268-р сар2016

Лхагва, 15 5-р сар 2002 08:24

Б.Батболд: Америкчууд буддын шашны сургаал, гvн ухааныг сонирхон судалж байна.

Written by  D.Tserendorj
Rate this item
(0 votes)

Баастын Батболд: 1992 онд хуучнаар ЗХУ-ын Одесс хотын их сургуулийг цөмийн физикч мэргэжлээр төгссөн

Ярилцсан Д.Цэрэндорж
Сан Франциско 04.28.2002

Баастын Батболд: 1992 онд хуучнаар ЗХУ-ын Одесс хотын их сургуулийг цөмийн физикч мэргэжлээр төгссөн. Төгсөж ирээд МОНЦАМЭ агентлагийн гадаад мэдээний хэлтэст редактораар ажиллаж байсан. Одоо Монголын Гандан хийд дэх буддистуудын клубын тэргүүн, Шашны "Гурван Эрдэнэ" нийгэмлэгийн дэд ерөнхийлөгч. Дэлхийн 100 гаруй оронд төвтэй "FPMT" буюу Foundation for the Preservation of the Mahayama Tradition хэмээх шашны байгууллагын захирлын зөвлөлийн гишvvн.


Эрхэм уншигчид та бүхэнд энэ залуугийн эзэмшиж төгссөн мэргэжил, эрхлэн хийж буй ажил зэрэг нь гайхал төрүүлж байгаа бол түүнтэй хийсэн манай ярилцлагыг анхааран уншина уу? Тэрбээр Америк дахь буддын шашны талаар "Buddism in America" гэдэг кино хийхээр төлөвлөн зураг авалтаа эхлээд Америкийн хотуудаар аялан явж байгаа бөгөөд саяхан Сан Франциско хотноо түр саатах үед нь уулзаж дараах товч ярилцлагыг авсан юм.


Би таныг Америк дахь буддын шашны тухай сэдэвтэй кино хийж яваа гэж дуулсан, ямар учиртай кино юм бэ?
Америкт буддын шашин сүүлийн жилүүдэд маш эрчимтэй хөгжиж байна энэ талаар үзүүлэх судлах зорилготой кино юм. Гаднын хүний нүдээр харж, бурханы шашныг сонирхсон Америкчуудтай уулзан ярилцаж уг киног хийж байгаа тул нэлээд онцлогтой болох байх.


Америкийн аль хотуудаар явж, ямар хүмүүстэй уулзаад байна вэ?
Одоогоор Нью Йорк, Чикаго, Лос Анжелес, Сан Хосе, Лос Гатос хотуудаар ороод байна. Мөн Аризона, Нью Жерси гээд хэд хэдэн мужаар явж 30 гаруй Америкуудтай уулзаж ярилцаад байгаа. Тэдний дотор Холливудын нэртэй жүжигчид, баян саятнаас эхлээд энгийн ажилчин хүртэл янз бүрийн давхрагын хүмүүс байна.

Ричард Гиртэй уулзав уу?
Гиртэй уулзахаар товлосон боловч ажлын боломжоос нь шалтгаалан хойшлуулсан байгаа. Ер нь бол өмнө нь уулзаж байсан.

Энэ кино хэдэн анги бүлэгтэй байх вэ, хийж дуусгаад хүмүүст яаж хүргэх юм бэ, захиалагч ивээн тэтгэгч нь ямар хүмүүс байгаа вэ?
45 минутаар 2 анги кино болох юм. Хийж дуусгаад Монгол Телевизээр эхлэн гаргах бодолтой байгаа. Америкт хэрхэн хүлээн авах хаана гаргах зэрэг талаар одоо хэлэхэд хэцүү. Америкийн талаас Нью Йорк дахь Буддын шашны төв гэдэг байгууллага хүмүүс ивээн тэтгэж олон талын дэмжлэг туслалцаа үзүүлж байгаа. Тэд бол Америкийн буддын шашинтны дунд нэр хүндтэй гэвш Майкл Роуч (Geshe Michael Roach) болон түүний шавь нар юм. Монгол дахь бурханы шашны бүх л байгууллага энэ киног дэмжиж байгаа. Мөн Гандан хийдийн тэргүүн Чойжамц хамба гээд олон хүнийг нэрлэж болно.

