295-р сар2016

Лхагва, 06 2-р сар 2002 07:24

Монголын Майкл Жордан

Written by  tamga
Rate this item
(0 votes)

"Harlem Globetrotters" баг анх 1926 онд Нью Йорк хотноо Savoy Big Five нэртэй байгуулагдсан. Тэр цагаас хойш Сагсан бөмбөгийн уран гоё тоглолт, өвөрмөц нарийн техник арга барилыг харуулсан шоу тоглолтуудыг Америк оронд төдийгүй дэлхийг тойрон хийж үзэгчид, хүүхэд залуучуудыг бишрүүлэн сагсан бөмбөгийн спортын гайхамшигийг таниулан сурталчилсаар иржээ. Саяхан 20,000 дахь тоглолтоо хийгээд байгаа энэ алдар хүндтэй багийн олон үеийн түүхэнд Америкийн үндэсний Сагсан бөмбөгийн холбооны (NBA) шигшээ багуудын сор болсон домогт тоглогчид тоглож байсан төдийгүй мөн энэ багаас анх төрөн гарч алдар нэрээ дуурсгасан өдий төдий мэргэжлийн сагсан бөмбөгчид бий. Энэхүү домогт багийн эгнээнд Ази тивээс анх удаа манай Шаравжамц тэнцэн ороод Америк орон даяар Монголынхоо нэрийг дуурсгаж явна. 2002 онд "Harlem Globetrotters" баг Америкийн 200 хотуудаар "North American Tour" аялан тоглолт хийж яваа юм байна. Энэ дагуу 1 сарын 25, 26-ны өдрүүдэд Оакланд, Сан Францисцо, Сан Хозе хотноо 3 тоглолт болж өнгөрлөө. Энэхүү тоглолтыг үзэж Шараваагаа хөгжөөн дэмжихээр ирсэн Бэй Аэриа хавийн 50 орчим Монголчууд сагсан бөмбөгийн эх нутаг дээр нь сагсан бөмбөгийн гайхамшигт шоу тоглолт үзэхийн зэрэгцээ Шараваатай уулзан ярилцаж хамтдаа зургаа татуулан нэгэн дурсгалт үдшийг баяр хөөр дүүрэн өнгөрүүллээ. Энэ үеэр бидний хэсэг нөхдөд Америк дахинаа Монголын "Shark" хэмээн танигдаж яваа Цэрэнжанхарын Шаравжамцтай Оакланд хотноо уулзан тухалж, чөлөөтэй хөөрөлдөн суух сайхан завшаан олдсон юм. Ингээд сэтгүүлийн уншигчиддаа зориулан (Америк) Шараваатай хийсэн ярилцлагаа товчлон сийрүүлж нийтэллээ.

За тэгээд Америкийг тойрон тоглож яваа гэсэн, очсон газруудын сонин сайхан их л биз дээ, эндхийн агаар ус хэр зохиж байна даа?
Энэ багт ирээд 6 сар болж байна. Он гараад 2002 оны тур тоглолт 1 сараас эхлээд одоо бараг гучаад хотоор тоглоод явж байна. Танай эндхийн цаг агаар их сайхан юмаа. Санасныг бодоход Монголчууд олноороо байдаг юм шиг байна. Єнөөдрийн тоглолтыг хүрэлцэн ирж үзсэн Монголчууддаа баярлалаа. үзэгчдийн суудалд намирч байгаа Монголынхоо тугийг олж хараад үнэхээр сайхан санагдаж байсан.

Хэдийнээс эхлэн ямар гэрээгээр энэ багт тоглож эхлэв, ямар шалгуур үндэслэн сонгож авдаг юм бэ?
Эхний удаа 1 жилийн гэрээ хийсэн. Шакил О’Нилийн багш байсан хүн Хятадад болсон Зүүн өмнөд Азийн орнуудын тэмцээн дээр намайг тоглолж байхыг хараад анх сонирхож эхэлсэн юм шиг байсан. Тэр хүн Америкийн Сагсан Бөмбөгийн Академийн ерөнхийлөгчтэй хамт Монголд явж байхдаа миний тоглолтыг дахин хараад энэ багт авах саналаа тавьсан юм. Тэр өдөр бид Япон явахын өмнө сорилтын тоглолт хийж байгаад таарсан, тэгэхэд би яасан ч сайн тоглосон юм бараг шидсэн болгон л ороод байсан. (инээв)

Тэр хүн Америкийн мэргэжлийн сагсан бөмбөгийн лигт бас нэг Монгол гаралтай залууг Хятадын шигшээ багаас урьж аваачсан гэж дуулдсан, Хятадын шигшээгийн хамгийн сайн тоглогч Мөнхбаатар билүү дээ.
Тэр Мөнхбаатар гээд Євөр Монгол залуу Лос Анжелес Лейкерз-ийн нөөц багт бэлтгэл хийж байгаад саяхан буцсан гэсэн. Хятадууд хамгийн шилдэг хүнээ бас өгч явуулахгүй байгаа юм. Хятадын шигшээгийн шилдэг тоглогч бол үоан Минг гээд 2.25 см өндөр тоглогч байдаг.

