Буудуулаад эдгэнэ гэж үнэн үү?
2010/01/14, Пүрэв - 21:01
Д-р Л.Чулуунбаатар (МУИС)
Буудуулаад эдгэнэ гэж үнэн үү?
Монгол бөөгийн ид шид илбийн юм шиг үзүүлбэрийн талаар хуучин цагт жирийн нүд хуурах үзүүлбэр мэтээр тайлбарлан няцаах оролдлого хийж байснаас бус мөн чанарыг судлан үзэж, үнэн мөнийн ялгааг гаргахыг тэр болгон оролддоггүй байсан нь мэдээж хэрэг билээ.
Эрдэмтэн судлаачдын хамгийн сүүлийн үеийн тодорхойлолтоор бөө гэдэг бол өөрийн биеэс сүнсээ гаргаж дээд тэнгэр болон доод ертөнцөөр аялан туулдаг, эсвэл өөрийн биедээ бусад сүнс онгодуудыг урин залан оруулдаг чадвар бүхий тусгай мэргэжилтэнүүдийг заан нэрлэдэг байна. (1)
Биедээ онгодыг оруулж тэдгээрийн энергийн хүчийг зан үйлдээ ашиглах, эсвэл сүнсээ өөрөөс гарган дээд тэнгэр болон орчлон ертөнцийн хүчтэй энергитэй холбогдон ертөнц дахины мэдээлэл болон хэрэгтэй зүйлийг аван буцаж ирэх чадвар бүхий хүнийг бөө гэнэ гэсэн тодорхойлолт ч бас нилээд элбэг байна. Канадын эрдэмтэн Бернард Саладин Данглар “бөө гэдэг бол шашин мөргөлийн зан үйлийг голлон үйлдэгч бөгөөд хүний ертөнц болон сүнс онгодын ертөнцийн хооронд зуучлагч төдийгүй чанад ертөнцөөр аялж сүнс онгодтой холбоо тогтоох чадвар бүхий нэгэн юм”(2) хэмээн тодорхойлсон байна. Бөө судлалаар 30 жил хөөцөлдөж, дэлхийн 97 оронд 2000 хоног бөө нарын дунд байж, 180 орчим баримтат кино хийсэн Судан улсын Хартумын их сургуулийн профессор, биосистем болон бөө судлаач Бен Белла Хелга гэгч хатагтай ХБНГУ-ын нэгэн сонинд өгсөн ярилцлагадаа “бөө болох хүнийг ямар ч сургуулиар зориуд бэлтгэж мэргэшүүлдэггүй, бөө нар ихэвчлэн хүн хүнээс онцгой их био энерги биед нь хуримтлагдсан хүмүүс байдаг”(3) гэсэн байна. Тэгвэл үнэхээр онгодын хүчийг залан чадагч бөө сумны хүчийг ч бас залж чаддаг байж таарч байна. Дараах хоёр мэдээнд анхаарлаа хандуулъя. Нэрт эрдэмтэн О.Пүрэв “Монгол бөөгийн шашин” хэмээх ном туурвиж, түүндээ “Маанжраг ясны Дандийн Дамба (1938 онд хэлмэгдсэн) заарин 1920-иод оны үед өөрөө өвчтэй байгаад бөөлөхдөө Балдангийн Авир гэгчийн сэтгэлийг жолоодон өөрийгөө цахиур буугаар буудуулсан боловч үхсэнгүй, харин цустай идээ бээрээр бөөлжөөд өвчин нь эдгэрсэн”(4) хэмээн бичсэн байсан билээ. 2008 оны 7 –р сард Хөвсгөл аймгийн Ринчинлхүмбэ сумийн нутгаар аялж явахдаа 1946 онд төрсөн 62 настай Мишиг зайрантай уулзаж дараах хуучийг яриулж авсан билээ. “Манай ээжийн ах нь Базар зайран гэж байсан юм. Ээжийн маань нагац тэр хүн, дээр үед 7 жил өвдсөн юм. Хоёр гар нь яг бор шувууны савар шиг, 3 хуруу юм байна уу үгүй юү. Цоохор ямаан дээлтэй. Ухархайгий нь хонь малын, тугал хурганы хөлөөс цацсан өт дарж орхисон, дээлийнхээ хормойгоор хоёр нүдээ арчсан тийм хүн байдаг асан. Арвайн хаш дээр гарч явахад энэ тал дээр 7 мод юмуу, 6 мод байна уу мод байгаа. Тэр модны цаана цаад 3 дахь модны урд талын отог дотор буудуулсан юм. Дэлгэр эмчийн аав хөөрхий Маасгар Авир гэгч дагаж ирж, үерхэж явсан үеийн найз юм. Багын минь найз надтай нэг ирж уулз. За нөхөр чинь үхэх бол тун