Монголоо хайсан монгол-4: Энэтхэгт зорчсон тэмдэглэл

Цахим Өртөө

Дөрөвдүгээр тэмдэглэл

“Дэлхийн монгол айл” баримтат киноны төслийнхэн зураг авалтаар явсан газрынхаа тухай манай сонинд аян замын цуврал тэмдэглэл нийтлүүлж байгаа билээ. Өмнө нь бид тус багийнхан БНХАУ-ын Хөх нуур муж, ОХУ-ын Халимаг, Лалын бүгд найрамдах Афганистан улсад аялсан тухай сонирхуулж байсан бол энэ удаа бүгд найрамдах Энэтхэг улсын Баруун Бенгал мужид зорчсон тухай хүргэж байна. Тус баримтат киноны зураг авалт одоогоор дээрх газруудаас гадна ОХУ-ын Буриад, БНХАУ-ын Хөлөнбуйр, Уйгур Шинжаан зэрэг газарт хийгдсэн бөгөөд энэ долоо хоногт тэд Кыргызстанаас иржээ.

Мэдээллийн технологи, аялал жуулчлал, кино үйлдвэрлэлийн дэлхийн мангас болсон, цөмийн зэвсэгтэй  энэ орон ийм олон өнгөтэй гэж бид санасангүй. Дэлхийн хамгийн үгээгүй ядуугаас нь авахуулаад хамгийн баян нь хүртэл байдаг, Далай лам, лалын экстремистүүд хил дотор нь хамтдаа амьдардаг, түмэн шашин, мянган үндэстний цуглуулга болсон Энэтхэг оронд манай баримтат киноны баг ирлээ.

Улам бүр хурцадсаар бараг дайны байдалд хүрсэн Энэтхэг-Пакистаны харилцаа, томоохон корпорациудыг дампууруулж, эздийг нь баривчлуулсан татвар, коррупцийн дуулианаас гадна Дели-Кабул хоёрын хооронд алдагдсан манай ачааны тухай халуухан зарга, бас нэгдүгээр сарын дунд гэхэд Хэнтийн нурууны баруун үзүүрээс ирсэн монголчуудад харьцангуй халуун санагдах цаг агаараар Энэтхэгийн нийслэл биднийг угтлаа. Мумбайн гэж нэрлэгдэх болсон террорист халдлагын дараахан очсон тул Индира Гандийн нэрэмжит нисэх онгоцны буудлын автомат буутай цэргүүд, хуягт тээвэрлэгч бүхий олон хамгаалалтыг давж шинэ Дели рүү нэвтэрлээ. 1398 онд мөнөөх алдарт Төмөр хаан энэ хотыг эзэлснээс хойш даруй 400 илүү жил Моголын эзэнт гүрэн нэрийн доор монголчуудын үр удам Энэтхэг орныг захирчээ.1526 онд Чингис хаан болон Төмөрийн удмын Бабур хаан Их Моголын гэж түүхнээ алдаршсан тэр эзэнт гүрнийг үүсгэсэн гэдэг. (Ердөө хэдхэн хоногийн өмнө Кабулд байхад маань Афганистаны хазара монголчууд Бабур хааны шарил бунхан руу биднийг дагуулж очихоор болсон ч харамсалтай нь цаг тулаад амжаагүй билээ.) Энэтхэг орны нэрийн хуудас болсон Таж Махал ч Моголын хаан Шах Жахааны бүтээл юм.

Энэ их шуугисан олон, зах хязгааргүй үргэлжлэх навтгар, навсгар хорооллууд, замд зайгүй чихэлдэн чагнаалаа орилуулах хар мянган тэргэн дунд өөрийн хяналтаа алдчилгүй тайван амгалан амьдрах Делигийнхэн үнэхээр гайхалтай. Ер нь энэтхэгчүүдийн хэнэггүй амгалан зан нь хааяа харахад монгол хүнийхтэй тун төстэй. Ялангуяа улсын байгууллага, үндэсний томоохон компанийн албан хаагчдынх нь харьцаа бол “коопийдсон” юм шиг адилхан гээч. Агаарын тээврийн “Аir India” компаниас алдагдсан ачаагаа нэхсэн бидний оролдлого Монголд ч элбэг тааралдах хөшүүн хүнд суртлаас болоод хана мөргөсөн билээ.