"Сан Франциско Xроникл" сонины 1 сарын 23-ны дугаарт Монголын Майкл Жордан гэсэн дэлгэрэнгүй материал зурагтайгаа гарсан байна. Энэ сонин бол Сан Франциско хотын хэмжээнд өдөр тутам тогтмол гардаг хоёрхон сонины нэг тул маш олон хүн уншиж мэдээлэл авдаг. Ер нь энд тэнд явж байхад ярилцлага сурвалжлага их авав уу?
Бараг очсон газар болгонд л манай багийн талаар том жижиг мэдээ гардаг байх тэр дотор миний тухай бас бичсэн л байдаг гэсэн шүү. Сая Денверт явж байхад тэндхийн сонин дээр мэдээ гарсан гээд Монголчууд ярьж байсан. Америкт ирээд өгсөн хамгийн том ярилцлага бол Спорт Иллюстрайтед сэтгүүлд өгсөн ярилцлага маань юм уу даа. Тэнд зураг хөрөгтэй дэлгэрэнгүй гаргасан байна лээ.

За баяр хүргэе! Америкт төдийгүй дэлхийд томдоо орох сэтгүүл дээр бичигдэнэ гэдэг сайхан хэрэг. Єөрийнхөө тухай гарсан материалуудыг уншиж, цуглуулж байна уу?
Боломжоороо авч хадгалдаг. Энэ ажлыг эхнэр маань илүү хийдэг. Би өөрөө тэр болгоныг үзэж харах зав муутай л явна.

Зав гэснээс мэргэжлийн энэ том багийн өдрийн дэглэм, бэлтгэлийн ачаалал зэрэг нь ямар байдаг вэ?
Тоглолтонд гараагүй үедээ өдөрт гурван удаа бэлтгэл хийнэ. Хурд хүчний ерөнхий дасгалуудаас гадна чөлөөт тоглолт, багийн бэлтгэл энэ тэр нь ерөнхийдөө адилхан. Xарин манай баг шоу тоглолт голлон явуулдаг учраас хувийн бэлтгэл, техник арга барилын тал дээр нилээд өвөрмөц ажилладаг. Зуны 21 хоногийн цугларалтын үед өглөө 6 цагт босоод хөнгөн бэлтгэл хийгээд 7 цагт заал руу орж ирээд бүтэн өдөр тэндээ өнждөг гэж хэлж болно. Єдөр түр гарч хоолондоо орж ирээд буцаад бэлтгэл үргэлжилнэ. Орой бэлтгэл тараад хоолоо идээд шууд унтах ёстой. Тэр үедээ гадагшаа дотогшоо харилцах ямарч утас холбоо байхгүй зөвхөн бэлтгэл явагддаг. Бэлтгэлийн ачааллын хувьд бол хүчний бэлтгэл нилээн сайн өгөгддөг.

Энэ багийн хангамж, нөхцөл нь ямар байна. Байр сууц нь тусдаа байдаг юм уу?
Тэмцээний бусад үед гадуур амьдрах байрны асуудлаа өөрөө зохицуулдаг. Байр хөлслөх болон бусад зардалд цаанаасаа мөнгө өгдөг. Авч байгаа мөнгө төгрөгөндөө тааруулаад ямарч байдлаар амьдарч болно. Миний хувьд Феникс хотын төвөөс холгүй өрөө сууц хөлслөөд амьдарч байгаа. Єнгөрсөн зун ирээд зуны цугларалтанд гэрээсээ ирж очоод байсан. Тав тухтай амар юм билээ. Бэлтгэлийн үед багийн эмч дасгалжуулагч бүгд хамт байдаг. Хангамжийн тал дээр миний Чех энэ тэнд тоглож явсан үеийг бодвол хамаагүй илүү л дээ.