амархан, босох бол одоо тун хурдан босно. Сүүж, мүүж, дал 7, 8 жил цоороогүй орон байргүй. Арьс мах нь бүгд цоорсон. Нэг эсвэл хоёр амралтын аль нэгэнд хурдан очмоор байна. За яахав нартыг харах хувь байгаа бол би нэг өөрөө үйлдэл үйлдэх гэж бодож байна. Хүчин минь хүрэлцээд чадал байвал, чи намайг буудаж өгөөрэй гэж багынхаа найзыг гуйхгүй юу. Иш нөхөр минь нааш болдог арга чарга байвал ямар ч арга дом хийлгүй яахав. Тэгсэн яахав тэр орой нь болсон. Энд нэг амгүй хушин авдарын дээр гудас дэвсч дээр нь суулгаад, тэгээд яаж биеэ даахав дээ, шувууны савар шиг амьтан чинь. Тал талаас нь барьж байгаад хэнгэрэг дээлий нь өмсгөөд, давхар хэнгэргий нь барьж, тэгэлгүй яахав хуруу энэ тэр нь яг нарийн мод шиг. Одоо бодоход зүүдэнд ормоор, аймшгийн юм шиг. Тэгэж л байсан. Хөгшин ээж маань намайг хөтөлж ирээд, үдэш. Хөгшин ээжийн маань төрсөн дүү нь байхгүй юу. Ээжийн маань нагац. За тэнд мах шөл, ууц шүүс, айраг архи, дарс, боов чихэр зөндөө. Чихэр гэгч ховор юм таваг тарианд, дээр үед намайг 7,8 -тай байхад домбон саахар гэгч сайхан юм байсан юм. 4, 5 саахар ч байна аа. Миний хүсэл бол үнэндээ тэнд л байна. Бөө зөө надад ямар хамаатай. Бушуухан энэ хүн бууж өгч, ёсоо ёсолж дуусвал идээ будаанаас саахар ч надад оногдоно гэж бодож байв. Тэгсэн буугаа сумлалууч Авир аа гэж нагац минь асуувал, сумалсан зайран ахаа гэхэд, аваад ир дээ тэр буугаа гэв. Бууны аман дээр нь ингэж дараад таттал доор цаас унаж байв. За нөхөр минь чи ийм санаатай байж. За яахав чамайг бас зэмлэж болохгүй. Чи нөхрөө алах байх гээд ийм юм хийсэн байж болох юм. Жинхэнэ галт араатай тугалган сумаар хийсэн бол намайг ална гэж байхгүй. Энэ чинь гэр дотор дуугарлаа л бол би тэгээд өнгөрлөө. Хий илбийн юм хий илбийн юмаа дардаг юм. За боль алив би харж байя гэхэд тэр хүн нэг муу саравгар тош хийх дом төдий цэнэг хийгээд байх. Манай нагац дүүрэн идшээр идэшлээд, шувтарсан шувтраагүй тугалган сум шилж байж шаагаад за тэр өргөсөн эзэн савдаг гэж байдаг юм бол бууж ирнэ биз хоёр далны хооронд, за чи тэгээд байж бай, буугаа цааш тавь, юм эзэнтэй бол аяндаа буудах дур чинь хүрнэ биз.
Манай хөгшин ээж удган хүн л дээ. Их долоон бөөгийн сүүлийн ганц бөө нь би юм. Нэг айлын 7 хүү байхгүй юү. 7 хүүхдийн 5 нь хөө(хүү), 2 хүүхэд(охин) долуулаа бөө юм. Тэрний салаа салбар бид нар явж байгаа ухаантай юм. Тэгсэн улсууд тал талаас нь түшсэн, энэ хэдэн шөрмөс шиг болсон амьтан яаж биеэ даахав. Цээжээрээ ширүүлбэл үсэрч мэднэ. За тэр алсын юм яахав, тэгэж байтал онгод орж нөхрийн, онгод орсон юм байж. Бальбийн хайрханы хөх нуурын юм гэж ирдэг асан. Урьд орж ирдэг л байсан биз. Тэр тооны чинь өргөөд гэрт нь багтаж ядан ядан орж ирээд өнөө зайрангий чинь далан дээрээс гөвдөөд өвгөн гансаа алдан өнөө муу хушин авдар дээрээсээ үсрэн босоод, миний санахад хэсэг гозгор цагаан туяа л эргэлдэж байх шиг санадаг асан. Би 7 –той л байсан байх. Тэгэж байтал тэр маасгар Авир найз нь, баруун мөргөлөөрөө зорьж очиж гөвдсөн юм, аа халаг халаг