      -Байна уу? Мистер Ражиштай ярья.

      -Сорри, ямар хэргээр хэн ярьж байна?

      -Кабулын онгоцонд алга болсон ачааны талаар энэ утсаар лавлаарай гэж мистер Ражиш өөрөө хэлсэн юм...

      -Та түр хүлээнэ үү. (Хүлээлгийн хөгжим)

      -Сорри, мистер Ражиш одоогоор гадуур ажилтай байна. Та дугаараа үлдээнэ үү. Тань руу маргааш өдийд өөрийг нь залгуулъя. Баяртай.

Маргааш нь мэдээж Ражиш гуай таг чиг тул дахин бид залгах боловч 24 цагийн өмнөх утасны яриа ямар ч үгийн зөрөөгүй дахин давтагдах бөлгөө. Хэдийгээр ийм “монгол маягийн” хүнд суртал байх боловч эгэл хүмүүс нь бас элгэсэг тусч, гэнэн уриалгахнаараа манайхантай төстэй. Дели хотын асуудал проблем нь ч Улаанбаатарынхтай төстэй болохыг хотын агаарын бохирдлын тухай байгаль орчны газрын даргын сонинд хэвлүүлсэн тайлангаас харж болно.

Нисэх буудлаас хөлсөлсөн таксин жолооч биднийг Монгол улсын ЭСЯ-ны хоёрдугаар байр буюу элчин сайдын өргөөнд хүргэж өгөөд буцсан хойно бидний нэг гар утсаа мартаад буусан нь тодорхой болов. “Монголд маань ийм юм болсон бол?” гэдэг сонгодог асуулт бор тархины гадаргуун дээрх гүрвэлзэх хөдөлгөөнийг эрчимжүүлэн бодолд оруулж орхилоо. Монгол аргаар “Зүс таних энэтхэг жолооч эргүүлж авчирч өгвөл ...” гэж ирээд далдуур занасан зар Делигийн FM-ээр цацуулалтай биш, буцаад нисэх буудлын такси товчоо руу залгаж болсон явдлыг учирлав. Хагас цагийн дараа таксины жолооч шавилхан бор залуу гар утсыг маань барьсаар эргэж ирэхийг хараад мартаж гээгдсэн эд зүйлс эзэндээ эргэж ирэхийг 16 сая хүнтэй их хотод үзсэн бид золтой л сунаж мөргөсөнгүй, уяхан зарим нь нулимс унагах шахав аа.

Доголон Төмөр хааны довтолгооноос хойш 600 жилийн хойно хөлдөө таягтай бус нүдэндээ шилтэй монголчууд Делиг дайлаар мордох болсны нэг нь манай багийн Сайнаа байв. “Асар их үнээр олдсон аз жаргалаа хайрлаж яваарай” гэж дуунд гардагчлан ариглаж хямгадаж чадалгүй Афганистаны донсолгоотой замд гээгдүүлсэн оргиналь америк контакт линзнийхээ оронд мань хүн Делид лазерийн хагалгаа хийлгэх болов. Сайнаагийн хагалгаа хийлгэсэн эмнэлэгт тэрээр 648 дахь монгол үйлчлүүлэгч нь болоод хэдхэн цагийн дараа  бум бужигнасан Делигийн гудамжийг орос гаальчин шиг хурц нүдээр нэвт шувт нэгжин харж явлаа.

Зочид буудлын шүршүүрт дөрөв тав хоног унагаагүй Афганистаны замын тоосноосоо салж дараагийн аялалдаа бид бэлтгэж эхлэв. Бидний очих газар хойд Энэтхэгийн Калимпон хот. Монгол, Орос зэргийг бодвол интернэт арилжаа өндөр хөгжсөн улс тул энд захын компьютерээс төлбөрийн карт ашиглан онгоцны тийз худалдаж авах нь тун амархан.