Америкт буддын шашин хөгжих хөрс суурь байгаа юм уу?
Aмерик орон аливаа шашны урсгалууд зэрэгцэн оршиж үйл ажиллагаа явуулах хамгийн бололцоотой орон. Бурханы шашин бол энэрэнгүй аядуу төвч философи дээр үндэслэгдсэн тул маш эрчимтэй хөгжиж байгаа гэж хэлж болно. Америкийн том том хотуудад дор хаяж 2-3 бурханы шашны сүм хийд ажиллаж байна. Буддын шашинтай Америкчуудын тоо хэдэн саяар яригдаж байна.
Миний бодоход Америкчууд шиг аливаа юманд практик, бодит талаас илүү ханддаг улс бурханы шашны мөн чанарыг хоосон мухар сүсэг маягаар шүтэхгүй дээ.
Хоосон юм гэдэг дээрээс ярья л даа. Бурханы шашин ертөнцийн аливаа юмс үзэгдэлийг үйлийн үр буюу түүнээс үүссэн төөрөг тавилан гэж тайлбарладаг, бурхан гэдэг бол юуны түрүүн хүнд өөрт байгаа гэж сургадаг байхад бусад шашны сургаал бүхнийг дан ганц God буюу бурхан бүтээсэн гэж үздэг тэгээд бурхан биднээс огт хамаарахгүй ангид оршино гэж номлодог нь шинжлэх ухааны гол салбаруудын ололт нээлтүүдээр няцаагддаг юм. Христ, Лал, зэрэг шашны номлол сургаалаар явсаар хүмүүс олон талаар мухардан гацаж буддын шашны гүн ухааныг сонирхож эхэлж байгаа нь нууц биш. Америкийн нэртэй эрдэмтэд, физикчид хүртэл бурханы шашны онолыг судлан орон зай, цаг хугацааны талаар маш сонирхолтой дүгнэлтүүд гаргасан байдаг. Жишээлбэл: Цөмийн физикийн доктор Ален Валлас (Alan Wallace) гэдэг хүний бичсэн "Choosing Reality" буюу "Мөн чанарыг сонгохуй" гэдэг номыг уншиж сонирхоорой. Тэнд квант механикийн онолын нарийн дүгнэлтүүдийг буддын шашны төв үзлийн философийн үүднээс тайлбарлахыг оролдсон. Ийм жишээ олныг хэлж болно.

