Цахим Өртөө Холбоо
“ХӨХ ГЭРЭГЭ” УРИАЛГА

Монгол туургатнаа урин дуудахын учир

Дэлхийн Mонгол Tуургатны Цахим Өртөө Cүлжээ
“Цахим-Өртөө Холбоо” ТББ

Үндэстнийхээ язгуур эрх ашгийн төлөө сэтгэл
тавигч эрхэм МОНГОЛ ХҮН бүрийн сонорт:


Найман зууны тэртээ монголчууд мандан бадарч, ертөнцийн дөрвөн зүгт жолоо тавин довтолгож, Дэлхийн талыг нэгэн дээвэр дор захиран тохинуулж асан билээ.

Түүхийн хуудас эргэхүйеэ тэрхүү дайчин үндэстэн зайгаа тавьж, улмаар гурван зууны туршид Манжийн ар хормойд нуугдан дэлхийгээс мартагдаж, далан жилийн туршид социалист хөшигний цаана хаагдаж, гал голомт болсон өлгий нутагтаа ам бүл цөөхүүл 21-р зуунтай золголоо.

Өдгөө хүчирхэг өвөг дээдсийн үр сад, мах цусны тасархай болох 10 сая гаран монгол угсаатан дэлхий даяар таран сууж байна. Голомтоо сахиж үлдсэн гурав хүрэхгүй сая монголчууд ардчилсан хувьсгалаас хойшхи 20 жилийн туршид орчин үеийн дэлхийн жишгээр улс орноо засан төвхнүүлэх ажилд түүртэхийн зэрэгцээ, зуун хорь гаран мянган монгол хүн дэлхийн өнцөг булан бүрийг зорьж, юм үзэж нүд тайлах, хөрөнгө хураан амьдралаа тохинуулах, бас эрдэм мэдлэгийг тээн ирж эх орноо хөгжүүлэхээр одоцгоосон билээ.

Монгол хүн манай үндэстэн нэгэн цул, нэгдмэл хүрээ үүсгэн явсан тэр түүхийг бахархан дурсдаг. Монгол хүн хөх толбот ах дүүсээ эх болсон өлгий нутаг, гал голомтдоо эргээд ирэхийг нь битүүхэн хүлээдэг. Түүхийн туршид, үе үеийн монголчууд зүрх сэтгэлийнхээ гүнд хадгалж ирсэн хүсэл эрмэлзэл энэ. Бид он удаан цөөхүүлээ, буурай явж ирлээ. Бидний хүч чадал дутмаг байв, чухам үнэндээ унтраагүй гал голомтоо арчлан ноцоохоор завгүй явсан гэж хэлж болно.

Тэгвэл эдүгээ цаг нь иржээ. Монгол улс өнгөрсөн 20 жилд ардчилсан зарчмаар улс нийгмийнхээ хууль эрхзүй, эдийн засгийн бүтэц, төр захиргаагаа төвхнүүллээ. Өөрчлөх, засч залруулах зүйл аанай олон хэдий ч, хөгжлийн маш тодорхой ирээдүй, итгэл найдвар бидний өмнө цэлийж байна. Газрын хэвлийд заяасан баялагийг даган уул уурхай хөгжиж, төмөр зам, барилга хот, аж үйлдвэр, цахилгаан станц гээд богино хугацаанд аварга их бүтээн байгуулалт өрнөх гарааны зурхай дээр бид ирж, хэдхэн жилийн өмнө 600 сая долларт багтаж байсан үндэсний эдийн засаг даруй 6 тэрбумд хүрч, жилдээ ДНБ 20 орчим хувиар өсөх боллоо. Манай хүн ам энэхүү нөр бүтээн байгуулалтыг гүйцэтгэхэд тоо дутаж, харийн мэргэжилтэн, ажилчдыг авчрахаас аргагүй байдалд хүрээд байна.