Ингээд бид “Дэлхийн монгол айл” баримтат киноны ээлжит баатрын эрэлд их Хималайн нурууны урдуур “Spice jet” компанийн онгоцоор нисч явна. Ёстой цэцийн дээр хөх тэнгэр гэдэг шиг надаас өндөр зүйл энэ хорвоод нэг ч үгүй хэмээн дэлхийн дээвэр болсон Хималайн нуруу дүнхийнэ. Дэлхийн дээвэр Хиалайн нурууны ноён оргил Жомолунма буюу Эверестэд Дэнзэн Норгай хэмээх балба эр анх 1953 онд хөл тавьсан бөгөөд түүнийг мөн монгол цусны хүн байсан гэх батлагдаагүй мэдээлэл байдаг. Хожим 2005 онд Г.Өсөхбаяр хэмээх жинхэнэ монгол уулчин дэлхийн ноён оргилыг эзэлж авсан түүхтэй билээ.

Гурван цаг гаруй ниссэний эцэст бид Баруун Бенгал мужийн Шилигури хотын нисэх буудалд газардлаа. Хойшоо Хятадын Төвд, баруунтай Балба, зүүнтэй Бутан, урагшаа Бангладештай залгаа хил орчмын бүс нутаг тул энэ хотын нисэх буудалд иргэний агаарын тээврийн болон цэргийн нисэх хүчний тийрэлтэт онгоцууд ээлжлэн хөөрч буух ажээ. Даржаалин цай гэж аагтай сайхан цайгаараа Энэтхэгт төдийгүй дэлхийд нэр алдар нь түгсэн энэ газарт биднийг Улаанбаатараас утсаар танилцсан Энэтхэгийн иргэн, монгол хүн Амарсанаату, хүү Чингисийнхээ хамт тосохоор иржээ. Мань эр уул нь хуучин Калькутта буюу одоогийн нэрээрээ Колката болсон хотоос зориуд биднийг тосч, өндөр настай аавтайгаа уулзуулахаар ирсэн нь энэ. Далан жилийн тэртээ өвөр Монголын Шилийн голоос гарсан монгол ламын хүү тэрээр төв халх аялгаар Улаанбаатарын унаган зарим багачуулаас цэвэрхэн ярихыг сонсоод цочмоор. Тамил, хинди, монгол, англи, хятад буюу чухам таван хэлээр чөлөөтэй ярих  тэрээр БНХАУ болон Монгол улсад дипломат албанд ажиллаж байгаад саяхнаас хувийн бизнес эрхэлж, Энэтхэгийн Гадаад яамнаас чөлөө аваад байгаа гэнэ. Аав нь монгол, ээж нь сикким үндэстэн боловч хаанаас нь ч харсан ханхайсан энэ монгол эр эцгийн нутгаас хэдэн мянган бээрийн алсад хэлд орохдоо анх “Аав” гэдэг монгол үгийг амнаасаа унагасан юм.

Бид Калимпон хотыг зорин “Тата” хэмээх энэтхэг жийпээр өгсөж явна. Хазгай муруй уулын замын хажуугаар зэрлэг зааны сүрэг бэлчдэг гэлцэх ч бидний аз дутахад, эсвэл аз дайрахад тэд таарсангүй. Харин сармагчингийн сүрэг хааяагүй зугаацан нарлах нь манай багийн гишүүн Сайнаагийн “Мобиком”-ын гар утаснаас найз бүсгүй рүүгээ явуулсан утгын алдаатай мессежний шалтгаан болох нь тэр. Рөүмингийн мөнгөө гамнах гэсэн мань хүн логик авцалдаагүй хоёр үйл явдлыг нэг мессежэнд багтаах гэсэн оролдлого: “Сармагчин тааралдаж байна. Чамайгаа санаж байна.” Харин найз охиных нь зүй ёсны хариулт: “Сармагчин хараад намайг санаа юу?!”

Шилигурийн коридор, бас заримдаа Дэгдээхэйн хүзүү хэмээн нэрлэдэг нарийн замаар бид өгссөөр. Энэтхэгийн зүүн хойд нутгийг улс орны ихэнх буюу төв хэсэгтэй холбосон нарийн хүзүүвч маягийн хэлбэртэй тул ийн нэрлэжээ. Энэ хүзүүвчийн өргөн 21-40 километр. Бангладеш, Балбын босогчид хууль бусаар нэвтрэх, хар тамхи, зэвсгийн наймааны тохиолдол гардаг тул Энэтхэгийн тусгай алба, зэвсэгт хүчин онцгой анхаардаг нь илт, замын хажуугаар цэргийн бааз үе үе таарна.