Одоо хоёулаа ярианыхаа чигийг жаахан өөрчилье. Та ер нь хэзээнээс бурханы шашныг сонирхон судлах болов. Тулгуур шинжлэх ухааны хамгийн чухал салбарын мэргэжилтэй хүн шашны талаар судалгаа, кино хийж явна гэдэг талаас уншигчид маань сонирхож байгаа нь лавтай.
Миний анх суралцаж төгссөн мэргэжлийн тухайд гэвэл Монголд Атомын цахилгаан станц барих төслийн захиалгаар бэлтгэгдэж суралцсан хүний нэг л дээ. Сургууль төгсгөөд ирэх үед тэр асуудал зогссон байсан тэгээд Монголдоо мэргэжлээрээ ажиллах боломж гараагүй. Ер нь бол би багаасаа бурханы шашинд сүсэглэн шүтэж өссөн. МОНЦАМЭ-д ажиллаж байхдаа 1993 оноос эхлэн бурханы шашны холбогдолтой ном зохиол сонирхон уншиж эхэлсэн юм. Гадаад мэдээний хэлтэст байхдаа буддын шашинтай Америкчуудтай танилцан холбоо тогтоож Америкаас Лам Зопа Ринбүүчий, гэвш Майкл Роуч, Тритул Ринбүүчий нарыг Монголд айлчлах ажлыг зохион байгуулж байв. Энэтхэг хэдэн удаа явж номын дуу сонсож байлаа. Єнгөрсөн жил Ричард Гирийн оролцсон "Гэгээрэлд хүрэх зам" гэдэг цуврал кино хийхэд оролцож зарим ангийг орчуулсан, энэ кино дэлхийд буддизм гэдэг сургаал мөхөөгүй улам дэлгэрэн түгэж байна гэдгийг харуулсан бүтээл болсон. Хүмүүс ч сайн хүлээж авсан. Одоо Монголд элдэв шашны олон урсгалууд янз бүрийн замаар нэвтэрч байна. Монголчууд бидний сонгосон буддын шашин бол агуу гүн гүнзгий гэдгийг ухаант дээдэс маань таньж мэдсэн тул Ганжуур Данжуур хэмээх гайхамшигт бүтээлийг эх хэлээрээ орчуулж үлдээсэн байдаг. Бид ч бас өөрсдийн шүтэн биширсээр ирсэн буддын шашны талаар чадах зүйлээ хийх ёстой гэж ойлгож явдаг.

Танд их баярлалаа. Ингээд манай сэтгүүлээр дамжуулан Америкт аж төрж байгаа Монголчууддаа хандаж юу хэлэх вэ?
За Америкийн энд тэнд явж байхдаа Монголчууд маань очсон газраа арга эвээ олоод сайн явж байгааг хараад баярламаар байдаг. Монголын соёлын салшгүй хэсэг болох буддын шашны талаар Монголчууд бид нэгдсэн ойлголттой байх ёстой. Эх нутгаасаа хол харь газар яваа та бүхний хувьд сайн сайханд итгэх итгэл, ухаан санаагаа ариусган сэргээх, бие махбодийн эрч хүч зэрэг олон чухал зүйлийг бурханы шашны сургаалаас олж авч болно. Энэ талаар сонирхон судлах унших ном зохиол англи хэлээр хангалттай байна. Эцэст нь сэтгэл ариун бол бие ариун гэж хэлье.  

"Замдаан" сэтгүүлийг захиалан унших сонирхолтой хүн Энэ и-мэйл хаягийг спамботоос хамгаалсан. Та үзэхийн тулд JavaScript идэвхжүүлэх хэрэгтэй., Энэ и-мэйл хаягийг спамботоос хамгаалсан. Та үзэхийн тулд JavaScript идэвхжүүлэх хэрэгтэй., Энэ и-мэйл хаягийг спамботоос хамгаалсан. Та үзэхийн тулд JavaScript идэвхжүүлэх хэрэгтэй. хаягаар хандана уу?

Read 2187 times Last modified on Бямба, 24 3-р сар 2012 22:07

5 comments

Leave a comment

Цахим Өртөө Сүлжээнд элсэх

  • Өртөөний сүлжээнд элсэх

tsahim_urtuuХэрэв та Монгол Туургатны Цахим Өртөө Сүлжээнд элсэхийг хүсвэл: http://groups.google.com/group/tsahim-urtuu-suljee хаягаар зочилж маш хялбархан бүртгүүлж болно. Та Гүүгл суурьт энэхүү сүлжээнд имэйлээ бүртгүүлснээр манай сүлжээний гишүүн болно.

 

Image Temp

Энэ хуудас нь Цахим Өртөө сүлжээний нийт гишүүдийн хамтын бүтээл байх бөгөөд ажил хэргийн санал болгоныг вэбийн хамтлаг тухай бүр нь тусган энэ хуудсанд оруулж байх болно. Хамтран ажиллаж буй, ажиллахаар зэхэж буй таньд баярлалаа.

Newsletter