нөхөр минь яах гэж ингэж зовож байдагав ч. Чи ч амар би ч амарья гээд хоёр далны хооронд тушаа л, дүүрэн цэнэгтэй цахиур буу чинь бинтов л гэсэн үг биз дээ. Гэрт тас няс байгаад нь битүү утаа хүн амьтан гарч гүйгээд л, өнөө бөө чинь унаад өгсөн. Улсууд айж орилсон тотгоны униа муниа унасан, буурал ээжий минь хамар нь шуг шуг хийсэн бодоход уйлаж л байсан байх. Чи ингээл амархал гэж дээ гэх мэтээр ганцаараа үглээд л. Босох гэхэд босгодоггүй. Тэгэж байтал муу юм түн түн гээд, нэг байн алдан онон түн түн гээд нөгөө унасан бөө чинь дуугарч байна. Хүмүүс одоо эргэж орж, шувт буудуулсан хүн амьлдаг байна уу гэж гайхаж. Хэнгэрэг нь, одоо бүр чангарлаа, тэгсэн хэд эргэн бөөлж байгаад, хэнгэргээ тоононд гурав эргүүлээд авдаран дээр өөд нь харуулан, хөгшин ээжийн дүү нь Даваа зайран гэж байсан юм. Сүүлд лам болсон болохоос урьд нь зайран байсан юм. Май Гаваа энэнийг аваачаад тавь гээд нэг их битгий ажиглаж хараарай гэсэн. Хэнгэргий нь авдар дээр кострол шиг тавьж л орхисон. Над гэж амь нь юм. Аа хүү минь суугаа юм уу, алив тэр саахарын нэгийг очиж аваач, хүүгий минь нойр хүрээд унтах гэж суунал даа гээд саахар авахаар гар сунгахад авах гээд очиж явахад минь хэнгэрэгэн дотор нь овоо овоо юм энэ хиртэй цэлцэгэр ногоон нөж бол байсан, түүнийг би нүдээрээ үзсэн хүн би суунав. Тэр яахав, сээр үзүүрийн завсраас гурван хуруу доор туссан юм, нугас зүрхэнд нь хүрэхээс өмнө зовж байсан бүх өвчингөө цөмий нь сумандаа ачаад огиод гаргаж чадсан байхгүй юу, зүрхэндээ хүргэлгүй, хоёр судсандаа хүргэлгүй, сумандаа ачаад. Тийм айлтай цэлцэгэр ногоон чичигнэсэн, юм хэнгэрэгэн дотор нь байсан. Би айсанба. Аа харлаа хүү минь айчихав уу тэр лүү битгий хараарай. Саахары нь авчирч өгсөн минь саахар луу минь үлээж за хүү минь унтвал унт, өглөө чамд улс хоол унд боов тавьсан байх биз. Хаагуур унтах юм бэ ч. Миний энүүгээр унтах юмуу ч гэхэд хүний элэг өөр би тэр бургас шиг болсон хүний хажуугаар унтах гэхэд ингэж байдаг юм л даа. Нялх амьтан ингэж байгаа болохоор би энэ жил үхэхгүй л даа гээд, би дороо унтаад өгсөн байдаг. Өглөө боссон хоол унд идээ будаа болсон олбог молбог болсон, дээл өмссөн хэнхэдгий яс нь ёрдойгоод, бүсий чанга татвал шоргоолж шиг болчих гээд би түүний нь сайн анзаарч харж байдаг асан. Томчууд битүү битүү яриад, үхнэ гэдэг байхгүй болсон, урт мориндоо сундалдаж уужим дээлэндээ багтаж явсан нөхөр минь аварлаа, алтан гартай нөхөр аварлаа, их доройтох хүч сул байдаг юм байна. Нам явчих шахлаа, гол судсанд хүрэх шахлаа, ядаж байхад энэ шир нь даагдахгүй, за яахав боллоо боллоо, цагаан мөр гэдэг юм хийх юм болж. Чулуу хаана байна гээд идээ будаа ид гээд за чи нөгөөдөр оройдоо юм хумаа хийгээрий, би ч наашаа харах шиг боллоо гэсэн. Нөгөөдөр нь ээж бөөлж. Хэтний уул шиг юманд сумы нь хийсэн байдаг асан. Тэрнээс хойш нэг их удалгүй нагац маань хоол унданд ороод мах шөл орж чам шиг тарган цатгалан сүүлдээ хэсгийн ухуулагч, намын гишүүн гээд галзуурч галзуурч явж саяхан нас барав аа.”