Зам алгуур өгссөөр гурван цаг гаруйн дараа бид зорьсон газраа буюу Калимпонд орж ирлээ. Дели, Шилигури зэрэг бидний дайран өнгөрсөн хотуудад харсан Энэтхэг орон энэ биш байлаа. Аглаг намуухан, амар тайван, агаар нь цэвэр, ус нь цэнгэг, тэнгэрт ойрхон болоод тэр үү бүх юм нь гэгээн тунгалаг санагдана. Саятан нь лимузин унаж тансаглах шаардлагагүй, ядуус нь гуйлга гуйх хэрэггүй тийм л хот. Үнэт зүйлсийн дараалал энэ хотынхны сэтгэлд арай өөрөөр эрэмблэгдсэн мэт. Тиймдээ ч өнгөрсөн зууны их сэтгэгч Ранбиндранот Таагүр, тэртээ хориод онд манай нийслэлээр дайран одсон их зураач Николай Рерих нар уулын хяр дахь 40 мянган оршин суугчтай энэ бяцхан бөгөөд мөнх ногоон хотод ирж амьдарч байсан биз. Нэгэнтээ Бутаны засгийн газрын ордон байсан Калимпонд буддист, индус, загалмайтнууд эв найртай оршин суудгийн гэрч болж Дурги, Кали зэрэг улааны ба шарын шашны хийд, гэгээн Тереза эхийн нэрэмжит христийн сүм зэрэгцэнэ. Далайн төвшнөөс 8586 метр өндөр Хималайн нурууны Канчинжунга оргил Калимпон хотоос бас харагдана. Энэ нь дэлхийн гуравт орох өндөр уул бөгөөд балбуудын дунд түүнийг эмэгтэй уул учраас оргилд нь гарах гэсэн эмэгтэй уулчдыг алж хороодог гэх аймшигт домог байх. Үнэхээр ч Канчинжунгагийн оргилд гараад эргэж бууж чадсан  цорын ганц эмэгтэй хүн нь Английн уулчин  Жинетт Хариссон юм. Гэвч тэрээр жил гаруйн дараа өөр нэгэн оргилыг дайран эзлэхээр авирч яваад амь эрсэдсэн ажгуу...

Чухам энэ л хотод алсын замыг туулж ар нутгаас элгэн саднаа хайж ирсэн манай киноны баг гол дүрээ олсон юм. Хорьдугаар зууны Төв Азийн түүх нэг хүний амьдрал дундуур хэрхэн сүлж гарсны тод жишээ болсон өвгөн эрдэмтэн өмнө маань сууж байна. Өдгөө 88 насны сүүдэр зооглож буй Жамбажав хэмээх энэ буурал Монголын их талаас Гүмбэн, Гүмбэнээс Лхас, Лхасаас Хималай давж Энэтхэг оронд ирж суурьшжээ. Дал гаруй жилийн тэртээ арван хэдхэн насандаа гэрээсээ ном үзэхээр гарсан бяцхан жаал 30-аад оны их бужигнаан, Японы түрэмгийлэл, Хятадын иргэний дайн, Төвдийн тусгаар тогтнолын төгсгөл, Энэтхэгийн шинэхэн тусгаар тогтнол зэргийг нүдээр үзэж, Далай лам, Таагүр, Индира Ганди, Бямбын Ринчен, Жамцын Бадраа нартай биеэр уулзаж явсан гэхэд биширмээр. Шүүлтүүргүй тамхи дараалан угзарч, өдрийн сонин гарчиглаж, сикким үндэстэн эхнэртэйгээ покер тоглож, үдэш нь брэнди татах энэ өвгөнд агуу их ба эгэл жирийний нарийн зохирол найран шингэсэн мэт. Тэртээ жараад онд гэртээ барласан эхээ унадаг дугуйн дээр ачиж хувийн мөнгөөрөө хэвлүүлсэн 12 мянган үгтэй монгол-англи толь бичгийнхээ төгсгөлийн хувийг бараг 50 жилийн дараа өөрийг нь зорьж ирсэн монгол дүү нартаа өвгөн эрдэмтэн барив.