Хөгжлийн энэ алтан боломжийг ашиглаж, мөнх тэнгэрээс хөх тамгатай заяасан язгуур нэгт монголчуудаа дуудъя, тэдэнтэйгээ Монгол тавилан, Монгол ирээдүйгээ хуваалцая. Анхны Ерөнхийлөгч П.Очирбат “Тэнгэрийн цаг” ирэхийг зөгнөсөн бол, эдүгээгийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Монголчуудаа олуулаа болцгооё, Монгол нутагтаа ирцгээ” хэмээн Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний 100 жилийн ойгоор уриаллаа. Монгол хүний барааг хараад, монгол хэлээр ярихыг сонсоод нулимс дуслуулан байж угтдаг үндэс угсаа нэгт тэр л хүмүүс тэртээ чинадад суун байна. Тэд гал голомт болсон Монгол улсынхаа хөгжил дэвшил, эрх чөлөөт амьдралын тухай сонсоод баярладаг, тэдэндээ итгэл найдвар тээж явдаг юм. Сэтгэлийн тэр нуугдмал шижмийг амь оруулан биежүүлэх цаг иржээ. Сураг сонсоод уйлж суух бус, суудал засч ирээд хамтдаа хөгжих цагийг бид бүтээх ёстой.

Энэхүү хүсэл зоригоор Дэлхий даяар тархан суугаа монголчууд, монгол угсаатан, монголч түмний мэдлэг туршлага, мэдээлэл солилцооны гүүр болж, тэдний нөөц бололцоог нэгтгэн, эх орондоо чинээлэг хангалуун, сэтгэл дүүрнээр амьдрах нөхцөлийг бүрдүүлэхэд манлайлж оролцох зорилготой Цахим Өртөө Холбоо нь үүсгэн байгуулагдсан цагаасаа хойш дэвшүүлж, хэрэгжүүлж ирсэн санаагаа цэгцлэн 2011 оны зун “Хөх Гэрэгэ” хэмээх санаачилгыг дэвшүүлсэн билээ. Энэ нь Барууны хөгжингүй орнууд эрдэм боловсрол, мэдлэг чадвартай гадаадын иргэдийг эх орондоо суурьшуулан ажиллуулах зорилгоор ногоон картын системийг өргөнөөр нэвтрүүлсэн байдгаас санаа авсан хувилбар юм. Дэлхийд таран суугаа монгол туургатнууддаа ямар нэгэн шалгуураар “Хөх Гэрэгэ” олгож, тэднийг өлгий нутагт нь уръя. Ирсэн хойно нь ажиллах, бүтээн байгуулалтад оролцох, Монгол улсын жирийн иргэдтэй алхаа нийлүүлэн жаргалтай амьдрах бололцоог нь бүрдүүлэхэд энэхүү төслийн үндсэн зорилго оршино.


Энэ үйл хэрэгт сэтгэлийн хөдлөлөөр хандаж, хялбар сэтгэж болохгүйг та бид сайн мэднэ. Олон зуун жил алслагдсан сэтгэлгээ, хэл яриа, соёлын ялгаа, мөн хүн амын олонд уусан хайлах болзошгүй эрсдлийг тооцохгүй бол горьгүй. Тиймээс дэлхийн монголчуудыг урьж ирүүлэх бодлоготой холбогдуулан Монгол угсаатны талаарх судалгаа шинжилгээг эрчимжүүлэх, нийгэм-эдийн засаг-улс төрийн эрсдлүүдийг тооцсон бодлогын загварыг гаргах, энэ сэдвээр олон нийтийн өргөн хэлэлцүүлгийг өрнүүлэх, нийгмийн дунд нэгдмэл үзэл баримтлал бий болгох, хууль эрхзүйн зохицуулалтыг хийх шаардлага урган гарч байна.