Танай танилцуулган дээр дасгалжуулагч нь гээд нилээд настай хүний зураг байсан тэр хүний тухай тодруулж ярьж өгнө үү.
Тэр хүн бол Чарльз Харриссон гээд манай дасгалжуулагч. 41 жил энэ багтай явж байгаа. Одоо 69 настай маш туршлагатай тайван дөлгөөн, үг яриа цөөнтэй, олон зүйл яриад байдаггүй, намайг сайн ойлгож дэмждэг хүн. Хааяа -За чи одоо тэр тал дээрээ ингээд ажилла гэх зэргээр зөвлөдөг. Багийнхан тэр хүний үгнээс барагтай бол гарахгүй.

Танай баг ерөнхий шоу тоглолтноос өөр ямар нэгэн тэмцээн уралдаанд оролцдог уу?
Жил жилийнхээ графикаас шалтгаалдаг юм шиг байсан. Энэ жилийн хувьд 4 сарын дунд хүртэл шоу тур тоглолтууд хийнэ. Гэхдээ бид тур тоглолтонд гарахынхаа өмнө NCA (Америкийн Оюутны Сагсан Бөмбөгийн Холбоо)-ийн шилдэг багуудтай хамтарсан бэлтгэл, уулзалт тоглолт хийж байсан.

НБА (Америкийн мэргэжлийн сагсан бөмбөгийн холбоо)-ны нэрд гарсан тоглогч нарaaс хэн нэгэнтэй нь нүүр тулж талбайд гарч үзсэн үү?
Сая бид Фениксд "Phoenix Suns"-ийн үндсэн багтай 2 сар бэлтгэл хийж тоглож байсан.

Єө тийм үү хэн хэнтэй талбайд хамт тоглож үзэв дээ
Шон Кемп, Хаким Оладжевон, Сэм Кассел, Роберт Дори, Эвери Жонсон гээд томчуул байсан. Бид дотроо янз бүрээр хуваагдаад холимог багаар тоглож бэлтгэл хийдэг байлаа. Зун цугларалтын бэлтгэл дээр Шон Кемп намайг багтаа авах их дуртай. Хуваагдах болохоор Come in Shark гээд л дууддаг байв.

Ази тивд шигшээ багийн хэмжээнд тоглож байсан бас Чехийн дээд лигийн багт тоглож байсан хүний хувьд энд ирээд тэр томчуулын дунд орж үзээд харьцуулсан ямар сэтгэгдэл төрж байв. Ер нь Америкийн сагсан бөмбөг Азийнхаас хэр хол тасархай яваа юм бэ?
Америкийн аль ч багийн ихэнхи тоглогчид харууд тэдний хурд хүч, бөмбөг эзэмших техник арга барил үнэхээр ондоо л доо. Ялангуяа хурд маш өндөр, нэг мэдэхэд л хажуугаар салхи татуулаад гарна. Тэгэхдээ энэ бүхэн зөвхөн байгалиас заяасан бие махбодийн хүчээр ийм байна гэж үзэж болохгүй, гол нь байнгын бэлтгэл, мэргэжлийн спортын сахилга бат шаардлага маш өндөр бүгд мөнгөөр хэмжигдэнэ, 1 минут хоцорвол $50.00 торгуулах жишээтэй, дээр нь сайн хангамж нөхцөл хэзээд ч үзэгчидээр дүүрэн байх заал талбай гээд зөндөө юм байна.

Єнөөдөр тоглолтын дараа Оакландын телевизийн сурвалжлагчид шууд ярилцлага өгч байхыг чинь сая телевизээр үзлээ. Англиар их сайн ярьж байна. Монголд байхдаа Англи хэл хаана заалгаж байв, энд ирээд сургуульд явсан уу, өөрийн чинь хувьд хэлний бэрхшээл гэж одоо байхгүй юм байна даа.
Би Отгонтэнгэр дээд сургуульд сурч байгаад ирсэн. Анх ирээд харуудын ярихыг сайн ойлогдоггүй байсан одоо ч бас зарим яриаг нь ойлгоход их төвөгтэй байдаг. Манайхан надаас бусад нь бүгдээрээ харууд тул хааяа тэдний аялга оруулж ярихаас өөр аргагүй болдог тал бий. Сургуульд энэ тэрийн тухайд тодорхой шийдсэн зүйлгүй гэхдээ эндээ байж байгаад цаашид боломж гарвал улс төрийн чиглэлээр суралцах бодол байна.

