гэж төсөөлж байв. Одоохондоо Монголд ийм юм байхгүй л дээ. Удахгүй Хятадын МакДоналд, Улаанбаатарын МакДоналд болоод л яригдана. Хэдийгээр эдгээр нь байхгүй ч дэлгэрэх шинж тэмдэг нь бүрдсэн газар.

Аллен: Энэ бүгд танд яршигтай байна уу?
Жон: Тэгэлгүй яахав, дараатай. Гэтэл үүнийг яаж өөрчилж болох вэ? Орчин үеийн соёл иргэншлээс хормын төдий хөндийрье гэвэл Монголын хөдөө явах хэрэгтэй. Хиймэл дагуулийн тавган антенаас ангижирч, та орчин үеийн амьдралаас нэлээд холдох болно. Улаанбаатараас гарлаа л бол Монголын нутаг бараг эвдрээгүй oнгoнooрoo. Хүн амын тал нь нийслэлдээ амьдардаг. Yлдсэн хэсэг нь Тэксасыг 2 дахин багтаах уудам нутагт таран амьдарна. Монголын хүн ам Аласкын хүн амтай адил.

Аллен: Ярилцлагынхаа төгсгөлд нэг юм лавлая. Самуел Колеридже "Шанаду" (Шанд – Хубилай хааны зуны ордон. Орч.) шүлгийг бичсэн. Уянгын энэ шүлгийн утгийг гаргахдаа Колеридже Хубилай хан, Шанадугийн тухай хаанаас мэдсэн юм бол?
Жон: Тэрээр Хубилай хааны Бээжинд ч юм уу, хаан нэгэнтээ барьсан ордоны тухай уншсан байж таарна. Түүнийхээ л тухай өгүүлсэн хэрэг. Энэ бол үнэхээр сайхан яруу найраг.
Аллен: Гайхалтай сайхан мэдээлэл өгсөнд баярлалаа. Та Монгол руу буцаaд юу хийхээр төлөвлөж байна?
Жон: Дараа жилийн эхээр би Монгол явна. Монгол Улсын Их Cургуульд перси хэл зааж, монголчуудын эртний уламжлалаа сэргээхэд нь тусална. Ийм юм хийсэн хүн одоогоор алга. Би ч ийм юм хэзээ ч хийж байсангүй.

  • Бичсэн tamga
  • Үзсэн: 1091
Sample photo

Цахим Өртөө Сүлжээнд элсэх

  • Өртөөний сүлжээнд элсэх

tsahim_urtuuХэрэв та Монгол Туургатны Цахим Өртөө Сүлжээнд элсэхийг хүсвэл: http://groups.google.com/group/tsahim-urtuu-suljee хаягаар зочилж маш хялбархан бүртгүүлж болно. Та Гүүгл суурьт энэхүү сүлжээнд имэйлээ бүртгүүлснээр манай сүлжээний гишүүн болно.

 

Image Temp

Энэ хуудас нь Цахим Өртөө сүлжээний нийт гишүүдийн хамтын бүтээл байх бөгөөд ажил хэргийн санал болгоныг вэбийн хамтлаг тухай бүр нь тусган энэ хуудсанд оруулж байх болно. Хамтран ажиллаж буй, ажиллахаар зэхэж буй таньд баярлалаа.

Newsletter