ҮҮНИЙ ТУЛД:
“Цахим Өртөө Холбоо” ТББ болон Монгол Туургатны Цахим Өртөө Сүлжээний олон мянган гишүүд дэмжигчид 2011 оны 12 сарын 29 ны өдөр дэлхий даяар тархан суугаа Монголчууд, гадаадад суугаа Монголчуудаа эх нутагтаа эргэн дуудсан МУ-ын Ерөнхийлөгч Ноён Ц.Элбэгдоржийн уриалгыг гүн талархалтай хүлээн авч, дэмжиж буйгаа албан ёсоор мэдэгдэхийн зэрэгцээ “Хөх Гэрэгэ” төсөлд Монгол хүн бүр нухацтай хандан санаа тавьж, өөрийн зүгээс жижиг гэлтгүй боломжит бүх оролцоог нэмэрлэх, уг төслийн хүрээнд нээсэн www.bluecard.mn вэбхуудас болон бусад сувгаар өргөн хэлэлцүүлэгт идэвхтэй оролцож, бодлогын баримт бичиг боловсруулахад хувь нэмэр оруулахыг УРИАЛЖ БАЙНА.

”Хөх гэрэгэ” төслийн хандивын данс: Худалдаа Хөгжлийн Банк
Дансны дугаар: 499 172 343,
Хүлээн авагчийн нэр: "Цахим Өртөө Холбоо" ТББ

2012 он 1-р сарын 23-ны өдөр
-----------
Цахим Өртөө Холбооны тухай

Цахим Өртөө Сүлжээ нь 1999 оноос хойш ажиллаж байгаа бөгөөд дэлхийн олон оронд тархсан Монголчууд, монголч түмний мэдээлэл солилцооны талбар болсон хамгийн том, хамгийн ууган имэйл сүлжээ юм. Цахим Өртөө Холбоо нь Монгол туургатны Цахим Өртөө Сүлжээний гишүүдийн санаачилгаар байгуулагдсан, нийгэмд үйлчилдэг Төрийн Бус Байгууллага юм.

Дэлхийн 60 гаруй улс оронд ажиллаж, сурч, амьдарч байгаа 4000 гаруй Монгол болон Монголч түмэн Цахим Өртөө Сүлжээнд хамрагддаг. Одоогоор Монгол улс, АНУ, Австрали, БНСУ, Франц, ХБНГУ, ИБУИНВУ, Швейцари, Япон зэрэг орнууд дахь Монголчуудын холбоод, бүлгэмүүд хамтран ажиллаж байна.

Цахим Өртөө Холбоо нь гадаадад суугаа Монголчуудын сонгуулийн эрхийн асуудлыг хуульчилах, АНУ, БНСУ зэрэг улс орнуудад Ажлын яармаг, Гадаадад суугаа Монголчуудын Анхдугаар чуулган зэрэг Гадаадад суугаа Монголчууддаа чиглэсэн үйл ажиллагааг зохион байгуулж, Хазара Оюутны Тэтгэлэгт Хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж, алдарт эрдэмтэн Үмэсао Тадаогийн бичсэн “Могол угсаатныг сурвалжилсан нь” номыг орчуулан хэвлүүлсэн. 1999 оноос хойш Монгол угсаатантай холбогдолтой мэдээ материалуудыг олон түмэнд нийтлэн түгээх ажлуудыг идэвхитэйгээр хийж ирсэн болно.

Хаяг: Мэдээллийн Технологийн Үндэсний Парк, 427 тоот
Бага тойруу - 49, Улаанбаатар хот, Монгол улс
Утас/Факс: 976 – 11 – 312920
Имэйл: tsahimurtuuholboo@yahoo.com
Вэб: www.tsahimurtuu.mn

Д.Цэрэнбат
"Ричистан: 21-р зууны баячуудын ертөнц" - Ирэх долоо хоногоос номын худалдаанд!

Уолл Стрийт Жоьрнэл-ийн сурвалжлагч Роберт Франкийн бичсэн Нью Йорк Таймс-ын бэстселлэр "Ричистан: 21-р зууны баячуудын ертөнц" ном Монгол хэлнээ хөрвүүлэгдэн гарлаа.

Өөр хэн ч биш зөвхөн саятнууд л амьдардаг улс орон байна гээд төсөөл дөө. Түүнийг чинь Ричистан гэж нэрлэе!                          