Сонин дээрх гарсан танилцуулганд чамайг Англи Орос хэлээр fluently ярьдаг бас нэг Оростой төстэй хэлээр ярьдаг гээд бичсэн байна. Бодвол Чех хэл гэсэн болов уу?
Би Словакийн Братислав хотын дээд лигийн багт жил орчим тоглосон л доо. Чех, Словак хоёр хоорондоо арай ялгаатай ярьдаг. Би бага зэрэг гадарладаг байсан одоо бараг мартаж байна.

Мөрөн дээрээ Монголынхоо далбаа шивсэн зураг чинь сонинд гарсан байсан.
Монголдоо байхдаа хааяа тоглолтонд орохдоо гадаад стилээ янз бүрээр өөрчлөөд ордог л байлаа. Нэг удаа Солонгост болсон тэмцээн дээр үсээ урт ургуулчихаад салаалж өнгө өнгөөр будуулчихсан бас болоогүй нэг чихэндээ ээмэгтэй нилээн содон байдалтай талбайд гарч байлаа. Зүгээр л сонирхож тэр шүү дээ. Далбааны хувьд гэвэл талбайд бөөн харуудын дунд ганц Ази яваад л байдаг, Америкийн Ази эсвэл Хятад Солонгос хэн нь ч юм танигдахгүй байх гэж бодоод толгойныхоо боолтон дээрээ далбаагаа зуруулах гэтэл элдэв чимэглэл байж болохгүй гэхээр нь мөрөн дээрээ зуруулаад шивчихсэн юм. (Бид харья гэж байж үзлээ, сүртэй харагдаж байв) Бас ийм нэг сурталчилгаа байж болно биз дээ. (инээлдэв)

Сурталчилгаа гэснээс өнөөдөр Оакланд Коллейзиумд болсон танай шоу тоглолтыг 17.000 хүн үзсэн гэсэн, 1 сараас эхлэн 30 орчим хотуудаар яваад байна гэдэг чинь нэг тоглолтыг дундажаар 10.000 хүн үзнэ гэж бодвол жилдээ дор хаяж 2 сая Aмерикчуудад Монголын тоглогч нэрээрээ улсаа шууд сурталчилна гэсэн үг биз дээ. Энэ бол тэр бүр олдоод байдаггүй том боломж байна.
Тоглолт болгоны дараа үзэгчид манайхныг хүрээлээд авдаг. Гарын үсгээ зурах гээд нэг том ажил байна. Ялангуяа хүүхэд залуучууд бөмбөг, танилцуулга зурагт хуудас зэргийг бариад шаваад зогсчихдог, ихэнхи дээр нь зурж өгөөд л гарахаас өөр аргагүй болдог. Сонин хэвлэлийнхэн хүртэл хамт зургаа авхуулах гээд хүрээд ирнэ. Миний гарын үсэг зураг одоо овоо хэдэн Америк айлд очсон байхаа.(инээв)

жич: Сан Францискогийн Cow Palace-д бидний үзсэн тоглолтын дараа эдний багийнхан үзэгчидээр хүрээлүүлэн гарын үсгээ зурж зогссоор бараг хагас цаг шахуу болж байсан.

Америкийн мэргэжлийн багт тоглох гэдэг маш хатуу даваа байдаг биз. Танай багаас дээшээ оюутны болон дээд лигийн аль нэгэн багт шилжин тоглох боломж бий юу? Єөрт чинь цаашид энд тоглоно гэсэн ямар төлөвлөгөө байгаа вэ?
Тvvхэндээ бол энэ багаас олон одууд төрж гарч байсан гэдэг, жишээ нь домогт Уйлт Чемберлен байна. Мэргэжлийн багт тоглож байгаад орж ирсэн тоглогчдын хувьд бол хувийн авьяас техникээ нийтэд шоу тоглолт маягаар үзүүлэх, үндсэн бэлтгэл формоо хадгалах зэрэг зорилготой тоглож байна. Гэхдээ бүгд л энд тэндээс уригдан тоглож байгаа хүмүүс. Тэгээд мэдээж шоу гэдэг чинь бизнес л дээ. Мэргэжлийн багууд бол лигийн аваргын дараагаар Free Agent-уудаараа дамжуулан шалгаруулалт зарладаг, энэ үеэр л гол сонголтууд явагддаг юм шиг байсан. Миний хувьд 1995 оны үед ийшээ ирэх нэг боломж гарч байсан тэгээд бүтээгүй юм. Жилийн дараа энд гэрээгээ сунгах эсэхийг одоо хэлэх боломжгүй. Буцах болбол очоод Америкт жил тоглосон тайлангаа эхлээд тавина гэж бодож яваа.