Далан жилийн тэртээ өмнөд Монголын талаас эхэлсэн энэ хүний ургийн түүх өдгөө монгол өвөг эцэгтэй, сикким эмэг эхтэй, тамил ээжтэй, Чингис нэртэй жаалхүүгээр үргэлжилж байна. Сиддхарта буюу бурхан багшийн нэрийг аав ээж нь түүнд хайрласан боловч аавыгаа Энэтхэгийн хэргийг түр хамаарагчаар Монголд ажиллаж байхад өөртөө Чингис гэж догшин өвгийнхөө алдрыг оноосон нь одоо түүний нэр болжээ. Паспортын харьяалал, цусны шинжилгээнээс илүүтэй “Би монгол” гэх өөрийн ухамсар эзнээ хэн болохыг тодорхойлдог нь Энэтхэг орны тэрбум илүү иргэнийх нь нэг, бяцхан жаал Чингисийн үгнээс илт. Энэ сонирхолтой гэр бүлийн гурван үеийн түүх “Дэлхийн монгол айл” баримтат киноны 4 дүгээр анги байх болно. Монголоо хайсан монголчуудын аялал үргэлжилсээр...

      М.Буянбадрах

      Улаанбаатар-Кабул-Дели-Калимпон


      Гэрэл зургийг С.Амгалантөр

      Зургийн тайлбар: Фото 1- Жамбажав гуайн гэр бүл ба Монголын киноны баг

      Фото 2 - Аав хүү  Амарсанаату, Чингис хоёр: монгол удам үргэлжилсээр...

Санал, сэтгэгдэлүүд

Зочин

mongol

Зочин

kino het tovch garch bn

kino het tovch garch bn lee.............amtgui hool shig bid iluu ihiig uzmeer bna

chuka

Ter unen shuu.Iim saihan

Ter unen shuu.Iim saihan sedveer mash sonirholtoi kino hiivel olon hunii uzeh durtai nevteruuleg bolno. Haramsaltai n dahin uzeh sonirhol tursungui.

Энхбат.Н

Монгол

Бидний цөөн Монголчуудын түүх үнэхээр агуу шүү дээ.Могол гээд байгаа нь уг нь Монгол гэсэн үг Энэтхэг хэлэнд НГ буюу энхэлэг н ийг Г ээр бичдэг юм. Урду хэл нь монголчуудаас үүсэлтэй гэж Ж.Неру номондоо бичсэн байдаг Бахадур гэдэг нь монгол бичгийн багатур орос хэлэнд багатыр гэж орсон байдаг Аурангзеб хаан гэдэг нь Аваргазэв гэсэн утгатай гэх мэтээр маш олон зүйл дурдаж болох байх

Г.Баттулга

heden hun amidrach abidag

heden hun amidrach abidag tuuhen medeelel baihgiu zugeer l nurshaa yria ih orson baina heregtei medeelel gevel ene ovgon l biana daa tuuhiig n sudlaj medej temdeglej bidnee delgeh zuil baina u

puujee

Haanaas uzej boloh ve? neted

Haanaas uzej boloh ve? neted bdag uu

Батзориг

Сайн байн уу

Би Оросийн Холбооны Улсын Алтайн Ойрад монголчууд болон Киргизстаны Ойрад монголчуудийн тухай дэлгэрэнгүй мэдмээр байна.Саяхан гарсан нэвтрүүлэгийг үзэж чадсангүй.Хичээнгүйлэн гуйж байна.За та бүхэнд амжилт хүсье.

Keena

Sibutramine sandoz 15 mg

Could you help me. Hello. I have just found your website great. very thanks. Help me! Please help find sites for: Sibutramine sandoz 15 mg. I found only this - long term use of sibutramine. Reductil helps by its lonely calories using the date of food enzyme and to a lesser scenario weight, sibutramine. Sibutramine, it had a oxaprozinphysical phone but served the years of cycling as a laboratory calorie, available as symptoms and experience loss. THX :eek:, Keena from Switzerland.

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаяг бусдад харагдахгүй.
  • Allowed HTML tags: <b> <i> <u>
  • Lines and paragraphs break automatically.
  • Web page addresses and e-mail addresses turn into links automatically.