Баячуудыг хүмүүс хамгийн их таньдаг боловч тэдний амьдрал хамгийн далд, нууц, оньсого шиг байдаг билээ. Уолл Стрийт Жоьрнэл-ийн сурвалжлагч Роберт Франк баячуудын амьдралыг бүтэн жил сурвалжилсныхаа дараа энэхүү сонирхолтой номоо бичжээ.          

Хэрвээ та жинхэнэ баячууд, саятнууд, тэрбумтнууд гэж хэн болох, тэд хөрөнгө мөнгөө хэрхэн арвижуулдаг, ямар амьдралын хэв загварыг эрхэмлэдэг, эд баялаг, нийгмийн зиндаа, нэр хүндээрээ хэрхэн өрсөлддөг, юу бодож явдаг, улмаар тэд нийгмийн бусад хэсгийнхний амьдралд төдийгүй улс төр, нийгмийн амьдралд нэрхэн нөлөөлдгийг мэдье гэвэл Нью Йорк Таймс-ын бэстселлэр болсон энэхүү номыг унш! 

Цахим Өртөө Холбоо
To All Tsahim Urtuu Members Around The World: Thank You and Happy New Year!

Д.Сайнбаяр. Цахим Өртөө Хoлбооны Удирдах зөвлөлийн дарга. 2011.12.31 - 23 цаг 15-48 минут

Тааж баршгүй шинэ сонин учралууд, хэлж ирэмгүй шинэ боломж, бид бүхний итгэл найдварын түлхүүрийг хадгалсан ШИНЭ оныг сэтгэл догдлон угтан, амжилт бүтээлээр бялхсан хуучин оноо үдэж буй энэ л мөчүүдэд Цахим Өртөөний эрхэм АНД Та бүхэндээ шинэ цагийн ерөөл талбиж, ТАЛАРХАЛ илэрхийлэхийг хүслээ.

Өнгөрсөн 12 жилийн турш Та бүхэнтэйгээ санаа бодлоо хуваалцаж, Та бүхнээсээ байнга суралцаж, өртөөлөн асаалцсан ТҮҮДЭГ ГАЛ-д цучил өргөлцөж, гэртээ, ажилдаа, дотоод сэтгэл рүүгээ харихдаа нэгэн гэрэлт дэнлүүг тээн харьсaн өдөр болгоны төлөө маш их талархаж байна.

2011 он бол манай Цахим Өртөө Xолбооны хувьд хуучин, шинэ гишүүдээр хүрээгээ ӨРГӨЖҮҮЛЖ, дэвжээгээ ТЭЛСЭН, олон сайхан үйл хэргийг хамтдаа БҮТЭЭСЭН, алдаа оноо холилдсон ч, яах аргагүй ДЭВШИЛТЭТ жил байлаа.

Өнгөрөгч онд бид хамтдаа Цахим Өртөө Холбооны алсын харааг хүссэн, зорьсон, хийсэн ажлуудаараа илүү тод томруун болгож, гишүүнчлэлээ улам чанаржуулснаас гадна уламжлалт төслүүдээ үргэлжлүүлж, шинэ шинэ үйл хэрэг эхлүүлсэн амжилт дүүрэн оныг үджээ.

УИХ-ын Сонгуулийн хуулийн шинэчилсэн хувилбарыг УИХ соёрхон батлаж, Гадаадад Суугаа Монголчуудын Сонгуулийн эрхийг Сонгуулийн хуульд тусган оруулсан нь Цахим өртөөчид бид хамтдаа өнгөрсөн 8 жилийн турш санаа бодлоо уралдуулж, төрийн удирдлагад уриалж, тэмцэж ирсэн уйгагүй хөдөлмөрийн маш том үр дүн, бид бүхний ЯЛАЛТ боллоо. Энэ бүхнийг 8 жилийн өмнө БОЛОЛЦООГҮЙ гэж үзэж байсан хүмүүс манай нийгэмд олон байв. Харин энэ бүхэн БОЛОЛЦООТОЙ гэдгийг бид нотолж чадлаа.