Єөрөө Америкт ирээд тоглоод явж байна, эхнэрээ бас авчирсан гэсэн, цаашдаа байнга оршин суух эрхийг нь аваад ирж очоод байх санаа байна уу?
Яахав багийнхаа хуульч энэ тэрээр дамжуулаад хөөцөлдвөл болохгүй ч юу байхав. Эхний ээлжинд ахыгаа бас дотнын хоёр найзыгаа энд авчрах санаа байна. Тэгээд цаашаа юу хийж болохыг цаг хугацаа харуулна биз дээ.

Ийнхvv бид сагсан бөмбөг төдийгүй эх нутгийн сонин сайхан, Америк орны аж амьдрал гээд энэ тэрийг хөөрөлдөн суусаар нэг мэдэхэд шөнийн 2 цаг болсон байлаа. Маргааш өдөр нь Шараваа маань Сан Франциско, Сан Хозе хотноо дараалсан 2 тоглолттой тул ярилцлагаа өндөрлөж дараах асуултыг тавьсан юм.

За сайхан ярилцлага өгсөн танд их баярлалаа! Манай сэтгүүлийн уншигчид болон Америкт ажиллаж амьдарч байгаа Монголчууддаа зориулан юу хэлэх вэ?

За Калифорнийн Бэй Аэриа хавийн Монголчууд маань намайг сайхан хүлээж авч хөгжөөн дэмжиж их урам дэм өглөө. Америкт байгаа та бүхэн өөрсдийн сэтгүүл гаргаж байгаа явдал их сайхан санагдаж байна. Би ч гэсэн өнөөдрөөс эхлэн "Замдаан" сэтгүүлийн бас нэг уншигч нь боллоо. Алс газар амьдран ажиллаж яваа нийт Монголчууддаа хандаж хэлэхэд бид бүгдээрээ эх орон ард түмэндээ энэ цагт хэрэгтэй тустай сайн сайхан болгоныг олж нээж дэлгэрүүлэхийн төлөө явцгаая!

За тэр ёрөөл бат орших болтугай! Манай сэтгүүлийн анхны зочин болж урамтай сайхан ярилцлага өгсөн явдалд бид их баярлан билэгшээж байна. Танд спортын өндөр амжилт, амьдралын сайн сайхныг хүсье!

Ярилцлагыг тэмдэглэсэн. Д.Цэрэндорж, Ш.Баатар, Ц.Отгонбаатар, Л.Хашбат, Ц.Энхбаатар, Л.Цогтбаяр

2002 оны 1 сарын 25. Оакланд, Калифорни.



Harlem Globetrotters

400 E. Van Buren St., Ste. 300

Phoenix, AZ 85004-2257

Phone: 602-258-0000

Fax: 602-258-5925

Email: Энэ и-мэйл хаягийг спамботоос хамгаалсан. Та үзэхийн тулд JavaScript идэвхжүүлэх хэрэгтэй.

"Замдаан" сэтгүүлийг захиалан унших сонирхолтой хүн Энэ и-мэйл хаягийг спамботоос хамгаалсан. Та үзэхийн тулд JavaScript идэвхжүүлэх хэрэгтэй. , Энэ и-мэйл хаягийг спамботоос хамгаалсан. Та үзэхийн тулд JavaScript идэвхжүүлэх хэрэгтэй. , Энэ и-мэйл хаягийг спамботоос хамгаалсан. Та үзэхийн тулд JavaScript идэвхжүүлэх хэрэгтэй. хаягаар хандана уу?

Read 788 times Last modified on Лхагва, 28 3-р сар 2012 20:52

3 comments

Leave a comment

Цахим Өртөө Сүлжээнд элсэх

  • Өртөөний сүлжээнд элсэх

tsahim_urtuuХэрэв та Монгол Туургатны Цахим Өртөө Сүлжээнд элсэхийг хүсвэл: http://groups.google.com/group/tsahim-urtuu-suljee хаягаар зочилж маш хялбархан бүртгүүлж болно. Та Гүүгл суурьт энэхүү сүлжээнд имэйлээ бүртгүүлснээр манай сүлжээний гишүүн болно.

 

Image Temp

Энэ хуудас нь Цахим Өртөө сүлжээний нийт гишүүдийн хамтын бүтээл байх бөгөөд ажил хэргийн санал болгоныг вэбийн хамтлаг тухай бүр нь тусган энэ хуудсанд оруулж байх болно. Хамтран ажиллаж буй, ажиллахаар зэхэж буй таньд баярлалаа.

Newsletter