Энэ хоёр мэдээний гол агуулга нэг бөгөөд нэг нь товчхон нөгөө нь дэлгэрэнгүй байна. Будуулсан хүний овог нэр болон цаг хугацаа зөрж, харин буудсан хүний нэр хоёуланд нь адилхан байгаа юм. О.Пүрэв эрдэмтэн энэ талаар товч мэдээ номдоо оруулсаныг бодоход хүний амнаас дам авсан мэдээ бөгөөд нарийн шалгаж нягтлалгүй оруулсан байж болох нэг талтай байна. Мишиг зайрангийн хэлж байгаа түүх бол өөрийн удмынхны түүх барин тавин нүдээр үзсэн 7 насны орчим гэхийг бодоход 1951 оны орчим хэлмэглүүлэлт амсхийж эхэлж байсан үе болохоор энэ үнэн байж болох талтай. Юутай ч сумны хүчийг онгодын энергийн хүчтэй нийлүүлэн өвчний голомтод байсан идээ бээрийг гол судас, нугас, зүрхэндээ хүргэлгүй амаар гарган чадсан гэдгийг сүүлийн мэдээ харуулж байна.
Материаллаг ба материаллаг бус болох нь зөвхөн сэтгэл зүй-ухамсрын урт удаан хугацааны төвөгтэй дадал хийсэн үед боломжтой бөгөөд их мэдлэг төдийгүй эрчим хүчний асар их нөөц шаарддаг. Ийм үзэгдлийн боломжийн тухай Дорно дахинд нэн эрт үеэс мэдэж байжээ. Энэ ур чадварыг йогийг эзэмших явцад олж авдаг чадварууд мөн гэж үзэж иржээ. Анагаах, юмыг харцаар хөдөлгөх, агаараар хий агаараар байр сэлгэх, усан дотор явах, зүрхээ зогсоон дахин ажиллуулах, олон цаг агааргүй байх, түлэгдэлгүйгээр гал дундуур явах, организмдаа хор хүргэлгүйгээр үхүүлэгч хор хэрэглэх чадвар бол йогийн эртний сургаалыг залгамжлагчдын сан хөмрөгт байжээ. (5) Үнэн хүчийг эзэмдсэн, онгодоо бүрэн жолоодох чадалтай бөө бол йогийн ухааныг эзэмшигчийн адил бөөлж байх үедээ эрчим хүчний асар их нөөцийг гаргах буюу жолоодон хүний биеийн өвчнийг голомтноос нь хөөн гаргах чадал оршдог гэдгийг харуулж байна. Хүний бие бол хязгааргүй их энергийн эрчимийг агуулдаг нэг өвөрмөц тогтолцоот ертөнц хийгээд бөө бол олон арван жилийн дадал туршлагаар онцгой чадвар хүчийг бий болгодог болохоор дорно дахины йогч нар шиг ийм чадлыг бөө агуулах бүрэн боломжтой.
Ном зүй
1. Д.Бум-Очир, “Монгол бөөгийн зан үйл”, Улаанбаатар, 2002, х 8
2. Bernard, A. And Spenser, J. 1998, Encyclopedia of Social and Cultural Anthropology, Routledge: London
3. “Номер нэг” сонин, 1999 он, № 3
4. О.Пүрэв, “Монгол бөөгийн шашин”, 1999, х 137
5. Н.Ковалева, “Далд ухааны нууц”, 1-р дэвтэр, УБ., 2008, х 35
- Сэтгэгдэл бичих
- 876 уншсан
- Хэвлэх хувилбар

zoch
www.youtube.com
ПОТОМОК ЧИНГИСХАНА -- CENGİZ HAN'IN TORUNU (1928) 1/12
ПОТОМОК ЧИНГИСХАНА -- CENGİZ HAN'IN TORUNU (1928) 2/12
ПОТОМОК ЧИНГИСХАНА -- CENGİZ HAN'IN TORUNU (1928) 3/12
ПОТОМОК ЧИНГИСХАНА -- CENGİZ HAN'IN TORUNU (1928) 4/12
ПОТОМОК ЧИНГИСХАНА -- CENGİZ HAN'IN TORUNU (1928) 5/12
ПОТОМОК ЧИНГИСХАНА -- CENGİZ HAN'IN TORUNU (1928) 6/12
ПОТОМОК ЧИНГИСХАНА -- CENGİZ HAN'IN TORUNU (1928) 7/12
ПОТОМОК ЧИНГИСХАНА -- CENGİZ HAN'IN TORUNU (1928) 8/12
ПОТОМОК ЧИНГИСХАНА -- CENGİZ HAN'IN TORUNU (1928) 9/12
ПОТОМОК ЧИНГИСХАНА -- CENGİZ HAN'IN TORUNU (1928) 10/12
ПОТОМОК ЧИНГИСХАНА -- CENGİZ HAN'IN TORUNU (1928) 11/12
ПОТОМОК ЧИНГИСХАНА -- CENGİZ HAN'IN TORUNU (1928) 12/12