Өндөр технологийн Инновацийг хөгжүүлэгч Судалгааны Их сургууль болох эрхэм зорилготой Цахим Өртөө Дээд Сургуулийн үндэс суурийг тавьж, Холбооны гишүүд дунд анхдагч зах зээлийн арилжааг амжилттай явуулж дууслаа. Гадаадад суугаа Монголчуудын төлөөлөлөөс бүрдсэн Цахим Өртөөчид бид Монголын боловсрол, мэдлэгийн салбарт ОЮУНЫ БОЛООД МӨНГӨН ШУУД ХӨРӨНГӨ оруулалтыг ХАМТДАА хийж чадсан нь бусад гадаадад суугаа Монголчуудад үлгэр жишээ болсон, тун онцлог, түүхэн явдал болжээ.

Цахим өртөөний нэрэмжит тэтгэлэгт гурван хазара оюутан маань Mонгол хэлний бэлтгэл анги, 1-р ангиа тус тус 2 жил дараалан амжилттай дүүргэж, Монгол оронд 3 дахь жилдээ МУИС-ын 2-р ангид элсэн суралцаж байна.

Мөн могулчуудын тухай өгүүлсэн Үмэсао Тадао гуайн бичсэн "Могул угсаатныг сурвалжилсан нь" ном олон нийтийн хүртээл болсон нь Монгол туургатны түүх соёлыг олон нийтэд таниулах нэгэн чухал алхам болжээ.

Их Монгол улсынхаа тусгаар тогтнолыг сэргээн тунхагласан 100 жилийн ойн баярт өдөр, УИХ-ын хүндэтгэлийн чуулганд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж дэлхий даяар тархсан Монгол туургатнаа Монгол орондоо ирж ажиллаж, амьдрахыг урьж, уриалсан нь бид бүхний өртөөлөн хэлэлцдэг ХӨХ ГЭРЭГЭ төслийн үйл хэрэгт нийцсэн түүхэн явдал болж, Цахим Өртөөчдийн хувьд баярын хур нэмсэн мэдээ байлаа.

Айсуй 2012 онд шинээр эхэлсэн үйл хэргийнхээ хөгжил, өрнөлийг амжилттай мaнлайлан чиглүүлж, амжилт, бүтээл болгох эрч хүчээр бялхсан жил байгаасай хэмээн хүсч байна.

Ингээд өнгөрөгч онд Холбооны зүгээс хийж ирсэн хамтын үйл хэрэгт мэдлэг туршлагаа харамгүй хуваалцаж, хоёргүй сэтгэлээ зориулж, дэм дэмэндээ МӨР ЗЭРЭГЦЭН АЛХАЖ, ХАМТДАА ХИЙЖ БҮТЭЭСЭН ӨРТӨӨНИЙ АНД Tанд чин сэтгэлээс талархал илэрхийлье!

Шинэ ондоо ЦАХИМ ӨРТӨӨЧИД бид жанжин шугамаа хадгалсан хэвээр байж, нийгмийн өмнө хүлээхээр шийдэж, зорилгоо болгосон үйл хэрэгтээ хамтын хүчээр зүтгэнэ гэдэгт итгэл төгс байна.

2012 он Таны хувьд ажил амьдралын бүх талбарт амжилт бүтээлээр баялаг, ТУУЛАЙ шиг хурдтай, ЛУУ шиг эрч хүч дүүрэн жил байх болтугай!

Танд болон Таны гэр бүлд угтан золгож буй ШИНЭ ЦАГИЙН халуун мэндийг өргөн дэвшүүлье!


Цахим Өртөө Холбоо
Монголын тусгаар тогтнолын ёгт үр дагавар: Монголчуудыг Монголжуу, Монгол улсыг олон ястны болгосон нь

Тусгаар тогтнолын 100 жилийн ойд зориулан 2011 оны 12-р сарын 9-12-нд Улаанбаатар хотноо зохиогдсон “Монголын тусгаар тогтнол ба Монголчууд” олон улсын эрдэм шинжилгээний хуралд Др. Л. Мөнх-Эрдэнэ  (Австрийн ШУА)-ийн тавьсан илтгэл. Хурлын эмхэтгэлийн Түүхийн хүрээлэнгээс ирэх онд эмхэтгэн гаргана. 

Удиртгал
Монгол улсыг сэргээн байгуулагчдын нэг үндсэн зорилго нь Монголчуудын үндсийг хамгаалах явдал байсан билээ. Монголчууд “язгуурын нэгэн өвөг овгийн” (Очир, Пүрвээ 1982: 279, 142), “нэгэн угсааны яс махны төрөл”, “нэгэн үндэсний тул” “зүй нь жаргавч, зововч төрөвч үхэвч хамт болбаас зохино” (Магсаржав 1994: 41-2, 55) гэж тэд үзэж байжээi.  Тэдний хувьд Монголчууд бусдаас ангид “сургаал, шашин, хэл бичиг, үсэгтэй” (Магсаржав 1994: 41, 19) байлаа.ii 
Гэвч хорь хүрэхгүй жилийн дараахны Монголын эрх баригчдын хувьд зөвхөн Бүгд Найрамдах Монгол Ард Улсад (БНМАУ) өөр өөр үндэс угсааны 30 шахам бага ястан оршиж байсан төдийгүй Монголын төр засгаас тэдгээр бага ястны тус тусын үндэс угсаа, хэл соёл, аж ахуй, боловсон хүчнийг хөгжүүлэхийг эрмэлзэн “үндэс угсааны бодлого” буюу “бага ястны тухай бодлого” хэмээх кампанит ажлыг улс орон даяар өрнүүлж байлаа.iii

Цахим Өртөө Холбоо
В.ЛЮБА: МОНГОЛЫГ ӨНӨӨГИЙН ЭРХ ЧӨЛӨӨНД ХҮРГЭСЭН ЭНЭ ҮЙЛ ЯВДЛЫН ТЭРГҮҮН ЗЭРГИЙН РОЛЬ ЯМАР Ч ЭРГЭЛЗЭЭГҮЙГЭЭР ХУТАГТАД ОНОГДОНО

1911 оны Монголын үндэсний хувьсгал, түүний үйл явц, Богд хааны тухай маш тодорхой өгүүлсэн эл баримт бичгийг ОХУ-ын архиваас хуулбарлан хүргүүллээ.

Эл баримт бичигт ямар нэгэн тайлбар шаардлагагүй гэж санана. Монголчууд 1911 оны 12 дугаар сарын 29-ны өдөр тусгаар тогтнолоо тунхаглан зарлаж, Наймдугаар Богд Жавзандамба хутагтыг Монгол Улсын эзэн хаанаар өргөмжилсөн билээ. Мөн өдөр Богд хааны зарлигаар Монгол Улсын Засгийн газраа таван яамтай байгуулсан билээ. Эл үйл явдлаас ердөө хорин хоногийн дараа Нийслэл Хүрээнд сууж байсан Оросын ерөнхий консул Любагийн өөрийн Гадаад яамнаа явуулсан энэ илгээлт Богд хааны тухай нэгийг өгүүлж буй тул болгоон сонирхоно уу. Оросын консулын мэдээнд Манж Чин улсыг ихэнхдээ Хятад хэмээн бичсэнийг анхаарах буй за.

Түүхийн шинжлэх ухааны доктор О.Батсайхан

Цахим Өртөө Холбоо
Харх
Эх газрын эрс тэс уур амьсгалтай, хахир хүйтэн Монгол нутагт харх гэгч амьтан угаасаа байгаагүй билээ. Ерээд оны үед Бээжин-Москвагийн галт тэргэнд нуугдан, хулгайгаар хил давж орж ирсэн нэгэн өнчин хархыг Улаанбаатарын вокзал дээр гүйлгэж алдчихаад хяналт шалгалтынхан барьж авах гэж хөөцөлдөн муур хулгана болж байсан цаг саяхан мэт санагдана.
Үхэр огдойны хирийн биетэй харх гэгч энэ амьтан  цадах ханахыг мэддэггүй тун хомхой идэмхий, богинохон хугацаанд асар хурдан үрждэг бөөдий бөгөөд халуун хүйтэн ямар ч орчинд дасах чадвараараа тэдэнтэй эн зэрэгцэх амьтан хорвоод үгүй бөлгөө. Талх тариа, өөх булчирхайнаас авахуулаад замаг хулс замдаа таарсан юм бүхнийг  ховх сордог тэд идэш тэжээл голно гэж ер үгүй. Тааралдсан бүхнээ бүхэл бүхлээр нь залгина, бүр их өлсвөл барилгын хана туурга, ган төмөр хоолойг ч хүртэл тас мэрж орхино.
Цахим Өртөө Холбоо
Гадаадад суугаа Монгол Улсын иргэдийн Сонгуулийн эрх хуульчлан баталгаажлаа!
Гадаадад суугаа Монголчуудын Цахим Өртөө Холбоо ТББ-ын гишүүд, дэмжигчид нь гадаадын улс орнуудад оршин суугаа Монголчуудынхаа Үндсэн хуулиар олгогдсон Сонгуулийн Эрхийг эдлүүлэхийн төлөө сүүлийн 9 жилийн турш тасралтгүй ажиллаж, Ерөнхийлөгч, улс төрийн намууд, Засгийн Газар, УИХ, Сонгуулийн Ерөнхий Хороо, улс төрийн бүхий л намуудад олонтоо хандаж, санал бодлоо илэрхийлэн, тууштай тэмцэж ирсэн билээ.
Гадаад улс орнуудад суугаа 120,000 гаруй буюу нийт сонгогчдын 10 гаруй хувийг бүрдүүлж буй Монгол иргэддээ сонгох, сонгогдох эрхийг эдлүүлэх нь ардчиллын тулгуур зарчимд нийцэж, улс төрийн эрүүл, ил тод, нээлттэй байдалыг баталгаажуулах ач холбогдолтой билээ. Монголын нийгмийн томоохон давхарга болсон эдгээр иргэдийн үндсэн хуулиар олгогдсон сонгох, сонгогдох эрхийг хүндэтгэн үзэж Монгол Улсын Их хурлын сонгуулийн тухай хуулийн 6-р зүйлийн 6.8-д “Гадаад улсад байгаа сонгуулийн эрх бүхий иргэдийг сонгуульд оролцуулахтай холбогдсон журмыг Сонгуулийн ерөнхий хороо, гадаад харилцааны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн хамтран баталж, мөрдүүлнэ” гэж хуульчлан баталсныг Өртөөчид бид талархан хүлээн авч байна.
Цахим Өртөө Холбоо ТББ болон гадаадад суугаа иргэд, холбоодтой гадаад улсуудад оршин суугаа Монгол улсын иргэдийн сонгуулийн эрхийг хуульчлан баталгаажуулахын төлөө анхнаас нь дэмжиж, хамтран ажилласан МУ-ын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, УИХ-ын дэд дарга Н.Энхболд, Иргэний Зориг-Ногоон Намын дарга, УИХ-ын гишүүн Д.Энхбат, тус намын тэргүүн дэд дарга, УИХ-ын гишүүн С.Оюун, УИХ-ын гишүүн З.Энхболд , Су.Батболд, Э.Бат-Үүл, Ц.Мөнх-Оргил, Ч.Сайханбилэг, Ж.Сүхбаатар нарт болон дэмжиж санал өгсөн нийт гишүүдэд гүн талархал илэрхийлье.
 
Цахим Өртөө Холбоо ТББ
Мэдээллийн Технологийн Үндэсний Парк, 427 тоот
Бага тойруу 49, Улаанбаатар хот, Монгол улс
Утас/Факс: +976 (11) 312920
tsahimurtuuholboo@yahoo.com
www.tsahimurtuu.mn
Цахим Өртөө Холбоо
Газрын тосны цочрол ба Монгол-I

Др. Б. Эрдэнэбат. 2011 оны 11-р сар

Товч хураангуй
Газрын тос өнөөдөр магадгүй хамгийн чухал түүхий эд бизээ. Энэхүү цуврал судалгааны ажилд а) дэлхийн газрын тосны зах зээлийн өнөөгийн байдлыг авч үзэж; б) Монгол улсын газрын тосны бүтээгдэхүүний зах зээл хэрхэн ажиллаж байгааг тоймлож; в) эрэлт, нийлүүлэлт, дамын наймаанаас үүдэлтэй үнийн өөрчлөлтүүд нь Монгол улсын эдийн засагт хэрхэн нөлөөлж байгааг тооцоолон гаргах зорилготой. Цуврал судалгааны эхнийх болох энэхүү ажилд эхний хоёр асуудлыг авч үзэж байна.

Түлхүүр үг: Газрын тосны цочрол, хугарал, шалтгаан
JEL ангилал: E32, Q43

Цахим Өртөө Холбоо
ХАРИУЦЛАГАТАЙ ИРЭЭДҮЙ
  Ардчилсан Намын дэргэдэх “Нэг ардчилал” клубээс 2011 оны 12 дугаар сарын 06-ны өдөр зохион байгуулсан 1206 залуусын хэлэлцүүлэгт Цахим Өртөө Холбооны гишүүн,  хууль зүйн ухааны доктор Ж.Батзандангийн тавьсан илтгэл
 
Би монголынхоо ирээдүйг гэгээлгээр төсөөлдөг. Хэзээ нэгэн цагт Монгол орон маань хөгжил, дэвшлийн оргилд хүрнэ гэдэгт би итгэдэг. Итгэхийн зэрэгцээ үүнд гар бие оролцохыг хүсдэг нэгэн. 
Хариуцлагатай ирээдүй хариуцлагатай өнөөдрөөс эхлэнэ.
Хүн бүр хийж буй ажил, эрхэлж буй мэргэжил, зорьж буй мөрөөдөлдөө тууштай үнэнч байхаас л хариуцлагатай ирээдүй шууд хамаарна.
Монголчууд бид дэлхийн түүхийг бичилцсэн гайхамшигтай ард түмэн төдийгүй цаашид ч дэлхийн түүхийг бүтээлцэх түүхэн үүрэгтэй гэж би боддог.
 
Иймээс хариуцлагатай ирээдүйн төлөө өөрчлөлт, шинэчлэлийг бид өнөөдөр өөрсдөөсөө эхлэх ёстой. 
Ж.Бат-Ирээдүй
АВСТРАЛИЙН ҮНДЭСНИЙ ИХ СУРГУУЛЬД МОНГОЛ СУДЛАЛЫН АНХНЫ ТӨВ НЭЭГДЛЭЭ

Проф. Ж.Бат-Ирээдүй: Канберра-Улаанбаатар

Олон зуун жилийн тэртээгээс дэлхийн эдийн засаг, улс төр, нийгмийн талаар хүч нөлөөтэй гол гол улс орнуудад монголыг судлах төв, байгууллагууд үүсэж бий болж, хөгжиж бас ч зарим нь янз бүрийн учир шалтгааны улмаас  хумигдаж, зарим нь ч дахин сэргэж мандсаар баймой. Одоогоор хамгийн сүүлийн гэж хэлж болох нэгэн төв байгуулагдсан нь дэлхийн бөмбөрцгийн зүүн доод тив болох Австралид Австралийн Үндэсний Их Сургууль (АҮИС)-д энэ оны эхээр байгуулагдсан Монгол судлалын төв билээ. Тус төв нь АҮИС-ийн Ази, Номхон далайн коллежийн Түүх, соёл, хэлний сургуулийн харьяа бөгөөд тус төвийг байгуулахад тус сургуулийн захирал, профессор Кент Андерсон болон монгол судлаач Ли Нарангоо, Монгол Улсаас  Австрали Улсад суугаа анхны Элчин Сайд Цэрэндоржийн Жамбалдорж нар сэтгэл нийлэн санаачилж, хүч нийлүүлэн хичээнгүйлэн зүтгэжээ.

Syndicate content